Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ

Улсын хэмжээнд 2019 он гарсаар эхний долоодугаар сарын байдлаар нийт 305,679.4 га талбай түймэрт өртжээ.

Тодруулбал, Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 50,305.8 га ой, 255,373.6 га хээрийн талбай түймэрт өртсөн байна.Түймрийн улмаас байгаль экологид 23,756,583,804 төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449,663,142 төгрөгийн зардал гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт 63750 хүүхэд хамрагджээ

Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт нийт 63750 хүүхэд хамрагдсан байна. Үүнээс 2777 хүүхэд эмчилгээ хийлгэх шаардлагагүй эрүүл шүдтэй байжээ.

Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд цоорлын, сувгийн, урьдчилан сэргийлэх эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүдний ховил битүүлэх зэрэг шаардлагатай эмчилгээг хийсэн байна.


Categories
мэдээ нийгэм

Тэрэлж голын усанд автомашин живжээ

Улаанбаатараас зүүн зүгт 35 километрт байрлах ”Заан тэрэлж” гэдэг газар “Тэрэлж” голын усанд гурван зорчигчтой автомашин суусан тухай дуудлагыг долоодугаар сарын 30-ны өдрийн 05:21 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч 09:00 цагт тус газарт очиход “Хайлюкс” загварын суудлын автомашин усанд живсэн байдалтай, гурван зорчигч нь автомашины бүхээг дээр зогсож байжээ.

Зорчигчид нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн харьяат иргэд байсан бөгөөд алба хаагчид тэднийг аюулгүй газарт гаргасан ч, автомашиныг татан гаргах боломжгүй тул орхисон аж.

Categories
мэдээ улс-төр

Турк улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп Монгол Улсад айлчиллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп 2019 оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентопыг Их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчилэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентон Хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээж, гарын үсэг зурав.

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп-той Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн хугацаанд Монгол, Туркийн харилцаа улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг олон салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Монгол Улс өөрийн гуравдагч хөрш, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Турк Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч ирсэн. Хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа ч сүүлийн жилүүдэд идэвхжиж буйд сэтгэл өндөр байгааг онцлон тэмдэглэлээ.

БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентоп “Эрхэмсэг ноён Г.Занданшатар Таны урилгаар Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна. Монгол, Турк орон түүх, соёлын өргөн хэлхээ холбоотой. Тухайлбал “Хурал” хэмээх монгол үгийг туркээр “Курул” гэдэг. Энэ бол бидний түүхэн угсаа гарал нэгтэйн нэгэн илэрхийлэл юм” гэж үгийнхээ эхэнд хэллээ.

Хэлэлцээний үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Урал-Алтай хэлний бүлэгт хамаарах улсуудын парламент хоорондын хамтын ажиллагааны механизм бий болгох санаачилгыг дэвшүүлснийг ноён Мустафа Шентоп дэмжиж байгаагаа илэрхийлж, өөрийн үед ажил хэрэг болгох талаар анхаарлаа хандуулна гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, хүндэт зочин Мустафа Шентоп нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Монгол Улсын Их Хурал,Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга нарын уулзалтын үеэр хоёр орны парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгэм эдийн засаг, иргэний нисэх, аялал жуулчлал тэргүүтэй олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон байна. Тодруулбал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг дэмжих, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хоёр орны парламентын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтсон гэдгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд дуулгав. Үүний зэрэгцээ Турк Улсын туршлага, ноу-хау, ололт амжилтаас Монголд нэвтрүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр санал солилцсон байна.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп олон мянганы улбаатай түүх, соёлын уламжлалт харилцаанд тулгуурлан Бүгд Найрамдах Турк Улс болон Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт хамгийн дээд түвшинд хүргэх чин хүсэлтэй буй бөгөөд хоёр орны төрийн дээд байгууллагууд, Засгийн газрууд эв санаа нэгтэй байгаад баяртай байна гээд Монгол Улсын Их Хурлын даргын дурдсан Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг ойрын хугацаанд эхлүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп айлчлалын хүрээнд болсон “Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн ажиллагаанд оролцов. Энэ онд Монгол Улсад марк үүсэж хөгжсөний 95 жилийн ой, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тус тус тохиож байгааг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан энэ үеэр онцоллоо. “Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт марк нь өнөөдрөөс эхлэн албан ёсоор худалдаанд гарч байгаа бөгөөд хамгийн отгон буюу 1046 дахь сэдэвт марк болж байгаа аж. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэмсэг ноён Мустафа Шентоп болон Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын төлөөлөгчдийн айлчлал нь иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий Турк улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Эрхэмсэг ноён Мустафа Шентоп Турк улс ноос, ноолуур, арьс шир боловсруулах, даавуун эдлэлийн үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр туршлага хуваалцахаас гадна Европын зах зээлд хамтран бүтээгдэхүүн гаргах боломжтой тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлсэн юм.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн ажиллагаанд оролцов.

Эрүүгийн хэргийн төв архивын эрхлэгч прокурор З.Чимгээ зочдод төслийн хэрэгжилт болон тус архивын үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийсэн юм. Тус төвд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн буцалтгүй тусламжаар 2019 оны 04 дүгээр сард 400 ширхэг архивын зориулалтын нягтаршуулсан шүүгээ, тавиурууд суурилуулан ашиглаж байгаа аж. Улсын Ерөнхий Прокурорын орлогч М.Чинбат уг төсөл амжилттай хэрэгжсэнээр прокурорын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд архивын материалыг стандартын дагуу хадгалж, хамгаалах боломж олгосон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн хамт олонд талархал илэрхийлэв. Хүндэт зочин Мустафа Шентоп Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн санхүүжилтээр хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэвлэн нийлүүлэх төслийн нээлтэд оролцлоо. Туркийн найрсаг ард түмний төлөөлөл болсон ТИКА-аас 1994 оноос өнөөг хүртэл манай улсад 45 орчим сая ам.долларын 668 төслийг хэрэгжүүлсэн байна. 2018 онд нийт 61 төслийг 2,5 сая ам.доллараар хэрэгжүүлсэн бол энэ онд 51 орчим төслийг 3 сая ам.доллараар хэрэгжүүлэхээр болжээ. Олон төсөл хөтөлбөрийн нэг нь энэхүү журамласан толь бичиг юм. 2015 онд Улсын Их Хурлаас Монгол хэлний тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол хэлний зөв бичих дүрэм, толь бичгийг гаргах үүргийг холбогдох байгууллагууд хүлээсэн байна. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп, “Аливаа улс үндэстнийг хэл, соёлын онцлог нь илтгэдэг. Хэл гэдэг тухайн нийгмийн бий болгодог гэж үздэг судлаачид цөөнгүй бий. Монгол хэлийг ирээдүй үр хойчдоо зөвөөр өвлүүлэн үлдээх, төрийн байгууллагууд журамласан толиор дамжуулан эх хэлнийхээ хэрэглээг нэг мөр ойлгож, хэрэглэдэг болоход энэ төсөл зорилго оршиж байна” гээд соёлын найрамдалт харилцааны томоохон илрэл болохуйц чухал төслийг санаачлан хамтран хэрэгжүүлсэнд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь “Эрдэнэ зуу” музей, Орхоны хөндий дэх Түрэгийн үеийн түүх дурсгалын үзмэр бүхий Хөшөө цайдам музейг үзэж сонирхон, малчин айлд зочилж нүүдэлчдийн ахуй соёлтой танилцсан юм. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаа өнөөдөр өндөрлүүлж, эх орондоо буцлаа.

Categories
мэдээ нийгэм

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагт Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхарт хурлын зааланд нээлттэй явагдана.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/559 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлалаа. Энэ удаагийн цахим дуудлага худалдаагаар Хан-Уул дүүрэгт орон сууцны зориулалтаар 4 га, Сонгинохайрхан дүүрэгт аж ахуйн зориулалтаар 5 га, Налайх дүүрэгт үйлдвэрийн зориулалтаар 1 га газрыг тус тус худалдах юм. Дуудлага худалдааны үнийн саналыг 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 09 цаг 00 минут 00 секундээс эхлүүлж 15 цаг 00 минут 00 секунд хүртэл авна. Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулна. 17 цаг 00 минут 00 секундийн дотор хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

Дуудлага худалдаанд оролцоход бүрдүүлэх материал:

1. Хүсэлт маягтаар гаргана.

