Categories
мэдээ цаг-үе

Хамгаалах цаг нь ирсэн хадран загас

Орос-Монголын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн гидробиологи, загас судлалын отряд 1975 оноос Монгол орны загас, усны амьтдын судалгааг тогтвортой явуулж ирсэн түүхтэй. Монгол оронд өдгөө долоон баг, хоёр дэд багийн 14 овгийн 46 төрлийн 78 зүйл загас бий гэнэ. Эдгээрээс манай орны нуур, голуудад таван зүйлийн хадран загас тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс Алтайн өндөрлөг, Их нууруудын хотгорын нуур голуудад тархан амьдрах монгол хадран загас, Хөвсгөл нуурт амьдрах хөвсгөл хадран загас нь нутгийн унаган зүйл загас юм. Өөрөөр хэлбэл, тухайн амьдардаг нуур, голоосоо өөр хаана ч амьдардаггүй гэсэн үг. Хадран загас цэнгэг усны индикатор бөгөөд энэ загасны тоо толгой их байвал амьдарч буй орчин нь байгалийн унаган төрхөө алдаагүй байна гэж үздэг. Үүнээс монгол хадран загас бусад дөрвөн зүйлийн хадран загасаа бодоход биеэр хамгийн том бөгөөд урт нь 70 см, жин нь гурван кг хүрнэ. 5-6 насандаа үржилд орно. Үржил дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэх бөгөөд ус 4-6.0 хэм болоход нуурт цутгаж буй голоо өгсөж сүрэглэн хайрга чулуун ёроолд үүр засан түрсээ шахна. Үр тогтсоны дараа эр загас нь 7-10 хоног үүрээ манана. Эм загас 17-18 мянган түрс гаргадаг. Монгол хадран 16 жил насладаг. Голчлон ёроолын амьтан, загасаар хооллодог холимог идэштэй. Хадран загасны маханд уураг 14.3-17.4 хувь, өөх тос 2-5 хувь, эрдэс бодис 0.8-1.3 хувийг эзэлдэг учир хүнсний гол уурагт бүтээгдэхүүн болдог.

Эрдэмтэн судлаачид 2017 оны дөрөвдүгээр сард монгол хадран загасны шилжилт хөдөлгөөн, үржлийн байршил, үржлийн нүүдлийг тогтоох зорилгоор Чонохарайхын гол, Ховд голын Шижигтэйн хавцал орчим монгол хадран загасанд хувийн дугаар бүхий уян пластик тэмдэглэгээг нурууны сэлүүрийнх нь доод хэсэгт байрлуулж өгсөн. Зүүлт нь загасандаа ямар ч хор хөнөөл учруулахгүй уян пластик тэмдэглэгээ юм. Энэ нь баруун Монголын нуур, голын системд хийсэн судалгааны анхны ажил болж байгаагаараа онцлог юм. Энэ нь хадран загасны улирлын шилжилт хөдөлгөөн, тэр тусмаа үржлийн нүүдлийг хянах, үнэн зөв мэдээлэл авахад ихээхэн ач холбогдолтой аж.

Хадран загасанд байгаль орчны элдэв нөлөөнөөс гадна өөр нэгэн хүчин зүйл сөрөг нөлөө үзүүлж байна. Чоно харайхын гол дээр баригдсан Дөргөний усан цахилгаан станц нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамаарагдах бөгөөд загасны зүйлийн бүрдлийн хувьд маш ядмаг, энд Потанины Алтайн сугас, монгол хадран гэсэн агнуурын ач холбогдолтой, унаган хоёр зүйл загас байдаг. Голын аль хэсэгт усан цахилгаан станц баригдсанаас шалтгаалан усан санд тэжээлийн бааз шинээр бүрэлдэх нь харилцан адилгүй бөгөөд загасны шилжилт хөдөлгөөн, нүүдэлд ч харилцан адилгүй нөлөө үзүүлнэ. Монгол орны хэмжээнд шинээр байгуулагдсан усан цахилгаан станцуудын усан сангийн судалгааг Орос-Монголын хамтарсан экспедицийн загас судлал, гидробиологийн хэсгийн эрдэмтэн, судлаачид 2008 оноос тогтмол явуулж байна. Судалгааны ажлын үр дүнгээс харахад Дөргөний усан цахилгаан станцын усан санд макро сээр нуруугүйтний бүлгэмдэл хараахан бүрэлдээгүй, харин хөвөгч амьтдын тэжээллэг чанараараа их шимт усанд хамрагдаж байна. Дөргөний усан цахилгаан станцын усан сангийн хэсэгт сээр нуруугүйтэн амьтдын биоценоз дөнгөж бүрэлдэж байгаа тул идэш тэжээлийн хувьд ядмаг, Потанины Алтайн сугас загасны популяци Далай нуурын популяциас бүрдэж байна. Дөргөний усан сангийн хэсэгт амьдрах орчин, идэш тэжээлийн онцлогоос хамааран зөвхөн Потанины Алтайн сугас загас зонхилж байгаа бөгөөд монгол хадран загасны амьдрах орчин хараахан бүрэлдэж эхлээгүй байна.

