Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн гэмтэл согогийн тасгийг бүрэн засварлав

1991 онд Гэмтэлийн эмнэлэг ашиглалтад орсоноос хойш нэг ч удаа засвар хийгдээгүй хүүхдийн тасагт өнгөрсөн жил тус төвийн эмч нар салбарын сайдад засвар хийх шаардлагатай болсноо танилцуулсны үр дүнд сайдын багцаас хөрөнгө гаргаж 40 хүүхдийн ортой тасагт бүрэн засвар, тохижилт хийжээ. Сүүлийн үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, ор дэр гээд бүх зүйлийг цоо шинээр шинэчилж өгсөнд эцэг эхчүүд баярлаж талархаж байна.

Уг баярт үйл явдалтай зэрэгцэж үндэсний “ТОДИ” живх үйлдвэрлэдэг компанийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэмтэл бэртэл авч уг тасагт хэвтэн эмчлүүлж буй амьжиргааны түвшин доогуур, боломж тааруу хүүхдүүдэд живхны жилийн хэрэгцээг хангаж буйгаа энэ үеэр илэрхийлэв. Мөн юнивишин компаниас хүүхдийн сувгуудаа хөнгөлттөй үнээр бүх өрөөнд байршуулж өглөө.

Уг хоёр компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ийм үйлчилгээ үзүүлсэнд ГССҮТ-ийн хамт олон болон эцэг эхчүүд баяртай байна. Хөдөлгөөнгүй эмчилгээтэй хэвтдэг хүүхдүүдэд хүссэн хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг нь үзэх боломжийг хангаж өгч байгаа юм.

Гэмтэлийн эмнэлэгт тусламж үйлчилгээ авахаар ирж байгаа хүмүүсийн 30-40 хувь нь хүүхдүүд байдаг. Өдөрт уг тасгаар дунджаар 150-160 хүүхэд ирж тусламж үйлчилгээ авдаг байна. Тиймээс дээрх хүүхдийн тасаг ачаалал ихтэй байдаг учраас засвар хийх шаардлагатай байсан юм.

Монгол улсын хэмжээнд хүүхдийн гэмтэл болон согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орчин үеийн мэс заслын болон эвийн аргыг олон улсын эмчилгээний стандартын дагуу чанарын өндөр түвшинд үзүүлдэг. Тус тасагт ажиллаж байгаа эмч, сувилагч нар АНУ, ЯПОН, БНСУ, ФРАНЦ улсад мэргэжил дээшлүүлэн суралцаж, хүүхдийн гэмтэл согогийн нарийн мэргэжлийн тэргүүлэх болон ахлах зэрэгтэй эмч нар ажилладаг. Хүүхдийн тулгуур эрхтний гэмтлүүд, төрөлхийн болон олдмол согогуудыг эвийн болон мэс заслын аргаар эмчилж байна.

Мөн салбарын Сайд энэ өдөр тус төвийн Өдрийн эмчилгээний үйл ажиллагаатай танилцлаа. Өдрийн эмчилгээ нь ачаалалтай үед шууд тасагт шилжиж орохгүйгээр өдөртөө эмнэлгийн тусламж үйлчилгээгээ аваад явах боломжийг бүрдүүлсэн байгаа юм.

Согтуу хөлчүү гэмтэж бэртсэн гээд хүмүүст үйлчилдэг хэдий ч тусламж үйлчилгээ үүднээсээ эхэлж өнгө зүс нь сайжирч, орчин нөхцөл, эмч нарын чадвар ажилчдынх нь бусдад үзүүлэх харилцаа, хандлага, үйлчилгээний чанар хүртээмж өдөр ирэх бүр сайжирч байгаа.


Ер нь бол улсын эмнэлгүүдийн орчин нөхцлийг сайжруулах тал дээр Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас онцгой анхаарч, уялдаа холбоог хангаж ажиллаж байна.

Дашрамд дуулгахад, ГССҮТ-ийн баг хамт олон орон нутагт гэмтэлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж сайн туршлага, шинэ инновацийг орон нутгийн эмчилгээнд хүргэх зорилгоор Өвөрхангай аймагт 6 сар ажиллаж, тус аймгийн гэмтлийн эмч нарыг сургалтад хамруулж, чадавхжуулжээ. Түүнчлэн мэс заслыг аймгийн төвдөө хийх боломж нөхцлийг бүрдүүлж өгчээ. Ингэснээр иргэд нийслэлийг зорих цаг хугацаа алдах, зардлыг бууруулах боломжтойгоос гадна орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулж байгаа юм. Цаашид тус төвийн эмч нарын баг 21 аймагт зургаан сарын хугацаатай ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

​“Хүүхэд буруугүй” сэдэвт мэдлэг сорих тэмцээнд Дотоод хэргийн их сургуулийн баг түрүүллээ

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Дотоод хэргийн их сургууль хамтран хууль зүйн их, дээд сургуулийн оюутан, суралцагчдын дунд “Хүүхэд буруугүй” сэдэвт мэдлэг сорих тэмцээнийг зохион байгууллаа. Мэдлэг сорих тэмцээний зорилго нь хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, хөндөгдсөн эрхийг сэргээх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах ажилд хууль зүйн их, дээд сургуулийн оюутан суралцагсдын оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй мэргэжлийн үйл ажиллагааг явуулах хандлага төлөвшүүлэхэд оршжээ. Тэмцээнд оролцсон багууд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлж, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, зөрчил үйлдэж, шийтгэгдсэн болон хүүхдийн эсрэг гэмт хэргийн гэрч, хохирогчхүүхдүүдэдтусламж, үйлчилгээ үзүүлж,эрх хууль ёсны ашиг сонирхлыг хангасан байдалд дүн шинжилгээ хийжөрсөлдөв. Энэхүү тэмцээнд Дотоод хэргийн их сургууль, Шихихутуг их сургууль, Их Засаг олон улсын их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг хууль зүйн дээд сургуулийн 6 багийн оюутан, суралцагчид оюун ухаан, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөсДотоод хэргийних сургуулийн “Гэрэлт Ирээдүй” баг тэргүүлж, тус их сургуулийн “Эрх зүйн хамелеон”,Монголын Үндэсний их сургуулийн “Арга билиг” багуудудаалжээ.Мөн Шихихутуг их сургууль, Их Засаг олон улсын их сургуулийн багийн ахлагч нарын илтгэлийг шилдгээр шалгаруулж, тусгай шагнал гардуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү Сүхбаатар дүүргийн 17,18,19,20-р хорооны хүүхэд багачуудыг баярлууллаа

Зун цагийн нээлт болсон хамгийн гэгээлэг баяр болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохиох гэж байна. Тэгвэл тус баярыг угтан уламжлал ёсоор НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү өөрийн сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүргийн 17, 18, 19, 20 дугаар хорооныхоо хүүхэд багачууддаа зориулан энэ сарын 29, 30-ны өдрүүдэд “Бяцхан парк” бүхий олон төрлийн тоглоом дээр үнэгүй, бүтэн хоёр өдрийн турш тоглох болон хөгжөөнт хөтөлбөрүүдээр бэлэг барьлаа.

Arslan.mn

Эдгээр өдрүүдэд хүүхэд багачууд нас насандаа тохирсон галт тэрэг, эргүүлт завь, агаарын бөмбөлөг гэх мэт олон төрлийн сонирхолтой хөгжөөнт тоглоомоор наадаж, өнгөт зураг нүүрэн дээрээ зуруулан, хүүхдийн тоглоомын төвд тоглох эрхээр шагнуулж цагийг зугаатай, инээд хөөр дүүрэн өнгөрүүллээ. Дээрх хороодын хувьд алслагдсан хороодод ордог төдийгүй тэр бүр хүүхдүүд баяраараа эцэг, эхчүүдтэйгээ хотын төв рүү орж тоглох боломж төдийлөн хомс байдаг билээ. Тиймээс гэрийнхээ ойр ах, эгч дүү, найз нартайгаа чөлөөтэй тоглож наадах боломжийг ийнхүү бүрдүүлж өгсөнд хүүхэд багачууд баяртай байлаа.

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэн н.Сүрэн:

Манай тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүүгийн хувьд жил бүр хүүхдүүдийг баярлуулж бяцхан парк ажиллуулдаг. Энэ нь ч уламжлал болсон. Хүүхдүүд баяр дөхөөд ирэхээр л хүүхдийн тоглоомууд хэзээ ажиллах юм бол гэж асуудаг юм. Энэ жилийн хувьд хүүхдүүдэд тохиромжтой олон тоглоомууд байна. Алслагдсан дүүргийн хувьд хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байдаг. Хүүхдүүдэд зориулж энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

Сүхбаатар дүүргийн 20-р хорооны иргэн н.Батбаяр:

Би дүүтэйгээ, найзуудтайгаа хамт тоглож байна. Бид хэд өнөөдөр нүүрэн дээрээ үлгэрийн баатруудыг зуруулсан. Бид бүгдээрээ баяртай байгаа. Удахгүй болох хүүхдийн баярын мэндийг нийт хүүхдүүддээ хүргэж байна. Бидэнд зориулан ийм сайхан тоглоомоор тоглуулж байгаа хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Бас тоглоомын төвд тоглох эрхийг өгсөн. Энэ эрхээрээ хүүхдийн баяраар очиж ханатлаа тоглоно гэж бодож байгаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

-Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/;

– “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах шинжиндээ орлоо

МАН-ын дотоодын хагарал, тэмцэл ил далд өрнөсөөр сүүлдээ хөл толгойгоо олохоо байлаа. Хяналтын хороо нь гэнэт хуралдаж, шуугиантай шийдвэрээ танилцуулав. Энэ хурлыг намын дарга нь мэдээгүй. Хяналтын хорооны энэ шийдвэр нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах суурийг тавьчихлаа. Хяналтын хорооныхон ЖДҮ-чдийг хуулийн байгууллагаар шалгуулж, тэдний сахилга ёс зүйн тодорхойлолтыг ирүүл гэлээ. Энэ нь ЖДҮХС-гаас авсан мөнгийг ЖДҮ-чин гишүүдээр төлүүл гэчихсэн үг л дээ. Ням-Осорын Учрал, Ж.Энхбаяр хоёр л тэрбумыг бэлнээр нь аваачаад төлчихдөг байх. Мөнгөтэй хөрөнгөтэй улс тулдаа бүдрэлгүй өгчихсөн хэрэг. Бусад нь юу юугүй бэлнээр нь тэврээд очиход тийм ч амар биш. Энүүгээрээ ЖДҮ-чдэд буюу У.Хүрэлсүхийн талд кноп дараад байдаг нөхдөд шахалт үзүүлж буй хэрэг. Хэрэв ингэж шахалтанд ороод байвал эцсийн дүндээ амь хайран гэгчээр У.Хүрэлсүхийг хамгаалагчид өөрсдийгөө бодох хэрэг гарна. Мөн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир хоёрт улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, таван жил сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр ч У.Хүрэлсүхийг цочоосон нь гарцаагүй. Тиймдээ ч яаран намын бүлэг, Удирдах зөвлөл хуралдаж, Хяналтын хорооны шийдвэрийг хүлээж авахгүйгээр шийдэв. Энэ гэнэтийн үйл явдал У.Хүрэлсүхэд нэгэн дохио өгөв. Угтаа Бага хурлаас сонгогдсон Удирдах зөвлөл намын Их хурлаас гарч ирсэн Хяналтын хорооны шийдвэрийг өөрчлөх ёсгүй. Гэнэтийн цохилт үүгээр зогссонгүй, Ардчилсан нам У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах түмэн шалтгааны заримыг дурдаж, жагсаал цуглаан хийхээ мэдэгдлээ. Махны үнийн өсөлт, бензин, шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт, Оюу толгойн асуудлаас болоод хөрөнгө оруулалт зогсонги байдалтай байгаа, ипотекийн зээлийн зогсолт гээд дурдвал огцрох болзлууд хангагдаад байна. Харин манай Ерөнхий сайд уран цэцэн үг хэлж, халж, сольж, мөн ч их хийрхлээ. Олигтой гялайх юм хийсэнгүй. Энэ сиймхийгээр М.Энхболд руу гүйж очиж наалдаж байгаа улс цөөнгүй байна. М.Энхболд өөрөө яаж шахуулж ажил албаа өглөө. Хичнээн аядуу зөөлөн байлаа гээд том улс төрд тоглож байгаа хүн зүв зүгээр суугаад энэ бүхэнтэй эвлэрнэ гэж үү. Өөрийг нь шахаж унагахад хүргэсэн У.Хүрэлсүхийг өвдөг шороодвол М.Энхболд баярлана. Жаран тэрбумынхан нам дарагдчихаагүй нь өчигдөр Б.Хурцын суллагдсанаас харагдлаа. Прокурорын саналыг харгалзалгүй шүүх шийдвэрээ гаргаж л байна. За тэгээд У.Хүрэлсүхийн танхимын сайд нар нь эхнээсээ чих дэлдийлгэм тоотой авлигын асуудалд нэр холбогдоод эхэлсэн ч хэн гэдгийг нь зарлахгүй хаацайлаад л байна. Цаашлаад Ерөнхийлөгч өөрөөсөө хэд нугалсан өндөр рейтингтэй У.Хүрэлсүхийг сонгууль дөхөж байхад цаашид толгойг нь илж яваад байх уу. Чуулганы хуралдаан дээр УИХ-ыг өөрсдөө тарцгаа гэчихлээ. Энэ нь хоёр дахь удаагийнх нь шүү. УИХ тарна гэдэг чинь УИХ-аас томилсон Засгийн газар ч унах л ёстойг хэлээд байна. У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч хоёрын дөрөө тийм ч удаан нийлэхгүй биз. Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө л хоёр тийш харна. Одоо У.Хүрэлсүхийг хамгийн их зовоож байгаа бас нэг асуудал нь УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль. Гэнэт Хэнтийд очиж ажиллан сонгуулийн тойргийн сумдаар орж, төсвийн мөнгөөр хийх баахан бүтээн байгуулалт амлав. Яг энэ үеэр Цэц дээр иргэн Д.Ганхуяг гомдол гаргалаа. Д.Гантулгыг чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаагүй. Түүнийг нь УИХ хэлэлцэлгүйгээр Д.Гантулгыг чөлөөлсөн гэж Цэцэд хандав. Яг түүнтэй адил утга, үг өгүүлбэртэй хоёр ч гомдол бас Цэц рүү очсон байгаа юм. Цэц энэ сарын 27-нд энэ асуудлыг авч хэлэлцэх ёстой. Тэдний гомдлоор бол Д.Гантулга хүчин хийсэн тул чөлөөлж өгнө үү гэх байсан уу, эсвэл нам нь өмгөөлж хамгаалж үлдэх үү, эсвэл шившигтэйгээр гишүүнээсээ хөөгдөх байсан уу. Үүнийг нь үйл явдлаар нь УИХ хэлэлцэх хэрэг үү. Гантулгыг авч үлдвэл энэ УИХ ялангуяа олонх болох МАН охид бүсгүйчүүдийг хүчирхийлэх нь зөв гэж үзсэнээс ялгаагүй болох байлаа. Нөхөн сонгууль зургадугаар сарын 30-нд болохоор зарлагдсан энэ үед гэнэт яагаад Цэц рүү ижил утгатай гомдлууд очих болов. Хэрэв уг гомдлыг Цэц хүлээж авбал өнөөх нөхөн сонгууль юу болж таарахав. Хэрэв хойшлогдвол 2020 оны сонгуулиас өмнө жилд сонгууль болохгүй учраас нэгмөсөн нөхөн сонгуулийг болгохгүйгээр шийдэв үү. Цэцийн шийдвэр гомдлыг хүлээж аваад Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл Д.Гантулга дахиад гишүүн болох уу. Цаашид өргөдөл өгөөд гарсан хүмүүсийг энэ мэтчилэн оруулаад байх хэрэг үү. Уг нь У.Хүрэлсүх 2012 онд өөрөө өргөдлөө өгч байсан. Тухайн үед түмний нүдэн дээр УИХ-ын гишүүнийг цохиж унагасан. Энэ үйлдэл нь хуулиар шийтгүүлэхээс өөр замгүй болсон учраас заль гаргаж, гарцаагүй хүндэтгэх шалтгаан дурдсан өргөдөл өгч, нөхцөл байдлаас гарч чадсан. Яах аргагүй Хэнтийгээс сонгогдсон хоёр гишүүний ийм үйлдэл нь ойролцоо кэйс юм.

Чухам яагаад У.Хүрэлсүх нөхөн сонгуулийг болиулах гэсэн бол юуны учир байх вэ. Магадгүй АН-ын нэр дэвшигч судалгаагаар нэгээр гарч ирсэнтэй ч холбоотой байж болох. Нэгэнт ялагдах сонгуульд оролцож нэрээ баасдаж дээр нь АН-ыг бүлэгтэй болгох нь МАН-д тэр тусмаа У.Хүрэлсүхэд ямар ашигтай байхав. Тиймдээ ч нөхөн сонгуулийг явуулахгүй байх сонирхлоор ийм алхам хийв үү. У.Хүрэлсүхийн хувьд намын дарга болсны дараахь хамгийн анхны сонгууль бол 42 дугаар тойргийн нөхөн сонгууль. Энэ сонгуулийн үр дүн ямар ч прогноз, судалгаа, мэргэн түргэн хүний таавар таамаг хэрэггүйгээр 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлно. Улстөрчид, улс төрийн намууд бүү хэл улс төр сонирхдог бүх хүн анзаарч байгаа.

МАН энэ сонгуульд ялагдвал гарзтай. У.Хүрэлсүхийн айдас хүйдэс энэ бол яалтч үгүй мөн. МАН нөхөн сонгуулийг бярдаад явуулахгүй боллоо гэхэд явуулаагүйгээс илүү хохирол амсаж болох юм. Ямартаа ч У.Хүрэлсүх тайван амгалан биш байгаа. Түүний шударга ёсны сэлэм нь улс төрд л хэрэгтэй байгаа болохоос улс оронд сайнаар нөлөөлөх цавчилт хийхгүй л байна. Хэрэв Цэц иргэний гомдлыг хүлээж авчихвал УИХ Цэцийн шийдвэрийг яах вэ. У.Хүрэлсүхийн бас л нэг толгойны өвчин болно. Өрнөж байгаа үйл явц У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах шинжиндээ орчихлоо.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 31-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт “Туушин” зочид буудалд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын багийн ээлжит хурал болно. Утас: 91091898

09.30 цагт Чойжин ламын сүм музейд “Бүтээлч хүүхдүүд-2019” өдөрлөг болно.

10.00 цагт Баянгол дүүргийн Хөсөг трейд авто тээврийн техник үзлэг, оношлогооны хэлтэст “Хүүхдийн аюулгүй тээвэрлэлт” өдөрлөг болно.

10.00 цагт Үлэг гүрвэлийн төв музeйд Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн багачуудыг хамруулсан “Хөөрхөн зүрхнүүд” өдөрлөг, үлэг гүрвэл судлаач хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

10.00 цагт Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гана талбайд “Бяцхан хайгуулчид” номын өдөрлөг, зохиолчийн гарын үсэгтэй хямдралтай номын худалдаа эхэлнэ. Утас: 70115701; 95070769

11.00 цагт Төмөр замын дээд сургуулиаас Улаанбаатар палас хүртэл 1200 хүүхдийн ёслолын жагсаал алхана.

11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд хүүхдүүдэд хөдөлгөөн заслын эмчилгээ хийж, эцэг, эхчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгнө.Утас: 99931551

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Сүхбаатарын талбайд Монгол Улсад банк санхүүгийн салбар үүссэний 95 жилийн ойн өдөрлөг болно.

12.00 цагт С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 401-р анги буюу Хорих нэгдсэн эмнэлгийн ажилтай танилцаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзана. Утас: 80445234, 91662299

12:00 цагт “Имарт” худалдааны төвийн Чингис салбарын 5 давхарт “Тод ирээдүй” эх үрсийн баярын өдөрлөг болно. Утас 89119973

14.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл хуралдана. Утас: 99736124

16.00 цагт Соёлын төв өргөөнд Монгол Улсад банк санхүүгийн салбар үүссэний 95 жилийн ойн баярын хурал болно.

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Төрийн түүхийн музейд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Монголын ирээдүй-Миний ирээдүй” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнгийн нээлт болно.

10.30 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 91020880

Categories
мэдээ цаг-үе

Профессор Н.Лүндэндорж: Эрүүдэн шүүсээр байсан нь илэрснээр хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл алдарлаа

– ШҮҮХИЙН САЛБАРТ МИНИЙ БАГИЙН ХИЙСЭН АЖИЛ МӨДДӨӨ БАЛРАХГҮЙ. ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА –

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндоржтой ярилцлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа энэ үед түүнтэй хууль эрх зүйн орчин, тогтолцоо, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг олон асуудлаар ярилцсанаа хүргэе.


-Хууль, шүүхийн байгууллагын нэр хүнд шалдаа уналаа. нөгөө шинэтгэлийн үр дүн хаачсан бэ?

-Яасан ноцтой асуудлаар эхэлж байх юм. Сонсоход гашуун ч няцаах боломжгүй асуулт байна. Ард түмэн ингэж асуух эрхтэй. Шинэтгэлийн үр дүн муу байгаа нь олон хүчин зүйлтэй холбоотой. Дотоод, гадаад гэх мэт. Шүүхийн тухайд шинэтгэлээр их зүйл амжуулсныг би хаана ч хэлнэ. Би Ерөнхийлөгчид зургаан жилийн ажлаа тайлагнахдаа ч хэлсэн. Шинэтгэл хийгээгүй бол үүнээс долоон дор юм болох байсныг мартаж болохгүй. Ер нь шүүх нь туг болчихсон улсыг дэлхийгээс хайгаад олохгүй. Гэхдээ шүүхэд асуудал байгаа юу гэвэл байгаа. Өргөс авсан мэт засарна гэж бодох гэнэн хэрэг. Шүүх, банк хоёр нэг л эвгүй, эсвэл эерэг мэдээгээр унаж, босож байдаг. Банкийг нэг цуурхал дампууруулж чадна. Шүүгчийн нэг буруу үйлдэл бүхэл бүтэн шүүхийг донсолгоно. Ийм л эмзэг байгууллага. Одоо энэ мөн чанараа харуулж байна. Шүүхийг улстөрчид баллаж байгаа. Буруу хууль гаргана, урхидна, нөлөөлнө, дарамтална, эрх мэдлээ ашиглан боон хясна гэх мэтээр.

Шүүхийн хараат бус байдал хуулиас, нөөцөөс, өөрийн үйл ажиллагаа, хуулийн бусад байгууллагын зөв нийлэмжээс хамаардаг. Үүнийг бид одоо ч ойлгоогүй, эсвэл ойлгосон ч хүсэхгүй байна. Бид зөвхөн Шүүхийн өөрийн үйл ажиллагааг онцолж ярьдаг, шинэтгэлийг энд дангаар хийх гэж оролдсон.

Гэтэл хуулиудыг өөрчилсөн ч олигтой шинэтгээгүй, нөөцийг хангаагүй, харин улам борцолсон, хуулийн бусад байгууллагыг шинэчлээгүй үлдээсэн. Үүнээс болж цогц хийх ёстой ажил өрөөсгөл болсон. Хуулийн байгууллагад шинэчлэл цогцоор хийгээгүйн улмаас эрүүдэн шүүлт үргэлжилсээр, түүнийгээ нуусаар байсан. Тэр ил болонгуут хамтдаа бүгд унасан.Шүүх би хийгээгүй, цагдаа хийсэн гээд яах юм.Түүний цуглуулсан нотлох баримтыг үнэлж хэрэг шийддэг биз дээ. Ийм л юм боллоо. Үүнээс болж хууль шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэл алдарлаа. Эцэст нь улсын үндэс ганхаж байна. Улс төрд итгэхээ больж байна шүү дээ.

-Эрүүгийн хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлээ биз дээ?

-Шинэчлэл хийсэн боловч тэр нь гар гар дамжсаар сүүлдээ цогц шинжгүй, шинэтгэлийн амин сүнсүүд нь алга болсон. Олон зүйл дээр ухралт хийсэн. Хамгийн сүүлийн муу жишээ гэвэл, ухралт бол эрүүгийн хэргийг шүүхээс прокурорт буцаадаг болгочихлоо. Цөөнгүй жил судалж, ярьж, шүүмжилж байж зогсоосон. Шүүгчид дэмжиж, ойлгож байсан. Гэтэл эгзгийг олж сэмхэн ухраасан. Өнгөн тал нь хэргийн нарийн учрыг олох, хохирогчийн эрх ашгийг хамгаалах, ял шийтгэл гарцаагүй байх гэх мэтээр зарим шүүгч, улстөрчид тайлбарладаг.Тийм тал байгаа. Гэтэл дотор талд нь ноцтой асуудал нуугдаж байгааг хууль тогтоогчид олж хараагүй. “Тэвнийн чинээ нүхээр тэмээ шиг жавар орно” гэдэг шиг л юм болно доо. Энэ нүхээр хэрэг таргалж ч мэднэ, турж ч мэднэ. Цаана нь нөгөө л муу бүхэн цэцэглэнэ. Бас хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дуулиан байна. Ийм хууль баталснаас болоод авлигачдыг шүүх суллачихлаа гээд бөөн шүүмжлэл, бухимдал. Гэтэл тэр хуулийг шүүгч яалтай билээ.

-Прокурорын хуулийг бас шинэчилсэн шиг санана.

-Тэгсэн. Гэхдээ хуучин аргаар, байгууллагын тухай хууль хийсэн байналээ. Үйл ажиллагааны хууль болж чадаагүй. Хамгийн ноцтой нь социализмын үед зөвлөлт засагт байсан прокурорын ерөнхий хяналтыг бараг сэргээх шахсан байналээ.

Прокурорын байгууллага хуулийн байгууллагын тогтолцоонд онцгой байр эзэлдэг чухал институти. Гэтэл прокурорын хараат бус байдлыг энэ хуулиар бараг хөндөөгүй. Толгойд нь нэг хоосон лоозон байсан шиг санана. Уул нь энэ асуудал уг хуулийн амин сүнс байх ёстой л доо. Үүнээс болоод эрүүгийн шүүн таслах ажиллагаа хуулиар бус өөр юмаар явах бололцоо, нүх сүв нээгдэж байгаа юм. Гэтэл эрүүгийн шүүгчийн хараат бус байдлын угтвар нь прокурорын хараат бус байдал гэж дэлхий үздэг. Бид прокурорын хараат бус байдлыг босоо удирдлага гэдгээр нь хаачихдаг. Гэтэл олон улсад босоо удирдлагатай ч, прокурор нь хараат бус байх арга механизмыг олоод хуульчилж байна. Манайд байхгүй, мэдэхгүй. Дээд шатны прокурор чиглэл өгөхдөө заавал бичгээр, хуульд нийцүүлж өгнө. Тэр нь олон нийтэд ил тод байх тухай заалт манай хуульд байна уу гэх олон асуудал бий.

Цагдаагийн байгууллага олон нийтийн хэв журмыг сахиулах үүрэгтэй хууль сахиулагчид. Гэтэл шүүх дээр ирдэг эрүүгийн хавтаст хэргийн материалыг одоо хууль сахиулагчид бүрдүүлж байна. 2009 онд Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Алтанхуяг нэг зөвлөгөөн дээр “Бид цагдаагийн гарт байгаа, үүнийг өөрчлөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй” гэж хэлж билээ. Энэ одоо өөрчлөгдсөн үү. Прокурор хэрэг мөрдөх ажиллагааг хянадаг нэртэй ч гардан оролцоо маш бага. Ялын дүгнэлт бичихдээ хэргийн материалыг шүүгч шиг уншдаг байх жишээтэй. Үүний улмаас шүүхийн ажлыг цагдаа хийдэг гэж ярьдаг болсон. Зүй нь эрүүгийн хэргийг мөрдөн шалгадаг чиг үүрэг бүхэлдээ прокурорын мэдэлд байх ёстой. Үүний улмаас прокурорын байгууллагын бие даасан байдал, прокурорын хараат бус байдлын тухай ярьдаг. Энэ мэт хуулийн байгууллагын тогтолцоо, эрх зүйн зохицуулалтын оновчтой биш байдлаас өнөөгийн олон асуудал үүсч байгаа. Үүнийг засах оролдлого Тэмүүжинг сайд байх үед нэг босож ирээд тэгээд унасан, унтарсан. Одоо үүнийг боддог хүн алга. Харин эсрэг бодолтой хүмүүс олон байна. Тэгээд хоосон халаглаад, матрын нулимс унагаад байх жишээтэй. Мэдэхгүй байж болно, арга эвээ олохгүй байж болно. Хүсэл тэмүүлэл, зүтгэл, зөв санаа байх ёстой. Тэгвэл гарц дандаа л байдаг. Монголчууд бид юм зохиох хэрэггүй. Хүн төрөлхтний сайн туршлагыг олж мэддэг, түүнийг зөв нутагшуулах ухаан, боловсрол бидэнд дутаад байна. Хүн мэдлэг, мэдээлэл дутуу бол байгаа хуучин дээрээ л эргэлдээд байдаг. Сүүлдээ бүр коммунизмаа эргэн дурсаж санаж, ул болсон зүйлийг сэргээхэд хүрээд байна. Энэ бол дэлхийн хэмжээний мэдлэг, мэдээлэл дутуутай холбоотой. Коммунизмд хайртайдаа биш байх.

Эцэст нь хэлэхэд, шинэтгэлийг нийт хуулийн байгууллагын тогтолцоонд нь цогцоор хийгээгүй доголон, эрэмдэг зэрэмдэг болгосон нь шинэтгэлийн үр дүнд шууд нөлөөлсөн. Нөгөө талаас хууль шүүхийн байгууллагын хэрэглэдэг хуулиудыг өөрчилсөн ч, шинэчилж чадсангүй. Өөрчлөлт болгон шинэтгэл биш шүү. Уул нь анх цогцоор хийх санаа сэдэл, бодлого гарч эхэлсэн ч улстөрчид түүнийг зогсоосон. Шүүхтэй хамт хуулийн бусад байгууллагын шинэтгэлийн зэрэгцүүлэн хийгээгүй. Ухарсан, эргэж буцсан. Гэтэл шүүхийн шинэтгэлийг хуулийн байгууллагын тогтолцоотой нь, хэрэглэдэг хуулиудыг нь тогтолцоотой уялдуулж хамт хийхээс гадна хуулийн сургуулиудтай хамтад нь хийдэг юм байна..

-Энэ хавар шинэтгэлийн тухай бус, харин эрүү шүүлтийн тухай мэдээ нийгмийг цочроолоо. Юу яасан шинэтгэл гэж хүмүүс ярьж, асууж, бухимдаж байна.

-Асуулт зөв өө.Хаваржин эрүүдэн шүүлтийн тухай ярилаа. Улстөрчид өөрсдийн ажлын булхайгаа өөрсдөө гаргалаа. Энэ сайн хэрэг. Өөр хүн хэлбэл хүлээж авахгүй, харин ч оролдоод эхэлнэ. Мэхт мэхэндээ гэдэг билүү. Олон нийт анхааралдаа авлаа.Энэ бас л дээр хэлсэн шинэтгэлийг тогтолцоогоор иж бүрэн хийгээгүйтэй холбоотой. Энэ нь улстөрчдийн амбиц, төрөөс төрсөн тэрбумтнуудын захиалга байсан гэж ярьдаг. Үнэн байх. Хуулийн байгууллагын шинэтгэлийг зориуд зогсоосон шүү дээ. Эрүүдэн шүүлт хийсний хариуцлагыг шүүх хүлээхгүй гэлтэй биш. Хэн хийдгийг ард түмэн тэр болгон мэдэхгүй шүү дээ. Шууд биш гэхэд шүүх дам хүлээхээс өөр аргагүй.

Ер нь энэ эрүүдэн шүүлт Манжийн эзэрхийллийн үеийн есөн эрүү шүүлтээс нэр томьёо ч, үйлдэх арга ажиллагаа, санаа сэдэл нь тасралгүй өнөөдрийг хүрчээ. Гэтэл үүнийг таслан зогсооход хуулийн байгууллагын шинэтгэлийн зорилго оршиж байсан юм шүү. Гэтэл яагаад хуулийн байгууллагын шинэтгэлийг зогсоов гэсэн асуултыг ярихгүй байгаа билээ.

Хүний эрхийн үндэсний комиссын 18 удаагийн тайланг судалж үзвэл эрүү шүүлт тасралтгүй байсаар ирсэн юм билээ. Жишээ нь, 2006 оны тайланд хоригдож байсан хүнийг 5 см-ийн банзаар биеийн бүхий л газар цохиж, хөдөлж чадахгүй болохоор нь шалан дээр ус асгаж, нүцгэн биеэр хэвтүүлж, асгасан усандаа тог залгаж, гүйдлээр цохиулж, гялгар уут болон шүдний сойзны иш шатааж, нүцгэн бие дээр дусааж байсан тэр ул мөр одоо ч үлдсэн гэж бичсэн байсан. Тухайн үед би түүнийг уншаад зүрх зүсэгдэх шиг болж байв. Гэтэл энэ байдал одоо ч засагдаагүйг энэ хаврын үйл явдлууд гэрчиллээ. 2018 оны тайланд хилс хэрэг хүлээлгэх зорилгоор нэг иргэнийг шал долоолгож, толгой дээр гишгэж, баруун гарын долоовор хурууг бахиар хавчиж байгаад төмрөөр цохисон гэж хүний эрхийн комисст М.Э гаргасан гомдолдоо дурдсаныг тайланд оруулсан байналээ. Нөгөө Үндсэн хууль, хүний эрх, хууль ёс хаачив? Энэ бүхэн хуулийн байгууллагыг шинэтгээгүй, түүний буруу тогтолцоотой шууд холбоотой. Гэтэл тэдгээр тайланг УИХ хэлэлцээд засах үүргийг Засгийн газарт өгөөд л байсан. Засаагүй л байна. Тийм учраас хуулийн байгууллагын тогтолцоогоо дахин эргэн харах нь хүний эрхийн асуудал, монгол хүний амьд явах эрхийн асуудал болсон байна. Гэтэл эрүүгийн хууль тогтоомжоо саяхан шинэчилсэн байдаг. Бараг бүрэн хэрэгжүүлж амжаагүй шахам байгаа. Буруу, дутуу хийхийн гай, хор энэ. Тэгэхлээр эрүү шүүлт цаашдаа байх л болчихоод байна. Тогтолцоо засахгүйгээр шударга сайн хүн олоод засна гэх байх л даа. Тэр бол үлгэр. Зөв тогтолцоо, зөв чиг үүрэг, хяналтыг тогтоодог. Тэр зөв коридор буюу тогтолцоо хууль ёсыг сахиулах үндэс болдог. Амьдрал их л сургамж өгч байна даа. Үүнийг ухаарч авах оюун бодол, зориг, алсын хараа байна уу.

-Шүүгчийн хариуцлага муу байгаа талаар шүүмжлэл их өрнөж байна. Хариуцлагатай байлгах арга хэмжээг багц хуульдаа тусгаж чадаагүй юм уу?

-Хариуцлагатай байдлыг бэхжүүлэх талаар багц хуульд олигтой зохицуулалт оруулж чадаагүй нь үнэн. Тэр үед мэдлэг, мэдээлэл хомс байсан. Ганц Монгол бус дэлхий шүүгчийн хариуцлагыг 200 жил мартсан юм шүү. Одоо хариуцлага ярих цаг үнэхээр болсон. Хэтрээд байгаа юм бас бий. Цалин нэмсэн, түүнийг дагаж ажил албандаа хариуцлагатай ханддаг нэгэн байхад тэгэхгүй, тэгэх ёстой юм шиг ханддаг нэгэн бас байна. Шүүх, шүүгчийн хариуцлага гэхээр манайхан шүүгчид шийтгэл ногдуулах л гэж ойлгоод байдаг. Энэ бас тийм биш. Шүүгчийн хариуцлагатай байдал гэдэгт гурван бүлэг зүйл ордог. Нэгдүгээрт, шүүгчийн шийдвэр шүүхийн шат шатаар хянагдаж, хүчингүй болж, өөрчлөгдөж байгаа нь нэг хариуцлага мөн. Үүнээс шүүгч нэг мэдрэмж, зовиур, шаналал, сургамж авч байдаг. Хоёрдугаарт, шүүгч шийдвэрээрээ талууд, бусад эрх мэдэл, нийгмийн өмнө хариуцлага хүлээж байдаг. Сайн муугаараа цоллуулж, нүүрээ улаалгаж, нүдээ бүлтэлзүүлж байгаа хэрэг шүү дээ. Эндээс бас хүн юм чинь зовиур шаналал зэрэг нэг мэдрэмж авна. Ийм хоёр төрлийн буюу мэдрэмжийн хариуцлага хүлээж байгаа. Энэ хоёр манайд байгаа. Гуравдугаарт, сахилгын болон ёс зүйн хариуцлага хүлээнэ. Энэ манайд байгаа юу гэвэл байгаа. Харин үр нөлөө муу байгаа. Үр нөлөө муу байгаа ахиад л хууль тогтоомжтой холбоотой. Жишээ нь, сахилгын болон ёс зүйн хариуцлагыг хууль тогтоомжоор ялгаагүй, хариуцлага тооцох ёстой үйлдэл, эс үйлдэхүйг олж хуульчилж чадаагүй, шүүгчийн алдаа оноог олж илрүүлэх байгууллагад эрх хэмжээ, зөв процесс тогтоож өгөөгүй, шүүхийн хяналтын давс хужрыг хэтрүүлж, шүүх шүүгчээ хамгаалах аргыг хуульчлаад өгчихсөн, түүнийг нь Үндсэн хуулийн Цэц хүртэл давхар баталгаажуулсан гэх мэт түмэн буруу байгаа. Ингээд бодохоор хууль тогтоомжоос маш их зүйл хамаарч байгааг манай хууль тогтоогчид ойлгоосой. Өөрийн гэмийг өрөөлд тохоод байж болохгүй. Хууль тогтоомж санаачлахаараа холбогдох байгууллагаас санал авдаггүй, авсан нь түүнийг ажил хэрэгчээр судалж тусгадаггүй. Жишээ нь, би шүүхээс хэрэг прокурорт буцаах тухай хуулийн өөрчлөлтийг нэг сэтгүүлчээс сонссон. Шүүх, шүүгчтэй шууд холбоотой хуулийг өөрчлөхөд шүүхээс заавал албан ёсоор санал авна гэсэн олон улсын эрх зүйн хэм хэмжээ хүртэл бий шүү.

-Шүүхийн шинэтгэл цаашид тасралтгүй үргэлжлэх процесс байх л даа. Одоо эн тэргүүнд тулгамдсан, шийдлээ хүлээсэн зөвхөн нэг зүйлийг Та хэлэхгүй юү.

-Төсвийн хомсдол. Үүний хор уршиг маш их. Муу шийдвэр, үйлчилгээний доголдол, авлига гээд тоочоод байвал урт жагсаалт гарна. Шүүх ядуурах нь улсад аюултай. Үндэсний аюулгүй байдалд хортой. Эдгээр нь хоосон үзэл санаа, хэллэгийн жорган биш шүү. Бодитой юм. Сүүлийн таван жилд жил бүр хөрөнгө оруулалт О дүнтэй байсан шүү. Шүүхийн төсвийг ингэж удаа дараа хүрэлцэхгүй хэмжээгээр хуваарилахыг шүүх эрх мэдлийг зориуд хүчгүйдүүлсэн, үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийг зөрчиж, нийтийн ашиг сонирхлыг хөндөж, ардчилсан нийгмийн суурийг ганхуулсан гэж үзэж үндсэн хуулийн шүүхэд өгөх бололцоотой. Ийм практик дэлхийн улсуудад бий. Өөр одоо яалтай нь билээ.Улсын эдийн засгийн хүнд байдлыг бодож, жил бүр бас горьдож олон жил хүлээсэн. Одоо хүлээлт дууссан. Дээр нь сангийн сайд нь шүүхийн байрыг булааж авна гээд гүйж явна гэнэлээ. Энэ арай хэрээс хэтэрнэ. Үндсэн хууль зөрчиж байгаагаа тэр хүн мэдэхгүй байна. Мэдрүүлэх цаг ирнэ биз дээ. Одоо ингээд өөр сэдэв ярих уу. Буцах бүсгүйд үнээ тугал нийлэх хамаагүй гэгчээр одоо л нэг их юм ярьж гэнэ гээд амьтан хүн харааж загнаад байх байх.

-За тэгье дээ. Уул нь одоо л ам халж байсан юм. Тантай Үндсэн хуулийн өөрчлөлт, парламентын засаглалын талаар ярилцахаар асуулт бэлтгэсэн байгаа. Эхний асуулт нь парламентын тогтолцоо гэж дарга нар, ялангуяа Их Хурлын гишүүд их ярих юм?

-Сурах бичигт байдаг ойлголт. Сонгодог гээд л зарим нь ярьдаг. Юугаа л яриад байгаа юм бүү мэд. Ер нь Засгийн газрыг байгуулах, хариуцлага хүлээлгэхэд парламентын эрх мэдэл харьцангуй өндөр байдаг тогтолцоог хэлдэг. Гэхдээ Засгийн газрын тэргүүн, сайд нарыг толгой дараалан парламент томилдог тогтолцоо гэж ойлгож болохгүй. Манайд тэгж байгаа болохоор ерөөс тийм байдаг гэж ойлгодог хүн олон. Онол нь болоод нийтлэг практик нь тийм биш юм. Энэ бол манай тогтолцооны нэг том гажиг. Асуудал, бэрхшээлийн нэг шалтгаан энэ мөн.

-Яагаад тэр билээ?

-Засгийн газар чинь улс орныг удирдах үүрэгтэй. Энэ үйл ажиллагаанд багтахгүй юм гэж байхгүй. Цалин пүнлүү, сургууль, цэцэрлэг, зам харгуй, шинжлэх ухаан боловсрол гээд үргэлжилнэ. Хамгийн наад зах нь татвар төлөгчдөөс авсан мөнгөө улс орны тулгамдсан асуудлыг зэрэглэж, төлөвлөж, улсад хэрэгтэй, өнөөдөр ашиг тусгүй юм шиг атлаа ирээдүйд нийгэмд хэрэгтэй зүйлд зориулах эрх мэдэл засгийн газарт байх ёстой.

Гэтэл оруулсан төсвийг задлах эрхтэй, дуртай үедээ огцруулах боломжтой, толгой дараалан ам өчгөө өгөн байж томилогдсон томилгооны хараат байдал нь гүйцэтгэх эрх мэдлийг зоримог шийдмэг, асуудлыг алсыг харж, төлөвлөж шийдэх бололцоогүй болгодог. Жижиг мажоритар тогтолцооны эрх ашигт үйлчлэхээс өөр аргагүйд хүргэдэг. Гэтэл Адам Смит 220 жилийн өмнө Үндэстний баялаг зохиолдоо төр нийгэмд дээд зэргийн ашигтай, гэхдээ тухайн хүн эсвэл хэсэг бүлэг хүний зардлыг ашгаараа нөхөхгүй тийм олон нийтийн ажлыг

эрхлэн гүйцэтгэх ёстой гэж хэлснийг энэ урт хугацаанд хэн ч үгүйсгэж чадаагүй, харин ч хүлээн зөвшөөрч, ухаарч, хэрэгжүүлэхийг зорьж, Үндсэн хуульдаа санхүү- эдийн засгийн бүлэг нэмж чиг зүгээ гаргаж байна. Өөрөөр хэлбэл, хэн нэг этгээд ашиг тус олох зорилгогүй, тухайн нөхцөлд алдагдалтай байсан ч нийгмийн ач тус нь ямагт их байх бүтээн байгуулалтын ажлууд гэсэн үг л дээ. Ийм ажлыг Монгол Улс хийж чадахаа больсон.

-Тэгэхлээр манай улс дахь парламентын тогтолцоо асуудалтай байгаа хэрэг үү. Тэгвэл ямар байх ёстой юм ?

-Бид энэ асуудлыг олон жил бас муугүй судалсан. Эхний үед олон хүн ойлгодоггүй байсан. Одоо олон хүн ойлгодог боллоо. Түүний үр дүнд Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөл оруулах нэг үндэслэл үүнтэй холбогдож байгаа.

-Та Парламентын тогтолцоог Засгийн газар байгуулахад парламентын эрх мэдэл харьцангуй өндөр байдаг гэж дээр хэллээ. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

-Өндөр байна гэдэг нь Засгийн газрыг бүрдүүлэхэд парламентын олонхоос ерөнхий хамааралтай байна гэсэн үг. Бид шууд хамааралтай болгосон нь Засгийн газраа хүчгүйдүүлсэн. Хариуцлага хүлээх чадваргүй болгосон. Онолын хийгээд нийтлэг жишиг нь Ерөнхий сайдаа парламентаас тодруулдаг. Тодруулдаг гэдэг нь сонгодог, томилдог эсвэл Ерөнхийлөгч нь томилдог гэсэн үг. Ерөнхий сайд нь сайд нараа томилж, чөлөөлдөг. Ерөнхий сайдыг огцруулах, парламент тарах хоёр харилцан уялдсан байх ёстой. Энэ нь парламентын тогтолцооны нэг чухал механизм. Тэгж байж засаг төр тогтвортой байдаг. Үүнийг одоогийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулж чадаагүй.

-Энэ юу гэсэн үг вэ. Тодруулахгүй юу?

-Ер нь аливаа улсын нэг зовлон бол Засгийн газраа хянах байдаг. Түүнд бодит эрх мэдлүүд их байдаг учраас зовлонтой. Хянах ч ёстой. Харанхуй бүдүүлэг, боловсролгүй хүмүүс сайд болбол бүүр ч хэцүү, үр дагавар их. Нөгөө талаас засгийн газар парламентаас “дам” төрсөн учраас засгаа эрхшээлдээ байлгах, дуулгавартай байлгах сонирхол парламентад бас бий. Энэ бол парламентын тогтолцооны бас нэг сул тал, зовлон. Тэр нь сонгуулийн, намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн том үг хэлээр илэрч, засаг руу анхаарал хандуулдаг. Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр ерөнхийдөө олон түмэнд таалагдах тал руугаа хэвийсэн байдаг нь нууц биш. Гэтэл Засгийн газар улсаа бодох уу, намын популист хөтөлбөрт захирагдах уу гэдэг сонголтод хүссэн хүсээгүй тулдаг. Улсаа бодоод зүтгэвэл парламентын олонх огцруулах эрсдэлтэй тул түүнээс хамгаалах институт нь Ерөнхийлөгч болдог. Хэрэв намаар явцуурч улсаа бодсон засгийг огцруулах гэвэл Ерөнхийлөгч парламентыг тараах эрхээ эдлэх тул парламент хүсэл зоригоо татахаас өөр аргагүй болдог. Үүнийг л хэлээд байгаа юм. Манайд ийм механизм байхгүй учраас өнгөрсөн он жилүүдийн гашуун түүх үргэлжилсээр байна.

-Засаг тогтворгүй байгаа тухай олон жил ярьсан. Үнэндээ ч 1.9 жилийн настай байсан гэсэн судалгаа байгаа. Тийм учраас уг зохицуулалтыг нэмэлт, өөрчлөлтөд тусгах ёстой асуудал байсан юм биш үү?

-Уг нь тийм. Гэхдээ энд нэг асуудал бий. Тэр нь Ерөнхийлөгчийн институти төрийн эрх мэдлийн аль салаанд байх тухай асуудал манайд шийдэгдээгүй. Үндсэн хуулиас болон органик хуулиудаас хайгаад олохгүй. Одоо хэн ч мэдэхгүй. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог, түүний улмаас Ерөнхийлөгч өөр намаас, өөр мөрийн хөтөлбөртэй хүн сонгогдох бололцоотой. Тиймээс парламентын олонх Ерөнхийлөгч хоёр нэг бодлогод зангидагдахгүй байх бололцоотой. Нам дотроосоо Ерөнхийлөгч байсан ч болохгүй байсныг бид мэднэ. Тэр нь хүний асуудал биш, Тогтолцооны л асуудал байсан. Үүний улмаас засаг байгуулах, парламентын улс төрөөс засгийн газрыг хамгаалах бодит эрх хэмжээ ерөнхийлөгчид олгогдоогүй. Энэ шалтгаанаар дээр хэлсэн хяналт, тэнцвэрийн механизмыг хэрэгжүүлэх бололцоогүй байгаа.

-Энэ парламентын тогтолцоог шүүмжилдэг, Ерөнхийлөгчийн улс болох нь дээр гэсэн яриа хэлэлцүүлэг одоо ч байсаар л байна. Таны байр суурийг сонсъё.

-Зарим хүн сонгодог парламентын засаг гээд л ярьдаг юм билээ. Энэ бол буруу хэллэг болов уу. Мэргэжлийн бус яриа байх гэж боддог.Тохирсон улсдаа “сонгодог” болохоос ерөөс сонгодог загвар гэж байхгүй. Монголд хэр зэрэг тохирсон бэ гэж асуувал өөр хэрэг. Тохирно гэдэг нь олон намын хүчтэй, тогтвортой тогтолцоо бүрдсэн үү гэдэгтэй шууд холбоотой. Үүнийг дан тоон талаас харж болохгүй. Чанарын талаас харах хэрэгтэй. Тодруулбал, тэдгээр улс төрийн намын нийгмийн бааз хэрэг зэрэг ялгаран хуваагдсан, хэр зэрэг итгэл үнэмшилтэй болсон, тууштай дэмжих хандлага нь тогтвортой эсэх зэрэг шалгуураар харж болно. Олон намын хүчтэй, тогтвортой тогтолцоо нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог хүссэн хүсээгүй дагалдуулдаг. Пропорцианаль тогтолцоо парламентын улсын салшгүй шинж гэхэд бараг болно. Тэгж байж тэр намуудад хуваагдсан байдлаа парламентад оруулж ирж засаг төрөө барих утгатай.

Гэтэл Монголд 33 нам бүртгэлтэй атлаа сонгуульд орж, мандат авдаг нь хэд билээ. Дээр нь том намууд жижиг намуудыг сонгуулийн босгоор амь оруулах ямар ч сонирхолгүй. Пропорцианаль тогтолцоог авах бүү хэл холимог тогтолцоог авч үр шимийг хүртсэн атлаа манай улсын Үндсэн хуульд нийцэхгүй гээд Цэцээр дүгнэлт гаргуулчихсан. Тэгсэн атлаа дээр доргүй манай улс парламентын тогтолцоотой гэж ярьдаг.Байдал нэг иймэрхүү ороо бусгаа.

Гэсэн хэдий ч одоо энэ тогтолцоог өөрчлөх тухай бус мөн чанарыг зөв ухаарч засаж сайжруулахаас өөр арга үлдээгүй бизээ.Энэ тогтолцоонд давуу болон сул талын аль аль нь бий.

-Давуу тал нь юу байна?

-Ард түмнээс шууд мандаттай төлөөлөгчид төрийн бодлогод нөлөө ихтэй. Эрх мэдлийн төвлөрлөөс сэргийлсэн, үзэл бодлын уралдаан, олонх дахь цөөнхийн хяналт гээд сайн талууд бий. Дашрамд хэлэхэд шууд мандаттай гэдэг нь сонгогдох нь арга нь тойрог хэлбэртэй болохоос мандатын хүчин чадал нь улсын хил, хүн амаар л хязгаарлагдаг гэсэн үг. Үндсэн хуулийн 23.1-д УИХ-ын гишүүнийг ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гээд тойргийн төлөөлөгч биш шүү гэдгийг тодорхой заасан.Тийм учраас тэр тойргоос төлөөлөлтэй, төлөөлөлгүй гэсэн яриа байх ёсгүй гэж би боддог. Сул тал нь улс төрийн нам их хүчтэй. Төрийг булаачих гээд байдаг. Өмнө нь 70-80 жил булаалгасан. Одоо харин булаалгасан уу үгүй юу

-Таны бүрэн эрхийн хугацаа дуусч байна. Цаашид ямар төлөвлөгөөтэй байна?

-Хийх ажил зөндөө байна. Чөлөөнд гарсан ч Академик эрх чөлөөгөө эдэлж, дуу хоолойгоо гаргасаар байх болно. Гэхдээ цагийн юм цагтаа гэдгийг тооцож, залуу үедээ саад болохгүй байхыг бас хичээнэ. Судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа эрчимжүүлнэ. Их сургуульдаа лекцээ уншина. Мэдсэн, сурсан зүйлээ улс нийгэмдээ дамжуулна.

Шүүхийн ерөнхий зөвлөл 1993 онд байгуулагдаад есөн даргын нүүр үзсэн. С.Батдэлгэр нэг таван жил энэ албыг давхар хашсан. Бусад дарга нар нь зургаан сараас гурван жил хийсэн байдаг. Нямдорж нэг хоёр жил давхар хашсан. Би зургаан жил энэ албыг хашлаа. Итгэл хүлээлгэсэн шүүгч нар, үе үеийн төрийн тэргүүн нартаа талархаж байна. Шүүхэд сайн мөр үлдсэн гэдэгт огт эргэлзэхгүй байна. Сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц. Дашдондов гуай нэг номоо “Балтаар цохисон ч балрахгүй үнэн” гэж байдаг гэж нэрлэсэн шиг шүүхэд миний багийн хийсэн ажил мөддөө балрахгүй байх аа. Цаг хугацаа бас харуулна. Сошиалаар хараагчид бус шүүгч, шүүхийн ажилтан нар юу хийснийг, юуг хийж чадаагүйг илүү бодитой дүгнэнэ.

-Ярилцсанд баярлалаа.


Categories
мэдээ цаг-үе

Бидний мэдэхгүй Турк орон


Анкарагийн эртний шилтгээн цамхаг

АНКАРАГИЙН ЦАМХАГААС АМЬДРАЛ ӨӨР ХАРАГДАНА

Анкарагийн эртний цамхаг дээр гарахад хот алган дээр тавьсан мэт харагдана. Байшин барилга ирийтэл ар араасаа эгнэн зах хягзааргүй мэт алслан холдоно. Гэхдээ энэ хот дөрвөн сая гаруй хүн амтай. Хүн ихтэй хотуудаа бодвол цомхон цэмцгэр. Нүргэлсэн их чимээ шуугиангүй, замын түгжрэл ч бага айван тайван юм. Гудамжаар нь багтаж ядсан олон хүн лав харагдаагүй. Орон сууцны хорооллууд нь дөрвөөс таван давхар, жигдхэн улбар өнгийн дээвэртэй нь их содон харагдана. Дээрээс бол шоо дөрвөлжин улаан хорооллууд харагдах нь нэг нэгнээсээ ялгарах юмгүй.

Сүүлийн 10 жилд БНТУ эрчимтэй хөгжиж, зам, барилга байгууламж олноор барьжээ. Үүний бодит жишээ Анкарад тод харагдаж байна. Дээшээ харахад малгай унам өндөр шилэн цамхаг, худалдаа үйлчилгээний төвүүд шинээр үүдээ нээж, зарим нь хэзээ мөдгүй үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Тэнд сурч байсан оюутнууд “Биднийг сурч байх үеэс маш их өөрчлөгджээ. Олон сайхан барилгууд нэмэгдсэн байна, танигдахын аргагүй болж” гэж байв. Арваадхан жилийн доторх энэ өөрчлөлтийг “Турк үзэгдэл” хэмээн нэрлэдэг болжээ.

Анкарагийн эртний энэ цамхагт шилтгээн яг хэзээ баригдсан нь тодорхойгүй ч олон удаа сэргээн засч байжээ. Ямартаа ч эртний Анкара хотыг хамгаалах гол цайз байж. Одоо бол жуулчдын очиж сонирхдог гол газар. Цайзын орчимд одоо ч айлууд амьдарсаар байгаа бөгөөд гар урлалын жижиг эдлэлийг жуулчдад зориулан дэлгэн тавьсан харагдана. Турк эмээ, өвөө нар оросоор дажгүй ойлголцож наймаагаа хийнэ.

Хичнээн ч зууны түүх түүхийг өөртөө шингээсэн юм энэхүү цайз, шилтгээнээс өрнө зүгт харахад Турк улсын нийслэлийн гайхалтай гоёмсог өнгө төрх харагдана. Харин дөнгөж нөгөө тал руу нь өнгийхөд эртний хуучин хорооллын үлдэгдэл дурайна. Нэг давхар голдуу навсайж нэвсийсэн энэ жижиг хороолол ямар л бол ямар гэмт хэрэг гарч мэдэх газар болжээ. Орой үдэш бол ганц нэгээрээ явалтгүй гэнэ. Тэнд удахгүй шинэ хороолол босох бөгөөд ор мөргүй арчигдан алга болохоосоо өмнө хуучин ая зангаа тавихгүй оршин байна. Цамхагийн цаад наад талд хоёр өөр орчин, хоёр өөр амьдрал буцалж байна. Анкарагийн цамхагаас амьдрал өөр харагддаг нь ийм учиртай. Тун удахгүй энэхүү хуучин суурингийн буурин дээр гэрэлтсэн өндөр хороолол босох бөгөөд аль хэдийнэ оршин суугчид нь байраа орхин оджээ. Харин тэдний орон сууринг дийлэнхдээ дүрвэгсэд эзлэн суудаг байна. Туркт хуучин ийм орхигдсон байшингуудад Сирээс ирсэн дүрвэгсэд ирж орогнодог. Өдгөө Турк улс дэлхийд хамгийн олон дүрвэгсэд хүлээн авч байгаа улс болж байгаа бөгөөд Сирээс 3,8 сая дүрвэгсэд энэ улсад амьдарч байна. Үүнийгээ “Туркийн Засгийн газраас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж бөгөөд үүрэг хариуцлагаа гэж үздэг. Бусад улс орон биднээс үлгэр дуурайл авах ёстой” хэмээн албан ёсоор тайлбарладаг.


ӨВӨГ ДЭЭДСИЙН НУТГААС ИРСЭН ТА НАР МИНЬ…

Ийм үгс Туркэд олонтаа сонсож явлаа. Арга ч үгүй юм, монгол туркийн өвөг дээдэс түүхэндээ нэг газар нутагт амьдарч явсны ул мөр өдгөө ч хадгалагдан үлджээ. МЭӨ III зуунд хүчирхэгжин мандаж байсан Хүннү гүрний бүрэлдэхүүнд монгол, түрэг овог аймгууд байжээ. Хүннү гүрэн мөхөхөд нэг хэсэг нь баруун зүг нүүсэн нь түрэг аймгууд байв. Монголд үлдсэн түрэг аймгууд хүчирхэгжиж байсны ул мөрийг Орхоны хөндий дэх Билгэхан, Культегин, Налайх дахь Тонюкикийн зэрэг хөшөө дурсгалаас харж болно. Иймээс түүх, соёлын эртний холбоотой хэмээн туркүүд монголчуудыг ах дүүгийн холбоотой улс хэмээн тодотгон харилцдаг. Ер нь бүхий л зүйл дээр энэ харилцаагаа эрхэмлэдэг бөгөөд нэг үгээр хэлэхэд туркүүд монголчуудад тун элэгтэй.

БНТУ 1923 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 82 сая хүн амтай. Эдийн засгаараа дэлхийд 13, Европтоо тавдугаарт эрэмбэлэгдэж буй. Нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянган ам.доллар. “Их 20”-ийн гишүүн орон. Бүгд Найрамдах Турк Улс нь тив дамнасан зүүн Европ болон өрнөд Азийн улс юм. Газар нутгийнх нь ихэнх нь Ази тивд хамаарах ч Европын улс гэж явдаг. Грек, Болгар, Гүрж, Армен, Азербайжан, Иран, Ирак, Сири гэх найман улстай хиллэдэг. Мөн урд, баруун, хойд талуудаараа Газрын дундад тэнгис, Эгейн тэнгис, Хар тэнгисээр хүрээлэгджээ.

Жилийн дөрвөн улиралтай гэх ч хавьгүй дулаан уур амьсгалтай. Өдийд аль хэдийнэ зун болж, гүн ногоон өнгөнд умбажээ. Тэнгисийн зөөлөн чийглэг амьсгалтай болохоор ургамал мод ургахгүйн зовлонгүй, хаа сайгүй сагсайж багсайсан цэцэг навч, ой мод. Хэдий амар амгалан улс мэт харагдавч Курдын салан тусгаарлагчдаас эхлээд Сирийн хил орчимд асуудал, түгшүүр байсаар байна. Тиймээс аюулгүй байдлаа хангах,терроризмтэй тэмцэх нь улсын хамгийн чухал асуудал болж байна.

Монгол Турк улс 1969 оны зургадугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тун удахгүй 50 жилийн ойтойгоо золгох гэж байна. Монгол Улс нь гадаад бодлогынхоо хүрээнд БНТУ-ыг “гуравдагч хөрш” хэмээн үздэг. Туркүүд ч ТИКА буюу Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагаараа дамжуулан Монгол Улсын эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, дэд бүтэц гэх мэт олон салбарт 2004 оноос хойш нийт 45 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

ТИКА нь 58 оронд төлөөлөгчийн газартай бөгөөд хамгийн их ажил буцалж бужигнасан газар нь Монголынх хэмээн тодотгож байлаа. Учир нь оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд 35 төсөл хэрэгжүүлээд дуусч байгаа аж. Нэг төсөл дуусч дараагийнх нь тасралтгүй эхэлж байдаг бөгөөд аль салбарт юу хийх тухайд манайхаас санал авдаг юм байна.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Дашийн Оюунчимэг: Би люмпенпастухын уран зохиолч заяандаа баярлана

Зохиолч, яруу найрагч, орчуулагч Дашийн Оюунчимэгтэй уулзаж ярилцлаа.Тэрээр “Харанхуйн дуулал”, “Гэсгээгдэгсэд”, “Очирт уулын бичиглэл”, “Тэнгэрийн цаг болоогүй” зэрэг яруу найргийн болон тууж, өгүүллэгийн түүврүүд хэвлүүлж, “Ноён солиот” кино зохиол, “Агай” жүжгийн зохиолууд бичсэн. Утга зохиолын хорхойтнууд түүний орчуулгаар Исаак Зингерийн “Шоша”, Хорхе Луис Борхесийн “Зүүдний ном”, Милорад Павичийн “Салхины дотоод тал”, Хулио Кортасарын “Тоглоом дууслаа”, Венедикт Ерофеевийн “Москва-Петушки” зэрэг олон бүтээлтэй уншиж танилцсан. Мөн “Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын дээжис” цувралыг эрхлэн хэвлүүлж, роман, туужийн хэмжээний томоохон 36 зохиол, хүүхдийн үлгэр өгүүллэгийн 300 орчим бүтээл орчуулсан нь Монголын хүүхэд багачуудад оюуны том хөрөнгө оруулалт болсон юм.


-Та саяхан гурван ч романаа хэвлүүлсний баяраа тэмдэглэлээ гэв үү?

-“Тунгалаг хөх асар”, “Норгой” хоёр романыхаа нээлтийг “Азхур” номын их дэлгүүрт хийсээн. “Тунгалаг хөх асар” бол 2016 онд анх гарсан “Оройн ганц мод” романы хоёрдугаар дэвтэр юм. Хэдийгээр хоёрдугаар дэвтэр гэж нэрлэсэн ч зохиолын шууд холбоос бараг байхгүй. Хязгаар нутгийн ард түмэн өнгөрсөн зууны эхэн үед Ардын хувьсгалыг хэрхэн хүлээж авсан юм, хувьсгалаас зугтаад хил даваад нүүцгээсэн, эргэж буцаж орж ирсэн тэр амьдралыг үзүүлэх гэсэн санаатай зохиол л доо. Норгойн тухайд нэлээд эртнээс бодож явсан дүр. Өнгөрсөн жил амар хялбар эвлээд, ном болоод бичигдчихлээ.

-Хот гэдэг олон мянган хөлтэй аварга том аалз шиг юманд аж төрж буй Норгой хэмээх хүний дотор гэнэн хонгор, ухаалаг буурьтай зэрэг олон хүн зэрэг амьдарч байгаа нь сонин санагдсан шүү?

-Норгойн дотор зургаан дүр явж байгаа. Хүн гэдэг угаасаа нарийн анзаарч чадвал дотооддоо олон дуу хоолойтой, зөрчил бүхий этгээд. Заримд нь бурханлиг өгөгдөл давамгайлж, заримд нь чөтгөрийн санаа гүн биежсэнээс хүмүүсийг бид сайн, муу хэмээн ялгадаг. Гол баатрынхаа нэрийг би их удаан бодож байж олсон. Хоёр мянганы заагаар намайг сонинд ажиллаж байхад нэг хүн зохиол бичүүлэх санал тавьж байсан юм. Би тэр зохиолыг бичээгүй л дээ. Тэр байр байдлаас ямар ойлголт төрсөн бэ гэхээр уран зохиол, оюуны үнэт зүйл маш их үнэгүйдсэн, зохиолыг дурын хүн дуу хураагуурт хэлээд бичүүлчихэж болно гэж сэтгэж байна шүү дээ. Энэ магадгүй эхлэл нь байсан байх. Түүнээс хойш хэчнээн олон зохиол маш хялбар бичигддэг болов доо. Тэрнээс гадна манай нэг хамаатны яриа нөлөөлсөн. Тэр ах маань Дорнодод байдаг юм. Эрээнцавын Нямсүрэн гэж сайхан найрагч байлаа. Манай утга зохиолын хүрээнийхэн л мэдэхээс энгийн ард олон түүнийг сайн мэдэхгүй. Маш их эгэл даруу нутагтаа амьдарч байгаад тэнгэр болсон хүн шүү дээ. Тэгэхэд манай хамаатны ах надаас “Тэр үнэхээр тийм гайгүй хүн юм уу” гэж асуусан. “Манай урдаа барьдаг яруу найрагч шүү дээ” гэсэн чинь “Бид архи уугаад сууж байсан чинь Нямсүрэн ТВ-ээр “Болор цом” гарахыг хараад “Уг нь ч би очвол энийг нь авчихна даа” гэхэд бид элгээ хөшөөх шахсан” гэж билээ. Энэ ярианаас бараг ургаж боссон дүр. Оюун ухаан, суу заль, бидний эрхэмлэн дээдлэх ёстой үнэт зүйлс маань ямар их хөсөр хаягдаа вэ гэж тэгэхэд бодогдсон. Норгой роман дээр гарч байгаа дүрүүд сүүлийн гуч гаруй жилд бүтээсэн Монголын нийгмийн нүүр царай юм. Санаанаасаа зохиосон дүр байхгүй. Хэн бүхний танил дүрүүд л тэнд харагдана. Өөрийн хар толгойн ая тав тухын төлөө явцгаадаг тийм хэв шинжит дүрүүд олширчихлоо шүү дээ. Мөнгө сайн олж чадсан нь маш мундаг хүн, мөнгө л олж чадахгүй бол хэн ч биш гэсэн сөрөг хандлага нийгэмд тогтож бий болсон. Энийг ярихын тулд “Бид яагаад ийм болчихсон юм бэ” гэдэг асуулт тавьж, уг суурийг нь эрэх ёстой. Юутай ч бидний явж байгаа зам буруу байна гэдэг нь харагдаж байна. Гэтэл монголчууд ийм дорд, үзэл бодолгүй, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй, нутаг усаа сэндийлж алт ухах хэмжээний ховдог шунахай явсан юм уу гэвэл үгүй.

-Шунахай явсан юм биш үү?

-Зууны өмнөх түүх судалж явсан хүний хувьд хэзээ ч тийм байгаагүй гэдгийг баттайяа хэлж байна. Хөдөөний малчин хүний яриа нэг өөр, албан ажил хийгээд явж байсан хүмүүсийн яриа бас нэг өөр байгаад байдаг. Өнөөдөр бидний язгуур өв уламжлал зөвхөн люмпенпастухын хэсэгт хадгалагдаж үлдсэн юм бол уу гэж би өөрийн өнцгөөс харж байгаа. Ерээд он гаруут люмпенпастухын утга зохиол гэж баахан шуурцгаалаа шүү дээ. Би явж явж юун дээр ирсэн бэ гэвэл би бол люмпенпастухын уран зохиолч байх эрхэм хувь заяаг олж авсандаа маш их баярлаж байгаа. Сүүлчийн могикан гэдэг шиг монгол хүний мөн чанар сэргэх, үгүйг би мэдэхгүй. Ер нь утга зохиолын үнэт чанар их ташаа болчихсон шүү дээ. “Хүн бол их бэртэгчин, амиа бодсон зүйл юм. Хүний эрхэм дээд чанар бол хар амиа бодох юм” гэсэн либерал онол их орж ирлээ.

-Та Орост сургууль төгссөн. Бас АНУ-д ч ажиллаж амьдран нүд тайлсан уран бүтээлч. Монголынхоо нийгэмтэй харьцуулах зүйл их байна биз?

-Би Эрхүүд хуулийн сургуульд сурч байсан. Шүлэг бичихээс өөр хүсэл сонирхолгүй л хүн байлаа. Хууль сурч базаасан юмгүй, эмгэчүүл өвгөчүүлтэй яриа их өрнүүлнэ. Хожим би АНУ-д очоод эмгэн хардаг ажил хийж байхдаа орос хүмүүсийн оюуны чадвар ямар их өндөр байсан юм бэ гэдгийг олж харсан. Ангар мөрний эрэг дээр зогсож байгаа захын эмгэн надад Есенинийхээ шүлгийг уншиж өгнө. Нэг эмгэн “Манай ангиас 17 хөвгүүн дайнд явсан. Эднээс зөвхөн нэг нь л хөлгүй болж эргэж ирсэн. Аугаа их цаг үеийн төлөө ямар аугаа хүмүүс төрдгийг мэдэх үү, чи” гэж асууж байсан. Ямар ч суутны амнаас сонсоогүй амьдралын үнэнийг би тэр хүнээс сонсож байсан. Америк ээж хүүхдийнхээ өмнө хийсэн ач гавьяаг дурдахдаа хамгийн түрүүн сургуулийнх нь төлбөр төлснөө хэлж байсныг би өөрийн чихээр сонссон. Төрүүлж өсгөсөн эхийн ач дараагийнх нь болох гэж байна. Ийм аливааг мөнгөөр тооцдог үзлийн хаялга Монголд ороод ирчихсэн. Хэдэн жилийн дараа бидний үр хүүхдүүд тэгж ярих биз. Гэтэл язгуурын монголчууд уудам дэлгэр сэтгэлтнүүд байсан. Миний өвөө Радна гэж хүн байлаа. Би сая хоёр романдаа хальт хальт дурдлаа. Домог шиг яригддаг хүмүүсийн нэг л дээ. Миний өвөө мянган хоньтой ч даавуун дээл өмсдөггүй, заргаг гэдэг илгэн цагаан дээлтэй явдаг хүн байж. Материаллаг сонирхолд уягддаггүй. Тэгсэн мөртлөө хэн нэгэн хүн “эхнэр төрлөө” гэхэд шөлний хонь бариад өгч л байдаг, намар шувуу буцахад хонь гаргаж элээн сүрэг хооллон үддэг хүн байсан гэдэг. Намрын наран дор элээ буцахынхаа алдад бөөгнөөд суугаад эхлэхээр “Хол зам туулна хөөрхий” гэж тэнхэл суулгаж байгаа нь тэр юмсанж. Энэ бол монгол хүний араншин.

-Та түрүүн хэллээ. Яагаад ийм болчихсон юм бэ гэдгийнхээ уг суурийг эрэх хэрэгтэй гэж. Таны бодлоор юу нь буруудаад ийм болчихов?

-Товчхондоо бидний оюун санаа уналтанд орсон. Өнөөдөр хүүхдийн хүчирхийлэл гээд л дээр доргүй шуугьцгааж байна. Энэ чинь оюун санааны бохирдлын зүгээр нэг хаялга л шүү дээ. Үндэс суурийг нь ухаад үзвэл ардчилал гэж шуугьж эхлэх үед хэд хэдэн ноцтой зүйл болсон байдаг. Хамгийн түрүүн гадны төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж манай сэтгүүл зүйн салбарыг барьж авсан. Данида төсөл, Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтууд, Соросын сангийн төсөл зэргийн дараа сэтгүүл зүйн хамгийн том зорилт болох нийгмийн ач холбогдол, ухааруулах, сэхээрүүлэх үүрэг үгүй болж, сенсаци хөөдөг шар хэвлэлүүд мөөг шиг үржсэн. Өнөөдөр манайд хэдэн ТВ байна, гэтэл бидний даган дуурайх дуртай Америкт тав зургаахан суваг байдаг юм билээ. Шуугиан хөөцөлдсөн хэвлэл мэдээллийн “буянд” нийгмийн оюун санаа жинхэнэ утгаараа бохирдож, бас дөжирч, аль ч учраа олохгүй, олоод ч нэмэргүй “чихгүй толгой” болж чадлаа. Дараа нь уран зохиол байна. Аливаа үндэстний уран зохиол үнэт зүйл, үзэл санааг тээж, ард түмнийг араасаа дагуулж явдаг уураг тархи нь. Гэтэл манайд уран зохиолд соён гэгээрүүлэх үүрэг хумсын чинээ ч байхгүй, тэр байсан ч нэмэргүй, байгаагүй ч ялгаагүй ээмэг бөгж шиг дэл сул зүйл гэх суртал ухуулга хүчтэй явагдаж үр дүнд нь бид эрхэмлэх нандигнах юмгүй, ёс суртахуунгүй, өчүүхэн дорой хар амиа бодогчид боллоо. Мөн биднийг талхан дээрээ алалцаж байхад бүх номын сангуудыг хоосолж, хаягдал цаас болгон зөөсөн. За, тэгээд сургалтын хөтөлбөр залгаж байгаа юм даа.

– Та боловсролын салбарыг болохгүй байна гэж хамгийн их шүүмжилдэг хүн?

– Боловсролын хөтөлбөрөөр дамжуулан бидний залуу үеийг хамгийн тэнэг, арчаагүй, дорой болгох бодлого хэрэгжиж байгаа. Би үүн дээр элбэг зуун жишээ татаж чадна. Манай төрийн бодлогыг хэн гаргадаг вэ гэж олон жилийн турш бодож явна. Бас энэ улсын сэхээтний хувьд сэтгэл маш их эмзэглэж байна. Мунхруулаад зогсохгүй үгүйрүүлэх бодлого мэт. Мөнгө угаах хэрэгсэл ч юм уу. Гэтэл манайд дарга мэдэл бүхий суудал дээр очмогцоо үгсэж тохиролцсон юм шиг хүүхдийн ном гэхээр комик ном л ярина.Мунхруулах бодлого явагдаж байгаагийн хамгийн наад захын жишээ энэ. Энэ хэний дохио зангаа вэ. Монголоос өөр ямар ч оронд комик ном санхүүжүүлдэг Ерөнхий сайд, Боловсролын сайд байхгүй шүү. Залуу үеийнхний оюун санааг доромжилсных нь төлөө зүй нь тэр хүмүүст хариуцлага тооцох ёстой. Харамсалтай нь тийм юм алга.

-Хэн нэгэн даалгавар өгч комик ном хийлгэдэг гэх гээд байна уу?

-Тийм, надад хардах эрх байна. Хардаад байгаа ч юм биш, энэ бодит явдал. Яагаад гэвэл нам харгалзахгүйгээр сайд болсон хэн бугай ч нэг л ижил юм ярина. Жил болгон сурах бичиг сольж, аманд орсноо ярих боловч тэр нь ямар ч ач холбогдолгүйгээрээ ижилхэн. Үүнийг манай төрийн бодлого гэж нэрлэж арай болохгүй байх.Үзэл санаагүй, тогтворгүй, судалгаагүй, алсын байтугай ойрын хараагүй ийм л үйлдэл. Дарга нарт маань даалгавар өгөөд байгаа нео либерал үзлээр тархи угаагч долларын эзэд, тэдний зарц нарт хандаж хэлэхэд биднийг Африкийн араас оруулах гэвэл ёстой санасны чинь гарз шүү. Монголын заяа их ээ гэж зүгээр ч нэг хэлээгүй юм. Бид үе үеийн түүхэнд толгой дээгүүр байж ирсэн ард түмэн ирээдүйд ч тийм байх болно.

-Та сая бичсэн номынхоо уур амьсгалаас гараагүй байгаа юм бишүү?

-Үгүй дээ, энэ иргэн хүний үг. Би цогт эх оронч Дашбалбар гэдэг хүнээр гурван жил хичээл заалгасных энэ цаг үед дуугүй байх эрх надад байхгүй. Олон сайхан багш нарын залгамж халаа болж үлдлээ шүү дээ, бид. Өөрөө ч гэсэн тэр хүний шавь, бид дор дороо хичээх ёстой.


Categories
мэдээ нийгэм

Шар луу өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 31, сугар гариг. Билгийн тооллын 27, шар луу өдөр. Өдрийн наран 04:58 цагт мандан 20:41 цагт жаргана. Энэ өдөр ном айлтгаж, заалгах, дээдэст бараалхах, буяны үйл хийх, зэтгэрийг номхотгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих зэрэгт сайн. Онгоц, сал модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.