Categories
мэдээ спорт

Сурагчдын шатрын ДАШТ-ээс 3 алт, 3 мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Турк улсын Анталья хотноо сурагчдын ДАШТ болж 33 орны 392 тамирчин оролцсоноос Монгол Улсаа төлөөлөн 23 шатарчин өрсөлджээ.

Манай шатарчин хүүхдүүдээс тус бүр 3 алт, мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, Энх-Амгалангийн Энхрий “Монголын Хүүхдийн Ордон” (Охидын 11 хүртэлх нас) ДШХ-ны ДМ Хишигбаатарын Баясгалан “Босоо Ноён” клуб (Охидын 13 хүртэлх нас), ОУМ Очирхуягийн Өлзийхишигжаргал “Төв” клуб (Охидын 17 хүртэлх нас) нар аварга болсон бол Батсүхийн Ананд “1-р сургууль” (Нээлттэй 11 хүртэлх нас), ДШХ-ны ДМ Даваахүүгийн Мөнхзул “Төв” клуб (Охидын 13 хүртэлх нас), Наранбаатарын Наран-Эрдэнэ “Сүхбаатар аймаг” (Охидын 17 хүртэлх нас) нар мөнгөн медалийн эзэд болсон байна. Харин Далхаагийн Сүхбат “Төв аймаг” (Нээлттэй 15 хүртэлх нас) хүрэл медаль хүртжээ. Тусгай байрт Ганбаярын Мишээл “Төр Монгол ХТ” (Охидын 7 хүртэлх нас), Гурванбаатарын Урангоо “Чингис” клуб” (Охидын 9 хүртэлх нас), Эрдэнэбаярын Маргадгуа “Төв” клуб (Охидын 15 хүртэлх нас), Энхбаатарын Энх-Од “Сүхбаатар аймаг” (Нээлттэй 15 хүртэлх нас) нар шалгарсан байна. Багийн дүнгээр Монгол Улсын баг алт -3, мөнгө-3, хүрэл-1 гэсэн амжилтаар тэргүүлсэн бол Казахстан (64 тамирчнаас алт-3, мөнгө-2, хүрэл-2), Узбекстан (10 тамирчнаас алт-3, мөнгө-1, хүрэл-1) улсын багууд II, III байр эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Цусаа бэлэглэе” өдөрлөг зохион байгуулав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Үнэнбат өнөөдөр Цус сэлбэлт үндэсний төвд зохион байгуулсан “Цусаа бэлэглэе” өдөрлөгт оролцлоо. Төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачилгаар энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн IX, X, XI хорооны 17-60 насны 30 гаруй иргэдийг хамруулсан юм. Цаашид тэмдэглэлт баярын өдрүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, хороо, дүүргийнхээ иргэд оршин суугчид руу чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн гэнэ.

НИТХ-ын Төлөөлөгч Ш.Үнэнбат өдөрлөгийн үеэр “Монголчууд бид маш олон баяр тэмдэглэдэг болсон. Маргааш Ялалтын баярын өдөр. Дэлхийн хоёрдугаар дайнд 110 мянган хүн оролцож, 50 мянга гаруй хүний амь үрэгдсэн гашуун түүхтэй учраас “Цусаа бэлэглэе” аяныг энэ өдөр зохион байгуулж, эрдэнэт хүний амийг аврах сайн үйлсийн ажил эхлүүллээ. Энэхүү аяныг Ялалтын баярыг тохиолдуулан цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байгаа учраас иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээв.

Цус сэлбэлт, үндэсний төвийн нийгмийн ажилтан Ж.Энхбат “НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачилгаар “Цусаа бэлэглэе” өдөрлөг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон ажил болж байна. Сайн дурын, авлагүй донорын эгнээнд нэгдэж байгаа иргэдэд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Манай төвд цусны нөөц хангалттай байгаа боловч сорьц цуглуулалтыг байнга хийх шаардлагатай байдаг” хэмээн ярилаа.Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны хүндэт донор Д. Миеэжав “2004 оноос эхлэн цусаа өгч хүндэт донор болсон. Донор болно гэдэг олон хүний амь насыг авардаг маш хариуцлагатай зүйл учраас хувь хүний зохион байгуулалт маш чухал. 300 грамм цусаар 3-4 хүний амь авардаг. Тиймээс монголчууд бид энэ олон баяр ёслолыг архидаж өнгөрүүлэхээсээ илүү нийгэмд хэрэгтэй ажлуудыг санаачлан зохион байгуулж байхыг хувьдаа их дэмждэг” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Тайландын эзэн хаан эрүүл мэндийн салбартаа 75 гаруй сая ам.доллар хандивлажээ

tailand king зурган илэрцүүд

Тайландын шинэ хаан Маха Вачиралонгкорн /Х Рама/ улсынхаа 27 эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж, 2.4 гаруй тэрбум бат буюу 75.25 сая ам.доллар хандивлажээ. “Bangkok Post” сонинд мэдээлснээр, хандивын мөнгийг мөн эмнэлгийн байгууллагуудад шинэ салбарууд нээхэд зарцуулах аж.

Хааны үзүүлсэн санхүүгийн тусламжид 2016 оны 10 дугаар сарын 13-нд таалал төгссөн, Тайландын хаан IX Рамаг оршуулах ёслолд олон нийтээс өгсөн хандивыг оруулжээ. Мөн өнгөрсөн оны сүүлээр Бангкок хотод зохион байгуулсан “Un Ai Rak” өвлийн үзэсгэлэн худалдааны үеэр цугларсан мөнгө байгаа юм.

Сүүлийн 10 гаруй жил зэвсэгт бүлэглэлүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа Паттани болон Яла мужийн хамгийн өмнөд хэсэгт оршдог эмнэлгүүд хаанаас мөн хандив хүлээн авчээ.

Тайландын хаан X Рама эцэг Пумипона Адульядетагаа таалал төгссөнөөс 50 хоногийн дараа 2016 оны 12 дугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан байна. Түүнийг хаан ширээнд залах ёслол энэ сарын сарын 4-нд болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүдэн шүүсэн гэх хэргээр саатуулагдсан тагнуулын ажилтнууд батлан даалтад гарчээ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдаж улмаар шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр цагдаа, тагнуулын байгууллагын ажилтан болон энэ ажилд оролцсон хүмүүсийг саатуулан шалгаж байгаа билээ. Тодруулбал, тагнуулын хоёр ажилтан болон ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг саатуулсан байгаа. Тэгвэл Б.Хурцаас өмнө саатуулагдсан Бархас болон Ү.Отгонбаяр нарыг батлан даалтад гаргажээ. Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хойшлуулашгүйгээр баригдсан 48 цаг дуусч, өнгөрсөн сарын 25-нд 15 хоног саатуулах шийдвэрийг шүүхээс гаргасан. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх цагдан хорионы шүүх хурал маргааш болно.

Categories
мэдээ улс-төр

БОХХААБХ-ны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг томилохыг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (БОХХААБХ)-ны өнөөдрийн хуралдаанаар тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг томилохыг дэмжлээ. УИХ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, мөн 22.4 дэх хэсэгт “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгоно” хэмээн заасан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир БОХХААБХ-г даргалсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй юм. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс Х.Болорчулуун гишүүнийг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлснийг олонх дэмжлээ. Байнгын хорооны даргын томилгоог УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат байгаль орчны доройтлыг зогсоох, нөхөн сэргээхэд анхаарч ажиллахыг нэр дэвшигчид захилаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын багтай хамтран ажиллах, ЖДҮХС-гийн зээлийн хэргийг шийдвэрлэхэд анхаарахыг захилаа.

Categories
мэдээ нийгэм

Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

Дундговь аймагт энэ сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулах Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахаар ОБEГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр гамшгаалах хамгаалах менежмент, гамшгийн үеийн орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа, гамшгийн эрсдэлийн үнэлгээний арга зүй, мал, амьтны гоц халдварт өвчин, монгол орны газар хөдлөлтийн байдал зэрэг сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтад Дундговь аймгийн бүх шатны Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуулын нийт 100 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Улс төрч эмэгтэйчүүд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар санал солилцлоо

Өчигдөр Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллүүд цуглаж нийгмийг цочроогоод байгаа халуун сэдэв болох хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар санал бодлоо солилцлоо.

Уг зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн, Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Амарзаяа, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле болон НАМЭХ-ны УЗГ, ХХГ байлаа. Мөн АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа, МАХН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн асан Д.Удвал, З.Баянсэлэнгэ нарын 14 намын 30 гаруй эмэгтэйчүүд оролцож байр суурь үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Уулзалтыг хөтөлж удирдан ажилласан НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Өнөөгийн үүсээд байгаа нийгмийг цочроож байгаа асуудалд эмэгтэйчүүд бид эх хүн, ээж хүний байр сууринаас улс төрийн нам харгалзахгүйгээр нөхцөл байдалд бодитой хандаж, санал бодлоо нэгтгэн гарц шийдлийг олж хамтран ажиллая гэж энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Бид юу хийж чадах вэ, юуг хийснээр хүчирхийллийг бууруулж болох вэ, гэдгийг хамтдаа хэлэлцье. Хүчирхийллийн гэмт хэрэг өөрөө их нарийн эмзэг асуудал. Ихэнхдээ гэр бүлийн хамаарал бүхий орчинд үйлдэгддэг. Тиймээс бид улс төрийн оноо авах гэж, олон нийтийн анхаарлыг татах гэж энэ асуудалд хандаж болохгүй юм” гэлээ.

Тэд үзэл бодлоо илэрхийлэх явцад эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг нэгдэх цаг нь болсон гэдгийг онцолж, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсанд талархал илэрхийлэн үр дүнтэй ажиллахыг санал болгосон байна. Мөн эцэг эхийн хариуцлага, анхаарлыг нэмэгдүүлэх, цаашид аавуудыг татан оролцуулах тэдэнтэй хамтрах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, боловсрол хүмүүжил, хүний хөгжил хамгааллын асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх, эрх зүйн зохицуулалтын гажуудлыг засаж залруулах, зэрэг нь хүчирхийллийг бууруулахад онцгой нөлөөтэй гэж үзсэн юм.

Харин энэ төрлийн гэмт хэргийн 70 орчим хувь нь гэр бүлийн хамаарал бүхий орчинд үйлдэгддэг учраас бодлогогүй аливаа нэг шийдвэр гаргалт гэмт хэргийг далд хэлбэрт шилжихэд нөлөөлж болзошгүй гэдэгт санал нэгджээ.

Энэ сарын 29-нд НАМЭХ-ноос “Гэр бүл, хүүхэд хамгаалал” сэдэвт үндэсний хэмжээний чуулга уулзалт зохион байгуулах аж.

Categories
мэдээ улс-төр

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Х.Батсүрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдрийн Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг нэр дэвшүүлэх саналд олонх нэгдэж саналаа Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Харин ЕТГ-аас нэр дэвшигчийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт илгээсэн байна.

Нэр дэвшигч Х.Батсүрэн нь Дээд шүүхэд шүүгчээр ажилладаг. Монголын шүүчдийн холбооны тэргүүн. Өмнө нь тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч татгалзсан байна. Иймд дахин хурал хийж, нэр дэвшигчийг тодруулжээ.

2019 оны гуравдугаар сарын 28-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтийг харгалзан зарлиг гаргаснаар ажлаа өгсөн тул дараагийн шүүгчийг томилох гэж байгаа юм.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд:

  • Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судлан үзэж, түүнийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана.
  • Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.
  • Ерөнхийлөгч шүүгчийг томилсон тухай зарлиг гаргана гэж заажээ.
Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 48 удаагийн ой хээрийн түймэр гарчээ

Улсын хэмжээнд энэ сарын эхний байдлаар нийслэл болон 33 суманд нийт 48 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар нийт 239.2 мянган га талбай түймэрт өртөөд байна. Тодруулбал, Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 33 сумын 21.9 мянган га ой, 217.2 мянган га хээрийн талбай түймэрт өртсөн байна. Унтраагаагүй хаясан тамхи, машин техникийн яндангаас үсэрсэн оч, бүрэн унтраалгүй ил задгай хаясан үнс, нурам зэргээс шалтгаалан ой, тал хээрийн түймэр үүдэн гарч байгаа тул, иргэдийн анхааралтай байхыг анхаарууллаа. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цаашид Улсын хил дамнан гарч буй ой, хээрийн түймэр, ялангуяа хоёр хөршөөс орж ирсэн түймрийн хурд их, эрчим өндөртэй, ихээхэн талбайг хамарсан түймэр олон тохиолдож байгаа тул урьдчилан сэргийлэх, хамгаалах, унтраахад ихээхэн хүн хүч, техник хэрэгсэл шаардагдах болсныг холбогдох албаныхан дурдаад цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

‘Нууц увидас” эмнэлэг мэргэжлийн хяналтын шалгалтад тэнцсэнгүй

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эм биобэлдмэлийн хяналтын төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд “Нууц увидас” улaмжлалт анагаах ухааны эмнэлэгт хяналт шалгалт хийгдлээ. Шалгалтаар тус эмнэлэг стандартын жорын маягт дээр жор бичдэггүй, эмийн нэр, хүчинтэй хугацаа, хадгалах хугацаа, нөхцөл тодорхойгүй эмээр үйлчилдэг зэрэг зөрчлийг илрүүлэн шалган шийдвэрлэж байна.