Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.

Монгол Улсын Засгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж ажиллах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/66 дүгээр захирамжаар “Иргэдийн оролцоотой–Хөгжлийн жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлагдсан, төлөвлөгөөг хэрэгжүүлж, явц үр дүнг улирал тутам тайлагнаж ажиллах, Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу төлөвлөгөө гарган, шилэн дансанд байршуулах замаар 2019 оны I улиралд багтаан олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах, Төрийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлээгүй төрийн албан хаагч, албан тушаалтанд хариуцлага тооцож, өргөдөл гомдол шийдвэрлэлтийн мэдээнд тусгаж байх, Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Сар шинийн баярыг угтаж зохион байгуулж ажиллах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Нийт 437 удаагийн дуудлагаар 103 хүний амь насыг авран хамгаалсан байна

Монгол Улсын хэмжээнд он гарсаар нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 437 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 12 хүн амь насаа алдаж, 3 хүн гэмтэж бэртэн 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9,25 хувиар нэмэгдсэн байна.

Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 103 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 6.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдал болон орон нутгаас 107.8 сая төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж гэмтэж бэртсэн хүний тоо 14-өөр буурчээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 2-оор буурч, аварсан эд хөрөнгө 0.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.

2019 онд эхний 1 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрөл тус бүрээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал:

Мөн 2019 оны эхний нэгдүгээр сард эрэн хайх, аврах ажиллагааны 15, тээврийн хэрэгслийн ослын 5, нийт 20 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 129 аврагч, 25 автомашинтай ажиллаж, 63 хүнд анхны тусламж үзүүлэн, 10 хүний амь насыг аварсан.

Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 91.9 хувь буюу 402 нь гал түймэр, 6.86 хувь буюу 30 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 0.68 хувь буюу 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл 0.45 хувь буюу 133нь хүний үйл, ажиллагаатай холбоотой осол байна.

Аюулт, үзэгдэл ослын улмаас учирсан нийт хохирлын 92 хувь буюу 1.2 тэрбум нь гал түймрийн улмаас, 8хувь буюу 100 сая төгрөг нь биологийн гаралтай аюулт, үзэгдэл ослын улмаас учирчээ.

Аюулт, үзэгдэл ослын улмаас нас барсан иргэдийн ослын шалтгаанаар нь авч үзвэл 67 хувь буюу 8 нь объектын гал түймрийн улмаас, 33 хувь буюу 4 нь бичил уурхайн ослын улмаас амь насаа алдсан байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Төрийн албаны даргыг зургаан жилийн хугацаатай томилдог бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд дууссан юм.

Categories
мэдээ нийгэм

Газраа чөлөөлсөн 47 айл, өрх шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, БХИС орчмын А хэсэгчилсэн талбайд “Баганат өргөө” компаний барьсан 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газраа чөлөөлсөн иргэд өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал, газраа чөлөөлөөд шинэ орон сууцны түлхүүр гардан авч буй айл, өрх, иргэд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг эзэлж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: Өнөөдөр Баянзүрх дүүргийн 8-р хороо, “Баганат өргөө” компаний хэсэгчилсэн дахин төлөвлөлтийн талбар дээр баригдсан 70 айлын орон сууц ашиглалтад орж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд урагштай явж эхэлсэн. Үүний шалтгаан нь Монгол улсын Засгийн газраас ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн, үүний зэрэгцээ төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хоёрдогч болон гуравдагч эх үүсвэрээс шийдвэрлэх зорилт тавьж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалтыг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэснээр барилгын компаниуд эх үүсвэртэй болж эхэлж байна. 2018 онд 4000 гаруй айлын янданг буулгасан бол энэ онд 8000 гаруй айлыг орон сууцтай болгох зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн ажил сайн явагдсанаар нийт 89980 айл орон сууцтай болох юм. Сар шинийн баярын босгон дээр шинэхэн өргөөндөө орж буй та бүхэнд аз жаргал хүсэн ерөөе.

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал: Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч болон хувийн хэвшил, нийслэл гурван талаас зөвшилцөн, гэрээ байгуулж, нэг зорилгын дор нэгдэж чадсанаар хэрэгжих нөхцөл бүрддэг томоохон төсөл. Энэхүү төсөлд нийгмийн хариуцлагын үүднээс төсөл хэрэгжүүлэх эрх авсан компаний нэг болох “Баганат өргөө” ХХК өнөөдөр 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгч байна. Тус компаний хувьд нийт 180 нэгж талбарын газрыг чөлөөлөн 2015 онд 288 айлын орон сууц, 2018 онд 4 блок 358 айлын орон сууцны барилга угсралтыг гүйцэтгэсэн. Энэ онд шинээр 5 блок 654 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм.

“Баганат өргөө” ХХК захирал О.Батсайхан: Манай компаний хувьд 2013 оноос гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээг газар доорх барилга байгууламжаар бүрэн шийдвэрлэсэн. Энэ бол Улаанбаатар хотод байгаа хамгийн том тунелын систем гэж хэлж болно. Бид уг төслийн хүрээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд 358 айлын оройн сууцыг ашиглалтад оруулсан. 2019 онд 500 айлын орон сууцыг ашиглалтад өгөх зорилт тавин ажиллаж байна. НЗДТГ-аас Монгол улсын Хөгжлийн банк дэмжлэг үзүүлэх тал дээр хамтран ажиллаж байгаа гэсэн сайхан мэдээ байна. Бидний зүгээс энэ төсөлд хамрагдвал байрныхаа борлуулах үнийг бууруулах боломжтойг хэлмээр байна.

Нийслэл хотын зүгээс бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй төсөл хэрэгжүүлэгчдийг дэмжиж ажиллах талаар анхааран инженерийн шугам сүлжээний ажилд зарцуулах 20,0 тэрбум төгрөгийг энэ оны нийслэлийн төсвөөс баталсан аж.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн итгэл үзүүлэгч байгууллагаар шалгарлаа

Монгол Улсын ерөнхий аудиторын 2018 оны А/156 дугаар тушаалаар Дорнод, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрууд 2018 оны санхүүгийн тайланд аудит хийлгүй итгэл үзүүлэгч байгууллагаар шалгарч, “Итгэмжлэл”-ээ гардан аваад байна. Онцгой байдлын газрууд нь санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэн зөв, цаг тухайд нь гаргаж “ЗӨРЧИЛГҮЙ” санал дүгнэлтийг авсан юм.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр Ж.Мөнхбат гишүүн, “Нэр дэвшигч нь улс төрд олон жил ажилласан хүн. Г.Занданшатар гишүүн УИХ-ын даргаар сонгогдсон тохиолдолд гишүүдийнхээ эв нэгдлийг хангахад анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлэх нь зөв” гэлээ. Улмаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг дэмжлээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Тал нутгийн гол философи бол өрөвдөх сэтгэл

Тал нутгийн хатуу ширүүнийг мянга мянган жилээр сөрж амьдрахдаа монголчууд амьдралын мөн чанар, амьд явахын утга учрыг тайлж, сануулсан тунчиг олон зан сургамжийг үлдээжээ. Үр хойч нь ч түүгээр зүг чигээ хийж, улам төгөлдөржүүлэн баяжуулж энэ цагт ирсэн гэхэд болно. Энэ бол хэдэн зуун мянган жил үе дамжин уламжилж ирсэн шалгарсан туршлага, тал нутгийн монголчуудын амьдралын философи юм. Түүний нэг болох өрөвдөх сэтгэлийн тухай бичье гэж бодлоо. Учир нь энэ цаг үеийн улс төрийн тэмцэл улам л хатуу ширүүн, өршөөлгүй үргэлжилж байна. Нэг хүний албан тушаалын төлөө бүхэл бүтэн засаглалын хэлбэр ард түмнээ дэнчинд тавьж хэрэлдэж байна. Мэдээж, энэ бол УИХ-ын даргын суудлын төлөөх тэмцэл юм. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд албан тушаалын төлөөх тэмцэл ямар хайр найргүй, хатуу ширүүн өрнөснийг харж болно. Хамгийн гутамшигтай нь, албан тушаалын төлөөх тэмцлээ ямар гоёор нэрлэж, ард олонд итгүүлж чаддагийг нүдээрээ үзлээ. Ард түмнийхээ төлөө тэмцэж байгаа л гэнэ, авлига хээл хахууль, утааны эсрэг тэмцэл л гэнэ. Хөөрхий ард түмэн, түүнд нь үнэмшчихээд хөөр баяр болоод, дэмжээд давхиж явна. Юу гэж бидний төлөө тэд ингэж цаг заваа баран, баран тэмцэх вэ дээ. Тэдний илт мөнгөжүү жагсаал цуглаан, хоол цайндаа цатгалдсан суугчдаас нь жаахан хол алхаад үз дээ. Тавин мянган төгрөгийн төлөө дал, наян настнууд үүрийн харанхуйгаас үдшийн бүрий хүртэл оочерлож, эцэст нь ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдэж байна. Хар утаа, хогонд дарагдсан хотод нь ханиад хатгаа цар тахлын хэмжээнд хүрч эмнэлгийн хонгилд өлгийтэй үрсээ тэврээд эхчүүд хэвтэж байна. Өлссөн хөгшид лангууны дэргэдүүр өнгөрөхдөө боовны гялгар уутыг цоолж, хоёр гурван ширхэг боорцог хулгайлаад зугтаж байгаа тухай худалдагч нар өөр хоорондоо гунигтай ярьж сууна. Ажилгүй хүүхдүүд нь хөгшдийнхөө тэтгэврийг зээлж аваад, арилж өгөө биз. Монголчуудын ийм л дүр зураг бараг 30 жил давтагдаж байна. Яагаад энэ бүхнийг засч залруулахгүй монголчуудаа ажилгүй, өлсгөлөн ядуу хэвээр нь байлгаад байгаа хэрнээ “ард түмний төлөө” гэж амаа цангатал цуурна вэ.

Суртал ухуулга ямар хүчтэй вэ гэдгийг бид дээрх үйл явдлаас харж болох нь. Хэдэн гишүүд өглөө үдэшгүй “Ард түмнээ сайхан амьдруулна аа, Энхболд огцор” гээд байхаар нээрэн ч хамаг муу муухайгийн үүр үндэс энэ хүн юм байна гээд нийтээрээ ханарч байна. Захын хүнээс асуугаад үзээрэй, УИХ-ын даргыг зүхэж байгаа. Энд тэр Энхболдыг нь өмөөрч, магтах гэсэнгүй. Асуудлыг төдийгөөс өдий хүртэл нь хурцатгасан түүнийг сандал ширээнээсээ буугаад өгөөсэй гэж боддог хүмүүсийн нэг нь, би. Тэглээ гээд хууль ёсны дагуу л тэр албан тушаалаа өгч авалцаасай билээ.

Өнөөгийн жагсаал, тэмцлийн гол удирдагч нарын нэг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр олон удаа нэг үгийг давтаж хэлээд байгаад нь учир мэдэх хүмүүс эгдүүцэж эхэлжээ. Тэр үг нь “За одоо өрөвдөж болохгүй шүү. Монголчууд их өрөвчхөн. Та нарын өрөвчөөр чинь далимдуулаад өрөвдүүлээд л дуусна шүү, энэ асуудал” гэж олон удаа ард түмэнд сануулж байгаа. Байнга давтаж хэлдэг.

Гэтэл өрөвдөх гэдэг бол тал нутгийн монголчуудын гол философи нь. “Монгол хэлний их тайлбар толь”-д өрөвдөх гэдэг үгийг дараахь байдлаар тайлбарлажээ. Өрөвдөх байдал-энэрч хайрлах байдал, өрөвдөх санаа-энэрэн хайрлах санаа, өрөвдөх хайрлах-уян зөөлөн сэтгэл гарган хамгаалах, өршөөх өрөвдөх -уучлан хэлтрүүлж туслан тэтгэх. Үгийн утгыг харахад ч монголчууд бусдыг энэрч хайрлан, уучилж өршөөж амьдар гэж сургаж иржээ. Хууль болон цаасан дээр буугаагүй ч монгол хүн бүрийн цусанд нь ийм үзэл хандлага шингээстэй байдаг. Монголчууд бүхий л түүхэндээ байгаль дэлхийдээ ойр амьдарч, байгаль дэлхий хатуу ширүүн, өршөөлгүй гэдгийг мэдэрч ирсэн хүмүүс. Тиймдээ ч өрөвч зөөлөн сэтгэл хүнд ямар их хэрэгтэй вэ гэдгийг мэддэг ард түмэн. Өрөвч зөөлөн, уужуу талбиун сэтгэлтэй, алив юмыг өнгөрөөж чаддаг чанар бол монгол эр хүний гол код нь. Ийм хандлага, энэ кодгүй бол монгол хүн гэхэд эргэлзээтэй. Монголчуудын цусанд нь байдаг энэ үндсэн мөн чанарыг үгүйсгэн, таягдан хаяхыг уриалж байгаа Л.Оюун-Эрдэнэ харин ямар харийн сэтгэлтэй залуу вэ. Танай намын их хурлын нэг хэсэг хүмүүсийг ажилтай байлгахын тулд биднийг “монголоо алдахыг” уриалж байдаг Та яг хэн бэ. Монгол хүн мөн үү. Үгүй ээ, хүү минь, бид өрөвдөж, өршөөж уучлахаа хэнээр ч заалгахгүй. “Монголоо алдахыг” уриалж байдаг Таны үгэнд ормоогүй байна. Өвгөдийн үлдээсэн тал нутгийн философио дагаж, монголоороо үлдмээр байна.

“Улаан мөнгө олддог, улайх нүүр олддоггүй” гэсэн үг бий. Өнөө маргаашийн ашиг хонжоо харж, хүнээ алдаж болохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өрөвдөж бай, өршөөн уучилж бай гэсэн утгатай. Таны “өрөвдөж болохгүй шүү” гэдгийн эсрэг утгатай үг юм. Яаж ч бодсон “монголоо алдахыг” ятгаж, нийтэд уриалж байна гэдэг нь Монголын улс төрийн зүтгэлтэнд байж боломгүй согог юм.

М.Энхболд яахав ээ, өнөө маргаашгүй ажлаа өгөх нь тодорхой боллоо. Харин энэ тэмцэгчид маань ард түмнийхээ төлөө, дараа дараагийн дарга нараас шударга ёс, тэгш байдал, сайн хууль нэхээрэй. Ард түмний халааснаас хулгай хийсэн ЖДҮ-чдэдээ хариуцлага тооцоорой. Тэгэхгүй бол амин хувийн эрх ашгийнхаа төлөө ард түмний нэр барьдаг булай чинь илэрнэ шүү.

Монгол Улс гурван сая гаруй хүнтэй. Дэлхийн долоон тэрбум гаруй хүний дэргэд энэ бол өчүүхэн тоо. Бид ийм цөөхүүлээ атал хонзогнон дайсагнаж, хүнээ байж, “монголоо алдаж” болохгүй. Хүчтэй байхын тулд эвтэй байх ёстой. Эвтэй байхын үндэс нь уучилж өршөөх, хамтдаа цаашаа алхах юм шүү.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Гарамжав: Бие биедээ ухамсартайгаар шаардлага тавьж, шинэчлэл хийж байгаа нь сайн хэрэг

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.


-Таны хувьд дараагийн УИХ-ын даргыг ямар хүн байгаасай гэж бодож байгаа вэ?

-Парламентын ардчилсан ёсыг хөгжүүлдэг, нийгмийн тогтолцоог шударга, хөгжлийн төлөө зөв чиглүүлдэг тийм л хүн хэрэгтэй байна.

-УИХ-ын хурлын даргад албан ёсоор нэрээ дэвшүүлье гэсэн хүн байгаа юу?

-Одоогоор сонсогдоогүй байна. Хэвлэлээр янз бүрийн хүмүүсийн таамаг байх шиг л байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин, Л.Оюун-Эрдэнэ гишүүний нэр дуулдаж байна лээ.

-Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ гишүүн нэрээ дэвшүүлбэл та дэмжих үү?

-Дэмжинэ.

-УИХ-ын үйл ажиллагаа хэсэг доголдсон, эрх баригч нам дотороо хагаралдаж буй энэ үйл явдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Аливаа улс орны төрийн тогтолцоо шинэчлэгдэх олон арга байдаг л даа. Хувьсгалт тэмцэл, дайн дажины замаар гэх мэт. Ардчилсан улс орнуудын хувьд удирдлага, удирдах төв аппарат, спикерээ шинэчлэх зэрэг олон арга бий. Манай улсын хөгжил 1990 оноос хойш буюу сүүлийн 30 жилийн хугацаанд сайжрах учиртай байсан. Яахав ардчилал, хүний эрх чөлөө, нийгмийн тогтолцооны эрх чөлөө нэмэгдсэн. Гэсэн ч эдийн засаг, ард түмний амьжиргааны түвшин, иргэдийн амьдралдаа ханах сэтгэл ханамж дордсоор байгаа. Бид ардчилсан тогтолцоог хэрэгжүүлэхээр өмчийн харилцаан дээр суурилсан нийгмийг байгуулъя гээд шийдчихсэн. Тийм байтал өмчийн харилцаагаа зөвөөр шийдэж чадахгүй байна. Шударга бус аргаар, хүч эвсэн, тэр нь мафийн бүлэглэлийн шинж чанартай болж байна. Тэр шударга бус бүлэглэлийн дундуур ард түмэн маань хүчгүйдэж, шударгаар ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд хоморгонд нь хэлмэгдэх, бүр дампуурах байдал ч ажиглагдаж байгаа. Үүний хажуугаар улс эх орны эдийн засгийн байдал улам доройтож, ард иргэд улс эх орноосоо дайжих, Монголд байхаас ч айдастай болж ирж байна. Энэ бүгд шударга бус бүлэглэлүүд нийгмийн тогтолцоог эвдэж эхэлсэнтэй холбоотой. Үүнийг зөв зохицуулах, удирдах эрх нь төрийн удирдлагууд, парламентыг даргалах хүмүүст бий. Тиймдээ ч бид удирдлагаа сольё, өөрчилье, эх оронч, ард түмэндээ хайртай, тэр удирдагчдыг олъё гэж зорьсон юм. Түүнээс бид хувь хүн рүү дайраад байгаа юм биш, хэн нэгэн таалагдахгүй байгаа ч юм биш. Бүхэл бүтэн нэг улс орныг зөв удирдах хариуцлагын асуудлыг яриад байгаа юм.

Ер нь улс орны хөгжил удирдагчаасаа маш их шалтгаалж байгаа нь харагдаж байна. Үүнийг бослого хөдөлгөөн гараад байгаа Венесуэль зэрэг бусад улсын жишээнээс ч харж болно. Мөн БНХАУ, Казахстан зэрэг улсын удирдагчид өмчийн харилцааг хөгжүүлж, улсаа хэрхэн сайхан авч явж болохыг харуулж байна.

Үнэхээр ардчилсан нийгэм тэнд хөгжиж байна. Хүн болгон хөдөлмөрлөж байж тэр өмчийг олж байгаа. Тэр өмч нь улс эх орны ч бай, хувь хүнийх ч бай тэгш эрхтэйгээр хөгжиж байгаа юм. Ард иргэд нь ч мөн тэгш эрхтэйгээр түүнийг бий болгож байна. Улс орноос нь дэмжиж байгаа хэрэг шүү дээ.

Түүнээс тэнд нэг хэсэг бүлэглэл гарч ирээд улс орны бүх баялгийг ховх сороод, бусдыгаа ядууруулж, өмчийн тэгш бус байдал үүсгэхгүй байна. Нэг хэсэг нь баяжиж, нөгөө хэсэг нь ядуурвал улс оронд гүн гүнзгий зөрчилдөөн үүсдэг. Үүнээс үүдэн янз бүрийн тэмцэл эхэлдэг. Дээр хэлсэнчлэн манай улсын нэг сайн тал нь ардчилсан парламентын тогтолцоотой. Мөн монголчууд маань ухаалаг юм. Төрийн тогтолцоог тайван замаар хэрэгжүүлж, мөн сольж байна. Бие биедээ ухамсартайгаар шаардлага тавьж шинэчлэлийг хийж байгаа нь сайн юм.

-Нэг хүнийг огцруулснаар бүх зүйл сайхан болж, илтэд өөрчлөлт гарах уу?

-Мэдээж хэрэг ганцхан хүн бүх зүйлийг буруу хийгээгүй, бүхнийг муу, муухай болгочихоогүй л дээ. Тэгвэл яагаад өнгөрсөн 30 жил ард түмэн маань дуугүй яваад байсан юм бэ. Энэ урт хугацаанд яагаад доройтож байгаа бүхэнтэйгээ эвлэрсээр ирсэн юм. Энэ бүхэнд бид бүгдээрээ хариуцлага хүлээх ёстой. Бүгд хамтдаа нийгмийн тогтолцоогоо сайжруулах, солих, улам эрүүлжүүлэх, зөв хөгжлийн зам дээр гаргахын төлөө хичээх учиртай. Үүнийг ард иргэд, мөн УИХ-ын гишүүд нэн тэргүүнд уриалах хэрэгтэйюм. Нийгмийнхээ сайн сайхны төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэх цаг ирж байна.

-Та УИХ тарахыг дэмжих үү?

-Тарахад амархан шүү дээ. Гишүүдийн 1/3 нь тараая гэвэл тэгээд л тарчихна. Хуулинд заачихсан л байгаа. Гэхдээ энэ удаагийн УИХ-ын бүрэн эрх дуусахад жил гаруйн хугацаа л үлдчихлээ. Энэ хооронд тараад, дараагийн 76-г сонгох гэсэээр байтал ээлжит сонгуулийн хугацаа болчихно. Тэр их зардал, хөрөнгө оруулалтыг хэрэггүй үйл ажиллагаанд зориулсан нь дээр үү, эсвэл одоо нийгмийн тогтолцоог шинэчлэх, эрүүлжүүлэх ажлыг явуулах нь зөв үү гэдгийг бодох ёстой. Энэ хугацаандаа хууль тогтоомжоо шийдээд УИХ-ын ээлжит сонгуулийн ажилдаа орсон нь дээр байх гэж бодож байна. Үргүй зардал, хайран цаг хугацаа өнгөрнө л гэж харж байгаа. Тэгэхээр одоогийн УИХ хугацаанаасаа өмнө тарах ямар ч шаардлага алга. Түүний оронд эрхэлж байгаа ажлуудаа үргэлжлүүлээд бусад хариуцлага хүлээлгэх, сайжруулах, зөв хөгжлийнхөө зам руу эргэлт буцалтгүй орох алхмыг хиймээр байна.

-Зарим орд газруудыг төр мэдэлдээ авч байгаа. Энэ салбарыг сайн мэдэх хүний хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Үүнийг шалгах хэрэгтэй. Би өөрөө уул уурхайн салбарын хүн. Тиймдээ ч лиценз олгодог Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Уул уурхайн яаман дээр байгаа хууль бус үйлдлүүдийг мэднэ. Юу болдгийг сайн мэднэ. Хууль бус зүйлүүд маш их бий. Энэ бүхнийг сайжруулж, өөрчлөх хэрэгтэй. Хууль бусаар ашиглах эрх авсан бол хариуцлага хүлээх л хэрэгтэй гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

Ш.Лувсандорж: Багш хүн ямар ч үед шантаршгүй, цуцашгүй хөдөлмөрлөж байх хэрэгтэй

Монгол Улсын гавьяат багш, ШУТИС-ийн хүндэт профессор, доктор Ш.Лувсандоржтой ярилцлаа.


-Багш болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-1951 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгсөөд их сургуульд орохоор ирлээ. Тэр үед Монгол Улсын их сургууль хүн эмнэлэг, мал эмнэлэг, багш нарын гэсэн гурван факультеттай байлаа. Бүх л хүүхдүүд багш нарын факультетийг сонирхдог үе байлаа. Тэр үед Багш нарын факультетийн хуваарь дуусчихсан. Элсэлтийн комисс нь хүн, мал эмнэлгийн ангид орвол ор. Үгүй бол их сургуулийн бэлтгэл ангид ор гэдэг юм. Тэгээд бэлтгэлд орсон. Бэлтгэлд сурсан хүүхдүүд дуртай мэргэжлээ сонгодог байсан юм.

-Түүхийн багш тухайн үед ховор байсан байх. Түүхийн багш нарын яг юу нь таалагдсан юм бэ?

-Багш нарын ур чадвар гэж хэлнэ дээ. Их Монгол Улс, XIII зууны түүхийг зааж байгааг сонсоод сонирхолтой санагдаж, судлаад үзвэл их олон сонин юм мэдэх нь байна шүү гээд л түүхийн ангид орчихсон.

-Багшийн ажил сайхан ч түүхийн багш ул суурьтай судалгаа шинжилгээ, нөр их хөдөлмөрийг шаарддаг байх, тийм үү?

-Би Дундговь аймагт л багш болсон хүн. Дээр үеийн багшийн дүр надад буугаад байдаг юм. Хийхгүй, оролцохгүй юм гэж алга байж дээ. Соёлын довтолгооны багшаар хүртэл явж байлаа.

– Та хаана, хаана багшилж байв?

-Би Дундговь аймагт долоон жил багшилчихаад Улаанбаатарт шилжиж ирсэн. Тухайн үед гэр бүлийн хүн маань Эдийн засгийн дээд сургуульд оюутнаар тэнцчихсэн учраас өргө-дөл өгч хотод шилжих зөвшөөрөл авсан. 1963 онд хөдөөнөөс шилжиж ирээд Улаанбаатар хотын Намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн оройн их сургуулийн багш болсон юм. Тэгэхэд дандаа гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн, яам, газрын мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч нар тэнд сурдаг байлаа. Бүр нийгмийн ухааны багш нарыг Төв хорооны мэдлийн боловсон хүчин гэж авчихаад ийм үзэл суртлын үүднээс ингэж заа гэдэг байсан. Дараа нь би Намын дээд сургууль, Монгол Улсын их сургуульд багшлахад ч ялгаагүй марксизмын онолын үүднээс үзэл суртлыг эрхэмлэдэг байсан.

-Түүхчид дүгнэлт хийх хэрэгтэй юу?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ тухайн үйл явдлыг болсон цаг хугацаа, нөхцөл байдалд нь тайлбарла гэсэн зарчим бий. Ер нь миний дүгнэлтээр Монголын төрийн зүтгэлтнүүд улс орныхоо эсрэг хийсэн нэг ч алхам түүхэнд байхгүй. Тайлбарлахдаа л түүхийг харлуулчихаад байна.

-Тэгэхээр түүхийг ямраар ч эргүүлэх бололцоо түүхчдэд байна гэж харахаар болж байх шиг?

-Бидний баримталдаг нэг зүйл бий. Түүхийг судалж болно, өөрчилж болохгүй. Түүх түүхээрээ л байх ёстой.

-Түүхийг гуйвуулдаг хүмүүс байна уу?

Түүхийн үнэн, баримтандаа байдаг. Түүхийн баримт бол хөдөлшгүй. Харамсалтай нь дүгнэлт хийхдээ л гуйвуулчихаад байх болсон. Ялангуяа социализмын үеийн нэг хэсэг. Бүх зүйлийг нь харлуулаад л байдаг. Тэгтэл тэндээс авах юм маш их байсан. Тэр үед байгуулагдсан олон үйлдвэрүүд Монголыг тэжээж байсан юм шүү дээ. Савхи, хүнс, сүү, гурил, мах зэрэг үйлдвэрүүд бүгд тухайн үед байгуулагдаж байсан. Ерөөсөө юм хийгээгүй юм шиг үзээд байна. Өнгөрсөн түүхийг харлуулж, гуйвуулж болохгүй л дээ. Өмнөх үеэ тойлсон хүний хойч үеийнхэнд юм үлддэг гэсэн сургаал байдаг. Социализмыг харааж зүхэхээр сэтгэл гонсойж эмзэглэж явдаг. Тухайн үеийн нэгдсэн төлөвлөгөө жоохон алдаатай байсан л даа.

-Түүхийн талаар олон ном зохиол гарч байна. Хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлах ч зүйл анзаарагдах юм.

-Эрдэмтэд түүх бол хувцас өлгөхийн тулд хананд хадсан хадаас гэж хэлсэн байдаг. Хэн дуртай нь тэнд хувцасаа өлгөж байдаг. Тэр хадаас шиг хэн дуртай хүн нь түүхийг дураар ярьж байна гэж байгаа юм. Одоо үед бараг хүн бүр л түүхийн ном бичиж байна. Түүх гэдэг тэгж байх ёсгүй эд л дээ. Тэр баримттай зүйл шүү дээ. Монголын түүхээ хүн бүр мэдэж байх ёстой. Оюутан байхдаа л би “Монголын нууц товчоо”-той танилцсан. “Нууц товчоо”-гоо уншаад Чингисийг өмөөрөх сэтгэл төрж байсан. Чингис бол дэлхийн хүн. Багшлахдаа би өмөөрч өмгөөлж байсан минь ил байгаагүй л дээ. Чингис хааны тухай эерэг, сөрөг талыг хоёуланг нь эрхбиш гадарладаг байх хэрэгтэй шүү гэдэг. Түүхийг аль болохоор энэнээс юу сурмаар байна, ямар сургаал авмаар байна, ямар сургамж авмаар байна гэдгээ бодох хэрэгтэй. Нэгдсэн үндэсний байгууллага шийдвэр гаргаад Евроазийн 40 гаруй улсад Чингис хааны 800 жилийг тэмдэглэж байсан юм. Ингээд бодоод үз л дээ. Чингис хаанаас танай нутаг хаанаас хаа хүртэл вэ гэж асууж. Тэгэхэд манай нутаг нар мандахаас, шингэх хүртэл гэж хэлсэн байгаа юм. Монголоос Самаркан хотод хүрэхийг л жирэмсэн эмийн шээсний газар гэж хэлж байсан шүү дээ. Тэр үеийн монгол морины хөл гэдэг айхтар. Дайн байлдаанд танк л гэсэн үг.

-Монголчуудын түүхийн дархлаа сул байна уу?

-Түүхийн дархлаа гэдгийг Гегель бий болгосон. Үнэн бол тухайн орны түүхэнд л байдаг гэж хэлсэн. Бид түүхээ үнэнд ойртуулж чадах юм бол дархлаа бий болно. 1990-ээд оноос хойш Монголд энэ дархлаа бий болж байгаа гэж бодож байгаа. Өмнө их ч гуйвуулсан. Тэр хэрээрээ дархлаагүй шахуу байлаа. Ялангуяа түүхэн хүнээс ч их цэрвэдэг байлаа.

-Багш хүн ямар байх ёстой вэ?

– Хүн төрөлхтөнд бүхнээс илүү хөдөлмөрлөх ёстой хүн бол багшийн мэргэжил байдаг гэж Маркс хэлсэн байдаг. Багш хүн ямар ч нөхцөлд шантаршгүй, цуцашгүй хөдөлмөрлөж байх хэрэгтэй. Д.Пүрэвдоржийн хэлсэн дөрвөн мөрт бий.

Хүүхдээс сүү үнэртэнэ

Хүүхнээс сүрчиг үнэртэнэ

Хүнээс хүн үнэртэнэ

Хүнээс чоно үнэртэнэ.

Чоно үнэртдэг хүн хүртэл байна шүү дээ. Санаа бодол нь чоноос дутахгүй муу хүн байна. Багш хүн бол “хүн” байх хэрэгтэй. Хүний үрийг гомдоох, доромжлох ёс байхгүй. 2006 онд нэг өдөр намайг тэнхимдээ орж ирэхэд миний ширээн дээр ахимаг насны хүн суугаад нот хуулан бичиж дуусгаад Н.Галиймаад хандан үүнийг Лувсандорж багшдаа өгөөрэй гэдэг юм байна. Тэгтэл өнөөх маань Лувсандорж багш цаана чинь сууж байна шүү дээ гэсэн. Нөгөөх чинь миний сонинд өгсөн ярилцлагыг уншаад сэтгэл нь хөдлөн надад зориулж “Багшдаа өргөх дуу” гэдэг шүлэг бичээд өөрөө ая оруулснаа авчирч сийрүүлэн “Танд өргөж байна” гэсэн юм. Энэ ердөө мартагддаггүй юм даа.

-Таны шавь нар ч тоогоо алдсан байх даа?

– Тоолж үзээгүй, олон шавь бий. Миний шавь нараас олон эрдэмтэн төрсөн дөө. Доктор профессор Мягмаржав, Д.Өлзийдолгор нар байна. Тэр дотроос ардын уран зохиолч, төрийн шагналт, СГЗ Дөнгөтийн Цоодол байна. Хөдөлмөрийн баатар гурав төрсөн. Үүнээс Г.Занданшатарын аав хөдөлмөрийн баатар Гомбожав байна.

-Таныг Лу багш гэж цоллодог. Багшийн хөдөлмөрт зориулсан он жилүүддээ сэтгэл хангалуун байдаг уу?

-Арван жилийн дунд сургуульд байхдаа бас хөөрхөн атаманы нэгээр тооцогдож байсан. Хэд хэдэн хоч аваад амжчихсан шүү. Түүх заадаг байсан болохоор Чингисийн бор хүү гэж ч нэрлэдэг байсан. Сүүлд нас яваад ирэхээр Лу багш гэж дууддаг болсон доо. Сургуулийн хаалгаар ороход л “Лу багшаа сайн байна уу” гэх бүрийд л сайхан сэтгэгдэл төрдөг. Энэ зэрэгтэй яваа маань олон шавь нарын хүндлэл, багш болсны минь хүч гэж боддог.

-Та ямар ном бүтээл гаргаж байв?

-Би анх МАХН-ын түүхийн гурван дэвтэр номонд оролцож байлаа. Монголын түүх 1,2 дугаар дэвтэр сурах бичиг, ШУТИС-д хүрсэн 40 жил, ШУТИС-ийн түүхэн замналын 50 жил номууд гаргасан. Монголын нэгдсэн улс байгуулагдаж төр ёс төлөвшсөн, Чингис хааны өрлөг түшмэлүүд, фашизм-милитаризмийн эсрэг тэмцлийн жилүүд дэх нам төрийн бодлого, түүний хэрэгжилт зэрэг нэгэн сэдэвт бүтээлүүд, эрдэм шинжилгээний олон арван илтгэл өгүүллэгүүд туурвисан даа.

-Та аль нутгийн хүн бэ?

-Дорноговийн Мандах сумын хүн. Би сумынхаа түүхийг бичиж, 2017 онд сумынхандаа дурсгасан.

-Та одоо хэд хүрч байна вэ?

-Би одоо 89 настай. Монголчуудын ерөөлийн насанд дөхөж л явна даа. Гэхдээ хол байна аа. Одоо ханьтайгаа, ач хүүтэйгээ амьдарч байна. Бид хоёр 67 жил ханилж байна даа.

-Та өдий насандаа хичээл заагаад явж байна. Бэрхшээл байх юм уу?

-Би улсад 63 жил багшилсан. Одоо ШУТИС-ийн харьяа Бизнесийн ухааны хүмүүнлэгийн сургуульд хүмүүнлэгийн зөвлөхөөр ажиллаж байна. Хажуугаар нь хоёр цагийн хичээл зааж байна. Ер нь нас дагадаг юм байна аа. Хэдэн цагаар хичээл заах хүндхэн болж байх шиг байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Энхбат: Эд хөрөнгийг алдсан, алдаагүй хамаагүй орон байранд хууль бусаар нэвтэрсэн бол гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Б.Энхбаттай ярилцлаа.


-Хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн оны байдлаар 36 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 12300 нь хулгайн гэмт хэрэг юм. Энэ нь нийт гэмт хэргийн 34 хувийг эзэлж байна гэсэн үг. Өмнөх жилүүдтэй харьцуулахад жил ирэх тусам хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байгаа. Гэмт хэргийн гаралтад эдийн засаг, хүн амын суурьшил, ядуурал, хуулийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Хохирогчийн буруутай үйлдлээс ч болдог. Иргэдийн өмчийн, халаасны хулгай ихэссэн байна.

-Халаасны хулгайн гэмт хэрэг юунаас болж ихэсч байна. Цагдаагийн байгууллага хулгайчидтай хэрхэн тэмцэж байгаа юм бэ?

-Халаасны хулгайн гэмт хэргийн гаралт 2016 онд 500, 2017 онд 800, 2018 онд 1900 тус тус үйлдэгдсэн байна. Өнгөрсөн онд 55 хувиар огцом өссөн. Орон байрны хулгайн гэмт хэрэг өссөн. Хэн нэг этгээд орон байранд хууль бусаар нэвтрээгүй бол халааснаас орхигдсон, гээгдсэн зүйлийг авч явсан бол Зөрчлийн хуулийн дагуу шийтгэж байгаа. Гаргасан зөрчил нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй хохиролтой бол Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авдаг. Аливаа эд хөрөнгийг алдсан, алдаагүй хамаагүй орон байранд хууль бусаар нэвтэрсэн бол гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг.

-Хулгайн гэмт хэрэг үйлдсэн бол хуулиар хэрхэн зохицуулдаг вэ. Хулгайчдыг цагдаагийн байгууллага бүртгээд орхидог юм уу. Цагдаа нар хулгайчдаа таньж, энэ нөгөө хэн байна гэж ярилцдаг юм билээ?

-Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийг зүйлчилж өгсөн. Тус хуулийн тайлбарт “Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж оруулсан. Тус хуулийн 2, 3 дахь хэсэгт “Хүн байнга оршин суудаг орон байр, тусгайлан бэлтгэгдсэн байр, агуулах, түүх соёлын эд зүйлтэй холбоотой хохирол учирсан тохиолдолд хамаарахгүй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, хэн нэг этгээд хулгайн эд зүйлийг байнга амьдралын эх үүсвэрээ болгож байгаа нь тогтоогдвол хорих ялаар шийтгүүлнэ. Хамгийн дээд тал нь 12 жил хүртэлх хугацаагаар ял шийтгүүлэхээр заасан. Ингэж хулгайн гэмт хэргийн нөхцөл байдлыг зохицуулсан. Зөрчил гаргаж, хулгай хийгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй бол торгоод явуулаад байдаг гэсэн үг биш юм.

-Цагдаа нар өөрсдийн эд зүйлээ алдахаар маш хурдан илрүүлдэг. Харин иргэдийн хулгайд алдагдсан эд зүйлтэй холбоотой асуудлыг удаашруулж шийдвэрлэдэг гэдэг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хохирсон хүн мэдээж хэрэг гомдолтой байдаг. Гэхдээ хулгайн гэмт хэргийг бүртгээд орхичихдог үйлдэл огт байхгүй. Магадгүй тухайн гомдол гаргасан иргэнд “хэргийг орхичихлоо” гэсэн бодол төрж болзошгүй. Өнгөрсөн хугацаанд хэрэг нь илрээгүй байж болно. Цаана нь заавал ямар нэг учир шалтгаан бий гэж бодох хэрэгтэй. Бүх төрлийн хойшлуулшгүй ажиллагаа явагддаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд илрээгүй 21 мянган гэмт хэрэг бий. Үүний 9500 нь хулгайлах гэмт хэрэг юм. Нэг хэрэг дээр нэг мөрдөгч тогтмол ажиллах, олон хэрэг дээр нэг мөрдөгч зэрэг ажиллах нөхцөл байдал бий. Иргэнд хүрч үйлчлэх ажил удаашралтай болох тохиолдол байна. Иргэдэд хэргийнх нь талаар цагдаагийн байгууллагаас хариу ирүүлээд байвал шалгаж байна гэсэн үг. Илрээгүй, ямар нэг сэжүүр таамаг гараагүй тохиолдолд тэр болгон хүнтэй холбогдож амждаггүй юм. Иргэд зав чөлөөтэй цагтаа анхаарал хандуулж, ирж уулзсан ч нээлттэй байдаг. Шинэ хуулийн зохицуулалт болох Эрүүгийн хуулийн 17.1-т зааснаар таны орон байранд халдлага үйлдсэн л бол хохирол жижиг, том нь хамаагүй гэмт хэргийн бүртгэлд орно. Дуудлага мэдээлэл хүргэсэн л бол боломжийнхоо хэмжээнд ажиллаж байгаа гэсэн үг. Хэн нэг этгээдийн хэргийг орхидог үйлдэл байхгүй. Иргэд өөрсдөө үүргээ биелүүлэх ёстой. Хариуцлагатай, ухамсартай байх хэрэгтэй. Эд хөрөнгөө өөрсдөө сайтар хамгаалах нь хамгийн чухал.

-Хулгайн гэмт хэрэг яагаад ихсээд байгаа юм бол?

-Нэг талаараа хулгайн гэмт хэргийг өөгшүүлж буй асуудал ченж нар, ломбардтай холбоотой. Үүнийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна. Нийслэлийн цагдаагийн газраас стандартыг хэрэгжүүлж байна уу гэдгийг шалгаж байгаа. Эд хөрөнгө барьцаалан зээл авах дүрэм журмын дагуу ажиллах ёстой. Хулгайн эд зүйлийг мэдсээр байж, авч ашигласан, борлуулсан, хадгалсан тохиолдолд мөнгө угаах зүйл ангиар зүйлчлэхээр болсон. Эрүүгийн 18.6 дугаар зүйлд “Мөнгө угаах” гэж оруулсан. Уг хуульд “Гэмт хэргийн улмаас олсон, хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус үйлдлийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн бол найман жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ. Үүнийг зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг. Цагдаагийн байгууллагын илрүүлэлт сайн явагдаж байгаа. Гэхдээ учир дутагдалтай зүйл бий. Хулгайн гэмт хэргийн тоо нь өсөөд ирэхээр ажиллах хүчний хувьд хомс болсон. Цагдаагийн алба хаагчдын ачаалал нэмэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зарим зүйлийг гэмт хэрэгт тооцохгүйгээр заримыг нь дэлгэрэнгүй, нэг бүрчлэн авч үздэг. Хулгайн гэмт хэрэг дээр гэм буруутай этгээдүүдийг цагдан хорих асуудал учир дутагдалтай байсныг бид нэлээн бодлогын чанартай үйл ажиллагаа явуулсан байгаа. Иймээс одоо хоригдох асуудал чангарсан. Нэг талаараа хулгайн хэрэг багасах байдал ажиглагдсан.

-Хулгайн гэмт хэргийг бууруулахын тулд юу хийх хэрэгтэй байна?

-Хулгайн гэмт хэргийг бууруулахын тулд хуульд өөрчлөлт оруулах саналыг гаргаж явуулсан. Хулгай хийсэн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Тухайлбал, гадагшаа зорчих эрхийг хязгаарлаж байна. Эд хөрөнгө барьцаалдаг. Хувийн баталгааг авдаг. Тухайн этгээд “Би дуудсан цагт ирнэ. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн баталгаа бичдэг. Энэ нь хулгай хийсэн этгээдэд зохимжтой биш. Хулгай хийсэн хүн дахин хулгай хийх магадлал өндөр болчихдог. Судалгаагаар их өндөр хувьтай гарсан. Мөн цагдан хорих үндэслэлүүд хязгаарлагдмал болчихсон. Хулгайчид мөрдөн байцаалтаас оргон зайлсан тохиолдолд хорьдог, цагддаг, эрүү үүсгэдэг зүйл анги байхгүй больсон. Хорих ангиас зугтсан бол дахиад авчирна. 18 сар л хорино. Хугацаа дууссан бол дахин тэр хүн хэрэг хийвэл хорьж болохгүй. 200 гаруй үйлдэлтэй 30 орчим хүн холбогдсон дөрөв, таван жил үргэлжилсэн хэргийг шүүхийн байгууллага тасалсан. Давж заалдах шатны шүүх рүү шилжүүлсэн. Энэ хэрэг удааширч явсаар байгаад хорих хугацаа нь дуусаад гадуур шалгагдах болсон. Үүгээр сөрөг нөлөө үзүүлдэг. Тэд дахиад л гэмт хэрэгт холбогддог. Хулгайн хэргийг богино хугацаанд шийдвэрлэдэг. Хулгайчтай тэмцье гэвэл хулгайчдыг нийгмээс тусгаарлах ёстой. Тэднийг ял эдлээд гараад ирэхэд нь амьдралын боломжийг олгох хэрэгтэй. Тухайлбал, ажил байр бий болгож, зөв замаар мөнгө олох арга замыг нээж өгөх ёстой юм. Их болгоомжтой, бодлогоор хандах асуудал. Гадаадад манай улсын иргэд хулгайн гэмт хэрэг үйлддэг. Солонгост манай улсын нэр хүнд буурсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил хийсэн. Тодруулбал, “Иргэн та гадаад улсад зорчихдоо хулгайлах гэмт хэрэгт холбогдохоос сэргийлнэ үү” гэсэн сэрэмжлүүлэг хуудас тараасан. Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, мөрдөн байцаах албаны хулгайн хэлтсээс хуудас боловсруулж, тараасан. “Хулгайчаас сэрэмжилье” гэж иргэдэд ухуулга хийсэн. Иргэд өөрсдөө ухамсартай хандах ёстой. Ихэнхдээ 18-30 насныхан хулгайн гэмт хэрэгт холбогдож байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бүх нийтийн ухамсартай оролцоо, туслалцаа чухал юм.