Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: Засгийн газар Оюутолгойн гэрээнд хариуцлага хүлээх ёстой

АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Монголд хариуцлага гэдэг зүйл байхгүй болсон. Ийм нөхцөлд сөрөг хүчний гол нам АН үүрэг хариуцлагаа ухамсарлаж, “Ард түмэн хариуцлага нэхье” жагсаалыг өчигдөр зохион байгууллаа. Жагсаалд оролцохоор нийслэлийн төв талбайд 30 орчим мянга, 19 аймгийн төвд 12 мянга орчим иргэн цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн гэсэн дүн мэдээтэй байна. Өнөөдөр ард түмний амьдрал ямар ч жолоодлогогүй болж, энэ улс орон төр засаг байгаа юм уу гэмээр нөхцөл байдал үүсээд байна. Гэтэл Монгол оронд хариуцлага гэдэг зүйл байхаа больчихож. Монголын төр хариуцлага хүлээх чадамжгүй болсон гэдгээ удаа дараа харуулаа.

Маш олон гэмт хэрэг, үйлдлүүд төрийн байгууллагын бүхий л шатанд гарч байна. Эрдэнэт хүний амь нас үнэ цэнэгүй болохоор Монгол улсын үнэ цэнэ тэр чигтээ алдагдаж байна. Жилдээ 3000 гаруй иргэн зөвхөн аваар ослын улмаас амиа алдаж байна. Энэ бол үнэхээрийн харамсалтай тоо. Дайн дажин болж байгаа улс оронд ч ийм тоо байхгүй. Өнөөдөр золгүй байдлаар нас барж хүмүүсийн ард дандаа хариуцлага яригдаж байгаа. Гэтэл хариуцлага хүлээж байгаа хүн ганц ч байхгүй. Тэгээд л өөрсдөө халааснаасаа өгч байгаа юм шиг тус бүр 2 өрөө байр өглөө гэж зарлах юм. Тэр чинь татвар төлөгчдийн мөнгөөр өгч байгаа байр. Өөрөөр хэлбэл, хариуцлагагүй төрийн албан хаагчдын өмнөөс татвар төлөгчид л төлсөн татвараараа хариуцлага хүлээж байна гэсэн үг.

Өчигдөр жагсаал цуглаан болж байх үед Чуулган дээр яригдсан байна лээ. Оюу толгойн гэрээг байгуулсан Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүн өдгөө бүгд л амьд сэрүүн байгаа шүү дээ. Тухайн үед Монгол төрийн өмнө гүйцэтгэх засаглалын үүргийг гүйцэтгэж байсан Засгийн газар Оюутолгойн гэрээнд хариуцлага хүлээх ёстой. Тухайн үед би өөрөө энэ гэрээг эсэргүүцэж байсан. Монголын нэг номерийн худалч сайд бол сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Монгол Улсын гадаад өр гурван жилийн өмнө буюу 2016 онд 24.6 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 29.5 тэрбум ам.доллар болтлоо өсчихсөн байна.

Бид УИХ-д шаардлага тавихдаа хариуцлагагүй Засгийн газартаа хариуцлага тооц. Хэрэв чадахгүй бол УИХ өөрөө тар гэдгийг л шаардсан.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай тогтоолыг баталлаа

Image result for УИХ-ын чуулган

УИХ-ын чуулганы хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай тогтоолыг батлав. Тогтоолын төсөлд УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албанд ажилладаг албан тушаалтны сарын цалингийн хэмжээг УИХ-ын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын цалинтай, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч мэргэжилтэн Цагдаагийн байгууллагын офицер ахлагчийн албан тушаалтантай ажил цалинтай байхаар тогтоохоор төсөлд тусгасан байна. Тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55 хувь дэмжиж, баталлаа.

Мөн “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал, Аудитын газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалтанд хамаарахгүй байхаар боловсруулжээ. Эдгээр албан тушаалтны цалингийн хэмжээ, сүлжээг УИХ-аас тусгайлан тогтоож байгаа учир давхардал үүсгэхгүй байх зарчим баримталжээ. Төрийн албаны тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн тул, үүнтэй уялдуулж тус тогтоолын төслийг дээрх хугацаанаас хүчинтэй болгохоор зохицуулжээ. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлснээр чуулган өндөрлөв.

Categories
мэдээ улс-төр

С.Чинзориг: Нийт хүүхдийн 80 хувьд 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно

Засгийн газраас хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт зургадугаар сарын нэгнээс хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-УИХ-ын 2018 оны тавдугаар сард батлагдсан УИХ-ын 40 дүгээр тогтоолоор хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсан. Тиймээс 2018 оны долоо, наймдугаар сард орон нутгийн Хөдөлмөр, халамжийн газар судалгаа явуулсан. ХХҮЕГ дээр Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн 980 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авахаар бүртгэгдсэн байна. Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн нийт хүүхдийн 80 хувьд 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор 2019 оны төсөвт суутгасан. Тиймээс хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт мөнгийг зургадугаар сарын нэгнээс олгоно. Одоогоор нэмэлт 12.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг ХНХ-ын сайдын багцад багтсан төсвөөс гаргах боломжтой. Ямар нэг хууль зөрчигдөхгүй.

Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт иргэд хүсэлтээ баталгаажуулаарай. Судалгаанд хамраагдаагүй өрх хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ өнөөдрөөс дүүрэг, сум дээрээ очиж гаргах боломжтой. Материалыг нь үзээд 670 оноонд хамрагдвал хүүхдийн мөнгө олгоно хэмээн мэдээлэв. ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хүсэлт гаргасаны иргэдийн хүүхдийн мөнгийг нөхөж олгох уу?

-2019 оны улсын төсөвт хүүхдийн мөнгөнийг тусгасан. Нэмэлт эх үүсвэрийг өнөөдөр шийдэж байгаа учир нөхөн олгох асуудал байхгүй.

-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олго гэсэн. Яагаад 670 оноог харгалзаж байна вэ?

Нийт хүсэлт гаргасан өрхийн хүүхдэд мөнгө олго гэж байгаа. Гэхдээ 670 гэдэг оноог авч үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхдийн мөнгөн олгоход нэмэлт эх үүсвэр шаардагдах магадлалтай.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар Ш.Абэ-тэй уулзжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны 5 дугаар сарын 30-31-ны өдрүүдэд Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сонины газраас зохион байгуулж буй 25 дахь удаагийн “Азийн ирээдүй” олон улсын форумд уригдаж, үндсэн илтгэгчээр оролцов.

Тэрбээр дэлхийн шинэ дэг журам, хүндрэл бэрхшээлийг даван туулах асуудал болон Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, төрөөс явуулж буй бодлого, цаашдын зорилтын талаар илтгэв.

Тус форумд Филиппин Улсын Ерөнхийлөгч Р.Дутертэ, Малайзын Ерөнхий сайд М.Махатир, Бангладешийн Ерөнхий сайд Ш.Хасина, Камбожийн Ерөнхий сайд Хун Сен нарын зэрэг төр, засгийн тэргүүн нар оролцож байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ үеэр “Никкэй” сонин, “Nikkei Asian review” сэтгүүлд ярилцлага өгөв. Мөн форумын хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Либериал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай нартай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима-тай уулзаж, санал солилцов

Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сониноос Токио хотноо зохион байгуулж буй “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг энэ сарын 30-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима хүлээн авч уулзав. Уулзалт яриа найрсаг байдалд болж, энэ үеэр хоёр талын Парламент хоорондын харилцаа, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс санхүүгийн хүндрэлийг даван туулахад Япон Улсаас үзүүлж буй санхүүгийн дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлээд хоёр үе шаттай зээлийн дараагийн шатны санхүүжилтыг яаралтай шийдэж өгөхийг Төлөөлөгчдийн танхимын даргаас хүсэв. Уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал, японы талаас Японы Төлөөлөгчдийн танхимын Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши нар байлцлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол-Япон”-ы бизнес түншлэлийн уулзалт, үзэсгэлэн удахгүй зохион байгуулагдана

Худалдаа, хөгжлийн банк, Япон улсын Чиба банк болон Табиризүмү ХХК нар хамтран зохион байгуулж буй “Монгол – Япон”-ы бизнес эрхлэгчдийг танилцуулах өдөрлөгт Та бүхнийг урьж байна.

Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирснээр Японы хүнс үйлдвэрлэл, худалдаа, фирмийн аж ахуй, супермаркет, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө, гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа, менежментийн зөвлөх үйлчилгээ болон нягтлан бодох бүртгэл зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг Япон компаниудтай мэдээлэл солилцох, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой болох юм.

Өдөрлөг 2019 оны 06-р сарын 05-ны өдөр 10:00-16:00 цагийн хооронд Чингис зочид буудалд зохион байгуулагдана. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг +976-11-319943 утсаар лавлах боломжтой.

Өдөрлөгийг дэмжигч байгууллагаар Худалдаа, хөгжлийн банк, Япон улсын Чиба мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Мүсашино банк, JICA болон Монгол Японы хүний нөөцийг хөгжүүлэх төв оролцох болно.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Автотээвэрт тусгай зөвшөөрөл гэх хүнд суртлыг багасгах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Автотээврийн салбарт автозам, төмөр зам, нисэх гээд олон салбар хамаардаг. Авто тээвэрт тавьсан замаа нүүрс, ачаа бараа тээвэрлэж, тавьсан замаа эвдээд байдаг. Төрийн албан хаагчдын тоог багасгана гээд агентлагуудаа төсөвт байгууллага болгосон. Гэтэл аж ахуйн нэгж болчихоод орлого хөөгөөд явчихсан. Үүнд тээвэрчид зөвшөөрөл авах гээд бөөн ажил удаж байна. Тухайлбал, тээврийн жолооч дээр тусгай сургалтад суралцаж, мэргэшсэн жолооч бэлтгэнэ гэж байна. Энэ асуудлуудаа яаж шийдэх вэ? Улс хоорондын, мэргэшсэн жолооч, хот хоорондын тээвэрлэлт гээд бөөн хүнд суртал байна. Олон тусгай зөвшөөрлийг гурав дахин цөөлнө гэсэн. Хүнд суртал, авлига, шан харамжийн асуудлаа яаж шийдэх вэ?

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-Тээврийн салбарт уялдаа холбоог нь зохицуулах асуудал байгаа. Теримнал, ложистикийн төвүүдтэй уялдаа холбоог зохицуулж байгаа. Даац хэтрүүлэх асуудал дээр олон улсын конвенцийг мөрдөх заалттай ч уул уурхайн тээвэрлэлтэй холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх шинэ зохицуулалт хийсэн. Үүнийг хуулийн төсөлд тусгасан.

Мэргэшсэн жолоочийн асуудал өмнөх хууль дээр байсан. Мэргэшсэн жолооч гэдгийг олон улсын тээвэрт шаардаж байгаа. ЗЦГ-аас тухайн тээврийн хэрэгслийг жолоодож болно гэдэг. Харин мэргэшсэн гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийг барьж байхыг анхааруулдаг. Мэргэшсэн жолоочийн эрхийг таван жилийн хугацаатай олгодог.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

-Осол аваар их гарч байна. Энэ талын эрхзүйн орчныг яаж сайжруулж байна вэ. Гашуунсухайтад ачаа тээврийн 15000 автомашин байна. Гэтэл өдөр хилээр 700 автомашин орж гарч байна. Хэт ачааллыг яаж зохицуулах вэ. Шивээхүрэнгийн боомтын автозамыг сайжруулахад ямар бодлого барьж байна.

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-Нийтийн хэрэгцээний бус зам талбай дээр явсан бол үйлдвэрлэлийн осол болдог. Уул уурхайн тээвэрлэлт дээр гарсан ослыг зохицуулахад хүртэл асуудалтай байгаа. Хэт олон машинд зөвшөөрөл олгоод байна гэдэг. Гашуунсухайд явж байгаа 5000 машинд л зөвшөөрөл олгосон байгаа.

Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Сайн сурах чухал ч сайн хүн болох нь түүнээс илүү чухал юм шүү

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын урчуудын эвлэлийн хороо, “Ирээдүйн Монгол” ТББ хамтран “Монголын ирээдүй Миний ирээдүй” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа. 6-9 нас, 10-14 нас, 15-18 насны ангилалд зохион байгуулсан уралдаанд нийт 1581 бүтээл ирснээс нийслэлийн дүүргүүдээс 887, орон нутгаас 694 хүүхэд өөрийн хүсэл мөрөөдөл, эх орон, байгаль экологи гээд олон сэдвийг хөндсөн зургаа ирүүлсэн юм.

Сурагчдын зургийн бүтээлээр өнөөдрөөс эхлэн ирэх сарын 6-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний Музейд үзэсгэлэн гаргаж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хүүхэд багачуудад Хүүхдийн баярын мэнд дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ!

Хүүхдийн баярын мэнд хүргэе.

Өнгөрсөн жилийн Эх үрсийн баяраар хүүхдүүд маань Ерөнхийлөгчдөө хандан олон мянган захидал илгээсэн. Тэр захидлуудад хүүхдүүдийн маань хүсэл мөрөөдлөөс гадна амьдралын бэрхшээл зовлон, суралцахад учирч байгаа саад тотгор, ангийнхныхаа тухай, багшийнхаа тухай, сум, орон нутгийнхаа тухай олон зүйлийг бичсэн байсан.

Хүүхдүүд та нарынхаа захидлыг уншаад захидлын мөрөөр олон ажил хийж эхлүүлсэн. 2019-2020 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, бодитой ажлуудыг хийж байна. Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийг нэмэгдүүлж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг болгохын төлөө чармайн ажиллаж байна.

Хүүхдүүд та бүхнийг эрсдэлгүй, аюулгүй орчинд, ирээдүйдээ итгэлтэй ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө хамт олонтойгоо бүхнийг хийх болно.

Монгол Улсад “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадам зохион байгуулагдана. Наадмын бэлтгэл болгож Хүүхдийн спортын хотхон байгуулах ажлыг мөн Ерөнхийлөгч миний бие ивээлдээ аван ажиллаж байна. Хүүхдүүд маань тун удахгүй анхны мөсөн ордонтой, хөл бөмбөгийн талбайтай, мэргэжлийн тамирчид бэлтгэл хийх бололцоотой 50 метрийн урттай анхны усан спортын цогцолбортой болно. Хүүхэд бүхэн чөлөөт цагаараа урлаг, спортоор хичээллэдэг байгаасай гэж хүсэж, үүний төлөө чармайн ажиллаж байна.

Манай хүүхэд залуус ой тогтоолт, цээж тоолол, соробан сампин, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн наадам, шайбтай хоккей, сагсан бөмбөгийн “3-ын эсрэг 3” төрлөөр тун сайн амжилт гаргаж байгаа. Иймд цаашид төр засгаас хүүхэд, залуучуудын дунд спортын соёлыг дэмжих, түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.

Сайн сурах чухал ч, сайн хүн болох нь түүнээс илүү чухал юм шүү гэж Ерөнхийлөгч нь та бүхэнд захья. Урлаг, спорт хүнийг сайн сайхан хүн болгон төлөвшүүлэхэд маш чухал үүрэгтэй.

Өнөөдөр энд урлагт дуртай, хайртай, зурах дуртай хүүхдүүд цугларчээ. Өнгөрсөн жил хүүхдүүд амьдралын зовлон бэрхшээлээ Ерөнхийлөгчдөө захидал, зургаар дамжуулан илэрхийлж байсан бол энэ жил “Монголын ирээдүй-Миний ирээдүй” сэдвээр зураг зурж ирүүлсэн хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. Өөрийнхөө ирээдүйг эх орныхоо ирээдүйтэй холбож ойлгож, мөрөөдөж, түүнийгээ зургаар илэрхийлнэ гэдэг авьяаслаг, сайхан сэтгэлтэй, сайн хүн болохын шинж.

Эх орныхоо ирээдүй болсон Монгол Улсын залуу иргэн Та бүхний гэгээн тунгалаг хүсэл мөрөөдөл биелж, эрдэм мэдлэг төгс, бие бялдар тэгш, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ түүх уламжлалыг хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй, оюунлаг зөв монгол хүн болон төлөвшинө гэдэгт итгэлтэй байна. Миний бие хүүхдүүд та нартаа, мөн Монголынхоо ирээдүйд итгэж байна.

Хүүхдүүд Та бүхэндээ болон авьяаслаг хүүхдүүд төрүүлж өсгөсөн ээж аав, гэр бүлийнхэнд нь, багш нарт нь Эх үрсийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болж, Монгол Улсын маань ирээдүй хүүхдүүд та нарын зурсан зураг шиг өнгөлөг, гэгээлэг, бадрангуй байх болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ зургийн үзэсгэлэнг үзэж, сэтгэл баясаж, урам зориг авах болтугай хэмээн үзэсгэлэнг өргөнөөр үзэхийг уриалав.

Оролцогчдын ирүүлсэн бүтээлийн сэдэв, агуулгад дүгнэлт хийхэд 40 хувь нь хүүхэд өөрийн ирээдүйн хүсэл мөрөөдлөө зурсан бол 22 хувь нь Монгол Улс, орон нутгийнхаа хөгжил дэвшлийг өөдрөгөөр харж байгаагаар дүрсэлсэн байна.

Нийт бүтээлийн 13 хувь нь байгаль экологийн агуулгатай байсан бөгөөд өнөөдрийн нийгэмд шүүмжлэл дагуулж буй агаарын бохирдол, хөрсний бохирдол, хүмүүсийн байгаль дэлхийтэйгээ зүй бусаар харилцаж байгааг дүрсэлсэн бүтээлүүд байлаа. Мөн хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, танин мэдэхүйн ач холбогдол бүхий байгууламж шаардлагатай байгаа нь тэдний зурж ирүүлсэн Зоопарк, цэцэрлэгт хүрээлэн, цэнгэлдэх хүрээлэн зэргийг тусгасан бүтээлүүдээс ажиглагдаж байна.

Categories
мэдээ спорт

Toronto Raptors эхний хожлоо авлаа

NBA-ын аварга шалгаруулах цувралын эхний тоглолт болж өнгөрлөө. Цувралын эхний ялалтыг 109:118 онооны харьцаатайгаар Toronto Raptors баг авлаа. Тоглолтод Warriors-ийн Stephen Curry 34 оноо авсан бол Raptors-ийн Pascal Siakam 32 оноо авчээ.


Categories
мэдээ нийгэм

Цагдаа мөргөж, гэмтээсэн жолоочийг шалгаж байна

Ажил үүргээ гүйцэтгэж явсан замын цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн хэрэг өчигдөр /20419.05.30/ гарсан. Тодруулбал 2019.05.30-ны 12:40 минутанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын гудамж, Засгийн газрын ордны баруун хойд уулзварт амины Toyota Land Cruiser маркийн автомашины жолооч зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч 25 настай Б мөргөж гэмтээсэн байна. Осолд өртсөн цагдаагийн алба хаагч эмнэлэгт хэвтэн нарийн шинжилгээ хийлгүүлж байгаа юм. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.