Categories
мэдээ нийгэм

Албаны машинаар ачаа тээвэрлэж байгааг зогсоох үүрэг өгөв

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд төрийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг ашиглан Замын-Үүд-Эрээний боомтоор дараалалгүйгээр зорчигч, ачаа тээвэрлэж хууль бус ашиг, орлого олж байгааг таслан зогсоохыг Авлигатай тэмцэх газраас үүрэг болгов. Төрийн албан хаагч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг хилээр шууд нэвтрүүлж давуу байдал олгож байгаа нь улсын хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх эрсдэлээс гадна авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна. Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Тухайн хилийн боомтод хилийн хяналтын болон тагнуулын, тээврийн байгууллагын төлөөлөл оролцсон хилийн боомтын зөвлөл ажиллах бөгөөд хилийн боомтын зөвлөлийн дарга нь хилийн төлөөлөгч байна”, 29.8-д “Энэ хуулийн 29.4.5-д заасан нийтлэг журамд нийцүүлэн хилийн боомт тус бүрд мөрдөх журмыг тухайн хилийн боомтын зөвлөлийн дарга батална” гэж заасан байдаг. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн боомтоор тус сумын төрийн байгууллагуудын өмчлөлд бүртгэлтэй автомашинаар хилээр зорчигч тээвэрлэж буй үйл ажиллагааг Замын-Үүдийн боомтын зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд таслан зогсоож, хуулийн хугацаанд хариу ирүүлэх үүргийг Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа А.Энхтөрд өглөө.

Categories
мэдээ нийгэм

НМХГ: “KFC”-н бусад салбарыг шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хаана

Image result for kfc зайсан

“Зайсан KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хордлого авсан явдал энэ сарын 8-нд гарч, 247 хүн ямар нэгэн байдлаар хордлого авснаас 42 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Уг хэргийн шалтгааныг нь тодруулахаар өнгөрсөн хугацаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн ажилласан бөгөөд энэ талаар өнөөдөр /2019.02.18/ мэдээлэл хийлээ.

Ес хоногийн хугацаанд ажиллаж, 94 төрлийн сорьцыг төв лабораторын шинжилгээнд оруулж, шинжилсэн байна. Шинжилгээгээр уснаас халуунд тэсвэртэй гэдэсний нян илэрч ундаа нь шаардлага хангаагүй. Тус салбарын гал тогоонд ажиллаж байсан хоёр хүнээс шигел гэх нян илэрсэн бөгөөд энэ төрлийн нянгийн халдвар авснаа мэдээгүй байснаас хоол хүнсээр дамжин халдварладаг аж. Тус салбарын ажилтнуудаас шигелийн төрлийн нянгаар хэд, хэдэн хүн халдварласан байгаа. Иймээс хэзээ энэ нянгаар халдварлав гэдгийг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж буй аж. Тухайн салбар 28 ажилтантай, хоолны дамжлага дундын хяналт алдагдсан, зургаан сар тутамд эрүүл мэндийн үзлэгт орох ёстой ч энэ горим алдагдсан, шинжилгээ хийлгэсэн ч эмчийн гарын үсэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Шинжилгээ дуусаагүй байгаа гэдгийг тодотголоо. Бусад салбарууд ажиллаж байгаа бөгөөд эдгээр салбарыг шууд хаах боломжгүй, шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хаана. Харин иргэд хордлого авсан энэ хэргийн мөрөөр тухайн салбарт торгуул ногдуулна” гэлээ.

Categories
мэдээ спорт

Сахалин-2019 “Азийн хүүхдүүд” олон улсын өвлийн спортын анхдугаар наадам өндөрлөлөө

ОХУ-ын Сахлин мужын Южно-Сахалинск хотноо “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам хоёрдугаар сарын 08-16-ний өдрүүдэд үргэлжлэн, Ази тивийн 20 улс, ОХУ-ын 8 муж улс, нийт 28 багийн 1,000 гаруй тамирчид спортын 8 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдлөө.

Медалийн жагсаалтыг ОХУ-ын Уралын баг 10 алт, 5 мөнгө, 9 хүрэл, нийт 24 медальтайгаар тэргүүлсэн бол удаах байруудад Москва, Сахалин-1, БНСУ-ын багууд шалгарав.

