Categories
мэдээ нийгэм

Сахуу, татран өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ

Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг Сахуу, татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор Сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг билээ. Тиймээс тус дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдүүдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид хандан, дархлаажуулалтад нь хамруулахыг зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Чингис хаан хот-Бэрх тосгон чиглэлийн замыг ирэх сард ашиглалтад хүлээж авна

Хэнтий аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хаан хот – Бэрх тосгон чиглэлийн 20 км замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

“Өнөөдрийн байдлаар асфальтан хучилтын явц 95 хувьтай, 10 дугаар сарын дундуур ашиглалтад оруулна. 20 см зузаан цементэн суурин дээр долоон см зузаан асфальт хучсан” гэж ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн захирал Б.Эрхэмбаатар хэлэв.

Хэдийгээр бороо хуртай байж хугацаа алдсан ч ажлаа төлөвлөсөн хугацаанд нь, чанартай гүйцэтгэж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Мөн Азийн хөгжлийн банк, Арабын сангийн хөрөнгөөр Бэрх тосгоныг Дадал сумтай хатуу хучилттай замаар холбохоор үндсэндээ тохиролцоод байгааг хэлэв.

Хэнтий аймаг энэ жил 134 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил хийж байгаагийн нэг нь Чингис хаан хот – Бэрх чиглэлийн зам юм. Зам ашиглалтад орсноор зүүн бүсийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Засгийн газрын шийдвэрийн дагуу Дадал суманд хэрэгжүүлж байгаа “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” бүтээн байгуулалтын томоохон төсөл нэг шат ахина.

Үүнээс гадна Хэнтий аймаг төвдөө 10 тэрбум төгрөгөөр авто болон явган хүний зам тавьж байна. Мөн цагдаа зэрэг төрийн байгууллагын барилгыг шинээр барьж, 10 сумын эрчим хүчний хангамжийг сайжруулан, зургаан багийг өндөр хүчдэлээр холбосон. Ирэх жил 145 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа тухай аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэллээ

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Ахмадаа хүндэтгэе” уулзалтад оролцлоо. Тэрээр эх орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ахмадуудад Ахмадын баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулж, ирэх онд төрийн албан хаагчдын цалин, тэр дундаа тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бэлчээрээ булаацалдсан малчид нэгнийхээ амийг бүрэлгэжээ

Өчигдөр Говь-Сүмбэр аймагт малчид бэлчээрээ булаацалдаж муудалцсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Шивээ-Говь сумын хоёрдугаар багт оршин суух, 56 настай Б гэгч малын бэлчээрийн асуудлаас болж бусадтай муудалцан, 45 настай малчин эмэгтэйг цээжинд нь хутгалж, амь насыг нь хохироосон байна. Шалгалтын явцад сэжигтэн этгээд хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Хэргийг Говь-Сүмбэр аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Хот суурин газрын гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх арга зам” сэдэвт хурал зохион байгууллаа

Хот суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулахад шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ийн Гамшгийн эрсдлийг бууруулах газар хамтран “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадвар (Resilience)-ыг бэхжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Хуралд Нийслэлийн засаг даргын тамгын газар, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч, НҮБ-ийн Гамшгийн эрсдлийг бууруулах газрын төлөөлөл болон Монгол, Япон, БНСУ, ОХУ, Хятад улсын эрдэмтэн, судлаачид оролцож, 30 гаруй илтгэлийг хэлэлцүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд илгээсэн мэндчилгээг Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хүргэлээ. Энэхүү хурлаар Гамшгийн эрсдлийн засаглал, гамшгийг тэсвэрлэх чадавхтай хот гэсэн сэдвийн дор үндсэн болон хоёр салбар хуралдаанаар газар хөдлөлт, гамшгийн аюул, гал түймэр болон хүний үйл ажиллагаатай холбоотой ослоос урьдчилан сэргийлэх талаар хэлэлцүүлж, ханын 12 илтгэлийг оролцогчдод нээлттэй үзэсгэлэн байдлаар танилцуулж, нийт ирүүлсэн өгүүллээр олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Төв аймгийн Борнуур, Сэргэлэн суманд авто осол гардаг хамгийн олон “хар цэг” байна

