Categories
мэдээ цаг-үе

“Аргамгийн тоног чимэг”, “бүсгүйн сайхан”-ы аль нь ч биш

Монголын орчуулагчдын эвлэл, Монголын Үндэсний Чөлөөт зохиолчдын холбооны шагналт дуун хөрвүүлэгч Цэрэндоржийн Сүхбаатар 1968 онд оюутан байхдаа анхны орчуулгын шүлгээ “Үнэн” сонинд нийтлүүлж, бас Монголын радиогоор орчуулгын шүлэг найраглалаа нэвтрүүлснээс хойш эдүгээ хүртэл 50 жил тасралтгүй орчуулж байна. Энэ хугацаанд Оросын болон дэлхийн сонгодог зохиолчдын 30 гаруй бүтээлийг эх хэлнээ орчуулж, олон арван ном редакторлажээ.

Ц.Сүхбаатар орчуулагч төдийгүй орчуулгын шүүмжлэгч, судлаач хүн юм. Билигт гүүш Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж, Г.Аким зэрэг олон орчуулагчийн орчуулгыг судлан шинжилснээс гадна “Шүлгийн орчуулгыг шүншиглэе” хэмээх шүлгийн орчуулгын шүүмж судлалын товхимол хэвлүүлжээ.


“Орос ардын үлгэрийн нэвтэрхий толь” хэмээн алдаршсан “Конёк-горбунок” хэмээх үлгэрийг П.Ершов 19 настайдаа, Петербургийн их сургуулийн оюутан байхдаа туурвиж, 1834 онд анх хэвлүүлснээс хойш бараг хоёр зууны нүүр үзэх гэж байна.

Энэ хугацаанд уг үлгэр цагийн шалгуурыг давж, Октябрийн хувьсгалаас өмнө 30 удаа, хувьсгалын дараа 100 гаруй удаа хэвлэгдэж, дэлхийн олон хэлнээ орчуулагджээ. Энэ үлгэрийг манай ахмад үеийн уран зохиолч, нэрт эрдэмтэн, дуун хөрвүүлэгч Х.Пэрлээ гуай анх 1947 онд орчуулж, Б.Бааст редакторлаж байсан бол 1972 онд Х.Пэрлээ гуай дахин орчуулж М.Гаадамба редакторласан байна.

“Конёк-горбунок” гэсэн үлгэрийн нэрийг 1947 онд “Бөхтэй морьхон” гэж орчуулснаа 1972 онд дахин орчуулахдаа “Бөгтрөгтэй морьхон” гэж өөрчилжээ. Эх зохиолдоо “бөхтэй” гэж гардаг учраас үлгэрийн нэрийн хувьд эхний орчуулгын “Бөхтэй” гэсэн нь зөв байна.

Оросын бичгийн сонгодог үлгэрийг монгол ушигчдад тэр дундаа хүүхэд багачуудад ахин дахин орчуулж, хэвлэн нийтэлж хүргэсэн ахмад үеийн дуун хөрвүүлэгч, эрдэмтэн зохиолч Х.Пэрлээ , редактор Б.Бааст, нэрт эрдэмтэн, зохиолч М.Гаадамба нарын ач буяныг дурдахгүй байхын аргагүй ээ.

Орчуулгын эх зохиолын бичигдсэн он цаг биднээс холдож цаашлах тусмаа л цагийн эрхээр орчуулагч, уншигчдад утгыг ухаж мэдэхэд бэрх , бүдэг бүрхэг зүйл аль овоо тааралддагийг яахин хэлж барах билээ! “Бөхтэй морьхон”-ы орчуулагч, редакторууд ч энэ бэрхдлийг тойрсонгүй дайрчээ. Үүний дээр эндүү ташаа ойлгож , буруу зөрүү орчуулсан нь ч бас байна.

За царём стрельцов отряд-ыг Шадар хорчин нараа дагуулж (38т)-гэжээ.

Стрельцы-гэж Москвад XVI-XVII зуунд байнгын цэрэгт ордог , галт зэвсгээр зэвсэглэсэн цэргийг стрельцы буюу буучид гэдэг байв. Манай хорчин бол хишигтэн цэргийн өдрийн ээлж. Оноот үүргээ гүйцэтгээд наран шингэхийн өмнө нум сумаа шөнийн итгэлт манаач хэвтүүлд тушаан их хааны хүрээнээс гарч одох бөгөөд өглөөний зоогийн дараа ээлжийн үүргээ хүлээн авдаг.

Нэр томьёонд няхуур нямбай хандаж, онож орчуулаагүйгээс галт зэвсэгтэй улсыг нум сумтай болгож, хааны их хүрээнээс гардаггүй цэргийг хотын даргыг гадуур дагаж явдаг цэрэг болгож, хоёр өөр түүхэн нэр томьёог хольж хутгаж орхижээ.

Дед-то, скажут, внучку взял-гэснийг Авга эцэг чинь үзээд ачтай гэрлэж гэнэ гэжээ. Оросоороо бол Өвөг эцэг нь ач охиноо аваад суучихаж гэж улс амьтан хэлнэ гэсэн байна.

Мөн хэлц үгийг энгийн чөлөөт холбоо үгээс ялгаагүйн харгаагаар үгчлэн орчуулж буруу замаар будаа тээсэн удаа ч бас байна. Жишээ нь: Царь велел вам долго жить! буюу монголоор Хаан тань талийгч болсон! гэснийг Хаан та нарыг урт насал гэсэн! гэж зүг чиггүй төөрчээ. Бас: коль станичники пристали, поминай его как звали-гэснийг Аянчин буусан байвал асуугаад нэрийг нь тогтоогоорой! гэж орчуулсан байна. Энэ нь ердөө “өнгөрсөн, дууссан, талийсан, үхсэн” гэсэн утгатай хэлц юм. Дээрх орос өгүүлбэрийг монголчилбол : “Дээрэмчидтэй тааралдсан бол тэр эргэж ирэхгүй, өнгөрсөн” гэсэн утгатай байна.

Цагаагч гүү Иванд баригдаад гараас нь мултарч чадахгүйгээ мэдээд түүнээс гуйж байгаа хэсэгт:

По три утренни зари

Выпущай меня на волю (12стр)-гэснийг

Өглөөний гурван хяраанаар

Өөрийн минь дураар явуулж (14т) гэж орчуулжээ.

Үүрийн таван жин гэж ярьж бичдэг, харин өглөөний гурван хяраанаар гэдэггүй. Орос өгүүлбэрийнх нь утга : гурван өглөө үүрийн хяраанаар бэлчээ намайг гэж байна.

Одоогоос олон арван жил (бараг хоёр зуун жил)-ийн өмнө зохиогдсон болохоороо хүүхэд байтугай үүхэд ойлгохгүй хуучирсан, түүхэн, үлгэр домгоос үүдэл ирэлтэй, угсаа соёлын холбогдолтой үгс нэлээд байна. Эдгээрийн заримыг хэрхэн орчуулсныг цөөн жишээгээр үзүүлье.

Эцэг нь Иваныг тарианы манаанд гаргах гэж гуйж ядахдаа: “Я куплю тебе лубков”(10стр) гэснийг эхний орчуулгадаа “идэх юм өгнө”(7т) гэсэн бол удаахь орчуулгадаа “Сонин юм авч өгнө”(11т) гэжээ.

Далдуу модны дурсыг “луб” гэнэ. Энэ долоор сагс, шаахай, чийрс зэргийг сүлждэг. Дээр нь юм сийлдэг дурсан самбараа ч бас лубок” гэнэ. Зургаа тэр “лубок” дээрээ сийлж байгаад цаасан дээр буулгаснаа ч бас “лубок” гэдэг байна. Иванд эцгийнх нь авч өгөхөөр амлаад байгаа тэр “лубки” бол “идэх юм” ч биш “сонин юм” ч биш, дурсан хэвээр дарсан гоё зураг юмсанж.