Хүүхэд багачууд, залуу үеийнхэнд олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах, өвлийн спортыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол зорилготой тус наадамд Монголын баг уулын цана, гүйлтийн цана, биатлон, шорт-трекийн төрлөөр 13 тамирчин оролцов.

“Азийн хүүхдүүд” Олон улсын спортын наадам нь Олон улсын Олимпийн хороо, Азийн Олимпийн зөвлөлийн ивээл дор зохиогддог бөгөөд 2012 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн байна.

Дашрамд дурдахад “Азийн хүүхдүүд” зуны спортын VII наадам 2020 онд Улаанбаатар хотноо зохиогдох бөгөөд наадмын бэлтгэл ажлууд өрнөж буй билээ.

“Азийн хүүхдүүд” зуны спортын наадам нь 1996 оноос эхлэн ОХУ-ын Саха Улсад нийт 6 удаа зохиогдсон бөгөөд, тус наадмуудад Монгол улсаа төлөөлөн нийт 650 гаруй тамирчин оролцож, 193 медаль хүртсэн амжилтаар Азийн орнуудаас 3 дугаар байрт жагсдаг байна.

Categories
мэдээ нийгэм

“KFC” түргэн хоолны газрын бүх салбарыг хаана

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 20808 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3245 нэгж буюу 15.5 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 606 үйлдэл бүртгэгдсэн нь 6 нэгж буюу 0.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна” гэж танилцуулав.

“Манай газарт энэ сарын 11-ний өдөр дуудлага ирж, 12-ний өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байгаа. Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Манайхаас хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан. Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлан эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулаад байна. Шинжилгээний хариу гарсан. Ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн. Мөн тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан. Өнөөдрөөс тус түргэн хоолны газрын бүх салбарыг хаахаар болсон. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явагдах болно” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулан Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж мэдээлэл хийлээ. Тэрбээр зохион байгуулалт болон анхаарах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүх албан тушаалтан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг чиг үүргийнхээ дагуу зохион байгуулж, идэвхтэй оролцох ёстой” гээд “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх ажлыг эрчимжүүлж дуусгах, 2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад нэмэлтээр зохицуулагч ажиллуулах, дугаар хязгаарлалт болон замын хөдөлгөөний хяналтыг чангатгаж ажиллах, Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувагт хамгаалалтын хайс, хашлага, тэмдэг тэмдэглэгээг хийх, бүртгэлжүүлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, тус арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатсан хэрэг гарав

Энэ сарын 16-нд зургаан удаагийн гал түймэр гарсан байна. Тодруулбал, Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн иргэн Э-ийн гэр шатсны улмаас хоёр настай эрэгтэй хүүхэд, долоон настай эмэгтэй хүүхэд нас баржээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Түүнчлэн хаврын улирал болохоор гал түймрийн аюул ихэсдэг талаар онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн салбарын тэргүүний байгууллагаар шалгарлаа

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн нийслэл хотноо “Инээмсэглэл-Эерэг хандлага”уриан дор амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнөөр 2019-2020 онд “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр тогтлоо. Тухайлбал эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх, элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулах, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг бууруулах зэрэг найман зорилт багтаж байна.

Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнг танилцуулж, тэргүүлсэн байгууллагуудыг шагнаж урамшуулсан юм. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад хийсэн үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр Нийслэлийн Эрүүл мэндийн газар “Маш сайн” буюу “А” үнэлэгдэж, эрүүл мэндийн салбарын тэргүүний байгууллагын нэгээр шалгарсан байна.

Мөн энэ өдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон 21 аймгийн эрүүл мэндийн газарт автомашин гардуулж өглөө. Эмнэлгийн тусламж,үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэх ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү ажил нь иргэдэд түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй хүрч үйлчлэхэд чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

М.Содномпилд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж байна

Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч өмгөөлөгчийн шүүх хурал давхцсан гэдэг шалтгаанаар хойшилсон байсан. Тэгвэл өнөөдөр 10.00 цагаас М.Сономпил нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж байна. АТГ-аас шүүгдэгч М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан билээ. Тэрбээр Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудалд нэр холбогдсон байдаг. Тиймээс АТГ-аас прокурорт эрүүгийн хэрэгт татах саналтайгаар шилжүүлснээр хэрэг шүүхэд ийн шилжсэн байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, БНХАУ-ын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан баг уулзлаа

Монгол Улс, БНХАУ-ын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хоёр талын хамтарсан судалгааны багийн хоёрдугаар уулзалт 2019 оны хоёрдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Бээжин хотноо болов.

Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг, БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцааны газрын дэд захирал Лян Хун нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцов.

Уулзалтын үеэр талууд хамтарсан судалгааны ажлын ерөнхий хүрээ, агуулгыг хэлэлцэн тохиролцож, уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурав.

Categories
мэдээ улс-төр

Мюнхений аюулгүй байдлын бага хурал өндөрлөлөө

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ХБНГУ-ын Мюнхен хотноо болж буй 55 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцлоо. Бага хурлын сүүлчийн өдөр Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад харилцааны сайд Мохаммад Зариф, Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалахын сайд Хулуси Акар, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд Сергей Вершинин зэрэг бага хуралд оролцогчид Ойрхи Дорнодын бүс нутгийн нөхцөл байдал, Сири Улс дахь зэвсэгт мөргөлдөөний талаар хэлэлцүүлэг хийв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мөн өдөр ХБНГУ-ын Гадаад харилцааны Дэд сайд Нийлс Аннентэй уулзаж, МАББХ-ын талаар болон Зүүн Азийн бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудал, хоёр улсын харилцааны талаар ярилцав.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд “Агора Стратеги Групп” хувьцаат нийгэмлэгийн төлөөлөгч Пиерре Лэллуш болон гүйцэтгэх захирал Тим Гюртлер нартай уулзаж, Монгол Улстай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

МАББХ-ын тэргүүн, Элчин сайд В.Ишингэр хурлыг хааж хэлсэн үгэндээ оролцогч талууд олон улсын харилцааны түвшинд ярилцаж шийдвэрлэх тулгамдсан нэн амаргүй асуудлууд, нөхцөл байдал үүсээд байгааг хүлээн зөвшөөрч байна. Мөн олон улсын хууль тогтоомжийг эрх мэдэлтнүүдийн үзэмж, сонирхолд нийцүүлэн ашигладаггүй, харин энгийн иргэдийн эрх ашгийн манаанд үйлчлүүлэх чиглэлээр хэрэглэдэг соёлыг нэвтрүүлэхийн чухлыг цохон тэмдэглэв. 56 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хурал 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинжлэх ухааныг онцолсон Ерөнхийлөгчийн уриалга харанхуйд гэрэл гялбаах шиг боллоо

