Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сургуулийн захирлыг шүүх хурал хойшлов

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх болон дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан үндэслэлээр саатуулсан.

Түүнд холбогдох авлигын хэргийг өнөөдөр /2019.02.12/ БЗД, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.30 цагаас хэлэлцсэн ч шүүгдэгчийн өмгөөлөгч хурал давхцсан шалтгаанаар шүүх хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 10.30 цаг хүртэл хойшлуулжээ.

Categories
мэдээ спорт

Сагсанбөмбөгийн 3 онооны шидэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Сагсанбөмбөгийн 3 онооны шидэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-д оролцох мэргэжлийн 21 тамирчдын нэрс тодорлоо.

Тус тэмцэээн 2019 оны хоёрдугаар сарын 14-нд болох бөгөөд ур чадвараа сорих тамирчдад МСБХ-ноос урилга тараах юм. Нэр дэвшсэн шилдэг тамирчид үзэгч дэмжигчдийнхээ итгэл , өгсөн саналыг нь хүндэтгэн ихэд хичээн ялалт байгуулахын төлөө зүтгэнэ хэмээн уг урилгыг хүлээн авсаар байна.

Харин сонирхогчдын шидэлтийн тэмцээний бүртгэл явагдсаар байгаа бөгөөд 94515494 дугаарт холбогдон бүртгүүлэх боломжтой. Мөн сонирхогчдын ангиллын эхний шат 2019 хоёрдугаар сарын 13-нд болох бөгөөд тухайн өдрөө бүртгүүлээд оролцож болно.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Параглайдингийн тэмцээн болно

Параглайдинг бол хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг ашиглан чөлөөт нислэг хийдэг спорт юм. Далавч хэрэгсэл нь 11-22 кг байх тул бүхий л хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд хүссэн газартаа очин нисэх боломжийг олгодог. Параглайдингийн спортоор олон янзын түвшинд хичээллэж болно. Хэдэн мянган метрийн өндөрт гарч, хэдэн зуун километрийн зайд нисч болдог. 2018 онд параглайдераар 564 км ниссэн дэлхийн дээд амжилт бүртгэгдсэн байна.

Параглайдингийн үүслийг Сэргэн мандалтын үед Леонардо да Винчигийн зурсан шүхрийн таталбар зургуудтай холбож үздэг. Дэлхийн II дайны үед шүхрийг өөрчилж сайжруулах оролдлогууд хийгдэж байсантай мөн холбодог. 1980-аад онд далавчны дизайныг сайжруулан халин нисэх боломжтой болсноор 1990-ээд онд олон улсад хамгийн их түгсэн байна.

Энэхүү гайхалтай спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд зохион байгуулагдах “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Параглайдингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болно.

Монгол Улсад анх 1996 онд нэвтэрч байсан тус спорт 2013 оноос хойш эрчимтэй хөгжин Монголын ханглайдинг, параглайдингийн нийгэмлэгийн тамирчид сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Тус спортоор суралцахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд Монгол Параглайдинг Клубын туршлагатай нисэгчид анхан шатны сургалтыг явуулдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Шалгалтад 80 обьектыг хамруулж, 465 зөрчил илрүүлжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтад есөн дүүргийн нийт 80 обьектыг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 465 зөрчил илрүүлжээ.

Эдгээр зөрчлийн 75 буюу 16.1 хувийг газар дээр нь арилгуулж, бусад 294 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн эрх зүйн баримт бичгүүдийг байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, нийт 213 зөрчил буюу 78.5 хувийг арилгуулан ажилласан байна.

Мөн 46 байгууллагын нийт 3650 гаруй хүнд гамшиг болон галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын сургалт зохион явуулж, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа

Categories
мэдээ спорт

“Болд сан”-ийн нэрэмжит шайбтай хоккейн тэмцээн боллоо

“БОЛД САН”-ийн нэрэмжит шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-10-ны өдрүүдэд Дархан хотноо дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд Дархан, Шарын гол, Улаанбаатар хотын нийт найман багийн 100 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөнбайна.

Цомын эзнээр Улаанбаатар хотын С.Өлзийбаяр ахлагчтай Жалам хар баг шалгарсан бол Хоёрдугаар байрыг Шарын гол сумын Г.Мөнхтулга ахлагчтай Золбоот тамирчид баг, Гуравдугаар байрыг Сэлэнгэ аймгийн Б.Алдармөнх ахлагчтай Бугант багийн тамирчид тус тус эзэлжээ.

Мөн шилдэг хаалгачаар Б.Дашням, Шилдэг довтлогчоор Ц.Шинэбаяр, Шилдэг хамгаалагчаар Б.Батбаясгалан нар шалгарсан юм.

Шагнал гардуулах үеэр “Болд Сан”-гаас Баг тамирчдад Хоккейн хувцас, хэрэглэлийг гардууллаа. Монгол Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан 2016 оноос эхлэн аавынхаа нэрэмжит шайбтай хоккейн нээлттэй тэмцээнийг Дархан-Уул аймагт явуулж эхэлжээ. Дархан хотын хүүхэд залуусын урлаг, спортын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Лувсангийн Болд нь спортод элэгтэй нэгэн байсан гэдгийг Дарханы иргэд хэлжбайсан юм.

Энэ удаагийн тэмцээнд Олон улсын хэмжээний мастер тав, Монгол Улсын Спортын мастер цолтой 40, спортын 1 дүгээр зэрэгтэй 60 гаруй тамирчид оролцсон нь тус тэмцээн жил ирэх тусам улам өргөжиж буйг илтгэж байна гэж аймгийн Хоккейн холбооны тэргүүн М.Жаргалсайхан онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Сайд Д.Сумъяабазар “Петротек 2019” олон улсын чуулга уулзалтад оролцож байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Энэтхэг улсын Шинэ Дели хотноо энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Петротек” газрын тос байгалийн хийн олон улсын чуулга уулзалтад оролцож байна.

