Categories
мэдээ нийгэм

Иргэдийн анхаарал болгоомжгүйгээс шар өвсний түймэр гарлаа

Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрийн Шадивлан зусланд шар өвсний түймэр гарч нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 34 дүгээр ангитай хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраалаа.

Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна.

2019 оны 2, 3, 4 дүгээр саруудад ихэнх нутгаар салхитай, хуурайшилт ихтэй, олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдэгдэл гаргасаар байгаа билээ.

Иймд иргэд анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ил задгай гал гаргахгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын даргыг сонгоно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр Хангарди ордны 14 давхарын хурлын зааланд болно. Энэ хуралдаанаар:

1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай

3.Орон нутгийн хамгаалалтад авах тухай

4.Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.

НИТХ-ын даргад МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нэр дэвшиж буй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Батбаатар: City toilet-ийн зориулалтыг өөрчлөх боломж байдаггүй

Нийслэлийн хот тохижилтын орлогч дарга С.Батбаатартай тамхи татах тусгай зориулалтын цэг болон “City toilet” буюу нийтийн нойлын асуудлаар ярилцлаа.

-Гэр хорооллын эцэст төвлөрүүлэн байршуулсан нийтийн бие засах газрууд байна л даа. Тодруулбал,Чингэлтэй, Хайлааст, Яармагийн эцэст байгаа нойлуудад хүн орох нь ховор, зарим нь бүр баригдсан цагаасаа хойш ер ажлаагүй гэх юм?

-Байршлаасаа шалтгаалаад Чингэлтэйн эцсийн нойл, Дамбадаржаа хийд болон Цэргийн их сургуулийн хашаан дотор байх нойлууд ажиллахгүй байна. Эдгээр нойлуудаас бусад нь ажиллаж байгаа.

-Тэгвэл эдгээр нойлыг ашиглалтад оруулахын тулд яах хэрэгтэй вэ?

-Ажиллуулахаар хүн орохгүй. Цалин мөнгөнөөс өгсүүлээд ямар ч үр ашиггүй урсгал зардал гарна.Тийм учир ажиллуулахгүй хаахаас өөр арга байдаггүй. Халуун усны газар, хими цэвэрлэгээ ч юм уу ажиллуулъя гэхээр зориулалтыг өөрчлөх боломж байдаггүй юм. Улсын өмч хөрөнгийг хамаагүй өөр зориулалтаар ажиллуулах нь өөрөө асуудалтай.Өөрөөр хэлбэл, дур мэдэн хими цэвэрлэгээ, халуун усны газар болгоод ажиллуулах нь эрх зүйн хувьд болохгүй зүйл.

-Төвийн шугамд холбогдоогүй нойл хэд байгаа вэ?

-Гэр хороололд байгаа нийтийн нойлууд бохирын шугам болон цэвэр усанд холбогдоогүй. Чингэлтэй, Баянхошуунд байх нойлын халаалтыг цахилгаанаар шийдсэн, бохирыг нь соруулдаг. Яг төвийн шугамд холбогдсон нойлууд цөөхөн бий. “Улаанбаатар” зочид буудлын урд, “Монгол Туркийн цэцэрлэг”-т байгаа нойлууд цахилгаанаар халдаг, төвийн дулаангүй. Мөн 120-ын автобусны буудлын хавьд байршуулсан нойл хотын төвд байх мөртлөө бохирыг нь соруулдаг, цахилгаанаар халдаг,төвийн дулаангүй байна. Ийм нойл найм бий. Эдгээрийг төвийн бохирын шугам, дулааны төвлөрсөн шугамд холбох ажлуудыг энэ хавраас хийхээр төлөвлөсөн.

“City toilet”-д хэдэн төгрөгийн төсөв суусан бэ?

-126 сая төгрөгийн төсөв суусан. Энэ төсвийн дийлэнх нь цалин, элдэв урсгал зардал буюу угаалга цэвэрлэгээний материал, засвар үйлчилгээнд зарцуулагддаг.

-Нийслэлд нийт хэдэн “Citу toilet” байдаг вэ?

-Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Хот тохижилтын газар 20 “City toilet” хариуцдаг. Нийтийн бие засах газрууд“Улаанбаатар сан”-гийн харъяанд хуучин байсан. Харин 2015 оноос“Нийслэлийн Хот тохижилтын газар”-т шилжиж ирсэн юм.

-Төвийн нийтийн бие засах газруудад хүн харьцангуй их ордог. Гэтэл тамхи татах тусгай зориулалтын цэгт хүмүүс орох нь ховор юм шиг ээ?

-“Дүнжингарав худалдааны төв”-ийн хоёр тамхины цэгийн нэг нь цоожтой байгаа.Тэр хавиар хүн их явдаггүй болохоор нэг их ороод байдаггүй. Голдуу цоожтой байдаг. Түүнээс бусад нь ажиллаж байгаа.

-ТэгвэлДүнжингарав худалдааны төв-ийн гадна цоожтой байгаа тамхины тэр цэгийг хүний хөл хөдөлгөөн ихтэй өөр газар тавьж болох уу?

-Тавьчихаар газрыг бид судалж байгаа. Гол нь өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг нь хийх хариуцлагатай газарт байршуулах хэрэгтэй. Хот тохижилтын газар өдөр тутмын цэвэрлэгээг хийх хүн тавьбал бүтэц орон тоо, цалин мөнгөнөөс эхлээд урсгал зардал зөндөө гарна. Тиймээс тухайн байгууллагад нь гаднах тамхины цэгийг хариуцуулж даатгуулан, хүлээлгэж өгдөг. Ингэвэл амар байдаг.

-Дүнжингарав худалдааны төвийн гадаа анх гурван тамхины цэг байсан гэж байгаа. Харин одоогийн байдлаар хоёр нь үлдсэн. Гурав дахь цэгийгхаана байршуулсан бэ?

-“Нийслэлийн Онцгой Байдлын Ерөнхий Газар”-аас хүсэлт тавьсаны дагуу тэнд байршуулсан. Формын хувцастай хүмүүс гудамжинд тамхи татаад байх хэцүү байна танайх тамхины цэг шийдэж өгөөч гэсэн юм.

-Танайд энэ талаар хүсэлт тавьж байгаа өөр байгууллага байна уу?

-Сургалт мэдээллийн төвийн гадаа нэг тамхины цэг байрлуулж өгөөч гэж ОБЕГ ахиад нэг санал тавьсан.

П. САЙНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улс доторх улс” нурав

ДОРОМЖЛОЛЫН ПРОТОКОЛ

…1920 оны хоёрдугаар сарын 19-нд Богдын хүрээнд нэгэн сүрт ёслол боллоо. Энэ ёслолыг зарим түүхнээ “Монголын автномийг устгасан ёслол” байсан маягаар тэмдэглэж хөгжүүлж ирсэн байдаг. Ялангуяа, 1911 оны хувьсгалын ач холбогдлыг 1921 оныхоос доогуур тавих зорилгоор тухайн үеийн явдлуудыг аль болох муушаан бичих эрмэлзэлтэй үүнийг холбон тайлбарлаж болно. Түүнчлэн, ХХ зууны дундаас Зөвлөлт-Хятадын харилцаа хүйтэрсэнтэй уялдан өмнөд хөрштэй холбоотой л бол хамгийн муугаар дүрслэх хөдөлгөөнтэй ч холбогдоно.

1920 оны өвлийн энэ ёслол үнэн хэрэгтээ Хятадын ерөнхийлөгчийн шагналыг гардуулах ёслол байсан ажээ. Монголын автономийг цэргийн хүчээр устгасны дараа ван, гүнгүүд буюу алтан ургийнхан, мөн хувьсгалт түүхнээ “шар феодал” хэмээн зүхэгдэх нигууртай шашны зүтгэлтнүүдэд шагнал гардуулж, монголчуудын сэтгэлийг засах зорилготой үйлдэл байв. Гэвч энэ ёслол монголчуудыг баярлуулахын оронд айхавтар гомдоон, сэтгэл санааг нь нэгэнт эргүүлжээ.

Угаасаа ч шагнал, бэлэг харахаараа “нугастай” юм шиг нахилцдаг монголчуудын занг нангиадууд андахгүй учраас иймэрхүү юманд гар татахгүй нь ойлгомжтой байв. Тэрэндээ тулах юм бол, Хаант оросоос тусламж гуйж илгээсэн бичиг дотор сүүлийн хэдэн жил цалингаар тасалж, алангаа алдсан тухай гомдол байж л байгаа юм чинь. Ингээд бодохоор, шагнал бэлэг аваад монголчууд гомдоно гэж юу байх билээ.

Шагналаасаа илүү гардуулах ёслол нь хамаг юмаа сүйрүүлээд хаяжээ. Хятадын сэнтэгтэй хувьсгалч Сю Шүжан Монголыг байтугай, Хятадыг нүд ирмэхийн зуур өрнөджүүлэн хувиргаад хаячихна гэдэгтээ итгэсэн нэгэн байлаа. Түүхнээ “бяцхан Сю” хэмээн хочлогдсон Сю Шүжан “аугаа санаатай боловч бяцхан шийдэлтэй” нэгэн ажгуу.

Тэрээр Монголын бүх зан заншил, итгэл үнэмшлийг “хум пад” гэхийн зуур л орвонгоор нь өөрчилж, өрнөджсөн хятадууд болгож орхино гэдэгтээ эргэлзсэнгүй. Монголчуудыг сайжруулах “Сю-гийн найман зүйл” төлөвлөгөөнд нь 40-өөс доош насны лам нарыг албадан гэрлүүлэхi санаачилга хүртэл байгаа юм чинь. Сталин хүртэл оролдоод бараагүйдээ уурсаж, сүүлдээ буудан алах замаар шийдсэн асуудал шүү дээ.

Ингээд жинхэнэ барууны ориг ёслол, протоколын арга хэмжээ зохиохоор шийдсэн байна. Хятадын “Да Жунтан” хэмээх ерөнхийлөгчөөс, саяхан Дундад улсын баруун хойт хязгаарын жирийн муж болсон Гадаад Монголын Богд гэгээнд тамга өргөмжлөл олгох ёслолын протоколыг 22 зүйлтэйгээр гаргаж, Монголын Яамдад тараажээ. Тэнд Богд тэргүүтэй Монголын ихэс дээдэс хятадын ерөнхийлөгч хөрөг болон Сю шүжанд олантаа мэхийн ёслохоор дүрэмдсэн аж. Төрийн албаныхнаар дамжуулан нийтэд урьдчилан тарааж цээжлүүлсэн уг хөтөлбөрт

“…хоёр. Хичээнгүйлэн угтах олон түшмэд тамга өргөмжлөлд ёсолно. Бие бөхийнө, дахин бие бөхийнө, гуравдугаар, бие бөхийнэ.

Гурав. Сайд Сю-д хичээнгүйлэн угтах олон түшмэд тусгай ёсолно. Бие бөхийнө.

…Арав. Богд хаан улсын далбаанд хандаж ёсолно. Бие бөхийнө, дахин бөхийнө. Гуравдугаар, бие бөхийнэ.

Арван нэг. Богд хаан Даа Жунтанд хандаж ёсолно. Бие бөхийнө, дахин бөхийнө. Гуравдугаар,бие бөхийнө.

Хорин нэг. Өргөмжлөлийн сайд хаанд хандаж ёсолно.

Хоёрин хоёр. Богд хаан хариу ёсолно. Бие бөхийнө. Харилцан халаг солилцоно. Ёс гүйцнэ. Хөгжим хөгжимдөнө” iiгэхчлэн зааж өгсөн байна.

Ингээд товлосон өдөр болоход Хятадын ерөнхийлөгчийн хөрөг ба Богд хаанд олгосон “Гадаад Монголын сайныг зөвшигч, соёлыг туслагч Богд Жавзандамба хутагт хаан” цолыг олгосон тухай өр-гөмжлөлийн бичиг сэлтийг шар торгон жуузанд дамнуулан, цэргээр хамгаалуулан жагсаасан байна. Мэдээж хэрэг Хятадын далбаа мандуулахаа мартсангүй. Хөгжим дагалдсан ёслолын жагсаал очих үед Богдын шар ордын хашаа хэрмэн дээр Хятад улсын далбааг зөрүүлэн хатгасан байх аж. Монголын ван гүнгүүд, хувраг мяндагтнууд сэлт түүнийг угтан протокол ёсоор мэхэлзэн угтжээ.

Улмаар ёслолын ширээнээ тавьсан Хятадын ерөнхийлөгч Ли Юань хун(1864-1928)-ны хөрөгт, гурвантаа мэхэсхийж, есөнтөө толгой дохисон тухай Магсар хурц Монголын түүхийн бүтээлдээiii өгүүлсэн ажээ.

Тухайн явдлын гэрч нар “Да жунтангаас Богдод буусан шагналыг хүлээн авах өдрийг тогтоож, их жагсаалаар богдыг залж, Жунтангийн дүрсийн өмнө гурван удаа мэхэсхийн ёслуулж шагналыг өргөв”iv гэхчлэн дурссан бол хожуу үеийн түүхчид мөргөсөн, толгой дохисон бүгдийг нийлүүлэн “Богд хаан Сю Шүжан өмнө арав дахин мөргөсөн”v байдлаар бичих болсон бололтой.

Ёслолд оролцсон монголчууд чадах чинээгээрээ дургүйцлээ илэрхийлжээ. Нүдээр үзсэн гэрчүүдийн бичснээр “Богдын ордны үүдэн дээр сүлжүүлэн хатгасан хятадын далбааг доорд лам нар урж орхисон…мөн сургуулийн хуралдан цэнгэх газар үүдэнд хатгасан далбаа аяндаа хугарч унасан” байсан ба түүнийг харсан монголчууд гамингийн засаглал “мөд сөнөхийн бодит дохио хэмээн инээлдмүй”vi гэжээ.

Гэвч ёслолыг харсан монголчууд инээхээсээ илүү харин ч доромжлогдсон утгаар уурсан хилигнэсэн байна. Богд хаан бол монголчуудын хувьд Буддын шашны эрхэм дээд хутагт, хүмүүний биед оршсон бурхан, Түшээт ханы хүү Занабазараас хойш сүнсээр дамжсан алтан ураг байлаа. Түүний бие сэтгэл нь хүний хорвоод хамаарахгүй эрхэм дээд. Иймээс хутагтын үг хэл бурхных төдийгүй, биеийн ялгадас ч бурхных тул шээсийг нь хүртэл рашаан хэмээн хүртэнэ. Хар шар олон ардын хувьд тэрээр ариун дээд бодгаль учраас хамаг амьтан түүнд мөргөнө үү болохоос, хутагт өөрөө хэн нэгэнд мэхийх учиргүй байтал юу болоод өнгөрөв өө, энэ чинь!

Хүрээнд “Богд ламыг гаж буруу хувцастай, харь хүний зурагт мөргүүлсэн байна” гэсэн яриа хээр талаар тарж, хөгшид эмгэд гашуудан уйлж байжээ. Олон нийтэд л анх удаа харагдаж байгаа нь энэ болохоос биш, 1916 оны долдугаар сарын 8-нд Хүрээнд Автономит Монголын Богд хааныг ширээнд Хятадын ерөнхийлөгчийн зарлигаар ширээнд суулгах ёслол болжээ. Судлаачдын бичсэнээр “…Богд гэгээн Хятадын ерөнхийлгөчийн нэрийн өмнөөс хүлээлгэн өгсөн тамганд гурван удаа, ерөнхийлөгчийн төлөөлөгч Чен Лу-д нэг удаа мөргөжээ”vii

Амьд бурханыг нь нийтийн өмнө доромжилсон энэ ёслол монголчуудын унтаа байсан эрх чөлөөний мэдрэмж, амбицийг сэрээлээ. Тал нутгийн морьтон баатрууд ялж, ялагдаж, хүйс тэмтрүүлж явснаа бус үндэстнийхээ хувьд ийнхүү доромжлогдож явсан нь үгүй. Ялангуяа эцэг дээдсийн өлгий, хээр тал нутагтаа шүү.

Хоёр зууны тэртээд, Оросын түрэлт, Ойрадын дайралт хоёрын дундаас амь зулбан гарсан Өндөр гэгээн тэргүүтэй удирдагчид Манжийн хаанд мөргөн дагаж, вассал болоход ч ийм доромж ёслол үйлдсэнгүй. Долоннуурт болсон Гадаад Монголыг Манжийн вассалаар авахад Өндөр гэгээн, Түшээт хан нарыг хаанд сөгдүүлэхгүй протоколтой ёслол үйлджээ. Тухайн явдлыг харсан, Энх-Амгалан хааны европ албан хаагч, 1689 оны Нэрчүүгийн хэлэлцээрт латин хэлний орчуулагчаар оролцсон франц гэлэн, шашин номлогч Жан Жербиллоны бичснээр “…Тэднийг орж ирэхэд Цог жавхлант хаан зогсож байсан бөгөөд өвдөг сөгдүүлсэнгүй, бохирч суух гэхэд нь гараа явуулж”viii босгосон байна.

Сю Шүжан монголчуудыг үзэл санааны хувьд доромжлон, гутааж дарамтлах ч гэсэн байх, бас шинэ соёл нэвтрүүлж гайхуулах ч гэсэн байх. Харин санаснаас нь эсрэг үр дүн гарахыг төсөөлөөгүй л болов уу? Манжийн үеийн Гадаад Монголын талаарх үзэл санаа хийгээд Хятадын уламжлалт төрийн бодлогоос хөндий, эсвэл түүнийг таягдан хаях явдлыг үзэл санааны тугаа болгосон “бяцхан Сю” угаасаа ч овилгогүй нэгэн. Богдын хүрээнд “бяцхан” зуур хаанчлахдаа зохиож байсан олон шоуныхаа нэгэн дээр Чен И-г индрээс гуд татан буулгах зэргээр овлигогүйтэж байснаас нь ч харагддаг.

Монголчуудын шашин шүтээн, амьд Будда руу нь хандсан Гамингийн доромж дээрэнгүй байдал ингээд зогссонгүй “Зуны адаг сарын шинийн 9-нд Зүүн хүрээний цам бүжиглэх өдөр Богд гэгээн мухар тэргээр Дээд сүм хэмээх ордноос Хүрээнээ заларч…Дунд голын гүүр хүрэхэд хятад цэргүүд буу чиглүүлэн барьж, зам хөндөлдөн цэргийг зогсоож, Богдыг тэргэнээс буулгасанд Богд гүүр дээгүүр явган заларч гүүр өнгөрөхийг үзэж үзэж сонссон олон монгол хүмүүс дуу тавин уйлсныг…” ix Дилов хутагт дурсчээ. Гамингийн захиргаа буюу Сийлинбуу яамныхан энэ явдалдаа уучлал гуйж Богд хаанд бэлэг сэлт өргөсөн боловч сүсэгтнүүд огтоос тайтгарсангүй.

Хутагт хувилгаадын өлгий болсон тал нутагт “амьд бурхад” нэн олон, зөвхөн тамга барьж, шавь захирсан хутагт л гэхэд 13 байсан гэдэг. Иймээс монголчуудын шашин шүтлэг итгэл үнэмшлийг гутаах явдал Богд ламаас аль хэдийнэ хальсан байв.

Гамингууд улмаар Жавзандамба хутагтын ариун лагшинд халдаж, түүний биеийг баривчлан хорьсон нь монголчуудын хувьд үеийн үед Хятадыг төсөөлөх сөрөг дүгнэлтийн оргилд хүргэжээ “….Хүрээ номун хаан Лувсанхайдав, Жалханз хутагт Дамдинбазар нар морь унан Хятад цэргийн командлагч дээр очиж Богдыг суллуулахыг гуйхаар явж байгаад морио (гаминд) дээрэмдүүлжээ. Гамин цэргүүд шар жолоотой морь унан давхилдах” болсон байна. Мөн “Ёнзон хамба нар явган явж наймаа хот орж” хаанаа шоронгоос чөлөөхийг гуйжээx. Хутагтын ариун жолоо бүхий морь унасан харийн цэрэг, явган алхахдаа тулсан хутагт гэгээд… монголчуудын сэтгэлд үе улиравч арилшгүй мөр үлдээлээ.

Чухам энэ үеэс эхтэй “Синофоби” дээр ХХ зууны Зөвлөлтөөс эхлээд өнөөгийн оросууд хүртэл улс төрийн тоглолт хийсээр байгаа юм.

Монголчуудын санаа эгнэгт эргэжээ. Лам хуврагууд хүртэл “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хорхойд ч хоргүй” амьдрах тангарагаа хаяж, “шамбалын дайн”xi-д мордоход бэлэн болов. Ламайзмын суртал номлол ёсоор бол шашин номоо хамгаалах учиртай шамбалын ариун дайн дэгдэхийн цагт “өт хорхой хүртэл оролцон” алалдах номтой ажгуу.

Манжийн империйн доройтол болон түүнийг дагалдсан үйл явдлууд тал нутгийн баатруудын үндэстний дайнч зөн билгийг сэргээж магадгүй тухай санааг бүр Чингийн үед Бээжинд суугаа Францын Элчин сайдаас Гадаад яамандаа илгээсэн захидалдаа тодорхой дурдаж “…энэ үндэстний дайнч зөн билгийг сэргээж магадгүй… сэргээх юм бол залуу монгол хүн сүмээс илүү армид татагдана гэж үзэхэд хэтийдүүлсэн болохгүй”xii тухай сануулсан байдаг.

Сю Шүжаны сүржин ёслол, овилгогүй авир нь Монгол Хятадын харилцааны асуудлыг эгнэгт шийдэж орхисон хэмээн хожмын Хятадын төрийн бодлого боловсруулагчид үзэх болсонxiii байна.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр, тухайн үедээ Гадаад Монголын тусгаар тогтнол “Гурван этгээдийн гэрээ”-гээр устаад Хятад улсын доторх автоми эрхтэй байсан цаг. Дээр нь Орост дэгдсэн улаантны самууны наашилж буй түгшүүр болоод атман Семёнов тэргүүтэн “нармай монгол” байгуулаад Богдын хүрээг цэрэглэн эзлэхээр заналхийлээд гарах гарцгүй болсон учраас Бээжингийн хамгаалалтад найдахаас өөр гарцгүй болчихсон үе. Гагцхүү энэ “хамгаалалт”-ыг монголчуудад “Манжийн үеийнхээс дутахгүй” ашигтай байдлаар шийдэх замыг л “Чен И-гийн 64 зүйлт” мэтчилэнгээр хайж явсан юм. Ийм учраас хэрвээ Сю Шүжан “бяцхан” тархиныхаа амбицаар өвчигнөж байж монголчуудын сэтгэлийг үүрд цааш нь харуулаагүй бол өнөөгийн БНХАУ-ОХУ-ын хил “Хиагт”-аар зааглагдаж болох байсан гэж хятадууд үздэг гэсэн үг.

“Ёслолд шоунд нугасгүй дуртай боловч ёс журмыг нугас чихарахын дайтай үздэггүй” араншингаараа түүхийн хүрдийг монголчуудад эгнэгт ашигтайгаар эргүүлж орхисон Сю Шүжанд “нэгэн цацал өргөх” ч хаашаа, байх ч хаашаа…

1911 онд Манжийн онцгой эрхт вассал Гадаад Монгол байхдаа тунхагласан Богд хаант Монголын тусгаар тогтнол тав наслаад 1915 онд “Гурван улсын гэрээгээр дууссан юм. Хятадын хараат, Оросын нөлөөт Автономит Монголын түүх тусгаар тогтнолоосоо ч богино насалж, хуучин Гадаад Монголын нутаг Хятадын ерийн муж болсноор өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 28-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт Соёлын төв өргөөнд МҮХАҮТ-ын XX их хурал болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслий семинар болно.

09.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Зоонозын өвчин судлалын байгууллагын удирдах ажилтын зөвлөгөөн болно. Утас: 88106649

09.00 цагт “Чингис” зочид буудалд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 88054040

09.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын XXII хуралдаан болно. Утас: 70119921, 99268461

10.00 цагт “Рамада” зочид буудалд “Аялал жуулчлалд Улаанбаатар төмөр замын оролцоо, хамтын ажиллагаа” зөвлөгөөн болно. Утас: 99091674, 86114818

10.00 цагт Засгийн газрын XI байранд эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб “Эрдэнэс Тавантолгой”-н IPO ба НОГДОЛ АШИГ” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99082638

10.00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт “Орон сууцны барилгын ашиглалт, инженерийн төлөв байдалд гарч буй зөрчил, түүнийг арилгах, эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай” сургалт болно. Утас: 91887887, 99011585

11.40 цагт “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн шав тавих ёслол болно. Утас: 88010867, 80189929

12.00 цагт УДЭТ-т “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийн уран бүтээлчид мэдээлэл хийнэ. Утас: 99199794

14.00 цагт Корпорейт Конвейшн Центрт “Export Mongolia 2019” бизнес форум болно.

15.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд АНУ-ын Аляскын их сургуулийн профессор. Жон Даффид Хүндэт доктор цол олгоно.

Categories
мэдээ цаг-үе

Филипп Лаянхарт: Европыг эрчим хүчээр холбосон туршлагаа Азид хэрэгжүүлэхээр Монголд ажиллаж байна

Зүүн хойд Азийн Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг таван улсыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги төслийн уулзалт ирэх сарын 1-нд Улаанбаатарт болох гэж байна. Монголоос Азийн том эдийн засаг бүхий орнуудад цахилгаан эрчим хүч экспортлох зорилготой энэ санаачилгын олон улсын уулзалт Ерөнхийлөгчийн ивээл дор болох нь. Уулзалтын үеэр Азийн супер сүлжээтэй холбоотой сүүлийн үеийн судалгаануудын үр дүнг танилцуулах аж. Шинэ мэдээлэл хүргэх хүмүүсийн нэг нь Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн багийн ахлагч Филипп Лаянхарт. Түүнтэй ярилцлаа.


-Азийн супер сүлжээний гол оролцогч бол Монгол. Та Азийн хөгжлийн банк, Эрчим хүчний яамны хамтарсан судалгаан дээр ажиллаж байгаа голлох хүний нэг. Судалгаа хэзээ дуусах вэ. Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний төслийн тухайд манай улсад ямар давуу талууд байна вэ?

-Судалгаа маань хоёр жилийн турш үргэлжилж байна. Ирэх тавдугаар сард дуусна. Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний төсөл эдийн засаг, дэд бүтцийн талаасаа бодит ажил болох боломжтой. Монгол Улс Хятад, Орос, Япон, Солонгос гэсэн дөрвөн улсад сэргээгдэх эрчим хүч экспортлох боломжтойг аль хэдийнэ тогтоочихсон. Зүүн хойд Азийн бүс нутгийн яг төвд байрладаг нь танай улсын маш том давуу тал. Монголын дараагийн онцлог давуу тал бол Орос, Хятад гэсэн том зах зээл бүхий хөршүүдтэй. Эдгээр улсуудынхаа дэмжлэгийг авч чадвал зах зээлийн бүрэн боломж харагдаж байна. Дамжуулах холбооны хувьд техникийн хувьд бүрэн боломжтой. Өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн шугам ашиглана.

– Өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн шугамын давуу талыг онцлооч?

-Өндөр хүчдэлийг хол зайд хамгийн бага алдагдалтайгаар дамжуулдгаараа давуу талтай.

-Та Европын эрчим хүчний бизнес эрхэлдэг том компани болох Францын EDF-ийг төлөөлж Азийн супер сүлжээний судалгаанд оролцож байгаа. Танай компани Европтоо хэдэд жагсдаг вэ?

-EDF Европтоо гуравт орох том компани. Манай компани нүүрсхүчлийн хийг аль болох бага хэмжээнд ялгаруулахыг зорьж ажилладаг. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэсэн туршлага ихтэй ч цаг хугацааны өөрчлөлтийг дагаж сэргээгдэх эрчим хүч рүү хандаж байгаа. EDF сэргээгдэх эрчим хүчний тусдаа компанитай. Европ, дэлхийн эрчим хүчний холболтын тухайд гээд яривал хийсэн ажил ихтэй. Өргөн туршлагатай. Бага нүүрсхүчлийн хий ялгаруулах талд онцгой анхаардгаа давтан хэлмээр байна.

-Танай компанийг атомын цахилгаан станцуудын төслүүдэд ажилладаг, Европын орнуудыг эрчим хүчээр холбосон туршлагатай гэж сонссон. Атомын цахилгаан станцынхаа онцлог, Европын улсуудыг эрчим хүчээр холбосон ажлынхаа түүхээс сонирхуулаач?

-Манай компанийн барьж гүйцэтгэсэн цөмийн эрчим хүчний станцууд өнөөгийн байдлаар хамгийн хэмнэлттэй сайн ажилладгаараа онцгойрдог. Англи, Франц, Итали, Герман зэрэг Европын орнуудад эрчим хүчний олон улсын сүлжээ үүсгэсэн. Тэр утгаараа Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас тендер зарлахад бид оролцсон юм. Өнгөрсөн хугацаанд бий болгосон арвин туршлагаа Зүүн хойд Азийн зах зээлд авчирч буйдаа баяртай байгаа. Энэ зорилгыг маань биелүүлэхэд хамгийн том нөлөө үзүүлж, гүүр болж яваа газар бол Азийн хөгжлийн банк. Азийн хөгжлийн банкнаас зарласан тендерт шалгараад судалгааны ажлыг нь гүйцэтгэж байгаа нь манай компанийн хувьд олзуурхууштай хэрэг. Энэ төслийн хүлээн авагч тал нь Монгол Улсын Эрчим хүчний яам гэдгийг бас онцолмоор байна.

-Судалгааны сүүлийн үеийн үр дүн сонирхолтой санагдаж байна?

-Бид энэ төслийн судалгааг 2017 оны тавдугаар сард эхлүүлсэн. Тэр үед анх удаа Монголд ирж байлаа. Манай судалгаа гурван үе шаттай. Гурван мастер төлөвлөгөөнд хуваагдаж байгаа. Эхний үе шат нь Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц, хүчин чадлыг судлахад чиглэж байна. Нар, салхины эрчим хүчний нөөц хэр байна вэ гэдгийг судлах үе шат гэсэн үг. Энэ үе шатандаа хамгийн орчин үеийн, хамгийн сайн гэсэн тоног төхөөрөмж, технологи ашигласан.

Хоёрдугаар үе шат маань зах зээлийн судалгаа. Зүүн хойд Азийн зах зээлийг судалж байна. Энэ төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалт өрнүүлж, Монголоос эрчим хүч экспортлоход зах зээлийн хувьд хэр ашигтай вэ гэдгийг тооцож үзэж байгаа юм. Дамжуулах шугамынхаа төлбөрийг төлөх процесс хэр хялбар вэ гэх мэт олон асуудалд анхаарч байна. Гуравдугаар үе шатны хувьд дамжуулах шугамтай холбоотой. Бөгжин дамжуулах шугамын бүх л боломжит хувилбаруудыг судалж үзлээ. Яг ямар шугам байх, аль орон руу яаж холбогдох гээд бүх зүйлийг тооцож гаргаж байна.

-Ирэх тавдугаар сард сүүлчийн уулзалтаа хийнэ гэлээ. Тэгэхээр энэ удаагийн уулзалт дээр бараг эцсийн үр дүнгээ танилцуулах нь ээ?

-Эцсийн үр дүн гарах хугацаа ойртож байна. Энэ оны тавдугаар сард болох сүүлчийн уулзалтын өмнөх буюу урьдчилсан уулзалтаа хийх гэж байгаа тухай би ярианыхаа эхэнд онцолсон. Хамгийн сүүлчийнхээ модулийг бичиж байгаа гэсэн үг л дээ. Ер нь онцолж хэлэх хоёр гол зүйл бий. Нэгдүгээрт, эрчим хүчний худалдаа. Хоёрдугаарт, ямар байгууллагаар зохицуулагдах вэ гэсэн асуудал.

-Худалдаа гэдгээ тодруулахгүй юу?

-Эрчим хүчээ хэрхэн экспортолж, импортлох вэ гэдэг асуудлын хүрээнд яригдах асуудлыг хэлж байгаа юм.

-Ямар байгууллагаар зохицуулагдах вэ гэдэг эрчим хүч экспортолж, импортлох ажлыг хариуцах газрыг хэлээд байна уу?

-Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Эрчим хүч экспортолж, импортлохын тулд ямар байгууллага хариуцаж ажиллах ёстой, тэр байгууллагыг хэн хэн хамтарч хаана байгуулах, хаагуур дамжуулж түгээвэл илүү үр ашигтай вэ гэх мэтэд анхаарна.

-Та олон төсөл дээр ажилласан инженерийн хүн. Өмнө нь Европт ажиллаж байсан бол одоо Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ төсөл дээр Азийн хөгжлийн банк, Эрчим хүчний яамтай ажиллаж байна. Энэ төслийн юу нь таны сонирхлыг татаж байна вэ?

-Зүүн хойд Азийн бүс нутаг дэлхийн нийт ДНБ-ий 25 хувийг үйлдвэрлэдэг. Энэ бол маш том тоо. Хоёрдугаарт, энэ бүс нутаг дэлхийн нүүрсхүчлийн хийн 40 хувийг дангаараа ялгаруулдаг. Гуравдугаарт, түрүүн дурдсан таван орнууд Орос, Хятадыг эс тооцвол өөр хоорондоо эрчим хүчний хувьд огт холбогдоогүй. Эдгээр сорилт миний сонирхлыг их татсан. Би Европт маш олон төсөл дээр ажилласан туршлагатай. Европын улсуудыг хооронд нь эрчим хүчээр холбосон төслүүд дээр ажиллаж байсан л даа. Бүгдээрээ л сонирхолтой төслүүд. Европыг эрчим хүчээр холбосон туршлагаа Зүүн хойд Азийн бүс нутагт хэрэгжүүлэхээр Монголд ажиллаж байна даа. Монголын хувьд нар, салхины эрчим хүч бол зардлын хувьд хамгийн хэмнэлттэй эх үүсвэр. Ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний энэ төслийн тухайд шавхагдах нөөцтэй нүүрс гэх мэт хатуу түлшээр ажилладаг эрчим хүчийг бүрэн орлох потенциал бий. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Зүүн хойд Азийн бүс нутгийн таван улс Парисын хэлэлцээрт хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэнэ гэдэг маш том давуу тал.

-Өмнөх уулзалтуудыг Япон, Хятад, Солонгост хийсэн байх аа?

-Судалааны үе шатны хамгийн эхний уулзалтыг Монголд хийсэн. Хоёр дахь нь Өмнөд Солонгост болсон. Гурав дахь уулзалт Токиод болж өнгөрсөн юм. Дөрөв дэхийг нь Бээжинд хийсэн л дээ. Тав дахь удаагийн уулзалт нь Улаанбаатарт болох гэж байна. Өөрөөр хэлбэл Монголд хоёр дахь удаагаа болох гэж байгаа нь энэ. Ингэж удаа дараа уулзалдаж байгаагийн гол шалтгаан нь барих юмтай тайлан, судалгаа хийхэд чиглэсэн. Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яаманд үзүүлэх бодит судалгааны тайланг бий болгохын тулд хийж байгаа хурлууд гэж ойлгож болно.

Бид бүс нутгийн зах зээлийн судалгааг хийхдээ одоогоос хорин жилийн дараа бүс нутгийн зах зээлийн төлөв байдал ямар байх тухай прогноз судалгааг иж бүрнээр нь хийсэн. Нэг зүйлийг нэмж хэлэхэд орон орны эрдэм шинжилгээний хүрээлэн, Засгийн газрын байр суурийг авахын тулд дээр дурдсан улсуудад зохион байгуулсан.

-Ирэх тавдугаар сард судалгаагаа эцсийн байдлаар танилцуулсны чинь дараа ямар процесс өрнөх бол?

-Засгийн газар, Эрчим хүчний яам бидний судалгааны үр дүнтэй танилцаад дараагийн шийдвэрээ гаргана.


Categories
мэдээ цаг-үе

Доржхандын Төрмөнх: Монгол хэмээх жижиг арал дээр байгаа монголчууд бид “Би, би” гэж хийрхээд баймааргүй байна

Түрүүч нь №035(6136) дугаарт


Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхтэй уулзаж хөөрөлдлөө.


-Та “Нохойн орон”-тойгоо нийлээд хэдэн кино хийв?

-“Ламбугайн нулимс”-ыг маань Женко Баттулга ивээн тэтгэж анх намайг кино руу оруулсан хүн. “Бодлын хулгайч”, “Ларьдма” гэсэн уран сайхны кинонууд хийсэн. “Нарны өнгө” гэж хүүхдийн кино байна. Энэ гурвын зохиолыг нь би бичиж, найруулагч Ж.Сэнгэдоржтой хамтарч бүтээсэн. Баримтат кино гэвэл олон юм бий. Бичсэн кино зохиол гэвэл долоо найман юм байгаа. Мөнгө нь олдохгүй болохоор шургуулган дотор минь л хэвтэж байна. “Кондуктор” гээд бэв бэлэн зохиол.

-Автобусны кондукторын тухай бүтээл байх уу?

-Автобусны кондуктор л доо. Гэхдээ цаазаар авах ял гүйцэтгэдэг хүний тухай юм. Одоо чинь хүмүүс юм уншихаа тэр бүр байчихаж. Тиймээс би романуудаа кино зохиолын хэлээр богинохон бүлгүүдтэй бичиж байгаа. Энэ романууд маань тэр нөгөө олддоггүй гайтай мөнгө төгрөг нь олдвол кино болгоно гэж бодож байгаа. Би чинь “Кино зохиолчдын Библи” гэж ном орчуулж гаргасан хүн шүү дээ.

-Та ч өөрийн гэсэн уншигчидтай л зохиолч, сэтгүүлч дээ…

-Би baabar.mn-д юмнуудаа тавьдаг. Гайгүй л уншигдчихдаг юм. Уншигчдын тоогоороо Баабар, Цэнддоо хоёрын ард л бараг явдаг бол уу. “Зохиолч гэдэг үг жаахан буруу үг юм бол уу” гэж би ер нь боддог. Аюурзана бид хоёрын нэг ярилцлагад бий дээ. Оросоор писатель гэдэг, англиар writer гэдэг. Бүгд л бичээч гэсэн үг шүү дээ. Манайд ч гэсэн “бичгийн хүн, бичээч, тал бичээч” л гэж ярьдаг байсан шүү дээ. Тиймээс бичдэг хүнийг л хэлээд байгаа биз. Гэхдээ бичих юмтай хүн л бичнэ. Миний бичдэг төрөл гэвэл үнэн юмыг киноны хэлээр ярих юм бол олон нуршихгүйгээр эвлүүлээд монтажлаад байгаа юм бол уу. Манайд уран зохиолч гэдэг дээ. Уран, тэгээд бас зохиодог. Уран үгээр уралдсан юм болчих гээд байдаг. Уран үгээр бичдэг хүмүүс бий л дээ. Балжирын Догмид бол агуу уран үгийн мастер ш дээ. Миний хувьд уран цэцэн үгтэй хүн биш. Тэр талыг бодохоосоо илүү агуулга талыг барьдаг. Нийтлэл бичихэд ч нэгдүгээрт уншууртай, сонирхолтой байх ёстой. Хоёрдугаарт бичсэн бүхэн юм хэлэх ёстой. Дөрөвхөн мөр бичсэн ч дөч, тавь, дөрөв, таван зуун жил насалсан бүтээлүүд бий еэ дээ. Тэгэхээр бүтээл гэдэг сэтгэлээсээ л үнэнээ бичиж ярих л юм байна. Худлаа ярихаа л болимоор юм шиг байгаа юм. Бичихдээ гоё бичих гээд, худлаа бичих гээд, худлаа бичиж байгаа нь зохиож байгаа ч юм шиг ойлголт их байна. Зохиолч гэдэг жаахан адармаатай юм л даа. Энэ цахим ертөнцийг харж суухад манайхан нэг л уншихгүй, дэлхий нийтэд юу болж буйг мэддэггүй, орос ч үгүй, англи ч үгүй, нэг жаахан талхны хэлтэй “манай сумандаа л Маркс, Энгельс” болчихсон улс байгаад байгаа. Нэг л их цэцэрхсэн, юм болгонд л “би би” гэсэн нэг л их эготой улс. Бичиж байгаа энэ тэрийг нь харахад би гэдгээ л харуулах гээд байхаас юм ярих гээд байгаа хүн ховор харагдах юм. Ийм хийрхэл их л онцгүй л юм байгаа юм. Манайх ч би гэдэг эго л их хүчтэй болчихсон орон юм шиг байгаа юм.

-Манайхаас өөр ингэж хийрхдэг улс орон байхгүй гэсэн үг үү?

-Цахимаар хэрүүл хийдэг газрууд зөндөө л дөө. Бразил энэ тэрийг харахад аймаар л юм билээ. Гэхдээ манайхан чинь юмны мөн чанарыг ухах биш, өнгөц, би л мундаг гэдэг өвчтэй. Дэлхий ертөнцөд юу болж байгааг ойлгодоггүй. Тэгээд нэг их Чингис мингис гэж цээжээ дэлддэг болцгоогоод. Энэ бол уншдаггүйтэй холбоотой. Дэлхий дээр бид чинь нэг жижигхэн улс шүү дээ. Гуравхан сая хүнтэй. Урд талд нэг тэрбум гурав дөрвөн зуун сая хүн байна. Хойд талд дөрөв таван зуун сая байна. Дэлхий долоон миллиард хүнтэй. Хүн төрөлхтөн хэмээх захгүй уудам далайн дунд Монгол хэмээх жижигхэн арал дээр байгаа мөртлөө л нэг л их би, би гэсэн улс. Энэ их эмгэнэлтэй. Манай Д.Өлзийбаатарын “Монголчуудын түүх” сонсдог ном гарснаас хойш овоо нэг түүх рүүгээ өнгийж хардаг болж байх шиг л байна. Түүх гэж ярьдаг мөртлөө түүхээ уншдаггүй, судлахгүй, худлаа зохиож бичээд байдаг. Жишээ нь Таж Махалын бунхан бол монгол хатанд зориулсан бунхан гээд яриад байх юм. Шал худлаа ш дээ. Тэр чинь Мумтаз Махал гэж перс хүүхэн ш дээ. Зүгээр л “Викепедиа” ороод үзэхэд л байж байгаа шүү дээ. За яахав, Шах Жахан, Акбар эд нар Бабурын, Доголон Төмөрийн удам угсаа байсан нь үнэн л дээ. Мэдэхгүй байж мэдэмхийрсэн, ярих юмгүй байж ярих дуртай хүмүүс хаа сайгүй болчихож. “Олны дунд үгээ мэд, ганцаар явахдаа сэтгэлээ мэд” гэдэг үг чинь л энэ фэйсбүүкийнхэнд таарах үг юм шиг байгаа юм. Цахим ертөнц гэдэг чинь л олны дунд орж байгаа зүйл биз дээ.

-Тэгэлгүй яахав?

-ШХАБ-д орно, орохгүй, юу юу гэнэ вэ нэг л их олон цэцэн мэргэн улс болчихсон. Цааш нь ухаад асуухаар яг хэрэг дээрээ юу ч мэдэхгүй. Дэлхийд алдартай “Penguin random house” гээд 1800 онд үүссэн, одоо болтол байгаа номын паблишинг байна. Жилд 800 сая ном борлуулдаг номын компанид манайхаас хэвлэгдсэн нэг ширхэг ч ном байхгүй шүү дээ. Эднийхээр Ринчен, Дамдинсүрэнгийн ч бүтээл хэвлэгдээгүй. Дэлхийн ийм том компанид манай ганц ч ном хэвлэгдээгүй байна гэдэг гуниг биз дээ.

-Гунигтай л юм даа?

-Тэгэхээр Монголын утга зохиол энэ тэр гэж ярихад хэцүү. Монгол хүний оюун чадавх өндөр гэдэг үнэн л дээ. Цөөхөн хүн амтай нь харьцуулаад үзэхээр. Ер нь ном уншдаг хүн хаана ч гэсэн ховор л доо. Оросын уншигчид маш их уншина. Манайх тэдний дэргэд бага. Социализмын үед их уншиж байсан гэдэг үнэн л дээ. Яагаад гэвэл одооныхтой адил зурагт, интернет байгаагүй. Тэр үед чинь Соёлын яамтай, бодлогоор уншуулдаг байлаа. Номын сангуудад сууна. Би гэхэд Нацагдоржийн тэмдэгтэн байлаа даа.

-Та аль хэр уншигчтай бүтээлч вэ?

-Би Аюурзана шиг л амьдрах юм сан гэсэн мөрөөдөлтэй хүн. Аюур, Өлзий хоёр номоо бичээд л түүгээрээ амьдарч байна. Би ч одоо бас номоо бичээд сайхан л амьдарч байна. Аюурзана бид хоёрт хэн авлига өгөх юм бэ. Тийм биз дээ. (инээв.сур) Бүтээлч хүний хувьд бид хоббигоороо л амьдраад байгаа. Кино хийх дуртай. Дууны шүлэг бичих дуртай. Надад дөч гаруй дуу бий. Дөнгөж урьд шөнө гэхэд Том Жагаа бид хоёрын нэг дуу гарчихаад би цахимаар хүлээж авч сонсоод л байж байна. Мартын 8-ны үеэр дүрсжүүлээд цацах байх.

-Женкогийн номыг бичээд хэдэн төгрөг олов та?

-Бид хоёр эртний найзууд. “Санкара”-г минь уншчихаад “Ийм ном хэдээр бичих вэ” гэж асуусан. “Ёстой бодож байгаагүй юм байна. Амьдралдаа би мөнгөөр ном бичиж үзээгүй. Чи л анх ийм санал тавьж байна” л гэлээ. Тэгсэн “Нэвтрүүлэг хэдээр хийдэг юм” гэж байна. “Манай студи хотын 375 жилийн ойгоор 49 сая төгрөгөөр л цуврал баримтат кино хийсэн юм даа” гэлээ. “Яагаад 49 сая гэж” гэхээр нь “50 сая төгрөгөөс дээш тендерт ордог юм байна. Тэгээд дээд талын хэмжээ нь л дээ” гэтэл “За 50 сая төгрөгөөр бичүүлье” гэсэн. Цаасан дээр буулгахаас бусдыг хийгээд өгсөн. Тэгсэн чинь 13 мянган хувь зарагдаж бестселлер болсон доо. Энэ ном их олон хэлээр орчуулагдаж байна. Энэтхэгт англи хэлээр гарч саяхан нээлтээ хийлээ. ОХУ-д Юрий Кручкины орчуулгаар хэвлэгдлээ. Казах хэлээр гарлаа. Солонгос, герман, япон, хятад хэлээр орчуулагдаж байна. Сингапураас том паблашинг надад бас хандсан байгаа.

-Ерөнхийлөгчтэй одоо уулзаж байна уу?

-Уулзалгүй яахав. Чаатаар өглөө үдэшгүй холбогдоно. Би чинь бас Ерөнхийлөгчийн орон тооны бус туслах гэж явдаг юм. Долоо хоногтоо нэг хоёр удаа уулзаж учирна. Ордонд ордог тусгай үнэмлэхтэй. Энэтхэгтэй хамтарч кино хийх талаар тусалж дэмжинэ л гээд байгаа. “Гадаадын улс оронтой хамтарч кино хийхгүй бол Монголдоо кино хийгээд ашиг байх уу” гэдэг юм аа.

-Та сүүлийн үед монгол кинонуудаас үзэж байна уу?

-Үзнэ ээ үзнэ. Сэнгэдоржийн кинонуудыг үзэх дуртай. Гайгүй найруулагч шүү дээ. Бид хоёр хамтарч гурван кино хийлээ. Манай охин Номунзултай хамтарч “Цагаан хадаг”, “Амьдрал” гэж хоёр ч кино хийсэн. Удамшдаг юм уу хаашаа юм, охин сүүлийн үед кино зохиол бичээд байгаа шүү дээ. Би ч охины зохиол энэ тэрд огт оролцдоггүй юм. “Туслах хамгийн сайн арга бол туслахгүй байх” гэж нэг үг байдаг даа. Өөрөө учраа олоод яваг л гэж боддог.

-Та яруу найрагч Д.Урианхайг багш аа гэж их хүндэлдэг юм байна лээ?

-Миний багш л даа. “Санкара”-г уншихаар бүгдийг мэднэ дээ. Би чинь дүүгийнхээ хэргийг өөр дээрээ тохоод ял авчихсан хүн шүү дээ. Мааньтын чанга дэглэмтэй хориход хоригдож байхдаа Урианхай багшийн “Цагийн хөл” гэдэг номыг олж уншаад дурлачихсан. Дотроо өөрийнхөө багш хэмээн бодох болсон. Гаднаас нь харахад жирийн л нэг хоригдол миний дотоод ертөнц маш хүчтэй өөрчлөгдсөн. Суллагдаж гарсныхаа дараа Урианхай ах дээр өөрийнхөө шүлэг, өгүүллэг, нийтлэл бүхнээ бариад очсон юм. Мань эр уншаад “Чи сүрхий юм. Кино зохиол руу орвол илүү дээр” гэж анх зөвлөсөн. Урианхай ахын хоёр ч гэргийтэй дотно. Багш бид хоёр очоод шил архи хувааж уугаад шөнөжингөө дэмий балай юм яриад хонодог, Урианхай гэдэг хүнийг хэн ч мэддэггүй байхад Салхитын хөндийд очиж багш шавь болцгоосон юм. Үүнийг хэнд ч би ярьдаггүй. Багш маань агуу том хүн учраас шавь гэчихээр өөрийнхөө нэрийг хавчуулах гээд байгаа юм шиг санагдаад ярьдаггүй л дээ. Сая харин шилдэг ном шалгаруулахад би гурван романаа барьж очоод “Номд мөргөмүү, багшид мөргөмүү” гээд өргөн барьсан. Сая бурхан болдог Бавуугийн Лхагвасүрэн ахтай ч би ойр байсан. Лхагваа ах “Чи Урианхайг багш гэчихээд, намайг ах л гэх юм даа, тээ. Би ч багшилж чадахгүй л дээ хө” (Лхагвасүрэн найрагчийн хоолойг дуурайн элэглэж инээв. сур) гэдэг л байсан юм. Дарма Батбаяр зохиолч энэ гуравтай би их дотно. Үгийг нь сонсдог, гэрээр нь очдог байлаа. Урианхай багшийгаа Нобелийн шагнал авчихаасай л гэж залбираад сууж байна. Урианхай багшийг уншдаг хүн ер нь цөөхөн ш дээ. Мань хүн чинь номоо дээд тал нь л таван зуу, мянган ширхгийг л хэвлүүлдэг. Надад бүх ном нь байгаа. Шинэ гарсан арван ботийг нь худалдаж авна даа.

-Та яг энэ амьдарч байгаа нийгэм, улстөрийн байдалдаа сэтгэл ямаршуухан ханддаг вэ?

-Монгол чинь Хүннүгийн үеэс Наймдугаар Богд хаанаа хүртэл хаант засагтай л орон байсан. Богд хаанаас хойш ч Чойбалсан, Цэдэнбал ч хаан л байсан. Ерэн хоёр оны “Үндсэн хууль”-аар л парламентын засаглал гэдгийг сонгож авахдаа эрлийз, хоёрын хооронд засаглал сонгочихсон. Дэлхийд манайх шиг аль нь ч биш засаглалтай дөрөвхөн орон л байдаг юм байна. Энэ хугацаанд УИХ-ын долоон сонгууль болсон. Долоон Засгийн газар л ажиллах ёстой биз дээ. Тэгэхэд 15 Засгийн газар, 17 Ерөнхий сайд томилогдсон байгаа юм. Үүнийг дундажлаад хуваахаар нэг Засгийн газар 14 сарын л настай байсан байгаа юм.

-Таныхаар яагаад ингээд байсан юм бол?

-УИХ-ын 76 гишүүнээс үсрээд 14 хүн л сайд болох магадлалтай. Үлдсэн жаран дайсан нь сайд болохын тулд Засгийн газраа унагаагаад байгаа юм. Тэгэхэд энэ хугацаанд тавхан Ерөнхийлөгч сонгогдсон. Ерөнхийлөгчид огцорч байгаагүй, харин ч дахин сонгогдож байсан. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар хүн амын тавиас дээш хувийн санал авсан хүн Ерөнхийлөгч болдог. Сая шахам хүний саналаар гарч ирсэн Ерөнхийлөгч шагнал одон гардуулахаас өөр эрх мэдэлгүй, мөнгөө мэддэггүй. Мөнгөө мэддэг Ерөнхий сайд нь УИХ-аас томилогддог, хараат байгаад байгаа. УИХ-ын зарим тойрогт гурваас зургаан мянган хүнээс УИХ-ын гишүүн сонгогдож байна. Зургаан мянган хүнээс сонгогдсон хүн, бараг сая шахам хүнээс сонгогдсон хүн хоёрын хооронд өдөр шөнө шиг ялгаа бий еэ дээ. Ард түмний тавин хувиас сонгогдсон Ерөнхийлөгч шагнал гардуулдаг, хориг тавьдаг, гадаад явдаг л хүн болж таарлаа шүү дээ. Х.Баттулгын тавьсан бүх хоригийг УИХ хүлээж аваагүй. Ийм дампуу Үндсэн хуультай байгаа юм. Азийн бүх орон авторатори дэглэмтэй. Урагшаагаа Хятад, Солонгосыг хар. Япон хаант засагтай. Парламентын засаглалтай улс зөндөө байгаа л гэх байх. Гэхдээ анзаарвал Англи хаант засаглалтай. Япон хаант засаглал бүхий парламенттай. АНУ Ерөнхийлөгчийн засаглалтай. “Трамп гэдэг тэрбумтан гарч ирээд бүгдийг нь идчихнэ” гэж айгаад байсан. Одоо хаа байна, Мексикт босгох ганц ханаа босгож чадахгүй л гацчихаад байгаа биз дээ. Шүүх засаглал нь тусдаа, хуулийн засаглал нь тусдаа, Ерөнхийлөгч нь хамгийн гол Засгийн газраа мэддэг байж л улс орон хөгжинө. АНУ-ын тогтолцоо бол хамгийн зөв систем байхгүй юу. Үүнийг манайхан монархи засаглал буюу Казахстаны Назарбаев эд нартай хольж хутгаж ойлгоод байгаа юм. Эд чинь хаан байхгүй юу. Ийм засаглал манайд зохихгүй. Харин Ерөнхийлөгч нь эдийн засгаа мэддэг байх хэрэгтэй байхгүй юу. Яагаад гэвэл ард түмний 51 хувиас сонгогдчихсон хүн учраас хариуцлагатай байхаас аргагүй. 14 сарын настай Засгийн газар ганц байшин ч барьж чадахгүй. Ялангуяа манайх шиг өвлийн хүйтэнтэй оронд. 14 сарын хооронд хэн ч Ерөнхий сайд болсон өөрөө идэхийг л бодно. Засгийн газрын гишүүн болоход тэрбумаас дээш төгрөгийн ханштай юм гэсэн биз дээ. Өөрөө мөнгөөр гарсан мөнгөө олж авч идэхийг л хүснэ. Ингээд л унаад босоод, унаад босоод байгаа юм. Иймээс мөнгөө мэддэг Ерөнхийлөгчтэй л улс болох учиртай. Өрхийн тэргүүн ямар ч мэдэлгүй, 76 хүүхэд нь л мөнгөөрөө тоглоод үрээд байгаа байхгүй юу. Тиймээс одоо ард түмний санал асуулга явуулж засаглалынхаа солих хэрэгтэй болчихоод байгаа юм. “Үндсэн хууль”-аа өөрчлөх цаг ирчихсэн байна.


Categories
мэдээ цаг-үе

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл: Хосууд гэрлэхдээ Гэрлэлтийн гэрээ байгуулдаг болохыг хуульчлах нь зүйтэй

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Та энэ холбооны ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Хүчирхийллийн эсрэг ажиллах болно гэж хэлж байсан. Тэр цагаас хойш дөрвөн сар өнгөрчээ?

-Тийм ээ, хүчирхийллийн эсрэг хамгийн хүчтэй дуу хоолой болж ажиллана, “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” хүчирхийллийг хүчгүйдүүлэхэд хамгийн нөлөөтэй байгууллага болохын төлөө ажиллана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан, тэр үгээ ч хэлсэн. Зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэлтгүй нийгэмд үүсч буй элдэв төрлийн хүчирхийлэл Монголын нийгэмд нэн тулгамдсан асуудал болсон. Тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь түгээмэл байгаа нь статистик үзүүлэлтүүдээс харагддаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн байгууллага хүчирхийллийг зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудал гэхээс илүү нийгэм даяараа “Хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх вэ?” гэдэг өргөн агуулгаар харж, үнэлж, зорилтот ажлуудыг зохион байгуулах нь зөв гэж үзэж байна. Эмэгтэйчүүд болоод хүчирхийллийн тухай асуудлыг ярихад энэ нь нийгмийг хамарсан асуудал болчихдог. Гэтэл хүчирхийлэл гэдэг нэг хүний, нэг улсын асуудал биш нийт хүн төрөлхтний асуудал болчихсон. Иймд эмэгтэйчүүд гэдэг энэ бүлэг өөрөө нийгмийн харилцааны гол суурь нь юм. Эмэгтэй хүний тухай ярихад хүүхэд, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, эдийн засаг, ядуурал, ажилгүйдлийн асуудал зэрэг маш олон сэдэв хамаатдаг. Иймд Монголын эмэгтэйчүүдийн холбоо үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөн хүрээгээр төлөвлөж, зохион байгуулах, тухайн асуудлыг шийдвэрлэхэд бидний гүйцэтгэх үүрэг, нөлөө ямар цар хүрээтэй вэ гэдэг дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Энэ жил эмэгтэйчүүдийн байгууллагын 95 жилийн ой тохиож байгаа. Бид энэхүү түүхт байгууллагын уламжлалыг хадгалж, шинэчлэл, хөгжлийг уялдуулан ажиллахаар зорьж байна.

-Азидаа эмэгтэйчүүдийнхээ төлөө дуугарсан анхны улс болсон гэдэг байх шүү?

-Ардын хувьсгал ялсан түүхэн он цагт Монгол Улс эмэгтэйчүүдийнхээ эрхийн асуудалд хамгийн их анхаарал хандуулж байсан цөөн улсын нэг. Монголын эмэгтэйчүүдийн холбоо Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага юм. Өнгөрсөн 95 жилийн хугацаанд Монголдоо төдийгүй, дэлхийн, тэр дундаа Азийн зарим улс орнуудад ч хөгжил дэвшлийн загвар болж, үе үеийн удирдлагуудын нээлттэй бодлого, арга ажиллагааны туршлагаас Лаос, Ветьнам зэрэг улс орнууд ч туршлага судалж байсан түүхтэй гэдэг. Түүнчлэн улсынхаа хөгжил, цэцэглэлтэд ч Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын оруулсан хувь нэмэр асар их. Өнгөрөгч он жилүүдэд энэ байгууллага бүх нийтийг соён гэгээрүүлэх, Монголчуудыг бичиг үсэг, соёлд сургах, сонгох сонгогдох эрхээ эдлэх, эмэгтэйчүүдийг соёлжуулж боловсруулан, нийгмийн харилцаанд эрчүүдтэй адил тэгш хэм хэмжээнд оролцуулах боломжийг нээж өгч, сэхээтэн эмэгтэйчүүдийг газаад улс орнуудад бодлогоор бэлтгэн сургах, цаашлаад жендерийн асуудлыг тэртээ он жилүүдэд аль хэдийнээ ярьж эхэлсэн байдаг.

-Тэгвэл Монголын эмэгтэйчүүдийн холбоо өдгөө хэрхэн ажиллаж байна вэ?

-Миний хувьд урьд өмнө энэ байгууллагын дотоод үйл ажиллагааг төдийлөн сайн мэддэггүй байсан. Харин нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог эмэгтэй хүний хувиар хүчирхийлэл гэдэг асуудалд эмэгтэйчүүдийн байгууллага төдийгүй хүн болгон анхаарал хандуулах цаг болсон ийм түүхэн үед бид ирсэн гэж ойлгож байгаа. Тийм ч учраас дөнгөж ерөнхийлөгчөөр сонгогдоод “Монголын эмэгтэйчүүдийн байгууллага хүчирхийллийн эсрэг хамгийн хүчтэй дуу хоолойтой байна” гэж амласан. Амласнаа биелүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Ажил аваад “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” уриатай хөдөлгөөн өрнүүлсэн. Богино хугацаанд нийгмийг давлагаалсан томоохон арга хэмжээнүүд зохион байгуулаад явж байна. Хамгийн эхнийх нь “13 настай охиныг хүчирхийлэн амийг нь егүүтгэсэн этгээдүүдэд хууль хяналтын байгууллага шударгаар, зохих шийтгэлийг нь үүрүүлэхэд хяналт тавих, олон нийтийн анхаарлын төд байлгах асуудал дээр нөлөөллийн ажил зохион байгуулсан. Одоо ч энэ хэрэг нэг тийш шийдэгдээгүй, хэрэг үйлдсэн хүмүүс давж заалдна гээд явж байна. Хүн хэн байхаас үл хамаарч, гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдсэн бол шүүхийн шийдвэрээр зохих ял нь оногдон шийтгэлээ хүлээдэг байх ийм шударга ёсыг Монголын ард түмэн нийтээрээ хүсэн хүлээж байна. Иймд бид энэ асуудлыг анхааралтай ажиглаж байна. Энэ бол ганцхан хүүхдийн амь насны тухай асуудал биш, цаашдаа мянга мянган хүүхэд хүчирхийлэлд өртөж, тэрнээс нь ял завших гэсэн хэсэг бүлэг этгээд, магадгүй санаатай, санаандгүй ямар нэг байдлаар ял завшуулах гэсэн хууль хяналтын байгууллагынхны шударга бус ажиллагаа зэргийг анхаарахад дохио өгсөн болов уу гэж бодож байна. Цаашид ч иймэрхүү асуудалд бид анхаарал хандуулж, иргэдийн хяналтыг сайжруулах тал дээр ажиллах болно.

-Мэдээж энэхүү санаачилгаа төгөлдөржүүлэн, илүү далайцтай ажлууд хийхээр төлөвлөсөн байх. Монголын нийгэмд хүчирхийлэгч биш ирээдүйг бэлдэхийн тулд яах ёстой юм бол?

-Бид олон нийт, хүүхэд, тэр дундаа өсвөр үеийнхний сэтгэл зүй, хандлагыг хэрхэн эерэгжүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулахыг зорьж байна.

“Хүчирхийлэгч биш иргэнийг бэлдэх ёстой” гэдэг дээр санал нэгдсэн. Аль хэдийнээ 30, 40, 50 насан хүрчихсэн хүчирхийлэл үйлдэгчийн үзэл бодолд нөлөөлж, өөрчлөх бодит боломж хомс. Тиймээс хүчирхийлэгч биш ээж, аавыг ирээдүйд бэлдэх асуудал руу анхаарах нь зүйтэй байгаа юм. Иймд эмэгтэйчүүдийн байгууллагынхаа салбар зөвлөлд түшиглэн “Өсвөр үеийн клуб”-үүдийг байгуулж байна. Энэ клубүүдээрээ дамжуулан соён гэгээрлийн, сайн санааны нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулна. Удахгүй энэ ажлууд эхэлнэ. Хүчирхийлэгч биш иргэнийг багаас нь, ясли, цэцэрлэгээс нь эхэлж бэлдэх хэрэгтэй байна.

-Та хэвлэлийн салбарт ажиллаж байсан хүн. Эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлын талаар ерөнхий мэдээлэл, мэдлэгтэй байсан гэсэн үг. Харин одоо энэ байгууллагыг удирдан халуун тогоонд нь ороод ажиллахад төсөөлснөөс өөр байна уу. Монголын эмэгтэйчүүдэд тулгамддаг гол асуудлууд юу байна вэ?

-Нэгдүгээрт, гэр бүлийн асуудал. Гэр бүлийн гэхээр зөвхөн эмэгтэй хүний асуудал биш болчихоод байгаа юм. Нийгмийн суурь нь гэр бүл. Монголын нийгэмд гэр бүл салалт ямар их байна вэ. Түүнээс үүдээд ажилгүйдэл, ядуурал, өрх толгойлсон эмэгтэй, өнчин хүүхдийн асуудал гарч ирдэг. Тэгэхээр хамгийн тулгамдсан асуудал бол гэр бүл. Таны хэлдгээр хэвлэлийн салбарынхан мэдээллээс мэдээллийн хооронд явахдаа ерөнхийд нь гаднаас нь анзаардаг. Бодит байдлыг бүсгүйчүүдийн ертөнцийн гүнд ороод харах нь өөр юм аа. Гэлээ ч учиргүй зөрсөн, тэс өөр төсөөлөл гэж юу байх вэ. Ерөнхийдөө эмэгтэйчүүдтэй холбоотой маш олон хүнд асуудал байна. Иймээс үүнд төр маш ихээр анхаарах цаг ирсэн байна. Эмэгтэйчүүдийн байгууллагаар дамжуулаад нийт эмэгтэйчүүдээ тольдоход монгол бүсгүйчүүд асар хүчирхэг тулдаа өдий дайтай явна уу даа гэж бодогдсон. Нийгмийн дийлэнх ачаа эмэгтэйчүүдийн нуруун дээр явж байна. Айл гэрийн амьдрал ахуй, ажил үйлс, хатуу ширүүн бүх л юм эмэгтэйчүүдэд үүрэгдэж байна. Гэтэл тэдэн рүүгээ чиглэсэн оновчтой төрийн бодлого байна уу. Бид эрхийн асуудлаа, мөн үүргийнхээ асуудлыг ч ярьдаг болмоор байна. Бид аль ч түвшинд тэгш эрхтэй баймаар байна.

-Өөр бусад салбар, чиглэлийн хууль хурдан батлагддаг бол гэр бүл, хүчирхийлэлтэй холбоотой хууль, бичиг баримтууд батлагдах гэж их уддаг, сунжирдаг. Энэ нь юутай холбоотой юм бэ. Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт орох гэж байгаа биз дээ?

-Гэр бүлийн тухай хууль удахгүй УИХ-д өргөн баригдах гэж байна. Засгийн газраар ороод Байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдан ирэх хаврын чуулганаар орох байх. Гэр бүл гэдэг нийгмийн бүх хэсэг. Магадгүй салбарын хууль бол тухайн салбарын цөөн хүний асуудал. Гэр бүл гэвэл хүн болгонд хамаатай. Байшингаар бол суурь нь. Хэдэн ч давхар байшин барьсан ч нурахааргүй, маш бат бөх, ус, газар хөдлөлт юу ч болж байсан тэсээд гарах суурьтай байх ёстой. Гэтэл манай нийгмийн суурь цуураад эхэлж байна. Цаашид энэ барилга явахад хүнд. Гэр бүлийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдээд явж байгаа энэ цаг үед бид одоо хэрэглэгдэж байгаа хууль, шинээр хэлэлцүүлэгдэж буй хуулийн төслийн аль алийг нь үзсэн. Бид судалгаа хийгээд Гэр бүлийн тухай хуульд тодорхой хоёр зүйлийн санал оруулъя гэсэн хүсэлт гаргах гэж байна.

-Ямар хоёр санал вэ?

-2018 оны байдлаар 2945 гэр бүл салжээ. Энэ салсан гэр бүлийн 80 орчим хувь нь гэр бүлээс гадуурх харилцаанаас болсон гэдэг тоо баримт байна. Гэр бүлээс гадуурх харилцааг нэг талаас нь харвал бас эмзэг. Хүний хувийн амьдрал, эрх чөлөө гээд олон зүйл яригдана. Гэвч нөгөө талд гэр бүл гэж юу вэ? Гэр бүлийн өмнө хүлээх хариуцлага юу вэ гэдгийг хэн хүнгүй бодох цаг болчихжээ. Жилдээ 18 мянган хос салах өргөдөл өгснөөс, шүүхээр шийдвэрлэгдсэн нь 2945. Эвлэрсэн 400-хан байна. Үлдсэн 15 мянга нь салахаа хүлээгдээд явж байна. Тэгэхээр бид гэр бүлийн суурь асуудал руу нухацтай хандахаас өөр аргагүй. Нийгмийн суурь бүтэж ингэж ганхаж байхад сууриа хэрхэн хамгаалж, бүр бат бэх болгож тордож арчилж явах вэ гэдгээ ярих цаг болсон. Монголын эмэгтэйчүүдийн холбооны хувьд энэ бол санал. Батлагдах эсэхийг нь мэдэхгүй байна. Бид судалгаа хийж байна. Бас эцсийн байдлаар шийдчихээгүй байна. Саналын түвшинд хоёр зүйлийг хэлье. Дөрөв, таван жилийн өмнө нэг эрэгтэйн нууц амраг эхнэрийг нь орцонд нь хөнөөсөн маш аймшигтай гэмт хэрэг гарсан. Энэ бол зүгээр нэг л жишээ. Энэ маш аюултай жишээ. Ийм биш гэхэд ийм хэлбэрийн олон асуудал болж байгаа. Иймд гэр бүл үймүүлсэн гуравдагч этгээдэд ямар нэг шийтгэл хүлээлгэх. Хоёрдугаарт, гэр бүлийн гэрээтэй болъё. Олон улсын жишгээр хосууд гэр бүл болохдоо гэр бүлийн гэрээ байгуулдаг. Тэр нь нарийн заалттай гэрээ байх уу, ерөнхий гэрээ байх уу гэдгийг гэрлэгсэд өөрсдөө шийддэг. Ямар ч байсан гэрээтэй байх санкцийг Гэр бүлийг тухай хуульд хийж өгмөөр байна. Тэр гэрээ нь ямар нөхцөлтэй байх нь тэр гэр бүлийн асуудал.

-Гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Манайд тэр өдрийг баяр хэмээн ойлгож ээж, эмэгтэйчүүд архи ууж, албан байгууллагынхантайгаа архидаж цэнгэж өнгөрүүлдэг. Өнгөрсөн жил Мартын 8-наар олон эмэгтэй эрүүлжүүлэгдсэн. Манайх энө өдрийг чухам яаж өнгөрүүлбэл зүйтэй вэ. Эрхийнхээ төлөө тэмцэж жагсдаг ч юм уу, арай өөрөөр тэмдэглэх боломжгүй гэж үү?

-Өмнө нь манай холбоо гуравдугаар сарын 8-нд “Хүндэт ээж” өргөмжлөх арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Энэ жил өөрөөр хийнэ ээ. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор гуравдугаар сарын 7-нд эх орны өнцөг булан бүрээс төлөөлөгч урьж, Төрийн ордонд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө анх удаа чуулна. Мянган ээж чуулж эрхийнхээ асуудлуудыг ярина. Бас үүргийнхээ тухай ярина. Тэгэхээр энэ жилийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нэлээд онцлог, өргөн цар хүрээг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдана. Удахгүй албан ёсны хөтөлбөрөө нийтэд танилцуулна.


Categories
мэдээ нийгэм

Гар одтой, улаан бич өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 28, Бархасбадь гариг. Билгийн тооллын 24, Гар одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 7:35 цагт мандан, 18:33 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Улс доторх улс нурав” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт ““Улс доторх улс” нурав” хэмээн өгүүлжээ.

Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл – Ардчилалд хүрсэн зам – бодит түүх – (1990/01/22-29-ний өдрийн тэмдэглэл)-ийг “Улс төр” нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 126 сая ам.долларын өрийг 40-50 сая ам.доллар хүртэл буулгаж төлөх боломж байгаа гэж “Улс төр” нүүрт ярилаа.

“Энэ оныг “Монгол, Америкийн Залуучуудын жил” болголоо” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: Хотын захирагчийн ажлыг илүү үр дүнтэй явуулах үүднээс бүтэц зохион байгуулалтын шинэчлэлийг хийнэ гэж “Улс төр” нүүрт ярилаа.

“Цагдан хорих ангид гавьяат хуульч амиа алдсанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариуцлага хүлээж огцрох ёстой” хэмээн хуульчид мэдэгдлээ хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

СТАР.Дэлгэрмаа “Гурван маа” илүү гоё зүйлүүд хийхийг хүсч, сэтгэж, ёстой л асч байгаа хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярилаа.

Д.Трамп: “Ким Жөн Ун агуу удирдагч” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Гэрэлчулуун: Улсын их дэлгүүр ашиггүй ажиллах үндэс байхгүй хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьсан байна.

“Соёл урлаг” нүүрт Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуу: Манай театр нийгэм рүү толио тусгаж, “Бүсгүйн зурвас”-ыг дугтуйлж илгээлээ хэмээн ярьжээ.

“Ингэн шилрээ” хэмээн “Хаврын таталбар” нүүрт өгүүлжээ.

“Цаг үе, үйл явдал” нүүрт Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн , цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат: Тээврийн хэрэгслийг зориулалтын бусаар тоноглох нь хориотой хэмээн ярьжээ.

Д.Сүхбаатарын нэрэмжит нийслэлийн Хоёрдугаар дунд сургуулийн багш Р.Оюунгэрэл: Зургаан настнуудын сонирхлыг татахуйц хэрэглэгдэхүүн ашиглах, тоглоом тоглонгоо сургах аргыг хэрэглэдэг хэмээн “Багш” нүүрт ярилаа.

“Гарц” хэмээн “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