Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны IV хуралдаан СӨҮЛ хотноо болж өнгөрөв

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдаан энэ оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болж өнгөрөв. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Солонгосын хэсгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Тэ Ху нар ахлав.

Засгийн газар хоорондын Хамтарсан хороо нь 2015 онд байгуулагдаж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, иргэд консулын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх чухал механизм болж өргөжин хөгжиж байна.

Энэ удаагийн хуралдааны үеэр Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх бэлтгэл ажлыг хангах, 2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан ирэх оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарлах, тусгай төлөвлөгөөний дагуу улс төр, эдийн засаг, соёл, урлагийн зэрэг 30 арга хэмжээг зохион байгуулахаар ярилцав.

Талууд улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэх, хоёр улсын стратегийн яриа хэлэлцээний механизмыг бий болгож, тогтмолжуулах талаар санал нэгдэв. Тухайлбал, ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг дэд сайд нарын түвшинд зохион байгуулах, Сангийн яам хоорондын Бодлогын зөвлөлдөх уулзалт, Байгаль орчны яам хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг шинээр бий болгох, төмөр замын асуудлаарх хоёр талын холбогдох байгууллагуудын уулзалтыг энэ онд зохион байгуулахаар болов.

Солонгосын тал хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаарх хамтарсан судалгааны ажил дээр үндэслэн цаашид яриа хэлэлцээг хэрхэн урагшлуулах талаар ажил хэргийн түвшинд хэлэлцэж эхлэхийг санал болгов.

Талууд БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар болов.

Мөн боловсрол, соёл, эрүүл мэнд, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тодорхой санал солилцов. Солонгосын тал БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх талаар нааштай судалж буйг мэдэгдэв. Монголын тал хоёр улсын иргэд зорчих урсгал жилээс жилд нэмэгдэж буйг онцолж, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчиход чиглэсэн замын зураглал гаргахад хоёр талын холбогдох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухлыг тэмдэглэв. Сайд Н.Цэрэнбат манай иргэд солонгосын виз мэдүүлж авахад урт хугацаа зарцуулж байгааг богиносгох талаар дорвитой арга хэмжээ авч өгөхийг солонгосын талд хүсэлт болгов.

Талууд олон талт, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээ, Зүүн Азийн Төмөр замын хамтын нийгэмлэг байгуулах зэрэг бүс нутгийн санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах болон Солонгосын хойг, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар үр ашигтай санал солилцов. Талууд дараагийн хуралдааныг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ариунзул: Архийг гурван жилийн хугацаанд огт уугаагүй бол эдгэсэн гэж үздэг

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд сэтгэл засал эмчилгээ, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх “АА” бүлгийн болон ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө өгөх тусгай өрөөг ашиглалтад оруулжээ. Тус тасагт архины хамааралтай хүмүүст эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх зургаан хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллаж байна. Багийн ахлхагч, сэтгэц, наркологийн эмч Г.Ариунзултай архины хамааралтай хүмүүсийг хэрхэн эмчилдэг талаар ярилцлаа.


-Архины хамаарлыг донтолт, эсвэл өвчин хоёрын алинд нь хамааруулж үздэг юм бэ?

-Архинд донтолт гэдэг олон улсын ангилалтай, нэг төрлийн өвчин гэж үздэг. Олон улсын ангиллаараа F10 гэж оношлогддог. Энэ нь дотроо нарийсаад явна.

-Та бүхэн архины хамааралтай хүмүүстэй хэрхэн ажиллаж байна?

