Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтон хотод Стратеги, олон улсын судалгааны төвд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Вашингтон хотод хүрэлцэн ирж, тус улсын Стратеги, олон улсын судалгааны төвд зочиллоо.

Энэ төв нь 1962 онд Вашингтон хотноо байгуулагдсан бөгөөд батлан хамгаалах, эдийн засаг, бүс нутгийн интеграцчлал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар судалгаа шинжилгээний ажил хийдэг дэлхийн тэргүүлэх олон улсын судалгааны хүрээлэнгүүдийн нэг юм.

Мөн төв нь дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын талаар судалж, АНУ-ын Конгресс болон Засгийн газарт судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодлогын шинжтэй зөвлөмжүүд хүргүүлж мэдээллээр хангадаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Стратеги, олон улсын судалгааны төвийн Ерөнхийлөгч Жон Хамри угтаж, хоёр улсын харилцааны асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж байгаад талархал илэрхийлэв. Мөн Ерөнхийлөгчийн хэлэх үг бүр нь чухал тул энэ удаагийн ярилцлагаас хоёр улсын харилцааны ирээдүйн чиг хандлага болоод АНУ дахь айлчлалын талаар тодорхой ойлголттой болно гэсэн өндөр хүлээлттэй байгаа гэсэн юм.

“Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр өрнөсөн уулзалт ярилцлагад олон улсын сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид зэрэг 250 хүн оролцлоо.

УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГЫН ЭХЭНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм хүндэт

Ноён Жон Хамри,

Ноён Майкл Грийн,

Хүндэт зочид, судлаачид аа,

Хатагтай, ноёд оо,

Монголын анд нөхөд өө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг дэлхийн тэргүүлэх судалгааны төвд зочилж, Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.

Та бүхэнд шинэ баяртай мэдээ дуулгая. Миний АНУ-д хийж буй энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын харилцааг “шинэ түвшин”-д гаргаж, бид улам ойр, нягт ажиллахаа маргааш зарлах гэж буйдаа баяртай байна. Энэ мэдээ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсийг хуваалцаж маш ойр байдаг манай хоёр орны хувьд зүй ёсны ахиц гэж үзэж байна

Өнөөдрийн энэ уулзалтаар, хоёр улсын харилцааны түүх, өнөө ба ирээдүйн талаар санал бодлоо солилцохоор ирлээ.

Эхлээд, Та бүхэнд манай хоёр улсын харилцааны өнөөг хүртэл зарим сонирхолтой түүхээс хуваалцъя.

Нэг. Хоёр улсын харилцааны түүхэн жим

Монгол Улс, АНУ нь 1987 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Харин хоёр улсын иргэд хоорондын харилцаа олон зуун жилийн өмнөөс эхлэлтэй байдаг юм билээ. Монгол Америкийг ойртуулсан түүх 100 гаруй жилийн өмнөөс, Америкийн бизнесменүүд, хувь хүмүүс Монголд ирж бизнес, тэр тусмаа хөдөө аж ахуй, уул уурхай салбарыг сонирхож байсан нь өнөө цагт ч ихээхэн өөрчлөгдөөгүй санагдана.

Сонирхолтой нь, 20-р зууны эхэнд, Америкийн иргэд Монголд алтны орд хайхын зэрэгцээ Монголын нутагт төмөр зам тавих боломжийг мөн судалж байжээ. Монгол Улс бүх аймгуудаа авто замаар холбож дуусгаад төмөр замын төслүүдээ өөрсдийн дотоод нөөцөөрөө эхлүүлээд байгаа билээ. Амжилтад хүрэх байх. Бид аж үйлдвэр хөгжүүлэхэд чухал суурь болох дэд бүтцийн төслүүд дээр хамтран ажиллах талаар олон жилийн өмнө ч ярилцаж байсан байна.