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Төв аймгийн замд гарсан авто ослын улмаас 200 гаруй хүн амь насаа алджээ. Ялангуяа, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард хязгаарласантай холбоотойгоор авто ослын тоо эрс нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Налайхын замаар наймаас дээш суудалтай автобус, 3.5 тонноос дээш даацтай ачааны автомашины зорчих эрхийг хязгаарласнаар Төв аймгийн замаар явах болжээ. Эдгээр автомашин суудлын тэрэгтэй харьцуулахад удаан, мөн 2-3 эгнээ үүсгэн явснаар бусад тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед авто осол гарах нөхцөл үүсдэг байна. Уг зам Зуунмод, Сэргэлэн, Баянцагаан зэрэг сумыг дайрч, цааш Мандалговь, Даланзадгад руу хөтөлдөг. Тэгвэл уг замд хамгийн өндөр буюу 80 орчим осол гарч олон хүн амиа алдсан байна. Түүнчлэн гэр бүлээрээ явж байгаад бүгд амиа алдсан харамсалтай тохиолдлууд цөөнгүй байгаа аж. Энэ нь Дарханы замд осолд орж амиа алдсан хүмүүсийн тооноос давсан үзүүлэлт гэнэ. Уг нь Төв аймгийн зам эвдрэл багатай, Дарханыхтай харьцуулахад огцом эргэлт, аюултай цэг цөөн. Дунджаар дөрвөн эргэлт байдаг аж. Мэдээж үүнийг инженерүүд тооцож эргэлтүүдийг шийдсэн. Гол нь жолооч нар уг эргэлтүүдэд дүрмээ баримталж, хурдаа хасч яваагаагүйгээс болж осол гарах нөхцөл бүрддэг байна. Мөн дээр өгүүлсэнчлэн, Налайхын замын засвартай холбоотойгоор Зуунмод-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс өссөн нь осол болж, хүмүүс олноор амь насаа алдах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Уг замын хөдөлгөөний ачаалал энгийн үеэс 5-6 дахин нэмэгджээ. Уг чиглэлийн замын хар цэгүүдийг тодорхойлохын тулд хаана ямар газар авто осол ихээр бүртгэгдэж байгааг тооцдог аж. Ингэж үзэхэд Сэргэлэн сумын Ногоон дов, Хустайн даваа зэрэг газарт хамгийн олон осол гардаг байна.

Түүнчлэн, Төв аймгаас цааш зорчих Өмнөговь, Дундговийн замууд маш их эвдэрчээ. Уг нь авто зам ашиглалтад ороод удаагүй боловч хүнд даацын автомашин олноор явж байгаатай холбоотойгоор ихээхэн эвдрэл гарчээ. Иргэд шинэ сайхан зам хэмээн өндөр хурдтай явж байгаад замын эвдрэл гэмтэл рүү орж осолдож байгаа аж.

Хүний амь авсан тоогоор нийслэлээс Дархан, Эрдэнэт рүү чиглэсэн авто зам дараагийн эгнээнд явж байна. Тодруулбал, уг зам дайран өнгөрдөг Баянчандмань, Борнуур, Сүмбэр зэрэг сумын нутагт нийт 110 удаагийн осол гарчээ. Өөрөөр хэлбэл, Дархан чиглэлийн авто замд жилд дунджаар 55 томоохон осол гарч, хүний амь эрсэддэг байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд огцом эргэлт, өгсөлт ихтэй, үзэгдэх орчин хангалтгүйгээс осол аваар их гардаг нийт есөн цэг байдаг аж. Үүний ихэнх нь Борнуур, Баянчандмань сумын нутагт хамаардаг байна. Тодруулбал, Борнуур сумын Урьхан гэх газар долоо, 92-ын даваа, Улаан цав гэх газар тус бүр зургаа, Тайсын хөтөл гэх газар 11 осол гарчээ. Мөн Баянчандмань сумын Хөх хошуу гэх газар найм, Шарын ам, 60-ын даваа гэх газар тус бүр таван осол гарчээ.

