Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд бидний аюулгүй орчин” хэлэлцүүлэг боллоо

Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гаригийг Нийслэлийн “Хүүхдээ сонсох” өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гаргасан байдаг. Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо нэгтгэх, мэдээлэл авах, эвлэлдэн нэгдэх эрхийн эдлэх боломжоор хангах зорилгоор өнөөдөр НЗДТГ болон нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, есөн дүүргийн хүүхдийн элч, Нийслэлийн хүүхдийн холбоо, эцэг эхийн төлөөлөл зэрэг 150 гаруй хүн оролцов.

“Хүүхэд бидний аюулгүй орчин” хэлэлцүүлгийг нээж нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэлсэн үгэндээ “Нийслэлийн удирдлагуудын зүгээс хүүхэд хамгаалал, хөгжлийн бодлогын чиглэлээр шат дараатай ажлыг хийж байгаа. Энэ жилийн “Хүүхдээ сонсох өдөр”-ийг угтаж нийслэлийн есөн дүүрэгт хүүхдэд тулгамдаж байгаа асуудлаар ярилцах, хэрхэн шийдвэрлэх талаар чуулган зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхдээ сонсъя” хайрцаг байршуулна. Энэ хайрцагийг сард нэг удаа задалж шийдвэр гаргах байгууллагад уламжилна. Ингэснээр хүүхэд хамгаалалттай холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих бүрэн боломжтой болж байгаа юм. Мөн Нийслэлийн Засаг даргын ивээл дор хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын ажлын хүрээнд эцэг эхчүүдийн хариуцлагыг чангатгах, хараа хяналтыг сайжруулах зорилготой “Би хариуцлагатай аав ээж” аяныг бүтэн жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр гэр бүлийн салалтаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг зогсоох, эцэг эхийн буруу үлгэр дууриаллыг зогсоох, багш эцэг эхийн хоорондын харилцааны зөрчлийг багасгах, эцэг эхчүүд хүүхдээ сонсох, багш сурган хүмүүжүүлэгч нарыг сурагчаа ялгаварлан гадуурхах, сурагчдыг сурлагын дүнгээр боох, залуу багш нарын заах арга зүйн дутмаг байдал зэрэг асуудлаар санал солилцож, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ спорт

​Америкийн мужуудын хэд нь “Голден Стэйт”-ийн төлөө балиашиглах вэ

BetOnline хэмээх сайт АНУ-ын нутаг дэвсгэрт санал асуулга явуулж удахгүй эхлэх НБА-гийн финалын тоглолтод ямар багийг хөгжөөн дэмжих сонирхолтой буйг танджээ. Голчлон твиттерийг ашиглан явуулсан уг санал асуулгын дүнд нийт 50 мужийн зөвхөн гуравт л энэ цаг үеийн “босоо аварга” Голден Стэйт Уорриорзыг дэмжихээ илэрхийлж бусад 47 нь “Канадын багийн төлөө хашгирана” гэсэн байх юм. Стиф Карригийн төлөө Калифорни, Невада, Гавайн арал байгаа гэнэ шүү.

Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн мөнгө олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүрийн 20 мянган төгрөгийг олгохыг даалгасан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгө олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгасан байна. Өнгөрсөн онд хүсэлт гаргасан хүүхдүүдийн мөнгийг зургаадугаар сарын нэгний өдрөөс өмнө олгохоор тогтоод буй. Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авах юм.

Categories
мэдээ нийгэм

“Зоонозын өвчний тулгамдсан асуудал” олон улсын хурал боллоо

ЗӨСҮТ-өөс “Зоонозын өвчний тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурлыг хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд эдүгээ 23 дахь удаагийн хурлыг зохион байгуулж байна. Тус хуралд ЗӨСҮТ, аймаг, нийслэлийн ЗӨСТ, ЭМГ, АШУҮИС, ХААИС, МЭЕГ, МЭХ зэрэг дотоодын мэргэжлийн байгууллагуудаас гадна БНХАУ,ОХУ, ХБНГУ, Казахстан улсын эрдэм шинжилгээний байгууллагуудын 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.

Хурлын зорилго нь судалгаа шинжилгээний үр дүн, нотолгоо, дэвшилтэт арга технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, гүйцэтгэсэн ажилдаа олон талын дүн шинжилгээ хийж тулгамдсан асуудал, ололт амжилт, алдаа дутагдлыг тодорхойлж хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлагаа солилцоход хурлын үйл ажиллагаа чиглэгдэж байна. Хурлаар “Дорноговь аймгийн Замын-Үүд дахь тарваган тахлын байгалийн голомтын эпизоотыг судалсан дүнгээс”, “Сибирь дахь тарваган тахлын байгалийн голомт: эпизоот, эпидемиологийн 2018 оны төлөв байдал”, “Yersinia pestis – ийг илрүүлэх хурдавчилсан оношилгооны аргын боловсруулалт ба хэрэглээ”, “2017-2018 онд Сийлхэмийн тарваган тахлын голомтын эпизоотын идэвхи”, “Орос, Монголын тарваган тахлын байгалийн голомт дахь Yersinia pestis омгийн филогенетикийн олон янз байдал”, “БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомт дахь мэрэгчээр дамжих халдварын судалгаа, дүн шинжилгээ”, “Хачигт энцефалитийн үүсгэгчийг эсийн өсгөвөрт ялган авсан дүн”, “Казахстан улсын хачигт энцефалит өвчний гаралт”, “Ханта вирусийн халдварын бодит мэдээлэл”, “Монгол улсын зарим аймаг дахь эхинококкозын өнөөгийн байдал”, “Монгол орны баруун болон зүүн бүсийн зарим аймгуудад 2017-2018 онд хийгдсэн шувууны томуугийн хамтарсан тандалт судалгаа” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.

Хурлын үр дүнд олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг, шинэ ба сэргэн тархаж буй байгалийн голомтот, зоонозын халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлно.

Categories
гадаад мэдээ

“HUAWEI” компани АНУ-ыг шүүхэд өглөө

Хятадын “HUAWEI” компани АНУ-ыг шүүхэд өглөө. Тус компанийг хар жагсаалтад оруулж, Америкийн үйлдвэрлэгчдийн эд анги, технологиос худалдан авахыг нь хориглон, Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрөхийг шаардаж, ийнхүү шүүхэд хандсан байна.

Энэ хориг нь нийтийн эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн тус компанийнхан үзэж байгаа гэнэ. “Энэ хууль нь “Хуавэй” буруутай гэж шууд тодорхойлж, их хэмжээгээр хориг тавьсан үйлдэл. Энэ компанийг АНУ-ын зах зээлээс шахаж гаргах гэсэн зорилго нь тун тодорхой” гэж гомдолд бичсэнийг “РИА Новости” агентлаг дамжуулсан байна.

АНУ-ын шүүхээс компанид тавьсан энэ хоригийг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд хоригийн биелэлтийг зогсооно гэдэгт “HUAWEI” компани найдаж байна.

АНУ-ын Худалдааны яам энэ сарын 15-нд “Хуавэй” болон түүний 70 салбарыг АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлоготой харшилдах үйл ажиллагаа явуулсан хэмээн хар жагсаалтдаа оруулсан юм.

Үүний дараахан “HUAWEI” корпораци “HUAWEI”-тэй бизнес харилцаагаа зогсоосноо зарласан байна. Ингэснээр Хятадын ухаалаг гар утас АНУ-ын IT компанийн үйлчилгээнд орох эрхгүй болж, Андройдын шинэчилсэн хувилбарыг авч чадахгүйд хүрэх аж. Түүнчлэн Huawei ухаалаг утсыг худалдан авагчид цаашид “G-mail”, “Youtube” зэргийг ашиглаж чадахгүй болно гэсэн үг юм.

Categories
мэдээ нийгэм

Авлига авсан гаалийн байцаагчийг баривчилжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагчийг энэ сарын 26-ны өдөр авлига авсан хэргээр баривчилжээ. Бусдаас авлига авч байна гэх мэдээллийн дагуу АТГ-ын мөрдөн байцаагч нар тухайн байцаагчийг үйлдэл дээр нь баривчилсан байна.

Авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан улсын байцаагчийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр урьдчилсан хорих ангид саатуулаад байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Худалдааг хөнгөвчлөх, дэмжих чиглэлээр хамтарсан уулзалт хийлээ

