Categories
мэдээ нийгэм

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил-2019

2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласан. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын “ИРГЭДЭЭ СОНСОХ УТАС 7053-0001”-д төрийн ажил үйлчилгээг сайжруулах, төрийн алба хаагчдын харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой иргэдийн санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийн зэрэгцээ http://urgudul.omnogovi.gov.mn/user/login хаягаар өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байна.

Categories
мэдээ нийгэм

Зургаан шүүгчид АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

АТГ-аас энэ сарын 13-ны өдөр нэр бүхий зургаан шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэлийг нээжээ. Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ийнхүү шалгах хүсэлт гаргаж байгаа юм. Тэднийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа бөгөөд хэрэг бүртгэлд гэр бүлийн гишүүдийнх нь нэр дээрх хөрөнгийн эх үүсвэрийг тодруулах шаардлагатай болжээ.

Тиймээс нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа аж. Харин прокурорын байгууллагаас уг саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж шүүгч нарын эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэхээр Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар шийдвэр гаргасны дараа нэр бүхий зургаан шүүгчийг АТГ-аас үргэлжлүүлэн шалгах юм.

Categories
мэдээ нийгэм

​“Дээд боловсролын шинэчлэл” төсөл амжилттай, үр дүнтэй хэрэгжиж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Дээд боловсролын шинэчлэл” төслийг 2012 оноос эхлэн долоо дахь жилдээ хэрэгжүүлж байна. Өнгөрсөн удаагийн төслийн Удирдах хорооны хурал дээр БСШУСЯны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн Удирдах хорооны дарга Б.Баярсайхан ажлаа өөрсдөө үнэлэх биш дээд боловсролын сургалтын байгууллага, багш оюутанд хэрхэн хүрсэн, ямар бодит үр дүн үзүүлсэн болохыг төслийн үр шим хүртэгсдээс сонсох, тайлангийн хурал зохион байгуулах үүрэг өгсөн.

Энэ дагуу БСШУСЯнд тайлангийн хурал зохион байгуулж, “Дээд боловсролын шинэчлэл” төслийн үр шимийг хүртэгч байгууллагын төлөөлөл болох МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, АШУҮИС, СУИС, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Боловсролын үнэлгээний төв, боловсролын хүрээлэн өөрсдийн байгууллагад гарсан үр дүнгийн талаар танилцууллаа.

Мөн төслийн үр шимийг хүртэгч оюутнуудын төлөөлөл болох “Модны нүх ухах ажлын төхөөрөмж үйлдвэрлэх” тэтгэлэгт төсөл хэрэгжүүлсэн Б.Адъяа, “Хөдөлмөрч оюутан” тэтгэлэгт төслийг хэрэгжүүлсэн Ц.Ариунболд нар мэргэжлийн болон хувь хүний хөгжилд нь гарсан өөрчлөлт үр дүнгийн талаар хуваалцлаа.

Төсөлд хамрагдсан их дээд сургуулиуд хөтөлбөрийн агуулга боловсруулах, олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах, лаборатори тоног төхөөрөмжтэй болох зэрэг бодит томхон үр дүнгээс дурдаж байлаа.

БСШУСЯны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, цаашид БСШУСЯнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн тайлан, үр дүнг энэ жишгээр олон нийтэд хүргэх болно. Олон нийт мэдээлэл муутайгаас боломжоос хоцордог байх ёсгүй гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Умайн хоргүй хавдрын эсрэг эмчилгээг нэвтрүүллээ

Нийслэлийн Амгалан амаржих газар нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт шинэлэг эмчилгээ нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний нэг нь өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх, умайн эмгэг цус алдалтын үед умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх зэрэг эмчилгээнүүдийг амжилттай нутагшуулж байгаа аж. Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх эмчилгээг анх 2018 оны 11 дүгээр сард хийж эхэлснээс хойш 3 сарын дараа буюу уржигдар умайн эмгэг цус алдалттай, эмчилгээнд үр дүнгүй байсан эмэгтэйд умайн хөндийн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг хийжээ.

Умайн хоргүй хавдрын эсрэг эмчилгээг нэвтрүүллээ

Тус амаржих газар БНСУ-ын RF Medical төвтэй хамтран уг эмчилгээний сургалтыг өчигдөр хийхдээ 7 үйлчлүүлэгчдэд амжилттай хийсэн байна. Уг эмчилгээнд НААГ-ын дарга Ц.Батболд, их эмч Л.Долгоржав, Б.Даваацэцэг, Б.Байгалмаа,Б.Хишигдаваа,мэдээгүйжүүлгийн эмч Б.Болортайван, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа,туслах сувилагч Р.Юмжирдулам, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаж инженер Д.Пүрэвхүү, Д.Гомбодорж нар,БНСУ-ын RF Medical төвийн эмч мэргэжилтэн П.Бат-Ирээдүй нар оролцлоо. Цаашид энэхүү эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нутагшуулах, амаржих газрууд болон орон нутгийн эмч нарт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, аюулт үзэгдлийн үед салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд аймгийн цэргийн хүрээний байгууллагын удирдлагууд, Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах анги, Дархан сум дахь Гал түймэр унтраах, аврах 22, 54 дүгээр анги, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Хэв журам сахиулах алба, Эрүүл мэндийн алба, Улаан загалмайн хорооны ажилтан, алба хаагч нарыг хамруулсан байна.

