Categories
мэдээ цаг-үе

Зээлийн хүү бага байх нь банкинд ч ашигтай

-БИД ВАЛЮТЫН УРСГАЛЫГ ЗОХИЦУУЛСАН ЦАГТ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛНА-

Монголын Улс төрийн орчинд байсхийгээд сөхөгддөг, ялангуяа, сонгууль ойртох тусам улам ширүүсдэг зээлийн хүү тойрсон санал шүүмжлэл дахин хөндөгдөж эхэллээ. Нийгмийн зарим хэсэг макро эдийн засгийн “барометр” болдог зээлийн хүүг хүчээр буулгаж, зах зээлийн халууны шилийг шууд хагалснаар санхүүжилтийн өртгийг багасгана гэж үзэж байна. Тэгвэл Монголын нийгэмд маргаан дагуулаад буй энэ сэдвээр ул суурьтай хариулт авахаар Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээтэй ярилцлаа.


-Банкууд их ашиг олохын тулд зээлийн хүүг өндөрт хадгалж байна гэж нийгмийн зарим хэсэг үздэг. Монголын банкууд үнэхээр өндөр ашигтай ажиллаад байна уу?

-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос зээлийн хүү хэт өндөр байсан. Төв банк, төр засаг, арилжааны банкууд сүүлийн 30 орчим жил хамтран зээлийн хүүг бууруулсаар өнөөгийн түвшинд хүргээд буй нь энэ. Гэхдээ зээлийн хүү одоо хоёр оронтой тоонд хэмжигдэж байгаа нь дэлхийн бусад улстай харьцуулахад өндөр түвшин. Үүнийг бууруулах боломж одоогоор хомс байгаа ч бүр боломжгүй зүйл биш. Үүнийг төр засаг, төв банк гардан хариуцаж, тууштай бодлого хэрэгжүүлэн шийдэж болно.

Нөгөө талаас, зээлийн хүү өндөр байгаа нь банкны ашигт ажиллагаатай холбоотой гэж зарим хүн үздэг. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар арилжааны 14 банк нийт 96.8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байхад зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 807.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа танилцуулж байна.

Мөн 2017 онд ч арилжааны 14 банк нийлээд 241 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол ганцхан “Эрдэнэс Тавантолгой” үүнээс хэд дахин их ашиг олсон байх жишээтэй.

-Гэтэл арилжааны банкуудыг буруутган, чичлэх хандлага ажиглагддаг. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?

-Зээлийн хүү өндөр буйн учир шалтгааныг ул суурьтай авч үзэн, олон улсын жишиг, шинжлэх ухааны үндэслэлтэй судлахгүйгээр шууд л банкуудыг буруутгаж байна. Өнөөгийн нийгэмд арилжааны банкуудыг дөрвөн хүчин зүйлээр буруутгадаг. Нэгдүгээрт, банкууд өндөр ашигтай ажилладаг. Хоёрдугаарт, шулаач мөлжигч гэдэг. Арилжааны банкууд олны хөдөлмөрийг шулан амьдардаг, бусдыг ёс бусаар хохироосон, ашиг олдог байгууллага гэж ойлгогдоод байгаа.

Гуравдугаарт, луйварчин буюу бусдын юмыг мэхлэн авагч хэмээн чичилж байна. Уг нь иргэд, аж ахуйн нэгжүүд өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд банкуудад албан ёсоор хүсэлт тавьж зээл авдаг. Дөрөвдүгээрт, мөнгө хүүлэгч буюу мөнгө болон эд зүйлийг бусдад өндөр хүүтэй зээлүүлж, дундаас нь ашиг олдог гэж шүүмжилдэг.

Хүн төрөлхтний түүхэнд арилжааны банк XIV зуунд үүссэн бол манайд анх 1990 оноос арилжааны банкны гараа эхэлсэн түүхтэй. Банкны систем аль 1668 онд швед улсад төв банк, арилжааны банк гэсэн хоёр шатлалтай тогтолцоо руу шилжиж байхад бид 17 дугаар зуунд банкны талаар ямар ч ойлголтгүй, мөнгө зээлийн систем ч байхгүй, манжийн дарлалын эсрэг тэмцэж байсан үе.

Шигтгээ: Арилжааны банк гэж юу вэ? Иргэд байгууллагаас харилцах хадгаламж хэлбэрээр эх үүсвэр татаж, уг санхүүжилтээрээ зээл олгож, харилцагчийн төлбөр тооцоог гүйцэтгэх гэх мэт санхүүгийн үйлчилгээ үзүүлж, хүүгийн зөрүүнээс ашиг олдог санхүүгийн зуучлалын байгууллага. Компанийн тухай хуулиар банк бол ашгийн төлөө байгууллага мөн.

Зээлийн хүү дөрвөн хүчин зүйлээс хамаардаг

-Тэгвэл зээлийн хүү яагаад өндөр байна вэ. арилжааны банкууд зээлийн хүүг хэрхэн тогтоодог вэ?

-Арилжааны банкны зээлийн хүү дөрвөн хүчин зүйлээс хамаардаг. Нэгдүгээрт, хүүгийн зардлаа тооцдог. Үүнд хадгаламж эзэмшигчдэд тооцож буй хүүгийн зардлаас гадна харилцагчид тооцож буй хүүгийн зардал багтана. Мөн арилжааны банкууд дулаан, цахилгааны мөнгө, тоног төхөөрөмж, түрээс, цалин зэрэг үйл ажиллагааны зардлаа нэмнэ. Үүнээс гадна, эрсдэлийн нэмэгдэл гэж бий. Зээл авсан иргэн зээлээ бүрэн төлөхгүй байх явдал тохиолддог. Тиймээс арилжааны банк эрсдэлийн сан байгуулдаг. Эцэст нь, цэвэр ашгийг нэмснээр зээлийн хүү тогтдог учиртай.

Одоогоос 30 орчим жилийн өмнө буюу 1990-ээд оны эхээр инфляц 300 гаруй хувь, зээлийн сарын хүү 10 гаруй хувьтай байсан. Үүнийг бууруулах талаар банкууд л өөрсдөө ажилласаар 1998 онд төгрөгийн зээлийн хүү жилийн 45.8, валютын зээлийн хүү 34.2 хувьтай болж байсныг хэдхэн цаас сөхөөд харж болно. Энэ үед хууль гараагүй, төр ч дэмжээгүй, банкуудыг ч шахаагүй. Харин банкууд өөрсдөө л хүүгээ бууруулсаар өнөөгийн буюу 2019 оны эхний улирлын байдлаар төгрөгийн зээлийн хүү жилийн 17.1, валютынх 10.3 хувьтай байгааг төв банкны тайлангаас харж болно.

2008 оноос валютын хадгаламжийн статистикийг тооцож эхлэхэд төгрөгийн хадгаламжийн хүү жилийн 13.6, валютын хадгаламжийнх 7.4 хувьтай байсан. 2019 оны гуравдугаар сарын 31 -ний байдлаар төгрөгийн хадгаламжийн хүү 13.5, валютынх 4.2 хувьд хүрээд байна. Эдгээрээс харилцах хадгаламж эзэмшигчдэдээ төлдөг хүү нь банкуудын нийт зардлын 60 орчим хувийг бүрдүүлдэг, хамгийн том зардал юм. тухайлбал, харилцах дансанд худалдаа, хөгжлийн банк гурван хувийн хүү төлдөг.

Шигтгээ: Зээл гэж юу вэ? Санхүүгийн байгууллага, хувь хүнээс өөрийн хувийн хэрэгцээ, бизнесийн үйл ажиллагаандаа шаардлагатай санхүүжилтийг тодорхой хугацаанд, хүүтэй, эргүүлж төлөх нөхцөлтэй авахыг зээл гэнэ. Зээлийн хүү гэдэг нь нэг төрлийн санхүүгийн бүтээгдэхүүний үнийг илэрхийлдэг.

Зээлийн хүү нь нэг улс, нийт иргэдэд хамаатай нийтлэг үзүүлэлт бөгөөд аль нэг улстөрч, эсвэл намын зээлийн хүү гэж байхгүй. Тухайлбал, МАН-ын зээлийн хүү, АН-ын зээлийн хүү гэж үгүй.

-Санхүүгийн систем хөрөнгийн зах зээл, даатгал, банк гэсэн гурван тулгууртай ч сүүлийн 30 орчим жил ачааны хүндийг зөвхөн Монголын арилжааны банкууд үүрч ирлээ. Арилжааны банкуудын зээлийн хүүг зах зээлийн бусад оролцогчтой харьцуулахад ямар дүр зураг ажиглагдаж байна вэ?

-Монгол Улсад таван субьект зээл олгох эрхтэй. Иргэний хуулиар иргэд хоорондоо зээл олгож болно. Харин байгууллагын түвшинд арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллага, ломбард зээлийн үйлчилгээ үзүүлж болно.

Эдгээр байгууллагын зээлийн хүүг харьцуулъя. арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 17.1 хувьтай байгааг ярилцлагын эхэнд өгүүлсэн.

Төрөөс дөрвөн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлчихвэл зээлийн хүү буурна

Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны тайлангаар 2018 оны эцсийн байдлаар хадгаламж зээлийн хоршооны зээлийн дундаж хүү жилийн 34.8, банк бус санхүүгийн байгууллагынх 38.4, ломбардынх 42 хувьтай байна.

Албан мэдээлэлд үндэслэн тооцоход санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг дөрвөн байгууллагын зээлийн хүүгийн жигнэсэн дундаж 33.07 хувьтай тэнцэж байна. Харин арилжааны банкийг хасаж, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, ломбардын зээлийн хүүг жигнэн тооцоход дундаж нь 38.4 хувьд хүрч байгаа юм.

Арилжааны банкийг нэмж тооцвол санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн дундаж хүүгийн түвшин хавьгүй буурч байгаа биз. Зээл олгодог таван субъектээс хамгийн бага хүүг “муу нэртэй, луу данстай” банкууд санал болгож байна.

Дэлхийн банкны 2017 оны тайлангаар зээлийн хүүгийн хамгийн өндөр түвшнээр мадагаскар улс нэгдүгээрт бичигджээ. Тус улсын зээлийн хүү одоогоос хоёр жилийн өмнө 60 хувьд хүрсэн бол 46.92 хувийн хүүтэй Бразил улс хоёрдугаарт жагссан байна. Харин Монгол Улс (20.01 хувь) зээлийн хүүгийн түвшнээрээ аравдугаарт, татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу хадгаламжид төлж буй хүүгийн түвшнээрээ дэлхийд долоодугаарт жагссан байдаг.

Монголын банкуудын өгөөжийн түвшин олон улсынхаас бага

-Монголын банкны салбарын өгөөж, үр ашиг бусад улстай харьцуулахад аль түвшинд байна вэ?

-Зээлийн хүүгийн түвшинг банкуудын ашигтай холбодог. Монголын банкууд үнэхээр их хэмжээний ашиг олоод байна уу гэдгийг бусад орны банкуудтай харьцуулахад ашигт ажиллагаа нь хэр байгааг тооцоо судалгаа, баримттай ярих нь зөв байх. Дэлхий даяар банкуудын ашигт ажиллагааг ROE буюу өөрийн хөрөнгийн өгөөж, ROA буюу активын өгөөжөөр хэмждэг.

Эхлээд дэлхийн топ зургаан банкны ашигт ажиллагааг харцгаая. Өөрийн хөрөнгийн өгөөжөөр Хятадын Construction Bank Сorporation банк 14.76 хувиар тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл, өөрийн хөрөнгийн өгөөжөөр толгой цохиж буй том банкны өгөөжийн түвшин 15 хувьд ч хүрэхгүй байгаа биз. Харин хамгийн бага нь японы Mitsubushi банк 8.43 хувьтай байна.

