Тариалан суманд жил бүрийн өдийд сумын төвийн айлууд эзэнгүй, эл хуль байх нь элбэг. Сургуулийн насны хүүхдүүд голдуу гэрээ харж, томчууд тариалангийн талбайдаа түр суурьшаад аль хавраас эхэлж зуны гурван сар нар, салхинд гандан байж усалсан талбайн ургацаа энд тэндгүй хурааж ёстой нэг ажил гэдэг буцалж эхэлнэ дээ. Гэхдээ тариан талбайд комбайн ажиллах нь тун ховор үзэгдэл. Томхон талбайтай айлууд сумын төвийн ганц комбайнаа хөлсөлж ургацаа хураах бол бага хэмжээний талбайн эзэд ах дүүсээрээ нийлээд л гараараа хадчихна. Манайх гэдэг айл ам бүл цөөн учир том талбай хэрэггүй. Айл саахалт олон жил явсан, сумын Тамгын дарга асан Тогтуур гэж айлын талбайн өнцөгт тээр жилийн хавар хоёр шуудай улаан буудайн үр цацсан сан. Зунжин шахуу хоёр гэрийн талбайгаа хонь, малаас хамгаалж манаач хийснийх, дээр нь үр тариа гэдэг ургаж дэлгэрдэг хойно намар гэхэд 10 орчим шуудай тариа хураах тооцоог гэрээрээ хийж зуссан юмдаг. Тэр ургацаа ч авч билээ.
Есдүгээр сар гараад сургууль, цэцэрлэг цугласан өдийд бол талбайгаа орхичихож болдоггүй, Хотгороос сургуульдаа гүйгээд л. Хотгор гэж сумын төвөөс 10 хүрэхгүй км газрыг нэрлэдэг байв. Тэнд төвийнхний тариалангийн талбай голдуу төвлөрдөг байсан юм л даа. Шинэ ургацын ногоогоор хийсэн ээжийнхээ гарын хоолыг идчихээд Хотгороос сумын төв рүү жирийчихдэг хүүхэд насны намар сэтгэлд тод үлдэж дээ. Одоо ч тэнд манай сумынхан ургацаа хураахаар бужигнаж байгаа даа. Тариа хураахтай зэрэгцээд өвсөө ч манайхан гараараа хадна. Орой нар жаргах хавиас өвсийг ёстой нэг оцойтол нь аччихсан, ачсан өвснөөс нь хамар нь цухуйхтай үгүйтэй чиргүүлтэй гуч, трактор сумын төв рүү ар, араасаа цувардаг сан. Сумын минь намар ингэж л эхэлдэг дээ.
Увс аймгийн Тариалан сум бол аймагтаа төдийгүй улсдаа ч онцлог гэмээр ард түмний нутаг. 1925 онд анх Алтан тээл нэртэйгээр байгуулагдаж, МАХН-ын үүр, хүн эмнэлэг, мал эмнэлэг зэргээр нам, төрийн үйлчилгээний байгууллагууд шил, шилээ даран тулгын чулуугаа тавьсан байдаг юм. Улаанбаатар хотоос 1350 км, аймгийн төв Улаангомоосоо 31 км-т алслагдсан сум.