Энэ үеэр нуурын гүнд автомашинтай осолдсон нэрвэгдэгчдийг татан гаргаж эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх дадлагыг хамтран гүйцэтгэлээ.

Categories
мэдээ нийгэм

Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын салбарт Европын холбоотой хамтран ажиллана

Европын Холбоо, Монгол Улсын Цөмийн энергийн комисстой хамтран “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчныг бэхжүүлэх” MN3.01/12 төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд энэ сарын 13-ны өдөр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны төслийн холбогдох ажилтнууд болон “RISKAUDIT IRSN/GRS International байгууллагын төслийн шинжээч нар Физик Технологийн хүрээлэнгийн кобальт-60 үүсгүүр бүхий PXM-гамма-20 шарагч төхөөрөмжийн хадгалагдаж буй байрны нөхцөл байдалтай нь танилцан цацрагийн хэмжилтүүдийг хийж, аюулгүй байдлыг хангах, биет хамгаалалтыг сайжруулах талаар харилцан зөвлөлдөж, хамтран ажиллав.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ хэлний бодлогын үндэсний зөвлөл монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль тогтоомж болон Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг.

Монгол хэлний тухай хуулийг хэрэгжилтийг хангах үүднээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлийн хүрээнд хамтран ажиллах юм. Үүнд:

-Төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл, мэдээлэл нь орчин цагийн монгол хэл утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томьёог баримталж буй эсэхэд хяналт тавих,

-Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцах, санхүү, татвар, хөдөлмөр, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр хөтлөх журам мөрдөгдөж буй эсэхэд хяналт тавих,

-Гудамж талбайд ил задгай байршуулсан сурталчилгааны самбар, аж ахуйн нэгж, байгууллагуудын хаягжилтад хяналт тавьж ажиллах,

-Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хаяг, шошго нь Монгол хэлний тухай хууль, тогтоомж болон холбогдох стандартад нийцэж байгаа эсэхийг шалган тогтоох, холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх зэрэг болно.

Санамж бичиг байгуулсанаар Монгол хэлний тухай хуульд тусгайлан үүрэг хүлээсэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэхэд хяналт шалгалт, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах чухал ач холбогдолтой юм.

УТАС: 1800-1284

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хагас тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хар тамхины нийлүүлэлт Монголд байна

-НЭГ ГРАММ НЬ 800 МЯНГААС НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДДЭГ ХАР ТАМХИНЫ ЭРЭЛТ ИХСЭХ ТУСАМ ХАНШ УЛАМ ӨСДӨГ –

Хар тамхи гэх нэршил хэдхэн жилийн өмнө манай улсад шинэ зүйл мэтээр ойлгогддог, зарим нь юу гэдгийг нь ч мэддэггүй байлаа. Гэтэл сүүлийн хоёр жилийн дотор Монгол Улсад хар тамхины хэрэглээ, гэмт хэргийн гаралт улам нэмэгдэж, хэдэн зуун саяар тоологдох хэмжээний үнийн дүнтэй дүйцэхүйц бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх тохиолдлууд ч бүртгэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 28-ны өдөр олон улсын шуудан илгээмжийг ашиглан 300 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөс хэмээх хар тамхины нэг төрлийн бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдсан нигер улсын иргэнийг Цагдаагийн байгууллагаас дайчлан баривчилсан байдаг. Гэтэл сар хүрэхгүй хугацаанд дахин ийм төрлийн гэмт хэрэг гарлаа. өөрөөр хэлбэл, Гаалийн ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 12-ны өдөр 500 сая төгрөгтэй дүйцэх хэмжээний метамфетамины төрлийн мөс хэмээх хар тамхийг гадаад улсаас захиалан, шуудан илгээмж ашиглан хил нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийг таслан зогсоосон юм. Энэ хэргийг 19-32 насны нэг эмэгтэй, хоёр эрэгтэй үйлдсэн гэж үзэн тэднийг дайчлан баривчлав. Этгээдүүдээс шээсний шинжилгээ авахад нэгнийх нь дээжээс хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Тэд эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан эмэгтэй нь “Найз маань гуйсан тул хамт явж байсан” гэж мэдүүлсэн байна. мэргэжилтнүүдийн судалгаагаар манай оронд таваас долоон мянган хар тамхи хэрэглэгч байгаагийн 80 орчим хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй гэнэ. Хар тамхины төрлийн бодисын үнэлгээ гадуур буюу хар зах зээл дээр нэг грамм нь 800 мянгаас нэг сая төгрөгөөр үнэлэгддэг байна. Нийлүүлэлтээсээ хамааран мансууруулах бодисын үнэ ханш нь нэмэгддэг аж.

Эл хэрэг болон хар тамхины төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал манай оронд ямар байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахмад С.Мөнхжинтэй ярилцлаа.

-Гадаадын шуудан илгээмж ашиглан хилээр хар тамхи нэвтрүүлэх тохиолдол гарсаар байна. Хамгийн сүүлийн тохиолдол энэ сарын 12-нд гарлаа. Тухайн өдөр яг юу болов?

– Цагдаагийн байгууллагад ирсэн нууц эх сурвалжийн мэдээллийн дагуу шалгалт хийхэд гадаад улсаас их хэмжээний мансууруулах бодисыг шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй этгээдүүдийг дайчлан баривчилсан. Сүүлийн жилүүдэд шуудан илгээмж ашиглан мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх тохиолдол өсөн нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газар болон Тээврийн цагдаагийн алба, Гаалийн ерөнхий газартай хамтран шат дараалсан ажлууд явуулсны үндсэн дээр гэмт хэргийн илэрц нэмэгдэж байна.

-Тухайн өдөр нэлээд их хэмжээний хар тамхи илрүүлсэн гэсэн. Магадгүй манай улс донтогч орны тоонд ороход ойрхон байна уу?

-500 орчим сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний бодис илэрсэн. Энэ нь одоогоор бүртгэгдээд байгаа хамгийн их үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хар тамхи. Өөрөөр хэлбэл, хагас киллограмм орчим мансууруулах бодис гэсэн үг. Гэхдээ ганц, эсвэл хэсэг хүний захиалсан бодисын хэмжээнээс шалтгаалан тухайн улсыг донтогч орон гэж тодорхойлох нь буруу.

-Үүнийг хэд орчим хүн хэрэглэх боломжтой вэ?

-Хар тамхи нь ил зах зээл дээр борлуулагддаг бараа материал биш, хууль бус гэдэг утгаараа нэг граммыг нь хичнээн хүн, тийм хугацаанд хэрэглэж болно гэсэн зүйл байдаггүй. Хүн бүрийн биеийн онцлогоос хамааран донтолтын байдал нь янз бүр байдаг. Хар тамхийг хичнээн ч хүн ямар ч орцоор хэрэглэх боломжтой.

-Одоогоос хэдхэн жилийн өмнө хар тамхины төрлийн бодис илрэхдээ 10-20 сая төгрөгөөр үнэлэгддэг байсан. Гэтэл өдгөө хэдэн зуун саяар хэмжигддэг болж. Ер нь хар тамхитай холбоотой гэмт хэргийн нөхцөл ямар байна вэ?

-Хар тамхи мансууруулах төрлийн бодис нь саяхныг хүртэл шинэ төрлийн гэмт хэрэгтээ ордог байсан. Гэтэл одоо хүн бүр л хар тамхи гэж юу байдгийг мэддэг, зарим нь хэрэглэж үзсэн байдаг. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд ч гэсэн 500 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хар тамхи байсныг үгүйсгэхгүй. Тиймээс цаашид ч ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй. үндэсний хөтөлбөр хэрэгжээд эл гэмт хэргийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ийм төрлийн гэмт хэрэг ихэссээр байна. Өнгөрсөн жилүүдэд бүртгэгдсэн гэмт хэрэгт холбогдогчдын тоо эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах бодисын хэмжээ зэргээс харахад гэмт хэрэг улам нэмэгдэж буй нь анзаарагдаж байгаа. Мөн энэ төрлийн гэмт хэргийн төлбөр тооцоогоо биткойн буюу цахим мөнгө ашиглан төлсөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн.

-Өнгөрсөн удаад илэрсэн 300 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хар тамхийг Нигер улсын иргэн хилээр нэвтрүүлсэн. Энэ удаад баригдсан нь ямар төрлийн хүмүүс байв?

-Сүүлийн илрүүлсэн хэрэгт одоогоор гадаадын иргэн холбогдож, бүртгэгдээгүй. Хэрэгт сэжиглэгдэж буй иргэд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, цэвэр ашиг олох зорилготой байсан. Гэхдээ гэмт хэргийн цаана ямар хүмүүс байгааг нягталж шалгана. Учир нь илэрсэн бодис нь тоо хэмжээний хувьд их байгаа тул хоёроос гурван хүнээр хязгаарлагдахгүй байх. Тиймээс бүлэг этгээд байгаа эсэхийг хянана. Уг илгээмжийг АНУ-аас ирүүлсэн нь тогтоогдсон. Ер нь хар тамхины төрлийн гэмт хэргийн цаана гадаад улсын иргэд байх өндөр магадлалтай.

Хар тамхи тээвэрлэсэн этгээдүүийг дайчлан баривчилж буй нь. 2019.02.12

-Манай оронд хар тамхины бүлэглэл байдаг уу?

-Хар тамхины бүлэг зохион байгуулалтад орсон хүмүүс бий. шалгагдаж байгаа хэрнээ батлан даалтад гарангуутаа хар тамхиа хэрэглэдэг, донтчихсон, худалдаалдаг, давтан үйлдэлтэй этгээдүүд ч байгаа. Эдгээр хүмүүсийн хүрээлэл нь ихэвчлэн энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой хүмүүс байдаг. Учир нь мансууруулах бодисыг хаанаас олж авдаг, яаж оруулж ирдгийг нь мэдэхгүй, ганц хүн хар тамхийг олж авахад хэцүү, хэрэглэх ч боломжгүй. Тиймээс гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн тодорхой хувь нь бүлэг, зохион байгуулалтад орчихсон байдаг.

-Ямар байдлаар хил дамнан холбогдож, энэ төрлийн бодисоо захиалж байна вэ?

-Ихэвчлэн гадаад улсад ашиглагддаг интернэт, цахим, апп-аар холбогдож байна. Мөн шуудан илгээмж ашиглан нээлттэй байдаг сайтуудаас захиалдаг. Бас зарим төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт зөвшөөрсөн улс орнуудаас захиж авчруулан хил давуулан оруулж ирж хэрэгт холбогдож байна. Тиймээс хууль эрх зүйн орчноо иргэд судлах хэрэгтэй. Учир нь шуудан илгээмж ашиглан оруулж ирэхэд “Өөрөө хил гарч, биеэрээ хилээр нэвтэрч оруулж ирээгүй юм чинь би хэрэгт хамааралгүй, холбогдохгүй” гэж зарим хүмүүс үздэг. Гэтэл тухайн хүн захиж авчруулан хил нэвтрүүлсэн ч ялгаагүй шийтгэл хүлээнэ.

-Монголд орж ирэх хар тамхины хэмжээ өссөөр байгааг хэрэглэгчид нэмэгдсэнтэй холбож ойлгож болох уу?

-Ер нь эрэлт байгаа газар нийлүүлэлт бий. манай орон дамжин өнгөрөгч орон байсан бол одоо хэрэглэгч оронд багтсан нь нэгэнт тодорхой болсон. Хэрэглэгчид байгаа учраас л гадаад улсаас хар тамхи орж ирэх нь ихэсч байна.

-Манай улсад хар тамхины гэмт хэрэгт холбогдсон гадаад улсын иргэд бодисыг мөнгө угаах зорилгоор гадагшаа дахин экспортлох магадлал байгаа юу?

-монгол улсын иргэдийн хувьд энэ нь боломжгүй зүйл. учир нь манай улс мансууруулах бодисыг үйлдвэрлэгч орон биш. Үйлдвэрлэсэн тохиолдол бүртгэгдээгүй. Харин гадаад улсын иргэдийн хувьд байж болохоор асуудал. Гэхдээ Монголд оруулж ирсэн бодисыг өөр улс руу дахин нийлүүлэх эрэлт байгаа эсэх нь эргэлзээтэй.

-Он гарснаас хойш эхний нэг сарын байдлаар энэ төрлийн гэмт хэргийн хичнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд хар тамхитай холбоотой 199 хэрэг бүртгэгдсэн. Эдгээр хэрэгт 412 хүн холбогдон шалгагдаж байгаа. Үүний 337 нь эрэгтэй бол 75 нь эмэгтэй. Харин хар тамхийг худалдаалагч, хэрэглэгч, захиалагчдын ихэнх нь буюу 82.5 хувь нь 18-25 насныхан.Өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаагаар 2000 хүүхдийн 463-т нь мансууруулах бодис хэрэглэж үзэх санал ирсэн байдаг. Он гарснаас хойш 24 хэрэгт 59 хүнийг холбогдуулан шалгаж байгаа. үүний долоо нь шуудан илгээмжээр буюу Америк, Герман, Нидерланд, ирланд, англи, Тайландаас ирүүлсэн байдаг. Он гарснаас хойш энэ төрлийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн хамгийн бага нь 15 настай. Гэхдээ илэрч байгаа нь эдгээр тохиолдлууд болохоос биш ямар ч төрлийн гэмт хэрэгт илрээгүй олон тохиолдол бий. мөн давтан гэмт хэрэг үйлдэгчид нэлээд байдаг. Гэмт хэрэгт холбогдогчид засрахгүй байна.

-Хар тамхи хэрэглэсэн хүнийг гаднаас нь хараад яаж мэдэх вэ?

-Ихэнх хүмүүсийн хүүхэн хараа өргөсөх, хэл ам нь хуурайшиж, ээдрэх, архи хэрэглээгүй хэрнээ согтуу юм шиг манарч гуйвах, юу ярьж байгаагаа мэдэхгүй байх зэрэг шинжүүд илэрдэг. Хар тамхи нь төв мэдрэлийн системийг сэргээх үйлчилгээтэй. Тухайлбал, мөсний төрлийн мансууруулах бодисыг хэрэглэлээ гэхэд нойр хүрэхгүй, өлсдөггүй. Зарим хүмүүс өлсдөггүй юм чинь би турах юм байна гэж боддог. Гэтэл энэ нь биед маш сөрөг нөлөөтэй. Хэрэв донтвол хамаарлаас нь гарах магадлал таван хувьтай л байдаг. донтсон, эсвэл тогтмол хэрэглэдэг хүмүүсийн арьс, үсний өнгө гундмал байдаг.

-Хар тамхины хамгийн түгээмэл илэрч байгаа төрөл нь..

-Өнгөрөгч жил манай улсын нутагт ургаж байгаа каннабисын төрлийн зэрлэг олсны ургамлын гэмт хэрэг 60 гаруй хувийг эзэлж байсан. Мөн ice буюу мөсийг гадаад улсаас оруулж ирж байна. Энэ нь химийн гаралтай буюу үйлдвэрт тусгай аргаар гаргаж авдаг бодис.

-Яагаад энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдээд байгаа юм бол?

-2017 оноос хэрэгжиж эхэлсэн хуулийн шинэчилсэн найруулгаар энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулж байгаа ял шийтгэлийнх нь хэмжээ багасчихсан. Тухайлбал, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10-40 сая төгрөгөөр торгох, мөн 2-8 жил хорих ялаар шийтгэдэг болсон. Гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь эрх зүйн мэдлэгтэй байдаг тул хар тамхитай холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, нэмэгдэж байна гэж ойлгож болно. Тэгэхээр бодлогоо чангатгаж, хариуцлагыг өндөржүүлэх тусам гэмт хэргийн гаралт буурна. Тухайлбал, хилээр энэ төрлийн бодисыг нэвтрүүлсэн бол хэмжээ төрлөөс нь шалтгаалаад бүх насаар нь, эсвэл олон жилийн хорих ял шийтгэл оногдуулдаг. Энэ нь эргээд хар тамхины гэмт хэргийн сэдэл санаа зорилгыг бууруулахад ач холбогдолтой байж болох юм.

-Ер нь гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хэдэн төгрөгийн ашиг олдог бол?

-Хэр зэрэг давтамжтай зарж борлуулсан хэмжээнээсээ хамаарна.

-Хар тамхи зардаг хүмүүс өөрсдөө хэрэглэгч байх тохиолдол бий юу?

-Маш цөөхөн тохиолдолд зардаг хүмүүс нь хэрэглэгч биш байдаг. Тэгэхээр зарж борлуулдаг хүмүүсийн ихэнх нь буюу 90-95 хувь нь хар тамхи хэрэглэгчид байдаг.

-Та түрүүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын ихэнх нь өсвөр үеийнхэн байдаг гэлээ. Ер нь эцэг, эхчүүд хүүхдээ төдийгүй, иргэд өөрсдийгөө эл гэмт хэргээс хэрхэн сэргийлэх ёстой вэ?

-Хар тамхи хэрэглэнэ гэдэг нь тухайн хүн эрүүл мэндээ төдийгүй өөрийн эд хөрөнгөө тэр чигт нь алдаж, энэ зүйлд зориулж байдаг. мөн эрх чөлөөгөө хязгаарлуулдаг. Энэ бүгдийг ямар л хүн хүсэх билээ дээ. Мөн сүүлийн үед хар тамхийг эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд ихээр хэрэглэж байна. Тэднээс мэдүүлэг авах үед “Донтчихсон учраас” гэж хариулдаг. Гэтэл эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн эхчүүд мансууруулах бодисыг хэрэглэнэ гэдэг нь үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц аюултай зүйл болж хувирч байна.

-Өмнө нь хар тамхитай тэмцэх хэлтэс гэж байсан. Харин одоо Хар тамхитай тэмцэх газар болсон. Энэ төрлийн гэмт хэргийн хүрээлэл нэмэгдэж байгаа болохоор шалгадаг байгууллага нь хүртэл өргөжиж байна гэж үзэж болох уу?

– ЦЕГ-ын даргын 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн тушаалаар Хар тамхитай тэмцэх хэлтсийг газар болгон бүтэц орон тоог өргөтгөн зохион байгуулсан. Бүтэц орон тоог өргөтгөн зохион байгуулсантай холбоотойгоор шинэ төрлийн мансууруулах бодис, эмийн хууль бус хэрэглээ гэх мэт 18 чиглэлийг хариуцан үйл ажиллагаа явуулах болсон. Бүтэц өргөжинө гэдэг нь тэмцлийн хүрээ ихэснэ гэсэн үг. Хүний тоо хэр их байна, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт төдий чинээ нэмэгдэнэ.

З.МӨНХСУВД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ, хуучин МАНАН-гийн ивээл дэх Эрдэнэтийн 49-ийн хувь заяа

Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигч Ц.Пүрэвтүвшинд Сингапурт байдаг Ц.Пүрэвтүвшинд 40 сая ам.доллараар зарлаа гэсэн шуугиан гарлаа. Монголд байдаг Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигч Пүрэвтүвшин, Сингапурт байдаг Пүрэвтүвшин нэг хүн боловч хоёр тусдаа хуулийн этгээд. Эрдэнэтийн 49 хувийг шилжүүлсэн гэх Сингапурын “МСС Пти Лтд” компани 2016 оны гуравдугаар сард байгуулагдаж. Сүүлд нэрээ сольж “Эрдэнэт Корп Пти Лтд” компани болжээ. Энэ үйл явдлын талаар Ц.Пүрэвтүвшин “….Эрдэнэт үйлдвэрийн аль нэг хувьцаа эзэмшигч гадаадын хөрөнгө оруулалттай компани байвал дахин Арбитрын шүүхэд дуудах боломж болох юм. Сингапур гэдэг улсыг яагаад яриад байна вэ гэхээр тус улсад нэр хүндтэй олон улсын хууль эрх зүйн орчин бий. Сингапур, Английн хооронд гэрээ бий. Англи, Монгол хоёрт гэрээ бий. Монгол, Сингапурт мөн адил гэрээ бий. Энэ гурвалсан харилцааг ашиглан “Эрдэнэт үйлдвэр”-т шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхэд гурван улсын Арбитрын хамтын ажиллагааг дахин авч үзэх боломжтой гэсэн маргаан үүсгэх болж байгаа. Тэр зорилгыг манай хувьцаа эзэмшигч компанийн зүгээс хаах боломж нөхцөлийг харж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг зарсан зүйл байхгүй. Харин Стандарт банктай холбоотой шүүхийн маргаанд ямар боломжтой, ашигтай шийдлүүд байгааг хуулийн хүрээнд гаргахыг зорьж ажиллаж байна” гэсэн юм. Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж, Жаст групп зээлсэн үндсэн төлбөр болон хүү нэмэгдээд нийт 95 сая орчим ам.доллар төлөх ёстой гэсэн Стандарт банкны нэхэмжлэлтэй Арбитрын шүүхийн эцсийн шийдвэр 2017 онд гарсан. Одоогоор Стандарт банкинд төлөх өр хүүтэйгээ 120 сая ам доллар хүрээд байгаа аж. УИХ 49 хувийг улс авлаа гэж олонхын саналаар шийдсэн болохоор угтаа бол Монгол Улсын Засгийн газар энэ өрийг төлөх ёстой юм шиг. Гэтэл одоо болтол төлөөгүй. Харин Сингапурын компанид шилжих болсон талаар гэнэт шуугив.

