Дархан, Шарын гол чиглэлийн 17.2 км авто замын ажил өнөөдрөөс эхэллээ. Төлөвлөгөө ёсоор замын ажил ирэх оны зургаадугаар сарын 1-нд дуусах юм. Замын ажилд Улсын төсвөөс 6.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Шарын голын уурхай нь хүчин чадлаа нэмэгдүүлж 1.2 сая тн нүүрс олборлож байгаа. Эдгээр нүүрсний тодорхой хэсгийг жижиг хэрэглэгч, аж ахуйн нэгжүүд авто замаар зөөвөрлөдөг. Тиймээс энэ оны Улсын төсөвт тус чиглэлийн замыг барихад 12 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд эхний шатанд дээрх хэмжээний төсвийг нь ашиглах аж. Тендерийг Зам тээврийн хөгжлийн яаманд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна. Тус аймагт энэ онд 27.3 тэрбум төгрөгийн төсөв тусгажээ.
Month: May 2019
УИХ-ын ээлжит чуулганы (2019.05.31) хуралдаан 10 цаг 21 минутад гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баяр маргааш тохиож буйтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс, Монгол Улсын Их Хурлын гишүүдээ төлөөлөн хүүхэд багачуудадаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр, “Бидний ирээдүй хойч үе болох хүүхэд багачуудынхаа эрхийг хангах, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, эрдэм чадалтай монгол хүнийг төлөвшүүлэх нь Монгол Улсын Их Хурлын онцгой анхааралд байдаг. УИХ өчигдөр (2019.05.30) Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 ангийн сурагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 ангийн бүх сурагч өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдах юм. УИХ-аас гаргасан энэ чухал шийдвэр бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оюуны болоод бие бялдарын өсөлт, хөгжлийг дэмжих, зөв хооллох дадал төлөвшүүлэх ач холбогдолтой юм. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч 2019 оны улсын төсөвт нийт 123 сургууль, 134 цэцэрлэгийг улс даяар шинээр барьж байгуулах санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан. Ингэснээр гурван ээлжээр хичээллэх, сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт хамруулах асуудлыг бүрэн таслан зогсоох юм. Түүнчлэн 2017 оноос хойш хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох, нийт хүүхдийн 80 хувийг хамруулснаар эдийн засгийн бодит өсөлтийг үр хүүхдүүдэдээ хүргэх шийдвэрийг гарган хэрэгжүүлж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна. Мөн олон хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон бага насны хүүхдээ асарч буй ээжүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж байна. Төрүүлж, өсгөсөн хүүхдийнхээ тоогоор 1.5 жилээр тэтгэвэр тогтоолгох эрх зүйн орчин бүрдсэн.
Сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулж, чанартай хоол хүнсээр хангах, хүүхдийн мөнгө олгохоос гадна хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг илүү өргөн хүрээнд далайцтай зохион байгуулах, олон талын оролцоог хангах, хяналт хариуцлагыг сайжруулах хэрэгцээ шаардлага байна. Эдгээрт Монгол Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Ерөнхий хяналтын сонсголын үр дүнгээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөсөн хөрөнгийн зарцуулалтыг үр дүнтэй болгох чиглэлээр Улсын Их Хурлын тогтоол шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Цаашид жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг хүүхдийн баярын өдрийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж байх нь зүйтэй юм. Мөн энэ өдрийг угтаж төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд, ТББ, иргэдээс хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэн дүгнэж цаашид хийж хэрэгжүүлэх аливаа ажлыг төлөвлөдөг болоход анхаарал хандуулах нь зүйтэй.
Монгол орны ирээдүй хойч үе энхрий бяцхан хүүхэд багачуудадаа Монгол Улсын Их Хурлын нийт гишүүдийнхээ өмнөөс баярын мэндчилгээ дэвшүүлье. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой монголын үрс маш олон болтугай” гэлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Ийнхүү чуулганы хуралдаанаар эхлээд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав.
Төсөл санаачлагч нь Автотээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш нийт 19 удаа нэмэлт, өөрчлөлт орсноор хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо, утга алдагдсан, нөгөө талаас шинэ техник технологи нэвтэрч, дамжин өнгөрөх тээвэрлэлт, ачаа болон зорчигчийн терминал, авто зам дагуух үйлчилгээ, автомашины үйлдвэрлэл зэрэгт эрх зүйн зохицуулалт шинээр хийх зайлшгүй шаардпагатай гэж үзэн хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийг батласнаар автотээврийн салбарын өнөөгийн байдал, олон улсын болон бүс нутгийн нийтлэг жишиг, ирээдүйн чиг хандлагад нийцсэн, иргэдэд аюулгүй, ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх, тээврийн төрлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, тээврийн дэд бүтэц, ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэх, стандартын шаардлага хангасан автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах, автотээврийн салбарын хяналтыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангахад эрх зүйн таатай орчин бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Я.Содбаатар автотээврийн салбарын хөгжпийг шинэ шатанд гаргах, цаашдаа тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх, зөвхөн дотоодын төдийгүй бүс нутгийн хэмжээнд тээвэр ложистикийн сүлжээнүүдийг бий болгох, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг байгуулах, зам тээврийн ослыг бууруулах тал дээр онцгой анхаарах, энэ чиглэлээр хийж байгаа ажлуудыг эрчимжүүлэх, хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна.
Танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, Х.Болорчулуун, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, М.Билэгт, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, А.Сүхбат, Ж.Бат-Эрдэнэ нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Баталгаагүй сэлбэг, хэрэгслээс үүдэн авто осол гардаг тул төсөл дэх сэлбэг, хэрэгслийн талаарх зохицуулалт бүхий зүйлийг нягтлан, хариуцлагын санкцыг өндөржүүлэх саналыг Д.Хаянхярваа гишүүн гаргав. Түүнчлэн орон нутгийн зам дагуух хураамж хураах давхардсан цэгүүдийн үйл ажиллагааг эмхлэх,олон улсын GPS сүлжээнд Монгол Улсыг нэгтгэх талаар санал хэлээд, төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн А.Сүхбат автозамын бүтээн байгуулалт, арчлалтын чанарыг сайжруулах, стандартад нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, тодорхой тоон мэдээллийг танилцуулсан. Авто тээврийн талаарх эрх зүйн зохицуулалтыг төрийн бодлоготой уялдуулж, эдгээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий механизмыг орон нутагт байгуулах шаардлага, ач холбогдлын талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал хэлсэн юм. Мөн зөвшөөрөл олгох замаар тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах, стандартыг мөрдүүлэхэд илүүтэй анхаарал хандуулах шаардлагатай байгааг хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь Автотээврийн тухайхуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Үргэлжлүүлэн “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий аудитороос төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоолгохоор холбогдох байгууллагаас санал авч 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр УИХ-д ирүүлсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төсвийн байнгын хороо “Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхий аудторын цалин, зэрэг зиндааг Улсын Их Хурал тогтооно.” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын цалин хөлс, урамшууллын тогтолцоо төрийн албаны тухай хууль тогтоомжийн хүрээнд өөрийн онцлогт тохирсон байх бөгөөд тэдгээрийн албан тушаалын цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно” гэж тус тус заасан боловч УИХ-аас төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг хууль тогтоомжоор тусгайлан тогтоосон шийдвэр гараагүй аж. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед төрийн аудитын байгууллагын албан хаагчийн цалингийн хэмжээг УИХ-аас тогтоож, эрх зүйн орчныг бүрдүүлж хуулийн дагуу олгох нь зүйтэй гэж үзээд тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 43 гишүүний 25 нь дэмжсэн. Ийнхүү гишүүдийн 58.1 хувь нь дэмжсэн тул ийн саналаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоол батлагдав. Дараа нь “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийгхэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох заалтын дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэгтгэн, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэгийн шинжтэй засварыг тусгасан эцсийн хувилбарыг боловсруулсан байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 55 хувь нь дэмжсэн тул “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоол батлагдав.
Өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан. Байнгын хороо төслийг хэлэлцэх үеэр хуралдаанд оролцсон гишүүд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжсэн байна. Хуралдааны үеэр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг татсан тул төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
VI сарын 1-ний өдрийг автомашингүй өдөр болгох шийдвэр гарлаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлахаар болсон байна. Захирамжид Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг VI сарын 1-ний өдрийн 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг маргааш 18.00 цаг хүртэл түр хязгаарлах тул боломжит замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн ЗДТГ-аас сануулж байна.
Энэ сарын 30-31-нд шилжих шөнө 37 настай Ч нь хийсвэр хагалгаанд орохоор хүлээн, дусал хийлгэж байхдаа амь насаа алджээ. Энэ нь эмч нарын буруугаас болж амиа алдан, дөрвөн хүүхэд өнчирсөн гэх мэдээллийг эх сурвалжууд хэл байгаа юм.
Энэхүү болсон хэргийн талаар “Өргөө” амаржих газраас “Манай эмнэлэгт хийсвэр хагалгаанд орохоор эмчлүүлж байсан эмэгтэйн бие гэнэт муудаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг боллоо. Эх төрөх хугацаа нь болоогүй учраас хийсвэр хагалгаанд орох өдрийг товлохоор эмчилгээ хийлгэж байсан юм. Уг нь тухайн эмэгтэй жирэмсэлж болохгүй буюу өмнө нь гурав амаржсан, хийсвэр хагалгааны оёдол нь эдгээгүй, эхэс буруу байрлалтай зэргээс шалтгаалан хүндрэл үүсч, эх хүүхэд хоёул эндлээ. Энэ тохиолдолд төрөхийн хүндрэл үүсч, амь насаа алдах эрсдэл байдаг. Эх ургийг тээх явцад эмчийн хяналтаар давхар хууч өвчин илэрсэн. Манай эмч нар амаржихаар ирсэн эмэгтэйд яаралтай эмнэлгийн үйлчилгээ үзүүлээгүй ч юм уу, хараа хяналтгүй орхисон юм биш. Бие нь огцом муудаж эмчилгээ авч амжаагүй. Бидний зүгээс өмнө нь талийгаачийг хийсвэр хагалгаанд орж болох эсэх, хэрхэн аюулгүй амаржих тухай ар гэрийнхэнтэй нь зөвлөлдөхөөр дуудуулсан ч ирж амжсангүй юу, хэн ч ирээгүй. Мөн эх хүүхдийг энддэг орой нь нөхрийг нь дуудуулсан боловч ирээгүй. Энэ тухай албан ёсны мэдээллийг бид удахгүй өгнө” гэсэн мэдээллийг өглөө.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр Ардчилсан Намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дэд дарга Энх-Амгаланд шаардах бичиг гардууллаа. Тэрбээр хэлэхдээ “Өчигдөр /2019-05-30/ Ардчилсан намаас “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал”-ыг орон даяар зохион байгуулсан.
Монголчууд бидний ардчилалаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, тусгаар Монгол Улсын улс төр, эдийн засаг, гадаад бодлогын тулгууруудыг ганхуулж, төрийн эрх мэдэл хуваарилалтын зааг уялдааг алдагдуулан зөрчилдүүлж, Үндсэн хууль, хуульт ёсыг үгүйсгэн, өөрсдийн хувийн дур зорго, гэр бүлжсэн явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон, фракц бүлгийнхээ албан тушаалын төлөөх тэмцэлд ард нийтийг айдас бухимдалд автуулж, Монгол хүнийг ядууруулж, Монгол орныг дарангуйлалын зүг хөтлөх санаархал газар авхуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намаас Засгийн газрыг яаралтай огцруулах шаардах бичгийг хүргүүлж байна. Энэхүү шаардах бичигт авлига хариуцлагагүй байдал нүүрлэсэн энэ Засгийн газрыг нэн даруй огцоруулах хэд хэдэн үндэслэл байгааг дурьдсан. ЖДҮ-д холбогдсон гишүүдийн асуудлыг шийдвэрлэхгүй, олон сая ам.долларын авлига, төрийн албан хаагчдын авлигын асуудлуудыг хуулийн цоорхой харж хэрэгсэхгүй болгож байгаа, иргэдийн сонгох эрхэнд халдсан, худал хийрхэл, амлалт хэрээс хэтэрч сандал суудал булаацалдсан хэрүүл тэмцэл хүний амиар хэмжигдэх хүртлээ хурцдаж байхад төгрөгийн ханш унаж, бензин тос, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоолны хордлого болон сүрьеэ өвчин тархлаа. Иймд Улсын Их Хурлын даргыг үүргийг орлон гүйцэтгэж байгаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд албан ёсоор шаардлагыг хүргүүлж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн А/02 тоот захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж эхэллээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.
- 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
- 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
- 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
- 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
- 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч та өөрт ойр байрлах дурын татварын албанд төлөх эсвэл Татварын ерөнхий газрын цахим сайт e-tax.mta.mn , https://itax.mta.mn/home буюу тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.
Хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй бол ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ-ийн 7.5.1 дэх заалтад тусгасны дагуу Агаар бохирдуулсны төлбөрөө төлөөгүй бол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөн хуулийн 11.19.14 дэх заалтын дагуу АТБӨЯХАТатвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварын төлүүлж, зохих татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүд:
Д/д |
Байршил |
Цагийн хуваарь |
1 |
Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ |
Даваа ~ Баасан: 08:30 – 17:30 |
2 |
АТҮТөв /цирк салбар, таван ган салбар, Нисдэг машин худалдааны төв / |
|
3 |
НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/ |
|
4 |
Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ |
Даваа ~ Баасан: 08:30 – 20:30 |
Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сониноос Токио хотноо зохион байгуулж буй “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг энэ сарын 30-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима хүлээн авч уулзав. Уулзалт яриа найрсаг байдалд болж, энэ үеэр хоёр талын Парламент хоорондын харилцаа, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс санхүүгийн хүндрэлийг даван туулахад Япон Улсаас үзүүлж буй санхүүгийн дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлээд хоёр үе шаттай зээлийн дараагийн шатны санхүүжилтыг яаралтай шийдэж өгөхийг Төлөөлөгчдийн танхимын даргаас хүсэв. Уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал, японы талаас Японы Төлөөлөгчдийн танхимын Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши нар байлцлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс гишүүдийн олонхийн саналаар дээрх тогтоолын төслүүдийг баталлаа. Дараагаар нь “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийг баярлуулах олон арга хэмжээ, өдөрлөгийг байгууллага, аж ахуйн нэгжүүдээс зохион байгуулдаг. Энэ жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зургадугаар сарын 01-ний өдрийн 11:00-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.
Тэгвэл хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эхчүүд хүүхдээ алдах, төөрөх эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай талаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдагийн нэгдүгээр хэлтсээс зөвлөж байна. Тодруулбал 2017 онд 282 хүүхэд, 2018 онд 60 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийнхаа хайхрамжгүй, хараа хяналтгүй байдлаас шалтгаалж төөрсөн байсныг цагдаагийн алба хаагчид олж тогтоон эцэг, эхэд нь хүлээлгэн өгч ажилласан байна.
Иймд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, төөрөх эрсдлээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна. Хүүхдээ алдах, төөрөхөөс урьдчилан сэргийлэх нь чухал ч мөн төөрсөн үед ямар арга хэмжээ авах талаар хүүхдэдээ анхан шатны мэдлэг олгох нь нэн чухал юм.
- Хэрвээ хүүхэд тань төөрсөн бол “Байгаа газраа зогсох, цагдаагийн ажилтан, харуул хамгаалалтын ажилтан эсвэл насанд хүрсэн том хүнд яаралтай мэдэгдэх” талаар сайтар хэлж ойлгуулах.
- Нэр, нас, хаяг зэргийг юуны түрүүнд хүүхдэдээ зааж өгөх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд хүүхдийн хувцасны дотор талын халаасанд оёж өгөх хэрэгтэй. Болгоомж хэзээд илүүдэхгүй.
- Хамгийн ойрын цагдаагийн хэлтэс, постод хүүхдээ алга болсон талаар яаралтай мэдээлж хандах хэрэгтэй.
- Хүүхдээсээ хараа хяналтаа салгалгүй байнга гараас нь хөтлөх, олон хүнтэй газар явахдаа хүүхдээ урдаа хөтөлж явж байх.
- Хотоос гарах, голын эрэг орчимоор баярлахдаа хүүхдээ гол, ус руу оруулахгүй байх, хүүхдээ автомашинд зориулалтын хамгаалалтын хэрэгсэл хэрэглэн тээвэрлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Тус хэлтсээс баярын өдрөөр иргэдийн амар тайван байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн сонсогчидтой хамтран Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Цэрэндоржийн гудамж зэрэг гудамж талбайд авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллах бөгөөд “Хүүхэд хамгаалагч” эргүүлүүдийг ажиллуулах юм.
Мөн бага насны хүүхэд эцэг, эх асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатарын талбай дээр дуудлага, мэдээлэл хүлээн авч ажиллах алба хаагчдыг ажиллуулах юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Замын Үүд-Эрээний хооронд явж байгаа оросын “69” машины асуудлыг Хятадын тал оруулдаггүй. Би энэ асуудлаар заримдаа Хятадын талтай ярьдаг. Уг нь та нар үүнийг зохицуулдаггүй. Мөнгө авах, зөвшөөрөл өгөх болохоор та нарын асуудал, хэрүүл гарахаар орон нутгийн асуудал болдог. ГХЯ энэ асуудлаар мөн ярьж байгаа. Энэ бол танай яамны ажил юм билээ. Үүнийг шийдээд өгөөч. Автотээврийн С зөвшөөрлийг үнэгүй олгож болдоггүй юм уу. Зориудын хомсдол бий болгоод зардаг байдал иргэдийг бухимдуулж байна.
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:
-Хоёр улсын хэлэлцээрээр зохицуулагдаж байгаа. Бээжингээс зөвшөөрөл ирэхээр оны хоёрдугаар хагаст гуравдагч орны машиныг оруулдаг болно гэсэн. С зөвшөөрлийн үнийг хямдруулах боломжтой. С зөвшөөрлийн тоог Хятадтай тохирдог. Тээвэрлэлтийн үйл ажиллагааг Хятадын талаас бага олгодог.
С.Бямбацогт: Автотээвэрт тусгай зөвшөөрөл гэх хүнд суртлыг багасгах хэрэгтэй
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Автотээврийн салбарт автозам, төмөр зам, нисэх гээд олон салбар хамаардаг. Авто тээвэрт тавьсан замаа нүүрс, ачаа бараа тээвэрлэж, тавьсан замаа эвдээд байдаг. Төрийн албан хаагчдын тоог багасгана гээд агентлагуудаа төсөвт байгууллага болгосон. Гэтэл аж ахуйн нэгж болчихоод орлого хөөгөөд явчихсан. Үүнд тээвэрчид зөвшөөрөл авах гээд бөөн ажил удаж байна. Тухайлбал, тээврийн жолооч дээр тусгай сургалтад суралцаж, мэргэшсэн жолооч бэлтгэнэ гэж байна. Энэ асуудлуудаа яаж шийдэх вэ? Улс хоорондын, мэргэшсэн жолооч, хот хоорондын тээвэрлэлт гээд бөөн хүнд суртал байна. Олон тусгай зөвшөөрлийг гурав дахин цөөлнө гэсэн. Хүнд суртал, авлига, шан харамжийн асуудлаа яаж шийдэх вэ?
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:
-Тээврийн салбарт уялдаа холбоог нь зохицуулах асуудал байгаа. Теримнал, ложистикийн төвүүдтэй уялдаа холбоог зохицуулж байгаа. Даац хэтрүүлэх асуудал дээр олон улсын конвенцийг мөрдөх заалттай ч уул уурхайн тээвэрлэлтэй холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх шинэ зохицуулалт хийсэн. Үүнийг хуулийн төсөлд тусгасан.
Мэргэшсэн жолоочийн асуудал өмнөх хууль дээр байсан. Мэргэшсэн жолооч гэдгийг олон улсын тээвэрт шаардаж байгаа. ЗЦГ-аас тухайн тээврийн хэрэгслийг жолоодож болно гэдэг. Харин мэргэшсэн гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийг барьж байхыг анхааруулдаг. Мэргэшсэн жолоочийн эрхийг таван жилийн хугацаатай олгодог.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:
-Осол аваар их гарч байна. Энэ талын эрхзүйн орчныг яаж сайжруулж байна вэ. Гашуунсухайтад ачаа тээврийн 15000 автомашин байна. Гэтэл өдөр хилээр 700 автомашин орж гарч байна. Хэт ачааллыг яаж зохицуулах вэ. Шивээхүрэнгийн боомтын автозамыг сайжруулахад ямар бодлого барьж байна.
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:
-Нийтийн хэрэгцээний бус зам талбай дээр явсан бол үйлдвэрлэлийн осол болдог. Уул уурхайн тээвэрлэлт дээр гарсан ослыг зохицуулахад хүртэл асуудалтай байгаа. Хэт олон машинд зөвшөөрөл олгоод байна гэдэг. Гашуунсухайд явж байгаа 5000 машинд л зөвшөөрөл олгосон байгаа.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Санал хураалтаар Автотээврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.