Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дээд шүүхийн шүүгчийг сонгоно

Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг сонгох Дээд шүүхийн бүх шүүгчийн зөвлөгөөн өнөөдөр болно.

Ес дэх жилдээ Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц.Зоригийг энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн. Улмаар дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн болж, олонхын саналаар Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлсэн юм.

Харин түүнийг Ерөнхийлөгч томилохоос татгалзсан тул ийнхүү дахин зөвлөгөөн зохион байгуулж, ерөнхий шүүгчээ сонгохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

Зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр хийх засварын хуваарийг танилцуулж байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

10:00-17:00 цагт: 23, 28-р хороо Сургуулийн 4, Хужирбулангийн 1-6, 8, 11-15, 18, 19, 20, 37, 41, 43, 57, Баатархайрханы 2-р хэсгийн 2/А, 22, Задгайн гудамжууд, Бага сургууль, Цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор,

11:00-18:00 цагт: 12-р хороо Төмөр замын 1, 2, Чулуун овооны 1, 4, 5, 6, 7-р гудамжууд, Чулуут АОС-ууд, Өсөх гурван тогтох, УВТ инвест ХХК-ууд, Иргэн Отгонбаяр, Болдбаатар, Өлзийсайхан, Ганзориг, Сод монгол ШТС болон эдгээрийн ойр орчмоор,

СҮХБААТАР ДҮҮРЭГ

11:00-15:00 цагт: 1-р хороо Монголын хүүхдийн ордон, Гурван гал төв, Их тэнгэр цогцолбор, Блюскай Авиэйшн, Блюбандана, Цолмон трэвэл ХХК, Аэр маркет, АСОО, Монвинус ХХК-ууд, Ахан дүүс 61 СӨХ, Иргэн Мөнхсаргай, Энхтуяа, Мөнхтөр, Оросоо, Хаан банк, Брикланд, 1-р сургууль, Шинэ дэвшилт холбоо, Рояал ресторан болон эдгээрийн ойр орчмоор,

11:00-18:00 цагт: 12, 13, 14-р хороо УИД-ийн ажилчдын байр, УСУГ-ын зөөврийн ус түгээх байр, Рашааны 6-9, Ногоон талбайн 6, 7, Хангайн 11, 12, 17-23-р гудамжууд, 58-р сургууль, Заламт номгон, Шуртын анир, Алтан жолоо трейд, Зостын шовгор ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱11:00-18:00 цагт: 7, 9, 10, 11, 12, 10-р хороо Нуурын 16, 17, 18, 21, Булагийн 7, 9-16, 18, 19, 20, Дэнжийн 10, 18-25, 27-33, 37, 38, 40, 41, 42, Чингэлтэйн 6- 15, Хувьсгалчдын/Б-ын 3-13, Хувьсгалчдын/А-ын 1-10-р гудамжууд, Анко, Хүчит шонхор, Ногоон нуур захууд, Их манд, Кевико, Таны итгэл ББН, МХС, Авто гараж, Сэтгэлийн цэнгүүн ФЭБ, Они түшээ гүн, Гэрэлт орчлон, Дэнжийн мянга кобон, Алтантэвш, Батнэрэн /үйлчилгээ/, ГБХ ХХК-ууд, 173-р цэцэрлэг, 253-р ЦА,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

10.30-16.00 цагт: 3, 2-р хороо Эн Жи Ай пропертиз, Төгрөг тал ХХК-ууд, Батсайхан засварын цех, ЗЦГ-ын АЖ-3 пост, 94, 96, Мишээлийн 89, Кроун резидентийн 86, НА-53, 54-р байрууд, Хийморь вью, Цэлмэг тэнгэр, ЦУОШГ хотхон болон эдгээрийн ойр орчмоор

10.30-19.00 цагт: 8-р хороо Жаргалантын ам Цөмийн энергийн төв, Изотоп контор орчмоор

11:00-17:00 цагт: 1, 11, 13, 14, 15-р хороо Зайсангийн гудамж 17, 19, 21/1, 21/2, 21/4, 24/5, 27/А, Б, 30, 32, 34, 56/А, Б, 59, 61-р байрууд, Гавж, Бурхант, Ногоо, Өлзийт, Амгалан, УЗ, Дэнж, Шинэ тосгон болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 10, 11, 28-р хороо АОС 3, 4, Мандалын 2, Сансарын 1, 2, 6, 9, Зүүн Баян-Уулын задгай, Зээлийн 4, 5-р гудамжууд, Дэлхийн зөн ОУБ, МУЗН, ГЕГ-ын дэргэдэх Эрэлч нохойн тасаг, Ургамлын далай, Эн Би Си, Барын нүд ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: УСУГ,

ТӨВ АЙМАГ

10:00-13:00 цагт: Зуунмод сумын 38 айлын орон сууц

14:00-17:00 цагт: Зуунмод сумын Шинэ суурьшлын бүсийн 97 айл.

Categories
мэдээ нийгэм

100 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэгтэнг илрүүлжээ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид өчигдөр /2019.05.07/ томоохон зах худалдааны төвүүдээр явж бусдын лангуун дээр ил тавьсан гар утас болон бусад эд зүйлсийг хулгайлдаг эмэгтэйг саатуулжээ.

1990 онд төрсөн эмэгтэй “С”-ийн урьдчилсан байдлаар 100 орчим хулгайн үйлдэл тогтоогдсон байна. Үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 03-ны өдрийн хурлаар баталсан УИХ-ын байнгын болон түр хорооны өнөөдрийн /2019.05.07/ хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр нийтийн сонсгол зохион байгуулах эсэх асуудал;
  • “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох.

2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хамт 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;
  • Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн аудитын тайлан /Үндэсний аудитын газар 2019.05.03-ны өдөр ирүүлсэн/;
  • Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал;
  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал.

3. Цахим бодлогын түр хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төрийн цахим шилжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн байдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатын мэдээлэл сонсох;
  • “Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэх;
  • Улсын Их Хурлын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох.

4. Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Түр хорооны ажлын төлөвлөгөө батлах;

  • Бусад.
Categories
мэдээ нийгэм

МҮИС-д Сувилахуйн мэргэжлийн сурах бичгийн нээлт боллоо

МҮИС болон Чусонь Их Сургуулийн хамтран хэрэгжүүлж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагаа төсөл”-өөс Ким Жинь Хый өнгөрсөн 4-р сарын 26-ны өдөр МҮИС-д Сувилахуйн мэргэжлийн сурах бичгийн нээлт болон урчадварын танхим, лекцийн танхимын нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь 2017 оноос эхэлсэн БНСУ-ын Боловсролын Яам болон Солонгосын судалгааны хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр явагдаж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагаа төсөл”-ийн нэг хэсэг болох Монголын сувилахуйн боловсролын хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс зохион гаргасан мэргэжлийн сурах бичгийг танилцуулах, сурагчдийн сургалтын орчинг сайжруулах үүднээс лекц болон ур чадварын танхимыг танилцуулах зорилгоор зохион байгуулагдав.

Нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Жон Жэ Нам, УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагва, БСШУЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны Газрын дарга Т.Ууганбаяр, Боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Амаржаргал, дээд боловсролын бодлогын газрын дарга Ш.Баяр, МҮИС-ийн ерөнхий захирал Л.Мөнхбат, МҮИС-ийн захирал Б.Дашдолгор, Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн холбогдох албан тушаалтан зэрэг нийт 100 орчим хүн оролцов.

Онцгойлон энэ удаагийн хэвлүүлэн гаргасан 6 ном (Сувилахуйн үндэс 1, Сувилахуйн үндэс 1 хичээлээр дадлага хийх оюутны хөтөч, Сувилахуйн ёс зүй, Хавдартай өвчтөний сувилахуй, Сувилахуйн үндэс 2, Эрүүл мэндийн үнэлгээ хичээлээр дадлага хийх оюутны хөтөч) нь БНСУ-ын сувилахуйн профессорууд бичиж Монгол хэлрүү хөрвүүлэгдэн Монгол дахь сувилахуйн салбарын багш профессорууд хянасаны үр дүнд бүтсэн бүтээл юм.

Мэргэжлийн сурах бичгийн нээлтэн дээр төслийн ахлагч Ким Жинь Хый “Энэ удаагийн мэргэжлийн сурах бичиг гаргах хөтөлбөрөөр дамжуулан хэвлэгдсэн Сувилахуйн мэргэжлийн сурах бичиг маань сувилахуйн сургалтанд өргөнөөр хэрэглэгдэж, МҮИС-ийн сувилахуйн сургалт болон цаашлаад Монголын сувилахуйн сургалтын суурь нь болоосой хэмээн хүсэж байна.” хэмээн өөрийн сэтгэгдлээсээхуваалцлаа.

“Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагаа төсөл” нь БНСУ-ын сургуулийн нөөц бололцоо, дэмжлэгийг бүрэн ашиглаж хамтын ажиллагаатай их сургуульд шаардлагатай тэнхимийг байгуулах болон сургалтын үйл ажиллагааг нь чадваржуулах, байрлаж буй нутаг дэвсгэрийг хөгжүүлэх хөтөлбөрийг дэмждэг төсөл бөгөөд дотоодын их дээд сургуулийн систем, нөөц бололцоо, туршлага зэргийг хөгжиж буй орны их сургуулиудад нэвтрүүлж, их сургуулиудын сургалтыг сайжруулах, Солонгос хэв маягийн Олон улсын хамтын ажиллагаа моделыг дэлгэрүүлэх, түгээх зорилгоор хэрэгжүүлж буй төсөл юм.

Чусонь Их Сургуулийн “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагаа төсөл” нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд МҮИС-ийн Сувилахуйн тэнхимыг хөгжүүлхийн тулд “Үр дүн суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг хөгжүүлэн, хэрэгжүүлж байгаа ба энэ жилийн төсөл хэрэгжилтийн явцыг үнэлэх хурлаас “Хамгийн сайн” үнэлгээг авч, 3 дах жилдээ явж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тавин га-д бослого гаргах нь, таван тэрбум долларын эсрэг бол дайн хийх нь ээ

Монголын нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 га газарт хүлэмж байгуулах зөвшөөрлийг Хятадын “Тяньжин Фүүдс” компанид өгсөн мэдээлэл гарч сошиалаар нэг юм болж байна. Нийгмийн сүлжээ хүмүүст тийм их нөлөөтэй нь үнэн юм бол бараг бослого гарах нь. Бүгд л гар утас, компьютерийнхээ ард босоод зогсчихсон бололтой. Энэхүү 50 га газрыг Хятадын компанид эзэмшүүлэх болсон нь хэн нэг эрх мэдэлтний дурын шийдвэр биш байх аа. Манайх зөрүүлээд Хятадын боомт дээр өөрийн газартай болох юм шиг байна. Нарийн учир нь удахгүй тодорхой болно биз. Энэ төр засаг чинь эргүү тэнэгүүдээр дүүрчихээгүй болохоор хоёр хөрштэйгөө “Танайх тэр асуудлаа тэгж шийдвэл, манайх тэгнэ” гэсэн яриа хөөрөө, гэрээ хэлцэл басчиг хийнэ. Тэр бүгдийгээ нийгэмд тайлбарлаад байх албагүй. Дэлхийд ч тийм практик байхгүй, ард түмэндээ нээлттэй байлгахаа байлгадаг, бусдаар далан булчирхайгаа тоочдоггүй. Энэ л хүрээнд 50 га газрын асуудлыг шийдсэн юм шиг байна. Үүгээр нь Хятадад дургүй тодорхой хэсэг дээр зарим хүн улс төр хийж байх шиг.

Сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийлээ. Зарим хүний муу амлаад байсан шиг ганзага хоосон ч ирсэнгүй ээ. Өмнө Ерөнхий сайдын айлчлалаар яригдсан асуудлуудыг баталгаажуулж, мөн өөрөө өмнө нь ШХАБ-ын уулзалтад оролцохдоо Хятадын даргатай ярьж байсан ажлаа цэгцэлж, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн гэрээ хэлцэл, санамжуудад гарын үсэг зураад ирлээ. Яг албан ёсоор мэдээлээд байгаа төсөл хөтөлбөрүүдийг нь хүргэе. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, Монголд “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлэх “Эрдэнэс Стийл” компани, Хятадын “Синостийл Экүйпмэнт энд” Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр, Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монголын “Цэцэнс Майнинг энд Энержи” компани болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын гэрээ, Монголын “Гангар инвест” компани, Хятадын “СAMC Инженеринг Чайна” компани хоорондын “Шинэ амгалан хоороллын төсөл” хэрэгжүүлэх гэрээ, хоёр улс хоорондын 2019-2022 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Хятадын Төмөр замын ерөнхий компани хоорондын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээлэл солилцох тухай хэлэлцээр, мөн “Иш Ноён Бадрах” ХХК болон Хятадын Хөбэй мужийн “Хайфу акумляттор” ХХК хоорондын хамтын ажиллагааны гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ, Монголын “Мошеа Эко Энержи” компани болон Хятадын “Үндэсний техникийн импорт-экспортын корпораци” (CNTIC) хоорондын хамтын ажиллагааны гэрээ… гэхчлэн эдийн засгийн төсөл гэрээнүүдийг албан ёсжуулжээ. Үүн дээр нэмэгдээд урд хөршийн дэмжлэгээр барих Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төсөл ахицтай ажиллаж байна. Монголд болох Азийн хүүхдийн спортын их наадамд зориулан Хятадын тусламжаар барих Спортын иж бүрэн цогцолбор, комплексын бүтээн байгуулалт байна. Хоёр улсын боомтын дэд бүтцийн төслүүд хөгжиж байгаа. Мөн Монгол Улсаас санал болгосон мал аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тухай саналыг Хятадын тал нааштай хүлээж авсан. Үүний үр дүнд нүүрс үнэтэй, махны экспорт урьд хожид байгаагүй өндөр байгааг эдийн засагчид ярьж байгаа. Ийм байдлаар цааш явбал 2020 он хүртэл хоёр талын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ гэж төр засгийн түвшинд ярьсан нь бодитой болох нь.

Ерөнхийлөгчийн айлчлалаар хийгдсэн төсөл хөтөлбөр, гэрээ хэлэлцлүүдийн нийт мөнгөн дүнг урьдчилсан байдлаар багцаалахад эрт байна. Зөвхөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барих өртөг гэхэд урьдчилсан байдлаар таван тэрбум доллар гэж дуулдах юм. Энэ бол том тоо, том эдийн засаг шүү дээ. Энэ нь Хятад бол Монголд хөрөнгө оруулаад сурчихсан улс гэдгийг баталж байна. Дэлхий нүдээ бүлтийлгэн харж, мөнгө, зах зээлийг нь ашиглахын бөөн хүсэл байгаа БНХАУ-ыг монголчууд хангалттай ашиглаж, том бүтээн байгуулалтуудыг тэдний дэмжлэгээр хийж, валютын урсгалыг Монгол руу чиглүүлэх цаг болжээ. Алийн болгон “Аа муусайн хужаа нар” гэж тэнэгтэж суух юм. Мэдээж том төслүүдэд манайх газар өгнө. Олон олон боломжуудыг тэдэнд олгоно. Энэ бүгдийн эсрэг өнөө Хятадыг үзэн ядах өвчин, сошиал дахь нөхдүүдийн хийрхэл, улс төрчдийн турхиралт явагдвал яах юм бэ, 50 га газрын төлөө бослого гаргах гэж байгаа хүмүүс чинь таван тэрбум долларын өөдөөс дайн дажин хийх үү. Нийгмээ үймүүлэх үү. Үнэндээ энэ бүх заваан зүйлс бол хэдхэн хүний хийрхэсэн улстөржилтөөс эхтэй, манай том дарга нараас эхтэй юм. Монголын эрх мэдэлтнүүд улс төр хийхдээ дандаа Хятадын эсрэг хийдэг. Хийсээр ч байгаа. Жишээ нь, Хятад руу амьдаар нь адуу экспортлохгүй, сүлдэндээ мөнхөрсөн амьтныг муу сайн хятадын хоол болгохгүй ч гэх шиг. Төмөр зам баривал танк орж ирээд үндэсний аюулгүй байдалд занал учруулна ч гэх шиг. Ер нь л Хятадын эсрэг ард түмнийг турхирч болох юу л байна, бүгдийг нь манай улс төрчид ярьж, орилж чарлаж, урд хөршөө үзэн ядуулдаг. Энэ муухай улс төрийн “гай”, хөрш рүүгээ хийсэн мунхаглалын чинь үр дүнд ард түмэн чинь “50 га газрын төлөө” гээд босоод зогсчихсон орилж байна. Та нарын ажлыг хийлгэхгүй байгаа биз дээ. Өөрсдийн чинь тарьсан гай өөрсөд дээр чинь эргээд бууж байгаа нь энэ. Тэгэхээр урд хөршөөрөө улс төрждөгөө л больчих. Болихгүй бол Монгол улс хохирно. Та нарын буруу улс төржилт, попорсны гайт үр дагаврыг та нар өөрсдөө цаашид улам ихээр хүртэх болно. Сая Ерөнхийлөгчийн айлчлалын гэрээ хэлэлцээрийг хийх үеэр албан бусаар эмзэглэмээр зүйлс яригдсан нь дуулдаж л байна. “Хятадаас өнгөрсөн хугацаанд Монгол Улсад очсон зээл тусламж, хөрөнгө оруулалтуудын 57 хувь нь хулгайлагдсан” гэж. Энэ бол Хятадын том даргын манайхны чихэнд шивнэсэн үг. Хятад бол их бага бүх хөрөнгөө хаана байгаагаа мэдэж байдаг ард түмэн. Даашинхүүгийн пүүсийн өрийн данс одоо хэр нь Тайванийн архивт байдаг гээд бодчих. Саяны айлчлалаар бол ерэн оноос хойшихыг ярьсан байлгүй. Энэ мэт шивнээг манай дарга нар ирээд ярихгүй гүлдийгээд байгаа харагдана. Ингэж гүлдийгээд байгаа чинь ч учиртай. Та нар дараагийн улс төрөө мөн л ингэж хийж, ингэж хийрхэж, ард түмнийг үймүүлэх гэж байгаа учраас тэр юм. Бүр тодорхой хэлбэл дахин сонгогдох нэг технологи чинь Хятадыг үзэн ядах сэтгэлгээн дээр улс төр хийж тоглох чинь шүү дээ. Гэтэл хятадууд монголд ямар гай тарьсан юм бэ. Жишээ нь, үүнийг уншиж суугаа таны амьдралд хятад хүн муу зүйл хийсэн үү. Хятадуудыг үзэн ядалт дэврэхийн хэрээр Монголын эдийн засаг хумигдаж, хөрөнгө оруулалтууд зогсож (Монгол Улс дахь хоёр дахь том хөрөнгө оруулагч шүү дээ), Монголд бүтээн байгуулалтын ажил явагдахгүй байна. Дэлхийд Хятад улс л хөрөнгө оруулалтыг хамгийн баавартай, хөрөнгөлөг хийж байна. Дэлхийн бүх улс орон Хятадын мөнгийг гуйж, зах зээлийг нь ашиглахыг хүсч, зорьж тэмүүлж байна. Ийм байтал хаяа залган суугаа монголчууд нөгөөдүүлээ зүхэж, яваад барагдахгүй их газартай байж “50 га-г өглөө” хэмээн бослого гаргах шахуу юм болж байгаа нь дэлхийд өөрсдийгөө үнэхээр тэнэг харагдуулж байна. Манайхаас өөр улс орнууд бол хятадууд “50 га газар ашиглая” гэвэл бөөн баяр болж “50 га хэрэггүй, 500 га-г ашигла” гэж хэлнэ. Зөрүүлээд таван тэрбум ам.долларын наймаа ярина.

