Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн иргэд сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох ажил үргэлжилж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “…Байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасны дагуу УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо богино хугацаанд ажиллаж, төслийг иргэдэд танилцуулан, санал, бодлыг нь сонсож байгаа юм. Зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар 58 гишүүн 222 сум, баг, хороонд ажиллаж, 31673 иргэний санал, бодлыг сонсоод байна.
Month: June 2019
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болох Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах үндэсний зөвлөлийн тэргүүн С.Чинзориг, Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1978 онд “2000 он гэхэд бүх нийтээрээ эрүүл байх” Алма-Атыгийн тунхаглалыг гарсан бөгөөд нарийн мэргэжлийн эмнэлгийн сэргээн засах тусламж, үйлчилгээ хязгаарлагдмал байгааг харгалзан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг хамт олны санаачлагаар дамжуулан сайжруулахад чиглэсэн Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын талаар танилцуулсан юм. Үүнээс хойш 30 гаруй жил дэлхийн 90 гаруй оронд Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг хэрэгжүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх арга зам нь Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага гэдгийг НҮБ-аас цохон тэмдэглэсэн бөгөөд Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталсан орны хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог дэмжих, хамгааллыг сайжруулах хүрээнд бодлого, эрх зүйн орчноо сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх олон арга хэмжээг авч байгаа юм.
Ази, Номхон далайн бүсийн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээ болон Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгрессыг дөрвөн жил тутам зохион байгуулдаг. Анхдугаар хурал 2008 онд “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлье” уриатайгаар Тайланд улсад болж 53 орны 650 гаруй төлөөлөл оролцсон бол хоёрдугаар хурлыг 2011 онд Филиппин улсад “Хүн бүрийг хамт олонтой болгоно” сэдвийн дор зохион байгуулахад 32 орны 550 гаруй хүн оролцжээ. Гуравдугаар хурал Японы Токио хотноо 2015 онд “Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд” сэдвийн дор болж 500 гаруй төлөөлөгч хуран чуулсан байна. Манай улсад долдугаар сарын 2-3-нд болох IV конгрессыг “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвээр зохион байгуулах юм.
Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй бүс нутгийн хэмжээний энэхүү томоохон арга хэмжээнд 43 орноос 600 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд тэдний 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагынхан байх юм.
Конгрессын талаар С.Чинзориг сайд “Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 2018 онд Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн тогтоол гаргасан. Энэ тогтоолыг үндэслэж Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ахлуулсан Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессыг зохион байгуулах үндэсний хороог байгуулсан. Энэ нэг жилийн хугацаанд бид Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессын бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ чуулганд нийтдээ 600 гаруй төлөөлөгч оролцохоор урьдчилсан байдлаар бүртгүүлсний 200 орчим нь гадаадын төлөөлөгч байх бөгөөд нийт оролцогчийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь тэд тулгамдаж буй асуудлаа бүс нутгийн хэмжээнд ярилцаж, нэг нэгнээсээ сайн туршлагыг нь судалж, улс орондоо хэрэгжүүлэх сайхан боломж гэж харж байгаа” хэмээгээд Конгресст бэлтгэх хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа танилцуулсан.
Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар “Монгол Улсын Засгийн газар хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээндээ олон талт ажлыг хийж байгаагийн нэг чухал хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой бөгөөд тэдний нийгмийн халамж, эрх ашгийг хамгаалах, оролцоог дэмжих, хамгааллыг сайжруулах хүрээнд бодлого эрх зүйн орчныг сайжруулах төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар олон ажил хийж байгаа. Монгол Улсад 105 700 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэсэн статистик бий.
Эдгээр иргэн бүрт хүрч ажиллахын тулд 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулсан. Энэ агентлагийг байгуулснаар салбар дундын үйл ажилллагааг уялдуулах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллах тал дээр ахиц гарч байгаа. Мөн Ерөнхий сайдын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, бодлогын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийг байгуулсан. Ерөнхий сайд болон Засгийн газрын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан үйл ажиллагаанд онцгой анхаарч байгаагийн илрэл нь энэ удаагийн Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх IV конгресс юм” хэмээсэн.
Энэ удаагийн Конгресс “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа”, “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаын сайн туршлага”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа: 2015 оноос хойших ололт амжилт болон тулгарч буй бэрхшээл” гэсэн гурван сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийх бөгөөд салбар хуралдаанд 72 илтгэл хэлэлцэхээр сонгоод байгаа юм.
Конгрессын бэлтгэлийг хангах хүрээнд зургаан дэд ажлын хэсэг бүхий Техникийн ажлын хэсгийг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулан нэг жилийн хугацаанд ажиллуулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бий болгохын төлөө чамгүй олон ажлыг хийж амжуулаад байгаа юм. Мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд оны эхнээс www.apcbid2019.mn сайтыг нээн ажиллуулж конгрессын талаарх бүхий л мэдээллийг хүргэж буйгаас гадна Конгресс зохион байгуулахтай уялдуулан “Чингис хаан”, “Блю Скай”, “Ибис Стайлс”, “Улаанбаатар”, “Шангри-Ла” зэрэг 10 гаруй зочид буудлын 170 гаруй ажилтанд хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт мэдлэг өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн харилцах тэдэнд хэрхэн дэмжлэг үзүүлж үйлчлэх талаар сургалт зохион байгуулж, конгрессын үеэр ажиллах цагдаа, онцгой, эрүүл мэнд, нисэхийн ажилтнуудыг сургалтад хамруулсан. Монголын скаутын холбоо, Улаан загалмай нийгэмлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх ТББ-уудтай хамтран нийт 370 гаруй сайн дурын ажилтнаас 100-г конгрессын үеэр ажиллуулахаар сонгоод байна.
Дэд бүтцийг сайжруулахад нийслэлээс анхаарч 136 гудамж, 11900 м2 хэвтээ замын тэмдэглэгээ хийсэн. Дуут гэрлэн дохиог гурван газар нэмж байрлуулан гаднаас ирж буй зочдыг хил, гаалиар хүндрэл, саадгүй нэвтрүүлэх, тэдгээр иргэдийн туслах хэрэгсэл, зайлшгүй биедээ авч явах шаардлага бүхий зүйлсийг зөв зохистой шалгах зэргийг анхааралдаа авч шаардлагатай сургалт, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулах холбогдох байгууллагуудад зохион байгуулсан. Гадаад, дотоодын зочдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн яаралтай тусламжийн багийг бүрдүүлж “Чингис хаан” нисэх буудалд зочдыг угтах, зочид буудалд хүргэх зэрэг аюулгүй байдлыг хангах Шуурхай удирдлагын төвийг ажиллуулж байгаа зэрэг олон мэдээллийг зохион байгуулагчид өгч байна.
Ерөнхий Сайдын захирамжаар байгуулагдсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн ээлжит уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа юм.
Өнөөдөр сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдийн хамт “АЛСЫН ХАРАА-25 “Z” ҮЕИЙНХЭН” сэдвээр Монголын ирээдүйн иргэд болох өсвөр үе, залуусын төлөөлөл 600 гаруй хүүхэдтэй уулзав. Монгол улсын хөгжлийн 25 жилийн дүгнэлт, ирээдүйн 25 жилийн төсөөллийг хөндсөн энэхүү чөлөөт уулзалт, хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан юм.
“Z” үеийнхэн гэж 1997-2012 онд төрсөн хүүхдүүд бөгөөд тэдний онцлог нь техник, технологийн мэдлэг сайтай, түүндээ тулгуурлаж, нийгмийн харилцаанаас онлайн харилцааг илүүд үздэг бөгөөд сэтгэлгээний хувьд глобал шинжтэй байдаг аж. Мөн “Z” үеийнхэн нийгэмд эерэг өөрчлөлтийг түүчээлэгчид байхыг хүсдэг хэмээн судлаачид тодорхойлжээ.
