Categories
мэдээ улс-төр

МАН-ын бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдахаар товлосон боловч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. ҮХЦ УИХ-ын нөхөн сонгууль товлон зарласан тогтоолыг хууль зөрчсөн гэж түдгэлзүүлээд байгаа. Тиймээс ҮХЦ-ийн шийдвэртэй холбогдуулан МАН ч бага хурлаа хуралдуулж, УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар түр түдгэлзүүлсэн бололтой.

Categories
мэдээ улс-төр

​УИХ дахь байнгын хороод өнөөдөр хуралдана

УИХ дахь байнгын хороод өнөөдөр хуралдана.

1.Өргөдлийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээлэл сонсох.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд: /Хамтарсан хуралдааны дараа/

Хэлэлцэх асуудал:

•Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох.

3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд: /Хамтарсан хуралдааны дараа/

Хэлэлцэх асуудал:

•Аюултай хог хаягдлын асуудлаар холбогдох байгууллагын мэдээлэл сонсох.

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Бусад.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 62 удаагийн ой, хээрийн түймэр гарлаа

Он гарсаар улсын хэмжээнд 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 42 суманд нийт 62 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 49,7 мянган га ой, 250,8 мянган га хээрийн талбай, нийт 299,5 мянган га талбай түймэрт өртөж, 13 байшин, 3 гэр шатжээ.

Харин Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хил давж нийт 7 удаа ой, хээрийн гал түймэр орж ирсэн байна.

Түймрийн улмаас байгаль экологид 23.8 тэрбум, түймрийг унтраахад 449.7 сая төгрөгийн зардал гарч, нийт 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Энэ хугацаанд Улсын онцгой комиссын шийдвэрээр ой, хээрийн гал түймрийг унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, цагийн байдлыг үнэлэх, бие бүрэлдэхүүнийг түймрийг голомтод хүргэх, буцаах болон шаардлагатай техник, багаж хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн хүргэх зорилгоор нийт 9 удаа Зэвсэгт хүчний жанжин штабын МИ-171Е загварын нисдэг тэргийг дайчлан ажилласан.

Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага, орон нутгаас нийт 3372 хүн, 8 нисдэг тэрэг, 434 техник хэрэгсэл, 93 морьтойгоор ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Categories
гадаад мэдээ

​ Трампын Япон дахь айлчлал өнөөдөр өндөрлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Япон улсад хийсэн улс төрийн айлчлал өнөөдөр дуусч байна. Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай Мелания нарыг үдэхээр Японы эзэн хаан Нарүхито, түүний гэргий Масако нар Токио хотын “Palace” зочид буудалд мягмар гарагт зочилжээ.

Эзэн хааныг хаан ширээнд заларснаас хойш түүнд бараалхсан анхны гадаадын хүндэт зочид болсон Трампын гэр бүл өнгөрсөн бямба гарагт Япон улсад хүрэлцэн очсоноосоо хойш уг зочид буудалд байрлаж байсан юм.

Японы эзэн хаан, гэргийн хамтаар хүндэт зочдыг нутаг буцах сүүлийн өдөр нь уулзах уламжлалтай ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч даваа гарагт Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой албан ёсны уулзалт хийхийн өмнө гэр бүлийн хамтаар эзэн хаан болон түүний гэргий нартай уулзсан билээ.

Эзэн хааны гэр бүл даваа гарагийн орой АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлтэй хүндэтгэлийн зоог барьжээ. Япон улсад хийж буй Д.Трампын дөрвөн өдрийн айлчлал өнөөдөр дуусах юм.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“ТОП”-уудаа тоодоггүй монголчууд

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2018 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг өнгөрсөн долоо хоногт зарлалаа.Өнөө жилийн хувьд 50-ыг нэмж шилдэг 150 аж ахуйн нэгжийг зарласан юм. Эдийн засгийг нуруундаа үүрч энэ улсыг өдий дайны авч яваа компаниуддаа МҮХАҮТ жилдээ нэг удаа монголчуудын өмнөөс “Баярлалаа” гэж өргөмжлөл гардуулдаг утга учиртай арга хэмжээ. Тийм ч учраас хэвлэл мэдээллийнхэн онцгойлон хандаж сурвалжилж, мэдээллийг нь түгээсээр өнөөг хүрсэн.

Өнөө жил бидний мэдэх үндэсний хэдэн компаниуд маань өмнө хойноо орон дараалж, шилдэг 100-д эрэмбэлэгдлээ. Дараагийн 50-д ч өчнөөн хүнийг ажилтай амьдралтай авч яваа компаниуд шил дараад байна. Топуудыг эрэмбэлэхдээ Сангийн яам, Үндэсний татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний статистикийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг. Өөрөөр хэлбэл тухайн аж ахуйн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг хардаг. Ингээд харахаар ТОП-ууд маань Монголын хамгийн их хөрөнгөтэй, тэр хэрээрээ улсад татвар төлдөг, хамгийн олон хүн ажиллуулж, цалин өгдөг, нийгмийн даатгал төлдөг жинхэнэ баялаг бүтээгчид. Нэг ёсондоо дотоодын татварын орлогын дийлэнхийг нуруундаа үүрч, Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон үндэсний компаниуд юм.

“Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжийг салбараар нь дүгнэвэл уул уурхай, түүнийг дагасан бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа өссөн дүнтэй гарчээ. Тэдний борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос таван их наядаар өсч, 30 их наяд хүрсэн нь ДНБ-ий 96 хувийг эзэлж байна. Түүнчлэн төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 29 хувиар өсч, 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын татварын нийт орлогын 50 хувьтай тэнцэж байна” гэсэн статистик байна.

Монголчуудын хамгийн их зүхдэг хэрнээ, шууд түүнээсээ хараат амьдардаг уул уурхай, олборлох үйлдвэрлэл нийт аж ахуйн нэгжийн 70 гаруй хувийг эзэлж байгаа бол банк, санхүүгийн салбар үүний удаад 14 хувьтай гарчээ. Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамжийн чиглэлээр ажилладаг компани дөрөв, худалдаа үйлчилгээний компани ТОП-уудын гурван хувийг эзэлж. Үлдсэн цөөн хувийг хүнс, харилцаа холбоо, тээвэр ложистикийн компаниуд эзэлдэг ажээ.

Монголын улстөрчид, түүнээс улбаалан УИХ-ын гишүүн болон төрийн сэнтийд залрахыг хүсэгчид бүгд л уул уурхайг үзэн ядагчид байдаг. Ард түмний баялгийг идэж байгаа компанийг хаа, хөрөнгийг нь хураа. Хурааж аваад ард түмэнд баялгийг тэгш хуваарилах тухай амаа цангатал ярьдаг. Ажилгүй, цалингүй, гудамжинд лааз өшиглөж яваа хүмүүст ийм үг таалагдахыг мэддэг болохоор эцэж цуцалгүй ярина. Ярьсаар байтал ийм үлгэрт итгэгсэд түүнийг сонгоод гаргаад ирнэ. Дахин сонгууль болоход дахиад л “уул уурхайг хаа, зогсоо” гэж орилогсод. Ийм л цуврал үргэлжилж байна. Ажил хийж байгаа нэгнээ амаа эцтэл муулж, алдар нэртэй болдог технологи амилж, биежиж эхлээд удаж байгаа. Мэдээж, уул уурхайн компаниуд болон төрийн байгууллагууд хаана хаанаа засаж залруулах, сайжруулах зүйл байлгүй л яахав. Буруугаа зөв болгож, алдаагаа засаж байж л хамтдаа урагшилна уу гэхээс хааж боогоод хэн ч хожихгүй. Анзаараад байх нь ээ, татвар гэдгийг манайхан төдий л их ойшоож үздэггүй санагддаг. Эдгээр ТОП-уудын улсад төлсөн татвараар хичнээн эмч, багш, цалинжиж, эмнэлэг, сургууль ажилладаг гэдгийг хэн ч мэддэггүй мэт аашлах юм. Хүүхдүүд нь адлаад байгаа компаниудын улсын төсөвт өгдөг татварын ачаар сургууль, цэцэрлэгт явж, өөрсдөө өнөө топуудыг төлдөг татвараар ажилладаг эмнэлгээр үнэ төлбөр өгөхгүйгээр үйлчлүүлдэг хэрнээ яагаад ч юм тэжээгчдээ дургүй хачин сэтгэлгээ газар аваад байна. Монголын төр энэ компаниудын өгсөн татвараар хөдөлж, хилээ манах цагдаатай, хэргээ шүүлгэх шүүхтэй байгааг хэн ч ойшоохгүй нь хачирхалтай.

“2018 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо” гэсэн мэдээний дорх сэтгэгдлийг цахим орчноос сонирхоод хараарай. Сониуч нэг нь бүр нэгтгээд гаргачихсан байна лээ. Шилдэг 100-д шалгарсан уул уурхайн компаниудын дор “Монголыг өрөнд оруулж баялгийг маань ухаж байгаа энэ компаниуд гарвал таарна. Зогсоо, хаах хэрэгтэй, идээчин шулаачин” гэсэн сэтгэгдэл олон таарна. Банкуудыг болохоор “Ард түмнийг ясыг нь цайтал хүүлж байгаа юмнууд үхснээрээ Топ байдаг юм” гэж зүхнэ. Харилцаа холбооны компаниудыг “Сайн луйвардлаа гэж шагнаж байгаа юм байх даа”, шатахууны компаниудыг “Бензин шаглачихаад юундаа шалгардаг юм” гэх жишээтэй.

Үндэсний сүлжээ дэлгүүрүүдийг “Ийм хөгийн дэлгүүрүүд шалгарахаар ямар олиг байдаг юм” гэнэ. “ТОП-100” аж ахуйн нэгжийн удирдлагуудын бөөнөөрөө хамт авахуулсан зурагны дор “Дан хууль зөрчдөг компаниуд байна. Та нар шалгараад бидэнд юу наалдахав дээ” гэж бичих нь энүүхэнд. Энэ бол харин ч зөөлөн хэлбэрээр дайрсан сэтгэгдлүүд. Үүнээс ч муугаар бичнэ. Хичнээн жил, хичнээн олон хүний хөлс хүчээ дуслуулан зүтгэсэн хөдөлмөрийн үр дүнд өнөөдрийн үндэсний компаниуд маань өдий зэрэгт хүрсэн гэдгийг хэн ч төсөөлөхгүй. Тэнгэрээс бэлэн буугаад ирээгүй нь лав. ТОП-уудаа тоодоггүй, баялаг бүтээгчиддээ харшилдаг ард түмэн өөдлөхгүй. Тэднийгээ тордож, томруулж байж л бид том эдийн засагтай том орон болно. Өөртөө сэтгэл хангалуун, бусдын өмнө толгой өндөр, нүүр улайхгүй амьдарна гэсэн үг.

Үндэсний том компанийн захиралтай ярилцлага хийж байхад хэлсэн нэг үг санаанд үлджээ. Тэрбээр хэлэхдээ “Дэлгүүрт орлоо гэхэд дотоодын компанийнхаа бүтээгдэхүүнийг сонгохыг хичээдэг. Ядахдаа л Монголд үйлдвэрлэсэн нэг жүүс аваад гардаг даа” гэж байсан.Энэ бол үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжлэг ямар чухал байдгийг мэдэрсэн хүний үг. Түүн шиг ядахдаа л дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж худалдаа хийх, бүр чаддаггүй юм гэхэд хийж бүтээж байгаа нэгэн рүүгээ нулимахгүй байж сурахсан.

Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засаг томорч тэлэхэд хэцүү. Улстөрд популистууд олширч, УИХ, Засгийн газар нь зах зээлийн эсрэг ажиллаад эхлэхээр гадаадын хөрөнгө оруулагчид оруулсан мөнгөө татаад манай улсаас гараад явчихдаг. Олон том компанийн яг ийм шалтгаанаар Монголыг орхисон түүхийг бид мэднэ. Овоохон мөнгө оруулсан нь хэрэгжүүлж байгаа төслөө түрдээ зогсоож царцаадаг. Байдал бүр эвгүйдвэл гарна гэсэн бодолтойгоор ажилчдаа цомхотгож, компанийнхаа ажиллагааг зогсоодог. Ийм хэцүү цагт үндэсний хэдэн компанид л зогсох эрх байдаггүй. Ажилчдаа ажилгүй болгож, үүд хаалгаа барилгүйгээр хэцүүг сөрж зүтгэдэг. Муусайн баячууд гэж адлуулсан хэрнээ л ажилчдаа халахгүйг бодож, төсөвт өгдөг татвараа таслахгүйг хичээж, жилээс жилд ашиг нь багассан ч урагшаа зүтгэсээр байдаг. Үндэсний хэдэн компаниа ингэж харж бахархаж байж л бид улсаараа хөгжинө.

Categories
мэдээ цаг-үе

З.Алтай: Бидэнд үлгэрт итгэх итгэл алга

Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд нэгдэж “Бие даан нэр дэвшигчдийн холбоо” нэрийн дор УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулах “Электорат” хөдөлгөөнийг байгуулсан талаар бид мэдээлж байсан. Энэ талаар УИХ-ын гишүүн асан З.Алтайтай ярилцлаа.


-Өнгөрсөн пүрэв гаригт танай хөдөлгөөний хоёрдугаар чуулган болж өнгөрлөө. Та Электорат хөдөлгөөнд яагаад элсэх болов?

-Манай хөдөлгөөний хоёрдугаар чуулган болж, цаашдынхаа ажлаа ярилаа. Энэ хөдөлгөөнд нэгдсэн хүмүүс өөрсдийн хүслээрээ л цугласан. Салбар салбартаа л хийж бүтээсэн зүйлтэй, нас намба тогтчихсон, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн ийм л улсууд энд нэгдсэн. Эдгээр улсуудад хөдөлгөөн байгуулаад явахаас өөр хийх зүйл олон бий. Гэтэл цаг заваа гаргаад, нийгмийнхээ болж бүтэхгүй асуудлуудад санаагаа чилээж, үзэл бодлоо хэлчихье гээд цуглаж байна гэдэг нь ерөөсөө цонхны цаадах амьдрал болохгүй байгаагийн шинж. Бүх зүйл амар, амгалан болдог юм болдгоороо болж, төр засаг нь ажлаа гялалзтал хийж байсан бол юу гэж хийх ажилгүй хүмүүс шиг энд цуглахав дээ. Энэ нийгэм болохоо байлаа шүү дээ.

-Тухайлбал?

-Бид чинь монгол хүмүүс. Энэ эх орныг хайрламаар байна. Үр хүүхэд, ач зээ нарынхаа маргаашийн ирээдүйг бодохгүй бол хэцүүдлээ. Би энэ улс орондоо хийх зүйлээ хийчихсэн, одоо надад хамаа байхгүй гээд суугаад байвал хэн энэ улс орныг чинь залуурдах юм. Хойч үеэ бид тамын тогоо руу түлхмээргүй байна. Зөвхөн эдгээр намуудаас сонгогдсон хүмүүс хамгийн мундаг, ухаалаг, эд нар л Алтан гадас одыг заагаад явчихна гэдэг шиг худлаа юм байхгүйг сүүлийн 30-аад жил бид харлаа шүү дээ. Худлаа ярьдаг, амладаг, мөнгө иддэг, луйвар хийдэг гээд болохгүй болгоныг л тэд хийж байна. Сүүл рүүгээ Их хурлын гишүүд хүчин хийдэг болоо биз дээ. Үүнийг дээд дамуурал гэж ойлгох нь зөв биз. Зүгээр нэг компанид ажиллаагүй Монголын төрд зүтгэж байгаа шүү дээ. Үүнийг л өөрчлөх шаардлага тулгарлаа. Бид бол улс төрийн нам биш. Сайн дурын үндсэн дээр нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн хөдөлгөөн. Энэ хөдөлгөөнд нэгдлээ гээд ашиг хонжоо, алдар нэр, эд хөрөнгө гээд юуг ч горилоогүй. Энэ муухай үнэртэй болчихсон парламентын илжирч, ялзарсан хөнжлийг сэвж, жаахан цэвэр агаар оруулмаар байна. Хэдэн ЖДҮ-чдийн оронд ЖДҮ хийе гэж огт боддоггүй зөв хүмүүсийг төрд гаргамаар байна шүү дээ. Хэдэн бие даагч УИХ-д гарлаа гээд Засгийн эрхэнд гарчихна гэдэг юу л бол. Гэхдээ л Монголын төлөө гэсэн сэтгэлтэй хэдэн зөв хүнийг төрд гаргачихвал бидний сэтгэл амарна. Эд нар минь Монголыг хөгжүүлээсэй, зөв замд нь оруулаасай гээд дээлийнхээ захыг эргүүлээд суумаар байна. Энэ бол Электорат хөдөлгөөнд элссэн хэдхэн хүмүүсийн асуудал биш. Энэ бол хэдэн сая Монголын сонгогчдын төлөө юм.

-Хамгийн гол нь тэр хүч нь юу юм бэ?

-Бид ард иргэдийгээ юу хүсч, хүлээж байгааг мэдэхийн тулд судалгаа хийсэн. Энэ судалгаагаар маш олон зүйл харагдлаа. Иргэд эрх барьдаг хоёр намд итгэх итгэлгүй болж, тэднийг тоож харахаа ч больж. Үүнээсээ улбаалаад сонгуульд саналаа өгөхөө ч больчихож. Ойлгомжтой шүү дээ. Саналаа өгөөд гаргачихаар дараа нь юу болдгийг ард иргэд мэдэж байгаа. Бүр хашраачихсан байна. Энэ улсуудын итгэлийг эргүүлэн сэргээе. Энэ улсын эзэн нам болж тоглодог хэдэн улстөрчид биш шүү дээ. Монгол Улсын жинхэнэ эзэд бол бид юм аа нөхөд өө. Одоо сэрцгээе. Эрүүлээр сэтгэцгээе. Ингээд ирэх оны сонгуульд эх орныхоо хувь заяаг зөв хүмүүст өгье. Гурав дахь сонголт гэж энэ хоёр нам хэзээ ч өгдөггүй юм. Тиймээс бидний зүгээс та бүхэнд гайгүй зөв гэж бодсон хүнээ санал болгоно. Ард иргэд өмнө нь зөвхөн хоёр намын нэгийг сонголтгүйгээр зурдаг байсан бол гурав дахь хүнийг та бүхэн хараадахаарай. Наадах чинь бас гайгүй хүн байх магадлалтай шүү гэдэг сэдлийг өгөх гэж байгаа юм. Бид 2020 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт өрсөлдөх бие даан нэр дэвшиж болохуйц хүмүүсийг олон түмнээр бүтэн жилийн турш хэлэлцүүлэх зорилгыг тээж байгаа.

-Электорат хөдөлгөөний хувьд одоо ямар ажлууд хийж байна?

-Энэ хөдөлгөөн байгуулагдаад дөнгөж хоёр сар болж байна. Бид сэтгэлээрээ л ажиллаж байна. Долоо хоног бүр тогтмол 20 орчим хүн уулзаж, идэвхтэй оролцож байна. Одоохондоо яавал ард иргэдийгээ зөв гольдролд оруулах вэ, яасан нь дээр вэ гэдгийг л ярьж байна. Бид энэ хөдөлгөөнд оролцлоо гээд цалин мөнгө авч байгаа биш. Сэтгэлийн асуудал л даа. Бид улс төрийн нам биш. Улс төрд гараад ЖДҮ “хусна” гэх мэтийн санаа байхгүй шүү дээ. Хамгийн гол нь бидний үйл ажиллагаа ард иргэдэд нээлттэй байх ёстой. Ард иргэд бид хамтдаа зөв хүнийг олно. Тэрнээс бид хэд суучихаад энэ нь бохир, тэр нь цэвэр гэдэг зүйл байдаггүй юм. Одоо манай хөдөлгөөний зөвхөн эхлэл хэсэг нь явж байна. Сонгууль хүртэл зай ч байна.

-Та бүхний дараагийн ажил юу байх вэ?

-Зун цаг ирлээ. Одоо бол бүх хүн л амардаг айрагны үе шүү дээ. Тиймээс есдүгээр сараас бидний ажил идэвхжинэ. Сонгууль ойртож байна.

-Та бүхэн хоёр ч удаа иргэдийн дунд тандалт судалгаа явуулж, 2020 оны сонгуулийн нөхцөл байдлыг өнөөдрийн байдлаар тогтоон гаргасан. Сүүлийн судалгааг өмнөхтэй нь харьцуулахад МАН, АН-ын рейтинг бага зэрэг өссөн байна лээ. Та бүхэн үүнийг сонгуультай холбож тайлбарлаж байсан?

-МАН-ын рейтинг дээшлээд сүйд болсон зүйл байхгүй шүү дээ. Хэдэн гайгүй залуучууд гарч ирээд шударга ёсны сэлэм ч билүү тэрийгээ эргүүлэхээр МАН гэдэг нэр л сэргэж байна. Тэрнээс шалдаа буучихсан л байсан. Тиймээс МАН гэж хайр зарлаад байгаа биш хэдэн лидер залуучуудад нь итгэх итгэл ард иргэдэд байна. Хэдэн залуучууд гарч ирээд намдаа салхи оруулах нь бидэнд л сайн. Ирэх жилийн сонгуулиар элдэв амлалт өгөөд, мөнгө тараана, бүгдэд нь хайртай гээд үнсэж үнгээд л шоудаад л байна шүү дээ. Гэхдээ бидэнд үлгэрт итгэх итгэл алга. Ирэх сонгуулиар хулгайчуудын оронд зөв хүн гараасай, боловсролтой мэдлэгтэй хүн сонгогдоосой гэж Электорат хөдөлгөөн зориод байгаа юм.

-Та УИХ-ын гишүүн байсан хүн. Өнөөгийн УИХ-ын үйл ажиллагааг хэрхэн харж байна вэ?

-Би бол улстөрч биш. Өөрийгөө улстөрч хүн гэж хэлэхээсээ ичдэг. Зүгээр УИХ-д дөрвөн жил суусан бие даагч хүн. Нийгэм өөрөө олон хуулийг шаардаж байна. Гэвч босч зогсож үг хэлнэ гэх мэт марзан юм ярьж байхаар одоо хийх гэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөө ул суурьтай хийчих хэрэгтэй. Үндсэн хуульдаа тодорхой хэмжээний зөв өөрчлөлтийг хийчихсэн байхад бусад дагалдах салбар хуулиуд явдгаараа л явна. Шүүмжлэлтэй зүйлс зөндөө байгаа. Аль ч улсад 100 хувь бүрэн болчихсон хууль гэж байдаггүй. Сул тал, сайн тал аль аль нь байж л байгаа. Уул нь гол юмаа зургадугаар сард амжаад хийчихвэл. Үндсэн хуулийг 65-уулаа нийлээд баллах гэж байна гээд дэмий зүйлс ярьж л байна. Энэ 76 хүнийг ард иргэд Монголын амьдралыг сайжруул гээд сонгочихсон байхад дахиад ард түмний хэлэлцүүлэг явуулах ямар хэрэгтэй юм бэ. Ард түмэн бүр Үндсэн хуулийг ингэж өөрчилнө гэж нарийн мэдэхгүй.


Categories
мэдээ цаг-үе

Л.Баттүвшин: Тархи судлалын хүрээлэн стресстэй холбоотой эмгэгийг судалж байна

АШУИС-ийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал Л.Баттүвшинтэй ярилцлаа.


-АшУиС-д тархи судлалын хүрээлэнг байгуулаад удаагүй байна. Хүрээлэн байгуулах болсон үндэслэл юу байв?

-Тархи судлал бол сэтгэл судлал, мэдрэл судлал, сэтгэцийн эмгэг судлал, мэдрэлийн мэс засал, мэдрэлийн дүрс оношлогоо гэсэн салбар шинжлэх ухааны суурь шинжлэх ухаан юм. Энэ шинжлэх ухаан манайд шинэ судлагдаж байгаа салбар. Би Японд психосоматикийн анагаах ухааны чиглэлээр, тэр дундаа тархи судлал буюу нейросайнсын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. 2013 онд сургуулиа төгсөөд Монголд ирэхэд манайд энэ чиглэлийн нарийн мэргэжлийн ажил байгаагүй, сургуулийнхаа Сэтгэцийн эмгэг судлалын тэнхимд багшлах зам үлдсэн байсан. Тэгээд сургуулийнхаа хэсэг залууст санал тавиад бид энэ сургуульд байгаа хэсэг залуус, тэр чиглэлийн нэлээд хүмүүс бас дээр нь молекул, биологи, генетик судлал, дотор судлал, физиологи судлалын тэнхимийн багш нартайгаа нийлээд анх удаа Монголд тархи судлал буюу Нейросайнсын нийгэмлэгийг байгуулсан. Тархи судлалын чиглэлийн эмч мэргэжилтнүүдийн дунд хурал зохион байгуулах, энэ чиглэлээр дэлхийд нээлт хийсэн эрдэмтэн судлаачдыг Монголдоо авчрах зэргээр багагүй ажлыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан. Өнгөрсөн оны есдүгээр сард Нобелийн шагналт, Норвегийн нэрт эрдэмтэн Эдвард Мозерийг урьж авчирч Төрийн ордонд “Тархи судлал-XIX зууны тэргүүлэх шинжлэх ухаан” гэсэн сэдвээр чуулган зохион байгуулсан. Тэр үеэр дэлхийн шилдгүүд хэлж байсан. “Танай улс тархи судлалын хүрээлэнтэй болох хэрэгтэй. Үүнд төр засгаас анхаарах ёстой” гэж. АШУИС-д багш нарын хүний нөөц байна, судалгаа хийх лаборатори байна. Дээр нь олон улсад танигдсан сургуулийн нэр хүнд байна. Эдгээр ажлын үр дүнд энэ оны дөрөвдүгээр сарын 24-нд АШИУС-ийг түшиглээд Монголд анх удаа Тархи судлалын хүрээлэнг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

-Хүрээлэнгийнхээ бүтэц зохион байгуулалтын талаар товч танилцуулахгүй юу?

-Хүрээлэнг миний бие удирдаж байгаагаас гадна Эрдэмтэн нарийн бичгийн даргаар манай Эрдмийн сургуулийн захирал, анагаах ухааны доктор Б.Дамдиндорж ажиллаж байна. Хүрээлэн нийт найман ажилтантай. Тэд маань гурван лабораторид хуваагдсан. Суурь судалгаа буюу системийн нейросайнс, молекулын болон эсийн нейросайнс, эмнэл зүйн буюу клиник нейросайнсын лабораториудтай.

-Тархи судлалын хүрээлэн байгуулснаар манай улсад ямар ач холбогдолтой вэ?

-Зүрх судасны эмгэг манай монголчуудын дунд нас баралтын нэгдүгээр шалтгаан болдог. Үүнд зөвхөн зүрхтэй холбоотой эмгэг ордоггүй. Тархины цус харвалтын эмгэгүүд бий. Судас хагарч, нарийссанаар тархи гэмтдэг. Судасны шалтгаант мэдрэл, сэтгэцийн өвчин, архидалттай холбоотой эмгэг, амиа хорлолт. Дээр нь сүүлийн үед хар тамхины донтолт манайд нэмэгдэх болсон. Энэ бүгд тархи судлалын шинжлэх ухааны судлагдахуун юм. Эдгээр эмгэгийн шалтгаан нь юу вэ, шалтгаан тодорхой болсны дараа үр нөлөөтэй эмчилгээ юу байж болох вэ гэдгийг судална. Энэ бол тархи судлалын шинжлэх ухааны нэг том ач холбогдол. Нөгөө нь тархийг өөрийг нь судлах тухай юм. Өнөөдөр болтол хүн төрөлхтөн нарийн сайн судалж чадахгүй байгаа ганц эрхтэн бол тархи юм. Технологи хөгжих тусам тархийг өндөр түвшинд судалж байна. Монголчууд ч гэсэн хүн төрөлхтөнтэй эн зэрэгцэн энэ шинжлэх ухаанд өөрсдийн хувь нэмрийг оруулах ёстой. Бид хэдий 3.2 сая хүн амтай ч тэр дотор эрдэмтэд төрөн гарахыг үгүйсгэхгүй. Бидний одоо үе биш юм гэхэд бидний дараа, дараагийн үеэс дэлхийд өрсөлдөх хэмжээний эрдэмтэд гарч ирэх ёстой. Үүний эхлэлийг одоо тавих ёстой юм.

-Үйл ажиллагаа хэр жигдэрч байна вэ, санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдэв?

-Шинжлэх ухаанд хэдий чинээ мөнгө зарна, төдий чинээгээр ДНБ-ий хэмжээг ихэсгэж байдаг. Манай улсад шинжлэх ухааны салбар хэцүү нөхцөл байдалд байгаа. Эрдэм шинжилгээ, шинжлэх ухааныг бизнес гэж ойлгож болохгүй. Эхлээд үр тариагаа тарьчихаад дараа нь ургацаа хурааж авдаг. Тиймээс эхлээд шинжлэх ухааны салбарт санхүүжилтийг сайн өгөх ёстой.

Бид Засгийн газрын санхүүжилттэй болохын тулд нэлээд олон шалгуур үзүүлэлтийг давах ёстой. Тэднийг гүйцээж, өргөдөл гаргахын тулд нэг, хоёр жилийн хугацаа шаардагдахаар болоод байна. Одоогоор бид Дэлхийн тархи судлалын байгууллагатай хамтарсан төслийг хэрэгжүүлж байна. Мөн Солонгос, Японтой хамтарсан. Саяхан БНХАУ-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Үйл ажиллагааны хувьд тархи судлалтай холбоотой нийгмийн суурь судалгаануудыг эхлүүлээд байна. Тодруулбал, стресстэй холбоотой биеийн ба сэтгэцийн эмгэгийн механизм, оношлогоо, эмчилгээг орчин үеийн аргаар судалж байна.

Б.ЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Жигжидсүрэнгийн Нэргүй: Хөргийг маань орлогч эрхлэгч уншчихаад уйлаад сууж байж билээ

Түрүүч нь №105(6206) дугаарт


Орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүйтэй хөөрөлдлөө.


-“Хөрөг шүлэг” бичсэн тохиол олон байна уу?

-“Хүмүүсийн тухай роман”-ы хоёрт “Тэр их хүн- Нямбуугийн Нямдорж” гэсэн нэг шүлэг байгаа. Ухаандаа, би тэрүүгээр Нямдорж гуайн тухай хөрөг шүлэг босгочихсон гэж “оодорч” байгаа. Радио, телевизийн хорооны дарга асан Зантав гэдэг хүний тухай бичсэн Бямбажавын Энхтуяагийн нэг шүлэг бий. Агуу даа. Нэрийг нь бас л мартчихаж. Миний энэ муу толгойн судаснуудад улаан цусны оронд прессний төмөр утас шургуулчихсан юм шиг болжээ. Д.Ган-Очирын надад зориулсан нэг шүлэг бий. “Үзэгдэхээ болилоо гэж загнаад байдаг мөртлөө яваад очихоор “ажил ихтэй байхад” гээд уурлаад унадаг” гэсэн мөрүүдтэй. Аль эсвэл Чойномын “Буриад” найраглалыг бол бүхэл бүтэн үндэстний тухай “Хөрөг найраглал” гэмээр байдаг. Би анх тэгж дуугарсан юм шүү, одоо ч батлаад хэлчихье. Түүний өмнө гишгэсэн юм одоохондоо алга. Миний л “онолоор” шүү дээ. Хөрөг хэрхэн бичих тухай албан ёсны онол байдаг эсэхийг нэг муу техникум төгссөн би мэдэхгүй. Элдэв дээдийн уран зохиолын том, том сургууль төгссөн зохиолчид тэр болгон хөрөг хийгээд байдаггүйг бодоход тийм онол байдаггүй юм байлгүй дээ.

-Таны хийсэн хөргүүдээс аль нь хамгийн сайн болсон бэ?

-Тэрийг ч би өөрөө биш, та нар л дүгнэх ёстой байх. Яахав дээ, хөндлөнгийн хүнийх гэвэл Нямсүрэнгийнх, Дашбалбарынх гайгүй болсон байх.

-Та чинь нээрээ Данзангийн Нямсүрэнг нас барснаас нь хойш хамгийн анх тэр хөргөөрөө агуу ихийг нь эргэн тунхагласан хүн дээ. Дашбалбар багшийн тухай амьдад нь жинхэнэ уран сайхны хоёр ч хөрөг хийсэн байдаг. Нэгдүгээр дэвтэрт чинь байдаг шиг санагдах юм?

-Тийм үү, чи нээрээ санаж байгаа юм уу. Баярлалаа. Нямсүрэнгийн тэрэнд чинь, өглөө нь танай сонины шуурхай дээр хэлэлцээд бичлэгийн шагнал гэж хамгийн өндрөөр үнэлэн 20 мянгыг тавьсан байсан, дугаар хариуцсан Ши.Сүхбаатар бас 20 мянгыг нэмсэн байсан, ингээд би чинь тэр хөргөөс нэг өдөр 40 мянгыг хүртэж “гайтаад” хоёр өдөр “савсан” гэж байгаа.

-Балрахыг шахаж. Галсансүхийн хөрөг байна, бас л аатай бичсэн шүү?

-Тэр чинь хөрөг биш ээ, шүлгүүдийг нь задалсан үгүүлэл аятай л юм. Мандуулах нь ч юу байхав дээ. Нэг хөөрхөн юм ярих уу.

-Юу билээ?

-Тэр үед би Галсансүхийг Хэнтийн Дадалын л хүүхэд гэж сонссоноос биш огт таньдаггүй байлаа. Этгээд шүлэг бичдэг болохоор нь тойрч гүйгээд, ойртож танилцахаасаа жийрхээд явдаг байсан ч юм уу, бүү мэд. Би чинь хөдөөний хөөсөн мантуу байлаа шүү дээ. Одоо харин хуучин зургууд харжээ байхад, уг нь 1993 онд Өндөрхаанд анх удаа болсон Чойномын яруу найргийн наадам дээр тааралдсан юм билээ л дээ. Шүлгийг нь их хачирхдаг, энэ лав франц хэлтэй хүүхэд байх, тэгээд л ингэж бичиж сурсан байх гэж боддог байлаа. 2008 оны хавар тэргүүн дэвтрээ эмхэтгээд дуусгаж суутал нэг өдөр Ган-Очир маань гүйгээд ороод ирлээ. Тэр үед би шадар сайд Энхсайханы хэвлэлийн төлөөлөгч санаатай, Төрийн ордонд суудаг байлаа. Энэ муу Ган-Очир золиг чинь цагтаа миний хөлийг угаах нь холгүй явсан юм. Аль Дорнодод байхын л хар нялхаасаа. Балбарын өнөөх “Царай сайхантай, сэтгэл муухантай хүүхнүүдэд дурлаж явсанд орвол Цагийг эзэлсэн Занабазарынхаа хөлийг угааж явахсан” гэдэг мөрүүдийнх шиг. “За, ах аа, номоо дуусав уу” гэж байна. “Ард нь гарч л байна. Тэр Галсансүх гэдэг пацааны юмыг нарийн үзээд ганц хоёр юм дуугарчих юмсан, даанч танихгүй юм” гэсэн чинь Ган-Очир “Өө, би сая ирж яваад энүүхэн хойно тааралдлаа, байшингийнхаа гадаа хоёр хүүхдээ тэврээд салхилуулж зогсоно лээ, одоохон би очоод таныг хэлээд номыг нь аваад ирье” гэснээ хүүе, хааяын завдалгүй год үсрээд алга болов. Дорхноо хоёр номыг нь бариад ороод ирлээ. Тэр шөнө нь сууж уншаад, маргааш шөнө нь сууж бичээд, шүлгийнх нь өнгө аясад тааруулан зориудаар “Монголын яруу найргийн модернизмын архитекторч” гэсэн гадаад үгсээр зодсон нэр өгөөд, нөгөөдөр нь танай сонинд очоод чулуудчихлаа. Баастын Золбаярт байх аа. Дараа өдөр нь гурван нүүр дамжаад гарчихаж. Улс амьтан утасдаад л, ямар сайн болоо вэ гээд л.

-Дахиад хөөрч савав уу?

-Одоо бол ямар ч сайн юм гарлаа гэсэн хүмүүс чинь бие бие рүүгээ баяр хүргэж утасдахаа больсон цаг шүү дээ. Тийм л атаач нийгэмтэй “суучихсан” юм чинь. Баярласан хүмүүс утасдаад байдаг, харин “гол гэмтэн” Галсансүх нь л өөрөө чимээгүй шүү. Овоо юм хийчихлээ гэж сагсуураад урьд өдөр нь лүүлэгнэчихсэн байсныг хэлэх үү, гэдэс дотор, улаан хоолой гэж үсээр нь буруу харуулаад чихчихсэн зараа шиг л юм байна. Баярлалаа гэж утасдах байлгүй, тэгвэл шараа тайлуулъя гээд хүлээгээд байлаа, байдаггүй дээ. Үд боллоо, байдаггүй ээ. Үдийн хойно боллоо, байдаггүй ээ, Энхсайханаас орж мөнгө гуйлтай биш, шар ч өөрөө нэг юм тайлагдаж байгаа бололтой, горьдлого ч тасарлаа. Ажлаа тараад автобусанд суугаад харихшуу санаатай юм барайж явсан чинь 9911-тэй утаснаас дуудлага орж ирлээ. Энхсайхан даргын утас биш ээ. “Энэ чинь одоо ямар сонин юм бэ” гэж хачирхаад авсан чинь шулгадуу ч юм уу гэмээр нэг нөхөр мэндийн зөрөө ч үгүй “Нэлгүй ах аа, Нэлгүй ах аа, би өөлийнхөө агууг танаас л мэдлээ” гэж хашгирч байх юм. Энэ чинь уншигчийнхаас хамаагүй өндөр үнэлгээ байхгүй юу. “За, өнөөх чинь байна” гэж бодуутаа гэнэт уур хүрээд ямар ч үгийн солиогүй “Завгүй байна аа, харьж явна” гээд утсаа тасалчихлаа. Их гайхсан байх. Ухаандаа, гоморхож байгаа маань тэр. Уг нь надаас “Та завтай байна уу, шарыг чинь тайлж өгөх үү” гэж гуйх нь гэж горьдож л дээ би, улаан туучий чинь. Би л гэж өдөр нь дэмий хүлээснээс биш, жоохон хүүхэд чинь юу л гэж зүс харснаас цаашгүй нутгийн ахмад хүнийг ажлын цагаар, тэгээд бас Төрийн ордонд ажилтай хүнийг шүү, дуудаж гаргаад л архи цутгаж байхав дээ энэ чинь, тийм үү. Нээрээ ч хөөрхий минь, тэр үед чинь мань эрийг хүн бүр л арьсан дээрээ ганц ширхэг үсгүй чоно тайзан дээр гараад дуулахыг харж байгаа юм шиг хачирхдаг байсан юм чинь.

-Үгүй нээрээ та тэгж байгаад их “ааштай” хүн шүү?

-Хэд хоногийн дараа өглөөний долоо дөнгөж өнгөрч байсан чинь мань эр дахин утасдлаа. “Гэрээ заагаад аль. Танайд орж өглөөний цай уухаар Москва рестораны урд ирчихээд байна” гэж. “Үгүй ээ, ирж болохгүй, хадмуудын бие тааруухан” гэсэн чинь “Тэгвэл гараад ир, машин дотроо хүлээж байя” гэж тушаалаа. Эхнэр босоод үсээ самнаж байсан. Дундаа ганц мянган төгрөгтэй гэж байгаа, тэр өглөө. Далиманд нь эхнэрээ тэрүүхэн сургууль руу нь буулгуулчихъя гээд хоёулаа гараад очсон чинь Ломбын Нямаа багштайгаа, урьд нь миний огтоос сууж үзээгүй нээг их том хар жийптэй зогсож байна. Намайг орж суунгуут л тавин мянган төгрөг атгуулчихлаа, “Миний сэтгэлийн бэлэг” гээд.

-За, бүүр баяжихыг шахаж?

-Дургүйлхсэн дүр үзүүлсэн ч авчихаад авгайг сургууль руу нь буулгаж, гучин мянгыг нь өгөөд “Өвгөн чинь өнөөдөр үлдсэнээр нь архидлаа шүү” гэсэн чинь авгай инээгээд “Тэг ээ, тэг” л гэж байна. Гурвуулаа тэгээд ресторан эрээд хамчихав аа. Онгорхой юм алга. Арайхийж “Зоос гоёл”-ын зүүнтээ дөнгөж хаалгаа нээж байсан нэг ресторанд орж үдийн өмнөжингөө юм болов. Га дүү өөрөө уухгүй юм, машин барьж яваа гээд, Нямаа ах зөвхөн шар айраг л уух юм, өнөөх мөнгийг маань ч гаргуулахгүй юм. Би ч согтлоо, “Харимаар байна” гэсэн чинь “Хүргээд өгье” гэж байна. “Тийшээ болохгүй ээ, хадмуудын бие тааруухан” гэсэн чинь “Тэгвэл хаа очих юм” гэж асуулаа. “Яармагт л дүүгийндээ очихоос доо” гэсэн чинь “Заагаад өгөөрэй” гээд, жийпэндээ хийгээд сүнгэнүүлчихлээ. Гадаа нь очоод “Дүү чинь архи уудаг уу, хүүхэдтэй юу” гээд баахан чихэр, набор, 700 граммын нэг том юм аваад оруулж өгөөд буцах нь тэр. Би ч башийгаад үлдсэн. Ийм л сайхан юм болж билээ. Архидуулсанд нь биш, мөнгө өгсөнд нь ч баярласандаа биш, сайхан сэтгэлтэй хүү юм гэдгийг олж харсандаа баярласан. Архи ууж байхад чинь ер нь үнэнч найз нар олон, сэтгэл дандаа ариухнаараа байдаг байж дээ. Одоо ч, хямсайх тал маань дийлдэг болчихож. Архиа хаяад арван жил болчихож шүү дээ. Тэр нийтлэлийн хувьд гэвэл доктор Ч.Билигсайхан гуай надтай Нямаа багшаар гэртээ дуудуулан танилцсаныхаа дараа ч өөрөө хэлдэг байсан, 2011 онд гаргасан “Цагийн салхи асгарсан авьяас” гэдэг номондоо ч оруулсан байгаа, “Чи Галсансүхийг хамгийн анх их нягт, маш сайн задалсан шүү” гэж.

-Таны хамгийн сайн хөрөг юу вэ гэж би түрүүнд асуусан даа?

-Хамгийн сайн уу. “Хүмүүсийн тухай роман”-ы тэргүүн дэвтэрт “Ижий хайлан” гэсэн нэг хөрөг байгаа. Тэрнийгээ л овоо болсон гэж бодсоор яваа шүү. Их эртнийх л дээ. За байз, эргээд эндээс харчихъя. “Засгийн газрын мэдээ”-гийн 1998 оны гуравдугаар сарын 7-ны дугаарт гэхээр, 5-ны шөнө сууж, ээжийгээ санасандаа асгаруулж байж биччихээд маргааш нь аваачаад 7-ны өдрийн дугаарт оруулахаар сониныхоо нэгдүгээр орлогч эрхлэгч байсан Э.Сонинтогосоор хянуулахаар өгсөн чинь гаргаж ирдэггүй ээ. Тэр нүүрийг шивж тавьж байсан Мөнхзул гэдэг бүсгүй “Бушуулаач ээ, Нэргүй ах аа, нөгөө юмаа шивэлтэнд өгөөч” гэж хашгираад салдаггүй, өнөөх дарга нь “Юмаа ав” гэж дууддаггүй. Тэр чинь бурхан минь, чанга ч дарга, сайн ч редактор, хамгийн дээрэнгүй сагсуу би ч өрөө рүү нь орж нэхэх зүрх байхгүй шүү дээ. Хүлээгээд л байлаа, байдаггүй ээ, тэснэ, тэснэ гэхэд ингэж тэснэ гэж яахав гээд очоод хаалгаар нь жаахан завсар гаргаад харсан чинь харин өнөөх “хатуу самар” дарга маань уншаад л, мэлмэрүүлээд л сууж байдаг байгаа. Хаалга чихрангуут намайг харчихаад дуудлаа. “Сайн болж” ч гэсэнгүй. “Чи энэ, Айлын хооронд үүрсэн азай буурал ээжийгээ” гэдгийг яагаад Д.Нацагдоржийнх гэсэн юм бэ, наадхи чинь П.Пүрэвсүрэн гуайн шүлэг шүү дээ, мэддэггүй юм уу, май энийгээ аваачиж шивүүл, битгий бас уучихаарай” гээд л гүйцээ. Хөөрсөн гэж жигтэйхэн, дор нь өнөөх Мөнхзулд чинь өгчихөөд, ээждээ очиж Мартын 8-ны баяр хүргэхээр Багануурын шууданд суучихав аа. Зууртаа нэг нөхөртэй хампаалж, Баян давааны тэндээс нэг шил архи олж уучихаад ээждээ очсон чинь “Бас л гударчихаад ирээ юү” гэж зандарч байна. Заль зохиогоод “Үгүй ээ, ижий ээ, таныхаа тухай аймаар сайхан юм бичиж өгчихөөд тэрэндээ хөөрөөд” гэж аргалчихаад, баярын чихрийг нь гаргаж өгчихөөд буцаад хамчихлаа. Ээж маань хойноос “Сониноо гарахаар нь тэгж байгаад ижийдээ явуулаарай” гэж байна. Маргааш өглөө нь шуурхай дээр өнөөхийг чинь магтаад сүйд ээ, охид нь нүдэндээ нулимстай, “шүд” Ганболд эрхлэгч маань магтаад л.

-Баярласан сэтгэлийн ажнайгаа эмээллэхгүй бол ч алдас болох байлгүй дээ?

-Шуурхайгаас гарангуутаа Готовын Нямаа ах, орчуулагч Цэвэгжавын Цэрэн ахтай гурвуул өнөөх амжилтаа тэмдэглээд, хариуцсан нүүрээ эртхэн шиг буулгачихуутаа, бушуухан шиг ээждээ нөгөө сониноо аваачиж өгөхөөр нэг шил юм сугавчлаад дахиад микрод суучихлаа, авгай, хүүхдүүдтэйгээ. Тийм том юм бүтээчихсэн хүнийг чинь эхнэр юу гэж загнахав дээ. Зууртаа шимсээр яваад ээжийнд очсон чинь “Бас л гударчихаад ирэв үү” гэхээр нь сонингоо гаргаад өргөн барилаа, ижий маань ч дор нь шүүрч авч уншчихаад, мөн л хөөрхий минь, зөөлрөөд явчихлаа. “Миний хүү битгий архи уугаад бай л даа” гэснээс биш загнасангүй, харин ч дүүг явуулж нэг шил архи авчруулаад, хэдүүлээ тэр шөнө Мартын баяр тэмдэглээд л, ижий минь байн байн хошуугаа цорвойлгоод л, гарынхаа хоолыг согтуу хүүдээ халбагадаж өгөөд л. Хоёр хоноод ирсэн. Ижийтэйгээ байхад мөн ч гоё байж дээ. (хоолой нь цахиртан зангирч, нулимс нь цийлээд ирэв. сур)

Үргэлжлэл бий

Categories
мэдээ улс-төр

Нөхөн сонгууль товлон зарласан УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ

Судлаач Д.Ганхуяг тэргүүтэй иргэд “УИХ-ын гишүүн Д.Гантулга хэдийгээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч хэрэгт холбогдсон эсэх нь тодорхойгүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад чөлөөлсөн нь буруу. УИХ-ын гишүүнийг хууль бусаар чөлөөлсний дараа нөхөн сонгууль зохион байгуулах гэж байгаа нь бас буруу. УИХ-ын гишүүн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ шийдвэр гаргасан, түүний дараа нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосон нь Үндсэн хууль зөрчсөн. Тиймээс Д.Гантулгыг гэм буруутай, буруугүйг тодорхой болгосны дараа нөхөн сонгууль зохион байгуулах ёстой” гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Уг асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар Цэц УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс чөлөөлсөн шийдвэр нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж үзжээ. Харин нөхөн сонгууль зарласан УИХ-ны тогтоол нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн байна гэж үзсэн байна. Мөн нөхөн сонгуульд зарцуулах төсөв баталсан УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. Тодруулбал, сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргах ёстой байтал Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 31-нд “Бяцхан хайгуулчид” номын өдөрлөг болно

Хүүхдийн баярыг угтан Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “Улаанбаатар хотын нийтийн төв номын сан”-гаас эцэг эх, хүүхдийн хүмүүжилд нэмэр болохуйц “Бяцхан хайгуулчид” номын өдөрлөг, зохиолчийн гарын үсэгтэй хямдралтай номын худалдааг зохион байгуулна. Тус арга хэмжээ нь энэ сарын 31-ний 10:00-18:00 цагийн хооронд “Улаанбаатар хотын төв номын сан”-гийн гадна талбайд болох бөгөөд өдөрлөгийн үеэр урлагийн үзүүлбэрүүд, гэр бүлийн хөгжөөнт уралдаан, тэмцээнүүд зохиогдох юм. Арга хэмжээнд бидний сайн мэдэх хүүхдийн зохиолч Д.Давааням, Н.Мандал, О.Сундуй, Ш.Энхбаяр, Д.Далхжав, З.Ядмаа, Э.Амарзаяа болон зохиолч Б.Шүүдэрцэцэг нар зочноор оролцоно. Мөн “Интерном”, “Монсудар”, “Азхур”, “Мажестик”, “Сэлэнгэ пресс”, “Мирном”, “Book zone kids”, “Ganuna publishing”, “Empathy” зэрэг ном хэвлэлийн салбарын тэргүүлэгчид цугларч, хямдралтай номын худалдааг явуулна.