Ийнхүү Дөргөний усан цахилгаан станцын далан нь Хангай, Алтайн нурууны хооронд чөлөөтэй явагдах монгол хадран загасны генетикийн нэгдмэл цул популяцийг таслан баруун, зүүн гэсэн тусгаарлагдмал хэсэгт хувааж байна. Гэхдээ Хар нуурын илүүдэл ус Татхан-Тээлийн голоор дамжин Завхан голд цутгах бөгөөд энэ хооронд монгол хадран загас шилжилт хөдөлгөөн хийнэ. Харин үржлийнхээ үед Хар нуураас Чоно харайх голыг өгсөн түрсээ шахаж байгаа монгол хадран загас нь Дөргөний усан цахилгаан станцаас доош хэсгийн хайрга чулуун ёроолтой хэсэгт түрсээ шахан адаптацид орсон байна. Үүнээс харахад Дөргөний усан цахилгаан станц нь Чоно харайхын гол дахь монгол хадран загасны үржлийн талбайн 10 хувийг алдагдуулж байна.

Дэлхийн олон улсын практикт усан цахилгаан станц барихдаа тухайн голд тархан амьдрах загасны зүйлийн бүрэлдэхүүнээс шалтгаалан тэдгээрийн шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг алдагдуулахгүйн тулд биологийн онцлогт нь тохирсон загас дамжин өнгөрүүлэх байгууламж барьж өгдөг. Гэтэл манай оронд баригдсан усан цахилгаан станцууд нь загас дамжин өнгөрүүлэх байгууламж байдаггүй. Жишээлбэл, Дөргөний усан цахилгаан станц нь тухайн зүйлийнхээ биологийн онцлогт тохироогүй оновчгүй байгууламж барьсан байдаг. Иймд дахин алдаа гаргахгүйн тулд мэргэжлийн судлаачдын багаас, эрдэмтэн судлаачдаасаа сайн асууж заавар зөвлөгөө авах шаардлагатайг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байна.

Ямар ч амьтанд өөрийн гэсэн амьдрах орчны хил хязгаар байдаг. Жишээлбэл, тул, зэвэг, хадран загас нь хүчилтөрөгчөөр баялаг, ширүүн урсгалтай, хайрга чулуун ёроолтой хэсгийг шүтэн амьдардаг хүйтэн, цэнгэг усны загас юм. Амьдрах орчных нь нөхцөл доройтоход дайждаг. Бохирдол нь органик гаралтай буюу механик гаралтай юу гэдгээс шалтгаалан загас, усны амьтдад үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй байна. Жишээ нь, Туул гол маань Төв цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэрлэгээнээс болж Алтанбулагийн гүүр хүртэл байгалийн унаган төрхөө алдсанаас тэнд амьдрах цэнгэг усанд амьдрах зохилдлоготой загас, усны амьтад бүрэн устаад байна. Энд зөвхөн орчны бохирдлыг тэсвэрлэх чадвартай цөөн өргөс хорхой, уушги хэвэл хөлт дун зэрэг цөөн зүйлийн усны амьтад амьдарч байна. Харин Заамарын орчмын хэсэгт уул уурхайн үйл ажиллагаанаас үүсэх механик бохирдол нь голын ёроолын хайрга чулууг бүрхсэнээс амьдрах орчин нь доройтон хомсдож, үүний улмаас цэнгэг усны загасны тархац хүрээ хумигдсаар орчны өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай бүлээн усны бүлгэмдлийн тоо толгой ихсэх зэрэг өөрчлөлт орсоор байна. Энэ мэт олон шалтгаанаар Монголд л байдаг монгол хадран загасанд хамгаалал хамгийн их үгүйлэгдэж байна.


Categories
мэдээ цаг-үе

3D зүрх

Өдрөөс өдөрт хурдацтайгаар хөгжиж байгаа техник технологи амьдралыг илүү хялбар болгосоор байна. Саяхан гэхэд л Израилийн Тель-Авивийн их сургуулийн эрдэмтэд өвчтөнөөс авсан биологийн материалыг ашиглан гурван хэмжээст хэвлэх технологиор хүний зүрх бүтээсэн талаараа олон нийтэд мэдээллээд байгаа юм.

3D ЗҮРХ ХЭРХЭН БҮТСЭН БЭ?

Хөгжингүй орнуудад өнөөдөр зүрх судасны өвчин хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. Зүрхний өвчлөлийг бүрмөсөн эмчлэх ганц арга нь зүрх шилжүүлэн суулгах юм байна. Тэгвэл энэ удаа Израилийн Тель-Авивийн их сургуулийн эрдэмтэд дэлхийд анх удаа 3D-ээр амьд зүрх хэвлээд байгаа юм. Энэхүү зүрхийг бүтээхдээ эрдэмтэд жинхэнэ зүрхний эс, биологийн эдүүдийг ашиглажээ. Энэхүү 3D зүрх нь туулайны зүрх шиг ердөө 2.5 см орчим хэмжээтэй аж. Эрдэмтэд үүнийг жинхэнэ зүрх шиг хэрхэн шилжүүлэн суулгах аргыг судалж байгаа төдийгүй амьтдад суулгахаар ажиллаж байгаа аж. Тэд эхлээд өвчтөний биенээс өөхлөг эдийг авсныгаа бэх болгон ашиглаж, хүний зүрхийг хэвлэжээ. Ийм аргаар гаргаж авсан зүрх нь одоогоор туулайн зүрхний хэмжтээтэй жижиг байгаа юм. Цаашдаа энэ технологиор хүнийхтэй ижил хэмжээтэйг бүтээж ч болох гэнэ. Өвчтөнд өөрийнх нь эд эсээр бүтээсэн зүрх суулгах нь эрсдэлийг багасгах ач холбогдолтой ажээ. Учир нь хүний бие өөрийн биш, гадны биетийг хүлээж авахгүй байх үзэгдэл түгээмэл байдаг аж. Дараагийн ээлжинд эрдэмтэд бүтээсэн хиймэл зүрхээ жинхэнэ зүрх шиг ажилладаг болгох зорилго тавиад байгаа аж. Одоогоор гаргаж авсан зүрх нь агшиж чаддаг ч буцаад тэлэх чадваргүй юм байна. Үүний дараа тэд 3 хэмжээст хэвлэх технологиор бий болгосон зүрхээ амьтны загварт суулгаж турших юм. Дараа нь хүнд суулгаж үзэх талаараа хэлж байв. Эрдэмтэд өмнө нь 3D зүрх гарган авах олон удаагийн оролдлого хийж байсан ч ховдолгүй зүрх гаргаж байжээ. Туршилтын хүрээнд хэдэн арван зүрх хэвлэн гаргасан бөгөөд үйл ажиллагааг нь шалгахын тулд амьтанд шилжүүлэн суулгах шаардлагатай гэнэ. Принтер нэг зүрхийг гурван цаг 30 минут орчим хугацаанд хэвлэн гаргажээ. Судлаачид 3D зүрхийг харуулахын тулд Израиль төвийн Тел Авив хотод хэвлэлийн бага хурал зохион байгуулж, энэ нь анагаах ухааны томоохон өөрчлөлт болсон бөгөөд ирээдүйд зүрхийг хэвлэх боломжтой болно гэсэн байна. Төслийн захирал, Тель-Авив их сургуулийн профессор Тейл Девиль хэлэхдээ урьд нь судлаачид зөвхөн 3D-гээр цусны судалгүй энгийн зүрх хэвлүүлж байсан бол одоо харин өвчтөний эд эсүүд, цусны судсыг 3D-гээр хэвлүүлж, эстэй, цусны судастай, салст бүрхүүлтэй бүрэн зүрх хэвлүүлсэн гэжээ. Судлаачдын танилцуулснаар, тэд эхлээд өвчтөнөөс авсан эдийг задалж, эсүүд болон эсийн гаднах матрицыг тусгаарлаж, дараа нь эсийг генийн хувирлаар үүдэл эс болгон хувиргаж, үүдэл эсийг кардиомиозит болон цусны судас эс үүсгэх эсүүдийг ялгадаг. Эдгээр эсүүд нь экобаклеллын матрицаас боловсруулсан гидрогелитэй холилдон “био-бэх” болох ба эцэст нь 3D хэвлэгч рүү оруулдаг. Тухайн өдрийн үзүүлсэн 3D зүрхийг хэвлүүлэхэд гурав орчим цаг үргэлжилж, хэмжээ нь хүний зүрхний нэг хувь орчим байжээ. Мөн тэрээр “Хүнийх шиг зүрхний хэв загварыг гаргах технологи нь үндсэндээ адилхан бөгөөд цус шахах үйл ажиллагаа байхгүй тул цаашид ажиллах шаардлагатай” гэжээ. Судлаачид дараагийн удаад лабораторид 3D зүрхийг жинхэнэ зүрх шиг ажиллуулж, улмаар тэдгээрийг амьтдад шилжүүлэн суулгана гэв.

ИРЭХ 10 ЖИЛД 3D ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫГ ЭМНЭЛГҮҮДЭД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

Ирэх 10 жилд 3D зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг эмнэлгүүдэд ашиглах боломжтой талаар эрдэмтэд хэлж байна. Энэхүү судалгаа нь өвчтөн шилжүүлэн суулгах эрхтнээ хүлээх, эсвэл бие организм нь эрхтнээ үл хүлээн авахаас урьдчилан сэргийлэх эм хэрэглэх шаардлагагүй болох замыг нээж өгнө гэж эрдэмтэд мэдэгджээ. Өвчтөн бүрт тохирох эрхтнүүдийг ойрын 10 жилийн хугацаанд хүний эд, эсийн тусламжтайгаар гарган авах боломжтой болж байгаа аж. “Цохилж буй амьд зүрх хэвлэхийн тулд өвчтөнөөс авсан хүний эд эстэй хамт 3D принтерийг ашиглах үйл явцыг Тель-Авивын их сургуулийн лабораторийн эрхлэгч, профессор Тал Двир танилцуулж, дэлхийн анагаах ухаанд эргэлт хийв” хэмээн хэлсэн байна. Энэхүү зүрх нь цусны судсуудаас гадна эсийн бүтцийг дэмждэг уураг, биологийн бусад молекулуудтай аж. Эрдэм шинжилгээний ажилтан, профессор Тал Двир, Tель-Авивын Амьдралын шинжлэх ухааны факультетын доктор Ассеп Шапира нар дэлхийн шинжлэх ухааны түүхэнд гайхалтай ололт болсон хэмээн мэдээлжээ. Үүнийг шинжлэх ухааны маш том эхлэл болж байгаа талаар эрдэмтэд тодорхойлж байгаа аж. Мөн эрдэмтэд хүний эд эсээс гарган авсан энэхүү технологийг ашигласнаар ойрын ирээдүйд эрхтний хандивыг бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм. Магадгүй үүнийгээ дагаад техник технологийн хурдацтай хөгжил донорыг шаардлагагүй болгох ч магадлалтай. Судас, ховдол, тасалгаа, эсүүдээс тогтох иж бүрэн зүрхийг хэрхэн бүтээснээ эрдэмтэд “Advanced Science” сэтгүүлд дэлгэрэнгүй тайлбарласан байна. Ойролцоогоор 10 жилийн дараа дэлхийн тэргүүлэх эмнэлгүүд зүрхний өвчтэй хүмүүст өөрийнх нь био материалаар бүтээсэн зүрхийг шилжүүлж суулгадаг болно гэж Израилийн эрдэмтэд тооцоолжээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Сүрэнчулуун: Эмч хүн клиник сэтгэлгээтэй, хүний төлөө гэсэн эрдэм төгс хүн байх ёстой


Нийслэл хотын Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Найдангийн Сүрэнчулуунтай ярилцлаа.


-Эрдэмтэн доктор, их эмчийн мэргэжил сувилагчаас эхэлдэг нь жам. Таны хувьд Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилласан байдаг. ажил амьдралын гараагаа эхэлсэн он жилээс тань ярилцлагаа эхлэх үү?

-1982 онд Улаанбаатар хотын АУСДУС-ийг төгсөөд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт ээлжийн сувилагчаар ажлын гараагаа эхэлсэн. Тасгийн эмч Намжилмаа, дотрын тасгийн хамт олон маань намайг халуун дотно хүлээн авч ахмад ажилтан асрагч Баянжаргал эгчтэйгээ нэг ээлжинд хамт гардаг болсон. Тасаг маань дотрын 40 ор, мэдрэлийн 15, чих хамар хоолойн 5 нийт 60 ортой тасаг ээлжийн 3 сувилагч, тарианы сувилагч, ахлах сувилагч, нярав, сувилагч гэхчлэн 10 гаруй ажилтантай байлаа. Ажлын ачаалал одоо бодоход маш их байжээ. 400 гаруй ширхэг тарианы шприцийг угааж цэвэрлэж тушаадаг, цагийн тариа хийхэд тарих ёстой цагаасаа нэг цагийн өмнө эхлэхэд цагтаа амжиж тарьж дуусдаггүй тийм л их ажилтай байсан. Өдрөөр жижүүрт гарах үедээ хүмүүсээ гэрэлд харуулна, эм тариа, шприцээ тоолж хүлээж авна, шинжилгээнүүдээ бүрдүүлнэ, шинжилгээнийхээ хариуг авч өвчний түүхэнд наана. Эмийг яг харж байж өвчтөнд уулгана, миний үед усан эм их найруулдаг, том тэргэнцэр дээр эмийн хайрцаг, эм даруулж уух усаа аваад эмийг нь уулгадаг байсан нь одоо түүх л болж дээ.

-Таны багш гэвэл ямар хүмүүс байна. үлгэр авахаар сайхан хүмүүс олон л байдаг. Тэр сайхан хүмүүсийн тухай асуумаар байх юм?

– Миний хамгийн их дурсдаг, өөрийнх нь мэргэжлийг нь эзэмшиж хүслийг нь биелүүлээгүй багш бол манай 10 жилийн анги удирдсан багш Монгол Улсын гавьяат багш Жуужаа багш маань байлаа. Есдүгээр ангид байхаас эхлэн намайг Монгол хэл, уран зохиолын багш болгоно гэж янз бүрийн аргаар багшийн мэргэжилд сонирхолтой болгох гэж 5-6 дугаар ангийнхны цээж бичгийн дэвтрийн алдаа засуулах, хичээл заалгуулах зэргээр сургаж, цэвэр гоё бичүүлэх гэж хуулан бичлэг их хийлгэдэг байлаа. Даанч их, дээд сургуульд орох шалгалтандаа бүдэрч итгэлийг нь хөсөрдүүлсэн боловч багш маань Анагаахын техникумд орох замыг минь зааж өгч өнөөдрийг хүргэсэн дээ. Дээд сургуульд сурч байхад анагаахын олон мундаг багш нараар хичээл заалгасан. Надад анатомийн хичээлийг Нээчин багш, Дотрын өвчний суурь хичээлийг Рагчаа, Гэлэгжамц, Цэрэннадмид, патоанатомийг Цэдэв гэх мэт багш нар зааж байлаа.

-Хөдөө ажиллана гэдэг эмч хүнд туршлага, ажлын дадлага чадвар суудаг болов уу. Та бол хөдөө аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн их эмч байсан. хөхөрч, гадаа гандсан хүн гэж хэлж болно. Тэгэхээр танаас хөдөө ажиллахын сайн талыг нь асуумаар байна л даа?

-Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхад тэр бүр хөдөө яваад байдаггүй. Тасагт хүн муудаж хүндрэх үед ажлын бус цагаар дуудагддаг. Дотрын нарийн мэргэжлийн эмч эзгүй байсан юм болов уу, нэг удаа Дэлгэрцогт сум руу алсын дуудлагаар очиж хүнд зөвлөгөө өгч байсан.

Харин Гурвансайхан суманд ажиллаж байхад ёстой хөдөө хөхөрч, гадаа гандна гэдэг нь болдог байсан шүү. Суманд ганцхан их эмчтэй надад номноос өөр зөвлөх хүн байхгүй. Хоёр бага эмч маань харин их эмчийн дайтай нутгийн эмч нар байсан. Ээлжлээд дуудлагандаа явна, 15 ортой эмнэлэгтэй, хэвтсэн хүнээ би үзээд тэмдэглэлээ хөтлөөд явна. Суманд ажиллахад жирэмсэн эхээ хянаж , төрүүлж, хүүхдээ боож авна, шарханд оёдол тавина, хатиг буглаа нээнэ, шүд авна гэх мэтээр бүх л юмыг өөрсдөө хийж эмчилдэг байлаа. Хөдөө ажиллахад их юм сурна аа, бүх талын мэдлэгтэй болсон байдаг юм.

Нэг удаа бага эмчтэйгээ долоон сартай жирэмсэн эхийг ЭХО оношлогоогоор ихэр жирэмсэн гэж үнэлээгүй байтал бид хоёр үзлэгээр ихэр юм шиг байдаг, эхээс нь ихрийн удамтай эсэхийг асуухад удамгүй гээд байх, хоёулаа яахаа мэдэхгүй, аймаг руу ихэр гээд явуулах гэхээр ЭХО ихэр гэж оношлоогүй, эмэгтэйчүүдийн эмч нар ихэр гэж картанд нь бичээгүй байдаг, гэнэт хавдартай болно гэж байхгүй… гайхсаар сумандаа хянаж байгаад тэр эхийг төрүүлж Өлзиймаа, Өлзий-Орших хоёрыгоо боож авч билээ.

-Таны хувьд аймгийн төвийн нэгдсэн эмнэлгийн дотрын их эмчээр ажиллаж байсан. Дотрын өвлөл гэхээр ерөнхий сонсогдох нь мэдээж. Ер нь ямар ямар өвчлөл голчилдог бол?

-Дотрын тасаг маань 40 ортой, анх дотрын эмч болоод тасагт очиход урьд нь сувилагчаар ажиллаж байсан, зунд нь жил бүр дадлагаа хийдэг байсан, эмч нараа таньдаг болохоор хүндрэл бэрхшээл бага байсан. Амьсгалын замын өвчин, зүрх судасны тогтолцооны өвчин, хоол боловсруулах замын өвчин, бөөр шээсний замын өвчин, дотоод шүүрлийн өвчнүүд зонхилдог байсан. Мөн онош тодорхойгүй өвчний оношийг тодруулах шаардлага дотрын тасагт их тохиолддог байлаа.

-Эрүүл мэндийн салбарт эхнээс нь ажилласан хүн гэвэл бас л таныг хэлж болно. Сумын эмч мэргэжилтний холбооны удирдах бүрэлдэхүүнд та байсан. Энэ тухай сонирхуулбал?

-2003 онд анх удаа Сумын эмч нарын анхдугаар чуулган болж Эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудлын талаар илтгэл тавьж байлаа. Дараа нь 2013 онд дахин чуулган болж тэндээс Сумын эмч мэргэжилтний холбоо байгуулагдаж удирдах зөвлөлд нь орсон таван жил тутамд чуулган хуралдаж байгаа. Сумын эмч мэргэжилтний холбоо маань хөдөө орон нутгийн эмч эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараа сургалт, нийгмийн асуудал, давтан сургалтыг хариуцаж мэргэжил арга зүйгээр хангахаас гадна сүрьеэгийн тандалт судалгааны албатай хамтран сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, сорьц тээвэрлэлтийг бүх аймаг сумдаар явж хяналт үнэлгээ хийх, зөвлөмж боловсруулах ажлуудыг хийдэг.

-Гурвансайхан сум Монголын шилдэг сумын нэг. Та тэр суманд хэрхэн ажиллаж байснаа сонирхуулахгүй юу?

-Анх сургууль төгсөж Дундговь аймагт очоод бактерилоги лабораторид их эмчээр ажилд орлоо. Хоёр лаборанттай, миний хийх ажил гэвэл гаргаад өгсөн шинжилгээний хариун дээр нь гарын үсэг зурж баталгаажуулахаас өөр чадваргүй , харин лаборантаараа заалгаж байж цагаан хорхойн өндөг хайх шинжилгээг микроскоп дээр шинжилж чаддаг болсон. Ажиллаад хоёр сар болмогц Эрүүл мэндийн газрын дарга дээрээ ороод “Намайг Хулд сум руу явуулж өгөөч, бактерилогич эмч гэдэг чинь миний хийдэг ажил биш байна. Би өөрийгөө дайчилж ажилламаар байна” гэтэл ЭМГ-ын дарга Отгонбаатар “Гурвансайхан сум эмчгүй, тэнд адууны цэцэг өвчин гараад байна. Тийшээ яв. Удахгүй чамайг дотрын тасагт авна ” гэснээр 1993 оны есдүгээр сарын 1-нд Гурвансайхан суманд анх очиж жинхэнэ эмчээр ажиллаж эхэлсэн. Хүмүүс намайг ямар ч юманд та та гээд байх нь эхлээд эвгүй санагддаг байсан ч сүүлдээ нэрээр минь дуудахаа ч болиод “Эмч” гэдэг нэртэй болсон байсан. Дараа нь 1999 оны есдүгээр сарын 1-нээс Гурвансайхан сумын Засаг дарга Р.Сүхбаатарын албан тоот, сумын иргэд, эмнэлгийн хамт олны хүсэлтийн дагуу тус суманд зургаан жил ажиллаж сумын иргэдтэй ах дүү шиг, газар нутаг айл өрхийг нь алган дээр байгаа юм шиг мэддэг болж ирсэн ч амьдралын шаардлагаар Улаанбаатар хот руу буцсан. Гурвансайхан сумын хамт олон маань их дайчин хурд хүчтэй хамт олон байсан болохоор эмнэлгийг тохижуулах, шинэ санаа санаачилга гаргах зэрэгт ханцуй шамлаад л ордог хүмүүс байсан ба миний амьдралын хамгийн эрч хүчтэй оргил үе тэр суманд л өнгөрсөн юм шиг санагддаг.

-Нийслэл хотын хамгийн их хүн амтай, алслагдсан дүүрэг нь Сонгинохайрхан. Жаргалант тосгоны хувьд бүр их алслагдсан. гэвч энэ тосгоныхны хувьд “Сүрэнхүү эмч” гээд сүйд болдог юм билээ. Та их л нэр хүндтэй хүн санагддаг?