2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;

3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;

5. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа, Зориулалт: Дэнчингийн үнэ

6. Лавлах утас: 315712, 80000233

Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдаа 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрс түлсэн аж ахуйн нэгжид торгууль ногдууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүргийн 15-р хороонд байрлах “Дорнын Илч” ХХК түүхий нүүрс түлж, агаар орчны бохирдол үүсгэж байсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажилласан байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагад түүхий нүүрс түлэхгүй байхыг анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ламжав: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хэн нэгнийг эрхлүүлэхэд зориулагдах ёсгүй

-Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоёрыг ҮАБЗ атгаж байх саналыг Ерөнхийлөгч оруулж ирсэн. Хүлээж авбал Казахстаны Назарбаевын араас орно гэсэн үг-

Шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатын нэг Д.Ламжавтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж буй түүхэн цаг үе тохиож байна. Эцэг хуульдаа өөрчлөлт хийж, нийгэм цаг үетэйгээ нийцүүлэх боломж басхүү өндөр хариуцлага төрийн түшээд, ард нийтэд ногдож буй. Таны бодлоор бид зөв зүгт алхаж чадахаар байна уу?

-УИХ-ын 62 гишүүний санаачилсан 2019 оны зургаадугаар сарын 6-ны төслийн эхний хэлэлцүүлэг УИХ дээр болсны дараа Үндсэн хуулийг шинэчлэн найруулахыг удаа дараа албан ёсоор мэдэгдэж байсан Ерөнхийлөгч гэнэт долоодугаар сарын 16-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн бас нэг төслийг санаачлав.

Одоо Ерөнхийлөгчийн төслийг 62-ын төсөлтэй зохицуулах ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр толгойлуулан, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг оролцуулан байгуулсан гэж албан ёсоор мэдээлсэн. Товчхон хэлбэл эрх зүйн хувьд амгалан тайван бус байдал үүсэж, энэ байдлыг зарим даврагчид ашиглахыг оролдож байна.

Үнэн нэг гарт байдаггүйг ухааран, болгоомжтой бөгөөд тууштай, илүү хариуцлагатай байхыг нөхцөл байдал шаардаж байна. Зөв зүгт алхах эсэх нь Үндсэн хуулиар бүрэн эрх олгогдсон УИХ, Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч, өмнө байгуулагдсан ажлын хэсгээс хамаарах болоод байна.

-Ерөнхийлөгч, УИХ хоорондын харилцаанд үүссэн хямралыг шийдэхийн тулд 2000 онд Үндсэн хуульд долоон нэмэлт, өөрчлөлт оруулсан. Бид тэдгээр өөрчлөлтүүдийг дордохын долоон өөрчлөлт гэж хоморголон муучилдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан ойгоор, 2001 оны нэгдүгээр сарын 13-нд шиг санагдана, Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид АИХ-ын депутатуудын өмнө, Төрийн ордны Их танхимд энэ долоон өөрчлөлтийг хайр найргүй үгүйсгэн шүүмжлэхдээ тэдгээрийг “дордуулсан долоон өөрчлөлт” гэж нэрлэсэн юм.

1996-2000 онд УИХ-ын 76 суудлын 50-ийг авсан МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл гурав дахь Ерөнхий сайдаа томилох болсон. Уг асуудлаас үүдэн цөөнхөөс нэр дэвшин сонгогдсон Ерөнхийлөгч, эвсэл хооронд маргаан үүссэн.

Энэ асуудлыг Үндсэн хууль маань шийдвэрлэж чадахгүй байсан. Нэгдсэн хуралдааны ирц 51 байснаас УИХ-ын ажиллагааг гацаах боломжийг цөөнхөд олгосон зэрэг явдал асуудлын зангилаа нь юм. Өнөөдрийн улс төрийн маргаанаас маргаашийн хууль төрнө гэгчээр тэр долоон өөрчлөлт орсон хэрэг. Энэ талаас нь долоон өөрчлөлтийг бүгдийг буруутган үгүйсгэх хууль зүйн үндэслэл байхгүй.

-Дордохын долоон өөрчлөлтийг хүчингүй болгосон Цэцийн тогтоол хүчин төгөлдөр байгаа гэж зарим хуульчид ч ярьж байна?

-Цэцийн энэ тогтоол ёсоор УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Цэцэд хүргэх, Цэцээс төслийн талаар ирүүлсэн саналыг хэрхэн үнэлэх нь Үндсэн хуулийн 68, 69 дүгээр зүйлд заасны дагуу УИХ-ын бүрэн эрхэд хамаарна. Харин долоон өөрчлөлт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

-Долоон өөрчлөлтийн эргэн тойронд болсон үйл явдлаас олж авсан сургамж юу байна?

-Нэг чухал сургамж н ь Үндсэн хуулийн төслийг үндэслэл сайтай боловсруулах, нийгэмд ил тод, ергөн хэлэлцүүлэг явуулах явдал. Долоон өөрчлөлт хэрхэн орсныг эргэн санах нь өнөөдөр ч ач холбогдолтой.

1999 оны арванхоёрдугаар сарын 22-ны өглөө, УИХ дахь МСДН-ын бүлгийн дарга А.Ганбаатар “Урьд шөнө УИХ-ын дарга Р.Гончигдорж, МАХН-ын бүлгийн дарга Н.Энхбаяр хоёр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээр тохирсон байна” гэв.

Ингээд л МСДН-ын 15 гишүүнээс эхлэн төслийг дэмжин гарын үсэг зурах ажиллагаа хоёр өдрийн дотор нууцлаг байдлаар явагджээ.

24-ний өглөө нэгдсэн хуралдаан анхны хэлэлцүүлэг хийх үед УИХ-ын дарга “Цэцээс төлөөлөгч байна уу” гэж сурагласанд “Байхгүй гэсэн” хариу авч. Дарга ийнхүү Цэцийг саналгүй юм байна гэж үзсэн бололтой. Төслийг байнгын хороодоор хэлэлцэх болон нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэг 24-ний өдөртөө багтан дуусжээ.

Нэмэлт, өөрчлөлт оруулсан энэхүү арга нийгмийн зүгээс мэдээж ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан. Академич С.Нарангэрэл нарын зургаан иргэний өргөдлөөр Цэцийн дунд суудлын хуралдаанаас дээрх нэмэлт, өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн гэсэн 2000 оны гуравдугаар сарын 15-ны №03 дүгнэлт гарсан.

Гэсэн ч УИХ уг дүгнэлтийг хэлэлцэхгүй хав дарсаар УИХ-ын 2000 оны ээлжит сонгууль болж цөөнх байсан МАХН 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулав. Цэц 03 тоот дүгнэлтийнхээ хариуг УИХ-аас олон дахин шаардсаны эцэст УИХ 2000 оны долоодугаар сарын 28-нд уг дүгнэлтийг хэлэлцээд 62 ч билүү гишүүний саналаар дүгнэлтийг хүлээж аваагүй.Гэхдээ энэ шийдвэрээ хэлбэржүүлээгүй.

УИХ Цэцийн Үндсэн хууль зөрчсөн дүгнэлтийн эсрэг тогтоол гарган хэлбэржүүлбэл өөрөө бас Үндсэн хууль зөрчинө гэж тайлбарлаж байв. Цэц үүссэн нөхцөл байдлыг авч хэлэлцээд УИХ 03 тоот дүгнэлтийг зөвшөөрөөгүй байна хэмээн үзээд долоон өөрчлөлтийг 2000 оны арваннэгдүгээр сарын 29-ний №02 тогтоолоор хүчингүй болгосон.

Үүнээс 15 хоногийн дараа буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд УИХ нөгөө долоон өөрчлөлтийг яг тэр хэвээр нь нэг өдрийн дотор бүх хэлэлцүүлгийг амжуулан баталсан. Ерөнхийлөгч эсэргүүцсэн, цөөнхийн дөрвөн гишүүн үг хэлүүлсэнгүй хэмээн хурлыг хаяж гарсан.

Өмнөхөөс ялгаатай нь долоон өөрчлөлтийн төслийн талаар саналаа УИХ-д өргөн мэдүүлэх бололцоог Цэцэд олгосон байв. Ийнхүү Цэцийн дарга Жанцангийн гэх “чоно цатгалан, хонь бүрэн” гэсэн хэлц үг хэрэгжсэн юм.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Журмын тухай хуулийн хүрээнд хийнэ, хийхгүй гэсэн зөрөөтэй яриа их байна?

-Долоон заалттай холбоотой болж өнгөрсөн эдгээр үйл явдал ямар Үндсэн хуультайгаа ойлгоход тус болсон юм.

“Яах гэж нэмэлт өөрчлөлт оруулав” гэж зандрахаас өмнө “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яагаад ийм амархан орчихов гэдэг дээр анхаарах нь танин мэдэхүйн илүү ач холбогдолтой.

Энэ нь Үндсэн хуулийн хамгаалалтыг дотор нь хүрэлцэх хэмжээнд хийж өгөөгүйтэй холбоотой юм. Энэ алдааг засах зорилгоор Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн боловсруулсан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-ийн төслийг УИХ 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд баталсан.