Монгол Улс болон ЕХ-ны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд МҮХАҮТ-аас ЕХ-ны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нартай 5 дугаар сарын 29-нд хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар ЕХ, МҮХАҮТ хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, худалдааг дэмжих, хөнгөвчлөх болон нэмэгдүүлэх, түүнд тулгарч байгаа бэрхшээлүүдийг шийдэх асуудлаар санал солилцов. Монгол Улсаас 2018 онд ЕХ-ны зах зээлд 74 сая еврогийн экспорт хийгдсэн бөгөөд үүний 40 хувийг нэмүү өртөг шингээгүй буюу хагас боловсруулсан түүхий эд, 313 сая еврогийн импорт хийснээс 88 хувийг машин тоног, төхөөрөмж тус тус эзэлж буй юм. Манай улс 2005 оноос ЕХ-ны шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдаж 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй экспортлох боломжтой болсон. Гэвч сүүлийн 10 жилийн экспортоос харахад самнасан ноолуур, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн, эсгий бүтээгдэхүүн, өлөн гэдэс, хивс, монгол гэр, гэрийн тавилга , хагас боловсруулсан арьс шир зэрэг цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортлож байна. ЕХ-ны Засгийн Газраас Монгол Улсын Худалдааны бодлогыг боловсронгуй болгох, худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус экспортыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд “EU-TRAM” төслийн хамтран хэрэгжүүлэгчээр МҮХАҮТ ажиллаж байна. Монгол Улс хэдийгээр тарифын хөнгөлөлт эдэлж байгаа боловч тарифын бус саад бэрхшээлүүд өнөөг хүртэл тулгамдсан асуудал хэвээр байна. Иймд бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, ЕХ-ны чанар стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх зэрэгт ЕХ-ны Засгийн Газар, холбогдох байгууллагуудтай илүү ойр хамтран ажиллах хэрэгтэй байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо.
Цаашид энэ чиглэлээр болон манай улсын худалдаа, бизнесийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний стандартыг сайжруулах, экспортын орчны судалгаа авах, экспортын чиглэлийн кластеруудыг байгуулах, өргөжүүлэхэд хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлнэ гэдгээ ЕХ-ны улсын Элчин сайд нар уулзалтын үеэр мэдэгдлээ.

Categories
мэдээ улс-төр

Замын-Үүдэд барьсан барилга, байгууламжийг ашиглаж эхэлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн хөрөнгөөр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд барьсан барилгуудыг энэ оны долоодугаар сараас ашиглаж эхлэхээр шийдвэрлэв. 2011 оноос хэрэгжүүлсэн дээрх төслийн хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн хэрэглэгчдийг ундны усаар хангах ус цэвэршүүлэх үйлдвэр, бохир ус цэвэрлэх байгууламж,, эрчим хүчний дэд станц байгуулж, 13.5 км авто зам, гэрэлтүүлэг, явган зам тавьжээ. Төслийг хэрэгжүүлэхэд 58.8 сая ам.доллар зарцуулснаас Монгол Улсын Засгийн газар 8.8 сая ам.долларыг нь гаргасан байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Дорноговь аймгийн Замын-Үүд сум, “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажилласныхаа дараа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгийг нь шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын багийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлав

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлав.

Энэ хүрээнд салбар дундын ажлын төлөвлөгөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавихыг ХНХ-ын сайд С.Чинзоригт даалгалаа. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад анхаарч, салбар бүртээ дэд ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Энэ хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, төр, төрийн бус байгууллага хамтран ажиллах зэрэг ажлыг өрнүүлэх юм.

Categories
мэдээ улс-төр

ТБХ: Зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.29) хуралдаан 12 цаг 08 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь -III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийнзөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулав. Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн үр дүнг өндрөөр үнэлж, төслийн II дахь үе шатыг 19.5 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцож холбогдох гэрээ, хэлэлцээрийг байгуулсан. Хоёр улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлого хамтын ажиллагааны 2018 оны хэлэлцээний үеэр төслийн III дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр тохиролцоод байна гэж Засгийн газрын гишүүн Ч.Улаан танилцуулгадаа дурдсан.

Зээлийн гэрээний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийгзөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ. Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов. Дараа нь Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийг нийт 7.0 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцсон. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл нь дараах нөхцөлтэй байна. Зээлийн хүү жилийн 2 хувь, зээлийн хугацааг 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байна гэж Засгийн газрын гишүүн Ч.Улаан танилцуулгадаа дурдсан. Зээлийн гэрээний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив

Хуралдааны эцэст Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2020-2021 онд 6.0 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого (тэрбум төгрөг) 2020 онд 11,122.6 буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 27.3, 2021 онд 12,070.3 буюу ДНБ-д эзлэх хувь 26.3, 2022 онд 12,908.7 буюу ДНБ-д эзлэх хувь 25.0, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ (тэрбум төгрөг) 2020 онд 13,197.4 буюу ДНБ-д эзлэх хувь 32.4, 2021 онд 13,333.2 буюу ДНБ-д эзлэх хувь 29.1, 2022 онд 13,637.5 буюу ДНБ-д эзлэх хувь 26.4, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл (тэрбум төгрөг) 2020 онд -2,074.7 буюу ДНБ-д эзлэх хувь -5.1, 2021 онд –1,262.9, ДНБ-д эзлэх хувь -2.8, 2022 онд –728.9 буюу ДНБ-д эзлэх хувь -1.4, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр (тэрбум төгрөг) 2020 онд 22,089.1 буюу ДНБ-д эзлэх хувь 54.3, 2021 онд 22,910.5буюу ДНБ-д эзлэх хувь 50.0, 2022 онд 23.869.2 буюу ДНБ-д эзлэх хувь 46.2 байхаар тус тус тусгажээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн.