Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Г.Одбаяр тавдугаар байр эзлэв

Гүржийн Тбилис хотод жүдо бөхийн “Гран-при” тэмцээн болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр дөрвөн жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Манай гурван жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр шагналт тавдугаар байр эзлэв.

“С” хэсгийг тэргүүлсэн Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөж, Энэтхэгийн В.Рухил, Гүржийн Г.Чихелидзийг ялсан ч Францын Ч.Гуиллаумегийд дийлдсэн. Улмаар дагах барилдаанд Гүржийн Л.Гинашвилиг ялж, хүрэл медалын төлөө барилдахаар болсон. Г.Одбаярын дараагийн барилдаанаа эзэн орны жүдоч В.Иашвилитэй хийсэн ч ялагдлаа. Тэрбээр Гүржийн гурван бөхтэй таарч хоёрыг нь ялж, нэгэнд нь ялагдан медалын тавцанд зогсож чадсангүй. Энэ жинд нийт 36 жүдоч барилдсанаас Франц, Куба, ОХУ, Гүржийн бөхчүүд медальд байранд шалгарав.

Манай бусад жүдочдоос 73 кг-д Г.Чойжилсүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Сүнжидмаа нар эхний тойргоос тэмцээнээ дуусгажээ. Тбилисийн Гран-при тэмцээнд 52 орны жүдочид өрсөлдөж байгаагаас Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар нарын 15 жүдоч оролцож байна. Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн бол гурван жүдоч шагналт тавдугаар, нэг жүдоч шагналт долдугаар байр эзлээд байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д О.Хангал, эмэгтэйчүүдийн 78 кг-д Б.Эрдэнэт-Од нар барилдана.

Тбилисийн Гран-при тэмцээнд Франц, Нидерланд хоёр аваргатай тэргүүлж байгаа бол Гүрж, Израйл, Итали, Португал, Косовогоос нэг аварга төржээ. Монголын баг нэг хүрэл медальт, шагналт байранд дөрвөн жүдоч орж 12-р байрт бичигдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 7 хэм дулаан байна

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Алтан чагнуур- 2019” шилдэг эмч нарыг шалгаруулана

Дэлхийн эмч нарын албан ёсны өдөр бол өнөөдөр. Манай улсын хувьд өчигдрөөс маргааш хүртэлх амралтын өдрүүдэд ёслон тэмдэглэж байна.

Маргааш Эмч, эмнэлгийн Үйлдвэрчний холбоо, ЭМЯ хамтран “Алтан чагнуур- 2019” шилдэг эмч нараа шалгаруулан шагнах удамжлалт ёслол нь болно. Ингэснээр Монголын эмч нарын 10 дахь удаагийн “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баяр ёслолууд өндөрлөх юм.

Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр“ болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ баярыг жил бүр дэлхий даяар албан ёсоор тэмдэглэх өдөр болгон зарлажээ.

Өчигдөр энэ өдрийг угтан ажилдаа өндөр амжилт гарган ажиллаж байгаа эмч, сувилагч, эрүүлийг хамгаалах салбарын ажилтнуудыг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч шагналыг нь гардуулсан. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Г.Ганчимэг, Н.Бадам нарын гурван хүнийг, “Алтан гадас” одонгоор Х.Алтайсайхан, Д.Баасанжаргал нарын 12 эмч, сувилагчийг, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар А.Алтанзориг, Ч.Энхцэцэг нарын эмч, сувилагч, үйлчилгээний 5 хүнийг, ЭХТА цол тэмдгээр 7 хүнийг тус тус шагнасан байна.

Нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төв, Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлгийн хамт олон тэргүүний сайчуудаа шагнаж урамшуулан эмч нарын өдөрлөг зохион байгуулжээ.

Categories
мэдээ спорт

Тбилисийн гран при тэмцээнээс М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өчигдөр эхэллээ. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээнд 52 орны 372 жүдоч оролцох бол манай улсаас 15 тамирчид оролцож байгаа юм.

Өчигдөр манайхаас долоон бөх барилдаж МУГТ М.Уранцэцэг, МУГТ Г.Болдбаатар, Б.Хорлоодой нар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болж, МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.

Categories
мэдээ нийгэм

“Ай Ти Эм-2019” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд үргэлжилж байна

Олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Эм-2019” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хорь дахь жилдээ зохион байгуулж буй энэ үзэсгэлэнд манай орны байгаль, соёлын өлгий болсон 21 аймаг, нийслэл хотын засаг захиргаа, хувийн хэвшлийн төлөөлөл, үндэсний аялал жуулчлалын тур оператор, зочид буудал, жуулчны бааз, агаарын тээврийн компаниуд гэсэн дотоодын 320 гаруй байгууллага, БНХАУ, Турк, Япон, БНСУ, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува улсын аялал жуулчлалын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид өөр өөрийн байршил талбайтай оролцож байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үзэсгэлэнг нээж хэлэхдээ, “Аялал жуулчлал нь дэлхийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн чухал салбар болж байна. 2017 оны байдлаар 1.3 их наяад хүн аялж, жил бүр энэ нь 4-6 хувиар нэмэгдэж, дэлхийн ДНБ-ийн 10.4 хувийг энэ салбараас олж байна. Бүх ажлын байрны 10-ны нэг нь аялал жуулчлалын салбарт хамаарагдаж байна.

Манай улсад 2018 онд 529.370 гадаадын жуулчид хүрэлцэн ирсэн нь өмнөх оноос 11 хувиар өсч, бид анх удаа хагас сая илүү гадаадын жуулчид хүлээн авсанаар 569 сая ам.долларыг аялал жуулчлалаас олж, өмнөх оноос энэ тоо 29.6 хувиар өсөөд байгаа”-г онцоллоо.

Тэрээр, “Төрөөс аялал жуулчлалын салбарыг шат дараатай дэмжиж ажиллана. Энэ салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж буй нэг дор 100-аас дээш зочин хүлээн авах хүчин чадалтай жуулчны бааз, амралтын газруудад “Ногоон зээл” олгоно” гэдгийг хэллээ. Мөн аялал жуулчлалын салбарт боловсон хүчин, хүний нөөц бэлтгэхэд анхаарч 21 аймагт аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна. Энэ салбарт ажиллах чинь хүсэл эрмэлзэлтэй хүмүүс тус сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой” гэдгийг дуулгасан юм.

Эдүгээ дэлхийн аялал жуулчлалын ерөнхий хандлага нь Ази тив рүү өсөн нэмэгдэж, Ази Европийг холбосон аялагчдын зам улам эрэлттэй тэлж байна. Иймээс Монголын аялал жуулчлалын хөгжил нь зөвхөн нэг улс орны төдийгүй бүс нутгийн, нүүдлийн соёл иргэншилт улс орнуудын, хоёр их гүрэн улсуудын дунд стратегийн чухал ач холбогдол бүхий жуулчдын зорих газар болж буй өнөө үед бид жуулчдын тоогоо жил бүр нэмэгдүүлэх бүрэн боломж байгааг тодотгож байлаа.

“Ай Ти Эм-2019″ аялал жуулчлалын үзэсгэлэнгийн энэ жилийн албан ёсны түншээр Увс аймаг оролцож байна. Тус аймгийн хувьд хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд илүү анхаарч хил залгаа улс орнуудын аялал жуулчлалын баазуудтай нягт холбоо тогтоон ажиллаж байна. Түүнээс гадна нутгийн онцлог давуу талыг харуулсан “Тэмээ-Бүс-Загасчлал”гэсэн аялал жуучлалын эвент үйл ажиллагааг аймагтаа зохиож байгааг аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Доржсамбуугийн Цогт: Аав гадаадаас ирэхдээ янз бүрийн гоё тоглоом авчирч өгдөг сөн

Ард түмэндээ “Арслан” хэмээн хайрлагдсан жүжигчин, найруулагч Гүрсэдийн Доржсамбуугийн хүү найруулагч Д.Цогттой уулзаж ярилцлаа. “Говийн зэрэглээ” кинонд түүний бүтээсэн дүр чухамдаа жинхэнэ амьд дүр болсон билээ.