Сумын төв маань Хархираа, Мянганы хоёр сүрлэг уулын энгэр бэлд оршдог. Хөгшчүүд цайныхаа дээжийг энэ хоёр ууландаа өргөж, үр хүүхэд, нутаг усныхаа зон олны сайн сайхныг даатгадаг. Зуны ид халуун гарсан долдугаар сард л гэхэд Хархираа, Мянганы уулсын оройгоор суунаг манантай байхыг яана. Манан жаахан арилаад харахад л цас хэдийнэ орчихсон, дөрвөн улиралтай гэмээр нутагт л бид амьдардаг. Хархираа, Түргэний уулсаас эх авч урссан Хархираа гол сумын төвийн ардхан хэсгээр өнгөрдөг. Энэ голоосоо манай нутгийнхан хэдэн үеэрээ тэтгэж тэжээгдэн ирсэн юм. Тариалан сум Хархираа голоос гадна Түргэн, Цагаан салаа, Харгаат, Орлого, Намир, Тээл зэрэг голуудтай. Нэлээд хэдэн нууртай. Цаг агаарын хувьд бол өвөл ч ёстой нэг тачигнаж өгнө дөө. Нутгийнхан Хархираа голоо гатлаад бургас, харгана түүдэг. Өвөлдөө мод түүх нэрээр мөсөн дээр нь чаргаар гулгадаг байсан үе дэндүү сайхан. Манай суманхан нэлээд сүүлд л нүүрс түлж эхэлсэн. Тариалан бол Монгол орны хамгийн сайн коксжсон нүүрстэй Хар Тарвагатайн ордтой. Хар Тарвагатайн орд Увс аймаг төдийгүй Ховд аймгийнхныг ч нүүрсээр хангадаг том орд байв. Одоо ч бүр үнэ цэнэ нь өсч байгаа сурагтай. Хар Тарвагатайн чулуун нүүрсээс өглөө 5:00 цагт хийчихэд л үдээс хойш хүртэл дулаанаа барьчихна. Орой 17:00 цагаас дахиад нэг хувинг хийгээд л хоногоо барьчихдаг, бусад нүүрстэй харьцуулшгүй.
Тариаланд газрын хөрсөн дээрээ бол өвөлд 40 хэм гарчихаад л, цас гэж уйгагүй орно. Өглөө сургуульдаа өвдөг шүргэх цасан дунд л туучиж явдаг сан. Сургууль маань П хэлбэрийн нэг давхар хуучны барилга байдаг байв. Дэргэдээ бага сургуультай, бага сургууль залгаад дотуур байртай. Өвөл ес эхлэхэд ангиараа өвлийн хувцастайгаа бөөвийж суугаад, завсарлагаанаар гарч сургуулийн хаалган дээрээ наранд жаахан дулаацчихаад орж хичээлдээ суудаг сурагч насаа Тариалангийн ахлах сургуулийг төгссөн үе, үеийн төгсөгчид дурсана биз ээ.
Багш нар маань гэж мундаг хүмүүс. Бага ангийн багш Баттулга, Пүрэвдолгор, ахлах анги удирдсан Түвшинжаргал, салбар хичээлийн багш Дээмээ, Хишгээ, Дөш, Баттөгс, Мягмаржав, Однэмэх, Батчулуун гээд л хатуу зарчимч хэрнээ хүүхдийн толгойд мэдлэг үлдээхийн төлөөх үнэн сэтгэлтэй мундгууд байж дээ. Өөр ч олон сайхан багш нар маань бий. Соёлын төвийн эрхлэгч,СТА Түмэнжаргал гэж сумынхаа урлаг, соёлын арга хэмжээг олон жил гардсан ах бий. Гэр бүлээрээ бий биелгээч, билэг танхай авьяастай хүмүүс. Тэдний гар дээрээс манай сумын олон хүүхэд урлаг соёлын мэдлэг шүүрч, ирээдүйн амьдралынхаа замыг олсон гэж би хувьдаа боддог. Би ч бас тэдний нэг юм. Энэ дашрамд, Батжаргал гэж мундаг сайхан сэтгэлтэй, авьяас нь халгисан дуу хөгжмийн багшийгаа дурсахгүй байхын аргагүй. Сургууль маань одоо бол сайхан өргөжөөд сүүлд хоёр давхар барилга сүндэрлэсэн байна билээ. Доторх тохижилт нь хотын төвийн дүүргийн сургуулийн энтэй л өнгөлөг харагдана лээ, атаархмаар.
