Categories
мэдээ нийгэм

Оюуны өмчийн газраас 347 патент олголоо

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2018 онд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 428 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаж, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт нийт 347 патент олгожээ. Харин энэ оны 1 дүгээр сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 35 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 24 бүтээлд шинээр патент олгосны 14 нь шинэ бүтээлийнх, 10 нь бүтээгдэхүүний загварынх байсан аж. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 4 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр заасан олон улсын мэдүүлэг байна. 2018 онд бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 1072 иргэн мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна. Харин 2019 оны 1 дүгээр сард бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 112 иргэн мэдүүлэг гаргаснаас нийт 38 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгожээ.

Categories
мэдээ спорт

Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.

Тус наадмын хүрээнд Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно. Тэмцээн уулын цанын слалом буюу туг сүлжих төрлөөр мэргэжлийн эрэгтэй, сонирхогчдын эрэгтэй, сонирхогчдын эмэгтэй ангиллаар явагдана. Өвлийн спортоор хичээллэх нь амьсгалын замын эрхтнүүдийг дэмжин, үе мөч бэхжүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, биеийн булчинг бэхжүүлэх, уян хатан болгох, сэтгэл санааг сэргээх, гүн унталтыг дэмжих зэрэг маш олон эрүүл мэндийн ач холбогдолтой юм.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас та бүхнийг амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МҮХАҮТ-ийн дараагийн даргыг энэ сарын 28-нд сонгоно

МҮХАҮТ-ын ээлжит XX их хурал энэ сарын 28-нд Улаанбаатар хотноо хуралдана. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү их хурал нь танхимын удирдах дээд байгууллага бөгөөд тайлант хугацаанд хийсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгч ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлдог. Мөн МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгодог журамтай. МҮХАҮТ-ын Дүрмийн дагуу Удирдах Зөвлөлийн дарга, Танхимын ерөнхийлөгч, Орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарт нэр дэвшигчдийн материалыг хурал болохоос хоёр хоногийн өмнө энэ сарын 26-ний өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авах юм.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар машин барьсан 207 жолоочийг илрүүлжээ

Энэ 7 хоногт Тээврийн цагдаагийн алба нийт 960 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 698 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэсэн байна. Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 32 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 1 хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харьяа аймгууд дахь Цагдаагийн газарт шалгаж байна. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлснээс хойш нийт 12 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 11 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож бйах үедээ осолд өртсөн байна. Тэр дундаа дийлэнх хувь нь 0-14 хүртэлх насны буюу харгалзах хүнгүйгээр бие даан замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон насны хүүхдүүд осолд ихээр өртөж байна. Мөн зам тээврийн ослын 20 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 27 нь мөргөлдөх, 5 нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдсэн байна. Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 207 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 38 жолоочийг шүүхээр баривчилж ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

ЕБС, цэцэрлэг ашиглалтын зардлаа орон нутаг өөрсдөө хариуцна

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байр ашиглалттай холбоотой зардлыг орон нутаг энэ жилээс хариуцахаар болсон. Өмнө нь цэцэрлэг, ерөнхий боловсрол, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүүхэд хамгаалал болон газрын харилцааны төсвийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар улсын төсвөөр дамжуулан шилжүүлдэг байв. Хэдийгээр эдгээр нь тухайн аймаг, нийслэл, орон нутгийн өмч ч ашиглалтын зардлыг БСШУСЯ, Эрүүл мэндийн яамнны төсөвт тусгах нь оновчгүй, үр ашиг, үр дүн муутай гэж үзсэн байна. Тухайлбал, орон нутгийн засаг захиргаа өөрийн өмч хөрөнгөө зөв зохистой, үр ашигтай удирдах, ашиглах, хамгаалах боломж, бүтээлч санаачилгыг төрүүлэхгүйн дээр хуваарилсан төсвийг хэмнэх хүсэлгүй байна гэж холбогдох албаныхан дүгнэжээ. Орон нутгийн засаг захиргаа өмчөө бүрэн хариуцдаг тогтолцоонд шилжсэнээр барилга байгууламжийн ашиглалт, хамгаалалт сайжрах, өр авлага үүсгэхгүй байх ач холбогдолтой аж. Харин байр ашиглалтаас бусад үйл ажиллагааны зардал болох цалин хөлс, хичээл үйлдвэрлэлийн дадлага гэх мэт бараа үйлчилгээний бусад хувьсах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