Америкийн уул уурхайн инженер, хожмоо АНУ-ын 31 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан Херберт Хүүвэр 1899 онд алтны нөөцийн эрэл хайгуул хийх зорилгоор тухайн үеийн Монголын нийслэл Хүрээнд ирж, Бурхан шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагттай уулзсан талаараа өөрийнхөө дурдатгал номдоо бичсэн байдаг.

Тухайн үед Америкийн “The Mongolian Trading Company”, “Anderson and Meyers Co Ltd”, Англи-Америкийн хамтарсан “British-American Tobacco Company” зэрэг аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж байсан баримтууд байдаг. 1919 онд Америкийн нэгэн пүүс Монголоос 3 сая ам.долларын хонины ноос, 1921 онд нэг сая ширхэг тарваганы арьс худалдан авсан баримт байдаг. Мөн 1925 онд 150 мянган пүү хонины ноос АНУ-д гаргасан байна.

Яг 100 жилийн дараа буюу 2019 онд ч Монгол-Америк бизнесмэнүүд ноос ноолууран бүтээгдэхүүний худалдаагаа идэвхжүүлэхээр хоёр талын төрийн дэмжлэг хүсээд ажиллаж байна.

Мөн энэ үеэс хоёр улсын хооронд соёл, шинжлэх ухаан болон бусад салбарын харилцаа хөгжиж эхэлсэн. Тухайлбал, Америкийн хайгуулч, Байгалийн түүхийн музейн захирал Рой Чапмен Эндрюс эртний хүний ул мөрийг олох, үлэг гүрвэлийн үүслийг тогтоох шинэ нээлт хийхээр Монголд хэд хэдэн удаагийн экспедиц зохион байгуулж, улмаар үлэг гүрвэлийн чулуужсан өндгийг олж, дэлхийд гайхагдсан нээлт хийснийг бүгд мэддэг түүх болжээ.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Хенри А.Уоллес 1944 онд манай улсад айлчилсан нь хоёр улсын улс төрийн харилцааны эхлэлийг тавих, мөн АНУ дахь Монгол судлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Хэнри Уоллес өмнө нь Рерихийг АНУ-ын төрийн зардлаар Монгол руу судалгааны ажилд явуулсан нь зарим сониуч хүмүүсийн анхаарлыг их татдаг түүх юм.

Монголчуудын зүгээс ч мөн адил Америктай харилцаа тогтоох ажлууд хийгдэж байсан. Тухайлбал, 1911-1924 оны Богд Хаант Засгийн үед Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоох үүднээс АНУ-ын Орос, Хятад дахь Элчин сайдын яамаар дамжуулан удаа дараа бичиг илгээж байжээ. Үүнийг албан ёсны анхны харилцаа, бичиг баримт хэмээн үздэг.

Ийнхүү Монгол Улс, АНУ хоёр нь түүхийн урт удаан хугацаанд маш олон саад тотгорыг даван туулсны эцэст АНУ-ын эрдэмтэн судлаачид, хоёр улсын иргэд, албаны хүмүүсийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд одоогоос 32 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон. Хоёр улс дипломат харилцаа тогтоох үед Монгол Улс ардчилал шинэчлэлийн зам руу замнах түүхэн сонголтоо хийж байлаа. Тиймээс АНУ-тай дипломат харилцаа тогтоосон нь цаг үеэ олсон, Монголын ирээдүйн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан түүхэн үйл явдал болсон юм. Энэ цаг үеэс хойш АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоо руу шилжих шилжилтийн хүнд үеийг даван туулахад тусламж дэмжлэг үзүүлсээр ирлээ.

Хоёр. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөө ба цаашдийн чиглэл

Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа дипломат харилцаа тогтоосноос хойших дийлэнх хугацаанд, АНУ-ын тусламж дэмжлэг дээр голчлон тулгуурлаж ирсэн. Харин сүүлийн үед, хамтран үнэ цэнэ бүтээж, өгөөжөө хуваалцах, харилцан ашигтай байхаар ажиллаж байгаа болно. Ингэж байж урт хугацааны стратегийн түншлэл баталгаажих болно.

Үүний нэг илрэл нь батлан хамгаалах салбарт, Монгол-Америкийн цэргүүд Ирак, Афганистанд хамтран үүрэг гүйцэтгэж байна. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөрт хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг 17 дахь удаагаа зохион байгууллаа. Энэхүү сургуулилтад АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалын зүгээс өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон

Харамсалтай нь, бидний эдийн засгийн хамтын ажиллагаа нэн чамлалттай байгааг хоёр тал хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Жишээ нь, 2018 оны байдлаар АНУ-тай хийж буй худалдаа манай улсын нийт худалдааны эргэлтийн дөнгөж 1,7 хувийг эзэлсэн байна. Ялангуяа, өндөр технологи, хурдацтай шинэчлэлийн энэ цаг үе, орчинд тохируулж эдийн засгийн хамтын ажиллагааны хөрс сууриа сайжруулах ёстой гэж бодож байна. Манай бүс нутгийн онцлог нь төрийн өмчлөлтэй компаниуд зах зээл дээр үлэмж давамгайлдаг, эдийн засаг нь дунд, урт хугацаагаар төлөвлөгддөг. Ийм орчинд монгол, америк бизнес эрхлэгчдээ чөлөөтэй өрсөлд хэмээн, ямар ч санхүүгийн дэмжлэггүй орхих нь зөөлнөөр хэлбэл боломж муу гэдгийг статистик тоонууд харуулж байна.

Иймээс маргааш болох хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт ихээхэн ач холбогдолтой болно гэж итгэж байна.

Монгол-Америкийн хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоо байна.

Тухайлбал, ноолуурын салбараар ганц жишээ хэлэхэд:

Боловсруулсан ноос, ноолууран бүтээгдэхүүн нь Монгол Улсын хамгийн их нөөц боломжтой экспортын бүтээгдэхүүн юм. Манай улс дэлхийн ноолуурын 40-50 орчим хувийг нийлүүлдэг. Гэвч, санхүү технологийн шалтгаанаар ноолуурынхаа дөнгөж 10 хүрэхгүй хувийг дотооддоо боловсруулж, 90 орчим хувийг нь өмнөд хөрш рүү түүхий эдээр нь буюу хямд өртгөөр экспортолдог.

Дашрамд сануулахад, хэдийгээр манай эдийн засгийн хэмжээ хөрш орнуудтайгаа харьцуулшгүй бага боловч “шударга худалдаанд” итгэж Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон түүхтэй. Тиймээс, манайд гаалийн тарифын болон өөр ямарваа нэг худалдааны саад, хүнд суртал байдаггүй билээ.

Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөдөөгийн иргэдийн аж амьдралыг сайжруулах, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, нүүдлийн соёл иргэншлээ хамгаалж үлдэх гол суурь нь юм. Тийм учир нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөнөөр малчдын, хөнгөн үйлдвэрлэлд ажилладаг эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг төрөлжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна. Бидний тооцолсноор 40-50 мянган хүний ажлын байр бэлэн болох юм.

Энд тодруулан тайлбарлахад, монголын ноос, ноолуурын үйлдвэрлэл нь малчны хотноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болон гарах хүртэл хүн, амьтан, байгальд ээлтэй шат дамжлагыг дамждаг, энэрэнгүй үйлдвэрлэл юм.

АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүдийн санаачилсан “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг манай улс талархан хүлээн авч байгаа бөгөөд Америкийн ард иргэд, Конгрессийн гишүүд дэмжинэ гэдэгт миний бие итгэлтэй байна. Миний бие хувийн хэвшлийн аливаа зөв санаачилгыг дэмждэг тул танай улс ч дэмжин батлаасай хэмээн хүсэж байна.

Энэ мэт боломжууд бидэнд их байна. Бидэнд газар зүйн байрлалын хувьд дэлхийн томоохон зах зээлд хүрэх гарц, улс төрийн өндөр итгэлцэлтэй гурав дахь хөршүүд мөн зарим банкны тооцоолсноор 32 триллион ам.долларын үнэлгээтэй байгалийн баялаг байгаа давуу талууд байна. Түүнээс ч илүү боломжийг шинжлэх ухаанд суурилсан өндөр технологи, хиймэл оюун ухаан, биг дата, конективити буюу харилцаа холбоо, цахим эдийн засгийн хүрээнд бид бий болгох ёстой. Манай бүс нутгийн эдийн засаг Америктай харьцуулахад бүтээмж муу байгааг манай хамтарсан бизнесийнхэн шийдэж чадах ч улс төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.

Хатагтай, ноёд оо

Дээр дурдсанчлан манай хоёр улс түүхийн урт удаан хугацааны ээдрээтэй замыг туулан дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд ойр дотно хамтран ажиллаж ирлээ. Цаашид ч энэхүү хамтын ажиллагааны эрчээ алдахгүй үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэдэгт миний бие бат итгэлтэй байна.

Ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр тулгуурлан эрчимтэй хөгжсөн улс төрийн харилцааны бат бэх суурин дээр тулгуурлан цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нь нэн чухал гэж үзэж байна.

Хоёр улсын хооронд байгуулсан “Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр” зэрэг баримт бичиг нь эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Түүнээс гадна АНУ-ын Конгрессоос “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг батлан гаргавал хоёр талын эдийн засгийн харилцаанд шинэ хуудас нээгдэнэ хэмээн монголчууд хүлээж байна.

Манай орны хүн амын гуравны нэг нь ядуу байгаа үед миний бие эдийн засаг ярьж, хүний хөгжилд өндөр ач холбогдол өгөх үүрэгтэй юм. Хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэрлэл нь ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй бодлого гэдэгтэй эрдэмтэд та бүхэн маргахгүй биз ээ.

Цаашдаа, өндөр бүтээмжтэй ажлын байр, орлогоор хангах салбаруудаа хөгжүүлэхийн тулд гурав дахь хөрш нартайгаа шинжлэх ухаан, өндөр технологи, сансар судлал, цахим эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллах болно.

Эцэст нь хэлэхэд хоёр улсын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаачдад, Монголд элэгтэй америк иргэдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!

Баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хоёр улсын харилцааны талаар үг хэлсний дараа Стратеги, олон улсын судалгааны төвийн Тэргүүн дэд захирал Майкл Ж.Грийн оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын сэтгүүлчид, эрдэмтэд, монгол судлаачдын сонирхсон асуултад хариуллаа.

Categories
гадаад мэдээ

Дайны улмаас амиа алдсан хүүхдийн тоо дээд цэгтээ хүрчээ

2018 онд дэлхий дахинаа цэргийн мөргөлдөөнөөс үүдэн амь үрэгдсэн, хохирсон хүүхдийн тоо дээд цэгтээ хүрсэн тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд дурджээ. Афганистанд амь үрэгдсэн хүүхдийн тоо 3062 болсон нь дайн дажны улмаас амиа алдсан хүүхдүүдийн ихэнхийг бүрдүүлж байгаа аж. Сомали улс 2300 хүүхэд амь үрэгдсэн, хохирсон байдлаар хоёрт бичигдэж байгаа юм. Дайнд нэрвэгдсэн 1947 хүүхдийн тоогоор Нигери улс гуравт оржээ. Сири, Йеменд энэ үзүүлэлт 1854 болон 1689-тэй тэнцэж байна. Түүнээс гадна насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн 933 тохиолдлыг Сомалид бүртгэсэн аж. 2018 онд 2490 хүүхдийг хулгайлсан хэрэг гарсан байгаа юм. Энэ үзүүлэлтээр Сомали тэргүүлжээ. Хүүхдийг хулгайлсан хэргээр Ардчилсан Конго, Нигери, Өмнөд Судан болон Сири улсууд өндөр үзүүлэлттэй байгаа гэнэ. Зохих хяналт тогтоосноос хойш хүүхдийг дайн болон зэвсэгт мөргөлдөөнд татан оролцуулдаг үзүүлэлт ийнхүү эцэстээ хүрсэн болохыг НҮБ-ын илтгэлд дурдсан аж.

Т.БҮРЭН

Categories
мэдээ нийгэм

П.Соронзонболд: Сибирьт гарсан түймэр манай улсын нутаг дэвсгэрээс 700 орчим километрийн зайд байна

Сибирьт гарсан түймэртэй холбоотойгоор Монгол Улсыг бүрхсэн утааны асуудлаар Онцгой байдлыг ерөнхий газар өнөөдөр мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн П.Соронзонболд “Манай улсын хэмжээнд он гарснаас хойш 88 түймэр бүртгэгдсэн. Хамгийн сүүлд долоодугаар сарын 11, 12-нд Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө суманд гарсан ой хээрийн түймрийг энэ сарын 19-ны өдөр бүрэн унтраасан. Түүнээс хойш одоогоор улсын хэмжээнд ой хээрийн түймэр бүртгэгдээгүй. Хиймэл дагуулын мэдээллээс харахад Сибирьт гарсан түймэр манай улсын нутаг дэвсгэрээс ойролцоогоор 700 орчим километрийн зайд байна. Мөн Байгаль далайн цаана гарсан түймрийн наад талд Улаан-Үд, Эрхүү гэсэн хотууд байгаа учраас өнөөдрийн байдлаар ОХУ-ын хилийн бүсээс гарсан түймэр байхгүй байна. Нийслэл хотод тус түймрийн утаа энэ сарын 28-ны өдрөөс ажиглагдаж эхэлсэн бөгөөд салхины чиглэл, агаарын урсгалаас шалтгаалж манай улсад зөвхөн утаа нь л орж ирж байна. Он гарснаас хойш манай улсын хилээр ОХУ-аас нийт таван удаагийн ой хээрийн түймэр Дорнод болон Хэнтий аймгийн сумдаар давж орж ирснийг бид цаг тухайд нь арга хэмжээ авч, даруй унтраасан” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Юлий Юсупов: Манай албан хаагчид гайхшруулж дуусахгүй юм

Узбекийн нэрт эдийн засагч Юлий Юсупов өөрийн фэйсвүүк хуудаснаа Монголоос тус улс руу мах нийлүүлэх шинэ төслийн талаар саналаа бичсэн тухай Podrobno.uz сайт мэдээллээ. Тэрээр тухайн баримт бичгийн талаарх зургаан зүйлийг онцолсон байна. Нэгд, яагаад мал эмнэлгийн хороо Монголтой хамтран ажиллах асуудлыг хариуцдаг билээ? Энэ байгууллагын дүрэмд тийм зүйл байдаг гэж үү?

Хоёрт, тухайн баримт бичигт “Монгол Улсад үйлдвэрлэж буй мах болон махан бүтээгдэхүүний чанар, үнэ Узбекстанд тохирно гэж үзжээ. Монгол харин манай жимс ногоогоор ихээхэн гачигддаг гэнэ. Хэн үүнийг мэдэж тодорхойлдог юм бол? Ямар шалгуураар? Хэрэв монгол мах Узбекстанд тохирч, харин Монгол манай жимс ногоогоор үнэхээр гачигдсан юм бол арилжааны шугамаар харилцаа тогтоож яагаад болохгүй гэж? Энд төрийн албан хаагчдын үг, тэр дундаа мал эмнэлгийн хороо ямар хамаатай юм бэ? Юу ч ойлгохгүй юм.

Гуравт, Узбекстан, Монголын хооронд агаарын болон бусад төрлийн тээврийн харилцаа тогтоохыг санал болгожээ. Ингэхдээ “Узбекстан хаво йуллари” компани бараа таваар зөөхөд тохирсон үнэ тогтоох ёстой гэнэ. Энэ компани ямар байдлаар үнэ тогтоох гээд байгаа юм бэ гэдэг ойлгомжгүй бөгөөд тохиромжтой үнэ гэж юу юм бэ? Монголтой хийх худалдааны тээврийн 50 хувийн зардлыг төр хариуцна. Мах болон жимс, ногоог онгоцоор тээвэрлэх үеийн татаасыг мөн тооцоолсон юм болов уу? Хоёр орны хамтын ажиллагаанд маш ашигтай зүйлд татаас олгоход яагаад Узбекстаны төсвийг зарцуулж байгаа юм бэ. Тэгвэл монголчууд арилжааны арга хэмжээнд татаас олгодоггүй гэсэн үг үү? Бид ч гэсэн тэдний төсвийн ийм маягийн зарцуулалтад анхаарах хэрэгтэй бус уу?

Дөрөвт, Монгол руу жимс, ногоо гаргах компаниудын жагсаалтыг гаргажээ. Ийм жагсаалт ямар хэрэгтэй юм бэ? Тавд, Төрийн нөөц, Сангийн яам улсын нөөцийг бүрдүүлэх, төсвийн байгууллагууд зөвхөн монгол мах авахыг үүрэгдсэн байх юм. Заавал яагаад монгол мах гэж? Төрийн худалдан авалт хийхэд тендер зарлах ёстойг яах нь ойлгомжгүй байна. Зургаад, Монгол руу гаргах бараа, бүтээгдэхүүний зардлын 50 хувийг Бизнесийг дэмжих төрийн сангаас 2019 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн даахаар болж байна. Тэгвэл тэр сангийн нэрийг өөрчилж Монголын мал аж ахуйг дэмжих сан гэвэл яасан юм бэ?

Манай төрийн албан хаагчид гайхшруулж барахгүй юм даа хэмээн Юлий Юсупов бичсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Авто ослоос бага насны хүүхэд амиа алджээ

Image result for Цагдаа

Энэ сарын 30-ны өдрийн 07.00 цагийн орчимд Өмнөговь Ханбогд суманд Тоёота маркийн машин онхолдож найман сартай хүүхэд амь насаа алдсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас иргэд, жолооч нарт хандан тээврийн хэрэгслийн хурдыг тааруулж замын хөдөлгөөнд оролцох, хүүхдийг хамгаалалтын суудалд тээвэрлэх, авто машины техникийн бүрэн байдлыг хангах, хэрд хэтрүүлэхгүй зорчихыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

АН: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ бус, Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал бус, Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж, Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд мэдэгдэл хүргүүллээ.

Тус мэдэгдэлд “Монгол Улс 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар улс төр, эдийн засгийн шинэ тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний нийгмийг цогцлоох, засгийн эрх ард түмний эрх мэдэлд байх парламентын засаглалыг баталгаажуулж, нийгмийн тогтолцоог үндсээр нь шинэчилсэн түүхэн ололт, амжилтад хүрч чадсан билээ. Ардчилсан Үндсэн хуулийг шинээр батлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахын мөн чанар нь засаглалын хэлбэрийг сонгох асуудал байдаг. Тиймээс 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндөхгүйгээр сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын гишүүдийн 2015 онд өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалыг Ардчилсан нам дэмжсэн хэвээр байна. Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэж буйтай холбогдуулан Ардчилсан нам дараах зарчмын байр суурийг илэрхийлж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлаас сонгодог болох,

Хоёрдугаарт, Төрийн эдийн засаг, санхүү төсвийн сахилга бат, хариуцлагыг тодорхой болгох, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, Засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоож өгөх асуудлуудыг тусгах,

Гуравдугаарт, Ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгах,

Хэрэв дээрх санал, санаачлагыг хүлээж авахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс төрийн олонхиор хүч түрж батлах оролдлого хийх аваас бид зөвшилцлөөс албан ёсоор гарч, хэлэлцүүлэгт оролцохгүй бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Богдхан уулын трейл 2019” арга хэмжээг зохион байгууллаа

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, жуулчдын сонирхлыг татах арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Японы “Шёова холдинг” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай хамтран энэ сарын 28-ны өдөр Богдхан ууланд “Богдхан уулын трейл 2019” олон улсын гүйлтийн тэмцээнийг 64, 21, 10 км-ийн зайд зохион байгууллаа. Олон улсын трейл раннинг холбоо /ITRA/ болон “Азийн трейл мастер” холбоонуудын гишүүн болох уг тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ITRA-гийн гурван оноо авч, дэлхийн хамгийн том ультра трейл уралдаан болох “Ultra trail Mont blank”-д оролцох эрхийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм. Энэ удаагийн тэмцээн нь Хөшигтийн хөндийгөөс Манзуширийн хийд, Цэцээ гүн, Зайсан толгой чиглэлд зохион байгуулагдсан бөгөөд гадаадын 10 гаруй орны 70 гаруй, дотоодын 80 гаруй тамирчид насанд хүрэгчид, ахмад, өсвөр үе гэсэн гурван насны ангилалд өрсөлдлөө. Энэ жилээс тус тэмцээн нь олон улсын онооны зэрэглэлэтэй тэмцээн болсноор өнгөрсөн оныхтой харьцуулахад гадаадаас ирсэн тамирчдын тоо цаашид өсөх хандлагатай байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банк Монгол Улсад 100 сая ам.долларын санхүүжилт баталлаа

Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн хоёр дахь шатны санхүүжилт болох 100 сая ам.долларын санхүүжилтийг батлав. Дэлхийн Банкны уг хөтөлбөр нь цуврал бөгөөд 2017 оны араваннэгдүгээр сард эхний хөтөлбөр нь батлагдаж байсан юм. ЭЗУДХ нь өрийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын бодлогын шинэчлэлийг дэмжих зорилготой.

Монгол Улсын эдийн засаг 2016 оны макро эдийн засгийн хүндрэлээс амжилттай гарч чадсан ч суурь эмзэг асуудлууд хэвээр байсаар байгааг тус банкнаас мэдээлэв. Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2018 онд 6.9 хувь болж өссөн. Төсвийн нөхцөл байдал дорвитой сайжирч, төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 16.4 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд 2.7 хувьтай тэнцэх ашигтай гарсан. Энэ нь улмаар ДНБ-д эзлэх Засгийн Газрын өрийн хэмжээг дээрх хугацаанд бараг 13 нэгж хувиар буурахад нөлөөлсөн. “Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэмжиж байгаа гол бодлогын шинэчлэл нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, улсын төсөв, санхүүг улам бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чухал үүрэгтэй. Засгийн газраас дээрх асуудлуудыг шийдэхээр ажиллаж байгаа нь тэдний эдийн засагт бүтцийн шинжтэй өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэн тууштай хийх бодлого баримталж байгаагийн тод илрэл юм. Дэлхийн Банк цаашид Засгийн Газар болон олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран Монгол улсын Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжин ажиллах болно” гэж Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан Дэлхийн Банкны захирал Мартин Рэйзэр онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

“Хүрээ цам 2019” даншиг наадам есдүгээр сар хүртэл хойшлогдлоо

Түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан “Даншиг наадам Хүрээ цам 2019” шашин соёлын наадмын тов өөрчлөгджээ.

Уламжлалт ёсоор тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээ ирэх наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр /2019.08.03-04-н/ зохион байгуулах шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс гаргасан ч хойшлогдож ирэх есдүгээр сарын 6, 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсныг тус хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд хэллээ.

Даншиг өргөх ёслолыг гаднын жуулчид илүү их сонирхож үздэг. Энэхүү наадмыг үзэхээр манай улсыг зорих жуулчдын тоо ихэсдэг билээ. Гэвч даншиг наадмыг хойшлогдохыг мэдээгүй олон жуулчид ирсэн байгаа талаар аялал жуулчлалын компаниуд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Газрын дуудлага худалдаа цуцлагджээ

Related image

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр зохион байгуулахаар товлосон газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа цуцлагджээ. Танхимын болон цахим хэлбэрээр 14 байршилд газрын дуудлага худалдаа болох байсан хэдий ч оролцох хүсэлт ирээгүйгээс тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна.