Categories
мэдээ нийгэм

Баянхонгорт газанд хүн хордож амиа алджээ

Related image

Баянхонгор аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Буян” гэх рестораны VIP өрөөнд үйлчлүүлж байсан гурван иргэний нэг нь нас барж, нөгөө хоёрынх нь биеийн байдал тун хүнд байгаа гэх мэдээлэл байна. Тухайн рестораны VIP өрөө нь газын теннээр халдаг бөгөөд теннээс нь газ алдсан байх магадлалтай ажээ. Амиа алдсан хүн нь Баянхонгор аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б бөгөөд хамт байсан хоёр хүн нь унтаа байдалтай эмнэлэгт хүргэгдсэн бололтой.

Categories
мэдээ нийгэм

2020 онд Оросын улс түмний найрамдлын их сургуулийн 60 жилийн ой болно

Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн 59 жилийн ойн арга хэмжээ 2019 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр болов. Ойн баярын хүрээнд гадаадын зочид, төлөөлөгчид болон Москва хотноо ажиллаж байгаа Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөл оролцсон дугуй ширээний ярилцлага болов.Дугуй ширээний ярилцлагын үеэр тус их сургуулийн Олон улсын харилцааны асуудал хариуцсан орлогч захирал Л.И.Ефремова “Оросын улс түмний найрамдлын их сургууль анх байгуулагдах үедээ 47 орны оюутныг хүлээн авч байсан бол эдүгээ РУДН хэмээх нэгэн дээвэр дор дэлхийн 157 орны залуучууд суралцаж байна. Өнгөрсөн 59 жилийн хугацаанд манай сургуульд 175 орны 100 гаруй мянган мэргэжилтэн бэлтгэгдсэн” гээд “ бид 60 жилийнхээ ойг 2020 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр Кремлийн ордонд тэмдэглэнэ. Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй үе үеийн төгсөгчдийнхээ төлөөллийг энэхүү арга хэмжээнд урьж байна” хэмээн онцлон тэмдэглэв. Дугуй ширээний ярилцлагад Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн тус яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов.

Categories
мэдээ улс-төр

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзав

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионыг 2019 оны хоёрдугаар сарын 13-нд хүлээн авч уулзлаа.Уулзалтаар талууд 2019 оны нэгдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болсон Гадаад хэргийн яамд хоорондын гуравдугаар Зөвлөлдөх уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, 2020 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх асуудлаар ярилцав.

Элчин сайд Раул Делгадо Латин Америкийн бүс нутагт болж буй цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Мянганы сорилтын корпораци”-ийн ахлах захиралыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Мянганы Сорилтын Корпораци”-ийн Усны асуудал хариуцсан ахлах захирал Кумар Ранганатаныг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол Улс, “Мянганы Сорилтын Корпораци”-ийн компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд нөлөөлөхүйц үр дүнтэй, сайн туршлага болох ёстойг санал нэгтэй тэмдэглэв.

АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 350 сая америк долларын буцалтгүй тусламж олгох бөгөөд энэхүү хөрөнгөөр Улаанбаатар хотод гүний худаг гаргах, саарал ус боловсруулах үйлдвэр барих зэрэг төсөл хэрэгжинэ.

Categories
мэдээ улс-төр

Ховд аймаг болон Калифорни мужийн Боррего Спрингс хот хооронд түншлэлийн харилцаа тогтоов

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ховд аймаг болон Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Боррего Спрингс хот хооронд түншлэлийн харилцаа тогтоох Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Боррего Спрингс хотноо зохион байгуулагдав.Санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Сан Диэго хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Боррего Спрингс хотын ИТХ-ын төлөөлөгч Жим Десмонд нар гарын үсэг зуран баталгаажуулав. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал, Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч М.Ганзориг, Засаг даргын тамгын газрын төлөөлөл, Сан Диэго, Боррего Спрингс хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөл, Боррего Спрингс хотын ТББ ба бусад албаны хүмүүс оролцов. Энэхүү санамж бичгийг байгуулснаар хотуудын хооронд соёл боловсрол, аялал жуулчлал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Израилийн ЗГХЭГ-ын дарга Тзачи Брейвермантай уулзав

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Израилийн ЗГХЭГ-ын дарга Тзачи Брейвермантай Тел Авив хотноо уулзаж Монголын Ерөнхий сайдаас хүргүүлж буй Израилийн Ерөнхий сайдыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсан урилгыг гардуулав.

Мөн энэ үеэр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчид Израилийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Үндэсний кибер удирдах газрын Ерөнхий захирлын орлогч бөгөөд кибер ажиллагааны гүйцэтгэх захирал П.Москович, Израилийн ГХЯ-ны Кибер аюулгүй байдлын газрын захирал И.Моед нартай тус тус уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Төлөөлөгчид мөн Израилийн кибер технологийн парк, бусад ажиллагаатай танилцаж, ажлын уулзалтууд хийн, мэдээллийн технологийн паркийг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөхөөс сэрэмжилье

Цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Валентины өдрөөр мэндэлсэн ихэнх хүүхэд “Хосбаяр” гэдэг нэртэй

Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас эрэгтэй 29, эмэгтэй 26 байна.

Сонирхуулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2019 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар “Валентин” нэртэй гурван хүн, ижил нэртэй гэрлэсэн 350 хос байна. Мөн хоёрдугаар сарын 14-нд төрсөн 3180 хүн байгаа бөгөөд тэдний хамгийн түгээмэл нэр нь “ХОСБАЯР” юм.

Categories
мэдээ спорт

Улаанбаатарын дэвжээнд зодоглох бөхчүүд тодорлоо

23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн гуравдугаар сарын 23-26-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдыг сонгох “Сорил” тэмцээн өнөөдөр (II.12) “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Тэмцээнд нийт 20 байгууллагын 186 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн Азийн аварга З.Занабазар, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, хүрэл медальт Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Болор-Эрдэнэ, Б.Энхцэцэг, залуучуудын олимпийн наадмын медальт Б.Дөлгөөн, өсвөр үеийн ДАШТ-ий медальт З.Сумъяабазар, Б.Хонгорзул, Д.Отгонжаргал, Б.Эрдэнэсувд, залуучуудын Азийн аварга Б.Цэцэгбаяр, өсвөр үеийн Азийн аварга Ө.Пүрэвсүрэн, залуучууд, өсвөр үеийн Азийн АШТ-ий медальт Б.Лхагвагэрэл, Ц.Цогбадрах, Т.Мөнгөншагай, Э.Бямбадорж, Х.Болортуяа, Э.Даваанасан, Н.Анударь, Б.Чимгээ тэргүүтэй Монголын чөлөөт бөхийн залгамж халаа болсон залуу хүчтэнүүд хүч үзсэн юм. Жин тус бүрт аваргалсан тамирчин ирэх сард нутгийн дэвжээн дээрээ Азийн хүчтэнүүдтэй өрсөлдөх эрхээ авах байв. Эрчүүдийн тэр тусмаа хөнгөн жингүүдэд гал гарсан олон барилдаан боллоо. 57 кг-ын жинд өнгөрсөн жилийн УАШТ-ий мөнгөн медальт, спортын мастер Ц.Чинзориг доод жиндээ хүч үзэж, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга ОУХМ З.Занабазар, өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ариунболд, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Түмэнцогт нарын шилдгүүдийг ялж аваргалсан юм. Энэ жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Н.Насанбуян хоёрдугаар тойрогт З.Занабазарт 3:8-аар ялагдав. Өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн 57 кг-ын жингийн аварга ОУХМ Ц.Цогбадрах дээд жиндээ буюу 61 кг-д, өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Т.Тулга 65 кг-д, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэн 70 кг-д, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ М.Лхагвагэрэл 125 кг-д бүх өрсөлдөгчөө цэвэр ялж аварга болцгоов. Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд өнгөрсөн жилийн “U-23”-ын ДАШТ-ий хүрэл медальт Ц.Намуунцэцэг Б.Чимгээ, Н.Анударь, Ч.Отгонтуяа, Н.Азжаргал нарыг туршлага заан ялж түрүүллээ.

Эрэгтэйчүүдийн жин тус бүрт мөнгөн медаль хүртсэн тамирчид Улаанбаатарт болох Азийн АШТ-д сонгомол бөхийн төрөлд хүч үзэх боломжтой юм.
МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Цэрэнхүү, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, А.Батмөнх нар Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны олон улсын гуравдугаар зэргийн шүүгчийн болзол хангасан Б.Энхжин, Б.Жаргалсайхан, Х.Магвандорж, М.Бямбаноров, М.Энхмөнх нар шүүгчийн үнэмлэхийг нь тэмцээний үеэр гардуулан өглөө.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг: 1. Ц.Чинзориг (Хангай хайрхан) 2. Б.Түмэнцогт 3. П.Дашцэрэн (хоёул Хасу-Мегастарс), М.Даваабанди (Алдар)
61 кг: 1. Ц.Цогбадрах (Алдар) 2. А.Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс) 3. Б.Ууганбаяр (Баянхонгор), Ганбаяр (Женко)
65 кг: 1. Т.Тулга (Хүч) 2. Г.Ханбүргэд (Алдар) 3. Г.Чойгажид (Женко), Ч.Жамсранжав (Приус центр)
70 кг: 1. Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 2. Э.Бямбадорж (Баянхонгор) 3. А.Дөлгөөн (Хасу-Мегастарс), З.Мөнхтулга (Женко)
74 кг: 1. Б.Отгонбаяр (Хангай хүчтэн) 2. З.Сумъяабазар (Хангарьд) 3. Б.Батрагчаа (Алдар), Д.Батзул (Хасу-Мегастарс)
79 кг: 1. Б.Цэрэндаш (Орхон, Ирээдүйн одод) 2. Ц.Дамдинсүрэн () 3. Б.Өлзиймөнх (Орхон, Ирээдүйн одод), М.Түмэнхүслэн (Алдар)
86 кг: 1. Г.Ганхуяг (Аваргууд) 2. Э.Батмагнай (Баянхонгор) 3. Ч.Чойжамц ()
92 кг: 1. М.Цогтгэрэл (Орхон, Ирээдүйн одод) 2. Б.Билгүүн (Хасу-Мегастарс) 3. Г.Ган-Очир (хоёул Хасу-Мегастарс), Ч.Алтангэрэл (Хилчин)
97 кг: 1. Т.Мөнгөншагай (Харгант цамхаг) 2. Л.Одбаяр (Хангай хүчтэн) 3. Б.Энх-Оргил (Хасу-Мегастарс), Ц.Нямсүрэн (Алдар)
125 кг: 1. М.Лхагвагэрэл (Аварга) 2. С.Ган-Эрдэнэ () 3. Б.Ганзолбоо, Д.Эрдэнэтулга (бүгд Хангай хүчтэн)
Эмэгтэйчүүдийн 50 кг: 1. Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 2. Б.Чимгээ (Хангарьд) 3. Ч.Отгонтуяа (Алдар), Д.Отгонжаргал (Женко)
53 кг: 1. Б.Халиунаа (Аврагч) 2. Б.Хулан (Хангай хайрхан) 3. М.Пүрэвтунгалаг (Баянхонгор)
55 кг: 1. Б.Болортуяа (Женко) 2. Б.Болор-Эрдэнэ (Алдар) 3. Б.Арвин (Хангай хайрхан)
57 кг: 1. Б.Хонгорзул (Баянхонгор) 2. Б.Дөлгөөн (Налайх) 3. Н.Наранцацрал (Алдар)
59 кг: 1. П.Отгонбаяр (Женко) 2. Б.Энхтүвшин (Хилчин) 3. Б.Лхам (Баянхонгор)
62 кг: 1. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор) 2. Д.Түмэнхүслэн (Женко) 3. Б.Майцэцэг (Алдар)
65 кг: 1. Х.Болортуяа (Аврагч) 2. Г.Оюун-Эрдэнэ (Хангарьд) 3. З.Отгондулам (Налайх)
68 кг: 1. Э.Дэлгэрмаа 2. Б.Нандин-Эрдэнэ (хоёул Хасу-Мегастарс) 3. Э.Даваанасан (Алдар)
72 кг: 1. Д.Цогзолмаа (Говийн бөх) 2. Ц.Хулан (Сэлэнгэ) 3. Г.Ундраа (Женко)
76 кг: 1. Н.Загардулам (Хангай хайрхан) 2. Г.Ариунжаргал (Алдар) 3. Г.Оюунбагана (Мандал оюут)

Categories
мэдээ нийгэм

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба шилжин ажиллахаар бэлтгэж байна

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба батлагдсан төлөвлөгөөний дагуу

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орохтой холбоотойгоор аэродромын Нислэгийн хөдөлгөөний удирдлага/НХУ/-ын байранд шилжин ажиллах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ тухай тус албаны дарга П.Мөнхжаргал өнөөдөр НХҮА-нд болсон Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөн дээр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн болон 2019 онд хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар танилцуулга хийхдээ онцоллоо. Энэ 7 хоногийн сүүлээр шилжих сургалт эхлэх бөгөөд тус албаны 16 ажилтан БНСУ-ын Инчоны нисэхийн академид шилжин ажиллах үеийн сургалтад хамрагдах ажээ.

Мөн тус албаны хамт олон аэродром, ойртолт, бүсийн НХУ-ын секторын багтаамжийг тооцоолох, шинэ Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн автоматжуулалтын системийн техникийн тодорхойлолт, шинээр сектор хуваарилалтад өөрчлөлт оруулах санал боловсруулахаас гадна Бүсийн болон Ойртолтын бүсийн агаарын хөлөг хоорондын тууш зайчлалыг багасгах судалгаа хийж, Агаарын тээвэрлэгчидтэй чанар, аюулгүй ажиллагааны талаар уулзалт, хамтарсан сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Өнгөрсөн онд 138195 нислэг бүртгэгдсэнээс Олон улсын өнгөрөлтийн нислэг 123296, олон улсын хөөрөлт, буулт, 8805, орон нутгийн хөөрөлт, буулт 6394 хийгдэж, олон улсын өнгөрөлтийн нислэг 2017 онтой харьцуулахад 11,3 хувиар өсчээ.

Өнөөдрийн Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнийг АНБЗГ-ын дарга Ё.Эрдэнэбат удирдсан бөгөөд нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагааг хэвийн явуулахад холбогдох алба хэлтэсүүд хэрхэн уялдаа холбоотой ажилласан болон алдаа дутагдал, анхаарч ажиллах зүйл юу байгаа талаар голчлон ярилцлаа.

ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом зарим газарт өмнөх Үйлдвэрлэлийн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаварын биелэлт удаашралтай байгаад анхаарч, шуурхайн үүрэг даалгаварын биелэлтийн хангаж ажиллахыг үүрэг болголоо.