-Манай дүүргийн эмнэлгийн хувьд амбулаторийн үйлчилгээтэй эмнэлэг учраас өдрийн эмчилгээ байхгүй. Бид зөвхөн тухайн хүндээ зөвлөгөө өгч, цаашид эмчлүүлэх шаардлагатай бол Наркологийн төв рүү шилжүүлэх бичиг хийж өгдөг. Наркологийн төв дээр 4С гэж шинэ төрлийн эмчилгээ нээгдсэн. Сайн санаа, сайхан сэтгэл гэдэг эмчилгээ. Эмийн эмчилгээ нь тухайн үеийнх нь л хордлогыг тайлж, бие махбодыг нь сайжруулна. Яг төгс эмчилгээ биш. Буцаад л тэр хүн гайгүй болоод ирэхээрээ архиа уучихдаг. Яг төгс эмчилгээ хийе гэвэл сэтгэл зүйтэй нь тулж ажиллах ёстой. Тэр хүн өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөөд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах боломжтой. Монголд “АА” гээд нэр хаяггүй, архины хамааралтай хүмүүсийн уулздаг уулзалт бий. Манай дүүргийн хэмжээнд ийм найман байгууллага байгаа. Бид заримтай нь хамтарч ажиллаж эхэлсэн.

-Одоогоор та бүхэн хэчнээн хүнд тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Манайх бол сэтгэц, наркологийн баг. Яг сэтгэцийн чиглэлээр хяналтад байдаг 520 хүн бий. Сайн дураараа ирж байгаа хүмүүс ч байна. Бас албадан эмчилгээгээр ирж байгаа хүн ч байдаг. Он гарснаас хойш цагдаагийн байгууллагатай хамтран ахины хамааралтай 199 хүнийг албадан эмчилгээнд хамрууллаа. Сайн дурын эмчилгээнд буюу нийслэлд ганц байдаг Наркологийн эмнэлэгт 78 хүнийг шилжүүлсэн. Ер нь архины хамааралтай хүмүүсийн ар гэр нь давхар хамааралд орчихсон байдаг.

-Давхар хамаарал гэдгийг тодруулбал?

-Тухайн архи уудаг хүнтэй сэтгэл зүйн давхар хамааралд орно гэсэн үг. Нөхөр нь архи уудаг байж байгаад эхнэр нь дагаад архи уудаг болох жишээтэй. Эндээс хамгийн түрүүнд хүүхэд хохирч үлддэг. Хүүхдийн хувьд үл хайхрах хүчирхийлэл гээд сүүлийн үед их яригдах болсон. Аав, ээж нь архины хамааралтайгаас болж хүүхдээ үл хайхарч хайр халамж дутуу өгдөг. Түүнээс болоод хүүхэд сэтгэл санаагаар хохиролд ордог.

-Архинд донтох өвчин бүрэн эдгэрдэг үү. Мэдээж ар гэрийн дэмжлэг чухал болов уу?

-Ер нь эдгэнэ. Гэхдээ давхар заавал эмийн, сэтгэл заслын эмчилгээтэй цуг байх ёстой. Гурван жилийн хугацаанд огт архи уугаагүй хүнийг эдгэсэн гэж үздэг. Тэр дотроо хэрэглэхгүй удаан хугацаагаар явбал эдгэрэх тал руугаа дөхөж байна гэж үздэг.

-Архины хамааралтай хүмүүсийн насны байдал ямар байдаг вэ. Залуужиж байгаа гэдэг үнэн үү?

-Архины хамааралтай хүмүүс өөрсдийгөө мэддэггүй учир эмнэлэгт ирэх дургүй. Болж өгвөл хувийн эмнэлгүүдэд очдог. Улсын эмнэлгүүдэд санхүүгийн байдлаасаа шалтгаалаад боломж муутай хүмүүс нь л ирдэг. Архины хамааралтай хүмүүс залуужиж байгаа нь үнэн. Үүнийгээ дагаад давхар донтолтын чиглэлийн өөр бусад төрлийн эмгэгүүд нэмэгдэж байгаа. Бид он гарснаас хойш 13 сургуульд “Хорт зуршил” сэдвээр сургалт явуулсан. Тэгэхэд ихэнх хүүхдүүд мэдээлэлтэй, бараг тал хувь нь мансууруулах төрлийн бодисыг хэрэглээд үзчихсэн байсан.

-Зөвхөн архи биш, бусад төрлийн мансууруулах бодис байх нь ээ?

-Сурагчид аль хэдийнэ тэр талын мэдээллийг авчихсан, ихэнх нь биш юм аа гэхэд аль хэдийнэ хэрэглээ болгосон хүүхдүүд ажиглагдаж байсан.

-Архинд донтох байдал эмэгтэйчүүдэд ямар байна вэ?

-Эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүн архины хамааралд амархан өртдөг. Эмэгтэйчүүд архийг тогтмол хэрэглээд 2-5 жил болоход архины хамааралтай болдог. Харин эсрэгээрээ эрэгтэй хүмүүс 8-10 жил хэрэглэж байж хамааралд ордог. Бие физиологийн хувьд ч гэсэн өөр өөр. Буцаад архинаас гарах үйл явц нь бас ялгаатай. Эмэгтэй хүн архинаас удаан гардаг.

-Үүнд нийгмийн хүчин зүйл нөлөөлж байна уу. Та бүхэнд ямар байдал ажиглагддаг вэ?

-Архийг хэрэглээ болгож байгаад, хэрэглээ нь нэмэгдсээр уух давтамж нь ихэсдэг. Үүнийгээ хүмүүс хамааралтай болж байна гэж ойлгохгүй олон жил явсаар нэг мэдэхэд архины хамааралтай болчихсон байдаг. Архинд хамаарах байдал гурван үе шаттай. Гуравдугаар үе шатанд ороход архи даах чадвар нь буурч, зан төрхийн өөрчлөлтөд орно. Миний ажигласнаар над дээр ирсэн эмэгтэй хүмүүсийн ихэнх нь гуравдугаар шатандаа орсон байдаг. Тийм хүмүүс өөрсдөө ирэхгүй. Цагдаа, ар гэрийнхнийх нь хүчээр л албадан эмчилгээнд оруулдаг.

-Гуравдугаар шатанд орсон хүмүүс архинаас гарах, хамаарал нь багасах боломжтой юу?

-Тухайн хүнээсээ л шалтгаална. Тэр хүн яаж хүлээж авч байна, өөртэйгөө хэр тэмцэж байна, түүнээс л шалтгаална. Бидний зүгээс оношлоод, эмчлээд зөвхөн хордлого тайлах эмчилгээ хийдэг. Бас дээр нь ярилцаж зөвлөгөө өгч сэтгэл зүйтэй нь харьцахыг хичээдэг. Гол нь тухайн хүн өөрөө хүлээн зөвшөөрөхгүй бол архинаас гарахгүй. Харин өөрийгөө хүлээн зөвшөөрч, сэтгэл зүйгээ бэлдэх юм бол гарах боломжтой.

-Архины хамаарлаас бүрэн гарч, эдгэрэх тохиолдол хэр олон бэ?

-Сүхбаатар дүүргээс он гараад “Иргэн төвтэй дүүрэг” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд “Архигүй зөв амьдарцгаая” сэдэвт арга хэмжээг манай байгууллагаас цагдаагийн I, II хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран 14 хүнийг сайн дураар нь хамруулсан. Тэдний 40-өөд хувь нь архинаас гарсан. Гурван сар архи хэрэглээгүй. Мөн энэ хүмүүсийн 90 гаруй хувь нь нийгмийн баталгаатай болсон.

-Сайхан мэдээ байна. Архинд хамааралтай болгоход хамгийн түрүүнд нөлөөлдөг хүчин зүйл юу байна вэ?

-Миний ажигласнаар ажилгүйдэл, хувийн шалтгаан, гэр бүлийн орчин. Дээр хэлснээр хохирогч хамгийн түрүүнд хүүхэд байдаг нь эмзэглэмээр. Албадан эмчилгээнд орсон, гэр оронгүй хүмүүс мэдээж гэр бүлгүй. Хоёрдугаар үе шатанд орсон хүмүүсийг харахад ихэвчлэн гэр бүлтэй байдаг. Архины хамааралтай гэр бүлд өссөн хүүхдүүдийн 70-80 хувь нь ирээдүйд бас л тийм амьдралыг туулдаг.

-Архинд донтох асуудалд төр засгийн зүгээс анхаарах шаардлагатай юу. Эсвэл хувь хүн, тэдний гэр бүл энэ асуудлаа шийдвэрлэж чадах уу?

-Миний хувьд анхаарсан зүйл бол байгууллагын зүгээс архины хамааралтай хүмүүст анхаарал тавьдаггүй. Архины хэрэглээтэй хүн байлаа гэхэд тэр хүнийг архинаас яаж гаргах вэ гэж биш, харин тэр үнийг эсрэгээр нь ажлаас нь халчихдаг. Энэ нь буцаад тухайн хүнд маш том цохилт болдог. Магадгүй архины хамаарлын нэгдүгээр үе шатанд явж байсан бол хоёрдугаар үе шатанд шууд шилжүүлдэг. Уг нь тухайн байгууллага архины хамааралтай хүнээ архинаас гаргах талаар дэмжвэл боломж харагддаг. Гэхдээ үүнд сөрөг тал бас бий. Жишээлбэл, манай байгууллагын ийм хүн архины хамааралтай байна гээд хандъя гэхэд нөгөө хүн нь зөвшөөрөхгүй бол хүний эрхийг зөрчсөн асуудал үүснэ. Тиймээс болж өгвөл сардаа ч юм уу, улиралд нэг удаа байгууллагууд энэ талын сургалт, зөвлөгөөнийг нарийн мэргэжлийн эмчээс, сургагч багш нараас авч байвал зүгээр. Бид энэ чиглэлээр дүүргийнхээ хэмжээнд сургалтыг зохион байгуулахдаа хүмүүсээс тест авахад олонх нь ямар нэгэн байдлаар архины хортой үр дагаварт хүртэл хэрэглэдэг гэсэн үр дүн харуулж байх жишээтэй.

-Эмчийн зүгээс архины хамааралтай хүнд та хамгийн түрүүнд юуг зөвлөдөг вэ?

-Архи уудаг хүмүүсийн ар гэр нь тэр хүмүүст итгэл үнэмшилгүй болчихсон байдаг. Тухайн хүн архинаас гарсан, архи уухгүй ээ гээд шийдсэн байхад ар гэр нь түүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Гараад явахад нь “Чи хаачих гэж байгаа юм, юу хийх гэж байгаа юм, цалин мөнгөө яасан” гэдэг. Тэр нь буцаад тухайн хүндээ дарамт болдог. Хүүхэд нь хүртэл аавдаа итгэхээ больсон тохиолдол байна. Цалин буусан өдөр, оройтсон өдөр нь яах бол гэсэн айдастай байдаг. Тиймээс ар гэрийн зүгээс сэтгэл санааны дэмжлэг, итгэл хамгийн чухал гэдгийг онцолмоор байна.

Б. АМИНА

Categories
мэдээ улс-төр

АН-ын зөвлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх асуудлыг хойшлуулахыг шаардлаа

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар өргөтгөсөн хурал хийжээ. Зөвлөлийн хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцсон байна. АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэсэн саналд хүрч, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн иргэд хуулийн төслийн талаар мэдээлэлгүй, ойлголтгүй байгаа учир олон нийтэд бүрэн мэдээлэл өгсний дараа хэлэлцэх ёстой гэв. Тиймээс Ерөнхийлөгчид хандан Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаад анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч, албан хүсэлт хүргүүлжээ. Тус хүсэлтэд “Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагад халдахаар завдаж, нийгмийн гэрээ болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаран сандран хууль зөрчин өргөн мэдүүлж, мордохын хазгай болсон төслийг Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль, иргэдийн хүсэл зориг, Монгол Улсын хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, уг асуудлаар улс төрийн бүхий л намуудын зөвшилцөлд хүргэхэд анхаарлаа хандуулж ажиллахыг Ерөнхийлөгч танаас хүсье” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт өсчээ

Цагдаагийн байгууллага нь 2019 оны эхний хагас жилд 297.361 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ нь сард 49.560, хоногт 1.650, цагт 70 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэсэн үг юм.

