Categories
мэдээ нийгэм

Миний Монгол намыг бүртгэснээр 32 намтай боллоо

Миний Монгол намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ж.Бат-Ирээдүй нарын хүсэлтийг Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцжээ. Улмаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Миний Монгол нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ. Миний Монгол нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 32 дахь нам болж байна.

Categories
мэдээ улс-төр

Капиталист намыг бүртгэхээс татгалзлаа

Капиталист намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Д.Лхагвасүрэн нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ

Байнгын хороодын хуралдаан дуусч, шинээр томилогдох байнгын хороодын дарга нарын нэрсийг олонхийн саналаар шийджээ. Тодруулбал, Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улираан томилохоор, Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг, Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улираан томилохоор, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар олонхийн санал авчээ. Уг саналыг бүлэгтээ танилцуулж, улмаар УИХ-аар оруулах юм.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнийг АН-ын даргаас огцрохыг шаарджээ

АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөс АН-ын дарга С.Эрдэнэд шаардлагыг өнөөдөр хүргүүллээ. Уг шаардлагад судалгааны байгууллагын дүнгээс С.Эрдэнийг намын дарга болсноос хойш АН-ын рейтинг унаж байгаа, “Эрдэнэт”-ийн 49 хувь оролцсон, Нийгмийн даатгалын газрын дарга байхдаа хууль бус үйлдэл хийсэн зэрэг 15 үндэслэлийг дурьдсан байна. Иймээс намын Онц их хурлыг хуралдуулж, С. Эрдэнийг АН-ын даргаас огцрох өргөдлөө өгөхийг шаарджээ.

Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн Улаангом суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош үгүйсгэгджээ

No photo description available.

“2019 оны 05 сарын 5-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд тарваган тахлын сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдсэний дагуу лабораторийн шинжилгээний хариу молекул биологийн аргаар батлагдах хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоон хариу арга хэмжээг зохион байгуулан ажилласан. 2019 оны 05 сарын 06-ны өдрийн 13:15 цагт лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгдлээ.” хэмээн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн ОУ-ын Коломбо хөтөлбөрийн суурь түвшний сургалтыг хийлээ

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 3 сарын 7-ны өдрийн 77 дугаар тогтоолоор батлагдсан “Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр (2017-2021)”-ийн хүрээнд ХЗДХЯ, ЭМЯ, МУГХУСАЗЗ, СЭМҮТ хамтран 2018 онд эхлүүлж байсан Коломбо хөтөлбөрийн 4 дэх удаагийн сургалтыг АНУ-ын Төрийн Департмент, ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ, СЭМҮТ-ийн санхүүжилтээр 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдрөөс 30-ыг дуустал амжилттай зохион байгууллаа. “Коломбо хөтөлбөр” нь Дэлхийн 47 орныг эгнээндээ нэгтгэсэн Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн Олон улсын хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь суурь түвшний 8 курс, ахисан түвшний 22 курстэй. Суурь түвшний 8 курсын сургалтыг сүүлийн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж дууслаа.

Цаашид ахисан түвшний хөтөлбөр, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтээ тавиад байна. Суурь түвшний сургалтыг зохион байгуулахад нийт 11 олон улсын сургагч багш оролцсон. Сургалтын хаалтын үйл ажиллагаанд АНУ-ын Элчин сайдын яам, ХЗДХЯ-ны төлөөлөл, СЭМҮТ-ийн Удирдлагын багийн гишүүд оролцсон бөгөөд цаашид хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэж байлаа. Коломбо хөтөлбөрийн сургалтанд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын 2 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 1 багш, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 шинжээч, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 12 эмч мэргэжилтэн, Нийслэлийн наркологийн эмнэлгийн 1 эмч, Нийслэлийн 28 дугаар сургуулийн нийгмийн ажилтан, 47 дугаар сургуулийн сургалтын менежер зэрэг олон мэргэжлийн төлөөлөл оролцож байна. Үндэсний сургагч багшаар бэлтгэгдэж буй 21 мэргэжилтэн цаашид Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт Олон Улсын энэхүү хөтөлбөрөөр Үндэсний сургагч багш нарыг шат дараатай бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Инновацын 7 хоног-2019” “Хамтын инновац” уриатайгаар эхэллээ

“Инновацын 7 хоног-2019”-ийг энэ жил “Хамтын инновац” уриатай Улаанбаатар хотноо энэ сарын 6-12-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. Инновацын соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэ долоо хоногийг БСШУСЯ, ҮХГ, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Оюуны өмчийн газар, Монголын томоохон их дээд сургуулиуд, МҮХАҮТ, Монголын залуу эрдэмтдийн холбоо ТББ, Монголын хамтын оффисын холбоо ТББ зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна. Оролцогч талууд инновацын үйл ажиллагаа, хууль, эрх зүй, төрийн бодлого, төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломж нээх, олон нийтэд инновацын бүтээгдэхүүнийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтойг хурлын үеэр онцлов.

“Монголын инновацийн 7 хоног”-ийн үеэр зохион байгуулах ажлууд:

“Хамтын инновац-2019” хэлэлцүүлэг 5 сарын 7-нд

БСШУСЯ, Монголын хамтын оффисын холбоо ТББ инновацын үйл ажиллагаа, хууль, эрх зүй, төрийн бодлого, төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын шинжлэх ухаан, технологи, инновацын хамтын ажиллагаа, түншлэлийн боломжийн талаар хэлэлцэх хэлэлцүүлгийг Корпорейт-2 зочид буудал /Улаанбаатар танхим/-д зохион байгуулна.

“Инновацын үзэсгэлэн-2019” 5 сарын 7,8-нд

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын инновацын үйл ажиллагааны үр дүн, оюуны бүтээл, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна.

Залуу судлаачдын “BPA-2019” эрдэм шинжилгээний бага хурал 5 сарын 8-нд
Гадаад, дотоодын эрдэмтэд, судлаачид, магистр, доктор-оюутнууд судалгааны ажлын үр дүнг танилцуулах, эрдэм судлалын бүтээлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгох бөгөөд залуу судлаачдын шилдэг бүтээлийг шалгаруулж урамшуулах зорилгоор “Монголын залуу эрдэмтдийн холбоо” ТББ ШУТИС-ийн 604 тоотод зохион байгуулна.

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2019” Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 5 сарын 8-нд

Тус хурлыг СУИС зохион байгуулж, Соёлын бодлого, соёлын бүтээлч үйлдвэрлэл, зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэл, соёл урлагийн байгууллагын менежмент маркетингийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлнэ. МУИС-ийн номын сангийн 502 тоот хурлын танхим болно.

“ICIED-2019: Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 5 сарын 9-нд

Мэдлэгийн эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийн олон улсын туршлага, Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх боломж, үндэсний инновацын тогтолцоог бүрдүүлэгч талуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх бөгөөд ирүүлсэн бүтээлүүдэд мэргэжлийн хянан магадалгаа хийж, “Менежмент ба Инновац” эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлнэ. Хурлыг ШУТИС зохион байгуулна.
“Фронтир Финтек” хакатон 5 сарын 10-нд

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, ШУТИС хамтран Фронтир Финтек Хакатоныг орчин үеийн дэвшилтэт технологи болох блокчейн технологийг Монгол Улсад нутагшуулах, залуучуудад блокчейн технологийн талаар оролцох хүсэлтэй бүх хүн, нийтэд мэдлэг, туршлага олгох зорилгоор зохион байгуулна.
“Эрдэм” хакатон 5 сарын 3-10-нд

Судлаачдын дунд бизнесийн шинэ санаа, шилдэг төсөл шалгаруулах арга хэмжээг зохион байгуулах, түүнийг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх зорилгоор ШУА зохион байгуулна.

“Соёлын ажлын хаалтын ажиллагаа” 5 сарын 11-12-нд

Олон улсын хуралд оролцсон гадаадын төлөөлөгчдөд Монголын соёл, уламжлалыг танилцуулах соёлын ажлыг ШУТИС зохион байгуулна.
“Инновацийн хөгжил-хамтын ажиллагаа” уулзалт хаалтын ажиллагаа 5 сарын 13-нд

Инновацын 7 хоногийн хүрээнд зохион байгуулсан үр дүнг нэгтгэж, санал санаачилга ба зөвлөмжийг шийдвэр гаргагчдад хүргэнэ. МУИС хариуцан зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Монголын хүмүүнлэгийн тусламжийг сиричүүдэд тарааж эхэлжээ

Монгол Улсаас үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг Сирийн ард иргэдэд тарааж эхэлжээ. Энэ тухай Сирийн сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх Оросын төвийн төлөөлөгч Сергей Смолинский сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Монголоос үзүүлсэн 8 тонн хүмүүнлэгийн тусламжийг ОХУ-ын Агаар-сансрын хүчний нисэх онгоцоор Сирийн Хмеймим нисэх хүчний баазад хүргэсэн билээ.

“Энэ тусламж өнөөдөр Сирийн ард иргэдэд маш их хэрэгтэй байна” гэж Смолинский хэлжээ. Тэрбээр мөн ОХУ болон Монголын дэмжлэг Сирийн өнөөгийн байдалд “нүдээ олсон” гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж Монгол ардын зүйр үг байдаг. Бид Сирийн ард түмэнд дэмжлэг тусламж хэрэгтэй байгааг харж байна. Тийм учраас бид энд байгаа” гэж Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөгч ярилаа.

Монголын цэргийн байгууллагын төлөөлөгчид цаашид Оросын түншүүдтэйгээ хамтран дахин нэг хүмүүнлэгийн ажиллагаа зохион байгуулахыг үгүйсгээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрхийн асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.05.06) хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар өргөн барив. Уг албан бичигт Улсын Их Хурлын 22 гишүүн гарын үсгээ зурж, дэмжжээ. УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулиудыг батлан гаргасан.

Гэвч манай улсад сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг, бага насны хүүхэд элдэв гэмт хэргийн хохирогч, золиос болох, амь насыг хөнөөх, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осолд өртөх зэргээр хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдсөөр байна. 2018 оны байдлаар нийт 34 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсноос дийлэнх нь төрсөн эцэг, хойт эцэг, хамаатан садан, эцэг эхийн найзуудад хүчирхийлүүлсэн байна. Үүнээс үзвэл хүүхэд гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөх нь их байгаа юм. НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхийн нийт хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь хүүхэд байхдаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэсэн судалгаа гаргажээ. Үүний 12 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байхад дөнгөж гуравны нэг нь л хуулийн байгууллагаар шалгагддаг байна. Тус байгууллагын өөр нэгэн судалгаагаар хүүхдэд ээлтэй дэлхийн улсуудыг жагсаахад манай улс Пакистан, Бүгд Найрамдах Мозамбик Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс нарын хамтаар сүүлийн байрыг эзэлсэн байна. Мөн хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн мөлжлөгийн үзүүлэлтээр ч сүүлийн байрт орсоор ирснийг гишүүд хэллээ. Иймд хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал, бууруулах арга зам, цаашид авах арга хэмжээний талаар Нийтийн сонсголыг яаралтай зохион байгуулах, сонсголоос гарах санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, бодлогын баримт бичгүүдэд тусгуулах шаардлагын үүднээс уг албан бичгийг өргөн барьжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Мотоциклуудад гэрэл ойлгох туузан наалт байрлуулж байна

Дулааны улирал эхэлж байгаатай зэрэгцэн хөдөө, орон нутагт мотоциклийн хөдөлгөөн ихээр нэмэгдэж энэ төрлийн осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Он гарснаас хойш эхний 4 сарын байдлаар мотоциклтой холбоотой ослын улмаас нийт 28 хүний амь нас хохирсны 96,4% буюу 27 нь орон нутагт бүртгэгджээ.

Улсын хэмжээнд мотоциклын хөдөлгөөнтэй холбоотой бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг, нас баралт, гэмтлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мотоцикл-2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.А-д зааснаар механикжсан тээврийн хэрэгслийн ангилалд мотоциклыг “А” ангиллын тээврийн хэрэгсэл гэж тодорхойлдог. Мөн дүрмийн 3.1.А-д механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байх, ашиглаж буй тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн дугаартай замын хөдөлгөөнд оролцох эрх зүйн зохицуулалттай байдаг.

Гэвч мотоциклтой жолоодож байгаа иргэд нь жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөхгүй, жолоочийн албан журмын даатгалд даатгуулахгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн дугаар аваагүй, техникийн хувьд бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал буурахгүй байна.

Тээврийн цагдаагийн албанаас энэ төрлийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, төр захиргааны байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Тухайлбал:

Бүртгэлгүй мотоциклын судалгааг гаргаж, улсын бүртгэлд хамруулах, мотоцикл хэрэглэгчдийг “А” ангиллын курс, сургалтад хамруулж үнэмлэхжүүлэх чиглэлээр нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байгаа ба мотоциклын овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалтыг урд, хойд, хажуу талуудад нэмж байршуулан ажиллаж байна.

Түүнчлэн мотоциклийн жолооч иргэдийг гэрэл ойлгогчтой хантааз, хамгаалах малгай өмсөж хэрэглүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байна.

ХАМГААЛАХ ХАНТААЗНЫ ЗАГВАР

Ашиглахад хялбар, угааж цэвэрлэхэд амар, биеийн хөдөлгөөнд саадгүй, жолоочийн үзэгдэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Шөнийн цагт хэрхэн харагдахыг харуулав

Шөнийн цагт хэрхэн харагдахыг харуулав

Мотоциклд гэрэл ойлгогч туузан наалт байрлуулах боломжтой хэсгүүдийн байрлал: