Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийв

УИХ-ын намрын чуулган хаасныг мэдэгдлээ.

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган ажлын 88 өдөр чуулсан байна. Энэ хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган 31, Байнгын болон Дэд, Түр хороод 92 удаа хуралдаж, бие даасан 5, хуульд өөрчлөлт оруулах тухай 25, зээлийн болон гэрээ хэлэлцээр соёрхон батлах тухай 25, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3 буюу нийт 46 хуулийг баталжээ. Мөн УИХ-ын 41 тогтоол хэлэлцэн баталсан болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Тэрбээр, “Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан чуулганы 9 удаагийн хуралдаан хойшилсон ч Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай зэрэг хуулийн хугацаатай, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдол бүхий асуудлаа шийдэж чадсанв. УИХ-аас нийгэмд хүлээлт үүсгэсэн, зайлшгүй шийдвэл зохих хөрөнгө оруулалтын болон бусад зардлыг төсөв санхүүгийн боломжтой уялдуулан шийдвэрлэх чиглэлийг тууштай баримталж ажиллаа. УИХ хууль тогтоох бүрэн эрхээс гадна хянан шалгах бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд анхаарч хийж хэрэгжүүллээ. Нийгэм, эдийн засгийн амин чухал зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно” хэмээв. Мөн тэрбээр удахгүй болох монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын мэндчилгээг ард түмэндээ дэвшүүлж, төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан хотлоороо сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслөөр “Зорчих эрхийг хязгаарлах” гэсэн заалт амьдралд нийцэхгүй байгаагаас хэрэгжилтийг 2021 он хүртэл хойшлуулах саналыг оруулж ирсэн юм. Учир нь уг хуулийг хэрэгжүүлэхэд техникийн нөхцөл бүрдээгүй гэж үзсэн. Ийнхүү санал хураахад Зорчих эрхийг хязгаарлах хуулийн хэрэгжилтийг хойшлуулах төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Мөн УИХ-ын чуулганы үдээш хойших нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга, Зам тээврийн сайд, БСШУС яамны сайд нарын томилгоог хэлэлцэн баталж томиллоо. Түүнчлэн Хэнтий аймгийн 42-р тойрогт болох ээлжит сонгуулийн хугацаа болон зарцуулах төсөв санхүүг батлав.

Ийнхүү УИХ-ын намрын чуулган хаасныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун-Эрдэнэд ЗГХЭГ-ын даргын тамга гардуулав

УИХ-ын чуулганы 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томиллоо.

Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, шинэ даргад тамгыг нь гардуулан өглөө. Ерөнхий сайд шинээр томилогдсон сайд нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

Төгссөн сургууль, мэргэжил:

· 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч

· 2005 онд Австралийн Мельбурний их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн

· 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

· 2008 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр

· 2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач

· 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

Ажилласан байдал:

· 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

· 2002 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч

· 2006 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Улаанбаатарын бүсийн захирал

· 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

· 2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга

· 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилов

УИХ-ын чуулганы 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томиллоо.

Төгссөн сургууль, мэргэжил:

· 1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль

· 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль

· 2002 онд МУИС-ийн нийгмийн факультет, түүхч археологич-антропологич

· 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр

Ажилласан байдал:

· 2002-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах

· 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх

· 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга

· 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч

· 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

· 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилов

УИХ-ын чуулганы 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томиллоо.

Төгссөн сургууль, мэргэжил:

· 1989 онд Алтай хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

· 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи

· 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль

Ажилласан байдал:

· 1995-1999 онд Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар

· 1999-2003 онд “World Trans” ХХК

· 2003-2005 онд “Улаан бутан” ХХК

· 2005-2008 онд “Таван-Эрдэнэ” ХХК

· 2008-2016 онд “Мишээл групп” ХХК

· 2008-2016 онд НИТХ

· 2015-2016 онд “Мишээл экспо”

· 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүү

Categories
мэдээ улс-төр

Б.Энх-Амгалан Зам тээвэр, хөгжлийн сайдаар томилогдлоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зам тээвэр хөгжлийн сайдын томилгоог хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тодруулга авсан. Үүний дараа Б.Энх-Амгаланг Зам тээвэр, хөгжлийн сайдаар томилох эсэхээр санал хураалгаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 96.7 хувийн саналаар дэмжлээ.

Намтар:

Б.Энх-Амгалан 1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль, 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1996 онд Төрийн захиргаа, удирдлагын институтыг төгсчээ. Тэрээр 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, 1999-2006 онд “World Trans”, “Улаан бутан” ХХК, “Мишээл групп” ХХК-д ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ төлөөлөгч, тэргүүлэгч, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж буй юм.

Categories
мэдээ спорт

Таканоива А.Баасандорж зодог тайллаа

Японы мэргэжлийн сүмо бөхөд багагүй дуулианыг тарьсан Таканоива А.Баасандорж өнөөдөр/2019.02.02/ албан ёсоор зодог тайллаа. Токио хотын сүмогийн ордонд болсон энэхүү арга хэмжээнд аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарын сүмочид оролцжээ. Энэ жил 29 настай Таканоива А.Баасандорж 2009 онд мэргэжлийн сүмод хөл тавьж, 2014 оны нэгдүгээр сараас эхлэн дээд зиндаанд барилдаж эхэлсэн билээ. Мэргэжлийн сүмод амжилттай барилдаж байсан Таканоива А.Баасандорж 2017 оны аравдугаар сард аварга Харүмафүжи Д.Бямбадоржтой маргалдаж, улмаар томоохон дуулиан тарьж байсан юм. Мөн тэрбээр өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сард доод зиндааны залуу бөхийг юмаа мартсан гэж цохисон хэргээр дахин олны анхааралд өртсөн. Сүмогийн ертөнцөд багагүй дуулианыг удаа дараа гаргасан Таканоива А.Баасандорж албан ёсоор зодог тайллаа.


Categories
мэдээ улс-төр

Сайжруулсан түлшний агуулах хэмжээг нэмэгдүүлнэ

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж нар “Тавантолгой түлш” ХХК-ий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц байдалтай танилцлаа.

Өнгөрсөн оны 11 дүгээр нээлтээ хийсэн тус үйлдвэр нь өнөөдрийн байдлаар 20.000 орчим тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөхөөс гадна өдрийн 24 цагт дөрвөн ээлжээр тасралтгүй ажиллаж байна. Жилд 200.000 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Тавантолгой Түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаатай холбогдуулан гурван яамны хамтарсан хэсэг ажиллалаа. Ойрын хугацаанд үйлдвэрийг жилдээ 600.000 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр болгон өргөтгөснөөр нийслэлийн ахуйн түлшний хэрэгцээг бүрэн хангана. Ингэснээр нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулах боломжтой болох юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:Нийслэл хотын ахуйн түлшний хэрэгцээ жилдээ 600.000 тн байдаг. Өнөөдрийн гол шийдэх асуудал бол өргөтгөлийн шугамуудаа ямар хэлбэрээр байгуулах вэ гэдгийг судалж байна. Ойрын гурван сарын дотор жилдээ 600.000 тн-ыг үйлдвэрлэдэг болгон хүчин чадлыг нь өргөтгөнө. Ирэх зунаас түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байхтай зэрэгцээд ахуйн хэрэглээнд нийлүүлж эхэлнэ. Одоогоор эрэлт их, хэрэглэгчдийн үнэлэмж өндөр байгаа. Ирэх жилээс нийслэл хотыг сайжруулсан шахмал түлшээр хангах учраас нөөцлөх асуудал ч мөн яригдаж байна. Иймд бид өнөөдөр Батлан хамгаалахын яамтай хамтарч шийдэх чухал асуудал нь агуулах барих газрыг товлох юм” гэлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:“Утаа бол манай нийгмийн тулгамдсан асуудал. Тавантолгойн сайн чанарын нүүрсийг түшиглээд тодорхой технологи, горимд оруулаад үйлдвэрийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж байна. 600.000 тн сайжруулсан түлш үйлдвэрлэдэг болсон тохиолдолд Улаанбаатар хотын түлшний хэрэглээг хангана. Иймд үйлдвэрийн хүчин чадлыг нэмэхээр ажиллаж байгаагаас гадна агуулах барих зайлшгүй шаардлагатай байгаа. Сайн чанарын бүтээгдэхүүнийг стандарт горимын дагуу хадгалж байж хэрэглэгчдэд чанартай сайжруулсан түлш түгээх ёстой. Ингэснээр нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах ажилд ахиц, дэвшил гарах юм” гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Таван толгой түлш”ХХК-ийг үүсгэн байгуулсан.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Дараагийн 25 жилийг намчирхалгүйгээр харах нийгмийн хүлээлт байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн шатанд

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрч хүчтэй залуу хүн Засгийн газрын гал тогоог барих гэж байгааг дэмжиж байна. Тиймээс хариуцлагатай ажиллаж, Ерөнхий сайдынхаа итгэлийг дааж ажиллаарай гэж захъя. Хөгжлийн бодлого төлөвлөлтийг Засгийн газар яаж уялдуулж ажиллах вэ?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монгол төр 4 жилээр ажлаа төлөвлөж ирсэн. Дөрвөн жилд хоёр том сонгуультай дэлхийн цөөхөн улсын нэг. Үүнээс болоод Засгийн газар нь тогтворгүй байдаг. Дараагийн 25 жилийг намчирхалгүйгээр харах нийгмийн хүлээлт байна. Бид үүнийг олон талаас нь нягталж харж, дараагийн 25 жилийн төсөөллийг гаргах ёстой. Ингэхийн тулд өмнө нь ХЭГ-ын даргаар ажиллаж байсан бүх хүмүүсийг урьж уулзана. Төрийн ордонд ихэнх хурал дандаа сандал ширээний хойно өрнөдөг. Дундаа самбар тавиад хэлэлцүүлэг өрнүүлбэл байдал арай өөр болно. Мөн үнэт зүйл, дараагийн 25 жилийн төлөвлөгөө гарах ёстой. Хугацаа бага байгаа ч өөрчлөхийн төлөө хичээж ажиллана гэв.

Categories
мэдээ улс-төр

БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэгийг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БСШУС-ын сайдаар нэр дэвшсэн Ё.Баатарбилэг гишүүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Гишүүд асуулт тодруулга авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.5 хувь нь дэмжлээ.

Намтар:

1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль, 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр, 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр зэрэгтэй төгсчээ. Тэрээр 2002-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргад нэр
дэвшиж буй Л.Оюун-Эрдэнийг томилох эсэх асуудлын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ийнхүү Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхээр санал хураахад нийт гишүүдийн 88 хувийн саналаар дэмжигдлээ.

Л.Оюун-Эрдэний намтрыг хүргэе.

Л.Оюун-Эрдэнэ 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн. 2011 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургуульд суралцаж, боловсрол судлалын магистрын зэрэг, 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд суралцаж, төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. 2005 онд Австралийн Мельбурнийн их сургуульд Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч, эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй. Тэрээр 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, Бүсийн захирал, 2007-2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009-2010 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2014 онд Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байжээ. Улмаар 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

А.Ундраа: Л.Оюун-Эрдэнэ гишүүн ээ орос, англи хэлтэй гэдэг чинь үнэн үү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй Л.Оюун-Эрдэнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд асуулт тодруулга авч байна.

А.Ундраа “Танд би итгэхгүй байна. Яагаад итгэхгүй байна вэ гэвэл: Бид ард түмний тодорхой хэсэг дээр очиж нэр дэвшээд явж байгаа. Олон хүний өмнө очиж нэр дэвшиж байгаа учир олон хүний өмнө хариуцлага хүлээдэг. 2020 онд сонгууль болно. Телевизийн цэнхэр дэлгэц үзээд сууж байгаа залуучууд биднийг үзэн ядаж зэвүүцэж байна. Та бүхэн худлаа ярьдаг, шударга бус байдаг тул хүмүүс итгэхгүй байна. Би ч гэсэн итгэхгүй байна. Таны намтартаа бичсэн Орос хэлтэй, Англи хэлтэй гэсэн зүйл тань үнэн эсэхэд эргэлэж байна. Та бүхэн намтар түүхээ үнэнээр нь хэлдэг байгаасай гэж хүсч байна. Сургуульд сурч боловсрох цаг зав байгаагүй байж ч болно. Энэ бүхнээ ил тод хэлэх хэрэгтэй. Би өөрийн үзэл бодол, санал эргэлзээгээ хэлэх эрхтэй учраас хэлж байна”.

Л.Болд “Би итгэж байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг сайн танихгүй л дээ. Гэхдээ сүүлийн хэдэн сар шударга ёсны төлөө хамтарч ажиллахдаа үнэн сэтгэлээсээ, хийх ёстой ажлаа тууштай хийж, тэмцэж чадаж байгааг харсан. Өөрчлөлтийн эхлэл тавьж чадна гэж харж байна”.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдөр ажиллах эмнэлгийн хуваарь

Монголын уламжлалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа. Энэхүү тушаалд заасны дагуу баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь, утасны жагсаалтыг хүргэж байна.