Categories
мэдээ нийгэм

3.4 сая га талбайг хамарсан 22 газрыг Улсын тусгай хамгаалалтад авлаа

Өнөөдөр “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 67.4 хувийн саналаар тус тогтоолын төслийг баталлаа.

Тодруулбал 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан 22 газрыг Улсын тусгай хамгаалалтад авахаар болж байна.

Эдгээр газрыг Улсын тусгай хамгаалалтад авснаар Цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 48.4 хувь, ойн сан бүхий газрын 39.3 хувийг хамгаалахаас гадна тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувийг хамарч байгаа юм.

ТОГТООЛЫН ТӨСӨЛД ДАРААХ 22 ГАЗАР БАГТЖЭЭ:

1.Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сумын нутгийг дамнан орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар;

2.Дарьгангын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрыг хамруулж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газрын ангиллаар;

3.Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Хөх нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;

4.Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Ташгайн таван нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;

5.Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “А” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;

6.Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “Б” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;

7.Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Мэнэнгийн цагаан хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;

8.Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Халхын таван уулыг байгалийн нөөц газрын ангиллаар

9.Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт орших Баяндун уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;

10.Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;

11.Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар;

12.Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Өлзийт сумын нутгийг дамнан орших Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;

13.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Зотол хаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;

14.Онгон таван булгийн байгалийн нөөц газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын зарим хэсгийг хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар;

15.Ховд аймгийн Мөст, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви сумын нутгийг дамнан орших Сутай хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;

16.Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Батноров сумын нутагт орших Улз голын эхийг байгалийн нөөц газрын ангиллаар;

17.Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;

18.Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хилийн заагт Ховд аймгийн Булган, Алтай сум, Говь-Алтай аймгийн Бугат сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр

19.Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагт Завхан аймгийн Отгон сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;

20.Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Халхгол сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;

21.Монгол дагуурын “Б” хэсгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Гурванзагал сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;

22.Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Булган сумын зарим хэсгийг хамруулан байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр.

Categories
мэдээ нийгэм

Маргааш цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

⏱11:00-16:00 цагт: 11-р хороо 62-р байр, 41, 45-р гудамж, ЛБНТ номын хийд, Бадрах зам ХХК, 79-р сургууль, СЭМҮТ болон эдгээрийн ойр орчмоор
⏱11:00-17:00 цагт: 14-р хороо Энхтайван, Консулын 1, 2, Дүүрэгийн 1-р гудамжууд, Орос байшин, Торговой дом, Монгол шуудан транс, Ватиканы төлөөлөгчийн газар, Бридж төв, Зургаан талст, Хотон трейд, Монголын гэгээ, Монгол контракт, Финанс лайн, Нью дьюрал, Гамба ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
⏱11:00-18:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлэгийн 14-18-р гудамжууд, 65/А, Б байрууд, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал , Монополь ХХК-ууд, 3-р цэцэрлэг, Дусал ХЭАА, Нийслэлийн байгаль хамгаалах газар, МУБОНХ Яам, Дөрвөн өлзий Бэс сервис, Альбатросс, Эс Пи сервис, Мануул трэвел ХХК-ууд, Дэлхийн зөн ОУБ, Уурын зуух болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

⏱10:30-19:00 цагт: Изотоп контор орчмоор,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

⏱11:00-18:00 цагт: 20, 16-р хороо Химийн шингэн, Сор кашмер, Инкон, Алтан булаг, ДСЦ-4-ийн 1-8-р гудамжууд, Орхоны 1-4, 6-11, 17, Туулын 1, 12, 13, 14, 16, 17, 18, 19, 20, Гандангийн 60/1, 60/2, 56-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор,

ТӨВ АЙМАГ

09:00-14:00 цагт: Төв аймаг Зуунмод сумын 5-р сургууль, Уурын зуух, Худаг УАА А хэсгийн гэр хороолол, ТЧДЭХГ өргөх, Төв чандмань ДЭХГ болон эдгээрийн ойр орчмоор
⏱11:00-16:00 цагт: Төв аймаг Алтанбулаг, Баян-Өнжүүл сум
⏱15:00-19:00 цагт: Зуунмод сумын Баянхошуу баг Хөтөлийн 0-2-р гудамж.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэс Баялаг-Эмэгтэйчүүд” Үндэсний чуулганд компанийн 50 гаруй төлөөлөл оролцоно

“Эрдэс Баялаг-Эмэгтэйчүүд” Үндэсний чуулган-II арга хэмжээ 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Төрийн ордноо болно. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй уг арга хэмжээнд оролцож буй бүсгүйчүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ илгээж, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар чуулганыг нээж үг хэлнэ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас чуулганыг дэмжин ажилласан бөгөөд компанийн Жендэрийн хорооны гишүүд үндэсний чуулган зохион байгуулах ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, 50 гаруй төлөөллөө чуулганд оролцуулан, тусгайлан болох салбар хуралдааныг хариуцан ажиллах юм.

Компаниас зохион байгуулж буй салбар хуралдаан нь “Засаглал ба эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн нөлөө” сэдвийн дор явагдах бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн улсын эдийн засагт оруулах хувь нэмэр”, “Эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо” “Компанийн засаглал ба эмэгтэйчүүд” гэсэн илтгэлүүдийг компанийн төлөөлөл тавих юм.

Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн хоёр дахь удаагийн арга хэмжээнээс зөвлөмж дүгнэлт, уриалга гарснаар өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

АТГ-ын шинэ дарга нар ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэн Зандраагийн Дашдавааг Авлигатай тэмцэх газрын даргаар, Жанжаагийн Батсайханыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тус тус томиллоо.

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан.

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан нь хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор цолтой. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, дэд дарга Ж.Батсайхан нар өнөөдөр ажлаа хүлээн авав.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ОХУ-аас ойн түймэр давж орж иржээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг гуравдугаар багийн нутаг Мухар гэх газар сумын төвөөс хойд зүгт 130 км газарт Монголын хилийн 477-481 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр давж орж ирсэн байна. Түймрийн голомтод 10 төрийн алба хаагч багаас арван малчин иргэд галыг нурманд оруулахаар ажиллаж байгаа аж.

Мөн аймгийн Онцгой байдлын 24 алба хаагч хоёр машин, техник хэрэгсэлтэйгээр ой хээрийн түймрийг унтраахаар гарч байна гэж холбогдох албаныхан мэдээллээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд хуурайшилтын зэрэг бага байгаа ч өвлийн улиралд цас бага байснаас хуурайшилттай байгаа юм байна. Тиймээс ард иргэдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Жирэмсний хяналтыг сайжруулна

Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг хамтран “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” Гэр бүл төлөвлөлт” үндэсний зөвлөгөөнийг өнгөрсөн жил зохион байгуулсан. Тус зөвлөгөөний үр дүнд улсын төсвөөс зарцуулдаг жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн төсвийг 10 дахин нэмэгдүүлж чадсан амжилттай.

Энэ онд уг зөвлөгөөнийг “Жирэмсний хяналтыг сайжруулах нь” сэдвээр зохион байгуулж байна. Энэхүү үндэсний зөвлөгөөнд Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, ЭХЭМҮТ, НЭМҮТ, аймаг, нийслэлийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн дарга, удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч болон өрх, сумын эрүүл мэндийн төвийн төлөөлөл нийт 155 эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Зөвлөгөөнийг Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын ХАС-ийн тэргүүн Каори Ишикава нар нээж үг хэллээ. Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн яамнаас 2020 онд дэвшүүлсэн зорилтдоо жирэмсний хяналтыг сайжруулах замаар эхийн эрүүл мэндийг сайжруулж, эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах” зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг онцолсон юм.

Зөвлөгөөнөөр жирэмсний хяналт, төрсний дараах эх, нярайн тусламж үйлчилгэнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, өвөрмөц хэрэгцээ шаардлагатай зорилтот бүлгийнхэнд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар хамтран ярилцаж, санал солилцлоо.

Мөн жирэмсэн эмэгтэйд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг сайжруулахад ДЭМБ болон Олон улсын байгууллагуудаас өгч буй Эхээс хүүхдэд ХДХВ, гепатитийн В вирус, тэмбүү дамжихыг таслан зогсоох”, “Хэнийг ч орхигдуулахгүй байх”, “Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” зэрэг зөвлөмжийг хэрхэн нэвтрүүлэх чиглэлээр ярилцан, санал солилцож зөвлөмж гаргалаа. Зөвлөгөөн маргааш үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзлаа

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус түр хорооны гишүүн Л.Болд нар НҮБ-ын хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Мишель Форст Хүний эрхийг хамгаалагчидтай уулзаж, Монгол улсад тэдэнд учирдаг нөхцөл байдлыг тандан мэдэх, тэднийг хэрхэн дэмжиж болохыг судлах зорилгоор ирсэн гэдгээ онцолж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргаар томилогдсонд баяр хүргэсэн юм. Мөн хүний эрхийн асуудалд УИХ, УИХ-ын гишүүд онцгой анхаарч байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Ж.Батзандан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэж хилсээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүсэн болон бусад хүний эрхийг зөрчсөн ноцтой нөхцөл байдал үүссэн тухай тэдэнд танилцуулсан юм. Түр хорооны нэг чухал үүрэг бол уг хэргийн илрүүлэлтэд хүний эрхийг зөрчсөн нэг ч үйлдэл гарах ёсгүй гэдгийг хэлээд үүнд онцгой анхааран ажиллах болно гэдгээ тодотгосон юм. Мөн хүний эрхийн асуудал ноцтой хөндөгдөж байгаа чухал цаг үед манай улсад айлчилж байгаад талархаж байна гэсэн юм.

Мишель Форст хүний эрхийн нөхцөл байдал Монголд ямар байгаа тухай айлчлалын үеэр авсан ажиглалт, мэдээллээ 5-р сарын 13-нд албан ёсоор танилцуулах юм байна. Харин айлчлалын бүрэн тайланг 2020 оны 3-р сард НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлд танилцуулна гэдгээ уулзалтын төгсгөлд онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нийслэлийн 48 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр (2019.05.02) Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш, сурагч, эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзав.

Сайд болон БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар хэд хэдэн ангиар орж, зургаан настнуудын хэрэглэж буй цүнх, сурах бичгийн чанар, тоо, хэмжээ, жинг биечлэн үзэв. Тус сургуулийн хувьд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 10 бүлэгт 490 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд 11 бүлэгт суралцах төлөвтэй байгаа аж. Нэг ангид дундажаар 40 гаруй хүүхэд хичээллэж байна.

Багш нарын их хурлын шийдвэрийн хэрэгжилт ямар байгааг тодруулахад “Бид их хурлын уриалга, шийдвэрийг багш нартаа танилцуулсан. Багш нарыг хичээлээс гадуурх ажилд дайчлах, сурагчдыг улсын төрөлжсөн олимпиадаас бусад уралдаан, тэмцээнд албадан хамруулах явдлыг зогсоосон” гэж сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг хэллээ.

Гэрийн даалгаврын ачаалал сурагчдыг залхааж, ядрааж байгаа гэсэн судалгаа байгаа, тухайлбал та хэр их даалгавар өгч байна гэхэд багш Я.Оджаргал гэрийн даалгаврыг бууруулсан, одоо долоо хоногт ямар хэмжээний даалгавар өгөхөө сургалтын менежертэйгээ зөвлөдөг болсон гэсэн юм.

10е ангиар ороход түүхийн хичээл дээр “Монголын эзэнт гүрний дараах Монгол Улс” сэдвийг үзэж байлаа. Тус ангийнхан мэдээлэл зүй, англи хэл, технологи, зураг зүйн номууд олдохгүй байгаа, гадуур худалдаан дээр 12-20 мянган төгрөгийн үнэтэй байдаг гэв. Сайд багш нарын өрөө, бага, дунд, ахлахын ангиудаар орсны дараа хэлсэн үгэндээ “Ялангуяа бага ангид яамнаас албан ёсоор зөвшөөрөөгүй нэмэлт номууд хэрэглэж байгааг анзаарлаа. Эдгээр ном сурагчдад нэмэлт ачаа, хичээл, даалгаврын ачаалал үүсгэж байгаа юм биш биз. Зарим ангид дөрвөн жил хэрэглэсэн сурах бичиг байна. Энэ нь чанар, үзэмж, эрүүл ахуй талаасаа зохисгүй юм гэдгийг онцлоод ирэх есдүгээр сарын 1 гэхэд сурах бичгийн хангамжийг сайжруулна гэлээ.

Бага ангийн багш Л.Даваасүрэнгийн удирдсан ангийн хүүхдүүд сургуульд ороод юу сурснаа эцэг, эхчүүддээ тайлагнах өдөрлөгийн арга хэмжээгээр зочлов. Хүүхдүүд Төрийн шагналт Бэгзийн Явуухулангийн “Би хаана төрөө вэ” найраглалыг бүрэн эхээр нь чээжилснээ уншиж өгсөнд сайд баяр хүргэж, амжилт хүсэв. Ё.Баатарбилэг БСШУС-ын сайдаар томилогдсноосоо хойш багш, бага ангийн сурагчдын ачааллыг бууруулах, сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулах, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ. Тэрээр 48 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцсныхаа дараа “Жижиг гэлтгүй, сургуулийн амьдрал, хүүхдийн орчинд засаж сайжруулах олон зүйл байгааг үе үе харж, ахиц өөрчлөлт гарч байна уу гэдгийг хянаж явах ёстой. Өнөөдөр гэхэд энд технологийн хичээл, хими, физикийн лабораторийн тоног төхөөрөмж, хүрэлцээ хангамж сайнгүй байгааг харлаа. Энгийн ангид биш технологийн танхимд орсноор хүүхдүүд техник, технологийн сэтгэлгээтэй, гарын дүйтэй, багаж, тоног төхөөрөмжтэй харилцах мэдэгдэхүүнтэй, аюулгүй ажиллагааны ойлголттой болно. Хими, физикийн хичээлийг туршилтгүйгээр ойлгоход бэрх. Тэгэхээр бодлогын түвшинд анхаарах ёстой юм байна, нийслэл, орон нутагтайгаа ч хамтрах хэрэгтэй юм байна” гэсэн юм.

48 дугаар сугуулийн хувьд энэ оны зургадугаар сард шинэ спортын заалтай болно гэсэн хүлээлттэй, барилгын ажил нь ид өрнөж байна. 2018-2019 оны хичээлийн жилд тус сургууль дээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 15 бүлэг буюу 700 гаруй хүүхэд хичээллэж байгаа юм. 21 дүгээр сургуулийн өргөтгөл энэ зундаа ашиглалтад орсноор 48 дугаар сургуулийн ачаалал, анги танхимын хүрэлцээ хэвийн байдалдаа орно.

Categories
мэдээ улс-төр

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Нийтдээ 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төсөлд тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

Categories
мэдээ улс-төр

ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн чуулганд БСШУС-ын сайд илтгэл хэлэлцүүлнэ

Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ази, Номхон далайн бүлгийн II чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны тавдугаар сарын 27-28-нд болно.

Чуулганаар чанартай боловсрол олгох замаар ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны болон нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж буй байдал, парламентуудын хүрсэн үр дүн, туршлага, сургамж зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. Салбар хуралдаануудад Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, Эрүүл мэнд, Байгаль орчин, аялал жуулчлал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 40 гаруй орноос 150 орчим төлөөлөгч оролцоно гэж тооцож байгаа юм.

ОУПХ нь 1899 онд байгуулагдсан, дэлхийн 179 парламентыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-д ажиглагчийн статустай олон улсын томоохон байгууллага юм. Чуулган гишүүн орнуудын оролцоо, хэлэлцэх асуудлын цар хүрээний хувьд томоохонд тооцогдох бөгөөд зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсгийн орлогч даргаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол ажиллаж байна. Монгол Улсын парламент олон улс, бүс нутгийн хэмжээний ийм чуулганыг өмнө нь 3 удаа зохион байгуулж байсан бөгөөд өнгөрсөн оны зургадугаар сард“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан билээ.