Гаврило, Данило хоёрыг хулгайлсан морьдоо нийслэл хотод авч орж ирэхэд хотын даргын зарч алтан бүрээ татаж:

“Гости! Лавки отпираете…

Чтобы не было содому,

Ни давёжа, ни погрему…(28стр) гэж ам мэдэн хашхирч байгаа үүнийг:

Арилжаа наймаа хийгээрэй

Авалцаж өгөлцөж эхлээрэй

Шуугиан үймээний завсраар

Шулж тонохоос хамгаалж (34т) гэж орчуулжээ. “Чтобы не было содому” гэдгийг “Шуугиан үймээний завсраар” гэсэн нь орос эхийн санаа сэдэв өгч, их сүйрэл сүйдэл, үймээн аймаан, айдас хүйдсээс сэрэмжлүүлсэн утгыг гаргаж чадсангүй. Энд гарч буй “содом” бол “Содом и Гоморра” гэдэг хэлц үгийн хэсэг юм. “Содом” бол зүгээр нэг ердийн үймээн шуугианыг хэлээгүй, харин “аюул сүйрэл болоход үймж аймах, хөл толгойгоо алдах, мэгдэн сандарч , аюун гэлмэж шуугилдах”-ыг хэлдэг. Энэ хэллэг оршин суугчид нь нүгэл хилэнц үйлдсэний үйлийн үрээр галан бороонд өртөж, газар хөдлөхөд сүйрсэн эртний Палестиний Содом, Гоморра гэдэг хоёр хотын тухай библийн домгоос эхтэй юм.

Энэ үлгэрт гарч буй Содом бол дээрх сүйрлийн үеийн Содомынхон шиг үймж аймж, хөл толгойгоо алдах вий гэж сэрэмжлүүлсэн метафор утгатай байна. Үүнийг “галан бороо орж, газар хөдөлсөн юм шиг бүү сандарга” гэж орчуулаад зүүлт хийсэн бол зохиолчийн зориуд сонгон хэрэглэсэн уран сайхны аргын зорилгод нийцэж утгыг нээж, урыг илэрхийлэхэд зүгээр нэг “үймээн шуугианы завсраар” гэснээс арай дөхөмтэй байх асан болов уу.

Цагаагч гүү Иванд “Бөхтэй морьхон”-оо зарж болохгүй гэж аминчлан захихдаа:

Но конька не отдавай

Ни за пояс, ни за шапку

Ни за черную, слишь бабку (14стр) гэснийг анхны (1947оны ) орчуулгадаа:

Арвайхан жаал морио

Алтан бүс, сувдан малгай

Аргамгийн тоног, чимгээс ч

Арилжиж бүү худалд Иван минь! (14т ) гэжээ

Энд орос эхэд байхгүй “алтан”, “сувдан” гэсэн тодотгол нэмснээс гадна “черная бабка”-г “аргамгийн тоног чимэг” гэж ташаарчээ. Удаахь (1972оны ) орчуулгадаа дээрх “чёрная бабка”-г “бүсгүйн сайхан” (9т) гэж мөн л эндүүрчээ. “Черная бабка” нь “аргамгийн тоног чимэг”, “хүүхний сайхан”-тай хахь хамаагүй юм .

Эртний Орост өрөг дээр шагаа эгнүүлэн тавьж байгаад харван цохиж гаргадаг шагаан наадам дэлгэр байжээ. Харвуул шагаагаа “бабка-бита” (буюу цохиур шагаа ) гэдэг бөгөөд энэ нь манайхны сум (шагаа)-тай дүйцнэ.

Энэхүү харвуул шагаагаа хүндрүүлэхийн тулд улыг нь хонхойлж тугалга цутгахаас гадна өрөгний шагаанаас ялгаруулхын тулд өнгөцхөн түлж харлуулдаг байжээ. Сайн (хүндрүүлсэн болон түлж харлуулсан бодын шагай буюу) цах(сум) нь шагаа харвадаг хүүхэд багачуудын хувьд үнэтэй цайтай эд байжээ. Тэгэхээр “чёрная бабка”-г хар шагаа биш хар сум гэж үүргээр нь дүйлгэн орчуулж болно.

Дурдсан алдаа мадаг орчуулгыг эх зохиолтой нь мөчидхөн тулгаж харахад ажиглагдав. Лавхан үзвэл байдал ямар байхыг хэлж мэдэхгүй.

Гэхдээ эдгээр алдаа мадаг 70 жил “хадгалагдаж” иржээ; одоо дахиад далан жил, бүр цаашилбал мөнх “хадгалсаар” байх уу?!

Давтан хэлье. Энэ үлгэрийг Оросын эрдэмтэн мэргэд тал бүрээс нь судлан шинжлээд “Орос ардын үлгэрийн нэвтэрхий толь” гэсэн дүгнэлтийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрчээ.

