Categories
мэдээ нийгэм

Монгол, Казахстаны бизнес уулзалт болно

Монгол, Казахстаны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай бизнесийн харилцааг хөгжүүлэх зорилгоор бизнес уулзалтыг МҮХАҮТ, БНКазУ-ын Аж Үйлдвэр, Дэд Бүтцийн Хөгжлийн Яам, Казахстаны Олон Улсын Худалдааны Танхим болон Казахстаны Бизнес Эрхлэгчдийн Үндэсний Танхим хамтран зохион байгуулж байна. Тус уулзалтад Казахстаны хүнс, хүнд машин механизм, техник угсралт, эмийн худалдаа, барилга, машин үйлдвэрлэлийн 11 компанийн 20 гаруй төлөөлөгч оролцох юм. Энэ удаагийн бизнес уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох ба дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч, эм үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжийг олгох бизнес уулзалт зохион байгуулна. Монгол, Казахстан улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаа юм. 2018 оны 11 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 63,7 сая ам.доллар хүрчээ. Үүнээс Казахстаны Монголд хийсэн экспорт – 65,1 сая ам.доллар, импорт – 2,6 сая ам.долларт хүрээд байгаа юм. Тус Улсаас Монгол Улсад экспортонд гаргадаг үндсэн бүтээгдэхүүнд тамхи 20.3, ариун цэвэр, эрүүл ахуйн бүтээгдэхүүн 19.1, угаалгын нунтаг, цэвэрлэгээний бодис 12.6, улаан буудай, хөх тарианы гурил 7.8, бусад хүнсний бүтээгдэхүүн болон газрын тосны бүтээгдэхүүн 4,1 хувь тус тус эзэлдэг байна. Харин манай улсаас импортлодог үндсэн бүтээгдэхүүнд ан амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, сүлжмэл хувцас эдлэл, мод, модон материал болон целлюлоз болон цаасан бүтээгдэхүүн ордог.

Холбогдох утас: +976 11312501, 88091112

Цахим хуудас: www.mongolchamber.mn

Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

Categories
мэдээ нийгэм

Нарны замын зорчих хэсэгт түр тулаасуудыг байршуулжээ

Замын цагдаагийн баруун урд уулзварын, гүүрэн гарцын дам нурууг цутгах ажил хийгдэж байгаатай холбоотойгоор Нарны замын зорчих хэсэгт түр тулаасуудыг байрлуулсан тул зорчигчид тус дам нурууны ажлыг дуустал холбогдох тэмдэг тэмдэглэгээ заалтуудаа баримтлан аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Замын цагдаагийн баруун урд уулзварын, гүүрэн гарц барих төслийн хөдөлгөөн зохион байгуулалт, орц гарц, газар чөлөөлөлт, замын өргөтгөлийн ажлуудыг хэлэлцэн шийдлүүдийг тодорхойлж, гүйцэтгэгч компани болон хариуцсан албан хаагчдад Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр,орлогч дарга Б.Индра нар үүрэг өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайд “Найзын яриа” өдөрлөг болно

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд “Найзын яриа” сэдэвт өдөрлөгийг Авлигатай тэмцэх газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна. Авлигатай тэмцэх газраас олон улсын аргачлалын дагуу “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г 21 аймаг, 9 дүүргийн 12-18 насны 10 мянга орчим хүүхдийг хамруулж, асуумжийн аргаар онлайнаар зохион байгуулдаг. Судалгааны дүнгээр монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин жил ирэх тусам буурсаар байгаа юм. Тиймээс хүүхдүүдийн дунд шударга ёсны зан үйл төлөвшүүлэх, үлгэр дуурайл үзүүлэх зорилгоор соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай бөгөөд энэ ажлыг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Хүүхдүүдэд шударга ёсны зан үйл төлөвшүүлэх, шударга ёсны үлгэр дуурайл бий болгох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулан Авлигатай тэмцэх газрын ажилтнууд “Найзын яриа” комикс номыг зохиож хэвлүүлжээ. Комикс номд ангийн даргаар сонгогдохын тулд ангийнхаа хүүхдэд мөнгө, бэлэг өгөх нь зөв үү, хаясан гар утас олбол эзнийг нь олж өгөх үү, шалгалтаа онц өгсөн хүүхдээ аав, ээж нь шагнах зөв үү, хүүхдүүд аав, ээжээсээ шударга ёсны үлгэр дуурайлыг хэрхэн авдаг вэ, шалгалтын үеэр хуулах нь багшийг хуурч байгаа явдал мөн үү, олон нийтийн газарт хүүхдүүд биеэ хэрхэн авч явах ёстой вэ гэх зэрэг дунд сургуулийн сурагчдад зориулсан шударга ёсны 10 өгүүллэг багтсан байна. Уг комикс номын агуулгаар хүүхэлдэйн кино бүтээсэн бөгөөд түүгээр дамжуулан соён гэгээрүүлэх ажлыг улам өргөжүүлэн зохион байгуулж байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Сүхбаатарын талбайд Монголын Хүүхдийн ордны дугуйлангийн авьяаслаг сурагчид жүжиг, дуу, хөгжмийн үзүүлбэр үзүүлэхийн зэрэгцээ Сурагчдын холбооны өсвөрийн лидер сурагчид “Би шударга хүүхэд” сэдвээр хөтөлбөр гаргаж оролцохоор бэлтгэж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн М.Энхболд ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриела Куэвастэй уулзав

Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны Ерөнхийлөгч Габриела Куэвастэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, 2018 оны нэгдүгээр сард Ханойд болсон Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы үеэр уулзаж танилцсанаас хойш Монгол Улсдаа дахин уулзсандаа баяртай байна хэмээгээд Монгол Улсын Их Хурлын дарга байхдаа 2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар албан ёсны хүсэлт тавьсныг минь хүлээн авч, энэхүү арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулах шийдвэрийг гарган, өөрийн биеэр хүрэлцэн ирж, чуулганыг удирдаж оролцсонд чинь сэтгэлийн талархал дэвшүүлье гэлээ.

Тэрбээр, үргэлжлүүлэн “ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хаалт дээр Таны хэлсэн үгийг анхааралтай сонссон. Хурал амжилттай болсон талаар, мөн Монгол Улсын Их Хурал, Монголын гадаад харилцааны байгууллагууд энэ хурлыг сайн зохион байгуулсан гэж үнэлж дүгнэсэнд тань талархаж байна.

Чуулганаас гаргасан төгсгөлийн баримт бичиг буюу Улаанбаатарын тунхагийг хэрэгжүүлэх талаар цаашдаа бүс нутгийн парламентууд анхаарал тавьж ажиллах байх. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэн ядуурлыг бууруулах чиглэлээр дэвшүүлж байгаа зорилт, байгалийн гамшгийн эсрэг улс орнууд хамтарч тэмцэх зэрэг тунхаг бичигт тусгагдсан асуудлыг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Их Хурал идэвхтэй, анхаарал тавьж ажиллана.

Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг амжилттай болгохын тулд Чуулганыг зохион байгуулах хорооны даргаар ажилласан Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан ихээхэн анхаарал тавьсныг дурдах нь зүйтэй.

Мөн ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НҮБ-ын холбогдолтой асуудлаар ажилладаг байнгын хороонд УИХ-ын гишүүн Н.Учрал, Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хороонд УИХ-ын гишүүн Н.Оюундарь нар тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа нь Олон улсын парламентын байгууллагад Монголын парламент ихээхэн идэвх чармайлттай ажиллаж буйн илэрхийлэл юм. Өмнө нь манай улсын парламентчдаас ийнхүү гурван хүн Олон улсын парламентын байгууллагад тэргүүлэгч гишүүнээр нь ажилласан удаа байхгүй.

ОУПХ-ны Хүний эрхийн хорооны шинэ удирдлагууд ирэх долоо хоногт манай төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар үнэн зөв үнэлэлт, дүгнэлт гаргах асуудалд анхаарал тавьж ажиллахаар манай улсад ирэх гэж байгаад талархаж байна.

Цаашдаа ОУПХ-ноос зохион байгуулах бүх арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал идэвхтэй байр сууринаас оролцоход УИХ-ын гишүүний хувьд бүхий л боломж, бололцоогоо дайчилж ажиллана” гэлээ.

ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриела Куэвас “ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Монгол Улсад маш амжилттай боллоо. Миний хувьд энэ нь шилдэг арга хэмжээнүүдийн нэг байлаа. ОУПХ аливаа арга хэмжээг зохион байгуулахдаа хүн хоорондын харилцааг чухалчилж, найрсаг дотно уур амьсгалыг бүрдүүлэхэд анхаарах ёстой юм байна гэдгийг Улаанбаатарт болсон энэ арга хэмжээнээс харлаа. Энэ сайхан жишгийг цаашид Ази, Номхон далайн орнууд гэлтгүй ОУПХ-ны гишүүн орнуудын түвшинд ч хэрэгжүүлэх ёстой юм” гээд ОУПХ, Монгол Улсын Их Хурлын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйг тайлбарлаж хэлсэнд талархлаа илэрхийлэв.

Үргэлжлүүлэн, Монголын парламент ОУПХ-д гишүүнээр элсээд 60 орчим жил болсон ч сүүлийн жил гаруйн хугацаанд ОУПХ-ны үйл ажиллагаанд онцгой идэвх чармайлт гарган оролцож буй нь таны Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа оруулсан хувь нэмэртэй салшгүй холбоотой. Цаашид идэвхтэй байгаа гишүүдийнхээ оролцоог улам нэмэгдүүлж ажиллаасай хэмээн тэмдэглэлээ.

Тэрбээр мөн, ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон ОУПХ-ны 137 дугаар чуулганаас ОУПХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдоход нь Монголын төлөөлөгчид дэмжиж ажилласныг хэзээ ч мартахгүй, санаж явдаг хэмээн талархлаа илэрхийлээд “Монгол, Мексик хоёр улс газар зүйн хувьд хол байрлалтай, өндөр хэмжээнд хамтын ажиллагаа хөгжөөгүй ч Та бүхний намайг дэмжсэн тэрхүү явдал бие биедээ итгэсэн итгэлийн илэрхийлэл болсон” хэмээлээ.

Хатагтай Габриела Куэвас ирэх зургаадугаар сарын 5-8-ны хооронд ОУПХ-ны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид Монголд ажиллахдаа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн илрүүлэлтээс гадна өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ардчилсан намын лидер хүн Төрийн ордонд амь насаа алдсан хэргийг анхааралдаа авч ажиллахыг тэмдэглэв.

Талууд энэхүү уулзалтаар Монгол-Мексик /Латин Америк/ хоёр улсын парламент хоорондын бүлгүүдийн харилцааг бэхжүүлэх, хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд зэргээр анхаарч, хүчин чармайлт гарган ажиллах талаараа санал солилцсон юм.

Габриела Куэвас “Монгол Улс надад маш их таалагддаг, гайхамшигтай сайхан орон. Монголыг Мексикт таниулахын тулд өөрийн чадах бүхнээ хийнэ” гээд “Мексикийн парламентын гишүүний хувьд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинэ шатанд гаргах асуудлаар Мексихийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдад зориуд цохон тэмдэглэж хэлнэ. Цаашид манай хоёр орон бие биенээ харилцан дэмжиж, хөгжих боломж байгаа гэж бодож байна” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Энхболд хатагтай Габриела Куэваст ажлын амжилт хүсээд Монголд дахин айлчлахыг ерөөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өдөр бүрийг тамхигүй өдөр болгохыг уриаллаа

2019 оны Дэлхийн тамхигүй өдрөөр тамхины хэрэглээ хүн амын уушигны эрүүл мэндэд олон замаар хохирол учруулж байгаад анхаарлаа хандуулж байна. Үүнд: Уушигны хавдар. Тамхины хэрэглээ уушигны хавдар үүсгэж, хавдартай гурван тохиолдол бүрийн нэгийг үхэлд хүргэж байна. Гэрт, ажлын байранд тамхи татах нь уушигны хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Тамхинаас татгалзах нь эрсдлийг бууруулж 10 жилийн дараа уушигны хавдраар өвдөх эрсдэл 50 хувиар бууруулна.

Амьсгалын замын архаг өвчлөл.Тамхи татах нь уушигны архаг бөглөрөлт өвчин үүсгэдэг гол шалтгаан юм. Уушигны салст бүрхэвчийг цочроож, шингэнээр дүүргэж амьсгалахад хүндрэл учруулдаг. Тамхины утаа уушигны хөгжлийг алдагдуулснаар тамхи татдаг хүмүүсийн дунд уг өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг. Мөн гуурсан хоолойн багтраа өвчинг хүндрүүлж, хөгжлийн бэрхшээлд хүргэдэг. Тамхинаас эрт татгалзах нь уушигны архаг бөглөрөлт өвчний явцыг удаашруулж, багтраа өвчний шинж тэмдгийг багасгах хамгийн үр дүнтэй арга юм.

Амьдралын явцад нөлөөлөх нь. Жирэмсэн эмэгтэй тамхи татах, дам тамхидалтад өртөхөд урагт нөлөөлж уушигны өсөлт, үйл ажиллагааг алдагдуулдаг. Бага насны хүүхдүүд дам тамхидалтад өртснөөр гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, уушигны үрэвсэл, уушигны доод замын болон амьсгалын доод замын халдварт өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Жил бүр дэлхийд 165 000 хүүхэд 5 нас хүрэхээсээ өмнө тамхитай холбоотой амьсгалын доод замын халдварын улмаас нас барж байна. Бага насандаа амьсгалын доод замын халдвараар өвдөх нь насанд хүрээд уушигны архаг бөглөрөлт өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Сүрьеэ өвчин нь уушгийг гэмтээж үйл ажиллагааг бууруулдаг. Тамхины найрлаганд ордог химийн бодисууд 4 хүн тутмын 1-д тээгдэж байдаг сүрьеэгийн далд халдварыг сэдрээдэг байна. Тамхи татах нь идэвхитэй хэлбэрийн сүрьеэг идэвхижүүлж амьсгалын дутагдалд оруулдаг. Агаарын бохирдол. Тамхи нь агаарын дотоод бохирдлыг хамгийн их бохирдуулагч. 7000 химийн нэгдэл агуулдагаас 69 нь хорт хавдар үүсгэдэг. Утаа нь үнэргүй, харагдахгүй байж болох ч 5 цаг байхад л уушигны үйл ажиллагааг алдагдуулж, архаг өвчин хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг.

Кампанит ажлын гол зорилго:

Уушигны эрүүл мэндийг сайжруулах хамгийн үр дүнтэй арга зам бол тамхины хэрэглээ, дам тамхидалтад өртөлтийг бууруулах юм. Нийт хүн ам, түүний дотор тамхи татагчдын дунд тамхи уушгинд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдлэг зарим орнуудад доогуур байна. Уушигны эрүүл мэндэд тамхи хортойгоос гадна уушгины эрүүл мэндийг сайжруулахад тамхины хэрэглээнд хяналт тавих боломж хязгаарлагдмал хэвээр байна.

Кампанит ажил нь хүн амын ойлголтыг дараах чиглэлээр нэмэгдүүлнэ.

✔ Тамхидалт, дам тамхидалтаас үүсэх эрсдэл

✔ Уушигны эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө

✔ Тамхинаас үүдэлтэй, амьсгалын замын архаг өвчин, уушигны хорт хавдрын өвчлөл, нас баралтын цар хэмжээ

✔ Тамхины хэрэглээ, сүрьеэгийн нас баралт хоорондын холбоо

✔ Насны бүлэг бүрт тамхины үзүүлэх хор хөнөөл

✔ Уушигны эрүүл мэнд нь эрүүл мэнд, сайн сайхан байдалд нөлөөлөх чухал ач холбогдолтой

✔ Тамхичдын уушгины эрүүл мэндэд учрах эрсдлийг багасгахын тулд олон нийт, засгийн газрууд руу чиглэсэн хэрэгжихүйц арга хэмжээ авах

Тамхины хэрэглээ нь тамхи татдаг, татдаггүй бүх хүмүүсийн уушигны эрүүл мэндийг алдагдуулагч гол эрсдэлт хүчин зүйл юм.

Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхийн тулд 2030 он гэхэд ХБӨ-ний эндэгдлийн гуравны нэгээр буурах зорилтыг хангах, тамхины хяналтыг дэлхий даяар төр засаг, олон нийтийн өмнө тэргүүн эгнээнд эрэмбэлэх ёстой. Одоогийн байдлаар энэ зорилтод дэлхий нийтээр хүрч чадахгүй байна. Улс орнууд ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийг бүрэн хэрэгжүүлж, тамхины эрэлтийг бууруулахад чиглэсэн хамгийн үр дүнтэй тамхины хяналтын бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх MPOWER-ийг хэрэгжүүлэх замаар тамхины тархалтад хариу өгөх ёстой. Эцэг эх, иргэн бүр өөрсдийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийг тамхины хор хөнөөлөөс хамгаалах ажлыг дэмжин ажиллахыг уриалж байна.

Categories
гадаад мэдээ

Будапештэд жуулчны завь осолдож долоон хүн живжээ

Өчигдөр орон нутгийн цагаар 22:00 цагийн үед Унгарын нийслэл Будапешт хотын дундуур урсдаг Дунай мөрнөөр аялж явсан жуулчны завь өөр усан онгоцтой мөргөлдсөний улмаас осолджээ.

Осол Будапештын төвд, Элизабетын гүүрний ойролцоо болсон аж.

Завин дээр нийт 33 жуулчин явсан бөгөөд есөн гэр бүлийн, 40-50 насны голдуу хүмүүс, мөн нэг хүүхэд байжээ. Тэдний ихэнх нь Өмнөд Солонгосын иргэд байснаас долоо нь живж, 19 нь сураггүй болсон байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин тусгай аврах багийг өнөөдөр өглөө Унгарын нийслэл рүү илгээжээ.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Сурагчдад Халх голын байлдааны үнэ цэнийг ойлгуулах тойрон аялал зохион байгуулж байна

Сурагчдад Халх голын байлдааны үнэ цэнийг ойлгуулах Тойрон аялал зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Дуурсах он жилүүд” ТББ хамтран Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтаж, Улаанбаатар дахь түүх дурсгалын газруудыг түшиглэн Халхын голын байлдааны талаарх өсвөр үеийнхний түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, Монгол, Зөвлөлтийн дайчдын баатарлаг гавьяаг мөнхжүүлэх, сурагчдын эх орноо хайрлах хүмүүжил төлөвшлийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр “Халхын гол тандаа баярлалаа” тойрон аяллыг Монгол дахь Сингапур ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байна.

Тойрон аяллын нээлт Зайсан толгой дахь “Хувьсгалт Монгол” танкийн бригадын дурсгалын хөшөөний дэргэд боллоо. Энэ үеэр тойрон аяллын зорилго, хөтөлбөрийг танилцуулж, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөв. Эндээсээ Монгол Улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн хөшөө, Монгол цэргийн музей, Офицеруудын ордны өмнөх Монгол Улсын баатар, хурандаа Л.Дандарын дурсгалын хөшөө, Маршал Г.К.Жуковын дурсгалын гэр музей гэсэн маршрутаар тойрон аялал үргэлжлэх аж.

НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, дэд хурандаа Т.Мөнхбаяр хэлсэн үгэндээ “Энэ онд Халхын голын байлдааны 80 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/350 дугаар захирамж гарсан. Захирамжийн дагуу Халх голын байлдааны ойг тэмдэглэх төлөвлөгөө гарч, ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Халх голын байлдааны үнэ цэнийг ойлгуулах, Улаанбаатар хотод байгаа түүхийн дурсгалт газруудаар аялуулах ажлыг зохион байгуулж байна. Цаашид бид байлдаанд оролцсон ахмад дайчдынхаа ар гэрт нь очиж, хүндэтгэл үзүүлэх, мөн их, дээд сургуулийн оюутан залууст Халх голын байлдааны үнэ цэнийн талаарх лекц, сургалт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулна” гэсэн юм.

Сурагчид өнөөдрийн бидний энэхүү амар тайван амьдрал ямар их үнэ цэнээр олдсоныг, эх орныхоо төлөө амиа хайрлахгүй тулалдсан дайчдын баатарлаг гавьяаг ойлгон мэдэж, түүхийн мэдлэгээ арвижуулсан дурсамж дүүрэн аялал болно хэмээн нээлтийн үеэр зохион байгуулагчид ярьж байв.

Categories
мэдээ нийгэм

Монгол хүү Америкийн “Nickeledon” телевизийн шоунд тоглоно

Америкийн “Nickelodeon” телевиз 1994-2005 онд гаргаж байсан, алдарт “All that ” инээдмийн шоугаа сэргээн зарлаж, 12-15 настай, комедид сонирхолтой 20 мянган хүүхдийг өрсөлдүүлжээ. Энэ өрсөлдөөнд Чикаго хотод амьдардаг монгол хүү Сэргэлэнгийн Чингүүн тэнцсэн байна.С.Чингүүн “All that ” шоуны албан ёсны жүжигчний эрх авсан нь, зөвхөн Монгол төдийгүй Азийн орнуудын төлөөлөл болж байгаа аж. Тэрээр ширүүн өрсөлдөөн дундаас тодорч шалгарсан авъяаслаг Рийс Кадделл, Габриэл Грийн, Натан Жанак, Кейт Годфри, Райн Алесси, Лекс Лампкин нарын хүүхдүүдтэй инээдмийн хөтөлбөрт тоглох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Хэргийг шалгахад гаднын нөлөө, дарамт шахалт үзүүлж байгаа тухай мэдээлэл надад ирээгүй

Related image

Ардчилсан намын дэд дарга агсан Г.Батхүү амиа алдсан хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс дарамт, шахалт ирж байгаа гэх мэдээлэл байгаа гэдэг. Тэгвэл энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Энэ хэргийг шалгаж байгаа газар нь мэдээлэл хийлээ. “Ном журмаараа шалгагдаж байгаа. Хэргийг шалгахад гаднын нөлөө, дарамт шахалт үзүүлж байгаа тухай мэдээлэл надад ирээгүй. Шинжилгээний хариу бага зэрэг удах байх. Энэ шинжилгээний хариу гарахад тодорхой хугацаа байдаг. Надад ямар нэг байдлаар дарамт, шахалт ирсэн зүйл байхгүй” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа

УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын таван гишүүн өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав.

Төсөлд хуулийн зорилгыг жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зэрэг хэмжиж болохуйц байдлаар томьёолсон байна. Мөн тэдгээрийн ангиллыг тодорхой болгож, иргэд хөдөлмөр эрхлэлтээ өргөжүүлэн компани, хоршоо байгуулах замаар жижиг дунд бизнесийн дэмжлэгт хамрагддаг байх зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгасан байна. Мөн одоо хэрэгжиж буй хууль дахь тунхаглалын шинжтэй жижиг, дунд үйлдвэрийн дэмжлэгийн талаарх бодлого, үндсэн чиглэлийн талаарх заалтуудыг өөрчлөн найруулж, хуулийн үйлчлэх хүрээг нарийвчлан тогтоож, ажил олгогч нарын ажлын байр шинээр бий болгох сонирхлыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан болохыг Ж.Ганбаатар гишүүн танилцуулав. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, уг хуулийн үйлчлэлд хамаарч буй аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд 1 удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг байхаар төсөлд тусгажээ. Мөн жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулахаар төвлөрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн борлуулалтыг дэмжихтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.

Үргэлжлүүлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж тогтоолын төслүүдийг бүхэлд нь баталлаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгажээ.

Дээрх зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцын түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна хэмээн тооцсон байна.

Уг тогтоолын төслийг байнгын хорооны саналаар бүхэлд нь баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 64.3 хувийн саналаар батлагдлаа.