Categories
мэдээ цаг-үе

Төрөө түшилцэж, түмэндээ хүндлэгдсэн С.Ламбаагийнх

“Танайд өнжье” булангаа Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд асан Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Самбуугийн Ламбаагийнхаас бэлтгэлээ. Энэ эрхэм улсын Хоёрдугаар төв эмнэлгийн хажуухан дахь орон сууцанд эхнэрийн хамт амьдардаг юм байна. Зээ нар нь ирж өвөө, эмээгийн нар нь гарсан өдөр бид зочилж таарав. С.Ламбаа гуай “Би Баянзүрх дүүрэгтээ л амьдрах дуртай хүн. Юун Зайсан майсан. “Дассан газрын даавуу зөөлөн” гэгчээр эндээ л байхыг илүүд үздэг” хэмээсээр бидэнтэй халуун дулаан яриа өрнүүлсэн юм. Тэрээр Хануй, Тамирын голд шумбаж өссөн, арын сайхан хангайн хөвүүн. Нутаг ус гэхээр л хүмүүсийн нүд сэргэж, магтах үгээ олж яддаг нь үнэн. Түүний хувьд ч “Миний нутаг ч сайхан хангай шүү” хэмээн шүүрс алдан суух аж. С.Ламбаа гуай Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Их цагаан чулуут “гэдэг газар төржээ. Аав Будын Самбуу гуай яг л энэ нутаг усны хүн. Тэрээр Ховдын хязгаарт таван жил цэргийн алба хааж, тэндээ бичиг үсэг сурч, нутагтаа ирээд багийн дарга, агентын албыг хашиж явж. Улмаар илгээлтээр Их тамир суманд ирж, хөрөө рамд мод зүсэгч, мужаанаар ажиллажээ. Тэгэхэд С.Ламбаа гуай тав, зургаан настай л байж. Харин найман нас хүрээд улаан таван хошуу хадсан хүрэн даалимбан цүнхэнд ном, дэвтрээ хийж үүрээд Их тамир сумын сургуульд орсон гэнэ. Тэрээр “Их тамирын бага сургууль гэж хоёрхон шавар байшин, хэдэн бор гэр л байсан санагдаж байна.

Манайх сумаас зайдуухан бууж хэдэн малаа малладаг байв. Ээж минь сааль сүүгээ бэлдэх, үр хүүхдээ өсгөх гээд их ажлыг нугална. Ажилч, хичээнгүй, гайхалтай сайхан хүн байсан” хэмээн дурсав. Тэрээр эхээс наймуулаа, хоёр охин дүүтэй, айлын бага хүү юм. Түүний хувьд Их тамир суманд наймдугаар ангиа төгсөж Цэцэрлэг хотын арван жилийн сургуулийг дүүргэж, 1968 онд Монгол Улсын их сургуулийн Инженер, эдийн засгийн факультетийн авто тээврийн инженер, эдийн засгийн ангид оюутан болсон түүхтэй. 1969 оны намар урд хилийн асуудал хүнд байсан учир төрийн бодлогоор их, дээд сургуулийн оюутнуудаас цэрэгт татахад С.Ламбаа гуай ч энэ бодлого шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээж цэрэгт мордон Дорнодын 06 дугаар ангид алба хаажээ. Боловсролтой залуус цэрэгт очоод бичиг үсэггүй цэргүүдэд бичиг, үсэг заан чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Штабын бичээчээс жагсаалын дарга хүртэл дэвшиж явсан нь С.Ламбаа гуайн залуу насанд үлдсэн сайхан дурсамжуудын нэг гэсэн.

Тэрээр 1972 онд цэргээс халагдаж ирээд шууд оюутны байранд төвхнөж, энэ л байранд эхнэртэйгээ танилцаж байжээ. Эхнэр Д.Гүнжээ нь тэр жил МУИС-ийн Аж үйлдвэрийн инженер, эдийн засгийн ангид суралцхаар мөн л Архангайгаас ирсэн байжээ.

Гэрийн эзэн “Миний эхнэр Батцэнгэл сумын “Цагаан чулуут” гэдэг газар төрсөн. Гэтэл миний төрсөн газар бас “Цагаан чулуут” шүү дээ. Хоёулаа “Цагаан чулуут” гэдэг газар төрсөн нь бас л хувь тохиолдол юм даа. Маш гоё санагддаг” гэв. Эднийх Л.Шинэцэцэг, Л.Зулцэцэг гэж хоёр охинтой. Өдгөө дөрвөн зээтэй өнөр гэр бүл болжээ. Том охин Л.Шинэцэцэг нь МУИС-ийг Олон улсын харилцааны мэргэжлээр төгсөөд Япон улсад гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар магистрийн зэрэг хамгаалсан ч Нийгмийн эрүүл мэндийн боловсролын асуудалд голлон анхаарч, сонирхлынхоо дагуу “Шинэ эрүүл амьдрал” сэтгүүлийг эрхлэн гаргажээ. Бага охин Л.Зулцэцэг нь МУИС-ийн Хууль зүйн ухааны сургуулийг төгсөөд УИХ-ын Тамгын газарт референт, ахлах референтээр 14 дэх жилдээ ажиллаж байгаа юм байна. С.Ламбаа гуай “Охинтой хүн хүүтэй гэж үнэн л юм байна. Хоёр охин минь шууд л гурван зээ хүү төрүүлж өгсөн. Том зээ хүү маань хоёрдугаар ангид сурдаг. Хамгийн бага зээ маань охин. Одоо дөнгөж ой гарантай. Гурван хүүгийн дараа зээ охинтой болсон чинь гоё юм байна аа. Өмсөж, зүүснийг нь харахад ч өхөөрдмөөр хөөрхөн, гурван хөвгүүнээс ондоо байх юм” хэмээгээд зээ нараа эрхлүүлнэ. Зээ нар ч өвөө, эмээдээ амь бололтой ээлжилж ирж эрхэлцгээн, үнсүүлэх нь өхөөрдөм. Тэр хэрээрээ ч жаахан хөвгүүд дуулгавартай байх аж.

Гэргий Д.Гүнжээ “Би 1953 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Архангай аймагт дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн аж үйлдвэрийн инженер, эдийн засгийн ангид элсэн орж 1977 онд төгссөн юм. Ажлын гараагаа Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны томилолтоор Арьс ширний үйлдвэрийн нэгдэлд эдийн засагчаар эхлүүлж байлаа. Түүнээс хойш Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвд гучаад жил ажиллаад ханьтайгаа бараг л хамтдаа тэтгэвэртээ гарсан даа. Цаг хугацаа ч үнэхээр хурдан өнгөрч, нэг л мэдэхэд хамтдаа өтөлж байна. Одоо ч зээ нартайгаа бужигнаад суух үнэхээр жаргалтай байна. Эд нар маань ч хааяахан л өвөө, эмээ дээрээ зочилдог юм. Анзаараад байх нь ээ хүн ач, зээ нартаа хүүхдүүдээсээ ч илүү хайртай байдаг гэдэг үнэн юм байна. Бид хоёр ч жаахан оройхон эмээ, өвөө болсныг хэлэх үү. Энэ дөрөвтөө хайртай шүү дээ” гэж байв. Тусдаа гарч, гал голомтоо бадрааж явсан үеийнх нь тухай асуухад “Бид хоёр Дэнжийн мянга дахь халаалттай жижигхэн цагаан байшинд анх гал голомтоо бадрааж байлаа. Тусдаа гарсан талаараа аав, ээждээ хэлэхэд хөдөөнөөс оёдлын машин, цагаан ор хоёр явуулж байсан. Тэндээс л бид хоёрын амьдрал эхэлсэн дээ. Ламбаа сургуулиа төгсөөд их сургуулийн багш болж, бид хоёр Эдийн засгийн сургуулийн зүүн талын оюутны байрны нэг давхарт амьдрах болсон. Энэ байранд их сургуулийн багш нар амьдарч байсан учир “профессоруудын байр” гэдэг байсан юм. 1980 онд нөхөр маань Дээд тусгай дунд техник мэргэжлийн улсын хороонд мэргэжилтэн болсноор хуучин 64 дүгээр дэлгүүрийн урд талд шинээр баригдсан 45 дугаар байранд орж байлаа” хэмээн хуучлав. Мөн тэрээр “Миний хань чинь хүүхдүүддээ сайн аав, хань ижил, ахан дүүстээ түшиг тулгуур нь шүү дээ. Их зөөлөн талдаа, төрийн ажлын төлөө цаг наргүй л зүтгэсэн хүн” гэж тодотгов. Д.Гүнжээ гуайн гарын цайг уунгаа бид ийн хөөрөлдсөн юм. Үр хүүхэд, ач зээтэйгээ жаргаж сууна хэмээн ярих нь хүн аз жаргалыг холоос хайх хэрэггүй гэдгийг батлах шиг нэг л сайхан сонсогдсоныг нуух юун.

Дараа нь бид С.Ламбаа гуайн ажлын өрөөнд орцгоон түүний төдийгөөс өдий хүртэлх хийж бүтээсэн зүйлийн талаар ярилцав. Мэдээж түүний төрд 40 гаруй жил зүтгэхдээ хийж амжуулсан бүхнийг хугас өдөрт багтаан өгүүлнэ гэдэг өрөөсгөл гэдгийг хэлэхэд илүүц биз. С.Ламбаа гуайн ажлын өрөө ном, товхимол, жаазтай зургаар дүүрэн. Харин урд хэсгийн хананд бурхан тахилаа хүндэтгэлтэйгээр залсан байх аж. Мөн “Тоншуул”-ын нөхдийнх нь зурж өгсөн шарж болон “Ээж минь миний бурхан шүү дээ” хэмээх ярилцлагаа жаазлаад өлгөсөн нь нүдэнд тод тусав. Тэрээр “Мэдээж би буддын шашинтай. Эцэг, эхээс өвлөгдөж ирсэн бурхан шашинаа хүндэтгэдэг. Гэхдээ би ээжийгээ л шүтдэг. Ээж минь надад “Олонтойгоо л яваарай. Тэгвэл бүх юм бүтдэг юм шүү” гэж захидаг байсан. Би гэр бүлээсээ ганцаараа их сургууль төгссөн юм. Намайг эрдэм номтой болгох гэж аав, ээж минь маш их бөөцийлсөн дөө. Ямар сайндаа цэргээс ирээд сургуульдаа ороход ээж минь хүргэн ахын машинд гэрээ ачаад хот руу нүүгээд ирэхэв. Том болоод ээжийнхээ дэргэд хэдэн жил болчихоор ээжийн цай, хоолонд орчихдог юм билээ. Миний ханийн аав, ээж их сайхан хүмүүс байсан. Хадам аав маань Луу гүн ноёны удам болохоор ч тэр үү анх очиход хашаа байшин, гэр орон, эдэлж хэрэглэж байгаа зүйлс нь цаанаа л нэг эмх цэгцтэй, цэмцгэр харагдаж билээ. Луу гүн ноёноос Д.Гүнжээ гуайд өвлөгдөж үлдсэн зүйлс байдаг уу гэхэд “Луу гүн ноёны хатны барьж байсан жижигхэн хөөрөг байдаг” гэсэн юм.

С.Ламбаа гуай их сургуулиа төгсөн ИЭЗФ-ынхаа Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимд багш болжээ. Дөрвөн жил багшилсан тэнхим нь түүнийг улс төрд уруу татагдах, бүр цаашлаад улстөрч болон бэлтгэгдэхэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Харин 1980 онд Дээд, тусгай дунд,техник мэргэжлийн Улсын хороонд мэргэжилтнээр томилогдож төрийн албанд зүтгэх гараагаа эхэлжээ. Тэрээр “Уг ажилд томилогдон ирснээсээ хойш төрийн албанд тасралтгүй 43 ажиллаж, Эрүүл мэнд, спортын сайдын албыг өгөөд тэтгэврээ тогтоолгосон. Энэ хооронд л миний бүхий л ажил амьдрал өрнөж ирж дээ” хэмээн хэлж байлаа. С.Ламбаа гуай ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь оролцсон хүний нэг. Түүнээс Ардчилсан хувьсгал, Шинэ дэвшилт холбооны талаар асуухад “Намайг 1984-1987 онд Эрхүүгийн их сургуульд ажиллаж, Москвагийн их сургуулийн аспирантурт эчнээгээр сурч байх үеэс л ЗХУ-д ардчилал шинэчлэлийн салхи сэвэлзэж эхэлсэн. Тэнд суралцаж байсан монгол оюутан, аспирантууд хааяа уулзаж Монголын улс төр, нийгэм эдийн засгийн асуудалд шүүмжлэлтэй хандаж ярилцдаг байсан. Тэр үед Москвагийн их сургуульд манай тэнхимийн Да.Ганболд аспирант, С.Зориг оюутан байсан юм. Би хойноос 1988 онд ирээд Шинжлэх ухаан, дээд боловсролын Улсын хороонд хэлтсийн дарга хийж байхад Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн. МУИС-ийн Улс төр, эдийн засгийн ухааны тэнхимд хамт багшилж байсан Д.Батсүх маань эдийн засагчид эвлэлдэн нэгдсэн “Шинэ дэвшилт холбоо”-г байгуулж, би түүнд татагдан орсон. Улмаар Д.Батсүх тэргүүнтэй “Шинэ дэвшилт холбоо”-ныхон “Монголын Үндэсний дэвшил”-ийн намыг байгуулж Намын дээд сургуулийн багш Да.Ганболд маань намын дарга болсон юм шүү дээ. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл бидний хэсэг нөхдүүд “Мүднякчууд” гэх нэрнээс салалгүй явж байна. Үнэнийг хэлэхэд “Монголын ардчилсан холбоо”, “Монголын социалист ардчилсан хөдөлгөөн”, “Монголын шинэ дэвшилт холбоо” гэсэн энэ гурван том хөдөлгөөнөөс угшилтай Монголын Ардчилсан нам, Монголын Социал демократ нам, Монголын үндэсний дэвшлийн нам бол Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхийг бичсэн анхдагчид, өнөөдрийн Ардчилсан намын тулгын гурван чулуу нь. Энэ гурван хөдөлгөөн, гурван нам Монголын ардчиллын түүхийн хуудсанд мөнхөд үлдэнэ. Найз нөхдийн, бидний гэр бүл, үр хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл ч тасралтгүй үргэлжилнэ. Тийм учраас би “Мүднякчууд” гэж цоллуулахдаа хэзээ ч ичиж байгаагүй, харин ч бахархаж явдаг. Энэ бол бодит түүх юм шүү дээ” гэв.

С.Ламбаа гуай 1996 онд “Ардчилсан холбоо” эвслээс УИХ-ын гуравдугаар тойрог буюу Архангай аймагт нэр дэвшсэнээр улс төрд эргэлт буцалтгүй орж, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, дарга, УИХ дахь АН-ын Зөвлөлийн орлогч дарга, Эрүүл мэндийн сайд, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд спортын сайдаар тус тус ажиллажээ. Тэр МҮДН, МҮАН, АН-ын удирдах дээд байгууллагад тасралтгүй сонгогдож, 2000 онд ардчиллын таван нам нэгдэж Ардчилсан нам байгуулагдахад Нарийн бичгийн даргаар томилогдож байж.

Тэрээр “Би 12 жил Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, даргаар ажиллах хугацаандаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын бүх хууль дээр ажилласан. Олон арван хуулийн ажлын хэсгийг ахалж байлаа. Одоо мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн тухай хуулиудад миний оролцоогүй хууль гэж байхгүй дээ. Эрүүл мэндийн сайдаар томилогдоод бүх хуулиудыг дахин шинэчилж, мөн ч олон үндэсний хөтөлбөр, стратеги, эрх зүйн актуудыг гаргасан. Бүх аймгуудыг эрүүл мэндийн хөгжлийн стратегитэй болгож байлаа” гэж төрийн түшээ, сайд байх үеийнхээ ажлаас цухас дурдав.

С.Ламбаа сайдын үед эрүүл мэндийн салбар эдийн засгийн хувьд хөл дээрээ босч, томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн гэж тус салбарынхан онцлон ярьцгаадаг. Энэ талаар тэрээр “Намайг сайд болоод ирэхэд эрүүл мэндийн салбарын төсөв 200 гаруйхан тэрбум, хөрөнгө оруулалт гээд байх юм ховор, салбар маань олон жил төсвийн үлдэгдлээр амь зогоож хүндхэн байдалд орсон байсан л даа. 2008-2012 онд төсвийн хэмжээг 500 гаруй тэрбумд, зээл тусламжийг 280 тэрбумд хүргэж, хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлснээр 300 шахам эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг засварлаж, 100 гаруй эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг шинээр барьсан. Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, БНСУ-ын 55 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа Үндэсний оношлогооны төв, Яармагийн 300 ортой нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Түлэнхийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэлхийн III зэрэглэлийн лаборатори гээд бидний том бодлогын хүрээнд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж, эхнээсээ ашиглалтад орж байна. Үндэсний оношлогооны төв ашиглалтад орчихвол гадагшаа оношлогоонд явдаг урсгал зогсох боломжтой болно. Олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Эрүүл мэндийн салбарт шинэ техник технологийг амжилттай нэвтрүүлж Монголын эмч нар элэг тайрах, зүрхний төрөл бүрийн мэс ажилбарыг уян дурангийн аргаар хийх, үе солих, үргүйдлийг эмчилж , үр суулгах, төрөлхийн сонсголгүй хүүхдэд дунгийн суулгац суулгах, элэг, ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах гээд оношлогоо эмчилгээний олон дэвшилтэт аргыг эмчилгээний практикт нэвтрүүлсэн. Үр дүнг нь монголчууд мэдэж байгаа байлгүй дээ. АНУ-ын буцалтгүй тусламжаас Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, осол гэмтлээс хамгаалах зорилгоор 39.2 сая ам долларын төсөл нийгмийн эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн. Тухайлбал, улсын Гуравдугаар төв эмнэлэгт байгуулсан Харвалтын төв олон мянган хүний амь насыг аварч байх жишээтэй. Ингээд дурдаад байвал маш их юм бий. Гэхдээ энэ бүхнийг би хийчихсэн юм биш, сайдын хувьд зөв бодлого барьж боломжийг нь олгосноор Монголын чадварлаг эмч, сувилагчдын хүчтэй баг бүрэлдэхүүн хийж байгаа юм” хэмээн итгэл төгс хариулж байлаа. Сайд дарга нар өөрийн багаа бүрдүүлнэ гэж их ярих юм. Та сайд болоод багаа хэрхэн бүрдүүлсэн бэ гэхэд “Надад баг бүрдүүлэх тухай ойлголт байгаагүй. Яамны мэргэшсэн боловсон хүчнийг өөртөө татаж хамтарч ажиллах нь тэднээс биш, надаас л хамаарна шүү дээ. Тийм учраас бүгдийг нь цуглуулж байгаад салбарын бодит байдал цаашид хийх ажлынхаа талаар цаг гаруй лекц уншаад эцэст нь “Нэг ч хүнийг халахгүй. Хамгийн гол нь миний хаалгаар хов жив орж ирэх ёсгүй. Ажлаа хийж чадахгүй бол өөрөө явж болно. Хүн бүр хариуцсан ажил, юу хийсэн, юу хийх гэж бодож байгаагаа нэг хуудсанд бичээд маргааш өглөө бэлэн болго, би танилцна” гээд асуулт хариулт ч үгүй шуудхан гараад явчихсан. Тэгээд л өмнөх дөрвөн жилд ажилласан таван сайдын багийн гишүүд бүгдээрээ миний хүн болчихсон. Тэр ч бүү хэл миний ярьсан зүйл хот хөдөөгүй тарж, олон сайд солигдоод ямар ч итгэл үнэмшилгүй болчихсон эрүүл мэндийн салбарынханд гэрэл гэгээ өгсөн гэсэн. Үг хүчтэй шүү дээ” хэмээсэн нь тун ч үнэний ортой санагдсан юм. Түүнээс 2020 оны сонгуульд нэр дэвших эсэх тухай нь тандахад “Одоо ч намайг өвгөнөөр нь дуудаад шоолж өгөх байлгүй дээ. Уг нь улс төрд нас гэж байхгүй л дээ. Нас бол тоо ч гэдэг. Би чинь 2012 онд л залуучууддаа зайгаа тавьж өгье гээд УИХ-аас нэрээ татаж л байсан хүн шүү дээ. Тэгсэн хэрнээ л нам, төрд дайчлагдсаар л ирсэн. Төрийн ажлыг хийх цагт нь хийчихсэн болохоор одоо бол тоормосоо чангахан татаж гэр бүл, үр хүүхэд, бяцхан зээ нарынхаа төлөө, бас өөрийнхөө эрүүл мэндэд анхаарсан нь дээр биз дээ” гээд шулуухан хэлчихэв.

С.Ламбаа гуай сонин хэвлэлд өгсөн ярилцлага, мэдээ, мэдээлэл, зураг хөрөг, өдөр тутамд хийх ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг нэг бүрчлэн бичиж том том тэмдэглэлийн дэвтэрт нямбайлан наажээ. Хуудас бүр нь түүх агуулах ийм боть түүнд 10 гаруй байх бөгөөд нэгийг нээж эргүүлсэнээ “Танай “Өдрийн сонин”-д гарсан зүйл мөн ч их байгаа биз. Өнөөдөр эрүүл мэндийн асуудлаар ямар нэг сенсаци үүсэхэд бид энэ асуудлаар тухайн үед юу хийж байж вэ гэдгийг эндээсээ л харчихдаг. Заримдаа бид ийм юм хийж байлаа гээд жиргэчихнэ шүү дээ” хэмээн өгүүлэв. С.Ламбаа гуай ширээн дээрээ “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай”, “Авто тээврийн тухай” хоёр ч хуулийн төсөл дэлгэн тавьжээ. Учир явдлыг тодруулахад “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийг 2016 онд би УИХ-д өргөн барьж хэлэлцүүлээд эцсийн хэлэлцүүлэг дээр Су.Батболд гишүүн “Эмийн агентлаг байгуулна гэсэн байна бас л орон тоо нэмэгдэнэ шүү дээ” гэж гэнэтхэн маргаан үүсгээд хойшлогдчихсон юм. Үнэндээ энэ агентлаг байхгүйгээс эмийн бодлого хэрэгжиж чадахгүй эмийн нийлүүлэлт, хэрэглээ замбараагаа алдаж байгаа юм шүү дээ. “Авто тээврийн тухай” хуулийг 1999 онд Г.Батхүү гишүүн асан Тээврийн яаманд байхдаа ажлын хэсэг гарган боловсруулж би УИХ-ын гишүүний хувьд УИХ-д өргөн барьж батлуулсан юм. Бид хоёр цаг товлоод хуулиа эргэн үзэж харах гэж байтал тэр маань Төрийн ордонд хуралд оролцож яваад гэнэтхэн өөд болчих юм. Бид хоёр чинь хоёулаа авто тээврийн инженер, эдийн засагч мэргэжилтэй. Би Монголд, тэр маань Харьковт төгссөн юм. Насаар зөрүүтэй ч үе тэнгийн юм шиг нөхөрлөж, бие биенээ цаашлуулж, хошигнож, төрийн ажилд хамтран зүтгэж явлаа. Аливаад мэдрэмжтэй, үргэлж эвийг эрхэмлэх гэж боддог, маш их хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй улстөрч, төр нийгмийн зүтгэлтэн хүн шүү дээ. Хийморьтой ч эр хүн. Ямартаа түүнтэй салах ёс гүйцэтгээд Соёлын төв өргөөний үүднээс машины цуваа хөдлөхөд бороо орж тэнгэр хүртэл уйлж байхав” гээд Ламбаа гуай санаа алдав. С.Ламбаа гуайг шог зураач, боксын спортын мастер гэдгийг хүмүүс мэднэ. Ажлынх нь өрөөнд “Тоншуул” сэтгүүлийн хуучин дугаар, олимп, дэлхийн аваргуудын гарын үсэгтэй хэд хэдэн боксын бээлий, өргөмжлөл харагдсан. Энэ тухай тодруулахад “Оюутан болоод боксын спортоор хичээллэж нэг хэсэг нүдэлдэж, Эрүүл мэнд, спортын сайдын хувьд боксын спортыг хөгжүүлэхэд багагүй хувь нэмрээ оруулсан болохоор л холбооноос тодорхойлж надад спортын мастер цол олгосон байх. Залуу явахад юм юм л оролдож явлаа шүү дээ. “Тоншуул” сэтгүүлд 10 жил шог зураг зурсан байдаг” гэв.

С.Ламбаа гуай ардчилсан хувьсгалын түүхийг хэзээ ч үгүйсгэж, бүдгэрүүлж болохгүй, үр хойчдоо түүхийг үнэнээр нь үлдээх нь хамгийн чухал гэдгийг ч онцолсон. “Ардчилсан хувьсгалын үр дүнд өнгөрсөн 30 жилд Монголын ард түмэн маш олон үнэт зүйлийг бүтээж бий болгосон. Тийм учраас монголчууд намаараа талцаж дэвээд байхаасаа илүүтэй ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон үнэт зүйл дээрээ нэгдэж улс эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалж хөгжил дэвшлийн төлөө хамтарч ажиллах хэрэгтэй” гэж чин сэтгэлийнхээ үгийг хэлж байлаа. Танд харамсаж явдаг зүйл бий юу гэхэд “Энэ олон жилийн хувьсал өөрчлөлтийн үед алдаж оносон юм бишгүй дээ л байх шүү дээ. Одоо ч уламжлал гэж юм байхгүй болж дээ. Боловсролд олон жил зүтгэж явсан хүний хувьд ганцхан зүйлийг хэлье. Манай засгийн газрын үед МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Ж.Батмөнх даргын нэрэмжит болгож, урд нь хөшөөг нь босгосон. Яагаад гэвэл Ж.Батмөнх дарга бол Эдийн засгийн сургуулийг үүсгэн байгуулагч, Ардчилсан хувьсгалыг тайван замаар ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн төрийн том зүтгэлтэн хүн. Гэтэл МУИС-ийг бүтцийг өөрчлөхдөө тэр хүний үүсгэн байгуулсан, МУИС-ийн бренд болж байсан Эдийн засгийн сургуулийг татан буулгаж Бизнесийн сургууль болгосонд үнэхээр харамсдаг. Ингэж түүхийг бүдгэрүүлж болохгүй л дээ. Ардчиллын дуу хоолой болж ирсэн “Өдрийн сонин”-ы хуудсыг сөхвөл тэр үеийн түүх байж л байгаа шүү дээ. Үүнийг би хэлэхгүй бол өөр хэн хэлэхэв. Аливааг үгүйсгэх гэсэн дон шүгэлж байгаа өнөө үед түүхээ үнэн зөвөөр бүтээхэд судалгаа шинжилгээний байгууллага, эрдэмтэд, улс төр судлаачид их л юм хиймээр байна. Би ч бас мэдэх зүйлээ үлдээх ёстой гээд дурсамжийн ном тэрэлж байна. Гэхдээ өөрийгөө магтах бус, өөрийнхөө үеийн түүхэн хөгжлийн өнгө төрх, аав ээж, ахан дүүс, гэр бүл, үр хүүхэд, сайн мэдэх төр нийгмийн зүтгэлтэн, хамтран зүтгэгчид, найз нөхдийнхөө дүр төрх, амьдралын замнал, сайн сайхан үйлсийг нь алдаршуулах зорилготой” гэж онцлон дурдаж байлаа. С.Ламбаа гуай “Дөрвөн сайхан зээтэйгээ, дөч гаруй жил ханилсан ханьтайгаа, хоёр хөөрхөн охинтойгоо, хүргэнүүдтэйгээ сайхан амьдарч байна аа” гээд өнөөх л танил инээмсэглэлээ тодруулсан юм. Хийсэн зүйл, хэлэх үгтэй төрөө түшилцэж, түмэндээ хүндлэгдсэн энэ хүний яриа олон ч зүйлийг бодогдуулсан юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Н.Жаргалбаяр: Б.Ганбат арслан намайг “Увс нуур” галд бэлтгэл хийхийг зөвлөсөн

Монгол бөхийн баяр–бөхийн “Увс нуур” галын 20 жилийн ойн хүндэтгэлийн ёслол, ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр сайхан болж өнгөрлөө. Ойдоо зориулж гаргасан “Хүчтэний өлгий Увсын бөхчүүд” номд ярилцлага нь орсон Монгол Улсын идэр заан Нэгдэлийн Жаргалбаяртай өнгөрсөн оны Төрийн их баяр наадмаас өмнөхөн ярилцаж байжээ. Тэр уг наадамд өмнө жил өвдөг шороодож байсан улсын арслан Ц.Содномдоржоор долоо даван заан цолоо дахин баталсан билээ.


-Сайхан хаваржиж байна уу, заан аа. Саяхан ардчилсан хөдөлгөөний 28 жилийн ойн барилдаанд их шөвөгт үлдлээ. Асашёорюү Дагвадоржийн “Шинэ Өвөрхангай” төслийн нээлтийн барилдаанд түрүүллээ. Бэлтгэл сургуулилт сайн байгаа харагдана?

-Сайхан хаваржиж байна. Он гараад гар бэртчихсэн байсан маань илааршиж байна. Үүний улмаас Цагаан сарын барилдаанд зодоглоогүй. Цэргийн баярт зодоглосноос хойш бэлтгэл жигдэрч байгаа шүү.

-Хаврын улиралд амьтан хүнгүй л харшиж ядардаг тал бий. Энэ үед нарийн тооцоотой бэлтгэл хийхгүй бол цөмрөх, сулбайх тал бий биз?

-Багш, дасгалжуулагч нарынхаа заавар зөвлөгөөний дагуу бэлтгэл хийвэл гайгүй ээ. Өөрийн мэдрэмж ч бий. Бидний бэлтгэлийн график төлөвлөгөө гэж гардаг. Түүнийхээ дагуу л уйгагүй мэрийж явна. Наадам ч дөхлөө.

-Та Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат гэхийн сацуу бөхийн “Увс нуур” галын бөх гэж явдаг. Бэлтгэлээ голчлон “Увс нуур” гал дээр хийж байна уу?

-Бөхийн “Увс нуур” гал дээрээ үндэсний бөхийн бэлтгэлээ долоо хоногт хоёр удаа хийж байна. Хүчний бэлтгэлээ манай галынхан өөрийн сонгосон газруудад хийдэг л дээ.

-Барилдааны болон хүчний бэлтгэлээ уялдуулна гэдэг тухайн бөхийн онцлогоос хамаарч өөр өөр байдаг байх?

-Бүх зүйлээ уялдуулахгүй бол амжилт гарахгүй. Хүчний, барилдааны, дэвжээний бэлтгэл зэргийг өөрийн онцлогт тохируулан алийг нь түлхүү хийх вэ гэдгээ дасгалжуулагчтайгаа боловсруулдаг.

-2015 оноос хойш л төрийн наадамд зодоглох болсныг тань санаж байна. Өмнө нь Сэлэнгэ аймагтаа л барилдаад байсан. Яагаад хожуухан төрийн наадамд зодоглов?

-2013 онд би Сэлэнгэ аймгийнхаа наадамд түрүүлж арслан цол хүртсэн юм. Улсын наадамд дөрвийн давааны оноолт гэж чанга зүйл бий. Эрэмбэ багатай аймгийн арслан бол ид барилдаж байгаа аварга, арслан, гарьдуудтай дөрвийн даваанд таардаг юм. Эрэмбэ ахиулах зайлшгүй шаардлагатай юм байна гэж бодоод л дараа жил нь Сэлэнгэ аймгийнхаа наадамд зодоглон түрүүлж хурц арслан цол хүртсэн. Тэгээд л 2016 онд улсын харцага цол хүртсэн. Өнгөрсөн жил дөрөвт үлдэж заан цол хүртлээ.

-Тэгэхэд шөвгийн дөрөвт дандаа харцага цолтнууд үлдсэн нь сонин тохиолдол болж түүхэнд үлдлээ шүү?

-Өнгөрсөн жил түрүүлж, үзүүрлэнэ гэж тааварлаж байсан арслангууд маань дөрөв, тавын даваанд өвдөг шороодсон л доо. Энэ нь зарим бөхчүүд, харцага цолтнуудад том боломжийг нээж өгсөн хэрэг. Хоёр нь заан, нэг нь гарьд, нөгөө нь арслан цолтон болсон нь сайхан юм даа.

-Дөрөвт үлдчихээд цааш даваагаа ахиулж гарьд, арслан цол хүртэх боломж танд байсан. Үзэгч олонд ч хүлээлт байсан. Тэгэхдээ “Увс нуур” галаас гарьд цол хүртсэн Ө.Бат-Орших та хоёр нэг галынх байсан нь зарим дэмжигчийг догдлуулсан шүү?

-Дөрөвт үлдсэн бид хэд тус бүрдээ л өөр өөрийн том зорилгоо тээж байсан нь тодорхой. Анх удаа дөрөвт үлдэж заан цол хүртсэнийхээ дараа төрийн наадамд түрүүлэх ойрхон санагдаж байсан шүү (инээв).

-Та бүгдээс улсын арслан цол хүртсэн Ц.Содномдоржтой барилдаж байхдаа хоёр ч удаа дээр өргөн гарган ирж байсан. Тухайн үед яарсан тал бий юу?

-Яарсан тал ч бий байх. Бас туршлага дутсан болов уу. Олон жил наадамчин олны тааварт түрүүлэх бөхийн нэгт зүй ёсоор тооцогддог байсан хүчит арсланд өвдөг шороодохдоо харамсаад байсан юмгүй ээ. Сайхан барилдаад л унасан.

-Өмнө нь би цухас дурдлаа. Та Сэлэнгэ аймгаар овоглодог. Гэхдээ “Увс нуур” галын бөх гэж явдаг. Аав тань яах аргагүй Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Д.Нэгдэл гэдгийг бөх сонирхогчид асуултгүй мэднэ. Үүний учрыг зарим хүн мэддэггүй тал бий л дээ?

-Би яах аргагүй Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн хүүхэд. Аав маань 1979 онд улсын начин цол хүртсэн буурал ачтан бий. Анх “Увс нуур” галтайгаа холбогдсон маань сонин түүх учралтай. Хөдөөнөөс орж ирээд өөрийн багш Т.Өсөх-Ирээдүйн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийдэг байв. Мөн манай сумын харьяат улсын начин Ж.Баянмөнхтэйгөө нэг гэрт хоёр гурван жил амьдарч бэлтгэлээ базаадаг байсан. Бид хоёр долоо хоногт хоёр удаа гэх мэтээр Туул голын дагуу амралтын өдрүүдээр кросст гүйдэг байсан юм. Тэгж явахдаа Б.Ганбат арслантай олонтаа тааралддаг байлаа. Хүчит арслантай тааралдаад мэнд усаа мэдэлцэх сайхан байж билээ. Миний тухай асуухад “Улсын начин Д.Нэгдэлийн хүү нь шүү дээ” гэж танилцуулсан. Б.Ганбат арслан “Манай дэвжээн дээр ирж бэлтгэл хийж бай. Дэмжинэ” гэлээ.

-Их л ойшоосон байна даа?

-Тэр үед аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нэрэмжит барилдаан олонтаа болдог байв. Би хэдэн удаа оролцсон юм. Гэтэл энэ үеэр “Увс нуур” бөхийн галын тэргүүн Д.Дорлигжав гуай дуудаж уулзаад “Чи Д.Нэгдэл начны маань хүү юм байна. Манай дэвжээн дээр бэлтгэл сургуулилтаа хийгээрэй” гэсэн санал тавьсан. Дараа нь энэ тухайгаа багштайгаа ярилцлаа. Олон сайн бөхчүүдтэй, хүчтэй дэвжээн дээр бэлтгэл хийвэл сайжирна гэдэг дээр санал нийлж 2013 оноос эхлэн “Увс нуур” гал дээр бэлтгэл хийх болсон доо. Эдүгээ хүртэл энэ галынхаа бөхөөр харьяалагдаж тогтмол бэлтгэлээ базааж байгаа.

-Тухайн үед “Увс нуур” галын дасгалжуулагчаар хэн байсан бэ?

-Улсын аварга О.Балжинням багш байсан. Наадмын бэлтгэл дээр улсын заан Д.Бумбаяр багш маань дасгалжуулж байв. Тэр жилдээ аймгийн арслан цол хүртсэн юм.

-“Увс нуур” галын бөхчүүд улсын наадмын хэдэн түрүү дараалан авчихсан үед ирж байсан юм байна. Энэ нь өөрийн чинь амжилтад зүй ёсоор нөлөөлсөн байх?

-Тэгэлгүй яахав. Өмнө нь ч Сэлэнгийнхээ гал дээр бэлтгэл хийдэг байсан маань нөлөөлж таарна. Анхны багш, дасгалжуулагч нар маань сайн дэвжээнд бэлтгэл хийж сайжрах хэрэгтэй гэсэн л дээ. Одоо ч гэсэн зарим галын бөхчүүд өвлийн бэлтгэлийн үеэр гал дээр очиж хамтарсан бэлтгэл хийх, туршлага солилцох явдал байдаг л даа. Улсын наадмын олон түрүү авсан хүчтэй дэвжээнд харьяалагдах болсон маань ийм учиртай. Нөгөө талаар аав маань Увс аймгийн харьяат бөх болохоор үнэхээр түшигтэй болов уу хэмээн аавынхаа зөвлөмжөөр явсан хэрэг.

-Аавынхаа зөвлөмжөөр бөхийн барилдаанаа зүгшрүүлсэн тал зөндөө л биз дээ?

-Би 2001 оноос тогтмол барилдах болсоор найман жилийн нүүр үзэж байна. Анх бөхийн замд хөтөлж оруулсан хүн бол манай сумын харьяат аймгийн заан Г.Баатарсүрэн гэдэг ачтан юм. Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой. Аавыг мэддэг, бөх хүний удам гэдгийг мэдэрдэг болохоор барилдвал яасан юм бэ гэж санал тавиад бэлтгэл сургуулилт гэдгийг биеэр зааж өгсөн хүн. Тэр үеэс хойш бөх болох дур сонирхол асч хот руу бараадах болсон доо. Улаанбаатарт ирээд “Алдар”-т улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багшийнхаа удирдлагаар бөхийн замналыг тууштай сонгосон шүү. Энэ мэтчилэнгээр үргэлжлүүлбэл Г.Эрхэмбаяр аварга гэхчлэн олон сайхан багш, бөхөд элэгтэй зүтгэлтнүүдийн тус дэм их бий.

-Таны үндсэн мэх бол шахаж татах, мордох, тахимдах байдаг нь ажиглагддаг. Мэхний олон хувилбарт хэр суралцаж байна?

-Аль болох өөрийн биеийн онцлогт тохирсон мэхээ л гаргууд эзэмшихийг хичээж байна. Багш, дасгалжуулагч нар маань мэдээж мэхийн олон хувилбартай болох талаар зааж сургалгүй яахав. Үүнийхээ хэрээр хичээдэг. Ер нь томоохон барилдаанд ямар ч бөх өөрийн гол мэхээрээ л хүч үздэг шүү дээ.

-Бөхчүүд маань үндэсний бөхөөс гадна их спортын бөхийн төрлүүдээр хичээллэдэг. Заан маань энэ тал дээр хэр оролцоотой вэ?

-Бараг л долоо хоногийн өдөр бүр бэлтгэлээ базааж байна. Хоёр өдөр нь үндэсний бөхийн, гурван өдөр нь хүчний бэлтгэл хийнэ. Хажуугаар нь дэвжээний бэлтгэл хийнэ. Энэ үедээ чөлөөт, жүдогийн мэхнүүдээ давтана. Дээрх төрлүүдээс боломжтой бэлтгэл хийчихвэл улсын чанартай тэмцээнд оролцоно. Дан ганц үндэсний бөхөөр голлож хичээллэвэл сайн амжилт гаргахгүй гэж том цолтнууд маань зөвлөдөг. Саяхан самбын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож медаль хүртсэн. Жүдо бөхөөр ч гэсэн оролцож байгаа.

-Зургаан залуу зааны үеийнхэн чөлөөт, жүдогийн тамирчид байсан. Энэ нь үндэсний бөхөд айхавтар нөлөөлсөн юм билээ?

-Их спортын бэлтгэл гэдэг богино цаг хугацаанд өндөржүүлсэн ачааллын дор явагддаг. Үүнийг даагаад үндэсний бөхтэйгөө сүлж чадвал амжилт гаргаж таарна. Таны өгүүлсэн зургаан залуу заан маань үүний үр дүнд аварга, арслан, гарьдууд болцгоосонтой эргэлзэх зүйлгүй байх аа. Том амжилтад хүрсний үндэс нь их спортоор хичээллэсний үр байжээ гэдгийг анзаарах хэрэгтэй.

-Заан цолтон боллоо. Цол дагаж бяр нэмэгдэнэ гэдэг нь танд хэр мэдэгдэж байна?

-Мэдэгдэлгүй яахав. Аймгийн арслан байх үедээ улсын цолтнуудын эгнээнд багтчих юм сан гэдэг чинь туйлын хүсэл байлаа. Сэтгэл дотор догдолсон, тэмүүлсэн, эргэцсэн олон өнгө холилддог байлаа. Харин одоо бол улсын цолтны эгнээнд багтаад, дараа жил нь шөвгөрч заан хэмээх эрхэм хүндтэй том цолны эзэн болсон хойно сэтгэл зүйн давуу тал бий болох, цолныхоо хэмжээнд барилдана гэсэн өөртөө итгэх итгэл өндөртэй болдог юм билээ.

-Үүнийхээ хажуугаар маш том үүрэг хариуцлага ирж таарна аа даа?

-Тийм ээ. Хүмүүсийн ярьдагчлан авсан цолоо хамгаалж барилдах нь бүр хэцүү гэдэг нь үнэн. Том цолны нэр хүндийг хадгалж барилдах нь үнэхээр чухал гэдгийг ойлгож байна.

-Ам авах гэдэг бөхийн барилдааны сайхан ёс, оргил хэсгийн нэг. Заан цолтой болсноос хойш ам авахдаа нэлээд боддог болсон уу?

-Өөрийнхөө хаяна гэж бодсон бөхөө л амлах нь зүй ёсны хэрэг. Бас сайхан өрсөлдөөн гаргая гээд амлаж байсан тал ч бий байх. Барахааргүй гэж бодсоноо амлахгүй биз дээ. Нөгөөтэйгүүр ам авах чинь бөхийн ертөнц рүү гүнзгийрч, ёс жудгаа дээдлэх олон зүйлд суралцуулдаг болов уу.

-Том цолтнуудыг ажиглаад байхад зарим нь нэг, хоёр давааны цаадахыг харж тооцоотой, үндэстэйгээр амлаад байх шиг?

-Аварга, арслангууд маань улсын наадмыг тэгж удирддаг болов уу. Хэнийг авч хаях, хэнийг хэнтэй тунаах вэ гэдгээ төлөвлөсөн байдаг биз ээ.

-Аавын тань талаар асуулгүй өнгөрөх аргагүй. Манай ахмад үеийн сайн бөхчүүдийн нэг. Өөрийн тань барилдааны явцад зааж зөвлөсөн тал байгаа биз?

-Аав бид хоёр багад минь тусдаа амьдарч байсан. Ер нь аав өөрийн туршлага, бөхийн амьдралын замналаа хуваацалгүй яахав. Багш нарынхаа заавар зөвлөгөөг сайтар дагаарай л гэдэг юм.

-Ааваас тань өөр бөхийн удам гарвал бий байх. Ээжийн тань талд бөх бий юу?

-Ээжийг маань М.Оюунцэцэг гэдэг. Ээжийн талынхан их өндөр, нуруулаг хүмүүс байдаг юм. Яг том бөхийн удам байдаг эсэх нь дуулддаггүй.

-Багадаа хөдөлмөрлөсөн хүүхдүүд спортод амжилт гаргах нь олонтаа. Сэлэнгэ аймаг маань тариа будааны орон. Талбайд хөлсөө гоожуулж явсан үе бага насанд тань зөндөө биз?

-Бага нас минь сумын төвд өнгөрсөн. Мандал сум маань 26 мянган хүн амтай, Монгол Улсын тэргүүний том сум. Хараа, Ерөө голынхоо хөвөөнд усанд сэлж, үхэр мал эргүүлж аав ээж, өвөө эмээдээ тусална. Тариа будаа их тарьдаг болохоор намрын цагт хураана, зунжингаа арчилна. Ажил мундахгүй их. Хүүхдүүдтэй хамт ногоо цагаа хураагаад л бужигнаж өссөн. Хөдөөний хүүхдийн өсдөг жаягаар л боргошсон.

-Аавынхаа төрж өссөн нутагт хэр очдог вэ. Шүтэж биширдэг уул хайрхан нь байгаа болохоор зорин очдог уу?

-Очилгүй яахав. Хэд хэдэн удаа ч очсон. Анх 2013 онд аймгийн арслан болчихоод Т.Баасанхүү ахыг начин цолныхоо баярыг Увс аймгийн Тэс суманд тэмдэглэх үеэр очиж билээ. Барилдаад түрүүлсэн юм. Увс нутаг бол Хархираа, Түргэн, Хан Хөхүй зэрэг олон хайрхантай, Увс, Хяргас гэсэн олон далай ээжтэй, хүчтэнүүдийн өлгий нутаг шүү дээ.

-Агаар салхинд гарахаараа нутагтаа очдог байх. Нутгийн уул ус гэдэг бөх хүний нэг том дээдлэл байдаг шүү?

-Их, бага Мандал хайрхан маань байна. Манай сумын төвийн ойролцоох Ширхэнцэг хайрхан гэж бий. Бүгдэд нь сүсэглэдэг. Хажуунаас нь ажиглахад хэвтэж буй арслан шиг харагддаг юм. Их бэлгэшээлтэй хууч домогтой. Сүүлийн үед уул уурхайн үйл ажиллагаанд өртөөд байгаа Ноён уул маань байна. Унаган төрх нь алдагдаж буйд их харамсах юм. Хүн гүрний үеийн хосгүй түүх, соёлын дурсгалтай, дахин давтагдашгүй үзэсгэлэнтэй юм шүү дээ. Дээрх хайрханууддаа очин дөрвөн зүг, найман зовхист хандан сүсэглэнэ, залбирна шүү.

-Ширхэнцэг хайрханаа арслангийн хэлбэртэй гэж ярилаа. Үүнээс бэлгэшээн улсад түрүүлж арслангаар тогтохгүй цолны эзэн болоорой гэж ерөөе.

-Баярлалаа. Уул усандаа залбирч явна аа.

-Наадам ч ойртлоо. Ёстой л торгон ирээ, циклээ тааруулна гээд нарийн бэлтгэл хийнэ биз дээ?

-Мэдээж багш, дасгалжуулагч нартайгаа өөрийн барилдааны алдаа оноог шүүнэ. Өмнөх барилдаануудын туршлага дээрээ үндэслэн тактик болвсруулна. Өнгөрсөн жилийн наадмын өмнө Бумаа багш маань (Д.Бумбаяр заан) биднийг авч гарсан. Энэ жил ч тэгэх болов уу. Мөн Б.Ганбат арслан маань байна. Энэ мэтчилэн олон хүний туршлагаас хуваалцаж үнэт заавар зөвлөгөө авна. “Увс нуур” галынхаа 20 жилийн ойн барилдаанд бэлдэнэ. Дараа нь дэлгэр зуны наадам айсуй байна даа.

-Ярилцлагынхаа төгсгөлд танд нэмж хэлэх үгийг тань үлдээе.

-“Увс нуур” бөхийн галын 20 жилийн ой одоо тохиож буй нь их сайхан байна. Энэ гал бол дотроо маш сайн зохион байгуулалттай, бөхчүүд нь их эвсэг, бие биеэ ямагт дэмжиж байдаг нь үнэхээр лут даа. Нэгэн цул болж чаддаг хамт олон шүү. Дашрамд өгүүлэхэд тус галыг ивээн тэтгэж ирсэн бөхийн зүтгэлтнүүд, удирдлагууд, бөхөд элэгтэй хүмүүстээ талархаад баршгүй. Тоочвол олон хүний нэрс, компанийн алдар дурайна шүү. Миний хувьд өгүүлэхэд Увс аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн ах маань байна. Бөхийн галын маань бэлтгэл хийдэг “Харзтай” амралтын газар, ялангуяа бөхчүүд биднийхээ шимт хоол, шидэт тэжээлийг 20 жил бэлдэж ирсэн тогооч Б.Дэлгэр эгчдээ үнэхээр баярлаж явдаг. Бид дан ганц өөрсдийн хүчээр амжилт гаргаагүй, та бүхнийхээ ивээлээр өдий зэрэгтээ хүрсэн шүү гэдгээ мэхийн өгүүлье.

Ярилцсан Битогтохын ЦОГНЭМЭХ

Categories
мэдээ нийгэм

Таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлаж засвар үйлчилгээ хийнэ.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

  • 10:00-16:00 цагт: 13-р хороо Алтан тэвш АОС-ууд, Вэлл март ХХК, Дүүргийн нийтлэг үйлчилгээний газар, Иргэн Ган-Эрдэнэ, Ботаникийн хүрээлэн тал, Нарны зам 99-р байр, Шинэ ОС-ууд болон эдгээрийн ойр орчмоор,
  • 10:00-17:00 цагт: 2, 4, 5, 22, 27-р хороо Монелийн 26, 27, Цагаан давааны задгай, Цэргийн хотхоны 1, 5, Наран, Сайхан, их Дарь-Эхийн 1-5-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор,

СҮХБААТАР ДҮҮРЭГ

  • 11:00-18:00 цагт: 19-р хороо Майхан толгой орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

  • 10:00-17:00 цагт: 13-р хороо Шувуун фабрик, Грийн Яард ХХК болон эдгээрийн ойр орчмоор,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

  • 10:00-16:00 цагт: 8-р хороо 4-р хороолол 6, 8, 23, 23А, 25, 25/1-25/4, 26, 27, 29, 31, 31/1, 37/Б, Инэл-12 байрууд болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

  • 10:00-17:00 цагт: 10:00-17:00 22-р хороо Тахилтын 1-23, 25-27, 44, Задгай, Хилчиний 34, 35, 43-45, Баянтуруун 10-12, 18, 19, 22-28, 31-33, 35-41, 43, 44, 55-58, Баян-Уулын 2-11-р гудамжууд Замын цагдаа, Бээвэр, ВОВОХ, Номин тав трейд, Ди-Эйч-Ти-Эн ХХК-ууд, Ганбаяр худаг, Скайтел, Мобиком болон эдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

  • 09.00-12.00 цагт: 4-р хороо Нисэхийн хорооны 4-10, 17-21-р гудамжууд.
Categories
мэдээ цаг-үе

Мягмарнарангийн Батболд: Арван дөрвөн жилийн өмнө аавын тоглож байсан “Хайрын виз”-ийг найрууллаа

М.Батболд аавын хамт

Улсын драмын эрдмийн театр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулах гэж байна. Эл жүжгийг одоогоос арваад жилийн өмнө төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар анх найруулж байсан бол энэ удаад ардын жүжигчин Мягмарнарангийн хүү залуу найруулагч М.Батболд найруулан үзэгч олны мэлмийд толилуулахаар болжээ. Түүнтэй ийн ярилцлаа.


-“Хайрын виз” жүжгийг шинээр найруулан тайзнаа толилуулах болсонд баяр хүргэе!

-Баярлалаа. Энэ жүжгийг одоогоос арван дөрвөн жилийн өмнө найруулж олны хүртээл болгож байсан. Би ноднин Москвагийн Театр урлагийн академи төгсөхдөө Германы их суут зохиолч И.Гётегийн “Фауст” жүжгээр дипломын ажил хамгаалсан. Ноднин жилийн тавдугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийж амжилттай тоглогдсон. Улсын драмын эрдмийн театрт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ажилд орсон.

-Театрт ирээд найруулж буй анхны бүтээл тань уу?

-Театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын “Театрын урын санд байгаа хоёр жүжгийг нөхөн сэргээх ёстой. “Хайрын виз”, “Надаар тоглосон хайр” гэсэн хоёр жүжиг байна” гэсэн тушаал ч гэх юм уу, даалгавраар эл жүжгийг найруулах боллоо. Тиймээс “Хайрын виз” жүжиг найруулах болсон минь театрт орсны анхны даалгавар. Энэ даалгавраа биелүүлэх гээд хичээж байна.

-“Хайрын виз” жүжгийн дүрүүдэд хэн хэн тоглож буй бол?

-Манай театр энэ жилээс СУИС дөнгөж төгссөн шинэ студийн залуу жүжигчид сонгон шалгаруулж авсан. Театрын студи ангийнхан дээр тулгуурлаж энэ жүжиг тавигдаж байгаа. Нэг талаасаа студи ангийн сургалтын жүжиг гэж ойлгож болно. Гол дүр Жаргалд залуу жүжигчин Т.Сэргэлэн, Цэнгэлд О.Майдарравжаа, Сүндэрт П.Мягмарсүрэн, Ануд Ц.Цэлмүүн тоглохоос гадна ээжийн дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь, аавынх нь дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Түвшинхүү нар тоглож байгаа. Мөн Амгаланбаатар ах тоглож байна.

-Таны аав, ардын жүжигчин Мягмарнаран гуай энэ жүжигт тоглож байсан байх аа?

-Аав энэ жүжгийн аавын дүрд тоглож байсан. Тэр үед би жүжгийг их үздэг байлаа. Тухайн үед соёлын тэргүүний ажилтан Болд-Эрдэнэ ах тоглож байлаа. Мөн Ганцэцэг гэж гоё эгч байсан. Тэр тоглож байсан. Энэ жүжигт дурлаж тав зургаан ч удаа үзсэн. Тухайн үеийн тэр гоё мэдрэмж сэтгэлд бүүр хадагдчихаж. Одоо би энэ жүжгийг өөрөө найруулж байна. Энэ маань надад таалагдахгүй байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Тиймээс би найруулах өнцгөө тухайн үеийн сөрөг дүр нь мөнөөх кафедаа өнөөдрийн энэ 2019 онд дурсамжаа ярьж байгаа байдлаар жүжгийг эхлүүлж байгаа. Дурсамжийн хэлбэрээр найруулж байна л даа.

-Тайз заслын хувьд аль хэр шинэлэг зүйл оруулж ирэв?

-Английн алдартай найруулагч Питер Брукийн хоосон орон зайд ертөнцийг бүтээх, жүжигчин хоосон орон зайд ямар ертөнцийг илэрхийлэх вэ гэсэн аргачлалд тулгуурлан найруулж байгаа. Аль болох хүнд тайз дикраци гэхгүйгээр аль болох нүцгэн тайз, улаан дөрвөлжин орон зайд хүн гарч ирээд тоглох байдлаар хийх гэж оролдож л үзэж байгаа юм л даа.

-Оролдлого тань бүтэмжтэй болох байлгүй дээ?

-Энэ бол жүжигчинд тулгуурласан жүжиг. Улсын драмын театр бол жүжигчин төвтэй академик театр. Тиймээс Питер Брукийн жүжигчин төвтэй хоосон орон зай дахь шийдлийг барья гэж бодсон юм. Уг нь миний өөрийн стиль бол найруулагч төвтэй театр буюу пост театр л даа. Жүжигчин төвтэй театр руу орж байна гэдэг бол миний хувьд өөртөө тавьж буй маш том шалгуур. Оюутан байхдаа би Питер Брукийг огт ойшоодоггүй, аргачлал нь их уйтгартай санагддаг байсан юм.

-Амьдрал дээр гараад ирэхээр хүсээгүй юм хүзүүгээр татна гэдэг л болж байна уу?

-Юутай ч өөрөө өөрийгөө чадах нь уу, үгүй юу гэдгийг харъя. Чадвал тэр л биз. Чадахгүй бол тэр л биз. Өмнө нь “Фауст”-ыг тавьсан шигээ найруулагч төвтэй ажиллаж болох байсан л даа. Гэхдээ амар мөртлөө амттай санагдахгүй. Жүжигчний гаргаж байгаа илэрхийлэмжээс тайз үүсэх учиртай.

-Тайзны зураачаар хэн ажиллаж байна?

-Ганхуяг ах ажиллаж байгаа. Өмнөх Наранбаатар ахын найруулсан “Хайрын виз”-эд ч зураачаар ажиллаж байсан хүн шүү дээ. Зөвлөх найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Найдандорж ажиллаж байна. УДЭТ-ынхан маань бүгдээрээ залуус бидэнд сэтгэлээрээ их тусалж байгаад маш их баяртай байна. Өндөр Түки ах маань байна. Уул шиг түшгээрээ тайзан дээр биднийг нөмөрлөж байгаа.

-Түки ах гэдэг чинь хэн билээ?

-Түвшин ах.

-Өөрөө хар багаасаа л урлагт дурлаад найруулагчийн мэргэжил эзэмшсэн байх. Жүжигчин аавын нөлөө ч байв уу?

-Аавыг маань ардын жүжигчин Мягмарнаран гэдгээр Монголын ард түмэн мэднэ. Би багаасаа л аавынхаа дотоод ертөнцийг мэдэрч амьдарч ирсэн. Хийж байгаа жүжиг, ажил, амьдралыг дэргэдээс нь харж өссөн. Тэр чинь тэгээд осолтой л байдаг юм билээ.

-За, юу нь осолтой гэж?

-Би уг нь өөр мэргэжилтэй шүү дээ. Эмч болгоно гээд оруулсан. Багаас тэгээд урлагаар өвчилчихсөн болохоор эмчийн мэргэжлээсээ кайф авч чаддаггүй юм байна лээ. Би чинь сэтгэцийн эмч хүн шүү дээ. Би хэзээ ч урлагийн хүн болно гэж боддоггүй байсан. “Амьдрал хэцүү юм чинь том эмч болно” гэж хэчнээн мэрийж зүтгэсэн ч урлагийн өвчин тусчихаар эдгэдэггүй юм байна лээ. Урлагт дуртай “муухай юм” чинь татсаар байгаад найруулагч болсон. Хойно Москвад таван жил сурч өвчнөө бүүр сэдрээгээд ирлээ. (инээв. сур)


“Хайрын виз” жүжигт аав тоглож байв. 2006 он

-“Хайрын виз” хэдийнээс тоглогдож эхлэх бол?

-Ирэх сарын эхээр тавигдана. Хаврын төгсөлт болж байна. Залуусын хайр сэтгэлийг үзүүлэх уянгын мелодрам юм. Би уг нь өөрөө мелодрамд дуртай биш. Мелодрамд би өөрөө итгэдэггүй. “Хайр” гээд уянгалаад байдаг. Жүжгийг анх уншихад таалагдаагүй. Гэвч, олон дургүй зүйлээ даван туулж даалгавар гүйцэтгэх болсондоо таатай байгаа. Ингэснээр надаас ямар нэгэн зүйл гарч магадгүй юм. Энэ мелодрамыг өөрийнхөөрөө юу ч гэсэн хийж үзье гэсэн сонирхол байна. Театр маань, жүжигчид маань, дарга нар маань намайг сорьж байгаа. Тиймээс сорилтыг даван туулахыг л хичээе.

-Аав чинь бас харж байгаа?

-Аав ч сорьж байгаа. Би бас өөрийгөө сорьж байгаа. Бөөн сорилт л байгаад байна.

-Урлагийн хүмүүсийн хүүхдүүд тайз, дэлгэцийн бүтээлд багаасаа дүр амилуулдаг уламжлал байдаг даа?

-Кинонд нэг л удаа тоглож байсан.

-Ямар кино билээ?

-Мэдэхгүй байна аа. Нэрийг нь мартчихжээ. Жаахан байхдаа л тоглож байсан юм. Тэрнээс өөр юманд тоглоогүй ээ. Би аягүй их ичимхий бүрэг шүү дээ. Тийм хаалттай хүн байхгүй юу.

-Найруулагч хүн чинь нийгэмд ч, уран бүтээлчдийнхээ халуун тогоонд ч нээлттэй, тэсрэлттэй байхгүй бол болохгүй байх даа?

-Тийм л байх даа. Нээлттэй л байх хэрэгтэй байх.

-Таны хүндэтгэж хайрладаг найруулагч хэн байна?

-Би “Тамгагүй төр” жүжгийг бараг хорин долоо, хорин найман удаа үзсэн. Аавд загнуулаад, “мэдрэл”-ээрээ дуудуулаад явж байлаа. Тэгж нэг айхавтар өвчилж байлаа. “Шекспирийн Монгол нөхөд” төсөлд “Макбет” гэдэг жүжгээр жижигхэн үзэгдэл бэлдэх гээд театр дээр ирж Цэрэнсамбуу ахаас тусламж гуйсан юм. Тэгэхэд би арван долоотой байсан юм. Түвшин ах тэрийг тайзан дээр өрж өгч байлаа. Тэр тавилтыг би ерөөсөө мартдаггүй. Хүүхэд байхад, оюутан байхад Найдандорж найруулагч, Наранбаатар ахын жүжгүүд үнэхээр шуугиулж байсан. Энэ бүхэн надад их нөлөөлсөн.


Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар ирвэс агнасан хэргийг шалгаж байна

Хууль бусаар зургаан ирвэс агнасан хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа аж. Зэрлэг ан амьтдыг хууль бусаар агнах, барих, эд эрхтнийг нь зарах, бусдад худалдах гэх мэт хууль бус гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Манайд хууль бусаар ан агнах гэмт хэргийн 90 хувь нууц далд хэлбэрээр үйлдэгддэг аж.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлшийг дараах байршлуудаас авах боломжтой

Тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрсийг нийслэл рүү оруулах мөн хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан.

Нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг ийнхүү хориглож, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг түлхүү нэвтрүүлэх ажлыг зохион байгуулагчдын зүгээс агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо маш чухал.

Харин худалдаанд гарсан сайжруулсан шахмал түлшийг хаагуур зарж худалдаалж байгаа талаар иргэд асууж сураглаад байгаа юм.

Тэгвэл сайжруулсан шахмал түлшийг хаана ямар цэгээр худалдаалж байгаа талаар байршлыг нь танилцуулж байна.

Сайжруулсан шахмал түлш борлуулах борлуулалтын цэгүүдийн байршил:

СХД, 28-р хороо, Хөтөлийн өргөн чөлөө Т. Энхтайван Утас: 8989699

СХД, 22- хороо, Тахилтын сургуулийн 1-р гудамж /122 сургуулийн ард/Таван Толгой Түлш компанийн борлуулалтын цэг

БГД, 22-р хороо, Зүүн Нарангийн 15-04 Ц.Бямбаа Утас: 99143253

Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, Гялгар зах, А. Эрдэнэжаргал Утас: 88019801

Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 1 – 24А тоот , Нарантуул-2 захын баруун талд В. Сүрэнхорлоо Утас: 96651133

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Чингэлтэйн гудамж 17 – 139 тоот Б. Алтанзул Утас: 99992089

Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дунд дарь эх 1-р гудамж – 770 тоот М. Батсанал Утас: 99233299

Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлзийт 11-159 тоот Ч. Жанлав Утас: 99157340

Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Сургуулийн 1462А тоот Б. Бат-Отгон Утас: 88751313

ХУД, 7-р хороо, Жаргалантын 1/1 Л. Баярсайхан Утас: 94040899

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар 06-р сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэлэлцэх асуудал, хуваарийг баталжээ.

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 03-ны Даваа гарагт:

– Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
– Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 03-ны Даваа гарагт:

– Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас Улсын Их Хурлын даргын хурлын өрөөнд;
– Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
– Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
– Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд.

06 дугаар сарын 04-ний Мягмар гарагт:

– Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
– Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2019 оны 109 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
– Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүний тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

06 дугаар сарын 05-ны Лхагва гарагт:

– Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, бэлтгэл хангах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
– Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 5 гишүүнээс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.

06 дугаар сарын 06-ны Пүрэв гарагт:

– Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
– Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.30 цагаас “Г” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

06 дугаар сарын 04-ний Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.17-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Ажлын хэсэг байгуулах тухай /Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
– “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4.Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 15.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Бусад.

06 дугаар сарын 05-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 5 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Ажлын хэсэг байгуулах тухай /Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
– Үндэсний статистикийн хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсох.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт;
– Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал;
– Улсын Их Хурлын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны тайлан;
– Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар 2019.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Ганбаатар нарын гишүүд 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Цахим бодлогын түр хорооны хуралдаан 12.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэх;
– Улсын Их Хурлын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох;
– Бусад.

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт;
– Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал;
– Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
– Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 06, 07-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

– Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт;
– Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал;
– “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар 2019.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
– Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 5 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
– “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.17-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Ганбаатар нарын гишүүд 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Ерөнхий сайдын мэдээлэл: Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хилийн боомтууд амарна

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр буюу БНХАУ-ын Луут завины өдөр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаах болжээ. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм. Дундад зууны үед үүссэн луут завины баяраар хятадууд навчинд будаа боож иддэг бөгөөд зарим газарт луут завь уралдуулан баярладаг байна.“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр буюу БНХАУ-ын Луут завины өдөр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаах болжээ. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм. Дундад зууны үед үүссэн луут завины баяраар хятадууд навчинд будаа боож иддэг бөгөөд зарим газарт луут завь уралдуулан баярладаг байна.

Categories
мэдээ нийгэм

Мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байгаа мэргэжилтнүүд үйлдвэрлэлийн дадлага хийлээ

ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт” үргэлжилж байна.

Сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын 40 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

Энэхүү сургалтаар гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичиг, ой, хээрийн болон обьектын түймэр, ган, зуд, үер, химийн болон цацрагийн осол, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлтийн барилгын тэсвэржилтийн зэргийг үнэлэх, аргачлалд суралцаж, мэдлэг дадлагыг эзэмшиж байна.

Мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байгаа мэргэжилтнүүд үйлдвэрлэлийн дадлагаа “Туушин” зочид буудал болон “Мах Импекс” ХХК-д хийлээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Банкууд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна

Өнөөдөр банкуудын нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Монгол Улсад банкны тогтолцоо үүсч хөгжсөний 95 жилийн ойн өдөрлөгт Монголбанк, ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Ариг, Хас зэрэг банкууд оролцож байна. “Хөгжилд түүчээлсэн 95 жил” өдөрлөг 12:00-16:00 цагийн хооронд болох бөгөөд хүүхдүүдэд бэлэг гардуулахаас гадна төрөл бүрийн тоглоом дээр үнэгүй тоглуулах аж. Мөн банкны үйлчилгээний танилцуулгыг хийж, харилцагчдад хэрэгтэй бүхий л мэдээллийг нэг дороос өгч байна.