Журмын тухай энэ хуультай холбоотой хоёр асуудал байдаг. Нэгдүгээрт Үндсэн хуулиас давсан хэт хатуу дэг тогтоосон гэдгийг албан ёсны судалгаагаар тогтоосон байдаг Хоёрдугаарт, жирийн хууль учраас УИХ түүнд өөрчлөлт оруулах амархан.

Иймээс хамгаалалтыг Үндсэн хууль дотор нь хийх илүү зохистой Үндсэн хуулийг шинэчлэн найруулах, Журмын тухай хуулийн хүрээнд өөрчлөх огт өөрчлөхгүй гэсэн нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн гурван хандлага нийгэмд байна. Эхний хандлагыг үгүйсгэх зарчмын шалтгаан байхгүй боловч хуулийн процессын хувьд одоогоор хийгдсэн алхам байхгүй. Гурав дахь нь нийгэм өөрт тулгарсан асуудлаа өөрөө шийдэх зарчимд нийцэхгүй.

Хоёр дахь хандлагын хувьд УИХ-ын сүүлчийн гурван бүрэлдэхүүн тус бүр хуулийн процессыг эхлүүлсэн бөгөөд төслүүд нь хоорондоо давхцал ихтэй, улс төрийн хүрээнд нөлөө бүхий байсан, байгаа намууд оролцсон гэдэг утгаараа хүлээн зөвшөөрөгдөх давуу талтай. Үүнээс гадна энэ удаагийн 62 гишүүний төсөл нь УИХ-ын эхний хэлэлцүүлэг хийж чадах хүртэл урт замыг туулчихсан байна.

Үндсэн хууль маань 70 зүйлтэй. Журмын тухай хуульд зааснаар 35 хүртэл зүйлийг хөндөж болно.

Иймээс байгаа гажиг бүрийг энэ удаа залруулах боломжгүй байна. Би шинэчилсэн найруулга хийхийг дэмждэг боловч үүсээд байгаа нөхцөл байдлыг ойлгон олдсон боломж, олон хүний хүч хөдөлмөрийг үрэн таран хийчихгүй зөв алхам хийгээсэй гэж хүсдэг.

-УИХ-ын 62 гишүүний өргөн бариад буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тэдгээр долоон өөрчлөлтүүдийг хөндөж байгаа. Xэр оновчтой зохицуулалтууд тусгагдсан гэж үзэж байгаа вэ?

-Жишээлбэл, ирцийг нийт гишүүний олонх байх, энэхүү гишүүдийн олонх хууль баталдаг байсныг нийт гишүүний олонхоор хуулийг батлах гэж 62 гишүүний төсөлд тусгасан. Энэ нь хуулийн хүлээн зөвшөөрөгдөх байдлыг дээшлүүлнэ.

Засгийн газар УИХ-ын гишүүдээс зуун хувь бүрдэж болохыг Ерөнхий сайдыг оролцуулан Засгийн газрын тав хүртэлх сайд УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалт хийсэн. Ингэснээр УИХ болон Засгийн газар хоорондох харилцааг илүү зохистой болгоно.

-УИХ улсын төсвийн төслийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлага нэмэгдүүлэх, зарлагын шинэ төрөл үүсгэхийг хориглохоор тусгагдсан. УИХ төсөв батлах үндсэн үүргээсээ ухарлаа гэх шүүмжлэл уг зохицуулалтыг дагаж байгаа?

-Хууль санаачлах бүрэн эрхийг туйлшруулан хэрэглэх нь хариуцлагагүй байдлыг өдөөдөг бололтой. Боловсруулсан төсвийг УИХ дээр самарчихдаг байвал Засгийн газар, түүний Сангийн яамны төсөв боловсруулах идэвх зүтгэлд муугаар нөлөөлнө.

Ялангуяа сонгуулийн тогтолцоонд мажоритар суудлын тоо давамгайлж байвал тойрогтоо хөрөнгө татах явцуу сонирхол дийлж, хөрөнгийг төвлөрсөн байдлаар зарцуулах хөгжлийн бодлогод хохирол учрах эрсдэлтэй. Гишүүний тойрогт 10 сая төгрөгөөс эхлэн 250 сая, бүр сүүлдээ найман тэрбум төгрөг ч билүү хуваарилдаг практикаар сөрөг нөлөө нь нотлогдсон зүйл.

Харин сонгуулийн холимог тогтолцоогоор гарсан 2012-2016 оны үед гишүүний гэсэн утгаар тойрогт мөнгө хуваарилаагүй гэж УИХ-ын экс дарга З.Энхболд хэлсэн. Харин УИХ хяналтын бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь чухал. 62-ын төсөл дэх энэ санал чухал ач холбогдолтой.

-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэхийн зэрэгцээ үүрэг хариуцлагыг нь тодорхой болгож байгаа. Гэхдээ хэт их эрх мэдэл төвлөрүүлэх нь зөв эсэхэд эргэлзэж буй хэсэг ч байна.

-Хэт их эрх мэдэл төвлөрүүлсэн санал төсөлд байхгүй. Ерөнхий сайдад сайд нараа өөрөө мэдэж томилох, өөрчлөх бүрэн эрхийг олгоно гэж 62-ын төсөлд тусгасан. Одоо мөрдөж буй Үндсэн хуульд энэ томилгоог УИХ хийж байгаагаас гадна бас Ерөнхийлөгчөөс ямар нэг байдлаар хамаарч байгаа. Парламентын засагтай улсад Ерөнхий сайдыг парламент дахь олонх мэдэж томилдог, бусад сайдыг өмнө хэлсэн байдлаар томилдог нь ардчилсан улсуудын хувьд нийтлэг зарчим.

-Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгоно гэж байна. Энэ нь үе үеийн Ерөнхийлөгчдөд дахин төрийн тэргүүн болох боломжийг нээж өгөх үү?

-Яригдаж буй нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр заасан боловч Ерөнхийлөгчийг сонгох төслийн заалтыг 2025 оны сонгуулиас эхлэн дагаж мөрдөхөөр сугалж авч заасан.

Энэ нь одоогийн Ерөнхийлөгчийг 10 жил суучих вий гэж болгоомжлоод байгаа юм шиг зохисгүй уншигдаад байна. Экс Ерөнхийлөгчдийн хувьд нээж өгөх боломж гарахгүй. Учир нь Үндсэн хуулийн 31.7-д “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэж заасан ёсоор экс Ерөнхийлөгчийн нэр дэвших эрх, бусдад боломж олго гэдэг шиг хаагдаж байгаа юм.

Дагаж мөрдөхтэй холбогдсон заалтууд хамгийн сүүлд хавсралт маягаар батлагдах тул одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 62-ын төсөлд хэрхэн хандахаас хамааруулан 2021 эсвэл 2022 онд нэг мөр дуусгахаар зааж болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хэн нэгнийг эрхлүүлэхэд зориулагдах ёсгүй.

-Гишүүдийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Шүүхийг хараат бус хариуцлагатай болгох нөхцөлийг бүрдүүлэхүйц тодорхой заалтууд тусгагдсан. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд Шүүхийн сахилгын хороог бий болгоно гэх зэрэг саналууд тусгагджээ. Та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн төсөл болон Ардчилсан намын саналд тусгагдсан шүүхийн тогтолцооны талаарх илүү чухал зүйлийн талаар ярья. 48.1 заалтыг “Шүүхийн үндсэн тогтолцоо анхан шатны, давах шатны, хяналтын шатны шүүхүүдээс бүрдэнэ.

Улсын дээд шүүх нь хяналтын шатны шүүх байна” гэсэн санааг хүлээн авч нэмэлт, өөрчлөлтөд тусгах нь зүйтэй. Энэ асуудал дээр УДШ, ШЕЗ үндсэндээ санал нэгдэж байгаа бөгөөд шүүхийн хараат бус байдлыг хангах зүгт чухал алхам болно.

-Ерөнхийлөгчийн гишүүдийн тоог 108 болгон 50 хувийг нь нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар, мөн 50 хувийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор сонгоно гэх саналыг та дэмжиж байгаа юу?

-Гишүүдийн тоог нэмэхийн тулд элдэв онол хүртэл гаргах юм. Төлөөллийг хангахын тулд парламентын гишүүдийн тоо хүн амын тооноос куб язгуур авсантай ойрхон байдаг гэнэ. Өндөр хөгжилтэй орнуудад ийм.

Харин хөгжих гэж байгаа орнуудын хувьд хүн амын идэвхтэй хэсгийн тооноос куб язгуур авлаг гэж хөгжүүлсэн байх юм. Иймэрхүү мэхийг шинжлэх ухаанаар сүрдүүлэх гэвэл үнэнд илүү ойртоно.

Эхлээд 76-гаа хуралдуулж сурчихаад дараа нь 99, 108-ын тухай ярьсан нь дээр байх. Бидэнд 35 зүйлийг хөндөх эрх байгаа, үүний оронд илүү чухал зүйлийг оруулахыг бодсон нь дээр. Харин УИХ-ын сонгуулийг пропорциональ суудлын тоо давамгайлсан, нэг мандат бүхий тойргуудаар санал хураах холимог тогтолцоогоор явуулсан нь дээр.

Сонгогчдод ойлгомжтой. Намын жагсаалтыг сонгогчдоор тогтоолгох нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэг дээр, саналын хуудсууд хог мэт хөглөрөн хаягдахаас эхлэн лидерүүдэд санал сорогдох зэрэг зохисгүй бэрхшээл үүсгэнэ.

-Байгалийн баялаг, түүнийг өмчлөх асуудлууд дээр янз бүрийн саналууд гарч байна. Зөв зүйтэй гаргалгаа нь юу вэ?

-Үндсэн хуулийн 5.2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн байтал 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гээд заачихсан.

Төрийн өмч нийтийн, хувийн хоёрын аль хэлбэрт хамаарах вэ гэхээр иргэний хуульд нийтийн өмчийн нэг хэлбэр гэсэн байгаа гэж тайлбарладаг. 46.2-т “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” гэсэн байдаг.

Ингээд төр өмчтэй, өөрийн гэсэн ашиг сонирхолтой боллоо. Одоо төр хуулийн этгээд шиг авирлахад дутах юм алга гэсэн хардлагыг төрүүлдэг. Хэчнээн тайлбарлах гэж оролдоод ч нэмэргүй. Ер нь хуульд жижиг боловч орон зай олдвол хүн түүнийг өөрт ашигтайгаар ашигладаг муу зантай.

Иймээс “төрийн өмч мөн” гэснийг “төрийн өмч мөн бөгөөд төрийн өмч нь нийтийн өмчийн онцгой хэлбэр мөн” гэж, “төрийн ашиг сонирхолд” гэснийг “нийтийн ашиг сонирхолд” гэж өөрчлөх боломжтой. 6.2 заалтыг сонгуулийн сурталчилгааны шинжтэй гоё үгсээр шавах хэрэггүй.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ҮАБЗ, Үндэсний хөгжлийн газар батламжлах тухай зохицуулалт Ерөнхийлөгчийн төсөл, саналд бий. Ард нийтээр дэмжигдэж, зөвшөөрөл авчихсан мөрийн хөтөлбөрийг Ерөнхийлөгч шүүх нь зөв үү?

-Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хоёр салааг ҮАБЗ атгаж байх саналыг Ерөнхийлөгч 39-дүгээр зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр санаачилсан. Энэ саналыг хүлээн авбал Казахстаны Назарбаевын араас орно оо гэсэн үг.

-Нутгийн удирдлагын тогтолцоонд орж буй өөрчлөлтүүдийн тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Төв удирдлагыг нутагт хүргэх, нутгаас хариу мэдээ авах, өөрөөр хэлбэл, төв удирдлагыг нутагтай холбох зорилгоор улсын нутаг дэвсгэрийг нутаг дэвсгэрийн нэгжид хуваадаг.

Нутаг дэвсгэрийн нэгж дээр энэхүү холбоог хэрэгжүүлэх засаг захиргааг байгуулдаг. Нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжид хуваагдах ойлголт байх ёсгүй. Байдаг гэж үздэг хүн байвал Хөвсгөл нуур дээр байрлаж байгаа засаг захиргааг нэрлэх гээд үзээрэй. Хуульд зохисгүй үг хэллэг хэрэглэснээс, сохроор дагаж хошуурснаас болж бөөн будилаан болох юм.

Нутаг дэвсгэрийн нэгж дахь хот, тосгоныг Үндсэн хуулиар зөвшөөрсөн. Хавсралт хуулиар даалгасан зохицуулалтыг Засгийн газар, УИХ хийгээгүй өнөөдрийг хүрснээс дараагийн будилаан эхлээд байна.

Аймгийн газар нутгаас таслан авч бие даасан хот байгуулах нь хоёуланд нь хохиролтой зөрчил үүсгэж байсан. Тиймээс Үндсэн хуулиар нийслэл Улаанбаатараас өөр нутаг дэвсгэрийн нэгж болдог хот байхыг зөвшөөрөөгүй. Аймаг дахь хотод хил хязгаар хатуу тогтоодоггүй, хэн хэндээ тус дэм болон амьдардаг.

Энэ байдлыг эс анхааран зарим гишүүн Эрдэнэт, Дархан хотыг нутаг дэвсгэрийн нэгж болгон тасдах санал оруулчихаад байна.

Ерөнхийлөгчийн зүгээс ч энэ талаар бүр муу төслийг санал болгосон. Эрдэнэтийг Булган аймаг дахь, Дарханыг Сэлэнгэ аймаг дахь хот байхаар зохицуулах нь аль алиных нь хөгжил дэвшилд илүү зохистой.

Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Эрдэнэт хот Булган аймгаас, Дархан бас Сэлэнгээс бололтой авах ёстой газраа одоо хүртэл авч чадахгүй байна хэмээн удаа дараа мэдэгдлээ. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэг шиг юм болж байна. Ийм байдлаар хот тасдаж авахыг цаашид зөвшөөрөөд байх уу. Дараагийн хохирогч нь Өмнөговь, Оюу толгой болох уу. Энэ мэтээр цааш тасдуулаад байх уу.

Энэ бол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал. Хархоринг нийслэл болгох гэнэ. Хамаагүй хөөрцөглөж байж ядарсан улсаа тараачих вий.

Хот тасдах, Хархоринд нийслэл байгуулах зэрэг санал нь дараачийн сонгуулийн пиараас үл хэтрэх, улс төрийн явцуу сонирхлоос үүдэлтэй тул элдэв шантаажид эс автан, нийт ард түмний элчийн үүргээ биелүүлэхийг УИХ-ын гишүүдээс хүсэх байна.

Ойлгомжтой байх үүднээс өөрийн байр суурийг шуудхан илэрхийлсэн явдлыг минь уучлаарай. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт амжилттай болох болтугай.

Categories
гадаад мэдээ

Сибирийн түймрийн утаа АНУ, Канад руу чиглэж байна

ОХУ-ын Сибирьт шатаж буй түймрийн утааны тархалтыг АНУ-ын сансрын агентлаг NASA хиймэл дагуулаас авсан зургаар үзүүлжээ.

Долдугаар сарын 30-нд буюу өчигдөр NOAA/NASA Suomi NPP хиймэл дагуулаас авсан зурагт үзүүлснээр түймрийн утаа Сибирь, Алс Дорнодыг бүрхэж, цаашлаад АНУ, Канадын чигт нүүж байгааг харуулсан байна.

Мөн Монгол Улсын хойд хэсэг, үүнд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутагт хүрснийг харуулжээ.

Түймэр шатаж байгаа газрууд нь хүн хүрэхэд хэцүү, хүн амьдардаггүй газар нутаг тул Оросын мужуудын удирдлагууд унтраах арга хэмжээ авахаас татгалзсаар өнөөдрийг хүрсэн талаар Москва Таймс сонин мэдээлсэн юм. Мөн муж, хязгааруудын төсөвт түймэр унтраах мөнгө хөрөнгө байхгүй нь үүнд нөлөөлж байгаа гэнэ.

Түймрийн утаа өнөөдөр буюу долдугаар сарын 31-нд АНУ, Канадад хүрэхээр байгааг NASA мэдээлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид 76 компани тайлангаа ирүүлжээ

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иуд нь хуулийн дагуу хагас жилийн санхүүгийн тайлангаа долдугаар сарын 20-ны дотор ирүүлэх үүрэгтэй. Дээрх хугацаанд нийт бүртгэлтэй 199 ХК-иас 76 нь санхүүгийн тайлангаа ирүүлээд байна. Хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй ХК-иуд наймдугаар сарын 1-ний өдрийн дотор зөрчлөө арилгаагүй тохиолдолд Монголын Хөрөнгийн бирж (МХБ) болон СЗХ-ны холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлага ногдуулах юм. Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иуд Үнэт цаасны зах зээлийн тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагууолон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж, тайлангаа хүргүүлсэн байх ёстой аж.

Categories
мэдээ нийгэм

Сайд нар томилолттой байгаа учир засгийн газар хуралдахгүй

Засгийн газар хуваарийн дагуу долоо хоног бүрийн Лхагва гаригт хуралддаг ч өнөөдөр хуралдахгүй.

Учир нь сайд нар гадаад, дотоодын томилолттой байгаа учраас энэ удаад хуралдахгүй юм байна. УИХ-ын үйл ажиллагаа наймдугаар сарын 10-н хүртэл түр хугацаагаар завсарлаад буй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх дэд хороод, Ерөнхийлөгчийн санал болон бусад саналуудыг нэгтгэн, боловсруулж байгаа юм.