Эрдэнэтийн 49 хувийг Сингапурт зарагдах ажлыг одоогийн Засгийн газар мэдэж байсан гэж дам яриа яваад байсан. Саяын наймаагаар бол Монголросцветмет ч мөн Сингапурын компани руу шилжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн 49 хувьтай хамт Асгатын мөнгөний орд “Монгол Зэс” компанид очсон. Ашигт малтмалын тухай хуулиараа Эрдэнэт ч тэр, Асгатын мөнгөний орд ч стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд. Гэтэл Засгийн газар энэ наймааг мэдсэн учраас Асгатын мөнгөний ордыг Монголросцветметээс салгаж авч, “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн болж таарлаа. Үлдсэнийг нь өөрсдөө мэд гээд өгсөн байх магадлал байна. Ц.Пүрэвтүвшингийн тайлбараар бол Өмнөд Африкийн Стандарт банкийг аргалж болдог юм байж. Стандарт банкны үйл ажиллагааны дараа энэ компани Монголын Засгийн газарт ямар ч хамааралгүй компани болж хувирна. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн хэлээд байгаа бас ортой. Яагаад гэвэл энэ нь гадаадын компани болчихсон. Монголын хууль ёсонд ямар ч хамаагүй. Одоохондоо энийг зогсоосон гэж яриад байгаа ч үйл явдал болдгоороо болж 49 хувь Сингапур Пүрэвтүвшинд шилжээ биз. Энэ талаар өнгөрсөн баасан гаригт Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдэгдсэн бөгөөд “Стратегийн энэ ордыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр ОХУ-ын талаас 400 сая ам.доллараар худалдаж авсан байдаг. Мөн бүртгэлийн газар, холбогдох байгууллагууд, Чингэлтэй дүүргийн нотариат дээр хувьцаа худалдах, шилжүүлэх гэрээг баталгаажуулсан байгааг олж мэдсэн”. гэж мэдээлсэн.

2016 оноос МАН дийлэнх олонхоороо төр барьж байгаа. Тэднийг ингэж олуулаа болж гарч ирэхэд өмнөх Засгийн газрын үед УИХ-аар хэлэлцүүлэлгүй нууцхан шийдсэн Эрдэнэтийн 49 хувийн асуудал сонгуулийн өмнө гэнэт ил болж, шуугиан тарьсан нь ихээхэн нөлөөлсөн. Тиймээс ч МАН гарч ирэхдээ 49 хувийг хурааж, Эрдэнэтийг ард түмэнд хувьцаагаар эзэмшүүлнэ гэсэн. М.Энхболд 49 хувийг хурааж авах тухай шийдвэр УИХ-аар хэлэлцүүлж гаргуулсан ч зориуд орхисон. Цааш ямар ч алхам хийгээгүй. Ц.Нямдорж Эрдэнэтийн 49 хувийнхантай сүүлийн цамцаа урагдтал тэмцэнэ гэсэн. Яг жинхэнэдээ цамцаа урагдтал тэмцэх нь байтугай дэд сайддаа 49 хувийн шүүх хурал дээр очоод “ялагд” гэж үүрэг өгсөн нь саяхан илэрсэн. Дэд сайд асан энэ талаар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн шүү дээ. МАНАН хэмээх бүлэглэл 49 хувь дээр тохиролцчихсон байтал зарим төлөвлөгөөнөөс гадуур үйл явдал өрнөж, Арбитрын шүүхийн шийдвэр, 49-ийг авах УИХ-ын шийдвэр, олон удаагийн шүүх хурлууд гээд баахан бужигнаж, бүх зүйл санаснаар шууд бүтчихээгүй.

Монголын улс төрд шинэ, хуучин МАНАН гэж бий гэдгийг бид мэддэг болсон. Эрдэнэтийн 49 хувийг хуучин МАНАН авсан гэдэг. Хуучин МАНАН-тай тэмцэл өрнүүлээд жигтэйхэн байсан шинэ МАНАН ч 49 хувьд байр суурьтай болж. 49 хувийнхан ч шинэ МАНАН-д өргөл барьцаа харамгүй өгч байгаа бололтой. У.Хүрэлсүхийн Засгийн газар яаран шийдвэр гаргаж Асгатын мөнгөний ордыг Монголросцветметээс салгаж авсан нь үүнтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй.

Шинэ, хуучин хоёр МАНАН бүлэглэл тохироод 49 хувь ард түмэнд хамаагүй болж байх шиг байна. Эдний ивээл дэх 49 хувийн хувь заяа цааш хэрхэх бол. Ямар ч байсан ард түмэн хэмээх халхавчаар төрд авсан гэх 49 хувь энэ мэтээр биднээс бүр алсарч байх шиг ээ.

Б.ДОНРОВ

Categories
мэдээ цаг-үе

Б.Тулга: Н.Энхбаяр даргыг нөхөн сонгуульд нэр дэвшээсэй гэж хүсч байгаа

МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сонгуулийн ерөнхий хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвших эрхтэй гэж мэдээлсэн. Н.Энхбаяр дарга Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших үү?

