Categories
мэдээ нийгэм

“Home plaza“ орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлт хийлээ

“Home plaza“ орчмын хөдөлгөөнд хэрхэн зохицуулагдах талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Олимпийн гудамж талаас буюу шинэ гүүрнээс ирэх хөдөлгөөн “Home plaza”-гийн зүүн талаар чигээрээ явж шууд Е-мартын гэрлэн дохиотой уулзварт хүрэх бол Махатма Гандийн гудамж буюу Наадам центрийн чиглэл рүү явах хөдөлгөөн “Home plaza”-гийн хойд талд баруун гар тийш эргэж зорчдог хэвээрээ байх аж.

“Home plaza”-гийн зүүн хойд талын зорчих хөдөлгөөнийг огтлолцолгүй болгох үүднээс Хүннүгийн гудамж буюу Баянмонгол хороолол талаас ирэх хөдөлгөөн зөвхөн баруун гар тийш эргэж, хотын төв рүү чиглэн, шинэ гүүрээр, Махатма Гандийн гудамж буюу Наадам центрийн чиглэлд зорчихдоо гүүрний доогуур эргэх хөдөлгөөн хийхээр зохион байгуулжээ. Харин Махатма Гандийн гудамжнаас Баянмонгол хороолол руу чиглэх хөдөлгөөн Home plaza-гийн урд шинээр хийгдэх гэрлэн дохиотой уулзвараар нэвтэрч зорчих юм байна.

Мөн зурагт тод ногооноор тэмдэглэсэнчлэн явган зорчигчдод зориулсан гүүрэн гармыг шинэ гүүрэн зам дагуу хийж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Баавгай айлын хот руу дайрч, аав хүү хоёр бариулжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт гэдэг газарт Сибирийн хар баавгай малчин айл руу халдсан хэрэг гарчээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар аав, хүү хоёр баавгайд бариулж амиа алджээ.

Цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, сүйтгэгдсэн гэрийн ойролцоогоос аавынх нь биеийн хэсгийг олсон байна. Харин хүүхдийнх нь цогцос олдоогүй байгаа учраас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын ажил 40 хувьтай үргэлжилж бай​на

Баруун аймгуудыг Нийслэл хоттой холбох их бүтээн байгуулалтын ажлуудын хүрээнд хийгдэж буй Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна. Уг авто замыг 2020 онд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

Барилгын ажлын талбайд ухмал, далангийн дүүргэлт, суурь, асфальтбетон хучилт, хиймэл байгууламж, гүүрийн ажил хийгдэж, газар шорооны ажлын 60 хувь, буталсан чулуун суурь 24 километр, суурь асфальтбетон хучилт 18 километр, өнгө асфальтбетон хучилтыг 15 километр хийж гүйцэтгээд байна.

Энэхүү авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, иргэдэд ая тухтай, аюулгүй, түргэн шууртай зорчих боломж бүрдээд зогсохгүй дээрх аймгуудыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт томоохон дэмжлэг болох давуу талтайг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тус бүс нутагт ажиллах үеэрээ онцолж байсан юм.




Categories
мэдээ нийгэм

Налайх дүүрэгт мал боловсруулах ААН-үүдийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Налайх дүүрэгт мал төхөөрөх үйл ажиллагаа явуулж байсан Шижирзул, Алтайчандмань, Ундарга хайрхан, Гомбо хайрхан ХХК-нуудын үйл ажиллагааг түр хориглон зогсоож, прокурорын хяналтан дор зөрчлийг арилгуулах ажиллагаа явуулж байна.




Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний газруудад өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэхийг үүрэгдлээ

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/49 тушаалаар баталсан “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хангуулах ажлын хэсэг” өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл, явцыг эрчимжүүлэх зорилгоор баталсан удирдамж, хуваарийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагад хийх шалгалтыг зохион байгуулж эхлээд байна.

2019 оны 10 дугаар сарын 01, 02-ний өдрүүдэд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 300 гаруй тээврийн хэрэгслийн өглөөний эх авалт, техникийн бүрэн бүтэн байдал, жолооч нарыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган үйлчилгээнд гаргаж байгаа эсэхийг шалгалаа.

Дээрхи аж ахуйн нэгж, байгууллагууд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд иргэд зорчигчдын ая тухтай, дулаан зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тээврийн хэрэгслийн дугуй, аккумлятор гэх мэт шаардлагатай сэлбэг, тоног төхөөрөмж, жолоочийн өвлийн хувцасны хангалт, засвар үйлчилгээг график, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, нийтийн тээврийн хэрэгслийн гадна, дотор угаалга, суудлын бүрээсний цэвэрлэгээг тогтмолжуулж, чанаржуулах зэрэг ажлууд хийж байна.

Цаашид өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлж, хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан иргэдэд ая тухтай дулаан зорчих боломж, нөхцөлийг бүрдүүлж заалны дулаацуулгын системийг бүрэн ажиллагаатай байлгах талаар зөвлөмж, жолооч нарт зан, харилцаа хандлага дээр анхаарах талаар сургалтыг тогтмол зохион байгуулж байх талаар үүрэг өгч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

“Хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэл”-ийн нэгдсэн хороо тэмцлийн ямар ч хэлбэрт шилжихэд бэлэн

Хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо нь жолооч нарт тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Ч.Батчулуун, хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны зохицуулагч, нарийн бичгийн дарга Г.Баатар болон бусад гишүүд ажил амьдралд тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэлийг хүсэж байна.

Мэдэгдэлд:

  • Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны дэргэдэх бичил аян эздийн хоршооны эзэн жолооч нар 20 гаруй жил нийтийн тээврийн ачаанаас үүрэлцсэн боловч өнөөдөр төр засгийн бодлогогүй шийдвэрийн улмаас ажлын байрны баталгаа алдагдаж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, улмаар банкны өндөр хүү, торгуулийн өртэй болж хоцорлоо. Бидний хувьд өөрсдийнхөө ажлын байрны төлөө парк шинэчлэл хийж нэг жолооч 1-8 машиныг стандартад нийцүүлэхээр банкны өндөр хүүтэй зээл авсан боловч төрөөс огт дэмжлэг байхгүйулмаас ажлын байрны баталгаагаа хангаж чадаагүй байна.
  • Бидний хувьд парк шинэчлэл хийх урт хугацааны хүү багатай /ЖДҮ/ зээлэнд хамруулах, Монгол Улсад үйлдвэрлэж байгаа цахилгаан бага дунд оврын автобусаар парк шинэчлэл хийх нөхцөлийг бүрдүүлж өгөхийг шаардаж байна.
  • Нийслэлээс өмнө нь парк шинэчлэл хийсэн том оврын аж ахуй нэгжүүдээс авч дараагийн нийтийн тээвэрчдэд парк шинэчлэл хийх нөхцөл бүрдүүлэх.
  • Жолооч нар татвар хураамжийг төлсөөр байтал баталгаагүй стандартын бус замаар явуулж тээврийн хэрэгсэл, эд хөрөнгийг эвдэж байгаа асуудлыг шийдвэрлэж зохицуулах, даатгалд хамрагдсан жолооч нарын даатгалын асуудлыг шийдвэрлэхгүй, хохирол, төлбөрийг гаргаж өгөхгүй байгаа даатгалын компаниудад хариуцлага тооцох.
  • Жолооч нарын торгуулийг тэглэж, тэдний амьдралын төвшин, нийгмийн баталгааг хангахыг шаардаж байна.
  • Нийслэлийн нийтийн тээврийг мэргэжлийн удирдлага бодлоготой болгох

Мөн дээрх мэдэгдэлтэй холбогдуулан хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Ч.Батчулуун: Бид хотын дарга Батболд байх үеэс хойш мэдэгдэл хүргүүлж байгаа бөгөөд ямарч хариу хүлээж авдаггүй өргөдөл гомдол минь усанд шидсэн чулуу шиг алга болдог. Нийтийн тээврийн газартай хамтарч ажиллах гэрээ хийсэн боловч 1 жил болоод гэрээгээ цуцалсан. Авдаг цалингийн минь тавин хувиар торгодог. Үүнийг төлөхгүй. Бид тэмцэхэд бэлэн болсон. Хувиараа тээвэр эрхэлдэг 400 жолооч бий. Энэ Улаанбаатарт биднээс гадна 1000 гаруй тээврийн жолооч байдаг. Манай холбооныхон өөрсдийн гэсэн тусгай таних тэмдэгтэй, хантаазтай.

Нэг жилийн дотор дээд тал гурван сая, доод тал нь 300 мянган төгрөгийн торгуульд ордог. Зохих дүрэм журмын дагуу карт уншигч тавиулахыг хүссэн боловч тавьж өгөлгүй хууль бус тээвэр хийсэн гэж торгодог. Тээвэрчид цаашид ажил амьдралаа залгуулах боломжгүй болсон гэж мэдэгдлээ.

М.Болор-Оюун

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийн цагдаагийн алба хаагчид долоон хүний амийг галаас аварчээ

Өнгөрсөн дүгээр сарын 28-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд хоёр айлын гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Суманхүү, цагдаагийн ахлагч Э.Наранбаатар, тус сумын иргэн Д.Мөнхбат нар очиж шатаж байсан гэрээс 7 хүнийг гаргаж амь насыг нь аварчээ.

Тэднийг очиход эзэнгүй нэг гэр нь шатаж дууссан, хажуу талынх нь гал авалцаж байсан гэрт Д.Цэемаа /70 нас, эм/, Б.Ууганбаяр /14 нас/, Б.Отгонбаяр /12 нас/, Э.Саруулбуян /9 нас/, Э.Цэлмүүн /5 нас/, У.Маргад /1 нас/ нар угаартсан байдалтай унтаж байжээ. Алба хаагчид шуурхай ажиллаж хүүхэд, том хүн нийлсэн 6 хүнийг гэрээс гаргажээ. Харин хамгийн сүүлд хүн үлдсэн эсэхийг шалгахад нэг настай охин орныхоо хөлд унасан байдалтай унтаж байхыг олж аварчээ.

Галын шалтгаан нөхцлийг тодруулахаар холбогдох байгууллагууд шалгалт явуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэн эхэллээ

Жил бүрийн 10 дугаар сарын эхээр Франц улсын Клермон Ферран хотод зохион байгуулагддаг “Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд Монгол улсаас ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ААН-үүдийн төлөөллүүд оролцож байна.

Үхэр үржүүлэхэд нэн тохиромжтой бүс нутаг болох европ тивийн тэгш өндөрлөгт орших Клермон Ферран хот махны чиглэлийн үхэр, амтат хиам 150 гаруй нэр төрлийн бяслагаараа алдартай.

Тиймдээ ч энэ жилийн “Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэнгийн онцлон танилцуулж буй үүлдэр нь \Blonde DAquaitaine буюу Акуайтин нутгийн шар үхэр юм.

Үзэсгэлэнд сүүний чиглэлийн 25 үүлдэр, махны чиглэлийн 22 үүлдрийн өндөр ашиг шимт 1300 үхэр, 26 үүлдрийн 400 хонь, 16 үүлдрийн 400 адуу зэрэг 70 үүлдрийн 2000 толгой шилмэл малыг танилцуулж шилдэг ашиг шимт малыг шалгаруулдаг тус үзэсгэлэнд 35 орны 1500 оролцогч 95 000 гаруй зочид үзэгчид оролцож байна.

Жил бүрийн арга хэмжээнд өөр өөр үүлдрийн үхрийг онцлон алдаршуулдаг.Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлон танилцуулж буй Blonde DAquaitaine үүлдэр нь Франц улсад 500 000 тоо толгой байдаг бөгөөд 16 сартай буюу бяруу нь л гэхэд дунджаар 550 кг хүрдэг өндөр ашиг шимтэй үхэр байна.

Монгол улсаас тус үзэсгэлэнд “хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн төв” ТББ-ын төлөөллүүд, ХАА-н салбарт ажиллаж буй фермер, тариаланчдын хамт оролцож Монгол улсад нэвтрүүлж болох шинэ технологи, өндөр ашиг шимт малын үүлдэр угсаа, нутагшуулж болох сортын тэжээл, дэвшилтэт техник технологитой танилцах, хамтран ажиллах олон боломж нээгдсэн чухал үүд хаалга болж буйг оролцогчид онцолж байна.

Categories
мэдээ нийгэм

АХБ-ны Суурин төлөөлөгч хатагтай Ёландаг Төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Гадаад улсын иргэнийг шагнах тухай” зарлиг гаргаж, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Еланда Фернандез Ломменийг Төрийн дээд Найрамдал медалиар шагналаа.

Монгол Улс-Азийн хөгжлийн банк хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон Монгол Улсын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үйлсэд оруулсан хатагтай Ёландагийн хувь нэмрийг үнэлж Найрамдал медалиар шагнаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Найрамдал медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, баяр хүргэв.

Categories
мэдээ спорт

Спортын гимнастикийн ДАШТ эхэлжээ

Спортын гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Германы Штутгарт хотод эхэлж байна. Тэмцээн энэ сарын 13 хүртэл үргэлжлэх юм.

Спортын гимнастикийн ДАШТ Штутгарт хотод түүхэндээ гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Штутгарт хотод өмнө нь 1989 болон 2007 онуудад спортын гимнастикийн ДАШТ болж байсан аж. 1989 онд болж байсан ДАШТ-д ЗХУ-ын шигшээ баг 18 медаль хүртэж, өрсөлдөгчдөө бут цохиж байжээ. ЗХУ-ын шигшээ баг тамирчдын авсан нийт медалийн 9 нь алтан медаль байсан аж.

Энэ удаагийн ДАШТ Штутгарт хотын 15 мянган хүний суудалтай “Hanns-Martin-Schleyer-Halle” цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна. Энэхүү ДАШТ нь ирэх онд Токио хотод болох олимпын наадамд эрх олгох тэмцээнүүдийн нэг юм.