Нийслэлээс баруун бүсийг чиглэсэн авто замд осол ихээр гарч байна. Тодруулбал, төвийн болон баруун бүсийг зорьж байгаа иргэд Төв аймгийн Баянчандмань, Баянхангай, Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант зэрэг сумдын нутаг дэвсгэрээр тавьсан орон нутгийн авто замаар зорчдог. Уг хэсэгт 70 орчим авто осол гарсан байна. Уг зам Төв аймаг болон Дарханы чиглэлийн авто замтай харьцуулахад хөдөлгөөний ачаалал бага аж. Гэвч жолооч нар хурд хэтрүүлснээс болж авто осолд орох нөхцөл бүрддэг байна. Ялангуяа, Лүн сумын Цагаан хөтөл гэх газар авто осол их гарч байгааг харгалзан үзэж, тус хэсгийг авто замын нөхцөл байдалд тохируулж хурдаа хасч, болгоомжтой, сонор сэрэмжтэй явахыг анхааруулжээ.

Осолд орж байгаа автомашиныг маркаар нь авч үзвэл “Тоёота приус” хамгийн их өртөж байна. Үүний дараа монголчуудын хамгийн их унадаг “Тоёота Марк-2”, “Кровн” маркийн жижиг суудлын тэргүүд орж байгаа аж. Дараа нь жийп төрлийн автомашин осолд их өртөж байна. Том, хүчтэй автомашины нэг онцлог нь өндөр хурдтай явахад жолооч, зорчин явагчийн тав тухтай байдлыг дээд зэргээр хангахад зориулж бүтээгдсэн байдаг аж. Тийм ч учраас 150-160 км цагийн хурдтай явж байхад жолоочид энэ хурд төдийлөн мэдэгддэггүй, хэвийн хурдтай явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Энэ нь олон улсын хурдны зам дээр давуу тал болдог. Харин манайх шиг энхэл донхол ихтэй, гэнэт зам дээр нүх байх, эсвэл адуу мал гараад ирэх магадлалтай, нарийхан замтай улсын хувьд автомашиныхаа үнэ, чанарт найдаж өндөр хурдтай давхих нь эрсдэлтэй аж. Ямар ч үнэтэй автомашин байсан 150-160 км цагийн хурдтай явж байгаад осолд орвол “базсан цаас” шиг болно гэдгийг хэлж байв.

Ер нь хөдөө орон нутгийн замд 50 гаруй “хар цэг” байдаг аж. Эдгээр “хар цэг”-ийн ихэнх нь Баян-Өлгий, Баянхонгор, Төв аймгийн замд байрладаг. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй хар цэгийг алга болгож, үлдсэнийг нь анхааруулах самбар байршуулж сэрэмжлүүлсэн байна. Мөн зарим хэсэгт цагдаагийн постууд байрлуулах замаар хөдөлгөөнийг хянадаг аж. Гэвч жолооч нар анхааруулах самбарыг анзаардаггүй, мөн өндөр хурдтай явж байгаад огцом эргэлт, замын энхэл донхол, эвдрэлтэй хэсгүүд рүү орж осол гаргадаг байна. Орон нутгийн замд зөвшөөрөгдсөн дээд хурд 80 км цагийн хурдтай явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч саад учирч тоормослоход 62 метрийн зайд зогсдог байна.

Г.Батзориг

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр энэ сарын 28-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Засгийн газраас НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг чухалчлан дурдаад, НҮБ-ын зүгээс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Хүрэлсүхийн мэндийг уламжилж, манай улсын цэрэг, цагдаагийн албан хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байгааг дурдан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлдэг хэмээв гэж Гадаад Харилцааны Яам мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Экспо Монголиа 2019 – Ногоон Технологи ба Хөрөнгө Оруулалт

“Экспо Монголиа 2019” бүх салбарыг дэмжсэн Олон Улсын Үзэсгэлэн, Бага Хурал долоо дахь удаагаа буюу 2019 оны 10-р сарын 9-11-ний өдрүүдэд Мишээл Экспо ОУҮХТөвд зохион байгуулагдана.

