Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Улсын хэмжээнд он гарсаар нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 402 удаагийн объектын гал түймэр гарч 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гал түймрийн улмаас 8 хүн нас барж, 3хүн түлэгдэж гэмтэн, 204 гэр орон сууц шатжээ. Гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 10.1 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 81.25 хувиар буурсан байна. Харин нийслэлийн хэмжээнд нийт 254 удаагийн гал түймрийн улмаас 0.46 тэрбум, орон нутагт 148 удаагийн гал түймрээс 0.78 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Иймд иргэн та сар шинийн баярын өдрүүдэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж:

-Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,

-Шашины байгууллага, сүм хийдүүд хурал ном айлтгах арц, хүж асаах, зул барихдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангах,

-Иргэд цахилгааны хэт ачаалал / халуун тогоо, плитка, ус буцалгагч гэх мэт / үүсгэх, шингэрүүлсэн шатдаг хий, пийшин зуухны аюулгүй байдлыг хангаж, ил задгай үнс нурам асгахгүй байх, тагтай төмөр зориулалтын саванд хийх, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй байх,

-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгах,

-Орон нутагт золголтоор явахдаа автомашин, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

Албаны түүхэн музейтэй боллоо

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын хамт олон албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах, ахмад, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор “Албаны түүхэн музей”-тэй боллоо. Албаны музейд Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, аймгийн хэмжээнд гарсан гамшиг ослыг харуулсан гэрэл зураг, аврах ажиллагаанд ашиглагдаж байсан багаж хэрэгсэл зэрэг 100 гаруй нэр төрлийн үзмэрийг дэлгээд байна

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн барилдааны бүртгэлийг “Бөхийн өргөө”-нд хийж байна

“Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн битүүний барилдаанд 256 бөх зодоглоно. Барилдааны бүртгэл өнөөдрөөс эхэллээ. “Буянт-Ухаа” спортын ордонд болох сар шинийн битүүний барилдаан улсын их баяр наадмын дараа орох бол хамгийн үзүүштэй, том барилдаан гэдгээрээ үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг. Бүртгэлийг Бөхийн өргөөнд хийх бөгөөд бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ, өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм байна. 1999 оноос эхлэн Монгол бөхийн өргөөнд болж байсан битүүний барилдаан энэ жил анх удаа “Буянт-Ухаа” ордонд болно. Энэ жил 56 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ барилдаанд анх Дархан аварга Ж.Мөнхбат, заан цолтойдоо түрүүлж байжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох мөн Засгийн газрын гишүүдийг томилох тухай хэлэлцэнэ. Чуулганы эхэнд Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна.

Categories
мэдээ спорт

Ахмадын футзалын улсын аваргууд тодорлоо

Монголын Хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ахмадын Футзалын УАШТ долоо хоногийн турш таван насны ангилалд 50 багийн хооронд явагдаж өчигдөр/02.01/ аваргуудаа тодрууллаа. Тэмцээний 37-42 насны аваргын алтан медалийг Улаанбаатар Сити баг хүртсэн бол тэдэнд 6:1-ийн харьцаатай финалд хожигдсон Замчин мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Тулга баг өрсөлдөгчөө 3:2-ын харьцаатай буулган авснаар тэдний хамт шагналын тавцанд гарсан байна. 43-48 насны ангилалд Оюутан баг хүрэл медалийг хүртсэн бол финалын тоглолт мөн л сонирхолтой өрнөж Сэлэнгэ-Замчин баг аваргын алтан медалийн эзэн болж, Улаанбаатар Сити мөнгөн медальтай үлдлээ. 49-54 насны ангилалд Алтан медалийн төлөөх тоглолт тун сонирхолтой өрнөж Эрчим – Оюутан багуудын тоглолт үндсэн цагт 3:3-ын харьцаатай тэнцэв. Ингээд торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болоход Эрчим 6:5-аар аваргын алтан медалийг зүүжээ. Харин тэдний хамт Хөдөлмөр хүрэл медалийн эзэн болсон байна. 55-59 насны ангилалдМонголын Өмгөөлөгчдийн Холбооны баг хүрэл медалийн эзэн болсон бол Шинэ Яармаг мөнгөн медалийг зүүж, Бага Тойрог аваргаллаа. Тэмцээний хамгийн ахмад насны ангилал буюу 60+ насанд Хөдөлмөр клуб аваргын алтан медалиар энгэрээ мялааж, Соёмбын Барсууд болон Эрдэнэт-Багануур багууд удаалжээ.

Categories
мэдээ нийгэм

Татварын тайланг хүлээн авах хугацааг сунгалаа

Татвар төлөгчдийн анхааралд-

Сар шинийн баяртай холбогдуулан 2018 оны жилийн эцсийн санхүүгийн болон татварын тайлан хүлээж авах эцсийн хугацааг ажлын 5 хоногоор сунгаж, 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авахаар шийдвэрлэснийг мэдэгдэж байна.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин С.Өлзийхүүд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ

“Шилдэг өнгө” продакшны жүжигчин Санжаахүүгийн Өлзийхүүг сар шинийн босгон дээр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнахаар болсонбаярт мэдээг дуулгалаа. Энэхүү баярт мэдээг түүний хань найруулагч Ц.Хүсэлбаатар фэйсбүүк хуудаснаа хуваалцжээ. 1992 онд СУИС-ийн кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн бүсгүй Үндэсний жүжгийн академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагийн алтан тайзнаа хөл тавьжээ. Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора түүний анхны “албан ёсны” дүр байсан бөгөөд түүнээс хойш В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн “Буудлын авхай” зэрэг 30-аад жүжиг, “Их хааны удам”, “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тогложээ. Тэрбээр “Азтай бадарчин” алтан цомын эзэн уран бүтээлч билээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намрын ээлжит чуулганыг өнөөдөр хаана

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар таван хууль, тогтоолын төсөл хэлэлцсэнээр 2018 оны намрын ээлжит чуулганыг хаана.

1. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4.“Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5.Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал;

6. Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хаалт.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас сар шинийн баярын өмнөх бямба, ням гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан. Тодруулбал, өнөөдөр тэгш, маргааш сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хориглосон авто замаар 08.00-20.00 цагт хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав. Харин ирэх цагаан сарын бүх нийтийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ирэх өнөөдөр, маргааш “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш, үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн танилцуулга

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.3.6 “Гэрч, хохирогчийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгож, гэрч, хохирогчийн хамгаалалтын цогц механизмыг бүрдүүлнэ” гэж заасны дагуу Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулагдаж байна.

Дээрх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар Хууль зүйн үндэсний хүрээлэн “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зардлын тооцоо”, “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх үнэлгээний тайлан” зэрэг судалгааний ажлын гүйцэтгэлийг цахим сүлжээгээр нийтэд танилцуулсныг та бүхэн хүлээн авч танилцана уу.

Доорх холбоосоор орж танилцана уу.
“Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн зардлын тооцоо nli.gov.mn/?p=4964/

“Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх үнэлгээний тайлан. nli.gov.mn/?p=4921/