Гэтэл уул уурхайн компаниудын өөрийн хөрөнгийн өгөөжийн түвшин 35 хувиас багасдаггүй бөгөөд дунджаар 60-70 хувийн өгөөжтэй ажилладаг. Харин топ банкуудын активын өгөөжийн үзүүлэлтээр АНУ-ын JP Morgan Chase банк 1.15 хувиар тэргүүлж буй бол японы Mitsubushi банкных 0.43 хувьтай байгаа нь бага хувьд тооцогдож байна. Тэгвэл Монгол Улстай хөгжлийн түвшин ойролцоо гэгдэж буй улсуудын банкны үзүүлэлтийг харьцуулахад активын өгөөжөөр хамгийн өндөр нь 2.80 хувьтай Беларусын Alfa банк бол хамгийн бага нь Коста рикагийн Banco de Costa Rica банк 0.34 хувьтай байна. Харин өөрийн хөрөнгийн өгөөжөөр Vietcom Bank 22.92 хувиар дээгүүрт бичигдэж буй бол Коста рикагийн Banco de Costa Rica банк 3.29 хувиар сүүл мушгиж байна.

Монголын томоохон компаниудыг аваад үзэхэд “Тавантолгой” компани активын өгөөж хамгийн өндөр буюу 33.38 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж нь 58.9 хувьтай байна. Гэтэл монголын банкны салбарын өгөөж үүнээс хэд дахин бага. Тухайлбал, худалдаа, хөгжлийн банкны активын өгөөж 0.27 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж нь 2.11 хувьтай байгаа. Тэгэхээр монголын банкууд их ашиг олж, бусдыг шулдаг гэдэг нь худлаа болж таарч байна.

Хэр хэмжээний мөнгө эргэлдүүлж нэг төгрөгийн ашиг олсноор нь банкны салбарыг дүгнэдэг. Монголын банкууд 2018 онд 33.1 их наяд төгрөг эдийн засагт эргэлдүүлээд 96 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. 2017 онд арилжааны 14 банк 28.7 их наяд төгрөг эргэлдүүлээд 241.9 тэрбум төгрөгийн (ам. долларт шилжүүлбэл, 109 сая ам.доллар) ашигтай ажилласан байна.

2006-2017 онд Монгол Улсын банкны системийн өөрийн хөрөнгийн өгөөж 7.9 хувьтай байхад манай улстай орлогын түвшин ижил гэгддэг орнуудынх 14.6 хувьтай байгаа юм. Тэгэхээр монголын банкуудын өгөөжийн түвшин олон улстай харьцуулахад бараг хоёр дахин бага. Өөрөөр хэлбэл, банкны эзэн өөрийн хөрөнгөөрөө банк ажиллуулаад 7.9 хувийн өгөөж хүртэхийн оронд мөнгөө хадгаламж болгосон бол дунджаар 13.5 хувийн өгөөж хүртэнэ гэсэн үг.

Шигтгээ: Активын өгөөжийгтооцохдоо цэвэр ашгийг нийт активд хуваадаг. харин цэвэр ашгийг нийт өөрийн хөрөнгөд хувааснаар өөрийн хөрөнгийн өгөөжийг тооцдог.

-Өр зээлийг үгүйсгэх, өрхийн өрийн дарамт нэмэгдэж буйд арилжааны банкуудыг буруутгах хандлага зарим улстөрчөөс цухалзаж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Зээл хүн төрөлхтнийг хөгжил дэвшилд хөтөлсөөр ирсэн. АНУ-ын автомашины агуу зохион бүтээгч Генри Форд зохион бүтээсэн автомашинаа цөөхөн хэдэн баян хөрөнгөтөнд борлуулж байсныг нь JP Morgan тэргүүтэй банк санхүүжүүлсний үр дүнд автомашиныг бүх хүн унаж болох тээврийн хэрэгсэл болсон. Цаад агуулгаараа банк дэмжиж, үүнийг банкирууд хийсэн.

Өнөөдөр сэтгэгч, зохион бүтээгчдийн санааг нэвтрүүлсэн гар утас, хөргөгч, компьютер, зурагтзэрэг бүтээгдэхүүн нийтийн хэрэглээ болсон. Энэ бүхнийг хэн санхүүжүүлсэн вэ? Банк болон банкирууд шүү дээ. Банкирууд залхуу, худал ярьдаг хүмүүст биш, хөдөлмөрч, үнэнч, авьяаслаг хүмүүсийг дэмжиж, орлого, эрсдэлийг нь тооцсоны үндсэн дээр санхүүжилт олгодог. Ингэснээр хөгжил, дэвшил, ахиц бий болдог. Үүнийг эдийн засгийн өсөлт гэж бид нэрлээд байгаа юм. Хүн төрөлхтөнд, дэлхий нийтэд өгч буй банкны өгөөж маш өндөр. Нийгмийг хувьсан өөрчлөгдөхөд нөлөөлдөг эдийн засгийн гол судас гэж хэлж болно.

Тухайлбал, худалдаа, хөгжлийн банкны зээлээр “Говь” компани, “Монос” групп, “Могол” ноос, “Оргио” тахиа, “Оргих” ургамлын тос, “Шар доктор”, “Янмал” оймсны үйлдвэр гээд дурдаад байвал олон дотоодын баялаг бүтээгчийг санхүүжүүлсэн. Одоо эдгээр бизнес эрхлэгчид баялаг бүтээж, олон мянган ажлын байр бий болгож, төсөвт татвараа төлж байна.

Монгол улсад хүнд аж үйлдвэр буюу суурь аж үйлдвэрийг хөгжүүлэх нь хамгаас чухал!!!

-Зээлийн хүүг бууруулахын тулд юу хийх ёстой вэ. Монголын санхүүгийн системийн ноён нуруу болох банкны салбарт олон жил ажиллаж буй хүний хувьд Танд ямар санал байна вэ?

-Миний бие, төрөөс зээлийн хүүг бууруулах талаар дөрвөн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлчихвэл хүүг бууруулах бүрэн боломжтой гэж үздэг. Зээлийн хүүг буулгахаар хүч түрэмгийлсэн, түр зуурын арга хэмжээ авахаас илүү илүү прагматик, нухацтай, ул суурьтай авч үзэхийг чухалчлах хэрэгтэй. Санхүүжилтийн өртөг болох зээлийн хүүг бууруулахын тулд эхлээд монгол төгрөгийн үнэ цэнийн талаар ярихаас өөр аргагүй. Тэгвэл валютын ханшийг гадаадын валютын албан нөөц тодорхойлж байна.

Валютын орох, гарах урсгалын тэнцвэр алдагдсанаас ам.долларын ханш өсөөд байна. иймд монгол улсад валютын ханшийн тогтвортой байдал болон валютын орох, гарах урсгалын тэнцвэртэй тогтолцоог бий болгоход анхаарах шаардлагатай.

Зээлийн хүү өндөр байгаа нь бодлогын хүү, инфляциас илүү ам.долларын эсрэг төгрөгийн дархлаатай холбоотой. Монгол Улс 1993 оноос төгрөг, ам.долларын хослолыг тооцож эхэлсэн. Тухайн үед нэг ам.доллар 396.51 төгрөгтэй тэнцэж байжээ. Харин 1994 онд нэг ам.доллар 414.09 төгрөг, 1999 онд 1072.37 төгрөг болтлоо өссөн. 2015 онд “ногоон”-ы ханшийн эсрэг төгрөг 1995.51, 2016 онд 2489.53 нэгжид хүрсэн бол 2019 оны гуравдугар сарын 31-ний байдлаар нэг ам.доллар 2631.51 төгрөгтэй тэнцэж байна. Гэтэл социализмын үед буюу 1989 онд нэг ам.доллар тогтмол ханштай буюу ердөө хоёр төгрөг 99 мөнгө байлаа. Монгол Улс тухайн үед өнөөгийнх шиг их хэмжээний бараа, үйлчилгээ импортолдоггүй, социалист орнуудтай шилжих рублиэр худалдаа арилжаа хийж, тайлан баланс гаргадаг байлаа. Үүнээс үзэхэд, сүүлийн 30 орчим жилийн турш монгол улс тасралтгүй төгрөгийн ханшийг гадаад валютын эсрэг алдсаар ирсэн.

Шигтгээ: Гадаад валютын албан нөөц гэж юу вэ? тухайн улсын төв банкны балансад бүртгэлтэй, гадаад валютаар хадгалж байгаа хөрөнгийг хэлнэ.

-Тэгвэл Монгол улсын санхүүгийн тогтвортой байдал ганхахад хүргэж буй гадаад валютын нөөцийг дотооддоо хадгалахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Төв банк болон холбогдох байгууллагын тайлан мэдээллээс харахад Монгол Улс 2016 онд1.3 тэрбум ам.долларын валютын нөөцтэй атлаа гурван тэрбум ам.долларын импорт хийсэн байна.

2017 онд 3.1 тэрбум ам.долларын валютын нөөцтэй манай улс дөрвөн тэрбум гаруй ам.долларын бараа бүтээгдэхүүнийг хилийн чанадаас худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл, алдагдал байнга хүлээж, дараа жилийнхээ нөөцийг түрүүлээд “идэж” ирсэн гэсэн үг.

Монгол Улс валютын орох, гарах урсгалд тасралтгүй алдагдал хүлээсээр ирсэн нь ам.доллар ховордож, төгрөг үнэгүйдэх шалтгаан болж буй. Бид жилд 3-3.6 тэрбум ам.доллар буюу монголбанкны дансан дахь валютын албан нөөцийг бүгдийг нь импортын бараа бүтээгдэхүүнхудалдан авахад зарцуулж байна. Бид валютын орох, гарах урсгалыг хянаж зохицуулсан цагт зээлийн хүүг жинхэнэ утгаар нь бууруулж чадна.

-Монгол улс бүтээгч, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэгч орон болохгүйгээр үүнийг шийдэх боломжгүй гэсэн үг үү?

-Яг тийм. Үүний тулд хүнд аж үйлдвэр буюу суурь аж үйлдвэрийг хөгжүүлэх нь хамгаас чухал. Хилийн чанад руу урсаж буй ам.долларыг дотооддоо үлдээхэд нэгдүгээрт, цахилгаан станц барьж, цахилгаанаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах хэрэгтэй байна. Одоогоор Монгол Улс өмнөд болон хойд хөршөөсөө цахилгаан эрчим хүч худалдан авч, их хэмжээний валютын урсгалыг гадаадад алдаж байна. Ялангуяа, уул уурхайн “Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг томоохон компаниуд БНХАУ-аас импортолсон цахилгаан эрчим хүчээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нүүрсний нөөцөөр бүс нутагтаа дээгүүрт бичигддэг, нар, салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр баялаг Монгол Улс цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Ингэснээр цахилгаан худалдан авахад зарцуулдаг ам.доллар дотооддоо шингэнэ.

Хоёрдугаарт, газрын тосны нөөцтэй цөөн орны нэг болох манай улс нефтиэ өөрсдөө бушуухан нэрдэг болмоор байна. Одоо бол шатах тослох бүтээгдэхүүнээ 100 хувь гадаадаас авдаг, шатахуунаас хараат, нэг ёсондоо колони улс болчихоод байгаа нь үнэн. Бид түлш, шатахуунд жилд 1.5 тэрбум гаруй ам.доллар алддаг. Иймд, энэ ажлыг цаг алдалгүй түргэвчлэх учиртай.

Мөн шил, шилэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нь зүйтэй. Шилний үйлдвэргүй учраас зөвхөн архи, пивоны шил импортлоход бид жилд 200 гаруй сая ам.доллар зарцуулдаг. Гэтэл шилний хэрэгцээ ингээд дуусахгүй бөгөөд хотын төвд сүндэрлэж буй өндөр шилэн барилгуудын гадна, дотор фасадаас эхлээд цонхны шил, шилэн эдлэл гээд энэ төрлийн бүтээгдэхүүнд хэдий хэмжээний валют гадаад руу урсаж байгаа бол. Гэтэл манайд шилний түүхий эд болох цахиурын нөөц бий шүү дээ.

Дээрээс нь, Зэс боловсруулах үйлдвэр. Энэтхэгийн шинэ дэлигийн баячуудын хороололд цэвэр болон бохир усны хоолойг зэсээр хийж байна. Зэс зэвэрдэггүй, тэр бүр эвдэрч гэмтдэггүй.

Өдгөө түүхийгээр нь импортолж буй зэсийн баяжмалыг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон экспортын орлогыг өсгөснөөр валютын нөөцийг ихэсгэнэ. Түүнчлэн, дээд зэргийн ган хайлах үйлдвэр бидэнд мөн л хэрэгтэй. Монгол шиг жижиг зах зээлд хүнд аж үйлдвэр зохимжгүй гэж зарим эдийн засагч хэлдэг. Энэ бол хоцрогдсон ойлголт. Ган хайлах бага чадлын үйлдвэр байгуулаад ашигтай ажиллуулж болно. АНУ-д “Нукор” нэртэй ийм гангийн жижиг үйлдвэрийн сүлжээ бий. Өнөөдөр бид төмөрлөгийн үйлдвэртэй бөгөөд арматур төдийхөн л хийж байгаа.

Монголын валютын нөөцийг хилийн чанад руу урсгадаг импортын бүтээгдэхүүнийг орлох энэ таван үйлдвэрийг эх орондоо байгуулсан цагт төгрөгийн ханшийг хамгаалж, бас чангаруулж чадна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд аж үйлдвэрийн яам тусад нь байгуулах нь зүйтэй. Үүнээс гадна “хос төмөр зам” барих хэрэгтэй. Сүхбаатараас Замын-Үүд хүртэл хос төмөр зам барихаас гадна уул уурхайн түүхий эд зөөх “экспортын төмөр зам” тавих шаардлагатай. Автомашинаар нүүрс, төмрийн хүдэр зөөхөд өртөг өндөртэй. Энэ төмөр замыг нарийн, бүдүүн цариг гэж маргахын оронд экспортын төмөр зам гэж эергээр нэрлээд барьж болно.

Миний сая дурдсан эдгээр арга зам, ажил бол макро түвшний буюу төрийн оролцоо үнэхээр шаардсан ажил. Төр бодлогоо гарган, хувийн хэвшил хамтран ажиллавал зээлийн хүүг гарцаагүй нэг оронтой тоо руу оруулж чадах юм.

-Макро түвшний ийм арга хэмжээнээс гадна банкны систем дотроо зээлийн хүүг бууруулах боломж бий юу?

-Банкны систем гар доороо зохицуулж болох хэд хэдэн арга зам бий.

Нэгдүгээрт, монголд 730-аад хууль хэрэгжиж буйн 55 нь банкны салбартай холбоотой зүйл заалт агуулсан байдаг. Эдгээр хуулийн цөөнгүй нь банкны өртөг зардлыг нэмэгдүүлсэн зүйл заалтыг чамгүй багтаасан. Нэг ёсондоо банкуудыг хуулиар дөнгөлж, чангатгаж, өртөг зардлыг нэмэгдүүлдэг. Жишээ нь хэрэв иргэн зээл авахаар хоёр өрөө орон сууцаа барьцаалсан тохиолдолд банкны нягтлан бодох бүртгэлийн балансад уг хөрөнгө банкны өмчлөх бусад хөрөнгө болж, банкны балансын гадна бүртгэгддэг. Иргэн зээлээ төлсөн тохиолдолд байраа буцаагаад авдаг. Гэтэл арилжааны банкууд барьцаанд авсан учраас үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг арилжааны банкууд төлдөг. Энэ нь нэмэлт зардал учраас банкууд үүнийг зээлийн хүүдээ шингээдэг гэх мэт олон жишээ хэлж болно.

Хоёрдугаарт, хуулийг дагаж гарсан дүрэм, журам, зааврыг харахаар банкуудыг мөн л чангалсан, өртөг зардлыг нэмэгдүүлэх заалтууд байдаг. Үүнийг заавал засаж өөрчлөх шаардлага бий. Жишээ нь, тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар бол банкны салбар шинээр байгуулахад хураамж төлөх ёсгүй байдаг. Учир нь банкны нэгж нь тухайн байгууллагын нэг хэсэг учраас нэгдсэн байдлаар тайлан баланс нь тооцогдож татвараа төлдөг. Гэтэл монголбанк нэгжийн тухай шинэ журам батлаад түүндээ хэрэв банк шинэ салбар байгуулах юм бол гурван сая төгрөгийн хураамжийг монголбанкинд төлөхөөр заасан байдаг. Энэ мэт шимтгэл, хураамж нь банкны өртөг зардлыг нэмэгдүүлдэг.

Гуравдугаарт, карт уншигч машинуудыг цэгцлэх. Монголд нэг дэлгүүрт ороод бараа худалдан авлаа гэхэд банк бүр тусдаа карт унших машинтай. Харин бусад оронд карт унших ганцхан машинтай, бүх банкны картыг уншиж, орсон мөнгө банкуудад нь программын кодоор ангилагддаг. Гэтэл банкууд тэр ПОС машиныг нь худалдан авна, суурилуулна, боловсон хүчнээ сургана, засна, цаасаар нь хангана. Энэ бүхэн давхардсан зардал болдог. Уул нь, ПОС машин чинь дэлгүүрийн кассын машин шүү дээ. Тэгэхээр дэлгүүрийн өмч байх ёстой. Банкны өмч яавч биш. атм ч ялгаагүй. Нэг дэлгүүрт 4-5 банкны атм байна. Үүнийг бас төгрөгөөр цэнэглэнэ. Харуул хамгаалалтаас эхлээд цэнэглэх хүн, засварчин, инженер хөлсөлнө. Үүнийг дагасан хамгаалалт, унаа шатахууны зардал бас гарна.

Бусад улсын төв банкны тухай хуулийн эрх үүрэгт арилжааны банкууд дэд бүтцээ өргөжүүлэхэд нь төв банк нь үүнийг удирдан зохион байгуулж хэрэгжүүлэхээр заасан байдаг. Банкууд дундаа процессэнгийн төв байгуулж, нэг ПОС машинтай байж яагаад болохгүй гэж. Арилжааны банкууд хоорондоо хэл амаа ололцохгүй байж болох ч хуулиар зохицуулж болно. Хэрэв монголбанкны тухай хуульд нэг заалт оруулаад, банкуудын дэд бүтцийг цэгцлэх ажлыг төв банк санаачлан зохион байгуулна гэж заасан байхад арилжааны банкууд “мэдлээ, гүйцэтгэе л” гэж хэлнэ.

Эцэст нь, дээр дурдсан арга замуудыг үе шаттай хэрэгжүүлж, тууштай, тогтвортой үргэлжлүүлэхэд төр засаг, төв банкны оролцоо чухлаас чухал. Эдгээрийг хэрэгжүүлчихвэл зээлийн хүү буурах бүрэн боломжтой. Банкууд зээлийн хүүг буулгахгүй байна гэж зарим хүн хэлдэг. Угтаа бол зээлийн хүү бага байх нь банкинд ч ашигтай.

Учир нь банкны эрсдэл буурч, муу болон чанаргүй зээл багасна. Хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг зээлдүүлдэг банкны салбарын зээлийн эргэн төлөлт сайн байснаар хадгаламж эзэмшигчдэд мөнгөө илүү найдвартай өгч чадна. Мөн бизнес тэлж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн тоо, хөрөнгө нэмэгдэнэ. Хүү өндөр байх нь хамгийн түрүүнд иргэд, зээлдэгчдэд л дарамт болдог. Тэгэхээр аль аль талынх нь ашиг сонирхол нийлж байгаа юм. Хийе гэвэл арга зам олдоно. Эдгээр зүйлийг ажил хэрэгчээр хамтарч хийх юм бол зээлийн хүү буурах бүрэн боломжтой гэж миний бие өөдрөгөөр хардаг.

-Ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ спорт

“Челси” Европа Лигт тэргүүллээ

Лондонгийн “Челси” баг нэр хүндтэй Европа Лиг тэмцээний энэ жилийн аварга болж хөгжөөн дэмжигчдийгээ баясгалаа. Азербайжаны нийслэл Баку хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд зохиогдсон уг тэмцээнд тэд “Арсенал”-ыг 4:1-ээр буулган авч 2013 онд гаргаж байсан амжилтаа давтлаа. Уг багийн ахлах дасгалжуулагч Маурицио Сарригийн хувьд энэ цом анхных нь амжилт юм. Удахгүй Испаний “Реал”-д очих өндөр магадлалтай байгаа Азарын оруулсан хоёр гоол багаа аваргалахад түлхэц болсныг онцолж байна.

“Челси” Англи – “Арсенал” Англи 4:1 (0:0, 4:1)

Гоол:

1:0 – 49 Жиру, 2:0 – 60 Педро, 3:0 – 65, торгуулийн цохилт Азар, 3:1 – 69 Ивоби, 4:1 – 72 Азар.

Categories
мэдээ соёл-урлаг

Төгөлдөр хуурч С.Саянцэцэг салбарын тэргүүний ажилтан болов

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш С.Саянцэцэгт Боловсролын тэргүүний ажилтан тэмдгийг гардуулан өглөө.

С.Саянцэцэг багш салбарын сайдаасаа шагнал гардах үеэрээ, “Дэлхийн хэмжээний монгол төгөлдөр хуурчдыг төрүүлэх зорилготой” ажиллаж байгаагаа илэрхийлж, шавь нар маань ч сүүлийн жилүүдэд амжилтын буухиа таслахгүй байгаад урамтай байна гэсэн юм.

С.Саянцэцэг нь ард түмний дунд ардын дуу шиг түгсэн “Зулай цагаан Алтай”, “Миний ээж тэмээчин” зэрэг дууны эзэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсны ууган охин билээ. Тэрбээр Москва, Софи, Мексик, Мадри­дын дуурийн театраас гадна дэлхий дахины сонгодог урлагийнхны мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол төгөлдөр хуурч юм.

Categories
мэдээ улс-төр

“Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн хуралдаанаар 15 хууль, тогтоолын төсөл хэлэцэхээр товложээ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг багтжээ.

Мөн хуралдаанаар Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Түүнчлэн Сэргээгдэх эрчим хүчний тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батхүүгийн цаг бусаар амиа алдсан хэргийн эргэн тойронд (II)

Түрүүч нь № 112(6213) дугаарт


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

4. УИХ-ын гишүүн Н талийгаач Б-тэй өрөөндөө ярилцаж суухдаа мөн л архиар дайлж, өөрөө ихээхэн уусныг зөвлөх нь мэдүүлэгтээ хэлсэн болохыг сошиалаар олонтаа мэдээлсэн.

Энэ бүгдээс харахад өдрийн 13:00 цагаас эхэлсэн МАН-ын бүлгийн хуралд ортлоо нийт зургаан цагийн турш спиртийн өндөр агууламжтай (53-56 градус) архи их хэмжээгээр тасралтгүй уусан гишүүн Н өөрийгөө хянаж чадахааргүй, хүнтэй аятайхан ярих ч чадваргүй болтлоо согтох нь хэнд ч ойлгомжтой. Түүний догшин ширүүн, харгис зан авирыг монголчууд бид түүний сүүлийн арав гаруй жилийн дуулиант хэргүүдээс хэдийнэ мэдэх болсон.Иймд их хэмжээний согтолттой байсан гишүүн Н бүлгийн хуралдаа оролцох хэмжээний, өөрийнх нь хэлснээр гөлөмцүү болж, сэргэсэн нь түүнд тохиолдсон гэнэтийн сэтгэл санааны цочрол шоконд орсноос үүдэлтэй байх магадлалтай.Талийгаач Б өөрийн үхлээр үхээгүй болох нь шүүхийн задлан шинжилгээгээр нэгэнт тодорхой болсон бөгөөд толгойн тус газраа хүнд гэмтэл авч улмаар өндрөөс унаснаар амиа алдсан гэдэг нь тогтоогдсон. Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүн гэдгээ гишүүн Н өөрөө хэвлэлийн хурал хийж, хүлээн зөвшөөрсөн. Уулзахдаа маш их хэмжээний согтолттой байсан гэдэг нь энэхүү уулзалтаас хойш 3-4 минутын дараа бүлгийн хуралдаа ороод согтуурхан, намын дарга Ерөнхий сайдтайгаа хэрүүл уруул хийж, хажууд сууж байсан гишүүд нь танхимаас хүчээр авч гарсан гэж УИХ-ын бүлгийн гишүүд нь олонтаа мэдэгдсэн.Талийгаачийн цогцсыг анх харж, Төрийн ордны хамгаалалтын албанд мэдэгдсэн гишүүн Б нь их хэмжээний согтолттой байсныг хамгаалалтын албаныхан тодорхойлсон ба туслах нь ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг гэх нийтлэл гарсан билээ.

Дээрх хэрэгтэй холбоотой нийтлэл мөн 2019 оны тавдугаар сарын 27-ны “Зууны мэдээ” сонин дээр “Хэргээ булзааруулахын тулд хууль хяналтын байгууллагыг төөрөгдүүлэх гэж оролдсон уу?” гэсэн гарчигтай “ОХУ (хуучин ЗХУ)-д Дотоодыг хамгаалах яамны дээд сургууль болон академийг төгссөн ахмад мөрдөн байцаагчийн байр суурь” гэх нийтлэл гарсан. Уг нийтлэлд “УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хийсэн хэвлэлийн хурлыг нягталж үзээд, мэргэжлийн хүний хувьд өөрийн байр суурийг хуваалцаж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хийсэн мэдэгдэл нь түүнийг уг хэргийг гардан гүйцэтгэсэн байх маш өндөр магадлалтайг илэрхийлсэн криминалистикийн шинжлэх ухаанаар олон удаа туршигдаж батлагдсан том алдаанууд байгааг олж харснаа хуваалцаж байна. Иргэд ч дээрх бичлэгийг анхааралтай үзвэл миний хэлэх дараахь зүйлүүдийг олж хараад, надтай санал нэгдэнэ хэмээн гуч гаруй жилийн ажлын туршлагадаа үндэслэн итгэлтэй байна. Нэгд, Н.Номтойбаярын мэдэгдэлд дурдсан цаг хугацаа, хэрэгтэй холбоотой нотлогдсон цаг хугацаа зөрөлдөж байна.

1. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн хуралдаа 19:18 цагт орсныг ирц бүртгэлийн программ хурууны хээгээр бүртгэсэн байдаг. Үүнийгээ өөрөө ч батлан мэдэгдсэн.

2. УИХ-ын ишүүн Н.Номтойбаяр бүлгийн хурал руугаа зөвлөхтэйгөө хамт өрөөнөөсөө гараад хурлын танхим руу шууд алхаж очсон гэж мэдэгдсэн юм. Гэтэл Н.Номтойбаяр гишүүний өрөө, бүлгийн хурлын танхим аль аль нь нэг давхарт, ойролцоо байрладаг бөгөөд шууд алхаж очиход дундаж алхаагаар 1-2 минут зарцуулахаар байдаг. Ингээд бодоход өрөөнөөсөө хамгийн эрт цаг хугацаагаар тооцож үзэхэд 19:16 цагт гарсан байж таарна.

3. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаачийг өрөөнөөсөө гарсны дараа 3-4 минутын дараа зөвлөхтэйгөө хамт хурлын танхим руу гарсан гэж мэдэгдсэн. Ингэж үзэхээр Н.Номтойбаярын өрөөнөөс талийгаач 19:12 цагт гарсан болж таарна.

4. Төрийн ордны харуулын албанд 19:09 цагт “Хүн нас барсан байдалтай олдлоо” гэсэн мэдээлэл иржээ. Тэгэхээр золгүй явдал 19:09 цагаас өмнө болсон байж таарлаа. Гэтэл энэ цаг нь Н.Номтойбаярын мэдэгдлээс харвал талийгаач түүний өрөөнд хамт байсан цагтаа давхцаад байгаа нь Н.Номтойбаярын мэдэгдэлд байгаа ноцтой алдаа юм.Хоёрт, Н.Номтойбаяр мэдэгдэлдээ уг хэрэгтэй холбоотой нарийн ширийн мэдээлэл (деталь) их оруулж тайлбарлалаа. Үүнд,

1. Уг хэргийг “золгүй явдал” гэж өөрөө тодорхойлсон бөгөөд өмнө нь буюу хөндлөнгийн нөлөөгүй гэж үзэж байсныг үгүйсгэсэн мэдэгдэл болсон. Энэ хэргийг хөндлөнгийн нөлөөтэй гэж мэдэж буй хүн л ийн тодорхойлох боломжтой.

2. Мөн талийгаачийг жин их хассан, нүүрний судас нь улайлттай байсан, эмчилгээ хийлгэж байгаа гэх мэт бүх зүйл өвчнөөс болсон мэтээр ойлгуулахыг хүссэн мэдэгдэл хийсэн байдаг. Гэтэл хэрэг явдлаас хэдхэн минутын өмнө хамт хуралдаж байсан бусад хүний хэн нь ч ийм байдал ажиглаагүй гэдгээ илэрхийлсэн.Хэрэг хийгээд булзааруулах гэсэн хүн л иймэрхүү нарийн деталь ашиглаж өөрийгөө хамгаалах оролдлого хийдгийг криминалистикт маш тодорхой заасан байдаг.Эцэст нь хэлэхэд, социализмын үед ч, баруунд ч хүний амь эрсэдсэн үед хамгийн сүүлийн уулзсан этгээд, гэрчийг хэргийн хангалттай баримт олдтол нийгмээс тусгаарлан шалгадаг практик байдгийг хууль хяналтын байгууллагынхан мэдэх учиртай хэмээн бичсэн байв.

УИХ-ЫН ГИШҮҮД ЦАГДААГИЙН ҮЗЛЭГЭЭС ӨМНӨ ӨРӨӨГӨӨ ЦЭВЭРЛҮҮЛСЭН ҮҮ

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор өөр нэг ноцтой мэдээлэл цахим сайтуудаар гараад эхэлсэн. Isee.mn гэх сайт дээр 2019 оны тавдугаар сарын 25-нд “Г.Батхүү агсан амиа алдах үеэр албан өрөөндөө архидсан УИХ-ын гишүүн цагдаагийн үзлэгээс өмнө өрөөгөө цэвэрлэсэн үү” гэх гарчигтай мэдээлэл гарсан. Уг мэдээлэлд “Г.Батхүү агсныг амиа алдах үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий УИХ-ын гишүүн /нэрийг нь нууцлав/ Төрийн ордны хоёр давхрын 21* /өрөөний дугаарыг нууцлав/ тоот албан өрөөндөө бусдын хамт согтууруулах ундааны зүйл /архидаж/ хэрэглэж байсан байж болзошгүй байгаа ажээ. Учир нь Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн дараахан /энэ долоо хоногийн даваа гаригт/ цагдаагийн байгууллага хэрэгт хамаарах үзлэгийн талбараа “өргөтгөж” үзлэг явуулсан байна. Энэ үеэр Төрийн ордны хоёр давхрын 21* тоот өрөөнд суудаг УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий УИХ-ын гишүүний өрөөнд хэрэг гарах үеэр архидалт болж, амралтын өдрүүдэд тус өрөөгөө цэвэрлээд, даваа гаригт Цагдаагийн үзлэг хийхээс өмнө дрож /хивстэй адил материал/, буйдангийн дээр байдаг байж болзошгүй “дэр” зэрэг дээр тогтсон цус байж болзошгүй улаан өнгийн толбыг Төрийн ордны үйлчилгээнд хандаж гүн цэвэрлүүлсэн байж болзошгүй байгаа ажээ. Дрож болон дэрэн дээр тогтсон хүний цус байж болзошгүй улаан толбо нь хүмүүсийн маргаан, зодооноос үүссэн үү гэдгийг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байгаа байх” хэмээн бичсэн байх ажээ.

Г.БАТХҮҮ, Н.НОМТОЙБАЯР НАРЫН ДУНД ҮЛ ОЙЛГОЛЦОЛ БАЙСАН УУ

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан хэрэг явдалтай холбоотой мэдээлэл, таамаглалууд ар араасаа цувран гарч байна. Нийгмийн сэтгэл зүй УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр руу чиглэж эхлээд байна. Мэдээж хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь тэр болж таарсан. Мөн талийгаач Г.Батхүү, Н.Номтойбаяр нар хувийн таарамжгүй харилцаатай байж болзошгүй хэд хэдэн баримт байдаг.

Г.Батхүү “Монголын Автомашин, мотоциклын спортын холбоо”-ны ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байгаа. Тэгвэл Н.Номтойбаяр “Оффроад”-ын холбоог тэргүүлдэг. Тэгвэл дээрх хоёр холбоо тамирчдын цол гуншин зэрэг асуудлаас болж маргаантай байдаг. Үүнээс болоод хоёр тэргүүний дунд үл ойлголцол үүсч байсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн Г.Батхүүгийн төрсөн дүү П.Батчимэг Дорнод аймгийн Ардчилсан намын ҮБХГ юм байна. Бүр Н.Номтойбаяртай нэг тойрогт өрсөлдөхөөр болсон. Ингээд тойрог дээрээ ажиллаж эхэлсэн. Үүнээс болоод тэдний дунд мөн л үл ойлголцол бий болсон байх магадлал байгаа ажээ.

ЦАГДАА НАР ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ

Хэргийг шалгаж байгаа цагдаа нар талийгаач Г.Батхүү Төрийн ордонд хэнтэй хамгийн сүүлд уулзсан, хэний өрөөгөөр орсон, тэр өдөр талийгаач хэн нэгэнтэй архи уусан уу, нэр бүхий УИХ-ын гишүүд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу. Талийгаач ямар хүмүүстэй гар утсаараа холбогдож ярьсан зэргийг хөөн шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл цаг хугацааны дарааллаар мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа гэнэ. Тухайлбал, УИХ-ын гишүүний өрөөнд хэдэн минут болсон. Тэндээсээ гараад хэдий хэрийн хугацааны дараа гонхноос унасан байж болох вэ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлээд байгаа шиг хэн нэгэнтэй уулзахаар яарч байсан уу гэдгийг ч шалгаж тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.Мөн тэдний хоорондын харилцаа ямар байсан. Өмнө нь муудалцаж байсан уу. Ямар нэгэн эрх ашиг нь зөрчигдөж, үл ойлголцол бий болж байсан уу гэдгийг тогтоох ажиллагаа өрнөж байгаа гэнэ. Хэрэг гарсан байж болзошгүй Төрийн ордны хоёр давхрын хивсэнцэрт шинжилгээ хийсэн байна. Гадны нөлөөтэй ч бай, нөлөөгүй ч бай тэнд ямар нэгэн ул мөр заавал үлдэх ёстой гэж мөрдөгчид үзэж байгаа гэнэ. Одоогоор хоёр давхрын хивсэнцрээс авсан шинжилгээний хариу гараагүй байна. Хэрэв хөл алдаж унасан бол тэнд ул мөр үлдэх ёстой ажээ. Өөр нэг ноцтой мэдээлэл нь хэргийн цар хүрээ хумигдаж эхэлсэн. Шинжээчийн урьдчилсан дүгнэлт гараад байгаа юм. Урьдчилсан дүгнэлтээр талийгаачийг өвчний улмаас нас бараагүй гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл, цус харвах, зүрхний шигдээс болох зэрэг гэнэтийн байдлаар амиа алдаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Тодруулбал, өндрөөс унаснаас үүдсэн гэмтлээс болж нас барсан гэжээ. Мөн тархиныхаа магнай, ар дагз хэсэгт хүчтэй цохигдсон шарх сорви байгаа гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, хэрэг шалгах ажиллагаанд эргэлзээ гарч эхэлсэн бололтой. Г.Батхүүгийн тархиндаа авсан гэмтэл гонхоос унахад үүссэн байна уу, үгүй юү гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлага бий болоод байгаа юм.

Ардчилсан намаас Г.Батхүүгийн амь насаа алдсан асуудлаар Олон улсын парламентын холбоонд хандаж байгаагаа мэдэгдээд байгаа. Талийгаачийн гэр бүл болон намын нөхөд нь тухайн хэрэг, үйл явдлыг мөрдөн шалгах ажиллагаанд гадны хяналт тавьж, үнэн мөнийг олох үүднээс олон улсын байгууллагад хандсан байна.

Удахгүй хэргийг шалгаж байгаа цагдаа нар хэн нэгэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах уу, үгүй юү гэдгийг шийдэх юм гэнэ. Одоогоор хэн нэгнийг Г.Батхүүгийн аминд хүрсэн гэх хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэх тодорхой баримт хуулийнханд олдохгүй байгаа аж. Гэхдээ УИХ-ын нэр бүхий гишүүдээс гэрчийн мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаа хийхэд саад бэрхшээл тулгарч байгаа. Энэ нь цагдаа нарын анхаарлыг татаж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн юм.

Дээрх хэрэгтэй холбоотой өөр нэг таамаг нь талийгаач Г.Батхүү Төрийн ордны гурван давхраас бууж явахдаа хөл алдсан байж магадгүй. Ингээд өндөр биетэй, жин ихтэй хүн зогсож чадалгүй явсаар хоёр давхарын гонх руу доош унасан. Хоёр давхрын гонхны хашлага давж унахдаа доор байх 50 см-ийн хөндлөн өргөн тавцанд толгойгоо цохисон байх гэх таамаглал дэвшүүлэн шалгаж байгаа гэсэн. Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүүгийн амиа алдсан хэрэгтэй холбоотой олон нийтэд ил гарсан баримтуудыг шүүж үзэхэд ийм байна. Гэхдээ манай УИХ-ын гишүүд арай ч Төрийн ордондоо хүний амь хөнөөчих хэмжээнд хүрээгүй байлгүй дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон бүхний пролетари нар аа, тарагтун!

УНИВЕРСАЛ ЛООЗОН

Улс орноо хөгжүүлнэ гэхээр шалихгүй нэг юм дутаад байдаг. Яг юу нь мэдэгддэггүй. Энэ л юм бол уу гээд хийхээр биш байдаг. Эрээд л, сонгоод л солиод л… юу эсийг хийв дээ. МАХН-ыг буулгаад үзлээ, болдоггүй. Ардчилсан намыг арчаад үзсэн, бүтдэггүй. Аль алийг нь холиод зуурсан, бүрддэггүй. Бодоод байхнээ сайхан уриа, лоозон дутаад байгаа юм биш үү? Нэг тийм, хийморь бадрааж, цөс хөөргөсөн лоозон л үгүйлэгдээд байх шиг.

Дээр үед баяр болгоноор Намын төв хороо уриа гаргадаг байж. Намын уриаг хамт олноороо жагсан байж ангинаа хийстэл бархираад харихад бие хөнгөрөх шиг болдогсон. Судлаачид, “Олноороо парад хийнгээ уриа хашхирахад хүн бясалгалын байдалд ороод бохирдсон кинетик энерги нь хийсэн гарч индэрт суугаа Улс төрийн Товчоонд шингээд оронд нь тэнгэрээс цоо шинэ потенциал энерги буун бүхий биеийг цэнэглэх ба дараагийн баяр хүртэл зай нь дуусдаггүй” байсан гэх юм.

Индэрт зогсдог улс төрийн товчоо муу энерги авсаар байгаад 1990 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, цогтой уриа хашхиран цэнэглэгдсэн ард түмэн засгийн эрх авсан түүх энэ бөлгөө. Ингээд хойшдын амьдралд хэрэг болох төдийгүй аль ч баяраар хашхирч, потенциал энергиэ нэмж болох уриа бодсоноо та бүхэнд толилуулъя.

Уриаг бичихдээ “МАХН-ын Төв хорооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр Майн-1-нд зориулан гаргасан уриа”, “МАХН-ын Төв хорооноос аугаа их Октябрийн хувьсгалын 60 жилийн ойд зориулан гаргасан уриа” зэрэг бүтээлийг өргөн ашиглалаа. МАХН ард түмнээ эрх чөлөөгөөр гацааж байсан боловч хоосон атлаа хоол болмоор амттай лоозон, бүтэхгүй ч гэсэн бодоход сайхан мөрөөдлөөр цангаагаагүй юм шүү.

1. Орон бүхний Пролетари нар аа, тарагтун!

3. Эх орны нүд, чих мөн хамар болсон Цагдаа нар аа, хийсэн хэрэг, хавтаст хэрэг хоёрын зөрүүг аль болох багасгагтун.

4. Бурхан багшийн суурин төлөөлөгч болсон Лам хуврагууд аа, эх болсон зургаан зүйл хамаг амьтны мөнгийг гамнагтун.

5. Бусдын төлөө “төрсөн” Улстөрчид өө, одоо өөрсдөө аятайхан байгтун.

6. Юмхнаас эхлээд юмыг хүртэл заадаг багш сурган хүмүүжүүлэгчид ээ, хүүхэд насныхаа алдаатай дахин уулзахдаа бүү үзэн ядагтун.

7. Их хурлын гишүүд ээ, ажлын ширээ хоолны ширээ хоёроо бүү андуурагтун.

9. Хайрт Хүүхнүүд ээ, нөхрөө араар нь бус өврөөр нь тавигтун.

10. Хайрт Хадмууд аа, чам руу үглэдэг хүний тоог цөөлж, өөр лүү гал дуудсан хүргэнүүддээ талархагтун.

11. Томчуудын багачууд аа, хар тамхиа бага татаж, улаан тамхиа тааваараа хэрэглэгтүн.

12. Иргэний хөдөлгөөний зүтгэлтнүүд ээ, иргэдэд амар заяа үзүүлж, яс амраагтун.

13. Яруу алдарт Сонгуулийн ерөнхий хорооны дарга аа, сонгуулийн дүнг өмнө нь биш дараа нь гаргах нь зохистойг ухаарагтун.

14. Гандан бууршгүй Статистикчид аа, зарим нэг үнэн тоо баримтыг нэрэлхэлгүй ашиглаж байгтун.

16. Гэрэл дохионы найдвартай орлогч болсон Замын хөдөлгөөний зохицуулагчид аа, машинууд уулзвар дээр зогсох гэж ирдэггүй, харин уулзварыг нэвтрэх гэж ирдгийг санаж дохигтун.

17. Эх орны үзэг, тосон бал болсон Сэтгүүлч нөхөд өө, үнэнийг бичихээ больж зөвхөн болсон явдлыг бичиж хэвшигтүн.

18. Оюун ухааны сүүтэй үнээ болсон Эрдэмтэд ээ, шинжлэх ухааныг мөрөөр нь байлгагтун.

19. Социализм байгуулахаа больсон Малчид аа, хонио чононд идүүлэхээр өөрөө идэж байгтун.

20. Нотолгооноос илүүтэй панаалаар зэвсэглэсэн Зохион бүтээгчид ээ. Мөнхийн хөдөлгүүр хийхийн оронд ядахнаа ажилладаг хөдөлгүүр бүтээгтүн.

21. Эх орны үнэрч болсон Мэргэжлийн хяналтын нөхөд өө, бараа бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглэж, идэж туршихаа багасгагтун.

22. Хэнтэй ч, хэзээ ч үзэхэд бэлэн Тэмцэгчид ээ, өөрөө юм хийхээ байг, хүн юм хийхэд саад бүү хийгтүн.

23. Шинэ юманд ч амар заяа үзүүлдэггүй Шинэчлэгчид ээ, ямар ч намыг яаж ч өөрчилсөн МАХН болчих гээд байгааг анзаарагтун.

24. МАН-ын гишүүд ээ, муу гишүүдээ хөөх, хорихоо зогсоож нам бусчуудын эгнээ болон үндэсний шоронгуудын ариун байдлыг хамгаалагтун.

25. Ардчилсан намын гишүүд ээ, ардчилдаггүй намаас суралцахаа зогсоогтун.

Жич: Дээр үеийн сайхан лоозонгуудад байсан “яруу алдарт”, “ашид мөнхийн гавьяа”, “мандан бадарч байна” гэхчлэнгийн яруу үгсийг хэрэглэх олигтой жишээ олдсонгүй. Иймд та өөрөө цааш нь үргэлжлүүлэн зохиогоод хамт олноороо баяр ёслолоор лоозон хашхирах боломж байгааг дуулгахад таатай байна.

2008 оны 3 сарын 6

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Үндсэн хуулийн Цэц хэт нэг талд үйлчиллээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Цэцээс Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн хугацааг зарласан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Энэ шийдвэрт та ямар байр суурьтай байна вэ?

-Дөрвөн хүн янз бүрийн асуудлаар өргөдөл өгсөн юм билээ. Үндсэн хуулийн Цэц хоёрдмол утгатай улс төрийн шийдвэр гаргалаа гэж харж байна. Тэр тусмаа Д.Гантулгатай холбоотой асуудлаар ҮХЦ маргаан үүсгэх ёсгүй байсан. УИХ-ын гишүүн сайн дураараа чөлөөлөгдөх эрх нь Үндсэн хуульд бий. Үндсэн хууль дээр ҮХЦ-д зөвхөн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгэнэ гэж заасан байдаг. Өргөдөл өгсөн асуудлаар маргаан үүсгэнэ гэсэн заалт байхгүй. Тэгэхэд энэ асуудлаар маргаан үүсгэж байгаа нь улс төрийн захиалга гэж харж байгаа. Их хурлын гишүүн байх эсэх нь өнөөдөр нээлттэй. Харин гишүүн болох шалгуур нь сонгуулиар ялах. Хууль батлагдаж байхад л анхнаас нь би тодорхой хэлж байсан. Аливаа нам сонгуульд ялах гэж л байгуулагддаг. Нам бүртгүүлсэн бол 180 хоногийн дотор сонгууль явуулж болохгүй гэж байгаа. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. 180 хоног зүгээр сууж бай гэдэг маш бүдүүлэг шийдвэр байсан. Улс төрийн намыг хооронд нь ялгаварлан гадуурхсан шийдвэр юм. Тийм учраас аливаа намыг сонгуульд оруулахгүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн байна. Харамсалтай нь ҮХЦ хэт нэг талд үйлчиллээ. Дарангуйллын систем бий болчихож.

-Цэцийн шийдвэр хэр бодитой гэж харж байна вэ. Нөхөн сонгууль болохгүй гэсэн үг үү?

-ҮХЦ зарчмаа алдаж байна. ҮХЦ Үндсэн хууль зөрчөөгүй асуудлаар өргөдөл өгч байхад маргаан үүсгэсэн. Д.Гантулгын өмнөөс өргөдөл өгнө гэдэг өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй юу. Энэ бол улс төрийн солиорол. Цэц дээр очоод хошин шог хийгээд байна. Тэрийг нь Цэц хүлээж аваад маргаан үүсгэж байгаа нь буруу. Ардчилсан нам өмнө нь маш утгагүй хууль баталсан. Тухайн үед би үүнийг буруу гэж хэлж байсан. “Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэдгийн адил энэ хуулиараа гогцоолдуулаад сууж байна.

-Цэц хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж байна. Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг гэдэггүй бил үү?

-Цэцийн дээр хэзээ ч хөх тэнгэр байгаагүй юм. Харин дээр нь нэг томилсон нам, явуулсан дарга л байсан. Дандаа л ийм байсан шүү дээ. Цэцэд олон өргөдөл өгдөг. Хүсвэл маргаан үүсгэнэ, хүсэхгүй бол үүсгэхгүй. Тогтолцоогоороо тоглосон тоглоом чинь сүүлдээ гацаанд ордог байхгүй юу.

Нөхөн сонгууль болох ямар ч боломжгүй болсон. Сонгуулийн тухай хуульд хавар, намар сонгуулийг зарлана гэж байгаа. Хавар нь зарласан.

Одоо ахиж зарлахын тулд сонгууль болохоос нэг сарын өмнө гэж заасан байдаг. Хүчингүй боллоо гээд дахиад шинэчлээд хийхээр хугацаа байхгүй. Намар болохоос наашгүй. Намар гэхээр сонгуулийн жил нь болчихсон. Нэг ёсондоо Хэнтийн 42 дугаар сонгуулийг бүхэлд нь бойкотоллоо. Сонгууль явуулахгүй байх үйлдлийг МАН, АН-тай нийлээд хийчихлээ.

-МАН, АН нийлээд нөхөн сонгуулийг явуулах боломжгүй болголоо гэлээ. АН-ын хувьд харин ч энэ сонгуулийг явуулах хүсэлтэй байх юм биш үү?

– АН энэ хуулийг баталсан. АН-ын баталсан хууль нь өнөөдөр өөрсдөд нь гогцоо болчихоод байна. Тухайн үедээ жинхэнэ хуйвалдаан хийж байсан. Ямар ч хамаагүй малчин хүнээр өргөдөл бичүүлээд ҮХЦ-ийг бужигнуулаад улс төрийн зорилгоор ҮХЦ гэдэг байгууллагагүй болгочихсон. Тэрнийхээ горыг амсаад явж байна. Үүнийг нь МАН үргэлжлүүлээд л явж байна. МАН-ын баталсан хуулиар яваагүй. Жүжиг нь дуусахгүй байна. АН нэг сарын турш жагсаал хийнэ гэсэн. Наадмаар жагсах юм байна гэж ойлгосон.

Ийм жүжиг битгий тавиад байгаач ээ. Ард түмэнд бодитой, нотолгоотой, баримттай, үндэслэлтэй, сэтгэлийн хөөрөлгүй үнэн юмыг яриач ээ гэж хэлж байгаа юм. МАН арай хэтэрч байна. Монголын ард түмэн залхчихаад байна.

-Хуулийн хугацаанд ажлын 15 хоногт УИХ чуулгаанаараа Цэцийн шийдвэрийг хэлэлцэх ёстой байдаг…

-УИХ-аар хүлээж авах, үгүй нь сонин биш. Нөхөн сонгууль болохгүй л гэсэн үг. МАН 65-уулаа. Үндсэн хууль өөрчилж болно. УИХ хуулийг бүхэлд нь хүчингүй болгоод шинэ хууль баталж, эсвэл зөвхөн 42 дугаар тойрогт зориулаад шинэ хууль баталж болно шүү дээ.

-1.2 сая еврогийн хахууль авсан гэх сайдын талаарх асуудал юу болж байна вэ?

-Франц улсад өөрийнхөө компанид эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүсгэхдээ энэ нь Монголын нэг сайдад 1.2 сая еврогийн хахууль өгсөн гэдгээр шалгагдаж байгаа юм байна. Энэ талаар би байр сууриа илэрхийлсэн. Маш ноцтой асуудал. АТГ-аас гадаад хэргийн яамаар дамжуулаад Францын талаас, прокуроор дамжуулж мөн тэнд байгаа манай элчин сайдаар дамжуулаад энэ талаар асуух боломж бий шүү дээ.

-Хууль зүйн байнгын хорооны даргад Л.Мөнхбаатар, Х.Нямбаатар нарын нэр яригдаж байгаа гэсэн. Үүнээс ч үүсэн багагүй улс төр өрнөж байгаа гэх юм. Энэ тухайд?

-Энэ бол намын асуудал. Яахав, хулгайч хүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар тавьбал тавь л даа. Би Х.Нямбаатарт “Залуу хүн байж яагаад хулгай хийгээд байгаа юм, болиоч” гэж хэлсэн.

Эрүүл саруул ухаанаар харвал иймэрхүү хэл амтай хүнийг даргаар тавих хэрэггүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч зөвшөөрч байгаа юм уу. Эд нар чинь Ерөнхийлөгчийн карманы хүүхдүүд шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Ахмад дайчин М.Чулууны охин Цэнджав: Аав минь Халхын голын тулалдаанд домогт 22 дугаар морьт хороог удирдаж байсан


М.Чулуун гэргий Памаа, том охин Цэнджав, хүү Цэдэнбалжир нарын хамт. 1953 он.

Халхын голын тулалдаанд Монгол Улсын баатар Д.Нянтайсүрэнгийн удирдсан Матадын 8 дугаар дивизийн 22 дугаар морьт хороог даргалж байсан нэгэн бол олон түмнээ “Одонт” хэмээн алдаршсан Мөнхийн Чулуун юм. Тэрбээр 1932-1939 онд Монголын зүүн хязгаар Дорнодод эх орны даалгавар хүлээж галын шугам, дайны талбарт тулалдсан юм. 1939 оны наймдугаар сарын 24-нд Японы эсрэг өргөн фронтоор давшилт явуулж, япончуудыг хөөгөөд маргааш нь буюу 25-нд Баянцагааны тулалдаанд өргөн фронтоор тулалдахад домогт 22 дугаар морьт хороог удирдаж байсан М.Чулууны баатарлаг гавьяаг мартах учиргүй. Ингээд “Миний аав” буландаа Халхын голын эрэлхэг хөвгүүдийн нэг, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин Чулууны охин Цэнджавтай уулзаж ярилцлаа.


-Танай аав Увс нутгийн хүн байх шүү. Аавынхаа нутаг ус болоод ардын цэрэгтэй холбогдсон үүх түүхээс ярихгүй юу?

-Дөрвөд далай хааны Жажин гүний хошуу, одоогийн Увс аймгийн Тэс сумынхан “Одонт” хүүгээрээ буюу манай ааваар бахархдаг юм. 1921 онд 18 настайдаа ардын журамт цэрэгт элсэж баруун хязгаарт анх байлдахдаа “газарчин” цэргээр явсан тэр цагаас хойш 30 жил буюу 1951 он хүртэл зөвхөн эр цэргийн амьдралаар амьдарсан бахархалт түүхтэй хүн. Аав минь Равдангийн удирдсан 160 гаруй хүнтэй салбар ангиас авхаалж самбаагаараа шалгаран тийнхүү баруун хязгаарын тулалдаанд газарчин цэргээр явж түүхэн гавьяа байгуулсан тухай Цэргийн түүхийн архивт тэмдэглэгдэн үлджээ. Эх орноосоо хөөгдөн Тагна Тувагийн чиглэлээр хил нэвтэрч ард олныг түйвээж байсан цагаантны 500 гаруй цэргийг “Тагна” уул, Бөхмөрөний нутаг Хөшөө мод, Алтай, Байтаг Богдын уулсаар хоёр жилийн турш мөрдөн хөөж устгахад дайсны цэргийн байрлал зэвсэг, хүн хүчийг тандаж удирдлагадаа тухай бүр илтгэж байснаар ялалтад гол нөлөө үзүүлсэн гэж үздэг. Үүнээс гадна 1923 онд Ховд хотыг цагаантны үлдэгдлээс чөлөөлөх дайнд оролцож явжээ. Уг үйл явдлын дараа Хатанбаатар Магсаржав хэсэг залуусыг цэргийн эрдэмд сургахаар нийслэл хүрээнд дагуулж ирсний нэг нь М.Чулуун байсан бөгөөд энэ тухай дурсамждаа бичиж үлдээсэн байдаг. 1923 оны есдүгээр сард нийслэл хүрээнд ирж Ардын цэргийн нэгдүгээр морин бригадын хүнд пулемётын хороонд алба хаахдаа орос, монгол сургагчдаар цэргийн эрдэм заалгав. Сурсан эрдмийн шидийг үзүүлж 1926 онд хүнд пулемётын наводчик болсон байна. 1927 оны дөрөвдүгээр сараас салааны туслах жагсаалын дарга, хот хамгаалах харуулын суманд салааны даргаар ажиллаж, хэв журам сахиулахаас гадна нийслэлийн онцгой чухал газруудыг хамгаалдаг байв. Нийслэл хотын цэргийн хүрээнд 1932 он хүртэл ажиллан, цэргийн эрдэмд боловсорсон шилдэг боловсон хүчний нэг боллоо.

-Халхын голын дайныг 1930-аад оноос эхтэй гэж судлаачид хэлдэг. Үүнийг нь бататгах гэсэн мэт танай аав Чулуун эх орны зүүн хязгаарт 1932 оноос томилогдож үүрэг хүлээсэн байдаг?

-Аавын минь зүүн хязгаарт ажилласан найман жил бүхэлдээ дайн тулааны хүнд бэрх цаг үе байлаа. Тэр жилүүдэд тэрбээр Дорнодын хил орчмын ардын армийн бараг бүх салбар ангиудад шилжин сууж эх орныхоо дархан хилийг хамгаалж байв. 1932-1939 оны тавдугаар сар хүртэл Дорнодын хил орчмоор том жижиг тулгаралтууд үргэлж болж, дайсны зүгээс өдөөн хатгалга хийх, худаг ус хордуулах зэргээр байнгын түгшүүртэй байжээ. Ингээд аав 1932 оны зургадугаар сараас Чоно гол дахь тусгай суманд салааны дарга, 1934 оны наймдугаар сараас Тамсагийн дивизийн 15 дугаар морьт хорооны хоёрдугаар суманд салааны даргаар, 1936 оны арванхоёрдугаар сараас мөн хорооны хүнд пулемётын сумангийн даргаар ажиллав. 1937 оны нэгдүгээр сараас Матадын наймдугаар дивизийн 23 дугаар морьт хорооны гуравдугаар сумангийн даргаар, 1939 оны тавдугаар сараас мөн дивизийн 22 дугаар морьт хорооны даргаар тус тус ажиллаж, дайн тулааны хүнд үед дайчин нөхдөө хошуучлан тулаан бүхэнд ялалт байгуулж байлаа. Аав Чулуун маань Халхын голын дайны өмнөх жилүүдэд их бага олон арван тулгаралт, тулалдаанд ялалт байгуулж байсан тухай түүхийн баримтанд тулгуурлан өгүүлье.

1935 онд түүхэнд нэрлэснээр “Халхын сүм”-ийн орчимд болсон хилийн будлианд харуулаа удирдаж, Японы морьт цэргийн суманг бүр мөсөн устгасан нь хүч тэнцвэргүй анхны тулаан байсан гэдэг. Эндээс дайсны олон арван амьд хүч, зэвсэг техникийг олзлон авчээ. 1936 онд М.Чулуун заставын даргаар ажиллаж байв. Энэ үед “Булан дэрс”-ний харуулаар хил зөрчсөн Японы бүлэг цэрэг, “Алаг морьт”-ын харуулаар цөмрөн орж ирсэн Японы морьт цэргийн ангийг эх орныхоо торгон хилээс хөөн гаргасан байна. Мөн онд “Адаг дулаан”-ы харуулаар нэвтэрсэн Японы морьт цэргийн ангийг бүрмөсөн бут цохиж устгажээ. Энэ бүхэн зөвхөн аавын минь удирдсан анги салбарт төдийгүй Монгол орны хувьд “Зарлаагүй дайны оршил” байлаа. Энэ бүхнээс харвал Халхын голын дайн нь зөвхөн 1939 оны тавдугаар сараас есдүгээр сарын хооронд болоогүй бүр 1930-аад оны эх, дунд үеэс эхлэлтэй гэдэг зарим түүхчдийн үг батлагдаж байгаа юм.


-Өнөө жил Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байна. Аавынхаа Халх голын дайнд хэрхэн оролцсон тухайд дуулж сонсч байснаа яриач?

-Түүхэнд тэмдэглэснээр Халхын голын дайн “албан ёсоор” эхлэх үед цэрэг эрийн амьдралд аль хэдийнэ хатуужсан М.Чулуун наймдугаар дивизийн 22 дугаар морьт хорооны хоёрдугаар сэлэмт сумангийн дарга, ахмад цолтой болсон байв. Аав минь Халхын голын байлдааны эхний тушаалыг 1939 оны тавдугаар сарын 6-нд дивизийн дарга хурандаа Д.Нянтайсүрэнгээс авсан байдаг. “Баргын Богд ууланд байрласан Японы батальон цэргийн хүч “Үүдийн худаг”-аар довтлон ирэх мэдээ авсан тул нэг сарын хоол хүнс сум хэрэглэл авч өнөө шөнийн дотор байлдааны маршаар хөдөлж дайсныг устга” гэсэн тушаалыг биелүүлэхээр нэмэгдэл хүч болох нэг хуягт, хоёр морьт салааны хамтаар тэр шөнөдөө хөдөлж, эх орны хилийг нэвтрэн дайсны нутгийн гүнд оржээ. Улмаар цэргүүдээ хориглолтод оруулж, тагнуулын ажиллагаагаар дайснаа тандан судлаад тавдугаар сарын 12-ны үүрээр бүслэн авчээ. Маргааш орой нь гэхэд дайсны үндсэн хүчийг бут цохин, 70 гаруй амьд хүч, үлэмж хэмжээний зэвсэг техник олзлон авсан байдаг. Японы явган цэргийн энэ батальон нь Буйр нуурын баруун талд, Баргын Богд уулнаас зүүн тийш 30 орчим километрт байрлаж байсан бөгөөд цэргийн тоо зэвсэг техникээр манайхаас илүү давуу байсан гэдэг юм. Гэсэн ч дайсны байдалд зөв дүгнэлт хийж хүчээ зөв хуваарилснаар ялалтад хүрсэн байна. Үүний дараа аавын суманг “Бадам иш”-ийн худаг дээр дивизтэйгээ нийлсэн үед буюу зургадугаар сарын гуравны өглөөгүүр дайсны найман онгоц 30 минутын турш бөмбөгджээ. Тухайн үед сумангийн дарга цэргүүдээ асар хурдан тараан байрлуулснаар ямар ч хохиролгүй гарсан гэдэг. Дивизийн штабаас дахин тушаал ирэв. Халхын голын нөгөө эрэгт гарч, дивизийн бусад анги салбаруудыг гол гатлах үед хориглон, хамгаалах тушаалыг гүйцэтгэх болов. Гэтэл ус үерлэжээ. Дивиз шууд маршаар гол гатлах аргагүй. М.Чулуун өөрөө шумбан, гарам олж, замчлан гаргав. Хүнд пулемётын наводчик цэрэг ус гатлах үедээ пулемётаа усанд алдсаныг мөн л тэрбээр шумбан олж өгсөн гэдэг. Тэс голын хөвөөнд төрж өссөн, “Мөнхийн усч хүү” хэмээн нутгийнхандаа нэрлэгдэж асан түүний нэг эрдэм ийнхүү амин чухал үед тусаа өгсөн нь энэ.

Матадын VIII дивизийн даргаар ажиллаж байсан хурандаа Д.Нянтайсүрэн “БНМАУ-ын улсын баатрууд” дурдатгалын номондоо “ 22 дугаар морьт хорооны ахлах дэслэгч М.Чулуун даргатай хоёрдугаар морьт суманг 37 мм-ийн их бууны салаа буюу Михлайн танк эсэргүүцэх их бууны салаагаар хүч нэмэгдүүлэн давшилтад оруулав. Ахлах дэслэгч М.Чулууны суман эрэлхэг зориг гаргаж, байлдааны уран арга, тактик хэрэглэн, бут цохиж, хөөн зайлуулсан юм. Энэ тулалдаанаар амьд хүч, зэвсэг техник, нууц баримт бичиг, бусад зүйлийг олзлон авсан нь цаашдын олон тулалдаанд их ач холбогдолтой болсон юм” гэж тэмдэглэжээ. Энэ бол М.Чулуун сумангаа удирдан “Элст манхан”-ы тулалдаанд орж, ялалт байгуулсан үйл явдлыг дурсан бичсэн хэрэг. Энэ тулалдаан бараг дуусаагүй байхад дивизийн дарга Д.Нянтайсүрэн 22 дугаар морьт хороог М.Чулуунаар удирдуулах болж, Дархан уулын чиглэлээр зүүн гар талд тулалд гэж тушаав.

Монгол-Зөвлөлтийн цэрэг Японы эсрэг өргөн фронтоор давшилт эхлүүлж, тулалдсаар байв. М.Чулууны удирдсан 22 дугаар морьт хороо наймдугаар сарын 24-ний өглөө нэргүй өндөрлөгийг эзлэх тушаал биелүүлж, япончуудыг хөөсөн юм. Маргааш нь наймдугаар сарын 25-нд Баянцагааны тулалдаанд нэгдсэн фронтоор давших үед манай аав Чулуун ухаан алдан, эмнэлэгт хүргэгджээ. Ингэж эрүүл мэнд муудсан нь бүхэл бүтэн найман жилийн турш дайны талбарт амь биеийг үл хайхран тэмцэж, байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явсных байлаа. Аав минь 1939 оны есдүгээр сард биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан бэлтгэл офицерээр халагдан, төрсөн нутагтаа амьдарч байгаад 1944 оны хоёрдугаар сард цэргийн албандаа эргэн ирэв. Ингээд Өндөрхааны цэргийн танкийн хороонд ажил ангийн даргаар, 1947 оны зургадугаар сараас цэргийн төв эмнэлгийн штабын комендантаар ажиллаж байгаад 1951 онд дахин бэлтгэл офицерээр халагдан, арми бүрэн хэрэглэлтэй гэрээр шагнан, төрсөн нутагт нь нүүлгэн хүргэн өгч байжээ. 1945 оны чөлөөлөх дайны үед ар талын цэргийн ангид ажиллаж байсан учраас аавыг минь уг дайнд оролцсон гэж үзэх үндэслэлтэй юм.

-Та түрүүнд “Энх цагийн хөдөлмөрт хүчээ өгсөн он жилүүд” гэж аавынхаа нутаг усандаа ажиллаж амьдарсныг онцолж байсан. Тэр тухай сонирмоор байна?

-Аав минь төрсөн нутагтаа ирээд тэр үед дөнгөж байгуулагдаж байсан Тэс сумын хоёрдугаар бага сургуульд аж ахуйн ажил хариуцан 17 жил ажиллав. Эсгий гэрт хичээллэж эхэлсэн сургуулийг байр савтай болгох бүх л ажил түүний гараар босов. Дотуур байранд хүүхдээ сургадаг хүмүүсээр сургуулийн түлээг ээлжлэн бэлтгүүлдэг болсноор улсын мөнгийг хэмнэдэг байсан гэж тэр үеийн ахмад буурлууд түүнийг дурсдаг билээ. Хүүхдүүдийн хувьд биеийн тамирын талбай, модон морь, савлуур, турник, ялангуяа багийн бага сургуульд бол өнөөдөр ч ховор эд. Тэгвэл энэ бүхнийг хийгээд зогсохгүй багийн сургуулийг халуун усны байртай болгон, тохижуулж байжээ. Төмс, хүнсний ногоог өөрсдөө тариалж, дотуур байрны сурагчдын хоолны хэрэгцээг хангах болов. Аавын минь Тэсийн бага сургуульд ажилласан он жилүүд хэдийгээр улс оронд ардын хувьсгал ялаад багагүй хугацаа өнгөрсөн байсан боловч хөдөөгийн ардууд хүүхдээ сургуульд сургах төдийлөн дуртай биш байв. Харин аж ахуйн даргын хичээл зүтгэлээр сургуулийн орчин нөхцөл сайжирч, нутгийн ардууд ч хүүхдээ сургуульд явуулах дуртай болсон тухай хөгшчүүл өдгөө дурсан ярьдаг юм.

-Танай аавыг баатар болох гавьяатай хүн гэдэг юм билээ?

-Миний аав М.Чулууны хөдөлмөр, зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, “Цусан гавьяаны нэгдүгээр зэргийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Байлдааны медаль”, Монголын болон ЗХУ-ын “Бид ялав” медаль, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн цол, тэмдгээр шагнажээ. Арми болон улс, хоршоолол, боловсролын байгууллагын шагнал гээд нийтдээ 40 гаруй удаа шагнагдаж байсан байна. Зөвхөн шагнаад зогссонгүй, эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх үнэлж баршгүй гавьяаг хойч үед нь алдаршуулахад багагүй анхаарч ирсэн. 2005 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Тэс сумын Хар үзүүрийн сургуулийг аавын минь нэрэмжит болгосон. Мөн Увс аймгийн музейд М.Чулууны нэрэмжит булан байгуулжээ. “Монгол эх орныхоо төлөө амь, бие үл хайрлан тэмцэж явсан олон зуун баатарлаг хөвгүүдээр хойч үе бид бахархан, М.Чулуун шиг гарамгай гавьяатнуудыг үрийн үрд алдаршуулан, эх оронч үзлийн үлгэр дуурайл болгох нь зүйтэй санагдана” хэмээн сэтгүүлчид, бичиг номын хүмүүс аавын минь мөнхийн гавьяаг үнэлдэг юм. Аавын минь хайрт хүү, миний төрсөн дүү дэд хурандаа Цэдэнбалжирын тухай энд хэлэх нь зүйтэй. Тэрээр аавынхаа цэргийн эрдмийн гавьяаг үргэлжлүүлж Афганистаны Элчин сайдын яаманд цэргийн атташегээр нэр төртэй ажиллаж байсан.

Эцэст нь цэргийн түүхчдэд хандан хэдэн зүйлийг зориуд хэлье гэж бодсон юм. Нэгдүгээрт, М.Чулуун VIII дивизийн 22 дугаар морьт хороог дайн дуустал удирдаж байгаад байлдааны талбарт ухаан алдсан тухай дээр өгүүлсэн билээ. Гэтэл уг хороог арав хүрэхгүй хоног удирдсан хүний нэрээр “Бадарчийн хороо” хэмээн нэрлэдэг нь үнэнд нийцэхгүй юм. Хоёрдугаарт, Халхын голын дайныг ялалтад хүргэсэн гол тулалдаануудад хэний удирдсан дивиз, хороо, суман ямар үүрэгтэй оролцож, хэрхэн тулалдсаныг 80 жилийн ойн өмнө нарийн тодруулмаар санагддаг юм. Гуравдугаарт, Эх орны зүүн хязгаарт 1930-1940 оны хооронд өрнөсөн, ялангуяа 1939 оны Халхын голын дайны гол үйл явдлуудын талаарх мэдээллийг тодорхой гаргаж тавих хэрэгтэй. Энэ дайныг дайн байгаагүй, жижиг мөргөлдөөн байсан гэх мэтээр түүхийг илт гуйвуулж, эх орноо хамгаалан тэмцэж явсан эх орончдоо доромжлон гутаасан зарим түүхч, судлаачдын мэдэгдэлд харамсаж явдгаа нуух хэрэггүй биз ээ. Түүх түүхээрээ үлдэх ёстой гэдэг билээ.

Categories
мэдээ цаг-үе

Балжирын Сэмбээжав: Үйлдвэрчний эвлэлийн дарангуйллын зэвсэг Хамтын гэрээний хуулийг өөрчлөх ёстой

ХААИС-ийн мал аж ахуйн биотехнологийн сургуулийн багш, нүүдлийн соёл иргэншил судлаач Балжирын Сэмбээжавтай ярилцлаа.


-УИХ-ын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал энэ өдрүүдэд хэлэлцэгдэж байна. Уг хуулийг олон жил судалж, ялангуяа малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар бараг 30 орчим жилийн өмнөөс ярьж бичиж байсан таны саналыг сонсох гэсэн юм?

-1992 онд батлагдсан “Хөдөлмөрийн тухай” хуулийг “МҮЭ-ийн эрхийн тухай хууль”… Хамтын гэрээний хуулийн хавсарга гэж нэрлэж байсан. Энэ үзэл бодлоосоо өнөөдөр ч ухраагүй байгаа. Энэ бол үгүйсгэл биш. Аливаад үнэн бодитой баримт хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн гэрээ” гуравдугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно гэж заасан. Үүнд, нэгд ажлын байрны буюу албан тушаалын нэр, хоёрт ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, гуравт, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, дөрөвт хөдөлмөрийн нөхцөл гэсэн дөрвөн асуудлаас бусдыг нь МҮЭ-үүдийн эрхийн тухай хууль болон Хамтын гэрээний тухай хуулиар зохицуулахаар “хийж”, энэ хоёр хуулийг Хөдөлмөрийн тухай хуулиас дээгүүр тавьсан нь Засгийн газар, эздийн байгууллага, МҮЭ-ийн дарангуйлал дор оршиж, өнөөгийн нийгмийн эмх замбараагүйдлийг буй болгох, Монгол Улс ялангуяа хувийн хэвшлийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг саатуулагч хүчин болгохын үндсийг бүрдүүлсэн юм. Хөдөлмөрийн гэрээ бол ажил олгогч, аж ахуй-үйлдвэрийн эзэн, ажил авагч хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тэр хүрээнд гарсан аливаа эерэг сөрөг асуудлыг зохицуулахад баримтлах хууль эрх зүйн үндсэн баримт бичиг.

Үйлдвэрлэл хөдөлмөрийн хоёр харилцааг боловсронгуй, ил тод болгох, үйлдвэрлэл, хөдөлмөр технологийн сахилгыг бэхжүүлэх, үйлдвэрлэл, хөдөлмөр, ажлын байрны соёлыг дээшлүүлэх, тэдгээрийг тогтвортой хөгжлийн хүчин зүйл болгохын үндсийн үндэс нь Хөдөлмөрийн гэрээ байдаг. Хамтын гэрээ хэлэлцээрт заасан нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог Хөдөлмөрийн гэрээ гэж нэрлэж болохгүй. Үйлдвэрчний эвлэлийн дарангуйллын зэвсэг Хамтын гэрээний хуулийг өөрчлөх ёстой.

-Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуультай болгох талаар 10 орчим жил та зүтгэсэн. Хөдөлмөрийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд таны саналууд хэрхэн тусгагдав?

-2010 оны арванхоёрдугаар сард УИХ-ын Нэгдсэн чуулганаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль хэлэлцэгддэг юм. Тэр хурал дээр УИХ-ын гишүүн С.Бат-Үүл малчин гэдэг чинь мэргэжлийн хөдөлмөр юм байна. Би сая Германд явж байхдаа мэдлээ гэж ярьдаг юм. 2011 оны хоёрдугаар сард УИХ-ын Байнгын хорооны дарга Балдан-Осор намайг дуудав. Дуудсан даруйд миний бие Балдан-Осор даргад бараалхав. Балдан-Осор “ Би маргааш Герман яваад долоо хоноод ирнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиас болоод УИХ гацчихаад байна. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн нэр томьёоны тайлбар хийгээд байж бай” гэж надад үүрэгдэв. Өөртөө олдсон боломжийг ашиглан Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг нэр томьёоных нь тайлбартай хамт хийснээ Балдан-Осор даргад өргөн барив.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль долоон бүлэг, 33 зүйлтэй. Энэ хуульд миний бичсэн санаанаас ганц үг орсонгүй. Малчин гэж “Мэргэжлийнхээ хөдөлмөр эрхлэгчийг хэлнэ” гэсэн нэр томьёоны тайлбарыг маань малчин гэж “Мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг хэлнэ” гэжээ. Жилдээ 350-450 сая хүртэл төгрөгийн үйлдвэрлэл борлуулалт хийдэг малчин өрхийг хэлнэ гэснийг малчин өрх гэж бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч хэмээн засамжилжээ.

-Та МҮЭ-ийн тухай ярина гээ биз дээ?

-МҮЭ-ийн холбоо ч, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоод ч ялгаагүй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөрийн харилцаанд оролцогч үйлдвэрчний эвлэлийн гишүүд дээр оршин тогтнож байгаа нь эдүгээ ил тод болсон. Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүнчлэлийн тоог мал аж ахуйн салбарт хөдөлмөрийн харилцаанд оролцогч 380 мянган хүний тоотой харьцуулахад Улаан номонд бичмээр 0.008 хувь буюу 120 дахин бага буюу мал аж ахуйн салбарт хөдөлмөрийн харилцаанд оролцогч 120 хүний нэг нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн байж болох үгүй ч байж болох магадлалтай байна. Энэ нь хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид хөдөлмөрийн харилцаанд оролцогч үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг төлөөлж эрх ашгийг нь хамгаалж ирсэн нь тодорхой байна.Төр нийгмийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөж өмч хөдөлмөрийн цоо шинэ харилцаа нийгмийн бүх давхаргыг хамарч, аж ахуйн нэгж төр олон нийтийн байгууллага бүхэн өмч хөдөлмөрөө дагаж бие биенээсээ ялгагдах өөр өөр хэв шинжээрээ ондооших, ондоошуулах үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байна. Ондоошил үйлдвэрчний жам ёсоороо хийгдсэнгүй 27 жилтэй золголоо.

-Ардын хувийн аж ахуйтан малчин өрх, хувийн үйлдвэр, хоршоо, нүдний ур, гарын ур, оюун ухааныхаа ураар баялаг бүтээгч хувийн хөдөлмөр эрхлэгчдийг болохоор албан бус хэвшил хэмээн хэлж, бичиж байгаа нь хүртэл их өөр байгааг хувийн өмч, хувийн өмчийг “үзэн ядах муу муухай бүхний эх сурвалж” хэмээн үздэг үзэл баримтлалаасаа салаагүй МҮЭ-д хэн зөөлөн ханддаг юм бэ?

-Төрийн өмчийг бурханчилж, түүнийг өдөр тутмынхаа амьжиргааны хэрэгсэл болгож хувийн болон хоршооллын өмчийг ад шоо үзэж адлаж булшлах биш юм. Эвлэлдэн нэгтгэх арга билэг бүхий экологийн цэвэр үйлдвэрчний эвлэлтэй болохүндэс нь МҮЭ-тэй ёс зүйн хариуцлага тооцож, түүнийг “хувьчилж” хувийн болон хоршооллын өмч хамтын болон хөлсний хөдөлмөрт тулгуурласан аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын “гал зуух, зоогийн ширээ амь ахуйн эдийн засагт суурилсан үйлдвэрчний эвлэл бол эдүгээ цагийн болон ирж буй шинэ үеийн үйлдвэрчний эвлэлийн дээд эрхийг барих уураг тархи залуурдах жолоо нь болох учиртай.

-Таныг уурхайчин залуучуудын 4000 хүний суудалтай биеийн тамирын стадионоо 43 их зохиолчоор нээлгэсэн овжин хүн гэдгийг сонссон юм байна?

-1970 оны намар уурхайчин залуучуудыг биеийн тамирын стадионтой болгох ажлыг хоёрхон сарын дотор байгуулчихаад Монголын зохиолчдын дарга С.Удвал гуайд бараалхав. Уурхайчдын биеийн тамирын стадионтой боллоо. 1970 оны аравдугаар сарын 1-ний бямба гаригт Монголын зохиолчдын хорооны зохиолчдын Уран үгсийн чуулганаар нээх хүсэлтээ танилцуулав. 1971 оны аравдугаар сарын 1-ний өдрийн 13 цагт С.Удвал, Л.Түдэв, С.Эрдэнэ, Ш.Сүрэнжав нарын зэрэг 43 зохиолч том “шкод” автобусаар ирж зохиол бүтээлээ уншиж билээ. Тэр үед Налайхын уурхай таван жилийнхээ төлөвлөгөөгөө тасалчихсан, Намын хорооны дарга Доржсүрэн, Уурхайн дарга У.Мавлет нар донго багатай үе байв. Харин Монголын зохиолчдын Уран үгсийн чуулган налайхчуудын хүч хөдөлмөрт хөг нэмж, урам зоригийг нь бадрааж Налайхын уурхай 1970 оны жилийнхээ төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байлаа.

Б.ЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Энэ оны хамгийн том, хамгийн олон гэнэтийн бэлгүүдтэй “ХАДГАЛАМЖТАЙ МААМУУ” хүүхдийн баяр

Худалдаа, хөгжлийн банкнаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ оны хамгийн ТОМ, хамгийн олон гэнэтийн БЭЛЭГТЭЙ, супер СУГАЛААТАЙ 18 хүртэлх насны бүх хүүхдүүдийг баярлуулах “ХАДГАЛАМЖТАЙ МААМУУ” арга хэмжээг 6-р сарын 02-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

СУРТАЛЧИЛГАА

Хүндэт аав ээжүүд Та бүхэн бяцхан хүүхэд, багачуудынхаа хамтаар, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Та бүхэн анги хамт олноороо, найз нөхдөөрөө энэхүү баярт хүрэлцэн ирж нэг өдрийг санаанд оромгүй гэнэтийн бэлгүүд, хамтлаг дуучдын уран бүтээл, Хүүхэлдэйн театр, Үндэсний циркийн үзүүлбэрүүдийг үзэж сонирхохоос гадна супер сугалааны азтан болж мартагдахааргүй сайхан дурсамжуудтай хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна.

“Хадгаламжтай Маамуу” хүүхдийн баярын онцлох 10 бэлэг

  1. Хүрэлцэн ирсэн эхний 500 хүүхдэд гарын бэлэгтэй;
  2. Хүүхдийн баярт хүрэлцэн ирсэн хүүхдүүд дундаас 3 азтан тодруулж Аав, ээжийн хамтаар Макао-Хонгконгийн Диснейландад аялах эрхийн бичгээр шагнана;
  3. Ирсэн хүүхдүүдийн дунд уралдаан, тэмцээн зохион байгуулж унадаг дугуй, скүүтэр, hoverboard буюу электрон явагч тус бүр 5-ийг бэлэглэнэ;
  4. Хүрэлцэн ирсэн хүүхэд бүрд ус, ундаа, зайрмаг, хөнгөн зууш үнэгүй;
  5. Хүүхэлдэйн театрын тоглолт;
  6. Үндэсний циркийн үзүүлбэрүүд;
  7. Аами Таамигийн тоглолт;
  8. Хамтлаг, дуучид;
  9. Хүссэн үлгэрийн баатруудтайгаа зургаа авахуулах боломж;
  10. Төрөл бүрийн сонирхолтой тоглоомууд зэрэг маш олон гэнэтийн бэлэг, SURPRISE-ууд Та бүхнийг хүлээж байна.

Баярын мэдээллийг авсан байгаа нийт хүүхэд багачууд, сурагчид, эцэг эхчүүддээ зориулан хэлэхэд энэхүү баярын арга хэмжээ нь олон нийт, бүх хүүхэд залуучуудад нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.

Амралтын өдрийг зөвхөн гэр бүлдээ, бяцхан үрсдээ зориулан, олон олон гэнэтийн бэлгийн эзэн болох боломжийг Аав ээжүүд Та бүхэн битгий алдаарай.

6-р сарын 02-ны Ням гаригт 11:00 цагаас Сүхбаатарын талбайд уулзацгаая.

Худалдаа, хөгжлийн банк
ХАМГИЙН ТОМ ХҮҮХДИЙН БАЯР

ХХБанкны сошиалд нэгдээрэй.