Categories
мэдээ спорт

FIBA 3X3 төрлийн шилдэг сагсан бөмбөгчдийн дэлхийн аваргын тэмцээн болж байна

“Токио-2020” олимпийн босгон дээр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3×3 төрлийн гурван том тэмцээнийг Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо, М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улс анх удаа эх орондоо хүлээн авч, зохион байгуулж байна. ФИБА 3×3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн тэмцээн /U23 Nations League/, ФИБА 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээн, мөн 18 хүртэлх насны Дэлхийн аваргын тэмцээн /U18 World Cup/ Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 9-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Дээрх гурван тэмцээнд 43 орны 500 гаруй тамирчид, төлөөлөгч нар оролцох бөгөөд тэмцээний үеэр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3×3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес, хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер нар онцгойлон хүрэлцэн ирэх аж.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Хүүхдийн баярын өдөр

Манай улс 65 удаагаа хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдрийг манай улсад 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм. Анх Хүүхдийн баярын өдөр хэмээн ирж, 1995 оноос Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын зарлигаар энэ өдрийг “Эх үрсийн баяр” болгон нэрлэж 2003 он хүртэл тэмдэглэж ирсэн бөгөөд тухайн оны тавдугаар сарын 22-нд УИХ дээрх зарлигыг цуцалж “Хүүхдийн баяр” гэж нэрлэн хүүхдийн эрхийн талаар анхаарлаа хандуулдаг өдөр болон тогтсон юм. Манай улс хүүхдүүдийг гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх таатай боломжийг бүрдүүлж эл өдрийг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм.










Categories
мэдээ нийгэм

Ховор ургамал хууль бусаар хил гаргах гэж байсныг илрүүлжээ

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Ханги хилийн боомтоор иргэд 571 кг дэрэвгэр, жиргэрүүг хууль бусаар гаргах гэж байсныг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлжээ. Их хэмжээний ховор ургамалыг тавдугаар сарын 29-нд Дорноговь аймгийн харьяат иргэн М, Г нар авч гарах гэж байгаад баригдсан байна. Дэрэвгэр жирэвгэрүү нь манай орны ховор ургамлын жагсаалтад багтдаг бөгөөд энэ ургамалыг түүн бэлтгэхийг 2023 оны 01 сарын 1-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хориглосон байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийг баярлуулах олон арга хэмжээ, өдөрлөгийг байгууллага, аж ахуйн нэгжүүдээс зохион байгуулдаг. Энэ жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зургадугаар сарын 01-ний өдрийн 11:00-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.

Тэгвэл хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эхчүүд хүүхдээ алдах, төөрөх эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай талаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдагийн нэгдүгээр хэлтсээс зөвлөж байна. Тодруулбал 2017 онд 282 хүүхэд, 2018 онд 60 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийнхаа хайхрамжгүй, хараа хяналтгүй байдлаас шалтгаалж төөрсөн байсныг цагдаагийн алба хаагчид олж тогтоон эцэг, эхэд нь хүлээлгэн өгч ажилласан байна.

Иймд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, төөрөх эрсдлээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна. Хүүхдээ алдах, төөрөхөөс урьдчилан сэргийлэх нь чухал ч мөн төөрсөн үед ямар арга хэмжээ авах талаар хүүхдэдээ анхан шатны мэдлэг олгох нь нэн чухал юм.

  1. Хэрвээ хүүхэд тань төөрсөн бол “Байгаа газраа зогсох, цагдаагийн ажилтан, харуул хамгаалалтын ажилтан эсвэл насанд хүрсэн том хүнд яаралтай мэдэгдэх” талаар сайтар хэлж ойлгуулах.
  2. Нэр, нас, хаяг зэргийг юуны түрүүнд хүүхдэдээ зааж өгөх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд хүүхдийн хувцасны дотор талын халаасанд оёж өгөх хэрэгтэй. Болгоомж хэзээд илүүдэхгүй.
  3. Хамгийн ойрын цагдаагийн хэлтэс, постод хүүхдээ алга болсон талаар яаралтай мэдээлж хандах хэрэгтэй.
  4. Хүүхдээсээ хараа хяналтаа салгалгүй байнга гараас нь хөтлөх, олон хүнтэй газар явахдаа хүүхдээ урдаа хөтөлж явж байх.
  5. Хотоос гарах, голын эрэг орчимоор баярлахдаа хүүхдээ гол, ус руу оруулахгүй байх, хүүхдээ автомашинд зориулалтын хамгаалалтын хэрэгсэл хэрэглэн тээвэрлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Тус хэлтсээс баярын өдрөөр иргэдийн амар тайван байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн сонсогчидтой хамтран Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Цэрэндоржийн гудамж зэрэг гудамж талбайд авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллах бөгөөд “Хүүхэд хамгаалагч” эргүүлүүдийг ажиллуулах юм.

Мөн бага насны хүүхэд эцэг, эх асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатарын талбай дээр дуудлага, мэдээлэл хүлээн авч ажиллах алба хаагчдыг ажиллуулах юм.

