Categories
мэдээ нийгэм

Хачиг хэдий жижиг ч нэг л хазалтаар аюулт өвчнийг дамжуулдаг

Урин дулаан, аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн үед хачигт халдварын эрсдэл нэмэгдэж байгаа учир иргэд энгийн аргаар өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хэрхэн хамгаалах, хачигт хазуулсан үедээ ямар арга хэмжээ авах талаар энэхүү зөвлөмжөөс сонирхоорой.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний мансууруулах бодис илрүүлжээ

Их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн байгууллагатай хамтран НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан “Гашиш” гэх нэршилтэй бодисыг Испани улсаас олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг өчигдөр илрүүлэн таслан зогсоожээ. Хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тухайн гурван килограмм орчим сэтгэцэд нөлөөт бодисын зах зээлийн ханш нь 300 сая орчим төгрөг болох бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Хэнтий аймагт гарсан түймрийг цурманд оруулжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хотод ажиллаж байна. Ерөнхий сайд төрийн албан хаагчидтай уулзахдаа дараах үүрэг даалгавруудыг өглөө.

Орон нутгийн төсвийг үр ашигтай, хяналттай зарцуулах, онцын шаардлагагүй тохиолдолд гадаад, дотоодын томилолтоос татгалзах, үр ашиггүй найр наадам хийхгүй байх, ажлын байранд архидан согтуурахгүй байх, даруухан, ёс зүйтэй ажиллах, ажлыг цаг тухайд нь шуурхай хийх, цаг баримтлах, аливаа хурал, ажлыг яг төлөвлөсөн цагтаа эхлүүлж байхыг даалгалаа. Олон жил хүний төлөө гэсэн бодлого орхигдсон, одоо анхаарч ажиллах ёстойг санууллаа.

Хэнтий аймгийн онцгой байдлынхан Оросоос орж ирсэн түймрүүдийг үүлэнд нөлөөлж, цурманд оруулжээ. Онцгойгийнхон гал түймрээс урьдчилан сэргийлэх, нэн яаралтай хэрэгтэй тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн юм. Засгийн газрын тэргүүн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв.

Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсрол, соёл, шинжлэх ухааны албан хаагчид, эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзалтууд хийлээ. Салбарынхан тулгамдсан асуудал, бэрхшээлийн талаар ярьж, асуулт асууж хариулт авлаа.

Categories
гадаад мэдээ

Лавров, Помпео нар Венесуэлийн асуудлаар Финландад уулзаж байна

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар Финляндын Рованиеми хотод уулзалт хийж байгаа тухай “Tass” агентлаг мэдээллээ.

Талууд Венесуэлийн нөхцөл байдлын талаар голлон хэлэлцэж байна. Үүнээс гадна тэд Украины асуудал, Сирийн мөргөлдөөн болон бүс нутгийн стратегийн тогтвортой байдлын тухай асуудлыг хөндөх юм.

Лавров болон Помпео нар хоёр дахь удаагаа бүрэн хэмжээний хэлэлцээ хийж байна. Талуудын анхны уулзалт 2018 оны Хельсинкид болсон АНУ ОХУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр өрнөж байв.

Categories
гадаад мэдээ

Хунтайж Харри, Меган хоёр хүүтэй боллоо

Сассексийн гүнгийн хатан Меган болон хунтайж Харри нар 3311 грамм хүүтэй болсон талаар Букинхэмийн ордноос мэдээлжээ.

Тэдний анхны хүүхэд хатан хаан хоёрдугаар Элизабетын найм дахь гуч, хаан ширээнд суух долоо дахь үе залгамжлагч болж байна. Хунтайж Харри хүүгээ төрөхөд хамт байсан бөгөөд тэрбээр гэргий Меганыг нь бие давхар байхад дэмжиж байсанд талархлаа илэрхийлсэн байна.

Лондонгийн цагаар тавдугаар сарын 6-ны 5:26 цагт хүү төрсөн бөгөөд эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж.

Хунтайж Харригаас хүүтэй болсон сэтгэгдлийг нь сонсоход “Үнэнийг хэлэхэд би анх удаа төрөх үйл явцыг харсан. Үнэхээр гайхалтай санагдлаа. Би эхнэрээрээ маш их бахархаж байна. Хүү маань үнэхээр хөөрхөн, энэ жижигхэн хүний төлөө үхэхэд ч бэлэн байдаг юм байна. Би маш аз жаргалтай байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 2219 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 23 хүн амь насаа алджээ. Үүний 16 нь том хүн 7 нь хүүхэд байгаа юм. Харин галын аюулаас Онцгой байдлын албаны алба хаагчид 18 хүний амь насыг авран хамгаалсан байна.

Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна.

Иймд:

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

-Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,

-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,

-Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,

-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Categories
мэдээ нийгэм

Өөрийгөө буудсан хэрэг дахин гарчээ

Баян-Өлгий аймагт ангийн буугаар өөрийгөө буудсан хэрэг гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын 5-ны өдөр “Буун дуу гарлаа” гэх мэдээлэл иргэнээс цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мэдээллийг шалгахад, Баян-Өлгий аймгийн Буянт суман дахь нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай Н нь өөрийгөө буудаж амь насаа хохироосон байжээ. Нас барсан эрэгтэй 39 настай бөгөөд өөрийн гэрт байсан “ТОЗ-8” маркийн ангийн буугаар толгойн тус газартаа буудаж нас барсан байна.

Талийгаач өөрийгөө буудах үедээ ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Уг харамсалтай хэргийг тус аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн мөрдөн шалгаж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Волейболын спортоор Монгол охин Финландын дэд аварга болов

Финландын волейболын 18 хүртэлх насны ангиллын, жилийн турш болсон УАШТ-ээс Батзоригийн Сэлэнгэ өөрийн багийн хамтаар мөнгөн медаль хүртжээ.

Тэрбээр, Монгол Улсынхаа нэрийг мандуулж, монгол хүн ямар ч спортоор амжилттай хичээллэж чаддагийг харуулж яваа тамирчдын нэг болов. Б.Сэлэнгэ волейболын спортоор таван жил хичээллэж байгаа бөгөөд Финландын Хельсинки хотын “Nale A” багт тоглодог. Тус улсад төрсөн, одоо 16 настай.

Түүний баг аваргын төлөөх тоглолтод “LP Viesti”-гийн тамирчдад хожигдсон байна. Жилийн турш үргэлжлэн, шилдгээ тодруулсан тэмцээний хүрэл медалийг “Women volley”-гийн баг тамирчид хүртжээ. Өмнө нь “Vanle”, “Puma” багт тоглож байсан Б.Сэлэнгэ есдүгээр ангид сурдаг бөгөөд Финландын УАШТ-ээс идэрчүүдийн ангилалд мөнгө, өсвөр үе, 14 хүртэлх насны ангилалд хүрэл медаль хүртэж байжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​“The Hu” хамтлаг анхны тоглолтоо эх орондоо хийнэ

“The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтыг эх орондоо хийх гэж байна.

Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох нь ээ. Дэлхийн бусад улсаар тоглогдох аялан тоглолтуудын эхлэл болж байгаагаараа онцлог юм. Тоглолтын тасалбар өнөөдрөөс /2019.05.07/ зарагдаж эхэлж байгаа бөгөөд тасалбарын үнэ 99 мянга 999 төгрөгийн үнэтэй ажээ. Мөн www.ticket.mn онлайнаар шууд зарагдах юм байна.

Хамтлагийн залуус тун удахгүй Европын орноор аялан тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа гэнэ. Тэдний Европ дахь аялан тоглолт ирэх зургадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхлэх бол долдугаар сарын 6-нд сүүлчийн тоглолтоо хийх юм байна. Аялан тоглолтын тасалбар тавдугаар сарын 3-наас эхлэн худалдаанд гарчээ.

Categories
мэдээ нийгэм

“Авьяаслаг удмынхан” урлагийн анхдугаар наадам болно

“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймгийн нийт өрх, гэр бүлийн дунд “Авьяаслаг удмынхан” урлагийн анхдугаар наадмыг зохион байгуулахаар болжээ. Анхдугаар наадмыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулах аж.

Наадмын эхний шатны шалгаруулалтыг энэ сарын 11,12-ны өдөр Орхон, Хонгор, Шарын гол сумын иргэдийн дунд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дархан сумын оролцогчдын тухайд хуучин Дарханы бүс буюу 1-8-р баг Оюуны ирээдүй цогцолборын “А” байр, Шинэ Дарханы бүс буюу 9-18-р багийг 9-р сургуулийн урлаг зааланд дээрх өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.

Анхан шатны шалгаруулалтаас тодорсон шилдэг гэр бүлүүд дараагийн шат буюу 2 дугаар хэсэгт өрсөлдөх эрхтэй болох аж. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг Залуучууд театрын их танхимд энэ оны 05 дугаар сарын 18,19-ны өдөр зохионбайгуулж эцсийн шатанд оролцох оролцогчдыг шалгаруулах ажээ.

Шагналтнуудын нэгдсэн Гала тоглолт 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Залуучууд театрт болно гэж аймгийн БСУГ-ын мэргэжилтэн С.Нарангэрэл мэдээллээ.

“Авьяаслаг удмынхан” урлагийн наадмын бүртгэлийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 09.00-18.00 цагт Орхон, Хонгор, Шарын гол сумын иргэдийг Соёлын төвд бүртгэх бол Дархан сумын оролцогчид БСУГ-т бүртгүүлнэ. Наадмын удирдамж болон дэлгэрэнгүй мэдээллийг 99059395 дугаараас тодруулахаас гадна БСУГ-т очиж өөрийн биеэр авах боломжтой ажээ.

Гэр бүлийг дэмжих жилийн хүрээнд хийж буй аймгийн хэмжээнд, өрх бүрт чиглэгдсэн урлагийн наадамд идэвхтэй оролцохыг уриалж байна.