– Эмч гэж хэлэхээр би их ичдэг байлаа, би эмч гэж хэлүүлэх алдар хүндийг олсон билээ үү гэж. Эмч хүн гэдэг чинь маш их клиник сэтгэлгээтэй, шударга, энэрэнгүй, өгөөмөр өргөсөн тангарагтаа үнэнч хүний төлөө гэсэн сэтгэлтэй, өөрийн мэдлэг оюунаа бүрэн дайчилсан эрдэм төгс хүн байх ёстой. Гэр бүлийн маань хүмүүжил надад нөлөөлдөг байх. Би хүнд аль болохоор туслахыг хичээж явдаг. Ямарваа юмыг олон талаас нь ургуулан бодож дүгнэлтээ гаргадаг. Манай аав их оюунлаг, бичгийн өндөр соёлтой агуу хүн байсан л даа. Би өөрөө айлын том хүүхэд, олон дүүтэй, дүү нартаа үлгэр дуурайл болохгүй бол болохгүй шүү дээ. Энэ хичээл зүтгэл маань хүмүүст зөв хандлага төрүүлдэг байх даа. Би Залуучуудын гавшгайч бригадын ахлагчаас эхлээд 28 жил сум тосгоны Эрүүл мэндийн байгууллага удирдаж ажиллаж байна.

-Дотрын их эмчийн тань хувьд асуухад өнөөдөр манай иргэдийн хувьд ямар өвчлөл их байна. түүнээс сэргийлэх энгийн аргууд юу байна?

-Нийгмээ дагаад артерийн даралт ихсэлт, зүрх судасны өвчин ихэсч байна. Мөн хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Манай хүн амын хувьд өвлийн улиралд амьсгалын замын өвчлөл бөөр шээсний замын өвчлөл илүүтэй, зуны улиралд ходоод гэдэсний замын өвчлөл илүү тохиолдох боловч зүрх судасны өвчин даралт ихсэлт улирал харгалзахгүй өндөр байна. Нэг үеэ бодвол хэвлэл мэдээлэл, зурагтын олон сувгаар иргэдийн эрүүл мэндийн боловсролын талаар их зөвлөгөө өгдөг болжээ.

-2005 оноос хойш та схд-ийн жаргалант тосгоны эмт-ийн их эмчээр ажиллаж байгаа. Таныг олон зүйл хариуцаж хийсэн, маш их санаачилгатай өө өндөр хэмжээнд авч явааг төр түмэн мэддэг. Энэ тухайд та юу хэлэхсэн бол?

-Би Гурвансайхан сумаас шууд Жаргалант тосгонд ирээд одоог хүртэл ЭМТ-ийн даргаар ажиллаж байна. Ажил амьдралынхаа хугаацаанд хоёр эмнэлгийг тохижуулж эмнэлэг шиг эмнэлэг болгосон. Мэдээж хамт олонтойгоо хамт. Намайг Жаргалант тосгоны эмнэлэгт ирэхэд орчин нөхцөл, эмнэлгийн маань өнгө зүс “Дэмий л энд ирлээ” гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байсан ч хамт олон, нутаг орон маань өнөөдрийг хүртэл уяж чадлаа. Эмнэлгээ тохижуулж шинээр клиник лаборатори, гэрчилгээтэй архивын өрөө, сургалтын өрөө, ариутгал, эрчимт эмчилгээний өрөө байгуулахаас гадна дотроо бие засах газар, усанд орох душ, өрөө бүрт гар угаалтуур, гадна талдаа гүний худагтай болж эмнэлгийн хашаагаа шинэчилж явган хүний зам тавиулж чадсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулан жирэмсний хяналт, эх нярайн эргэлт, алс ойрын дуудлаганд үзүүлэх тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрэхүйц түвшинд хүргэж ажиллалаа.

Categories
гадаад мэдээ

Онгоц гол руу унаж 21 хүн гэмтжээ

АНУ-ын Флорида муж улсын Жексонвилл хотод Boeing 737″ арилжааны нисэх онгоц газардах үедээ хөөрч, буух зурвасаас гарч хотын ойролцоох гол руу унасан тухай “CNN” суваг мэдээлжээ.

Уг нисэх онгоцны бүхээгт 136 зорчигч, багийн долоон гишүүн байсан байна. Ослын үеэр амиа алдсан хүн байхгүй гэж хотын эрх баригчид мэдээлжээ. Одоогоор нисэх онгоцыг голоос татаж гаргаагүй байгаа бөгөөд голын гүехэн хэсэгт байгаа аж.

“CNN” сувгаар мэдээлснээр, онцгой байдлын ажилтнууд онгоцонд сууж явсан хүмүүсээс 21-ийг нь эмнэлэгт хүргэжээ. Энэ хүмүүсийн дотор Америкийн цэргүүд, гэр бүлийн гишүүд нь, мөн Пентагоны ажилтнууд байгаа аж.

Уг нисэх онгоц нь захиалгат нислэг үйлддэг “Miami Air” компанийн онгоц бөгөөд Америкийн тэнгисийн цэргийн Гуантанамо баазаас ирсэн гэж телевизийн “CBS” сувгаар мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлага үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж “Дүүргийн хувьд цэрэг татлагын ажил хэвийн үргэлжилж байна. Одоогийн байдлаар 400 орчим залуу цэрэг татлагаар ороод байна. Залуучуудын идэвхи өмнөх жилүүдээс сайжирсан нь харагдаж байна. Залуус эрүүл мэндээрээ тэнцэхгүй байх тохиолдол багассан” гэдгийг хэлж байв.

Чингэлтэй дүүргийн хувьд татагдан ирж байгаа бүх хүүхдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамруулдаг юм байна. Эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан хүүхдүүдээ бүтэн жилийн турш дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болон өрхийн эмнэлгүүд анхаарч ажилладаг аж.

Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлсөн баримт, оюутны үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр

  • БГД 96 дугаар сургууль /”Оюуны ундраа” цогцолбор сургууль/
  • БЗД 14 дүгээр сургууль
  • СБД 31 дүгээр сургууль
  • СХД 83 дугаар сургууль /“Ирээдүй” цогцолбор сургууль/
  • ХУД 34 дүгээр сургууль
  • ЧД 5 дугаар сургууль
  • БНД “Гүн галуутай” цогцолбор сургууль
Categories
мэдээ нийгэм

Гурван аймаг ой хээрийн түймэртэй байна

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд Хэнтий, Булган, Дорнод аймагт түймэртэй байна.

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн Хашлиг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авчээ.

ОБЕГ-ын 9 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 61 алба хаагч, ҮАБ-ийн 65 алба хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Батширээт сумын 131 иргэн, Биндэр сумын 139 иргэн, “Онон-Балж” тусгай хамгаалалтын газрын 11 ажилтан, нийт 464 хүн, 49 автомашин, 33 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 24400 га ой шатсан. Мөн ОБЕГ-ын даргын шийдвэрээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь Онцгой байдлын газрын 12 алба хаагч, /2 бүлэг түймрийн голомт руу автомашинаар явна/, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашин нийт 46 алба хаагч, 4 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар орон нутгаас хөдөлгөөн үйлдэж замдаа явж байгаа юм байна.

Булган аймгийн Тэшиг сумын Эрин багийн Мухар жалга гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 245 км-т/ Монгол Улсын хилийн 477-480 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн 0286 дугаар ангийн 4 алба хаагч, 05.01-ний өдрийн 23:30 цагт түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдэж 05.02-ны өдрийн 14:30 цагт түймрийн голомтод очиж унтраахаар ажиллаж байна. 05.02-ны өдөр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ЗХ-ний 303 дугаар ангийн 4 алба хаагч “МИ-171Е” загварын нисдэг тэргээр Булган, Орхон аймгийн алба хаагчдыг түймрийн голомтод хүргэх зорилгоор Булган аймгийн чиглэлд 12:20 цагт нислэг үйлдэж 13:45 цагт газардсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагчийг /2 удаагийн нислэг үйлдэж/ түймрийн голомтод тус тус хүргэж 19:20 цагт Булган аймагт буцаж газардсан.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 05.02-ны өдрийн 20:30 цагт ирж хоносон. 05.03-ны өдрийн 06:05 цагт Булган аймгийн төвөөс нисдэг тэрэг хөөрч Хутаг-Өндөр суманд 07:00 цагт газардаж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын бүлгийг авч 07:04 цагт хөөрч түймрийн голомтод 07:40 цагт газардсан. 05.02-ны өдрийн 21:00 цагт түймрийн зүүн болон баруун хэсгийг цурманд оруулж унтраасан, урд хэсгийг унтаахаар ажиллаж байна гэж Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж мэдэгдсэн. Түймрийн голомтод нийт 95 алба хаагч, 1 нисдэг тэрэг, 1 автомашин, 4 морьтойгоор ажиллаж байна.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 15:11 цагт хүлээн авч орон нутгийн 14 иргэн, 2 автомашинтай ажиллаж мөн өдрийн 20:00 цагт түймрийг бүрэн унтрааж, түймэр дахин гарахаас сэргийлж цурмыг манаж хоносон байна. Түймэрт 6 га талбай шатжээ.

Categories
мэдээ нийгэм

Нөхрийнхөө хоолойг боож амь насыг нь хохироожээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хоёрдугаар багт эхнэр нь нөхрийнхөө хоолойг боож амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-ны өдөр 18.00 цагийн орчимд тус суманд оршин суух 28 настай эмэгтэй Н нь нөхөр болох 26 настай Ө-г хоолойг нь даавуугаар боож амь насыг нь хохироосон байна. Улмаар хэргийн ул мөрөө баллаж цагдаад дуудлага өгөхдөө “Гаднаас орж ирэхэд манай нөхөр өөрийгөө боож амиа хорлосон байдалтай нас барсан байна” хэмээн худал мэдээлэл өгсөн байна. Мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн шинжээч эмч байлцуулан хэргийн газрын үзлэг шинжилгээ хийсэн аж.

Талийгаачийн биед үзлэг хийснээр урьдчилсан байдлаар гадны нөлөөтэй нас барсан байсан нь тогтоогджээ. Мөрдөн шалгалтын явцад задлан шинжилгээний хариу болон бусад хэрэгт хавсаргасан нотлох баримтад үндэслэн талийгаачийг эхнэр нь даавуугаар боож алсан болох нь нотлогджээ.

Сэжигтэн эмэгтэй Н-ийг цагдан хорьсон багаад хүнийг санаатай алсан хэргээр саатуулан мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос пуужин харважээ

Хойд Солонгос улсаас богино зайн тусгалын хэд хэдэн пуужин харваж туршсаныг Сөүлийн албаныхан мэдээлжээ. Пуужинг нутгийн зүүн хэсгийн Ходо хойгоос харвасан байна. Пуужингууд зүүн хойд зүгт өглөөний 09,00 цагт харвасан ба 70-200 км орчим зайг туулсны дараа 09,27 цагт Японы тэнгист унажээ.

Хэрэв мэдээлэл батлагдвал энэ нь Хойд Солонгос улс 2017 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа пуужин туршсан хэрэг болно. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Солонгосын албаныхан шинэ төрлийн тактикийн зэвсэг туршсан гэж мэдээлсэн. Энэ нь Вьетнамд АНУ-ын ерөнхийлөгчтэй Хойд Солонгосын удирдагч уулзсанаас хойших анхны туршилт байв. Уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хэлэлцээ хийлгээгүй. Өмнө нь хоёрдугаар сард Сингапурт хийсэн хэлэлцээрт Хойд Солонгос нь холын зайн тусгалын болон цөмийн пуужин туршихгүй гэж амласан аж. Тиймээс энэ удаагийн богино зайн тусгалын туршилт нь хэлэлцээрийг зөрчөөгүй гэж тооцогдоно. Гэхдээ энэ нь АНУ-аас Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн хоригоо цуцлахгүй байгаад Пеньян тэвчээр алдарч буй хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна. АНУ-аас Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсооход дорвитой алхам хийхийг шаардаж буй.

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн ногоон бүсэд явганаар буюу машинтайгаар зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлан, ухуулга сурталчилгаа хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Сүхбаатар дүүрэг нь 20,8 мянган га нутгийг эзлэн оршдог бөгөөд 15,3 га ойн сан бүхий газар нутагтай. Ойн сан бүхий нутагт 15 дугаар хороо Архустай, Зуунмод, 19 дүгээр хорооны Гоодой, Шаргаморьт, Хуурай мухар, Баянбулаг, Хандгайт, Хандгайтын богино, Санзай, 20 дугаар хороо Бэлх, Сэлх, Сэлбийн амуудын сав газрууд багтдаг байна. Ойн сан бүхий нутагт 130 аж ахуйн нэгж, байгууллага, 8870 гаруй айл өрх амьдардаг.

Мөн ой, хээрийн түймрийн эрсдэлийн эрсдэлийн түвшинг тодорхойлоход тус дүүргийн 9 хувь нь “маш өндөр”, 55 хувь нь “өндөр” гэсэн үнэлгээ гарчээ.

Тиймээс дүүргийн Засаг даргын 2019 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” А/123 дугаар захирамжийн хүрээнд Бэлх, Сэлх, Гоодой, Баянбулаг, Санзай, Шарга морьт, Хандгайтын амуудад сэрэмжлүүлэг самбаруудыг шинэчлэн байршуулж, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэн, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийн салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум зохион байгууллаа. Тус форумын үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж сонордууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ

Эрхэм сэтгүүлчид ээ,

Хэвлэл, мэдээллийн салбарын нийт ажилтан, ажиллагсад аа,

Та бүхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн халуун мэндчилгээ дэвшүүлье.Өнөөдөр та бүхэн үндэсний сэтгүүлзүйн 106 жилийн түүхээ эргэн харж, хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын өнөөдрийн нөхцөл байдлыг шүүн тунгааж, ирээдүйн хөгжлийн бодлогоо тодорхойлохоор “Хараат бус сэтгүүлзүй” Үндэсний форумд хуран цуглараад байна.

Манай улсын замнаж ирсэн нийгмийн аль ч тогтолцоон дахь ард олны оюун санааны амьдралд та бүхний мэргэжил, үйл хэрэг чухал нөлөөтэй, үнэмлэхүй өндөр байр суурьтай явж ирлээ.

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулахаар бартаа нугачаатай эгэл бус замаар урагш тэмүүлсэн он жилүүдэд сэтгүүлч та бүхний хараат бус, хариуцлагатай, чөлөөт сэтгүүлзүйг төлөвшүүлэх чин эрмэлзэл, мятрашгүй зүтгэл тань шударга үнэний дуу хоолой болон нийгэмд түгж, нийгмийн бусармаг, шударга бус аливаа үг, үйлдэлд хатуу хяналт тогтоож ирснийг Монголын ард түмэн, төр, засаг зүй ёсоор үнэлдэг.

Өнөө цагт дэлхий дахинд технологийн дэвшлийг даган мэдээллийн асар их урсгал бий болж, хүн бүр нийгмийн сүлжээг ашиглан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үүд хаалга нээлттэй болжээ. Мэдээллийн энэ их орчил дунд мэргэжлийн сэтгүүлчдийн хараат бус, мэргэжлийн ёс зүйтэй, үнэн бодит эх сурвалжаас олж авсан мэдээ, мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

Та бүхний гарт нийгмээ соён гэгээрүүлэх, маргаашийн сайн сайханд уриалан дуудах асар их нөөц бололцоо, хүч байгаад огт эргэлзэхгүй байна.

Сэтгүүлчид бол төр засгийн бодлого, үйл хэргийг нийтэд таниулан сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхэд гарч байгаа алдаатай болгонд шүүмжлэлтэй хандан засч залруулахыг анхааруулж чаддаг нийгмийн түүчээ болсон хүмүүс билээ. Тиймээс цаашид ч төр, ард түмнийг холбох гүүр нь болж нийгмийн эв нэгдлийг хангахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд миний бие хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд онцгой анхаарч, салбарын хараат бус байдлыг хангахад бодитойгоор дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Монгол эх орондоо шударга ёсыг бэхжүүлж, гадаадад нэр хүндтэй, дотоодод эв нэгдэлтэй, ард иргэддээ ээлтэй нийгмийг цогцлоохын төлөөх монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл, чин эрмэлзлийг шингээсэн та бүхний үйлс тод, үг тань хурц байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ

2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтийг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярт гардуулан өглөө.