Зүгээр нэг “бичгийн сонгодог үлгэр” гээгүй, “Орос ардын үлгэрийн нэвтэрхий толь” гэсэн үлгэр үүний монгол орчуулгын эндүүрлийн харанхуйг үлдэн хөөхийг хэн зоригловоос түүнд хэрэг болуужин гэж хэд гурван үг үүнийг хэлхсэн.

Боржгин Цэрэндоржийн Сүхбаатар (Хэл бичгийн ухааны доктор, дуун хөрвүүлэгч)

Categories
мэдээ нийгэм

“Эерэг өөрчлөлт” аян эхэллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас 2019 оныг “Залуучуудын оролцоотой-Эерэг өөрчлөлтийн жил” болгон зарлаж, “Эерэг өөрчлөлт” аяныг эхлүүллээ.

Аяны хүрээнд нийслэлийн Тээврийн газар, “Эерэг Тэмүүлэл” НҮТББ-тай хамтран нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, стандартыг мөрдүүлэх, жолооч нарын сахилга хариуцлага, харилцааны соёлыг нэмэгдүүлэх зорилгоор “Хандлага, харилцааны ур чадвар” сэдэвт сургалтыг өнөөдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн нэгдүгээр баазын 320 жолоочийг хамруулан зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг 2019 оны хоёрдугаар сарын 12-18-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуйн нэгж, байгууллагын 1680 жолоочийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Богдын музей маргааш иргэдэд хөнгөлттэй үнээр үйлчилнэ

Богд хааны ордон музей “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман буюу маргааш олон нийтэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм. Тус өдөр хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан үнэ төлбөргүй, харин насанд хүрэгчид, оюутнуудад 50 хувийн хөнгөлөлттэй музей үзүүлнэ.

Түүнчлэн маргааш 11:40 цагт Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээх юм байна.

ХХ зууны эхээр Их хүрээнд сар бүрийн шинийн найманд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын тигээр үзүүр тохой хэмжээтэй Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээдэг байсан уламжлалтай байжээ. Тухайн өдөр лам нар уламжлалын дагуу нар мандахаас жаргах хооронд амжиж Цагаан дара эх бурхныг бүтээснээр сая бурханч болдог учиртай аж.

Нэг өдөрт Цагаан дара эх бурхан бүтээх уг уламжлал 1924 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үед бүтээгдсэн Цагаан дар эх бурхны шүтээн зургууд Монголын музейнүүдэд нэлээд тоогоор хадгалагдан үлдсэн байдаг. Шинийн наймны өдөр Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээдэг түүхэн уламжлалыг дахин сэргээх санал санаачлагыг музейгээс гарган “Соёлоор гийгүүлэхүй” ТББ-тай хамтран 2013 оноос эхлэн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд “Цагаан дара эх” сэдэвчилсэн үзэсгэлэнгийн хамт зохион байгуулсаар 7 дахь жилтэйгээ золгож байна.

Богд хааны ордон музей маргааш хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

Богд хааны ордон музейн сан хөмрөгт Цагаан дара эхийн танка, зээгт наамал, цутгамал, баримал, чулуу, загал зураг зэрэг олон янзын аргаар, төрөл бүрийн материал ашиглан бүтээсэн үнэт үзмэрүүд хадгалагдаж байна. Үүний дотор 100 гаруй жилийн өмнө шинийн наймны өдөрт багтаан бүтээсэн Цагаан дара эх бурхад, алдарт зураач марзан Шаравын бодит хүний царайтайгаар бүтээсэн Цагаан дара эх зэрэг бүтээлүүд ихэд алдартай ажээ.

Нэг өдрийн Цагаан Дара эх бурхан бүтээх арга хэмжээг Богд хааны ордон музей, “Соёлоор гийгүүлэхүй” ТББ, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит Монголын бурхан шашны дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийн Уран зургийн тэнхим, Монголын бурхны шашны урлагийн зөвлөх ТББ хамтран зохион байгуулж байгаа юм. Уг арга хэмжээний үеэр 10 гаруй уран бүтээлч Цагаан дара эх бурхан бүтээх юм.

Богд хааны ордон музей маргааш хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчилжээ

Их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан этгээдүүдийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид дайчлан баривчилжээ. Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс удахгүй мэдээлэл өгнө гэв.

Categories
мэдээ спорт

Э.Содномпилжээ пауэрлифтингийн Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга боллоо

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.

Манай улсаас “Рио-2016″ паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор оролцож, хэвтээ шахалтын 107 кг-ын жинд 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Энэ нь түүний “Дэлхийн цом”-оос авсан дөрөв дэх алтан медаль бөгөөд өнгөрсөн онд мөн жинд 220 кг-ыг түлхэж түрүүлж байсан юм.

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд дөрөв дэх удаагаа түрүүллээ

Categories
мэдээ нийгэм

Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн оны ажлаа тайлагналаа

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа өнөөдөр /2019.02.12/ тайлагналаа. Өргөдлийн байнгын хороонд хандаж 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 343 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд 8800 гаруй иргэний өргөдлийг багцлан 2 удаа газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, 2 удаа иргэд, албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулж, нийт 316 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 27 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд болон Улсын Их Хурлын дарга, гишүүдэд иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Цэвэр агаарын сан”-гийн зарцуулалтын талаар зохион байгуулсан хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг Байнгын хороогоор хэлэлцэж, “Цэвэр агаар сан” болон 2008-2018 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийгдэж байгаа гүйцэтгэлийн аудитын тайланг ирүүлэхийг чиглэл болгосон билээ. Энэхүү чиглэлийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Үндэсний аудитын газраас ирүүлсэн 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг тус Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар сонссон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтээр Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан байна.

Мөн зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах, түүнчлэн түүхийн дурсгалт, соёлын өвөөр бүртгэгдсэн газартай давхцуулан олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүссэн өргөдөл ирсний дагуу тус Байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Тусгай хамгаалалттай нутгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсож, өргөдөлд дурдсан асуудлыг судлан шийдвэрлүүлэхийг холбогдох сайдад даалгасан байна. Үүний үр дүнд Улсын Их Хуралд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Дорноговьаймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолой, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дэлгэрхаан уулыг тус тус байгалийн нөөц газрын ангиллаар, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна. Мөн Дорноговь аймгийн Хөвсгөл сум дахь түүхийн дурсгалт, соёлын өвөөр бүртгэгдсэн “Сүлдэн хөх овоо” хэмээх газартай давхцуулан олгосон “Модот” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулсан тухай тайландаа онцоллоо.

Иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны 05 дугаар тогтоолоор химийн бодисын хуванцар савыг дамжуулан худалдаалах, ахуйн зориулалтаар хэрэглэхийг хориглох, нийлэг уутыг хүнсэнд хэрэглэхийг хязгаарлаж, хяналтыг сайжруулах, хэрэглэгч, үйлдвэрлэгч, импортлогчийн үүрэг хариуцлагыг тодорхой болгохтой холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байна. Уг чиглэлийн дагуу Засгийн газар 189 дүгээр тогтоол гаргаж, 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосон байна. Байнгын хорооны тогтоол хэрэгжсэнээр химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутны хор хөнөөлийн талаарх талаар иргэдийн мэдлэг дээшилнэ, нийлэг хальсан уут хэрэглэхийг хориглосноор усны экосистем болон усан орчны амьд организмд эерэг нөлөө үзүүлнэ, мөн хэрэглэгч, үйлдвэрлэгчид болон импортлогчид бараа, бүтээгдэхүүн, тэдгээрийн сав, баглаа, боодлоос гарч байгаа хог хаягдлын талаар хүлээх үүрэг, хариуцлага тодорхой болох юм.

Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолоор Агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосоны дагуу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд орших ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө тасалгаанд зориулсан агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нийлүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Дэлхийн банкны санхүүжилтээр Улаанбаатар цэвэр агаар төслийн хүрээнд цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн төвүүдэд нийтдээ 657 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.

Төрийн орон сууцны корпорацийн төслөөр шинээр баригдаж буй барилгын ажлын явж, үр дүнтэй газар дээр очиж танилцаж, Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн байна. Дуусаагүй барилгыг ашиглалтад оруулах, санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэрийн асуудлаар Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Хөгжлийн банктай хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулан ажилласнаар иргэдийг хямд өртөгтэй түрээсийн орон сууцаар хангах, Хөгжлийн банк ипотекийн зээлийн хүүг 500 тэрбум төгрөгөөр баталгаажууллаа. Үүнээс гадна түрээсийн орон сууцанд зорилтод бүлгийг хамруулах, бүртгэлийг цахимжуулах, бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг иргэдийн амьжиргааны түвшин, тэдний эрэлт хэрэгцээнд нийлүүлэн өөрчлөлт оруулахыг Барилга, хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпорацид үүрэг болгосон байна.

Туул голын бохирдлын асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан 56 иргэн, аж ахуй нэгжийн газар ашиглах эрх, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 63 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Categories
мэдээ спорт

Байт харваан тамирчид бэлтгэлээ Японд базаана

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан өнгөрсөн онд Японы Оказаки хотын дарга Ү.Ясүхорид байт харвааны тамирчдаа тус улсад бэлтгэл хийлгэх хүсэлт тавьсан юм. Ноён Ү.Ясүхиро дээрх хүсэлтийг хүлээн авч, хоёр тал хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн оны сүүлээр гарын үсэг зурсан байна.

Энэ санамж бичгийн дагуу манай байтын тамирчид 2020 оны Токиогийн олимпийн өмнө тус улсад гурван удаа Японы тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр болсон бөгөөд анхны хамтарсан бэлтгэл ирэх долоо хоногт эхлэх аж. МБХХ-ны Ерөнхийлөгч П.Цагаан Оказаки хотын төлөөлөгч М.Китагаваг өнөөдөр хүлээн авч уулзаж, хамтарсан бэлтгэлийн талаар санал солилцож, баталгаажуулжээ.

Ноён М.Китагава “Санамж бичгийн дагуу Монголын байтын тамирчдын Япон улсад байх бүх зардлыг манай тал бүрэн даана. Мөн тамирчдыг даатгалд хамруулна. Хоёр улсын тамирчид хамтарсан бэлтгэл хийнэ. Монголын байтын тамирчдыг хотын дарга хүлээн авах ёслол болно” хэмээн онцолсон байна. Харин П.Цагаан “Манай байтын тамирчид, дасгалжуулагчдыг хотдоо хүлээн авч, хамтарсан бэлтгэл хийх болсонд талархаж байна. Манай тамирчид Японы сахилга журмыг дагаж, их зүйл сурч, бэлтгэл сургуулилалт үр дүнтэй болно гэж бодож байна. Анхны бэлтгэл учраас сурах юм их байх болов уу” гээд ийм боломж олгосон Оказаки хотын дарга, ноён Ү.Ясүхирод талархлаа илэрхийлэв.

Ахлах дасгалжуулагч Ю.Ганзориг ахлагчтай байтын тамирчид Японд 18 хоногийн бэлтгэл хийгээд шууд Тайландад болох Азийн цомын төлөө тэмцээнд оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал хэвийн байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар, амбулаторийн 11.124 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 897 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 8.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 3.3 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 4.0 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногт цагаан сар, амралтын өдрүүд тохиож, нийт амбулаторийн үзлэг буурсантай холбоотой юм.

Нийт өвчлөгсдийн 40.9 хувийг 0-1 нас, 23.8 хувийг 2-4, 16.6 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 974 дуудлага ирснээс 38.7 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Дүүргийн эмнэлгүүдийн орны ачаалал хэтрээгүй бөгөөд нийт батлагдсан хүүхдийн 977 орон дээр 469 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 98 буюу 21.4 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

​Нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг авах хугацаа баасан гарагт дуусна

Нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ авах хугацаа баасан гарагт дуусна. Энэ сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд албан тушаалтнуудын 84.1 хувь нь ХОМ-ээ өгснийг АТГ мэдээллээ.

Улсын хэмжээнд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ёстой 40 мянган албан хаагч төрийн болон нутгийн захиргааны байгууллагад ажилладаг. Мөн төрийн өндөр албан тушаал хашдаг 290 орчим албан тушаалтан АТГ-т хөрөнгийн хэмжээгээ мэдүүлдэг.

Төрийн өндөр болон түүнтэй адилтгах 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас, одоогоор УИХ, ЗГ-ын гишүүн 36, дэд сайд 7, Яамдын төрийн нарийн бичгийн дарга 4, Агентлагийн дарга 18, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул 27, бусад 59 нийт 151 албан тушаалтан буюу 53.9 хувь нь мэдүүлгээ гаргаж бүртгүүлжээ.

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэтгэл түгших эмгэг гэж юу вэ?