Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүд найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргалаа

УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын дээд шүүхийн найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. УИХ-н таван гишүүн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ял шийтгэхдээ эрүүдэн шүүсэн гэж мэдүүлэг өгсөн байхад эдгээр шүүгч нар хянан шийдвэрлэснийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, дээрх шалтгаанаар

Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,

Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,

Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,

Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,

Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарын бүрэн эрхиийг түдгэлзүүлэх саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна

Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар болон үе, үеийн алба хаагчид оролцсон юм.

Энэ үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “БМНС” ХХК-тай хамтран Онцгой байдлын газарт “Hyundai sonata-6” автомашин, 12 хүний багтаамжтай завийг хүлээлгэн өглөө.

Анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 196 дугаар тогтоолоор Архангай аймагт Гал команд байгуулахаар шийдвэр гарч, НАХЯ-ны сайдын 1969 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 401 тоот тушаалаар Гал командын бие бүрэлдэхүүнийг томилж, үйл ажиллагааг нь эхлүүлж байжээ.

Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги нь 50 жилийн хугацаанд 2172 удаагийн дуудлагаар ажиллаж, төр байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн 18.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 2000 гаруй эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан байна.

Улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2016 онд Гал түймэр унтраах аврах 2 дугаар зэрэглэлийн депогийн барилгыг ашиглалтад оруулсан нь алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг бүрдүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Аврагчид, ар гэрийнхэн нийлж хоёр хоног ажилласны эцэст цогцсыг уснаас гаргажээ

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагатай багийн Товуухан гэдэг газар Сонгинохайрхан дүүргийн харьяат 30 настай эмэгтэй А нь саваар ус авах гэж байгаад Орхон голын усанд живсэн тухай дуудлага энэ сарын 26-ны өдөр 13:30 цагийн орчимд тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 5 алба хаагч, сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрийн 4 иргэн, нийт 11 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж, “Товуу-Хан” гэдэг газраас хойд зүгт 6 км-т завиар урсаж, 3-4 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж, “Орхон” голын эрэг, тохой дагуу 7 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас 26-ны 21:26 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

27-ны өглөөний 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж аймгийн онцгойгийн таван аврагч, ар гэрийн 16 хүн, нийт 21 хүн, гурван техник хэрэгсэлтэй ажиллаж Товуухан гэдэг газраас Хушаатын гүүр хүртэл голын усаар хоёр удаа 25 км-т, нэг удаа шумбалт хийж, голын баруун эргээр явганаар 28 км -т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт эрэн хайх ажиллагааг ахин зогсоожээ. Ингээд өнөө өглөөний 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж осолдсон газраас зүүн тийш 9 км-ээс 07:24 цагт цогцсыг олж уснаас гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Хүчирхийллийн эсрэг нийгэмд үйлчлэх сургагч багш нарыг бэлтгэжээ

Цагдаагийн Ерөнхий газар, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран нийгэмд үйлчлэх гэр бүл болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг сургагч багш нарыг бэлтгэж эхэлжээ. Энэ удаад Баянзүрх, Хан-Уул дүүргийн хороо, дүүрэгтээ нийгмийн идэвх сайтай 60 хүнийг сонгон авч сургагч багшаар бэлтгэж сертификат гардуулав.

Нийгэмд хүчирхийллийн гэмт хэрэг , зөрчил жилээс жилд өсөн нэмэгдэж, түүний хохирогчийн ихэнх хувийг нь хүүхэд, эмэгтэйчүүд эзлэх болсон нь өнөөгийн нийгмийн санаа зовоосон, хатуу сэдэв болоод буй. Тиймээс гэр бүлийн болон хүүхдийн эсрэг “ Сургагч багш” бэлтгэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн аж. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэд, залуучуудыг соён гэгээрүүлэх сургалтыг зохион байгуулах замаар хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад чиглэсэн аж.

Дээрх үйл ажиллагааны хөтөлбөр нь цаашид үргэлжлэх бөгөөд сертификат авсан хүмүүс нь Монгол Цэргийн нэгдсэн холбоо, ЦЕГ, өөрсдийн оршин суух хороо, дүүрэгтэйгээ хамтран Гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил, үйлчилгээ, иргэд залуучуудыг соён гэгээрүүлэх сургалтыг зохион байгуулах замаар хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад хувь нэмрээ оруулан хүчин зүтгэх аж.

Хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан, нөхцөлийг олон хүчин зүйлтэй холбон авч үзэж болох ба ялангуяа иргэдийн нийгмийн ухамсрын доройтол, мэдээ мэдээллийн сөрөг урсгал, эрх зүйн мэдлэг, боловсролын төвшин, ядуурал зэрэг гадаад , дотоод олон зүйлтэй холбон авч үздэг. Тиймээс хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн хууль, хяналтын байгууллагын үүрэг төдий бус нийгмийн хариуцлагаа ухамсарладаг хүн бүрийн оролцоо чухал юм.

Categories
мэдээ нийгэм

Өмнөд Монголын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа эхэллээ

Өмнөд Монголын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлт өчигдөр Мишээл экспо төвд боллоо. Энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэн худалдаа ӨМӨЗО-ны 12 аймаг хотын 170 гаруй аж ахуйн нэгжээс бүрдсэн. Уг арга хэмжээний зорилго нь БНХАУ-ын нэг бүс нэг зам, Монголын хөгжлийн зам бодлоготойгоо нийцүүлэх юм.

Худалдааг дэмжих хорооны дэд дарга Wei Hong

“Энэ жил Монгол Хятад улсын хооронд дипломат харилцаа үүссэний 70 жилийн ойтой холбогдуулан энэ арга хэмжээгээ өргөн хэмжээнд зохион байгуулж байна. Энэ удаагийн арга хэмжээ бол цогц арга хэмжээ. Үзэсгэлэн худалдаа, нээлтийн арга хэмжээ, форумын бизнес уулзалт, гарын үсэг зурах гэсэн арга хэмжээнүүдээс бүрдсэн. Бид нар уг үзэсгэлэн худалдаагаа жил болгон үргэлжлүүлэн зохион байгуулах болно. Энэ арга хэмжээ маань ӨМӨЗО-ны цаашид Монгол улстай хийсэн харилцааны гол зангилаа болж өгдөг. Улам чанаржуулж, өргөжүүлж хийх болно. Энэ үзэсгэлэн худалдаагаар дамжуулж манай Өмнөд Монгол улсын болон Монгол улсын ард иргэдийн хоорондын найрсаг харилцааг сайжруулах, харилцан ойлголцлйг нэмэгдүүлэхэд маш их түлхэц болж байгаа. Энэ арга хэмжээ маань жил болгон зохион байгуулагдаж ирснээр ӨМӨЗО-ны 12 аймаг хотын олон төрлийн аж ахуйн нэгжүүд маш их орлцох дуртай болж ирсэн. Мөн энэ аймаг хотуудын дарга нар нь хүртэл дэмжиж ирсэн. Монголчууд маань ч гэсэн энэ арга хэмжээнд идэвхтэй ирж оролцож байна. Энэ нь манай арга хэмжээний үр дүнг харуулж байна гэж үзэж байна. Хятад Монголын хоорондын харилцаан дээр ялангуяа ӨМӨЗО, Монгол улсын харилцаанд бидний арга хэмжээ их боломжуудыг олгож байгаа гэдэгт итгэлтэй байдаг.”

Уг арга хэмжээг БНХАУ-ын худалдааг дэмжих хорооноосзохион байгуулж, гүйцэтгэх байгууллагаар Өвөр Монголын өөртөө засах орны олон улсын худалдааг дэмжих хороо, дэмжигч байгууллагаар Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн тэнхим, ӨМӨЗО-ны ардын засгийн ордон хамтран зохион байгуулжээ. Энэ жил дэмжигч байгууллагын хувьд Монгол Хятадын худалдааг дэмжих холбоо болон нэг бүс нэг зам хөрөнгө оруулалтын холбоо дэмжигч байгууллагаар оржээ.

ХОРЧИН БАРУУН ГАРЫН ӨМНӨД ХОШУУНЫ ҮНДЭСТНИЙ УЛАМЖЛАЛТ ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН “ТҮШЭЭТ” ХХК

Уламжлалт арга болон орчин үеийн тоног төхөөрөмжийг уялдуулан ашиглаж хуурсан шар будаа үйлдвэрлэдэг компани юм. Олон жилийн турш Өмнөд Монголчуудын таашаалыг олж чадсан уг хуурсан будаа Хөххот, Хянган, Шилийн хот зэрэг 50 гаруй хошуунд борлуулагддаг юм байна.


ӨМНӨД МОНГОЛЫН ТРЕЙД “ХЭЦАЙ” ХХК

Тус компани нь шар мөөг, цагаан мөөг, хар мөөг, ягаан алаг мөөг зэрэг рашааны онц гаралт мөөгнүүд, төрөл бүрийн архи, гар урлалын бүтээгдэхүүн борлуулдаг юм байна.


ӨМӨЗО-НЫ АНАГААХ УХААНЫ ТЕХНОЛОГИЙН “ГУ ФАН” ХХК

Монгол анагаах ухааны өв залгамжлал болон шинэчлэлийн хүрээнд, Монгол уламжлалт ардын жорууд, эмнэлгийн хорооны эм бэлдмэл, монол анагаах ухааны арга барилын хөрс суурин дээр судалгаа болон хөгжүүлэлт оруулж, Өмнөд Монголын чанартай монгол анагаах ухааны бүтээгдэхүүнийг улсын зах зээлд нэвтрүүлэх зэрэг талаар ажилладаг худалдааны цогц үйл ажиллагаа эрхэлдэг анагаах ухааны технологийн компани юм. “Шангюү монгол гоююу”, “Шангюү хятад гоююу” зэрэг бүтээгдэхүүн нь үе мөчний өвчинд тустай юм байна.


ӨМӨЗО-НЫ ЭКОЛОГИ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙН “ЯНГУФАН” ХХК 51

Тус компани нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлдэг. Овъёосны үр хөврөл, цагаан будаа, овъёосны хар цуу, овъёосны холестрин бууруулах цай, овъёосны гоо сайхны саван, овъёосны шүдний оо зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулж байгаа юм байна.


ӨМӨЗО-НЫ СОЁЛ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН “ЮАНЬ ШЭН”ХХК

Тус компани нь аялал жуулчдад зориулсан бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаалдаг. мөн байгалийн үзэсгэлэнт газрууд болон жуулчдыг холбож, аялагчдад аялж байгаа тухайн үзэсгэлэнт газрын онцлогийг тусгасан бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүнийг захиалгаар хийдэг юм байна.


ӨМНӨД МОНГОЛЫН СОЁЛ ХӨГЖЛИЙН “МЭНГДИ” ХХК

Тус компани нь морин хуур, дөрвөн утаст хуур, цоор, монгол шатар, буга жиргээ үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүнээ улсын дотоодын бүх муж хотуудад борлуулдаг төдийгүй, Америк, Канад, Япон, Солонгосын урлаг соёлын чуулга болон хувь хүмүүст нийлүүлдэг.


Ц.ШИНЭЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Кино, урлагийг дэмжих Үндэсний хороо байгуулах тухай хуульчлах нь зүйтэй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын кино урлагийн салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төсөлд оруулах уран бүтээлчдийн саналыг хүлээж авах уулзалт хэлэлцүүлэгт оролцов.

Хэлэлцүүлэгт киноны уран бүтээлчдийн мэргэжлийн холбоод, кино бүтээгч студи, продакшний найруулагч, зохиолч, жүжигчид гээд 150 орчим төлөөлөл оролцож, саналаа хэлж, хуулийн төсөлд оруулах нэгтгэсэн саналаа Ерөнхий сайд болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчид бичгээр өгөв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол хүнийг бий болгох суурь бол соёл урлаг, боловсрол, түүний дотор кино урлагийн хүч нөлөө үлэмж их юм. Кино урлагийн хөгжил нь монгол хүний сэтгэхүй болоод техник технологийн хөгжлийг авчрах нэг гарц, киногоор дамжуулж бид дэлхийд танигдах боломжтой. Иймд төрөөс кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд нэн тэргүүнд Кино урлагийг дэмжих тухай хууль батлуулах, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Кино урлагийн зөвлөл байгуулах, Кино үйлдвэр барих, Кино урлагийг дэмжих сан байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж, зарим ажлыг эхлүүлээд байна гэв. Энэ хүрээнд “Кино урлагийг дэмжих тухай” зургаан бүлэг 15 зүйлтэй хуулийн төслийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг ажлын хэсгийн гишүүд танилцуулж, хуулийн төслийн талаар оролцогчдын санал шүүмжлэлийг сонсож, хэлэлцүүлэг явуулав.

Хэлэлцүүлэгт оролцогчид кино, урлагийн салбарын харилцааг зохицуулах анхны хууль батлагдах нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байсан ч тодорхой хэд хэдэн асуудал дээр байр суурь зөрөлдсөн. Иймд тус тусын саналыг судалгаанд тулгуурлан боловсруулж, бичгээр хуулийн төслийн ажлын хэсэгт өгч идэвхитэй оролцоог хангаж ажиллахын зэрэгцээ үр дүнд нь амьдралд ойр “амьд хууль”-тай болох нь чухал гэдгийг Ерөнхий сайд зөвлөв. Мөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдах Кино, урлагийг дэмжих тухай хуулийн төслийн ажлын хэсэгт мэргэжлийн уран бүтээлчдийнхээ саналыг тусгаж ажиллахад идэвхитэй оролцохыг уриалсан.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар Кино, урлагийн салбарыг хөгжүүлэх, хөл дээр нь босгоход онцгой анхаарч байгаа. Кино уран бүтээлчидтэй хоёр дахь удаа уулзаж хэлэлцүүлэг өрнүүллээ. Та бүхний идэвхитэй оролцоо, олон ургалч санал, хэлэлцүүлгийн дүнд Кино урлагийн салбарт нэгдсэн удирдлага хэрэгтэй байна гэдэг нь харагдаж байна. Иймд Кино урлагийг дэмжих Үндэсний хороо байгуулах талаар хуульчилж өгөх нь зүйтэй гэж үзэж байна гэсэн юм. Түүний саналыг уран бүтээлчид дэмжиж, ажлын хэсэгт уламжлахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Барилгын 299 компаниас 896 зөрчил илэрчээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг 2018 онд 2017 онтой харьцуулахад 21.3 хувиар өссөнтэй холбоотой цагдаагийн байгууллагаас НМХГ-тайхамтран энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сурталчилах зорилгоор 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс нэг сарын хугацаатай “Аюулгүй ажлын байр” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулжээ.

Арга хэмжээний үеэр нийт 299 барилгад хяналт, шалгалт хийхэд давхардсан тоогоор 896 зөрчил илэрсэн байна. Үүнээс 298 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 264 зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан мэдэгдэл өгчээ. Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээргүй гарсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйл болон 11.2 дахь зүйлд зааснаар иргэн, ААН-ийг 1,000-3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нийтдээ 364 зөрчилд 52 сая 450,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэрэг бүртгэх албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэл “ЦЕГ, НМХГ-тай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад биечлэн шалгалт хийхдээ ААН, байгууллагуудад арга хэмжээ тооцохыг урьтал болгоогүй. Хүн барилгаас унаж гэмтэх, барилга дээрээс юм унах, тоног төхөөрөмжид гар хуруугаа тасдахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгах зорилготой байсан. Барилгын компаниудад нийтлэг илэрч байгаа зөрчлийн тухайд хаалт хамгаалалтгүйгээс барилга дээрээс төмөр унах, барилгын гадна талд аюулгүй ажиллагааны самбар байрлуулаагүй, барилга руу гарах шатны бэхэлгээ хийгээгүй, ажилчдаа ажлын хувцсаар хангадаггүй нь илэрсэн. Эдгээр зөрчлөөс болж барилга дээрээс хүн унаж амь насаа алдах, гэмтэх, тогонд цохиулах хэргүүд ихээр гарч байна. Мөн барилгын үйл ажиллагаа явуулдаг удирдлагууд болон ажилчдын хайхрамжгүй байдлаас болж осол, хэрэг гардаг. Иймээс урьдчилан сэргийлж хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомжоо дагах, анхаарал болгоомжтой байх, ХАБ-ын дүрэм журмыг өдөр тутмын ажилдаа мөрдөж хэвшихийг цагдаагийн байгууллагаас уриалж байна” гэлээ. Цаашид барилгын компаниудад хяналт шалгалт тогтмол хийж байх тухайгаа холбогдох байгууллагаас мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

дөрөв хоногтой нярайн цогцос гудамжнаас олджээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хайрцагтай нярай хүүхдийн цогцос байна гэх мэдээлэл энэ сарын 25-нд оройн 20.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид шалгахад Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Согоотын 60-р гудамжинд нярай хүүхдийн хайрцагтай цогцос олдсон байна.

Тодруулбал, нярай нь Архангай аймагт оршин суух хаягтай 20 настай Э гэгчийн төрүүлсэн хүүхэд бөгөөд өвчний улмаас нас барсан гэжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар нярайд нэр өгөөгүй байсан бөгөөд энэ сарын 21-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлсэн байна.

Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тун удахгүй мэдээлэл хийнэ гэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

АТГ-аас гурван шүүгчийг саатуулан шалгаж байгаа бололтой

Image result for атг

АТГ-аас Улсын дээд шүүхийн гурван шүүгчийг саатуулан, шалгаж байгаа бололтой. Тэд АТГ-т байцаалт өгч байгаа гэх мэдээлэл байгаа боловч зарим эх сурвалжаар саатуулсан гэх мэдээлэл ч гараад байна. Мөн саатуулагдсан гэх гурван шүүгч нь Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор байцаагдаж байж болзошгүй гэсэн албан бус мэдээлэл бас байгаа юм. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Лхагва гаригт зарлиг гаргаж 17 шүүгчийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ШҮҮГЧ НАРЫН НЭРС:

  1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” гэжээ.
Categories
мэдээ нийгэм

Энэ онд 4911 иргэнд газар үнэгүй өмчлүүлнэ

Засгийн газрын хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ онд есөн дүүргийн 151 байршилд 248.8 га газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4911 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн байна. Өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг НИТХ-аас ирүүлсэн саналыг үндэслэн тогтоожээ.

Одоогоор нийслэлийн нийт иргэдийн 13.3 хувь буюу 198237 иргэн 10530.3 га газрыг өмчилж авчээ.