Уулзалт хэлэлцүүлгийн онцлог нь програмчлал, аж үйлдвэрийн 4-р хувьсгал, мэдээллийн технологийн эрин үед төрсөн “Z” generation буюу мэдээллийн зууны өсвөр үеийн дуу хоолойг сонсох, тэд 25 жилийн дараа улс орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах чиглэлээр судалгаа хийх, өсвөр үеийхний оролцоог дэмжих, гаргасан санал санаачилгыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудын бодлого шийдвэрт тусгах явдал юм.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага, үүнд Монгол Улсын оролцоо ямар байх талаарх төсөөлөл болон сонирхолтой тоо баримт, мэдээллийг оролцогч хүүхдүүдэд дэлгэрэнгүй танилцуулсан нь тэдний сонирхлыг багагүй татсан. Тэрбээр “Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох энэ чухал үйл явцад “Z” үеийнхнийг оролцуулахгүйгээр бодлого боловсруулвал том алдаа болно. Та нар 2045 онд гэхэд 40 настнууд байх учраас тухайн нийгмийн хамгийн идэвхитэй хэсэг байна гэсэн үг. Тэгэхээр 2045 он хүртэлх нийгэм, эдийн засгийн бодлогыг та нараас өнөөдрийн төр, засаг заавал асуух ёстой. Тийм ч учраас өнөөдөр Засгийн газар “Z” үеийнхэнд дэмжлэг өгөх гэж биш, харин та нараас дэмжлэг авах гэж уулзаж байна.” хэмээн онцолсон.
Оролцогч “Z” үеийнхний төлөөлөл болсон хүүхэд багачууд ч сайд Л.Оюун-Эрдэнээс сонирхсон асуултадаа хариулт авч, томчуудын анзаардаггүй олон санал, санаачилгыг хэлсэн юм.
Тэдний хувьд “Z” үеийнхэн нийгмийг авч явах тэр үед ажилчин анги бус тэднийг орлох технологийн дэвшлүүд гарч ирнэ, мөн аж үйлдвэрийн 4-р хувьсгал төгсч дараагийн 5,6-р хувьсгал эхэлсэн байх учраас үүнд одооноос бэлдэх шаардлагатай, өсвөр насны хүүхдүүд дунд хээл хахуулиар ямар ч асуудлыг шийдвэрлэж болдог гэсэн буруу жишиг газар авч байгаад төр засаг анхаарал хандуулах, гадаадад сурахаар яваад тэндээ үлдэж амьдарна гэдэг хандлага ихсэж байгаа учраас 25 жилийн дараа гэхэд өнөөдрийнх шиг АНУ-руу монголчууд хошуурах биш, харин АНУ-аас Монголыг зорьж ирж залуус сурч, боловсрол эзэмшдэг болгох хэмжээнд хөгжлийн бодлого боловсруулах, их, дээд сургуулиудыг хотоос гаргах, “Z” үеийнхний мэргэжил сонголтонд төр засаг бодитой анхаарах, цагийн ажлыг нэмэгдүүлж, залуучуудыг хамруулдаг болгох, жил бүр хавтасыг нь өөрчлөх байдлаар сурах бичиг хэвлэж үргүй зардал гаргадгийг болиулах, “Хүүхдийн” гэсэн бүхэн өнөөдөр төлбөртэй байгааг өөрчлөх, дэлхийд танигдсан APPLE, SAMSUNG шиг Монгол брэндийг одооноос бий болгомоор байна гэх зэрэг санал, санаачилга гаргаж, нийгмийн идэвхитэй байхад бусдыгаа уриалах байдлаар нэлээд идэвхитэй оролцов.
Сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Z” үеийнхэн уулзалтад ингэж чөлөөтэй, нээлттэй хандаж, байр сууриа илэрхийлж байгаад талархал илэрхийлсэн бөгөөд 2045 оны Монгол Улс ийм залуучуудаар удирдуулах учраас санаа зовохгүй байна. “Z” үеийн хүүхэд, залуус маань эх хэлээрээ зөв ярьж, бичдэг байх, баатарлаг өвөг дээдсийнхээ бүтээж үлдээсэн эх түүхээ судлах, Нүүдэлчдийн үр удам, Монгол хүн гэдгээ ямагт мартахгүй байх гэдэг 3 зүйлийг байнга санаж яваарай. Англи хэл сурах, технологи нэвтрүүлэх, их, дээд боловсрол эзэмших гээд бусдыг нь бол “Z” үеийнхэн надаар, төр засгаар хэлүүлэлтгүй хийж чадна.” хэмээн онцлон захив гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монголын эдийн эзасгийн клубийн ээлжит уулзалт өчигдөр боллоо. Эдийн засагчид энэ удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар илтгэл сонсч сонирхсон асуултдаа хариу авав. Илтгэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналын хувилбар боловсруулах үүрэг бүхий эрдэмтэн, судлаачдын ажлын дэд хэсгийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан. Түүний илтгэлийг, илтгэлийн дараа өрнөсөн асуулт хариултыг тоймлон хүргэе.
1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа, бүтэц зэрэг нь маш сайн. Гэхдээ ядуурал, ажилгүйдэл, авлига, хууль шүүхийн өмнөх тэгш бус байдал гэх мэт асуудлыг шийдэх ёстой гэсэн бухимдал нийгэмд бий. Хүчтэй удирдагчийг хүлээн зөвшөөрөхгүй хэсэг 2002 онд 66 хувь байсан бол 2014 онд 34 хувь болж буурсан байна. Эндээс төр хааччихав, хариуцлага яав гэж шаардах хүмүүс олон болсон гэсэн дүгнэлт анзаарагдаж байгаа. Үүнийг зарим хүмүүс гуйвуулж Ерөнхийлөгчийн засаглалыг сонгож, авторитар дэглэмд шилжих сонирхол олон нийтэд бүрджээ гэж тайлбарлаж байна л даа. Энэ бол ор үндэсгүй гаргалгаа. Нийгэм эдийн засгийн асуудлыг шийддэг, хариуцлагатай, үр нөлөөтэй төрийг бэхжүүлээч гэсэн шаардлага л энэ бүхний цаана бий. Иргэдийн шаардаад буй тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд 1992 онд сонгосон парламентын тогтолцоогоо үгүйсгэж, татгалзаж болохгүй. 1992 онд парламентын тогтолцоог сонгосон гол шалтгаан нь аюулгүй байдал. Хоёр их гүрний дундах жижиг улсын хувьд нэг удирдагч, нэг Ерөнхийлөгч Монголын ард түмний хувь заяаг шийдэх хэт их эрх мэдэлтэй байвал аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй. Оросын шахах гээд байсан 100 шатахуун түгээх станцын асуудал гэхэд л парламентаар орсон учраас унасан түүх бий. Энэ мэт саармагжуулах талын шийдвэр УИХ-аас гарсаар ирсэн. Парламентын тогтолцооны гол зарчим нь их энгийн. Парламентыг ард түмэн сонгоно, парламентаас Засгийн газрыг батална, Засгийн газар нь УИХ-ын өмнө хариуцлага хүлээнэ. Бүр болохгүй бол огцруулчихна. Харин Ерөнхийлөгчийн засаглал өөр. Ерөнхийлөгчийг сонгоно, Ерөнхийлөгч нь Засгийн газраа байгуулна, Ерөнхийлөгчийг огцруулах боломж бараг үгүй. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн засаглалтай улс авторитор дэглэм рүү гулсаж орох магадлал маш өндөр байдаг. Сонгосон засаглал, замаа өөрчилж болохгүй гээд байгаагийн маш том шалтгаан нь энэ. Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлж яваа, өрсөлдөх чадварын индексээр эхний 30-д багтдаг улсуудын гуравны хоёр нь парламентын тогтолцоотой. Ардчилал урт удаан хугацаанд хэрэгжиж буй улсын дийлэнх нь парламентын засаглалтай.
Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хоёр шалтгаанаар боловсруулагдсан. 2000 онд Үндсэн хуульд долоон нэмэлт өөрчлөлт орсон юм. Дөрөв нь их зөв байсан. Тухайн үеийн хямралыг шийдсэн өгөөж бий. Өөрөөр хэлбэл парламентын 75 суудлын 50-ийг нь авсан олонх ирцээ бүрдүүлж, хурлаа хийж чаддаггүй, Ерөнхий сайд, сайдаа томилуулж чадахгүй гацаа үүссэн байсан.
Энэ асуудлыг шийдсэн нь зөв зүйтэй. Гэхдээ 76-хан гишүүнтэй парламентынхаа онцлогийг харгалзаагүй учраас давхар дээлийг нээсэн, 20 хүн хууль батлах боломжтой болсон гэх мэт асуудал үүссэн л дээ. Үүнээс үүдсэн бэрхшээл, асуудлыг бид 19 жил ярьж байна. Энэ нэмэлт өөрчлөлтийн төслөөр дордохын долоо гэж хочилж нэрлээд буй өөрчлөлтүүдийн зургааг нь засч сайжруулж байгаа. Хориод жилийн турш ярьсан агуулгаар зассан. Өөр нэг асуудал бий. Нийгэм, эдийн засгийн асуудлыг шийддэг, хариуцлагатай тогтвортой төртэй, Засгийн газартай болоход чиглэсэн асуудлууд сүүлийн гурван парламент дамжин яригдсаар ирсэн. Үүнтэй зэрэгцэн гүйцэтгэх эрх мэдэлд тавих парламентын хяналтыг сайжруулах, хууль тогтоох ажиллагааны чанар, хариуцлагыг дээшлүүлэх, шүүх эрх мэдлийг хараат бус хариуцлагатай байлгах, нутгийн удирдлагыг боловсронгуй болгоход Үндсэн хуулийн өөрчлөлт чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, нутгийн удирдлага гэсэн хүрээнд нэмэлт өөрчлөлтийн төсөл гарч ирсэн.