Тариалан сумын уугуул иргэд бол хотон ястан. Хотон ястны тухай дурсахаар дуусашгүй арвин баялаг үүх түүх, бахархал, бас ч гэж эмзэглэм түүхийн ч эзэд болсон ард түмэн. Монгол Улсын нэгдсэн судалгаагаар 2017 онд хотон ястнууд 11500 гэж тоологдсон байдаг. Харин албан бус тоогоор бол 20 мянга гарсан хотонгууд Монгол даяар тархан суурьшсан гэдэг билээ. Сумандаа бол өнөөдөр 4000 гаруй иргэн аж төрж байна. Тэдний дийлэнх нь хотон ястнууд, сүүлийн үед дөрвөд, баяд, халх ястнууд ч олноор суурьших болж. Нэгэн үе адлуулж явсан хүмүүстэйгээ худ ураг барилдан эв эеийг эрхэмлэж яваа нь юутай таатай. Хотонгууд арчаагүйдээ, эсвэл алдар цуутай муу явдлын эзэддээ ч биш, гарал угсаанаас л болж явсныг гэж нутгийнхан хуучилдаг билээ.
Хотон ястны үүсэл гарлын талаар гадаад, дотоодын эрдэмтдийн судалгааны олон хувилбар бий. Түүнээс хамгийн бодитой нь гэж хэлж болох нь Галданбошигт хааны их байлдан дагуулалтын үед цэргийн хүнс тэжээлийг бэлтгэхээр Түрэгээс авчирсан хэсэг хүмүүсээр тариа тариулж эхэлсэн нь бидний өвөг дээдэс байсан гэдэг билээ. Үүнийг илтгэх Галдан бошигтын суваг гэж маш том суваг шуудуу Хархираан голоос тасарч, сумын төвийн дээгүүр Мянганы уулыг эмжин уруудсан нь байдаг. Одоо ч түүгээрээ манайхан Хархираа голоос ус татан тариа, өвсний талбайгаа усалдаг уламжлалтай.
Хотонгууд угаас Монголын газар нутаг дээр амьдарч байсан Түрэгийн тасархай гэлцдэг. Саяхныг хүртэл бага ястан дотроо“Тариалангийн хотдууд”, “ногоон нүдтэй хотон” зэргээр дөрвөд, баяд ястнууд хэлэх нь энүүхэнд. Бусад ястандаа дургүй нөхөр байна гэж бүү бодоорой. Би ч өөрөө дөрвөд эцэгтэй хүн. Тариаланд, хотон ястнуудын дунд өсч өндийсөн болохоор гүнд нь юу болдгийг багагүй мэдэх билээ. Бидний ээж аав, эмээ өвөөгийн үед энэ үзэл өргөн дэлгэрсэн байсан нь хүмүүсийн яриа, байр байдлаас харагдана. Ээж маань л гэхэд аймгийн төвд Худалдаа тресст нийтийн хоолны тогооч, ажилчид дотроо ганцаараа хотон ястан байж. Бусад нь дөрвөд, баяд голдуу. Нэг удаа ямар ч шалтгаангүйгээр ажлаас халагдах шахаж байсан гэдэг. Шалтгаан нь ганц байгаа хотон ястнаа халаад өөрийн ястны хүнээ ажилд авах гэсэн нутгархаг үзэл.