Энэ хугацаанд улсын хэмжээнд 17.666 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 11.698 буюу 66.2 хувь нь Улаанбаатар хотод, 5.921 буюу 33.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Гэмт хэргийн гаралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 2.376 буюу 11.9 хувиар, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэрэг 2.880 буюу 19.8 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /хулгайлах, залилах, дээрэмдэх гэх мэт/ 10.629, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4.250 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 16.7хувиар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.9 хувиар тус тус буурчээ. Дээрх 2 бүлгийн гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 84.3 хувийг эзэлж байна.

Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн 10.7 хувь нь согтуугаар, 3.4 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 2.5 хувь нь хүүхэд оролцож үйлдсэн бол 75.0 хувь нь ажлын өдрүүдэд, 29.4 хувь нь шөнийн цагаар, 31.5 хувь нь гэр орон сууцанд, 18.2 хувь нь гудамж талбайд үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас 951 хүүхэд хохирсон бол 572 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 35.3 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 8.6 хувиар өссөн байна.

2019 оны эхний 6 сарын байдлаар 17.150 хүн гэмт хэргийн улмаас хохирсон нь 1.5 хувиар, 4.471 хүн гэмтсэн нь 2.9 хувиар тус тус буурч иргэн, хуулийн этгээдэд учирсан 25.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 70.0 хувиар өсжээ.

Цагдаагийн байгууллага согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор захиргааны чиг үүрэг бүхий албан хаагчдын хүчийг татан оролцуулах, иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нэг хором”, “Зөв тусгал” зэрэг томоохон арга хэмжээ явуулах зэрэг иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон ажил, арга хэмжээ зохион байгуулснаар гэмт хэргийн гаралт, гудамж талбайд зонхилон үйлдэгддэг хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт хэргүүд буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Чөлөөлөгдсөн 17 шүүгчдэд хилийн хориг тавихыг хүсье

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр, “өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал бол 17 шүүгчийг чөлөөлсөн явдал байлаа. Гэтэл тэдгээрийн нэг нь гадагшаа гарсан талаарх мэдээлэл ирсэн. Тиймээс тэдэнд хилийн хорио тавихыг хүсье. Түүнчлэн Монгол Улсын өмнө тулгараад байгаа нэг асуудал нь саарал жагсаалт боллоо. ФАТФ манай улсыг аравдугаар сард саарал жагсаалтад оруулах эсэхээ шийднэ. ФАТФ манай улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх зөвлөмжийн хэрэгжилтийг хангахгүй байна гэсэн анхааруулгыг ирүүлээд байна. Хэрэв энэ сааралт жагсаалтад Монгол Улс орвол гадны улсад хийх иргэдийн валютын гүйлгээ зогсоно. Ам.долларын ханш чангарна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Холбоочдын тэмцээнээс алба хаагчид I, II зэргийн болзол хангалаа

Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулсан хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор тэмцээн 2019 оны 06 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 18 багийн 80 гаруй тамирчин оролцож, хурдач радиотелеграфчин, буудлага, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, GPS ашиглан байршил, зүг чиглэл олох, Р-142 КШМ дээрх ажиллагаа гэсэн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

This image has an empty alt attribute; its file name is 65379072_2820031281357152_5380815619195142144_n.jpg

Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцсон Үндэсний аврах бригадын Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн мэргэжилтэн, ахлагч Н.Хүсэл радиотелеграфын спортын I зэрэг, ахлах ахлагч М.Эрдэнэбаатар радиотелеграфын спортын II зэрэг, дэд ахлагч Б.Батбаатар радиопеленгацийн спортын II зэргийн болзол хангалаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтийн санал, зөвлөмжийг сонсох уулзалтыг Мөрөн сумын Нутгийн удирдлагын “Соёмбо” танхимд зохион байгууллаа. Уулзалтад 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан Л.Дамдинсүрэн Н.Цэрэнхүү, М.Санжаа нар оролцож Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өөрсдийн санал бодлыг илэрхийлсэн.

Түүнчлэн иргэдийн зүгээс тосгоныг засаг захиргааны нэгж болон хот болгох, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үүрэг, эрх мэдлийг тодорхой болгох, аймаг, нийслэлийн хурлыг байгуулах зохицуулалтыг нарийвчлах, Улсын Их Хурлын гишүүний насны доод хязгаарыг 35 болгох, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага ёс зүйг тодорхой болгох, баялгийг тэгш хуваарилах, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, Төрийн сүлдийг өөрчлөх зэрэг олон саналуудыг дэвшүүлж байсан юм.

Мөрөн сумын иргэд уулзалтад идэвхтэй оролцож, уузалтад оролцсон иргэдийн олонхи Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж 20 орчим хүн асуулт асууж, санал хэлсэн бөгөөд бичгээр 30 гаруй санал өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

100 айл орчмын авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил өнөөдрөөс эхэлнэ

Image result for 100 айл

100 айл орчмын авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил өнөөдрөөс эхлэн VIII сарын 15-ныг хүртэл хийх тухай нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. Өнөөдрөөс эхлэн 100 айл орчмын 1.6 км авто замын шинэчлэлийн ажлыг эхлүүлж байгааг албаныхан хэллээ. Зам засварын ажлыг хийхдээ гурван хэсэгт хуваан хаах юм байна. Энэ сарын 10-ныг хүртэл 32-ын тойргоос “Хангай” хотхон хүртэлх 0.3 км замыг, “Хангай” хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг 15-наас 28-ныг хүртэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг VIII сарын 15-ныг хүртэл тус тус хааж, авто замыг шинэчилэхээр төлөвлөжээ. Уг ажлын хүрэнэд 3,4 тэрбум төгрөг төсөвлөгджээ.

Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Т.Бархүү 18 сая төгрөгийн эзэн боллоо

“Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаар өчигдөр “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэдээ шууд дамжуулан хүрлээ. Хагас финалын дугаарт Т.Бархүү шоуны оролцогч, дуучин Б.Амархүүг яг түүн шиг дуурайж, ялагчаар тодорлоо. Түүнийг шоуны гурван шүүгч дэмжиж, хамгийн өндөр оноо болох 12 оноог өгсөн бол бусад долоон оролцогч бүгд өөрийн гурван оноогоо жүжигчин Т.Бархүүд өгч, нийт 57 оноог авсан. Шоу нэвтрүүлэг эхлэх мөчөөс үзэгчдээс мессеж саналыг авснаар шоу дуусахад хамгийн өндөр оноог бас л жүжигчин Т.Бархүү авч, тэрбээр 10 сая төгрөгийн эзэн болсон юм. Мөн шоуны төгсгөлд өнгөрсөн есөн дугаарын турш хамгийн өндөр оноог авсан хоёр оролцогчийг шалгаруулахад дахин жүжигчин Т.Бархүү нийт 325 оноогоор тэргүүлж, найман сая төгрөгөөр шагнуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Трамп Ким Жөн Унтай Солонгосын хилийн цэрэггүй бүсэд уулзлаа

-ДЭЛХИЙ НИЙТ АНХААРЛАА АЗИ РУУ ХАНДУУЛАВ-

Өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийн анхаарлыг татсан олон үйл явдал Ази тивд өрнөлөө. Японы Осака хотноо “Их 20”-ийн орнуудын 14 дэх удаагийн чуулга уулзалт энэ сарын 28-29-ний хооронд болж өндөрлөв. Харин өчигдөр БНСУ-д айлчилж буй Д.Трамп Умард Солонгосын нутагт хөл тавьсан нь түүхэн үйл явдал болсон юм.

ТРАМП-КИМ НАРЫН ГУРАВ ДАХЬ УУЛЗАЛТ

Ням гаригийн өглөө АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Умард Солонгосын удирдагчтай хоёр Солонгосын хилийн зааг болох цэрэггүй бүсэд уулзах санал тавьжээ. Гэнэтийн гэх энэхүү албан бус урилгыг Ким Жөн Ун хүлээж авсан төдийгүй түүнтэй уулзсан юм. Тэдний уулзалт мөн өдрийн үдээс хойш болсон. Эхлээд хилийн шугамны хоёр талаас тэд гар барьж, мэндчилжээ. Ингэхдээ Ким Жөн Ун “Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Энд тантай уулзана гэж огт төсөөлж байсангүй. Энэ бол маш зоригтой, шийдэмгий үйлдэл” гэж Д.Трампад хандан хэлжээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Умард Солонгосын удирдагчтай дотно нөхөрсөг харилцаатай байдгаа онцлоод “Бид анх уулзсан өдрөөсөө эхлэн бие биедээ таалагдсан” гэжээ.

Ким Жөн Ун цааш нь хэлэхдээ “Энэхүү уулзалтыг өмнөөс ярьж төлөвлөөгүй. Тиймээс энэ нь гэнэтийн бэлэг байлаа” гээд Д.Трамптай сайн харилцаатай учир энэ уулзалтыг хийж байна гэв. Дараа нь Панмунжом тосгонд Трамп, Ким нар БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Интэй нэгдэж, товч уулзалт хийв.

Сэтгүүлчдэд зориулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Д.Трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх АНУ, БНАСАУ-ын хооронд ажлын түвшний яриа хэлэлцээг ойрын 2-3 долоо хоногийн дотор сэргээхээ мэдэгджээ.Мөн тэрбээр БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ ирээдүйд цуцална гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Д.Трамп “Би энэ хориг арга хэмжээг цуцална гэдэгт найдаж байна. Энэ улс орны эсрэг хориг арга хэмжээ авсан нь надад таалагдахгүй байгаа гэж хэлэхдээ хорих арга хэмжээ хүчин төгөлдөр үлдэнэ” хэмээн онцолжээ. АНУ-ын ерөнхийлөгч мөн Умард Солонгосын удирдагчийг АНУ-д тааламжтай цагтаа айлчлахыг урьсан байна.

Д.Трамп нь цэрэггүй бүсээр дамжин Умард Солонгост хөл тавьсан анхны АНУ-ын төрийн тэргүүн болж байгаа юм. Үүнэс өмнө Умард Солонгост АНУ-ын хоёр ерөнхийлөгч асан очиж байж. Тухайлбал, Жимми Картер 1994, 2010 онд, харин Билл Клинтон 2009 онд очсон агаад тэд ерөнхийлөгч биш байхдаа тус улсад хөл тавьж байжээ. Д.Трампын хувьд 1953 онд гал зогсоох гэрээгээр завсарласан Солонгосын дайнаас хойш Умард Солонгосын газар нутагт хөл тавьсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болж түүхэнд бичигдэж байгаа юм.

Трамп, Ким нарын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт 2018 онд Сингапурт амжилттай болж байв. Тэдний удаахь уулзалт Вьетнамын Ханой хотноо өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр болсон ч үр дүнд хүрэлгүй мухардалд ороод байсан юм.

“ИХ-20”-ИЙН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД

Тус чуулганы эхэнд “Их 20”-ийн гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд хоёр болон гурван талт уулзалтуудыг хийжээ.


Д.ТРАМП, СИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТ

“Их 20”-ийн уулзалтын нэг чухал хэсэг нь АНУ-ын ерөнхийлөгч Д. Трамп, Хятадын дарга Си Жиньпин нарын уулзалт байв. Өнгөрсөн бямба гаригт болсон энэхүү уулзалтаар талууд хоёр орны хооронд үргэлжилж байгаа худалдааны маргаан зөрчлийг зогсоох талаар хэлэлцжээ. Уулзалтын үр дүнд АНУ, Хятад улсууд худалдааны дайны “гал зогсоох” тохиролцоонд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, Хятадаас АНУ-д экпортолдог 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар оноох төлөвлөгөөгөө Трамп хойшлуулж, хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болжээ. Үүнээс гадна Хятадын харилцаа холбооны технологийн Хуавэй компанид тавьсан нэг талын хоригийг цуцалжээ. Улмаар АНУ-ын технологийн компаниуд Хуавэй компанид бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой болж байгаа юм. Ингэснээр Google компанийн Андроид систем, Qualcomm, Intel зэрэг компаниудын хагас дамжуулагч эд ангийг Хуавэй өөрийн бүтээгдэхүүнд ашиглах боломж нээлттэй хэвээр үлдэж байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний худалдааны маргааныг эцэслэж чадаагүй ч энэ удаагийн уулзалтын шийдвэр нь зах зээлд богино хугацааны сэргэлт авчрах нь тодорхой гэж шинжээчид үзэж байна.

В.ПУТИН, Д.ТРАМП НАРЫН УУЛЗАЛТ

“Их 20” –ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар тусгайлан уулзсан юм. Хоёр удирдагчийн уулзалт 80 минут орчим үргэлжилжээ. Тэд сүүлийн үед таагүй байгаа хоёр улсын харилцааг дахин сэргээхийн тулд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн Оросын төрийн тэргүүн АНУ-ын ерөнхийлөгчийг ирэх онд болох Дэлхийн хоёрдугаар дайны “Ялалтын баяр”-ын 75 жилийн ойн парадад оролцохыг урьсан байна. Ямартаа ч долоон сарын өмнө Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр мэнд ч мэдэлцээгүй өнгөрсөн хоёр удирдагч энэ удаа их л дотно, найрсагаар уулзаж, олон асуудлын талаар нухацтай ярилцжээ.

Хоёр болон гурван талт уулзалтын дараа Японы ерөнхий сайд Ш.Абэ чуулганыг нээж үг хэлжээ. Тэрээр “Чөлөөт, нээлттэй эдийн засаг бол энх тайван, хөгжил цэцэглэлтийн суурь. Гэхдээ протекционист бодлогоор хариу арга хэмжээ авах механизм нь үр ашиг багатай. Даяаршлын нөлөөн дор огцом шилжилт өөрчлөлт гарах нь сандрал бий болгож, улс орнуудын дунд томоохон зөрчил үүсгэж болзошгүй. Худалдааны аливаа арга хэмжээг Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн дагуу авах шаардлагатай. Дэлхийн одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд миний бие маш их санаа зовниж байна. Дэлхий нийт “Их 20”-ийн орнууд ямар алхам хийх вэ гэж анхаарлаа хандуулж байна. Бид чөлөөт, шударга, үл ялгаварласан худалдааны системийг дэмжиж, бэхжүүлэхийг уриалж байна” гэж мэдэгджээ.

Осака хотод болсон энэ удаагийн “Их 20”-ийн уулзалтын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, “Бид чөлөөт, шударга, үл ялгаварлах, ил тод, урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой худалдаа болон хөрөнгө оруулалтыг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргана” гэжээ. Мөн талууд далайн тэнгис дэх хог хаягдлыг дахин нэмэгдэхээс сэргийлж, 2050 он гэхэд хуванцар хог хаягдлыг тэг болгох зорилт тавьжээ. “Их 20”-ийн орнуудын удирдагчид чөлөөт, шударга худалдааг хөгжүүлэхээр тохиролцсон хэдий ч АНУ, БНХАУ худалдааны маргаантай байгаа үед худалдааны хамгаалалтын бодлогын эсрэг тэмцэх амлалт өгөөгүй гэнэ.

“Их 20”-ийн бүрэлдэхүүнд Австрали, АНУ, Аргентин, БНСУ, Бразил, Герман, Европын Холбоо, Индонез, Итали, Их Британи, Канад, Мексик, Орос, Өмнөд Африк, Саудын Араб, Франц, Турк, Хятад, Энэтхэг, Япон багтдаг байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР