Categories
мэдээ нийгэм

Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор хүүхдэд үйлчлэх олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо

Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамж гарч, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор боллоо. Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон байна. Томуугийн вирусын халдварын тархалтаас сэргийлж бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулан, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг эхчүүдэд уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Япон менежментээр ажиллах эмнэлэг энэ сард ашиглалтанд орно

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан эмнэлгийн барилгыг энэ сард ашиглалтад оруулах тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ эмнэлэг Баянзүрх дүүргийн хүн амд үндсэн, улсын хэмжээнд зарим төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн АШУҮИС-ийн төгсөхийн өмнөх болон дараах сургалтад хамрагдаж байгаа 7000 гаруй оюутан, 1000 шахам эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах боломж бүрдэж байна. Эмнэлэг жилд дунджаар 11 мянга гаруй хүнд дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухаан, нүд, чих, хамар хоолой, хавдар, шүд, эрүү нүүрний мэс засал, гэмтэл, спортын гэмтэл, сэргээн засах, хөнгөвчлөх зэрэг төрөлжсөн мэргэжлээр хэвтүүлэн эмчилнэ. 4800-5200 хүнд мэс заслын тусламж үзүүлэх, амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 24 кабинет, оношлогооны найман кабинеттай. Нэгдсэн лаборатори нь хоногт дунджаар 600 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ сард 2,7 тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн жолооч нар татвараа төлнө

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил өнгөрсөн сараас эхэлсэн.

Автомашины дугаар 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр, 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар, 3,8 тоогоор төгссөн бол гуравдугаар, 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус албан татвараа төлөх юм.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас www.smartcar.mn сайтаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна.

Хэрэв тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудсаар дамжуулан онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Билгүүн: Цагаан сарын баярын өдрүүдээр халаасны хулгайн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй

Цагаан сарын өдрүүдийн гэмт хэргийн нөхцөл болон өнгөрсөн нэгдүгээр сард гэмт хэргийн нөхцөл байдал ямар байсан талаар Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Билгүүнээс тодрууллаа.


-Баярын өдрүүдээр гэмт хэрэг хэр бүртгэгдэв?

-Шинийн 1-3-ны өдөр цагдаагийн байгууллагад нийт 4166 дуудлага мэдээлэл ирсэн. Энэ нь өмнөх оны баярын гурван өдрийнхөөс 8.6 хувиар буурсан байна. Харин гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл шинийн 1-3-ны өдрүүдэд 218 бүртгэгдсэн нь өмнөх оны баярын өдрүүдийнхээс 20 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байлаа.

-Яг ямар төрлийн хэрэг дийлэнх хувийг эзэлж байна вэ?

-Мэдээж хулгайлах төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлдэг. Энэ жилийн хувьд баярын өдрүүдээр 48 удаагийн хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх жилийн баярын гурав хоногтой харьцуулахад 29.4 хувиар буурсан. Ер нь баярын өдрүүдээр гэмт хэрэг зөрчлийн тоо буурсан байгаа. Харин согтууруулах ундаа, архитай холбоотой дуудлага мэдээлэл гурав дахин ихэссэн. Өмнөх оны мөн үед согтуугийн дуудлага 438 байсан бол энэ оны шинийн 1-3-ны өдрүүдэд 1353 архи согтууруулах ундаатай холбоотой дуудлага бүртгэгдсэн.

-Тэгэхээр эрүүлжүүлэгдсэн хүний тоо мөн өссөн гэсэн үг үү?

-Битүүний өдрөөс шинийн гуравныг хүртэл 753 хүн эрүүлжүүлэгдсэн. Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр 134 хүн эрүүлжүүлэгдсэн бол шинийн нэгэнд 132 хүн эрүүлжүүлэгдсэн. Харин шинийн хоёронд буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр 236, 7-нд 251, 8-нд 259 хүн эрүүлжүүлэгдэв. Хамгийн их буюу нэг шөнийн дотор 324 хүн шинийн таванд эрүүлжүүлэгдсэн. Гэхдээ цагдаагийн байгууллагын зүгээс баярын өдрүүдээр архидан согтуурсан үедээ биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг эрүүлжүүлэн саатуулахаас илүү ар гэр, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгөх, зөрчил гаргасан иргэдийг торгохоос илүү сануулаад өнгөрөх ажлыг голчлон хэрэгжүүлсэн.

-Архитай холбоотой гэмт хэргийн дуудлага мэдээлэл яагаад ийм их байна вэ?

-Өнгөрсөн жил Цагаан сарын үеэр дөрөв хоногийн амралттай байсан бол энэ жил Цагаан сарын баярын амралт долоо хоног үргэлжилж байна. Согтуугийн дуудлага гурав дахин өссөн нь баярын үеэрх урт амралттай холбоотой.

-Архидан согтуурсны улмаас хүний амь нас, бие махбодод гэмтэл учруулсан тохиолдол байв уу?

-Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу биед хүнд, хөнгөн гэмтэл учруулсан тохиолдол баярын гурван өдрүүдэд зургаа бүртгэгдсэн. Гэвч энэ нь өнгөрсөн жилийнхээс 25 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Цагдаагийн байгууллага энэ жил битүүний өдрөөс буюу хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн болохоор гэмт хэргийн үзүүлэлт буурсан, өнгөрсөн жилийнхээс илүү амгалан тайван байлаа.

-Баярын өдрүүдээр хүмүүс орон гэрээ эзгүй орхиж, золголт хийхээр явдаг. Энэ үеэр орон байрны хулгай, автомашин хулгайлах тохиолдол гарав уу?

-48 хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэнээс 34 нь орон байранд халдах төрлийнх байсан бол аж ахуйн нэгж байгууллагад халдсан таван тохиолдол гарсан. Харин автомашинд халдсан хоёр гэмт хэрэг бүртгэгдсэн. Нийт гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллээс 102 нь гэмт хэрэг гэж бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39.2 хувь буурсан байна. Түүнчлэн зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл баярын өдрүүдээр 2207 бүртгэгдэж өмнөх оны баярын өдрүүдийнхээс 35.9 хувиар буурсан.

-Хүний амь нас хохирсон дуудлага бүртгэгдэв үү?

-Энэ төрлийн дуудлага мэдээллийг өнгөрсөн жилийн баярын гурав хоногийнхтой харьцуулахад 26.6 хувиар буурсан. Өнөө жилийн баярын гурав хоногт 22 хүн нас барсан. Гэхдээ энэ нь дан ганц гэмт хэргийн шинжтэй бус өвчнөөр, эсвэл гэнэтийн байдлаар амь насаа алдсан тохиолдол орж байгаа.

-Энэ жил баярын өдрүүдээр халаасны хулгайн гэмт хэрэг нэг ч бүртгэгдээгүй гэсэн үнэн үү?

-Халаасны хулгай нь нийт хулгайн гэмт хэрэг дотроо харьцангуй бага хувийг эзэлдэг. Баярын өдрүүдээр энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой нэг ч дуудлага бүртгэгдээгүй.

-Осгож нас барсан тохиолдол байв уу?

-Баярын өдрөөр осгож амиа алдсан тохиолдол нэг бүртгэгдсэн. Энэ хэрэг нь шинийн хоёрны өдөр гарсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн нутагт амьдардаг хэн болох нь тодорхойгүй иргэн байсан. Талийгаач ГССҮТ-д хүргэгдэн нас барсан. Мөн архины хордлогод орж таван иргэн амь насаа алдсан.

-Он гарснаас хойш гэмт хэрэг хэр их бүртгэгдэв?

-Улаанбаатар хотын хэмжээнд он гарснаас хойших хугацаанд 2613 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 12 хувиар буюу 360 орчим гэмт хэргээр буурсан үзүүлэлттэй байна.

-Ямар төрлийн гэмт хэрэг буурсан байна вэ?

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу танхай сэдэлтэй, бусдын эрх чөлөөнд халдах гэмт хэргийн үйлдлүүд 9.5 хувиар буурсан. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 75 үйлдэл бүртгэгдсэн нь урьд оныхоос 9.6 хувиар буурлаа. Мөн хулгайлах сэдэлтэй үйлдлүүд бүртгэгддэг. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 31.1 хувиар буурсан байна. Эл гэмт хэрэг нь өнгөрсөн оны нэгдүгээр сард 1167 хулгайн үйлдэл бүртгэгдэж байсан бол өнгөрсөн сард 804 хулгайн гэмт хэрэг бүртгэгдэж, эрс буурсан.

-Хүмүүс нийтийн гудамж талбайд явж байхдаа эд зүйлээ алдах тохиолдол бий. Энэ үзүүлэлт ямар хувьтай байна вэ?

-Халаасны хулгайн гэмт хэрэг өнгөрсөн оны нэгдүгээр сард 153 бүртгэгдэж байсан бол энэ онд 85 үйлдэл бүртгэгдэж, 44.4 хувиар буурлаа. Хулгайн гэмт хэргийн буурсан шалтгаан нь иргэдийн ухамсар дээшилсэнтэй холбоотой. Аливаа гэмт хэргийн халдлагад өртөхөөс өөрийгөө урьдчилан сэргийлж чаддаг болжээ. Түүнээс гадна олон нийтийн газар, зах худалдааны төвүүдээр явахдаа сонор сэрэмжээ дээшлүүлж болгоомжилдог, өөрсдийнхөө эд зүйлд хянамгай ханддаг болсонтой холбоотой. Хамгийн гол нь орон гэрээ эзэнгүй орхихгүй, чанартай цоож, цуургаар гэр орноо цоожилж аюулгүй байдлаа хамгаалдаг болсон нь гэмт хэрэг буурахад нөлөөлж байна. Мөн төр, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа сайжирсан нь энэ үзүүлэлтэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу.

-Тэгвэл өнгөрсөн нэг сарын хугацаанд ямар төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байв?

-Нэмэгдэлтэй гарсан зөрчил байгаа. Захиргааны зөрчил 14.5 хувиар өссөн. Гэхдээ энэ зөрчлийн өсөлт нь гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж чадаж байна гэж харж болно. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг бага дээр нь таслан зогсоож чадаж байна гэдэг нь гэмт хэргийн үзүүлэлт буурахад сайнаар нөлөөлж байгаа. Нэмэгдсэн үзүүлэлтийн тухайн залилах гэмт хэрэг 20 хувиар өссөн. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нэмэгдэж байна. Тиймээс иргэд шөнө оройн цагаар гэрэлтүүлэггүй, харанхуй газраар битгий яваарай. Өдөрт 2-3 удаагийн дээрмийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 49.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ оны нэгдүгээр сард 80 удаагийн дээрмийн гэмт хэрэг гарсан.

-Өнгөрсөн сард ямар төрлийн хулгайн гэмт хэрэг түлхүү үйлдэгдэв?

-Өдөрт 20-25 хулгайн гэмт хэрэг бүртгэгдэж байгаа. Өнгөрсөн сард орон байрны хулгай ихэссэн. Хулгайлж байгаа эд зүйл нь дандаа Цагаан сарын холбогдолтой буюу ууц, бууз, бэлгээ алдаж байсан. Мөн автомашины хулгайн үйлдэл нэлээд бүртгэгдсэн. Өдөрт 2-4 удаагийн үйлдэл бүртгэгдэж байна. Ихэвчлэн орон сууц, байгууллага аж ахуйн нэгжийн гаднаас машинаа алддаг. Иргэд өөрсдөө харуул хамгаалалтгүй газар автомашинаа байрлуулснаас болоод гэмт хэрэг өсөөд байна. Мөн автомашин дотор үнэд хүрэхээр эдлэлээ мартаж бууснаас болоод хулгайчдад сэдэл төрүүлээд байна.

-Үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч байна уу?

-Ер нь бүртгэгдсэн гэмт хэргүүдийн дийлэнх нь архидан согтуурахтай холбоотой байдаг. Архины хэрэглээг зөв зохистой болгох хэрэгтэй байна. Цагдаагийн байгууллагын хяналтад байдаг, байнга зөрчлийн дуудлага ирдэг газруудад алба хаагчид түлхүү ажилласан.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

Их найрагчтай салах ёс хийж байна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч, Соёлын гавъяат зүтгэлтэн, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэн энэ сарын 5-нд өвчний улмаас таалал төгсөж, Монголын уран зохиол, соёл урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Яг одоо их найрагч Б. Лхагвасүрэнтэй Улсын драмын эрдмийн тeатрт салах ёс хийж, сүүлчийн замд нь үдэж байна. Түүний алтан шарилыг төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг, Тост уулын энгэрт нутаглуулна.


Categories
мэдээ цаг-үе

Цагаан сараа 78 дахь жилдээ хамтдаа угтаж буй Ч.Намдаг, С.Адьяа нар

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ханилан суугаад 78 дахь жилээ үдэн буй хоёр буурай нийслэл хотын маань баруун хэсэгт амьдран сууна. Энэ айлыг Ч.Намдагийнх гэдэг. Тэд бага хүү, охины хамтаар биднийг угтсан юм. Төсөөлж байснаас минь ч ануухан хоёр хөгшин Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Нэгдүгээр хороолол дахь байрандаа 32 дахь жилээ угтаж байгаа аж. “Өдрийн сонин”-ы сурвалжлагчид ирнэ гээд хоёр хөгшин дээл хувцсаа зэхэн, хэлэх ярих үгээ ч уйгаржин бичгээр сийрүүлээд амжиж. Бид ч товлосон цагтаа очиж хоёр буурайн уртаас урт, аз жаргалтай амьдралын түүхийг хуваалцсан юм.

Монгол Улсын гавьяат эдийн Засагч Ч.Намдаг гуай Сүхбаатар сумын Онгон сумын уугуул нэгэн. Ардын хувьсгалтай эн чацуу тэрээр Онгон сумын “Сайхан мод” хэмээх газар мэндэлжээ. “Би 2021 онд 100 насыг зооглоно. 100 хүрэхэд хоёр нас л дутуу байна даа. Хуучны тооцооллоор бол одоо 100 хүрчихээд байгаа юм.Энэ хугацаанд нийгмийн хоёр үе, хоёр жаран дамжжээ. Арав гаруй засгийн мэдэлд 98 жил энх тунх амьдарч байгаагаас 60 илүү жилийг нийслэл хотод өнгөрүүлсэн байна.

Би хошууны бага сургуулиа дүүргээд Дорнод аймгийн дунд сургуульд гурван жил суралцсан. Улмаар Багшийн техникумд гурван жил суралцаж, 1940 онд түүх, газар зүйн багш мэргэжлээр төгссөн юм” гэв. Мөн “Би дунд сургуулиа төгсчихөөд 1937 онд хамгийн анх Улаанбаатарт орж ирж байлаа. Хойд тал нь ногоон нуур, урд тал нь нарийн төмөр зам, баруун тал нь төмөр замын энэ хэсэг буюу Дарьгангын хошуу, зүүн тал нь Консулын дэнж гэж байв. Иймэрүү газарт л цөөхөн айл байсан даа. 1960 оноос хойш нийслэл маань сайхан тэлсэн. 1945 онд сумын сургуульдаа захирлаар ажиллаж байхад Улаанбаатарт “Ардын гэгээрүүлэх яаманд ажиллуулна” гээд намайг дууддаг юм байна. Би анхлан яаманд байцаагчаар ажилласан. Дараа нь Техникумын хэлтсийн дарга болсон. Сүүлд Сүхбаатар аймгийн Гэгээрлийн хэлтсийн даргад ажиллах хүн хэрэгтэй боллоо гээд буцаасан юм. Улмаар аймгийн Захиргааны нэгдүгээр орлогч дарга, Төлөвлөгөөний комиссын даргын албыг ч хашсан. Харин 1960 онд Намын дээд сургууль төгсөөд л эндээ суурьшсан хэрэг. Тэр үеэс хойш Улсын ба Ардын Хянан Шалгах байгууллагад орлогч, Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилласан” гэлээ.Ч.Намдаг гуайн гэргий Содовын Адьяа нь 1927 онд төрсөн, өдгөө 92 настай. Тэрээр нийслэл хотод шилжин ирээд, 1961 онд “Улаанбаатар зочид буудал”-ын анхны ажилчдын нэг болж байжээ. Тэрээр 40-өөд жил тус байгууллагад үйлчлэгчээр ажилласан байна.

Тэд 1942 онд төрөлх сумандаа танилцаж, гал голомтоо бадраажээ. Ч.Намдаг гуай “Би сургуулиа төгсчихөөд Онгон сумынхаа бага сургуульд багшилсан юм. Тэр үед сургууль галч авахаар болж, Содов гэдэг хүнийг томилсон юм. Тэр айлын охин нь манай С.Адьяа байсан. Ингээд бид хоёр танилцаж, дараа жил нь буюу 1943 онд анхны хүүхэд минь мэндэлсэн юм” хэмээн дурсав. “Ер нь манай дээд өвгөчүүл их өндөр насалдаг, олон хүүхэдтэй айлууд байсан. Миний өндөр өвөө Дамдинсүрэн хонин сүргийн “Да” хэргэмтэй байв. Аав маань 88, ээж Долгор 82, ах Гомбо, эгч Дулам, Ханд, Хорлоо нар 90-ээс 93 хүрч насалсан. Магадгүй түүнийг л дуурайж, өдий өндөр насыг наслах буян тохиосон байх. Би эхээсээ 11-үүлээ. Би өөрөө ч гэсэн 11 хүүхэдтэй, өнөр өтгөн гэрийн эзэн. Одоо хүүхдүүд маань том болцгоосон. Манай хамгийн бага хүү Н.Батхүү 55-тай, бага охин 51-тэй байна. Хамгийн том хоёр хүү минь 70 хүрээд бурхан болсон. Одоо гурван хүүхэд маань л тэтгэвэрт гараагүй байна даа” гэдгийг ч тэрээр хэлж байлаа.

Ч.Намдаг гуайн хүүхдүүд бүгдээрээ ясли, цэцэрлэгээр хүмүүжиж, бага, дунд болон дээд, тусгай мэргэжлийн сургуулиудад сурч, боловсрон мэргэжил эзэмшжээ. Одоо Ч.Намдаг гэх айл 35 өрх болон нэмэгдэж, ёстой л “Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян” болжээ. Ач зээ, гуч жич, зээнцэр нь нэмэгдээд 110-уулаа болсон байна. Бараг бүх л мэргэжлийн хүмүүс бий болсноос гадна энэ гэр бүлд Монгол Улсын гавьяат хоёр, одон медальтан арваад, байгууллагын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн аварга найм, боловсролын болон анагаах ухааны доктор, профессор тус бүр нэг, алдарт эх дөрөв, улсын болон аймгийн сайн өрх хоёр, улсын шилдэг гэр бүл нэг байдаг аж.

Эднийх хоёр нийгмийн хоёуланд нь шилдгээр тодорхойлогдсон, үлгэр жишээ гэр бүл. Үр хүүхдээ хүмүүжилтэй өсгөж, гэр бүлээ сайн сайхан авч явдаг хэмээн үнэлэгдэж 1973 онд Нэгдүгээр Дөчин мянгатад амьдарч байхдаа Улаанбаатар хотын “Соёлч өрх”-өөр шалгарч байжээ. Тухайн үеийн сонин хэвлэлд “Жаргал бялхсан өрх гэр” гэх фото сурвалжлага ч гарч байж. Тэрхүү сурвалжлагын нэгэн зурагны тайлбар дор “Намдагийнх өдрийнхөө цайнд бүгд цуглавал хоёр ширээ, арав илүү сандал хэрэг болно” хэмээн онцолсон байх юм. Ч.Намдаг гуайнх 1987 онд Сонгинохайрхан дүүрэгт шилжин ирж, одоогийн орон сууцандаа төвхнөжээ. 2012 онд “Гэр бүлийн тангарагтаа үнэнч байж, эцэг эхийнхээ эрхэм зорилгоо хүндлэн дээдэлж, үр хүүхдэдээ болон нийгэмд сайн сайхны үлгэр дуурайл боллоо” хэмээн “Монгол улсын шилдэг гэр бүл”-ээр өргөмжилжээ.

Эдний гэрийн хананд Ч.Намдаг, С.Адьяа гуай нарын Гэрлэх ёслолын ордонд саяхан авахуулсан болов уу гэлтэй зураг өлгөөтэй байсан нь нүдэнд содон туссан юм. Учрыг лавлавал хүүхдүүд нь аав ээж хоёрынхоо ханилан сууж, гал голомтоо бадраасны 70-н жилийн ойг нь хэзээ ч мартагдахааргүй тэмдэглэж өгсөн нь энэ аж. Тэд Монгол Улсын хэмжээнд анх удаа “Очир-Эрдэнийн хуримын ёслол”-ыг хийсэн байна. Бага залуудаа хурим найр гэж онцгойлон тэмдэглэж байгаагүй тэдний хувьд “Очир-Эрдэнийн хуримын ёслол” хийсэн нь амьдралд нь баяр баясал бэлэглэсэн онцгой өдөр болон өнгөрчээ.

Ч.Намдаг гуай эхнэрээ ихэд үнэлж, магтаалын үг харамгүй хайрладаг нэгэн ажээ. Тэр бүү хэл 2012 онд буюу 91 насандаа ханьдаа зориулж “Эхийн ач, алдар, гавьяа” гэх ном бичсэн байна. “Эхнэр маань олон хүүхэдтэй хэрнээ хэзээ ч ажлаа орхиж, цалгардуулж байсангүй. Цайны цагаараа өөрөө цайндаа орно гэхээсээ илүү хүүхдээ хөхүүлнэ гээд л гүйсээр ирдэг сэн. Ажилд их махруу, хариуцлагатай, хамт олондоо нэртэй тийм л хүн” хэмээн Ч.Намдаг гуай ярьж байв. Мөн “Айл гэрийн багана нь эмэгтэй хүн. Тэр утгаараа манай өрхийн нэг багана нь хань минь юм. С.Адьяа шиг ийм сайхан хань эр хүн бүрт заяаж байгаасай гэж би ерөөж явдаг. Сүүлийн үед үр хүүхэд, ач зээ олонтой болсон учир сайхан байна. Сайхан ч амьдарч байна” гэж байв.

Түүний гэргий С.Адьяа гэж хөнгөн шингэн гэж жигтэйхэн, мишээл тодруулсан сайхан буурай байх аж. Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонтой тэрээр 2010 онд Хотын даргаас “Ачлалт эх” хэмээх эрхэм хүндтэй шагналыг авчээ. Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдаж, Улаанбаатар хотын болон Жуулчдад үйлчлэх газрын Хөдөлмөрийн аварга, Худалдааны тэргүүний ажилтан хүндэт цол тэмдэгээр ч энгэрээ мялааж байжээ. Мөн Дэлхийн энх тайвны эв нэгдлийн төлөөх ”Гэр бүлийн Монголын холбоо”-ны өргөмжлөл, 2012 онд Монгол Улсын шилдэг гэр бүлээр шалгарч “Монголын жинхэнэ гэр бүлийн тангараг өргөсөн алдарт эх хүн” цол тэмдэгээр шагнагдсан байна.Харин Ч.Намдаг гуайг улс эх орондоо олон жил идэвх зүтгэлтэй ажилласан учир “Гавьяат эдийн засагч” цол, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, Засгийн газрын хүндэт тэмдэгээр хоёр удаа, Ардын Хувьсгалын 1940-1990 оны ойн медаль, Чингисийн 800 жил, Халх голын байлдааны медалиудаар тус тус шагнажээ. Үүнээс гадна нам, залуучууд, үйлдвэрчин, ахмадын болон хянан шалгах байгууллагуудын хүндэт ажилтан, Ардын Боловсролын Яам болон Сүхбаатар аймаг, Онгон сумын тэргүүний ажилтан, хүндэт тэмдгүүдээр энгэрээ мялаасан байна.

Түүний хувьд хүүхэд залуучуудыг эх орноо сайн мэдэхэд нь зориулж “Өрхийн ургийн бичиг”,“Дарьганга нутаг-1”, Дарьганга нутаг-2”, Дарьганга нутаг-3”, “Торой банди” цуврал, “Эхийн ач, алдар гавьяа”, Сүхбаатар аймагт ажиллаж байсан үеийн тухай, өөрийн түүх зэрэг 20 шахам ном бичиж хэвлүүлэн олны хүртээл болгожээ. Өөрийн гэр бүл, Онгон сум, сургуулийн тухай, Улсын гуравдугаар төв эмнэлэг, СХД-ийн нэгдсэн эмнэлэг, Төрийн хянан шалгах хорооны үүсэл, хөгжлийн тухай танилцуулгыг бичиж байсан аж. Ч.Намдаг гуай төрөлх сум, сургуулийнхаа 90-н жилийн ойг тохиолдуулан сумынхаа Тамгын газарт түүх намтрын ном, хос морин хуур, сургуульдаа “Иргэншлийн хичээлийн танхим” байгуулж иж бүрэн тохижуулан, компьютер, принтер дурсгаж байжээ.

Ч.Намдаг, С.Адьяа гуай хоёр гэр бүлж 78 жилийг хамт үдэж байгааг дээр дурдсан. Нэг гэрийн хоёр хоёулаа энх тунх, 90 насыг гартлаа хамт амьдарсан тохиолдол манай улсад тун цөөхөн байдаг байна. Энэ урт хугацаанд бие биенээ хос багана мэт түшилцэж ирсэн энэ хоёр буурайн амьдралын хэмнэл, хамтдаа бат бөх амьдрахын нууцыг асуухад Ч.Намдаг гуай “Бид хоёрт гэр бүлийн ямар нэгэн маргаан байхгүй. Бид хоёр шиг эвтэй, найртай урт удаан амьдарсан хүн ховор байх гэж боддог. Тийм ч учраас энэ олон хүүхэд сайн сайхан өслөө. Бид хоёр ч эрүүл энх урт удаан хамтдаа байна. Энэ нь эхнэр, нөхөр хоёр эвтэй байж, энэ айл сайн сайхан байсны гэрч” гэсэн. Мөн “Урт насалж байгаагийн нууц гэвэл мэдээж удам судар маань нөлөөлсөн байх. Бага балчираасаа сургуульд сурч ирсэн учраас биеэ яаж боловсон авч явах вэ, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах ёстой гэдгийг мэддэг болж дээ. Хоёрдугаарт, гэр бүлийн тогтвор суурьшил, батжилт, гэр бүлийн тайван байдал их нөлөөлсөн. Ямар нэгэн үймээн шуугиан, хэрүүл маргаан үзээгүй, дуулаагүй. Тэр тайван байдал урт насалж, удаан жаргахын нэг сурвалж болсон. Гуравдугаарт, манай хүүхдүүд их сайн хүүхдүүд. Бид хоёрыг зовоогоогүй. Өөрсдөө хичээлээ сайн давтана. Хоол ундаа хийж, гэр орноо ч сайхан цэвэрлэнэ. Томорсноосоо хойш бид хоёрыг гэрийн ажилд гар хүргээгүй. Ар талаас тэр минь, энэ минь яах бол, хоолтой байна уу, үгүй юу гэж санаа зовох юм байгаагүй. Ажлаас ирэхэд хоол, ундтай, дулаахан гэр л угтдаг байсан. Мөн би 1960 оноос хойш биеийн тамирын дасгал хийж байна. Миний сурсан зүйл өглөө бүр тогтмол дасгал хийх явдал. Дээр үед Үйлдвэрчний сонин дээр янз бүрийн дасгал, хөдөлгөөн хийх заавар, зурагтайгаа гардаг байсан юм. Тэрийг дугаар дараалан авч байгаад дуурайж хийдэг болсон. Дасгал хөдөлгөөн хийгээгүй өдөр бие өвдөөд ч байх шиг санагдаад байдаг болчихсон байна лээ. Жаахан нас ахиад ирэхээр биеийн хөдөлгөөн улам шаарддаг юм байна. Тиймээс би одоо ч гэсэн өглөө эртлэн босоод дасгалаа хийдэг. Гэр дотроо гүйдэг. Дулааны үед байрныхаа урд талын хашааг хэд тойрчихно. Дээрээс нь би маани уншдаг. Алтан овоондоо, бурхан шүтээн, аав, ээж, багшдаа залбирдаг, шүтдэг. Хоол ундны тухайд сайхан монгол хоолнуудаа л иддэг дээ. Эдгээр зүйлүүд урт удаан наслахад минь нөлөөлдөг байх” гэв.

Харин түүний гэргий С.Адьяа “Би ээж, ааваасаа зургуулаа хүн. Одоо эхээс ганцаараа л үлдээд байна. Гэхдээ олон сайхан хүүхдүүд, сайн ханийнхаа буянд жаргаж л явна. Ер нь бид хоёр хэрэлдэж, маргалдаж үзээгүй. Үл ойлголцох зүйл гарвал өөрөө л мэднэ биз гэж бодоод би дуугай болчихдог юм. Залуугаасаа л ингээд сурчихсан хэрэг. Бид хоёр үр хүүхдээ ч загнаж, зэмлэж үзээгүй дээ. Загнуулах зүйл ч хүүхдүүд минь хийдэггүй. Ээж, аав нь хэрүүл тэмцэлгүй болохоор хүүхдүүд ч тайван амгалан, хүмүүжил сайтай өсдөг шиг санагддаг. Хүүхдүүд хоорондоо муудаж, элдэв хараал хэлнэ ч гэж байхгүй. Хань бид хоёрын хувьд аль ажил багатай нь гэрийнхээ ажилд санаа тавиад л явчихдаг байсан” гэсэн юм. Бага хүү Н.Батхүү “Манай аав, ээж хоёрыг муудалцаж байхыг хараагүй. Ээж минь аавын өөдөөс барагтай л бол үг сөрөхгүй. Ээжийн минь хүлээцтэй зан түүнд их нөлөөлсөн байх. Бид тийм л сайхан гэр бүлд өсч торнисон доо. Манайх хамгийн анх 40 мянгатын байранд байсан юм. Ханаа дагаад битүү ортой, орны дор дахиад эвхдэг орнууд байдаг байж билээ. Ор зассаны дараа гишгэх зай үлддэггүй байсан гэж болно. Ариун цэврийн өрөөнд орохдоо дараалалд орох үе ч гарна. Тэр дундаа амралтын ганц өдөр болох бүтэн сайнд цагийн хуваариар усанд орцгооно. Бас долоо хоног болгон бүгдээрээ нийлж байгаад их цэвэрлэгээ хийж, паараа хүртэл нэгд нэгэнгүй угаадаг байж билээ. Хамгийн сонин нь жил бүр их дээд сургууль, техникумд сурахаар аав, ээжийн маань хамаатан, ах, дүү нарын хүүхдүүд бид нар дээр нэмэгдэж хоёр гурваараа ирж амьдардаг байсан. Бүр жил бүр шүү. Гэсэн ч ямар нэгэн үл ойлголцол огт гардаггүй байсан. Аавыг маань тэд Жоох ах гэж авгайлна. Ер нь хамаатнууд манайд цуглах тун дуртай. Одоо нутаг руугаа очиход танайд тэдэн онд амьдарч байж билээ гээд дурсах хүн олон. Дүү нараа сургууль соёлд сургаж, ажилд оруулж хоолтойгоо залгахад нь их нэмэр болсон. Тэр буян одоо аав, ээжид минь ирж байгаа гэж боддог доо” гэж байлаа. Бага хүү Н.Батхүүгийн хувьд гэрийг талхаар таслахгүй байх чухал үүргийг хүлээдэг байж. Өдөрт заавал хоёроос гурван талх барих нь түүний үүрэг. Талх барихдаа гаршсан түүнийг ах, эгч нар нь бусад ажлаас чөлөөлдөг байжээ. Байрных нь айлууд Ч.Намдагийнх энэ олон хүүхэдтэй хэрнээ их чимээ шуугиан гаргахгүй юм гэж гайхацгаадаг байсан гэдгийг С.Адьяа гуай хэлж байв.

Бага охин Н.Туяа“40 мянгатын байр гурван өрөөтэй байсан юм. Түүний жижиг өрөөнд нь олон ч айл гал, голомтоо бадраасан даа. Манай хэдээс найм нь тэр өрөөнөөс туурга тусгаарласан. Дээрээс нь хамаатангуудаас маань бүр хоёр хүүхэдтэй болоод тусдаа гарч байсан хүмүүс ч бий. Мөн гурван ч хүүхэд тэр өрөөнд төрж байсан юмдаг. Тиймдээ ч их дурсгалтай сайхан санагддаг” гэлээ. Тэрхүү байрыг бага хүү Н.Батхүү нь өвлөн авч, гал голомтоо сахин үлджээ. Н.Батхүүгийндээ цуглахдаа хуучны дурсамжаа сөхөн ихэд жаргалтай сууцгаадаг гэдгийг ч тэд онцолсон. Өнөр өтгөн, аз жаргалтай энэ гэр бүлийн нэгэн гишүүн бол Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын начин, бөх тайлбарлагч А.Ганбаатар агсан байсан юм. Тэрээр Ч.Намдаг гуайн охин Н.Тунгалагтай ханилж, хоёр ч сайхан хүүхдийн ижий аав болцгоосон юм. Тэрээр хүргэнийхээ талаар “А.Ганбаатар маань их сайн хүргэн байсан. Багаасаа л бөхөд дуртай хүүхэд байсан юм билээ. Хонь хариулж байхдаа л бөхийн цол дууддаг байж. Өөрөө начин болтлоо барилдсан. Хажуугаар нь бөхийн тайлбарт мэргэшсэн гэж болно. Бөхийн тайлбарлагч хийж байхдаа Монгол туургатан дотроо алдартай нэгэн байлаа. Сайхан дуу хоолойтой, их сайхан ч дуулдаг. Бөхийн гуншинг сайн уншина. Элдэв бичиг цаас харж уншина гэж байхгүй, шууд л цээжээр дуудна. Начингаас нь эхлээд том цолтон хүртэл нь мэднэ. Бөхийг гараад ирэхэд нь л цол гуншингаар нь дууддаг айхтар ой сайтай хүүхэд байсан. Манай монголчууд их магтдаг юм. Одоо хүү, охин хоёр нь сайхан амьдарч байгаа” гэлээ.

Бид ийн хуучлангаа Ч.Намдаг гуайн Цагаан сарын буузнаас хүртэж, энэхүү баярыг бага залуудаа хэрхэн тэмдэглэдэг байсан тухай яриа өрнүүлэв. Бидний багад ч Цагаан сар тэмдэглэдэг айл ховор байлаа даа гээд “Малчид хуучин журмаараа тэмдэглэдэг байсан. Хамаг сайхан идээ, будаагаа тавиад л, бие биендээ очиж золгоцгооно. Сургуулийн сурагчид бид ч айлуудаар хэсчихнэ. Тэр үед сургуулийн хүүхдүүдэд айлууд хавсай өгдөг сөн. Өнөөх хавсайгаа байрны найзуудтай хувааж иднэ, тэд нартайгаа тоглож наадаад л өнгөрөөдөг байсан санагдана. Одоо үед Цагаан сарыг улам л өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг болж. Хүүхдүүд өсч томорцгоосон учир бүх л зүйлийг бэлдээд өгчихдөг юм. Цагаан сараар манайх хэд, хэдэн удаа хөл гишгэх зайгүй болтлоо дүүрнэ. Сайхаан, сайхан” гэж байлаа. “40 мянгатын байрандаа байхад бид, цагаан сарынхаа буузыг хийчихээд байрныхаа урд талын теннисний ширээн дээр хөлдөөдөг байсан юм. Хөлдөөж буй буузаа ээлжилж манана. Заримдаа бөөндөө гарч урдах каток дээрээ хоёр баг болж тоглодог байж билээ. Тэр сайхан үе санаанаас огт гардаггүй юм. Тэр үед их ч хүйтэрдэг байж. Бэр, хүргэнтэйгээ нийлээд баг болж аваад гарцгаадаг байсан даа” хэмээн бага охин Н.Туяа хуучилсан юм.

Ч.Намдаг гуайн хувьд одоо ч төр засгийнхаа ажилд өөрийн боломжоороо идэвхтэй оролцож, чухал шийдвэрүүдэд санаа бодлоо харамгүй хайрласаар яваа нэгэн. Тухайлбал, Монгол Улс даяар алдар нь дуурсагдаж байсан Торой банди хэмээх Нанзадын хөшөөг босгох, кино бүтээх ажлыг санаачилж, зохих байгууллагуудтай нь холбоотой байдаг гэсэн. Мөн Дарьгангын тусгай хамгаалалттай газрын хэмжээг томсгож Онгон элсийг Улсын тусгай хамгаалалтад нэмж оруулах талаар санаачлан олон жил хөөцөлджээ. Тэрхүү ажил нь үр дүнд хүрч 2018 онд Монгол Улсын Засгийн газар баталж, хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулганаар батлагдаад байна гэсэн. Тэрээр 90, 100-аас дээш настнуудыг төр, засгаас тусгайлан анхаарч байх, 70-аас дээш настай ахмадуудад зориулсан тусгай эмнэлэг, сувилал барих ёстой гэсэн бодолтой явдаг талаараа ч хуваалцсан. 70-аас дээш настай ахмадууд ганцаараа явж эмнэлэгт үзүүлэх боломж бага, гэнэт бие нь муудах тохиолдол ч олон байдаг учир цаг алдалгүй өндөр настнуудад зориулсан эмнэлэгтэй болчихвол олон давуу талтай талаар тэрээр онцолсон. Энэ тухайгаа ч тойргийнхоо гишүүн Ц.Гарамжавт уламжилж, хуульд нэмэлт оруулахыг хүссэн байна. Ч.Намдаг гуай “Хань ижлээ зөв сонгож, үр хүүхдээ сайхан хүмүүжүүлэхийн ухааныг залууст сургах хэрэгтэй. Тэгэхийн тулд үлгэр жишээ айлуудыг сурталчилж, тэдний арга туршлагаас хуваалцах нь тун чухал. Энэ тал дээр улс орон бодлогоор анхаардаг болоосой гэж боддог доо. Тэрхүү үлгэр жишээ айлуудын нэг нь манайх байх ч гэж боддог. Монголын мянга мянган өрх айлын төлөөлөл болгож манайхыг онцолсон “Өдрийн сонин”-ы хамт олондоо гялайлаа. Хүн бүр хань ижил, үр хүүхэдтэйгээ урт удаан, аз жаргалтай амьдрах болтугай. Монголын бүх ард түмэн, ахмадууддаа Сар шинийн баярын мэнд хүргэе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Эрүүл энх, сайн сайхан байгаарай гэж ерөөе” хэмээсэн юм.


Categories
мэдээ цаг-үе

Г.Бямбажаргал: Монгол хэлгүй гадныханд уртын дуугаа дуулаад нижигнэсэн алга ташилт сонсох ямар сайхан гээч

Түмэн эх чуулгын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Г.Бямбажаргалтай ярилцлаа.


-Удахгүй Сар шинэ болох гэж байна. Уртын дуучдын завгүй ажилладаг үе үү?

-Тэгэлгүй яахав. Уртын дуучдын хувьд Сар шинэ, Үндэсний их баяр наадмын үеэр ид ачаалалтай ажилладаг. Байгууллагууд сар шинийг тохиолдуулан ахмадуудаа хүлээж авч хүндэтгэл үзүүлдэг дээ. Тийм ёслолын арга хэмжээнүүд дээр очиж ардын дуу, уртын дуугаа дуулж байна даа. Телевизүүд бас их хандана аа. Энд тэндээс “За алив ирээд нэвтрүүлгийн бичлэгт ороорой” гээд л залгах юм байна шүү дээ.

-Таныг Францын нэгэн агентлагтай гэрээгээр ажилладаг гэж сонссон. Энэ жил тоглолтоо Францад тавина гэв үү?

-Тэгнэ. Францын уран бүтээлчидтэй хамтраад багагүй хугацааг үдлээ. Францын “Театр Де ла Вилл” -тэй таван жилийн гэрээ байгуулсан юм. Ирэх гуравдугаар сард тэнд тоглолттой. Францад болсон шар хантаазтаны бослогоос шалтгаалж энэ жилийн тоглолтын гэрээ цуцлагдчихсан. Арванхоёрдугаар сарын сүүлээр энэ жилийн гэрээ хойшилсон гэсэн мэдээ ирсэн л дээ. Тоглолтын бүтэн бичлэгээ Францын радиод бичүүлсэн. Тэр бичлэг маань гурван жилийн турш Францын албан ёсны цахим хуудсанд тавигдах юм. Дуучин Цагаанзам болон Германд амьдардаг морин хуурч Эпи бид гурав хамтарч уран бүтээлээ хүргэсэн.

-Гадныхан уртын дуу, морин хуурыг сайхан хүлээж авдаг. Монголын язгуур урлаг байгальтай их ойр, нарийн холбоотой учраас өндөр хөгжилтэй орны иргэдийг илүүтэй татдаг гэдэг. Францчууд манай уртын дууг ер нь яаж хүлээж авдаг вэ?

-Франц их хөлийн газар. Тэнд хүмүүс амьдрахын тулд олон тэмцэл, сорилттой тулгардаг. Тиймээс сэтгэлийн таашаал амар амгаланг мэдрэх аялгуу үгүйлдэг юм билээ. Францчууд уртын, ардын дуунууд сонсох маш дуртай. Агаартай тайван орчин үүсгэдэг гэдэг юм. Гэрээ хийсэн театрын маань найруулагч өндөр настай, иран эмэгтэй байдаг юм. Тэр эмэгтэй “Агаарт явж байгаа юм шиг том цараатай дуулагддаг” гэж хэлж байсан. Энэ сайхан урлагтай амьдралаа холбоод олон жил болжээ. Оюутны долоон жилээс гадна мэргэжлээрээ ажиллаад 20 гаруй жил болчихлоо. Уртын дууг яагаад агаартай гэдгийг одоо л ухаарч байна. Анх гадаадад уртын дуу, ардын дуу дуулж байхад үзэгчид нь унтаад ч байгаа юм шиг харагддаг байж билээ. Залуу, хөгшин гэлтгүй бүгдээрээ нүдээ аниад суучихна. Зарим нь дээшээ ч юм уу харцаа тогтоогоод суучихдаг юм билээ л дээ. Ямар ч хөдөлгөөн хийхгүй. Манайхан харин алга ташаад баяр хүргэдэг шүү дээ. Тэгэхэд тэнд тийм зүйл байхгүй. Харин тоглолт дууссаны дараа тасралтгүй алга ташаад оруулдаггүй.

-Та агаартай гэдгийг арай энгийнээр тайлбарлаж өгөөч. Санаанд нэг л бууж өгөхгүй байна?

-Тавиун дуулахыг хэлээд байгаа юм л даа. Дуучин хүн уртын дууг монгол нутгаа бодож, сэтгэлдээ төсөөлж дуулмаар юм шиг санагддаг. Тэгж төсөөлж дуулахаар Монголын минь тал нутаг нүдэнд харагддаг.Үнэхээр талын агаартай юм байна гэх мэдрэмжийг сонсогчиддоо төрүүлж гэмээнэ жинхэнэ монгол уртын дуучин болж, төрж чадаж байна гэсэн үг.

-Та Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин уртын дууч Н.Норовбанзад гуайн шавь. Норовбанзад агсан цөөхөн шавьтай байх шүү. Багшийн тань дурсамжаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Тийм ээ. Норовоо багшийн дөрвөн отгон шавийн нэг нь би. Хамгийн отгон нь ҮДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батмэнд. Дарханы театрт ажилладаг дуучин Далхжав, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын Байгальмаа бид гурав нэг анги. Би Норовоо багш дээр гурван жил суралцаад, Дэлгэр багш дээр гурван жил сурсан. Уртын дууны талаар ямар ч мэдлэггүй хүүхэд анх багш дээрээ очиж байлаа. Багш маань надад уртын дуу дуулах суурийг тавьж өгсөн. Уртын дуучин ямар нугалааг хаана оруулж, яаж дуулах ёстой вэ гэж ирээд их олон зүйлийг зааж сургасан. Харин Дэлгэр багш маань дуу бол амьсгааны урлаг гэдгийг ойлгуулж өгсөн. Дуу гэдэг бол ерөөсөө л амьсгааны урлаг. Үлээвэр хөгжимчид битүү амьсгаатай. Чи бид хоёр ярьж байхад чи цээж, хэвлийгээ хослуулаад амьсгаа авч байна. Би бол хэвлийн амьсгал авч ярьж байгаа юм. Мэдээж энэ бүхнийг сурахын тулд тодорхой хэмжээний хичээл, зүтгэл цаг хугацаа шаардлагатай.

-Та 1997 оноос хойш тасралтгүй Түмэн эх чуулгад ажилласан. Ажлаа сольё гэж бодож байсан уу?

-Би “Түмэн эх” чуулгадаа хайртай. Анх энэ газар дурлаж орсон юм чинь. Уртын дуундаа ч дуртай. Хамгийн сайхан нь манай чуулгын тайз натур. Орчин нь бүхэлдээ монгол ахуйг харуулж байдаг. Бусад чуулгын уран бүтээлчид ирээд дуулахаараа ямар эвгүй юм бэ гэдэг л дээ. Битүү хивс дэвссэн учраас дуу чимээний цуурай байхгүй. Яг л тухайн хүн ямар хоолой, материалтай байна, тэр нь шууд мэдэгддэг. Энэ л тайзан дээрээ гараад дуулахад хамгаас сайхан мэдрэмжийг авдаг даа.

-Нийт хэчнээн цомог гаргаж, тоглолт хийчихэв ээ?

-Бие даасан дөрвөн тоглолт тавьж байсан. Хамтарсан тоглолт нэлээн хэд бий.

-Баруун Монгол ардын дууг та их гоё дуулдаг. Баруун нутгийн хүн болохоор тэр зүгийн дууг түлхүү дуулаад байна уу?

-Аав маань Ховдын Эрдэнэбүрэнгийх. Ээж маань Увсын Тэс сумын хүн. Баяд, өөлд хүний дундаас төрсөн би дөрвөд хүн байхгүй юу. Тэр нутгийн дууг дуулахаар өссөн нутгийн хүмүүсийн эрхэмлэдэг яриа, ёс заншил тэр бүх зүйл санаанд ордог. Тэгэхээр дууныхаа үг, аялгыг бодож дуулах ёстой юм байна гэж боддог. Би чинь дандаа халх багш нараар уртын, ардыг дуу заалгасан. Н.Норовбанзад, Дэлгэр багш маань дандаа төв халхын хүмүүс. Тэгэхээр би төв халх уртын дуу голлон заалгасан. Амьдрал дээр гараад чуулгадаа Баруун Монгол ардын дууг дуулахад тэр нутгийн хүн юм чинь би л дуулах ёстой юм байна гэдгийг мэдэрсэн дээ.

-Хүмүүс уртын дуу, ардын дуугаар төгсөөд нийтийн дуу дуулаад эхэлчихдэг. Өөр жанраар дуулъя гэж боддог уу?

-Нийтийн дуу дуулах санал надад ирж байсан л даа. Бидний үеийнхэн ч нийтийн дуу дуулж байсан үе бий. Тэр тал руу орсон хүмүүс ч бий. Уртын дуундаа дуртай, хайртай учраас тийм сонголт хийе гэж бодож байсангүй ээ.

-Өнөө жил ямар уран бүтээл хийе гэж төлөвлөж байна вэ?

-Урлагт 20 гаруй жил зүтгэхдээ ээжийн тухай дуулж, ээжийн дүрийг дэлгэцэнд мөнхлөөгүй юм билээ. Байгаль, эх нутгаа магтсан ардын дуу, уртын дуу дуулсаар ирж. Энэ жил ээжийн тухай дуулж, дуугаа дүрсжүүлнэ. Б.Лхагвасүрэн гуайн “Эрх хүслэн” гээд 40 гаруй насны хүний амьдрал үзсэн, хайр мэдэрсэн нэг тийм ганган дэгжин ардын дуу шиг дуу бий.

-Мэргэжилдээ дурласан хүмүүсийн хувьд мэргэшсэн гэсэн үнэлгээг олноос хүртдэг. Уран бүтээлчдийн хувьд ир нь ханасан гэж ирээд ярьдаг даа. Ингэж үнэлэгдэх хүмүүсийн нэг нь таныг гэж боддог…?

-Аливаа мэргэжлийг төгссөн хүнд мэргэжлээрээ мэргэшинэ гэдэг чухал л даа. Мэргэштэлээ маш олон жил явдаг. Дуулж байхдаа алдаа гаргах тал бий. Тэр алдаагаа байнга гаргадаг байсан бол тоог нь цөөрүүлсээр л явдаг. Ард түмэнд танигдсан, тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн ч гэлээ сурах юм их бий. Мэргэжил дээрээ боловсрох хэрэгтэй. HERO-гийн “Монгол тулгатны 100 дуу” нэвтрүүлэг “Таван эрдэнэ”, “Дөрвөн цагийн тал” дуугаар эхэлсэн, миний дуулснаар тэр нэвтрүүлэг яг Цагаан сараар эхэлж байсан. УГЗ, Монголын радиогийн нэвтрүүлэгч Буянхишиг гуай “Бямбаа чи “Таван эрдэнэ”-ийг уртын дуу шиг татаж ирээд сайхан дуулжээ” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Уртын дуунд 27 жил үнэнч явсан учраас ардын дуу дуулахдаа уртын дууныхаа үндсэн хэв шинжийг алдахгүй дуулсан хэрэг л дээ. Уртын дууг яс, үндэс сууриар нь авч явах ёстой хүмүүс бол бид. 1999 онд “Урьхан хонгор салхи” гэж нэрлэсэн анхны цомгоо өлгийдсөн. Цомгоо бүтээх гэж сар гаруй хоолойны бичлэг хийлгэж билээ. Сүүлдээ хоолойноос ямар ч дуу гарахгүй болсон. Хоолой бүр таг болсон шүү. Түүнээс хойш дуучин хүн хоолойгоо хайрлахгүй бол болохгүй гэдгийг ойлгосон доо. Ардын дуу, уртын дуу хоёрын нийлэмж маш хэцүү. Ц.Дэлгэр багш маань уртын дуугаа л дуул гэдэг байсан. Харин чуулгын зүгээс намайг хоёуланг нь дуул гэсэн. Тэгээд би чуулгадаа ирээд “Хөх торгон цамц”, “Дөрвөн уул” зэрэг дууг дуулж сурсан юм.

-Уртын дуучин гэгдэхийн сайхан нь юундаа байдаг вэ?

-Намайг дөнгөж оюутан болж байхад ардын дуу, уртын дууг хүмүүс сонсдоггүй байлаа. Сүүлийн жилүүдэд 2010 оноос ардын дуу, уртын дууг их сонсдог болсон. Ер нь ардын дууны үг их сайхан. Ухаарлаар дүүрэн. Үндэстэн ястныг таних ганц зүйл бол урлаг спорт. Монгол үндэстэн гэж юу юм бэ гэсэн асуултад хариу өгдөг хүмүүс нь бид. Тэр утгаараа маш өндөр хариуцлагатай ажил. Дуугаа дуулаад дууссаны дараа үзэгчдийн сэтгэгдэл, орчны уур амьсгал мэдэгддэг юм. Хүлээн зөвшөөрөөд, сэтгэлээсээ алга ташиж, үнэнээсээ баярлаж байгаа хүмүүсийн харцыг хараад мэргэжлээрээ омогшдог. Гадаадад явж байхдаа бас мэргэжлээрээ бахархана, огшино. “Эх орныхоо, Монголынхоо үндэсний дууг би л дуулж хүргэж чадна” гэсэн бодол төрөөд маш сайхан. Үгээр илэрхийлэх аргагүй бахархал, огшлоор цалгидаг. Монгол хэл мэдэхгүй хүмүүсийн өмнө үндэсний хувцастайгаа уртын дуугаа дуулаад нижигнэсэн алга ташилтыг сонсох л хамгийн бахархалтай. Ямар сайхныг нь зүйрлэж хэлэх гэхээр үг дутна.

-Ахмад уран бүтээлчдээс сурсан зүйл гэвэл хэмжигдэхгүй их байх. Дээд үеийн мундагчуулаа дурсаач?

-Тэгэлгүй яахав. Хамгийн анх “Уяхан замбуутивийн наран” дууг МУГЖ Ө.Базарбат МУГЖ Чулуунцэцэг нартай хамтран дуулдаг байсан. Тэр үед үндэсний хөгжим тоглоод дуулдаг байлаа. СУИС-ийг онц дүнтэй төгсөөд ирсэн хүн хэрнээ нөгөө хоёрынхоо хажууд амьсгаа нь ч хүрэхгүй жижигхэн нөхөр байгаа юм чинь. Ардын хувцас эхнэр дээл өмсчихөөр төмөр малгай дух руу орж таараад их хэцүү. Хүнд гэж жигтэйхэн. Тэр үеийн зураг надад байдаг юм. Олон сайхан ахмад уран бүтээлчийн дунд орж ирж ардын дуу, уртын дуу сурч байлаа. Яаж дуулах практикаа олж авсан. Үенч гавьяатыг дуулж байхад тайзны завсраар хардаг байлаа. “Лоолой”-гоо зрителл дотор гахайнууд явж байгаа юм шиг харьцаж дуулна шүү дээ. “Цонхон дээр суусан ялаа” дууг дуулахаараа ямар гоё гэж санана.

-Танд олон дээл байдаг биз?

-Олон байлгүй яахав. Жил бүр дээлээ шинэчилнэ. Тоглолтын хувцаснаас гадна Цагаан сар, Улсын наадмаар өмсдөг дээлүүдээ ч шинэчилдэг.

-Таны хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөж авсан хүн бий юу?

-Том хүү маань их сургуулиа төгсчихсөн. Охин маань гадаадад сурч байна. Бага хүү маань тогооч болно гээд байх юм.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Үйлст: Хүмүүст томоохон баярууд нь мөнгөний дарамт болсноос аймшигт хэргүүд нэмэгддэг

Сэтгэл зүйч Ж.Үйлсттэй ярилцлаа.


-Баярын өдрүүд дөхөх тусам хүмүүсийн уур бухимдал улам нэмэгдээд байх шиг. Та сэтгэл зүйчийн хувьд яаж харж байна вэ?

-Үүнийг сэтгэл зүйн талаас нь бус монгол хүний амьдралын хэв маягтай холбож тайлбарлавал илүү оновчтой байх. Учир нь манайханд аливаа зүйлийг төлөвлөх, мөнгөө хуримтлуулах гэсэн хоёр зан үйл дутагдаж байдаг. Баярын өдрүүд дөхөх тусам хүмүүсийн мөнгөний хэрэглээ улам нэмэгддэг. Тиймээс ихэнх хүмүүс хаанаас, яаж мөнгө олох вэ гэж бодон өөрсдийгөө стресст автуулдаг. Гэтэл гадны орнуудад ч гэсэн уламжлалт баярууд нь болдгоороо болдог. Түүнд зарцуулагдах мөнгө нь ч гэсэн манайхантай яг л адилхан байдаг. Гэхдээ тэр мөнгө нь ард иргэдийнх нь хувьд тэгтлээ их ачаалал болж, сэтгэл зүйд нь дарамт учруулдаггүй. Монголчууд яагаад ингээд баяр болохоор илүү их стресстээд байна гэхээр мэддэг хэрнээ, хэнэггүй өнгөрдөг зангаас нь үйддэг юм. Өөрөөр хэлбэл, бид жил бүр Цагаан сар болдог гэдгийг мэддэг. Тэгсэн хэрнээ үүндээ зориулж ямар нэгэн байдлаар мөнгө хуримтлуулдаггүй. Өнөөдөр олсон мөнгөө өнөөдөртөө үрж, зарцуулдаг. Энэ хэнэггүй байдал нь эргээд өөрсдийг нь бухимдуулах шалтгаан болдог юм. Бидний хувьд хүүхэд байхаасаа л төлөвлөгөө гаргах гэдэг зүйлд суралцаагүйгээс болоод үүнийг үл тоодог. Энэ жил шинэ оны баяр, Цагаан сартай нэлээд ойрхон байсан учраас санхүүгийн дарамт ард иргэдэд илүү их мэдрэгдэж байгаа. Уг нь бүтэн жилийн өмнөөс дараа жилийн цагаан сар хэзээ болох нь тодорхой болчихдог болохоор хүмүүс хэдэн төгрөгийг юунд зарцуулахаа тооцоолж аажмаар өөрсдийгөө хүндрэлгүйгээр бэлдэх ёстой л доо.

-Цагаан сарын баяраар ялангуяа өндөр настнуудад мөнгөний хэрэгцээ илүү их байдаг гэж хүмүүс ярьдаг.

-2017 онд хийгдсэн судалгаагаар 30-аас доош насныхны 15 хувь нь, 30-45 насныхны 55 хувь нь, 45-аас дээш насныхны 95 хувь нь Цагаан сарын баярыг тэмдэглэдэг гэсэн судалгаа гарсан. Үүнээс үзэхэд, 45-аас дээш насны бүх хүмүүс зөвхөн өөрсдийнхөө олсон орлогоор баярын бэлтгэлээ хийдэггүй. Ялангуяа тэтгэвэрт гарсан иргэдийн гэр бүлийн бүх гишүүд Цагаан сарын баярын бэлтгэлд оролцдог. Тэгэхээр баяр нь зөвхөн 30-аас дээш насныханд дарамт болоод байгаа юм уу гэхээр бас үгүй. Учир нь Ардчилал гарснаас хойш өндөр настантай мөнгө барьж золгодог жишиг тогтчихоод байгаа. Энэ нь нэг талаараа хөгшчүүдэд гаргасан зардлаа нөхөх боломж олгож байгаа ч залуучуудад уг зардал нь Цагаан сарын баярыг бие даан тэмдэглэсэнтэй дүйцэхүйц нөлөөлдөг. Сүүлийн үед Цагаан сарыг уламжлалт баяр бус дарамт гэж хүлээж авах хүмүүс их болоод байна. Магадгүй тухайн жил нь ямар нэгэн байдлаар энэ баярыг тэмдэглэхгүй байх нь тэдний хувьд баярлууштай үйл явдал мэт. Тэгэхээр энэ баярыг дарамт болтол нь хавтгайруулж тэмдэглэх шаардлага байгаа үгүйг бодох хэрэгтэй. Маргааш хэрэглэх хоолны мөнгөгүй байж зээл тавин байж, бүх мөнгөө зарцуулан Цагаан сарыг тэмдэглэдэг. Гэтэл баярын дараа хоосон хонохоор хэмжээний айлууд бодит амьдрал дээр зөндөө бий.

-Дараа нь өлсөхөө мэдсээр байж яагаад Цагаан сард хамаг юмаа зориулдаг юм бол?

-Үүнийг хэрэгцээний шатлалтай холбож тайлбарлавал, хүнд үндсэн таван хэрэгцээ байдаг. Нэгдүгээрт, физиологийн хэрэгцээ орно. Хооллох, унтах, бэлгийн хэрэгцээ нь хангагдаж байж дараагийн хэрэгцээ нь нөхөгддөг. Хоёрт, аюулгүй байдлын хэрэгцээ гэж бий. Үүнд хүнийг айдас, түгшүүргүй амьдруулах бүх зүйл багтана. Хоол хүнсээр дутагдахгүй байх нь үүнд мөн хамаарна. Гуравдугаарт, нийгмийн хэрэгцээ буюу хайрлуулах багтана. Өөрөөр хэлбэл, ганцаардахгүй, хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөн амьдрахыг хэлээд байгаа юм. Үүний дараа өөрийгөө хүндлэх, хүндлүүлэх хэрэгцээ багтдаг. Энэ нь бусдаар өөрийгөө хүндлүүлэх, нэр хүндтэй байх, амжилтад хүрэх, бусдаар магтуулах зэргийг хэлж болно. Хамгийн сүүлд өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ ордог. Үүнээс харахад нийгмийн хэрэгцээ болон өөрийгөө хүндлэх хоёрт иргэд түлхүү анхаарлаа хандуулж, өдөр тутамд ашиглагддаг аюулгүй байдал, физиологийн хэрэгцээндээ анхаардаггүй. Магадгүй түрээсийн байранд байгаа, дараа сарынхаа түрээсийн мөнгийг хойшлуулан Цагаан сараас шалтгаалан зээл тавин баяраа тэмдэглэж аюулгүй байдлаа эрсдэлд оруулдаг хүмүүс олон. Суурь хэрэгцээгээ алдагдуулан байж үүн рүү тэмүүлээд байгаа нь өөрийгөө хүмүүсээр хүндлүүлэх, хэн нэгэнд гадуурхагдалгүй хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хэрэгцээнд туульширч байгаатай холбоотой.

-Бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэсэн сэтгэл зүй нь монголчуудад яагаад илүүтэй давамгайлаад байгаа юм бэ?

-Уг нь хүүхдэд нийгмийн хэрэгцээ 12 настайгаас нь эхлэн үүсдэг бөгөөд энэ нь хамт олон, найз нөхөдтэйгөө ойр байхаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд үерхэл нөхөрлөлөөр дамжуулан хамт олон дундаа байр суурьтай байх гэж оролддог. Гэтэл монголчууд хүүхдийнхээ эрх чөлөөг боогдуулж, үерхэл, нөхөрлөлийг нь хүртэл хязгаарладаг. Энэ байдлууд нь хүнд нийгмийн хэрэгцээгээ хангаж чадахгүй нөхцөлийг бүрдүүлж өгдөг бөгөөд өөрийн үнэлэмжийг нь алдагдуулдаг. Үүнийгээ ямар нэгэн байдлаар нөхөх гэж оролдох хэлбэр нь хэн нэгэнтэй өрсөлдөх, нэгнээсээ илүү гарах гэж оролддог байдлаар илэрдэг.

-Тэгэхээр ууцны том жижиг, буузны их багаар өрсөлдөх нь ч гэсэн үүнтэй холбоотой гэж ойлгож болох уу?

-Ууц, бууз, тавгийн чихэр, идээгээрээ өөрийгөө илүү гэдгээ бусдад харуулах, эсвэл манай гэр бүл энэ жил их сайн байсан гэдгээ илэрхийлэх гэсэн нэг оролдлого нь болж хувираад байгаа юм. Өөрөө өөртөө сэтгэл ханамжтай байхаас илүү бусад хүмүүс намайг юу гэж харж, бодох бол гэсэн сэтгэл зүй нь нийгэмд зонхилчихоод байна гэж харагдаад байгаа. Бас нийгэмд инфляци унаад ирэхээр хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө их гарч ирдэг. Ингэснээр мөнгөний үнэ цэнэ унаж, иргэд ядуурдаг. Ийм байх тусам хүмүүсийн сэтгэл зүйд ядуугаа нууж, далдлах гэсэн хүсэл бий болдог. Сүүлийн жилүүдэд сувинерийн дэлгүүр нэмэгдсэн нь хээнцэр зүйлээр муугаа далдлах гэсэн иргэдийн оролдлоготой холбоотой. Тэгэхээр баярыг өргөн дэлгэр тэмдэглэх гээд байгаагийн цаана ядуу гэдгээ нуух гэсэн үйлдэл оршиж байгаа гэж харж болно.

-Хүн энгийн амьдрахын тулд яах ёстой юм бэ?

-Хүн юунаас хамааралтай байгаа вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Сэтгэл зүй тогтворгүй болж, асуудалд орох үед хүн ямар нэгэн зүйлд донтох буюу аливаад хамааралтай болдог. Зарим хүмүүс дэлгүүр хэсэж хэрэггүй зүйлд мөнгөө зарцуулдаг бол зарим нь нэг хүнээс хамааралтай болж, ажилдаа улам шаргуу болно. Мөн бусдын юу ярих, нийгэм ямар зүйлд анхаарлаа төвлөрүүлж байгааг илүү анхаарч эхэлдэг. Энэ байдлаасаа татгалзах шаардлагатай. Хэн нэгний чиг хандлагад автан улайрах тусам өөртөө итгэлгүй болж, бусадтай өөрийгөө харьцуулдаг. Тэгэхээр материаллаг хэрэгцээн дээр суурилсан сэтгэл зүйн асуудлаа шийдэх нь зөв. Ингэснээр өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, түүнээсээ аз жаргал мэдрэх болно.

-Энэ надаас илүү гарчихлаа, би яахаараа чаддаггүй юм гэхчлэн өөрийгөө бусадтай харьцуулдаг шүү дээ.

-Уг үйлдэл нь өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхгүй байгаатай л холбоотой. Энэ нь эргээд өөрийг нь бухимдуулж, стресстүүлээд байгаа юм. Бусдын өмнө хүлээн зөвшөөрөгдөхөөс илүү өөртөө сэтгэл ханамжтай байх нь чухал. Заавал өр зээл тавьж бус өөрийнхөө чадлын хэрээр энэ баярыг ёслон тэмдэглэх нь зөв. Хэрэв энэ үзлийг түгээж чадвал хүмүүст түгсэн буруу үзэл хандлагыг засч болно. Өөрийгөө танин мэдээгүй хүмүүс л бусдаас илүү гарах гэж харьцуулж байдаг юм. Үүнээсээ болоод өөрсдийгөө мөнгөний дарамтад оруулдаг зүйлүүдэд ачаалал өгч байдаг.

-Сүүлийн үед монголчуудын сэтгэлгээнд ажиглагдаж байгаа түгээмэл алдаа юу байна вэ?

-Бид хүнээс заавал хариу авч байж тусална гэж үзээд байдаг. Хэн нэгэнд тусалснаар ямар нэгэн хариу ирнэ гэдэг сэтгэл зүйн хүлээлттэй болчихоод байгаа. Энэ нь мөн Цагаан сарын баярын бэлтгэл дээр ажиглагддаг. Би энэ хүнд бэлэг өгч, сэтгэл гаргасан учраас эргээд надад бэлэг өгөх ёстой гэдэг байдлаар ханддаг.

-Баярын өдрүүд дөхөх тусам гэмт хэргийн гаралт улам нэмэгддэг. Үүнийг сэтгэл зүйн талаас нь тайлбарлаж болох уу?

-Хулгай хийдэг хүнийг аваад үзвэл, баяр дөхөөд ирэхээр хүмүүс гар дээрээ бэлэн мөнгө ихтэй явдаг. Тэр тусмаа хөгшид болон хөдөө орон нутгаас ирж байгаа хүмүүс бэлэн мөнгөтэй явж, зах, худалдааны төвүүдээр үйлчлүүлдэг. Тэгэхээр энэ нь хулгайчдын хувьд олз болон хувирдаг юм. Харин дээрэм, танхай, хүчингийн болон хүний амь насанд аюул учруулсан хэргүүд нь архидалттай шууд хамааралтай. Баяр болох гэж байна, баяр болчихлоо гэж хэт их архи ууснаас болж гэмт хэрэг үйлдэх, өртөх эрсдэл улам нэмэгддэг. Хүмүүст томоохон баярууд нь мөнгөний дарамт болсноос аймшигт хэргүүд нэмэгддэг байж болох талтай. Түүнчлэн хамт олон, найз нөхөд, удаан уулзаагүй хүмүүсийн уулзах хэв шинж нь архиар илэрдэг. Ер нь Цагаан сарыг архигүй тэмдэглэдэг болчиход болохгүй зүйлгүй.

-Гэхдээ нэг үеэ бодоход баярын өдрүүдээр архины хэрэглээ багассан юм шиг харагдаад байгаа?

-Энэ нь бүс нутгаасаа хамааралтай. Мөн нийгмийн ямар давхаргад байгаагаас шалтгаалан архины хэрэглээний их, бага нь тодорхойлогдоод байна. Хүмүүсийн амьдрал дээшлээд ирэхээр аливаа зүйлд хандах хандлага нь хүртэл өөрчлөгддөг. Гэвч одоо хэрнээ хотоос зайдуу захын хорооллуудаар болон алслагдсан сумдад хавтгайрсан архидалт хэвээрээ байгаа.

-Баярын үеэрх нийгмийн сэтгэл зүйг тодорхойлооч?

-Цагаан сараар хэн нэгнээр хүндлүүлдэг учир ихэнх хүмүүс баярыг заавал тэмдэглэх ёстой гэж үздэг. Тэгэхээр баярын үеийн энэ сэтгэл зүйг бараг л өөрчлөх боломжгүй. Баярын өмнө хүмүүс хэн нэгэнд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэсэн ойлголтоор баяртаа бэлддэг бол баярын үеэр амжилтад хүрсэн, эсвэл сайхан амьдарч байгаагаа хэн нэгнээр хүлээн зөвшөөрүүлж байгаа болохоор сэтгэл ханамжтай болдог. Гэтэл баярын өмнө болон баярын үеэр гарч ирсэн санхүүгийн бэрхшээл нь баярын дараа дарамт болж улам стресстүүлдэг. Баяраас авч байгаа сэтгэл ханамж нь удаан үргэлжлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

Шийдэм одтой, шарагчин туулай өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 11, Сумъяа гариг. Билгийн тооллын 6, Шийдэм одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 8:03 цагт мандан, 18:07 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Шинжлэх ухааныг онцолсон Ерөнхийлөгчийн уриалга харанхуйд гэрэл гялбаах шиг боллоо” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Шинжлэх ухааныг онцолсон Ерөнхийлөгчийн уриалга харанхуйд гэрэл гялбаах шиг боллоо” хэмээн өгүүлжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Цэнгэлбаяр: Хүчирхийллийн хэрэг даваа, мягмар, пүрэв гаригуудад ихэвчлэн үйлдэгддэг хэмээн “Цаг үе, үйл явдал” нүүрт өгүүлэв.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн З.Нарантуяа: УИХ дахь АН-ын гишүүд цаашид зөвлөлийн статустайгаар ажиллана гэв.

“Аспайр майнинг” Хөвсгөлд 560 км авто замын бүтээн байгуулалт өрнүүлэх нь хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүллээ.

“Баримт, үйл явдал” нүүрт Б.Билгүүн: Цагаан сарын үеэр архи, согтууруулах ундаатай холбоотой дуудлага гурав дахин ихэссэн гэжээ.

“Дэвжээ” нүүрт Сар шинийн барилдаанд Р.Пүрэвдагва анх удаагаа түрүүлэв хэмээжээ.

Д.Трамп, Ким Жөн Ун нар Ханойд уулзана хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

“Энэ тухай” нүүрт Цахилгаан хөдөлгүүр, генераторын засвар үйлчилгээний “Мон-Цахим” ХХК Улаанбаатар хотод салбараа нээлээ гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