Categories
мэдээ улс-төр

3.2 их наяд төгрөгийн зээл, тусламж, төсвийн хөрөнгөөр орон нутагт бүтээн байгуулалт хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлангийн хэлэлцүүлгийг хийв. Эдийн засгийн өсөлтийн дүнд ноолуурын үнэ 3 дахин өсөөд байгаа бол махны экспорт тодорхой дүнгээр нэмэгдсэн. Эдгээр нь малчин өрхүүдэд орлогын нэмэгдэл болсон гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Түүнчлэн иргэдийн цалин, тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлсэн бөгөөд цаашид инфляцитай уялдлуулан нэмэгдүүлж байх шийдвэрийг гаргасан гэдгийг хэлж байв.

Сангийн сайд 2019 оны улсын төсөв дэх хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалтын дүнг онцолж байсан. Нийтдээ 3.2 их наяд төгрөгийн гадаадын зээл, тусламж, төсвийн хөрөнгө оруулалтыг орон нутагт хийхээр төсөвлөсөн бөгөөд Монгол Улсын түүхэнд энэ хэмжээний төсвийг орон нутагт төсөвлөж байгаагүй гэлээ. Энэ хөрөнгө оруулалтын үр дүнд орон нутгуудад эдийн засгийн эргэлт бий болж ажлын байр нэмэгдэх, иргэд нь цалин орлоготой болох гэх зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтойг хэлж байв. Үүнийг баталж буй дүн мэдээг тэрбээр танилцуулсан. 2018, 2019 оны төсвийн орлого бүх аймгийн хэмжээнд эдийн засгийн бүх салбараар нэмэгдэж төвлөрсөн гэв. Тодруулбал, энэ оны эхний улирлын байдлаар төсвийн орлого давж биелээд 196 тэрбум төгрөгийн ашигтай байгааг хэлж байв.

Эдийн засгийн хүртээмжийг бодитоор иргэдэд хүргэх чиглэлээр Засгийн газар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, гэртээ хүүхдээ асарч буй эхчүүдэд тэтгэмж олгох, ахмад настнуудад насны хишиг олгох, өрх толгойлсон эцэг, эхчүүдэд тэтгэмж олгохоор 2018 оны төсөвт 600 тэрбум төгрөгийг тусган, зарцуулсныг С.Чинзориг танилцууллаа. Энэ Засгийн газар байгуулагдаад 1.6 жил ажиллах хугацаандаа төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх арга хэмжээг 2 удаа авч хэрэгжүүлсний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 26.7 хувиар өссөн байна. Мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсний үр дүнд 10 хувь болгож бууруулаад байгааг салбарын сайд нь хэлж байлаа.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Дадал, Баян-Адарга суманд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газрын танхимын зарим гишүүд, аймгийн удирдлагууд Дадал сумын нисэх онгоцны буудалтай танилцлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд хэлэхдээ “Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын төв болсон учраас Чингис хааны өлгий нутаг Дадал сум дэлхийн анхааралд өртөж, гадаад, дотоодын жуулчдын цуваа тасрахгүй. Иймээс томоохон Боинг 747 онгоц буухаар нисэх буудалтай байх учиртай. Тэгэхээр зураг төслөө боловсруулах, ТЭЗҮ гаргах шаардлагатай” гэдгийг захиж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онгоцны буудал барих бололцоотой гэдгийг дуулгалаа.

Үүний дараа тэд Баян-Адарга сумын “Төмөр бетон гүүр”-ийн барилгын ажлын шав тавилаа. Xэнтий аймгийн ЗДТГ, Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, 150 метр урт гүүрийг “Ган гүүр” ХХK гүйцэтгэхээр шалгарсан байна. Гүүр, угсралтын ажил өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно. Ажлын явцад Зам, тээвэр хөгжлийн төв хяналт тавих ажээ.

Ерөнхий сайдаар ахлуулсан баг үдийн хойно Монгол их хатдын өлгий Баян-Адарга суманд ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нялх хүүхэд тээвэрлэсэн долоон машин цасанд боогдсон байсныг олж аварчээ

Ихэнх нутгаар нойтон цас орж хөдөө, орон нутгийн замд зорчиход аюултай нөхцөл байдал бий болоод байна. Тухайлбал, баруун аймгуудын зам дээр 2-4 см мөсөн давхарга үүсч хунгар газраа 60-80 см орчим цас хунгарлажээ.

Цас шуурснаас болж үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам маш их хальтиргаатай болсон учраас машин зорчиход ихээхэн хүндрэлтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулаад байна. Мөн хальтиргаа гулгаанаас болж машинууд замын хажуу руу унах, цасанд боогдсон хэрэг их гарч байна.

Өвөрхангайн замд нялх хүүхдүүд тээвэрлэсэн жижиг оврын долоо машин цасанд боогдсон байсныг онцгой байдлын аврагчид аварчээ.

Иймд, Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийг холын замд гарахгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Үндсэн хууль, шүүх засаглалын эрхэнд халдаж байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Чуулганаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өчигдөр баталлаа. Энд таны байр суурь ямар байна вэ?

-Захиргааны ерөнхий хуулийг Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор оруулж ирсэн гэж худлаа яриад байгаа юм. Яагаад гэвэл Эрдэнэтийн 49 хувийн асуудал чинь нэгдүгээрт, Засгийн газар шийдвэрээ гаргаад төрийн өмчид авчихсан. Хоёрдугаарт, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шүүх дээр ямар ч маргаан байхгүй. Зүгээр л халхавчлах зорилгоор Монгол Улсын шүүх засаглалд халдаж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулинд хоёр чухал ойлголт байдаг. Нэгдүгээрт, засаглалын бүх эрх мэдэл ард түмний гарт. Тэгэхээр шүүхтэй байх уу, шүүхгүй байх уу гэдгийг ард түмэн шийднэ гэсэн үг. Хоёрдугаарт, Монгол Улсын иргэн нь шударга шүүхээр асуудлаа шийдүүлэх эрхтэй гэж байгаа юм. Засгийн газар байна уу, их хурал байна уу, Ерөнхийлөгч байна уу хамаагүй, тэдний гаргасан шийдвэрийг үндэслэн гомдол гаргах эрх иргэдэд байх ёстой. Гэтэл үүнийг байхгүй болгож байгаа нь асар том ухралт. Тиймээс би үүнийгээ болио гэсэн. Харамсалтай нь манай Монгол Улсад гадны буюу ялангуяа урд зүгийн хүмүүсийн далд гар хөл байгаад байна. Засгийн газрын шийдвэрээр бүтээгдэхүүн хуваах гэрээг зурдаг юм. Тэр утгаараа газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотойгоор иргэд гомдол гаргах эрхгүй болж байна гэсэн үг л байхгүй юу. Энэ мэтчилэн олон юм байгаа. Энэ нэмэлт, өөрчлөлтийг оруулж ирснээрээ Үндсэн хууль, шүүх засаглалын эрхэнд халдаж байна гэж ойлгож болно.

-Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг та бүхэн УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ талаар ярихгүй юу?

-Б.Баттөмөр гишүүнтэй хамт нэр бүхий 22 гишүүд бид УИХ-д нээлттэй сонсгол хийхээр хүсэлтээ хүргүүлсэн. Би 2016 оны сонгуулийн дараа хүчирхийллийн эсрэг лобби бүлэг байгуулж хүүхдийн эрхийн асуудлыг ярьж эхэлсэн. Яахав ганцаараа байсан учраас та бүхэнд дуу хоолой минь хүрээгүй байх. Сүхбаатарын талбай дээр ямар том жагсаал боллоо. Бид нар хүчирхийллийн эсрэг нийгэмд дуу хоолойгоо нэлээн хүргэсэн. Монгол Улсын хэмжээнд 34 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.

Тэдний 90 хувь нь төрсөн эцэгтээ, гэр бүлийнхээ хүмүүсийн танил найз нөхдөд эсвэл гэр бүл, хамаатан садныхандаа хүчирхийлүүлжээ. Энэ бол аймшигтай тоо. Тиймээс би эрүүгийн хуулинд өөрчлөлт оруул гэдэг асуудлыг маш олон удаа тавьсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад орж албан ёсоор хэлсэн. Хувь хүний хувьд ч гуйсан. Хэн нь ч энэ асуудалд анхаарахгүй байгаа. Энэ талаар хууль санаачлаад Хууль зүйн сайд руу хүргүүлж, саналыг нь авахад зөвшөөрөхгүй гэсэн. Засгийн газарт өргөн барья гэсэн. Хүлээж авахгүй байгаа. Асуудлын гол нь хуучин Монгол Улсын Эрүүгийн хуулийн 126 дугаар заалтад 16-гаас доош насны хүүхэдтэй тохиролцож бэлгийн харьцаанд орвол торгуулийн ялтай байсан. Би энэ тоог дээшлүүлье гэсэн. Энэ тоо одоогийн мөрдөгдөж байгаа хуулинд бүр 14 байгаа. Би үүнийг ядаж 16-гаар нь байлгамаар байгаа. 16 наснаас доош хүүхэдтэй тохиролцож бэлгийн харьцаанд орох гэдэг асуудлыг байлгамааргүй байна. Саяхан говийн нэг аймагт 14-тэй хүүхдийг жирэмсэн болгож, найман сарын ял авсан байна. Аймшигтай. Өнөөдөр хуулиар зөвшөөрдөггүй мөнгө олдог гурван бизнес байдаг. Тэр нь хар тамхи, хүний наймаа, зэвсгийн наймаа. Монголд эдгээр бизнесүүд ихээхэн цэцэглэсэн. Зэвсгийн наймаа одоо хилээр сум машин машинаараа орж ирж байгаа шүү дээ. Яагаад тэр сумнууд орж ирээд байна. Ихэвчлэн Баян-Өлгийгөөр орж ирдэг шүү дээ. Анхааралдаа авах ёстой асуудлын нэг яалтачгүй мөн. Яахав ангийн журмаар орж ирж болно. Гэтэл машин машинаараа орж ирж байна. Түүнчлэн хар тамхи хэрээс хэтэрчээ. Тэгвэл хүний наймааны хамгийн том золиос нь насанд хүрээгүй хүүхдүүд байдаг юм. Бид тохиролцсон, мөнгийг нь төлсөн, өөрөө зөвшөөрсөн, энэ чинь анх удаа надтай биш бие үнэлдэг юм байна шүү дээ гэх нэрээр хүүхдийг худалдах гэмт хэрэг газар авчихсан байгаа. Тиймээс үүнийг зогсоогоод өгөөч ээ, Хууль зүйн сайд гуай. Үүнийг зохицуулж өгөхгүй байгаад үнэхээр их харамсаж байна. Одоо хийх нээлттэй сонсголоор илүү тодорхой зүйлүүд гарах болов уу гэж найдаж байна. Их хурлын дарга энэ асуудал руу онцгойлон анхаарах байх гэж горьдож байна.

-Хүүхдийн хүчирхийллийн асуудлыг яаж шийдэх вэ?

-Ерөөсөө үүнийг шийдэхийн тулд гурван асуудлыг шийдэх ёстой. Нэгдүгээрт, нийгмийн хүрээнд хүүхдийн эрхийн төлөө ажилладаг байгууллагуудыг чадавхжуулах ёстой. Гадны орнуудад хүүхдийн байцаагч цагдаагаасаа давуу эрхтэй байдаг шүү дээ. Шууд л гэр оронд нь очоод хянаж, ямар нэгэн хүчирхийллийн шинж тэмдэг байвал хүүхдийг нь тусгаарлаж аваад хууль хяналтын байгууллагад гомдол гаргадаг. Гэтэл манайд ийм хуулийн зохицуулалт алга. Хүчирхийлэл гэдэг үр хүүхдэдээ эцэг эх нь хатуухан үг хэлээд алган боов амсуулах тухай яриа биш шүү дээ. Ихэнх хүүхдүүд маань ойр тойрны хүмүүсийнхээ бэлгийн боолчлолд орохдоо айдсаасаа болоод ил гаргадаггүй. Тиймээс үүнийг мэргэжлийн сэтгэл зүйч мэдээллийн дагуу очиж шалгаж байх ёстой. Хүүхдийн байгууллагын дарга Алтансүх гэнэ үү нэг сонин залуу хэвлэлээр шуугиад л байна лээ. Тэр залуу зүгээр ажлаа хийх хэрэгтэй шүү дээ. Монголд ажлаа хийдэггүй дарга нар их байна. Хүний эрхийн комиссын Бямбадоржийг би ажлаа өг гэсэн.

Ажлаа өгдөггүй ээ. Энэ өвөө одоо тэтгэвэртээ гарч болих хэрэгтэй. Түүний оронд томилогдох чаддаг мэддэг, баруунд хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн сайхан залуучууд байна шүү дээ. Энэ У.Хүрэлсүх одоо боль оо. Чаддаг хүмүүст нь ажлыг нь өгч чадахгүй бол У.Хүрэлсүх өөрөө зайлаад өгөх хэрэгтэй байхгүй юу. Бид хүүхдүүдээ алийн болгон хүчирхийлэл дор амьдруулах юм. Тэр Алтансүх гэдэг хүний талаар хэвлэлээр буруутай зүйлс яригдаад байна шүү дээ. Тэр хүнээ хурдан соль. Асуудал байгааг гишүүд бид мэдэж байгаа.

Мэргэжлийн хүмүүс нь үүнийг судлаад бичгээр оруулаад ирвэл бид мэргэжлийн хүмүүсээр нь шалгуулаад хууль баталж болно. УИХ-ын гишүүн та хууль санаачил гээд байдаг. Бид мэргэжлийн хүмүүс биш. Бид бичдэггүй. Тэд нар бичдэг байхгүй юу. Тиймээс хүүхдийн эрхийн талаар үйл ажиллагаа явуулаад байгаа мэргэжлийн хүмүүс нь хурдан бодлогоо оруулаад ирээч ээ. Ажлаа хий.

-Хүүхдийн хүчирхийллийн эсрэг байгууллагуудтай холбоотой сөрөг мэдээллүүд сошиалаар их явах болсон. Дуудлагын дагуу шалгадаггүй гэх мэт?

-Үнэндээ хэлбэрийн төдий л байгуулсан байгууллага шүү дээ. “1111 төв”, “Хүүх-дийн тусламжийн утас 108” эд нар хүүхдүүдээ та нар гээд л реклам тавиад байгаа болохоос биш юм хийхгүй байна. Өнөөдөр Монголыг хорлож байгаа гурван бүлэглэл байна. Тэр нь бизнесийн бүлэглэл, улс төрийн бүлэглэл, сүүлийнх нь төрийн бус байгууллага буюу, төслийн бүлэглэл.

Эдгээр хүмүүс хүний зовлон дээр жаргал хийдэг болчихжээ. Хүүхдийн эрхийн чиглэлийн хэдэн төрийн бус байгууллага байна. Тэр байгууллагуудын эзэд нь хэчнээн баян байна. Улс төрд өчнөөн жил байсан тэр Хууль зүйн яамны сайд Ц.Нямдорж гуай, ХААХҮЯ-ны сайд Ч.Улаан гуай, Шадар сайд Энхтүвшин гуай гээд салбартаа он удаан жил байсан хүмүүс байна. Тэд өөрсдийнхөө хэмжээнд ажлууд хийж болох байсан. Гэтэл юу ч хийдэггүй. Бизнесийн байгууллагууд улс төрд зөвхөн өөрсдөдөө таарсан хуулийг лоббид-дог. Өөртөө таарсан бүлэглэлүүдийг сонгуулдаг. Монгол Улсад хэрэгтэй нэг ч зүйлийг дэмждэггүй. Монголын баялгийг цөлмөж байгаа эдгээр байгууллагууд яагаад ядаж нэг сайн үйлс хийж болдоггүй юм. Бүгдээрээ хүний зовлон дээр баяжсан этгээдүүд. Тиймээс энэ Монголын сөнөөж байгаа тогтолцоог солихгүй бол хүүхдийн эрхийн асуудлаас эхлүүлээд Монголд байгаа асуудлууд бүгд цэгцрэхгүй.

-Рио Тинтогийн асуудал нэлээдгүй анхаарлын төвд орж байна?

-Би гаднынханд ч энэ талаарх өөрийн байр сууриа хэлж байсан. 2012 оноос хойших энэ талаарх асуудлуудыг мэднэ. Дубайн гэрээг мэднэ. Би нэг ажлын хэсэг ахалсан. Тэгэхдээ хангалтгүй гэдэг дүн тавьсан. Гэрээний дагуу ашигтай гэрээ юу, ашиггүй гэрээ юу гэдэг нэг ойлголт. Гэрээнд гарын үсэг зурчихсан бол уйлаад яахав дээ. Тийм ээ. Гэрээ л бол гэрээ. Хамгийн гол нь гэрээ ашиггүй ч гэсэн гэрээгээ дагах нь хууль. Дагаагүй байвал хариуцлага ярихгүй яах юм бэ. Тиймээс энэ гэрээн дээр ярилцах ёстой. Хэн ч гэрээг хүчингүй болгоё гэж яриагүй. Рио Тинто биднийг сонсох хэрэгтэй. Би Австрали, Канадын элчин сайдын яамныхантай албан бусаар уулзаж байсан. Тэдэнд өөрийн байр сууриа маш тодорхой хэлсэн. Ашигтай, ашиггүй гэрээ хийсэн талаар тэдэнтэй яримааргүй байна гэдгээ ч хэлсэн. Энэ бол Монголын асуудал шүү дээ. Харин энэ гэрээний үг, үсгийг дагаагүй нь хэний асуудал вэ гэдгийг ярилцах ёстой. Дагахгүй байгаа шалтгааныг нь ярилцаж, дагаж болдог заалт оруулах уу гэх мэт ярилцах ёстой. Энэ талаар ярьж болохгүй юу. Иймээс би рио Тинтогийнхон Монголын төрийг арай хэтэрхий дээрэлхээд байна уу гэж бодоод байна. Тусгаар тогтносон Монгол Улсын төр юу хийх ээ өөрсдөө мэднэ. Ард түмэн биднийг төрийн өмнөөс ажилла гээд сонгочихсон. Бид тангараг өргөчихсөн хүмүүс. Би энд популизм хиймээргүй байна. Энэ гэрээг муу, сайн, зөв гэж хэлмээргүй байна. Энэ талаар сууж ярилцъя л даа. Бидний хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг зөвшөөрөх үү, үгүй юу гэдгийг ярилцъя. Огт юм яриагүй, огт юм сонсоогүй байж байр сууриа шууд хатуу хэлж байгаа нь доромжлол гэж би харж байгаа.

-Та БНСУ яваад ирсэн. Ер нь ойрд юу хийгээд байна?

-Сая Өмнөд Солонгос яваад ирсэн. Надад нэг мөрөөдөл байдаг. Дөрвөн жилд нэг удаа Монгол Улсаа эмнэлэгтэй болгоё гэдэг. Тухайлбал, Төрийн ордны хажуу талд төрийн албан хаагчийн эмнэлгийг хөөцөлдөж, ноцолдож төрдөө шорон биш, эмнэлэг болгоод өгчихсөн. Одоо Сүрьеэгийн эмнэлэг байгуулахаар ажиллаж байна. Сүрьеэгийн эмнэлэг битүүмжлэлтэй байдаг. Түүнчлэн энэ эмнэлэгт хоёр жил хэвтэх онцгой нөхцөлтэй, агаарын битүүмжлэлтэй ийм эмнэлэг байх ёстой.

Одоогоор Монголд ийм эмнэлэг байхгүй. Эдгээр хүмүүс урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх байдлаар нийтийн дунд л байдаг шүү дээ. Тиймээс үүний зураг хөрөгийг нь харуулаад төсөвт оруулахаар нийгмийн бодлогын байнгын хорооны даргын хувьд БНСУ явчихаад ирлээ. Сая ёс зүйн хурал гээд томоохон олон улсын түвшний хурлыг төрд ажилладаг бүх ёс зүйн хорооны удирдлагыг цуглуулаад 13 яам, арваад аймгийн удирдлагыг оролцуулж Новотель зочид буудалд зохион байгууллаа. Одоо бид ипотекийн зээлд анхаарч байгаа. Гол нь санхүүжилт мөнгөний асуудал байна. Яагаад гэвэл эргэн төлөлтийн сангийн мөнгийг төсөвд төвлөрүүлсэн асуудал бол гэмт хэрэг гэж би харж байгаа. Тэр эргэн төлөлтийн сангийн гурван их наяд төгрөг байсан бол бид үүнийг үлдсэн ипотекийн зээл рүү оруулаад нөхөн төлбөр хийгээд байх боломжтой байсан. Гэтэл тэрийг хийлгэхгүйгээр ийм зүйл болсон учир юун найман хувийг гурван хувь болгох. Найман хувьдаа ч хүрэхгүй байгаа асуудал үүсээд байна. Тиймээс санхүүжилтийн эх үүсвэрийг яаж бүрдүүлэх талаар ажиллаж байна. Түүнчлэн Хавдрын хуулийн ажлын хэсгийг ахалсан. Энэ ажлын хэсгийн дагуу хууль батлуулах бодолтой байна. Яагаад гэвэл хавдар гэдэг эдгэдэг өвчин. Нэг л шалтгаанаар эмчлэгдэхгүй. Орой илрүүлбэл. Тиймээс иргэдийг орой илрүүлэлтэд оруулахгүйн тулд төсөвт жилдээ 30 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд эмчлүүлье гэж ярьж байгаа.

-Хавдар судлалын төвийн ард байгаа эмнэлгийг улс авах тухай яригдаж байна?

-Би нэг зүйл дээр санал нэг байгаа. Төр заавал өөрсдөө байшин барих албагүй. Тэр байшинг авч болно. Гэхдээ хэт өндөр дамласан, хязгааргүй үнээр авч болохгүй. Барилгын хөгжлийн газрын үнэлгээгээр тэр барилга 24 тэрбум төгрөг буюу арван сая доллар юм билээ. МАН-ын хэлж байгаагаар 60 тэрбум юм гэсэн. Би үүнийг л эсэргүүцээд байгаа юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Дондог: Химичдийг эх орныхоо түүхий эдтэй холбож өгөх эр зориг хэрэгтэй байна

Улсын химийн ХХХ олимпиад энэ сарын 7-нд эхэлж өчигдөр нээлтийн ёслол нь болсон юм. Уг ёслолын үеэр МУИС-ийн хүндэт профессор, тус сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн ахмад багш, Монгол Улсын гавьяат багш С.Дондог, МУИС-ийн Химийн тэнхимийн зөвлөх профессор, Монгол Улсын гавьяат багш Д.Дорж нартай ярилцлаа.


-Өнөө жилийн химийн олимпиадад хэдэн багш, сурагч өрсөлдөж байна вэ?

Д.Дорж:-Улсын химийн ХХХ олимпиадад 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 12 дугаар ангийн 34 сурагч, тэднийг бэлтгэсэн 34 багш оролцож байна.

-Д.Дорж багш та химийн олимпиадыг анх улсдаа зохион байгуулахыг санаачилсан хүн. Чухам яагаад энэ хичээлээр олимпиад зохиох болов. Ач холбогдол нь юу вэ?

-Хими бол онцлогтой шинжлэх ухаан. Тодорхойлж хэлбэл хими бол шинжлэх ухааны төвд байдаг. Төвийн ухаан. Нөгөө талаасаа хими гэдэг бол дэлхий, амьд байгалийн бүтээсэн, өдөр тутмын амьдралд хаа сайгүй явж байдаг, хэрэглэж байдаг ийм зүйл. Химийн олимпиадыг яагаад зохион байгуулдаг вэ гэвэл залуу, хойч үеэ сурагч байхаас нь эхлээд авьяасыг нь хөгжүүлээд химийн шинжлэх ухаанд сонирхолтой болгох, улмаар мэргэжлийн сургуульд хамааруулах замаар химийн өндөр мэргэжлийн боловсон хүчин болгож төлөвшүүлэх, цаашлаад химийн шинжлэх ухааны ололтыг улс орныхоо хөгжилд нэмэр хандив оруулах, бүх шатны сургуулийн химийн сургалтын чанарыг сайжруулах зорилгоор химийн олимпиадыг явуулдаг.

-30 дахь жилдээ зохион байгуулж байгаа гэсэн үг шүү дээ?

Д.Дорж:-Тийм. 30 дахь жилдээ энэ олимпиадыг зохион байгуулахдаа бид нэлээд цогц байдлаар явуулахыг зорьсон. ЕБС-ийн сурагчдын дунд, тэнд нь хичээл зааж байгаа химийн багш нарын дунд, цаашилбал их, дээд сургуульд химийн чиглэлээр сурдаг оюутнуудын дунд, олон нийтэд түгээх зорилгоор Химичдийн өдрийг бий болгоод, химийн сургалтын чанарыг дээшлүүлж, сайн, өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлдэх зорилгоор Олон улсын химийн олимпиадад залуу хүүхдүүдээ оролцуулах гэсэн ийм таван ажлыг төлөвлөөд явж байна.

Яг ийм байдлаар бид 30 дахь жилдээ ажиллаж байна. Үүний үр дүнд харж байхад химийг багаасаа эхэлж сонирхоод тодорхой түвшинд хүрээд одоо Монгол Улсдаа, улсынхаа их, дээд сургууль, ЕБС-д багш, судлаачаар ажиллаж байгаа нь олон.

-Монголчууд шинжлэх ухааны хэдхэн салбарыг л онцолж яриад байдаг. Гэтэл химийн шинжлэх ухаан оролцдоггүй салбар гэж үгүй. Дэлхий нийтээрээ химийн салбараа хөгжүүлж, химичдээ онцгойлон анхаараад эхэллээ?

С.Дондог:-1989 онд Монголын химичдийн нийгэмлэг анх байгуулагдаж 1990 онд Ардчилсан хувьсгал ялсан. Тэр сайхан бадарсан цаг үед Д.Дорж багш МУИС-ийн захирал байсан. Бидний хамтран зүтгэгч С.Мягмар багш бид нар Улсын химийн олимпиадыг анх зохион байгуулж байлаа. Энэ олимпиад явсаар 30 дахь жилтэйгээ золголоо. Энэ хугацаанд Улсын химийн олимпиадад олон арван багш шавь нараа бэлдэж, олон арван багш гавьяат цол хүртсэн. Мөн манай олимпиадыг дамжиж гарсан шавь нар маань дээд сургуулиудын химийн тэнхим, ШУА-ийн Химийн хүрээлэнгүүдэд эрдэмтэн мэргэд болсны зэрэгцээ, үйлдвэр аж ахуйн газруудын химичид үндсэндээ манай төгсөгчид. Химийн шинжлэх ухааныг бид ингэж эх орондоо хэгжүүлээд дээд сургуулиудад заагаад, улмаар дунд сургуулиас нь эхлээд химиэр сонгох мэргэжлийг нь өргөжүүлээд явж байгаа.

Ингэхээр оюутнуудыг химийн шинжлэх ухаанаар боловсруулдаг МУИС, МУБИС, АШУҮИС, ХААИС, улмаар ШУА-ийн Химийн хүрээлэнгийн эрдэмтэд химийг шинжлэх ухааныг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байна. Олимпиадыг 30 жилийн турш явуулж бэлтгэсэн шавь нар, бэлтгэсэн мэргэжилтнээ харахаар одоо манай эх орны маань хөгжил бурхан тэнгэрээс хайрласан хөрсөн доорх их энэ их эрдэнэс баялаг маань бид бүхний бэлтгэсэн химичдийн мэдлэг чадвартай холбогдож уялдаж чадахгүй байна. Эрдэс, түүхий эдээ тэр чигээр нь гадагш нь гаргаж байна. Хөдөө аж ахуйн баялаг салбарын бүтээгдэхүүнээ боловсруулахгүйгээр гадагшаа гаргаж байна. Энэ бол нэг ёсны шинжлэх ухаан-үйлдвэрлэлийг аль аль талаас нь харсан нүгэл болж байна. Ийм учраас энэ олимпиадыг 30 жил явуулж ирсний үр дүнд, манай орны өнөөгийн хөгжил, манай улсын их дээд сургуулиудын бэлтгэсэн мэргэжилтнүүдийн байгаа нөөцийг харьцуулж харахад зохицолдолгоо алга. Ингэхээр энэ олимпиад, их дээд сургуулиудаар бэлтгэж байгаа тэдгээр химичдийн оюуны чадварыг эрдэс түүхий эдээ боловсруулах салбарт чиглүүлж чадахгүй байгаа. Ийм айхавтар гүнзгий зөрчил өнөөгийн нөхцөлд харагдаж байна.


-Чадвартай химичид Монголд байгаа юм байна?

С.Дондог:-Дээд сургуулиудаар бэлтгэсэн химичдийн нөөцийг газрынхаа хөрсөн доороос гарч байгаа, МАА-н салбараас гаргаж буй түүхий эдтэйгээ уялдуулж ажилласан сан бол Монгол орон өндөр хөгжих бололцоотой юм. Гэтэл үүнд нэг айхавтар юм саад болчихоод байна. Залуу мэргэжилтэн байлаа гэхэд очсон салбартаа суурь мэдлэгтэй, түүн дээрээ үндэслээд ямар ч салбарыг аваад явчих химичид байна. Гэтэл түүхий эд, ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр, шинжлэх ухааны химичдийг холбох холбоо тасраад байна. Энэ хоёрыг холбож өгөх эдийн засгийн хүчин чадал Монголд алга. Ингэхээр үнэндээ том зөрчил харагдаж байна. Үүнийг яаж холбох вэ гэдэг дээр зоригтой ажиллах хэрэгтэй. Монголын хөгжлийг Монголын эр зориг л шийднэ. Ийм учраас энэ эр зориг өнөөдөр бидэнд энэ олимпиад төдийгүй байгалийн шинжлэх ухаан суурь шинжлэх ухааны салбарт боловсон хүчин бэлтгэж байгаа сургуулиудын шинжлэх ухааны энэ их нөөц потенциалыг түүхий эдийг боловсруулахад холбож өгөх эр зориг хэрэгтэй байна.

-Манайхан сүүлийн жилүүдэд нефть боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр, аж үйлдвэрийн парк барина гэж их ярих боллоо. Энэ бүгдэд химичдийн оролцоо маш өндөр. Жишээ нь, нефтиэс л гэхэд 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гарган авдаг. Таны хэлснээр химичдээ түүхий эдтэйгээ зоригтой холбож чадвал бид түүхий эдээ тэр чигээр нь гаргахгүй дотооддоо боловсруулж чадна гэдгийг дээр дооргүй мэдмээр юм байна?

С.Дондог:-Монголд үйлдвэрээ хөгжүүлээд эхэлбэл бид химичдээ улам хөгжүүлж чадна. Одоо бэлтгэгдчихсэн байгаа химичид маань ямар ч салбарын химийн салбарт ажиллаад явах бүрэн бололцоотой гэж бид бодож байна.

-Монголын химийн салбарыг олон улсынхтай харьцуулбал хаахан явна вэ?

С.Дондог:-Химийн шинжлэх ухааны онолын хэсэг бол манай энэ сайхан мэргэжсэн их сургууль, ШУТИС, мөн бусад их сургуулиудад химийн шинжлэх ухааны салбарын мэдлэгийг өгөөд байна. Энэ нь дэлхийн химийн шинжлэх ухааны салбараас төдийлөн хоцрогдоогүй. Гагцхүү тэр үйлдвэрлэлтэйгээ холбож өгөх тал дээрээ л тасраад байна. Энэ холбоог л хийж өгөх хэрэгтэй байна. Үүнд дутагдаад байгаа зүйл бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтаа буруу зүйлд хийгээд байгааг манай оюунлаг ард түмэн харж байгаа. Үүнийг л манай төр засаг даруй засч, хөрөнгө оруулалт хийж өгөх шаардлагатай байна.

Д.Дорж:-Улсын химийн ХХХ олимпиад зохиогдож буй 2019 он бол Д.И.Менделеевийн үелэх системийг нээсний 150 жилийн ойтой давхцаж байгаа. НҮБ 2019 оныг Менделеевийн хуулийн жил болгож зарласан. Энэ шугамаар дэлхий даяар маш олон арга хэмжээ зохиогдож байгаа. Химийг хүмүүс хоёр туйлаар үздэг юм. Нэг хэсэг нь хими маш их зэрэгцээтэй, ашигтай. Хүний сайн сайхан амьдрах, нийгэмд тустай гэж үздэг. Нөгөө хэсэг нь хортой гэдэг. Хортой байдгийн учир шалтгаан нь химийн бодисыг хэрэглэхдээ технологийн горим, аюулгүй ажиллагаа, тун хэмжээг нь тааруулах сахилга, ёс зүй дутагдсанаас л ийм яриа гарч байгаа юм. Түүнээс биш хаа сайгүй хими бий. Бүх хэрэгцээнд хими өргөн хэрэглэгддэг.

-Менделеевийн үелэх систем анх 108 элементтэй байсан бол одоо бараг 120 хүрлээ шүү?

Д.Дорж: Менделеевийн үелэх систем 118 элементтэй болоод байгаа. Олон улсын онолын болон хэрэглээний химийн нийгэмлэгээс 118 гэдгийг батлаад тогтоочихсон. 118 элементээс байгалийн бүтээсэн нь 72 элемент. Бусдыг нь зохиомлоор гаргаж авсан. Манай орны химич эрдэмтэд 40-өөд элементийн чиглэлээр судалгааны ажлуудыг хийдэг. Маш олон элемент манай газрын хөрсөнд эрдэс, баялаг, нөөц байдлаар оршиж байдаг.

С.Дондог:-Химитэй ажиллах хүмүүст аюулгүй ажиллагаа нэн чухал байдгийг сая Д.Дорж багш ярилаа. Аюулгүй ажиллагаа бол химийн бодис, урвалжтай ажиллаж байгаа хаана ч хэрэгтэй. Гар угаадаг хатуу, шингэн саван. Гал тогооны тосгуурт байдаг Fairу. Энэ бүгдийг хэрэглэхээс чинь эхлээд аюулгүй ажиллагаа шаардана. Үүнийг баримтлахгүй байснаас сая Заамарын уурхайн гүнд хичнээн хүн амиа алдав. Цэвэрлэх байгууламжид хийнд хордсоноос хичнээн хүн алтан амиараа хохиров. Энэ бүгд бол химийн боловсролтой холбоотой. Химийн мэргэжил төдийгүй, энгийн химийн боловсрол дутуу эзэмшсэнээс, хайхрахгүй байснаас ийм юм болж байна. Ингэхээр химийн шинжлэх ухаан гэдэг бол хүн болгоны ердийн боловсролоос эхлээд эх орныхоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал шинжлэх ухаан юм шүү дээ. Иймээс энэ чухал шинжлэх ухааныг эзэмших асуудал бол үндсэн боловсрол байх ёстой. Үндсэн боловсролын түвшинд химийн бодис урвалжтай ажиллах, харьцахыг хүн болгон мэддэг, чаддаг, болгоомжилдог байх хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

“Үгийн инженерчлэл”-д шүлгийн онгод хэмжигдэнэ

Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Жамсрангийн Баяржаргалын Монголын бүх сумдын нэрийг багтаасан “Их Монголын сувдан хэлхээ” өргөл магтууг хүргэе. Яруу найрагчийн 19 дэх шүлгийн түүвэр “Замилан таалал” нэртэйгээр хэвлэгдэж байгаа юм. Энэ номд сүүлийн арван жил туурвисан шилдэг шүлгүүд нь багтсан байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч Ж.Нэргүй “Үгийн инженерчлэлд шүлгийн онгод хэмжигдэнэ” хэмээн Баяржаргал найрагчийн тухай бичсэнийг өмнөтгөл болгон толилуулж байна.


Цаг мөнхөд яруу шүлгийн “галзуу” сэдвийн эрэл хайгуулд хатаж, үсээ үгтээж үгээ үрслүүлж байдаг шүлэгч эрхэм дүү нарынхаа алтан сонорт гайхамшигт нэгэн дууллыг зуучилж буйдаа хэрхэндээ бардамналтай. Энэхүү яруу дууллын сэдэл Монголын яруу найргийн тулганы хажууд 95 жилийн тэртээгээс л зүүрмэглэсээр байсан авч, өдгөө хүртэл үүнийг сэхээрсэн яруу найрагч нь Баяржаргал л ганцаараа болж таарсан нь Янжинлхамын л ад ёрын ч юм уу, өглөг хутгийнх нь нууц буй за. Аливаа уран бүтээлчийн амжилтын ганцхан хувь нь л төрөлхийн авьяасаас, бусад 99 хувь нь хөдөлмөр, мэдлэг хоёроос үүдэлтэй гэдгийн нэгээхэн жишээ бол энэ дуулал ч байж мэдэх. Нэг л сайхан гэгээн өглөө мань “хэнэггүй”-гийн санаанд “Үгүй ээ, манай Авдарбаян сум чинь ямар сайхан нэртэй юм бэ” гэсэн сониуч бодол хашгичаад ороод ирсэн байх. Тэгээд цааш нь ахиулаад бодтол нь “соцком”-ын үзэл суртлын хатуу хөтүү жилүүдэд ч бурханы түвд нэртэй чигээрээ үлдсэн хоёрхон сум-Хэнтий аймгийн Норовлин, Булган аймгийн Дашинчилэн ороод ирсэн ч байж болох. За, тэгээд “Үгийн сүлжээ” босгох ажил нь залгаж таарна. Аль сумын нэрийн араас аль сумын нэрийг оруулж тавибал өгүүлбэрийн утга төгөлдөржих вэ гэх мэтээр. Үгийн сүлжээ зохиох нь энэний дэргэд юу ч биш. Ёстой нөгөөх, “Генийн инженерчлэл” гэдэг шиг “Үгийн инженерчлэл” явагдана. Энд яруу найргийн онгод огт хамаагүй, дэндүү жижигдэнэ. Энэ дууллыг Монголын малчин ардууд тэртээ 1924 оноос л бичиж эхэлснийг дахин дурдъя. Өнөөх л соёлгүй, бүдүүлэг, зэрлэг нүүдэлчид маань монгол төрийн засаг захиргааны нэгжийнхээ ч юм уу, нутаг орныхоо уул, усны нэрийг л өгч байна хэмээн “соцком”-ынхон бодоод байсан чинь өнөөх “зэрлэгүүд” нь цаагуураа бол ерөөлөө л айлдаад, ерөөлөө л нууцлаад байсан юмсанж. Түүнийг нь мань хэнэггүй Баяржаргал цуглуулж авчраад, эмх цэгцэнд нь оруулаад өрөөд харсан чинь энэ дуулал босоод ирж:

…“Дархан Баянмөнх, Наранбулагийн Дашбалбар

Далай цэнгэл Монголын цогт цэций билээ…”

“…Арвайхээрийн цээлд бигэр, сонгино үнэртэж,

Адаацаг, дарьгангын талд хөлөнбуйр цэлэлзээд,

Цэнхэр мандалын тэнгэр дор галшар морьд эргэж,

Цэнгэлт баруун туруунд галт могод хэнзэлж”…

Энэ дуулыг сонсох бус уншваас Монголын 329 сумын нэр бүгд дурдагдсан нь тодорхой болно. Гэтэл цаана нь Нэргүйн төрсөн Түмэндэлгэрхаан, Баяржаргалын төрсөн Авдарбаян гээд, янз бүрийн цаг үед гадуурхагдан орхигдсон 150 орчим сумын нэр байдаг л юм.

Гайхамшиг нь гэвэл, энэ 329 сумын нэрээр яруу дуулал босгохын тулд бүгдийг нэг бүрчлэн өгүүлбэрийн бүтцэд оруулах, утгыг ану төгс болгохын тулд тоотой хэдэн үйл үг, холбоос үг, тоотой хэдэн тэмдэг нэрийн тусламж авч, зарим нэг нэрийг нь, жишээлбээс Говь-Алтайн Цээл сумын нэрийг Өгөх, оршихын тийн ялгалд захируулан, басхүү физик тогтолцоогоор нь юм шиг “Арвайхээрийн цээлд” хэмээснийг эс тооцвол зүгээр л газарзүйн нэрсийн жагсаалт. Харин эдгээр зориудын гажуудлыг уран зохиолын онолд захируулбаас тухайн шүлгийн уянгын халил гэж үзэхээс өөр аргагүй. Тэгэхээр энэ бол Монголын яруу найрагт Авгаржин Баяржаргалын оруулж ирж буй нэг үзэгдэл буюу уран зохиолын феномен болой.

Монголын бүх сумын нэр цогцлоод, нэгтгэгдэн цэгцлэгдээд, цаасан дээр өрөгдөөд ирэхээрээ яруу уянгын дуулал болдог юмсанж. Энэ дотроос чи өөрийн эрхгүй төрсөн сумынхаа нэрийг хайгаад унах болно. Аль нэг сумын нэрийг жижиг үсгээр эхлүүлсэн нь хамаагүй, цэг, таслал нь байраа олоогүй юм шиг байх нь ч хамаагүй, хүндэт суудлаа эзэлж чадвал ихэмсэг юм бүр эрхэмсэг болон хувирдаг юм. Батноров, Норовлин хоёрыг нэгтгээд Батноровлин болгосон нь ч хамаагүй, харин Батноровлин гэчихээр бүр ч Бурхан Халдун уул шиг болчихож байгааг нь чи анзаарна, би эрхэмсэнэ. Яруу найргийн чөлөөт ур чадвар гэдэг үүнд л оршдог юм. Яруу найрагч хүн бол зөвхөн яруу найрагч биш, басхүү эх хэлнийхээ гайгүйхэн эрдэмтэн, бүр ч том мэдлэгтэн байх ёстойг энэ яруу дуулал зааж өгнө.

Их Монголын сувдан хэлхээ

(Өргөл магтуу)

Сумдыг нэгтгэн цөөлж, эдийн засгийн хэмнэлт гаргах нь нэн чухал. Манайд 90-ээд сум байхад л хангалттай.

(Нэрт улстөрчийн яриа)

“Сумын төв бүхэн хилийн заставууд юм

Суугуул, уугуул ард нь эрэлхэг хилчид юм”

(Авгаржин Баяраа “Сумын төв” шүлгээс)

Алтай, хөвсгөл, баян хангай минь алаг эрдэнэ

Архуст, зуунмод, улаанхус,заг, улиастай

Бүрэгхангай, өндөрхангай, дэлгэрхангай, зүүнхангай нь

Бугат булган, аргалант хүдэр, шилүүстэй

Цэнхэр цагаан чулуут, эрдэнэ бүрэн уул баян

Цувираат отгон манханаас умрын зүг цайвалзах

Цагаан хайрханы цогт овоо,

Мөнх хайрханы мандал овоо

Баян хайрханы сайхан овоо

Эрдэнэ хайрханы баян овоондоо

Шинэ идэр малчин есөн зүйл өргөн

Өндөрширээт Мөнххаан

Батширээт Жаргалтхаан

Түвшинширээт Дэлгэрхаан

Алтанширээт Алдархаан нь айраг сөгнөн

Ашид тонхил, хишиг өндөр заларнам зэ

* * *

Цагаан дэлгэр зүгт өлзийт цацлаа өргөсөн

Цал буурал ижий сайхан дулаан дүртэй

Цагаан уул тийш төгрөг мэлмий баясгасан

Цахир бүтэн аав минь хайрхан дулаан бараатай

Өндөр улаан Сүхбаатар жанжин билээ

Өрлөг баянтүмэн Чойбалсан баатар билээ

Дархан Баянмөнх, Наранбулагийн Дашбалбар

Далай цэнгэл Монголын цогт цэций билээ

Манлай дархан Батноровлин төгс ганган

Манай ноён Рэнчинлхүмбэ жаргалант ерөөл

Замын үүдэд дулаан хаантай золгох сайхан

Заамар цэцэрлэгт Түдэвтэй баяндун үлээх яруу

Далан жаргаланг эдлэх ураг үрсийн заяа

Дээд баянцогт, эрдэнэцогт суу залиар бадарнам зэ

* * *

Буянт чойрын богд, эрдэнэбулган хангай

Бурхант хөндийн түшиг нөмрөг цэцэн уул

Өмнөговь, мандалговь, баяндэлгэр нутаг

Өргөн баяндалай, эрдэнэдалайн үлдмэр

Элэр сэгэрээс түнэл сайнцагаан өлгий

Энх номгон галавын хүрмэн чулуун хороот

Хашаат тариалан, гурван булагтай хөндий

Хушаат тэшиг, онгон баян тал минь хойд чимэг

Гурван сайхан, үенч, есөн булагтай улаан уул

Гурван тэс, гучин устай баянговь минь өмнөдэлгэр

Араараа модтой баян адарга нь зүүнбүрэн юм

Асгат сагсай баян уул нь баруунбүрэн юм

* * *

Хотонт ногоон нуур, галуут цагаан нуур

Хужирт баян нуур, рашаант өгий нуур

Идэр баян гол, мөст бор нуур бөх мөрөн

Их тамир, баянтэсийн жавхлант усан

Эх сэлэнгэ, шарын гол, орхон туулын

Эрдэнэмандал, завханмандал эгнэгт харгиалж

Арбулаг,төмөрбулаг, даланзадгад

Алтанбулаг, баянбулаг, хатанбулаг

Ар өвөр сайншанд чандмань эрдэнэ болой

Асруу шинэжинст Түргэний уулс бат сүмбэр болой

* * *

Арвайхээрийн цээлд бигэр сонгино үнэртээд

Адаацаг, дарьгангын талд хөлөнбуйр цэлэлзээд

Цэнхэр мандалын тэнгэр дор галшар морьд эргэж

Цэнгэлт баруун туруунд галт могод хэнзэлж

Баацагаан наран алтан цөгц шиг мандах

Бууцагаан үүлс хүрээ марал шиг дүрсжих

Бөмбөгөр дөрвөлжин их уулс, ян сарьдаг

Бүрэн тогтох, ханхонгор ус нутгаар жимслэх

Баянлиг эв мод баян жаргалант ард олноо

Батөлзийлөн зангидаж, тосон цэнгэл хурайлнам зэ

* * *

Баянцагааны нуруу, халх гол матадаар дуурсах

Баян өнжүүлийн урт дуу бор өндөрийн шуранхай

Давст улаангом, тариат шаамар, шивээ говьдоо

Дорно зүгийн нүнжиг баян зүрхний баясгалан

Хангал сэврэйт мөнгөн морьт,

Хонгор халзан мянгад саарал

Халиун шарга, хулд гурван загал минь

Дашинчилэн дэрэн дөргөн, дэрэн дөргөн

Нарийн тээлд баян агт, хөх морьт торолзоод

Насны хийморь оршиж, баян хутаг дэлгэртүгэй

* * *

Эртний бүрдтэй Хархориноо бишгүүр чимээлэн

Эрдэнэцагаан тарагт идээ оргилон урсаж

Ховд цагаан үүрнээ улаанбадрах бүргэд

Хан тайшир, баян өндөрийн их хэтээр эрдэнэ зуун дунгуйрч

Элэг дэлүүн дор нь лүн тангийн хорвоо

Эрдэнэсантыг төвшрүүлэх луус ачаалан эргэж байна

Зүйлийн ургамал цэцэг ханхлан дэлгэрэх

Зүүн баян улаан, хэрлэн баруун уртад

Бадар цагаан овоо нь сүгнийн цайрах

Баруун баян улаан, цармын зүүн говьд

Баян чандмань өндөр, хан богдын өндөр шилд

Баян уул, говь угтаал цайдам манхан зэрэгийн талд

Уянга дуут сэргэлэн хонгор насандаа бид

Усан тэлмэн туульс дэглэн дарвинам зэ

* * *

Гутаг үгүй Монголын минь ноён нуруу

Гурван зуун хорин есөн сумын түмэн цогт алдар

Сагил хяргас он жилүүдийн дадал мэт яргаж

Сантмаргац арц хүжис цэнгүүлэн гүн бат орших болтугай!

2015.12.22

Жич: Тус шүлэгт 2015 оны байдлаар Монгол Улсын бүх сумын нэр багтжээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Дарьханд: Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш

Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тохиодог. Энэхүү өдөр эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодох, хүн бүрт хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг уриалдаг билээ. Уг өдрийг хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах зорилгоор анх 1998 онд АНУ-д санаачилжээ. Улмаар бусад улс орнууд 2001 оноос нэгдэж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон юм. Манай улсад 2006 оноос “Хүүхдийг Ивээх Сан”-гийн (Save the chil­dren) санаачилгаар тэмдэглэж эхэлсэн ба тус байгууллагаас хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн олон нийтийн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүхий л орчинд хуулиар хориглохыг ухуулан сануулсаар иржээ. Дашрамд дурдахад 2016 онд батлагдсан Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай болон, Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийг нийгмийн бүхий л орчинд зодож шийтгэхийг хориглосон бөгөөд хүүхдийг зодож шийтгэхийг хориглосон дэлхийн 49 дэх улс болсон юм.

Энэ хүрээнд “Хүүхдийг Ивээх Сан”-гаас (Save the children) “Хүүхдэдээ бахархан дуурайх аав, ээж нь байя” уриан дор олон нийтэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдлэг, мэдээлэл түгээх, тэдний хандлагыг өөрчлөхөд чиглэсэн хүүхэд хамгаалал, хөгжил, эрүүл мэндийн сэдвүүдээр Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд мэргэжлийн зөвлөх үйлчилгээг хамтрагч байууллагуудын хамт үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн юм.

Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Б.Дарьхандтай ярилцлаа.

-Хүүхдийг хүмүүжүүлэхэд эцэг эхчүүд нэн тэргүүнд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хүүхэд таныг харж суралцдаг, сонсож хүмүүждэг, ажиглан дуурайдаг учраас хүмүүжүүлэх эерэг аргуудыг өдөр тутам хэрэглэхийг “Хүүхдийн Ивээх сан” уриалж байгаа юм. Хүүхэд зодуулж шийтгүүлснээрээ сайн хүн болдоггүй. Харин ч дахиж зодуулах вий гэсэн аймхай хулчгар өөртөө итгэлгүй хүн болж өөрчлөгддөг. Аливааг хүчээр шийдэх хандлагатай, түрэмгий догшин болж хувирдаг. Цаашлаад сурах чадвар нь муудах, өсвөр насандаа архи тамхи мансууруулдаг бодист донтох хандлагатай болдог гэдгийг сэтгэл зүйчид олон судалгаагаар нотолсон байдаг. Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш. Нэн тэргүүнд хүүхэд ямар хүн болох нь эцэг эхээс шууд хамааралтай. Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлж байна гээд зодож шийтгэх арга хэрэглэдэг. Гэтэл хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг өөр асуудал шүү дээ. Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх таван зарчмыг бид санал болгодог. Нэн тэргүүнд хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсч байна, тэр бүхий холын зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Өдөр тутам тулгарах асуудлыг уурлаж бухимдалгүйгээр шийдэж байх нь зүйтэй. Эцэг эх, томчууд хүүхдээ хорвоо ертөнцтэй танилцуулах, амьдрах арга ухааныг зааж өгөх анхны багш нь байдаг. Тиймээс шинэ зүйлийн учир шалтгааныг тайлбарлан таниулж, хүүхдийг амжилт гаргахад дэмжиж, санал бодлыг нь сонсон зодож шийтгэдэггүй, харин зааж зөвлөн, дэмжин тусалдаг байх ёстой. Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Томчууд бид үүнийг ойлгож мэдэх хэрэгтэй. Ямар нэгэн асуудал гарвал дээрх зарчмуудын дагуу эерэгээр хамтдаа шийдвэрлэх хэрэгтэй. Энэ таван зарчмыг эцэг эхчүүд хэвшүүлмээр байна. Хүүхдийнхээ дэргэд хэлэх үг, хийх үйлдлээ анзаарч байх хэрэгтэй. Наад зах нь хүүхдийнхээ дэргэд тамхи татахгүй байх. Өөрсдийн зан үйлийнхээ хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Гэр бүлийн нэг гишүүний таагүй уур амьсгал бүгдэд нь нөлөөлдөг гэдгийг анхаарах нь чухал.

-Хүүхэдтэйгээ харилцахад хүүхдийн насны онцлогийг анхаарах хэрэгтэй гэсэн?

-Нэн тэргүүнд хүүхдийнхээ онцлогийг эцэг эхчүүд мэдэж байх нь зүйтэй. Би хүүхдээ ойлгож байна уу гэдгээ мэдэх хэрэгтэй. Хөгжил нь зөв явагдаж байна уу гэдэг ойлголттой байх нь чухал. Эцэг эхчүүд гэр бүл дотроо хүүхэдтэйгээ харилцдаг ойлголцдог дэмждэг гэж хэлдэг. Харин сургууль, цэцэрлэг дээрээ өөр зан үйл сураад байна гэдэг л дээ. Янз янзын асуудал ярьж ирдэг. Хүүхдийн нас насны онцлогтой холбоотой. Эцэг эхийн анхаарал халамж хэрэгтэй байгааг хүүхэд зөрүүдэлж анхаарлыг нь татах байдлаар илэрхийлдэг. Орчин цагт эцэг эхчүүд зав маш бага болчихсон. Гэртээ дүрэм зохиогоод хүүхдэдээ цаг зав гаргах хэрэгтэй.

-Тусгай хэрэгцээтэй хүүхэд гэж яриад байна?

-Тусгай хэрэгцээтэй хүүхэд гэхээр сургууль гэр бүлийн орчинд бие эртхний бэрхшээлээсээ үүдээд хэн нэгний тусламж хэрэгтэй болчихсон хүүхдүүд байдаг. тусламж шаардлагатай болчихсон хүүхдийг хэлж байгаа. Гэр бүлийн орчинд эхлээд ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгааг эцэг эхчүүд анзаарах хэрэгтэй. Заримдаа тусгай хэрэгцээ үүсч байгаа, үгүйг ажиглах хэрэгтэй. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, түүний дагуу арга хэмжээ авах хэрэгтэй.

-Хүүхдийн аль насанд илүү их анхаарал халамж шаардагддаг вэ?

-Бүх л насны хүүхдүүдэд анхаарал хэрэгтэй. Эцэг эхчүүд хамгийн түрүүнд 3-5 настай хүүхдүүдийн талаар асууж байна. Энэ насанд хүүхэд маш их хөдөлгөөнтэй болдог. Дээрээс нь бүхий л зүйлийг өөрөө таньж мэдэх хүсэл нь давамгайлсан байдаг. Үүнийг ээж аавууд маань ойлгох хэрэгтэй. Энэ бол гаж биш юм аа. Хүүхдийн насны онцлогийг ойлгох нь чухал юм аа гэдгийг хэлж байгаа юм. Хүүхдэдээ үйлдлээрээ үргэлж тусална гэдгээ мэдрүүлэх нь зүйтэй. Энэ насанд юм болгоныг барьж мэдэрч үзэх хүсэлтэй байдаг учраас аль нь болно, болохгүй гэдгийг ярьж ойлгуулах нь хамгийн чухал. Хэлж ойлгуулсан тохиолдолд тэр болгон биднээс зөрөөд байдаггүй. Мөн өсвөр насанд их эмзэг болдог. Энэ үед найз шиг нь илэн далангүй байгаарай. Сайн ярилцах хэрэгтэй шүү гэдгийг хэлж байгаа юм. Хүүхэд ээж, аавтайгаа ойр дотно ярилцаад ирэхээрээ дараа дараагийн асуудлууд нь амар хялбар болно.


Categories
мэдээ цаг-үе

Харьцангуй ерөнхий онолын гайхамшиг: Гравитацын долгион ба Хар нүх

Бид шинжлэх ухааны нэн сонирхолтой эрин үед амьдарч байна. Гуравхан жилийн өмнө буюу 2016 оны хоёрдугаар сарын 11-нд Америкийн Нэгдсэн Улсад байрлах LIGO төслөөс Гравитацын долгионыг шууд бүртгэж авснаа зарласан билээ. Харин энэ жил буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд Event Horizon Tele­scope төслийн багийнхан хар нүхний хамгийн анхны зургийг боловсруулснаа ил болголоо.

Гравитацын долгион болоод хар нүх нь Альберт Эйнштейний Харьцангуй Ерөнхий Онолоос шууд гарч ирсэн ойлголтууд юм. 1915 онд Эйнштейн өөрийн харьцангуй ерөнхий онолоо гаргасан бөгөөд энэ онолд масстай биеийн эргэн тойронд огторгуй-хугацаа мурийдаг гэсэн содон санаа агуулагдаж байлаа. Нэг ёсондоо харьцангуй ерөнхий онолын математик тэгшитгэлүүдийн илтгэж буйгаар аливаа масстай биес буюу матери нь огторгуй-хугацааны геометрт нөлөөлдөг, эсрэгээрээ огторгуй-хугацааны геометр нь аливаа биес буюу материйг хэрхэн огторгуй-хугацаагаар хөдлөхийг зааж байдаг болж таарав. Энэ нь ч мөн цаагуураа огторгуй-хугацаа гэдэг зүйл хөндий хий хоосон зүйл биш, харин яг л дэлгээд тавьсан давуутай адил, мурийж, сунаж, мушгирч, долгиолж байдаг гэсэн санааг давхар өгүүлж байлаа. Ньютоны механикаар бол масстай биесийн хооронд гравитацын хүч үйлчилж бие биесээ татлаа гэдэг бол Харьцангуй ерөнхий онолоор масстай бие огторгуй-хугацааг мурийлгаж, тэр мурийлттай огторгуйд өөр биес уг мурийлтаас үүдэн баригдаж байгаа гэсэн үг юм.

Эйнштейний Харьцангуй ерөнхий онолыг шалгахаар Английн астрономичид болох Артур Эддингтон болон Фрэнк Уотсон Дайсон нар 1919 оны нэгдүгээр болон хоёрдугаар саруудад Hyades-ийн бүлэг оддын жинхэнэ байрлалыг тогтоон, уг оныхоо тавдугаар сард нарны бүтэн хиртэлтийн үеэр хэд хэдэн зураг аван, судалж үзэхэд оддын байрлал жинхэнэ байрлалаасаа өөрчлөгдсөн байхыг ажиглажээ. Энэ нь нэг ёсондоо тухайн оддын гэрэл дэлхийд ирэхдээ нарны массаас үүдэн мурийсан гэдгийг илтгэж буй бөгөөд энэ үзэгдлийг гравитацын линзийн үзэгдэл гэдэг. Энэ бол харьцангуй ерөнхий онолыг баталсан хамгийн анхны туршлага байсан юм. Гэхдээ уг онолыг батлах хамгийн том баталгаанууд нь гравитацын долгион болоод хар нүх юм.

ГРАВИТАЦЫН ДОЛГИОН

Масстай бие огторгуй-хугацаагаар хөдлөхөд үүний үр дүнд огторгуй-хугацааны мурийлт ч өөрчлөгддөг. Зарим онцгой тохиолдолд хурдатгалтай хөдөлж буй биет хөдлөхөд огторгуй-хугацааны мурийлтанд өөрчлөлт орж, уг өөрчлөлтийн хөдөлгөөн нь гэрлийн хурдаар долгион байдлаар тархдаг. Яг л усанд чулуу шидэхэд долгион үүсдэг шиг. Уг тархалтыг гравитацын долгион гэдэг. 1916 онд Альберт Эйнштейн гравитацын долгион байх ёстойг өөрийн Харьцангуй Ерөнхий онолоороо харуулсан ба Эйнштейний тэгшитгэлийн шийд нь долгион тэгшитгэл хэлбэртэй бөгөөд үүнийг батлах туршилгын үр дүн дутаж байсан юм.

LIGO ТӨСӨЛ

Гравитацын долгион маш сул хэмжигдэхүүн бөгөөд зайнаас урвуу хамааралтай буюу холдох тусмаа улам сулардаг. Гравитацын долгион маш сул учраас түүнийг мэдрэх маш нарийн мэдрэгч, мөн асар том үүсгэгч шаардлагатай. Тийм үүсгэгчид бол хар нүх, нейтрон од, суперновагийн дэлбэрэлт зэрэг сансрын хамгийн хачирхалтай биетүүд, тэнд явагдах үзэгдлүүдээс гарах боломжтой юм. Ийм нарийн долгионыг бүртгэх бүртгэгч нь LIGO буюу Лазер Интерферометрээр Гравитацын долгионыг ажиглах төв юм. LIGO төслийн үндсэн хоёр ажиглах төв нь Вашингтон мужид орших Ханфорд, нөгөө нь Луизиана мужийн Ливингстонд байрлах бөгөөд хоорондоо 3002 км зайтай буюу гэрлийн хурдтай дохио ойролцоогоор 10 миллисекунд хурдаар туулах зайд оршино. Ингэж хоёр талд байрлуулдаг нь дохионы ирж буй чиглэлийг тодорхойлох боломжийг олгоно. Ажиглалтын төв тус бүрдээ тэгш өнцөгт L-хэлбэрийн 4 км урт интерферометрийн маш өндөр вакум хоолой, мөн толь болон лазерын туссан ба ойсон гэрэл нааш цааш нэвтрэх зам зэргээс бүрдэнэ.

LIGO- Лазер интерферометр нь хоёр юм уу түүнээс дээш тооны гэрлийг нийлүүлж интерференцийн үзэгдэл үүсгэх зориулалттай. Хэрэв нэг гэрлийн долгионы доод утга, нөгөө гэрлийн долгионы дээд утгатай тохирвол харилцан усталцах ба үүнийг устах интерференц гэдэг. Харин хоёр гэрлийн дээд утга давхцан илүү өндөр утгатай дохио болж гарвал үүнийг дэмжих интерференц гэдэг. LIGO–д лазер үүсгүүрээс гарч перпендикуляр хоолойгоор яван буцан ойж, бие биенээ устах интерференц үүсгэхээр тохируулагдсан байдаг ба үр дүнд нь фотодетекторт юу ч бүртгэгдэхгүй. Хэрэв гравитацын долгион явж өнгөрвөл, огторгуй-хугацааг агшааж, эсвэл сунгаснаар уг устгах интерференц эвдэрч, улмаар фотодетекторт фотон бүртгэгдэнэ.

2016 оны хоёрдугаар сарын 11-д LIGO төслийн эрдэмтэд LIGO интеферометрийн өндөр мэдрэх чадвар бүхий детекторын системийн тусламжтайгаар анх удаа гравитацын долгионыг бүртгэж авсан тухайгаа зарласан. Уг гравитацын долгион нь 1.3 тэрбум жилийн тэртээ нарнаас 29 ба 36 дахин их масс бүхий сансрын хоёр хар нүх нэгдэх үед үүсчээ. Үүгээрээ хар нүх байдаг гэсэн давхар шууд нотолгоо болсон юм.


ХАР НҮХ

Эйнштейний Харьцангуй ерөнхий онолын хамгийн анхны онцгой шийдийг 1916 онд Германы физикч Карл Шварцшильд олсон бөгөөд тэрээр хангалттай их масс, нягттай гэрэл хүртэл зугтаж үл чадах одны тухай анх таамагласан бөгөөд энэ нь хожмоо хар нүх гэж нэрлэгдэх зүйлийн эхлэл байлаа.

Шварцшильдийн шийдэд Шварцшильдийн радиус гэдэг хэмжигдэхүүн байдаг ба аливаа биес өөрийн Шварцшильдийн радиуст ороход тэр зүйл асар их гравитацын улмаас хэмжээсгүй цэг буюу сингуляр цэгт төвлөрч, хар нүх болох ёстой. Шварцшильдийн радиус гэдэг нь сансрын хурд гэрлийн хурдтай тэнцүү буюу аливаа гравитацын орноос зугтах хурд нь хамгийн багадаа гэрлийн хурдтай тэнцүү байж байж мултрах радиусын заагийг хэлдэг.Шварцшильдийн радиус нь массаас шууд хамаарч байдаг. Энэ нь масс хэдий чинээ их байх тусам уг радиус төдий чинээ их байна гэсэн үг юм.

ХАР НҮХНИЙ ҮҮСЭЛ БА АНГИЛАЛ

Одод бол асар их хий тоосонцроос бүрэлдсэн, ихэнхдээ устөрөгчийн атомоос тогтох асар их масстай тэнгэрийн эрхис юм. Оддын цөмд халуун цөмийн урвалж явагдаж, устөрөгчийн атомууд урвалд орж гели болдог ба ингэхдээ гэрэл, дулаан ялгаруулж, мөн бусад арай хүнд элементүүдийг үүсгэж байдаг. Оддын халуун цөмийн урвалаас үүссэн цацраг нь тэлж байдаг бол үүнийг оддын асар их массаас үүдэх гравитацын хүч тогтоон барьж байдаг. Тухайн одны цөмд хангалттай түлш буюу устөрөгч байгаа л бол од тэнцвэртэй байсаар л байна. Гэхдээ оддын амьдрах хугацаа гэж байдаг ба жишээ нь жирийн дундаж од болох манай нар 4.6 тэрбум жилийн настай бөгөөд устөрөгчийнхөө хагасыг аль хэдийнэ зарцуулчихсан. Манай нар цаашид таван тэрбум жил амьдрах настай гэсэн таамаг байгаа бөгөөд эцэст нь дэлбэрэн, эргэн тойрныхоо гаригуудыг залгих аварга улаан од болж, үүнийхээ дараа буцан агшиж цагаан одой од болно.Манай нарнаас хавьгүй том оддын хувьд цөмд нь байгаа асар их даралт болон температураас болж хүнд элементүүд үүсэх боломжтой болдог. Ингэж элементүүд үүссээр хамгийн сүүлд төмөр үүснэ. Бусад элементүүдтэй адилгүй нь төмөр нэгдэх урвалаас үүсэхдээ энерги ялгаруулдаггүй ба нэгэнт төмөр үүссэн л бол нэмэгдэж явсаар тодорхой утганд хүрэхэд, тухайн одны халуун цөмийн урвалаас үүсэх цацраг одны асар их гравитацыг эсэргүүцэж чадахгүйн улмаас одны цөм өөрөө өөр дээрээ унаж, харин одны гадаад давхраа нь супернова болон тэсэрдэг. Од тэсрэхэд үлдсэн цагаан одой од нарнаас 1.4 дахин их масстай бол бүх электрон нь атомын цөм рүүгээ унан протонтойгоо нэгдэж зөвхөн нейтроноос тогтох нейтрон од, эсвэл сингуляр цэг хүртлээ агшиж гэрэл хүртэл үл зугтаж чадах хар нүх болдог.

Хар нүхийг ерөнхийд нь эргэлтгүй тогтвортой хар нүх болон эргэлдэж буй хар нүх хэмээн хоёр хуваан авч үздэг. Эргэлтгүй тогтвортой хар нүхийг Шварцшильдийн хар нүх гэдэг. Ийм хар нүх нь байгаль дээр бараг байх боломжгүй бөгөөд идеал тохиолдол юм. Ийм хар нүх зөвхөн сингуляр цэг болон үзэгдлийн хаяавч зэргээс тогтоно. Эргэлтгүй хар нүхний хувьд зөвхөн тойрсон хуйлралын диск л харагдах ба үүний хамгийн дотоод хэсгийг хамгийн тогтвортой дотоод орбит гэдэг бөгөөд хар нүхний төвөөс Шварцшильдийн радиус хүртэлх зайг гурав дахин авсантай тэнцүү зайд байдаг.

Харин эргэлдэж буй хар нүхийг Керрийн хар нүх гэдэг бөгөөд Шинэ Зеландын математикч Рой Керр Эйнштейний орны тэгшитгэлд бас нэгэн шийд олсон ба уг шийд нь эргэлдэж буй хар нүхийг таамагласан. Эргэлдэж буй хар нүх нь байгаль дээр хамгийн түгээмэл хар нүх бөгөөд түүнийг үүсэхээс өмнөх од нь эргэлдэж байсан учир өнцөг момент хадгалагдах хууль /физикийн үндсэн хадгалагдах хуулиудын нэг/ ёсоор, хар нүх ч мөн эргэлдэх ёстой. Эргэлдэж буй хар нүх нь цагираг сингуляр, үзэгдлийн хаяавч, эргосфер, статик хязгаар зэргээс тогтдог. Эргосфер гэдэгт эргэлдэж буй хар нүх эргэн тойрныхоо огторгуй-хугацааг цугт нь чирч эргэлдэж байгаа хэсгийг нь хэлдэг. Харин статик хязгаар гэдэг нь эргосфер болон ердийн огторгуйн заагийг хэлдэг. Эргэлдэж буй хар нүхний хувьд хар нүх хэдий чинээ хурдан эргэнэ, хамгийн тогтвортой дотоод орбит нь үзэгдлийн хаяавч руу төдий чинээ ойртох болно.


EVENT HORIZON TELE­SCOPE (EHT)
ТӨСӨЛ

2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд Event Hori­zon Telescope төслийнхөн хар нүхний хамгийн анхны зургийг боловсруулснаа ил болголоо. EHT төсөл нь долоон жил үргэлжилсэн төсөл бөгөөд олон орны 60 институт, 200 гаруй эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн төсөл юм. Event Horizon Telescope гэдэг телескопийн систем нь дэлхийн найман газарт байрлах найман радио телескопуудаас бүрддэг.

Эдгээр ажиглалтын төвүүд нь very-long-baseline interferometry (VLBI) буюу маш урт баазлайн интерферометр гэдэг аргачлалыг ашигладаг бөгөөд энэ аргачлалаар найман байрлалд байгаа бүлэг телескопуудыг синхронд оруулж, дэлхийн өөрийнх нь эргэлтийг ашиглан дэлхийн хэмжээтэй аварга телескоп үүсгэсэн. Уг аргачлал нь EHT телескопийг 20 микро-арксекундын өнцөг нягтралтай болох боломжтой болгосон бөгөөд энэ нь Парисаас Нью-Йоркод байгаа сонинг уншиж болмоор өндөр нягтралтай гэсэн үг.

Ийм хүчирхэг телескопын системийн ачаар маш удаан хүлээсэн хар нүхний шууд нотолгоо болсон зургийг харах боломжтой болсон. Уг зурган дээрх хар нүх нь охины ордод байх аварга эллиптик галактикийн төвд байрлах супер хар нүх Messier 87 бөгөөд манай нарнаас 6.5 тэрбум дахин их масстай ба биднээс 55 сая гэрлийн жилийн алсад байгаа юм. Уг хар нүхний сүүдэр буюу харанхуй хэсэг нь хэмжээгээрээ манай нарны аймагтай дүйнэ.

Зургаас харахад харьцангуй ерөнхий онолын таамаглаж байсан хар нүхний сүүдэр хэсэг буюу төв хэсэгтээ байгаа бөгөөд харин гэрэл гарч буй хэсэг нь хар нүхэнд татагдсан асар их хий тоосонцроос тогтох хуйлралын диск маш хурдтай эргэлдсэнээс болж ялгарч буй цацраг юм. Зургийн нэг хэсэг нь илүү тод, нөгөө хэсэг нь бүдэг байгаа нь эргэлдэж буй хар нүхнээс үүдэн нааш цацагдсан асар хурдтай цацрагууд ийнхүү тодорч харагдаж байгаа юм.

Уг хар нүхний зургийн дата нь таван петабайт буюу 5×1015 байт хэмжээний асар их өгөгдөл бөгөөд үүнийг интернэтээр дамжуулах ямар ч боломжгүй учир хагас тонн гаруй хатуу дискэнд хуулан 2017 онд Германы Макс Планкийн Институт болон АНУ-ын Массачусетсийн Технологийн Институтэд тус тус аваачин суперкомпьютерээр хоёр жил гаруй боловсруулан нэгтгэж, ийнхүү хар нүхний хамгийн анхны зургийг хүргэж байгаа билээ.

Ингэж Альберт Эйнштейний Харьцангуй ерөнхий онол хоорондоо гурван жилийн зайтай хоёр ч том туршлагыг амжилттай даван гарлаа. Хамгийн гайхалтай нь энэ бүхэн тэртээ 100-гаад жилийн өмнө математик тэгшитгэлээс гарч ирсэн таамаглал байсан хэдий ч, үнэндээ бодит байдал болохыг бид одоо харж байна.

Физик технологийн хүрээлэнгийн Эгэл бөөм цөмийн физикийн салбар ЭШАЛ.Мөнхжаргал

Categories
мэдээ нийгэм

С.Баярцогтод холбогдох хэрэг хаагдаагүй, шалгагдаж байгаа гэв

Өнөөдөр зарим хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр С.Баярцогтын оффшорын хэрэг хаагдах гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тодруулбал, С.Баярцогтод холбогдох оффшорын хэргийг хаахаар прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээлжээ. АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа. Мөн түүнийг оффшор бүсэд их хэмжээний хөрөнгө байршуулсан гэх хэрэгт холбогдуулан давхар шалгаж буй юм.

Тэгвэл АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогтын хэрэг хаагдах гэж буй эсэх талаар“С.Баярцогттой холбоотой оффшорын хэргийг хаагаагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэсэн тайлбарыг өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Төл бойжилт 96.8 хувьтай байна

Оны эхэнд 29.7 сая эх мал тооллогдсон бөгөөд үүнээс 20.0 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байна. Энэ сарын 09-ны өдрийн байдлаар оны эхний нийт эх малын 66.0 хувь буюу 19 сая 694.8 мянган хээлтэгч төллөж 19 сая 120.7 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 96.8 хувьтай байна. Аймгаар авч үзвэл мал төллөлт: Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгууд 70-иас дээш хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 469.1 мянга болж оны эхний нийт малын 0.71 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлжээ.