Categories
мэдээ нийгэм

Эрэлч нохой бэлтгэх сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-19” сургалт өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад эхэллээ. Сургалтад НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл аймгийн 15 алба хаагч хамрагдаж, 15 албаны нохойг батлагдсан хөтөлбөрийн дагуу эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчид нохой хөтлөгчөөр суралцаж бэлтгэгдэх юм. “АНС-19” сургалт өнөөдрөөс эхлэн зургаан сарын турш үргэлжлэх юм.

Categories
мэдээ улс-төр

С.Мөнхчулуун: Би дахин нэрээ дэвшүүлнэ

Нийслэлийн засаг даргад өөрийгөө нэр дэвшүүлэн ялсан ч Ерөнхий сайд батламжаагүй шалтгааныг С.Мөнхчулуунаас тодрууллаа.

-Ерөнхий сайд таныг Хотын даргаар батламжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Батламжлаагүй шалгааныг юу гэж харж байна?

-Ерөнхий сайдын мэдэгдлийг хоёрдугаар сарын 15-ны өдөр 17:37 цагт ИТХ-ын дарга Батбямба утсаар мэдэгдсэн. Одоогийн байдлаар мэдэгдлийг гар дээрээ авч хараагүй байна. Татгалзсан шалтгаан үндэслэлийг бичиг дээр тодорхой бичээгүй учир миний хувьд тийм үндэслэл шалтгаанаар татгалзлаа гэсэн зүйл алга.

-Та дахиж нэрээ дэвшүүлэх үү?

-15-ны өдрөөс хойшхи 2-3 өдөр иргэд сонгогчид маань над руу хүсэлтүүд их ирүүлж байна. Мөн НИТХ-ын 24 төлөөлөгч намайг дэмжсэн. Үүнийг би нийслэлийн нийт иргэдийн 57 хувийн төлөөлөл гэж харж байгаа. Тиймээс энэ хүмүүсийн дэмжсэн саналыг хүндэтгэх ёстой. Би дахин нэр дэвшинэ гэж бодож байна.

-Таныг дахин нэр дэвшвэл намаас хөөнө гэсэн асуудал яригдаад байгаа. Үүнийгээ танхимаас өөрийн нэрийг дэвшүүлэн намын бодлогын эсрэг ажиллаж байна гэж тайлбарлаад байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна?

-Ер нь бол тийм асуудлууд сонсогдож байгаа. Гэхдээ би сайн хэлж мэдэхгүй байна. Хяналтын хорооны дарга өмнө нь хэвлэл мэдээлэл сайтаар тийм ярилцлага өгсөн байсныг харсан. НИТХ-ын гишүүн гэдэг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд байгаа хүмүүс. Нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Засаг даргаа сонгоод, мөрийн хөтөлбөрөө батлаад явдаг. НИТХ-ын төлөөлөгч өөрийгөө буюу бусдыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх бүрэн эрхтэй. Хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд би нэр дэвшсэн. Одоо ч гэсэн нэр дэвшихээ илэрхийлж байна. Сая надтай өрсөлдсөн НИТХ-ын дарга Амарсайхан маань өөрөө ИТХ-д нэр дэвшихдээ мөн л танхимаас өөрийн нэрийг дэвшүүлсэн. Намын бодлогын эсрэг, намын удирлагын эсрэг өөрөө бие дааж дэвшсэн хүн дараагийн удаагийнхд бодлого болоод юмуу удирдах зөвлөлийн шийдвэрт орж ирсэнд бол бид таатай хандаагүй. Тиймээс нэгийг нь дараагийн удаад дэвшүүлдэг. Нөгөөг нь хасдаг тийм зүйл байхгүй байх гэж харж байна.

-Хэрвээ хасахаар бол та хоёрыг хоёуланг нь хасах ёстой юм байна. Тийм үү?

-Түүнийг шийдвэр гаргах хүмүүснь л мэдэж байгаа байх.

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэгийн эрт үеийн илрүүлэгт 8000 иргэн хамрагдана

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний Нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний Нийгэмлэгийн ТУЗ-ийн гишүүн Чой Жун Хён, Төвийн дарга Жан Син Жүн, Хэлтсийн дарга Ким Кан Хи болон тус нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ким Жүн Хён болон албаны бусад хүмүүс оролцов. Тодруулбал, Баянзүрх дүүрэг, БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний Нийгэмлэг хамтран дүүргийн хэмжээнд сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлэх төслийг 2017 оноос эхлүүлсэн. Иймдтус уулзалтаар төслийн үйл явцын талаар, түүнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцууд болон төслийн үр дүнгийн талаар санал солилцсон юм.

Өнгөрсөн хугацаанд төслийн явуулын үзлэг дүүргийн хэмжээнд нийт 15.548 хүнийг сүрьеэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулснаас халдвартай сүрьеэгийн 116 тохиолдлыг оношлон эмчилгээний хяналтад оруулжээ. Түүнчлэн энэ онд сүрьеэгийн эрт үеийн илрүүлэгт 8000 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна

Categories
мэдээ улс-төр

Арван компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаад байна

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 10 компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхээр зарлаад байна. Тодруулбал, энэ долоо хоногт “Их барилга” компанийн ээлжит хурал болно. Тэгвэл “Гермес центр”, “Эрдэнэт суварга”, “ЛэндМН”, “Завхан баялаг”, “Баянтээг” компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа ирэх гуравдугаар сард хийхээ Хөрөнгийн биржид мэдээлээд байна. Харин дөрөвдүгээр сарын эхээр “Монинжбар”, “Хүрд”, “Баян-Алдар”, “Хөвсгөл усан зам” компанийн үнэт цаас эзэмшигчид хуралдах товтой байна. Хөрөнгийн зах зээлд IPO хийж хувьцаа болон бонд гаргасан компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор буюу буюу дөрөвдүгээр сарын 30-наас өмнө зарлан хуралдуулах үүрэгтэй. Мөн энэ хоёрдугаар сарын 19-ний дотор ногдол ашгийн шийдвэрээ танилцуулах ёстойг СЗХ мэдээлж байна. Одоогоор “Говь”, “Хөвсгөл алтан дуулга”, “Баянтээг” зэрэг компаниуд ногдол ашиг тараах шийдвэрээ олон нийтэд ил болгосон. Энэ онд Хөрөнгийн бирж, СЗХ хувьцаат компаниудын засаглалыг сайжруулахад анхаарч, энэ хүрээнд компаниудыг хуулийн хугацаандаа хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаж, санхүү болон үйл ажиллагааны тайлангаа ил тод байлгахыг шаардаж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Ц.Цэвэрбал:Монголд дахиж сагсан бөмбөгийн хоёр холбоо гэж байхгүй

Монголын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны удирдлага, хууль ёсоор Монголын сагсан бөмбөгийн холбоо, Үндэсний сагсан бөмбөгийн холбоод болон бусад холбоод нэгдэж нэг болсон гэдгээ илэрхийлж хэвлэлийн бага хурал хийв.

Хуралд Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал,МСБХ-ны нарийн бичгийн дарга С.Тулга, МСБХ-ныахмадын удирдах зөвлөлийн гишүүн П.Самбилноров, Р.Цэвэгмэд нар оролцожтайлбар өгсөн юм.

Ерөнхийлөгч Ц.Цэвэрбал: Монголд дахиж сагсан бөмбөгийн хоёр холбоо гэж байхгүй, ганцхан Монголын сагсан бөмбөгийн холбоол гэж байгаа гэв.

Тэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БСШУЯ-ны харьяа Биеийн тамир, Спортын газрын дарга Ц.Шаравжамц нь албан тушаал, эрх мэдлээ буруугаар ашиглан Б.Тамир, О.Баярцогт зэрэг найзууддаа МСБХ-нд олгож буй санхүүжилт нэрийн дор санхүүжилт олгон завшиж хуулийг ноцтой зөрчсөн гэлээ.

Тэд “МСБХ-ны нэрийг ашиглан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж буй этгээдүүд нь өмнө “Olympic Solidarity” төслийн 80 мянган доллар, Онцгой албан татварын сангаас 20 мянган доллар, БТСГ-аас шигшээ багийн бэлтгэл нэрийн дор 20 сая төгрөг зэрэг нийт 300 орчим сая төгрөгийг завшиж, ул мөрөө баллахын тулд тэмцээн зохион байгуулж буй дүр үзүүлж тамирчдыг ашиглаж, сагсан бөмбөгийг хоёр хэсэг болгосон” гэв.

Мөн гэж нийт 33 холбоо байдаг ба эдгээр бүх холбоо Монголын сагсан бөмбөмгийн холбоогоор уламжлуулж гадаад дотоодод тэмцээн уралдаан явуулах эрхтэй болдог аж. Харин ерөнхийлөгчөөр Ц.Цэвэрбал гэх ганцхан хүн улсын бүртгэлийн санд бүртгэлтэй байдаг байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУЯ-ны Сайд Ё.Баатарбилэг нарыг Монгол Улсын хуулийг мөрдөн ажиллаж, албан ёсны МСБХ-ныудирдлага Ц.Цэвэрбал, Д.Дамба нартай хамтран ажиллахыг өөрийн харьяа байгууллага БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нарт даалгаж, мөн хариуцлага тооцохыг шаардаж байгаа аж.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус түр хороо өнгөрсөн хугацаанд “Мэдээллийн аюулгүй байдал, түүнд дүн шинжилгээ хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай боловсруулах үүрэг бүхий”, “Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх төрийн нэгдсэн бодлогыг боловсруулах үүрэг бүхий” болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн цахим шилжилттэй холбоотой 4 ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар Н.Учрал гишүүн мэдээллийн эхэнд танилцууллаа. Мөн нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн байгууллагатай хамтран судалгаа хийж, Хүүхдийн хүмүүжил, эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлөхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төслийг Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэв. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдээлэл танилцууллаа. Монгол Улсын төрийн мэдээллийн сервер, төрийн мэдээллийн сайтууд халдлагад өртсөн талаарх мэдээлэл 2017 онд гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн. Цахим бодлогын түр хороо байгуулагдсан даруйдаа дээрх мэдээллийн талаар холбогдох газруудаас лавласан байна. Тагнуулын ерөнхий газраас уг лавлагааны хариуг ирүүлээгүй бол Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тайлан ирүүлжээ. Тус тайланд Бүгд Найрамдах Казахстан Улсад байрлах, “Kaspersky Lab” компанийн Зүүн Ази болон Монгол Улсыг хариуцсан захирлаас 2017 оны гуравдугаар сард Монгол Улсын төрийн мэдээллийн сан халдлагад өртсөн талаарх мэдээллийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ирүүлсэн талаар дурджээ. Энэ талаарх мэдээллийг “Kaspersky Lab” компаниас авахад тодорхой хэмжээний төлбөр төлөх шаардлага үүссэн ба санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдэг хариуг манай талаас хүргүүлсэн аж. Үүнээс гурван сарын дараа securelist.com, cyberscoop.com, pressreader.com сайтууд “Монголын төрийн мэдээллийн систем халдлагад өртжээ” гэдэг мэдээллийголон улсад түгээсэн байна. 2014 оны цахим аюулгүй байдлын индекст Монгол Улс 14 дүгээрт бичигдэж байсан бол дээрх мэдээлэл цацагдсан даруйд 103 дугаарт бичигдэх болсон байна. Энэ мэдээлэл нь гадаадын хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж гээд эдийн засаг, санхүүгийн болон бусад салбарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг Н.Учрал гишүүн дурдав.

Манай улсын мэдээллийн аюулгүй байдал ноцтой түвшинд байгаа талаар тэрбээр хэлээд 3.2 сая иргэний мэдээллийг төр хадгалж, хамгаалах бололцоо бүрдүүлээгүй тохиолдолд төрийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх нь өндөр эрсдэлтэй хэмээн үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.

Улсын бүртгэлийн тухай хуульд Монгол Улсын үндэсний цахим мэдээллийн хадгалалт, хамгаалалт, боловсруулалтын үйлчилгээ эрхлэх үндсэн үүрэг бүхий улсын төсөвт үйлдвэрийн газар буюу Үндэсний дата төвийн үйл ажиллагааг хуульчилсан. Үндэсний дата төв нь төрийн 1000 гаруй байгууллага, Монгол Улсын иргэн бүрийн мэдээллийг төвлөрүүлэн хадгалж байгаа мэдээллийн сан хэдий ч төсөвт жилдээ 240 сая төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй улсын төсөвт үйлдвэрийн газар. Тус төв нь дээрх хэмжээний төсвийн орлогоо бүрдүүлэх зорилгоор төлбөр төлсөн хувийн байгууллагуудын мэдээллийг хадгалах, серверийг байршуулах үйлчилгээг үзүүлдэг. Төрийн ордонд хүссэн хэн бүхэн төлбөрөө төлөөд өрөө түрээслэхтэй утга нэг энэ хэлбэрээр мэдээллийн сангийн үйл ажиллагаа үргэлжилвэл төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем хэрэгжих боломжгүй хэмээн үзэж буйгаа тэрбээр хэллээ.

Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээгүй, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем хэрэгжилтийг зогсоох шаардлагыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлын даргад Цахим бодлогын түр хорооноос хүргүүлнэ гэв. Төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд төрийн 27 байгууллагын мэдээлэл, 3.2 сая иргэний хувийн мэдээллийг нэгтгэн, төрийн бүх байгууллага хурууны хээ уншигч төхөөрөмжөөр дамжуулан иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлнэ хэмээн төлөвлөсөн хэдий ч татварын байгууллагаас бусад байгууллага энэ төхөөрөмжийг нэвтрүүлээгүй. Гэтэл арилжааны банкууд хурууны хээ уншигч төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, иргэний бүх мэдээллийг нээлттэй ашиглах нөхцөл бүрдсэн. Нөгөөтэйгүүр хувь хүний дахин давтагдахгүй биеийн өгөгдлийг иймэрхүү байдлаар хаа хамаагүй бүртгүүлэн, мэдээллийн сан үүсгэх нь өндөр эрсдэл дагуулдаг гэдгийг Цахим бодлогын түр хорооны дарга тэмдэглэж байв.

Төр иргэний мэдээллийг бүрэн хариуцаж, хамгаалж чадахгүй тохиолдолд мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаагаа тэрбээр хэллээ. Төрийн мэдээллийн сайтууд, төрийн цахим хаяг, цахим шуудан халдлагад өртсөн эсэх асуудал нь тодорхой албан тушаалтнуудын хариуцлагын асуудал мэтээр хандаж болохгүй хэмээн тэрбээр онцлоод “Цахим бодлогын түр хороо үүнд онцгой анхаарал хандуулж, чухал ач холбогдолтой хэмээн үзэж ажиллах болно” гэлээ.

Мэдээллийн аюулгүй байдлын үзүүлэлтээр Монгол Улс өнөөдөр 103 дугаарт, 100 орныг хамруулсан “Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлэн эсэх” судалгаанд 99 дүгээр эрэмбэлэгдэж байгаа талаар Н.Учрал гишүүн мэдээлээд “Мэдээлэл, системийн аюулгүй байдал гэдэг маш чухал асуудлыг үл ойшоон хойш тавьчихаад нэгдсэн сан үүсгэн, төрийн үйлчилгээг иргэддээ шуурхай хүргэж байна гэх нь өндөр эрсдэл дагуулж байна. “Хур” системийг яаралтай зогсоож, мэдээллийн аюулгүй байдалд дүн шинжилгээ хийж, бид бэлэн эсэхдээ хяналт тавих ёстой” гэсэн.

Иймд Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооноос улсын мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөлд дүн шинжилгээ хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах саналыг Улсын Их Хурлын даргад, дээрх чиглэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хамтран ажиллах саналыг тус тус хүргүүлэх юм байна.


Монгол Улс өнгөрсөн 29 жилийн хугацаанд төсвийн болон гаднын зээл, тусламжийн нийт 230 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг программ хангамжид зарцуулсан байдаг талаарх мэдээллийг Цахим бодлогын түр хорооны дарга сэтгүүлчдэд танилцуулсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэ хөрөнгө оруулалтын зарцуулалт, үр дүнд хяналт тавих ажлын хэсгийг байгуулах шаардлагатай гэдгийг тэрбээр хэлээд “Монгол Улс цахим шилжилт хийхэд бэлэн эсэх, мэдээллийг аюулгүй байдлын нөхцөлийн талаарх бодит мэдээллийг Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хороонд танилцуулах хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ” гэлээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Улсын Их Хурлын 2018 оны 38 дугаар тогтоолоор Цахим бодлогын түр хороог байгуулахаар шийдвэрлэсэн. Төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, цахим бодлогын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хороог Улсын Их Хурлын 26 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2018 оны тавдугаар сард байгуулсан юм

Categories
мэдээ нийгэм

Менингококктын вакциныг ХСҮТ 08:30-14:00 цагийн хооронд хийнэ

“Халдвар Судлалын Үндэсний Төв” Менингококктын вакциныг 08:30- 14:00 цагийн хооронд хийж байна. Вакцин хийхдээ Өрхийн эмнэлэгт үзүүлсэн байх шаардлагатай гэв.Харин Сонгдо, Интермед, Гурван гал гэх эмнэлэгүүд менингококктын вакциныг хийхгүй байгаа гэв. Менингококктын вакцинд бага насны хүүхдүүд хамрагдаж байна.

П. САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Барилга хот байгуулалтын сайд ШУТИС-тай хамтарч ажиллана гэв

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х. Баделхан ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр ШУТИС-ийн багш ажилчид сургуулийн талаар товч танилцуулга хийж, Барилга хот байгуулалтын сайдтай санал бодлоо хуваалцсан юм. Сайд хэлэхдээ “Би энэ сургуулийг төгссөн. Сурсан сургуулиа хүн мартдаггүй шүү дээ. Бид сургуулиа үргэлж анхаарч явдаг. Өнөөдөр ч гэсэн би та нөхөдтэй уулзаад ЗГ-ын гишүүн Барилга хот байгуулалтын сайдын хувьд цаашдаа хамтран ажиллах боломжийн талаар санаа бодлыг сонсохоор ирлээ” хэмээн хэлэв. Тэрбээр ЗГ-ын хүрээнд хийж, хэрэгжиж буй ажлуудыг таницуулж, ШУТИС-тай харилцаа холбоогоо цаашид хэрхэн өргөжүүлэх талаар ярилаа. Тодруулбал, “Төрийн бодлогод 2029 он гэхэд барилгын салбарын хэрэглэдэг материалын 90 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн зорилт дэвшүүлсэн байгаа. Өнөөдөр хэрэгцээт материалын 60 орчим хувийг дотооддоо хангаж байна. Энэ оноос эхлэн “Барилгын хөгжлийн төв”-ийн дэргэд “Барилгын салбарын судалгаа, зураг төслийнхэлтэс” байгуулаад байна. Үүнд ШУТИС хамтарч ажиллаж болно. Мөн“Барилгын төв лаборатори”өмнө нь орлогоороо санхүүждэг байсан. Энэ оноос улсын төсвөөс санхүүжүүлдэг болгож өөрчилсөн. Тус лаборатортой ч мөн хамтарч ажиллах хэрэгтэй. Лабораторид тоног төхөөрөмж байлаа ч мэргэжилтэн дутаж байгаа. Тиймээс ШУТИС-ийн барилга архитектурын сургуультай энэ лаборатори цаашдаа хамтарч ажиллах ёстой гэдгийг би хэлмээр байна” гэв. Барилгын салбарт нийтдээ 100 орчим мянган хүн ажилладаг. 6000 мянга орчим аж ахуй нэгж компаниудтай аж.

П. САЙНЖАРГАЛ

Categories
xурдан-морь мэдээ нийтлэл

Жороо морины түүхэн товчоо


ЖОРОО МОРИНЫ ТҮҮХЭН ТОВЧООН


Ховд аймгийн Булган сумын хил залгаа Хар-Шаар буюу Карашар нутаг болох БНХАУ-ын Шинжан уйгарын өөртөө засах орны Хотаны хөндийгөөс МЭ VII-VIII зууны үеийн бүтээл болох монгол галбир бүхий жороолж буй цоохор морьтой, доод талд нь тэшиж буй тэмээтэй тахилгын ханын зураг олдсон. Уг бүтээлийг жороо морины дүрслэл бүхий эртний бүтээлүүдийн нэг гэж болох юм. Харин өнөө хэр нь Ховд аймгийн Булган сум болон Шинжан Уйгур нь жороо морьдоороо алдартай байсаар байна.

1271 онд Хятад газар эзэн суусан Монголын хаад Вьетнамын вант улсыг эзэлсний дараа тусгай элчийг Бирм-д /одоогийн Мьянмар/ илгээж, тус орныг их хааны эзэмшилд нэгдэхийг шаардсан гэдэг. Гэвч Бирмийн ван Паратахапате биелүүлэхээс татгалзахаар барахгүй Монголын Их хааны элчийг цаазалсан байна. Харин 1277 онд Юнаны /одоогийн Хятадын Юун Нань муж/ амбан 700 морьт цэргийн хамтаар Бирм-д халдан довтлов. Бирмүүд тэдний өөдөөс хэдэн арав дахин хүч давуу 40-50 мянган явган цэрэг, 10 мянган морьт цэрэг, 800 гаруй байлдааны заан хөлөглөв. Монголчуудын морьд нүсэр том заанд үл ойртож чадах аж. Иймд Монголчууд маш гавшгайлан зайлж холоос харвах бөгөөд дайсны сум үл хүрэх газар Монголчуудын сум тэдний хуяг дуулгыг нэвт харвах билээ. Холын энэ харваа нь зааныг онох нь ашигтай болж шархадсан заанууд хүний өөрийн гэлтгүй дайралдсан бүхнээ хаман дайрч байв.

Монголчуудын морьд хурд нь үл цуцах цэргийн байлдах чадвар маневр сайн, зугтаж явахдаа эргэн харвах нь маш оновчтой, алдаж харвах нь үгүй. Монголчууд дайсныхаа зааны ийм тусламжтайгаар хүч тэнцвэргүй дайнд ялж, Хуту жанжин шархадсан учраас гурав дахь өдрөө гэдрэгээ эргэжээ. Тэр жилээ Монголчууд Бирмд дахин 3840 цэрэгтэй очиж хэд хэдэн цайзыг эзлээд халуунд тэсэлгүй ахин Хятад уруу эргэж ирсэн байна.

Бирмчүүд ихэс дээдэс нь тухлан унадаг, явдал зөөлөн /заан жороо гишгэдэлтэй учир явдал зөөлөн байдаг/ бодь амьтан болох заанаа дайнд ашигласан хэдий ч ялагдал хүлээсэн. Харин нүүдэлчид Ихэс дээдэс жанжиддаа жороо явдалт морийг нь эмээллэж өгсөн нь учиртай юм. Чухам жороо морийг ямар онцгой тохиолдолд унаж байсан тухай түүхэн мэдээ сурвалж, сонирхолтой баримтаас цаашид өгүүлэх болно.

Жороо морины гүйдэл дээрээс сум тавьж байсан мэргэн харваачийн унааг өнөөгийн Монголчууд Үндэсний жороо морин спорт хэмээн дэлхийн “Оюуны өмч”-д бүртгүүллээ.

1. Хэнтий ханы Хөдөө арал дахь Их Монголын хааны ордыг чиглэн дөрвөн зүг, найман зовхисоос үхэр тэрэгтэй гэр орд, тэмээн хөсөг цувж талын язгууртнууд яарсан хэдий ч баяр ёслолын байдалтайгаар урьдаар товлосон горимын дагуу маш цэгцтэй хүрээлэн буух ажээ. Тэд зарлиг ёсоор Их Хуралдайд цуглаж буй нь энэ билээ.

Зарим эрдэмтэд Их Хуралдайг өнөөгийн парламентийн өвөг төрх гэж тодорхойлжээ. Хуралдайгаар шинэ хааныг өргөмжлөн залах, дайн тулалдааны асуудал зэрэг төр улсын хэмжээний томоохон хэргийг зөвлөддөг байжээ. Хэн ч атугай Хуралдайг алгасан хаан болох хууль зүйн болон зан суртахууны үндэслэл байхгүй байсанд Хуралдайн ач холбогдол орших аж.

Ийм Монгол маягийн парламентийн түшмэдийн унаа болох жороо морьдын тоо тэр цагт 1000 хүрч байсныг Чанчунбумба зүгээр нэг тэмдэглэсэнгүй. Эрхэмсэг энэ хүлгийг гол төлөв Хуралдайд оролцох эрхтэй хаад, түшмэд, жанжид унаж байсанд утга нь оршино /академич Ч.Далай хувийн тэмдэглэлээс/.

2. Монголчууд морины хурд, нумын тэлэлтээр бүгдийг шийдэж байсангүй. Тайван замаар дагуулан авах нь Монголчуудад чухал зорилт байлаа. Жанжин байх, цэрэг байхаасаа юугаараа хэцүү билээ. Цэрэг бол дайснаа алж чадна, олзолж ч болно. Харин жанжин бол ямагт өршөөгч байх ёстой. Чингисийн жанжид үүнийг л баримтлах билээ. 1215 онд Алтан улсын умард нийслэлийг эзлэхийн төлөө тулалдаанд Хятадын цэрэг ялагдаж, хот руугаа зугтан ороод, таг түгжин суухад Мухулай жанжин хотыг удаан хугацаагаар бүслэн хааж, ятган ухуулж зөөлнөөр буулган авах арга хэрэглэжээ.

Хот хүнсгүй болж цэргийн жанжнууд нь хоорондоо уймж, бие биенээ алж, цэргүүд нь байлдах сэтгэлгүй болж сүүлдээ эсэргүүцэлгүйгээр хотоо найр тавин өгч Монголд дагаар оржээ. Мухулайгийн ятган буулгах энэхүү дагууллаас гадна Чингис хааны үед Зэв, Сүбэдэй нар дундаж Азийг зэвсэг хөдөлгөхгүйгээр, Хувилай хааны үед Баян, Ачу, Алчихай нар Дорнод Хятадад хүн ам, хот балгадыг нь үй түмээр нь дагаар оруулж явсан нь дэлхийн түүхэнд ижилгүй үзэгдэл хэмээгджээ. Үүнээс үзэхэд дагаар орох нөхцөл бүрдэхэд тэд догшин омоглон морьдоороо тэр чигээр нь гишгэлэн ороогүй нь илхэн. Тэд бас хөл алдан үймээн самуун бүр үзэхгүй харин ямар ч цагт хэзээ ч болзошгүй аюулаас сэрэмжлэн хамгаалах түрүүч цэргээ оньслон байршуулж хаад жанжид нь сүлд тугаа мандуулан хур дэлтэй жороо морио унаж, жагсан орсон тухай “тэд нэн сүртэй бөгөөд урт дэлтэй морьд нь хүртэл жигд алхдаг” зэргээр түүхэнд тэмдэглэгджээ. Хятадын ханз бичигт “жороо морь”-ийг “зоү ма” буюу алхдаг морь гэж бичдэг бөгөөд энэ нь орчуулбал хүний “явах” хөдөлгөөнийг илэрхийлнэ.

3. Хувилай хаан тэргүүтэй Монгол ноёд жанжид нар далайн зам дамжлага цэргийн хувьд өнөөгийн үзэсгэлэнт Чэ-жү арлыг юуны өмнө сонгон авч Япон руу довтлох газрын түшиц газар болгон ашиглаж байлаа. Чэ-жү арал нэгэнт Монгол цэргийн түшиц болсон онцгой район байсан болохоор тэнд цэргийнхэн, тэдний гэр бүл, хамаатан садан гэх мэт цөөнгүй Монголчууд суурьшин амьдарч байжээ. Корёгийн түүхэнд тэмдэглэснээр Самбёлчо хэмээх салан тусгаарлагчдыг 1373 онд бут цохиход оролцсон Монгол цэргүүдээс 500-г нь Чэ-жү аралд Корёгийн вангийн хүсэлтээр үлдээсэн байна.

Тэд Япон руу хийсэн довтолгоонд оролцсон бөгөөд довтолгооноос буцаж ирсэн цэргүүдийн 1400-г Чэ-жүд үлдээж ер нь нийт 2000-аад цэрэг үлдсэн гэсэн тоо байдаг байна. Үүнээс гадна Юан гүрэн мөхөх үед Мин улс Юаны хаад ноёдын удмын 80 гаруй өрхийг 1374 онд уг аралд цөлжээ. Нэг өрхийг бараа бологсодтой нь 4-5 хүн гэж тооцоход 320-500 орчим хүн болохоос гадна Юаны үед ордон сүм бариулах, агт хариулах хүмүүсийг аваачиж байсныг нэмж болно. Чэ-жү аралд цэргийн агтны зориулалтаар монгол адуу хариулах, өсгөн үржүүлэх ажил эрхэлж байсан монголтой шууд холбоотой, эдүгээ зөвхөн Чэ-жү аралд байгаа жижиг биетэй адуу бол тэр үеийн монгол адууны удам мөн болохыг судлаачид нэгэнтээ нотолсон байна. Гэтэл Солонгосын бусад нутагт тийм адуу байдаггүй байна. Анх 1276 онд 260 адуу аваачсанаас хойш хэдэн жил болоод дахин адуу, мөн хонь, үхэр, ямаа аваачиж мал аж ахуй эрхэлжээ. Нэгэнт Монголчууд удаан хугацаагаар суурьшиж байсан болохоор хэлний хамаарлын асуудал бас холбогдох нь тодорхой.

XIII-XIY үед Монгол хэлнээс Солонгос хэлэнд орсон үгсийн нилээд нь Чэж ү арлынхны хэлэнд байна. Ялангуяа адууны өнгө зүс, адууг уналга тээвэрт хэрэглэхтэй холбогдсон эд хэрэглэлийн холбогдолтой үгс цөөнгүй байгааг эрдэмтэд тайлбарлажээ. Чэ-жү аралд Монголоос очсон адуу сүргээрээ жороо биш юмаа гэхэд эдгээр адууны дээд сор нь жороо морь байсан нь лавтай. Чэжү арлынхан одоо болтол цөөн тооны адуу маллаж байх бөгөөд жороо морийг мартаагүйгээр барахгүй, тэдгээр адуугаа “Jora mari” гэж эртний Монгол аялгаар нь тун эвлэгхэн нэрлэж заншжээ.

XIII зуунд Че-Жү аралд аваачсан Монгол адууны удам “Жора мари”

4. “Богдын жороо” гэдэг хүн Богд Живзундамба хутагтын дэргэд гүйх албанд зүтгэж байжээ. Богдын жороо нь их Богд эзнийг хаана залран явна, тэр газрын замд эзэн хааны заларч яваа жууз тэрэгний өмнө шогшин жороолж гүйж явна.

Үнэн чанартаа Богдыг нэг талаар зугаацуулж яваа боловч нөгөө талаар хүн ардыг цугларуулан сонирхуулж улмаар Богд эзний зүгт сүсэглэн бишрүүлж байх гэсэн бодлого байсан гэдэг.

Богдын жороо, гүйх болгондоо хөнгөн маягийн шаахай, богино ханцуйтай цамц өмссөн байх нь шашины баяр ёслолын үед хааяа үзэгддэг байжээ. Ихэнхдээ хөл нүцгэн дээлийнхээ хормойг шууж гүйн явдаг байсан гэж ярилцдаг. Тэр үед Богд эзнийг ордноос залран явах замд Хүрээний ардууд Богдын жороог үзэх гэж олноор цуглардаг байжээ.

Богдын жороог нэг биш удаа үзэж сонирхсон настангуудын ярилцахыг сонсвол: Автономит үед билээ. Их эзэн Богд Хайстын ордноос /одоогийн голын музей/ Шар орд /одоогийн 6 дугаар артель буюу пионерийн орд/ хүртэл өдөртөө тогтмол хоёр удаа заларч очиход гүйдэг байсан юм гэдэг. Тэр үед Хайстын ордноос эзэн Богдын залрах үед гурван удаа бууны дуу гарч шар дарцаг барьсан жороо морьтой лам хүн морио жороолуулсаар гарч ирэхэд түүний хойноос үсэнд нь буурал сууж, нүдэнд нь гархи цагригласан цэгцгэр туранхай биетэй, оготор богино дээлтэй, дээлийн хормойноос жижиг хонхнууд, хадаг самбай унжиж хийссэн, өвгөн “Богдын жороо” гэдэг хурдан гүйгч, адуу мэт янцгаан, бусгасаар булгиулж тэвхцэн хөдөлгөөн хийж, жууз тэрэгний өмнө жирэлзүүлсээр гарч ирдэгсэн гэж настангууд өрөвдөн хайрлаж ярьдаг билээ. Энэ хүн 50 гаруй настай амьдралын ихэнх насыг ингэж өнгөрөөсөн Засагт хаан аймгийн /одоогийн Завхан аймгийн/ суурин жасааны Лосол гэдэг хүн юм байна. Лосол Засагт хаан аймагт, явган гүйгч, аймгийн зарлагын албанаа зүтгэж байгаад Богдын тааллаар Хүрээнд ирж Богдын албанд зүтгэсээр “Богдын жороо” гэдэг энэхүү нэр алдрыг олсон хүн байжээ.

5. Монгол улсын гавъяат зүтгэлтэн Жамцын Бадраа агсны Монгол улсын алдарт гавъяат дуучин Ж.Дорждагватай хийсэн монголын уртын дууны түүх судалгаа, ярианы соронзон бичлэгийг хөгжмийн зохиолч төрийн соёрхолт Жанцанноров эмхэтгэн “Их дуучны яриа” ном болгон нийтийн хүртээл болгожээ. Энэ номонд 18-р зууны сүүл үеийн монгол наадмын өнгө болон сайхан жороо морины тухай харилцан ярианаас товчлол хийвээс: Бандихүү гэдэг хүний өгүүлснээр долоон хошуу наадамд яваад ирсэн хүнээс юу үзвээ гэж асуухад бөх, хурдан мориноос гадна наадам дээр гурван сонин үзлээ.

Нэг гоё хүн, нэг жороо морь, нэг сүрхий дууч үзлээ гэж. Говь мэргэн ноёны алтан хээр морины жороолох нь нэг сонин, энэ нь долоон хошуу наадам дээр их л сайн жороо морь байсан юм шиг байна. Хоёр дахь нь товжийн Гочоо гэж нэг их гоёдог хүн аж. Баян хүн болохоор морь эргэх бүрд л нэг дээл өмсөөд гайхуулсан байлгүй.

Гуравдахь нь Чогдонгийн дуулах нь нэг сонин гэнэ. Олноо алдаршсан нэр нь Чогдон хундагалагч гэх бөгөөд халх даяар алдартай хүн ирж дуулжээ. Энэ гурвуулаа одоогийн Дорноговь аймгийнх байдаг нь гайхалтай. Ялангуяа Чогдон хундагалагч Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт төрсөн хүн ажээ. Харин алтан хээр морины тухай бол гайхалтай жороо, бодвол тэр өвөрлөгчөөс авсан морь байсан биз. Энэ өвөр монголын жороо морь гэдэг чинь жигтэйхэн юм байдгийм шдээ. Манай энд бол тийм жороо морь байдаггүй юм. Ганзага өвдөг дээгүүр тохдог жороонууд чинь өвөр монголоос л ирдэг. Эсвэл мэргэн гүний адуунаас тийм жороо гарсан юм уу, магадгүй өвөр монгол ойрхон болохоор тэндээс авсан байж болох тухай өгүүлжээ.

6. Партизан Б.Аюушжавын дуртгалд “Санж гүн, Хатанбаатарын цэрэгт хошуунаас 100 морь, аминаас 20 морь тусалсан, Улаангомын хүрээг хамгаалуулахаар Хатанбаатар 50 цэрэг дагуулан очиход лам нар бүрээ үлээж, сан тавьж угтав. Хурлын сангаас, жороо цэнхэр бор морь, хүрэн ат хоёроор Хатанбаатарт бэлэг барьсныг би хөтөлж ирсэн юм гэжээ.

Хатанбаатар Магсаржав олон удаагийн дайн тулалдаан бүхий дайчин амьдралдаа шар хээр, хээр халзан, толин сартай ухаа цавьдар, орос үүдрийн зээрд томск, өндөр улаан, жороо цэнхэр бор, цайвар хүрэн, цагаан бор, цагаан, хар зүсний олон сайхан морьдыг эдэлж явсан гэдэг.

7. Жанжин Сүхбаатарт ард иргэдээс өгсөн морьдын тухай түүний хөтөч нарын дурссанаар 5 морийг илүү хайрлаж, чухал ажил албанд сэлгэн унадаг байсныг тодруулбал:

1. Харуулын занги Дамдинсүрэнгийн ухаа хонгор

2. Ш. Өвгөнхүүгийн цайвар амтай халтар

3. Данзан ламын улаан буурал

4. Сургуультай шарга морь

5. Баяр гүнээс авсан дэлтэй “жороо хүрэн морь” аж

Харуул занги Дамдинсүрэн гэдэг нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу, доогийн Булган аймгийн хүн. Богд хаант улсын үед Эрдэнэ вангийн хошууны Хяраан харуулын занги байжээ.

1921 онд Сүхбаатар зүүн харуулуудаас ардын журамт цэрэг элсүүлэхэд идэвхитэй оролцож явсан. С.Дамдинсүрэнгийн дурдатгалд өгүүлснээс:Пунцагийн дурдсан 7 хүний нэг нь болох Сүхбаатар гэгч хүн, үл таних нэгэн буриадын хамт тахиа жилийн (1921 он) хаврын эхэн сарын аравдаар миний гэрт гэнэт ирж надтай мэндэлсний дараа улс төр, олон түмний төлөөнөөс амь биеийг хайргүй хүнд чухал хэргээр яваа зэргийг дурдан хэлж Дамдинсүрэн миний биеийг чавганц Бадрахын хамт дагуулан мордон Хяраан харуулаас Уялга хүртлэх дөрвөн харуулаас тус бүр эр цэрэг 20-г уналгын хамт татан элсүүлж тухайлсан хэрэг явдлаа анх үүсгэх зэргээс эхлээд мөн Сүхбаатар өчүүхэн надаас дайн байлдааны цагт чухал хэрэг болоход унах гэж ухаа хонгор зүсмийн тарган сайн морь нэг, бас Холбоот улсын эрх барьсан их Ленинд улс, төрийн өмнөөс бэлэг болгон өгөх гэж сайн жороо явдалтай хул зүсмийн морь нэгийг авсан билээ гэжээ.

8. Хурдан морьдыг уралдааны замд бүтэн /алаг биш/ зүсмийн удган хатиртай эсвэл жороо морь унасан жанжин малгай, үндэсний хувцастай хүн төрийн далбаа бүхий туг барин асрыг гурав тойрч гаргаж өгдөг нь уламжлал юм.

9. Халхын Зая Бандида хутагтын YI дүр Жамбацэрэн жороо сайвар моринд дуртай хүн ажээ. Тэрээр 20-иод оны дундуур Цэцэрлэгмандал уулын аймгийн Эрдэнэбулган хошууны засаг дарга Жамьянсүрэнгийнд намар цагаар зочлохдоо гэрийн эзний хэдэн сайхан морийг унаж үзээд арилжаа, сайвар гурван хулыг нь ихэд таалж аль нэгий нь наймаалахыг хүсчээ. Хошуу дарга залуу сайвар морио өргөн барихад Хутагт гүнээ талархаад өөрийн унаж явсан хатиртай галбир сайт хурдан бор морийг хариу барьжээ.

Хожим тэр бор мориор чоно хөөхөд гүйцэж байсан гэдэг. Зуугийн сор залах шашин номын их мөргөлийн баяр жил бүрийн зуны сүүл сарын хорин есөнд болдог байж. Зая гэгээн 1927 оны Эрдэнэзуугийн сорд оролцож, мөргөл үйлдээд гэргий улаан Долгорсүрэнгийн хамт ижил жороо хээр морь унан солонгорох үйтэн хуар дээлтэй явжээ. Энэ нь түүний сүүлчийн уулзалт байсан агаад, Зая гэгээн 1930 онд хилсээр цаазлагдсан байдаг.

10. Өвөрхангай аймгийн Баруун БаянУлаан сумын ах дүү Г.Сайннямбуу, Г.Жанчивсэнгээ нар 1943 онд фронтод хоёр удаа морь өгчээ. Зун нь 42 морь өгсний дотор зүс нийлсэн 12 цоохор морь бэлэглэж, өвөл нь 40 морь өгөхдөө сумын наадамд түрүүлж байсан жороо зээрд морио оруулсан байна.

11. Жараад оны үед, одоогийн Улсын циркийн хойд замаар сайвар хээр морийг тэргэнд хөллөсөн явахыг хараад, хотод нүүж ирээд удаагүй байгаа Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул “Хөлийхний” Д.Лхамзав гуай явж очин:

-Ийм сайхан амьтныг тэргэнд эдэлдэг яасан Монголоо алдсан хүн бэ? Гэх зэргээр морины эзэнтэй маргалдан муудалцсаны эцэст эвлэрч Лхамзав гуай сайвар хээр морийг 300 төгрөгөөр худалдан авч, нутгийн хүнээр Онгон сум руугаа явуулж байжээ. Энэ нь зөвхөн морины наймаа хэдий ч малаа танин эдэлж чаддаг малчин Монгол хүний сэтгэл шингэсэн нэгэн түүх юм.

12. Ардын Хувьсгалын 77 жилийн ойн Баяр наадмаар “Төв цэнгэлдэх” нээлтийн ёслолд Монгол жороо морь нийгэмлэгийн санаачилгаар арав гаруй жороо морьтонг тойрог замаар явуулахад наадамчин олон ихэд баясан талархаж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх сарын нэгнээс эхэлнэ

Өнөөдөр БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Загдсамбар болон бусад албаныхан Төв цэвэрлэх байгууламжийн одоогийн үйл ажиллагаа болон шинэ цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцлаа.

БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар: Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган БХБЯ хариуцаж ажиллаж байна. Энэхүү томоохон төслийг БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд эхлүүлж байгаа ба төслийн нийт өртөг 267 сая ам.доллар. Нээлтийн үйл ажиллагаа ирэх сарын 1-ний өдөр болно. Цэвэрлэх байгууламжийг гурван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах бөгөөд Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд төслийн ажлыг гүйцэтгэхэд талууд тус бүр 50 хувийн оролцоотой байна. Түүнчлэн төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материал, тоног төхөөрөмжийг Монгол Улсад үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэр, ААН, байгууллагуудаас ханган нийлүүлэхээр тусгасан. Энэ ажил дан ганц БХБЯ хийгээд хүчрэх зүйл биш. Талуудын оролцоо маш чухал. Нийслэлийн зүгээс бидэнд бүхий л талаас туслаж, дэмжиж ажиллаж байгаа их баяртай байна.

Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган ам дөрвөлжин бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай юм. Лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган, цэвэрлэх байгууламжийн өөрийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэлтэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байгаа ба цэвэрлэсэн усаа үйлдвэрийн технологийн хэрэгцээнд дахин ашиглахаар төлөвлөсөн байна.

Одоогийн байдлаар төв цэвэрлэх байгууламж нь 143 ажилтантай хоногт дунджаар 160-200 мянган ам дөрвөлжин бохир усыг хүлээн авч механик биологийн цэвэрлэгээг хийж, хлор болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж Туул голруу нийлүүлж байгаа аж.

Сүүлийн үед нийлүүлэгдэж байгаа бохир усны хэмжээ болон бохирдлын хэмжээ нэмэгдсэн, бохируудлагч үйлдвэрүүд нь урьдчилсан цэвэрлэгээ хийгээгүй өндөр бохирдолтой усыг төвлөрсөн шугаманд нийлүүлдэг, лаг бүрэн боловсруулах технологийн дамжлагагүй бөгөөд лагийг задгай талбайд хатаадаг нь үнэр ялгаруулах гол эх үүсвэр болж байгаа талаар албаныхан энэ үеэр хэлж байлаа.

Тэгвэл шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор дээрх бүх асуудлууд шийдвэрлэгдэх юм байна.