Categories
мэдээ нийгэм

ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудыг спортын тэмцээнд ДХИС тэргүүллээ

Монгол төрийнхөө түшиг тулгуур нь болж, үндэсний аюулгүй байдлыг хангах, шударга ёсыг хэлбэрэлтгүй сахиулж, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэн ажиллахын төлөө оюун ухаанаа чилээж, цаг, нарыг умартан хөдөлмөрлөж байдаг Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагын ажилтан, албан хаагчид хэдэн өдөр спортоор амьсгаллаа. Спортоор хичээллэх нь тухайн байгууллагын ажилтан, албан хаагчдад нөхөрсөг орчныг бүрдүүлж, бусадтай эерэг харилцаа тогтоох, ажлын алжаалыг тайлж, бие эрүүл мэндийн хувьд чухал нөлөө үзүүлдэг гээд олон сайн талтай.

Тэр ч үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болсон тэмцээн бол энэ юм.

Өнгөрсөн жил Дотоод хэргийн их сургууль энэхүү спортын тэмцээнд чамгүй амжилт гаргаж, сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд хүрэл, волейболын төрөлд эрэгтэй, эмэгтэй баг мөнгө, боулингийн төрөлд хүрэл медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарч, өнөө жил тохиож буй сургууль байгуулагдсаны түүхт 85 жилийн ойн хүрээнд тус тэмцээнийг зохион байгуулахаар тэмцээний эрхийг авч байсан.

Ингээд энэ жилийн спортын тэмцээнийг Дотоод хэргийн их сургууль 85 жилийн ойн хүрээнд 04 дүгээр сарын 26, 29, 30-ны өдрүүдэд сагсан бөмбөг, волейбол, олс таталт, шатар гэсэн спортын дөрвөн төрлөөр зохион байгуулсны зэрэгцээ яам, агентлаг, байгууллагын удирдлагууд дардас шидэлтийн тэмцээнээр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан.

Тэмцээнд нийт 13 байгууллагын 12 багийн 400 гаруй тамирчин оюун ухаан, ур чадвар, хурд, хүчээ сорин өрсөлдөв.

Жил жилийн хаварт тус яамны харьяа агентлаг, байгууллагынхан өмнөх жилийнхээ алдааг ярилцаж, энэ жилийнхээ ололт, амжилтыг төлөвлөн багийн тактикаа боловсруулан спортын бэлтгэлээ базаадаг. Аливаа уралдаан, тэмцээнд багийн ур чадвар жилээс жилд улам чанарждаг болохоор энэ жилийн багуудын бэлтгэл, чадвар өмнөх жилүүдээс сайжирсан нь тэмцээний явцад харагдаж байлаа. Оролцсон бүх баг жигд бэлтгэлээ базааж, хувийн зохион байгуулалтдаа илүү анхаарч, ач холбогдол өгч оролцсон нь тус тэмцээний үр дүнг илтгэж байлаа.

Мөн зохион байгуулалтын талаар ч хүмүүс ам сайтай байсныг энд дурсах нь зүйтэй болов уу. Спортын тэмцээний нээлтэд Дотоод хэргийн их сургууль түүхт 85 жилийн ойг бэлгэдэж сонсогч, суралцагчдаас бүрдсэн 85 морин хуурыг эгшиглүүлж, сургалтын онцлогт тохируулан 350 сонсогчийн гардан тулааны үзүүлэх тоглолт, зэвсэгтэй жагсаалын үзүүлэх тоглолтыг сонирхуулж, цэрэг бүжгийн чуулбараар тамирчдын сонорыг мялаасан юм.

Түүнчлэн тэмцээний төрөл, оролцогчдын талаар удирдамждаа тодорхой зааж, багийн гишүүдийн бичиг баримтыг нь ягштал шалгаж мандатыг олгон, спортын төрөл тус бүрийг мэргэжлийн шүүгчдэд хариуцуулж зохион байгуулсны үр дүнд баг, тамирчдын ямар нэгэн маргаан, зөрчил гарсангүй.

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын төв аппаратын баг тамирчдын тухайд ч тус тэмцээнээ хүндлэн жилээс жилд өндөр зохион байгуулалттай оролцож хэвшсэн болохоор тэмцээн өрсөлдөөнтэй, бусдадаа хүндэтгэлтэй, харилцан уялдаатай, нөхөрсөг болж өндөрлөн төрөл тус бүрт шилдгүүдийг тодрууллаа.

Ингээд тэмцээний шатрын төрөлд тэргүүн байрт Дотоод хэргийн их сургууль, дэд байрт Улсын бүртгэлийн ерөнхий газар, гуравдугаар байрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баг шалгарч, олс таталтын тэмцээнд тэргүүн байрт Цагдаагийн ерөнхий газар, дэд байрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, гуравдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнуулав.

Мөн волейболын эмэгтэйчүүдийн ангилалд алтан медалийг Архивын ерөнхий газар, мөнгөн медалийг Дотоод хэргийн их сургууль, хүрэл медалийг Хил хамгаалах ерөнхий газар, эрэгтэйчүүдийн ангилалд алтан медалийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, мөнгөн медалийг Хууль зүй, дотоод хэргийн яам, хүрэл медалийг Гадаадын иргэн, харьяатын газрын багууд тус тус хүртлээ. Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байрт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн баг, дэд байрт Дотоод хэргийн их сургууль, гуравдугаар байрт Цагдаагийн ерөнхий газар, эрэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байрт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, дэд байрт Дотоод хэргийн их сургууль, гутгаар байрт Улсын бүртгэлийн ерөнхий газрын баг тус тус шалгарлаа.

Мөн тэмцээний “Шилдэг тамирчин”-аар сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн ангилалд Дотоод хэргийн их сургуулийн багийн тамирчин А.Төмөр, эмэгтэйчүүдийн ангилалд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн багийн тамирчин Х.Амартүвшин, волейболын эрэгтэйчүүдийн ангилалд Хууль зүй, дотоод хэргийн яамны багийн тамирчин А.Мөнхбаяр, эмэгтэйчүүдийн ангилалд Архивын ерөнхий газрын багийн тамирчин М.Тунгалагсайхан нар шалгарсан.

Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт 19 оноогоор доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав захиралтай Дотоод хэргийн их сургуулийн баг шалгарч, шилжин явах цомыг хүртсэн бол хоёрдугаар байрт 23 оноогоор бригадын генерал Д.Батжаргал захиралтай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баг, гуравдугаар байрт 29 оноогоор цагдаагийн хурандаа С.Баатаржав даргатай Цагдаагийн ерөнхий газрын баг тус тус шалгарсан юм.

Мөн энэ жилийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Дотоод хэргийн их сургууль ирэх жилийн буюу 2020 оны спортын тэмцээнийг зохион байгуулах эрхийг авснаар энэхүү тэмцээн өндөрлөлөө.

Categories
мэдээ эдийн-засаг

11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 43,168,251 төгрөгийн үнийн дүн бүхий 219,368 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хөх Ган” ХК (HGN +12.91%) болон “Женко Тур Бюро” ХК (JTB +4.41%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Уб-Бүк” ХК (BUK -11.02%) болон “Тавантолгой” ХК (TTL -1.98%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,000 ширхэг үнэт цаасыг 2.0 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна. “TOP 20” индекс 0.05 хувиар буурч, 20239.6 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,372,059,015,219.86 төгрөг боллоо.

Categories
мэдээ улс-төр

Түр хорооны дарга Ж.Батзандан НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзлаа

С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус түр хорооны гишүүн Л.Болд нар НҮБ-ын хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх тусгай илтгэгч Мишель Форстыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Мишель Форст Хүний эрхийг хамгаалагчидтай уулзаж, тэдэнд тулгардаг хүндрэл, бэрхшээлийг тандан мэдэх, тэднийг хэрхэн дэмжиж болохыг судлах зорилгоор ирсэн гэдгээ онцолж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргаар томилогдсонд баяр хүргэсэн юм. Мөн хүний эрхийн асуудалд УИХ, УИХ-ын гишүүд онцгой анхаарч байгаад талархаж буйгаа илэрхийллээ. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүсэн болон бусад хүний эрхийг зөрчсөн ноцтой нөхцөл байдал үүссэн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм. Мишель Форст хүний эрхийн нөхцөл байдал Монголд ямар байгаа тухай айлчлалын үеэр авсан ажиглалт, мэдээллээ энэ сарын 13-нд монголын талд албан ёсоор танилцуулах аж. Харин айлчлалын бүрэн тайланг 2020 оны 3-р сард НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлд танилцуулна гэдгээ уулзалтын төгсгөлд онцоллоо

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк өнгөрсөн сард 1.1 тонн алт худалдан авав

Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосон. Тус хуулийг Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл болох “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлснээс хойш 10 хоногийн дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Монголбанк 2019 оны 4 дүгээр сард 1.1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 989 кг алт худалдан авч байснаас 101 кг илүү буюу 10%-иар өссөн үзүүлэлттэй байна. 2019 оны 4 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна. Монголбанкны 2019 оны 4 дүгээр сард алт худалдан авалт өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байгаа нь Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосонтой холбоотой юм. 2019 оны 4 дүгээр сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 108,757.36 төгрөг байлаа.

Categories
мэдээ нийгэм

“Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны тавдугаар сарын 6-ны өдөр 09:00 цагт Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Махны холбоо, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэгт энд дарж овог нэр, регистрын дугаар, гар утасны дугаараа бүртгүүлж оролцох боломжтой. Бүртгэл 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 12:00 цаг хүртэл үргэлжилнэ. Мандат авч хэлэлцүүлэгт оролцохоор ирэхдээ та үндэсний хувцас, эсвэл албан хувцаслаж ирэх ёстойг анхаарна уу. Хэлэлцүүлэгтэй холбоотой асуудлаар 51-265003 дугаарын утсаар лавлана уу.

Categories
гадаад мэдээ

Жулиан Ассанжийг 50 долоо хоног хорихоор болжээ

“WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг батлан даалтаар суллагдах нөхцөлийг зөрчсөн гэж буруутган 50 долоо хоног хорих ялыг Лондон хотын шүүх өчигдөр /2019.05.1/ оноожээ.

Түүнийг өөрөө цагдаагийн газарт очоогүй, Эквадорын Элчин сайдын яаманд нуугдаад шүүх хуралд ирээгүй. Энэхүү үйлдэл нь хууль, шүүхийн үл хүндэтгэсэн төдийгүй шүүх хурлыг сунжруулах зорилготой байсан гэж үзсэн байна.

Шүүх хурлын үеэр танхимд болон шүүхийн гадна байсан Ассанжийг дэмжигчид түүнд оноосон ялыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байжээ. Гудамжинд цугласан Ассанжийг дэмжигчид “АНУ, Их Британи хоёр Ассанжаас савраа тат!”, “Ассанжийг сулла”, “Үнэнийг чөлөөл”, “Ассанжийн эрх чөлөө бол бидний эрх чөлөө” гэсэн бичиг бүхий уриа лоозон барьж зогсон Жулиан Ассанжийг суллахыг шаардсан байна.

Жулиан Ассанж нь Афганистан, Ирак дахь АНУ-ын цэргийн ажиллагаанууд, Гуантанамогийн шоронгийн нөхцөл байдлын талаарх нууц материалуудыг өөрийн вэбсайтаараа дамжуулан дэлгэсэн юм. Харин үүний хариуд АНУ “Wikileaks” сайтын санхүүгийн эх үүсвэрийг боомилж эхэлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

“Яг түүн шиг” шоуны шинэ улирал ням гарагт эхэлнэ

“Endemol shine” группийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол суваг” телевиз бэлтгэн хүргэдэг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарууд энэ долоо хоногоос эхлэн ням гараг бүрийн 20:00 цагаас үзэгчдэд хүрэхээр болжээ. Шоуны энэ удаагийн дугаарт өмнөх гурван улирлын 24 оролцогчоос шилдэг найман оролцогч сонгогдсон байна. Тухайлбал, шоуны өмнөх гурван улирлын ялагчид болох П.Баярцэнгэл, Т.Бархүү, Д.Нацагдорж нар оролцохоос гадна дуучин Б.Халиун, загвар өмсөгч А.Сарнай, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, Маралжингоо, Б.Амархүү шинэ дугаарт өөрсдийн ур чадварыг сорин өрсөлдөх юм.

Categories
мэдээ нийгэм

“Крипто валют, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сэдэвт сургалт эхэллээ

“Крипто валют, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сэдэвт сургалт эхэллээ

Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албанаас Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Крипто валют, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сэдэвт сургалт өнөөдөр /2019.05.02/ Мөрдөн байцаах албаны хурлын тэнхимд зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагааны нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн ахлах зөвлөх, Эдийн засгийн албаны дарга, ноён Андрей Мюнтан болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Монгол Улсын цагдаагийн байгууллага алба хаагчдаа мэргэшүүлэх, ялангуяа мөнгө угаах, цахим гэмт хэрэг, терроризм, зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай болон шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулахад онцгой анхаарал хандуулж, гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн.

Манай улс төдийгүй, дэлхий улс орнуудын тулгамдсан асуудлуудын нэг болох “Крипто валют, даркнет, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сэдвийн дор Монгол улсын цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Монгол Банкны Санхүүгийн мэдээллийн алба, Гаалийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын чиглэл хариуцсан албан тушаалтан алба хаагчдын дунд зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.

Энэхүү сургалт нь крипто валют, даркнеттэй холбоотой гэмт хэрэг, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Монгол улсын холбогдох, төрийн байгууллагуудын чиглэл хариуцсан албан тушаалтнуудын чадавхийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэл хариуцсан албан тушаалтнуудын чадавхийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй бэрхшээлийг нээн илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох үр дүнтэй юм.

Categories
мэдээ нийгэм

“Хуульчийн про боно өдөр-2019” арга хэмжээг хамтран зохион байгууллаа

“Хуульчийн про боно өдөр-2019” арга хэмжээг хамтран зохион байгууллаа

Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, тус холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооноос Улаанбаатар болон 21 аймагт зохион байгуулсан “Хуульчийн про боно өдөр-2019” арга хэмжээнд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын хэлтэс /газар/ хамтран зохион байгуулж оролцлоо.

Тус өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчдаас гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим, “Санхүүгийн зөвлөх”, “Хамаг монгол” “Батбаяр энд партнерс”, “Ананд адвокатс” зэрэг өмгөөллийн нөхөрлөлүүд хамтран оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө, нотариатын үйлчилгээ, өр төлбөртэй эсэх лавлагаа, Шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн юм.

Сүхбаатарын талбайд болсон өдөрлөгийн нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Академич С.Нарангэрэл, НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал, гавьяат хуульч Г.Оюунцэцэг, ахмад хуульч Д.Тунгалаг, Т.Гариймаа, Д.Мөнхтуул, Д.Цэвээнцэрэн, З.Цэнгэнбаяр, Я.Нямжав, С.Цэдэндамба, Б.Намхай болон хамтран зохион байгуулсан төлөөлөл, Хуульчдын холбооны хороодын дарга нар оролцсон.

Энэ удаагийн өдөрлөг нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчид нэгдэн иргэдэд анх удаагаа хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээрээ онцлог байсан бөгөөд Сүхбаатарын талбайд болсон өдөрлөгт 1100 гаруй иргэн, 21 аймагт зохион байгуулсан арга хэмжээнд нийт 2000 орчим иргэн оролцож, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Мал аж ахуйн салбар ДНБ-ий 10.6 хувийг эзэлж байна гэв

Манай улс өнгөрсөн онд 66.5 сая мал тоолуулсан. Харин мал аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувь, экспортын орлогын 8.4 хувийг бүрдүүлж байгааг салбарын сайд мэдээлсэн. Түүнчлэн нийт хүн амын гуравны нэгийг шууд, гуравны хоёрыг шууд бус байдлаар ажлын байраар хангаж байгаа аж. Тэгвэл тухайн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн онд 3.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оноосөө 5.9 хувиар нэмэгдсэн тоо юм байна. Тухайн салбарын экспортын дүн мэдээ бас өнгөрсөн оноос өссөн. Тухайлбал, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт мөн 580 сая ам.долларт хүрч өмнөх оны экспортоос 263.5 сая ам.доллараар буюу 1.8 дахин өссөн дүнтэй гарчээ.