-Таны аав, нэрт найруулагч Доржсамбуу гуайн төрсөн өдөрт зориулсан дурсамж тоглолт болох гэж буй гэж дууллаа. Хэзээ болох билээ?

-Энэ сарын 22-ны баасан гаригийн 14 цагт Улсын драмын эрдмийн театрт болох юм. Орлогын бус дурсамж тоглолт л доо. Гэрэл зургийн үзэсгэлэн, “Арслан” цомын шагнал гардуулах ёслолын ажиллагаа бас болох юм.

-Аав тань Булган аймгийн аль сумынх билээ. Айлын хэд дэх хүүхэд бол?

-Хутаг-Өндөр сумынх л даа. Аавын төрсөн газар нь Намнан буй булагийн хийдийн туурь юм билээ. Өргөж авсан Гүрсэд гэдэг айлын ганц хүүхэд. Аавын төрсөн аав Жамьян болохоор олон хүүхэдтэй. Жамьян өвөөгийн аав нь Дамдинсүрэн гэж Хатан баатар Магсаржавын бичээч, туслах хийж явсан тайж хүн гэдэг. Ардын хувьсгалаас хойш Хутаг-Өндөрийн сумын анхны даргаар ажиллаж явсан байдаг. Гүрсэд өвөө, Эрдэнэхүү эмээ хоёр маань Жамьян өвөөтэй нэг нутгийнх. Өргөмөл өвөө, эмээ хоёр маань нэг наадмаар таарсан чинь “Хүүхдээ алдчихсан” гэж уйлж унжиж, зовлон жаргалаа ярихаар “Манай хүүг авахгүй юу даа” гээд зургаан сартай хүүхдээ өгчихсөн юм билээ. Тэгж айлд өргүүлснээ их хожуу мэдсэн. Төрсөн ах, эгч дүү нартайгаа танилцаад ерээд оноос ирж очдог болсон. Намнангийн хийдийг ерээд онд Жамьян өвөө Гандангийн лам нартай очиж сэргээсэн.

-Төрсөн аав, ах дүү нартайгаа аав тань их ойр байсан уу. Багадаа хаана сургууль соёл дүүргэсэн бол?

-Аав төрсөн аав Жамьяныдаа сүүлд нэлээд халамцуу очоод агсам тавьсан гэж байгаа. “Та нар намайг юугаар сольсон. Энэ шкафаар сольсон уу” гээд. Тэгсэн чинь Жамьян өвөө “Чи Гүрсэдийнд үр нь болж өргөгдөөгүй, манайд байсан бол зүгээр нэг хар тостой жолооч л байх байсан. Чи тэр сайхан хүнийг дагаснаар урлагаар яваад өдий зэрэгт хүрсэн. Хүнд чинь тавилан гэж нэг юм байдаг юм” гэсэн юм билээ. Аавын өргөмөл аав Гүрсэд өвөө гэдэг хүн чинь “Тоншуул” сэтгүүлийн зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Арнайн Гүрсэд шүү дээ. Аав Гүрсэд өвөөгийн буянаар Хөгжим бүжгийн сургуулийн дүрслэх урлагийн ангид сурсан байдаг. Тэгэхдээ төгсөөгүй юм байна лээ. Драмын театрт дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад, цэрэгт явж ирээд жүжигчин байж байгаад найруулагч болно гээд хойшоо сургуульд явсан. Урлагийн гэр бүлд өссөн болохоор урлагаараа л явсан хүн. Цэрэгт байхдаа ч дуулж хуурддаг байсан юм билээ.

-Та эцэг эхээсээ хэдүүл вэ?

-Ээж жаран найман онд Улсын багшийн дээд сургуулийн жүжигчний ангийн оюутан Драмын театрт дадлага хийж байхдаа аавтай танилцсан гэдэг. Далан нэгэн онд гэрлэж хойтон жил нь манай эгч Сувд, далан гурван онд Амар ах маань, далан таван онд би төрсөн юм билээ. Айлын бага. Бидний хувьд ч яг л аав, ээж шигээ урлагийн гэр бүлд төрж өссөн улс. Ухаан ороход л урлагийнхан гэр орноор орж гарсан айл байлаа. Аав далан таван онд намайг төрөхөд хойшоо найруулагчийн сургуульд яваад наян онд төгсөж ирсэн. Би таван нас хүртэлх үеийн дурсамжаа тэгтлээ сайн мэдэхгүй. Осолдохгүй л аав гадаадаас ирэхээр янз бүрийн тоглоом авчирдаг байсныг санаж байна. Цэцэрлэгт хамрагдаж амжаагүй үедээ бид аав, ээж хоёрын ажил дээр өсөж хүмүүжсэн. Ээж Цолмон маань Хүүхэд, залуучуудын театрт жүжигчин байлаа.

-Аавын хүүхдүүд ямар ажил мэргэжил эзэмшив?

-Эгч сэтгүүлч мэргэжилтэй. Аав эмч болгоно гэдэг байсан юм. Монголчууд “Айлд нэг эмчтэй байсан дээр” гэж ярьдаг ш дээ. Эгч “Жүжигчин болно” гэхэд нь болгоогүй юм билээ. Монголын үндэсний телевизэд туслах найруулагчаар ажиллаж байгаад МУИС-ийн сэтгүүлчийн анги төгссөн. Одоо Германы иргэн болоод тэндээ амьдарч байна даа. Амар ах театрын найруулагчаар төгссөн. Мэргэжлээрээ телевиз, пиарын компанид ажиллаж байгаа. Гүрсэд өвөө маань зураач, аав өөрөө зураачаар сурч байсан болохоор намайг зураач болгоно гээд. Би өөрөө ч дуртай. Өвөөгийн зургийн хамаг хэрэгсэл надад байдаг юм. Хүүхдийн ордны зургийн дугуйланд аав намайг оруулчихсан. Наймаа төгсөөд дүрслэхийн ангид орлоо. Аав намайг “Театрын зураач болгоно” л гэж ярина. Тэр жил Дүрслэхийн дунд тэр мэргэжлээр оюутан аваагүй юм. Хүүхэлдэйн киноны зураачийн анги тэр жил нээгдээд дахин элсэлт аваагүй. “Боролдой” студийн Мягмар багш нээж байлаа. Төгсөөд Драмд нэг жил ажилласан. Миний зураач ч гэж юу байхав дээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Доржпалам гуай, яруу найрагч-зураач Жамьянгийн Болд-Эрдэнэ ах нарын л хар бор ажлыг хийж, ний нуугүй хэлэхэд уудаг нэгнийх нь архинд л гүйж байсан даа. Одоо шиг хэвлэлийн машин энэ тэр байхгүй болохоор тоглолтын зар энэ тэрийг гараар бичнэ дээ. Аавыг бурхан болсны хойно телевизийнхээ “Боролдой”-д очоод ажиллаж байтал Монголын үндэсний телевизийн уран сайхны удирдагч, найруулагч Энхжаргал багш телевиз-киноны найруулагчийн элсэлт студи дээрээ авлаа. Энд ороод нөгөө зураачийн ажил хаягдсан. (инээв. сур) Төгсөөд Үндэсний телевизэд ажилласан. Одоо энэ салбартаа ажиллаж явна даа.

-Аавыг тань ард түмэн “Говийн зэрэглээ”-гийн Арслангаар их төсөөлдөг. Амьдрал дээр яг ямаршуухан ааль араншинтай хүн байв?

-Манай аав чинь нэлээд өндөр том биетэй хүн. Сэлэнгэсүрэн найруулагчийн БНХАУ-ын уран бүтээлчидтэй хамтарч хийсэн “Ач тус, атаа хорсол” кинонд 1993 онд тоглохдоо улсын аварга Хадбаатар гуайтай авахуулсан зураг байдаг юм. Энэ кино манайд гараагүй л дээ. Аав маань том биетэй, сахалтай, чанга дуутай хүн л дээ. Найруулагч хүн чинь ширүүн дуугаар хүнтэй харьцдаг мэргэжилтэй. Тэр утгаараа таньж мэдэхгүй хүн харахад ууртай, ааштай хүн байсан шиг санагддаг байж магадгүй. Ажлаа хийж байгаа найруулагчийн нэг арга барил байдаг л даа. Жишээ нь, ардын жүжигчин Гомбосүрэн гуай жүжгийн сургуулилтын дундуур тайзан дээгүүр явахгүй юу. Настай болчихсон болохоор зам товчлох л гэсэн шиг байгаа юм. Тэгсэн чинь аав “Та урлагийн алтан тайзан дээр зөвшөөрөлгүй явдаг хэн бэ” гэж зарчмын ширүүн шаардлага тавьж байсан гэж байгаа юм. Яг амьдрал дээр аав маань маш их зөөлхөн хүн байсан. Юмыг дандаа инээд хөөр болгоно. Алиалж хошигноно.

-Аав тань мэнд сэрүүн байсан бол энэ жил далан насны даваагаар алхах байж дээ?

-Аав минь ерэн дөрвөн онд дөчин зургаан настайдаа бурхан болсон. Одоо бодоход цэл залуухан л буцсан юм билээ. Аавын үеийн дал, наяад оны найз уран бүтээлчид мөнх бусыг үзүүлчихлээ дээ. Жүжигчин Алтан-Өлзий, Дамдин, найруулагч Балжинням, Сэлэнгэсүрэн, Хүүхэлдэйн театрын гавьяат Чимэддорж гуай гээд олон сайхан уран бүтээлчидтэй найз нөхөд байсан даа. Аавыгаа бурхан болоход би хүүхдээрээ ч байж дээ. Аав минь тэр богинохон амьдралдаа маш их зүйл хийж бүтээсэн юм билээ. Тэр олон жүжиг, киноны дүрүүд байна. Найруулсан жүжгүүд нь байгаа. Аавд зориулсан “Арслан” номыг хийж байхдаа л ямар олон сайхан шавьтай хүн бэ гэж бахархсан.

-Багцаагаар хэдэн жүжиг, кинонд тоглосон байна?

-Яг гол дүрд нь тоглосон гэвэл “Говийн зэрэглээ” юм билээ. Бусад нь голдуу туслах дүрүүд. Арваад кино бий. Ихэнх нь найз нөхдийнхөө кинонд дүр бүтээсэн. Хүмүүс болохоор их олон кинонд тоглосон гэж бодоод байдаг юм. Хамгийн анх “Тунгалаг тамир”-т залуу ламд тоглосон. “Гарын таван хуруу”, “Загийн алим”, “Мөнгөн буйл”, “Ирэх хаврын цэцэг”, “Би нисэх дуртай”, “Уул усны үр сад”, “Хүний хүн”, “Мандухай сэцэн хатан” зэрэг кино, “Гүүр” жүжиг, “Найрын ширээний ууц” жүжгийг кино болгож аавд нь тоглосон. “Учиртай гурван толгой” киноны жаахаан хэсэгт гардаг юм. Эрдэнэбулган найруулагчтай их дотно найз байсан болохоор орсон юм шиг байгаа юм. “Мөнгөн буйл” кинонд аав, ээж хоёр хоёулаа тоглож байсан.

-Аав нь хүүхдүүдтэйгээ хэр их дотно байв?

-Гэртээ байхаасаа байхгүй нь их ч амралтын өдөр гэртээ яс өнждөг байсан. Бидэнтэй хоол унд хийж идээд бөөнөөрөө тоглож наргина аа. Хойно Киевт хамт сурч байсан Баатар найруулагч, Жаргал найруулагч эд нар “Их гоё хоол хийдэг байсан” гэж ярьдаг юм. Аав өдөр тутам хоол хийгээд байхгүй. Хааяа нэг дур нь хүрэхээрээ жижигхэн банштай шөл, цуйван, өөрөө жорыг нь зохиосон янз бүрийн хоол хийнэ.

-Баяр ёслолын үеэр аавынхаа тоглосон киног үзэх хэцүү байдаг уу?

-Орчлонд аавгүй болчихсон олон хүн байдгийг би боддог. Аавын дуу хоолой, дүр төрх яг амьдаараа үлдэнэ гэдэг урлагийн гайхамшиг. Тэгэхээр би тэгтлээ их харамсдаггүй. Яахав, өдийд мэнд сэрүүн байсан ямар их зүйл хийж бүтээх байсан бол, ямар дүр төрхтэй болсон байх бол гэж төсөөлж бодно. Аав маань “Хүн амьдарвал амьдарсан шиг амьдраад, хийж бүтээгээд буцах ёстой” гэсэн философитой хүн байсан. Сүүлийн жилүүддээ “Хэрвээ би үхвэл…” гэж халамцуудаа их ярьдаг л байсан. “Аавынхаа хойноос харамсаж уйлах юм юу ч байхгүй. Аав нь амьдарсан шиг амьдарлаа. Ач зээгээ үзчихвэл бол оо” л гэдэг байлаа.

-Ач зээ хэд болоод байна?

-Эгчийн хүү охин, ахын хоёр хүү, манай хоёр охин гээд зургаан ач зээ байна даа.


Categories
мэдээ эдийн-засаг

Энэ оны эхний улиралд ипотекийн зээлд 50 орчим тэрбум төгрөг олгожээ

Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны гуравдугаар сард 15.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 197 иргэнд олголоо. Оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 47.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 684 иргэнд олгоод байна

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Артиллерчин байлдагчдын нэг өдөр

Хаврын урь орохтой зэрэгцээд халагдах өдөр ч ойртсоор. Эх орны өмнө цаг ямагт бэлэн байх учиртай цэрэг эрсийг энэ удаагийнхаа “Танайд өнжье” буланд оролцуулахаар Зэвсэгт хүчний 120 дугаар анги руу хүлгийн жолоо заллаа. 120 дугаар анги Монголдоо ганцхан байдаг артиллерийн буюу их бууны анги юм. Уг ангийн түүхийг цухас дурдвал 1967 онд тухайн үеийн Ардын армийн командлагчийн тушаалаар “Ардын армийн танк эсэргүүцэн сөнөөх артиллерийн тусгай дивизион” нэртэйгээр байгуулагджээ. 2017 онд 50 жилийнхээ ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан аж.

Энэ анги Улаанбаатар хотын Ажилчдын районы нутаг болох Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Эдний ангийн сонирхууштай нэг онцлог гэвэл Улсын баяр наадмаар Хүй долоон худагт хурдан морины уралдааны зурхайн бэлтгэл ажилд бие бүрэлдэхүүнээрээ 1980 оноос хойш ажиллаж буй юм байна. Газар газрын хурдан ажнайг гарааны төхөөрөмжийн ард оруулах ажлыг хийдэг ажээ. Бид зохих журмын дагуу сурвалжлага бэлтгэх зөвшөөрөл авч очсон юм. Ангийн шалган нэвтрүүлэх дээр зөвшөөрлөө үзүүлэн цааш нэвтэрлээ. Биднийг ахмад Ө.Нарантуяа хүлээн авч, анги хамт олон, бие бүрэлдэхүүнээ танилцуулсан юм. Цэргийн өдөр тутмын амьдралыг сонирхохоор юун түрүүнд хуарангаар зочиллоо. Нэлээд хэдэн жилийн өмнө баригдсан бололтой хоёр давхар байшинд биднийг оруулав. Энд шинэ цэргүүд байрладаг гэнэ. Цэргийн ёс, дэг журам хуаран доторх эмх цэгцээс нэвт харагдана. Хоёр давхар модон ор юун түрүүнд нүдэнд туссан юм. Энгийн л нэг шоон хээтэй бүтээлгээр нямбай гэгч нь ороо бүтээжээ. Ингэхдээ нарийн өнцөг гаргаж бүтээсэн нь тун чамбай харагдаж байв. Цааш нь ажиглавал цэргүүдийн жижигхэн шүүгээ, тэр тусмаа шүүгээндээ сойз, оо, сахлын хутга, гарын савангаа дэс дараатай өрж тавьсан нь тунчиг сонин санагдав. Хамгийн сонирхолтой нь нэг хүн бүгдийг өрж тавьсан мэт бүх цэргийн шүүгээн дэх эд хэрэгсэл яг адилхан байрлалтай байлаа. Үүнтэй ижил орны хөл дэх сандал, сандал доорх углааш хүртэл нэг шугаманд “жагссан” байх юм. Биднийг хуарангийн сонинтой ийн танилцах зуур байлдагчид гадаа жагсаал, бэлтгэл сургуулилтаа хийж байлаа. Өнгөрсөн аравдугаар сард татагдсан шинэ цэргүүдийн сонин хачныг дуулахаар тэднийг хэсэг хүлээзнэв. Удалгүй байлдагчид орж ирлээ. Ирэнгүүтээ хаанаас ч юм гутлын алчуур гаргаж ирээд л нэгд нэгэнгүй гутлаа зүлгэцгээв. Бүгд л тоостой болгосон гутлаа нүд гялбам болтол зүлгэх юм аа.


Байлдагч Б.Номин-Эрдэнэ: ААВ МААНЬ “ЭР ХҮНИЙ ХУГАРХАЙ БОЛЧИХООД ИР” ГЭСЭН

Ингээд байлдагч Б.Номин-Эрдэнэтэй цөөн хором хөөрөлдлөө. Түүний хувьд Хан-Уул дүүргийнх учраас бараг л гэрийнхээ хаяанд байгаатай ижил ч юм шиг. Гэсэн ч ижий, аав нь хүүгээ ойр ойрхон эргээд байдаггүй гэнэ.

-Албаа сайн хааж байна уу. Өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

-Би Улаанбаатар хотод 1998 онд төрсөн. Ам бүл дөрвүүлээ. 2018 оны хоёрдугаар ээлжээр татагдаж ирсэн байлдагч цолтой Б.Номин-Эрдэнэ.

-Арван жилээ төгсөөд л татагдав уу?

-Арван жилээ төгсөөд Солонгост нэг жил таван сар сурангаа ажиллаж байгаад өнгөрсөн зургадугаар сард эх орондоо ирсэн. Уг нь сургууль руугаа буцах гэж байтал цэргийн зарлан ирсэн юм. Аав маань гурван жилийн цэргийн алба хаасан хүн л дээ. Тэгээд намайг “Цэрэгт яваад ир. Яваад ирэхээр чинь буцаад сургуульд чинь явуулна” гэсэн. Ингээд л цэргийн албанд татагдсан даа.

-Цэргийн комисст орж тэнцээд явах болоход чинь гэрийнхэн чинь юу гэсэн бэ?

-“Миний хүү ганцхан жил шүү дээ. Явчихаад ир. Солонгост жил таван сар байж болсон юм чинь Монголдоо цэрэгт явчихаад ир” гэсэн.

-Анх цэргийн анги дээр ирсэн өдөр чинь ямар байв?

-Нэг л дасаж өгөхгүй. Өглөө босоход л хэцүү байсан. Сэрээд сэрээд гэсэн командаар босдог. Бүгд их хурдан хувцаслах ёстой учраас хамаг хурдаараа л мэрийнэ. Хурдан хувцаслах гэхээр хувцсандаа түүртэнэ.

-Хэдий хугацаанд хувцаслаж дуусах ёстой байдаг вэ?

-Сайн мэдэхгүй. Шүдэнз зураад асаад дуусахад хувцасласан байх ёстой гэдэг.

-Тангараг өргөх үед өөрт чинь юу бодогдсон бэ. Мэдээж гэрийнхэн нь ирсэн байх?

-Тангарагаа өргөж байхад огшдог юм билээ. Яг тангарагаа өргөж байхдаа гэрийнхнийгээ нүднийхээ булангаар хараад л зогсож байсан.

-Цэргийн албанд ирээд хэдэн сар өнгөрчээ. Энд ирэхээс өмнөх төсөөлөл, бодит байдал хоорондоо ялгаатай байв уу?

-Өглөө эрт босох хэцүү байсан. Өглөө босоод гүйнэ, дасгал хийнэ. Эхэндээ амьсгаадаад гүйж чадахгүй хэцүү. Цэргийн амьдралыг ирэхээсээ өмнө төсөөлж бодож байгаагүй. Аав маань “Явчихаад ир. Эр хүний хугархай болчихоод ир” гэсэн. Нэг их юм бодолгүй хүрээд ирсэн.

-Өдөр болгон дасгал сургуулилт хийгээд бие бялдарын хувьд өөрчлөлт гарч байгаа биз дээ?

-Тийм. Одоо марш тактикийн тэмцээнд бэлдэж байна. Өдөр болгон тэмцээндээ бэлдэж, дасгал сургуулилт хийгээд бие бялдар хөгжиж байгаа.

-Өөртэй чинь хамт татагдаж ирсэн он жавуудтайгаа ойртож нөхөрлөж байна уу. Та хэд өдрийг хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Өглөө босоод орой унтатлаа цуг. Бараг нэг оронд унтах шахуу (инээв). Он жавуудтайгаа байх их гоё. Энд тэндэхийн нутаг нутгийн сонин хачин сонсоно. Бидний өдөр бүр цагийн хуваарийн дагуу өнгөрдөг. Бямба, ням гаригт соёл, спортын арга хэмжээ болдог. Энэ үеэр спорт тэмцээн зохион байгуулах, кино үзэх зэрэг хөтөлбөр явуулдаг. Ням гаригт зааланд бүгдээрээ сууж кино үздэг. Хааяа цэргийн холбогдолтой кино үзүүлдэг.

-Халагдах өдөр хүртэл бас ч зайтай байна даа. Харин хал цэрэг болох дөхөж байгаа юм байна?

-Тийм. Нэг сар гаруйн дараа хал цэрэг болно.

-Хал цэрэг шинэ цэргээс юугаараа өөр байдаг юм бэ?

-Дараагийнхаа дүү нартаа мэдэхгүй, чадахгүйд нь тусална.

-Гэрээс тань эргэлт их ирдэг үү?

-Анх тангараг өргөхөөс өмнө нэлээн ирдэг байсан. Одоо ирэх нь цөөрсөн. “Эх орны хүү болчихсон юм чинь аав, ээж нь ирээд хэрэггүй биз дээ” гэсэн. Би ч ирээд хэрэггүй гэж хэлсэн. Нэг жилийн алба юу байхав дээ гэж бодож байна. Найз, нөхөдтэйгөө олуулаа байгаа болохоор цаг хугацаа ч хурдан өнгөрөх юм.

-Баярын өдрүүдийг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Цагаан сараар шинийн нэгний өглөө дивизионоороо уул руу гарч нар мандахыг харсан. Дараа нь гал тогоондоо ширээ засаж, ангийн захирагчтайгаа золгосон. Шинэ жилээр хуарангаа чимэглэж, ханын сонин хийж, их бууныхаа машинаас сэдэвлэж үзүүлэн хийсэн.

-Танай анги их бууных гэдгээрээ онцлог. их буу дээрээ ажиллаж сурч байна уу?

-Би байлдааны машин буюу БМ-21-ын салаа. Хүмүүс буудлагын машин катюша гэдгээр нь мэддэг. 20 секундад 40 сум гаргах хүчин чадалтай машин. Эх орон дуудахад бэлэн байхын тулд хичээж байгаа.

-Хоног тоолж байна уу?

-Үгүй.

-Та нараас ах цэрэг бий юу?

-1993 оны хоёр цэрэг бий. 1995 оных бас байдаг. Хамгийн бага нь 2000 оных. Хэдий биднээс ах ч гэлээ он жавууд болохоор нас чацуу юм шиг л харьцдаг. 1993 оны он жаваасаа би “Эртхэн алба хаахгүй яасан юм бэ” гэж асуусан л даа. Тэгсэн “Цэрэгт явах бодолгүй байсан. Хуулийн чиглэлээр ажилд орох гэтэл цэргийн алба хаасан байх ёстой гэсэн учраас албанд татагдсан” гэж хариулсан. Би ч гэсэн их сургуульд явалгүй арван жилээ төгсөөд л цэрэгт явдаг байж дээ гэж бодогддог.

-Байлдагч Б.Номин-Эрдэнийн ойрын зорилго юу вэ?

-Удахгүй болох марш тактикийн тэмцээнд амжилттай оролцъё гэж бодож байна гэв.

Биднийг ийн яриа өрнүүлэх зуур Нийслэлийн 26 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид хүрэлцэн ирэв. Тэд Иргэн цэргийн харилцаа хөтөлбөрийн хүрээнд 120 дугаар ангитай танилцаж буй нь энэ аж. Сурагчдад хуаран болон цэргийн өдөр тутмын амьдралтай танилцах нь их л сонирхолтой байгаа бололтой. Иргэн цэргийн харилцаа хөтөлбөрийн хүрээнд сургуулийн сурагчид танилцахаар ирэх нь олширсон гэж биднийг дагуулж явсан ахмад Ө.Нарантуяа хэлж байв.


ДОШИН ДЭЭРЭЭ ДОЛУУЛАА

Үргэлжлүүлэн бид хуарангийн соёл амралтын өрөөгөөр зочиллоо. Тэнд мөн л бүх зүйлийг дэс дараатай байрлуулжээ. Цэргүүд хааяа чөлөөт цагаараа амралтын өрөөнд зурагт үзнэ, шатар, даам нүүнэ. Нөгөө “Тусгай салаа” олон ангит кинон дээр гардаг шиг дүр зураг энд ажиглагдсан юм. Шатар даамнаас гадна Монголын уламжлалт оньсон тоглоомын өрөөтэй байв. Тавиур дээр Жанжин штабаас эрхлэн гаргадаг сэтгүүл харагдана. Мөн үндэсний өдөр тутмын сонингууд байсан юм. Орчин цагийн нэг жилийн цэргүүд цаг үеийн мэдээллээс огт хоцордоггүй нь энэ бүхнээс илт. Амралтын өрөөнд хал байлдагч Б.Ууганбаатартай таарав. Халагдах хоногоо тоолон хүлээх түүнтэй цэргийн амьдралын тухай сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Хал цэргүүдийн яриа шинэ цэргүүдийгээ бодвол арай буурьтай санагдсанаа энд тэмдэглэе.

-Аль нутгийнх вэ?

-Орхон аймгийн Эрдэнэт хотоос татагдаж ирсэн. Аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг.

-Цэрэгт явъя гэж зорьж байв уу?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Цэргийн штабаас зарлан ирсэн. Миний төрсөн өдөр л дөө. Төрсөн өдрөөрөө цэргийн комиссоор ороод тэнцээд наашаа ирсэн дээ. Цэрэгт мордоход аав, ээж маань “Олон аавын хүүхдүүдтэй эвтэй яваарай” гэж захьсан. Би анх цэргийн амьдралыг ийм хатуу, цаг нартай гэж огт төсөөлөөгүй. Бүх юм цагийн хуваарийн дагуу байдаг нь миний төсөөллөөс эсрэг байсан. Би цэрэгт явахаас зугтаадаг байсан л даа. Аав, ээж “Цэрэгт яваад ирвэл чамд хэрэгтэй” гэдэг. Өвөө маань Ч.Авирмэд гэж чөлөөндөө гарсан ахмад дайчин бий. Одоо Эрдэнэтэд намайг хараад сууж байгаа. Өвөөгийнхөө хэлсэн захиасыг биелүүлэх гэж цэрэгт мордсон.

-Татагдаж ирснээсээ хойш хамгийн их ухаарч ойлгосон зүйл юу байна?

-Аливаа юмнаас ухарч няцалгүй, хийе гэсэн зүйлээ дуусгах ёстойг ухаарсан. Үүнээс гадна наад зах нь эх оронч хүмүүжилтэй болж байна. Өөр илүү гоо зүйн мэдлэгтэй болсон.

-Цэргийн амьдралд ороод дасахад бэрх зүйл нь юу байсан бэ?

-Өглөө эрт сэрэх л байсан. Ажлын өдрүүдэд 06:00 цагт, амралтын өдрүүдэд 07:00 цагт босдог. Орой 22:00 цагт амардаг.

-Аль салааных вэ?

-Би М-46 бууны салааных. Миний үүрэг гэвэл цаанаас өгсөн тооцоо, зүг чигийн дагуу өнцгөө гаргаж буудахад бэлэн болгодог.

-Ирснээс хойших хамгийн сонирхолтой өдрийнхөө талаар ярихгүй юу?

-Саяхан манай цэргүүд хотын төвөөр тойрон аялал хийсэн юм. Тэр өдөр л сонирхолтой байсан. Ангиасаа гараад Сүхбаатарын талбай орж дурсгалын зураг татуулсан. Дараа нь Цэргийн музей үзээд Зайсан гарсан. Үүний дараа “Хүннү Молл”-д очиж кино үзэцгээсэн. Хотын төвөөр цэрэг хувцастайгаа явахаар хүмүүс их сонирхсон байдалтай харж байсан.

-Он жавуудтайгаа амь нэг л биз?

-Манай анги артиллерийн тусгай хороо гэдгээрээ онцлогтой. Артиллерчид дунд “Дошин дээрээ долуулаа” гэдэг үг бий. Тийм учраас атгасан гар шиг зүтгэж, нэгнээ гэсэн сэтгэлээр бие биедээ ханддаг. Арван сарын хугацаанд хамт байсан болохоор нэг гэр бүл шиг санагдах болж.

-Нэг их удахгүй халагдах нь ээ. халагдах өдөр дөхөх тусам нэгэндээ хоргодох сэтгэл төрж байх юм уу?

-Төрнө. Ар гэрээсээ хол газар нэгнийгээ таньж мэдэж нөхөрлөсөн он жавууд, сайн найзуудаасаа холдоно гэхээр хэцүү. Анх ар гэрээсээ холдоход хэцүү л байсан. Яг түүн шиг л санагдах байх.

-Та нар дунд хөгтэй сонин явдал гардаг уу?

-Манай он жав хоёр казах цэрэг бий. Баян-Өлгийгөөс ирсэн. Энэ хоёр маань анх хэл усаа ололцохгүй байлаа. Салааны дарга намайг тэр хоёр казахын дунд оруулаад “Монгол хэл заа” гэж тушаасан. Эхэндээ дохио зангаагаар ойлголцож байлаа. Хоёр, гурван сар болсны дараа нэг мэдэхэд монголоор ярьдаг болчихсон.

-Хоол ямар байна?

-Тогооч эгч нар маань бидэнд өөрийн дүү шигээ ханддаг. Хоолны амт чанар сайн. Биднийг эрүүл байлгахын тулд чанартай хоол хүнс бэлтгэж өгөхийн тулд гал тогооныхон маань их ажилладаг.

-Зүү, утас нийлүүлээд цамцныхаа захыг оёхоос эхлээд сурах юм зөндөө гарсан байх даа?

-Би юм оёж мэддэггүй ирсэн юм аа. Энд ирээд цэрэг хувцасандаа орчихоод зах давуу хадна гэхээр нэг л өөртөө итгэж өгөхгүй байсан. Хуруугаа хатгаад өндөгнөөсөө цус гаргасан удаа зөндөө. Яваандаа хоёр, гурав хоноод хүн чинь сурчихдаг юм билээ. Цэрэгт ирснээр эх орон гэж юу вэ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож авсан гэв.

Бид хуарангаас гарч их бууны буудлагын бэлтгэлийн талбайд очлоо. Тэнд нийтдээ 10 гаруй их буу байрлуулж, тус бүрт 7-8 байлдагч нэг баг болон ажилладаг юм байна. “Дошин дээр долуулаа” гэдгийн учрыг эндээс харж болно. Өөрсдийн хариуцсан их буун дээрээ долоон цэрэг тус бүр өөр өөрийн гэсэн үүрэгтэй. Нэг нь сумлагч бол нөгөөх нь бууны замгийг нээж, хаах үүрэгтэй. Сум зөөгч нь сумаа зөөнө гээд тоот бүр өөрийн үүрэгтэй. Талбай дээр цэргүүд дуулга, ака буугаа үүрцгээн өөр өөрсдийн байрлалдаа бэлэн байдалд байцгааж байлаа. Ингэж онолоор үзсэн мэдлэгээ практикт туршиж, улмаар хээрийн бэлтгэлд жинхэнэ утгаар нь ашигладаг гэв. Гэхдээ хээрийн бэлтгэлд их буугаа бүрэн цэнэглэж бууддаггүй, тодорхой хэмжээнд багаар цэнэглэдэг юм байна. Бидэнтэй ярилцсан байлдагч Б.Ууганбаатар өөрийн үүрэг гүйцэтгэх байрлалдаа хэдийнэ очоод зогсчихсон команд биелүүлэхэд бэлэн байдалд оржээ. Буудлагын талбай дээр хамгийн баруун талд байлдааны гурван машин байлаа. Түүний зүүн талд урт, богино гээд янз бүрийн хошуутай их буунууд эгнүүлжээ. Хамгийн холдоо 27 км-т бууддаг гэнэ. Энэ нь Монгол дахь артиллер буунуудын хамгийн хол тусдаг аж. Артиллер гэдэг үг нь шидэх, харвах гэсэн латин үгнээс гаралтай юм байна. Эрт үеэс Чингис хааны үед оньсон харвах буунаас артиллер нь гаралтай гэж судлаачид үздэг ажээ. 152 мм-ийн зенитийн их буу нь 17 км-т тусна. Энэ нь их буун дотроо хамгийн ойр тусгал юм байна. Их бууны сум гэхэд 30 гаруй килограмм учраас байлдагч нарыг нэн тэргүүнд аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулдаг гэж биднийг дагуулж явсан хөтөч ахмад Ө.Нарантуяа сонирхууллаа.

ХАЛАГДАХАД 46 ХОНОГ

Явган цэргийн байлдагчид талаар нэг тарж байлдана. Харин артиллерчид зөвхөн өөрсдийн байран дээрээ ажиллана. Алсын цээлд галаа явуулдаг учраас дошин дээрээ долуулаа гэдэг аж. Дайсны цэрэг гаднаас зохион байгуулалттай орж ирэхэд тэдний хүчийг сааруулахын тулд артиллерийн гал явуулна. Дайсны цэргийн зохион байгуулалт тарах үед наанаас нь явган цэргүүд байлдаанд ордог зэргээр дайны тактикийн талаар бидэнд тайлбарлалаа. Хамгийн баруун талд байрлах дайны бурхан буюу байлдааны машин нь 40 гол төмөртэй. БМ-21 дээр үүрэг гүйцэтгэдэг байлдагч О.Отгонтөгсөөс тодрууллаа. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 2018 оны нэгдүгээр ээлжинд татагдан иржээ.

-БМ-21 салааны байлдагч гэж ойлголоо. Байлдааны машинаа товч танилцуулахгүй юу?

-БМ-21-ыг хүмүүс катюша гэдэг нэрээр нь мэддэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед Урал-375 дээр үйлдвэрлэгдсэн. Оросууд дэлхийн хоёрдугаар дайныг эргүүлэхэд гол нөлөө үзүүлсэн их буу гэж болно. БМ-21 дайсанд их хэмжээний хор хөнөөл учруулах чадамжтай. Хааш хааш 100 метр талбайг үнс нурам болгож чадна. Бусад их буунууд тодорхой хэмжээний жижиг зай талбайг онох, устгах чадамжтай.

БМ-21 20 секундад 40 сум хаядаг. Дангаараа 66 килограмм жинтэй. Хайрцагтайгаа 100 килограмм.

-Таны хувьд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Тоот гэж бий. Их буу тус бүр зургаан тооттой. Гурван сумлагч, нэг научик, мөн замагчинтай. Научик нь байгаа чиглүүлэх үүрэгтэй. Миний хувьд научикийн тоот дээр үүрэг гүйцэтгэдэг.

-Халагдах хоногоо тоолж байна уу?

-Тоолж байгаа.

-Хэд хоног үлдсэн бэ?

-46 хоног гэлээ.

Буудлагын талбайтай танилцаж дууссаны дараа хугацаат цэргийн албаа дуусгаад гэрээт цэргээр үлдсэн ахлагч Э.Мягмаржавтай цэргийн амьдралын тухай багахан хором ярилцлаа. Түүний хувьд Дорнод аймгийн Халх гол хилийн цэргийн ангид хугацаат албаа хааж, 2011 онд 120 дугаар ангид гэрээт цэргээр иржээ. 2013 онд Афганистан руу энхийг сахиулах ажиллагаанд явсан гэв.

-Хилийн цэргийн алба, арми хоёр ямар ялгаатай вэ?

-Ялгаа их бий. Хилийн цэрэг бодит амьдрал дээр яг жинхэнэ утгаараа үүргээ гүйцэтгэдэг. Хилийн манаад гарч эх орноо жинхэнэ утгаар нь хамгаалж байгаа юм. Зэвсэгт хүчин бол дайн байлдаан үүссэн цагт эх орноо хамгаалдаг.

-Тусгай ажиллагаанд явах үед ямар байсан бэ. Эх орноо санаж байв уу?

-Их сонин нь эх орноо л санадаг. Тэнд очоод дөрөв, таван сар өнгөрөхөд эх орны сэдэвтэй дуу сонсоход л нүдэнд нулимс цийлэгнээд ирнэ. Эх орныхоо үнэ цэнийг мэдэрдэг гэх юм уу даа. Дайн байлдаан бүхий газарт энгийн иргэдэд нь эрх чөлөө гэж бараг байхгүй. Хэзээ ч, ямар ч халдлагад өртөөд амиа алдах магадлалтай. Манай эх орон түүний хажууд хамаагүй сайхан. Амар амгалан. Жинхэнэ эрх чөлөө эх оронд минь л бий.

-Цэргийн алба хаасан, хаагаагүй эрчүүдийн хоорондох ялгааг хэлвэл?

-Цэрэгт явсан хүн үг дааж сурдаг. Гол ялгаа нь энэ. Зан характерийн хувьд тогтвортой, хүлээцтэй болдог. Гурван жилийн алба хаасан хүмүүс нэг жилийн албыг голонгуй байдаг. Гэхдээ л энд ирээд бүтэн жил болоод буцахдаа хүмүүжлийн хувьд эерэг өөрчлөлтийг олж авдаг. Энэ нь цаашдын амьдралд нь их хэрэгтэй гэсэн юм.

Ингэж явсаар үд болж, байлдагчид өдрийн хоолондоо орцгоов. Гал тогоондоо орохдоо ч эмх замбараатай, цэргийн цэгц дэгтэй. Орж ирээд гадуур хувцасаа нэгэн ижил байдлаар өлгүүрт өлгөхөөс эхлээд бүх л зүйл нь зэрэг. Малгайгаа өлгүүрийн дээр байрлах тавиур дээр эгнүүлэн тавьцгааснаар хоолны цаг эхлэв. Гал тогооны тогооч нар ширээндээ сууж буй цэргүүдэд хоол аягалж өгөв. Өнөөдрийн нэгдүгээр хоол гурилтай шөл, хоёрдугаар хоол цуйван. Цэргүүдээс санал хүсэлт авахад хамгийн дуртай хоол нь цуйван гэж хариулцгаажээ. Бид ч цэргүүдтэй зэргэлдээ ширээнд сууж хоололоо. Нэг цэрэгт 200 грамм талх өгөх нормтой гэнэ. Эднийх гал тогоондоо өдөр бүр талх барьдаг юм байна. Үйлдвэрийн талхыг бодвол хамаагүй өег санагдлаа. Цэргүүд хооллож дуусаад босоод гэсэн командаар нэгэн зэрэг ширээнээс босож, өлгүүр дэх хувцасаа бүрэн өмсөж дуусаад мөн л нэг эгнээнд цувран гарсан.

Үдийн хоолны дараа 120 дугаар ангид Монгол цэргийн өдрийг угтан баярын хурал боллоо. Төрийн дууллыг үлээвэр найрал хөгжмийн салаа эгшиглүүлснээр хурал эхэллээ. Баярын хурлын үеэр ангийн захирагч, хурандаа Д.Мөнхсайхан “Монголын газар нутгийг халуун амь, бүлээн цусаараа тамгалж, эх орныхоо бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг сахин хамгаалахын төлөө ангийн нийт офицер, ахлагч, хугацаат болон гэрээт цэргийн албан дайчиддаа Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн мэндийн өргөн дэвшүүлье. Ангийн тайван цагийн үндсэн хөдөлмөр болсон цэргийн сургалт бэлтгэлийн чанар үр дүн дээшлэн, бие бүрэлдэхүний сургалтын чанарт ахиц гарсан зэрэг олон амжилт бүтээлтэйгээр Зэвсэгт хүчнийхээ түүхт ойгоо угтаж буйд сэтгэл хангалуун байна. Монгол цэргийн сүлд хийморь мандан бадрах болтугай” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Хэсэг байлдагчид баярын хуралд суусан бол бусад нь жагсаалын бэлтгэл, марш тактикийн бэлтгэлдээ гарсан юм. Байлдагч нарын хувьд удахгүй болох марш тактикт амжилт гаргах нь нэн чухал хэрэг гэнэ. Тиймээс байнгын бэлтгэлээ базааж буй нь энэ. Тэд ганцхан жилийн цэрэг эрс. Гэхдээ энд өнгөрүүлэх нэг жилийнхээ хугацаанд тэд чамгүй зүйлийг сурч мэддэг юм байна.

Э.ЯНЖМАА

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Н.Түмэнбаяр: Зөрчлийн тухай хууль нь иргэдийг алагчилж, албан тушаалтнуудад хөрөнгө завших хаалгыг нээж өгсөн

Эрх зүйч, судлаач Н.Түмэнбаяртай ярилцлаа.


-2017 оны долдугаар сарын 1-нээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш багагүй маргаан дагуулсаар байгаа. Та Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан гэсэн үү?

-Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл өгсөн. Мэдээллийн гол агуулга нь Зөрчлийн тухай хууль Үндсэн хуулийг зөрчсөн. Таны асуусанчлан Үндсэн хуулийн Цэцэд өгсөн асуудал бол Зөрчлийн тухай хуулийн тухай гэхээсээ илүү хүний эрхийн тухай юм. Төрөөс хууль батлах замаар системчлэн иргэдийг ялгаварлан гадуурхаж, хууль шүүхийн өмнө тэгш байж ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхийг зөрчиж байна гэсэн үндсэн агуулагатай. Тухайлбал, төрийн албан тушаалтанууд төсвийн хөрөнгө шамшигдуулан завшихад ямар нэгэн зөрчлийн шийтгэл байхгүй бөгөөд тэр ч байтугай тэрхүү зөрчлийг илрүүлэх гол субьект болох Санхүүгийн улсын байцаагчийг зөрчил шалган шийдвэрлэх эрхгүй этгээд гэж хуульчилсан байгааг эсэргүүцэж Үндсэн Хуулийн Цэцэд хандсан. “Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх ёстой” гэх хоёр заалтыг зөрчсөн байгаа юм. Сүүлийн үед Зөрчлийн тухай хуулийн талаар маргаан их гарч байна. Судлаач, мэргэжилтнүүд янз бүрийн өнцгөөс нь харж, сайжруулах талаар нь ярьж байна.

-Зөрчлийн тухай хууль цоо шинэ хууль мөн үү?

-Захиргааны хариуцлага тогтоосон хэм хэмжээг төрөлжүүлэн Захиргааны хариуцлагын тухай төрөлжсөн хууль гаргах саналыг эрүүгийн болон захиргааны эрх зүйн эрдэмтэд дэвшүүлсээр ирсэн бөгөөд үүний үр дүнд 2017 оны Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аас батлагдан гарсан. Дэлхий дахинд хуулиар хориглосон үйлдлийг “гэмт хэрэг” гэж тооцон хязгаарлахгүйгээр эрх зүйн зөрчлийг бүхэлд нь “dilict” хэмээх ухагдахуунаар хамаатуулан судалдаг нь нэгэнт тогтоогдсон жишиг юм.

Өмнө нь үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим гэмт хэрэг, Захиргааны хариуцлагын тухай болон бусад хуульд заасан зарим зөрчил нь ижил төстэй байсан бөгөөд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн шинэчилэн найруулгаар дээрх бэрхшээлийг шийдвэрлэсэн гэж хууль тогтоогчид тайлбарладаг. Зөрчлийн тухай хуульд ямар нэгэн зөрчил гаргасан иргэнийг ямар албан тушаалтан шалгаад, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Жишээ нь, хүн гүтгэсэн гомдол ирвэл цагдаа шалгаад, прокурор хянаад, үндэслэлтэй байна гэж үзвэл хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг торгоод явуулна. Иргэд ч ялгаагүй торгуулна. Энэ мэтчилэн тов тодорхой заалтууд бий. Ингэж зөрчлүүдийг нэгтгэхдээ төрийн өмчтэй холбоотой хуулиудын зөрчлийн санкци буюу оногдуулах шийтгэл, хэмжээг авч хаяад хуульчилсанд л байгаа юм. Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль,Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудыг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага байхгүй.

-Тодруулбал…

Зөрчлийн тухай хууль батлагдахын өмнө, жишээ нь Төсвийн тухай хуулийн 70.4-т “Төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсвэл санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч дараахь шийтгэл ногдуулна”. Тендерийн хуулийн 56.1-д “Энэ хуульд заасан журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол доор дурдсан захиргааны шийтгэлийг эрх бүхий улсын байцаагч ногдуулна” гэх мэтээр Санхүүгийн улсын байцаагч, эсвэл шүүгч торгууль оногдуулдаг байсан. Санхүүгийн хяналт шалгалт хийх эрхтэй улсын байцаагчид төрийн хяналт шалгалтын хамгийн анхны хүрээ бүслүүр юм л даа. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар санхүүгийн улсын байцаагчийг зөрчил шалган шийдвэрлэх эрхгүй этгээд гэж хуульчилсан. Сүүлийн үед гарч байгаа улсын хөрөнгө шамшигдуулж байгаа хэргүүд нь их хэмжээтэй, урхагшсан шинжтэй байгаа нь эдгээр гэмт хэргийг бага дээр нь илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжгүй байгаатай холбоотой.

-тухай хуулиар нарийн асуудлыг хурдан шийдвэрлэдэг болно гэж анх гарахад нь ярьж байсан?

-Зөрчлийн тухай хууль хууль зүй, техникийнхээ хувьд бүх хуулиудад байсан торгох шийтгэх заалтуудыг татаж аваад хэрэглэхэд амар гээд том хууль болсон. 220 гаруй хуулиас шийтгэлтэй холбоотой заалтуудыг татан авч нэгтгэсэн. Гэтэл дээр хэлсэнчлэн төсөв хөрөнгөтэй холбоотой гол гурван хуульд “Зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Харин Зөрчлийн тухай хуульд тус хуулиудыг зөрчсөн этгээдэд оногдуулах тодорхой заалт, санкци оруулж өгөөгүй. Үүнийг би хуулийн хулгай гэж үзэж байгаа.

-Тэгэхээр хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх эдэлнэ гэдэг заалтыг зөрчиж байна гэсэн үг үү?

-Тийм. Бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байх бөгөөд аливаа алагчлалгүй байх нь зүй ёсны хэрэг. Өөрөөр хэлбэл, аливаа хууль нь нийгмийн гарал, хөрөнгө чинээ, улс төрийн болон бусад үзэл бодол зэрэг байдлаар алагчлахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг л бүрдүүлэх ёстой. Хүний эрх салшгүй, хуваагдашгүй байдаг. Хүмүүс ихэнхдээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сонгох сонгогдох, хөдөлмөрлөх зэрэг эрхийг л мэддэг. Гэтэл үнэндээ эдгээрээс гадна маш олон эрх байдаг. Тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан. Бүх эрх бүгд байж хүний эрх хангагдана. Тэгэхээр хууль, шүүхийн өмнө тэгш эрх эдлэх гэдэг нь хүний үндсэн эрх. Хүний эдлэх эрхийг аль нэг төр эсвэл хэн нэгэн хүн өгдөггүй, бүтээдэггүй. Хүний эрх бол хувь хүний эрх зүйн байдлын суурь эрх юм.

-Энгийн иргэд Зөрчлийн тухай хуулиар торгуулж, их хохирч байгаа гэж сонссон?

-Энгийн иргэдэд Зөрчлийн тухай хууль маш хатуу чанга хэрэгжиж байгаа. Тухайлбал, иргэний үнэмлэхээ санамсаргүй хаячихвал торгуулж байх жишээний. Торгуулах талаар хуульд маш нарийн зааж өгсөн байгаа. Уул уурхайтай орон нутгийн иргэд газар шороогоо хамгаалахаар тэмцдэг. Ингэснийх нь төлөө Зөрчлийн тухай хуулиар торгодог. Зөрчлийн тухай хууль хэрэгжихдээ прокурорын хяналтын дагуу явдаг. Нэгэнт тухайн иргэнд хэрэг үүсчихсэн учраас зайлшгүй биелэх шаардлагатай байдаг. Тэгэхээр иргэн хүн гэрээ зарж, хоёр сая төгрөгийн торгууль төлж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр иргэдэд их хатуу тусч байна. Гэвч тодорхой нэг хэсэгт хууль үйлчилдэггүй.

-Та Үндсэн хуулийн Цэцэд гомдлоо хэзээ гаргасан бэ. асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм бол?

-Үндсэн хуулийн Цэцэд өнгөрсөн оны аравдугаар сард мэдээлэл өгсөн. Үндсэн хуулийн Цэц миний өгсөн мэдээллийг УИХ руу шилжүүлсэн байдаг. Тус бичиг явсаар байгаад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд очсон байна лээ. Дараа нь Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос иргэн Н.Түмэнбаярт гэсэн хаягтай хариу захидал ирсэн. Хариуд “Юуны өмнө эрх зүйн шинэчлэл, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарч, санал ирүүлсэн танд талархаж байна. … Иймд таны саналыг тус ажлын хэсэгт уламжилсан. Зөрчлийн тухай хууль бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах явцад анхааран үзэх болно” гэсэн хариу захидал ирсэн юм. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа. Ямар нэг хууль сайжруулах гэсэн санал биш. Энэ бол хүний эрх, Үндсэн хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулийн Цэцийг шүүх гэж үзнэ. Миний гаргасан мэдээлэл ньҮндсэн хуулийн Цэц буюу шүүхэд гаргаж байгаа нийтийн эрх ашгийн төлөөх нэхэмжлэл юм. Иймээс Үндсэн хуулийн Цэцийг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэрэг нээх үү, үгүй юу гэдэг тогтоол гаргах ёстой юм гэснээр Үндсэн хуулийн Цэцэд дахин хандаад байгаа. Одоогоор Үндсэн Хуулийн Цэц дээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

-Тэгэхээр хуулиар иргэдийг ялгаварлан гадуурхаж байна гэж үзэх үү?

-Ялгаварлан гадуурхалт гэдэг нь нийгмийн анги давхарга, хөрөнгө чинээ, тодорхой бүлэг хүмүүсийг бусдаас нь давуу байдал бий болгохыг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ. Гэтэл төсвийн эрх мэдэл бүхий хэсэг хүмүүс товчхондоо нийгмийн анги давхарга болчихоод байгаа. Эдгээр нийгмийн бүлэг хүмүүст хууль үйлчлэхгүй байгаа нь хуулийн ялгаварлан гадуурхалт юм. Энэ хүмүүст илүү их эрх мэдэл өгөөд, хуулийн хүрээнээс гаргасан байна гэж үзэж байна. Үүний хор уршиг нь юу вэ гэхээр ард түмний хуульд итгэх итгэл алдагдана. Нэг нэгэндээ итгэх итгэл нь байхгүй болно. Хууль ялгаварлан гадуурхаж, системчилж ард түмэнд үйлчилдэг гэсэн үзэл рүү явбал цаашид Монгол Улсын ирээдүйд хор хөнөөлтэй юм. Хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг “Надад нэг мөрөөдөл байна” илтгэлдээ “…эрх чөлөөнийхөө төлөө… хамтдаа ч зовъё, хамтдаа ч тэмцье, шоронд ч хамтдаа явъя” гэж хэлсэн байдаг. Үүнтэй адил Монголын ард түмэн бид нэг хуультай, түүндээ хүн бүр тэгш захирагдаад явах ёстой юм. Үүний төлөө тэмцэх хэрэгтэй.

Л.САРАН

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилжээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр захирамж гаргаж, томилгоо хийжээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Баясахыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний оронд НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилжээ.