Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой-Инноваци-Үйлдвэрлэл” сэдэвт зөвлөгөөн болж байна

“Эрдэнэс Тавантолгой-Инноваци-Үйлдвэрлэл” сэдэвт зөвлөгөөн “Туушин” зочид буудалд болж байна.

Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэхдээ уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлх цаг болсон гэдгийг тодотголоо. Мөн хөгжлийг дөрвөн жилээр бус, 20-25 жилээр төлөвлөх, эдийн засгаа олон тулгууртай болгох, дундаж давхаргаа 70-аас дээш хувьд хүргэхийн тулд бүгд хамтран ажиллах ёстой. Энэ бүхэнд эрдэмтэн, судлаач, эдийн засагчдын оролцоо чухал гэлээ.

Цаашид Норвегийн Тэтгэврийн сан зэрэгтэй адил баялгийн сан байгуулж, уул уурхайн салбараас олсон орлогоос иргэддээ хуваарилдаг сайн туршлагыг нэвтрүүлнэ. Энэ санг улс төрөөс ангид байлгаснаар стратегийн ач холбогдолтой ордуудын үр өгөөжийг иргэд түлхүү хүртэх учиртай гэв.

Сүүлийн үед 1072 хувьцааны ногдол ашиг олгох нь зөв, буруу гэсэн байр сууриа иргэд ихээр илэрхийлэх болсон. Засгийн газар үүнийг мөн судалж хамгийн оновчтой, зөв шийдвэр гаргахаар ажиллаж байна гэлээ.

Зөвлөгөөнөөр шатдаг хий, моторын түлш, биотүлш, утаагүй түлш гээд нүүрснээс эцсийн бүтээгдэгдэхүүн гаргах болон эко, ногоон технологи нэвтрүүлэх, уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах зэрэг сэдвээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага, МУИС, ШУТИС, бусад байгууллагын эрдэмтэн, судлаач, эдийн засагчид 11 илтгэлээ хэлэлцүүлж эхэллээ.

Мөн Гашуунсухайтын төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц зэргийн бүтээн байгуулалтын ажлын талаар санал бодлоо хуваалцах юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэхээр дэвшилтэт технологи нэвтрүүлж, эрдэмтэн, судлаачдын нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааг нутагшуулахыг зорьж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг нар гарын үсэг зурав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам-ыг хүлээн авч уулзаж, гарч буй гахай жилд Монгол, БНСУ-ын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, “стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд чиглэсэн хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг урагшлуулах, дээд, өндөр түвшинд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар ярилцав. Мөн Монгол, Солонгосын харилцааг эдийн засгийн талбарт өргөжүүлэх, бүс нутгийн түвшинд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах талаар болон иргэдийн солилцоо, консулын зарим асуудлаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

СЕХ: 42-р тойрогт сонгуулийн насны 17 450 иргэн бүртгэлтэй

Image result for Сонгуулийн ерөнхий хороо

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын Сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 10-ны өдөр товлон зарлаж, зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явуулах тогтоол гарсан. Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Сонгуулийн ерөнхий хороо энэхүү нөхөн сонгуулийг явуулах тухай хүсэлт болон товыг 2018 онд УИХ-д хүргүүлж байсан. Гэвч Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэний улмаас хойшлоод байсан юм.

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр буюу 2019.2.11-ний өдөр Дээд шүүхэд бүртгэлтэй нийт 31 нам байгаагаас 27-д нь нөхөн сонгуулийн талаарх зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд нийт 287.6 сая төгрөгийг зарцуулна. Үүний 246.1 сая төгрөг нь Сонгуулийн ерөнхий хорооны нэр дээр, 32 сая төгрөг нь Улсын бүртгэлийн газарт, 8.3 сая төгрөг нь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд зарцуулагдахаар төсөвлөгдсөн. Энэ удаагийн сонгуульд Улсын бүртгэлээс ирүүлсэн мэдээллийн дагуу нийт 17 450 сонгуулийн насны иргэн бүртгэлтэй” гэлээ. Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд аймгийн төв болох Хэрлэн сум, Мөрөн, Жаргалтхаан гэсэн гурван сумд нийт 21 ажлын хэсэг гарч, санал хураалтын ажлыг 500 гаруй хүний тусламжтайгаар явуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг дээшлүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Монголын Барилгын Инженерүүдийн Холбоотой хамтран “Цутгамал төмөр бетон, Угсармал том хавтгаалжин болон өрөгт бүтээцийн газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх, хүчитгэх аргачлал”-ыг Монголын барилгын норм ба дүрэмд тохируулан боловсруулж батлуулсан.

Тус аргачлалыг барилгын салбарт нэвтрүүлэх, эзэмшүүлэх, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чадавхыг дээшлүүлэх мэдлэгийг олгох зорилгоор сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Сургалтаар барилгын зураг төсөл бүтээцийн инженерүүдэд газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх, хүчитгэх аргачлал тооцох чадварыг эзэмшүүлэх мэдлэгийг дээшлүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр гарч болзошгүй 363 зөрчлийг илрүүлжээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт 57 канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн барилга, байгууламжийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 363 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.

Хяналт шалгалтын явцад 61 зөрчлийг арилгуулж, 302 зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 44, мэдэгдэл 8, дүгнэлт 1, танилцуулга 1 бичиж тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-тай Улаанбурхан, улаанууд өвчний талаар хамтран ажиллана

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр ОХУ-ын Москвагийн Г.Н. Габричевскогийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны институтын төлөөлөгчтэй уулзлаа. Уулзалтаар дэлхийд дахинд ялангуяа европийн улсад гарч байгаа Улаанбурхан өвчний тандалт сэргийлэлтийн талаар хамтран ажиллах талаар ярилцлаа. Уг институтэй 2-3 жилийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх бөгөөд Улаанбурхан, улаанууд өвчний лаборторийн түргэвчилсэн оншилгооны шинэ аргыг нэвтрүүлэх, эмч нарыг харилцан сургах, хүн амын дундах дархлал тогтоцын түвшинг судлах судалгаа хийж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Хөрш зэргэлдээ орнуудад Улаанбурхан өвчийн гарч буй эрсдэлтэй энэ үед нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаж, уг өвнөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнгээ өгөх ач холбогдолтойг Эрүүл мэндийн сайд онцолж, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны хамт олонд болон эрдэмтэн судлаачдад талархал илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцлээ.

Улмаар шүүхээс мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан байна.

Сануулахад, хотын дарга асан Э.Бат-Үүл, НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг нар нь албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон, Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэрэгт холбогдуулан өнгөрсөн хугацаанд шалгасан юм.

Тодруулбал, Б.Чулуудайн захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Түүний авсан зээлийг төлөхөөр Хотын дарга асан Э.Бат-Үүл нь эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалттай хөрөнгөөс есөн тэрбум төгрөг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан асуудал юм.

Categories
мэдээ нийгэм

Харумафүжи Д.Бямбадорж Японы төслийн байгууллагатай хамтран эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж хандивлав

“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулиас Япон улсын “Зүрх хамгаалах төсөл”-тэй хамтарч эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.

Булган аймгийн Гурванбулаг сумын эмнэлэг түргэн тусламжийн үйлчилгээний фургон машинтай байсан бол ийнхүү Мэргэжлийн сүмогийн их аваргын санаачилгаар зориулалтын машинтай болж байна.

“Зүрх хамгаалах төсөл”-тэй хамтарч, 2001 оноос эхлэн тусгай тоноглол бүхий түргэн тусламжийн 18 дахь машинаа хүлээлгэн өгч буй нь энэ юм.

Мөн Нийслэлийн “Өргөө” амаржих газар, ЭХЭМҮТ, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр таван ширхэг тэргэнцэр бэлэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх хичээлийн жилд ​БНХАУ-д 252 оюутан тэтгэлгээр суралцах боломжтой

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагджээ. Ирэх хичээлийн жилд тус улс Монгол Улсын 252 иргэнийг бакалавр, магистр, докторт тэтгэлгээр сургах аж. Бакалаврт суралцах хүсэлтэй залуус бүрэн дунд боловсрол эзэмшсэн 25 хүртэлх насныхан байна. Харин магистрантурт бакалаврын зэрэгтэй 35 хүртэлх насны, докторантурт магистрын зэрэгтэй 40 хүртэлх насныхан суралцах боломжтой юм. Бүх түвшинд голч оноо 3.0 болон түүнээс дээш байх шаардлагатай ажээ. Хятад хэлний зохих түвшний эсвэл англи хэлний дээд түвшний мэдлэгтэй бол давуу тал болох юм байна.
Бүртгэл энэ сарын 22-ны 12.00 цаг хүртэл /scholarship.esis.edu.mn/grant/ цахим хаягаар явагдах бөгөөд онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө материалаа илгээн баталгаажуулах шаардлагатай. Онлайн бүртгэлийн баталгаажуулалт энэ сарын 23, 24-ний 10.00-17.00 цагийн хооронд ШУТИС-ийн төв байрны 324 тоотод болно. Энэ үеэр онлайн бүртгэлд хамрагдсан иргэд бүртгүүлсэн материалаа эх хувиар нь авчирна. Бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг аж.
Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдрүүдэд 14.00-17.00 цагт 7577-8080, тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг 51-267131, 11-321974 утсаар лавлах боломжтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НӨАТ-ын сугалааны тохирол ням гаригт болно

НӨАТ-ын урамшууллын 2019 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол хоёрдугаар сарын 17-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны нэгдүгээр сарын 1-31-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

НӨАТ-ын сугалааны тохирол 17-нд болно