KFC-ийн шинжилгээний хариу даваа гаригт гарна

Энэ сарын 8-10-ны хооронд Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” сүлжээ дэлгүүрийн Зайсан дахь салбараар үйлчлүүлж хоол захиалж идсэн гэх 9-40 насны 20 хүн халуурах, бөөлжих, суулгах, зовиуртайгаар ХӨСҮТ-д хүргэгдэж, одоо эмчлүүлж байна. Эдгээрийн 10 нь бага насны хүүхэд аж. Одоогийн байдлаар 11 иргэний биеийн байдал өндөр хэмтэйгээр халуурах, бөөлжих, усархаг суулгалтаар олон удаа суулгах зэргээр биеийн байдал нь хүндэвтэр байгаа юм. Ямартай ч хордсон иргэдийн дийлэнх нь “Найзууд” багц захиалан идсэн ба тухайн өдөр 300 гаруй багц худалдаанд гаргасан гэх мэдээлэл байна. Тухайн өдөр НМХГ-ынхан дээрх салбараас 52 дээж авчээ. Гэтэл эхний шинжилсэн дээжнээс нь халуунд тэсвэртэй бактери, хадгалалтын хугацаа уртасгадаг, бохирдуулагч бодис буюу нитрит илэрсэн атал тус газрыг зөрчлөө арилгатал түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон байгаа юм. Ийнхүү бараг 10 хоног болох гэж байхад дээжээс авсан шинжилгээний хариу ирэх даваа гарагт гарна. Тэгэхээр мэдээлэл хийнэ гэсэн тайлбарыг НМХГ-аас өгч байна. Шинжилгээний хариу гарах гэсээр байтал дахиад хэчнээн хүн хордлого авч эмнэлэгт хүргэгдэхийн тааж мэдэхгүй нь. Цаашид хордлого авсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй. Зарим иргэдийг нь хувийн эмнэлэгт хэвтүүлсэн байгаа аж. Түргэн хоол гэдэг угаасаа хор байдаг. Хүний биед ямар ч хэрэггүй зүйл. Шим тэжээл байхгүй гэдэг. Анх энэ түргэн хоолны газрыг Монголд оруулж ирсэн “Таванбогд” групп өнөөдөр нэг мэдэгдэл гаргаад асуудлыг дарж, намжаагаад өнгөрөх бишээ. Олон хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал яригдаж байхад бүх газрыг нь хаах ёстой. “Таванбогд” групп ч хор болсон хоолны газруудынхаа хаалгыг хаах ухамсар байх ёстой юм шүү.

Categories
мэдээ нийгэм

Тусгай сангуудын мэдээллийг олон нийтэд ил тод зарлана

Засгийн газрын 29 санд Сангийн яамнаас шалгалт хийсэн. Шалгалтын дүнг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж. Үүний дараа олон нийтэд дэлгэхээр төлөвлөжээ.

Уг нь энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар байсан ч ХХААХҮ-ийн сайдын эрхлэх хүрээний зээл олгодог гурван сантай холбоотойгоор хойшлуулсан байна. Учир нь, салбарын сайд нь гадаадад томилолттой байгаа аж.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ер нь татан буулгах сангууд байна. Үйл ажиллагааг нь сайжруулах шаардлагатай сан ч бий. Хамгийн гол нь дээрх сангуудын үйл ажиллагааг ил тод болгох шаардлагатай. Нэг сангаас зээл аваад нөгөө санд тушаадаг байдал ч илэрсэн. Тиймээс олгосон бүх зээлийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэх шаардлагатай байна. Энэ мэтчлэн зохион байгуулалтын ажлыг хийж цэглэх зайлшгүй шаардлага үүссэн. Нэлээд хэдэн санг татан буулгана. Энэ талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа дэлгэрэнгүй мэдээлнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Замын болон ногоон байгууламж мөргөсөн ослоос учирсан хохирлын 90 орчим хувийг нөхөн төлүүлсэн боловч, зарим газар сэргээн засварлалт хийхгүй байна

Нийслэлд 2018, 2019 оны нэгдүгээр сарын байдлаар ногоон байгууламж, явган зорчигчдын хөдөлгөөн тусгаарласан хайс мөргөсөн 26, гэрлийн шон мөргөсөн 71 бусад хэлбэрээр 17 нийт 114 замын хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгслийг мөргөж гэмтээсэн 118,484,207 төгрөгний хохиролтой зам тээврийн осол бүртгэгдсэн.

