Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 10-р сарын 2-ны өдөр “Зэвсэгт хүчний 032 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай” зарлиг гаргаж, зарлигийг өнөөдөр тус ангийн нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ажилчдын өмнө уншиж сонордууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“…Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн түүхт 95 жилийн ойг тохиолдуулан:

Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй байдлыг батлан хамгаалж, Төрийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа, Төрийн хүндэт харуулын үүргийг нэр төртэй биелүүлж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн тус ангийн үе үеийн ажилтан албан хаагч, цэрэг, офицер, ахлагчдын гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Цэргийн гавьяаны улаан тугийн одонг тус ангийн цэргийн Байлдааны туганд зүүж, баяр хүргэн үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:

“Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,

Эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид, албан хаагчид аа,

Их эзэн Чингис хааны алдарт шадар хишигтэн цэргийн алтан аргамжийг бөхлөн, Монгол төрийн хүндэт харуулын нэн хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн Та бүхэнд анги байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар анги 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлан, БНМАУ-ыг тунхаглаж, Нийслэл хүрээг улсын нийслэл “Улаанбаатар хот” хэмээн нэрлэсэнтэй зэрэгцэн “Улаанбаатар хотын комендант” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй.

Тус анги нь тайван цагийн бүтэц, орон тоо, зохион байгуулалтын дагуу хууль журмаар тогтоосон төрийн болон цэргийн ёслол хүндэтгэл; батлан хамгаалах, зэвсэгт хүчний байнгын удирдлагын байр, ангийн байрлалын харуул хамгаалалт; Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулах гэсэн үндсэн үүрэгт ажил болон өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн хангалт, үйлчилгээг тасралтгүй зохион байгуулан явуулж байна.

Монгол цэргийн шилдэг уламжлалыг хадгалж, олон түмэндээ “Хүндэт харуулын” хэмээн алдаршсан 032 дугаар анги Монгол Улсын хэмжээнд үндэсний баяр, түүхэн ой, онц чухал үйл явдал, нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийг ёслон тэмдэглэх, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, бусад албан тушаалтан тангараг өргөх, тамга шилжүүлэх, төрийн дээд шагнал олгох, цол хүртээх, эмгэнэн гашуудах зэрэг төрийн үндэсний ёслол болон Монгол Улсад айлчилсан гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг угтах, Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах, Дипломат төлөөлөгчийн газруудтай харилцах зэрэг гадаад бодлогыг хэрэгжүүлэх төрийн дипломат ёслолыг гүйцэтгэж, Монгол Улсын төрийн ёслолын нүүр царай болж, дүр төрхийг тодорхойлж ирсэн юм.

Түүхт 95 жилийнхээ ойн энэ жил Монгол Улсын Төрийн хүндэт харуул 5000 дахь ёслолын ажиллагаагаа гүйцэтгэсэнд дахин баяр хүргэе.

1974 онд анги байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Байлдааны гавьяаны одонгоор шагнагдсан бол, түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал – Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг ангийн бие бүрэлдэхүүний золбоо хийморийн илэрхийлэл болсон Байлдааны туганд зүүж өгч байгаадаа туйлаас бахархаж байна.

Монгол Улсын төрөөс тус ангийн баялаг уламжлал, бахархалт түүхэнд хүндэтгэл үзүүлж, үйл ажиллагаа, амжилт бүтээлийг зүй ёсоор үнэлж, цаашдын их хүчин зүтгэлд итгэл хариуцлага хүлээлгэж байна.

Энэхүү шагнал нь танай хамт олны эх орондоо өргөсөн ариун тангараг, итгэл үнэмшлийг бадрааж, илүү ихийг хийж бүтээх хүсэл тэмүүллийн түүчээ болно гэдэгт итгэлтэй байна.

Төрт ёс, өмнөх үеийн дайчин уламжлалыг хадгалж, эрдэм мэдлэг, сахилга хариуцлага, амжилт бүтээлээ бататган, үндсэн үүргүүдээ улам төгөлдөржүүлэн ажиллахыг хүсэж, Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг ерөөе.

Мөнх тэнгэр, төрийн туг сүлд ивээж, монгол цэргийн яруу алдар бадартугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө Өмнөговь аймагт газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн “Дахтын зоо” гэдэг газар өчигдөр /2019.10.03/ 02:11 цагт 3.6 магнитутын газар хөдлөлт болжээ. Мандал-Овоо сумын төвөөс зүүн хойд зүгт 29 км-т газар хөдлөлт бүртгэгдсэн тухай мэдээллийг аймгийн Газар хөдлөл бүртгэх станцаас мөн өдрийн 09:05 цагт хүлээн авсан байна.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Адилбиш “Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн. Гэхдээ учирсан хохирол байхгүй” гэж аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт өглөө

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр хуралдах үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

Уг хүсэлтийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцээд МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбоотой ээлжит бус гишүүдийн хурал зарлан хуралдуулах асуудлыг ойрын үед Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх болжээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуудаа хивс цэвэрлэгч шингэн ууж хорджээ

Согтуурсан үедээ хивс цэвэрлэгч шингэн ууж хордсон хэрэг өчигдөр /2019.10.02/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Хэргийг тодруулбал, тус дүүргийн 15-р хороонд оршин суух хаягтай, 45 настай эрэгтэй О нь согтуурсан үедээ “Сарма” нэртэй хивс цэвэрлэгч шингэн ууж хорджээ.

Улмаар хордсон иргэнийг яаралтай түргэн тусламжаар Цэргийн эмнэлгийн хордлогын төвд хүргэсэн байна. Одоогоор хордлогын эмчилгээ хийгдэж, иргэний бие сайжирч, амь насанд нь аюулгүй болжээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар бригадын генерал Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжлээ.

ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан А.Ганбат өнгөрсөн баасан гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ.

Уг хүсэлтийг нь Ерөнхийлөгч хүлээн авч, бригадын генерал Д.Ганзоригийг оронд нь томилох зөвшилцөх саналаа УИХ-ын даргад хүргүүлээд байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Алтай таван богд ууланд алга болсон жуулчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Есдүгээр сарын 18-ны өдөр Алтай Таванбогд ууланд авиралт хийхээр яваад сураггүй алга болсон АНУ-ын харьяат 40 настай уулчны талаар бид өмнө мэдээлсэн. Тэрбээр есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан ч одоог хүртэл ор сураггүй байна.

Харин өнгөрсөн долоо хоногт тус ууланд их хэмжээний цас орсон тул алга болсон АНУ-ын иргэнийг эрэн хайх ажиллагааг түр зогсоогоод байсан юм. Тэгвэл онцгой байдлын алба хаагчид хууль хүчний байгууллагатай хамтран аймгийн хэмжээнд эрэн хайх ажиллагааг 12 дахь өдрөө үргэлжлүүлж байна гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс хуралдлаа

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс хуралдлаа. Тус хурлаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан нийслэл, дүүргийн салбар комиссоос хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсов.

Түүнчлэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн үр хүүхэд болох Сүхбаатар дүүргийн XXII хорооны иргэн П.Нарангэрэлийн ирүүлсэн өргөдлийн дагуу 300 000 төгрөгийн мөнгөн туслаж үзүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн хэлмэгдэгч Т.Дугарсүрэнгийн өргөдөлтэй холбоотойгоор Улсын төв архиваас баримт мэдээлэл дахин нягтлахаар боллоо.

Дашрамд дурдахад, өнөө жил Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нийслэл, дүүргийн салбар комисстой хамтран хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж байгуулсан дурсгалын хөшөө, самбар, багана, суварга, нэрэмжит болгосон гудамж, талбай зэрэгт шаардлагатай засвар үйлчилгээг хийж, шинэчлэх, сэлбэх, тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, Багануур дүүрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан 4 метр өндөр, шилэн хорго бүхий бурхны хөшөөг бүтээжээ. Мөн улс, нийслэлийн комиссоос Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран Хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөө, Сонгинохайрхан дүүргийн XXXII хороо, Сонгинохайрхан уулын ар бэлд байрлах дурсгалын хөшөөний орчмыг сэргээн засварлах ажлыг хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгын дор Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ.

