Түрүүч нь №171(6272) дугаарm
Гэхдээ гол нь эргээд намайг “За чи тэгж их харилцаа тогтоох сонирхолтой юм бол чи өөрөө монгол хэл сурч, Элчин сайдын яам байгуулах ажлыг эхэл” гэдэг юм байна. Би ч дуртайяа зөвшөөрлөө. Манайхан ч яриа хөөрөө өрнүүлэх үүргээ дааж авлаа.
-Ингээд л та Лийдсийг зорьсон хэрэг үү?
-Тийм л дээ, гэхдээ уг нь бол эхлээд монгол хэлийг Америктаа сурах санаатай байсан юм. Тэр цагт Америк даяар монгол хэлний ганцхан багш байсан нь Индианагийн их сургуулийн Хангин Гомбожав. Гэтэл яг тэр жил Хангин эрдмийн ажлын чөлөө аваад явчихжээ. Тэгээд сурчих хамгийн боломжтой өөр газар нь Англи, Лийдсийн их сургууль, Онон Өргөнгөө багш болж таарсан юм. Ингээд 1973 оны нэгдүгээр сарын эхээр эхнэр, дөрвөн охиноо Америкад үлдээгээд Лийдсийг зүглэлээ. Төлөвлөгөө ёсоор би тэнд гурван сар монгол хэл үзнэ, тэгээд дараа нь Улаанбаатарт Элчин сайдын яам байгуулна.
-Энэ завшааныг ашиглаад та манай уншигчдад Өргөнгөө Онон багшийнхаа тухай ярьж өгөхгүй юу?
-Би Англид иртлээ Өргөнгөөг Америкийн иргэн гэж мэдээгүй юм. Тэгтэл Оуэн Латтимор дөчөөд оны сүүлээр хоёр өвөр монгол, нэг ар монгол хүнийг Америкад авчирсны нэг нь Онон Өргөнгөө байж. Өргөнгөөг Латтимор монгол судлалынхаа эх сурвалж болгон ажиллаж байтал миний өмнө дурдсан МкКартигийн галзуурал эхэлж, ажил төрөл юу ч үгүй болжээ. Хөөрхий Өргөнгөө бүх ном, толь бичгээ зарж, аяга таваг хүртэл угааж амь зууж байсан гэнэ. Америкийн улстөрчид Латтиморыг тэгж ад үзсэн нь Британийн либералиудын хувьд таатай боломж болж, эрдмийн хүрээллийнхэн нь Лийдст урьжээ. Латтимор тэнд Хятад судлалыг эхлүүлэхдээ Онон Өргөнгөөг хамт авч иржээ. Хожим тэр хоёр хамтдаа Монгол судлалыг мөн Лийдст үүсгэсэн түүхтэй. Монгол, англи, хятад, япон хэлэнд нэвтэрхий хүн байлаа.
-Латтимор бас танд хичээл заав уу?
-Латтимор намайг очиход тэтгэвэртээ гарчихсан, Парист амьдарч байсан юм. Үе үе айлчилж ирнэ. Цөөн уулзсан ч сайхан сэтгэгдэл үлдээсэн хүн. Сүүлд “БНМАУ-ын түүх” номыг орчуулж хэвлүүлэхэд гайхамшигтай сайхан шүүмж бичиж Сандэй таймст хэвлүүлж билээ.
-Дипломат харилцаа тогтоох төлөвлөгөө бүтэлгүй болсныг Америкийн тал хэзээ яг тодорхой мэдсэн бэ?
-Намайг тийн сурч эхлэх үеэр миний өмнө дурдсан, нөгөө монгол хэл Поппегоос сурч байсан Стаплтон Рой НҮБ дээр очиж Монголын НҮБ дахь сайдтай ярилцаж. Сайд маш их баярлаж, харилцаа тогтооё хэмээн за зү болсон аж. Ингээд бүтэн гурван сар өнгөрлөө, ямар ч мэдээ байдаггүй шүү.
(Энэ удаад би Браун гуайд хууч хөөрөв)
-Саяхан Монголын Гадаад явдлын яамны орлогч сайд асан Д.Ёндон гэж хүний дуртгал хэвлэгдсэн. Тэнд яг таны өгүүлж буй 1973 оны эхний хэдэн сард юу болсон, яагаад манай тал алга болсон тухай өгүүлж. Таныг сонирхвол ярьж өгье.
-Маш сонин байна. Алив яриач хө.
-Таны хэлсэн бүх үйл явдал, АНУ-ын төрийн Департаментынхан НҮБ дахь Монголын элчин сайдтай уулзаж бүх зүйлийг тохирсныг уг номд батлан дурдаж. Тэгээд Монголын талаас дипломат харилцаа тогтоох өдрийг 1973 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрөөр сонгож, дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Пунцагноров сайдад цахилгаан утас илгээжээ. Тэгтэл манай төлөөлөгчийн газраас огт хариу ирдэггүй гэнэ. Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр тэсвэр барагдаж, Нью-Йорктой шууд холбоо барьтал тийм цахилгаан огт аваагүй гэсэн аж. Манай дипломат албаны бүх нууц цахилгаан тэр үед Прагаар дамжиж явдаг байж. Тэгтэл тэр цахилгааныг Прагаас “нэг их урт гар” хулгайлчихсан байсан аж. Гадаад цахилгаан утас бүгд маш нарийн кодтой, тэрийг манайхан маш өндөр үнэ төлж ЗХУ-ын Аюулаас хамгаалах байгууллага, КГБ-д хийлгэдэг байсан юм байна. Тэгэхээр тэд бас захиаг замаас нь унших, устгах чадвартай байж.
Харилцаа тогтоох өдөр судрыг хэд хоногоор сунган яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байсан боловч өнөөх яаралтай цахилгаан утас очихдоо хоёр хоног, ирэхдээ долоо хонох зэргээр удааширч саатсаар байсан тул манай ГЯЯ-ны сайд Ринчин Москвад очиж, шууд асуусан байна. ЗХУ-ын ГЯЯ-ны орлогч сайд Кузнецов хүлээн авч уулзаад, “АНУ-Монгол харилцаа тогтоох асуудлаар хоёр намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нарт ярилцах зүйл бий” гэсэн аж. Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр. Нөгөө таны сургалт дуусаад Монголд ирж байх ёстой үе мөн биз. Ингээд хоёр намын дарга буюу Брежнев, Цэдэнбал хоёрыг ярьтал бас харилцаа тогтоож чадахааргүй боллоо.
Цэдэнбал дарга Брежневтэй уулзах хүртэл бас л тодорхойгүй хугацаа. Та тэнд монгол хэлээ үзсээр, 1973 оны наймдугаар сар гарахад Цэдэнбал дарга ЗХУ-д амрахаар болж. Бүх зүйл Брежнев, Цэдэнбал хоёрын уулзалтаас шалтгаалахаар болсон тул манай дипломатууд ч чих тавин, догдлон хүлээж байжээ. Гэтэл Цэдэнбал ЗХУ-д байхдаа Брежневтэй биеэр уулзаж чадсангүй. Тиймээс утас залгаж, ЗХУКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга К. Ф. Катушевтай ярьж, Брежневт АНУ-тай харилцаа тогтоох саналтай байгаа тухай дамжуулж өгөөч гэж хүсчээ. Ю.Цэдэнбалыг яг Москвагаас нисэх гэж байхад Брежневийн туслах А.М.Александров онгоцны буудал дээр ирж уулзаж. Тэгээд Брежнев “түр азнаж байна уу” гэж хэлүүллээ гэсэн байна. Тэр түр азнах нь тэгээд 1987 онд хүргэж дээ.
-Миний таамаг яг л зөв байж дээ. Том ах нь оролцчихлоо гэж би мэдрээд л байсан юм.Та бүхнийг тэнд тэгж “түр азнаж” байх хооронд гурван сар монгол хэл сурах миний бие жил илүү сурчихлаа. Гэхдээ бас хайран эрдмээ хоосон үрээгүй ээ. Нэг өдөр би Онон багшдаа “Хэл ч гайгүй сурлаа, Монгол ч чимээгүй боллоо, хоёулаа хүнд хэрэгтэй юм хийвэл яасан юм бэ?” гэж хэлэв. Тэгээд Латтиморыг Парисаас нэг ирэхэд нь ярьж байгаад Монголын түүхийн коммунист хувилбар буюу “БНМАУ-ын түүх” номыг орчуулж хэвлүүлэхээр тохирсон юм. Латтимор найз Ширэндэвтэйгээ ярьж зөвшөөрөл авсан. Ингээд тэр ажил дээр есөн сар суусан даа. Өдөрт 14-18 цаг ажилласаар байж, 1974 оны зун дуусгаж, Харвардын их сургуулийн хэвлэлээр гаргасан. Харилцаа тогтоож чадаагүй ч монголчууд өөрсдөө өөрсдийнхөө түүхийг харж бичсэн нэг ийм ном англи хэлт уншигчдын хүртээл болсон билээ.
Гурав. КЛИвзИйн нОМ эзгүй байшиндхэвтэж байгаа
-Кливз бол бүх түүхэн дэх хамгийн агуу монгол судлаачдын нэг. та тэгтэл тэр хүний шавь нь байдаг. Монгол уншигчдад Кливзийн тухай ярьж өгвөл их сонин байх сан.
-Кливз огт гэрлэж байгаагүй, бүх амьдралаа судалгаанд зориулсан хүн. Тэтгэвэрт гарахынхаа өмнө Нью-Хампширт нэг их том эдлэн газар худалдаж авсан юм. Тэндээ бүх номоо аваачсан. Массачусэтс мужид хичээл заадаг хүн, Нью-Хэмпширд эдлэн авдаг их сонин байв. Бараг 600 га газар авсан байх шүү. Нэг фермийн хуучин байшинтай. Тэр байшингийнх нь гал тогооноос бусад бүх өрөө монгол ном хийгээд Монголын тухай номоор дүүрэн. Шалан дээр өрөөд, таазаа хүртэл тулгачихсан, орох гарах зайгүй шахам байдаг сан.
-Тэр их ном одоо хаана байгаа бол?
-Уг нь Кливз тэтгэвэртээ гарахдаа Монголтой холбоотой бүх номоо Харвард-Енчиний хүрээлэнгийн номын санд өгөхөөр шийдсэн юм. Кливз гэхдээ ганцхан зүйл хүссэн. Цуглуулгыг нь салгахгүй, тэр чигээр нь нэг номын сан болгон хадгалах. Гэтэл Харвард-Енчиний хүрээлэн зөвшөөрсөнгүй, бүх номыг нь салангид номоор тооцож, хаа байрлах ёстой, тэр газар нь тавина гэлээ. Кливз “тэгвэл үгүй” гээд бүх номоо аваад үлдчихсэн. Хамгийн сүүлд намайг сонсоход хамаг ном нь Католикийн нэг жижиг сүмийн хонгилд хэвтэж байна гэж байсан. Та номын санд ажиллаж байгаа гэсэн. Сурвалжилж тэр номыг олж үзэхийг хичээгээрэй. Ихэнх нь Монголын нууц товчоотой холбоотой юм байх ёстой.
-Кливзийн Монголын нууц товчооны орчуулга хэвлэгдсэн, харин эрдэм шинжилгээний тайлбар болох бараг бүх насных нь хөдөлмөр огт гараагүй. Монгол судлаачид үүнд их харамсдаг юм. Яагаад хэвлүүлээгүйг нь та мэдэх үү?
-За тэрний зах зухыг би мэднэ ээ. Кливз Харвардын их сургуулийн хятад хэлний профессор Хунг гэж ахмад багштай өдөр бүр уулздаг байсан юм. Уиллиам Хунг гэж шөнийн шар шувуу байлаа. Шөнөөр ид ажиллана. Кливзийн өдөржин хичээл заагаад харих цаг, Хунгийн ажиллахаар ирэх цаг хоёрын яг хооронд буюу оройн 5 цагт тэр хоёр уулзаж цай ууна. Тэгээд Нууц товчоог хэлэлцэнэ. Кливз бас тэр үед энэ Арлингтонд амьдарч байсан Бельгийн хар лам Мостарттай Монголын нууц товчоог бас байнга зөвлөдөг байсан, Мостарт нас өндөр гараад хараагүй болсон доо хөөрхий.
За тэгээд Хунг тэр хоёр даваагаас баасан гариг хүртэл өдөр бүр тэгж уулзана. Хунг хятад талыг нь барина, Кливз монгол талыг нь барина. Ингэсээр байж тэр хоёр профессор мэргэжлийн болоод хувь хүний хувьд дотно сайн андууд болж. Хунг нь хавьгүй настай, хятадаар бол Кливзийнхээ багш нь болохоор хүн. Тэгээд Кливз Нууц товчооны галиг, тайлбар, асар том бүтээлээ дуусгаад хэвлүүлэх гэтэл нэлээд олон хэсэг нь Хунгийн саналаас өөр байсанд найз-багшийгаа эвгүй байдалд оруулахгүй, гомдоохгүй гээд хэвлүүлэхээ больчихсон юм. Ердөө л тэр. Насных нь хөдөлмөр шүү дээ.
-Их л өвөрмөц хүн байж дээ?
-Агуу хүн л дээ. Бас тийм сонин. Харвардад мань хүнийг “үлэг гүрвэл”-д тооцдог байлаа(инээв). XIII зууны монгол хэлний үйл үг гээд л судлахаар чинь тэгж нэрийдэх нь мэдээж л дээ. Миний өөрийн бодол бол одоогоос тавь, зуун жилийн дараа ч Монгол судлалд Кливзийн бүтээл гялалзсаар л байх болно. Гэвч тэгж дүгнэх эрхийг танд үлдээе. Би монгол судлаач биш.
-Поппегийн “Дуртгал”-д Кливзийг гэнэтхэн судлаач найзууддаа өгүүлэл бүтээлээ явуулахаа болиод, холбоогоо тасалсан тухай бичсэн байдаг. тэр юу болсон юм бол?
-Тэрийг би бол мэдэхгүй юм. Агуу профессор гэхэд бас их энгийн хүн шүү дээ. Бүр сүүлд, тэтгэвэртээ гараад нэлээд удсан хойно нь би нэг очиж уулзсан юм. Тель-Авивд элчин сайдаар сууж байсан цаг маань бил үү дээ. Кливзийн гэрийн ойрхон нэг сайхан цанын бааз байсан юм.
Тэд дэх өдөр очно, тэдэн цагт уулзъя барья гэж тохироод, би бас далимаар нь цанаар гулгаад авахаар боллоо. Тэгээд цанын баазын машины зогсоол дээр ирсэн чинь мань профессор тэнд нэг их зузаан өвлийн хувцас өмсчихсөн, томоо долоовор хурууны зураг барьчихсан, машинуудыг ийш тийш нь зааж явуулан, зогсоолыг нь олж өгч байх юм. Тэгсэн, гэртээ зүгээр суухаар илүү мөнгө олж байгаа нь тэр гэнэ. Харвардын алдартай профессор хүн шүү дээ. Миний машины яг хажууд нэг хятад гэр бүл машинаа тавилаа. Кливз ч над дээр ирж, бид хоёр тэр хүмүүстэй хятадаар ярилцсан, нөгөө хятадууд машины зогсоолын ажилтан нэг хөгшин, хажууд нь паркалсан нэг америк нөхөр, хоёул хятадаар чөлөөтэй ярьж байгаад ихэд гайхаж байж билээ.
Тэгээд багштай би өдрийн хоолны цагаар уулзсан юм. Бэлэг болгон нэг ном авчирснаа өгтөл тэр ном дээрх Хубилай хааны элчийн нэг бөгжний зургийг харсан дороо “Аюутугай” гэж байна гээд л шууд уншиж байж билээ.
-Ямар ном дээр тийм монгол бичигтэй бөгж байсан юм бол? (браун гуай гэрэг пайзыг андуурсан байж магадгүй М. С.)
-Аа нэг Католикийн ламын тухай ном. Мөнгө төгрөгтэй холбогдол уу, охид бүсгүйчүүдтэй тоглол уу, ямар ч байсан цөлөгдөөд, загалмайтны дайнд хүчээр явж, Ойрх Дорнодод үлдээд, тэндээсээ зүүнш явсаар байж Монголд ирсэн хүн. Гадаад хэлийг нь ашиглаад Хубилай хаан аян дайныхаа өмнө илгээдэг элчээ болгож. Бууж өг, үгүй бол үнсэн товрог болгоно гэдэг үгийг хэлдэг элч… гэх мэтчилэн ярилцсаар бидний яриа өндөрлөв. Дараа уулзахдаа Д.Ёндон гуайн тэр номыг авчираарай, би харин чамд Дилова хутагтын намтрын англи орчуулгын хуулбарыг Латтимороос авч байснаа өгье хэмээн тохиролцоод салав. Бас монгол хэлний ном авчираарай, мартсан монгол хэлээ сэргээж үзье гэж захиад үлдсэн дээ, Браун гуай.
“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