Энэ мэтчилэн хотон ястан болж төрснөөрөө адлагдаж, зарим нь гарал угсаагаа нуухад хүрч байсан тохиолдол бидний ард түмний дунд олон бий. Үүнд эмзэглэдэг нэг хэсэг байхад, “Аа цус, яадгийм” гээд ажил хөдөлмөртөө үнэнчээр зүтгэсээр нутаг ус, ард түмнээ алдаршуулсан, алдаршуулж яваа олон сайхан хүмүүс бий. Үнэхээр ч хотонгууд өнөөдрийг хүртэл Монгол нутагтаа, монгол эх хэлээрээ ярьж хэлж, төрдөө, түмэн олондоо буруу саналгүй явж ирсэн.“Доромжлуулах тусам би өнгө орно, долоон бурхан од шиг улам гялалзана” хэмээх алдарт яруу найрагч О.Дашбалбарын хэлсэнчлэн яг л ингэж амьдарч ирсэн бага ястан бол хотонгууд мөнөөсөө мөн. Ерөөс ясны хөдөлмөрч, ямар ч ажлыг гололгүй эзний сэтгэлээр хийдэг занг аймагтаа л шүтдэг юм шүү. Энэ бол яахын аргагүй энэ ястны нэг том онцлог юм. Тариалан сумыг олон жил удирдсан нутгийн уугуул, хотон ястны талаарх олон ном зохиол туурвисан Лхамжав гуай хотон ястны долоон онцлогийг нэрлэсэн байдаг. Тэдгээрт тэмдэглэсэн өөр нэг онцлог гэвэл хотон ястнууд гар аргаар усалгаат газар тариаланг олон арван жил эрхэлж ирсэн хүмүүс. Монгол оронд гар усалгаатай газар тариаланг анхлан нэвтрүүлсэн хүмүүс гэж энэ салбарынхан онцолдог юм билээ. Өдийд бол тариаланчууд ургацаа хураагаад өндийх завгүй ажиллаж байгаа нь нүдэнд төсөөлөгдөж байна. Хадлан тэжээл, тариа будаа, өвлийн бэлтгэл гээд ажил буцалсан энэ үед манайханд зүгээр суудаг хүн бараг үгүй. Хүүхэд хөгшидгүй эрвийх дэрвийхээрээ хөдөлж харагддаг. Хавраас эхлээд газар тариалангийн ажил эхлээд зуны турш усалгаа, арчилгаа гэсээр намартайгаа золгож, ургац хураах их ажилдаа шамдацгаана. Шинэ сараа гаргаад л газар тариалангийн ажилдаа бэлдэцгээдэг. Дөрөвдүгээр сар гарав уу үгүйтэй бух засч эхэлдэг. Бух засах гэдэг нь тариан талбайдаа суваг шуудуу татах бэлтгэл ажлыг хэлдэг. Гар аргаар талбайдаа үрээ цацаад усалгааны их ажилдаа орно доо.
Ардын уламжлалт гар аргаар усалгаат газар тариаланг 300 гаруй жил эрхэлж ирсэн гэсэн дээ, сумынхан бүгд гаршсаан. Сургуулийн хүүхдүүд ч талбайгаа усалчихдаг. Ургацын явцад барагтаа дөрвөөс таван удаа их усалгаа хийж байж сая болц нь сайхан болдог. Өвлийн гурван сардаа л тариаланчуудын нуруу тэнийдэг юм уу даа. Гэхдээ бас л зүгээр суухгүй, шинэ ургацын тариагаа боловсруулах их ажил угтдаг. Сумынхан арвай голдуу тариална. Улаанбуудайг багахан хэмжээгээр тариалдаг. Улаанбуудайг манайхан цагаан тариа гэдэг. Зах зээлийн нийгэмд дөнгөж шилжиж байхад улаанбуудай ёстой л бидний аминд орж билээ. Улаанбуудайгаа чулуун тээрмээрээ тээрэмдээд түүхий гурил гаргаж аваад хүнсэндээ хэрэглэж хүнд үеүдийг торойлгүй давсан юмдаг. Увс аймгаас анх удаа улсын аварга тариаланчид 1974, 1975 онд тодорсон юм гэнэ лээ. Жумдай, Сайндай гэж тэр аваргууд Тариалан сумын тариаланчид байсан юм. Одоогийнхоор бол Хөдөлмөрийн баатар л гэсэн үг. Түүнээс хойш Батчулуун, Найдан гээд аймаг, улсын аварга тариаланч, хадланчид олноор төрсөн дөө.
Манайхан арвайгаараа арвайн гурил л хийдэг. Нутагтаа бол болсон гурил гэж нэрлэнэ. Арвайн гурил бол Тариалан сумынхан, хотон ястны гол брэндийн нэг дээ. Бас л гар аргаар боловсруулах бүх технологийг бий болгосон хүмүүс. Тариагаа эхлээд хамгийн хүндээр цохино. Тариа цохиход зориулсан цох цохиур гэж бий. Цох цохиуртаа цохьсон тарианыхаа хивгийг нь сэвж арилгаад хөнгөн гал дээр хуурна. Хуурсан тариагаа энэ удаа цох цохиуртаа хөнгөн хэлбэрээр цогноно. Ингээд дахиад хивгийг нь сэвж чулуун тээрмээрээ тээрэмддэг. Манайхны гараар хийсэн арвайн гурил гэж зарамтай, том ширхэгтэй, үнэр нь гэж айлын тэндээс л сэнхийдэг. Арвайн гурилаа айргийн тосоор зуурч идчихээд өглөө малдаа гарахад өдрийг өлхөн барчихдаг. Харин одоогийн энэ зах, дэлгүүрээр зарагддаг арвайн гурилыг зуурах ч урам хүрэхгүйг яана.Арвайн гурил гээд зардаг ч үнэр, амт, гурилын ширхэгээс эхлээд манайхны гурилын хаана ч хүрэхгүй.Арвайн гурил бидний үед хүнсний гол хэрэглээнээс гадна “экспортын”сайн бүтээгдэхүүн байлаа. Одоо ч бас бий л дээ. Тариалангийн арвай аймгийн төвд хамгийн эрэлттэй. Хагас шуудай тариагаар арвайн гурил хийхэд бараг 24 цагийн ажил болдог сон. Өглөөнөөс эхлээд тариагаа цохиж, хуурч, цогноод тээрэмдсээр шөнийг таллана. Тариагаа бэлтгээд хонуулж болдоггүй, тээрэмдсэн гурилаа ч удаан хадгалах дэмий. Үнэр амт нь шинэ дээр нь худалдаалбал хурдан гүйнэ. Ээж, эгч хоёрынхоо шөнө таллан тээрэмдсэн шинэхэн гурилыг өглөө эрт үйлчилгээний машинаар аймгийн төв оруулж зарах үүрэг над дээр оногддог байж билээ. Тийм их хэмжээтэй биш ч, зараад хүнсний хэрэглээгээ хөөрхөн базаачихдаг байв. Аймгийн төв рүү явах үйлчилгээний машин тэр бүр олдохгүй. Баярмагнай, Буудал, Цонхио гээд анхны үйлчилгээний тээврийг эхлүүлсэн хүмүүсийг энэ дашрамд дурдах ёстой.
Ингэж гар аргаар, өөрийн гэсэн технологиор боловсруулдаг арвайн гурил Тариалангийнхны жинхэнэ брэнд дээ. Арвайн гурил эрүүл мэндийн хамгийн чухал ач холбогдолтойд тооцогддог. Дэлхий дахинаа эрүүл хооллолтын тухай ярьж байгаа энэ үед эмч мэргэжилтнүүд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах хүнс гээд арвайн гурилыг зөвлөдөг шүү дээ. Тийм ч учраас “Тариалангийн арвай” гээд брэнд болгохыг нутгийнхан ихэд хүсдэг юм. Замын уртдаа, зардал өндөртөө байна уу, өнөөдөр ажил хэрэг болж амжаагүй л байх шиг. Аймгийн төвдөө бол худалдаалагддаг. Харин хот суурин газарт “Тариалангийн арвай” худалдаадаг цэг бараг үгүй. Уг нь Сайханы айраг, Жаргалантын төмс, Ховдын тарвас гэдэг шиг “Тариалангийн арвай” гээд брэнд болгомоор байгаа юм. Дэлхийд хамгийн алдартай итали гутлын хамгийн өндөр үнэтэй нь Италидаа гар аргаар хийсэн гуталнууд нь байдаг биз дээ. Арай л том зүйрлэчихэв үү, үгүй юу. Гэхдээ л тодорхой цаг хугацааны дараа Монголын хүнс, эрүүл мэндийн салбарт “Тариалангийн арвай” гэсэн брэнд байр сууриа эзлэх нь тодорхой гэдэгт итгэлтэй байдаг.