Зөвлөгөөнөөр энэ салбар болон багштай холбоотой асуудлыг өргөн хүрээнд, эдийн засаг, нийгэм, ажиллах хүчний хөгжил, хандлагад суурилан авч үзэн, аж үйлдвэрийн IY хувьсгал, инноваци, бүтээмжтэй уялдсан зах зээлийн эрэлт, мэргэшлийн ур чадварыг хангах зорилт зэргээ ярилцаж, цаашдын бодлого, чиглэлээ тодорхойлох юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнийг нээж үг хэллээ. Тэрээр Засгийн газар эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх, багш, суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг үр өгөөжтэй болгох, төгсөгчдийг байнгын ажлын байраар тогтмол хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжих зэргээр ажиллаж байгааг хэлэв.

Газрын тос боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театр, орон сууцны хороолол, Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай, авто зам гээд томоохон бүтээн байгуулалтад оролцох мэргэжилтэй ажилчид ус, агаар мэт хэрэгцээтэй байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид аж ахуйн нэгжүүд, ажил олгогчид Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох төвүүд байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй залуусыг сургах зэргээр идэвхтэй ажиллах шаардлагатай байна гэв.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн илтгэлээс үзвэл мэргэжлийн боловсрол, сургалтын түншлэл, салбар дундын зохицуулалт хангалттай биш байна. Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг бодитой тодорхойлох, зохистой нийцлийг хангах нь тулгамдсан асуудлын нэг болжээ. Мөн сургалтын агуулга, арга зүйн шинэчлэлийг өргөжүүлж гүнзгийрүүлэх, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх нь чухал байна.

Засгийн газар мэргэжлийн боловсролын багшийн цалинг сүүлийн хоёр жилд 40 орчим хувиар нэмж, албан тушаалын ангилал, зэрэглэлийг хоёр шат ахиулан, олгодогггүй байсан үр дүнгийн урамшууллыг сэргээн 10 хувьд хүргэсэн. Мөн багш, ажиллагсадыг тэтгэвэрт гарахад нь төрийн жинхэнэ албан хаагчийн адил 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор болсон юм. Цаашид ч ажиллах нөхцөлийг нь сайжруулж, цалинг нь нэмэн, орон сууцаар хангах, түрээсийн болон хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулахаар ажиллаж байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэл, политехник коллежийн оюутнуудад энэ оноос сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгааг ирэх жил 200 мянга болгон нэмнэ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 84 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 51 нь төрийн, 33 нь төрийн бус өмчийнх юм. 39 мянга орчим оюутан аж үйлдвэр, барилга, тээвэр, уул уурхай, үйлчилгээ зэрэг 16 салбарт 230 гаруй мэргэжлээр суралцаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сайд Ё.Баатарбилэг Их Британийн Төрийн сайд Хедер Уилерттэй уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Ази-Номхон далай хариуцсан сайд, хатагтай Хедер Уилертийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Их Британийн их, дээд сургуулиудын магистрын сургалтад сургадаг Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Монгол оюутнуудыг жил бүр сургаж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Кембриджийн олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, сурагчдын сурлагын амжилт, багш нарын мэргэжлийн ур чадвар өндөр үнэлэгдэж байгааг онцлон дурдав.

Боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтын ажиллагаа өргөжүүлж болох хэд хэдэн асуудлыг талууд хөндөв. Тухайлбал, англи хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, “Монгол тэмүүлэл” ахлах сургуулийг бүрэн дунд сургалтын хөтөлбөртэй болгох, ирэх онд Монгол Улсад болох “Ногоон тоглолт” олон улсын спортын наадамд баг тамирчдаа оролцуулах боломж зэргийг судалж, хамтран ажиллахыг хүслээ.

Мөн сайд Хедер Уилертийн эрхлэх асуудалд хамаардаг бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сэдвээр Монголын эрдэмтэн, судлаачид судалгаа хийж, “Ногоон уур амьсгалын сан”-тай хамтран ажиллах боломжтой гэдгийг танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

Д.Гантулгын шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэрэг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ирсэн.

Д.Гантулгад холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг таван өдрийн өмнө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж яллагдагчыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 10.00 цагт товлосон.

Шүүх хуралдаан өнөөдөр 09.30 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшиллоо.