Categories
мэдээ нийгэм

Хамтран ажиллах талаар санал солилцлоо

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн байнгын дэд дарга хатагтай Лянь Хуй Лин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, байгалийн гамшиг, гэнэтийн аюул ослын үеийн хариу арга хэмжээ авах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах, зорилтот бүлэгт хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэг хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шинээр худалдааны төв ашиглалтад орлоо

Баянгол дүүрэгт “Уранган” худалдааны төв ашиглалтад орж, албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, “Уранган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн, Баянгол дүүргийн гуравдугаар хорооны Засаг дарга Ц.Энхчимэг болон бусад албаныхан оролцлоо.

Тус худалдааны төв ашиглалтад орсноор 500 гаруй ажлын байр шинээр бий болж, худалдаа эрхлэгчдийн өрхийн амжиргаа дээшлэх нөхцөл бүрдэж байгаад Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа талархал илэрхийллээ.

Тус худалдааны төвд бүх төрлийн барилгын материал, гэр ахуйн өргөн хэрэглээний бараа, авто машин худалдаа, авто сэлбэг худалдаа зэргээс гадна банк бус санхүүгийн байгууллага, зочид буудал, авто засварын төв, оффис, агуулах түрээсүүд ажиллах юм. Мөн үйлчлүүлэгчдэд зориулсан хоёр давхар авто машины зогсоолтой.

“Уранган” ХХК нь замын ачааллыг бууруулах зорилгоор 19-р хорооллын хойд замаас “Уранган” барилгын зах руу болон нарны хороолол руу нэвтрэх шинэ гүүр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Гүүр ашиглалтад орсноор “Уранган” худалдааны төвөөр үйлчлүүлэх хэрэглэгч, худалдан авагчид саадгүй зорчихоос гадна тухайн орчны замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

​ЦЕГ, НМХГ-тай хамтран 200 гаруй байгууллагад шалгалт хийлээ

Цагдаагийн ерѳнхий газрын Хэрэг бүртгэх алба, НМХГ-тай хамтран “Хѳдѳлмѳр хамгаалал” эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам зѳрчиж хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх замаар “Аюулгүй ажлын байр” арга хэмжээг 2019 оны 05 сарын 22 эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулсан байна. Энэхүү аяны хугацаанд давхардсан тоогоор 896 зөрчил илэрч 298 зѳрчлийг газар дээр нь арилгуулж, “Зѳрчлийн тухай хууль-ийн дагуу 334 зѳрчилд 52 сая 255000 тѳгрѳгний торгууль оногдуулан зѳрчлѳѳ арилгахыг шаардсан 264 албан мэдэгдэлийг хүргүүлээд байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны урьдчилан сэргийлэх албаны ахлах дэслэгч М. Алтангэрэл “Бидний хувьд НМХГ-тай хамтран уг арга хэмжээг амжилттай зохион байгуулж дууслаа. Цаашид үүнтэй тѳстэй тѳлѳвлѳгѳѳт болон тѳлѳвлѳгѳѳт бус шалгалт хийсээр байх болно. Шалгалтын явцад алба хаагч ажилтанг хамгаалах хэрэгсэл, ажлын хувцсаар хангаагүй, гадна болон дотор талд аюулгүй ажиллагааны самбар тавигдаагүй, ажилчдад зориулсан сургалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчлүүд хамгийн их илэрсэн” гэлээ.

Т. Лхамсүрэн

Categories
мэдээ улс-төр

Есөн дүүргийн 151 байршилд газар өмчлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ онд есөн дүүргийн 151 байршилд 248.8 га газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4911 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн байна. НИТХ-аас ирүүлсэн саналыг үндэслэн энэ онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоов. Одоогоор нийслэлийн нийт иргэдийн 13.3 хувь буюу 198237 иргэн 10530.3 га газрыг өмчилж авчээ.

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн бэрхшээл ба Жендэрийн тэгш байдал” сургалт 3 дахь өдрөө үргэлжилж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудлыг шийдвэрлэх, шийдвэрлүүлэхэд нөлөөллийн ажиллагаа явуулах, иргэдийг чадавхжуулах, эрхийнхээ төлөө тэмцэх, идэвх, оролцоог сэргээх, хууль эрх зүйн мэдлэг, ойлголтыг бататгах чиглэлээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс “Тэгш нийгэм холбоо” төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж ирсэн билээ. Байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд “Хөгжлийн бэрхшээл ба Жендэрийн тэгш байдал” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад тус төрийн бус байгууллагын орон нутаг дахь салбар зөвлөлийн гишүүд, ХЭҮК-ын 21 аймаг дахь төлөөлөл оролцож, жендэрийн тэгш байдлын талаарх олон улсын эрх зүйн зохицуулалт, жендэрийн ялгаварлан гадуурхалт ба жендэрт суурилсан хүчирхийлэл хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал зэрэг сэдвээр мэдээлэл сонсч, харилцан туршлага солилцож байна. Энэ удаагийн сургалтын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох арга зүйд суралцуулах явдал байлаа.

Categories
мэдээ улс-төр

Ажлын дэд хэсгүүд иргэд, олон нийт, гишүүдийн саналыг төсөлд тусгах, зүйл заалтын томъёоллыг нарийвчлах асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын 2019 оны зургадугаар сарын 18-ны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд өнөөдөр (2019.06.28) хуралдлаа.

Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийг Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав ахалж, гишүүнээр УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр, Үндсэн хууль судлаач О.Машбат, хуульч Б.Энхбаяр, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам, шинжээч Э.Баттогтох нар ажиллаж байгаа юм.

Өнөөдөр болсон хурлаар УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллах үеэр болон утас, онлайн, бусад хэлбэрээр иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэн хэлэлцэж, төслийн зүйл заалтад нэмэх эсэх, хуулийн төсөлд тус Ажлын хэсгээс оруулах зарчмын зөрөөтэй саналын томъёоллын асуудлыг хэлэлцлээ.

Иргэдээс Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, тухайлбал насны хязгаарыг багасгах, төрийн албанд тавигдах шаардлагыг илүү оновчтой томъёолох зэрэг саналууд гарсан байна.

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийг Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар ахалж, гишүүдээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор Д.Гангабаатар, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Ламжав, Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга Б.Цогтгэрэл, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн, референт Ж.Ганчимэг нар ажиллаж байгаа юм.

Хурлаар байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчим, УИХ-ын зарим бүрэн эрхийг хязгаарлах, төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг төлөвшүүлэх, УИХ-ын хяналт шалгалт, хариуцлагыг дээшлүүлэх, УИХ-ын сонгууль болон намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлохтой холбоотой төсөлд туссан зүйл, заалт бүрийн томъёоллыг нарийвчлан хэлэлцлээ.

Мөн нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдээс гаргасан санал, иргэд, олон нийтээс ирүүлсэн болон УИХ-ын гишүүдтэй хийсэн уулзалтын үеэр илэрхийлсэн саналуудыг нэгбүрчлэн хэлэлцэж, төсөлд хэрхэн тусгах, Ажлын хэсгээс төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт оруулах зарчмын зөрүүтэй саналыг яаж томъёолох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан ахалж байна. Гишүүдээр нь Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Ц.Цогт, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Энхбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх М.Үнэнбат, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго, референт Б.Золбоо нар ажиллаж байна.

Тус Ажлын дэд хэсгийн дөрөв дэх удаагийн хуралдаанаар үндсэн хоёр ажлыг хийхээр төлөвлөсөн юм. Тодруулбал, нэгдүгээрт, өмнөх гурван удаагийн хуралдаанаас гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн найруулж, төсөлд тусгах томъёоллыг бэлтгэх, хоёрдугаарт, Ажлын дэд хэсгийн нэгдсэн дүгнэлтийг эцэслэн боловсруулж, албажуулах байв.

Ажлын дэд хэсгээс шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотойгоор УИХ-ын гишүүдээс гаргасан 14 саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, үндэслэл тайлбараа гаргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 28.5 хувьд буюу 4 багц сэдвийн хүрээнд нийт 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулаад байгаа. Үүний нэг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой өөрчлөлт юм.

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийг Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн ахалж, гишүүдээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, доктор А.Бямбажаргал, Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг, Удирдлагын академийн дэд профессор, доктор Д.Сүнжид, Удирдлагын академийн багш Р.Мухийт, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ц.Батбаатар, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хатантуул, шинжээч Э.Баттогтох нар тус тус ажиллаж байна. Уг Ажлын дэд хэсэгт УИХ-ын гишүүн асан, хуульч Ж.Сүхбаатар ажиллахаар болжээ.

УИХ-ын гишүүд долоо хоногийн хугацаанд тойрог бүртээ ажиллаж, Үндсэн хуульд тусгах иргэдийн саналыг сонсон, нэгтгэж Ажлын дэд хэсгийнхэнд уламжилсан байна. Тухайлбал, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотойгоор сумын Засаг даргыг иргэдээс сонгодог болгох, хүн амын төвлөрлийг харгалзан улсын болон орон нутгийн харьяалалтай хотуудыг бий болгох, сум, дүүргийг адилтгаж үзэхгүй байх, нутгийн өөрийн удирдлагын тогтолцоог шинэчилж, төсөв, татварын бүрэн эрхийг өгөх зэрэг санал хамгийн олон давтамжтай гарчээ. Түүнчлэн Ажлын дэд хэсгийнхэн УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 20 шахам саналыг нэгбүрчлэн хэлэлцэж, нэгтгэсэн юм.

УИХ-ын гишүүн асан, хуульч Ж.Сүхбаатар, “Сум, дүүрэг бус сум, хорооны ИТХ-ыг иргэд шууд сонгох нь зөв юм. Иргэдийн амьдралд хамгийн ойр ажиллаж байгаа засаг захиргааны нэгж гэдэг утгаараа иргэд шууд сонгох нь зөв. Нийслэлд гэхэд л нэг хороо таван сумын хүн амтай тэнцэж байна. Энэ үүднээсээ хорооны удирдлагыг шууд сонгох нь иргэдэд ашигтай. Харин дүүргийн ИТХ-ыг сум, хорооны Иргэдийн нийтийн хурлаас томилж болно. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хорооны удирдлагыг тухайн оршин суугч, иргэд нь сонгодог жинхэнэ сонгуулийн хэлбэртээ орвол иргэдээсээ хамаарсан хорооны дарга томилогдоно. Гаднын орнуудыг харахад ч анхан шатны нэгжийн төлөөлөгчдийн тавны нэг нь аймаг, нийслэлийн ИТХ-д томилогдож байна. Би илүү алсыг харсан өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байна” гээд АНУ, Их Британи зэрэг улсын туршлагын талаар танилцуулсан юм.

Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд ийнхүү хуралдаж, тус бүрийн дүгнэлтээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт танилцуулна

Categories
мэдээ нийгэм

Хорих ангиудын эмнэлгийн үйл ажиллагааг шалгалаа

Улсын Ерөнхий Прокурорын Газраас Мэргэжлийн хяналтын Ерөнхий газартай хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги, Цагдан хорих төвийн эмнэлгийн үйл ажиллагааг шалгалаа. Шалгалтаар эмнэлгийн сүрьеэгийн тасаг, нэгжид бохир агаар гаргах төхөөрөмжгүй, агаар оруулах механик төхөөрөмжтэй боловч ажиллуулдаггүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдэд ар гэрээс нь ирүүлсэн зарим эм тариаг хяналтгүй, бүртгэлгүй оруулсан, эмчилгээний хоолоор бүрэн үйлчилдэггүй зэрэг эм биобэлдмэл, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр нэлээдгүй зөрчил илэрсэн юм. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас албан шаардлага, прокуророос албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт хүргүүлж, зөрчлийг арилгах үүрэг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Нэрт кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ

Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв.

Д.Жигжид 1939 онд “Шинэ Улаанбаатар” баримтат киноны зураг авч уран бүтээлийн гараагаа эхэлсэн байна. 1940 онд “Анхдугаар хичээл”, 1942 онд “Морин цэрэг танкист” киноны оператор, 1944 онд “Монгол Улс”, “Тусгаар тогтносон Монгол Улс” кино болон фронтод бэлэг хүргэсэн цуваа, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны фронтын кино сурвалжлагчаар ажиллажээ. 1945 онд “Цогт тайж” киноны ерөнхий зураглаачаар ажиллаж 26 насандаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн байна. 1954 онд “Шинэ жил”, 1955 онд “Гэм нь урдаа”, 1956 онд “Манай аялгуу”, 1957 онд “Сэрэлт” киноны зураглаачаар ажиллажээ. Д.Жигжид 1959 онд “Ардын элч” киног найруулснаас хойш:

– 1961 онд “Улаанбаатарт байгаа миний аавд”

– 1962 онд “Түмний нэг” – 1965 онд “Хүний мөр”

– 1966 онд “Үер”

– 1968 онд “Өглөө”

– 1970 онд “Хүргэн хүү”

– 1971 онд “Тэмцэл”

– 1972 онд “Баянбулгийнхан”

– 1974 онд “Хөдөөгийн баясгалан”

– 1976 онд “Хүний төлөө”

– 1977 онд “Хөх ногооны униар”

– 1978 онд “Газрын жигүүр”

– 1980 онд “Өнөр бүл”

– 1982 онд “Жаргал даахгүйн зовлон”

– 1984 онд “Ард Аюуш” зэрэг киноны найруулагчаар ажиллажээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг орхигдуулсан

МАХН-аас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Бид УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт хандаж МАХН-ын саналаа хүргүүлж байна. Хамгийн гол нь бид төслөө ард түмэндээ хүргэхийг зорьж байна. Бид УИХ-ын дарга Г.Занданшатартай ярьсан яриандаа ач холбогдол өгч байгаа. Манай намаас хүргүүлж буй саналыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан заалтуудтай харьцуулан үзэж аль нь нийгмийн бүхий л талыг тусгасан байна вэ гэдгийг тунгааж үзэхийг хүсье. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д суудалгүй улс төрийн намууд, иргэний хөдөлгөөний байгууллагууд мөн ард түмний шууд оролцоотойгоор саналыг нь авах замаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах боломжтой гэж үзэж байна. Төлөөллийн ардчилал гэж байхгүй. Тийм учраас нийт ард түмнээрээ хэлэлцүүлэх нь зүйтэй. Хуулийн өөрчлөлтийг нэг нам дангаараа хийж болохгүй. Энэ нь хаана ч байдаггүй жишиг. Нэгдүгээт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гэж байгаа бол хийсэн шиг хийх буюу онолынх нь дагуу судалгаатай хийж хуулийн төсөлд орж буй заалт бүхэн хэдэн хүний эрх ашгийг хөндөж, хэдэн хүнд өөрчлөлт авчрах вэ гэдгийг тодорхой тоо, баримттайгаар илэрхийлж үндэслэлүүдээ гаргахыг хүсч байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ хуваарилах, албан тушаалынхаа хугацааг уртасгах эсвэл богиносгох тухай асуудал огт биш. Хүн бүхэнд өр өгөөж өгөх хуулийн өөрчлөлт байх зарчимд нийцүүлэх ёстой. Гуравдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмний дунд чөлөөт, шударга хэлэлцүүлэг зохион байгуулж түүнээс гарсан санал, зөвлөмжийг тусгаж шийдвэрлээч гэсэн гурван саналыг бид дэвшүүлж байгаа юм.

Мөн байгалийн баялгийн асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. 27 жил бид байгалийн баялгийн талаар ярилаа, шүүмжиллээ. Гэтэл хуулийн өөрчлөлтөөр дахиад л хэвээрээ, байгалийн баялаг төрийн өмч хэвээрээ гэж үлдээх юм бол өмнө нь, хойно нь ямар ч үг бичлээ гээд иргэдэд өгөөжтэй шийдэл болж чадахгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэх вэ гэдгийг орхигдуулсан. Өнөөдөр олон хүн эмнэлгийн үйлчилгээг авч чадахгүй нас барж эсвэл тахир дутуу болж байна. Энэ бүх нийгмийн асуудлыг хэрхэх вэ гэдэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд мөн л тодорхой бус. Ард түмэн анхдагч, төр засаг хоёрдогч гэсэн онолын зарчмаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд суулгах шаардлагатай. Өнөөдөр эсрэгээрээ ард түмний гадныханы хойно буюу хамгийн сүүлд орно. Дараагийн асуудал бол хууль шүүхийн байгууллага маш будилаантай байгууллага болж хувирсан. Шүүхийн алдаа дутагдлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан одоогийн заалтаар засаж чадахгүй. Засвал зассан шиг засах ёстой. Энэ талаар манай намаас тодорхой саналууд гаргасан. Хүний эрх, эрх чөлөөний тухай асуудал Монголд мартагдлаа. 21-р зуунд эрүүдэн шүүлтийн асуудал Монголд яригдаж байна. Энэ бол туйлын хоцрогдсон, оюун ухаан, улс төрийн соёлын хувьд ч тэр төрийн тогтолцооны хувьд ч тэр шүүх нь дээд зэргийн хараат байдалд орсноос гадна хэлмэгдүүлэлтийн байгууллага болсон. Ийм газар л эрүүдэн шүүлт бий. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хэрхэн засах талаар манай нам мөн саналдаа тусгасан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газрыг дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгох ёслолын ажиллагаа боллоо

Завхан аймгийн Онцгой байдлын газрыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18 тоот тогтоолоор дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгож, ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Арга хэмжээнд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд болон дэслэгч генерал Г.Дамдинсүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд, нутгийн ард иргэд оролцсон юм.

Дэслэгч генерал Г. Дамдинсүрэн нь 1947 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн бөгөөд байлдагчаас генерал хүртэл нийт 40 жил улс эх орныг батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэжээ. Энэ хугацаанд Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар 1990-1996 онд ажиллаж байхдаа Монгол Улсын “Иргэний хамгаалалтын хууль”-ийг батлуулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1991 онд хошууч генерал, 1997 онд дэслэгч генерал цол хүртэж байжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.