Categories
мэдээ цаг-үе

Бидний мэдэхгүй Турк орон (II)

Анкарад очоод үдээс хойш
жижиг хоолны газар орвол
хүнгүй эл хуль байлаа. Учир нь
ислам шашны мөргөлийн сар
буюу Рамадан сарын үеэр бид
очиж таарчээ. Өглөөн гэгээнээс
эхлээд үдэш харанхуй болтол
шашиндаа үнэнч хүмүүс юм
идэхгүй, ус ч уухгүй, тодорхой
цагуудад мөргөлийн уянгалаг
дуу хаа холоос цуурайтан
сонсдоно. Цайны газрын зөөгч залууст захиалга өгөх гэж бага
зэрэг будилсан нь цаана хараад
зогсож байсан хоёр турк бүсгүйн
инээдийг барав бололтой.
Алчуураар толгойгоо ороосон
гуч гаруй насны хоёр бүсгүй
гэдэгнэж годгонон инээлдэх нь
бидэнд ч хөгжилтэй байв.
Турк бол хоолны гайхалтай
соёлтой орон ажээ. Хонь, тахиа,
загас, үхрийн махыг янз янзаар
амттай шарна. Хоолны өмнө
заавал ногооны хачир, салат
зооглох бөгөөд ширээн дээр
бяслагийг хичнээн янзаар нь
өрнө. Сүү, тараг их хэрэглэдгийг
тэдний зоогийн ширээнээс
харж болно. Манайхан таргийг
сүүгээр шингэлж уудаг шиг,
тийм шингэн таргаа байнга
хэрэглэнэ. Гудамжинд нь дөнэр
төрөл төрлөөрөө байна. Хонины
гэдсээр хүртэл хийж байна
лээ. Монголчуудын хувьд хоол
таарахгүйн зовлон байхгүй,
мах их хэрэглэдэг ард түмэн
юм. Монголоос мах авна гэвэл
өөрсдөө малаа вакцинжуулж,
эрүүл гэдгийг нь бататгаж байж
авах боломж бий гэлээ.
Анкарагаас хурдны галт
тэргээр хоёр цаг гаруй яваад
Эскишехир хэмээх жижиг
хотод Монголын өргөмжит
консул Илхан Косей биднийг
хүлээн авлаа. Инээд алдсан,
үе дамжсан бизнесмэн энэ
эр өргөмжит консулынхаа
ажилдаа тун сэтгэл хангалуун
явдаг бөгөөд чин сэтгэлээсээ
ажлаа хийдэг нь илт. Туркт
сурдаг монгол оюутнуудын
спортын наадмыг энэ хотод
зохион байгуулдаг, энд сурдаг
монгол оюутнууддаа хэрэгцээ шаардлага гарвал тусалж
дэмждэг, харваас халгиж
цалгисан сайхан сэтгэлтэй
эр. Илхан Косей жил бүр
өөрийн компанийнхан болон
хамтрагчид, найз нөхөд, монгол
оюутнуудаа оролцуулан хүлээн
авалт хийдэг нь биднийг очих
үеэр таарчээ. 250 хүний
суудалтай том ресторанд нар
жаргаагүй байх үеэс хүмүүс
уван цувсаар ирлээ. Үүдэнд
нь манай консул бүх хүнээ
хүндэтгэн өргөмжит хүлээн авч
оруулна. Эрчүүд голдуу зочид дүүрэх үеэр харанхуй болж,
нэг залбирч аваад бүгд хоолоо
идлээ. Зөөгч нар талх, ногоо,
сүү тарагнаас гадна зутан шөл,
шарсан махыг таваг тавгаар нь
зөөж гүйлдэнэ. Зоог хоёр цаг
орчим үргэлжилж, зочид хоолоо
идэж дуусаад, талархлаа
илэрхийлэн гарсаар танхим
дороо эзгүйрлээ. Манайхны
ийм зоогт сархад сөгнөөстэй,
халамцуу эрчүүд хаа сайгүй
байдаг бол туркүүд сайхан
хооллож аваад тарж одоцгоох
нь содон харагдаж байлаа.
Манай өргөмжит консул
маань Эскишехирт сурч байгаа
10 гаруй монгол оюутныг бас
урьсан байсан. Тэд хэзээний
танил ажээ. Энэ хот Турктээ
жижигт тооцогдох ч 900 мянга
гаруй хүн амтай. Гурван том их
сургуультай болохоор залуус
ихтэй ажээ. Онгоцны мотор,
хөргөгч зэргийг үйлдвэрлэдэг
НАТО-гийн ханган нийлүүлэгч
томхон үйлдвэр байдаг гэх
мэт технологид суурилсан аж
үйлдвэр хөгжжээ. Мөн Туркийн
соёлын төв хот гэж хэлж
болохоор юм. Аялаг тавлаг
байдлаараа Анкарагийн дараа
эрэмбэлэгддэг цэвэрхэн хот
ажээ. Гэмт хэрэг зөрчил бараг
гардаггүй гэдгээрээ алдартай.
Ямартаа л хар шөнөөр эмэгтэй
хүн ганцаараа явахад ямар
ч аюулгүй гэж тайлбарлаж
байхав.

* * *

Туркүүд цайгаа хандалж,
нэг их таатай тухтай уух юм.
Цайны ханд бэлтгэх арга нь ч
өвөрмөц. Энгийнээр хэлэхэд
хандаа маш өтгөн хийж, усаар
шингэлж таатайхан ууна. Цай
чанах тусгай жижиг зуух хүртэл
байна лээ. Турк цайг хэрэглэж
сураагүй хүн хэт өтгөн уувал
толгой эргэж, дотор муухайрна,
зүрх ч эвгүйрхэх талтай. Харин
уугаад байвал амтанд нь орчих
шинжтэй, тааламжтай амттай.
Туркүүд цайгаа дундаа
тавьчихаад, махаа шарж
идэн хууч хөөрч суудаг. Гэр
бүл, найз нөхөд хаана ч ийм
төрх харагдана. Омголон
халуун цустай энэ ард түмэн
дайламтгай найрсаг зантай.
Харилцааны тал дээр албан
ажлын харилцаанаас хальж найз нөхөд болоод байдаггүй.
Ажлын хамтрагч бол тэр
хэв маягаас хазайхгүй гэсэн
зарчмаар явдаг хүмүүс ажээ.
Туркт гутал, хувцас хунар
бусад орноос хавьгүй хямд
ажээ. Анх тэд алдартай
б р э н д ү ү д и й г д у у р а й ж хуулбарлаж хийдэг байжээ. Тэр
нь удаан хугацаанд давтагдсаар
байгаад өдгөө үндсэн брэнд
бүтээгдэхүүнээсээ ч хавьгүй
илүү чанартай болсон байна.
Даавууны чанар, хувцасны
өмсгөл, биед таатай байх зэрэг
нь тун давгүй. Манайхан Туркээс
бараа зөөдөг болсноор барааны
чанарыг нь сайн мэддэг болсон.
Дунджаар Туркээс авчирсан
нэг жинсэн өмд манайд 80-
100 мянган төгрөгийн хооронд
хэлбэлздэг бол Стамбулын
томхон худалдааны төвд хийц
загвараасаа шалтгаалаад
дунджаар 25-50 мянган
төгрөгийн хооронд байх
жишээтэй. Анкарад үүнээс
арай хямд, Эскишехирт бүр
хямд байдаг гэнэ. Гутал, цамц
гээд бүхий л төрлийн бараа
бүтээгдэхүүн иймэрхүү л үнэтэй
байх юм билээ. Харьцангуй
үнэтэй байдаг зүйл нь архи,
дарс, шар айраг. Холоос зөөж ирж байгаа болохоор Монголд
үнэ өртөг нэмэгдэх нь аргагүй
биз. Харин туркүүдийн хүсээд
байгаа том онгоцыг өдөр бүр
нисгэвэл карго зөөх хэмжээ
нэмэгдэж, үнэ багасна. Тэр
хэрээр турк бараа Монголын
зах зээлд хямд ирнэ. Монголын
бараа бүтээгдэхүүнийг Туркт,
цаашаа Европод хямд зардлаар
гаргах боломжтой гэж тэд
тайлбарлаж байсан.


* * *

Эртний түүхт Стамбул бол
асар том хот. Уул, дов толгод дамнан бүхэл бүтэн хоёр тив
дамнан сунайна. Ази, Европ
тивийг заагласан Босфорын
хоолойг асар том гурван гүүрээр
холбож, хотоо холбожээ. Орой
ажил тарахын орчим Европ
тив чиглэсэн замын ачаалал
ихэсдэг. Өглөө эсрэгээрээ
хүмүүс Ази тив рүү ажилдаа
яарч, замын ачаалал нэмэгддэг
байна. Гэсэн ч тэр үеэрээ таг
зогсохгүй, бага хурдтай ч гэсэн
хөдөлгөөн урссаар л байдаг.
Замын голоор бас нэг зам
байх нь тусгай замын автобус
зорчих зориулалттай. Хоёр
талаар нь торон хаалт татсан
байх бөгөөд зорчигчид шатаар
дээш гарч ирж сууна. Ямар ч
түгжрэл, гацаагүй маш хурдан
явах хүмүүс энэ автобусыг
сонгож болно.
Алдарт Босфорын хоолойн
ус хөхрөн цэлэлзэх нь гайхалтай
үзэсгэлэнтэй. Хоёр эргээр
нь хувийн хаус, ресторан, үйлчилгээний газрууд ярайна.
Энд газар, байшин, үйлчилгээ
хамгийн үнэтэй. Эрэг дагуух
зогсоол дээр жижиг онгоцнууд
давалгаан дунд дайвалзан
эгнэн зогсох нь цэнхэр усандаа
гарахаар яаран яаран байна
уу даа гэлтэй. Энэхүү жижиг
завь бол амралт зугаалгын
унаа бөгөөд Туркэд ирсэн
жуулчид хөлөглөн үзэсгэлэнт
хоолойгоор аялна. Мөн төрсөн
өдөр, хуримын ёслол ч завин
дээр болдог. Дээрээ гурав
дөрвөн давхар барилга бүхий том том ачааны хөлөг онгоц
усан хоолойгоор байнга зөрнө.
Усны урсгалаасаа болдог уу
том онгоцнууд үдээс өмнө нь
нэг чигт, үдээс хойш нөгөө
чигт явдаг. Өөрөөр хэлбэл,
том хөлөг онгоцнууд зөрөлдөн
давхидаггүй гэсэн үг.


***

Хүн амынхаа тал хувьтай
тэнцэх хэмжээний жуулчин
авдаг энэ улс 2019 онд бүр их
жуулчин авна гэж төлөвлөжээ.
Туркийн үзэсгэлэнт байгаль,
хосгүй сонин түүхийн дурсгалт
газруудаар аялж, далайн эрэг
дээр наранд биеэ шарж, дэлгүүр
хоршоо хэсэх жуулчдаас тэд
бас л өөр хэлбэрээр “мөнгө
салгахаар” шийджээ. Тэр нь
эрүүл мэндийн аялал жуулчлал.
Аялангаа эрүүл мэнддээ анхаар
гэсэн үг. Анкара хотод л гэхэд
зургаан том блок бүхий Европ
тивдээ хамгийн томд орох нүсэр
эмнэлэг үүдээ нээж байна. Хотод байх томхон эмнэлгүүдээ
нэгтгэн, шинэ барилгад нүүлгэн
шилжүүлж байгаа бөгөөд тоног
төхөөрөмжүүдийг ч шинэчлэн
сольжээ. Эмнэлгийн дээд
зэрэглэлийн өрөөнүүд нь тансаг
зэрэглэлийн зочид буудлаас
ялгаагүй. Хурлын танхим,
зочны, унтлагын буюу сахиурын,
гал тогооны гээд дөрөв таван
давхар сэлүүхэн өрөөнүүдтэй.
Энгийн өрөөнд ч мөн 2-3 өвчтөн
хэвтэх бөгөөд саруулхан тохилог
ажээ. Эмнэлгийн блокуудын
хооронд явах шаардлага гарвал дотроо жижиг оврын машинаар
давхина. Алхана гэвэл хамаг
цагаа барж, төөрч мэдэхээр
том.Үүн шиг 15 том эмнэлэг
цаашид барихаар төлөвлөж
байгаа гэнэ.
Туркийн улсын эмнэлгийн
үйлчилгээ нь Европынхоос 30-
40 хувь хямд ч үйлчилгээний
чанараараа илүү гарна уу
гэхээс дутдаггүй байна. Сүүлийн
үед манайхан ч гэсэн Туркэд
эмчилгээ хийлгэх нь нэмэгдэж
байгаа бөгөөд Солонгос,
Тайландын эмнэлгээс хавьгүй
хямд тусдаг, эмчилгээ,
үйлчилгээний чанар өндөр
хэмээн онцлох хүн олон байв.
Тиймээс тун удахгүй Туркийн
улсын эмнэлгийн төлөөлөгчийн
газар Улаанбаатарт үүд хаалгаа
нээхээр яриа хэлэлцээр
эхэлжээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм

Ойрын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцохыг уриалав

Өнөөдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Бяцхан үрсээ хүндэтгэж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж, үг хэллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд Эхийн алдар одон гардуулах зарлиг гаргав.

Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар буюу олны хэлж заншсанаар Алдарт эхийн I болон II одонг 9465 ээж хүртэж байна.

Үүнээс:

  • Нэгдүгээр одон 611
  • Хоёрдугаар одон 8853
  • Нийслэлээс 3677
  • Хөдөө, орон нутгаас 5090
  • Гадаад улсад оршин суугаа 28 ээж алдарт эхийн одон гардаж байна.

Эхийн алдар ордон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим ээжид Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Сайн байцгаана уу эрхэм хүндэт эхчүүд ээ,

Та бүхэнд Хүүхдийн баяр – Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.

Баярын энэ сайхан өдөр хүүхэд бүрийн наран, баяр жаргалын ундарга болсон эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг уламжлалтай. Энэ бол маш сайхан уламжлал юм. Монголын төр үеийн үед улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, хүүхэд эхчүүдийг анхаарлынхаа төвд байлгах учиртай. Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ билээ.

Өнөөдөр Алдарт эх болж байгаа бүсгүйчүүдийн дунд хоёр содон тохиолдол байгаа нь гурван хүүхэд төрүүлж, өсгөж байгаад дөрөв дэх төрөлтөөрөө гурван ихэр төрүүлж Алдарт эхийн 1, 2-р одонгийн болзлыг зэрэг хангаж 6 сайхан үртэй болсон хоёр ч эх иржээ. Баяр хүргэе. Монголын үрс олон болж байна. Улам олон болох болтугай!

Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол асар том хөдөлмөр юм. Хүүхдээ өсгөж байгаа эхчүүдийг “гэртээ ажилгүй” суудаг гэж ярих бол буруу! Энэ бол цаг наргүй, хариуцлага, сэтгэл шаардсан нүсэр, амаргүй ажил. Тийм учраас төр Монгол Улсын иргэнийг эрүүл саруул, зөв сэтгэл, зөв ёс зүйтэй болгон өсгөж, хүмүүжүүлж байгаа эхчүүдийн хөдөлмөрийг дэлхий нийтийн жишигт хүргэн үнэлэх ёстой гэж би боддог.

Бусад улс оронд эхчүүд, хүн амаа өсгөх талаар ямар халамжийн бодлого явуулдаг талаар хэдэн жишээ хэлье.

Одоогийн үнэлэмж бол Алдарт эхийн нэгдүгээр одонт эхэд – 200 мянга, хоёрдугаар одонт эхэд – 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгож байгаа нь өнөөгийн ханшаар 100 хүрэхгүй доллар юм.

Бусад улстай харьцуулахад хүүхэдтэй эхэд жилд Австрали улс хамгийн их 3613 ам.доллар, Унгар 765 ам.доллар, Япон 510 ам.доллар, Польш 278 ам.доллар, Грек 135 ам.доллар олгож байна.

Хөрш ОХУ хүүхэд төрүүлсэн эхэд 3 жилийн туршид тэтгэмж олгодог, эхний 5 сар цалингийн 100 хувиар тэтгэмж олгоод цаашид 40 хувиар тооцож тэтгэмжийг боддог бол манайд жирэмсний 5 сартайгаас эхлэн нийт 12 сарын хугацаанд тэтгэмж олгдог. Тэтгэмжийн сард олгох хэмжээ 40-хөн мянган төгрөг байна.

Эндээс бид эхчүүдийнхээ хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг нь харагдах байх. Бид эхчүүдээ бодитоор үнэлэх, баярлуулах талаар нухацтай бодох цаг болсон байна. Хүүхдээ сэтгэл амар өсгөж бойжуулах хэмжээнд эхчүүдийн тэтгэмжийг аваачих талаар Засгийн газар, холбогдох яамд бодлого боловсруулах, шийдэл гаргахыг би дэмжиж ажиллах болно.

Өнгөрсөн жилийн Хүүхдийн баяраар хүүхэд багачууд маань Ерөнхийлөгчдөө хандан хүсэл мөрөөдлөө илэрхийлж, тулгамдаж байгаа бэрхшээл, амьдрах орчин, сум орон нутаг, эх орныхоо тухай бичиж, олон мянган захидал, гар зургийг ирүүлсэн. Хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг харгалзан тусгаж, сайн сайхан ирээдүйг бүтээх орчин нөхцөлийг бий болгохын төлөө 2019-2020 оныг “Хүүхэд хамгаалал, хөгжлийн жил” болгон зарлаж, Засгийн газарт үүрэг чиглэлийг өгсөн. Цаашид ч хүүхдийн төлөөх үйл хэрэг тасралтгүй байх ёстой.

Та бүхэнд эх орныхоо ирээдүйг эрүүл саруул өсгөн бойжуулж, хүмүүжүүлж байгаад тань гүн талархал, хүндэтгэл илэрхийлье. Монголын ард түмний нэрийн өмнөөс баярлалаа гэж дахин хэлье.

Монголын айл бүхэн амар амгалан, үрс бүр аз жаргалтай, эх болгон сэтгэл тэнүүн байх болтугай.

Баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

“Hyundai”-гийн дэлхийд танилцуулсан “Palisade”жийптэй, “BMW”-ийн “X7”-той авто шоу

Дэлхийн шилдэг
автомашины брэндүүдийн 2019
оны шинэ загвар, Монголын
автын салбарын тэргүүлэх
байгууллагуудын бүтээгдэхүүн
үйлчилгээг танилцуулдаг
“Улаанбаатар авто шоу 2019”
өчигдөр нээлтээ хийлээ.
Дистрибьютор компаниудын
тансаг зэрэглэлийн, спорт
ангиллын, бартаат замын,
их хотын гээд бүх төрлийн
зориулалттай хурдан хүлгүүдийг
“сойсон” авто үзэсгэлэнгээс
сурвалжиллаа. Үзэсгэлэн ирэх
ням гариг хүртэл үргэлжилнэ.

Дэлхийд ганц, дундаа
мотортой “CaymanS” 270
сая төгрөгийн үнэтэй

“Старчейз автомотив
лимитэд” компани үзэсгэлэн
“Range rover”, “Porsche”-ийн хэд,
хэдэн загварыг танилцуулав.
“Range rover” том загвар,
“Range rover sport” загвар ирсэн
байна. “Range rover sport” нь
эмэгтэйчүүдэд тохиромжтой, их
хотын тансаг ангиллынх. Үнийн
хувьд 310-320 сая төгрөг. Том
“Range rover”нь үйлдвэрийн
нарийн аргаар боловсруулсан
арьсан, тансаг хийцтэй бүрээстэй
суудалтай, салон томтой, зөөлөн,
14 ширхэг спикер дуугаралттай
хөгжимтэй гээд онцлох зүйл
олон аж. 240 км цагийн хурдтай,
Монголын нөхцөлд зориулсан
евро-2 түлшийг зарцуулдаг. 428-
490 сая төгрөгийн үнэтэй байна.
1900 оноос эхтэй “Porsche”-
гийн дэлхийн цорын ганц, дундаа
мотортой спорт загвар “Cayman
S”үзэсгэлэнд оролцогчдын харааг
булааж байв. Хоёр суудалтай,
суудлаас хойш 35 см-ийн хойно
мотор нь байрлана. Зах зээлийн
үнэ 270 сая гэнэ. Солонгосын KIA брэнд “Kia
Sorenta” автомашинаа үзэсгэлэнд
голлох загвараа болгожээ. “Их
хот, аялал зугаалга, гэр бүлийн
хэрэгцээнд загвар, овор хэмжээ,
багтаамж, туулах чадвар,
техник технологийн дэвшил
агуулсан төгс шийдэлтэй”
хэмээн борлуулалтын менежер
А.Угтахбаяр онцлов. Kia Sorento
загварыг 2015 онд бүрэн
шинэчилсэн бөгөөд 2018 онд
facelift хийгджээ. Шинэчлэгдсэн загвар “Sorenta”-гийн зах зээлийн
үнэ 107 сая төгрөг бөгөөд авто
шоуны явцад 98 сая төгрөгөөр
худалдаалж эхэлжээ.

Оросын “Нива” загвар
“Lada 4×4 urban” болж
шинэчлэгдэв


Toyota брэнд ч шинэ загварын
тансаг зэрэглэлийн жийпүүдээ
танилцуулсан. Бартаат замын
хаан гэгддэг “JEEP”мөн л шинэ
загваруудаа “сойжээ”. Хамгийн
жижиг хэрнээ салон томтой
“Renegade”загварыг хүмүүс
ихээхэн сонирхож байна. Мост
хүндрүүлэгчтэй, мотор нь 2.4-ийн
багтаамжтай. Бензин зарцуулалт
багатай ч бартаа туулах чадвар
өндөр гэж байна. 180 морины хүчин чадалтай. 100 км-т 9-11
литр бензин зарцуулалттай.
Худалдаалах үнэ нь 94 сая
төгрөг, өвлийн дөрвөн дугуйг
дагалдуулсан урамшуулалтай
байна.
Тэгвэл “Lada”
брэнд“ Lada Vesta SW
cross”,“LadaVesta cross”,“Lada
4×4 urban”загвараа танилцуулав.
Монголчуудын эртний танил
“Нива”нэршилт загвар энэ
удаа “Lada 4*4 urban”болж шинэчлэгджээ. Их хотод
зориулсан эл загварын зах
зээлийн үнэ 35 сая төгрөг.
Мишээл экспо худалдааны
танхим дахь хамгийн боломжит
үнэтэй машин нь дээрх загвар
байв. 83 морины хүчтэй, суудал
халаагч, цахилгаан удирдлагатай
цонх, хром гоёлууд, дуу чимээ,
чичиргээ тусгаарлах нэмэлт
доторлогоотой.

Автомашины хар өнгө
трэнд хэвээр байна

Дэлхийд шинэ тутамд
үйлдвэрлэгдэж буй автомашиныг
монголд оруулж ирэхэд түлшээ
голдог тухай борлуулагчид
ярьж байв. Автомашины энэ
жилийн өнгөний трэнд хар өнгө хэвээр байна. Хар өнгө угаас
классик өнгө учраас үеийн үед
хуучирдаггүй гэж байна. Хар
дээр нэмж одтой хар, боронзон
бор, завсарын өнгүүд трэнд болж
байгаа аж.

“Hyundai motors”
жийпний зах зээлд
“Palisade”-аар эргэн
ирлээ

Жил бүрийн авто шоуны
хамгийн их хүлээлттэй хэсэг бол
дэлхийн автомашины хамгийн
сүүлийн үеийн шинэ загвар. Энэ
удаагийн шоуны тэсрэлтийн
эзэн “Hyundai motors”брэндийн
“Hyundai palisade” загвар
байлаа. Дэлхийд 13 нэр төрлийн
автомашиныг үйлдвэрлэдэг
байсан тус компани энэ жилээс 14
дэх загвараа үйлдвэрлэж эхэлсэн
нь “Palisade” аж. Автомашины
кузов, доторх эд анги технологийг
дахин шинээр инженеринг
хийсэн цоо шинэ загвар болох
“Palisade” нь 3.5 хөдөлгүүртэй,
долоон шатлалт автомат хурдны
хайрцагтай. Үзэсгэлэнд зориулж
бүрэн тоноглолтойгоор 160 сая
төгрөгөөр худалдаалж байна.7-8
хүний суудалтай, евро стандартын
бензин зарцуулалттай. H trac
буюу хөтлөгчийн системтэй. Энэ
нь автомашины хөдөлгүүрийн
хүчийг урд, хойд тэнхлэгтээ
болон дөрвөн дугуйдаа давхар
хуваарилдаг ажээ.
Тэгвэл дэлхийн алдарт BMW
брэнд ч энэ удаа цоо шинэ
загвараа дэлгэжээ. X7 гэх 340
морины хүчтэй, гурван хос турбо
хөдөлгүүртэй шинэ загварыг
танилцуулсан юм. Худалдааны
үнэ 345 сая төгрөг байв.
“Nissan” брэнд бас хэд, хэдэн
загварыг дэлгэсэн байлаа. “Nissan qashqai”,“Nissan patrol”, “Nissan
murano”, “Renault Kaptur”,“Renault
duster”загварыг танилцуулсан
юм. “Nissan”-ны нүүр царай,
домог болсон “Patrol”загвар
тогтворжуулах системтэй,
хүндийн төв нь хамгийн дор
байрлуулсан, тэнцвэрээ алдахгүй
явах чадвартайг монголчууд
сайн мэддэг болсон. Харин энэ
жилээс эл загварын суудлын
бүрээснийхээ өнгийг сольж бор
арьсан суудалтай болжээ.
Үүнээс гадна монголчуудын
хамгийн их сонирхож,
худалдан авдаг болсон
загварууд“Kaptur”,“Duster”
болсон гэж байна. Сонирхолтой
нь “Duster” загварыг монгол хүн
зохиосон байдаг аж. Худалдааны
үнэ нь 55.9 сая төгрөг. Харин
“Kaptur” загвар эмэгтэй хүнд
тохиромжтой, 1.6 мотортой.
Үнийн хувьд хамгийн хямд, 57.9
сая төгрөг гэж байна.

Цэнэглээд 385 км явах
загвар Монголд орж
ирнэ

Дэлхий дахин автомашины
салбарыг цахилгаан моторт
шилжүүлэх бодлого барьж буй.
Манай улс ч байгальд ээлтэй,
эдийн засгийн хэмнэлттэй хэмээн
цахилгаан машины хэрэглээг
дэмжиж байгаа. Харин авто
шоуны үеэр дистрибьютор
компаниуд цахилгаан машиныг
үзэсгэлэнд тавиагүй байна.
Голдуу бензин зарцуулдаг, hybrid
хөдөлгүүртэй автомашиныг
тавьжээ.
Цахилгаан хөдөлгүүртэй
автомашины хэрэглээ манай
улсад төдийгүй дэлхийн зах
зээлийн үйлдвэрлэл ямар
байгаа талаар дистрибьютор
компаниудаас тодруулсан юм.
Kia брэнд гэхэд “Kia Soul”
бүрэн цахилгаан автомашинаа
2014 онд Чикаго хотын авто
үзэсгэлэнд анх танилцуулж
худалдаанд гаргасан юм байна.
Энэ автомашин нь байгальд
ээлтэй, нэг цэнэглэлтээр 179
км туулах боломжтой. Нүүрс
хүчлийн хий ялгаруулалт тэг
хувь. 0-100км/ц хурд авалт
11,2 секунд, ачааны хэсгийн
багтаамж 281 литр юм байна.
Удахгүй Kia Soul бүрэн цахилгаан
автомашиныг Монгол Улсын
зах зээлд нэвтрүүлэхээр
ажиллаж байгааг худалдааны
зөвлөх А.Угтахбаяр ярьсан.
Гол нь манай улсад цахилгаан
автомашины цэнэглэлтийн
асуудал бүрэн шийдэгдээгүй
байгааг үйлдвэрлэгч талынхан
онцолдог юм байна.
Тэгвэл “Nissan” брэндийн
хувьд “Leaf”загварын цахилгаан
машины хоёр загварыг манай
улсад туршиж эхэлжээ. 2011
оных нь 110 км, 2015 оных нь
235 км явах чадвартай юм байна.
Өвлийн нөхцөлд батарейны
багтаамж нь буурч байгаа эсэх
зэрэг туршилтын ажил амжилттай
дуусвал шинэ загваруудыг
оруулж ирэх боломжтой гэдгийг
тус компанийн маркетингийн
ажилтан Ж.Чойжамц ярьсан.
Тодруулбал, “Leaf”-ын 2017
оны загвар нэг удаа цэнэглээд
305 км явдаг, 2018 оных нь 385
км явах чадвартай, батарейн
багтаамж илүү томорсон шинэ
загварыг худалдаанд гаргасан
байдаг ажээ.




Б.ЭНХЗАЯА

Гэрэл зургуудыг ц.мягмарсүрэн

Categories
мэдээ нийгэм

Танилц: Хүүхдийн баярын хөтөлбөр

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 18-наас зургадугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаануудын гол арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 1-нд 11:00-17:00 цагийн хооронд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.

Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны хүндэтгэлийн тоглолтод нийслэлийн сургууль, цэцэрлэг, байгууллагуудын 1,500 орчим уран бүтээлчид, авьяаслаг хүүхэд багачууд оролцож тайзнаа уран бүтээлээ үзүүлэхээр бэлтгэж байгаа бол, Д.Сүхбаатарын хөшөөний баруун болон зүүн талуудад Монголын үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийн, худалдаа эрхлэгчид үзэсгэлэн худалдаагаа гаргаж, төрийн болон олон нийт, хувийн хэвшлийн байгууллагуудаас хүүхдийн өөрийн оролцоонд суурилсан уралдаан наадам, хөгжөөнт тоглоом, хүүхдийн эрхийн талаарх мэдээлэл, сурталчилгаа явуулах байгууллагуудын асрууд тус тус байрлана.

ХҮҮХДИЙН БАЯРААР НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР:

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зургадугаар сарын 1-нд 11:00-17:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 4-ний өдрүүдэд 10:00-00:00 цагийн хооронд “Гайхамшигт долоо хоног” уламжлалт арга хэмжээг ес дэх удаагаа зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

МОНГОЛЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР

Тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд 13:00, 15:00 цагуудаас “БҮЛТЭЭХЭЙ, ДЭЛДЭЭХЭЙ 2” тэдний найзууд хүүхэлдэйн жүжгийг өөрийн тайзнаа тоглоно. /үнэ:5,000 төг/

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

Зургаадугаар сарын 1-нд 14:00, 16:00 цагуудаас хоёрхон удаа Оросын алдарт зохиолч С.Михалковын зохиол “БАРДАМ ТУУЛАЙ” хүүхдийн жүжиг тоглоно. /үнэ:8,000 төг/

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

Зургаадугаар сарын 1, 2-нд 17:00 цагаас “АМТТАНЫ ДОКТОР” хүүхдийн балет тоглоно. /үнэ:10,000, 20,000, 30,000 төг/

НИЙСЛЭЛИЙН УЛААНБААТАР ЧУУЛГА

Зургаадугаар сарын 1-нд 12:00-14:00 цагийн хооронд Дорноговь аймгийн хүүхдүүдийн тайлан тоглолт тоглоно.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

Зургаадугаар сарын 1-нд 14:00 цагаас “Хүүхдийн ертөнц” дугуйлангийн сурагчдын гала тоглолт тоглоно. /Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан/

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

Зургаадугаар сарын 1-нд 12:00-15:00 цаг хүртэл олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжаар өсгөсөн нийслэлийн харьяат 555 эхэд эхийн алдар 1-р зэргийн, эхийн алдар 2 дугаар зэргийн одон гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана.

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

Зургаадугаар сарын 1-нд 10:00-16:00 цагийн хооронд “Номинд хүүхдийн хүсэл цөм бүрэн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Улсын Их дэлгүүрийн гадаа талбайд зохион байгуулна. Гадаа асруудад Бүс болон Импорт салбарын гадаа талбайн худалдаа, гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргана. Арга хэмжээнд Найрал дууны сурагчид, Алиалагч ба циркчид, Бүжигчид, Мотив хамтлаг, Номин Кидс цэцэрлэгийн багачууд, Хөгжөөнт тэмцээн, Зарласан уралдаанаа дүгнэж, шагнал гардуулах зэрэг ажлууд болно.

УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР

Зургаадугаар сарын 1-нд 12:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг гадна талбай, Үзэсгэлэнгийн танхим, 4-р танхим зэрэгт тус тус зохион байгуулж хөгжөөнт тэмцээн, Facebook уралдааны ялагч тодруулах, урлагийн тоглолт, театрчилсан тоглолт зэргийг үзүүлнэ.

ШАНГРИ-ЛА ТӨВИЙН 3-Р ДАВХАР ADVENTUREZONE ТОГЛООМЫН ТӨВ

Тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 2-нд 10:00-20:00 цагийн хооронд Аами Таами-тай сюрприз дүүрэн багцыг санал болгож байна. /Хүүхдийн баярын бүтэн өдрийн тоглох эрхтэй бэлгийн багцтай хөтөлбөр үнэ:40,000/

НАРАН ИХ ДЭЛГҮҮР

Зургаадугаар сарын 1-нд 12:00-14:00 цагийн хооронд Наран молл худалдааны төвийн гадна талбайд “Наран шилтгээн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.

ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ

Тавдугаар сарын 31, Зургаадугаар сарын 1, 2-ны өдрүүдэд 14:00, 16:00, 18:00 цагуудад “ДОЛООН ЧУЛУУНЫ ГАЙХАМШИГ” хүүхдэд зориулсан бүжгэн жүжиг тоглоно.

МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ОНӨТҮГ

Зургаадугаар сарын 1-нд 10:00-17:00 цагийн хооронд “Монгол хүү” үндэсний хүүхдийн эрийн гурван наадам Хүй долоо худгийн соёл урлагийн талбайд зохион байгуулна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тавдугаар сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг УБ палас гадна талбайд зохион байгуулна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зургаадугаар сарын 1-нд 11:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Тусгаар Тогтнолын талбайд зохион байгуулна.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зургаадугаар сарын 1-нд 10:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Нацагдоржийн талбайд зохион байгуулна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тавдугаар сарын 31-нд 11:00-14:00, 14:00-17:00 цагуудад Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг дүүргийн соёлын ордонд зохион байгуулна.

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зургаадугаар сарын 1-нд 10:00-17:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг БХД-ийн ЗДТГ-ын талбайд зохион байгуулна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зургаадугаар сарын 1-нд 09:00-15:00 цагийн хооронд Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Налайх дүүргийн соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тавдугаар сарын 31-нд 11:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг дүүргийн ерөнхий боловсролын 82-р сургуулийн талбайд зохион байгуулна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд хороо тус бүр хүүхдүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж, бэлэг гардуулна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд хороо тус бүр хүүхдүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж, бэлэг гардуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Ид, залбир, хайрла”

Америкийн сэтгүүлч,
зохиолч, аялагч, уран илтгэгч
Элизабет Гилбертийн “Ид,
залбир, хайрла” нэртэй нэгэн
гайхалтай номыг энэ удаагийн
“Ном ярьж өгье” буландаа
онцолж байна.
“Нэгэн бүсгүй амьдралын
утга учрыг эрэлхийлэн Итали,
Энэтхэг, Индонезээр аялсан
нь” гэсэн тодотголтой энэхүү
номоо зохиолч эмэгтэй 2006
онд бичсэн бөгөөд бараг
дөрвөн жилийн турш “New
York Times”-ийн бестселлер
номоор шалгарсан төдийгүй
эмэгтэй хүн бүрийн заавал
унших номын тоонд нэрлэгдсэн
байдаг. Тус зохиолоор 2010
онд Холливудын кино хийгдэж,
Элизабет Гилбертийн дүрд
жүжигчин Жулиа Робертс
тоглосныг уншигчид сайн
мэдэх байх. Зеролекс
хэвлэлийн газраас 2018 онд
монгол хэлнээ хөрвүүлж
уншигчдын гарт хүргэсэн.
Энэ ном нь гурван
бүлэгтэй. Нэг бүлэгт 36 дэд
хэсэг бий. Бүх бүлгийн тоо
нийлээд 108 болох ба эрхийг
бэлгэдэж номоо ийнхүү
зохиомжилжээ. Эхний “Ид”
нэртэй бүлэгт Гилбертийн
дэлхийд хоолны урлагаараа
гайхагддаг Итали орноор
аялсан түүх гардаг. Зохиолч
эмэгтэй өөрөө сэтгэл санааны
гүн хямралд орж, турж эцэн,
цаашид хэрхэн амьдрахаа
ч мэдэхгүй хэцүү байдалд
орсон үедээ бүхнийг мартаж
сэргэлт авахаар Италийг
зорьдог. Бас итали хэл сурах
мөрөөдөл нь ч нөлөөлдөг.
Энэ бүлэгт амьдралын баяр
баяслыг идэх хоолноосоо
хэрхэн мэдрэх тухай голчлон
өгүүлэх боловч цаагуураа
хүмүүсийн өдөр тутмын
амьдралд байнга тохиолдож
байдаг ч тэр бүр анзаардаггүй
олон сайхан мэдрэмжийг
уншигчдад мэдрүүлж, ойлгуулдаг. Жишээ нь, зүсэм
пицца идсэн ч тэр пиццанд
орсон орцуудыг тултал мэдэрч
амтлах, түүнээсээ таашаал
авах, бороотой өдөр гэртээ
аяга халуун цай ууж байхдаа
амар амгаланг мэдрэх,
өглөө бүр кофены сайхан
үнэр түгсэн өрөөнд сонин
гарчиглан суухаас авах тэр
мэдрэмжүүд. Энгийн боловч
энэ бүгдээс сайн сайхныг
мэдэрч, одоо байгаадаа
сэтгэл хангалуун байж чадвал
аз жаргалтай амьдарна гэсэн
санааг ойлгуулах болно.
“Залбир” хэмээх
хоёрдугаар бүлэгт Энэтхэгт
очиж хэрхэн их багшаа олсон,
бясалгал хийж сурсан тухай
гардаг. Хүмүүс бид завгүй,
бухимдал ихтэй, замбараагүй
ертөнцөд амьдарч байна.
Үүнийг засч өөрчлөх боломж
нэгэнт байхгүйгээс хойш,
бас амьдрахаа больж
болохгүй болохоор энэ их
дарамт, стрессээс өөрийгөө
чөлөөлж, уужуу амьсгал
авч, өдөр бүрийг хэрхэн аз
жаргалтай өнгөрүүлэх вэ.
Өөрийнхөө мөн чанарыг
нээх нь амьдралын жинхэнэ
утга учир юм байна гэдгийг,
нүгэл биш буян үйлдэх нь,
бусдыг шүүмжлэхээсээ илүү
хайрлаж ойлгох нь эргээд танд сэтгэлийн амар амгаланг
бэлэглэх болно гэдгийг
зохиолч энэхүү аяллаараа
олж нээсэн байдаг.
Энэ бүлгээс “Мөргөл гэдэг
нь бурхантай ярилцахыг,
харин бясалгал гэж бурханыг
сонсохыг хэлнэ” гэдэг
эшлэлийг онцолъё.
“Хайрла” хэмээх
гуравдугаар бүлэгт
Гилбертийн жинхэнэ
хайртайгаа учирч буй тухай
гардаг. Хүн сэтгэл зүрхтэй,
хайрлаж дурладгаараа бусад
амьтдаас ялгаатай. Хайр
олон төрөл байх боловч
мэдрэмж нь ижил, ундарга
нь ганц л газраас үүсэлтэй.
Хүн зүрхээрээ дурладаг гэдэг,
тархиараа бодож хайрладаг
гэлцдэг. Гэхдээ сэтгэл гэгч
хүнийг хүн байлгаж чаддаг
мөнхийн, хэзээ ч дундаршгүй,
бүх зүйлсийн анхдагч болсон
тэр л газраас хайр оргилон
ундарч байдаг. Хайр бол хүний
мэдэрч болох хамгийн сайхан
мэдрэмжүүдийн цуглуулга,
хүнээс гарч болох хамгийн
дулаан энергийн бөөгнөрөл.
Таны дотор үргэлжид оршин
байдаг “жинхэнэ өөрийн” тань
илэрхийлэл.
Жирийн нэг сэтгүүлч,
аялагч эмэгтэй аяллынхаа
түүхийг ярьж өгч байгаа мэт
боловч хүний амьдралд
тохиолдож болох, угаасаа ч
тохиолдож байдаг баяртай,
гунигтай зүйлсийг энгийнээр
бичсэн болохоор энэ
номыг уншсаны дараа танд
найзтайгаа ярилцсан юм шиг
дотно мэдрэмж төрүүлэх нь
дамжиггүй.
“Эрт урьдын цагт
санамсаргүй тохиолдлоор чи
өөрөө өөрийгөө, өөрийнхөө
найз болгосон гэдгээ хэзээ
ч бүү мартаарай” Элизабет
Гилберт.

А.МӨНХЗУЛ