Categories
мэдээ цаг-үе

Олимпод таван удаа оролцсон Т.Мягмаржавынх

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Спортын эв нэгдэл болсон олимпод гар бууны төрлөөр улсаа төлөөлж таван удаа оролцсон ОУХМ Т.Мягмаржавынхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Монгол Улс 1974 онд Азийн наадамд анх удаа оролцож Т.Мягмаржав гуай уг наадмын анхны хүрэл медалийг хүртэж байсан түүхтэй. Тэрбээр Монгол Улсаас анх удаа олимпод оролцож байсан хүмүүсийн нэг. 1964 оны Токиогийн олимп, 1968 оны Мехикогийн олимп, 1972 оны Мюнхений олимп, 1976 оны Монреалийн олимп, 1980 оны Москвагийн олимпуудад таван удаа дараалан гар бууны төрлөөр оролцож байсан юм.

Т.Мягмаржав гуайнх Зайсанд байрлах “Анома” хотхонд оршин суудаг аж. Охин нь үүдээ нээв. Гэрийн эзэгтэй гараа гэмтээчихсэн эмнэлэг явчихсан байлаа. Зочны өрөөний ханаар дүүрэн түүх өгүүлсэн зураг дурсгалууд, олимпийн бэлгэ тэмдэг, сувинерууд. Т.Мягмаржав гуай хоймортоо залсан олимпийн бэлгэ тэмдэгүүдийн дэргэд зогсоод “Би таван удаа олимпод оролцож байлаа. Анх удаа олимпод оролцож байсан хүмүүсийн нэг юм даа. 23 насандаа анхны олимпод оролцсон. Тэдгээр улс орнуудын олимпийн дурсгалын зүйлс бүгд надад хадгалаастай. Олимп анх удаа Азид зохиогдож байсан. Монгол Улс анх 1964 оны олимпод оролцсоноос хойш тив дэлхийн тэмцээнүүдэд ордог болсон. Токиогийн олимп манай тамирчдыг дэлхийн томоохон тэмцээнүүдэд оролцох эхлэл нь болж өгсөн дөө” хэмээлээ.

Тэрбээр зургийн цомгоо эргүүлэн би “Говь-Алтай аймгийн Баян сумын хүн. Сум маань одоо Шарга, Халиун гээд хуваагдчихсан. Аав, ээж маань малчин хүмүүс байлаа. 1950-иад оны үед өргөн төмөр зам ашиглалтад орж, ажилчдыг хөдөө орон нутгаас татан авч эхэлсэн юм билээ. Тэр үеэр аав, ээж маань Төв аймгийн Батсүмбэр суманд суурьшсанаар манайх хотын айл болсон. Хүүхэд нас маань хөдөө, говьд өнгөрсөн дөө. Говийн намрын элсний хүйтнийг хэлэх үү. Элсэн дээр гүйхэд хөл их даарна. Үхрийн халуун баас таарвал хөлөө дулаацуулчихаад л гэр лүүгээ гүйчихнэ шүү дээ” хэмээн хөхрөв.

Тэрбээр үргэлжлүүлэн “Манайх Гачууртад зуншдаг. Бусад үед охиныдоо амьдардаг юм. Охин маань гурван хүүтэй. Өвөөгөөс салахгүй гурван атаман бий. Бид хоёр гурван зээгээ хараад охиныдоо амьдардаг болоод удаж байна” хэмээн хуучлав.

Т.Мягмаржав гуайг буудлагын спорттой хэрхэн холбогдсон талаар асуухад “Би долдугаар ангид орох жилээ сургуулиа хаяж, хотын дэлгүүрүүдийг бараагаар хангадаг газар ачаа зөөгч хийх болсон юм. Тэр үед ангийн маань хүүхэд театрт дагалдан бүжигчнээр ажиллаж байгаа талаараа ярьж хүн шалгаруулж авна гэдэг юм. Ингэж театрт дагалдан бүжигчин хийж эхэлсэн. Театрт ороод жил гаруй хугацааны дараа Ардын ансамбльд бүжигчнээр ажиллаж байлаа. Тухайн үед хөдөө аймгуудаар их явна, төлөвлөгөө биелүүлнэ. Ингэж явсаар нэг өдөр Чихэр боовны үйлдвэрт ажилд орлоо доо. Тэнд ажиллаж байхдаа залуу сайн ажилтан гэж байраар шагнуулсан минь буудлагын спорттой эргэлт буцалтгүй холбосон юм. Эргээд бодоход энэ бүхэн хувь тавилан гэж боддог” гэж яриад цайгаа оочлов.

Т.Мягмаржав гуайн гэр бүлийн хүн нь цагдаагийн дэд хурандаа Ч.Шагдарсүрэн. Одоогийн МУБИС-ийн Түүх газар зүйн багшийн ангийг 1974 онд төгссөн аж. Тэрээр тэтгэвэрт гартлаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллажээ. Хадам аав нь генерал, ээж нь төмөр зам анх нээгдэхэд л ажиллаж эхэлсэн хүн байсан гэнэ. Гэрийн эзэгтэй уулын спортоор хичээллэдэг талаар ч ярив. Тэрээр Гималайн салбар оргилд гурван удаа авирч байж. “Бид хоёр Багшийн дээдэд анх танилцсан” хэмээн залуу цагийн зургаа үзүүлэв. Тэд 1970 онд гэр бүл болж М.Гэрэл, М.Тамир, М.Тайшир, М.Энхсайхан хэмээх гурван хүү, нэг охины ээж, аав болжээ. Гурван хүү нь өөр өөрсдийн хувийн бизнес эрхэлдэг бол охин М.Энхтайван нь өмгөөлөгч хийдэг гэнэ.

Тэрээр хэд хэдэн зургийн цомог дэлгэн үзүүлэв. Зургийн цомог дотор түүх өгүүлсэн эрт цагийн зургууд нүднээ тодхон. Анхлан олимпод оролцож байсан зургаас эхлээд таван олимп дараалан оролцож байсан тамирчдын зургуудыг нямбайлан хадгалсан харагдана. Тэрээр “Би анх 1962 онд буудлагын спортоор хичээллэж эхэлсэн. Залуу сайн ажилчин гэж 40 мянгатад байраар шагнуулчихаад ням гариг бүр нийтийн тэмцээнд гар буугаар 85 буудаж, гуравдугаар зэрэг биелүүлснээр буудлагын спортод эргэж буцалтгүй хөл тавьсан юм даа” хэмээлээ.

1958 оноос эхлэн манайд буудлагын спорт жигд хөгжиж эхэлсэн үе гэнэ. 1955 онд Бээжинд олон улсын тэмцээний үеэр манайхан анх спортын тусгай буу байдгийг мэдсэн аж. Ихэнх нь цэргийн хүмүүс явсан учраас Батлан хамгаалах яамныхаа бууны захиалганд спортын буу, сумыг оруулснаар манай улс анх спортын буу, сумтай болж байсан гэнэ. 1958 онд тухайн үеийн Батлан хамгаалахын яамны харьяа буудлагын спортын төв клуб гэж байгуулж байжээ. Ингэж л буудлагын спорт үүсэх эх тавигджээ.

Т.Мягмаржав гуай “1963 онд таван хүнтэй буудлагын спорт шигшээ баг гэж байгуулагдаж байлаа. Жилийн дараа анхны олимпод оролцож байсан үе. 1964 он гарангуут бид олимпийн бэлтгэл хийхээр цэргийн амралт руу гарна. Тэр үеийн бэлтгэл гэдэг инээд хүрмээр шахуу шүү дээ” хэмээн хөхрөөд тэр үеийнхээ тухай дурслаа. Өвөл цэргийн палатк барьчихаад зуух яндангаа оруулчихна. Эсгий гутал, хөвөнтэй хүрэмтэй л хүмүүс байлаа шүү дээ. Тэгж л анх олимпийн бэлтгэл хийж эхэлж байсан. Дээхнэ үед говьд зуугуул адуу их. Хилийн наана, цаана гараад явж байдаг. Тэр адуунуудыг агнахаар Жанцанхорлоо, Өлзийбаяр бид гурав явж байлаа. Армийнхан унаагаа бэлдэнэ. Сар гаруй болоход 1000 гаруй адуу устгаж байлаа. Их адуу байсан даа. Нутгийнхан бариад нэмэргүй, нэгээ дагуулаад алга болчихдог гэж хэлж байсан” хэмээн хуучлав.

“1964 оны Токиогийн олимпод оролцохоор Орос руу гарч, цаашаа усан онгоцонд сууж анхлан олимп гэгч зүйлтэй уулзаж байлаа. Дараа дараагийн олимпод басхүү олимп гэгч зүйлийг зах зухаас нь мэддэг болчихсон. Тухайн үеийн хөрөнгөтөн орнууд хөгжлөөрөө биднээс хол тасарчихсан байсан юмдаг” хэмээн нэмж хэлэв.

Биднийг хуучлах зуур охин нь ширээн дээр жимс тавингаа “Аав маань буудлагын талаараа ярих их дуртай. Манай найзууд гэрт ирэхээрээ аав, ээж хоёртой хуучлаад суучихна. Танай хоёртой яриа хөөрөө дэлгэх сонирхолтой байдаг гэж хэлдэг юм” хэмээн зочны өрөөнд байрлах томоо зааныг заагаад аав намайг төрөхөд Тайландаас авчирч байсан гэдэг” гэв.

Т.Мягмаржав гуайгаас эцэг өвгөдөөс уламжилж ирсэн үнэт зүйлсийг нь сонирхоход “Бага наснаасаа зүүж өссөн Лхам бурхан байна” хэмээн шүүгээнээсээ дөрвөлжин хайрцагтай бурхныг гаргаж ирэн харуулав. Мөн дээхнэ үед орос цэргүүд өгсөн зэс халбага хоёр аав, ээжээс минь үлдсэн үнэт зүйл байна даа хэмээв.

Буудлагын спорт техникийн спортын төрөлдөө ордог хэдий ч угтаа сэтгэл зүй, оюун ухааны спорт юм. Сэтгэл жаахан л хөдөлчихөд буудахад маш хүндрэлтэй болдог. Сэтгэл зүйн талаар маш сайн ойлголттой байх хэрэгтэй. Буудлагынхан ер нь сэтгэл хөдлөл багатай хүмүүс байдаг. Энэ спортод сэтгэл зүй маш их нөлөөлнө. Хийн бууны бай ердөө л цэг. Метрт буудаж байгаа нь хумсны толио шиг маш жижиг. Маш нарийн. Нэгэн зэргийн темпээр бууддаг. Сүүлийн үед зүрхний цохилтын хооронд гох дарах хэрэгтэй гэж ярьж байна. Гар бууг удаан хугацаанд хөдөлгөөнгүй бариад зогсоно гэдэг хувь хүнээс маш их тэвчээр шаардана гэж туршлагатай тамирчин зөвлөв.

“Тухайн үеийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэг Хайлаастын аманд задгай тиртэй. Түүнээс өмнө 40 мянгатад подвольд л байрладаг байсан. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дарга, генерал Ургацын Жамьян гэж хүн байлаа. Генерал маань буудлагын спортын клуб, тир барьж өгөх хүсэлт германчуудад тавьснаар би зургийн студээс нэг хүн дагуулан Германд очсон юм. Би тэр үед Буудлага клубийн дарга, ерөнхий дасгалжуулагч гэсэн албан тушаал хашиж байлаа. Тэд хотуудын тирийг үзээд саналаа хэл гэдэг юм. Ингээд өөрийн улсдаа нийцсэн анхны хийн бууны тирийн шавыг тавьж байлаа. Хийн бууны тирийн улаан шугамыг нь татаж иж бүрэн сургалтын төв ингэж баригдсан түүхтэй. Буудлага спортын төв клубийн дарга хошууч Аюуш буудлагын спорт хөгжихөд их нэмэр оруулсан даа” хэмээв.

Тухайн үед спортыг хөгжүүлэхэд Батлан хамгаалахад туслах нийгэмлэг гол үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Буудлага клуб ням гариг бүр нийтийн тэмцээн зохион байгуулж сайн буудаж байгаа хүмүүсийг секцэнд явахыг зөвлөдөг байсан аж. Хөдөө орон нутгуудад ч тир байгуулж, залуучуудыг энэхүү буудлагын спорт руу чиглүүлж байсан талаар дурслаа. Ингэснээр 1976 онд манай улс анх удаа Залуучуудын улсын аваргыг зохион байгуулж байжээ.

Саяхан 1964 оны олимпод оролцсон баг тамирчдыг Асашёорюү Д.Дагвадорж хүлээн авч уулзсан гэнэ. Анх олимпод оролцож байсан хүмүүсээс цөөхөн үлдэж дээ” хэмээн Т.Мягмаржав гуай санаа алдав.

Тэрээр олимпийн талаараа дурсахдаа ширээгээрээ зургуудаа тараачихаад нэг бүрчлэн ярьж байв. 1964 оны Токиогийн олимпод манайхаас хөнгөн атлетик, бөх, буудлага, дугуй гэсэн дөрвөн төрөлд орж байсан. Анхны олимп бидэнд ёстой бүх зүйлд л нүд нээж өгч байгаа юм. 1968 оны олимпод чөлөөтийнхөн маань их сайхан барилдсан. Тэр жил анх удаа манай улс олимпоос медальтай ирж байсан. Ж.Мөнхбат аварга мөнгөн медаль, Чимидбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг нар хүрэл медаль хүртэж байлаа. Манай багийнхан тэр жил гадуур гарч ойр орчинтой танилцчихаад ирж байтал Ж.Мөнхбат аварга байрныхаа гадаа сууж байх юм. Хэнтэй яаж барилдах вэ гэдгээ л бодоод сууж байгаа юм л даа. Айхавтар хүн байсан шүү дээ. Нарийн тооцоолон бодчихсон байдаг. Х.Баянмөнх аварга нэгэнтээ “Таван удаа олимпод орно гэдэг 20 гаруй жил нэг номерын тамирчин байсан болж таарч байгаа биз дээ гэж хэлж байсан юм” хэмээн инээлээ.

Тэрбээр “Монголын бүх ард түмний II спартикад болж би алтан медаль авсан байдаг юм. 2004 онд 63 насандаа ахин оролцож отгон алтан медалиа авсан. Энэ хоёр алтан медалийг залуучуудтай уулзахдаа үзүүлж, буудлагын спортод нас нөлөөлдөггүй юм шүү гэж хэлдэг юм даа” хэмээснээр бидний яриа өндөрлөв.


Categories
мэдээ цаг-үе

Маяагийн түүхт Мексик нутгаар

Маяагийн эртний соёл иргэншлийн түүхт туурь, үр сад нь болох индианчуудын аж байдлыг үзэх олон жилийн хүсэл минь Гватемал улстай хил залгах, Мексикийн Чиапас мужийн төв болох Туксгла Гутиериз хот руу хөтөлсөн билээ.

МЭӨ 2000-МЭ 1500 онд маяачууд энэхүү нутагт суурьшин амьдарч байсан юм. Өдгөө Зокас, Мамес, Цоизил, Цэлтал гэх зэрэг 13 өөр овог төрлийн индианчуудын 34.41 хувь нь Чиапас мужаар тархан амьдардаг. Мехсикийн индианчууд уугуул нутгийнхаа үзэсгэлэнт өндөр сүрлэг уулс, өтгөн шигүү сэрүүн ойн гүнд бүлэг, бүлгээрээ суугуул амьдардаг учир явуулын бид байтугай, нутаг нэгтнүүд нь ч тэр бүр очоод байдаггүй юм билээ.

Чиапасын Туксгла Гутиериз хотод амьдардаг найз С.Наран маань, мехсик бүсгүй Мэрилүтэй хамтран “Цэлтал” хэмээх индианчуудын “дунд” орж, амьдралыг нь мэдрэх ховор аяллыг зохион байгуулж өгсөн юм. Цэлтал гэдэг үгийн утгыг махчлан орчуулбал “Ажиллаж буй эрчүүд” гэсэн утгатай. Эртний маяа үг. Чиапаст ирсэн оройныхоо маргааш нь эртлэн босч, холгүй зайтай Окосинго хэмээх газрыг зорьцгоов.

Жижигхэн биетэй, алаг нүдэн царайлаг Мэрилү хүүхэн хэдэн машин, хэсэг хүмүүсийн хамт замд тосон уулзав. Өндөр уулын энхэл донхол замаар өгсөх машинууд ар араасаа цуварч өтгөн ойн гүн рүү явсаар байлаа. Гүн рүү орох тусам нуруугаа үүрэн алхах ганц нэг өндөр настан, хүүхдээ тэвэрч хөтөлсөн бүсгүйчүүд хаа нэгхэн таарах нь нүдэнд содон. Индианчууд гайхал төрүүлэм улс. Зүг чигээ баримжаалахад бэрх, араатан амьтан элбэг ширэнгэн ойд ганц нэгээрээ явган явахдаа төөрнө гэж үгүй. Айж цочиж, ядарч цуцахыг хэзээнээсээ л мэддэггүй мэт.

Бид шургааган хайс, сараалжин хашаа үе үехэн нүднээ торох уулын бяцхан тосгоны Аилийн Гомез хэмээх үр хүүхдүүдтэйгээ цугаар амьдрах өнөр өтгөн айлд буулаа. Хямд төсөр мод банз хооронд нь залгаж барьсан хэдэн байрныхаа урдах шороон талбайг усалж байгаад цэмбийтэл шүүрдчихэж. Гэрийнх нь ойролцоох моддын сүүдэрт илжиг зүүрмэглэх мэт хэвтэж, гахай, тахиа хоол эргүүлэн гүйлдэнэ. Туранхай, номхон бололтой хоёр нохой үүдний довжоо хавиар эргэлдэнэ.

Гэрийнхээ хамгийн ахмад нь болох буурал үстэй, монхордуу том хамартай бор эмэгтэй биднийг угтлаа. Үсээ нямбайлан шодойтол сүлжсэн жаахан охид, нүүрээ угааж үсээ тослон самнасан хөвүүд бидний авчирсан чихэр, боов, бэлэг сэлтийг харж баярлан хөөрцгөөнө. Жаахан охидын зарим нь их л гоёсон бололтой, саатай гялгар жижиг цүнх мөрөвчилжээ. Томдсон шинэ шаахай нь гүйх тоолонд нь сугарч харагдана. Гэр гэрийнхээ үүд хаалгаар булталзаж, баярласан нүдээр биднийг цоо ширтэх хүүхдүүд энэ тосгоны онцолж хэлэх өхөөрдөм зураглалын нэг юм.

Тосгоны бүх эрчүүд үүрийн гэгээтэй уралдан эрдэнэшиш, шош буурцаг, хөвөн, халуун чинжүү, жимс, ногооны талбайд ажиллахаар явцгаана. Гэрийн ажлаа түүртэлгүй амжуулах, цэлтал овгийн намхан чийрэг биетэй, бор бүсгүйчүүд урт хар гэзгээ хоёр салаа сүлжээд, өөрсдийнхөө хатгасан улаан ногоон, цэнхэр шар цэцэгтэй цагаан цамц, уртавтар юбка өмсөцгөөнө.

Аилийн Гомез гэх энэ айлын садан төрлийн хүүхнүүд хоорондоо маяа хэлний ч’олан–цэлталан аялгаар ярьж, биднийг гарынхаа хоолоор дайлав аа. Гал тогооны саравчнаас уур утаан дотроос түмпэн шиг том аяга дүүрэн тахианы мөч, бутартал чанасан чихэрт төмстэй, амт сайхантай шөлөөр дайлав. Уулын тосгоныхон цахилгаангүй. Задгай галын уугих утаан дунд хоол цайгаа бэлддэг учраас эмэгтэйчүүдийн нүд өвчлөх нь түгээмэл гэнэ. Нялх охиноо тэвэрч, хүүгээ хөтөлсөн хүүхэнтэй үг солилоо. Дөнгөж л хорь хүрч байгаа ажээ. Нутгийн индианчууд испани хэлээр бараг ярихгүй юм. Охид хүүхнүүд өдрийн турш хатгамал, утас ээрэх, маяагийн уламжлалт хээ загвартай эд зүйлсийг нэхэж сүлжинэ. Хамаг байдгаа овоолж аваад зах явж, тэндээс олсон багахан мөнгөө амьжиргаандаа нэмэрлэдэг байна.

Гудас хөнжил хаясан модон наар, хэдэн сандал, хананд өлгөсөн хүүхдийн хувцас, малгай сэлт айлуудын онгорхой хаалгаар үзэгдэнэ. Цэлтал хүмүүс бидэнд ургаж буй кофены модод, цөөрөм дэх загасны жижигхэн аж ахуй, эрдэнэшишийн талбай, шинээр барьж байгаа сүмээ хүртэл үзүүлж олон сайхан түүх ярьсан юм. Тариаланч маяачууд, хаа тэртээх МЭӨ 2500 онд наранцэцэгийн үр, арвай буудай, хөвөн, арчилгаа ихтэй халуун чинжүү, хулуу, хар, цагаан өнгийн олон төрлийн шош тариалж, гадил жимс, какао, зөгийн бал боловсруулдаг байсан тухай сонирхолтой зүйлс уншсан минь тодхон санагдав.

ТОНИНА ПИРАМИД

Маяагийн эртний соёл иргэншлийн үеийн барилга байгууламжууд гайхам сүрлэг. Чулуу өрж пирамидууд босгохдоо металл огт оруулаагүй нь анхаарал татдаг. За тэгээд хийц уран, чимэглэл чамин гэж ирээд яривал шагших сайхан ихтэй. Үүний нэгээхэн жишээ дурсгал нь Окосинго хотод байдаг Тонина юм. Маяачууд халуун дулаан бүс нутгийн их ой, моддыг цэвэрлэн тариалангийн том талбайнууд гаргаж, талбай доогуур услах байгууламж барьсан түүхтэй билээ.

71 метрийн өндөр сүрлэг чулуун пирамид Тонина нь өнөөг хүртэл сайтар хадгалагдаж ирсэн бөгөөд авирсаар орой дээр нь гарч суухад сэрүүн сайхнаас гадна эргэн тойрны зүйлс алган дээрээ байгаа мэт ив илхэн дурайдаг. Нов ногоон тэгшхэн талбайд эртний чийрэг маяа эрчүүд дөрвөн кг жинтэй резинэн бөмбөгөөр тоглон халз үзэж ялаад хүчирхэг эзэн хаандаа “өөрийн амиа өргөдөг” байж. Энэ тоглоомын дүрэм журмыг өнөөг хүртэл тайлж чадаагүй ажээ. Манай тооллын VI-IX зуунд хамаарах олон сайхан сийлбэр, чулуун хөшөөндөө бөмбөгт тоглоомыг дүрсэлсэн нь өнөөг хүртэл хадгалагдан иржээ. Маяачууд жижиг тосгодод амьдардаг байсан бөгөөд том баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд ёслолын гол төвдөө цуглаж нааддаг байжээ. Ийм түүхтэй газрууд орхигдон хаягдаж эхэлснийг газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтээс болсон гэж таамагладаг ч нууцлаг хэвээрээ байгаа билээ. X зууны үеэс эхлэн соёл иргэншилт маяа уналтад орж, төв Мексик орчмын овог аймгуудын довтолгоонд жижиг суурингууд эвдрэн сүйдэж, халуун дулаан нутгийнхаа ширэнгэн ойд хучигдан дарагдаж, хамгийн сүүлчийн хот нь1697 онд испаничуудад эзлэгдэн мөхсөн гунигт түүхтэй.

Үргэлжлэл бий

Д. Аззаяа

Categories
мэдээ нийгэм

Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин туулай өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 6, Сумъяа гариг. Билгийн тооллын 2, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5:30 цагт мандан, 20:10 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох улирал 3:20 цагт эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Өршөөлийн хуулиа эргэж шалгавал Монголын төрд гадаадын байтугай дотоодын хөрөнгө оруулагчид итгэхээ болино” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Өршөөлийн хуулиа эргэж шалгавал Монголын төрд гадаадын байтугай дотоодын хөрөнгө оруулагчид итгэхээ болино” хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Бид эдийн засагтаа коммунист аргаар хандаж болохгүй гэж “Улс төр” нүүрт ярив.

“Барилгын салбарт шинэ технологиуд нэвтэрч, орон сууцны үнэ буурчээ” хэмээн “Өдрийн сурвалжлага” нүүрт өгүүлэв.

“Түүхийн шинжлэх ухааны доктор Ц.Батбаяр: Рэйва хэмээх он тооллын нэрэнд “Үзэсгэлэн төгөлдөр, эвтэй найртай цаг үе” гэсэн утга санаа агуулагдаж байна” хэмээн “Судлаач” нүүрт ярьсан байна.

“Танайд өнжье” нүүрт “Хайрын дууч Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын нэг өдөр” хэмээн өгүүлжээ.

“Дэлхийн спорт” нүүрт “Гоо үзэсгэлэн байхад талбайд хөлсөө дуслуулаад яах юм бэ” хэмээн бичжээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: У.Хүрэлсүх цэрэг хувцсаа өмсөөд түймэрт явах хэрэгтэй, яриад суугаад байж болохгүй хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Крауд Ассет” компанийн захирал М.Лхамсүрэн: Бид хөрөнгө оруулагчдыг бизнес эрхлэгчидтэй холбох гүүр нь болно хэмээн “Энэ тухай” нүүрт ярьжээ.

“Монголын хөгжлийг гадаадынхан биш, монголчууд өөрсдөө тодорхойлно” хэмээн “Цаг үе” нүүрт бичжээ.

“Н.Мадуро “Армийнхан АНУ- ын гэнэтийн довтолгоонд бэлэн байх хэрэгтэй” гэв” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичлээ.

“Өвчин, үхэл хоёроор улс төр хийхээ боль л доо!” хэмээн “Үйл явдал” нүүрт бичив.

“Баримт, үйл явдал” нүүрт “Банк дампууруулах технологи” хэмээн өгүүлжээ.

“Дэвжээ” нүүрт “Улсын харцага Т.Баасанхүү Наадамчин олноо л баясгаж барилдах чухал” хэмээн ярьсан байна.

“Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор А.Цанжид: Монголчууд төрт ёсны түүхээ одоогийнхоосоо мянган жилээр урагшлуулах учиртай” хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьжээ.

“Энэ өдөр” нүүрт “Хүйтэн усанд орохуй” хэмээн бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ

Барилга хот байгуулалтын яамнаас Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Монгол Улсад 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж газрын харилцааны суурь бодлогыг тодорхойлсон бөгөөд энэ нь газрын харилцааг бүхэлдээ шинэчлэх түүхэн өөрчлөлт болсон гэдэг. Ингэснээр Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн 1994 онд Газрын тухай хуулийг баталсан байдаг. Улмаар газрын эрэлт хэрэгцээ ихэсч, газрын харилцааны нарийн төвөгтэй харилцаанууд шинээр бий болсонтой холбогдуулан газрын шинэтгэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд 1994 онд батлагдсан Газрын тухай хуулийг 2002 онд нийгэм, эдийн засгийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн шинэчлэн найруулж баталж байсан юм. Түүнээс хойш уг хуулиар иргэн аж, ахуй нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд шинэчлэн батлагдан хэрэгжиж эхлээд өдгөө 16 жил болжээ. Энэ хугацаанд хотжилт зэргээс шалтгаалан олон зүйл өөрчлөгдсөн тул хуульд ч гэсэн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан хязгаарлах хуваарь

Хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор УБЦТС ТӨХК-аас жил бүр засвар хийдэг. Маргааш хийх засварын хуваарийг танилцуулж байна.

БАЯНЗҮРХ

  • 11:00-15:00 цагт 2, 27-р хороо Сэлбийн 1, 2, 5, 10, 11, 12, 6, 13-р гудамж, 102-р сургууль болон эдгээрийн ойр орчмоор
  • 11:00-17:00 цагт 2, 4-р хороо Гэгээ, Бэрс, Нийгмийн ухааны ДС-ууд, Нийслэлийн шүүх тамгын хэлтэс, БЗД, Хүч спортын хороо, 805-р ЦА, /809-р тусгай, ЦЕГ-ын ЗУГ, Нийгмийн хэв журмын газар, Хүүхэд хөгжил хамгаалал төв, Ханин сүм болон эдгээрийн ойр орчмоор
  • 11:00-18:00 цагт 2-р хороо, их Дарь эхийн 1-17, Сэлбийн 10, дунд Дарь эхийн 3-45-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор

ХАН-УУЛ

  • 10:30-16:00 цагт 3-р хороо ЗЦГ-ын АЖ-3 пост, /ХЗЯ/, Эрэл, Би Цэ трэйд, УБ, Шинэст, Эн Ти Эм, Мон-Эрдэнэ, Кислород, Жэм интернэшнл, Монфрэш ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
  • 10:30-19:00 цагт 8-р хороо Жаргалантын ам, Цөмийн энергийн төв, Изотоп контор орчмоор
  • 11:00-16:00 цагт 12-р хороо Блокны үйлдвэр, Хайрганы үйлдвэр, ВСММ, Өлийн ам, Таван, Карьер, ЭХҮҮТП ОНӨТҮГ, Тэсийн хүрд, Мострой ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

СОНГИНО-ХАЙРХАН

  • 11:00-18:00 цагт 19, 22, 1-р хороо 21-р хороолол 55, 1/58, 2/48, 2/58, 10/58, 7/А, В, ҮЭ-ийн 49, 54, 56, 69, 73, 75, 1, 2-30, 1/60, 2/60, 3/60, 4, 5-58, Залуус хотхоны 2 84/Б байрууд, Хилчиний 45, 58, 59, 61, 63, 66, 68, 91, 94, 96, 97, 103, 108, 109-р гудамжууд, Баянголын ам болон эдгээрийн ойр орчмоор

НАЛАЙХ

  • 11:00-18:00 цагт Горхи-Тэрэлжийн БЦГ Өгөөмөр

БАГАХАНГАЙ

  • 10:00-17:00 цагт Цэцэрлэг, 2-р байр

ТӨВ АЙМАГ

  • 10:00-13:00 цагт Зуунмод сумын Гудамжны гэрэлтүүлэг, Нийгмийн даатгалын хэлтэс, 16, 17, 18-р байр, Холбоо, Угсаатны музей, Хөгжимт драмын театр, Аймгийн шүүх
  • 11:00-15:00 цагт Зуунмод сум Голын худаг, Уурын зуух, 19-22-р байр, Дэнжийн 4, 5, Энгэрийн 1-3-р гудамжууд
  • 14:00-17:00 цагт Зуунмод сум Цэвэрлэх байгууламж
Categories
мэдээ нийгэм

Налайх-Чойрын замын ажил үргэлжилж байна

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 авто замыг дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, шинэчлэн засаж байгаа. Уг замын ажил үргэлжилж байна. Зам хаах энэ хугацаанд зүүн аймаг, алслагдсан дүүргээс нийслэл рүү бүх жин нь 3.5 тн-оос дээш ачааны автомашин, наймаас дээш хүний суудалтай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-Дөрөвдүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар” гэсэн чиглэлээр явуулахаар болсон. Харин 3.5 тн-оос бага жинтэй, наймаас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл Налайх-Гачууртын уулзвар хүртэл гаргасан түр замаар зорчино. Налайх-Багшийн дээд чиглэлийн нийтийн тээврийн автобусанд энэ зохицуулалт хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн автобус түр замаар зорчихоор зохицуулалт хийсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллаж байна. Тэрбээр эхлээд тус сумын иргэдтэй уулзаж, орон нутаг дахь төрийн үйлчилгээ, удирдлагын ажлын хэрэгжилтийн тайланг сонслоо.

Ерөнхий сайд тус суманд ажиллах үеэр олон жил хүлээгдэж, орхигдсон тулгамдсан асуудлуудыг шийдсэн юм. Тухайлбал, 47 жилийн өмнө баригдсан, хуучирч, муудсан ерөнхий боловсролын сургуулийг ирэх онд шинээр барихаар зураг төсөл, төсвийн хамт шийдвэрлэхээр болсныг сургуулийн багш, сумын удирдлагад Ерөнхий сайд танилцууллаа. 320 хүүхэд суралцах боломж буй өнөөдрийн багтаамжийг нь нэмэгдүүлэхийг даалгалаа. Мөн эрчим хүчний чадал нь хүрэлцдэггүйгээс хүчдэл нь байнга унадаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 3,2 тэрбум төгрөг зарцуулж, энэ оны есдүгээр сард багтааж нэмэгдүүлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгов.

Жаргалтхаан суманд 12 хүнтэй онцгой байдлын бүлэг байгуулахаар болж, тус суманд фургон автомашин хүлээлгэж өглөө. Сумын иргэд Засгийн газрын тэргүүнээс асуулт асууж, хариулт авч, шударга ёс, хариуцлага, дэг журам тогтоож буй үйлсийг нь дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.

Өнгөрсөн 2018 онд 13 аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын зарим гишүүдийн хамт энэ сард Хэнтий, Говь-Алтай, Ховд аймагт бүтээн байгуулалтын ажилд ямар асуудал тулгарч буйтай танилцаж, газар дээр нь шийдвэрлэж ажиллах юм

Categories
мэдээ соёл-урлаг

А.Дэлгэрцэцэг олон улсын тэмцээнд зургаан гоо бүсгүйн нэгээр шалгарав

АНУ-ын Лас Вегас хотод “Мrs World” тэмцээн болж өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас А.Дэлгэрцэцэг оролцож, шилдэг зургаан гоо бүсгүйн нэгээр шалгарав. Эдгээрт Малайз, АНУ, Украйн, Вьетнам, Африк болон Монголын гоо бүсгүй багтсан байна.

Тэрбээр, “Mrs Mongolia World 2018- Гоо ээж” улсын анхдугаар уралдаанд тэргүүн байр эзэлж, үндэстний ялагчаар тодорч, тус тэмцээнд оролцох эрхээ авсан. Мөн дөрвөн хүүхэд төрүүлж, алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан гоо бүсгүй юм.

А.Дэлгэрцэцэг олон улсын тэмцээнд зургаан гоо бүсгүйн нэгээр шалгарав

А.Дэлгэрцэцэг олон улсын тэмцээнд зургаан гоо бүсгүйн нэгээр шалгарав

А.Дэлгэрцэцэг олон улсын тэмцээнд зургаан гоо бүсгүйн нэгээр шалгарав

А.Дэлгэрцэцэг олон улсын тэмцээнд зургаан гоо бүсгүйн нэгээр шалгарав

А.Дэлгэрцэцэг олон улсын тэмцээнд зургаан гоо бүсгүйн нэгээр шалгарав

А.Дэлгэрцэцэг олон улсын тэмцээнд зургаан гоо бүсгүйн нэгээр шалгарав

А.Дэлгэрцэцэг олон улсын тэмцээнд зургаан гоо бүсгүйн нэгээр шалгарав

А.Дэлгэрцэцэг олон улсын тэмцээнд зургаан гоо бүсгүйн нэгээр шалгарав

Categories
мэдээ нийгэм

Маргааш болох Ш.Алтантуяагийн шүүх хуралд ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх оролцоно

Маргааш буюу энэ сарын 6-ны өдөр одоогоос 15 жилийн өмнө Малайз улсад Ш.Алтантуяагийн амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэрэгтнүүдийн шүүх хурал Куала Лумпурт болно. Энэхүү шүүх хуралд МУ-ын Ерөнхийлөгчийн көвлөх оролцохоор болжээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудаснаа бичихдээ: “Малайзад хэрцгийгээр алуулсан Ш. Алтантуяа бүсгүйн шүүх хуралд оролцуулахаар МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн зөвлөхөө томилж явууллаа. Бүсгүйн аав С.Шаарийбуу гуайн хамт УБ-аас хөдөлж байна. МУ-ын иргэн хэн ч хаа ч байсан монгол төрийн хамгаалалтад байх ёстой! Шүүх хурал 5 сарын 6-нд талийгаач охины төрсөн өдөр Куала Лумпурт болно” гэжээ.