-Нөхөн сонгуульд МАХН албан ёсоор оролцоно. Н.Энхбаяр даргыг нэр дэвшинэ гэсэн хүлээлт бий. Эцсийн шийдвэрийг намын удирдах байгууллага гаргана. Миний хувьд Н.Энхбаяр даргыг нэр дэвшээсэй гэж хүсч байгаа. Үүнийгээ ч өмнө нь мэдэгдсэн. Үндсэн хуулийн Цэцээс өмнө нь зарлагдсан нөхөн сонгуулийг хойшлуулсан. Энэ бол төрийн хямралын бас нэгэн илрэл. Цаг хожих тактикийн үүднээс хойшлуулсан хэрэг. Хэнтий аймгийн нийт сонгогчийн эрх ашгийг биш, өөрсдөдөө давуу тал бий болгох үүднээс цаг хожсон ч аргагүйн эрхэнд нөхөн сонгууль зарлалаа. Нөхөн сонгууль болох уу, үгүй юу гэдгийг бас хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл өмнө нөхөн сонгуулийн товыг зарлаад оролцох хүсэлт гаргасан намуудад батламж гаргачихаад сүүлд нь болиулж чадсан. Тэгэхээр үүн дээр болгоомжтой хандахгүй бол юу ч гаргаж ирэхийг таашгүй ийм л засаг төртэй байна даа. Ийм төрийн бусармаг үйл ажиллагааг зогсоох, ядаж дотроос нь мэдээлэл өгч, дуу хоолойгоо хүргэж байх үүднээс МАХН нөхөн сонгуульд оролцоно. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэдийн дуу хоолойг парламентад байлгах ёстой. Дараагийн УИХ-ын гишүүний бүрэн эрх баталгаажсэнаар өмнөх гишүүний эрх хүчингүй болно гэсэн заалт бий. Энэ нь иргэд УИХ-д төлөөлөлгүй байж болохгүй гэсэн санаа юм. Төрд байгаа нөхдийн шийдвэрээс болж иргэд нэг, хоёр жил УИХ-д төлөөлөлгүй байх нь энгийн үзэгдэл боллоо. Тиймээс энэ сонгуулийг яаралтай зохион байгуулах ёстой.

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр хууль бус байсныг та сая хэллээ. Үүнийг тодруулахгүй юу?

-Төрийн жинхэнэ албан хаагч ээлжит сонгуулиар нэр дэвших бол нэгдүгээр сарын 1-нээс ажлаа өгөх ёстой гэсэн заалттай. Харин ээлжит бус сонгуульд нэр дэвших тохиолдолд тодорхой заалт байгаагүй. Ээлжит бус сонгууль болохыг урьдчилан таагаад нэгдүгээр сарын 1-нд ажлаа өгдөг нэр дэвшигч гэж байхгүй шүү дээ. Ийм ойлгомжтой зүйлээр шалтаглаж Хэнтий аймгийн сонгогчдыг хоёр жил төлөөлөлгүй байлгалаа. Цэцийн шийдвэрийн тухайд асуудлыг шийдэх биш, нөхөн сонгуулийг яаж гацаах вэ гэдэгт л байсан. Үндсэн хуулийн Цэц тэнд ажиллаж байгаа хүмүүсээс шалтгаалан нэг асуудалд хоёр, гурван өөр шийдвэр гаргадаг. Улстөрчид, бүлэглэлийн захиалгаар шийдвэр гаргадаг байгууллага болчихсон. Үндсэн хуулийг сахиулах ёстой Цэц ийм болчихоор түүний дараа дараагийн түвшний хууль, шүүхийн байгууллагууд хариуцлагагүй тогтолцоонд шилжиж байна. Сонгуулийн пропорциональ системийг Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн шийдвэрийг хоёр удаа гаргасан. Гэтэл дараа нь гурав дахь дээрээ зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргаж байх жишээтэй.

-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд МАН-ын дотоод хуваагдлаас болж улс төрд олон үйл явдал болж өнгөрлөө. 60 тэрбум, МАНАН-гийн эсрэг тэмцэл, жагсаалын үр дүнд М.Энхболд суудлаасаа огцорсон. Гэтэл М.Энхболд огцорлоо гээд МАНАН арилахгүй гэдгийг олон нийт хэлж байна. Үүн дээр танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Э.Эрдэнэжамьян хуульч анх 60 тэрбумын хэргийг гаргаж тавьсан. Үүнийхээ төлөө түүнийг уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэрийг шүүхээс гаргаж байх жишээтэй. Энэ тэмцлээ Э.Эрдэнэжамьян хуульч зогсоогоогүй. УИХ-ын 40 гишүүн ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь саяны үйл явдлаар тодорхой боллоо. Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудал, Таван толгойн асуудал гээд олон зүйл дээр энэ УИХ тодорхойгүй байр суурьтай байгаа. Энэ нь мэдээж төрд гарсан МАНАН бүлэглэлийн хаацайлалт, хамгаалалттай холбоотой. Манай намын зүгээс энэ бүгдтэй холбоотой хэд хэдэн мэдэгдэл гаргасан. Үүний нэг нь УИХ тарах ёстой, МАНАН дэглэм тарах ёстой гэсэн шаардлага юм. Түүнээс биш хоёр хуваагдаж талцаад үүнийгээ МАНАН-гийн эсрэг тэмцэл мэт харагдуулж байгаа нь буруу гэсэн байр суурийг бид илэрхийлсэн. Жинхэнэ МАНАН-г барья гэвэл сайд дарга нар, шударга бусын хонгилыг бий болгож буй шүүхийн байгууллагынхныг ил болгох ёстой. Сонгуулийн хуулиар дамжуулж намуудыг худалдаж авдаг бүлэглэлүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох ёстой юм. Энэ үүднээс хямралыг давах, МАНАН-г арилгах гол гарцыг шинэ Дээд хуулийн төсөл гэж үзэж байгаа. Үүнийг бүх ард нийтээр хэлэлцэж батлахын тулд Ардын түр хурлыг байгуулах ёстой. Ардын түр хурал шинэ Дээд хуулийг баталснаар энэ бүхэн арилна. Өөр хэн ч, ямар ч хүн гарсан МАНАН-гийн системийг нураахад хэцүү. Саяны энэ тэмцэл, жагсаал шиг бийлэгжүү, цагдаагийн харуул хамгаалалт зохион байгуулалт дор хийдэг жагсаалыг анх удаа харлаа. Байгалийн баялгийг гадныханд зарж, тэр дундаасаа хөлжих ёсгүй. Оффшорт мөнгө хийх ёсгүй. Хийсэн мөнгөө оруулж ирэх ёстой. МАНАН бүлэглэлийг хамгаалдаг хууль шүүхийн байгууллагад үүрлэсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Ард түмний парламентад итгэх итгэл алдарсан гэдгийг олон хүн хэлж байна. Үүнийг сэргээхийн төлөө ажиллана гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. Үүндээ хүрч чадах болов уу?

-Тодорхой хэмжээгээр нам дотроо тэмцээд албан тушаал дээрээ очлоо. Үнэхээр МАНАН бүлэглэлийг байгуулсан системийг нураахын төлөө ажиллах уу, эсвэл албан тушаал аваад сэтгэл нь ханах уу гэдгийг цаг хугацаа харуулна.

-МАХН-ын зүгээс нийгэмд үүрлээд буй шударга бус зүйлстэй тэмцэхийн тулд цаашид ямар ажил хийх вэ?

-Улс төрийн нам үзэл баримтлалтай байх ёстой. Түүнийгээ дагасан мөрийн хөтөлбөртэй байдаг. Бидний хувьд үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөө боловсруулж дууссан. Үүнтэй холбогдуулж, одоогийн хямралаас гарахын тулд 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулийг шинээр бичих ёстой. Түүнээс биш одоогийн МАН-ын барьж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр явбал энэ байдал олон жилээр үргэлжилнэ. 1992 оны Үндсэн хуулийг бичиж байсан хүмүүс маань хэн нэгэн эрх мэдэлтэн гарын үсэг зураад Монголын баялгийг харийнханд өгчихнө гэж бодоогүй байх. Одоогийн УИХ-д итгэх нөхцөл алга. Бид байтугай өөр хоорондоо итгэдэггүй ийм нөхцөлд Ардын их хурлыг байгуулж өгөөд УИХ тарах хэрэгтэй. Манай намын зүгээс маш тодорхой зүйл заалт бүхий Дээд хуулийн төслийг боловсруулсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн ард иргэдийн саналыг авч байгаа. Энэ хуулийн төслийг хайрцаглаж хэлбэл байгалийн баялаг хэний мэдэлд байх, төр ард түмний хоорондох харилцаа ямар байх вэ гэдгийг тодорхой тусгасан. Иргэндээ тогтвортой ажлын байр, төрөөс боловсрол, эрүүл мэндийн бүрэн бие даасан системийг бий болгох, орон сууцны асуудлыг төр тодорхой механизмаар зохицуулахыг Үндсэн хуулийнхаа агуулгад зүйл заалт болгон тусгасан.

-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр товлосон. Харин таны ярианаас МАХН энэ төслийг дэмжихгүй байгаа гэж ойлголоо?

-Энэ төслийг бид 100 хувь эсэргүүцэж байгаа. Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд гэсэн заалт байхгүй. Харин төрийн мэдэлд байна гэж заасан. Ямар нэгэн бүлэглэл улс төрийн намыг санхүүжүүлж, түүгээрээ дамжуулан төрийн эрх мэдлийг авдаг. Улмаар төрийн мэдлийг авсан нөхдүүд өөрсдөдөө зориулж хууль баталж, байгалийн баялгийг өөрсдийн компани, ашиг сонирхлын бүлэглэл, эсвэл гадныханд худалддаг. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд энэ тухай заалт нэг ч байхгүй. Х.Баттулга гэж хүний эрх мэдлийг яаж хумих вэ, яаж Ерөнхий сайд дээр эрх мэдлийг төвлөрүүлэх вэ гэдэг дээр өөрчлөлт хийх гээд байгаа юм. Энэ өөрчлөлт монголчуудын хүсээд байгаа ирээдүйд хэрэг болохгүй. Дээр нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хийсэн арга нь буруу. Сугалаагаар сонгогдсон хүн нь үг хэлэх эрхтэй, хуулиар судалгаа хийгээд эксперт болчихсон хүн нь санал оруулах эрхгүй ийм хэлэлцүүлэг байх ёсгүй. Хоорондоо учраа олж чадахгүй байгаа нөхдөд Монгол Улсын гурван сая гаруй иргэний цаашдын хорь, гучин жилийн амьдралыг шийдэх Үндсэн хуульд гар хүрэх нь буруу. Ер нь энэ парламент аливаа хуулийг хэлэлцэх ёс зүйн эрхгүй.

Э.ЯНЖМАА