Үнэн ийм л байгаа болохоор өнөөдрөөс эхлэн Монголын улстөрчид хятадаар улс төр хийдгээ боль, төрийн өндөрлөгүүдийн зүгээс ямар ч нам эвсэл, хөдөлгөөн, холбоо, олон нийтийн байгууллага хятадаар улс төр хийхгүй байхыг уриалж, өөрсдөө үлгэрлэж, “Монгол Улсыг эзэлнэ” гэдэг хүүхдийн гэнэн сэтгэлгээнээсээ нийгмийн тодорхой хэсгийг салгах ажлыг өрнүүлмээр байна. Энэ асуудалд ухаалгаар хандах цаг болжээ. Бидний Хятадын эсрэг хандлага бүхэн Монголын тусгаар тогтнолд аюул учруулж, эдийн засгийг сульдааж, бүр дэлхийгээс тусгаарлах хэмжээний хор хохиролд хүргэж мэдэх нь. Та бүхэн Олон улсын өнөөгийн байдлыг тогтож сайн хар, мэдэр. Хятад улстай ухаалгаар харьцаж, хамтран ажиллаж чадаж байгаа улс орон бүхэн мөнгө олж, ашиг тусыг нь хүртэж, улс орноо өөд нь татаж байна.

Эцэст нь хэдэн зүйл хэлье. “50 га газар” бол Хэнтийн нөхөн сонгууль, У.Хүрэлсүхэд зориулсан сошиалаар дэвэргэж буй улс төр. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулгын Хятадад хийсэн айлчлалын үр дүн бол урдаас үй олон хятад орж ирэх биш, харин урдаас үй олон мөнгө орж ирэх боломж нээгдлээ гэсэн үг. Гуравдугаарт, Хятадын хөрөнгө оруулалтыг төрийн бодлогоор шинэ түвшинд гаргах цаг болжээ. Дөрөвдүгээрт, монголчууд нийтээрээ хятадад хандах хандлага, сэтгэлгээндээ өөрчлөлт хийх цаг болсон байна. Эцэст нь хэлэхэд монголчууд усан далайд гарцгүй байж болно. Далайн тээвэр юунд хэрэгтэй вэ гэвэл том зах зээлд бараа таваараа хямд зардлаар хүргэх, тэндээс бараа таваар авахад л ач холбогдол нь оршдог. Тэгвэл монголчууд усан далайгүй ч дэлхийн хамгийн том хүн далайд гарцтай орон. 1,3 тэрбум хүнтэй зах зээл хамар дор маань байна. Дэлхийн бүх улс орнууд Хятад хэмээх хүн далайд сэлэхийг, загас жараахай, шүр сувд шүүрэхийг хүсч, тэмүүлж, хөдөлмөрлөж байхад бид өөрсдийнхөө байгаа царайг хар даа. Дэлхий биднийг галзуучууд гэж ойлгочих гээд байна шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жавхлан: Бид эдийн засагтаа коммунист аргаар хандаж болохгүй

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.


-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх хуулийн төслийг с.эрдэнэ гишүүн өргөн бариад буй. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох боломж бий юү?

-Ганцхан зээлийн хүү гэлтгүй бараа бүтээгдэхүүний үнэ өртөг өндөр байна, үүнийг хямд байлгах ёстой гэх нийгмийн шаардлага байдаг. Тэр дундаа зээлийн хүү нь бүх зүйлийг суурь өртөг учраас бүгд л нам дор байлгахыг хүсдэг. Гэхдээ зээлийн хүүг буруу аргаар бууруулж болохгүй. ялангуяа бид эдийн засагтаа коммунист аргаар хандаж болохгүй. Хэрвээ бид захиргаадалтын аргаар явахыг хүсч байгаа бол бүх бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хуулиар тогтоочихъё. Болдог бол бензин, талх, гурил, хүнсний ногоо, стратегийн бүх бүтээгдэхүүнүүдийнхээ үнэнд хязгаар тогтоочихъё л доо. Харамсалтай нь ийм боломж байхгүй. Бид 1990 оноос эхлээд чөлөөт зах зээлийн нийгмийг сонгоод амьдарч байгаа шүү дээ. ямар коммунист нийгэм лүүгээ буцаад явалтай биш.

Зээлийн хүү, түүний бодлоготой ноцолдохын тулд эхлээд эдийн засгийн анамтомийг нь харах хэрэгтэй. Тэгж гэмээнэ байгаа зөв тодорхойлно. Барууны орнуудад мөнгө хүүлэлттэй тэмцдэг л дээ. Мөнгө хүүлэлт, банкны зээл гэдэг хоёр өөр зүйл. Банкны зээлийн хүү суурь өртөг дээр тогтдог. Мөнгө хүүлэлт бол богино хугацаанд хэт өндөр ашиг олох гэсэн хэвийн бус сэдэл дээр тогтдог. Дээрээс нь мөнгө хүүлэлтийн эх үүсвэр нь тодорхойгүй байдаг. Мөнгө хүүлэлттэй тэмцэж байна гээд банкны тогтолцоог эвдэж болохгүй юм. Банкны зээлийн хүүгийн суурь буюу гол зардал нь хадгаламжийн хүү байдаг. Манайд хадгаламжийн хүү 8-12 хувь байна. Зээлийн хүү дунджаар 18 орчим хувьтай байгаа. Энэ хоёрын хооронд банк оршин тогтнодог. Үйл ажиллагаа, эрсдэлийн зардлуудаа шингээгээд 3-4 орчим хувь нь ашиг болж очдог. Иймэрхүү байдлаар л манай банкны систем, зээлийн хүү тогтож байгаа. Харин үүн дээр нэмээд банк бусын, хадгаламж зээлийн хоршоо, ломбард, өдрийн зээлийн хүү тогтож байх шиг байна. Өдрийн зээлийн хүү нь ямар ч эрх зүйн зохицуулалтгүй, эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө угаалтын шинжтэй байгаа. Ийм мөнгө хүүлэлттэй төр тэмцэх ёстой. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж төр зайлшгүй оролцох нь зөв гэж бодож байна. Харин суурь зарчмаараа явж байгаа банкны орчин, санхүүгийн үйлчилгээний өртгийг бид захиргаадалтын аргаар зохицуулж чадахгүй.

-Хадгаламжийн хүү өндөр байгаад юу нөлөөлж байна вэ?

-Хадгаламжийн хүү нь инфляциас шалтгаалдаг. Банк хадгаламжийг өөр дээрээ тогтоохын тулд инфляциас өндөр хүү амлах хэрэгтэй болно. Гэтэл манайд инфляци найман хувьтай байна. Инфляцийг цэвэр төр хариуцах ёстой. Төр өөрөө макро бодлогоо зөв зохистой явуулж байж дунд урт хугацаанд инфляцийг нам дор барина. Инфляци таваас доош байх ёстой. Төр ийм хэмжээнд барьж чадахгүй байна.

-Яагаад?

-Гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, мөнгөний бодлого гээд инфляци онилсон макро бодлогуудыг төр зохистой хэмжээнд барьж чадахгүй байна.

Төр үүнд менежмэнт хийж чадаагүй байж зээлийн хүүг дээрээс нь хязгаарлачихаар банк оршин тогтнох зайгүй болж ирнэ. Энэ тохиолдолд хар зах руугаа гарахаас өөр аргагүй болно. Захиргаадалтын арга хэрэглэх тухай ярьж байгаа нь зах зээлийн эдийн засгийн менежмэнтээс бууж өгч байгаа хэрэг болно. Төр макро менежмэнт хийж чадахгүй нь, захиргаадахаас өөр аргагүй боллоо гэж байгаа бол энэ хамгийн муу менежмэнт. Энэ нь эдийн засаг, санхүүгийн зах зээлийг маш богино хугацаанд тогтворгүй байдалд оруулна. Харин түүний оронд бид богино хугацаанд арга хэмжээ авч инфляциа бууруулах хэрэгтэй. Эдийн засгийн төрөлжилт, төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, гадаад өрийн менежмэнт, зээлжих зэрэглэл зэргээ зохистой түвшинд нь барьж байж бид инфляциа барьж чадна. Тэр үед зээлийн хүү аяндаа буурна.

-Гадны орнуудад зээлийн хүүг тогтоосон нь амжилттай хэрэгжээд явж байгаа талаар хууль санаачлагч онцолж байсан. Энэ тухайд?

-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон улсуудын жишээг ярьдаг. АНУ болон Японд мөнгө хүүлэлттэй хатуу тэмцдэг. Гэхдээ Японд инфляци 0.5 дотор яригддаг. АНУ-д инфляци 1-2-ын хооронд хэлбэлздэг. Инфляцийг ингэж нам дор барьж байгаа тохиолдолд мөнгө хүүлэлттэй тэмцэх боломж гарч ирж байгаа юм. Төр өөрөөсөө шалтгаалж байгаа өртгийг дор барьж байхад санхүүгийн зах зээл дээр тоглож байгаа тоглогчид хэт өндөр ашгийн төлөө явж болохгүй. Тиймдээ ч үүнээс дээш зээлийн хүү, мөнгө хүүлэлт байж болохгүй гээд хязгаарлачихдаг. Харин манайд нөхцөл байдал ямар байгаа талаар дээр дурдсан.

-Тэгэхээр төр инфляцийг бууруулахын тулд эхний ээлжинд ямар алхам хийх хэрэгтэй байна вэ?

-1990-ээд оны дунд, 2000-аад оны эхээр манайд зээлийн хүү маш өндөр байсан. Жилийн 30, 40, бүр 50 хувьд хүрсэн ч үе бий. Тэр үеийг бодоход манай инфляцийн түвшин харьцангуй тогтвортой болж зээлийн хүү буурч эхэлж байгаа. Аажмаар буурсаар өнөөгийн энэ түвшинд хүрсэн юм. Цаашдаа инфляци буурсаар байвал зээлийн хүү ч мөн буурах боломж бүрдэнэ. Ингэхийн тулд бид эдийн засгийн тогтворгүй байдал, зээлжих зэрэглэл, төлбөрийн тэнцэл гэх мэт макро үзүүлэлтүүдээ сайжруулах хэрэгтэй. Засгийн газар, Монголбанкны макро бодлого эдгээрт чиглэж явах ёстой.

-Монголбанк Капитал банкийг дампуурахаас сэргийлж ямар нэгэн арга хэмжээ авсангүй, үүргээ биелүүлсэнгүй гэж сөрөг хүчний зүгээс үзэж байгаа. Таны хувьд Монголбанкны үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Банк дампуурах, дампуурахгүй талаар хуульд маш тодорхой заачихсан байдаг. Эхний ээлжинд эздэд нь, хөрөнгө оруулагчдад нь боломж өгөх ёстой. Монголбанкны зүгээс ч тэр банкныхаа доголдлыг арилгах, богино хугацаанд хэвийн байдалд оруулах боломжийг өгсөн болов уу гэж бодож байна. Тийм учраас ч шаардлагатай арга хэмжээг нь авсан байх. Гэхдээ тоо баримт, шалгалтын материалуудыг нь үзээгүй учраас хэлж мэдэхгүй байна.

-Харилцаа холбооны тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг төслийг УИХ хэлэлцэж байгаа. Уг хууль батлагдсанаар фэйсбүүктээ регистрээрээ ордог болох уу, тус компани энэхүү хуульд зориулж нэвтрэх хэсгээ өөрчлөх үү зэрэг эргэлзээ байна л даа.

-Фэйсбүүк орчинг бол хязгаарлаж болохгүй. Энэ бол хүний эрхийн асуудал. Харин үүний хэрэглээг зөв зохистой болгох чиглэлд төр анхаарах цаг нь болсон. Цахим орчныг далимдуулж кибер гэмт хэрэг, бага насны хүүхдүүдийг гэмт хэрэгт уруу татах, сонгуулийн үеэр улс төрийн хүрээнд бие биенээ гүтгэн доромжлох зэрэг зохисгүй хандлагууд бий болж байгаа. Ийм тохиолдолд төр зохицуулалт хийх ёстой. Зөвхөн зохи-цуулалт хийх бус төр интернэт орчноор дамжуулж иргэддээ үйлчилгээ үзүүлэх боломжтой. Мэдээллийн дата бааз, флатпормыг бий болгох ёстой юм билээ л дээ. Үүний гол суурь нь энэ удаагийн Харилцаа холбооны тухай хуулийн өөрчлөлтөөр бий болж байгаа гэж харж байна. Манай үүрэн телефоны оператор компаниуд утасны дугаараа цаад эзэмшигчийнх нь мэдээлэлгүйгээр талх шиг л худалдаалдаг байсан. Харин одоо бүх утасны дугаараа бүртгэлжүүлнэ. Бүртгэлжсэн утасны дугаараараа фэйсбүүк, твиттер зэрэгт нэвтэрдэг болно. Түүнээс шууд хурууны хээгээ дарж байж фэйсбүүктээ орно гэх ойлголт байхгүй.

-Улаанбаатар-Дархан чиглэлд зам тавих ажил хэр ахицтай байгаа вэ?

-Санхүүжилтийнхээ түвшиндээ ахицтай байгаа. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын хөгжлийн банкнаас бүх санхүүжилтүүд нь шийдэгдчихсэн. Өөрөөр хэлбэл, энэ асуудлуудыг УИХ дээр соёрхон баталчихсан учраас үндсэндээ хууль болоод гарчихсан гэсэн үг. Одоо энэ хуулийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Цаг хугацааны хувьд бага зэрэг алдагдалтай яваад байна. Засгийн газрын түвшиндээ жаахан удаан байна. Гэхдээ энэ жил замын ажил эхэлнэ гэж өөдрөгөөр хүлээж байгаа.

-Зорчигчид багагүй тойрч Дархан руу очихоор байгаа гэсэн. Зам харгуйн хувьд хэр боломжтой бол?

-Зорчигчид маань 1-1.5 жилийн хугацаанд багахан тэсэхээс өөр аргагүй. Гэхдээ өмнөх шиг байнга шороогоор туучаад байхгүй байх. Зам, тээврийн хөгжлийн яам зөв менежмэнт хийх болов уу гэж л харж байгаа.

-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-Ерөнхийд нь дэмжиж байгаа. Хуульчид сайн ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ парламент зайлшгүй хийх ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Нэрт уртын дууч Солийн Цоодолын хүү Ган-Өлзий: Жамцын Бадраа гуай, манай аав хоёр Монголын өв соёлынхоо төлөө бүхий л насаараа зүтгэсэн дээ


Нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав болон морин хуурч Г.Жамьян, уртын дууч С.Цоодол нарын урлаг соёлын алдартнууд

“Миний аав” буландаа энэ удаа Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт уртын дууч Солийн Цоодолын хүү Ц.Ган-Өлзийг урилаа. “Уяхан замбуутивийн наран”, “Өнчин цагаан ботго”, “Өвгөн шувуу”, “Алиа саарал” гээд олон чиг уртын дууг давтагдашгүй өвөрмөц хоолойгоор дуулж Монголын их урлагийн алтан сан хөмрөгт үлдээсэн хүн нь Солийн Цоодол гуай юм. Мөн түүний аялгууг нь зохиосон “Монгол нутгийн үзэсгэлэн”, “Хүү минь хаана дуулж явна” зэрэг бүтээл олны сэтгэлд хоногшин үлджээ.


-Солийн Цоодол гуайг хэлмэгдэж нутаг заагдаж явахдаа Монголын соёл урлагийн өв санг баяжуулсан гэдэг. Бараг л хэлмэгдсэн нь зөв болсон гэдэг юм билээ. Ингэхэд юунаас болж хөдөө гадаа туугдахдаа тулав?

-Өнөө эсэргүү гэгдэж байсан Лоохууз гуай нутаг заагдаад явахад төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж, яруу найрагч Мишигийн Цэдэндорж, аав гурав очсон юм билээ. Тэгээд аав “Нэг л өдөр миний найзад үнэн ирнэ” гээд Лоохууз гуайн сэтгэлийг засах гэж “Өвгөн шувуу” дуугаа дуулсан гэдэг. Эсэргүү нөхөртэй холбоотой хэмээн аав өөрөө буруудсан нь тэр л дээ. Энэ тухай Лоохууз гуай дурсамжийнхаа номонд тодорхой бичсэн байдаг. Ер нь үндэсний язгуур урлаг, өв соёлынхоо төлөө явснаараа Цэдэнбал Филатовад ад үзэгдэж хэлмэгдэж байсан. Тэгээд мэдээж нутаг заагдсан. Дундговь, Баянхонгор, Сэлэнгэ, Өвөрхангай гээд очиж ажиллаж, амьдраагүй аймаг ховор. Шарын голд хүртэл очиж байсан. Нутаг заагдаж очсон газар бүртээ соёлын үрийг тарьж, тухайн газар нутгаас ардын өв уламжлал, уртын дуугаар хөглөгдсөн авьяастнуудыг төрүүлсэн.Үндсэндээ хөдөө ажиллаж байхдаа нутаг нутгийн хөгшидтэй уулзаж хуучны дуу цуглуулах, ардын язгуур урлаг уртын дуу судлах ажлынхаа гол нурууг тэгж гаргаж авсан байна. Энэ бол том гавьяа. Энэхүү гавьяаг нь үнэлж хүмүүс хэлмэгдсэн нь бараг зөв, Цоодолд шийтгэл биш, шагнал болсон гэдэг юм.

-Танай аавыг Маршал Чойбалсан хөдөөнөөс авчирч уртын дуучны их замд оруулсан гэж дуулсан?

-Аав минь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1927 онд төрсөн. Цагаан сарын битүүний өдөр төрсөн байдаг. Эсэргүүний хүүхэд хэмээн адлагдах вий гэсэндээ ааваараа биш, ээжээрээ овогложээ. Арван дөрвөн насандаа нутгийнхаа жинчдийг дагаж нийслэл хүрээ орж үзсэн гэдэг. Морь сайхан уургалдаг, бас ч үгүй сум аймгийнхаа наадамд шаггүй барилдаж ноцолддог, тийм л сүйхээтэй, сэргэлэн цовоо хүү байсан гэнэ. Дуулах дуртай, нутаг усныхаа найр хуримд уригдаж дуулдаг аавд минь дөчин дөрвөн онд азтай учрал тохиосон нь Маршал Чойбалсантай уулзсан явдал. Маршал Өвөрхангайд явж байхдаа “Сайхан дуулдаг хүү байна, сайн дуучин болж магадгүй” хэмээн аавыг хотод дагуулан ирж алдарт уртын дуучин “нарийн хоолой” Пунцаг багшид шавь оруулсан. Дараа нь мөн нэрт дуучин Жигзавын Дорждагва гуай аавд багшилсан түүхтэй.

-Сургууль соёлын мөр хөөсөн, мөн ажил амьдралын гараагаа эхэлсэн тухайд нь ярихгүй юу?

-Тавин гурван онд цэргийн албанд татагдаж улмаар ардын армийн ансамбльд дуучнаар ажилд орсноор урлагийн байгууллагад ажиллах гараагаа эхэлсэн. Цэргийн албанаас халагдан соёлын яамны мэдэлд шилжиж Ажилчны соёлын ордонд дуучнаар, мөн Хүүхдийн ордны найрал дууны багшаар томилогдсон. Жаран оноос Ардын дуу, бүжгийн эрдмийн чуулгад ажиллаж байгаад дараа нь Мэдээлэл, радиогийн хэрэг эрхлэх газарт хөгжмийн нэвтрүүлгийн редакцид дууны найруулагчаар ажилласан. Мөн наяад оноос Монголын үндэсний телевизийн хөгжмийн нэвтрүүлгийн редакцид ажиллаж “Ардын хөгжмийн өв сан” нэвтрүүлгийг бэлтгэсэн. Монголын олон ястан үндэстнүүдийн дуу хөгжмийг уг нэвтрүүлгээр дамжуулж үлдээсэн байдаг. Сургуулийн тухайд гэвэл Марксизм Ленинизмын дээд сургуулийг дүүргэсэн хүн юм.

-“Нэг өнгөн дээр хичнээн давлагаа долгисуулан хийж чадах тийм өвөрмөц дуучин” гэж Жанцанноров бахдан хэлсэн удаатай. Үнэхээр ч Цоодол гуайн “Өнчин цагаан ботго”, “Өвгөн шувуу”, “Үлэмжийн чанар”-ыг сонсохоор нэг л өөр байдаг. Хоолойд нь нэг ид шидийн зүйл байна гэдэг нь мэдрэгддэг?

-Аавынхаа дуулж амьдруулан олонд хүргэсэн дуунуудыг нь Монголын радиогийн алтан фондноос авч “Хүү минь хаана дуулж явна”гэсэн нэртэй уран бүтээлийнх нь цомгийг гаргалаа. Мөн аавынхаа бүтээлээр ном товхимол гаргасан юм. Түүний өмнөтгөлд соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо “Цоодол монгол ардын уртын дуу, богино дуу болон орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээсэн олон дууг дуулж, дуулах урлагт өөрийн өвөрмөц өнгө аясыг буй болгосон гарамгай дуучин. Тэрээр алдарт дуучин Магсархурцын Дугаржав, Ж.Дорждагва нарын зэрэг монгол хөгжмийн суу билэгтнүүдийн дуулах хэв намба, сэтгэлгээний уламжлалыг бүтээлчээр сурч өөрийн цаг үеийн онцлогийг дуулах урлагт гаргаж ирсэн” хэмээн бичсэн. “Үлэмжийн чанар”-ыг Цоодол багш дуулаагүй бол цаашид хүмүүс нэг их дуулахгүй байсан ч магад гэж Соёл урлагийн их сургуулийн уртын дууны багш Дэлгэр гавьяат хэлдэг. Аав минь ардын болоод богинын дууны тэр олон сайхан шигтгээ, эрдэнэсийн чулуунуудыг шигтгэн цуглуулж өнөө үед авчирснаараа гавьяатай. Уртын дууг дуулдаг өөрийн гэсэн философитой Цоодол судлалыг гаргаж ирээсэй гэж урлаг судлаачид нэгэн дуугаар хэлдэг юм.

“Ардын элч” кинонд Бадарч хөтөлгөө морьтой мордоод Дарьбазарт захиа өгөхөөр явахад “Ширээ нуур”-ыг дуулдаг хэсэг бий. Тэр дууг аав дуулж Монголын кино урлагт дуу хоолойгоо мөнхөлсөн. Аавыг гудманд алхаж явахад нь дуудаад шууд дуулуулсан гэж шавь нар хэлдэг. Тэгэхэд нь “За би ганцхан дуулъя” гэж дуулчихаад, дахиад нэг дуулахгүй юм уу гэхэд “Морь унасан тэр хүн чинь юу гэж л хоолойгоо засаад дахин дахин дуулаад нуураа тойроод байв гэж дээ” гэж хэлчихээд гараад явчихсан гэдэг. Ганцхан удаа шууд дуулсан тэр дууг нь хөгжмийн мэргэжилтнүүд “Хүлэг морин дээр давхиж яваа хүн тийм амьсгаагаар, тийм хүчээр дуулна болов уу” гэдэг. Аав минь уртын дууг тэгж л нарийн нягт мэдэрч дуулдаг байжээ. Аавын тухай анх төрийн хошой шагналт, нэрт зохиолч Дашзэвэгийн Сэнгээ гуай тухайн үеийнхээ төв хэвлэлд “Ирээдүйн алдарт дуучны тухай” хэмээн бичсэн байдаг. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай “Олны хайрыг булаасан этгээд” гэж бичиж байсан. Ер нь аавыг “Энэ цагт Монголоороо үлдсэн ганц хүн” гэж тунхагласан хүн бол Б.Лхагвасүрэн юм.

-Монголын соёлын нэрт зүтгэлтэн Жамцын Бадраа гуай танай аавыг “Сайн дуучин, лут судлаач, авьяаслаг хөгжмийн зохиолч” гэж наашаа ч үгүй цаашаа ч үгүй тодорхойлсон нь бий. Уртын дууны хөгжмийг хэн дуртай нь зохиодоггүй нь үнэн л дээ?

-Аав минь ачит ижий, аавынхаа дурсгалд зориулж “Хүү минь хаана дуулж яваа бол” гэсэн дууны шүлэг бичиж, түүндээ өөрөө аялгуу зохиосон. Арван хэдэн насандаа гэрээсээ гарсан хүүгээ харуулдсан ээж нь “Хүү минь хаана дуулж яваа бол” гэж нисэн ирэх шувуудаас хүртэл асуух нь холгүй байсан тухай нутгийнхан нь аавд хэлдэг байж. Энэ дууг араажаваар сонсоод уйлдаг байснаа урлаг судлалын доктор зохиолч Ж.Саруулбуян ах хэлж байсан. Тухайн үеийн Хүнс хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Заяат гээд хүн сонсоод уйлсан тухай дуулддаг юм. “Хүү минь хаана дуулж явна” дууг аавын минь шавь морин хуурч С.Пүрэвжав, урлаг судлаач доктор Р.Оюунбат болон хөгжимчин Ө.Цэнд-Аюуш, Цэрэнсодном нар хуурын татлага, ятга, шанзны аялгуугаар зэрэг хөгжимдсөн нь онцгой санагддаг. Ийм л уртын дуу, хосгүй сайхан бүтээлийг ижий, аавынхаа дурсгалд зориулж аав минь хийсэн. Мөн Жамцын Бадраа гуайн шүлэг “Шаавай төржээ”, өөрөө үг аялгууг нь зохируулсан “Од гариг мишээж байна” гээд олон тансаг дуу бий. Тэр бүгдээс ард түмний сэтгэлд гайхалтайгаар буусан нь “Монгол нутгийн үзэсгэлэн” юм. Шагдарын Дулмаа гуайн шүлэг энэ дуу наадам, Монголын уламжлалт баяр ёслолоор заавал дуулагддаг. Тэр бүхэнд ааваараа бахархдаг. “Ээж болсон элбэг уст Онгийн гол минь, аав болсон Баян хайрхан Ханхөгшин уул минь” гэж аав минь залбирдаг. Тэр л сайхан ус нутагтаа зориулж ардын дуугаа бүтээсэн байлгүй.

“Зээрийн сүрэг бэлчсэн

Шаргал талын зэрэглээ

Хээрийн салхи үлээсэн

Монгол нутгийн үзэсгэлэн

Миний нутгийн сайхныг

Мэлмий тэнүүн ширтмээр

Мэндэлж төрсөн болохоороо

Мишилзэн харахад бахадмаар….” хэмээх эл бүтээлийг зууны манлай Намжилын Норовбанзад гуай анх дуулж төрийн концерт эхлүүлдэг байсныг манайхан мэднэ дээ. Хөгжмийн бүтээлүүдээ нэгтгэсэн номыг нь Жамцын Бадраа өмнөтгөл үг бичиж 1980 онд хэвлүүлж байсан. “Ардын хөгжмийн суу билэгтнүүд” гэх судалгааны ном бий. Төрийн шагналт, шинжлэх ухааны нэртэй Хөдөөгийн Пэрлээ гуай редакторлосон байдаг.Аав Бадраа гуай хоёр их дотно. Уртын дуу, өв соёлынхоо төлөө хөтөлгөө морь шиг явсан хүмүүс. Насны хувьд ч ойролцоо. Гэхдээ Бадраа гуай аавыг дандаа ахаа гэдэг байсан. Ихэд хүндэтгэдэг байсных нь илэрхийлэл тэр болов уу. Тэр хоёр эрхэм “Түмэн эх” чуулгын анхны суурийг хамт тавилцаж, Монгол Улсын их сургуульд урлаг судлалын танхим анх нээж байлаа.

“Эртний сайхан”, “Түмэн эх” хэмээх язгуур урлагийн хамтлагуудыг анх байгуулж, гадаадын улс орнууд руу тоглолтоор авч яван үндэснийхээ урлагийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадсан. 1990-ээд онд Америкт тоглолт хийхэд тухайн үед Ерөнхий сайд байсан Жемс Бэйкер хүртэл хүрэлцэн ирж тоглолтыг нь үзсэн гэдэг. Мөн Хятадад болсон Шанхайн урлагийн наадамд оролцох үедээ далайд усан онгоцон дээр уртын дуугаа дуулахад Хятадын төрийн тэргүүн Мао өөрийн биеэр ирж гар барин хүндэтгэл үзүүлсэн гэдэг. Аав энэ тухайгаа их ярьдаг байж билээ. Бадраа гуай өөрөө сайхан дуулна. “Дуртмал сайхан”-ыг ч юм уу, ардын дуу дуулахаар “Чи худлаа дууллаа” гээд аав загнадаг байж л дээ. Хариуд нь Бадраа гуай “Цоодол ах аа ойлголоо” гэдэг байж. “Жамцын Бадраа гуайг загнадаг ганц хүн нь танай аав байсан. Бадраа гуай үгнээс нь ер гарахгүй шүү” гэж Жанцанноров гуай хэлж билээ.


-Аав тань их л олонтой явсан даа. Үерхэж нөхөрлөж, ууж идэж явсан найзуудаас нь нэрлэвэл?

-Тэр тухай яривал барагдахгүй ээ. Нөхөрлөлд үнэнч байна гэдэг эр хүний том чанар байх шүү. Манай аав нөхөрлөлд үнэнч, шулуун шударга зантай, ямар ч хүнтэй элгэмсэг дотно харилцдаг хүн байсан. Академич Ц.Дамдинсүрэн гуайгаас аваад оюун ухааны өндөрлөг болсон олон сайхан хүмүүстэй нөхөрлөдөг байлаа. Зохиолчдоос Б.Явуухулан, М.Цэдэндорж, Ч.Чимид, “Хүрэн морь”-ны Ч.Лхамсүрэн гуай, Эрдэнэбатын Оюун гуай нарыг дурдаж хэлэх байна. Би сайн санадаг юм. Дорнын их найрагч Б.Явуухулан гуай өнгөрөхийнхөө өмнөхөн манайхаар ирж аавтай ганц нэг шил “юм” хувааж хүртээд, “Цоодол оо, үндэсний урлагийнхаа төлөө ийм халуун сэтгэлээр зүтгэж явааг чинь алтаар үнэлэхэд ч багадна шүү” гэж хэлж байлаа. Гэвч дараахан нь өнгөрчихсөн дуулдсан. Аав найз нараа, эрдэм оюун, авьяас билгийн оргил болсон хүмүүсийг өнгөрөхөд элгээ эмтлэн шаналж, хэдэн өдөр, сараар уйтгарлан гуньдгийг бага хүүгийнх нь хувьд бие сэтгэлээрээ мэдэрч өссөн. М.Цэдэндорж гуайг, “Өргөн Сэлэнгэ” дууны хөгжмийг зохиосон Г.Дарамзагд гуайг өнгөрөхөд их харуусч байлаа даа. Мөн Ч.Бээжин аваргыг өнгөрөхөд ихэд харуусч байсныг санах юм. Аав бөхчүүдтэй нөхөрлөнө. Нутгийн бөх гээд Д.Цэрэнтогтох аваргыг их хүндэтгэдэг сэн. Найз нөхдийнх нь хүрээллийг зөвхөн зохиолч болоод бөхчүүдээс цухас дурдахад ийм. Манайх Их дэлгүүрийн хажууд. “Үер” киноны Болд өвгөн буюу нэрт жүжигчин С.Гэндэн, “Сэрэлт” киноны ах лам Цэндээхүү гуайн манай гурав хөрш. Монголын урлагийн алтан үеийн жүжигчид манай босгыг элээсэн. Хөдөөгийн Пэрлээ гуай хаалга чанга, чанга тогшоод “хэн бэ” гэхээр “хөдөөний хүн байна” гэдэг сэн.

-Хувь хүн талаас нь бас л асуумаар байх юм?

-Б.Лхагвасүрэн гуайн нэгэн шүлэгт “Эгэл боргилын туйл” гэсэн мөр байдаг даа. Түүн шиг л хүн байжээ гэж боддог юм. Хүнд гомдоно гэж байхгүй. Хэлмэгдэж, гадуурхагдаж нутаг заагдаад явж байхдаа болох байлгүй. Сайн цаг ирнэ гээд хээв нэг байдаг байлаа хэмээн ээж өгүүлдэг. Аав бусдад гомдвол гомдохоор үе олон л байсан. Урлагт хийсэн бүтээсэн хөдөлмөр гавьяаг нь үнэлж гавьяатад олон удаа дэвшүүлсэн. Хэлмэгдсэн гэх нэрээр буцаагддаг байлаа. Харин аавын минь “сайн цаг ирнэ” гэж итгэлтэй хэлж байсан нь 1990 онд биелсэн дээ. 1992 онд МУИС-ийн Урлаг судлалын танхимыг байгуулснаар 1998 он хүртэл багшаар ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд олон шавь төрүүлсэн. Яг гарынх нь шавь гэхээр уртын дууч, гавьяат Д.Баттөмөр гуайгаас аваад олон хүнийг нэрлэх байна.Ш.Сүрэнжав гуай шүлгийг нь бичиж аав аялгууг нь хийсэн “Өлзий түвшин уул” гэж маш гоё уртын дуу бий. Баттөмөр гавьяатыг аав өөрөө хөтөлж аваачаад дуулуулж радиогийн алтан фондод бичүүлсэн байдаг. Төгөлдөр хуурт уртын дуу богинын дууг тоглож нотолдог. Би өөрөө төгөлдөр хуурт найруулж аавынхаа дуунуудаас тоглох дуртай. Миний бие МУИС-ийн Урлаг судлалын танхимыг төгссөн юм. Гэвч мэргэжлээрээ бараг ажиллаагүй. Гэхдээ бас урлагаас хөндий байсангүй. Сургууль төгссөнийхөө дараа UBS телевэд зургаан жил ажиллаад, 2002 оноос “Storm animation” студи байгуулаад ажиллаж байна даа.“Аяллын тойрог” нэвтрүүлгээр минь хүмүүс мэдэх байх аа.


Categories
мэдээ цаг-үе

Ш.Бира: Эрдэнэбүрэнгийн эмнэлэг эх, хүүхдэд ээлтэй улсын анхны сумын эмнэлэг болж байлаа

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумынхан Ш.Бира эмчийг андахгүй. Сумандаа төдийгүй аймагтаа ард түмний гавьяат эмч гэж хүндлэгддэг тэрээр иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэсэн сайн туршлагатангуудын эзэн ажээ. Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төвд эрхлэгч эмчээр 27 жил ажилласан Ш.Бира эмчийг энэ удаагийн дугаартаа онцолж ярилцлаа.


-Сайн байна уу, та. Таныг баруун хязгаар нутгийн хүн ардын эрүүл энхийн манаанд нэг насаа зориулсан буянтан хэмээн нутгийнхан ихэд хүндэлдэг юм байна. Эрдэнэбүрэн суманд ажиллаж эхэлсэн үеэ дурсан ярилцлагаа эхэлье?

-Би Ховд аймагт 1972 онд Сувилагчийн сургуулийг төгсөөд аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасагт сувилагчаар ажиллаж эхэлсэн юм. Дараа нь тухайн үеийн Анагаахын дундад лаборантын ангийг хоёр жилээр сурч, онц дүнтэйгээр төгсөөд урилгаар Анагаахын их сургуульд элссэн. Тэр үе бол 1982 он. Эмчилгээний ангид зургаан жил сурч төгсчихөөд Эрдэнэбүрэн сумандаа эрхлэгч эмчээр ирж байлаа. Сумын эмнэлэгт 27 жил эрхлэгч эмч хийж, эрүүл мэндийн байгууллагад 35 жил ажиллажээ.

-Таныг ажлаа авч байхад сумын хүн амын эрүүл мэндийн байдал ямар байсан бэ. Ер нь сумын онцлог юу байв?

-Намайг анх очиход нэг жилийн дотор хоёр ч эх эндчихсэн, хүндхэн нөхцөл байдалтай угтсан. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга маань Эрдэнэбүрэн суманд эх эндэж байсан шүү нөхөр минь, анхаараарай гэсэн. Тиймээс хамгийн түрүүнд эхчүүддээ анхаарал тавьж эхэлсэн. Жирэмсэн эмэгтэйчүүдээ эрт хяналтад авсан. Дунд насны эмэгтэйчүүд хяналтдаа орчихдог. Харин 18-аас доош, 40-өөс дээш насныхан ичиж, зовж байна гээд эмнэлгийн хяналтдаа ордоггүй. Тийм хүмүүстэй сайн тулж ажиллах болсон. Эхчүүдээ амаржихаас нь өмнө амрах байранд заавал авч ирнэ. Жилд 110-аад хүүхдийг эх барьж авдаг. Хөдөөгийн эмнэлэгт эрхлэгч эмч бүх ажлыг хийнэ. Эх баригчаа ч хийнэ, хүүхдээ ч үзнэ. Эх төрөхөд хажууд нь эх баригчтайгаа зогсож байдаг. Хүндрэл гарах үед өөрөө хариуцна. Эхэс гардах шаардлагатай бол гардана. Эрдэнэбүрэн суманд ажиллаж эхэлсэн жилээс манайд эх болон хүүхдийн эндэгдэл гараагүй. Манай аймгийн төв дээр баруун бүсийн эмч нарын зөвлөгөөн болж, би эхийн эндэгдэл гаргаагүй сумын эрхлэгч эмчийн сайн туршлагаа ярьж байв.

-Эрдэнэбүрэн сум хүүхдэд ээлтэй анхны сум болж байсан гэв үү?

-Тийм. Эрүүл мэндийн яамнаас 1995 онд уралдаан зарласан юм. Манай сумын эмнэлэг хүүхдэд ээлтэй улсын анхны эмнэлэг болж яамнаас ирж батламжаа авч байлаа. Түүнээс хойш эмнэлгийнхээ хаягийг “Эрдэнэбүрэн сумын хүүхдэд ээлтэй эмнэлэг” гээд тавьчихсан чинь зөвхөн Эрдэнэбүрэн гэлтгүй Мянгад сумынхан ирж эмчлүүлэхдээ ам сайтай байдаг болсон. Танайхыг хүүхдэд ээлтэй гэхээр ирж эмчлүүлэх сайхан байдаг гэж ярьж байсан удаатай. Бас 0-1, 1-5 насны хүүхдийн эндэгдэл гаргаагүй эмнэлэг болж улсын хэмжээнд эхний гурван байрт жагсдаг. Сумуудын дунд жишиг эмнэлэг болж, бусад сумдын эмч нар ирж туршлага судалдаг байлаа.

-Таныг ажиллаж байх үеийн эмнэлгийн байгууллагын нөхцөл байдал одоогийнхоос өөр байсан нь лавтай. Жишиг эмчилгээ, сувилгааг нэвтрүүлж байв уу?

-Сумынхаа Мөнхтүвшин гээд лабораторийн багштай хамтраад шээс, биохимийн шинжилгээ хийдэг анхны лабораторийг ажиллуулж эхэлсэн. Тэр үед аймагт шинжилгээ хийдэг. Нэг иргэн аймаг очоод ирэх зардал 15000 төгрөг болдог. Иргэдэд цаг хугацаа, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсан. Харин манай лаборатори ашиглалтад орсноор сумын иргэдэд эмнэлгийн үйлчилгээг улам ойртуулсан.

Анх сувилагчийн ангийг төгсөөд аймгийн Мэс заслын тасагт багагүй хугацаанд ажилласан болохоор сумандаа жижиг хэмжээний мэс ажилбар хийчихнэ, хагалгаанд орсон хүмүүсийн боолтыг сольчихно, оёдол авчихдаг. Түүнээс гадна унаж бэртсэн хүнд хугарал, мөрний үе, эрүү, тохойны үе мултрах зэргээр иргэдэд янз бүрийн гэмтэл учирна. Хүнд хэмжээний ил хугарал биш бол сумандаа эмчилгээг нь хийчихдэг байв.

Одоо бол сумын эмнэлэг маань гурван сайхан залуу эмчтэй болсон. Тэтгэвэрт гарсан ч сумандаа зөвлөх эмч хийж байна. Хүмүүс гэрээр ирж үзүүлэх нь их. Эмнэлэгт дуудаж ч үзүүлнэ. Сумынхан надад үзүүлээд сурчихсан болохоор шөнө, өдөргүй зорьж ирдэг юм. Ялангуяа хугарал, мултрал, мэс заслын оёдол хийх шаардлагатай бол хүрээд л ирнэ.

-Хэчнээн хүүхдийн хүйн ээж болсон бэ?

-4000 гаруй хүүхэд эх барьж авсан байдаг.

-Эх барьж авсан хүүхдүүд тань ирж золгох уу?

-Ирэлгүй яахав. Манай сумын нэг эмэгтэй хоёр охинтой. 40 гараад жирэмсэлсэн юм. Даралт нь 200 хүрээд болдоггүй. Кесерово хагалгаагаар төрүүлэх шаардлагатай гэж үзээд аймгийн төв рүү шилжүүлсэн. Гэтэл амралтын өдөр гэртээ оргож ирээд өвдөж эхэлсэн. Бид аргагүйн эрхэнд сумандаа төрүүлэхээр болсон юм. Үзлэг хийтэл төрөх дөхчихсөн, гэтэл даралт нь 220-той. Даралт бууруулах эм өгөөд төрүүлэх гэтэл хүүхэд нь буруу байрлалтай байж таарсан. Бүр сандарлаа. Аз болж өвдөлт жаахан намдах үед гараараа илж байтал хүүхэд зөв байрлалд ороод хүү төрж билээ. Гараад иртэл нөхөр нь баярлаад уйлж байсан. Тэд баяр ёслол болоход үргэлж ирж золгоно. Бас гурав, дөрөв төрөөд хүүхэд тогтоогүй. Айлаас хүүхэд өргөж авсан эмэгтэй байсан юм. Эмч хүний үүднээс эрүүл саруул хүүхэд төрүүлчих юмсан гэсэн хүсэл их төрнө. Нэг удаа жирэмсэн боллоо гэхэд нь маш сайн хянуулж байгаад төрөх үе дөхөхөд аймгийн төв рүү нүүхийг зөвлөсөн. Тэгээд эсэн мэнд хүү төрж, түүнээс хойш байнга холбоотой байдаг болсон. Зарим айл хүүхдэдээ нэр хайрлаач гэж нэр авах тохиолдол бий.

-Таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юү?

-Охин маань миний мэргэжлийг өвлөсөн.

-Аав тань нутагтаа нэр хүндтэй лам хүн байсан. Таныг аавынхаа чадвараас өвлөсөн гэж нутгийнхан хэлдэг юм билээ. Аав, ээжийнхээ талаар хууч хөөрвөл…

-Аав маань сумандаа нэр төртэй лам хүн байсан. Их эрт бурхан болсон. Манай нутгийнхан намайг төгсөж ирэхэд аавынх нь туяа туссан байх учиртай гэж хүлээж авч байсан. Харвалт өгөөд долоо хоног ухаангүй байсан хүн ухаан ороход би хажууд нь байсан юм. Намайг хараад “Би таныг байгаа болохоор үхэхгүй гэж баттай бодож байсан” гэж билээ.

Ээж маань ч сайхан хүн байлаа. Дээр үед дуудлагын утас гэж байсангүй. Шөнө орой унтаж байхад хүн өвдвөл ирж хаалга, цонх балбана. Би сэрээд босдог. Ээж маань ч бас сэрээд “Миний охин Ногоон дарь эхийн тарнийг уншаад яваарай” гэж захина. Би ч эмнэлэг хүрэх зуураа амандаа уншаад л явна. Хөдөөний дуудлага ирэхэд “Дулаан гутал, дээлээ өмсөөрэй” гэж их захина. Олон шөнө тэгж дуудлагаар явж, тэр болгонд ээж минь санаа нь чилж хэлж байсныг бодохоор одоо ч нулимс гардаг юм.

Би нутгийнхаа ард түмэнд хайртай. Хайрт аав, ээжийнхээ нутагт очоод амжилттай ажиллаж байснаараа бахархдаг. Мэдээж хүнд зүйл тохиолдож байсан. Сайхан ч зүйл их бий. Ард түмэн маань надад их хайртай. Хамт олон маань сэтгэл нийлж, амжилттай ажиллах гол гүүр болж байсныг онцлох ёстой.

-Сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүд тонус өгөөд байна гэх нь олон болсон. Таныг эх барих эмчээр ажиллаж байхад эмэгтэйчүүдэд хүндрэл гардаг байсан уу?

-Тонус гэдэг ойлголт миний үед байгаагүй. 2000 оноос энэ тухай ихээр ярих боллоо. Дутуу төрөлт, ургийн хөгжилтэй холбоотой тонус өгдөг. Энэ нь хэрэглэж байгаа хоол ундтай холбоотой. Хөдөөгийн ээжүүд маань тэр үед өвчин шаналал хэлэхээс илүүтэй малаа яах вэ, хүүхдүүдээ яах вэ гэдэг байсан. Тиймээс бид амрах байранд нь бага насны хүүхэдтэй жирэмсэн эхийг хамт байлгаж төрүүлдэг байсан. Эмнэлгээс гарахдаа ээжүүд хоёр хүүхэдтэй буцдаг байв.

-Жирэмсэн эмэгтэйчүүдэд та ямар зөвлөгөө өгдөг вэ. Одоо үед жирэмслэх, хүүхэд төрүүлэхэд хүндрэлтэй болоод байна шүү дээ?

-Хамгийн гол нь эмнэлэгт үзүүлэх хугацаандаа очиж бай. Хоол, ундаа сайн ид. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг. Биеэ сайн анхаар гэж зөвлөдөг. Эмчийн хувьд бол эхчүүдээ тогтмол хяналтад байлгадаг. Дуудлагаар явж байхдаа ойрхон эх байгаа бол очиж үзнэ, эх баригчаа явуулж үзүүлнэ. Намайг төгсөж байхад дуудлага их, 4-5 хоног нойргүй явах үе гарна. Одоо бол олон эмч ажиллаад сайхан болжээ.

-Харин эх баригчид юуг анхаарах ёстой вэ?

-Хүнийг хэзээ жирэмслүүлэх тухайд эх баригч сайн анхаарах ёстой юм. Хорвоод хүн болъё гээд ирж байхад нь аборт хийгээд алчихаж байна. Түүний оронд төрөлтийн зайг нь уртасгах, гэр бүлээ зөв төлөвлөх, эрүүл саруул үр хүүхэдтэй болоход эх баригчийн үүрэг чухал. Аль сард жирэмсэн болох боломжтойг нь хэлэх зэргээр зөвлөх ёстой юм. Усанд зөв оруулахыг зааж өгнө. Түүнээс гадна би хүүхдэд антибиотик өгч, тариа хийхийг чухалчилдаггүй. Дээр үед хүүхэд ханиад хүрлээ гэхэд хар цай чанаад горчиц хийгээд хүүхдээ наснаас нь шалтгаалаад 5-15 минут суулгаад гаргахад ханиад гайгүй болчихдог. Зөгийн балтай ороолт хийх, адууны тосоор ороолт хийхийг иргэддээ зааж өгнө. Ганц нэг архагдуу өвчтэй эхээс төрсөн хүүхэд л тариа хийлгэдэг байсан.

Эх амаржлаа гэхэд эхний 0-5 сарын дотор тогтмол эргэж байх хэрэгтэй. Хүүхэд нь зөв бойжиж байна уу, шарлалт байна уу, хөхөндөө цадаж байна уу гэдгийг анхаарна. Манай сумын эмнэлэг хүүхдэд ээлтэй эмнэлгээр шалгарсан гол хүчин зүйл нь хүүхдийг хөхөөрөө хооллохыг уриалсан явдал юм.

-Зарим эхчүүд хүүхдээ хөхнөөс эрт гаргах тохиолдол байна. Хөхөөр хооллохын ач тусын талаар та зөвлөгөө өгнө үү!

-Хүүхдийг хоёр нас хүртэл хөхүүлэх хэрэгтэй. Х.Баянмөнх аварга зургаан нас хүртлээ хөхөж байсан гэж ярьдаг юм билээ. Хүүхэд хөхөө хөхөх тусам сайн. Зургаан сар болоход нь нэмэлт тэжээл өгч болно. Манай хөдөө чинь төрөл бүрийн нэмэлт тэжээл болон ногоо ховор цаг үе байсан. Сүү, бантан өгч, сүүл хөхүүлж л хүүхдээ өсгөдөг. Уураг сүүл хөхсөн хүүхэд ухаантай болдог гэж ярьдаг даа. Сүүлийг хөхүүлэхэд учир бий. Сүүлний дээд талын хатуу хэсэг нь амархан тасардаг. Харин уураг сүүлтэй хэсгээс нь аваад хөхүүлбэл тасардаггүй, шим нь амтагдаад хүүхдэд таатай байх болно.

Б.ЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Чөлөөт эх одтой, хөх луу өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 7, Ангараг гариг. Билгийн тооллын 3, Чөлөөт эх одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 5:28 цагт мандан, 20:11 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.