Categories
мэдээ нийгэм

Өндөр Гэгээний их дүйчин өдөрт зориулж, үнэ төлбөргүй ном айлдана

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчин өдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар сүсэгтэн олонд зориулж ном айлдах гэж байна.

Тодруулбал, Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, СГЗ, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж , Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээн, /хэргийн тухайд алдрыг өгүүлье/ Хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” Бурханы НАСНЫ АВШИГ хайрлана.
Энэхүү дээдийн номын айлдвар нь хоёрдугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт үнэ төлбөргүй болно.
Categories
мэдээ нийгэм

Гишгэхэд хагарч харагддаг шилэн гүүртэй аялал жуучлалын цогцолбор барина

Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай Монгол Оросын хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайханы хөтөл хэмээх сайхан газар бий. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэх. Сайханы хөтлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй ч бий. Тэгвэл энэхүү байгалийн үзэсгэлэн цогцолсон газрыг аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэх саналыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга гаргажээ. “Сайханы хөтөл” аялал жуулчлалын цогцолборыг 2019-2020 онуудыг дамнан гүйцэтгэгдэх бөгөөд шилэн гүүр, морин аялал, явган аялал, жижиг автобусны аялал, брэнд бүтээгдэхүүний худалдаа, бичил банкны үйлчилгээ, бэлэг дурсгалын үзэсгэлэн, кофе шоп, авто зогсоол гэсэн хэсгүүдтэй байх гэнэ. Тус цогцолборыг байгуулах ажлын хүрээнд эхний ээлжинд Сүхбаатар сумаас “Сайханы хөтөл” хүртэл 10 км хатуу хучилттай зам тавигдах юм байна. Мөн хил хамгаалах зориулалттай нэг км зам, хил хамгаалах постын байрууд хийгдэх аж. Өнгөрсөн 2017 оны байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Олон улсын боомтоор нийт 1.7 сая орчим тээврийн хэрэгсэл, 7.2 сая орчим зорчигч дамжин өнгөрсөн байна. Энэ тоо жил ирэх тутам өсөх хандлагатай байгаа учир “Сайханы хөтөл” аялал жуулчлалын цогцолбор тийш татах, аймагтаа аялал жуулчлалын бодит орлогыг төвлөрүүлэх боломжтойг тус аймгийн дарга олж харжээ. Тус цогцолборын аялагч татах хамгийн гол үзмэр нь Сайханы хөтөл дэх хадыг ашиглан барих 70 м-ийн урттай шилэн гүүр байх аж. Энэхүү гүүр нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын асар нарийн судалгаан дээр үндэслэгдэн хийгдэх бөгөөд гишгэхэд хагарч харагддаг байх гэнэ. Дашрамд дурьдахад, “Сайханы хөтөл” аялал жуулчлалын цогцолборын байгууламж нь дөрвөн тэрбум төгрөгийн өртгөөр босох тооцоо гарчээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Учиртай гурван толгой” дуурь тоглогдоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт өнөөдөр Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг тоглохоор болжээ. Үндэсний бахархалт түүхэн дуурийн нэг болох уг бүтээл гурван бүлэг, таван үзэгдэлтэй. Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон “Учиртай гурван толгой дуурь” театрын тайзнаа тоглогдоод 82 жилдээ золгож байна. Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичсэн ба ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ажиллажээ. Уг дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөдөг ба бүх үйл явдлыг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдэн тольдох болно.

“Учиртай гурван толгой” дуурийг өнөөдөр 17.00 цагаас Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ширэндэв: Бясалгалаар хичээллэдэггүй бол төрснөөсөө хойш сэтгэлд үүссэн хирээ арилгаагүй яваа гэсэн үг

Энэтхэгийн хамгийн эртний бясалгал бол випашяна. Энэ бясалгалыг өдгөөгөөс 25 зууны тэртээ Бурхан багш Гоутам нээж байж. Випашяна бясалгал Бурхан багшийг нирваан дүр үзүүлснээс хагас мянганы хойно Энэтхэгээс устан алга болсон түүхтэй. Бирм улсад л цэврээрээ хадгалан үлдэж дэлхийд түгсэн випашянагаар монголчууд олноороо хичээллэж байна. Монголын випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэвтэй энэ бясалгалын талаар ярилцлаа.


-Бясалгал гэж юу вэ, яагаад заавал випашяна бясалгалыг хийх ёстой вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлмээр байна?

-Бурхан Буддагийн өөрийнх нь хийж байсан бясалгал. Дэлхийн бясалгалууд дандаа Энэтхэгээс гаралтай. Энэтхэгийн бясалгалуудаас хамгийн эртнийх нь. Бясалгал бол сэтгэлийн муухай бүхнийг арилгадаг бодитой арга. Бидний амьдарч буй галвыг сайн хэмээн тодотгодог. Энэ галавт таван бурхан залрах ёстойгоос дөрөв нь заларчихсан. Дараагийн залрах бурхан нь Майдар. Дөрөв дэх бурхан нь випашяна бясалгалыг нээсэн Гуатом. 2600 жилийн өмнө амьдарч явсан бодит хүн. Бодит хүн байсныг нь нотлох хэд хэдэн баталгаа бий. Гэгээрсэн хүний бие лагшинд нь галд шатдаггүй зүйл байдаг. Чандарлахад нь үлддэг ийм зүйлийг лагшин шүтээн гэж ярьдаг л даа. Бурхан багшийн лагшин шүтээн байна. Бурхан багшийн заасан сургаалыг багтаасан Ганжуур, Данжуур судар хүн төрөлхтөнд үлдсэн. Гурав дахь нотолгоо нь та бид хоёрын ярьж суугаа випашяна бясалгал. Товчхондоо випашянаг хорвоо дээр заларсан бурхдын хүн төрөлхтөнд зааж үлдээдэг бясалгал гэж ойлгож болно.

-Бясалгаж байгаагүй хүн шууд випашяна бясалгал хийж чадах уу. Эсвэл эхлээд арай энгийн бясалгал хийсний дараа энэ бясалгалаар хичээллэх ёстой юу?

-Хүний ярьсныг ойлгодог л бол энэ бясалгалаар хичээллэх боломжтой. Маш энгийн. Хамраараа орж гарч байгаа амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл гэвэл хэн ч хийж чадна. Гэхдээ энэ бясалгал тун энгийн хэрнээ агуу зүйл рүү хөтөлдөг. Далайн эрэг дээр очихоор сэлчихмээр санагддаг даа. Урагш сэлэх хэрээр гүнзгийрдэг. Яг түүнтэй адил. Хичээгээд бясалгах тусам самадид шилжиж чадна. Сэтгэлийн гүндээ төвлөрөөд нэг хоёр цаг байх боломжтой. Итгэлт хамба гэхэд л самадид шилжсэн хүн. Сэтгэл нь тийм удаан хугацаанд төвлөрсөн гэсэн үг. Сэтгэл төвлөрөх хэрээрээ тайвширдаг. Энэ бол бурхан багшийн бясалгалын зөвхөн нэг хэсэг нь.

-Бясалгасан хүмүүс сэтгэлийн хувьд амар амгалан болж, стрессээ тайлж чадна гэдэг. Бясалгаснаар стрессгүй амьдрах боломжтой гэдгийг та энгийнээр тайлбарлаад өгөөч?

-Хүний сэтгэлийг компьютерээр зүйрлэе. Сэтгэлээ junk file-уудаар дүүргэчихээд яваад байна л даа. Сэтгэлийн гүнд байгаа тийм файлуудыг гаргах ганц арга бол бясалгал. Бясалгал хийвэл сэтгэлдээ үүсгэсэн junk file-аасаа салах боломжтой. Сэтгэлийн хоол бол бодол. Бясалгал хийж суугаа хүн шинэ бодол үүсгэхээ больдог. Яг ийм үед оюун ухаан хуучин бодлоо идэж эхэлдэг. Бясалгаж суугаа хүмүүс “Ямар сонин юм бэ, хар багын мартагдсан зүйл санаанд орлоо” гэж ярьдаг. Шалтгаан нь ерөөсөө л энэ. Бясалгах явцад хуучин бодлуудаас хэрэггүй нь устаад, хэрэгтэй нь үлдээд явдаг. Компьютерийн вирусийг форматлаж байгаа юм шиг процесс өрнөдөг. Төрснөөсөө хойш сэтгэлдээ үүсгэсэн бүх зүйлс хаашаа ч алга болдоггүй. Сэтгэлд чинь бүгдээрээ бий.

-Зарим хүн “Би зовлонтой дурсамжуудаа мартаж чадсан” гэж ярьдаг. Тэгэхээр таагүй дурсамж, мэдрэмжүүд хүссэн зоргоор алга болдоггүй гэсэн үг үү?

-Хэзээ ч алга болдоггүй. Хуримтлагдсаар байдаг.

-Танайд хандаж випашяна бясалгалд хамрагдъя гэвэл хаана хандах ёстой вэ?

-Манайд хандъя гэвэл www.byasalgal.mn гэсэн вэб сайт руу орж мэдээлэл авах хэрэгтэй. Үнэхээр бясалгая гэвэл энэ жилийн бясалгалын хуваарь гарчихсан. Өдрөө сонгоод бүртгүүлэх боломжтой.

-Арван хоногоор орчноосоо тусгаарлагдаж бясалгалд хамрагдана гэж байсан. Заавал ийм урт хугацаанд бясалгах ёстой юу?

-Арван хоног гэдэг нь цаанаа учиртай л даа. Бясалгал эхэллээ л бол бясалгагчид хоорондоо юм ярихгүй, гар утас, сонин, телевиз, компьютергүй гэхээр гайхдаг юм. Хүн гэдэг сэтгэл, бие гэсэн хоёр зүйлээс тогтдог. Биеэ хиртсэнийг бид мэддэг. Усанд ороод биеийн хирээ угаачихдаг. Бие хиртэж байгаа юм чинь сэтгэл ч бас хиртэх нь жам. Гэтэл бид сэтгэлийн хирээ угааж мэддэггүй. Випашяна бясалгалд суусан хэн ч сэтгэлийн хирээ угааж чадна. Өөрөөр хэлбэл бясалгал бол сэтгэлийн хирийг угаадаг ажил. Өнөөг хүртэл випашянад суугаагүй бол сэтгэлээ нэг ч удаа усанд оруулаагүй гэсэн үг. Тэр олон жилийн хирийг арван хоног тодорхой дэгтэйгээр, гаднах холбоонуудыг тасалж вакум орчинд аваачиж байж л арилгана. Жинхэнэ бясалгал ийм л байх ёстой. Ингэж байж л жинхэнэ утгаараа сэтгэл зүйн эмчилгээ болно. Өдөрт хоёр цагаар бясалгах төдийд арилгах боломжгүй л дээ.

-Огт ярихгүй гэхээр санаанд бууж өгөхгүй юм?

-Шаардлагатай тохиолдолд багштайгаа л ярих боломжтой. Бусдаар бол бие биетэйгээ харилцахгүй. Өмнө нь бясалгалд суусан хүмүүс бясалгагчдад хоол ундаар үйлчилдэг. Ариун цэврийн цаасаа мартсан гэх мэт материаллаг зүйлээ шийдэх хэрэгтэй бол тэр хүмүүстэй ярьж болно. Учир нь нэгэнт бясалгалд орсон бол гадагшаа гарах боломжгүй. Товчхондоо тэнд танд бясалгахаас өөр ажил байхгүй.

-Арван хоногийн турш өөр ямар дэг барих вэ?

-Ёс суртахууны таван зарчим гэж бий. Амьтан алахгүй, худал ярихгүй, хулгай хийхгүй, архи, тамхи хэрэглэхгүй, бэлгийн харилцаанд орохгүй гэсэн сахилыг мөрдөнө.

-Бясалгах хүмүүсийн нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сонирхуулаач?

-Өглөө дөрвөн цагт босч 04.30-06.30 цаг хүртэл бясалгана. 06.30 цагаас өглөөний цайгаа уучихаад 08.00 цаг хүртэл унтана. Арван хоногт бясалгал хийлгэж сэтгэлийг чинь амраана, байсхийгээд унтуулж биеийг чинь амраана. Арван хоногийн турш цагаан хоолоор үйлчилж ходоодыг чинь амраана. Жинхэнэ утгаараа амралт болдог гэсэн үг. Гэхдээ амаргүй амралт. Өчнөөн жил сэтгэлдээ хураасан хир буртгаа арилгах процесс яаж ч бодсон амар биш. Бие бодитой учраас барьж болно, сэтгэл бол барьж тэмтрэх боломжгүй эд гэж ярьдаг даа. Бясалгах арван хоногт бид сэтгэл барьдаг аргуудыг зааж өгдөг юм. Жишээ нь, сэтгэл барьж болдог зүйл гэдгийг шинжлэх ухаан нотлоогүй. Бясалгалын аргаар сэтгэлийг барьж болно. За тэгээд 08.00-11.00 цаг хүртэл бясалгана. Удаандаа нэг цаг л сууна. 11.00 цагаас өдрийн хоол идээд 13.00 цаг хүртэл ахиад унтаж амарна. Тэгээд 13.00-17.00 цаг хүртэл бясалгана. Мэдээж дунд нь амарч болно. 17.00 цагаас оройны хоолоо идээд 18.00 цаг хүртэл амарна. 18.00-19.00 цаг хүртэл ахиад бясалгадаг. Өглөөнөөс хойш бясалгаж практик хийж байгаа хүмүүст онолын маш олон асуулт гардаг. Тийм учраас орой 19.00-20.30 цаг хүртэл номын айлдвар хийдэг. Өдөржин хийсэн бясалгалынх нь онолыг тайлбарлаж өгнө. Тэгээд маргаашийнх нь бясалгалыг зааж өгдөг юм. Үдшийн 21.00 цагт унтаж амарна. Өдрийн дэглэм нь ийм зарчмаар явна.

-Арван хоногт яг яаж бясалгах вэ. Та түрүүн амьсгалаа ажиглахаас эхэлнэ гэж ярьсан. Өөр ямар аргууд зааж өгдөг бол?

-Эхний гурван хоногт сая таны ярьсан амьсгал орж гарч байгааг мэдрэх дасгал хийнэ. Хамартаа анхаарлаа төвлөрүүлээд амьсгалаа ажиглана. Сэтгэлийг хоёр хуваадаг. Сэтгэлийн өнгөн ба гүн хэсэг гэж. Дахиад компьютерээр зүйрлэе. Desk­top, C, D диск гээд төсөөлчих. Олон жил бясалгаагүй хүмүүс бол вирустсэн компьютер. Өөрөөр хэлбэл оюун ухааныг нь форматлах гэж байна гэсэн үг. Сэтгэлийн өнгөн хэсэг буюу desktop дээр цөөхөн файл байна л даа. Тэр файлууд нь хүнийг стресстүүлж, тайван бус болгодог. Сэтгэлийн өнгөн хэсгийн асуудлыг шийдэх гэж амьсгалыг нь ажиглуулдаг юм. Энгийн ч гэлээ энэ дасгалыг хийх явцад анхаарал сарниад байдаг. Тэр утгаар нь эхний гурав хоногт амьсгалыг нь ажиглуулдаг. Өөрөөр хэлбэл ингэсний үр дүнд анхаарал төвлөрдөг. Анхаарал төвлөрөх дасгалыг хэдхэн цаг хийгээд төгс болохгүй. Мэдээж энэ дасгалыг эхлэх үед сэтгэл тогтож өгөхгүй л дээ. Нэг бол өнгөрсөн бодогдоно, эсвэл ирээдүй төсөөлөгдөнө. Яг одоодоо байж чаддаггүй. Бид өнгөрсөн, ирээдүйд амьдрах аргагүй. Одоо цагтаа л амьдрах учиртай. Тэгэхээр одоо цагт анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй. Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна гэдэг чинь сэтгэлээ удирдаж чадахгүй, сэтгэлдээ удирдуулаад яваагийн илрэл. Өөрөөр хэлбэл бидний оюун ухаан огт амрахгүйгээр 24 цагийн турш ажиллаад байдаг. Уг нь шөнө унтахад бие, сэтгэл хоёулаа амрах ёстой. Гэтэл бид биеэ амраачихаад, сэтгэлээ амрааж чаддаггүй. Шөнө унтсан хэрнээ цаанаа л нэг ядруу, сульдсан яваад байдаг нь сэтгэл амраагүйтэй холбоотой. Гурван хоног төвлөрөх дасгал хийхээр яваандаа төвлөрөөд ирдэг. Өөрөөр хэлбэл хорь, гучин жил амраагүй сэтгэл сая нэг амарч эхэлдэг. Амраад ирэхээр сэтгэлийн өнгөн хэсгийн муу файлууд устаад эхэлдэг л дээ. Оройдоо онолын хичээр сонсчихоор утгыг нь ухаад явчихдаг юм. Товчхондоо сэтгэлийнхээ боол биш, эзэн нь байх ёстой гэдгийг бясалгалын эхний өдрүүдэд ухаарч, мэдэрдэг.

-Дөрөв дэх өдрийн бясалгалаас хойш сэтгэлийн гүн дэх хэрэггүй файлуудыг устгаж эхлэх нь ээ дээ?

-Тэгнэ. Та түрүүн надаас асуусан даа. Хүний зовлонтой дурсамж мэдрэмжүүд мартагддаг уу гэж. Би танд мартагддаггүй, байсаар байдаг гэж хариулсныхаа учрыг одоо тайлъя. Хэцүү дурсамж, мэдрэмжүүд хүний оюун ухаанаас арчигддаггүй. Яг компьютер шиг, C, D рүү нь орчихсон байдаг. Хүнийг төрсөнөөс хойш өнөөг хүртэлх бүх мэдээлэл сэтгэлийнх нь гүнд бий. Амралтанд явж, агаар салхинд гараад хэцүү бүхнээ мартлаа, стресс тайлагдлаа гэдэг хэт өнгөц ойлголт. Зүгээр л дарагдаад дотогшилчихсон хэрэг. Випашянагаас бусад бясалгал сэтгэлийн өнгөн хэсгийг шийдэж, тайвшрал өгдөг. Сэтгэлийн гүнээ цэвэрлээгүй тохиолдолд яваандаа гүнээс гарсан сөрөг дурсамж, мэдрэмжийнхээ давалгаанд цохигдоно. Тэгэхээр дөрөв дэх өдрөөс ес дэх өдөр хүртэл випашянагийн гол бясалгал өрнөдөг. Сэтгэлийн гүн хэсэгт үүссэн стрессийн давхаргууд биенд мэдрэмж болж илэрдэг. Заримдаа халуу дүүгнэ, эсвэл загатнана, нэг бол эвгүйрхэнэ. Илэрсэн бүх шинж шалтгаантай. Стрессийн давхарга гэдэг нь буддын ухаанаар бол үйлийн үр. Сэтгэлдээ үүсгэсэн үйлийн үрийг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл дөрөв дэх өдрөөс нь бүх биеэ дээрээс нь доош нь ажигладаг. Ажиглахдаа зүгээр л ажиглана. Бид аливааг ажиглахдаа хоёр үйлдэл хийх гээд байдаг. Сайхан зүйл мэдрэгдвэл гоё байна гээд, муухай мэдрэмж төрвөл тавгүйрхдэг. Бясалгах явцад сайхан, муухай гэж бүү бод, зүгээр л ажигла гэдэг. Учир нь биед үүсч байгаа мэдрэмж хэсэгхэн илрээд алга болдог. Биед үүсч буй мэдрэмж мөнхөд байдаггүй гэсэн ойлголтыг ашигладаг. Ихэнх хүн биеэ өвдөж эхэлснийг мэдрэнгүүтээ сэтгэлээрээ давхар өвдчихдөг. Амьсгал, сэтгэл хоёр холбоотой. Сэтгэл тавгүйрхэхээр амьсгал хурдсаад ирдэг. Тэгэхээр сэтгэлийн өнгөн хэсгийг амьсгалаар барьдаг, сэтгэлийн гүн хэсгийг биед үүсч буй мэдрэмжээр барьдаг. Шинжлэх ухаан ямар нэг арга хэрэглэж сэтгэлийг барья гэвэл энэ хоёр зүйлээр дамжуулж л барих боломжтой. Бүр энгийнээр хэлбэл арван хоногийн бясалгал товчхондоо сэтгэлд хийдэг мэс засал. Анагаах ухаан хүний биед мэс засал хийж байгаа шиг сэтгэлд ч мэс засал хийх боломжтой. Өөрөөр хэлбэл випашяна бясалгал хийснээр сэтгэлийн гүний амар амгаланг мэдэрч эхэлдэг.

-Сэтгэлийн гүн дэхээ цэвэрлэчихээр бясалгагчид ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?

-Эхлээд бөөн асуудал, стресстэй орж ирсэн хүмүүс тэс өөр болчихдог. Хүн болж төрсөндөө баярлаж эхэлдэг. Випашянаг сонгосон хүмүүс бясалгах тусам салахаа больдог нэг онцлог бий. Улам дурлана шүү дээ. Нүд нь гэрэлтээд, инээд алдаад, хоорондоо ярьчих гээд өрөө их сайхан энергиэр дүүрдэг.

-Бясалгалын арав дахь өдөр ямар бясалгал заах уу?

-Нинж бясалгал зааж өгдөг. Хүн стресстэй яваа бол бусдын төлөө бодохтой манатай байдаг. Стресс нь арилчихаар бусдыг бодож эхэлдэг юм байна л даа. Би ийм гоё болчихлоо, одоо гэр бүлийн хүнээ суулгах сан, аавыгаа, ээжийгээ бясалгуулъя гэдэг. Бусдыг хайрлах сэтгэл аяндаа үүсдэг. Нинж сэтгэлийг хөгжүүлдэг аргыг сүүлийн өдөр заадаг нь ийм учиртай.

-Жигтэйхан сайхан болоод тарцгаадаг байх нь…?

-Үгээр илэрхийлэх аргагүй.

-Дараагийн шат гэж байх уу?

-Байна. Гурван удаа арав хоногийн бясалгалд сууж байж дараагийн шат руу ордог. Бурхан багшийн өөрийнх нь айлдсан судрын курс гэж бий. Найм хоног үргэлжилдэг. Дараа нь хорь хоногийн бясалгалд суух зөвшөөрөлтэй болно. Гэх мэтээр шат ахидаг.

-Дэлхийн буддистуудын дунд өргөн тархсан бясалгал гэж ойлголоо?

-Зөвхөн бурханы шашинтан гэхгүй. Бүх шашинтны хувьд тархсан бясалгал. Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэр хүслийг нь өгдөг бясалгал. Бясалгалд суусан христ гэхэд л христ хэвээрээ гарна. Стрессгүй амьдардаг л христ болдог.

-Випашяна бясалгалын хэчнээн төв хэдэн улсад ажиллаж байна вэ?

-Дэлхийн 120 гаруй оронд 300 гаруй төв ажиллаж байна. Лалын орнуудад ч ажилладаг. Иран, Израилд байна.

-Випашяна бясалгалыг хорих ангиудад зохион байгуулдаг гэж сонссон. Үр дүнг нь сонирхуулаач?

-Одоогоор 1350 орчим хоригдол хамрагдсан. Нийтдээ 6000 гаруй хүн хоригдож байгаа гээд бодохоор бага биш тоо. Хоригдлууд хамгийн мундаг бясалгагчид. Зовж яваа хүмүүс илүү сайн хийдэг юм байна. Випашяна бясалгалд хамрагдсан хоригдлууд ахиж гэмт хэрэг хийхгүй байгаа гэсэн үр дүн бий. Хорих ангиуд манай бясалгалын хөтөлбөрийг авах гэж уралддаг болоод байгаа.

-Танай төв хүүхдийн бясалгалын хөтөлбөртэй. Хүүхдүүд бясалгана гэхээр зарим хүн гайхаж мэдэх юм. Зайлшгүй шалтгаан байна уу?

-Байлгүй яахав. Хүүхэд нас сайхан, инээгээд гүйж байгаа тэдэнд ямар асуудал байхав гэж хардаг хүмүүс олон. Тийм биш л дээ. Хүүхэд бүр өөрийн гэсэн ертөнцтэй. Бүгд асуудалтай. Сэтгэлийн хир, таагүй мэдрэмж бүр багаас хуримтлагдаж эхэлдэг. Цэцэрлэгт гүйж яваа нөхөр ангийнхаа охинд дурлалаа, гэтэл өнөөх нь тоодоггүй. Энэ асуудал шүү дээ, тэр жаахан хүүд. Багшдаа загнуулаад хямарна, ангийнхаа хөвгүүдэд зодуулаад уйлна. Ийм маягаар сэтгэлийн стресс эхэлдэг. Хүүхдээ ийм үг сонсоод тайвшруулж тайтгаруулдаг аав, ээж цөөн. Ажил ихтэй учраас сонсохоос төвөгшөөдөг. Ийм дэмий юм ярихаар хичээлээ хий гэж загнаад өнгөрдөг. Ингэж явсаар жаахан томроод ирэхээрээ хүүхэд чимээгүй болчихдог. “Манай хүү багадаа жигтэйхэн сэргэлэн байсан чинь одоо бүр таг дуугүй болчихсон” гэж ярьдаг даа. Энэ бол асуудал, аюул. Сэтгэлийн стресс нь хуримтлагдсаар яваад хэн ч тоохгүйг мэдрээд хувиа бодоод эхэлдэг. Эцэст нь өсвөр насандаа ч юм уу тэсэрдэг. Тэсрэхээрээ тамхи татна, архи ууна, бүр даамжирвал гэмт хэрэгт орооцолддог. Хүүхдээ ийм асуудалд оруулахгүйн тулд аврах арга бий. Хүүхдийн бясалгал хичээллүүлдэг нь ийм учиртай. Мэдээж арав хоногоор орохгүй. Тодорхой цагуудын бясалгал бий. Анхаарал төвлөрлийн бясалгал зааж өгдөг юм. Бид хүүхдэд ямар ч шашин гэхгүйгээр гуравхан зүйл зааж өгдөг. Ёс суртахууны таван зарчим хэлж өгнө. Хэлэхээр хүүхэд маш сайн ойлгож, их гоё хүлээж авдаг. Хэлэхээр болохгүй гэж ойлгоод буруу зам руу ордоггүй. Хоёр дахь нь анхаарал төвлөрүүлэх бясалгал, гурав дахь нь бусдыг хайрлах энэрэх сэтгэлийг хөгжүүлэх арга. Хүүхэд аливааг сэтгэлээсээ хийдэг учраас маш өндөр үр дүнтэй байдаг.

-Бясалгал хийхээр хүүхдийн сурлагад сайнаар нөлөөлдөг гэсэн мэдээлэл уншсан юм байна. Хэр бодитой мэдээлэл вэ?

-Бодитой мэдээлэл. Анхаарал төвлөрөл сайжрахаар хүүхдийн сурлага сайжирдаг.

-Хүүхдээ бясалгалд хамруулъя гэвэл хаана хандах вэ?

-Одоогоор тодорхой сургууль, цэцэрлэгүүдэд хязгаарлагдмал хүрээнд хийж байна. Бид хөтөлбөр боловсруулж, салбарын яамтай ярьж байгаад нийслэлийн бүх сургуулийн хэмжээнд явуулахаар төлөвлөж байгаа. Энэ ажил удахгүй эхлэх байх. Ийм хөтөлбөр хэрэгжүүлэх санаа шоронд бясалгал явуулах үед төрсөн л дөө. Тэнд дандаа залуус байна. 6000 хүний 90 орчим хувь нь залуус гээд бод доо. Хүүхэд насанд нь анзаараагүйгээс л үүдсэн хэрэг.

-Танай төвөөс зохион байгуулдаг бясалгал үнэ төлбөргүй. Хаанаас яаж санхүүждэг вэ?

-Бясалгалд хамрагдаж үр дүнг нь мэдэрсэн хүмүүсийн хандив тусламжаар явдаг. Өөрөө гоё болсон хүнд хүнийг сайхан болохыг харахаас илүү гайхамшиг байдаггүй л дээ. Випашяна бясалгал дэлхий дээр яг ийм зарчмаар дэлгэрч байгаа. Бурхан багшийн үед ч тийм байсан.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Бид 60 сая малтай, яагаад арьс шир, савхи, гутлын үйлдвэрлэлээ хөгжүүлж болохгүй гэж

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Сар шинийн баярын өмнөхөн тантай уулзаж байна. Урилга хүлээн авсанд баярлалаа. Манай улсын гадаад худалдаа 2018 онд 12.9 тэрбум америк долларт хүрсэн. Танай яам гадаад худалдааны асуудлыг хариуцан ажилладаг. Гадаад худалдааны энэ өсөлтийг та юутай холбон тайлбарлах вэ?

-“Өдрийн сонин”-ы уншигчид, нийт монголчууд, гадаад оронд Сар шинийн баяраа тэмдэглэхээр бэлтгэж байгаа монгол ахан дүүстээ ирж буй гахай жилийн баярын мэнд хүргэе.

Гадаад худалдаа өндөр түвшинд хүрсэнд манай яамны ажилтнууд болон монголчууд бүгдээрээ л баяртай байгаа. Энэ дээр эмч нарын хэллэгээр ёстой тулаа жижүүр хийж байгаа юм шиг л багаараа ажиллалаа. Гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох нөхцөлийг илүү сайн нээлттэй болгох, худалдаагаа хөнгөвчлөх тал дээр манай хамт олон онцгой анхаарч ажилласан. Энэ үр дүнг харж байхад, статистик мэдээ бүртгэгдэж ирсэн цагаас хойш түүхэндээ анх удаа Монгол Улсын нийт гадаад худалдааны эргэлт 13 тэрбум ам.долларт хүрлээ. Өмнө 2011 онд манай улсын эдийн засаг тэсрэлттэй өсч байхад 11.4 тэрбум хүрч байсан.

-Тэр үед манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 17 хувьтай байсан …

-Тийм ээ, одоо тэр өндөр өсөлттэй үеийнхийг ийнхүү даваад явчихлаа. Энэ нь манай эдийн засаг тэлж томорч, бизнесийнхэн маань гадаад худалдаа хийж сурсан, гадаад зах зээлд амжилттай ажилладаг болсны илрэл юм. Үүн дээр захиргааны шинжтэй хүндрэлүүдийг гаргахгүй байх, аль болох хөнгөвчлөх тал дээр гадаад яам нэлээн анхаарч ажилласаны үр дүн гэж болно. Ер нь манай гадаад худалдааны эргэлт 2017 онтой харьцуулбал 2018 онд 23 хувиар, харин экспорт 24 хувиар түүхэнд байгаагүй өндөр түвшинд өсч, 7 тэрбум долларын босго давлаа. Дээр нь нэмээд хэлэхэд манай улсын гадаад худалдаа ашигтай, гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбумын ашигтай байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 10 хувьтай тэнцэхүйц гадаад валютын ашигтай байна гэсэн үг. Энэ нь гадаад валютын нөөцөд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл юм. Энд гадаад бодлого яаж нөлөөлж байгааг энгийн жишээгээр ярья л даа. Намайг ажлаа авч байх үед нүүрсний экспорт эрс буугаад сүүлийн хэдэн жилийн байдлаар хамгийн доод цэгтээ хүрсэн байсан. 2017 оны арванхоёрдугаар сард Гадаад харилцааны сайдын хувиар БНХАУ-д айлчлал хийж, нүүрсний асуудлыг ярьсны дараа нүүрсний худалдаа буцаад өсөөд эхэлсэн. Мөн Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлал ч үүнд бас нөлөөлснийг хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн намар Хятадын тал хил дээрээ техникийн шинжтэй шинэчлэл хийсэнтэй холбогдоод нүүрсний экспорт буурсан ч одоо буцаад өсөх хандлагатай байна. Энэ асуудал дээр бид цаашдаа багаараа ажиллах ёстой болж байна. Зэсийн экспорт нэмэгдэхэд ч мөн адил айлчлал их нөлөөлсөн байдаг.

Гадаад яам зах зээлээ нээлтэй байлгах гээд ажиллаад байдаг, нөгөө талдаа хоёр хөрштэйгөө итгэлцэл алдруулах юмыг дотоод улс төрийн аливаа зүйлийг хийхгүй байх нь нэн чухал. Хөршүүдтэйгээ итгэлцлийг бэхжүүлсэн хамтын ажиллагааг өрнүүлж байх хэрэгтэй. Тус болж чаддаггүй юм бол ядаж саад болохгүй байх ёстой гэдэг үгийг би байнга хэлдэг шүү дээ, болж өгвөл зах зээлийг бүүр нээж өгөх хэрэгтэй.

-Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Уул уурхайн бус бусад төрлийн бараа бүтээгдэхүүний экспорт дээр яаж ажиллав?

-Бид нар одоо махны экспорт дээр анхаарч ажиллаж байна. 2017 оны арванхоёрдугаар сард Хятад улсад айлчлахдаа Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзсан. Тэгэхдээ голлон ярьсан зүйл бол танайх манай уул уурхайн бүтээгдэхүүн дээр ач холбогдол өгч ажиллаад байна. Манай улсын хувьд хэтэрхий уул уурхай дагнасан өрөөсгөл хөгжил нь ажлын байрыг хангалттай бий болгох нь бага шүү дээ. Үр шим нь ч хүн болгонд хүрэхгүй байна. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлмээр байна. Үүний дотроос махны экспорт нэмэгдүүлэх талаар Хятадад хийсэн айлчлалын үеэр гаргасан хамтарсан мэдээндээ бичгээр хоёр талаасаа тохирч оруулсан. Дараа БНХАУ-ын Гадаад хэргийн сайдыг Монголд айлчлахад баруун аймгууд руу өөрөө хамт нисэж энд хэзээ ч шүлхий гардаггүй газар, эндээс мах экспортломоор байна гэсэн асуудлыг тавьсан. Үүний үр дүнд махны экспорт хуучин социализмын үед арай хүрээгүй байгаа ч өнгөрсөн хэдэн жилтэй харьцуулахад хамаагүй өссөн. 2014 онтой харьцуулахад махны экспорт өнгөрсөн онд 30 дахин буюу 300 хувиар өслөө. Аливаа нэг зүйл 100 хувь өсөхөд бид их баярладаг шүү дээ, гэтэл 300 хувь гэдэг бидний хувьд амжилт. Үүн дээр нэмээд хэлэхэд махны экспорт манай гадаад худалдаанд бараг мэдэгдэхгүй шахуу байгаа нь гадаад худалдаа яаж өссөний илрэл гэж болхоор. Дараагийн алхам бол махаа экспортлохдоо дотоодын зах зээлээ бодолцож, үнэ ханшаа тооцох, зохицуулах шаардлага тулгарч байна. Одоо засгийн газар, манай яамны дараагийн алхам бол сүү, сүүн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх.

-Экспортын нэр төрлийг олшруулах талаар дахин асуумаар байна?

-Сая би мах, сүү сүүн бүтээг-дэхүүний талаар ярилаа шүү дээ. Энэ дээр бас нэг зүйл бол арьс ширний үйлдвэрлэлээ хөгжүүлж экспортлох том боломж байна. Сайдын ажлаа авсны дараа Италийн элчин сайдыг дагуулж үйлдвэрүүдээр орж ямар бо-ломж байгааг харуулсан. Одоо Италийн бизнесийнхэн манайхыг сонирхоод эхэллээ. Нэг сайн мэдээ нь манай гутлын үйлдвэрлэл нэлээн нэмэгдэж, экспорт хийгээд эхэллээ. Гэхдээ тооны хувьд бага л даа, аливаа зах зээлд нэг байна уу, хоёр байна уу гэдэгтээ биш, тухайн зах зээл рүү орж л байгаа бол экспорт хийх боломжтой гэсэн үг. Одоо энэ дээр ёстой бодлогын түвшинд дэмжих хэрэгтэй. Бид 60 сая малтай мөртлөө яагаад арьс шир, савхи, гутлын үйлдвэрлэлээ хөгжүүлж болохгүй гэж. Энэ нь ардаа хэдэн ажлын байр, хэдий хэмжээний орлого олох боломж байгаа дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна.

-Уул уурхайн экспорт дээр таны бодлыг сонирхмоор байна?

-Бид нэгдүгээрт дотоод бодлого, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлын талаар урьдчилан сайтар харж байх ёстой.

-Улс төрийн дотоод нөхцөл байдал тогтвортой байх ёстой…

-Тийм ээ, тогтвортой, ярьсан хэлсэндээ байх ёстой. Хуулийн дор, Монголын хуулийг сахихгүй уландаа гишгэж байгаа бол дотоод гадаад гэлтгүй хариуцлага тооцдог байх нь маш чухал. Хуулийн дагуу ажиллаж байгаа бол төр засгийн бодлогыг бизнесийнхэн шүүмжлэх эрх нь бий шүү дээ. Тэр шүүмж санаа нь зөв байх юм бол хүлээж авч, бодлого шийдвэртээ тусгаад явах хэрэгтэй.

-Манай улс Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Үүний үр дүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үр дүнгийн талаар та дүгнэж хэлэхгүй юу?

-Япон улс бол манай страте-гийн түнш. Япон улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд бараг 800-гаад сая долларын хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Мөн Японтой жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааны хүрээг өргөсгөн өрнүүлэх талаар ярьсан. Ер нь чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсны дараа худалдааны эргэлт 2018 онд 55 хувиар өссөн. Гэвч, худалдааны бүтцийг харвал манай экспорт давшингүй өссөн ч гэсэн худалдаа алдагдалтай байгаа, цаашдаа илүү ихийг гаргамаар байна. Худалдааны тэнцэл дээр бид анхаарч ажиллах шаардлагатай. Чөлөөт худалдааны хэлэлцээрийн үр шимийг манай бизнесийнхэн, үйлдвэрлэгчид мэдрэх ёстой.

Экспортын бараа бүтээг-дэхүүний гарал үүсэл зэрэг захиргааны шинжтэй хүндрэлүүд байсаар байгаа, энэ дээр Японы талд дэмжиж ажиллахыг хүссэн. Ерөнхий сайдын айлчлалын нэг сайхан мэдээ гэвэл, мал аж ахуйн салбарт хамтарч ажиллахаар боллоо. Яаж хамтарч ажиллах вэ гэвэл, мал эмнэлгийн 1700 мэргэжилтнүүдийг Японд сургахаар ярьж байгаа. Мал эмнэлгийн тогтолцоо доголдолтой байгаа өнөөгийн нөхцөлд шинэ дэвшил гаргаж, стандартыг жигдрүүлбэл мах, сүү, арьс шир, ноос ноолуурын чанар сайжраад ирнэ. Энийг малчид өөрсдөө хийж чадахгүй, төрийн бодлогоор хийгдэх ёстой. Зах зээлийг нь нэвтрэхэд амаргүй оронд мэргэжилтнүүдээ сургаад авна гэдэг нь эргээд экспортод эерэгээр нөлөөлнө.

-Манай улс маш том хоёр зах зээлийн дунд оршдог. “Бүс ба зам” санаачлагын хүрээнд танай яам ямар ажил хийсэн бэ?

-“Бүс ба зам” бол их том санаачилга, бодлого л доо. Манай улс далайд гарцгүй орон, гадаад худалдаа хийхэд өнөөдөр манай авто болон төмөр зам, ложистик дэд бүтцийн чадавх тааруухан байна. Агаарын тээвэр ч мөн адил. Жишээ нь, Сөүлээс Улаанбаатар ирээд буцах зардлаар Солонгосын дундаж орлоготой иргэн Тайландад дөрөв хоног, дөрвөн одтой буудалд амраад буцчих боломжтой байна шүү дээ, энэ нь манай аялал жуулчлалд яаж нөлөөлж байгааг бид бүгд сайн мэдэж байгаа. Харин нэг сайн мэдээ бол зам тээврийн яамныхан Солонгосын талтай агаарын тээврийг либералчлах гэрээ байгуулсан, нислэгийн тоо нэмэгдэж, үнэ буурах нөхцөл бүрдэж байна. Таны асуусан “Бүс ба зам” санаачилга торгоны зам дээр үндэслэсэн. Үүнд манай өвөг дээдсийн оролцоотой дэлхийн өв юм. Арван мянга гаруй километр зам туулж торго зөөнө гэдэг тэр үед зам харгуй, булаг шандаа сайн мэддэг хүмүүсийн ажил байлаа шүү дээ.

“Бүс ба зам”-ын албан ажилтнуудын зорчих дэглэмийг хөнгөлөх олон улсын санаачилга гарсан, бид үүнийг шууд хүлээн авч хэрэгжүүлээд явж байна. Эдийн засгийн коридорын судалгааны хүрээлэнг яамны дэргэд байгуулсан байгаа.

Энэ дээр нэг юм нэмээд хэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт огцом унасан бол сүүлийн хоёр жилд нэмэгдээд эхэлж байна. 2017 оны дүнгээр хоёр тэрбумын босго давсан байна. 2012 онд гадаадын хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум доллар орж ирдэг байсан. Нэгэнт алдарсан итгэлийг эргүүлээд олж авахад хэцүү байдаг юм байна. Энэ дээр үндэстнээрээ нэг баг болж ажиллаж байж сэргээх болно. Гадаад худалдаа өсөөд, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаагийн таатай үр дүн гэвэл манай гадаад валютын нөөц эрс нэмэгдэж гурван тэрбум долларын босго давчихлаа.


Categories
мэдээ нийгэм

Сүсэгтэн олонд үнэ төлбөргүй ном айлдана

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчин өдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар сүсэгтэн олонд зориулж ном айлдах гэж байна. Тодруулбал, Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, СГЗ, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж , Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээн, /хэргийн тухайд алдрыг өгүүлье/ Хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” Бурханы НАСНЫ АВШИГ хайрлана. Энэхүү дээдийн номын айлдвар нь хоёрдугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт үнэ төлбөргүй болно.

Categories
мэдээ цаг-үе

Хамарын хийдийн Ловон лам С.Борхүү: Лицензийг нь иргэд эсэргүүцэхээр цуцлуулж, оронд нь том орд авдаг заль энд явж байна

Хамарын хийдийн Ловон лам С.Борхүүтэй ярилцлаа.


-Сүүлийн үед Хамарын хийдийн орчимд лиценз олгосон, олборлолтоо эхлүүлж байгаа талаар хэл ам тасрахаа болилоо. Энэ ямар учиртай вэ. Тусгай хамгаалалтад байдаг газар биз дээ?

-Хамарын хийдийн бүс нутагт анх 2007 оны наймдугаар сард 12925, 12922, 12923 гэсэн ашигт малтмал ашиглалтын гурван лиценз “Оуяашиёоу” гэдэг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид олгогдсон байдаг. Уг нь Хамарын хийдийн газрыг 1998 онд, дараа нь 2010 онд, сүүлд нь 2014 онд тус тус орон нутгийнхаа тусгай хамгаалалтын газарт авч байсан л даа. Ингээд үзэхэд ямар учраас ямар ч хайгуул хийгээгүй байж “Оуяашиёоу” ХХК нь ашиглалтын лицензийг тусгай хамгаалалттай газарт авч чадсан юм. Ашигт малтмалын тухай хуулийг /АМТХ/ судлахад энэ бүхэн хориотой л юм билээ.

-Ямар шалтгаанаар цуцалсан бэ?

Эдгээрээс 12923 А ашиглалтын лицензийг АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны наймдугаар сарын 3-ны өдөр 516 дугаар шийдвэрээр, 2009 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 1055 шийдвэрийн дагуу 12925А, 12922А тоот лицензүүдийг цуцалсан байдаг.“Оуяашиёоу” компани 2012 онд 12922А,12925А лицензүүдийг цуцалсан шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. 2012 оны тавдугаар сарын 9-нд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд ялагдсан. Давж заалдах шатны шүүх хурал дараа нь долдугаар сарын 8-нд болоход мөн л ялагдсан. Сүүлд 2012 оны аравдугаар сарын 1-нд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатанд давж заалдаад ч амжилт олоогүй, гурван шатны шүүхээр яваад 12922А,12925 А лицензүүдийг цуцалсан шийдвэр хууль зүйн хувьд зөв үндэслэлтэй болохыг тогтоож өгсөн. Энэ зөвшөөрлүүд одоо ч цуцлагдсан хэвээр байгаа.

-“Оуяашиёоу” компани 12923А лицензийг цуцалсан талаар шүүхэд хандаагүй юм уу?

-Тухайн үедээ 12923А лицензийн талбай нь Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газарт байсан юм болохоор орхисон бололтой юм. Гэтэл энэ компанийн тэр үеийн үүсгэн байгуулагч өөрчлөгдөж, шинээр компанийн хувьцааг худалдан авсан тал 2017 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийг гаргахаас өмнө АМГТГ-ын даргад гомдол гаргасан юм билээ. Захиргааны хэрэг шийдвэрлэх ажиллагааны талаар хуульд тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш 1 сарын дотор гомдол гаргахаар хуульчилсан байдаг боловч Төрийн байгууллага болох агентлаг нь ч, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь харгалзалгүй шийдвэрлэж “Оуяашиёоу” компанийн нэхэмжлэлийг хангасан шийдвэрийг гаргажээ. Энэ анхан шатны шийдвэрийг ч давж заалдалгүй Кадастрын хэлтсээс 2017 оны есдүгээр сарын 18-нд хүчингүй болгосон лицензийг сэргээсэн шийдвэр гаргасан байна л даа. Энэ шүүхийн шийдвэр болон Кадастрын хэлтсийн шүүх хуралдаанд оролцсон байдлууд маргаантай, ойлгогдохгүй асуудал их олон байгаа. Энд юу нуугдаж байна гэдгийг шалгадаг тогтоодог газар шалгах л хэрэгтэй.

-Тухайлбал ямар асуудлууд байгаа вэ. Анх олгогдсон гурван лицензийг адилхан шалтгаанаар хүчингүй болгосон гэж та яриандаа дурдсан?

-Нэхэмжлэгч “Оуяашиёоу” компани бол Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийг шүүхэд өгөхдөө бичсэн нь “Бид нар хуульд заасны дагуу төлбөрөө бүрэн төлж байсан. 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газар очиж кадастрын хэлтсийг мэргэжилтнээс асууж лавлаад цуцлагдсаныг мэдсэн” гэж цуцалсан шийдвэрээ саяхан мэдсэн болгож маргаанаа эхэлсэн байна лээ л дээ. Өмнө нь цуцлагдсаныг мэдээгүй байгаад л гэнэт мэдсэн гэжээ. 12922А,12925А лицензүүдийг цуцлагдсаныг мэдээд гурван шатны шүүхээр ялагдаад, 2011 оны хувьцааг нь худалдаж авсан хөрөнгө оруулагч юу авч байгаагаа шалгаж үздэггүй гээд тэр компанийн зүгээс 12923А лицензийг 2009 онд цуцлагдсаныг мэдэхгүй байна гэдгийг үгүйсгэх олон баримтууд жирийн хүний ойлголтоор хүртэл их байна даа.

Бас энэ шүүх хуралдааны үеэр кадастрын албаны дарга н.Мөнхтамир болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 12923А дугаартай лиценз нь тусгай хэрэгцээний газарт давхцалтай, наад компани чинь яг ижилхэн үндэслэлээр цуцлагдсан 12922А, 12925А лицензүүдээ яг ингэж маргаад гурван шатны шүүхээр ялагдсан байгаа ш дээ гэдгийг ерөөсөө шүүхэд танилцуулаагүй байдаг нь их сонирхолтой. Хамарын хийдийн тусгай хэрэгцээний газрын бүртгэл Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн санд одоо хүртэл бүртгэлтэй байгаа. Мөн “Оуяашиёоу” компанийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрүүд www.shuukh.mn олон нийтэд нээлттэй сайтад тавиастай л байна.

-Хамарын хийдийн ойр орчмын газрыг хэзээ хамгаалалтад авсан юм бэ. 2009 онд лиценз олгоход тусгай хамгаалалттай байсан уу?

-1998 онд, дараа нь 2010 онд мөн 2012 онд гурван шатны шүүхийн шийдвэрээр энд яригдаж буй гурван лиценз бүрэн цуцлагдаж, чөлөөлөгдсөн үед нь 2014 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор тус газрыг тусгай хамгаалалтад авч кадастрын албанд илгээж бүртгүүлсэн. Кадастрын албанаас энэ тусгай хэрэгцээний газрыг бүргэлээ шүү гээд аймгийн ЗДТГ болон ИХ-д явуулсан бичигтэй бид танилцсан. Тийм атлаа 2017 оны есдүгээр сарын 18-нд “Оуяашиёоу” компани нэхэмжлэгч болж шүүхэд хандсан шүүх хурлын үеэр кадастрын газрын дарга итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тусгай хамгаалалтад авсныг мэдэгдээгүй байгаа юм даа. Тусгай хамгаалалттай газар лиценз авах гэж буйг шүүх хуралдааны үеэр огт дурдаагүй. Мөн Хамарын хийдийн тусгай хамгаалалтын газар гэж хууль тогтоомж заагаад байхад манай хийдээс гуравдагч этгээд болгон төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт ч гаргаагүй. Дээр дурдсан гурван лиценз яг адилхан үндэслэлээр цуцлагдсаныг дахиад хэлье. 12922,12925 А-ийн лиценз дээд шүүх хүртэл яваад ялагдсан шүү дээ. Гэтэл 12923А ижил шалтгаантай байж яагаад ийм шийдвэр гаргаад байдаг юм. Өмнөх дээд шүүх буруу ажилласан юм уу. 2017 оны шүүхэд асуудал байна уу. Энэ асуудал ээдрээтэй байна. Хуулийг нэг мөр хэрэглэдэг зарчим үйлчлэх ёстой.

-2017 онд явагдсан шүүх хурал ямар үндэслэлээр “Оуяашиёоу” компанийн эрхийг сэргээсэн юм бэ?

-Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд бас учир байна л даа. Одоогийн хуулиар нотлох баримтыг цуглуулах үүргийг Захиргааны хэргийн шүүх хариуцдаг юм билээ. Шүүхээс тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан заалтыг хэрэглэсэн байдаг. Захиргааны ерөнхий хууль гэдэг маань үндсэн дээ 2016 оноос мөрдөгдөж буй хууль. Үүнийг 2009 оны асуудал дээр ашиглаж болохгүй байх л даа. Буцаж үйлчилдэг хууль байх уу. Мөн АМТХууль нь төлбөр, мэдэгдлийн талаар өөртөө нарийвчилсан зохицуулалт байсаар байхад Захиргааны Ерөнхий хуулийн заалтыг баримтлахгүй гэдгийг шүүгч, шүүх маань мэдэхгүй байна гэж үгүй байх л даа. Олон хуульчдаас асуухад нарийвчлан зохицуулсан хууль байвал Захиргааны Ерөнхий хуулийг баримтлах ёсгүй гэж заасан юм билээ. Мөн тухайн лицензийн талаар нотлох баримт цуглуулахдаа Кадастрын хэлтсийн зурган болон мэдээллийн санг шалгалгүй, тусгай хэрэгцээний газар давхацсан эсэх, хэрэв тус тусгай зөвшөөрөл сэргээгдвэл өөр гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхол хөндөгдөх үү гэдгийг нарийн шалгах ёстой байсан гэж үзэж байна. Манай Хамарын хийдийг ч гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй.

-Тусгай хамгаалалттай газар лиценз авсан тохиолдолд олборлолт хийх боломжгүй. Үүнд ямар зохицуулалт хийдэг юм бол?

-Тухайн лиценз сэргээгдээд гарахад “Оуяашиёоу” өөрийнхөө бүрэн эрхийг бүхэлд нь Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” компанид шилжүүлж шинэ тусгай зөвшөөрөл авсан. Лицензийг хаяж үрэгдүүлсэн тул 20873 гэж шинэ дугаар авсан. Шинээр авсан 20873-ыгаа хэсэгчилж “Олон ихт баян” компанид өгсөн. 21248А дугаарыг дахиад өгсөн байна лээ. Маш олон дугаар өөрчилж анхны 12923А дугаарыг өөрчилж байгаа нь ч их сонин. Мөн энэ лиценз нөөц тогтоогдоогүй байхад ашилалтын лиценз болсон, тусгай хамгаалалттай газар давхацсан, нөөцгүй ашиглалтын лиценз хэзээ ч дараагийн компанийн эзэмшилд шилждэггүй гэсэн.Энэ компани нь 2018 оны зургадугаар сард бүхэлд нь шилжүүлэн аваад 6 сарын дотор буюу 2018 оны арванхоёрдугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулж амжсан гээд цаг хугацааны нөхцөл байдалд хардлага төрж байгаагийн адил хамгийн сүүлд 2018 оны 1 сард хэсэгчлэн шилжүүлэн авсан “Олон ихт баян” компанийн үүсгэн байгуулагч нь нэгэн УИХ-ын гишүүний дүү аваад байгаа юм. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлт гаргахтай холбоотой бүрдүүлдэг бичиг баримтуудад ч аймаг, орон нутгийн зүгээс татгалзаагүй дэмжсэн тохиолдолд л баталдаг болохыг мэдлээ. Бензиний сав байрлуулах, ажилчдын байр байгуулах, уурхай нээх асуудлууд нь орон нутгийн зүгээс зөвшөөрөлгүй явдаггүй юм байна.

Энэ лицензийг цуцалбал нөхөн олговор олгох тухай л дарга цэрэг, ажил хашсан хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яриад байгаа юм. Нөхөн олговрын тухай судлаад үзэхэд АМТХуульд 2014 онд орсон өөрчлөлтөөр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах улсын засаг, нийгэм хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцэж тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн ажлын судалгааны явцад тогтоогдсон. Эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9 зааснаар тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан байдаг. Үүн дээр л тоглолт гаргах алсын зорилготой энэ лицензийг сэргээж цуцалсан болоод баахан газруудыг авах сонирхол өвөртөлсөн байх магадлал өндөр болоод байна. Нөхөн олговроо өөр газраас улсын хөрөнгөөр гүйцэтгэсэн, геологийн судалгааны явцад тогтоогдсон, эрдсийн том том ордуудыг өгөх ажиллагаа байж магад. Улсын хамгаалалттай газар лиценз аваад иргэд тэмцэхэд нь цуцлуулж нөхөн олговорт нь томоохон орд газрыг авчихдаг тохиолдлууд урьд гарсан бөгөөд тэр аргаар дахин орд газруудыг авах нөхцөл рүү шилжүүлэх вий л гэж харж байна.

-Ашиглалтын талбайг хамгаалалтад авч хураахад нөхөн олговорт нь өөр газар авах сонирхол томоохон компаниудад байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Энэ асуудалтай холбоотой гол материал нь Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолын дагуу цуцлагдсан болон олгогдсон тусгай газрын зөвшөөрлийн зураг л даа. Энэ тогтоолыг www.legalinfo.mn сайтаас бэлхэнээ харж болно. Энд нөхөн олговрын замаар тусгай зөвшөөрөл шинээр олгох солбицол гэж компаниудын нэрийг тусгаад баахан лиценз өгсөн байна. Цуцлагдсан нөхөн олговрын оронд шинээр лиценз олгож буй газрууд байгаа. 2017 онд “Азаргын чоно гол” гэдэг компани 2 лицензээ цуцлуулаад 8 лиценз шууд нөхөн олговортоо авсан жишээтэй мөн “Билгүүн эрдэнэс”, “Safe mandal”, “Мөнхийн номхон далай” гэсэн компаниуд ч лицензээ цуцлуулж шинэ лиценз авсан байна. Гуравхан лицензийг цуцлаад нөхөн олговорт нь 10 лицензийг олгосон байгаа юм. Ингэхдээ талбайн хэмжээ нь дандаа томроод явчихсан. Эндээс харахад Хамарын хийдийн газарт олгосон лицензийг цуцалсан болж, өөр газар орныг ухах хэрэглүүр болгон ашиглах арга ажиллагаанд санаархаж байвал бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Юу гэж хэлэх гээд байна гэвэл иргэд олон нийтийн эсэргүүцлийг хүлээн авч лицензийг цуцлаад нөхөн олговорт нь өөр том орд газрыг арга зальтай хүмүүст лиценз болгон шинээр өгөх гээд байна уу гэж хардаж байгаа. Бид хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Үнэн зөв мэдээллийг өөрсдийн баримт дээр тулгуурлаж дэлгэж тавьж байна.


Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралт дуусч, даваа гаригт хичээл эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг дуустал амраах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэхүү амралт дуусч, ирэх даваа гарагт сурагчдын хичээл эхлэх юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд сурагчдыг урт хугацаагаар амруулахаар шийдвэрлэсэн бөгөөд Улаанбаатар хотын нэгээс тавдугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн долоон долоо хоног амарсан бол хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид таван долоо хоног амрах байсан юм. Харин найман аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг амралтыг сунгах шийдвэрийг БСШУС-ын сайд гаргасан билээ. Тодруулбал, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан ЕБС-ын сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирүүлснийг хүлээн авсан байна. Аймаг, сум, тосгон, багийн бүх сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлж нэгдүгээр сарын 21-нд хичээл нь орох хуваарьтай байсан юм. Уг тушаалд дурдсанаар аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЕБС-ийн хичээлийг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 4-н хүртэл сунгаад байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд данстай тамирчидтай ангийнхан

МУБИС-иас төрсөн алдартнууд олон. Урлаг спорт, хэл шинжлэлийн салбарт ч тэр. Ардын багш, гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт Данзандаржаагийн Сэрээтэр, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, гавьяат тамирчин Доржнямбуугийн Отгондалай нар энэ сургуульд боловсорч дэлхийн дэвжээнд гялалзсан түүхтэй. Энэ эрхмүүдийг залгамжилж өнөө цагт эх орны нэрийг олон улсын тавцанд сайнаар дуурсгаж буй хамт олныг “Нэг ангийнхан” булан онцолж байна.

2012 оны намар цаг. Монгол Улсын боловсролын их сургуулийн Биеийн тамир эрүүл мэндийн багшийн ангийг магистр багш Э.Баатарсүрэн дааж авчээ. Эх орны өнцөг булан бүрээс цугласан 35 хүүхэд МУБИС гэх их айлын хаалгаар алхаж эрдэмд сурах аян замдаа хамтдаа гарсан байна. Спорт хүнийг төлөвшүүлж өгдөг. Тэр жилийн биеийн тамир эрүүл мэндийн багшийн ангийн оюутнуудын олонх нь спортоор хичээллэдэг, сум орон нутаг дүүргийн хэмжээнд амжилт гаргаад тодорчихсон хүүхдүүд байжээ. Өөр өөр орчинд өсч торнисон ч зөв хүмүүжилтэй хүүхдүүд хамт олон болоход их хугацаа авсангүй. Сарын дараа л нэг гэр бүл шиг халуун дулаан уур амьсгалтай нийтэч болчихсон байжээ. Ийм нийтэч нэгнээ гэх уур амьсгалтай хамт олны дундаас олон одод гялалзаж сургуулийнхаа нэрийг улсдаа, улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулжээ.

Э.Баатарсүрэн багшийн анги эрийн гурван наадамд төлөөллөө илгээдэг. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Даш-Очирын Батболд, аймгийн арслан Энхбат нарын бага дүү Батсүмбэр энэ ангийнх. Тэрбээр өнгөрсөн жил төрөлх аймгийнхаа баяр наадамд зургаа давж аймгийн харцага цолны болзол хангасан юм. Мөн Завханы Отгон сумаас ирж суралцаж төгссөн М.Лувсандорж гэж залуу Сэлэнгийн наадамд тав даван аймгийн начин цол хүртэж их амжилтынхаа эхний шатаар амжилттай алхжээ. Н.Сүрэнжаргал гэж охин сурын харвааны тэмцээнд тогтмол оролцдог гэнэ. Зүгээр ч нэг тоо гүйцээж биш тодорхой хэмжээний амжилт үзүүлж, спортын дэд мастер цол хүртжээ. Хөдөө орон нутгийнхаа наадмуудад хурдан хүлэг сойж хаа нэг айраг амсчихдаг залуус ч хэд хэд байдаг аж.

Энэ ангид волейболын спортоор хичээллэдэг хүүхэд олон байдаг нь эвсэг нийтэч байхад нөлөөлсөн талаар ангийнхан ярилцаж байна лээ. Атгасан гар шиг нэгдмэл хамт олон сургуулийнхаа сагс, волейболын тэмцээнүүдэд тогтмол түрүүлдэг байсан гэнэ.

Ширээний теннис, бокс, сагсан бөмбөг гээд бүх төрлийн спортоор хичээллэдэг хүүхдүүд биеийн тамир, эрүүл мэндийн багшийн ангид бий. Зүгээр нэг байгууллагын тэмцээнд оролцдог биш. Улс аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцдог тамирчид шүү дээ.

Эрдэнэтээс төрсөн алдартай боксчдын нэг спортын дэд мастер Барихаан энэ ангид суралцаж төгссөн байна. Бокс тоглодог гээд ангийнхандаа аархаж байсан удаа Барихаанд үгүй. Харин ч хамгийн даруухан нь гэсэн.

Ирэх оны олимпийн хөтөлбөрт багтаад буй 3х3-ын спортоор амжилттай хичээллэж олон улсын тэмцээнүүдэд алгасалгүй амжилттай оролцож буй Ариунболдын Сүхбат гэж хүү Сүхбаатараас ирж суралцаж төгсчээ. Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МУБИС-иа дуурсгасан энэ залуу ирэх жил олимпийн наадамд эх орноо ч дуурсгаж мэдэх юм. Бэлтгэлдээ шамдахын хэрээр ур чадвар нь өдрөөс өдөрт ахиж байгаа юм билээ.

Сонирхогчдын шатрын дэлхийн аварга Э.Хулан

Сонирхогчдын шатрын дэлхийн хошой аварга, олон улсын шатрын холбооны мастер Энхсайханы Хулан энэ ангид суралцаж төгсчээ. Оюутан ахуйдаа л дэлхийд өөрийгөө таниулчихсан. 2015 онд сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түргэн тоглолтын төрөлд түрүүлж алтан соёмбот төрийн далбаагаа харийн тэнгэрт мандуулсан түүх бий. Дараа жил нь эрэгтэйчүүдийн төрөлд орж өрсөлдөөд мөн л түрүүлж монгол эмэгтэй хүний оюуны чадамжийг олон улсад гайхуулжээ. Сүүлд 2017 онд оролцоод мөнгөн медаль зүүсэн аж. Олимпийн наадмын хүрэл медальт Чимэдбазарын Дамдиншарав, ардын багш Насантогтох нарын ойрын хамаатан энэ охиныг бөх болсон бол юм дуулгах байсан гэж олон хүн хэлдэг юм билээ. Сонирхлоо дагаж оюуны спортыг сонгосон Э.Хулан дэлхийд данстай шатарчин болжээ. Ангиас төрсөн дэлхийн аваргаа ангийнхан нь “Аварга аа” гэж хүндэлдэг гэсэн.

ОУХМ Г.Алтанбагана

Биеийн тамир, эрүүл мэндийн багшийн ангийн жүдогийн бэлтгэлийг олон улсын хэмжээний мастер Одсүрэнгийн Болд-Эрдэнэ удирддаг байжээ. Ур чадвартай багшийн гараас ч дэлхийд данстай олон жүдочид төрсөн байна. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын шигшээ багийн тамирчин олон улсын хэмжээний мастер Гантулгын Алтанбагана энэ ангийн хамт олны дунд дөрвөн жил суралцаж төгссөн гэнэ. Гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарын ойрын хамаатан тэрбээр энэ ангиас дэлхийд гарч өрсөлдөж буй өөр нэг хүчтэн. 2017 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -90кг-ын жинд өрсөлдөж шилдэг наймд шалгарч шуугиулсан. Ганц ялахад медаль зүүх байсан ч дэлхийн чансааг тэргүүлж буй Сербийн Кукочид хожигдож шагналт байр эзэлсэн. Гантулгын Алтанбагана дэлхийн шилдэг жүдочид чуулдаг Парисын их дуулгад түрүүлж, олимп дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальд ойрхон ойрхон очсоноо батлаад харуулчихсан. Дэлхийн шилдгүүдийн зүрхэнд шар ус хуруулаад эхэлчихсэн энэ залууг Токиогийн олимпоос медаль зүүгээд ирнэ гэж итгэл хүлээлгэж цай сүүнийхээ дээжийг өргөж байгаа. Дан ганц жүдо бөхөөр ч биш монгол үндэсний бөхөөр ч шаггүй үзчихнэ. Өнгөрсөн жилийн наадмаар гарч улсын арслан Доржпаламын Ганхуягаар хоёр давж цэнгэлдэхэд шуугиулсан. Улсаар өөрийн багш улсын аварга О.Балжиннямаар гурав даваад дархан аварга Г.Өсөхбаярын аманд гарч өвдөг шороодсон.

Баянмөнхийн Гаажадамба гэж дэлхийн данстай тамирчин залуу мөн энэ ангид суралцаж төгссөн. Тэрбээр олимпийн хөтөлбөрт шинээр багтаад буй самбо барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан удаатай. Харин жүдо барилдааны 81кг-ын жингийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алгасалгүй медаль зүүж байгаа. Б.Гаажадамба Отгонбаатарын Ууганбаатар, Нямсүрэнгийн Дагвасүрэн нарын дэлхийд танигдсан жүдочдыг ялж байж олон улсын тэмцээнд өрсөлдөх учиртай. Ирэх онд самбо бөхийн төрлөөр эх орноо төлөөлж Токиогийн олимпийг зорьж мэдэх л юм. Мөн Гонгорын Пүрэвбаатар гэж энэ ангийн хамгийн шооч залуу бас л дэлхийн дэвжээнд нэрээ дуурсгачихсан эр. Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тэрбээр үндэсний бөхөөр муугүй үзчихнэ. Өнгөрсөн жил үндэсний их баяр наадмын нэгийн даваанд бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер аймгийн харцага Өлзийсайханы Батзултай оноолт таарч хөлд суугаад босоход тэр чигт нь түлхчихээд дэвж байсан бяртай залуу. Адилцэцэг гэж бүстэй барилдаанаар тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож мөнгө, хүрэл медаль зүүсэн мундаг охин энэ ангийнх.

Энэ мэтчилэн ангиас төрсөн алдартнуудыг дурдаад байвал дуусахгүй. Тэд өнөөдөр сургуулиа төгсөж тус тусын амьдралын мөрийг хөөн одсон ч спортын тэмцээн уралдаан дээр цугладаг гэнэ. Оюутан байхдаа л спорт хороодод харьяалагдаж цалин авдаг байсан тэд өлсөхийн зовлон мэдэлгүй сургуулиа төггсөн гэнэ лээ. Цалингаа авсан нөхөд нь ангийнхнаа дайлна. Харин бие биедээ зээлсэн цөөхөн хэдэн төгрөгөө буцааж өгдөггүй гэж өөр хоорондоо ярилцаж хөгжилдөж сууна лээ.

Categories
мэдээ цаг-үе

Чимээгүйхэн оргилох Дагшин булаг буюу аргалчин А.Моломжамц

Авьяаслаг шог зураач Должингийн Далайдээрх сэрүүн тунгалаг ахуйдаа нэгэн эрхэмтэй танилцуулсан нь зохиолч, сэтгүүлч Аргалчин овгийн Аюурзанын Моломжамц байлаа. Тэрбээр, надад “Сэрүүн дэнжийн намар” номоо оюуны мэлмийд өргөн барив. Бид хоёр ингэж номоор бие биенээ нээлцсэн билээ. Дөч орчим бэсрэг өгүүллэгээс бүрдсэн түүхий сүүний бяслаг шиг чамбай бүтээл нь яг л “Дэл цахирын тошлой” шиг амтлаг агаад шүүслэг, шимүүстэйг хэлээд яахав. Би ч бас хэр баргийн бүтээлд нүд, хөл алдаж, сэтгэлийн уургаа тавиад туучих насны эр биш сэн. Бид бараг ойролцоо оны төлүүд болохоор хорвоотой танилцсан он цаг, ертөнцөөс хутгасан аяга, шанаганы хэмжээ төсөөтэй байсанд хамаг нууц орших ажгуу. “Сэрүүн дэнжийн намар” номын хуудсуудыг гэтэлж суухуйд газрын аль гаваас ийм сүрхий бичдэг өгүүллэгийн мастер гараад ирэв ээ хэмээн сэтгэлдээ хашгирсан бөлгөө. Тэнгэр бууралтах намрын эхээр нүүгээд одсон айлуудын гэрийн буурин дээр үлдсэн уйтгар гуниг, энд тэнд харагдах ганц нэг өнчин товч, гадас сугалж нүхийг нь булсан ором, шаазангийн хагархайг эвлүүлэх гэж оролдсон бага насны минь бүдгэрсэн зам, тулгалж үлдээсэн тортогтой гурван чандмань, хойтон ирэх эзнээ хүлээх мэт чимээгүйхэн хэвтэх аарцны мөлгөр чулуу, өнчин шон дээр нэвсийн суугаад унгалдах хэсүүлч бор элээ, хэрэгт дурлан догонцон дэгдэх алаг шаазгай, эзгүй зэлний халцарсан газарт шаагилдах улаан хошуут турлиахны сүрэг, хоосорсон лонхноо исгэрэх намрын салхины анир энэхүү номын хуудас бүхнээс гэрэлтэн харагдаж, анирдан сонсогдохуй дор насны намар санчиганд буусныг сая л нэг ухаарах мэт ээ. Энэ бүхнийг урлан бүтээгч энэ Моломжамц бээр яагаад ийнхүү чимээ аниргүй өдий хүртэл туурвиж бичсэн атлаа Монголын утга зохиолд дөрөөн чимээ ханхийлгээгүй юм бол гэж нэлээд бодсоны эцэст нэгэн тааварт хүрлээ. Монголын тууж, өгүүллэгийн их дархан, Алтайн сүмбэр хөх оргилуудын нэг Санжийн Пүрэв энэ хоёр нэг голын үр сад болохоор нутгийн ахын нэр сүрийг болгоон, ичингүйрч явсан хэрэг болж таарлаа. Хоёр аймгийн нутгийг дамнаж хөндөлсөн, Хүйс, Шаргын говийг шахан цуварч, тэртээх Тост, Нэмэх, Гурвансайхан уулыг хараачлан бурантаглах Дарвийн цэнхэр нурууны Майханы голд манцуйндаа тарвалзаж өссөн зохиолчид юм билээ. Тиймийн учир Санжийн Пүрэв баавай алаглан харагдах Алтайгаа зорих болгондоо тоонот нэгтэй, торгон мэдрэмжтэй дүүгээ баруун сугандаа бат хавчуулж, байнга бараа болгон хиад өргөмжлөн дагуулдаг байжээ. Энэ хоёр алаглан харагдах Алтайдаа чухам хэдэн удаа ирж буцсаныг Хонгор толгой, Ямбатын тал, Дарвийн нуруу л мэдэх биз.

А.Моломжамц зохиолч нэгэнтээ: “Баавай бид хоёр нэг голын хүмүүс гэж би бардамнан ярих дуртай байлаа. Эрхэм ах маань Дарвийн цэнхэр нуруундаа дэндүү хайртай байсан юм. Тэрээр намайг “морь баригчаар” Алтайн замд олонтоо дуудаж, тэр бүхэнд хийморь заяатай, хоймор суудалтай явж байснаа дурсахад сэтгэлд өег байдаг юм” хэмээн дурссан байх юм билээ. Энэ бол сэтгэлийн өнчрөлийн нэгэн талст биз ээ.

А.Моломжамцын өгүүллэгүүд нь амьдралын гярхай философитой, хүн байгалийн шүтэлцээг хурууны хээ мэт ширхэглэн имэрч мэдэрсэн сэрэлтэй, тэр дундаа Алтайн зүлгэмэл хөх өвгөдийн духны үрчлээнд нуугдах цөлх ухаан, Нямаадаа нялхрах сэтгэлийн хайлан, Балзангаамаа, Юндэндэгд, Цэцэгсүрэнгээ зүрхэн тольтынхоо хаа нэгтээ нуусан болор санаашрал, үр садаа хайрласан эцэг хүний өег сэтгэлийн тайвшрал, хүн хүнээ хайрлах нинжин сэтгэлийн их симфони найрслын нүргээн цөм багтсан байх агаад базаад зангидвал бадамлан дүрэлзэх авьяасын галаар өрдсөн бүтэн сэтгэлийн дуулал ажээ. Тэрбээр, Алтайн хөх салхи, угалзан шуурга, мөндөр шамарга, ширүүн бороонд нүдүүлэн залуу халуун насны он жилүүдээ үдэхдээ олон бүтээлээ туурвиж, олон зохиолын санаагаа бодол сэтгэлдээ ургуулан буйлуулж явсан байж таарна.Эмчийн чагнуур өвөртлөн, эмийн манхаг ганзагалаад хүн ардынхаа эрүүл энхийн төлөө сар өдрүүдийг эвхэж явах ахуйдаа эмээлээ дэрлэн, тохмоо дэвсэн, дээлээ өрөөлдөж, Алтайн гүн хөх тэнгэрийн оддыг ажиж, сэтгэлийнхээ толионд гэрэлтэх алсын оддын тохиол, дохиог онгод авьяасаараа хүлээн авч, цаасан дээр цалгиулж асгалгүй буулгасан нь үнэн ажээ. Тэр саяхан “Дэл цахирын тошлой” хэмээх 108 эрхиний бөөртэй дөрвөн мөрт шүлгийн түүврээрээ намайг дайллаа. Би ямар яруу найраг мэдэх биш. Ажиглаад байхад Японы хайку шүлэг шувууны мөртэй төстэй гэдэг шиг Моломжамцын дөрвөн мөртүүд ухааруулж гэгээрүүлэх афоризмын шинжтэй, тошлой хэмээх ховор хөөрхөн жимс лугаа амтлаг агаад сонирхолтой ном болжээ. Энэ бичгийн хүмүүний ном зохиолын нэр нь хүртэл яруу найраг шиг сонсогдоно. Тэрбээр “Будрах цасны гэгээ”, “Тэнгэрийн агаар”, “Аглагт хамт одъё”, “Үзүүр хадны зэрэглээ”, “Сэрүүн дэнжийн намар”, “Миний эрх замбуулин” зэрэг өгүүллэгийн түүврүүд хэвлүүлжээ. “Тэнгэрийн агаар” гэдэг нь эртний гүн ухааны дууны нэр бөгөөд Хубилай хааны ордонд дуулагдаж байсан гэдэг.

Моломжамц мөн “Цэнхэр нутаг”1,2, “Дарвийн сургууль”, “Энэрэхүйн эгшиглэн”, “Зөөлөн эгшиглэн”, “Бадрангуй эгшиглэн”, “Бүүвэй эгшиглэн”, “Цэнхэр нутгийн эгшиглэн”, “Энхийн улаач”, “Сэтгэлийн огторгуй” зэрэг нийтлэлийн номууд бичиж хэвлүүлсний дээр Монголын сэтгүүлчдийн эвлэлийн 100 жилийн ойн хүрээнд гаргасан “Монголын шилдэг нийтлэл” цувралын Анагаах ухааны сэтгүүл зүйн 77 дахь ботийг бусдын хамт бичиж хэвлүүлсэн ажээ. Чимээгүйхэн туурвисаар суудаг их л даруухан бөгөөд хөдөлмөрч хүн юм. Монголын уран зохиолын бүтээл туурвилд чин сэтгэлээсээ ханддаг тэрбээр ГовьАлтайгаар овоглосон зохиолчдын намтар, шилмэл уран бүтээлийг эмхэтгэн цэгцэлж, “Тэнгэрийн мөнгөн Алтай” гэдэг зузаан ботийг өөрийн санаачилга сэдлээр бүтээн хэвлүүлсэн нь одоо эрэл суралтай ном болжээ. Төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн хуримын бүтээлийг цэгцлэн эмхэтгэж, “Сайхан хайр” нэртэйгээр хэвлүүлсэн нь бас л сонирхолтой ном болжээ. Өмнө нь нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндоржийн мэндэлсэний өндөр ойгоор “Алтайн хөх салхи” гэдэг ном бүтээсэн нь М.Цэдэндоржийг шинээр нээхэд тус болохуйц дорвилог бүтээл болсон туршлагатай юм билээ.

А.Моломжамц Монголын зохиолч, яруу найрагчдын ард түмний дунд хоногшсон шилдэг сайхан өгүүллэг, шүлэг яруу найргийг сонгон эмхэтгэж, “Гэрэлт шүлгүүд”, “Гэгээн өгүүллэгүүд” гэсэн хоёр боть бүтээл бэлэн болгосон ч сайн юманд садаа мундахгүй гэгчээр бусдын бүтээлээр ашиг хийх гэж байна гэсэн хардлага, сэрдлэгийн улмаас түр саатаад байгаа боловч удахгүй уншигч олныхоо гар дээр тавина гэдэгт итгэж байна. Зохиол бичээд амьдралаа дээшлүүлсэн нь Л.Түдэв, Ж.Пүрэв, Д.Мягмар гэсэн явган шог, хошин яриа байдаг юм. Энэ ч гэхдээ эргэлзээтэй зүйл.

А.Моломжамц номоо хэвлүүлэхдээ мань мэт шиг дэвтэрлэхгүй, хатуу хавтастай, хавчуургатай, ар, өвөрт нь тэмдэглээ санамж бичих хуудастай, цэг таслалын ч алдаа мадаггүй хэвлүүлдэг нь чухамхүү зохиол бүтээлдээ чин сэтгэл гаргаж, хариуцлагатай, нягт нямбай ханддаг нь мэдэгддэг юм.

Тэрбээр хөдөө хөхөрч, гадаа гандалгүй эрт хот хороо бараадаж, Зохиолчдын хороогоор холхиж, зохиолчидтой шадарлаж, шарыг нь тайлж, тэднийг хормойдож явсан бол эдүгээ цээжний морьдын тоосон дунд лавтайяа давхиж явах ажнай юм л даа. Гэвч тэр ийм зам сонгоогүй ажээ. Ингээд би номын садан, мэргэн анд эрхэм нөхрийнхөө тухай төгсгөсөн сургууль, хашиж явсан алба, зүүсэн одон медаль, бизнес амжилтыг нь үл тоон, Алтайн сүрлэг их уулсын суга жалганаас садран буух уулын үер, гол усны цовхчоотой зүйрлэхээс татгалзан, харин зүүн Монголын Ганга нуурын дэргэдэх байгаль эхийн дууч, мөнхөд бургилан, чимээгүйхэн оргилох Дагшин таван булагтай адилтган бичсэний утга учир минь энэ бөлгөө. Таалал хотлоор орших болтугай.

МЗЭ-ийн шагналт, шог зохиолч Шаарийбуугийн ГАЛСАНБААТАР