Эхний өөрчлөлт бол тогтвортой, үр нөлөөтэй Засгийн газар. Шалдар булдар шалтгаан хэлж, улстөржөөд засгаа огцруулсаар өнөөг хүрсэн нь бодитой үнэн. Өөрөөр хэлбэл бодлого хэрэгжих ямар ч боломжгүй болгочихож байна. Бодлого хэрэгжихгүй учраас боловсрол, эрүүл мэндийн асуудлуудаа шийдэж чадахгүй яваа. Энэ асуудал Үндсэн хуультай яах аргагүй холбоотой. Үүнийг шийдэхийн тулд давхар дээлийг хязгаарлах заалт тусгалаа. Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болно гэж хашлаа. Ерөнхий сайдыг амархан огцруулдгаас татгалзах өөрчлөлт тусгасан. 36-хан хүний саналаар Ерөнхий сайдыг унагасан жишээ өнгөрсөн түүхэнд бий. Ерөнхий сайдыг огцруулах гэж байгаа бол дараагийн Ерөнхий сайдын нэртэй нь хамт оруулж ирээд УИХ-ын нийт гишүүдийн олонхоор шийдүүлэх шийдэл гаргаж ирсэн. Манай улсын тухайд Ерөнхий сайддаа хүний нөөцийн болон эдийн засгийн эрх мэдлийг өгөөгүй яваа. Ерөнхий сайд сайдаа томилуулахын тулд УИХ-д нэг нэгээр нь оруулж хэлэлцүүлж томилуулдаг. Огцруулахдаа бас тэгдэг. Ингэчихээр УИХ дахь фракциудын төлөөллийг засагт оруулж ирэхээс аргагүйд хүрдэг. Энэ тохиолдолд кабинетаар ажиллах боломжгүй болдог сөрөг талтай. Энэ гажуудал доошлоод яамны томилгоо руу халдварладаг. Өөрөөр хэлбэл гишүүдийн захиасаар янз бүрийн томилгоо хийдэг. Төрийн алба улстөржиж, тогтворгүй байгаа нь ийм шалтгаантай. Үүнийг цэглэх өөрчлөлт тусгаж байна. Ерөнхий сайд танхимынхаа сайдыг огцруулах, чөлөөлөхийг бие дааж шийдэх заалт Үндсэн хуулийн өөрчлөлтөд бий.
Сангийн яаман дээр тооцоо, судалгаагаа хийгээд төсвийн төсөл оруулаад ирэхээр гишүүд тойрог руугаа татаж бужигнуулдаг. Үрэлгэн, хөгжлийн бодлоготой уяагүй төсвийн гол шалтгаан энэ л дээ. Үүнийг зогсоохын тулд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлага нэмэгдүүлэх, зарлагын шинэ төрөл үүсгэхийг хориглож өгч байгаа. Энэ мэт өөрчлөлт батлагдвал нийгэм, эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Ямар ч олонх, эвсэл УИХ-д гарч ирсэн бодлогын хэрэгжилт алдагдахгүй гэсэн үг.
Сүүлийн үед супер Ерөнхий сайдтай болох нь гэсэн яриа дуулдаж байгаа. Тийм биш. Япон, Герман, Эстони зэрэг улсын Ерөнхий сайдын эрх мэдэл рүү жаахан дөхүүлсэн. Засгийн газарт парламентаас тавих хяналтыг илүү сайжруулах чиглэлд тав, зургаан янзын зохицуулалт орж ирж байна.
УИХ-ын чуулганы хугацааг уртасгаж, хууль батлах босгыг өндөрсгөж байна. Сонгуультай холбоотой зарчмын хоёр чухал өөрчлөлт орж ирсэн. Цэцийн шийдвэрээс болоод зөвхөн пропорцианаль элементийг сонгуулийн тогтолцоонд оруулж болохгүй мэт ойлголт үүссэн. “Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно” гэсэн өөрчлөлт орж ирж байгаа. Сонгууль болохоос өмнөх нэг жилийн дотор Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй гэж байна. 2016 онд холимог тогтолцоогоор сонгууль болно гэж бүх нам, улстөрчид бэлдэж байтал Цэц гэнэт шийдвэр гаргаад сонгуулиас хоёр сарын өмнө орвонгоор нь өөрчилчихсөн түүх бий.
Ерөнхийлөгчтэй холбоотой чухал заалтууд байгаа. 55 насанд хүрсэн уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгоно гэсэн заалт туссан. Парламентын тогтолцооны Ерөнхийлөгч идэвхтэй субьект байж болдоггүй. Ерөнхий сайд нь идэвхтэй манлайлагч байх ёстой. Олонх, цөөнхөд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч Ерөнхийлөгч болох чигт хөтлөх зорилгоор ийм өөрчлөлт оруулах гэж байна. Дэлхийг харахад парламентын тогтолцоотой улсуудын Ерөнхийлөгч нар буурьтай суурьтай, парламент, засаг хоёроо сөргөлдөхөд намжаах үүрэгтэй ажилладаг нь тод анзаарагддаг. Гэтэл манайд дөч гарчихсан нөхөр гарч ирээд, дараагийн сонгуульд ялахын тулд улс төрийг бужигнуулдаг. Одоо бүр дийлдэхээ больж байна.
Үндсэн хуульд огт тусаагүй эрх мэдлүүдийг сүүлийн 27 жилд Ерөнхийлөгч дээр овоолсон. АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох гэх мэтчилэн олон эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгснөөр төрийн тэргүүн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гээд бүгд рүү нь ордог, нөлөөлдөг, хяналт тэнцэл, эрх мэдэл хуваарилалтыг алдагдуулдаг болсон. Дөнгөж өчигдөр (уржигдар) гэхэд л ноцтой шийдвэр гарах жишээний. Маш олон шүүгчийг ямар ч үндэслэл хэлэхгүйгээр түдгэлзүүлчихлээ. Шүүгчийн хараат бус байдал руу халдсан ноцтой шийдвэр. Энэ мэтчилэнг хорих зорилгоор Үндсэн хуульд заагаагүй эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгч болохгүй гэсэн өөрчлөлт орж байгаа.
Шүүхийг хараат бус, хариуцлагатай болгох шаардлага бий. Шүүгчдийг шилж сонгодог ШЕЗ гэж байгууллага бий. Энэ байгууллагын бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд тодорхой зааж өгөөгүйгээс парламентын олонхийн дур зорго, үзэмжийн юм болоод хувирчихсан. Шүүгчид дотроосоо даргаа сонгоно гэх мэтээр ярьж байтал 1996 онд Хууль зүйн сайд гарч ирэнгүүтээ өөрөө ШЕЗ-ийн дарга болчихсон. Ингээд улс төрийн албан тушаалтны дор орсон түүх бий. Үүнийг шийдэж байна гээд ШЕЗ-ийн даргыг 2002 онд Дээд шүүхийн ерөнхий шүүгчид өгсөн юм. Гэтэл үр дүнд нь шүүхийн хараат бус байдал алдагдсан. Дахиад шийдэл хайгаад 2013 онд Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлсэн ч ШЕЗ-ийн бүх бүрэлдэхүүн, дарга, гишүүдийг Ерөнхийлөгч томилдог болчихсон. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөв шийдэл олсон. Шүүгчийн хариуцлагын тогтолцоо маш муу байгаа. Үүнийг шийдэхийн тулд шүүгчийн хариуцлагын зөвлөл гэж гарч ирж байна. Ерөнхийлөгч шүүгчийг томилохтой холбоотой маш их асуудал гаргадаг. ШЕЗ-өөс нэр гаргаад ирэхээр хариу өгдөггүй, үндэслэлээ хэлэлгүйгээр татгалздаг. 13 шүүгчийн кейсийг нийтээрээ мэднэ. Шүүхийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөхдөө бүх шүүгчийг өөрчилчихөөд буцаагаад томилохдоо 13 шүүгчийг орхичихсон. Өчигдөр (уржигдар) болсон шиг шүүгчийн хараат бус байдал руу халдсан маш ноцтой үр дагавар.
Үндсэн хуулийн Цэц байна. Өнгөрсөн хугацаанд 36 хүн Цэц рүү томилогдсон. Дийлэнх нь улстөрчид. Сонгуульд ялагдсан ч юм уу, эсвэл улстөрчийн карьерийнхаа бөгсөнд Цэц рүү очдог. Ийм шалтгаанаар Цэцийн шийдвэр чанаргүй, үндэслэлгүй гардаг. Хууль зүйн шинжлэх ухааны хувьд зөвтгөх ямар ч боломжгүй шийдвэр гарсан жишээ олон бий. Үүнийг зогсоох зорилгоор хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан хүнийг сонгоно гэсэн заалт тусгасан. Цэцийн гишүүний хувьд зургаан жилээр ахин дахин томилогддог. 36 гишүүн дотор хоёр, гурав, дөрвөн удаа томилогдсон хүн байна. Нэг хүн бүр 25 жил суулаа, Цэцэд. Дахиж томилогдохын тулд өөрийг нь нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгч, Дээд шүүх, УИХ-д тал засдаг. Ахиад томилогдохын тулд парламентын олонхид тал засдаг. Тал засч байгаагаа ашиг сонирхолд нь нийцүүлж шийдвэр гаргах байдлаар илэрхийлдэг. Үүнийг зогсоохын тулд Европын жишгээр Цэцийн гишүүдийг есөн жилээр зөвхөн нэг удаа томилох заалт тусгасан. Цэцийн гишүүдийг томилохдоо томилгооны сонсгол заавал хийнэ гэж байгаа. ШЕЗ, Дээд шүүх дээр ч ялгаагүй томилгооны сонсгол хийх өөрчлөлт тусгасан. Америкт гэхэд бүх зүйлийг нь ухаж төнхөж, “но” байгаа эсэхийг шалгаж, бүгдийг нь гаргаж ирсний дараа алдаа, асуудалгүй бол томилдог. Яг тэр жишгээр явна гэсэн үг.
-Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогчдын хувьд 55 нас гэдэг арай өндөр босго биш үү?
-Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг эс тооцвол бүгд найман жил төрийн тэргүүн байсан. Өнгөрсөн түүхээс харахад Ерөнхийлөгч болсон хүн дараагийн сонгуульдаа ялахын тулд маш их юм хийдэг. Засгийн газрыг унагадаг. Муухай харагдуулдаг. Янз бүрийн төвлөрсөн эрх мэдлүүдээрээ намуудын дотоод асуудал руу ордог. Өөрийн хүнийх ялгаагүй намын дотоод руу ордог. Тэгж байж нэр дэвшүүлэх эрхээ олж авдаг. Дахиж сонгогддогтой холбоотой асуудлууд гэж харж байгаа. Тиймээс насны шаардлагыг нь өндөрсгөсөн. Улс төрийнхөө карьерын төгсгөлд нэг удаа зургаан жил ажиллаад явбал өнөөдөр ажиглагдаж байгаа шиг улстөржихгүй. Улстөржилт арай багасна. Улс төрд хэтэрхий идэвхтэй оролцдог нь татарна гэж харсан. Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгч идэвхгүй субьект байх ёстой. УИХ, Засгийн газрын хооронд хямрал үүсэхэд гарч ирж үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч болох учиртай. Харин Ерөнхий сайд идэвхтэй, эрч хүчтэй субьект байх ёстой юм, уг нь. Гэтэл хоёр идэвхтэй нөхөр гараад ирчихээр болохгүй болчихож байгаа юм л даа.
-Үндсэн хуулийн Цэц практик дээрээ Үндсэн хуулиа хамгаалах шийдвэр гаргасан эсэх нь эргэлзээтэй. Тэгэхээр Цэц нь сайн ажилладаг улсын жишээ, жишгээр явуулах гээд хэрэг байна уу. Тэс өөр хувилбар байж болно шүү дээ, Дээд шүүхэд өгсөн жишиг жишээ дэлхийд бий. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Товчхондоо Үндсэн хуулийн түвшний зохицуулалт бол улстөрчдийн гар хөл ордог зүйлийг таслах зорилготой. Манай улс Үндсэн хуулийн Цэц гэж Үндсэн хуулийг хамгаалдаг маш чухал шүүхийг байгуулсан. Гэхдээ хараат бус, мэргэжлийн байх хөшүүргийг нь Үндсэн хуульд тодорхой зааж өгөөгүй. Зургаан жилээр ахин дахин томилогддогоор хийчихээр улстөрчдийн гар хөл болохоос аргагүй нөхцөл рүү түлхчихэж байгаа юм. Үүнээс гадна улстөрчдийг томилчихдог. Олон улсын жишигт ч тэр, онол номондоо ч тэр байж болохгүй зүйл. Улстөрчдийн гар хөлөөс салгах талаас нь харсан шалтгаан нь энэ. Ноднин дөрвөн хүнийг гурван өдөрт томилчихсон. 20 жил бизнес хийсэн, 20 жил хууль сахиулагчаар ажилласан хүмүүсийг томилсон. Чих зөөлөнтэй гэсэн шалтгаанаар. Шүүх гэдэг утгаар нь ажиллуулах өөрчлөлтийг одоогийн төсөлд тусгасан гэж харж байгаа. Дээд шүүхэд өгнө гэдэг хувилбарыг өмнө нь, 1992 онд хангалттай ярьсан. Манайх шиг эх газрын тогтолцоотой улсад дээд шүүх рүү өгөөд ажилладаггүй юм. Хамгийн том жишээ нь Япон. Маш муу ажилладаг. Тогтолцооны онцлог гэж бий. Учир нь манай дээд шүүх хэдэн мянган маргаан шийддэг. Тиймээс Үндсэн хуулийн асуудал нь дарагдаад алга болох эрсдэлтэй.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн хувьд оруулахаар тусгасан өөрчлөлт үр дүнгээ өгөх үү?
-ШЕЗ-ийн хувьд улстөрчдийн өөр хоорондоо бөмбөг болгохоос сэргийлсэн заалтуудыг тусгаж өгсөн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд арав байна. Тав нь шүүгчдээсээ сонгосон төлөөлөл байна гэдэг нь цаанаа учиртай. Улс төрийн зүй бус нөлөөлөл орохыг саармагжуулна. Нөгөө тав нь шүүгч биш хүмүүс байх юм. Тэднийг ард түмнээс сонгогдсон парламент томилно. Ерөнхийлөгчийг оруулж ирээгүй шалтгаан нь гэвэл төрийн тэргүүн бүх шүүгчийг батламжилна. УИХ-ын олонх биш хуралдаанд сууж буй гишүүдийн гуравны хоёр гэж байгаа. Өөрөөр хэлбэл олонх, цөөнхөд аль алинд нь хүлээн зөвшөөрөгдсөн хүн гарч ирнэ гэсэн үг. Дээрээс нь томилгооны сонсгол заавал хийнэ. Ардчилсан улсуудын хамгийн сайн туршлага л даа.
-Үндсэн хууль хэлэлцэх явцад таны ярьсан өөрчлөлтүүдийг огцом хувиргах эрсдэлтэй ямар нэгэн саад тотгор гарах болов уу. Тийм хардлага, болгоомжлол нийгэмд байна?
-2000 онд маш чухал өөрчлөлтүүд хийсэн. Парламентат ёсоо бэхжүүлсэн. Гэхдээ алдаа гарсан. Өөрчлөлт хийсэн хүмүүс ийм алдаа гаргая гэж бодоогүй нь тодорхой. Эндээс сургамж аваад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 онд баталсан. Тэр хуулиар явж байгаа гэсэн онцлог бий. Өргөн баригдсан төсөл Үндсэн хуулийн хорьхон заалтыг хөндөж байгаа. Тэр хүрээнд л юу нэмэх хасах тухай ярина. Ийм хязгаарлалт байгаа. Гэхдээ нэг эрсдэл бий. Бас бус маргаантай зүйл бий ч дажгүй төсөл өргөн баригдсан. Сайн заалтууд хасагдах, эсрэгээрээ муу заалт ороод ирэх эрсдлийг үгүйсгэж чадахгүй. Тэгэхээр хамгийн гол сорилт бол сая онцолсон чухал заалтуудыг дордуулахгүйгээр батлуулах. Ялангуяа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хөндөж буй хэсэгт Ерөнхийлөгчийн зүгээс нэлээд дургүйцэж байгаа гэж олон эх сурвалж хэлж байна. Хууль ёсоор явж буй процессыг санал аваагүй гэх мэтээр ор үндэсгүйгээр эсэргүүцэж байгаа. Санал авсан. Жишээ нь, Ерөнхийлөгчийн зүгээс зөвшилцөл нэрийн доор шүүхийг хамаарлаасаа салгахгүй байх талд шийдүүлэх эрсдэл үүсч мэднэ. Тэгж хандах хангалттай үндэслэл бий.
УИХ өөрөө баталбал гурван хэлэлцүүлэг хийнэ. Хоёр дахь хэлэлцүүлэг нь ирэх долоо хоногт болно. Хоёрдугаар хэлэлцүүлгээ хийгээд УИХ өөрөө батална гэвэл гуравдугаар хэлэлцүүлэг хийнэ. Тэгэхийн тулд ахиад арван хоног завсарлана. Наадмын дараа хэлэлцэнэ гэсэн үг. Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр зарчмын зөрүүтэй шинэ саналууд гарна. Муутгасан саналууд гарлаа гэхэд нийгмийн идэвхтэй хэсэгт дахиад арав хоногийн хугацаа бий. Үгээ хэлж, нөлөөллийн арга замуудыг ашиглах боломж байгаа. Хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр заалт тус бүр дээр санал хураалт явагдана. Тухайн заалтуудыг дор хаяж 57 гишүүн дэмжиж байж батлана. Тэгэхээр УИХ дотор үндэслэлтэйгээр хандах гучаад гишүүн бий гэсэн найдвар байгаа. Бүр болохгүй заалт ороод ирвэл ядахдаа 20 гишүүн үгүй гэсэн санал хэлэхэд дэмжигдэхгүй, зогсчихно. Бас нэг эрсдэл бий. Эрх мэдлээ өгөхгүй гээд суугаа нөхдийн зүгээс өнөө учир мэдэх, наана цааныг харах 20 гишүүнээс урвуулж байгаад сайн заалтыг унагаж мэднэ. Улс төрийн ийм нөхцөлүүдийг урьдчилж таахад хэцүү. Нийгмийн идэвхтэй хэсэг онцгой анхаарна гэж найдаж байна.
УИХ-ын хэлэлцэх асуудлаас бүгдийн халаасанд нөлөөлөх гэдэг утгаараа Оюу толгой буюу Дубайн гэрээ тойрсон улстөржилт анхаарал татаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын “барометр”, бараг дангаараа гаднаас цутгах долларыг оруулж ирж буй энэ төслийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг давтан улиглаад яахав. Зэсийн эрэлт ирээдүйд яах, манай зэсийн гол худалдан авагч урд хөрш ямар тактик барьж байгаа бол гэсэн асуултад хариу хайя. Нөгөө талд дэлхийн зэсийн хамгийн том 12 уурхайн зургаа нь удахгүй хаагдана гэсэн бодит үнэн бий. Энэ эрэлтийг урьдчилж харчихсан улсын нэг нь Хятад. Арван жилийн дараа Монголоос худалдаж авах зэсээ хямд байлгах уу, эсвэл ханшийг нь тавиад туучих уу гэсэн асуулт урд хөршийн бодлого боловсруулагчдын толгойд эргэлдэж байгаад эргэлзэх зүйл алга. Товчхондоо бид 10, 20 жилийн дараа зэсээ үнэтэй зарах уу, хямд арилжаалах уу гэсэн сонголтын өмнө байна.
Урд хөрш жилд есөн сая тонн зэс хэрэглэдэг. Дотоодынх нь уурхайнууд 1.2 сая тонныг л үйлдвэрлэдэг. Үлдсэн долоон саяынхаа тал хувь орчмыг нь хаягдлаасаа шийдчихдэг. Үлдсэн дөрвөн саяын хэрэглээн дээр нь Австрали, Чили, Перу, Индонез, Монгол “зодолддог”. Монголчуудын амыг хаачихвал нөгөө хэдийг нь айлгах амархан. Чилийг гэхэд л “Танай уурхайнууд хөгширч яваа шүү. Их үнэ хэлээд байвал импортоо танах асуудал биш” гээд суучихад цаадуул нь том дуугарч чадахгүй нөхцөлд байгаа нь үнэн. Перугийн дажгүй уурхайнуудыг ер нь худалдаад авчихсан. Хятадын тухайд яг гадаадад хөрөнгө оруулахад анхаарсан СIТIC гэж сан бий. 300 тэрбум ам.долларын үнэлгээтэй аварга сан. Африкийн ихэнх уурхайг тэндээсээ мөнгө гаргаад худалдаад авчихаж байна. Ерөөсөө Хятадад нэг л том сонирхол бий. Тэр нь ирээдүйд ханш нь хаданд гарах түүхий эдийн найдвартай хангамж. Ингээд харахаар Япон, Хятад руу манай улсын түүхий эдийг гаргахгүй байх сонирхол урд хөршид бий нь хоёр дээр хоёрыг нэмэхэд дөрөв гардаг шиг ойлгомжтой зүйл. Энэ сонирхлынх нь бас нэг илэрхийлэл нь зэсийн зах зээл дээр манайхтай өрсөлддөг Индонезоос тод харагддаг юм. Индонезийн эрх баригчид “Рио”-г бараг л “хөөгөөд” гаргачихсан. Энэ бүхний цаана зэсийн том хэрэглэгч Хятадын бодлого бий гэсэн хардлага дуулддаг.
Урд хөрш манай улс дээр ч энэ бодлогоо хэрэгжүүлээд байна уу гэж хардахаар хамгийн том өнцөг бол Оюу толгой. Таван толгойгоор дамжиж монголчуудын танил болсон “Чалко”-гийн толгой компани “Чайналко” эртнээс Оюу толгойн хувийг сонирхсоор ирсэн. Одоо ч тэр сонирхол нь хүчтэй байгаа гэсэн яриа учир мэдэх улсын дунд өрнөж буй. Оюу толгойг зүгээр ч нэг онилоогүйг батлах эхний нотолгоог өмнө дурдсан. Тэр нь тун удахгүй хэрэглээгээ дагаад цойлох зэсийн ханш. Хоёр дахь шалтгаан нь далд уурхайн технологитой холбогдоно. Өнөөдөр дэлхийд далд уурхайн технологи эзэмшиж яваа компани гэвэл “Рио”, “BHP” гэсгээд бараглана. Энэ технологийг эзэмших өндөр сонирхол ОХУ, БНХАУ хоёуланд нь бий. Учир нь Хятадын хамгийн том уурхайнууд удахгүй хаагдахаар нөхцөлд байгаа. Ер нь дэлхий дээрх ил уурхайгаар олборлох боломжтой зэсийн нөөц шавхагдах тийшээгээ хандаж эхэлсэн гэж шинжээчид онцолдог. Өөрөөр хэлбэл далд уурхайнуудаас л дэлхийн зэсийн хэрэглээг хангах ганц боломж үлдэж байгаа гэсэн үг. “Чайналко”-гийн Оюу толгойг онилсон том шалтгаан энэ л дээ. Манай Оюу толгой, Эрдэнэтийн хувьд Хятадын уурхайнуудын дэргэд аварга хүчин чадалтай гэсэн шалтгааныг энд онцлохгүй орхиж болохгүй.
“Чайналко”-гийн тухайд “Рио”-гийн арван хувийг эзэмшдэг. Нууц компаниудаараа дамжуулж есөн хувийг нь эзэмшсэн гэх мэдээлэл чих дэлсдэг. Энэ мэдээлэл ортой бол “Чайналко” “Рио”-гийн 19 хувийг атгачихсан гэсэн үг. Энэ мэт шалтгаануудыг хөөгөөд харахаар “Чайналко”- гийн Оюу толгой дахь хувь эзэмшлийн сонирхол тов тодорхой.
Мэдээж тэдний гол бай нь мөнгөнд дуртай манай улстөрчид. Индонез дээр гэхэд л мөнгөнд дуртай улстөрчдийг нь ашиглаад “Рио”-г хөөж гаргасан гэж дэлхийгээр нэг шуугьж байгаа. Үүн шиг аргыг поп голдуу улстөрчид нь УИХ-д сонгогдсоор ирсэн, цаашид ч сонгогдох өндөр магадлалтай Азийн Монголд хэрэглэхэд тийм ч хэцүү биш.
Оюу толгойтой төдийгөөс өдий хүртэл хийсээр ирсэн яриа хэлэлцээ, гэрээ бичгийг анзаарахад улстөрчдийн мөнгөний сонирхол илт давамгайлсан нь тод ажиглагддаг. Анх их өрийг дарахдаа урьдчилж мөнгө авч байсан, дараа нь олон улсын валютын сангийн хөтөлбөрт орохгүй гэхдээ хэлэлцээрийн ширээнд суусан гэж ирээд яривал биднээс шалтгаалах зүйл олон бий.
Сүүлийн үед өрнөж буй дуулиан дунд Д.Тэрбишдагва зөвшөөрөл өгсөн учраас гэсэн агуулгатай буруутгал бий. Түүхийг нь сөхвөл мань эр тэгтлээ буруутахаар юм хийгээгүй байдаг юм. Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн нээлт хойшилсон түүх л дээ. Хойшилсон шалтгаан нь олон улсад бол жаахан шогдуу. Баяжуулах үйлдвэрээс гарах хаягдлын цөөрөм гэж бий. Хаягдлын цөөрмийг олон улсын стандартаар барьчихаж, Оюу толгойнхон. Манай стандартаар бол нүх ухаж шавардаж плитадаад л болох байж. Говийн хөрс байнга халж тэлдэг онцлогтой учраас хөрөнгө оруулагч тал плита нь хагарч хөрс рүү хортой хаягдал орохоос сэргийлж дэлхийн стандартаар нь хаягдлын далангаа шийдчихэж. Хар үгээр хэлбэл шавар нялж дагтаршуулаад 100 жилийн баталгаатай зузаан гэгчийн плёнк дэвсэж хийжээ. Мэргэжлийн хяналтын нөхөр монгол стандартаа нэхэж, бүр сүүлд нь салбарыг нь хариуцсан төрийн сайдын алба хашиж байсан Д.Тэрбишдагва “Наадуулдаа зөвшөөрлийг нь өг” гэж хэлж байж Оюу толгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон түүхтэй. Оюу толгой тойрсон ихэнх улстөржилтийг нэг иймэрхүү шог гэмээр тайлбар түүх дагалддаг.
УИХ-аас томилсон ажлын хэсэг Дубайн гэрээг шалгаад гаргасан урт дүгнэлт бий. Тэр дүгнэлтэд 2022-2055 он хүртэл ажиллахад төслөөс орох нийт орлого 30 гаруй тэрбум ам.доллар гэсэн тооцоо бий. Жилд 3-4 тэрбум ам.долларын орлого олох төсөл гээд бодохоор андуу тооцоо гэж эдийн засагчид хэлж байна. Өөрсдийнхөө бодож гаргасан 33 тэрбум ам.долларын 30 хувь нь Монголд, 70 хувь нь нөгөө талд үлдэнэ гэж дүгнээд байгаа. Мөн л алдсан тооцоо. Энгийн нэг тооцоо хийж үзье. Уншигчдад хялбар байлгах үүднээс алтыг хасъя. Оюу толгой одоогоор жилд 130 орчим мянган тонн зэс (баяжмал дахь металлаар) үйлдвэрлэж байна. Зэсийн үнийг 6000 ам.доллараар таамаглавал 800 орчим сая ам.доллар болно. Зөвхөн ил уурхайгаар явбал 2055 он хүргэх боломжгүй. Харин далд уурхай ашиглалтад орвол зэсийн гарц 500 мянган тонн болж өснө. Үнийг мөн адил 6000 ам.доллараар тооцвол жилд зөвхөн зэсээс гурван тэрбум ам.доллар олно. Ингээд тооцохоор 2022 оноос 2055 он хүртэл төслийн нийт мөнгөн урсгал дор хаяж 100 тэрбум ам доллар гэсэн аварга тоо гарч байна. УИХ-ын ажлын хэсэг яаж тооцохоороо 30 гаруй тэрбум ам.доллар гэсэн тоо гаргасан юм бүү мэд. Аль нэг гишүүн, эсвэл ямар нэг ажлын хэсгийн хэсэг гишүүн энгийн тооцоо хийж чадахгүй алдсан байж болно. Гэхдээ үүний цаана монгол төрийн нэр хүнд гэж бийг хаа хаанаа бодох л учиртай.
Үүний оронд өгөөжөө яг ингэж нэмэгдүүлье гэх мэт ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлбэл бид ядах нь аа л дэлхийд зөв харагдана. Тэгэхгүйгээр өөрсдийнхөө буруу, алдааг хөрөнгө оруулагч руу нялзаагаад суухаар гадныханд зэрлэгүүд, оркууд гэж харагдаад байна. Эцэст нь нэг зүйлийг онцлоход орчин үед ардчилсан төрийг таван зүйлээр хэмждэг болсон гэх судлаачдын тайлбар бий. Өмнө нь яаж ийгээд санал авчих, тэгээд дахин хуваарилалт хий, тэр л төр гэсэн ойлголт давамгайлж байсан бол өнөө цагт ардчилсан төрт улсуудын тухайд гурван функц нэмэгдчихэж. Ардчилсан төрт улсууд бизнесийнхээ хувьд гадагшаа эрсдэлгүй харагдахыг хүсдэг болсон гэнэ . Энэ сонирхол Хятад, Англи алинд нь ч тод анзаарагддаг. Хоёр дахь нь өрсөлдөх чадварын уралдаан. Хонконг, Швейцарь, Сингапур, АНУ урд хойноо орж өрсөлдөж байна. Өрсөлдөх чадвараараа урагшилж буй хамгийн том жишээ бол Энэтхэг. Бизнес эрхлэх индексээрээ 2014 онд 144 дүгээрт орж байсан Энэтхэг өнгөрсөн жил 77-д жагссан. Энэ дөрвөн жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалтынхаа хэмжээг гурав дахин өсгөсөн байдаг. Бизнесийн зөвшөөрөлтэй холбоотой 1000 хуулиа хүчингүй болгосон энэ улсын эдийн засгийн өсөлт нь Хятадын дээр гараад ирчихсэн. Хэдхэн жилийн дараа дэлхийд тавд орно гэж амбицалж байна. Өнөөдөр 11-т жагсч яваа улсын хувьд маш том амбиц. Социалист бюрократ төртэй гэгддэг улс ингэж шинэчлэгдэж байгаа нь өрсөлдөх чадварын уралдаан хэр эрчээ авсаны маш тод жишээ. Ардчилсан төрийн гурав дахь огцом өөрчлөлт нь хөрөнгө оруулалт татахын төлөөх өрсөлдөөн. Хамгийн том жишээ нь дэлхийн худалдааны дайны. Трамп Хятадад байгаа хөрөнгө оруулалтаа өөр рүүгээ буцаах гэж худалдааны дайны эрчийг чангалсаар суугаа. Английн Европын холбооноос гарах гээд байгаа нь ч ийм учиртай. Европын холбооны хүнд суртал их байна гэсэн шалтгаан л энэ бүхний цаана бий. Англи “Европын холбооноос гараад нэгдүгээрт цагаачдын асуудал дээр хатуу бодлого явуулъя, хоёрдугаарт Америк шиг либерал бодлогоор урагшилъя” гэж байгаа нь сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудаас төвөггүй харагддаг.
Байгалийн баялаггүй Сингапур нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаас төвлөрсөн их мөнгөний урсгалаа иргэдээ орон сууцжуулахад чиглүүлж , үл хөдлөхийн салбар дээрээ өндийчихлөө. Манай улсын хувьд байгалийн баялагтай , баялгийг нь өндөр үнээр авах Хятад гэж “өлсгөлөн” зах зээл ердөө хажууханд байна. Сингапурын мөнгө хийх суурь үл хөдлөх бол биднийх баялгаа хажуухны аварга зах зээлдээ үнэ хүргэж бусад салбараа өндийлгөх. Баялгаа үнэд хүргэхийн тулд энэ салбарт хэрэгжиж байгаа хамгийн том, цорын ганц төслөө л улстөржүүлмээргүй байгаа юм даа.
Ц.БААСАНСҮРЭН
“Үүдэл эсийн эмчилгээний өнөөгийн болон ирээдүйн төлөв байдал” олон улсын хурал өнгөрсөн баасан гаригт болсон юм. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, хүний гавьяат эмч П.Батчулуунтай ярилцлаа.
-Үүдэл эсийн эмчилгээний төлөв байдлыг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна. Үүдэл эсийн эмчилгээний хөгжил манай улсад ямар хэмжээнд байна вэ?
-Та бүхэн мэдэж байгаа. Донорын тухай хууль батлагдсантай холбоотойгоор Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг 2018 онд байгуулсан. Бид Олон улсын үүдэл эсийн нийгэмлэг, “Эрүүл дөрвөн улирал” байгууллагатай хамтарч олон улсын хурлыг зохион байгуулж байна. Хуралд зургаан орны эрдэмтэд, манай 10 гаруй байгууллагын 100 орчим эмч мэргэжилтэн оролцож үүдэл эс гэж юу вэ, үүдэл эсийг хаанаас нь яаж авах вэ, юунд ашиглаж болох вэ, одоо ашиглаж байгаа эмчилгээнүүд юу байна вэ гэдэг талаар сонирхолтой мэдээллийг солилцож байна.
Монгол Улсын хувьд анх ясны чөмөгнөөс үүдэл эс ялгаж аваад цусны хавдартай хүмүүсийг эмчлэх эмчилгээг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг дээр ардын эмч Н.Оюундэлгэрээр ахлуулсан хамт олон 10-аад жилийн өмнөөс эхлүүлсэн. Цусны хавдартай 17 хүнд энэ төрлийн хагалгааг хийсэн, өнөөг хүртэл 100 хувийн үр дүнтэй, өвчтөнүүд маш сайн байгаа. Хагалгаа яагаад ийм цөөхөн хийгдэж байна вэ гэвэл үнэ өртөг өндөртэй эмчилгээ. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг дээр элэг, бөөр, Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгаж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр арьс нөхөх эмчилгээг маш амжилттай хийж байна. Үүдэл эс буюу эс, эдийг нөхөн сэргээх, орлуулах эмчилгээ хийх асуудал маш чухал болоод байна.
-Тэгвэл олон улсад энэ салбар хэрхэн хөгжиж байна вэ?
-Дэлхийн улс орнуудад хүйн цус, хүйн цусны банк, эд эсийн банкууд үүсгэж байна. Ингэх нь тухайн улс орны үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Орчин үед олон төрлийн өвчин дэгдэх, халдварт өвчин, байгалийн гамшгийн үед хадгалсан хүйн цусны банкнаас ард иргэдээ эмчилж, хамгаалдаг болжээ. Хүйн цусны банк нь дэлхий дээр хоёр янз байдаг. Нэг нь хувийн хэвшлийн байгууллагуудад, нөгөө нь public буюу улсын мэдэлд байдаг. Манайх шиг хүн ам цөөтэй улс оронд хувийн банк байх боломж тааруу. Учир нь маш өндөр өртөгтэй, байнгын зардал шаарддаг. Тэгэхээр бид улс эх орны ашгийн үүднээс бодох юм бол төрийн бодлогоор үүдэл эс, хүйн цус, хүйн цусны банкуудыг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Манайх ясны чөмөгнөөс үүдэл эсийг ялгаж цусны хавдартай хүмүүсийг эмчилж байна гэлээ. Цаашид нэвтрүүлэх шаардлагатай ямар эмчилгээ байна вэ?
-Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр одоохондоо ясны чөмөгнөөс үүдэл эсийг нь ялгаад цусны хавдартай хүмүүсийг эмчилж байна. Энэ маань дөнгөж нэг алхам. Дараа, дараагийн маш олон алхмыг хийх хэрэгтэй. Энэ алхмуудыг хийхийн тулд бид гадаадын эрдэмтдийг авч ирээд тэдний туршлага, хийж байгаа судалгаанаас суралцахын тулд энэ хүмүүсийн илтгэлийг сонсож байна. Манайд бас боловсроод гадаад дотоодын орнуудад доктор хамгаалаад ирсэн чадалтай хүүхдүүд байна. Тэдний эрдэм мэдлэг, бололцоог бас ашиглая. Ингээд энэ салбарыг хөгжүүлье гэсэн үндсэн дээр энэ хурлыг хийж байгаа юм. Энэ салбарыг маш том ирээдүй хүлээж байна. XXI зууны эрүүл мэндийн салбарын хөгжил бол үүдэл эс.
Хүн 210 гаруй төрлийн 60-100 триллион эс, эдээс бүрддэг. Эдгээр эс, эд дотор ердөө 50 тэрбум нь л үүдэл эс. Үүдэл эс хүүхэд дөнгөж төрөхөд хүйн цусанд, эхийн ураг буюу эхэс дотор байдаг. Хүн төрсний дараа хамгийн их үүдэл эс байдаг нь ясны чөмөг, захын цус, элэг, арьс, өөхөнд бий. Эрдэмтэд 1980-аад оны сүүлээр 90-ээд оны эхэн үеэр үүдэл эсийг олж тогтоосон. Stem cell буюу үүдэл эсийн нэр нь бүх юмны үүдэл гэсэн санаа. Түрүүн хэлсэн хүнд байдаг 210 төрлийн 100 орчим триллион эс, эд бүгдээрээ өөр өөрийн функц, үйл ажиллагаатай, хүлээсэн үүрэгтэй байдаг. Гэтэл үүдэл эс нь ямар нэгэн үйл ажиллагаа, үүрэг даалгавар хүлээж аваагүй, ямар нэгэн дифференциацад ороогүй байдаг. Тиймээс ийм үүдэл эсийг ялгаж аваад программчлаад хэрэгцээтэй үүрэг даалгаврыг нь өгөхөд хүнд байгаа эмгэг, согог, элдэв янзын өвчнийг эмчлэх бололцоотой. Би бол юу гэж хэлдэг вэ гэвэл хүн эхээс төрөхдөө, байгалиас заяахдаа өөрийнхөө нөөц “запас”-тай ирдэг. Эрдэмтэд энэ “запас”-ыг олж тогтоож буцаагаад өвчин зовлон тохиоход хэрэглэж болох юм гэдгийг тогтоосон.
-Олон улсын хурал дээр БНХАУ, Вьетнамын эрдэмтэд өөрийн орны үүдэл эсийг ашиглах салбарын хөгжлийг танилцуулсан. Тэдний ярьж байгаа хамгийн чухал санааг та юу гэж харж байна вэ?
-Олон улсад энэ салбар аль хэдийнэ манайхаас хол тасарчихсан. Вьетнам улсад л гэхэд үүдэл эсийн эмчилгээ 1995 оноос эхэлсэн. Дэлхийд энэ салбар маш эрчимтэй хөгжиж байна. Тэгэхээр бид үүнээс хоцрохгүй байхын тулд л ажиллах хэрэгтэй. Эрдэмтдийн хэлж байгаагаар эмчлэгдэхгүй байсан маш олон өвчнийг эмчилж болж байна. Олон төрлийн хавдар, эдгэрдэггүй аутизм, паркинсон, альцгеймерийн өвчнийг эмчилж болно. Одоогоор 40 гаруй өвчнийг эмчилж болдог нь батлагдаад явж байгааг онцолж байна.
-Дэлхийн эрдэмтэд хамгийн сүүлд ямар туршилт судалгааг хийж байна вэ?
-Туршилтууд бол хаа сайгүй л хийж байна. Үүдэл эсийн туршилт судалгаа бол улс орны эдийн засаг, санхүүтэй нэлээд холбоотой. Тухайн орон хэдий чинээ хөгжилтэй, хэдий их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулж байна, тэнд л судалгаануудыг хийнэ. Тийм учраас танай сониноор дамжуулан төр засгийн бодлогоор XXI зууны анагаахын салбарын хөгжлийг дэмжих хэрэгтэй. Тэгэхгүй бол олон монгол хүн хохирсоор, гадагшаа маш их мөнгөний урсгал гарсаар байх болно. Саяхан эрхтэн шилжүүлэх эмчилгээ хийлгэнэ гээд хэдэн арван хүн гадаад руу явж хэдэн зуун сая долларын урсгал гарсан. Үүдэл эсийн эмчилгээ гараад ирэхээр Монголын иргэд гадны юм сонирхдог зангаараа гадагшаа эмчилгээнд явна гээд маш их хэмжээний мөнгөн урсгал гарахад бэлэн болчихсон байна. Миний хамгийн сүүлд авсан мэдээллээр БНСУ-д очоод хүйн цус хадгалуулах газарт монголчууд аль хэдийнэ очоод цусаа хадгалуулж хэдэн арван мянган доллар төлсөн байна.
Б.ЗАЯА
Б.АМИНА
Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр хуралдаж, хаврын ээлжит чуулганы хугацааг сунгах нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Чуулганы хугацааг сунгах тухай” захирамж гаргажээ.
Захирамжид Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгахаар заажээ.
Захирамжийн хоёрдугаар заалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хоорондын хугацаанд иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, иргэдээс гаргасан саналыг нэгтгэн Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдэд даалгасан байна.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ. Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, холбогдох хэсгийг “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” хэмээн өөрчлөн найруулсан байна. Ийнхүү өөрчлөн найруулахдаа өмнө нь зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд бүр төлдөг байхаар хуульчилжээ. Тодруулбал, ашигт малтмал ашигласны төлбөр гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих агуулгагүй, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэх зохицуулалт болсон байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлээ.
Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн дээрх зохицуулалт нь “Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн Үндсэн хуулийн заалтад нийцээгүй байна гэж Цэц дүгнэв. Мөн уг заалтаас үүдэлтэй 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчих нөхцөл байдлыг үүсгэжээ гэж Цэц үзлээ. Монгол Улсын Их Хурал нь хууль тогтоогчийн хувьд Үндсэн хуульд заасан өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг сайжруулан өөрчлөх боломжтой болохыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурджээ.
Монголын Бадминтон сонирхогчдын холбооны 20 жилийн ойн хүрээнд энэ сарын 19-23-ны өдрүүдэд Бадминтоны өсвөрийн олон улсын тэмцээнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулжээ. Энэхүү тэмцээнд долоон орны 100 гаруй тамирчид оролцсон юм.
Харин зургаадугаар сарын 25-30-ны өдрүүдэд “Токио-2020” наадмын олимпийн эрхийн оноо олгох олон улсын тэмцээнийг Спортын төв ордонд зохион байгуулж байна. Олимпийн эрхийн оноо олгох олон улсын тэмцээнд 24 орны 205 тамирчин оролцож байгаа аж. Энэ үеэр Монголын Бадминтон сонирхогчдын холбооны ерөнхий менежер З.Галхүүтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Эдгээр өдрүүдэд зохиогдож буй олон улсын томоохон тэмцээнүүдэд зориулж Монголын бадминтон сонирхогчдын холбоо техникийн ямар шинэчлэлүүдийг хийсэн бэ?
-Зориулалтын өндөрлөгийн сандал болон олон улсын тэмцээн зохион байгуулах техникийн шаардлагад тавигддаг гэрэлтүүлэгийн асуудлыг өмнөх жил Бадминтон сонирхогчдын холбоо маань шийдэж тэмцээний зохион байгуулалтанд онцгойлон анхаарч ажилласан.
-Тэмцээнд ирж оролцож буй олон улсын тамирчдын зардлыг хэн хариуцаж байгаа вэ?
-Дэлхийн бадминтоны холбооны ивээл дор зохиогддог аливаа олон улсын тэмцээнд оролцож байгаа баг тамирчид өөрсдөө эсвэл тухайн улсын Бадминтоны холбоо нь баг тамирчдынхаа зардлыг хариуцдаг.
-“Токио-2020” наадмын олимпийн эрхийн оноо олгох олон улсын тэмцээний шагналын сан хэд вэ?
-Тэмцээний шагналын сан 25мянган доллар. Засгийн газрын тогтоолоор зохиогдож буй тэмцээнүүдийн нэг л дээ.
-Монголын Бадминтон Сонирхогчдын холбоо анх байгуулагдаж байсан түүхээс дурдвал?
-Бадминтон Сонирхогчдын холбоо анх 1999 онд долоон тамирчны бүрэлдэхүүнтэй Орхон аймагт байгуулагдаж байсан. Тухайн үед Япон улсын “Жайка” байгууллагын сайн дурын дасгалжуулагч ирж ажиллаж байлаа. Өнөөдрийн байдлаар бадминтоны спорт арав гаруй аймагт хөгжөөд байна. Монголын Бадминтон Сонирхогчдийн холбооны 20 жилийн ойн хүрээнд Бадминтоны спорт маань хүүхдийн спортын наадмын үндсэн төрөл болж буйд баяртай байна.
-Монголын Бадминтон Сонирхогчдын холбоо ямар бодлогыг баримтлан ажиллаж байна вэ?
-Монголын Бадминтон Сонирхогчдын холбоо маань Бадминтоны спортыг 21 аймагт хөгжүүлэхээр бодлогоо чиглүүлээд ажиллаж байна. Энэ хүрээнд “Аймаг болгонд мянган бадминтончин” гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.
-Орон нутагт Бадминтоны спортыг хөгжүүлэхэд тулгардаг хамгийн том асуудал бол дасгалжуулагчийн хомсдол байх?
-2013 онд 19 аймгийн дасгалжуулагчийг Улаанбаатар хотноо урьж авчран Бадминтоны спортыг сурталчилж, сургалт зохион байгуулж байсан. Энэ жилээс Бадминтоны спорт хүүхдийн наадмын үндсэн төрөл болж байгаа учир бусад аймгуудад Бадминтоны спортыг хөгжүүлэх зорилгоор дасгалжуулагчдийг сургах шаардлага тулгарч байна.
-Улаанбаатар хотод одоогоор Бадминтоны хэдэн клуб хичээллэж байна вэ?
-Улаанбаатар хотод гурван клуб ажиллаж байна. ХУД-ийн “Орхон”, БГД-ийн “Шинэ-Эрин”, БЗД-ийн “Монгол тэмүүлэл” сургуулиудад Бадминтоны клуб тогтмол ажиллаж байгаа. Энэ зуны туршид өдөр болгоны орой долоон цагаас “Монгол тэмүүлэл” сургууль дээр Бадминтоны клуб хичээллэдэг.
-Эдгээр клубуудын сарын төлбөр хэд байдаг вэ?
-Сарын 60 мянган төгрөгний төлбөртэй.
-Монголын Бадминтон Сонирхогчдын холбоо ямар зорилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа вэ?
-Бадминтоны спортыг Монгол улсын хэмжээнд бүх нийтийн спорт болгох зорилготой байгаа. Энэ спортоор аль болох олон хүнийг хичээллүүлэхээр ажиллаж байна. Мөн Токио-2020 олимпийн наадамдтамирчнаа эрх авч оролцуулах зорилготойгоор ажиллаж байна.
-Төр засгийн зүгээс Бадминтоны холбоог хэрхэн дэмжиж байна вэ?
-Засгийн газрын тогтоолоор энэ удаагийн тэмцээн болон 2016 оны олон улсын тэмцээний үйл ажиллагааны зардалд дэмжлэг үзүүлсэн. Цаашид төр засгийн зүгээс хөгжиж байгаа мөн амжилт гаргах боломжтой энэ спортын төрлийг дэмжиж ажиллавал бусад спортоос илүү хөгжиж, олимпийн наадмын эрх авах боломжтой гэж боддог.
-Азийн Бадминтоны холбооноос хэрхэн дэмждэг бэ?
-Азийн Бадминтоны холбооноос бүс нутгийг дэмжсэн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тухайн спортын төрөл хөгжиж буй орнуудад техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж ажилладаг.
-Бадминтоны бусад спортын төрлөөс ялгарах онцлог юу байдаг бэ?
-Бадминтоны спорт маань дэлхийн хамгийн хурдан спорт юм. Өдөн бөмбөг 493 километр цагийн хурдтай нисдэг. Энэ спортоор хичээллэснээр хурдтай нисэж буй өдөн бөмбөгийг олж харахын тулд нүдний булчин ажилласнаар нүдэнд очиж байгаа цусны хангамж нэмэгдэн нүдний хараа сайжирдаг болох нь шинжлэх ухаанаар нотлогдсон.
Ярилцсанд баярлалаа.
У.ЧИНЗОРИГ
Аялал жуулчлалын улирал болж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ыг зорьж буй монгол иргэдэд онцгойлон анхаарах зөвлөмж бэлтгэснийг хүргэж байна.БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ОНЦГОЙЛОН АНХААРАХ ЗӨВЛӨМЖ
- БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх. БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах” гэж заасан байна.
- БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэхгүй байх. БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юаний мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна.
- БНХАУ-ын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх. БНХАУ-ын хилээр 20.000 юань буюу 5000 хүртэл ам долларыг биедээ авч орохыг зөвшөөрдөг. Хэрэв энэ журмыг зөрчсөн тохиолдолд мөнгийг хураан гарал үүслийг ажлын 5 хоногт багтаан шалгаж, мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгоно.
- БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байх. БНХАУ-д зорчихдоо бусдын дайвар зүйлсийг /Дайвар зүйлст хар тамхи, ангийн эд зүйлс, алт, сум гэх мэт хориотой зүйл байж болзошгүй/ авахгүй байхыг онцгой анхаарах. БНХАУ-ын хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг бөгөөд хуулийн өндөр хариуцлага хүлээдэг.
- Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэхийг барьцаанд тавихгүй байх. Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэх нь Монгол Улсын Төрийн өмч тул иргэн Та эдгээр бичиг баримтыг ямар нэг хэлбэрээр барьцаанд тавихыг хориглодог бөгөөд энэ үйлдлийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх болохыг анхаарах хэрэгтэй.