Төрийн өндөрлөгүүд жил бүрийн Цагаан сараар иргэддээ хандаж Сар шинийн мэнд дэвшүүлдэг уламжлалтай. Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гурвын энэ жилийн Цагаан сарын мэндчилгээнээс Төрийн тэргүүний уриалга онцгой содон сонсогдлоо. Ерөнхийлөгчийн “Нийтээр шинжлэх ухааныг баримталж, бүтээлчээр сэтгэж, орчин үеийн дэлхий дахины чиг хандлагаас хоцролгүй суралцаж, ололт бүтээлийг шамдан эзэмшиж, улс орноо хөгжүүлэн бадраацгаая” гэсэн үгийг олон хүн толгой дохин сонссон байх. Зөв хандлага. Олзуурхмаар уриалга. 1990 оноос хойших бүх Ерөнхийлөгчийн амнаас ийм үг гарсан удаагүй. Сэтгүүлч, инженер, геологич гээд зүсэн бүрийн мэргэжлийн төрийн тэргүүний хэн нь ч шинжлэх ухаанч улс л хөгждөг гэсэн утгатай үг унагаж байгаагүй. Үе үеийн төрийн тэргүүнүүд Сар шинийн мэндчилгээндээ мухар сүсэг, ид шид, бурхан шашин л ярьдаг байв. Уул овоо тахиж, Балба, Түвдийг зорьж, тэнгэр рүү нум сум харваж явсан төрийн тэргүүнүүд маань шинжлэх ухаанаа өндийлгөе, хөгжүүлье гэж дуугарсан нь үгүй. Эмэгтэй хүн очвол алиа цагаан өвгөн уурладаг гэж хэлсэн Ерөнхийлөгч Монголын түүхэнд байсан шүү. Ард түмэн удирдагчаа дуурайдаг, дагадаг. Дээдэх хэд нь ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэх маягийн мухар сүсгийн номлол айлдаад суухаар доор байгаа ард түмэн яаж сэхээлэг байхав. Түрийвчээ даллах төдийд мөнгөтэй болдог гэж ухуулдаг эмэгтэйн лекцэнд хэдэн мянгаараа шуугьж очсон хэвээр аж төрж байна. Дээрээ суудлаа олохгүй бол, доороо гүйдлээ олохгүй гэсэн айхавтар үг бий. Саяын Цагаан сараар гэхэд л сошиалд олон шэйр, лайк авсан нь шинийн хоёрны хавирган сарны тухай пост байлаа. Хүсэл биелүүлдэг, мөнгө үржүүлдэг л гэнэ. Сар руу харж хүслээ шивнэх төдийд мөнгөтэй болдог гэж сэтгэдэг ард түмнийг бүтээгээд байгаа улс нь дээр суугаа хэд. Шуудхан хэлэхэд мухар сүсгийн оронд аж төрөөд байна уу даа гэсэн гутранги бодолд эзлүүлэх үе өчнөөн гардаг. Хаана л очно ингэж болохгүй, тэгж болохгүй, ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэсэн мугуйд сүсэглэл хар мянгаараа. Байшин барилга, зам харгуй гээд яривал өнгөн талдаа хөгжөөд яваа мөртлөө цаад мөн чанараараа дундад зууны харанхуй балар цагтаа гацчихсан мэт мэдрэмж ойрхон давтамжтай төрдөг. Ийм балар цагт улсаа шинжлэх ухаанчаар хөгжүүлэх Төрийн тэргүүний уриалга яалт ч үгүй олзуурхам хандлага.

Ер нь бүх юм шинжлэх ухааны ололтоор хөгждөг. Их гүрнүүдийн хөгжлийн нууц ерөөсөө л шинжлэх ухаанд шүтсэнийх. Хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн компьютер, ухаалаг утас, цахилгаан машин, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал тойрсон төсөөлөмгүй хэр нь аль хэдийнэ хаалга тогшоод ороод ирчихсэн блокчейн, крипто валют, хиймэл оюун ухаан бүгд л шинжлэх ухааны өгөөж, үр дүн. Шинжлэх ухааныг хөсөр хаясан, гээсэн, мартсан, үл тоосон ямар ч улс хөгждөггүйн жишээ бөмбөрцгийн түүхэнд өчнөөнөөрөө тоологдоно. Тэдний нэг нь бид. Хөрсөн доороо баялагтай, гуравхан сая хүн амтай, өргөн уудам газар нутагтай хэр нь төмөр зам тавихаасаа айдаг. Төмөр зам тавьчихвал хятадууд танк хөлөглөн орж ирээд эзлээд авчихна гэсэн харанхуй айдастай. Хоёр зууны өмнөх түүх сөхье. Оросын хаант засгийн түшмэд бонд гаргаж төмөр замын аварга бүтээн байгуулалт өрнүүлж байв. Үр дүнд нь Орос дэлхийтэй холбогдож эдийн засгаа тэлж гүрний энд хүрсэн. Хаа байсан хоёр зууны өмнөх явдал гээд бодохоор төмөр замыг хадны мангаа гэж харсан бидний өнөөгийн хандлага Итгэлт баяны хэлдгээр ёстой ичмээр дамшиг.

Танк барьж орж ирээд эзэлнэ гэж айдаг Хятадаа өөр нүдээр харах гээд үзье. Ухаалаг утасны хөгжлөөрөө Apple-ийг айлгаж байна. Цахилгаан машины үйлдвэрлэлээрээ Элон Маскийн амбицаас дутах юм алга. Өнөө жилийн сансар судлалын төлөвлөгөөгөө саяхан танилцууллаа. Илүүрхэж байна аа, сар руу дахин хөлөг хөөргөж, сарнаас дээж авчирна гэнэ. Сансрын шинжлэх ухаан технологийн корпораци (CASC) нь 50 сансрын хөлөг нэмж хөөргөнө гэснийг нь дэлхийн хэвлэлүүд уралдан мэдээлэв. Хятад улс өнгөрсөн жил 550 тэрбум ам.долларыг шинжлэх ухаандаа зарцуулсан байна лээ. ЗХУ задарснаас хойш хойд хөршид шинжлэх ухааны уналт эхэлсэн, олон эрдэмтэн нь гадагшаа гарсан гэх мэт асуудал байсан ч түрүү жилээс шинжлэх ухаандаа анхаараад эхэлчихэж. ОХУ-ын Засгийн газар 2018 онд суурь судалгаанд 170 тэрбум рубль зарцуулжээ. Ам.долларт шилжүүлбэл гурван тэрбум гэсэн аварга тоо гарч байна. Түрүү онтой нь харьцуулбал 25 хувиар өссөн тоо. Путин өнгөрсөн жилийн хавар шинжлэх ухааныг онцгой анхаарна гэж дуугарсан. Хойд хөршийн том эрдэмтэд шинжлэх ухааны салбарт реформ хийхгүй бол төрийн тэргүүнийх нь мэдэгдэл хоосон үгнээс хэтрэхгүй гэцгээж байгаа ч шинжлэх ухаанд зарах мөнгөө өсгөнө гэдэг онцлох учиртай эерэг өөрчлөлт.

Хөгжлөөрөө цойлсон улсууд ДНБ-ийхээ 2.5-4.2 хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулдаг гэсэн статистик бий. Манайтай хүн амынхаа тоогоор нэг их зөрүүгүй Израиль гэхэд л ДНБ-ийхээ 4.2 хувийг буюу 12 тэрбум ам.долларыг шинжлэх ухааныхаа хөгжилд зарцуулдаг. Манай улсын шинжлэх ухаандаа зардаг мөнгө үүний дэргэд өчүүхэн. Өнгөрсөн онд шинжлэх ухаанд хаяглаж төсөвлөсөн мөнгө ДНБ-ий 0.1-хэн хувьтай тэнцэж байна. Зургаан жилийн өмнөхтэй харьцуулбал хувь хэмжээгээрээ хоёр дахин буурсан дүн. Дашрамд дурдахад Монгол Улс сая хүнд ногддог эрдэм шинжилгээний ажилтны тоогоороо Ази тивийн дунджаас гурав дахин бага байдаг юм билээ. Ийм хэр нь төсөв хэмнэхийн тулд хийдэг цомхтголын хамгийн эхэнд шинжлэх ухааны салбарынхнаа онилдог муу жишиг анзаарагддаг. ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл саяхан өгсөн ярилцлагадаа “Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд төрийн албан хаагчдын тоог цөөрүүлнэ гэж зарласан. Энэ бодлогынхоо хүрээнд хамгийн түрүүнд эрдэм шинжилгээний салбарын орон тоог 15 хувиар цөөрүүлсэн. Шинжлэх ухааны байгууллагад ажилладаг 280 ажилтан цомхотголд өртсөн. Гэвч эрдэм шинжилгээний салбарт цомхотгол хийчихсэн мөртлөө бусад салбарт ер цомхотгол хийгээгүй” гэж онцолсон харагдсан. За тэгээд хүрээлэнгүүдийнхээ тоог цөөрүүлсэн энэ тэр гээд яривал төр нь шинжлэх ухаандаа элэггүй хандсан жишээ барагдахгүй. Нэг үеэ бодвол компаниуд шинжлэх ухааны салбар, эрдэмтэдтэй хамтардаг болсон нь бас ч гэж олзуурхууштай хэрэг. Гэхдээ төр засгаас бодлогоор дэмжихгүй адлаад гадуурхаад байхаар манай компаниуд шинжлэх ухаанчаар хөгжих тал дээр хойрго хэвээрээ аж төрж яваа нь бодитой үнэн. Хөгжилтэй улсуудын тухайд хувийн хэвшлийнхний шинжлэх ухаан дахь хөрөнгө оруулалт том тоогоор яригддаг. Урд хөршид гэхэд шинжлэх ухааны технологийн салбарын хөрөнгө оруулалтын гуравны хоёрыг бизнесийн салбар нь хийдэг. Японы Тоёота компани гурван жилийн өмнө шинжлэх ухааны салбарт зургаан тэрбум зарцуулсан тухай мэдээлэл цацагдаж байсан. Манайд ч шинжлэх ухааны хөгжилд мөнгө хаядаг компаниудтай байх бүрэн боломж бий. Төрөөс шинжлэх ухаанд мөнгө зарсан компаниудын оруулсан хөрөнгө оруулалтыг татвараас чөлөөлөх гэх мэт зохицуулалт хийчихэд л болчих асуудал. Энэ мэт зохицуулалттай бол шинжлэх ухааны ололтыг ашиглаж хөгжихгүй гэж хойш суух хэн байхав. Бүгд л шинжлэх ухаанчаар хөгжиж, ашгаа нэмэхийг хүсч таарна.

Тэгэхээр шинжлэх ухаанчаар хөгжих эхний алхмаа хийцгээе. Ядаж л төрийн өндөрлөгүүдээсээ эхлээд шашин, мухар сүсгийн тухай яримааргүй байна. Ийм яриа хандлагыг тас хорьж, зөвхөн шинжлэх ухаанчаар асуудалд хандах цаг аль хэдийнэ ирчихлээ. Хэн нэгний хүчинд найдаж амьдрах дэмий горьдлого төрүүлсэн үг, хандлагаа хамгийн түрүүнд гээх учиртай хэсэг Төрийн ордонд тухалж суугааг дахин онцолъё. Саяхныг хүртэл 99 тэнгэртэй харьцдаг УИХ-ын гишүүдтэй байсан эмгэнэлтэй, хошин, дэлхий гайхахаар ичгэвтэр түүх бидэнд бий. Нуугаад, ичээд ч бултах аргагүй үнэн гэж байдгийн нэг л дээ, тэнгэртэй харьцдаг хууль тогтоогчидтой байсан маань.

ШУА-ийн ерөнхийлөгчийн нэг үгийг онцолмоор байна. Д.Рэгдэл академич “Төр засгийн удирдлагууд, шинжлэх ухаанаа хөгжүүлж байж хөгжинө гэдгийг л ухамсарлах ёстой. Шинжлэх ухаан зөвхөн цаасан дээр байна гэсэн шүүмжлэл сонсогддог. Цаасан дээрх зүйл нь үнэн хэрэгтээ онолын судалгаа шүү дээ. Шүүмжлээд суугаа тэр онолын судалгаа нь дэлхийд тоогддог ганц зүйл маань гэдгийг хэн ч анзаардаггүй. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлд манай судлаачдын бүтээл хэвлэгдэж байна. Монголын эрдэмтдийн судалгаа дэлхийн шинжлэх ухаанаас хоцроогүйн хамгийн тод илрэл нь энэ” гэж ярьсан байна лээ. Тэгэхээр төрөөс дэмжээд өгвөл цэнхэр гаригийн судлаачдынхаас дутахааргүй хэмжээнд хүрсэн эрдэмтдийнхээ бүтээлийг хөгжиж дэвжихдээ ашиглах бүрэн боломжтой гэсэн үг.

Төр нь шинжлэх ухаанаа дэмжсэн, тэтгэсэн улс орнуудын хөгжил дэлхийгээс халиад сансар огторгуй хэсч явахад бид дундад зууны харанхуй үе шиг цор ганцаараа ажин түжин оргиод сууж таарахгүй. Дахиад хэлье, харанхуйгаас гарч, хөгжиж дэвжих цорын ганц зам бол аливаад шинжлэх ухаанчаар хандах.

Төрийн тэргүүний уриалгад олзуурхаад байгаагийн цаад шалтгаан ерөөсөө л энэ. Шинийн хоёрны сарнаас мөнгө гуйж, түрийвчээ даллах төдийхөнд хөрөнгөжинө гэж итгэж, болохгүй бүтэхгүй асуудал бүхнээ бөө, ламаас асуудаг эрт балраараа аж төрж яваа өнөө цагт шинжлэх ухаанчаар хөгжье гэсэн Ерөнхийлөгчийн уриалга харанхуйд гэрэлд гялбаах шиг боллоо.