Энэ удаагийн үзэсгэлэн, бага хурлын хүрээнд “Усны менежмент – Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад тулгарч буй асуудлууд” сэдэвт бага хурал болох бөгөөд ХБНГУ ийн Бранденбург хотын усны академи, GSTT – (Германы суваггүй технологийн нийгэмлэг), төрийн болон бизнесийн байгууллагууд оролцож усны менежмент болон дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа “Хот суурин газар, дэд бүтэц, барилга, уул уурхай, бусад салбар”-д ашиглагдах ус хангамжийн дамжуулах ба түгээх технологи, цэвэр, бохир ус цэвэрлэгээний технологи, түүний ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй, эдийн засгийн үр ашиг бүхий хамгийн сүүлийн үеийн техник технологиуд танилцуулагдаж, усны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон бизнесийн байгууллагуудтай санал бодлоо солилцох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7000 9471 утсаар болон доорх сошиал сувгуудаас авна уу.

https://www.facebook.com/expomongoliajv/

Categories
мэдээ нийгэм

Хяналт шалгалтаар 38 зөрчил, дутагдлыг илрүүлэв

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэдэг аж ахуй нэгж, иргэний автотээврийн хэрэгсэлд төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг зохион байгууллаа. Хяналт, шалгалтад газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэдэг аж, ахуйн нэгжийн болон иргэний нийт 113 автотээврийн хэрэгсэл, 79 чиргүүлийг хамруулж, 38 зөрчил, дутагдлыг илрүүлсэн байна.

Шалгалтын явцад газар дээр нь 73 буюу 30.6 хувийн зөрчлийг арилгуулж, үлдсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн эрх зүйн бичиг баримтыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэдэг аж ахуй нэгж, байгууллага, иргэний автотээврийн хэрэгсэл нь гал түймэр унтраах анхан шатны багаж, хэрэгслээр бүрэн хангагдаагүй, жолооч нар галын аюулгүй байдлын анхан шатны мэдлэг дутмаг, автоцистернд галын аюулгүй байдлын дүгнэлтийг эрх бүхий байгууллагаас гаргуулаагүй, даралтат саванд техникийн магадлал хийлгэн мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт гаргуулаагүй, аюултай ачаа тээвэрлэх мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, аюултай ачаа тээвэрлүүлж байгаа зэрэг зөрчлүүд нийтлэг илэрлээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд асан Ц.Жигжиджав гэрэлт хөшөөнд мөнхөрлөө

Монгол Улсын зургаадахь Ерөнхий сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төвд сүндэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ ёслол болон Угсаатны зүйн музейд байгуулсан нэрэмжит танхимын нээлтэд оролцов.

1920, 1930-аад оны улс төрийн амьдралд гэрэл гэгээтэй мөр үлдээн, улс, эх орондоо бие сэтгэл, оюун ухаанаа зориулсан төрийн түшээдийн нэг нь Ц.Жигжиджав байсныг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн үйл хэрэг, алдар гавъяаг нь сэргээн мөнхжүүлэх талаар удаа дараа гаргаж байсан аймгийн иргэдийн санал, хүсэлтийг Засгийн газар дэмжсэний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, “Ерөнхий сайд Ц.Жигжиджав” сан, бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамтран түүх, соёлын нэг шинэ өв сүндэрлэн босгож байгааг дурдав.

Ц.Жигжиджавын шинэтгэгч, бүтээгч, анхдагч, манлайлагч байсныг уран бүтээлч Б.Мөнхтөр, С.Оюунтуяа нарын гаргасан загвараар гэрэлт хөшөөнд мөнхөлсөн байна. Ц.Жигжиджав нь Манжийн хааны данстай байсан мал сүргийг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн ядуу иргэдэд өмчмлж өгөх, анхны хоёр облигаци батлан Орос Улстай хоршсон анхны аж үйлдвэрийн комбинатууд байгуулах, 72 хошууг татан буулгаж анхны 13 аймагтай болох зэрэгт манлайлан оролцож байжээ.

Ерөнхий сайд мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн харъяа Уламжлалт анагаах ухааны төвийн нээлтэд оролцон Онгон сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөв. Түүнчлэн Үйлдвэр, технологийн паркаар оров гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах товын зарлан тунхаглах асуудлыг хэлэлцэх юм. Мөн цаг үеийн асуудлыг хэлэлцэж, нэгдсэн байр суурьт хүрэх аж.