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Үүнээс 102 байршилд нийт учирсан хохирлын 89,7 хувь буюу зохих байгууллагын үнэлгээгээр тогтоосон 106,366,806 төгрөгний хохирлыг үзасвар арчлалт хариуцсан төрийн болон хувийн өмчийн найман аж ахуйн нэгжийн дансанд тушаалгаж хохиролыг бүрэн барагдуулсан боловч байх ёстой хайс хашилтыг шинэчлэн байрлуулахгүй гүйцэт биш чанар муутай сэргээн засварладаг зарим газарт нь огт сэргээн засварлахгүй байгаа зэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна.

Тухайлбал: 2019 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Энхтайваны өргөн чөлөө Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгийн урд замд зорчих хэсгийн хойд талд зүүнээс баруун явах хэсгийн хайс хашилтыг … улсын дугаартай Субару маркийн автомашин мөргөж эвдсэн осол бүртгэгдсэн байх бөгөөд тухайн өдөр буруутай жолоочийг олж тогтоон “Ачит билгүүн ХХК”-ны үнэлгээгээр 425,000 төгрөгний хохирол тогтоолгон нэгдүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын тоот дансанд хохиролыг бүрэн төлүүлж барагдуулсанч одоо хүртэл засварлаагүй байна.

Замын цагдаагийн газар нь зөрчил гаргасан этгээдүүдийг шуурхай олж тогтоон хохиролыг бүрэн төлүүлж барагдуулсан байх боловч хариуцсан аж ахуйн нэгж нь одоог хүртэл 10 байршилд хайс, хашлагыг шинээр болон сэргээн засварлаагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа умайн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг хийлээ

Нийслэлийн Амгалан амаржих газар нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт шинэлэг олон талт үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх, умайн эмгэг цус алдалтын үед умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх зэрэг эмчилгээнүүдийг амжилттай хийж, нутагшуулж байна.
Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх эмчилгээг Монголд анхлан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хийж эхлэснээс хойш гурван сарын дараа буюу 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр умайн эмгэг цус алдалттай, эмчилгээнд үр дүнгүй байсан эмэгтэйд умайн хөндийн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээгхийлээ.


НААГ нь БНСУ-ын RF Medical төвтэйхамтарсан сургалтыг 2018 онд НААГ-т хоёр удаа хийж 48 эмч, БНСУ-д 2018 онд хоёр эмч, 2019 онд таван эмчийг тус тус сургалаа.
“Өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нэвтрүүлсэн нь” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг 2019 оны хоёрдугаар сарын12-14-ны өдрүүдэд НААГ-т зохион байгуулж, БНСУ-ын RF Medical төвийндэд захирал Robert Yoo, мэргэжилтэн Nuri Park болон П.Бат-Ирээдүй, Кореа фарм ХХК-ы захирал Б.Бурмаа, Гоодаль эмнэлгийн захирал Ч.Батмөнх нартай хамтран ажиллаа. Сургалтанд НААГ, ЭХЭМҮТ, НХАГ,Unimed, Орхон аймгийн Медипасзэрэг эмнэлгүүдээс 15 эмч оролцлоо.

Хоёр орны эмэгтэйчүүдийн мэс заслын эмч нарын хамтарсан баг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг 7 үйлчлүүлэгчдэд амжилттай хийлээ. Уг эмчилгээнд НААГ-ын дарга Ц.Батболд, их эмч Л.Долгоржав, Б.Даваацэцэг, Б.Байгалмаа,Б.Хишигдаваа,мэдээгүйжүүлгийн эмч Б.Болортайван, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа,туслах сувилагч Р.Юмжирдулам, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаж инженер Д.Пүрэвхүү, Д.Гомбодорж нар,БНСУ-ын RF Medical төвийн эмч мэргэжилтэн П.Бат-Ирээдүй нар оролцлоо. Цаашид энэхүү эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нутагшуулах, амаржих газрууд болон орон нутгийн эмч нарт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Он гарсаар мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.

Тухайлбал, энэ сарын 15-ны өдрийн байдлаар Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Хадтай сэрүүн булаг” гэдэг газар Хадтай амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөмөрч усанд суусан дуудлагаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан, иргэн О-ийн эзэмшлийн “Агила терефорт” загварын 5 зорчигчтой суудлын автомашиныг татан гаргасан.

Мөн Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ тус сумын иргэн Г /6 настай эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд /Ө-480236’29”, У-910922’51”/ осолдсон тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Засаг даргын тамгын газрын нийт 73 хүн, 8 автомашинтайгаар Ховд голын мөсөнд 96 цооног гаргаж, 96 удаа гүний шумбалт, голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.