Язгуур урлаг тэр дотроо бий биелгээ, икэл хуураараа хотонг давах ястан өнөөдөр ховор доо. Ардын язгуур урлагийн биет болон биет бус өвийг байгалиаар нь Увсын баруун хязгаарт тээж яваа цөөн ястны нэг. Тийм ч учраас улс, олон улсын ардын урлагийн тэмцээн уралдаанд тэргүүн байр эзэлж явсан бахархалт амжилт олон бий. Тэр дотроо хотон ястны бий биелгээг монгол түмэнд, олон улсад таниулсан цөөн хүний нэг бол СТА, ардын бийч Зенаметр агсан. Тэр хүнийг ардын язгуур урлагийнхан төдийгүй Монголын бүжгийн салбарынхан андахгүй дээ. Тэрээр соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн билэг авьяастны улсын жагсаалтад орсон шилдэг өвлөгч юм. Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан шар дээлтэй хөгшин Жороо морь, Балчин хээрээ биелэхээр нутгийнхан, гадна дотныхон шагшаад л босоод ирдэг сэн. Дуу дуулдаг ухаантай би олон концерт, тоглолтын үеэр Зенаметр гуайг дэргэдээс нь харж явснаа одоо бодоход хотон ястны язгуур урлагийн амьд өв байж дээ гэж дурсах. Зенаметр гуай бийгээ биелэхээр дэлтэй шувуу нисч байгаа гэлтэй гар, мөрний хөдөлгөөнийх нь аясаар шар дээлнийх нь хормой нумардаг. Биелгээний хөдөлгөөн бүрийг нь гаргадаг гар, мөр, цээжнийх нь аяст шар дээл нь хэдийнэ уусч, үрчлээс тогтсон байдаг гэж бийчид дүрслэн ярьдаг байлаа. 40 гаруй жил Зенаметр гуайтай “ханилсан” шар дээл нь хэзээ хойно ардын урлагийн шилдэг хувцсаар шалгарч байсан сонин түүхтэй юм гэнэ лээ. Нутагтаа, улсдаа аль хэдийнэ үнэлэгдсэн тэр эрхэм ард олныхоо дунд гавьяат хэмээн үнэлэгдэж үлдсэн юм аа. Түүнчлэн хотон ардын бий биелгээ хэмээх өв соёлыг тээсэн олон эрхмүүдийг дурсах ёстой. Сайндай, Шинэн, Магздай гээд сайхан хөгшдийн билэг авьяас дундаршгүй билээ.
Ер нь манай суманд бий биелгээ хийдэггүй хүн гэж бараг үгүй. Журай гэлдэнэ, Балчин хээр, Жороо морь гээд л зарлахад заалнаас хэн ч босч ирээд биелэхэд бэлэн, тийм нэг бахархалтай, хүлээлттэй, үзүүштэй ардын урлаг юм. Ерөөс хотон хүний цусанд нь бий биелгээний уран чадвар шингэсэн юм шиг л захын айлд ороод л хуур татахад гурван настнаас наян настан ч бийгээ биелэхээр босоод ирнэ шүү.
Хотон ястан шашин шүтлэгээрээ онцлогтой. Ислам шашинтай. Гэхдээ үүнд нь шарын шашин ч их холилдсон байдаг гэж нутгийн хөгшчүүл ярьдаг. Шашны зан үйлээс үүдэлтэй молда нар гэж бий. Төв халхын лам хувраг гэдэг шиг хотон ястанд молда нар хамгийн хүндтэй, мэргэн, чадалтай хүмүүс. Нас барсан хүний ард молда нар л гардаг. Хуучны үед мундаг эрдэм чадалтай молда нар байсан гэлцдэг. Одоо бол цөөн тооны молда нутаг орондоо аж төрж байна. Шашнаас үүдэлтэй олон зан үйл бий. Хурим, оршуулга, овоо тахих зан үйл бусад ястнаас шал өөр. Хотон хүмүүс гэр бүл болоход заавал номын аав, ээжтэй болдог. Хоёр талын өөрийн аав ээжээс гадна номынх нийлээд найман аав ээжтэй болдог. Энэ бол шашнаас уламжилж тогтсон зүйл билээ. Хотон ястан дотроо долоон элкэнтэй. Элкэн гэдэг нь овог л юм даа. Шаавай, Бурд, Шалбак, Оготор, Хаснууд, Хольдог, Джуппар, худай берди шаваг гээд элкэн тус бүрээрээ өөр өөрийн ёс заншил, зан үйлтэй. Ийм нэгэн онцлог ёс заншил, шашин шүтлэг, хөдөлмөр бүтээлтэй, брэнд бүтээгдэхүүнтэй ард түмэн баруун хязгаарт аж төрөн суудаг юм аа. Тариалан сумаас төрөн гарсан алдартан олон бий. Анхны хөдөлмөрийн баатар Цэвээн, анхны эрдэмтэн Жаргал, Магсар, Нямбаа, төрийн соёрхолт, хүний гавьяат эмч Намсрай, эмч Арслан, зурхайч Санхүү, ахмад геологич Дүүдээ нарыг нутгийнхан хүндэтгэдэг. Увс аймагт анх урлаг соёлын Улаан гэрийг байгуулалцаж явсан Авирдай, гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Ээжийн чанасан цай” дууны шүлгийг зохиосон, зохиолч Лхагвасүрэн, хотон ардын дууг монгол түмнээ хүргэж яваа СТА Эрдэнэдалай, хуурч, СТА Ганболд, Сүрэнхүү, дуурийн дуулаач, СТА Хандсүрэн, анхны дуу хөгжмийн багш Нүрдээ гээд салбар бүртээ амжилт бүтээлтэй нутгийнхаа нэрийг өндөрт өргөж явсан, одоо ч өргөж яваа хүмүүсээр сумынхан маань үргэлж бахархдаг. Хэдхэн хоногийн өмнө бурхны орныг зорьсон “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай бас л манай сумынх байв. Тэрээр “Хотон омогшил” хэмээх уран бүтээл хийж нутаг орон, хотон ястнаа урлаг соёлоор дамжуулан олон түмэнд сурталчилж байсан сайхан залуу байв. Тэнгэрт хальсанд нь ихэд харамсаж сууна даа, Тариалангийнхан. Спортоос гэвэл аймгийн хурц арслан Нямаа агсныг үндэсний бөхийнхөн андахгүй ээ. Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа Тариалан сумаас гаралтай. Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолоо хүртээд шууд л ээжийнхээ төрсөн нутаг Тариаланд хүрч хүндэтгэл үзүүлж байсан нь саяхан. Нагац талаас минь нутагтаа нэр хүндтэй олон сайхан хүмүүс бий. Нүүдэл гэж аймаг, сумандаа алдартай уяач сайхан нагац минь байлаа. Нутгийнхан адуучин Нүүдэл гэхэд л анддаггүй. Үр хүүхэд нь аавынхаа нэрийг өндөрт өргөн нутаг усандаа сайхан амьдарч явна аа. Бага нагац Пүрэвийн хүү Лхагважав ах маань аймагтаа нэртэй бизнесмэн. Олон сайхан ахан дүүс маань нутагтаа сайхан амьдарч байна.
Хүн өөрийнхөө хамгийн хайртай, хамгийн сайн мэддэг зүйлийнхээ талаар бичнэ гэдэг их том бартаат даваа аж. Туулж гараагүй, шантарч орхисон даваа энэ удаад олон таарав. Гагцхүү энэ нутгаас, Тариалан сумаас л би хүн болсон. Хүн болсон гэдэг маань өсч өндийж нас биед хүрсэн гэдгээс илүү их гүн утга учиртай, үүх түүхтэй юм. Тиймээс нутгийн зон олон, ахан дүүс, аав ээж, эрдэмтэн олон багш нар, нутгийнхаа хоёр сүрлэг уулс, Хархираа гол, агаар, салхи, чулуу болгонд мөргөөд ч багадам их хүндлэл, үүрэг хариуцлага энэ насанд минь дагаж явдаг юм даа.
Б.ЭНХЗАЯА