Categories
мэдээ нийгэм

Улс түмний найрамдлын их сургуульд монголын 101 оюутан суралцаж байна

Оросын Улс түмний найрамдлын их сургуульд Монголын 244 иргэн баклавр, магистр, докторын шатлалын боловсрол эзэмшсэн бөгөөд эдүгээ 101 оюутан суралцаж байгаагаас 23 нь хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа ажээ. Тэдний сурлагын амжилт 2018-2019 оны хичээлийн жилийн өвлийн шалгалт, шүүлгийн дүнгээр 74,0 хувьтай байгаа юм байна. Энэхүү мэдээллийг Оросын Улс түмний найрамдлын их сургуулиас Москва хотноо ажиллаж байгаа Азийн орнуудын Элчин сайдын яамдын Боловсролын асуудал хариуцсан ажилтнуудад зориулан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан уулзалт, ярилцлагын үеэр тус сургуулийн удирдлагууд танилцуулав. Уулзалт, ярилцлагын үеэр бэлтгэл болон нэгдүгээр курсын оюутнуудыг шинэ орчинд дасан зохицоход нь жинтэй дэмжлэг, туслалцаа үзүүлсэн оюутнуудад Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн “Баярын бичиг” гардуулах ёслол болов. Энэхүү шагналыг Монголын оюутан, залуучуудаас тус сургуулийн бакалаврын 3 дугаар курсын оюутан Х.Марал, магистрын 2 дугаар курсын магистрант Б.Баттэлмүүн нар хүртэв.

Уулзалт, ярилцлагад Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн тус яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов.

Categories
мэдээ нийгэм

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудад сургалт зохиов

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулан ажилладаг.

Тус газар нь Зар сурталчилгааны хууль тогтоомжийг сурталчлах, хууль бус зар сурталчилгааг бүтээж, түгээхгүй байхад онцгойлон анхаарах, хэрэглэгчид хууль бус зар сурталчилгаанд төөрөгдөхгүй байхаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, радиогийнмаркетингийн албаны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээж буй зар сурталчилгааг хуулийн хүрээнд түгээх, хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байх талаар холбогдох мэдээлэл өгч, хууль тогтоомжийн талаар танилцууллаа.

Ялангуяа эрүүл мэндийн зар сурталчилгаа, хүүхдэд чиглэсэн зар сурталчилгаа түгээхдээ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг анхааруулаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сурагчид энэ сарын 6-наас амарна

2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хуваарьт салбарын сайд өөрчлөлт оруулснаар нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэг сар гаруй үргэлжилсэн билээ.

Гуравдугаар улирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид 4 дүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амарна. Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарч байна.

Зуны амралтын тухайд: НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Стандарт, хэмжил зүйн газраас олон улсын видео сургалт хийлээ

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд хоорондын худалдааны харилцаан дахь тарифын бус хориг саадыг арилгах зорилгоор “Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын техникийн зохицуулалт, итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах тухай” санамж бичгийг байгуулж дараах асуудлыг тусгасан. Үүнд:

-Евразийн эдийн засгийн зөвлөлийн гаргасан тодорхой нэрийн техникийн зохицуулалтыг судлан, Монгол Улсын хууль тогтоомжтой зөрчилдөхгүй бол Монгол улсын техникийн зохицуулалтаар хүлээн зөвшөөрч, тогтоосон шаардлагыг хоёр талын худалдаанд мөрдөх

-Худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал нөлөө үзүүлэх стандартын талаар харилцан мэдээлэл солилцон, шаардлагатай тохиолдолд стандартыг нийцүүлэх

-Заавал баталгаажуулалтад хамрагдах бүтээгдэхүүн үйлчилгээний тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх талаар эрмэлзэн хамтран ажиллах

-Хэмжлийн үр дүн болон хэмжил зүйн нэгж дамжуулалтын найдвартай байдлыг хангах нөхцлийг харилцан бүрдүүлэх

-Техникийн зохицуулалт болон итгэмжлэлийн чиглэлээр шинжлэх ухаан-арга зүйн болон зохион байгуулалтын бодит туслалцаа үзүүлэхэд хамтран ажиллахаар тусгасан болно.

Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Стандарт, хэмжил зүйн газар болон ЕАЭЗК-той хамтарч “Евразийн эдийн засгийн холбоо дахь техникийн зохицуулалтын тогтолцоо” сэдэвт Олон Улсын сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газрын асуудал хариуцсан албан хаагчид болон Евразийн эдийн засгийн комисст багтдаг Армен, Беларус, Казакстан зэрэг орнууд мөн хамрагдсан юм.

Тус сургалтаар:

-Техникийн зохицуулалтын тогтолцоо бүрдүүлэх, хөгжүүлэх

-Бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний систем

-Техникийн зохицуулалтын тогтолцоо ба стандартчилал

-Техникийн зохицуулалтад үнэн зөв, найдвартай хэмжилтийг хангах зэрэг сэдвийн хүрээнд явагдсан.

Цаашид Монгол Улсын засгийн газраас баталсан “Үндэсний чанарын хөтөлбөр”, “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд:

Олон улс, бүс нутаг, гадаад орны худалдаанд тавьж буй стандартчиллын болон техникийн зохицуулалтын шаардлагад нийцүүлж, экспортын баримжаатай бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг хангахад энэ сургалтын үр дүн, ач холбогдол оршино.

Categories
гадаад мэдээ

Японд шинэ эриний нэрийг зарлалаа

Япон улс ирэх сарын 1-нээс шинэ эзэн хаантай болно. Шинэ эзэн хааныг хаан ширээнд суухад шинэ тоолол эхлүүлдэг бөгөөд “Рэйва” гэдэг тоололтой болж байгаагаа зарлалаа. Одоогийн хааны Хэсэй эриний тоолол дөрөвдүгээр сарын 30-нд дуусах юм. “Рэйва” гэдэг нь “эв эе” гэсэн утгатай аж. Мөн Ерөнхий сайд Шинзо Абэ ард иргэддээ хандан үгийн утгыг тайлбарлах аж.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын эмч нар шинэ эмчилгээг амжилттай нэвтрүүллээ

ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эмч нар Канад улсын их сургуулийн нүдний тасгийн профессор Кристофер Лайнс эмчтэй хамтран Монгол Улсад анх удаа 2 төрлийн мэс засал эмчилгээг амжилттай хийв. Гэмтлийн гаралтай нүүрний 6-р мэдрэлийн саажилттай хялар хүүхдэд “Ботулины токсин” хийснээр нүдний хөдөлгөөн хязгаарлагдаж баруун нүд гадагш хөдлөхгүй байсан 6 настай хүүгийн нүдний хөдөлгөөн сэргэж, хэвийн хардаг боллоо. Төрөлхийн нүдний даралт ихсэх өвчтэй хүүхдэд анх удаагаа “Өнцөг нээх” мэс засал буюу гониотоми хийлгэснээр 6 настай охины нүдний даралт буурлаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол хэлбичгийн шалгалтын босго онооны дүн гарчээ

Related image

БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго онооны дүн гарчээ. Энэ жилийн шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь нь шалгалтаа амжилттай өгчээ. Тэдний хувьд дахин Монгол хэл, бичгийн шалгалт өгөх шаардлагагүй юм. Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон билээ. Энэ жилийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулна. Учир нь 23-ны шалгалтад тэнцээгүй бол дөрөвдүгээр сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Хууль бус зар сурталчилгаа түгээсэн “Номин тав трейд” ХХК -д торгуулийн арга хэмжээ авлаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар интернэтээр буюу Nomin Supermarket FВ-ээр хатуулаг багатай дарсанд хямдралтай худалдаа явуулж байгаа тухай зар сурталчилгаа түгээсэн зөрчил илэрлээ. “Номин тав трейд” ХХК-ний “Номин супермаркет” /Nomin Supermarket Official/ FB хуудсандаа 3 төрлийн дарсанд 15-20%, оргилуун дарсанд 10%-ийн хямдрал зарласан тухай сурталчилгаа байршуулсан.

Дээрх үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийн 14’, 12-т заасныг зөрчсөн байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-д заасан шийтгэл оногдуулж, 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, хууль бус зар сурталчилгааг түгээж, бүтээж, захиалж байгаа аж ахуй эрхлэгчдэд хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна.

Хууль бус зар сурталчилгааны талаарх мэдээллийг 1800-1284 хандаарай.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Categories
мэдээ нийгэм

“Эх оронч худалдан авалт-үндэсний үйлдвэрлэл 2019” үзэсгэлэнд урьж байна

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2019” үзэсгэлэн ирэх мягмар, лхагва гараг буюу 4 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд “Мишээл экспо”-ийн үзэсгэлэнгийн танхимд болно. Энэ үеэр төрийн байгууллага дотоодын үйлдвэрлэгчээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, эрэлт хэрэгцээний талаар болон үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр шинэчлэгдэн батлагдсан хууль эрх зүйн зохицуулалтыг танилцуулах юм. Мөн 150 гаруй үйлдвэрлэгч төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой чанар, стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулна. 2019 онд Монгол Улсын Засгийн газраас импортыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг сайжруулах зорилгоор үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр болон олон нийт тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч дэмжих уриалга гаргаж “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласан.

Эх оронч худалдан авалтыг төрийн байгууллагаас эхлүүлэх зорилгоор энэ оны 02 дугаар сард Засгийн газраас “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-ыг шинэчлэн тогтоосон. Үүнд, мал аж ахуй, газар тариалан, машин тоног төхөөрөмж, сэлбэг эд анги, химийн болон хуванцар бүтээгдэхүүн, эм, био бэлдмэл гэсэн нэр төрлийг шинээр нэмсэн ба бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн, савхи болон үслэг эдлэл, ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл болон эсгий, эсгий, оёмол бүтээгдэхүүн, мод, модон, сав, баглаа боодол, хүнсний болон мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, зам, барилгын материал, өнгөт болон хар төмөрлөг бүтээгдэхүүнд хамаарах нийт 155 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хамруулсан. Уг жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний худалдан авалтад зөвхөн дотоодын үйлдвэрлэгчийг нийлүүлэгчээр шалгаруулахаар хууль эрх зүйн зохицуулалт хэрэгжиж байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2016 оноос дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаар тендерийн шалгуур шаардлагад тусгахаас гадна сонгон шалгаруулалтын үед дотоодын давуу эрхийн зөрүү тооцох зэргээр хууль, журмын дагуу эх оронч худалдан авалтыг дэмжиж ирсэн. Энэ удаагийн үзэсгэлэнд эх оронч худалдан авалтыг өргөжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн байгууллагууд хамтран оролцоно.

Нийслэлийн харьяа төрийн байгууллагуудад нийлүүлэх боломжтой бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, тавигдах чанар, стандартын шаардлагын талаар болон бүтээгдэхүүндээ стандартын тохирлын гэрчилгээ хэрхэн авах, төрийн худалдан авалтад хэрхэн бэлтгэх, цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох тухай зэрэг нээлттэй танилцуулга болох тул үйлдвэрлэл эрхлэгч та бүхнийг урьж байна

Categories
мэдээ нийгэм

“MONGOLIA MINING 2019” олон улсын уул уурхайн үзэсгэлэн энэ сарын 10 – нд нээгдэнэ

Mongolia Mining 2019 буюу олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 9 дэх удаагийн арга хэмжээ 2019 оны 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд уламжлал ёсоор Буянт-Ухаа спортын ордонд болно. Энэ удаагийн үзэсгэлэнд 20 гаруй орны 150 орчим компани, түүний дотор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, мөн Канад, Чех, Австрали, АНУ, Финланд, Итали, Герман, ОХУ, БНХАУ, Беларус, Казахстан, зэрэг орноос уул уурхайн ханган нийлүүлэгчид оролцож, Монголын уул уурхайн салбарт техник, технологи, үйлчилгээгээ танилцуулна. Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөө, мөн энэ удаагийн үзэсгэлэнгийн гол сэдэв болох хариуцлагатай уул уурхайн талаар семинар хийгдэнэ.Гадаад дотоодын ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчдад зориулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас Монгол улсын эрдэс баялгийн нөөц, төрийн бодлогын талаарилтгэл тавина. Оюутолгой ХХК, Эрдэнэт УҮГ худалдан авалтын бодлого, тавигдах шаардлагын талаар ханган нийлүүлэгчдэд мэдээлэл хийнэ.

Хариуцлагатай уул уурхайг дэмжих уриатай зохион байгуулагдах энэ удаагийн үзэсгэлэнд уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа хөрөнгө, оруулалтыг сурталчилна. Энэ удаагийн үзэсгэлэнг уламжлал ёсоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт Малтмал, Газрын Тосны Газар мөн Оюутолгой ХХК-ийн дэмжлэг дор Майнэкс Монгол ХХК зохион байгуулна. Mongolia Mining 2019 үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Komatsu брэндийн албан ёсны дистрибьютор Трансвест Монголиа ХХК, алтан ивээн тэтгэгчээр Үндэсний бүтээн байгуулагч Цбон ХХК болон ЦГН ХХК ажиллаж байгаа бол Үйл ажиллагааны Ивээн тэтгэгчээр Үндэсний бүтээн байгуулагч Хера Экупмент ХХК болон АОДЭ ХХК ажиллаж байна. Үзэсгэлэн уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан болон үзэсгэлэнд оролцогчидтой бизнесийн харилцаа хоблоо тогтоох гэсэн хүн бүхэнд нээлттэй. Зочдыг урьдчилсан бүртгэлийн дагуу мандат олгон, мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд гол хаалган дээр бүртгэн оруулна. Үзэсгэлэн гаргагчид, зочдод зориулан үнэгүй автобусаар Баянгол, Шангри-Ла зочид буудлуудаас цаг тутам үйлчилнэ.