Чуулга уулзалтад оролцох үеэрээ сайд Д.Сумъяабазар тус улсын ерөнхий сайд Н.Модид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав. Мөн БНЭУ-ын нэг тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар шийдвэрлэснийг уламжлан төслийн хэрэгжилт, ойрын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөж буй ажлуудыг товч танилцууллаа.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Энэтхэг улсын Газрын тос, Байгалийн хийн сайд Дармендра Прадхан, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Вижей Такур, “Экзим Банк”-ны Ерөнхий менежер Надим нартай тус тус уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажил амжилттай хэрэгжиж буй талаар ярилаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхийг сонгох тендерийг хоёр улсын хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу БНЭУ-ын “Эксим” банкнаас урьдчилсан сонгон шалгаруулалт зохион байгуулж, “Инженерс Индиа Лимитэд “ компани шалгарсан бөгөөд тус компани манай улсад төлөөлөгчийн газраа нээн ажиллуулахаар болов.

Түүнчлэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитэд” компанийн хооронд хамтран ажиллах тухай Санамж бичгийг үзэглэлээ.

“Петротек 2019” олон улсын хуралд газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалтын сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын 6000 гаруй аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсны зэрэгцээ дэлхийн 27 улсын Засгийн газрын гишүүн, сайд нар оролцож, 20 орчим салбар хуралдаанд өөрсдийн санал бодлыг хуваалцав.

Айлчлалын үеэр сайд Д.Сумъяабазар “Хиндустан Петролиум”, “ОНГС”, “Палуужи энд Шапунжи” зэрэг компаниуд болон Дханбад дахь Энэтхэгийн Технологийн Их Сургуулийн Уул уурхайн сургуулийн удирдлагуудтай уулзаж, Монголын оюутан суралцагчдыг Энэтхэг улсад газрын тосны гүн боловсруулалтын чиглэлээр сургаж, бэлтгэх асуудлаар хамтарч ажиллахаар санал солилцов.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монголчууд өмнийн цэнхэр говьдоо “Сентоза арал” бий болгох бүрэн боломжтой

Монголчууд утаа, хүйтэн хоёроос дайжиж гадагшаа явах болсон. Хавай, Хайнань, Дубай, Тайланд, Сингапур, Вьетнам гээд халуун дулаан орнуудын далайн эрэг монголчуудаар дүүрэн байна. “Монгол аялал”, “Тэнгэр тревэл”-ээс аваад энэ чиглэлийн аялал жуулчлалын компаниуд ч олон болжээ.Хавайд тав хоноход нэг хүний онгоцны зардал буудлын мөнгөнд 3850 доллар буюу монгол мөнгөөр 10 гаруй сая төгрөг зарцуулагдаж байна. Хайнаньд долоо хоноход хоёр сая гурван зуун мянга, Тайландад найман өдөр болоход гурван сая нэг зуун мянга, Дубайд зургаан өдөр болоход хоёр сая найман зуун тавин мянган төгрөг дунджаар болж байна. Хувьдаа бизнес эргэлдүүлдэг нөхдүүд, мөн төрийн албан хаагчид дээрх орнуудад очоод далайн эрэг дээр наран шарлагын газар амарч байна. Мэдээж улстөрчид, эрхтэн дархтанууд, томоохон бизнесмэнүүд, тэдний үр хүүхэд гэр бүлийг нь хэлэхэд илүүц биз. Өнөө жилийн хувьд сургуулийн хүүхдүүдийн амралт ч багагүй урт хугацаатай байсан. Ер нь боломжтой нэг нь гэр бүлээрээ гадагшаа явах болжээ. Манай сонинд дадлага хийгээд гүйж явсан оюутан охин гэхэд Тайландын арал дээр хэвтчихээд жаргалтай нь аргагүй зургаа сошиалд тавьж байх жишээний. Үнэндээ биднээс бусад нь гадагшаа явчихаж байгаа юм биш үү.

Утаа, хүйтэн хоёроос дайжин халуун дулаан орныг нүүдлийн шувууд шиг зорих нь зөв. Хэн ч гэсэн өөрт таатай газарт аз жаргалтай, сэтгэл амар ганц ч болов өдрийг өнгөрүүлэхийг бодно. Улаанбаатарын утаанд бөглөрч тагларч, ханиад хамуундаа баригдаж, уур бухимдалдаа идэгдэж, хатуухан хэлэхэд амь насаараа дэнчин тавьж амьдрах үнэндээ аргагүй болоод байна. Тэгвэл цаашид энэ хэвээрээ байж, хэн хүнгүй төрийн толгойд гарсан улстөрчдөө элдэв дээдээр зүхэж, Улаанбаатарт амьдрах эцэсгүй болсноо гайхаж утаа, хүйтэн хоёроос зугтан дайжаад байх уу. Монголчууд минь одоо нэн даруй өмнийн цэнхэр говьдоо “Сентоза арал”-ыг бий болгох цаг нь болсныг дахин сануулъя.

Улаанбаатараас зургаан зуу гаруйхан километрийн зайд орших Ханбогдод хот байгуулах тухай “Өдрийн сонин” өмнө нь бичиж байсан. Мөн “Арал худалдаж авъя”, “Монголдоо дулаан арал бий болгоё” ч гэж хүртэл бичиж байсан. Харин одоо Ханбогдын цэнхэр говьд “Сентоза арал”-ыг цогцлоон босгох цаг нь ирсэн байна. Сингапурт байдаг тайван амирлангуйн илэрхийлэл болсон Сентоза арлыг манайхан мэднэ. Хогийн цэг байсан тэр газарт дэлхийн аялал жуулчлал, зугаа цэнгэлийн хамгийн том хотыг босгосон түүхтэй. Далай нь үл мэдэг зөөлөн давалгаалсан, уур амьсгалын хувьд маш таатай газарт баригдсан тэнгэрийн диваажин гэгддэг. Дэлхийн сая сая хүмүүс Сентоза аралд амрахаар зорин ирдэг.

Харин монголчууд бид ийм л диваажингийн арлыг өмнийн цэнхэр говьд бий болгох бүрэн боломжтой. Үүнийг Монголын толгой бизнесмэнүүд хамтарч хийх хэрэгтэй. Мэдээж төр засгийн зүгээс бодлогоор дэмжих ёстой. Хамгийн гол зүйл татварын хөнгөлөлтөөр л дэмжлэг үзүүлчихэд болоод явчих нь тэр. Өнөөдөр улс төрийн хүрээнд 30 гэр бүл гээд яригдаад байдаг. Монголын баялагийг энэ 30 гэр бүл цөлмөөд дууслаа гэж төрийн тэргүүн нь ч ард түмэн нь үзэн ядаад байгаа. Тэгвэл тэр 30 гэр бүл нийлээд “Өдрийн сонин”-ы зүгээс санаачилж буй өмнийн говьдоо аз жаргалын, диваажингийн хот босгох энэ уриалгыг дэмжих хэрэгтэй байна. Ад үзэгдээд байгаа 30 гэр бүлийн дэмжлэг үүнд чухал. Ард түмнийхээ сайн сайхан амьдралд тодорхой хэмжээгээр тус дэм болохгүй болохоор монголчууд бид баян цатгалан хүмүүсээ үзэж чадахгүй, хөрөнгийг нь хураа, шоронд хий гэж аргаа баран давчдан орилоод байгаа юм.

Дэлхийн тэрбумтан Билл Гейтсийн хөрөнгийг хураана гэж хэзээ ч ярьдаггүй биз дээ. Билл Гейтс хүмүүсийн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд өөрийн хөрөнгийг зардаг болохоор хүн төрөлхтөн түүнд хайртай байдаг. Юун хөрөнгийг нь хураах, харин ч хөрөнгө мөнгө илүү олж олон түмэнд туслаасай гэж боддог. Тэгэхээр мөнгөтэй хүмүүс мөнгөө хав дараад хэвтчих биш, сейфиндээ хийгээд юм уу, оффшорт хадгалуулаад мартчих биш ард түмнийхээ ахуй амьдрал, улс орныхоо ирээдүйд тус нэмэр болж байх хэрэгтэй. Энэ нь таны нэр хүнд болоод амьдралд ч эерэг сайхнаар нөлөөлж таарна. Тийм болохоор Монголын баячууд, уул уурхайн бизнес хийж буй эрхмүүд, ер нь мөнгөтэй хөрөнгөтэй, улс орноо гэсэн чин зүрхтэй хүмүүс нэгдэн нийлж Ханбогдыг газрын диваажинг бий болгоё.

Өмнийн говийн Ханбогдод хот байгуулахад нэг их сүрхий юм шаардагдахгүй. Тэртэй тэргүй тэнд хөрс суурь нь байгаа. Идэр есийн хүйтэнд хасах 40 хэм даваад тас няс хийж байхад Ханбогдод ердөө л хасах арваадхан хэмийн хүйтэнтэй байх жишээний. Энэ жилийн хувьд Ханбогд, Галбын говь тийшээ бараг хасах хэм рүү орж хүйтэрсэнгүй. Улаанбаатарт жавар тачигнаж байхад тэнд нэмэх хэмтэй налайж байна. Уур амьсгалын ийм алтан боломж Ханбогдод байна. Дээрээс нь газрын доорх баялаг нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Оюу толгой компани тэнд үйл ажиллагаа явуулдаг. Мөн Таван толгойг түшиглэсэн орд газрууд байна. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор ч юм уу, эсвэл Цагаан суваргын орд гээд олон газрууд эргэн тойронд нь байна. Равжаа хутагтын энергийн төв болох Дэмчигийн хийд Ханбогдод байна. Энэ бүхэн чинь Ханбогдод “Сентоза арал” бий болох боломж бололцоо бүрэн дүүрэн байгаа гэдгийг гэрчлээд байна. Төмөр зам тавих хэрэгтэй, засмал замаар бүрэн хангах хэрэгтэй. Дэд бүтэц, инженерийнх нь асуудлыг мэргэжлийнх нь хүмүүс ядах юмгүй тооцоолоод гаргаад ирнэ.

Монголын том гол мөрнүүдийн урсацыг Ханбогд руу татах ажил хийгдэнэ. Гол мөрний урсацын 30 хувийг дотооддоо ашиглах тухай НҮБ-ын конвенцид бий. Хиймэл нуур, хиймэл арал байгуулж таарна, нарны энергиэр дулаан бий болгоно. Ингээд л Улаанбаатарын хасах 40 хэмийн хүйтэнд нэмэх гучин хэмийн дулаантай амралт зугаалын төв, нэгэн сайхан хот өмнийн говьд бий болж байгаа юм. Ханбогд гэсэн нэр хаягтай галт тэрэг Улаанбаатарын өртөөнөөс зорчигч дүүрэн хөдлөөд л, хажуугаар нь жуулчдын компанийн том том автобусууд мөн дүүрэн зорчигчтой өмнийн говийг зориод л.

Арваннэгдүгээр сарын эхэн гээд л хөгшчүүл Ханбогд руу хөдөлж, араас нь хүүхдүүд, ач зээ нар нь аав ээжтэйгээ жижиг тэргээр сүнгэнээд л очиж байх ийм дүр зураг ойрхон байна. Энэ бүхэн үлгэр биш ээ. Монголчууд бид өнөөдөр л зориглож хот босгож, аз жаргалын арал бий болгохгүй бол ирэх он жилүүдэд ахиад л мөнхийн утаа униартайгаа зууралдаж, ханиад томуу цар тахлын хэмжээнд очиж, мөнгөний урсгал гадагшаа чиглэж, утаандаа дарагдсан, түгжээндээ баригдсан, уур бухимдал дээд цэгтээ хүрсэн, мөнгөтэй нэгнээ үзэн ядсан, 76-гаа хараан зүхсэн, нийгмийн сэтгэл зүй хурц хэлбэрт шилжсэн, яахаас ч буцахгүй залуучуудаар дүүрсэн ийм л байдалтай байна. Тэгэхээр төр түмэнтэйгээ нийлж хөдлөөд амралт зугаалгын том хотыг бүтээн байгуулъя. Зөвхөн монголчууд гэлтгүй Алс дорнод Сибирийнхэн ирж амарч байг, Алтайн нуруу дагасан Төв Азийн хүйтэн уур амьсгалтай Казахстан зэрэг орнуудаас захиалга өгөөд баячууд нь ирж амарч байг. Казино байгуулах нь зүйн хэрэг. За тэгээд морин уралдаан, тэмээн пологоос аваад дэлхийн томоохон арлуудад байх бүх л цэнгээн наадааныг бий болгож их мөрөн шиг эргэлдэх мөнгөний урсгалыг татах учиртай. Сибирийн тайгын баячууд дүн өвлийн хүйтнээр зорин ирж далайн эрэг дээр нарлан олон одтой буудлуудад тухална байлгүй.

Өвгөд хөгшид минь өнөөдөр Цагаан сарын ул боовны төлөө л золгүйгээр алтан амиа алдаж байна. Монголын үнэн нүүр царай ийм л байна. Насны хишиг нэртэй таван төгрөгөө авах гэж ахмадууд өдөржин шөнөжин оочерлох биш, галт тэргэнд сууж очоод наран шарлагын Ханбогд арал дээрээ налайж суухыг хармаар байна. Утаанд зарсан 800 тэрбум нэртэй боловч их наядаар хэмжигдэх тэр их мөнгө, ард иргэдийн эрүүл мэнддээ зарж байгаа энэ их мөнгөний урсгал, халуун орнууд руу нүүдлийн шувуу шиг зэллэн зарж байгаа мөнгөний урсгалаа одоо зогсоож, өмнийн говийн ганцхан халуун цэг Ханбогдод хуримтлуулж аз жаргалын диваажинг хамтдаа байгуулъя.


Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 12-нд болох үйл явдал

09.00 цагт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд “Эрдэнэс-Тавантолгой–Инноваци, Үйлдвэрлэл” зөвлөгөөн болно. Утас: 99897061, 99864014

10.00 цагт Гандантэгчэнлин хийдэд Эрдэнэ Зая Бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний VII дүр таалал төгссөн талаар Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшиг дацангийн лам нар мэдээлэл хийнэ. Утас: 88081261, 88048481

11.00 цагт Засгийн газрын XI байранд Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон судлаачид хамтран боловсруулсан агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах төслөө танилцуулна.

11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулна.

11.40 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МҮЭХ-г шинэчлэн зохион байгуулах түр хорооноос мэдэгдэл хийнэ. Утас: 95011133

Categories
мэдээ цаг-үе

З.Нарантуяа: УИХ дахь АН-ын гишүүд цаашид зөвлөлийн статустайгаар ажиллана

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-Танд Сар шинийн мэнд хүргэе. Сар шинэдээ сайхан шинэлэв үү. Та хамгийн түрүүнд хэнийдээ очиж золгодог вэ?

-Баярлалаа, сайхан шинэллээ. Хамгийн түрүүнд хадам ээждээ очиж золгодог. Нөхрийн маань аав олон жилийн өмнө бурхан болсон ч эцгийн гал голомт гэж хүндэтгэн хамгийн түрүүнд заавал очдог.

-Цагаан сар бол монгол түмний өв уламжлалыг хадгалсан сайхан баяр гэж боддог. Таны хувьд Цагаан сарын тухай ойлголтоосоо хуваалцахгүй юу. Энэ баяртай холбоотой бага насныхаа сайхан дурсамжаас хуучлаач?

-Тийм ээ, Цагаан сар бол монголчууд бидний өв уламжлалыг хадгалсан, ураг төрлөө мэдэлцдэг, ахмадаа хүндэтгэдэг хамгийн сайхан баяр. Одоо цагт чинь бүгд л цаг завгүй байдаг болохоор жилдээ Цагаан сараар л нэг уулзацгааж байна шүү дээ.

-Сар шинийн өмнө та тойрогтоо ажиллаад ирсэн. Иргэд олон ямар яриа хөөрөөтэй таныг угтав. Улс төрийн үймээнд ард иргэдийн бухимдал их байх шиг санагдсан?

-Жил бүр Цагаан сарын өмнө тойргийнхоо бүх сум, багуудаар орж иргэд, сонгогчидтойгоо уулзаж, ажлын тайлангаа тавьж, санаа бодлыг нь сонсдог юм. Тэр уламжлалаараа энэ жил Сар шинийн өмнө энэ ажлаа амжуулаад ирлээ. Өнгөрсөн жилийг бодоход цаг агаар хэт хүйтрээгүй, цас бага унасан, малчдын хувьд өнтэй сайхан өвөл боллоо. Тиймээс мал нь тарган, ноолуур, махны үнэ харьцангуй өндөр байснаас өрхийн орлого дажгүй байна гэцгээж байна. Малчид малын гаралтай түүхий эдийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг л орон нутагт бий болгож өргөжүүлэхэд анхаараасай гэдэг үгийг л их хэлж байна.

-УИХ-ын даргаар Г.Занданшатар томилогд-лоо. Г.Зандаршатар даргыг та хэрхэн үнэлж дүгнэдэг вэ. УИХ-ыг даргалах чадамжтай гэж үзэж байна уу?

-Улстөрчийн хувьд УИХ-ын даргыг хийчих хэмжээнд бэлтгэгдсэн байх аа гэж бодож байна. УИХ-д гурван ч удаа сонгодсон, Засгийн газрын гишүүн сайд хийж явсан туршлагатай хүн.

-УИХ-ын даргыг сольчихоор МАНАН арилчих юм шиг ойлголттой хүмүүс их байна. Үнэхээр ганц хүнийг огцруулаад МАНАН үгүй болох уу?

-МаНаН гэдэгт нам хамаарахгүй улс төр, бизнес, хуулийн байгууллагын төлөөлөл бүхий бизнес, эдийн засгийн хувьд ашиг сонирхол нэгтэй, энэ ашиг сонирхлоо хамгаалахын тулд шийдвэр гаргах түвшинд буюу УИХ, хууль хүчний байгууллага, Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөллөө тогтоосон бүлэг хүмүүсийг хамааруулж ярьж байна гэж би ойлгож байгаа. Энэ утгаар нь хэд хэдэн бүлэг буюу нийтээрээ ярьж тогтсоноор бүлэглэлүүд байна гэдгийг улстөрчид, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хэвлэл мэдээллээр нээлттэй зарлаад байгаа. Үүнийг нотлох үндэслэл бүхий судалгаа байгаа учраас хэлж байгаа байх. Уул уурхайн баялгийн хуваарилалт, эзэмшлийн тухайд эрх бүхий байгууллагын хийсэн судалгаанаас харахад ийм төрлийн ашиг сонирхол нэгтэй хамаарал бүхий этгээдүүд байна гэж харж болохоор байгаа. Тиймээс ийм бүлгүүдийн хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэл гүнзгийрч, газар авсныг өнгөрсөн үйл явдлууд харуулав уу даа гэж мэргэжлийн хуульчийн хувьд дүгнэж байна. Тиймээс МАНАН-г арилгана гэвэл эхлээд ямар бүлэглэлүүд байгаа, хэрхэн яаж ажилладаг схемийг нь зөв ойлгож, хэн хэн бүлгүүдээ төлөөлж, тэдний нөлөөллийг хэрэгжүүлээд байгааг шалгаж тогтоох хэрэгтэй.

Үүнийг мэдээж хуулийн байгууллагууд өөр өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хийх үүрэгтэй. Хуулийн байгууллагыг бие даасан, хараат бус байдлаар ажиллах боломжоор хангахаас энэ ажил эхлэх ёстой. Хуулийн байгууллагууд нөлөөнд автдаггүй бол үүнийгээ ч нотлон харуулах шаардлагатай. Хуучин МАНАН-г арилгаж, шинэ шинэ МАНАН үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хууль тогтоомжийн хүрээнд өөрчлөх шинэчлэх олон зүйл байна. УИХ-ын даргыг намын нөхөд нь ийм нэг бүлгийн нэг төлөөлөл нь гэж үзэж хардаж, шаардлага тавьж, албан тушаалаас нь буулгалаа. Зөвхөн энэ хүнийг буулгаад МАНАН алга болохгүй нь мэдээж. Жирийн иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан булааж, нийгмийн бусад гишүүдийн эдлэх ёстой тэгш боломжийг хааж байгаа бүхний эсрэг тууштай тэмцэж, арга хэмжээ авч, зөв голдрилд нь оруулах нь УИХ, Засгийн газрын Үндсэн хуульд заасан үүрэг учраас Ерөнхий сайд, эрх барьж байгаа намын дарга энэ ажлаа тууштай, бас бодлоготой хийх байх аа гэж ажиглаж байгаа. Үүнд ЖДҮ ч бас хамаарна. УИХ-ын гишүүний хувьд үүний төлөө байна. Гэхдээ бүх зүй-лийг хуулийн хүрээнд хийх ёстой.

-Үүнтэй зэрэгцээд иргэд ЖДҮ-чидтэй хариуцлага тооцохыг шаардаж байна. ЖДҮХС-г шалгах түр хороо байгуулах саналыг гишүүд гаргасан ч УИХ дэмжээгүй. Таны хувьд түр хороо байгуулах саналыг УИХ-д дахин оруулах уу?

-Засгийн газрын зарим тусгай сангуудыг тэр тусмаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үр ашгийг шалгах шаардлага байгаа учраас Төсвийн байнгын хороонд Ажлын хэсэг байгуулах саналыг өмнө нь тавьж байсан, сая дахин тавьсан. Заавал түр хороо гэхгүйгээр Төсвийн байнгын хороо эрх мэдлийнхээ хүрээнд томилох эрхтэй. Ажлын хэсгийг томилохыг шаардана.

-Эдийн засаг өсөлттэй байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа мэдээлж байсан. Гэтэл иргэдийн амьдрал сайжрахгүй байх юм. Монголын эдийн засгийн байдал ямар байгаа вэ?

-2019 оны хувьд түүхий эдийн үнэ өндөр хэвээр хадгалагдах таамгийг мэргэжлийн байгууллагууд гаргаж байгаа учраас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг үргэлжилнэ гэж тооцоолж байна. Засгийн газар болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ОУВС-гийн судлаачид энэ онд эдийн засгийн өсөлтийг зургаа орчим хувиар өснө гэж үзэж байгаа. Хамгийн том худалдан авагч Хятад улсын худалдааны нөхцөл байдал огцом муудахгүй, эдийн засгийн өсөлт нь саарахгүй бол манай хувьд энэ таамаглал бодитой болно. Манай өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл нь нүүрсний экспорт хэвээрээ байгаа. 2019 онд 32 сая тонн гаргахаар Засгийн газар тооцоолсон. Төсвийн орлогынхоо томоохон хувийг эрдэс баялгийн борлуулалтын орлогоос бүрдүүлнэ гэж тооцоолсон хэвээр байгаа нь цаашид эрсдэл дагуулах, нэг салбараас хараат байдал хэвээрээ үргэлжлэх нь гэдэг мессэжийг нийтэд өгч байна. Өрхийн дундаж орлого нэмэгдсэн гэж байгаа ч бодит байдалд өрх бүрээр, нийгмийн давхарга, салбараар нь авч үзвэл бүгд өссөн биш. Тухайлбал, малчдын хувьд энэ жил ноолуур, махны үнэ өндөр байсан нь өрхийн орлогыг өмнөх жилүүдээс бууруулаагүй ч бага цалинтай үйлчилгээний албан хаагчид, ажилгүй иргэд, хувийн секторын ажилчдын орлого өсөөгүй байна. Ажилгүй иргэдийн тоо бүртгэгдсэн ажилгүйчүүдийн хувьд буурсан ч нийт иргэдийн хувьд эсрэгээр өссөн байна. Дэлхийн банкны үнэлгээгээр Монгол Улсын нийт иргэдийн 30 орчим хувь нь ядуурлын түвшинд амьдарч байна гэдэг нь Засгийн газрыг ядууралтайгаа “дайн” зарлаж тэмц ээ гэж хэлж байна аа гэсэн үг. Би ч үүнтэй санал нэг байна. Дээр хэлсэнчлэн өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрүүдийг бүх талаар дэмжиж, үүнд саад болж байгаа бүх зүйлтэй тэмцээсэй.Ядуурлыг бууруулах, өрхийн үйлдвэрлэлийг нэмэх талаар дорвитой ажил хийхгүй байгаа учраас л ядуурлын түвшин ийм өндөр гарч байна шүү дээ. ЖДҮХС-д хуваарилсан хөрөнгө, зарцуулалтаас ч тодорхой харагдаж байна. Үүнтэй тэмцэх үүргээ Ерөнхий сайд мартаагүй байгаа байх гэж найдаж байна. Дотоодын эдийн засагт ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 21 аймагт 100 үйлдвэр барих бодлогоо одоо хэрэгжүүлэх цаг нь болсон.

-Долларын ханш өссөөр л. Монголбанкинд хангалттай валютын нөөц байгаа хэрнээ ханшийг бууруулж чадахгүй байгаа шүү дээ. Энэ юутай холбоотой вэ?

-Эдийн засгаа төрөлжүүлэх ажлыг хийж чадахгүй байгаатай холбоотой. Төсвийн орлого нэг салбараас хамааралтай хэвээр байна. Эдийн засгийн суурь бүтцийг өргөжүүлж, олон салбар бүхий бодит секторыг дэмжих, тэр тусмаа экспортын орлогын олон сувагтай болохгүйгээр ханшийг зөвхөн нөөцөөр барих боломжгүй.

-Намрын чуулганыг сунгах, ээлжит бус чуулган хуралдуулж чухал асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай гэх цөөнгүй гишүүн бий. Үүн дээр та санал нэг байна уу?

-Ээлжит бус чуулган зарлаж, баталж амжаагүй хуулиудаа батлах нь зөв гэж үзэж байгаа.

-Танай нам УИХ-д бүлэггүй болж байна. Цаашид ямар зарчмаар ажиллах вэ. Гишүүн тус бүртээ цөөнхийн байр сууриа илэрхийлээд явна гэж ойлгосон?

-Хаврын чуулганы эхэнд Л.Болд гишүүний өөрийнх нь хүсэлт, АН-ын эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн АН-ын бүлгээс гарах хүсэлтийг нь биелүүлж, бүлгийн зүгээс албан ёсны саналаа УИХ-д хүргүүлнэ. Цаашид Зөвлөлийн статустайгаар ажиллана.

-Гишүүд тойрогтоо бэлэг сэлт, боов, чихэр тараах юм. Энэ зөв үү. Сүүлд гэхэд БГД дээр Ж.Ганбаатар гишүүн гурил, элсэн чихэр тараахад 83 настай буурай бурхан болсон эмгэнэлтэй хэрэг гарсан. Үүн дээр та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Үнэхээр харамсалтай хэрэг гарсанд сэтгэл өвдөж байгаа. Ер нь нийтээрээ үүнийг болих нь зарчмын хувьд зөв. Гишүүд сонгуулийн үеэр нэр дэвшиж байхдаа бэлэг сэлт тараахыг Сонгуулийн тухай хуулиар хориглосон байдаг ч бүрэн эрхийнхээ хугацаанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд амьдралын боломж нөхцөл муутай иргэдээс тус-ламж хүссэн өргөдөл хүсэлт их ирдэг учраас өөр өөрсдийн боломжоор асуудлыг нь шийддэг. Энэ нь ийм эмгэнэлтэй байдалд хүргэсэн нь үнэхээр харамсалтай.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Цахилгаан мотоцикль

Harley-Davidson LiveWire electric cruiser

1885 онд Германд Готтлиб Даймлер, Вилхелм Майбах нар дэлхийн хамгийн анхны бензин түлштэй, дотоод шаталтат хөдөлгүүр бүхий “Petroleum Reitwagen” хэмээх тээврийн хэрэгслийг угсарч туршжээ. Энэхүү бүтээлээс үүдэн маш олон туршилтууд хийгдсэн байдаг. Гэвч үүнээс өмнө 1868 онд анхны ууран хөдөлгүүрт унадаг дугуйг Францад Мишо, Перро хэмээх инженерүүд угсарч туршиж байжээ. Үүнээс санаа аван Америкийн Массачусетс муж улсын Роксбөрид Силвьестр Ховард Ропер Америкийн анхны ууран хөдөлгүүрт унадаг дугуй болох “Ameri­can Roper steam velocipede”-ийг ердөө арван ширхгийг үйлдвэрлэсэн байна. Гэвч энэхүү бүтээлүүд нь цаашид хөгжиж чадалгүй дууссан учир Германы “Petroleum Reitwagen” хамгийн анхны мотоцикль хэмээх алдрыг албан ёсоор эзэмшдэг аж. Мотоцикль нь дэлхий дээрх хамгийн боломжийн өртөг бүхий, хамгийн өргөн тархсан, хамгийн хурдан, бага оврын тээврийн хэрэгсэл юм. 2002 оны байдлаар зөвхөн Хятад улсад гэхэд л ойролцоогоор 34 сая мотоцикль ашиглагдаж байв.

1894 онд Германы Мюнхен хотод мотоциклийн хамгийн анхны томоохон үйлдвэр Хилдебранд & Волфмюллер байгуулагджээ. Мөн энэ компани германаар Motorrad(моторт дугуй) буюу англи хэлээр Motorcycle хэмээх нэрийг анхлан үүсгэсэн түүхтэй.

Дэлхийн I дайны үед Америкийн Индиан компани тухайн үеийн хамгийн том мотоцикль үйлдвэрлэгч болоод байв. Жилд 20,000 гаруй мотоциклийг үйлдвэрлэн борлуулж байжээ. Харин 1920 оноос эхлэн алдарт Харли-Дэвидсон энэхүү амжилтыг эвдсэн төдийгүй дэлхийн 67 оронд албан ёсны борлуулалтын төвөө нээж байжээ. 1920-1930 онуудад Германууд буюу Дампф-Крафт-Ваген компани дахин мотоцикль үйлдвэрлэгчийн хамгийн том үйлдвэрийг бий болгосон юм.

Дэлхийн II дайны дараагаас Британийн BSA Групп (Бирмингем Смолл Армс Компани) жилд 75,000 мотоцикль үйлдвэрлэн борлуулж томоохон үйлдвэрлэгч болоод байв. 1955-1970 оны туршид дахин Герман улсын NSU компани хамгийн том мотоцикль үйлдвэрлэгч хэмээх алдрыг хадгалж байв. Энэ цаг үеэс эхлэн мотоциклийн гаднах хэлбэр, хөдөлгүүр зэрэг бүгд хувьсан өөрчлөгдөж, хэрэглээний зориулалтаараа олон төрлийн ангилалд хуваагдан, хөгжсөөр өнөөг хүрсэн билээ. Орчин цагт дэлхийн олон оронд мотоциклийг үйлдвэрлэж байгаа. Ази тивд Япон улс Хонда, Сүзүки, Ямаха, Кавасаки, Европ тивд Герман BMW болон Итали улс Дукати, KTM, Америк тивд Америк улсын Харли-Дэвидсон, Индиан зэрэг мотоцикль үйлдвэрлэгчид мотоциклийн хөгжлийг тодорхойлж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд бүх цахилгаан хөдөлгүүрт технологийг сайжруулснаар хамгийн сүүлийн үеийн цахилгаан мотор, мотортой дугуй, унадаг дугуй өмнөхөөсөө илүү дэвшилттэй гарч ирсээр байна. Энэ онд л гэхэд Harley-Davidson, Zero Motorcycles, Kymco, Alta Motors, Yamaha зэрэг хүчирхэг компаниуд өөрсдийн хэрэглэгчдэд хамгийн багадаа нэг загварыг авчрахаар бэлтгэж, аль хэдийнэ концепц загваруудаа танилцуулаад худалдаалах он, сар, өдрөө зарлачихсан аж. 2019 оны сүүлч, 2020 оны эхээр Энэтхэг, Европ, Их Британи, АНУ-ын шилдэг инженерүүдийн бүтээлүүд танилцуулагдах юм.

Johammer J1

ШИЛДЭГ 10 ЦАХИЛГААН МОТОЦИКЛЬ

Цахилгаанаар ажилладаг мотоциклууд нь байгальд ээлтэй төдийгүй тэдний зарим нь үнэхээр гайхалтай үзүүлэлттэй байдаг.

JOHAMMER J1

Энэхүү супер хүлэг нь нэг цэнэглэлтээр 200 километр зам туулах хүчин чадалтай ба энэ үзүүлэлтээрээ рекорд тогтоосон. Австрийн иргэн Johammer-ийн бүтээл болох 25.000 еврогийн үнэтэй. 12.7 киловатт батерейтай. Үүнээс 11 киловатт нь ар талын дугуйн мотортой холбогдсон. Уг мотоцикль цагт 74 милл хүртэл хурдлах боломжтой. Мотоциклийн жин 178 кг, хянах самбарын дэлгэц нь ар талын тольтой холбогджээ.

MISSION ONE (PREMIERE LIMITED EDITION)

Hi-Tech компанийн Mis­sion Motors дэлхийн шилдэг цахилгаан мотоциклиудыг үйлдвэрлэдэг. Mission One бол тэдний бидэнд санал болгож буй загваруудын нэг бөгөөд TED 2009 конференц дээр анх танилцуулсан. Швейцарь дизайнарын ур ухаанаар бүтсэн энэхүү мотоцикл нь цагт 150 милл хүртэл хурдлах чадвартай. Дэлхийн хамгийн хурдан цахилгаан мотоцикль юм.

ZECOO

Цахилгаан мотоцикль. Энэхүү мотоцикль нь Японы дизайнер Kota Nezu Znug-ийн бүтээл. Анх 2012 онд Токиогийн автомашины үзэсгэлэн дээр танилцуулсан. Мотоциклио зургаан цаг орчим цэнэглээд 55-85 милл давхих боломжтой. Уг мотоциклийг бүтээгчид илүү бага хэмжээтэй бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

TRON LIGHT CYCLE

Дисней кино компанийн бүтээл “Tron” нэртэй киног үзсэн хүн бүрт энэхүү хүлэг танил санагдана. 25.000- 40.000 долларын хооронд худалдаална гэсэн таамаг үйлдвэрлэгчдэд байсан. Үзүүлэлтийн тухайд 96 вольтын шууд хөдөлгүүртэй мотортой, литиниум батерейтай.

VOXAN WATTMAN

Францын Voxan компанийн бүтээл. Тэд үүнийгээ хамгийн хүчирхэг мотоцикль хэмээн зарлаад байгаа юм. Энэ нь тийм ч ор үндэсгүй зүйл биш. Учир нь энэхүү супер хүлэг нь 200 морины хүчтэй. Хамгийн ихдээ цагт 106 милл хүртэл хурдлах боломжтой.

SAIETTA R

Agility Global компанийн бүтээл. Загварыг нь Лондонгийн дугуйны загвараас санаа авч бүтээжээ. Дахин давтагдахгүй өвөрмөц загвартай. Мотоциклийн давуу талуудыг улам боловсронгуй болгож шатахуун зарцуулдаг байсныг цахилгаан эрчим хүч болгон өөрчилж чадсан гайхалтай бүтээл юм. Тогонд залгадаг энэхүү цахилгаан мотоцикль хорт хий ялгаруулдаггүйгээрээ онцлог юм.

LITO SORA

Канадын цахилгаан мотоцикль үйлдвэрлэгч Lito Green Motion компани Sora нэртэй супер хүлгээ 2011 онд анх танилцуулсан. 12 киловатт литиниум полимер батерейтай, 300 км хүртэл зайнд цэнэгээ барих чадвартай. Бүрэн цэнэглэхэд найман цаг хангалттай төдийгүй богино хугацаанд цэнэглэх бол 90 минут цэнэглэнэ. Дизайны хувьд их боловсронгуй. 200 км цаг хүртэл хурдлах чадвартай, 44.000 долларын үнэтэй.

GOGORO SMARTSCOOTER

Gogoro нь Тайванийн компани. Тус компаниас гаргасан өндөр хүчин чадал бүхий Ухаалаг скүүтэр нь Панасоник литиум ион 18650 батерейтай. Энэхүү бүтээгдэхүүн нь цахилгаан мотоциклийн төрөлд багтаж байгаа юм. Температур, унах үеийн байдал, энергийн зарцуулалт зэргийг хянасан 30 гаруй мэдрэгчтэй. Мэдээллийг утсан дээрээ хүлээж авах боломжтой бөгөөд 60 милл цаг хүртэл хурдлах боломжтой.

PROJECT LIVEWIRE

Harley Davidson өөрийн бүтээл болох Project Live Wire-аа 2014 оны зургадугаар сард олон нийтэд танилцуулсан. Энэ нь компанийн үйлдвэрлэж буй хамгийн анхны цахилгаан зарцуулалттай мотоцикль байсан юм. Уламжлалт хэв маягийг орчин үеийн технологитой хослуулсанаараа онцлог. Гурван шатлалт хувьсах цахилгаан индукцэн мотороор ажилладаг бөгөөд 74 морины хүчин чадалтай. Дөрвөн секундэд 0-60 милл цаг хурдлах боломжтой, хурдны дээд хэмжээ нь 92 милл цаг. Мотоциклийн урд талын гэрэл нь LED. Дэлхийн мотоциклийн үйлдвэрлэл санхүүгийн хямралд орж 2008 онд Харли Дэвидсон ч ихээхэн алдагдал хүлээжээ. Гэсэн ч энэ онд гарах Harley-Davidson-ы хамгийн анхны LiveWire нэртэй цахилгаан мотоцикль нь наймдугаар сард захиалагчдын гарт очих ба залуучуудад илүүтэйгээр таалагдаж нэлээдгүй ашиг авчрах төлөвтэй байгаа аж. Үнийн хувьд 29,799 буюу бараг 30 мянган ам.долларын үнэтэй байх гэнэ. 30 мянган ам.доллар гэдэг зах зээл дээр байгаа бусад цахилгаан мотоциклиудаас хавьгүй өндөр үнэ юм. LiveWire цахилгаан мотоцикль нь 100 км/цаг хурдыг 3.5 секундэд авах хүчин чадалтай.Нэг цэнэглээд 180 км зам туулах боломжтой. Түүнчлэн бүх зүйл нь цахилгаанаар ажилладаг, араа солих зэрэг үйлдэл хэрэггүй учир анхлан суралцагчдад тохирсон. Үүнээс гадна LiveWire-г гар утасны апп-тай холбон цэнэг болон бусад чухал мэдээллийг хянаж болох аж.

ENERGY EGO

Энэхүү мотоцикль нь цахилгаан спорт мотоцикл. Energica нь дэлхийн хамгийн анхны гудамжны хууль ёсны цахилгаан Италийн спорт мотоцикль гэж үздэг. Ego бүх цахилгаан мотоциклийн нэн тэргүүнд бичигддэг байна. Энэ нь 143 морины хүчтэй, 107 кВт хөдөлгүүртэй бөгөөд 200 км / ц хурдтай. Дээд хурд нь 240 км / цаг. Мотор нь 11.7 кВт зайтай. Ego нь ойролцоогоор 258-280 кг жинтэй. Дөрвөн шатлалт тохируулгатай хөдөлгүүрийн тоормостой, бас нөхөн сэргэх чадвартай. Мотор нь хөнгөн цагааны дүүжин дэргэд байрладаг ба хажуу талын моно шоконд байрладаг. Проекторын гэрлүүд нь урд гэрэл хэрэглэхэд ашиглагддаг. Хянах самбар нь 4.3 “TFT дэлгэц. Үнэ нь ойролцоогоор 25,000 ам.доллар болж буурсан бол энэ онд шинэчлэгдэн гаргахаар төлөвлөжээ.