Categories
мэдээ нийгэм

Хилийн чандад амиа алдсан цэргийн асуудлыг тагнуулын байгууллага шалгаж байна

Сар шинийн өмнөхөн Увс аймгийн Баруунтүрүүн дэх цэргийн ангид алба хааж байсан цэрэг ОХУ-ын хил давж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаачийг хил давж гараад өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байгаа юм. Харин ар гэрийнхэн нь хэзээ ч амиа хорлох хүүхэд биш, цэргийн ангид нь дарамт шахалт байсан байх. Түүнийг тэсвэрлэхгүй зугтаасан байх. Тиймээс хэргийн үнэн мөнийг олж өгөхийг хүссэн байгаа. Тэгвэл энэ хэргийг Тагнуул, цагдаагийн газар хамтран шалгаж байгаа бөгөөд Тувагийн нутаг дэвсгэрт болсон болохоор тус улсаас ч шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлэл өгчээ.

Categories
мэдээ нийгэм

М.Содномпилд холбогдох хэргийг прокурорт буцаав

Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал өчигдөр өдөржин болсон ч шүүхээс хэргийг прокурорт буцаажээ. Нийслэлийн прокурорын газраас М.Сономпилд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай тул хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд жилд хоёр удаа капитализмын эсрэг “вакцин” тариулдгаа өөрчлөх хэрэгтэй

Энэ нь юуг хэлээд байна вэ гэвэл нийтийг хамарсан хамгийн том баяр болох наадам, цагаан сарын тухай юм. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн хэмээн монгол түмний маань өргөн дэлгэр тэмдэглэдэг эдгээр нүсэр баяр жил ирэх тусам хэтэрхий хоцрогдсон бүдүүлэг болж байна. Хатуухан хэлэхэд, наадам, цагаан сарын баяр монголчуудыг жилд хоёр удаа XVI-XIX зуунд аваачих юм аа. Энэ үед Монгол оронд феодализм яаж хөгжиж байсан түүхийн хуудаснаа тодоос тод тэмдэглээстэй бий. Тэгвэл орчин цагт тэртээх он жилүүдийг цагаан сар, наадам хоёр ёстой л биетээр нь үзүүлдэг боллоо.

Сар шинээр гэхэд улс орон даяараа бүхэл бүтэн долоо, найм хоног амарч байгаад XVI зуундаа “очно” шүү дээ. Ингээд аав, ээж, ах, дүү, айл саахалт, найз нөхөд, албан байгууллагын золгуут гэж бужигнаж, бужигнаж, “Мартын 8-ныг өнгөрөөгөөд сая нэг юм сэхээ орцгоож ардчилсан Монгол Улсынхаа төлөө зүтгэж эхэлдэг.Одоогийн бидний тэмдэглэдэг цагаан сар феодалын үеийн бүх бүдүүлгийг давтаж, капитализмыг үгүйсгэж байна.

Өөрөөр хэлбэл, бүдүүлэг харанхуй нийгмийг сургасан сургууль болж хувирлаа. Аархаж, баярхсан хүмүүс баян, тарганаараа гайхуулж, эд хөрөнгө, эрх ямбыг шүтэгчид хөрөнгө чинээ, нас хүйсээрээ бусдад эрдэж дээрэлхэх нь энэ баяраар тод харагдах юм. Дээрээс нь элдэв зан заншил, үйлийг дэлгэрүүлэх гэж ямар их оролдоно гээч.Жишээлбэл, ланжигар сүүлтэй ууцыг зургаа, долоогоор нь давхарлаж өрсөн идээ шүүсээр баярын ширээгээ чимдэг уламжлалтай байсан гээд л гайхуулах болов. Үүнийгээ өндөр настнууддаа хүндэтгэл үзүүлж буй монгол ёс заншил гэж сурталчилна. Бас болоогүй ээ, ураг төрлөөрөө жилдээ ганц бөөгнөрдөг энэ баяраар буурлууддаа барьж золгож буй мөнгөн дэвсгэртээрээ өрсөлддөг болсон. Монгол төгрөг моодноос гарч, ноён ногооноор ахмадуудынхаа амар мэндийг эрэх нь энүүхэнд.

Сар шинээр идэр насны ах, дүү хоёр аавдаа хэрхэн золгох тухай ярьж байна аа. Ах нь “Ноолууран цамц дээр мөнгөн аяга тавиад золгоно доо” гэж гэхэд дүү нь “Тэгвэл би алтадсан гоёлтой мөнгөн бүс өгнө өө” гэж баярхах нь тэр. За, тэгээд хүмүүсийн сар шинэдээ өгч буй ач холбогдол, хэт сүржигнэл зэргээс харахад цагаан сар феодализмыг улам дэвэргээд байгаа юм. Үнэндээ манай нийгэмд сар шинийн баярт хамрагдаж чадахгүй байгаа хүмүүс цөөнгүй. Тэдний эрх ашиг хохирч байгааг бодолцох л ёстой.

Хүн амын 80-аад хувь нь суурин иргэншилтэй монголчуудад цагаан сарын баяр тохирохгүй байна. Харин нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуйгаа даган амьдарч буй хүмүүсийн хувьд байж болох. Тэгээд ч цагаан сар нь өвлийг өнтэй давж, мал сүргээ онд мэнд оруулан хавар цагийг угтаж буй малчин түмний баяр гэдэг шүү дээ.Тиймээс малчдад энэ баяр илүү тохиромжтой. Гэхдээ монголчууд маань ёс жаяг, уламжлалаа дээдэлдэг ард түмэн. Тэр утгаараа нийтээрээ цагаан сарын баяраас татгалзахгүй нь мэдээжийн хэрэг. Иймд энэ баярыг суурин иргэншилд тохирсон баяр болгох тал дээр эрдэмтэн, судлаачид ажиллаж, үзэл бодол, оюун ухаанаа уралдуулах хэрэгтэй байна.

Жил жилийн цагаан сарын баяраар малчин түмнийг баярлуулдаг зүйл бол “Мянгат малчин” гэж тодруулдаг уламжлал болсоор ирсэн арга хэмжээ. Энэ бол феодалын малчин тодруулж байгаатай агаар нэг үйл явдал байна. Хүний олон сайнтай, муутай, уулын мод урттай богинотой гэдэг дээ. Мянгатууд дотор сайн хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ дийлэнх нь арваад айл зарцалсан, эхнэрийг нь харааж зүхсэн, охидыг нь сорчилсон, цалин хөлс гэж өгдөггүй, шунал нь дэндсэн хүмүүс байдаг. Өвлийн хүйтэн, зуны халуунд хамаг малыг нь өсгөх гэж зүтгэж байгаа малчдынхаа нийгмийн даатгалыг төлөх нь битгий хэл ганц нэг төлөг, гурил будаахнаар амь зуулгуулдаг. Тэрийгээ тэжээж байна гэж том ярихыг яана. Энэ мэт тогоон дотроо титэмгүй ноён болсон “феодалууд” олон болжээ.

Феодализмыг сэргээн харуулдаг нөгөө нэг баяр нь наадам. Морь, бөх, уяачдыг эрхэм хүмүүн болгож харуулдаг үндэсний хэмжээний том баяр л даа. Бүгд эднийг шүтэж, даган хөөрч баясдаг. Амьдрал дээр энэ хүмүүс бол нийгмийн боловсролгүй хэсэг. Гэтэл тэднийг нийтээрээ хүндлэн дээдэлж, нийгэм улам л бүдүүлэгжиж, зэрлэгшиж байна. Улсын баяр наадам гурван өдөр болоод зогсчихдоггүй. Аймаг, сум, баг, хороо бүр наадамлаж, уул усны тахилга гэж цэнгэлдсээр есдүгээр сарын 1-нтэй золгодог шүү дээ. Зунжин наадам хэссэн малчид намрын ажлаа умартдаг гашуун туршлага ч олонтаа бий.

Цагаан сар, наадмаар хамгийн их үнэд орж, хүндтэй болдог хүмүүс бол нийтийн дуучид байдаг. Тэдэн дээр лам, бөө, мухар сүсэг нэмэгдэнэ. Мэдлэг, боловсрол нимгэн, бүдүүлэг зэрлэгийн цэнгэл болсон ийм хүмүүс рүү монголчууд массаараа хошуурч байна. Тэд эхнээсээ биднийг удирдах боллоо. Аргагүй шүү дээ. Нийтийн дуучдыг даган дуулж, лам, бөө нарыг мундаг гэлцэж тахин шүтсээр байгаад төрд гаргачихдаг. Харамсалтай нь тэд яаж төрийг удирдаж чадах билээ. Ингээд л Монгол Улс хөгжиж чадахгүй байна.

Хүн эрүүл байж, элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд заавал вакцин хийлгэдэг. Тэгвэл нийгмийн ухамсар эрүүл байснаар улсын маань хөгжлийн зам гэрэлтэнэ. Харин бид капитализмын эсрэг цагаан сар, наадам гэсэн “вакцин”-ыг жилдээ хоёр удаа тариулаад байхаар яаж хөгжих юм бэ. Эдгээр баярыг тэмдэглэхгүй байлаа гээд монголчууд харанхуй бүдүүлгийн туйл болчихгүй.Заавал тэмдэглэх ёстой гэж үзвэл илүү ухаалаг, зах зээлжсэн, орчин үежүүлсэн баяр болгомоор байна.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 19-нд болох үйл явдaл

09.00 цагт Хангарди ордонд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Нийслэлийн удирдлагуудтай уулзаж, 2019 онд хэрэгжүүлэх сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөл, их засвар, гадна тохижилтын ажлын талаар хэлэлцэнэ. Утас: 88008781

09.30 цагт “Улаанбаатар төмөр зам” зорчигч үйлчилгээний төвд Монгол, ИБУИНВУ хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол, Их Британийн Төрийн далбаагаар чимсэн галт тэрэг Улаанбаатар-Сэлэнгэ, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд аялна. Утас: 99090437

09.30 цагт Төрийн ордонд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Хүчтэй Ерөнхий сайдтай, парламентын хяналттай хувилбар Монголд илүү зохино

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн Монголын эдийн засгийн клубын гишүүдийн асуултад өгсөн хариултуудыг тоймлон хүргэе.


-Үндсэн хуулийн реформыг хийчихээд салбаруудынхаа реформыг хийх ёстой юу. Эсвэл өөрчлөхийг хүлээхгүйгээр шинэчлээд, явахад болох уу?

-Үгчилсэн тайлбараас илүүтэйгээр утга агуулга руу шилжих байдлаар тайлбар хийж чаддаг хэмжээний Цэцийн гишүүд, тэр дайны эр зоригтой шийдвэр гаргагчид байвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр олон юмыг өөрчилж болно. Гэтэл үг үсэг хөөсөн, 1992 оны нөхцөл байдлаа санагалзсан нь дийлэнх байна л даа. Тэд цаг хугацаа, нийгмийн харилцаа, агуулга өөрчлөгдөж, олон юм дэвшээд явж байхад зэрэгцээд алхахыг хүсдэггүй. Тэр хүмүүс өөрчлөгдөөгүй нөхцөлд уншиж байгаа текстийг нь өөрчлөхөөс аргагүй. Өөрчлөхгүй бол хэчнээн хууль өөрчилсөн ч дурын нэг хүн мэдээлэл гаргачихдаг, өнөөхийг нь нөгөө ес уншаад өөрсдийнхөөрөө шийдчихдэг байдал арилахгүй. Ийм зовлонтой байдал үүсчихсэн учраас аль аль арга замаар нь явахаас аргагүй. Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчилбөл сайн л байна.

-Яагаад вэ. Хэсэгчилж өөрчлөх хэрэгтэй гэсэн дүгнэлт давтамжтай дуулддаг шүү дээ?

-Бидэнтэй адил пост коммунист улсууд Үндсэн хуультай холбоотой хоёр алхам хийсэн. Шилжилтийн маягийн Үндсэн хууль батлаад явах хугацаандаа гол харилцаануудаа тодорхойлчихоод “За ирээдүйн тавин жилийн хөгжил ингэж харагдаж байгаа учраас энэ хөгжилд туслах хуулийн үндсэн суурь систем ийм л байх ёстой” гээд суурь шинжтэй Үндсэн хуулиа баталсан. Гэтэл бид 1992 онд шилжилтийн маягийн Үндсэн хууль баталчихаад тэрийгээ туйлын төгс төгөлдөр, ухаалаг зүйл гээд одоо хүртэл бариад суугаад байна. Үнэн хэрэгтээ өнөөгийн Үндсэн хууль суурь маш олон асуудлыг шийдэж огт чадахгүй. Төрийн олон хэрүүлийг шийдэж чаддаггүй. Төрийн хэрүүлийг ямар нэг дүрмээр шийдэж чадахгүй бол шийдэл нь хүчирхийллээр илэрдэг. Тэгэхээр төрийн эргэлт гарах уу, Үндсэн хуулийг бүр дампууруулах уу, яг таг хэлж мэдэхгүй байна. Бид үр нөлөөг нь мэдэрч эхэлж байгаа. Одоо өрнөж буй үйл явц зөвхөн эхлэл нь. Цаашдаа бүр томрох байх. ШХАБ-д элсч ороод хоёр улсынхаа шахалтад бүр хүчтэй ордог болоод ирвэл цаашдаа юу болохыг таах аргагүй. Өчнөөн юм болно.

-Таатай зураг таамаг биш байна. Ийм байдлаас хол амьдруулахад Үндсэн хуулийн хүч хүрэх байлгүй дээ?

-Тэр бүгдийг манай Үндсэн хууль хязгаарлаж чадахгүй. Жишээ нь, Үндсэн хууль өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй. Үндсэн хуулийг ухаалгаар өөрчилж болох бол өөрчилөх хэмжээнд нь өөрчлөөсэй гэж боддог. Гэхдээ би энэ асуудлыг сэтгэл хөдлөлөөр харахгүй байгаа. Өнөөгийн улстөрийн нөхцөл байдал Үндсэн хууль өөрчлөхөөр хэмжээнийх мөн үү, эсвэл бүр самраад нөгөө тийш нь явуулчих уу гэдгийг бодох ёстой. Жишээ нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Үндсэн хуулийн төсөл биччихээд хөдөө орон нутгаар танилцуулж яваа. Тэр төсөл бол аймшиг. Тийм төслийг баталчихвал аюул болно. Тэгснээс энэ янзаараа явсан нь дээр. Судалгаатай, ухаалаг, улс төрийн нөхцөл байдлаа зөв үнэлж орохгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгчийн засаглал руу явуулчихвал аюултай. Хүний эрхийн жагсаалтыг дордуулчихвал эрсдэлтэй. Эрх мэдлийн хуваарилалтыг алга болгочихвол аймшиг.

-Тэгээд өөрчлөлтийг хэн хийнэ гэж. Болгоомжлоод ухраад явах нь зөв гарц лав биш?

-Шинэ үе гарч ирж байж хийнэ.

-Шинэ үе гэж өөрсдийгөө тодорхойлж яваа залуус таны яриад байгаа шинэ үед багтах уу?

-Эдийн засаг, нийгмийн орчин, хувь хүний нөхцөл байдлыг дэлхийн хэмжээнд, орчин үеийн энд, хүн төрөлхтний өнөөдөр хүрсэн ололтын хэмжээнд харж чадаж байна уу гэдгээ харж мэдрэхгүй бол хэцүү. Шинэ үеийг ийм хэмжүүрээр харах хэрэгтэй.

-Нэг нам нь гарч ирэхээрээ төрийн албан хаагчдыг хуйгаар нь халж сольдог. Төрийн санах ой гэгддэг мэргэшсэн албан хаагчдаа халж солиод байхаар ямар ч сайн хууль зөв хэрэгжихгүй. Муу хуулиуд батлагдаад байгаа нь ч үүнтэй холбоотой байх?

-Санах ойны хувьд хоёр юмыг бодох ёстой. Нэгдүгээрт, таны асуусан бодлого боловсруулж авч яваа төрийн мэргэшсэн албан хаагчид хэр зэрэг тогтвортой байх вэ гэдэг асуудал. Хоёрдугаарт улс төр яаж ч савласан улс төрийн савлагааг хянаж, барьж явдаг эрдэмтдийн оролцоог харах ёстой. Хоёр дахь механизм нь манайд бараг байхгүй. Сүүлийн үед бий болгохыг оролдож байна. Барууны улсуудад улстөрчид гарч ирээд ярьсан ч эрдэмтэд нь хүрсэн түвшингээр нь шахдаг. Үүнээс доошлуулахгүй, та нар дээрээ яаж тонгочих нь хамаагүй гэсэн зарчмаар ажилладаг. Манайд тэгж шахах хэсэг алга. Энэ бол социалист нийгэмд учирсан хамаг том зовлон. Социализмын үеийн нийгмийн ухааны эрдэмтэн гэдэг нэг бол марксист онолыг сурталчлагч. Эсвэл даргын үгийг маш сайн бичигч. Түүнээс биш шинжлэх ухааны арга зүйтэй, шинэ хандлага мэдлэг түгээгч огт биш. Ийм социалист маягийн нийгмийн эрдэмтэд байгаа нь асуудал болоод байна. Ардчиллын хоёрдугаар давалгааны үед Зүүн Европын улсад байгалийн шинжлэх ухаанаас бусад салбарт докторын зэрэг хамгаалсан хүмүүсийн цолыг хүчингүй болгосон. “Та нарын докторын цол шинжлэх ухааных биш, наадах чинь зүгээр л социалист бюрократизмын амжилтын илэрхийлэл. Тийм учраас доктор авах гэж байгаа бол шинжлэх ухааны аргаар наад сэдвээрээ доктор хамгаал” гэчихсэн. Гэтэл манайд ийм өөрчлөлт хийгдээгүй. Орчин үеийн Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилалтын маш чухал сэдвээр доктор хамгаалах гэж байхад “Нэгдэлжих хөдөлгөөн бол социализмын хамгийн чухал өмчийн хэлбэр мөн” гэдэг сэдвээр цолоо хамгаалсан хүн докторын зөвлөлд байх жишээний. Тэр нөхөр Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтыг ойлгохгүй. Тийм учраас “Намайг хэрхэн хүндлэв, яаж харьцав, багш шавийн барилдлага хэр зэрэг зузаарав” гэхчлэн шинжлэх ухаанч бус хандлагаар цол зэргийг нь хэмжих гэж оролддог. Хуулийн салбарын тухайд шинжлэх ухаанч шахалт үзүүлэхгүй болохоор бодит хүрсэн төвшний мэдлэг гэдэг юм бараг алга. Ер нь хууль, улс төрийн салбар маш өрөвдөлтэй. Шинэ залуус нь арай гайгүй.

-Та хууль зүйн салбарт эхлүүлсэн реформынхоо 70 хувийг нурсан гэж ярьсан. Яагаад нурчихав аа?

-Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль гэх мэтчилэн том шинэтгэлүүдийг МАН ганцаараа унагаагүй. Н.Алтанхуягийн Засгийн газар унасны дараа Ч.Сайханбилэг засаг тэргүүлсэн. Шинэ Хууль зүйн сайд ажлаа авангуутаа манайхаас өргөн барьсан бүх хуулийг буцаагаад татсан. Өргөн баригдсан, хэлэлцэгдсэн, батлагдахад бэлэн болсон гээд бүгдийг нь. 14 хууль татсан байдаг. Засгийн газраар хэлэлцэгдээд УИХ-д өргөн барихад бэлэн болсон арваад хуулийг ч унагасан. Хэрүүл хийж тэмцсэний эцэст тэдгээр хуулиас наймыг нь л буцааж өргөн бариулж чадсан. 2015, 2016 онд амжиж өнөө найман хуулиа батлуулсан. Тэр хуулиудын хоёроос бусад нь буцаад хүчингүй болсон л доо.

-АН яагаад нураасан юм бэ?

-Хэн нь хэн бэ гэдэг нам доторх рангаа харуулах гэж оролдсон. Үүнээс болж хамтаараа хийх ёстой зүйлээ нураасан. Улс төрийн маш явцуу зовлон.

-Зөрчлийн хууль нэлээд шүүмжлэл дагуулж байна. Та бүхний анх санаачилсан хувилбараар батлагдаж чадсан уу?

-Зөрчлийн хууль Эрүүгийн хуулиасаа илүү хэл амтай. Бид Зөрчлийн хуулийн төслийг тухайн үеийн судалгааны үр дүнд тулгуурлаж хийсэн. Монголд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 400 гаруй хууль бий. 230 хуулийнх нь ард хариуцлага байна. Хариуцлагууд нь хоорондоо уялдаагүй, нэгдсэн системгүй, зөрчилдөөнтэй, давхацсан байдаг. Нэг жишээ хэлье. Эрүүгийн хуулиар албан бичиг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг гэж бий. Эрүүгийн хуульд байгаагаар бол гурван жил хүртэлх хорих ялтай. Боловсролын тухай хуульд боловсролын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн бол 50 мянган төгрөгөөр торгоно.

Хуурамч диплом аваад баригдсан хүнийг Эрүүгийн хуулиар гурван жил хорино гэж айлгадаг. Өнөөх нь шоронд суухгүйн тулд авлига өгч таарна. Авлига авсан цагдаа Боловсролын хууль гаргаж ирээд 50 мянган төгрөгөөр торгоод явуулчих жишээний. Хуулийн ийм орчинд хэн эзэн хаан бэ, бодоод үзээрэй. 230 хуулийн ард байгаа энэ мэт хариуцлагуудыг жагсаагаад зөрчлийн хууль гэж бичээд харуулсан чинь УИХ-ын гишүүд пүү паа болсон л доо. Нэг инээдтэй жишээ хэлье. Иоджуулсан давсны тухай хууль гэж бий. Гэрийн эзэгтэй хоол хийхдээ иоджуулсан давс хэрэглээгүй бол торгоно гэсэн заалт байна. Мэдээж үйлчилж байгаагүй заалт байх л даа. Гэхдээ нэг дургүй нь хүрвэл үйлчлүүлнэ шүү дээ.

-Ардчилал хөгжсөн улсуудад яадаг юм бол?

-Жишээ нь, Германд хүнийг шийтгэх гэж байгаа бол шийтгэх хуулийг нь зөвхөн Хууль зүйн яам нь бичдэг. Манайд бол өөр. Боловсролын яам хуулиа бичихдээ шийтгэлээ бичнэ. УИХ-аар орохдоо Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэгт ордоггүй. Тийм учраас бид Зөрчлийн хуульд зөвхөн иргэн рүү торгууль шийтгэл оноосон хариуцлага нь бичигдэнэ, энэ хуулийг зөвхөн Хууль зүйн яам бичнэ, хянана гэсэн зарчим барьсан юм. Хууль зүйн сайдаар МАН-ын гишүүн томилогдонгуутаа Зөрчлийн хуулийг боловсруулахдаа буруу арга хэрэглэсэн. Татвар, банк санхүү бүгдээс нь дуудаж оруулаад бөөн торгуул нэмж бичээд шинээр оруулж ирсэн. 230 хуулийн ард байснаас илүү хүнд торгодог, шийтгэдэг систем болоод хувирчихсан л даа. Зөрчлийн хууль зөвхөн торгуулийн санкцтай, эдийн засгийн хөшүүрэгтэй байх ёстой атал жижиг гэмт хэргийн хууль биччихсэн. Бүр бантагнуулсан. Хэлээд ч ойлгоогүй. Мэдлэггүй сайхан сэтгэл, тэнэгээсээ болж алддагийн нэг том жишээ. Үр дүнд нь бизнесийн таатай орчин, эдийн засгийн цаашид хөгжих боломжийг хумьсан. Өнөө социалист толгойгоороо харж байгаа юм. Төр орох ёстой, хорих учиртай, шийтгэх хэрэгтэй гэсэн философиор хандсан. Хууль хийдэг философи өөрчлөгдөхгүй яваагийн гор л доо.

-Эрүүгийн хуульд бас ингэж хандсан уу?

-Тэгсэн. Уг нь бид хүн рүү чиглүүлж, 1992 оны Үндсэн хуулийн үнэт зүйлсийг хамгаалах зорилготойгоор бичсэн. Маш олон судлаач “Танай эрүүгийн хуулийг уншихаар дандаа социалист гэмт хэргүүд байх юм. Чөлөөт нийгэмд байгаа бол орчин үеийн нийгэмд гардаг гэмт хэргүүдээ бичээч. Шинэ төрлийн гэмт хэргүүд алга. Гэсэн хэр нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний гэмт хэрэг гэж тооцдоггүй зүйлс оржээ” гэж хэлдэг байсан юм. Бид тэр зорилгоор Эрүүгийн хуулиа өөрчилсөн ч бүх зүйл буцсан.

-Хуулийн реформ хийгдэх найдвар ер нь байна уу?

-Хуулийн салбарын реформ бусад салбарын реформоос хамгийн хэцүү нь. реформ судалдаг хүмүүс боловсрол, хуулийн салбарт реформ хийхэд хэцүү гэж үздэг. Хуулийн реформын нэг том зовлон нь бодит эрх мэдэлтэй хүмүүстэй зөрчилддөг. Тэдний сандлаар оролдож эхэлдэг. Маш олон орны туршлагыг харахад реформ эхлүүлэгчид нь ихэнхдээ гэмт хэрэгтэн болж хувирсан байдаг юм билээ. реформ хийснийг нь харахаар шууд амжилттай хэрэгжээгүй, дор хаяж гурван давлагаа давсан байдаг. Хамгийн эмгэнэлтэй нь нуралт нь дандаа эхэлсэн цэгээсээ доошилсон зураг ажиглагдсан. Тэгэхээр хууль зүйн реформ дөрвөн жилийн ажил биш. Хамгийн багадаа 15 жилийн ажил. 15 жилийн ажлыг амжилттай явуулахын тулд нэг л асуудал чухал. Тэр нь улс төрийн тогтвортой байдал. Энэ бодлогыг тээх улстөрийн тогтвортой байдал байвал амжилттай хэрэгжинэ. Гэтэл Монголд улс төрийн тогтвортой байдал алга.

-Эхлээд нам дотроо ярьж зөвшилцөөд хуулийн шинэчлэлийг хийчихэж болоогүй юм уу?

-Уг нь бид нам дотроо ярьсан. Мөрийн хөтөлбөртөө ч тусгасан. Манай улс төрийн соёл сонгогчдодоо амласнаасаа ухардаг, эсвэл тэрнээсээ тэс өөр юм хийдэгт хамаг учир байна. Бүгд л гэрч хохирогчдыг хамгаалах тогтолцоотой болно гэж ярьсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдсаны дараа Д.Дорлигжав Тахрын албаны хуулийг татан буулгана гэсэн төслийг Засгийн газарт оруулаад ирсэн. “Мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйлийг яаж байгаа юм бэ” гэсэн чинь “Нэг намын амлалт юу юм” гэх жишээний. Сонгуульд ороогүй хүн эрх мэдэлд очихоороо аюултай нь эндээс харагдаж байгаа юм. Яг үүнтэй адил цагдаагийн дарга гэх мэт нэр бүхий хүмүүс сонгуульд ороогүй, иргэдээс нэг ч санал аваагүй. Шинэтгэлийн үйл явцыг улстөрчид амласан учраас л хийх гэж оролдсон. Гэтэл нөгөө талд байгаа эрх дархтай хүмүүс албан тушаалд тавьсан хүндээ үнэнч байх ёстой гэж боддог юм билээ. Үүнийг олж хараагүй нь бидний том алдаа болсон. Сонгуульд орсон лидерүүд хүртэл зарим зүйлийг нурааж эхэлж байгаа юм. “Яахаараа АН бизнес эрхлэгчид рүүгээ дайраад байгаа юм” гэхээр “Хэдэн олигарх биз дээ” гэнэ. УИХ-ын дарга нь тэгж хэлэхээр яахав. “Та АН-ын дарга, УИХ-ын дарга. Яахаараа АН-ыг сонгосон гол бүлгээ олигархиуд гээд яриад суудаг юм бэ. Тэд биднийг бизнесийг дэмждэг, компаниудыг өргөжихөд тусалдаг, орчныг нь зөв болгодогоороо МАН-аас ялгаатай гэж боддог шүү дээ” гэхээр “Орчин үеийн үзэл ийм болсон” гэж байгаа юм. Н.Алтанхуяг “Баруун, зүүн гэж байхаа больсон” гэж хэлсэн удаатай. Энэ бидний том алдаа байсан. Иймэрхүү мэдэгдлүүдээс үүдэж АН МАН-аас огт ялгаагүй гэсэн төөрөгдөл бий болсон л доо. Үзэл баримтлал энэ намын Үндсэн хууль гэдэг хандлагыг хүчирхэгжүүлэхгүй бол улстөрийн лидерүүд нь ямар ч зүйлийг дарж унагаад гишгээд байдгийг ойлгосон. Үзэл санаагаар намын лидерүүдээ хянадаг болох ёстойг тэр үед ухаарсан. Намын дотоод соёлыг өөрчлөхгүй бол “Нам ямар хамаатай юм. Цаазаар авах ёстой, цэргээр бүтээн байгуулалт хийх ёстой” гээд солиороод эхэлж байна. Баруун төвийн нам шүү, зах зээл, хувийн өмч рүү дайрдаг нам биш шүү гэдгээ тогтоод үзэл баримтлал дээрээ тогтож чадахгүй яваа лидерүүдээ үзэл баримтлалаараа цохиж унагах ёстой. Намын олон нийттэйгээ нийлж байгаад цохиж унагах шаардлага үүсчихсэн. Ийм зарчмууд хийгдэх ёстой гээд нам доторхи өөрчлөлт ид явагдаж байна.

-Хуулийг мэдээд зөрчдөг нь хожиж, мэдэхгүйгээсээ зөрчдөг нь хохирч байна. Зөрчлийн хууль үүний том жишээ. Мэдэж амжаагүй байтал торгуулаад эхэлж байна шүү дээ?

-Мэдээгүй байхад үйлчлүүлчихлээ, батлагдчихаад урагшаагаа үйлчилж болохгүй шүү дээ гэх мэт асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандах ёстой. Ийм боломж манайд бий. Гэхдээ тэгж ажиллах Цэц нь алга. Захиалга гүйцэтгэдэг байгууллага болчихсон. Манай Үндсэн хуулийн Цэц бол ардчилал хууль ёсонд хэзээ ч дэм болж байгаагүй хорт хавдар. Үүнийг шийдэхгүйгээр сая таны хэлсэн асуудал арилахгүй. Үндсэн хуулийн тусламжтайгаар иргэн хүн хууль тогтоомж, эрх мэдэлтнүүдийг барьж авч байдаг. Харамсалтай тэгж чадахгүй байна.

-Хуулийн шинэчлэлээ заавал АН гэхгүйгээр хийх хувилбар бий юу?

-АН бол энэ улс оронд байгаа улс төрийн нэг том хүч. Энэ намыг үзэл баримтлалынх нь хувьд дагадаг олон хүн бий. Энэ хүмүүсийг зөв урсгал руу оруулж, зөвийг дэмжигч хүч болгож хувиргах ёстой. Тэгэхгүй бол энэ хар хүч буруу зүйлийн ард очоод зүүгдчихвэл яах вэ. Цаазаар авна гэдэг хүнийг дагачихвал ямар үр дагавар гарах бол. Энэ бол том асуулт. Буруу тал нь дийлээд явчихвал ямар зүйл өрнөхийг таашгүй. Би тэрнээс л болгоомжилж, айж байна. Буруу зүг рүү олонхоороо хуйлраагүй байгаа дээр нь буруу хаалгыг хааж, зөвийг нээх нь миний үүрэг.

-Лидерүүд вакумжаад ирэхээрээ дэмий болдог шиг анзаарагддаг. Энэ хандлагыг өөрчилж, эвдэж байж хөгсөн байх шүү…?

-Би толгой дээрээ хэн нэгэн лидерийг залмааргүй байна. Би өөрөө лидер болмоор байна. Социализмаас ардчилсан нийгэм рүү шилжихэд тус дэм болсон ч тэр нийгмээ бүрэн гүйцэд ойлгоогүй, юу вэ гэдгийг нь мэдрээгүй, хувийн жаргалаа хөөгөөд явчихсан хүмүүст “Уучлаарай зайгаа тавиад холд” гэмээр байна. Аль нам байх нь сонин биш. Шинэ үе шинэ хандлагаар гарч ирээд “Та нарын шийдвэрийн дор хангалттай цагаа үрлээ. Одоо бид өөрсдөө шийдье” гэх учиртай. Тийм зоригтой үе гарах ёстой.

-Хоёр Ерөнхийлөгч биенээ хулгайчаар нь дуудлаа. Хулгайч нараа толгойдоо залсан нь тогтолцооны гажуудал. Ийм үед эдийн засгийн ямар ч том төсөл явдаггүй юм байна. Тогтолцоог засахын тулд яах ёстой вэ?

-Тогтолцоон дээр зөндөө юм бий. 2012 онд би жиргээндээ 42 хууль жагсаасан. Ийм хуулиудыг өөрчилж байж Монгол Улс тогтолцооны гажгаа жаахан засч ардчилал руугаа явна гэж бичиж байсан. Тэр жагсаалыг дахиад жиргэчихье.

-Өршөөлийн хуулиар мөнгө угаах гэмт хэргийг өршөөчихөөр гэмт хэрэгтнүүд хууль бус орлогоо хууль ёсны болгох эрсдэлтэй биш үү. Ийм заалт Өршөөлийн хуульд орсныг та мэдсэн үү?

-Огт өмчгүй, мөнгө төрд байвал л гэгээлэг гэсэн коммунист үзэлтэй нийгмээс салаад 29 жил болж байна. Нэгэнд маань ч хувийн өмч гэж байгаагүй. Бизнесийн дадал зуршил ховор. Шилжсэн нийгэмд маань мөнгө, хувийн өмч чухал. Тиймээс бүгд мөнгөжих гэж оролдсон. Хөрөнгөтэй бүхэн шударгаар хөлжсөн гэж бодож байна уу. Эхний хөрөнгө, эхний хуримтлал, эхний гэж байгаа бүх мөнгө хаанаас үүссэн бэ. Балчир нийгэмд 100 жилийн түүхтэй санхүүгийн системийг авчраад тавих нь хэнд ашигтай вэ. Ийм асуултуудыг эхлээд тавих ёстой. Мэдээж Америк мөнгө угаах гэсэн нэрийн дор дэлхийн мөнгөний урсгалыг зохицуулах гэж оролдож байгаа. Энэ бол Америкийн л ашиг сонирхол. Манай дөнгөж босч байгаа анхдагч хуримтлалууд хууль ёсны болж чадаагүй байгаа. Америк энэ үеэ 200 жилийн өмнө туулчихсан. 200 жилийн өмнө туулчихаад манайхыг “Та нар тэг” гэж хэлж байгаа юм. Зорилго нь тодорхой шүү дээ. Хоёр хөрш болон Хойд Солонгостой санхүүгийн эргэлтийг хянахад манайх цонх болж байгаа. Улстөрийн зорилго нь энэ. Тийм заалт туссаныг би мэдэж байсан. Зах зээлийнхээ эхний шатанд явж байж тэр зорилгынх нь золиосонд бүх бизнесмэнээ хуулийн байгууллагын хүлээсэнд өгч болохгүй. Бидний анхны хуримтлал тэгээд хэзээ хууль ёсны болох юм бэ, сүүдрийн эдийн засаг нийт эдийн засгийн 60 хувь хэвээр хэдий болтол явах юм гэдэг л манай асуудал. Америкийн шахалтаар мөнгө угаахтай тэмцэх ёстой гээд туг намируулаад явбал Монгол Улс хэзээ ч хоёр хөрштэйгөө эдийн засгийн зөв интеграцид орж чадахгүй. Дотоод хуримтлал байхгүй юм чинь яаж орох вэ дээ. Дотоодод байгаа мөнгөө хууль бус гэж гудсан дороо живүүлчихээд яаж хөгжинө гэж.

-Хуулийн салбарын реформыг дахиад эхлүүлэх зориг танд байна уу?

-Эргэлзэж байна. Одоогоос зургаан жилийн өмнө би явах замынхаа талыг хараад алхаад орчихсон. Одоо бүтэн харахаар зарим газар нь зориг дутаж эхэлж байна. Эрсдэл, үр дагаврыг нь олоод харчихаар түвэгтэй юм байна. Нэг болон бусад Хууль зүйн сайдууд гэж ярих нь зүйд нийцэх байх. Тэд хуулийн салбар дахь муу муухайг өөрчлөх гэж хэзээ ч оролдоогүй. Хөндөхгүй явсан нь сайн, хөндсөн нь муу хүн болж хувираад байна. Дахиад гараа дүрэх хэмжээний зоригтой хүмүүс гарч ирвэл алга ташиж дэмжинэ.

-Хуулийн салбарт тийм зоригтой хүн байгаа юу?

-Харамсалтай нь алга. Сайн гэж байгаа бүх залуус нэг юмнаас айж байна. Тэднээс “Яагаад Хуульчдын холбоог татан буулгаж, хуульчид олгодог лицензийг Хууль зүйн яам авна гээд байхад дуугарахгүй суугаа юм бэ” гэхээр “Дараа нь лицензийг минь оролддог болчихвол яах юм” гэж байна. Ийм юмнаас айж байгаа хүмүүс үүнээс том руу нь орох уу. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа өмгөөлөгч олдохгүй байсан. Тэр үед хуульчийн гэрчилгээ лицензийг ХЗЯ өгдөг байсан юм. Засгийн газартай сөргөөцөлдөж дуугарах хуульч олдоогүй. Одоо бол хуульчдын холбоо гээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд гээд хэнээс нь ч хамааралгүй ассоциаци тэр лицензийг олгож байна. Тийм учраас Ерөнхийлөгч Цэц рүү дурын хүнээ тавих гэхээр хуульчид шүүмжилж чадаж байгаа. Маргааш нөгөөдрөөс чадахаа байна. Тэгэхээр улстөрчдийн муу түншлэлээс ангид боломжуудыг нээж өгөх хэрэгтэй. Тогтолцооны хамгийн том өөрчлөлтийн ид шид нь эрх мэдлийг задлах. Нэг юм уу хэсэг хүний гарт төвлөрүүлж болохгүй. Ухаантай хүн, сайн нам хайгаад хэрэггүй. Төрөөс эрх мэдлийг нь л авах хэрэгтэй. Төрд байх шаардлагагүй эрх мэдлүүдийг мэргэжлийн холбоод хувь хүн, иргэний нийгмийн байгууллагууд руу шилжүүл л дээ. Тэгвэл аюулгүй болно. Бид үүнийг яриад хоёр жил болсон ч хийх хүсэл хэнд ч алга. Учир нь эрх мэдэлд очсон болгон нь буцаагаад эрх мэдлээ татах гэж оролдож байна. Бид Тахарын албыг байгуулж, цагдаагийн шинэтгэл хийгээд процессийн маш олон өөрчлөлт гаргасан чинь манай ах нар гэж яригддаг хүмүүс над дээр ээлж дарааллаад ууртай орж ирсэн. Тэд нэг л агуулгатай үг хэлцгээсэн. “Арай гэж эрх мэдэл дээр ирж байхад яагаад миний эрхээр оролдоод байгаа юм бэ” л гэсэн.

-Өөрөө өндөрлөгт очоод эрх мэдлээсээ татгалзаж чадах хэмжээний лидер өнөөдрийг хүртэл гараагүй. Жишээ нь танд тийм зориг гаргасан үе байна уу?

-Би Хууль зүйн яаман дээр очоод лиценз олгодог эрхийг хуульчдын холбоо руу шилжүүлсэн.

-Шинэтгэлийн төлөө хэн, хэн гэдэг улстөрч тантай зэрэгцээд зүтгэсэн бэ. Замаасаа ухарсан улстөрчдийг нэрлээч?

-Сэтгэлийн хат гэж ойлголт бий. Сорьж байгаа бэрхшээлийг сэтгэлийн хатаараа давж туулдаг. Найз нөхөд урвасан ч давж гарах тийм хүч. Сэтгэлийн хатыг хоёр юм бий болгодог. Нэг нь шинжлэх ухаан. Нөгөө нь итгэл үнэмшил. Надтай цуг шинэтгэл эхэлсэн хүмүүсийг анзаарахаар шинжлэх ухаанд ойрхон байсан нь тууштай зүтгэсэн. Өмнө нь дарга цэрэг, албан тушаал дээр байсан хүмүүс маш хурдан байраа сольсон. Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг онцлох учиртай. Хийгээд бай л гэсэн. Ганцхан юман дээр эргэлзэж байгаагаа хэлсэн. Тэр нь Захиргааны ерөнхий хууль. Тэрнээс бусдыг нь явуул гэсэн шүү. Хүмүүс Н.Алтанхуяг дээр бидний хийж байгаа шинэчлэлийг муулж орсон. Ц.Элбэгдорж хүртэл дуудаад дарамталсан. Тэр бүхэнд ажраагүй. Энэ бол маш сайн чанар. Ц.Оюунгэрэл, Лу.Болд хоёр их сайн дэмжсэн. Чуулган дээр хамгийн сайн кнопдсон хоёр. Одоо би Лу.Болдыг огт ойлгохгүй байгаа. Тэр үеэсээ огцом өөрчлөгдсөн. М.Батчимэг, Л.Гантөмөр нэмэгдэнэ. Зарим зүйл дээр зөрөөд тэнэг юм ярьдаг ч гэсэн Д.Ганбат дэмжиж байсан. Байнгын хорооны даргын амбиц байсан уу, зарим зүйл дээр хөндлөнтдөг байсан юм. Гэхдээ их сайн түлхсэн хүмүүсийн нэг.

-МАН-аас дэмжсэн хүн байсан уу?

-Сонирхлын зөрчлийн хууль гарах үед Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар цуг явсан. МАН-аас нэг ч хүн дэмжээгүй. Дан нөгөө талд кноп дарсан. Тэр хүмүүстэй цуг байнга нөгөө талд кноп дардаг хүмүүс бас байсан. Жишээ нь, Ж.Батзандан байна. Эрүүгийн хуулийг эсэргүүцсэн хүмүүс гэвэл Ц.Нямдорж, Ж.Батзандан, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар. Бүр хэвлэлийн хурал хийж байсан. Хуучин хэллэгээс тэс өөр бичигдчихээр санаанд нь буухгүй байсан хэрэг. Хуульч биш гишүүд нь бүр ойлгохгүй. Сонсч суугаад философийг ойлгосон хэсэг нь дандаа нөгөө талдаа дарна. Шинэ хандлагын философийг хэн ойлгодог гээч. Хоёр төрлийн хүн ойлгож байсан. Нэгдүгээрт, өмнө нь тэр системээс болж хохирсон хүмүүс. Лу.Болд АТГ-т шалгагдаад бөөн юм болж байсан учраас ойлгосон шиг санагддаг. Ц.Оюунгэрэл бол хүний эрхийн мэдрэмжтэй улстөрч. Гадаад, дотоодод сургуульд сурсан хүмүүсийн ялгаа бас гардаг. Арай дажгүй боловсрол эзэмшсэн нь зөвийг олоод харчихдаг. Гурав дахь төрлийн хүмүүс бизнес эрхлэгчид.

-Тэгвэл ямар хүмүүс нь шууд эсэргүүцсэн бэ?

-Хуулийн байгууллагын албан тушаалтнуудтай хэлхээ холбоотой хүмүүс. Зүв зүгээр байж байснаа гэнэт эсэргүүцдэг. Нөгөөдүүл нь ярьдаг шиг байгаа юм. Яав ийв гэхээр “Хэцүү юм шиг сонсогдоод байна” гэх жишээний. Зарим нь “Тэр тэгсэн” гэж шууд хэлнэ. Тэгээд танд тэр нь ямар хамаатай юм гэхээр “Миний найз” гэж байгаа юм. Удаан жил нөхөрлөж түншилснээ сонгодог юм билээ л дээ. Ц.Элбэгдоржийн сонголт ч ялгаагүй тийм байсан. Х.Тэмүүжин, Д.Дорлигжавыг сонгохдоо аль удаан жил түншилж харилцсанаа сонгосон. Тийм нөхөрлөл түншлэлийн харилцааг үзэл санаагаар давж туулах хэцүү юм билээ.

-Шинэчлэх хүсэл зорилготой хэсэг нь тан шиг залхсан, ойлгосон, ядарсан хандлагатай болчихож. Нэг хүн, нэг нам гарч ирээд суурь шинэчлэлийг шууд хийдэггүй юм байна. Гэхдээ хөгжихийн тулд шинэчлэхээс аргагүй. Шинэчлэлийг яаж хийх вэ?

-Хэм хэмжээ, хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийх гэж оролдсон. Зохион байгуулалтыг нь хийх гэж оролдоод нурсан. Учир нь манайхан ухаажсан байна. Хуулийн салбарын боловсон хүчин маш чухал. Эдийн засгийн салбараас хуулийн салбар яагаад хоцорсныг тайлбарлая. Германчууд посткоммунист улсуудад нэг санал тавьсан байдаг юм. Бодлогын өөрчлөлт хийхийн тулд юуг эхэлж нураах тухай санал байсан. Тэр саналыг амжилттай хийсэн нь германчууд өөрсдөө. Зүүн Европын улсууд 70, 80 гээд янз бүрийн хувьтайгаар хийсэн. Бид 20 хувийг нь л хийсэн. Нураагдаагүй зүйлийн нэг том хэсэг нь хууль. Эдийн засгийн хувьд нураах ёстойг нь сайн нураасан. Иргэний нийгэм, хууль, оюун санааны гэсэн гурван салбар дахь өөрчлөлтийг бид хийгээгүй. Жишээ нь хуурмаг иргэний нийгэм болох Эмэгтэйчүүдийн, Залуучуудын, Оюутны холбоог задлаагүй. Бүтэцтэй, хүний нөөцтэй, санхүүтэй том иргэний нийгмүүдтэй жирийн иргэдийн нэгдлийг өрсөлдүүлэх гэж оролцсон. Шинжлэх ухааныг задалж чадаагүй. ШУА-ийг их сургуулиудтай эрх чөлөөтэй өрсөлдөөнд оруулаагүй. Академич, профессор гээд бюрократизмыг илэрхийлсэн бүх цол нь бүтнээрээ байгаа. Японд доктор хамгаалаад ирсэн залуу Монголд доктор хамгаалсан нөхрийн дор сууж байна. Манай хуулийн салбар яг тийм. Зүүн Европын улсуудад шилжилтийн үеийн Үндсэн хуулиа батлаад, дараа нь гол Үндсэн хуулиа баталсан. Гол үндсэн хуулиа баталсантайгаа холбогдуулаад хуулийнхаа бүх системийг өөрчилсөн. Хуулиудаа өөрчилсөнтэй холбоотойгоор шүүх, прокурор, хуулийн байгууллагуудыг аттестатчилсан. Өмнөх туршлага, мэдлэг шинэ системд падлийгүй, үнэ цэнэгүй гэж үзсэн хэрэг. Манайх тэгээгүй. Ямар ч шинэ боловсон хүчин шүүх дээр очоод тэс өөр дүрэм, оюун санаа, хуулиар ажиллаж эхэлж байгаа юм. Дээд шүүгчийн үгэнд орохгүй бол тэнд хэн ч биш. Их сонин систем.

-Та энэ системийг эвдэх гэж оролдсон уу?

-Оролдсон. Хуульчдын холбоо байгуулаад Шүүгчийн ёс зүйн хороог тэнд хийчихсэн юм. Тэрийгээ ажиллуулах гээд бэлтгэл ажлаа эхэлж байтал шүүгч нар лоббидсон. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ерөнхийлөгч дээр орсон. Тэгж байтал хэсэг гишүүд гэнэт хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барьчихсан гээд бод доо. “Яаж байгаа юм” гэж асуутал “Ерөнхийлөгч өргөн барь гэсэн” гэдэг байгаа. Ерөнхийлөгч рүү ортол “Та нар буруу юм хийсэн байна лээ. Дээд шүүхийн шүүгч нар орж ирсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд Ёс зүйн хороог байгуулна” гэж байна. “Шүүхийн дотор байгуулахаар цус нэгдсэн систем болчихоод, цусаа цэвэрлэж чадахгүй байна. Тийм учраас гадна нь байгуулж байгаа юм” гэтэл “Тийм юм байхгүй” л гэсэн. УИХ дээр бөөн маргаан болсны эцэст Шүүхийн ерөнхий зөвлөл дотор Ёс зүйн хороо байгуулагдсан л даа. Тэгээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүх даргыг Ерөнхийлөгч томилдог болчихлоо. “Яаж байгаа юм бэ. Ерөнхийлөгчид ийм эрх өгөхгүй гэж тохирсон биз дээ” гэхээр “Үгүй” гэчихэж байгаа юм. “Та энэ суудал дээр мөнхрөхгүй. Шүүх улс төрөөс хэт хамааралтай. Ингэж болохгүй шүү дээ” гэж хэлээд бараагүй. Тэгсэн бас нэг сонирхолтой юм болсон. Цэц дээр дахиад гомдол гаргачихлаа. Ёс зүйн хорооны шийдвэр захиргааны давж заалдах хяналтын хорооны шүүхээр хянагдаад эцэслэгддэг байсан юм. Яг арбитрын шийдвэр шиг. Гэтэл Цэц дээр гомдол гаргангуутаа Дээд шүүх дээр эцэслэдэг болгочихсон. “Яагаад вэ, буцаад бүгдийг Дээд шүүх атгачихлаа шүү дээ” гэсэн ч тоогоогүй. Энэ концепцийг нураагаад байгаа нь өнөө л хуучин кадрууд. Тэгээд тэр хүмүүсийг үгүй хийх ямар арга байна вэ гэдэг асуултад хариу хайсан. Ингээд Эрүүгийн хууль, Захиргааны ерөнхий хуулийг бичсэн. Иргэний хуулийг бичих гэж оролдож байгаад түр орхисон. Энэ хоёр хууль өөрчлөгдөхөөр шүүгч нарын хуучин мэдлэг үнэ цэнэгүй болно. Тэгэнгүүт аттестатчлал ч юм уу ямар нэгэн зүйлийг хийж болох талаар бодож эхэлсэн. Өөрсдийгөө өргөмжилсөн орчныг нь үгүй хийх гэж оролдсон л доо. Гэтэл нөгөө талд хоорондоо үзэлцдэг Ц.Нямдорж, С.Нарангэрэл багш, дээд шүүхийн шүүгч нар нийлж суугаад шүүмжилсэн. Тэр хандлагыг ялаад гарна гэж бодож байсан. Улс төрийн эр зориг, зохион байгуулалтаа хийсэн учраас явчих байх гэж харсан л даа. Харамсалтай нь чадаагүй.

-Яагаад?

-Яг тэр шинэчлэлийн дундуур Эрдэнэт мэт эдийн засгийн том асуудлууд ороод ирчихсэн. Ц.Элбэгдорж гэх мэт эрх мэдэлтний эрхийг хязгаарлахаар өнөө асуудал дээр орох оролцоог хязгаарлана гэж харсан. Энийг нь зогсоож унагаад, Ч.Сайханбилэг, Д.Дорлигжавыг авчирч тавибал үгээр ажиллана, тэгээд эдийн засгийн асуудлуудаа шийдчихнэ гэж тооцсон хэрэг л дээ. Засаг унасан шалтгааны нэг нь энэ. Тэгэхээр боловсон хүчнийг дороос бэлдэхээс гадна дээр байгаа эрх мэдлүүдтэй кадруудаа бодох ёстой. Тийм бодлоор Дээд шүүгчийн ерөнхий шүүгч улирахгүй гэдэг хуулийн заалтыг зүтгэж байгаад батлуулсан. Бас л үр дүнд хүрээгүй. Түрүүн хэлсэн дээ, Үндсэн хуулийн цэцээр хүчиндүүлээд улирч томилогдсныг.

-Үндсэн хууль руу бүх бурууг чихэж байна л даа. Жишээ нь, эрх мэдлийн хуваарилалт дээр Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулбал зүгээр вэ. Та өөрийнхөө моделийг сонирхуулаач?

-Би Үндсэн хуулийн эрх зүйн чигийн мэргэжилтэн. Миний хувилбар бол хүчтэй Ерөнхий сайдтай, парламентын хяналтыг зохистой хэмжээг хүчирхэгжүүлсэн хувилбар Монголд илүү зохино. Парламентын засаглалыг сайжруулах байдлаар хоёр том хөршийнхөө дунд харьцангуй бие даасан байдлаар ардчиллаа авч явж чадна. Ерөнхийлөгчийн засаглал руу шилжвэл стануудын нэг л болж хувирна. Тийм учраас Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танасхийгээд Ерөнхий сайд руу шилжүүлж парламентаа Засгийн газраа хянах хэмжээнд хүргэх чадамжтай болгох ёстой. Тэгэхийн тулд хэд хэдэн алхам хийх учиртай. Давжаа маягийн парламентаа томруулах хэрэгтэй. Парламентын гүйцэтгэх эрх мэдэлтэй булаацалдаж байгаа эрх мэдлүүдийг Засгийн газарт өгөх ёстой. Санхүү, томилгоотой холбоотой хоёр л эрх мэдэл бий. Ерөнхийлөгчийг Засгийн газартай өрсөлдөхүйц бодлого тодорхойлогч байхыг болиулах шаардлагатай. Тэгж байж харьцангуй тэнцвэртэй зөв эрх мэдэлд хүрнэ.

-Төр бизнес болон хүний эрхэд халдах нь түгээмэл байдаг. Үүнийг яаж хязгаарлах вэ?

-Төрийн байгууллагад өгсөн эрх мэдлийг хэзээ, хаана, хэрхэн хэрэгжүүлэх тухай ямар ч зохицуулалт байхгүй. Үндсэн хуульд гагцхүү хуульд заасан үндэслэлийн дагуу хүний эрхийг хязгаарлана гээд заачихсан. Гэтэл Монголын бүх хуулийг харахаар яаж гэдэг асуултад хариулдаг хуулиуд нь байхгүй. Тэрийг байгууллагын дарга нь чиглэл, заавар, журам гаргах замаар шийдсээр ирсэн. Өөрөөр хэлбэл хуульгүйгээр хүний эрх рүү халдаж байгаа хэрэг. Монголд галт зэвсэг хэрэглэдэг долоон байгууллага бий. Галт зэвсгийг хүний эсрэг хэрэглэнэ. Галт зэвсгийн нөгөө талд хүний амьд явах эрх бий. гэтэл энэ долоон байгууллагын зөвхөн нэг нь л хуультай. Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн тухай би түрүүн ярьсан. Бусад улсуудад байгууллага нь ямар байхаас үл хамаарч хүний эрхэд халдаж байгаа бүх үйл явцыг хуулиар зохицуулдаг. Гэтэл манай гаалийн байцаагч хүний биед даргынхаа гаргасан журмаар үзлэг хийдэг. Бусад улсад хуулийн дагуу гүйцэтгэдэг. Хүний эрхтэй холбоотой асуудал учраас. Гэтэл Монгол Улсад захиргааны арга хэмжээг ямар ч хуульгүй хийдэг. Тэрбумын эргэлттэй Оюу толгойг нэг байцаагч очоод зогсоочихож байгаа юм. Тэгэхээр Монгол Улс хуулиар засаглуулдаг улс биш. Нэгдсэн стандарт байхгүй гэсэн үг. Нэгдсэн стандартгүй төр гэдэг бол бүх үзүүрээрээ тоглож болдог зэвсэгтэй төр. Тийм учраас бид хууль сахиулах ажиллагааны хууль гэж баталсан. 2016 онд буцаагаад татчихсан. Одоо тийм хууль байхгүй. Манай шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг, тагнуулын байгууллага, АТГ, цагдаа гэх мэт хүний эрх рүү төрийн хамгийн том хүчирхийллийг үйлддэг байгууллагууд огт хуульгүй ажиллаж байна. Тэрний дэргэд мэргэжлийн хяналт, татварын байгууллагын асуудал жижиг. Нэг нь хүний амь, нөгөө нь эд хөрөнгөтэй холбоотой учраас. Тэгэхээр төрд эрх мэдэл олгохоос илүүтэй төрийг тэр ажлаа яаж хийхийг заахад хуулийн гол зорилго байдаг. Харамсалтай нь бид тэр зорилго руу хуулиа чиглүүлээгүй. Дарга тэгж болно, тэгэх эрхтэй гэсэн агуулгаар л хуулиа бичиж байна.

-М.Энхболдыг хууль гаргаад огцруулчихлаа. Энэ мэтээр кейс бүр дээр хууль гаргаад байх нь хэр зөв жишиг вэ?

-Таны харж байгаа өнцөг минийхээс өөр байна. Яагаад УИХ-ын дарга гэдэг хүн бусад улсад зөвхөн хуралдаан удирддаг спикер байхад манайд том албан тушаалтан болчихов оо. УИХ гэдэг бол 76-уулаа адилхан эрх мэдэлтэй байдаг хүний тухай яриа. Гэтэл тэр парламентын нэг хүн нь дарга болчихоод бусдаасаа эрх мэдлээр илүүрхээд байна. энэ нь зөв үү гэж асуух учиртай. УИХ-ын дарга нь яагаад ҮАБЗ-д ордог вэ, ҮАБЗ-д УИХ-ын дарга нь ордог ямар улс байна гээд харах хэрэгтэй. Дэлхийд парламентдаа зөвлөмж гаргадаг ҮАБЗ-тэй улс байна уу. Харах л ёстой өнцөг. ҮАБЗ-ийг тэс өөр зүйл болгосныг энэ мэтээс харж болно. УИХ-ын дарга мөртлөө парламентын томилгоонуудыг шийдвэрлэгч болоод хувирчихав аа. Парламентын томилгоо гэдэг бол байнгын хорооны эрх мэдэл дээр төвлөрдөг. Тэгэхээр томилгоонд оролцох эрх мэдэл байх ёсгүй. Ингээд харахаар албан тушаал буулаа гэдэг асуудал биш болчихож байгаа биз. Спикерийг солих асуудал албан тушаалтан буулаа гэдэг асуудал биш. Хурал удирдагчийн тухай яриа.

-Нэг хүнд зориулж хууль батлах гэдэг өнцгөөс нь харвал…?

-Спикер нь хэн байх гэдэг бол парламентын асуудал. Яагаад парламентын дотоод асуудлыг Ерөнхийлөгч санаачилж байгаа юм. Ерөнхий сайд яагаад УИХ-ын дарга хэн байхыг шийдэх гэж улайрч дайраад байгаа юм бэ. Парламент үүнийг хянах ёстой инститүци. Гэтэл эрх мэдэл хуваарилах хамгийн суурь зарчим хянагдах субьект нь хянах субьектийнхээ хурлыг удирдах хүнийг шийдэх гээд улайрна гэдэг бол нөгөө эрх мэдлийн тэнцвэр алдагдсаны хамгийн том жишээ. Хамгийн том гажиг. Тэр гажгийг алдаршуулаад алга ташиж суугаа нь том аюул. Энэ УИХ дотор жинхэнэ хууль тогтоогч, парламентч байсан бол ямар ч Засгийн газар, Ерөнхийлөгчийн санаачилж байгаа өөрсдийг нь хэн удирдах тухай асуудлын эсрэг бүгд “Болиорой чи, юу болж байна” гэж зогсох ёстой. Ерөнхий сайдаа дагаад алга ташаад гүйх ёсгүй. Тэгэхээр Монгол Улсад парламент байна уу гэж асуух учиртай. Монгол Улсад парламент байна уу, эсвэл Засгийн газар худалдаад авсан хэдэн хүн байна уу гэсэн асуултыг сөргүүлж тавих ёстой. Харамсалтай нь хэн ч тэгж асуусангүй. Үндсэн хуулийн хамгийн том суурь зарчмыг эвдсэн явдал болсон. Сая хэлсэн зүйлс мундаг судлаачийн мэдэх ёстой асуудал биш. Жирийн дундаж ухаалаг хүний энгийн логик, иргэний боловсролоороо мэдэж байх ёстой асуудал. Манайд тийм хүн даанч алга.


Categories
мэдээ цаг-үе

М.Мөнхгэрэл: Манайхны хүний дор орохгүй гэсэн, яаруу адгуу зан нь зам тээврийн ослын гол шалтгаан болдог

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэлтэй ярилцлаа.


-Зам тээврийн осол гол төлөв хэний буруутай үйлдлээс шалтгаалж гарч байна вэ?

-Зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлийг ангилахдаа жолоочийн буруутай үйлдэл, явган зорчигчийн буруутай үйлдэл, замын нөхцөл байдлаас шалтгаалсан гэж гурван үндсэн төрөлд хуваан авч үздэг. Хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох зэрэг нь жолоочийн буруутай үйлдэлд хамаарна. Явган зорчигчийн буруутай үйлдлийг гарцгүй газраар зам гарах, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулах, согтуугаар замын хөдөлгөөнд оролцох гэж ангилж үздэг. Замын эвдрэл гэмтлийн улмаас улмаас зам тээврийн осол гарахыг замын нөхцөл байдлаас шалтгаалсан гэж үзнэ. Нийт гарч буй зам тээврийн ослын 98 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж байна гэсэн судалгаа гарсан. 1.8 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдэл, үлдсэн нь замын нөхцөл байдлаас шалтгаалсан байдаг.

-Зам тээврийн осол буурахгүй байгаа шалтгаан нөхцөл нь юу бол. Гаргасан судалгаа байдаг уу?

-Нийслэл хотод бол анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцдог, хажуу хоорондын зай барьдаггүй, эгнээ байр буруу эзэлдэг гэх нийтлэг зөрчлүүд буурахгүй байгаа нь зам тээврийн осол гарах үндэслэл болж байна. Хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хүлээцгүй, амин хувиа хичээсэн үзэл нь осол гарах өөр нэг шалтгаан.

-Хүний амь эрсэдсэн ноцтой ослууд гол төлөв орон нутгийн замд гардаг. Нийгмийг цочроосон ноцтой ослууд ар араасаа гарч байгаа ч энэ төрлийн осол буурахгүй л байх шиг?

-Зам тээврийн ослын шалтгаанууд нийслэл болон орон нутагт харилцан адилгүй. Хүн амын нягтаршил, замын нөхцөл байдлаас шалгаална. Орон нутгийн түгжрэлгүй сэлүүхэн замд жолооч нар хурд хэтрүүлэх, жолоочийн ур чадваргүйгээс шалтгаалж ноцтой осол гардаг.

Замын хөдөлгөөн сэлүүхэн үед жолооч нар жолоо шилжүүлдэг нийтлэг зөрчил ажиглагддаг. Үүний улмаас нэг дор олон хүний амь нас эрсдэж, эд материалын хохирол амсаж байна. Орон нутгийн замд гарч буй осол гол төлөв гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед гарсан байдаг. Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 50 орчим хувь буруу талдаа жолооны хүрдтэй. Ийм тээврийн хэрэгслээр гүйцэж түрүүлэхдээ жолооч нар хугацаа зайгаа буруу баримжаалдаг. Мөн замын нөхцөл байдалд тааруулж хурдаа тохируулахаа мэддэггүй. Таны тээврийн хэрэгсэл өндөр хүчин чадал бүхий үзүүлэттэй байлаа ч замын нөхцөлд тааруулж хурдаа тохируулах хэрэгтэй. Баяр ёслолын үеэр орон нутгийн замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суух зөрчил буурахгүй байна.

-Жолооч нар холын замд гэрлээ шилжүүлэхгүй байна гэсэн гомдол их байдаг?

-Гэрэл шилжүүлэхгүй байх нь “Би л болж байвал бусад нь яасан ч яахав” гэсэн жолооч нарын аминчхан үзэл л дээ. Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь осол гарах томоохон шалтгаан болдог. Хол замд удаан жолоо барихад бие нь чилж зүүрмэглэдэг. Нүд ирмэхийн зуурт л осол гарна.

-Монгол хүний аминчхан үзэл осол гарах томоохон шалтгаан болж байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Бусад орны жолооч нарыг судлахад бие биедээ хүлээцтэй хүндэтгэлтэй ханддаг. Монголчууд хүүхдээ “миний хүү хүний дор орж болохгүй шүү” гэж хүмүүжүүлж өсгөдөг. Энэ суурь хүмүүжлээ жолоо барьж замын хөдөлгөөнд оролцохдоо гаргаад байдаг. Хүний дор орохгүй, яаруу адгуу зан нь зам тээврийн ослын гол шалтгаан болж байна. Монгол хүн өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаг зан нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөө үзүүлдэг.

-Зам тээврийн осол жолоочийн тухайн үеийн сэтгэл зүйтэй холбоотой байдаг уу. Залуу жолооч нар осол хийх нь элбэг байгаа нь ажиглагддаг?

-2018 оны жилийн эцсийн байдлаар манайд 1,270690(нэг сая хоёр зуун долоон мянга зургаан зуун ерэн) жолооч бүртгэлтэй байдаг. Жил тутам 60-70 мянган хүн шинээр жолооч болж бэлтгэгдэж буй судалгаа бий. Осолд холбогдож байгаа, дүрэм зөрчиж буй иргэдийг жолооч болсон хугацаагаар нь ангилж үзэхэд 0-5 жил хүртэл хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүс зонхилох хувийг эзэлдэг. Залуу хүүхдүүдийн жолоочийн ур чадвар хангалтгүй, бие биенийхээ дээр гарах гэсэн үзлээс шалтгаалж зам тээврийн осолд хобогдох нь элбэг. Хоёр жолооч тутмын нэг нь 18-24 насны хүн байна. Ослын улмаас амь насаа алдаж буй иргэдийн гурван хүн тутмын нэг нь энэ насныхан байгаа юм. Залуус маань “Би” гэж хийрхдэг нийтлэг зантай болчихсон байна. 20 орчим жил жолооны ард суусан хүмүүс тайван хүлээцтэй, ур чадвартай байдаг учраас осол аваар хийх нь бага байдаг. Бусдын амь насыг хариуцаж яваагаа гүйцэд ухамсарласан болохоор тэр шүү дээ. Залуу жолооч нарын сэтгэл зүй бэлтгэгдээгүй учраас осолд холбогдож байгаа юм.

-Жолооч нарын сэтгэл зүй хангалтгүй бэлтгэгдэж байгаа шалтгаан юу вэ?

-Дээр дурдсан монгол хүн нэгнийхээ дор орохгүй,“би” гэсэн үзэл давамгайлсан байдагтай холбоотой. Мөн жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаа хангалттай бус байна. Замын хөдөлгөөний дүрэм заагаад, хотын жолоонд хагас дутуу гаргаад л үнэмлэх өгчихдөг. Аюултай нөхцөлд ямар арга хэмжээ авах, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг хэрхэн хүндэтгэх, осол хэргээс урьдчилан сэргийлэх хичээл ордоггүй. Сэтгэл зүй нь гүйцэд бэлтгэгдээгүй жолооч нар олноор гарч буй нь осол гарахад нөлөөлж байгаа. Жолооч нарыг адистатчилах шаардлагатай байна. Нэг жил болоод л шалгалт авдаг, тэнцсэнийх нь эрхийг нь сэргээгээд, унасаныг нь дахин сургалтад суулгадаг байвал зүгээр. Манайхан нэг жолооны курс төгсөөд л насаараа жолоо барьдаг. Хүн тээврийн хэрэгсэл жолоодохдоо өөрийнхөө болон бусад хүний амь насыг хариуцаж яваагаа ухамсарлах хэрэгтэй. Жолооч хүнд зөв дадал хэвшил суусан байх шаардлагатай. Ямар ч тохиолдолд дүрмээ баримтлана. Бусад хүмүүс дүрэм зөрчиж байгаа эсэх нь хамаагүй. Манайхан барьцаад л дайрдаг. Тухайн хүн өөрөө дүрмээрээ явж байхад өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж байна гэж үздэг.

-Сая галт тэрэгний урдуур ачааны машин орсон ноцтой осол гарсан. Шалтгаан нь юу байдаг юм бол?

-Тухайн ослын шалтгаан нөхцөлийг одоогоор тогтоогоогүй байгаа. Авто машины жолооч зүүрмэглэсэн, хэт ядарсан ч байж магадгүй. Анхаарал суларсан ч байж болно. Ослын шалтгааныг эцэслэж тогтоогүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарлаа бүрэн төвлөрүүлэхгүй байна уу?

-Нэг том эрсдэл нь энэ. Автомашинд ухаалаг хөгжим, зурагт хүртэл байдаг болсон байна. Жолоочийн анхаарлыг сарниулах том хэрэгсэл шүү дээ. Жолооч хүн хором ч анхаарлаа сарниулж болохгүй. Тэнд хүүхэд уйлж байна уу, утсанд дуудлага ирж байна уу хамаагүй. Бусдын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хөдөлгөөнөө зогсоосны дараа бусад зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрийн болон бусдын амь насыг давхар авч яваагаа ухамсарлахгүй байна л даа, жолооч нар. Хөдөлгөөний үед фэйсбүүкээр аялна, утсаар ярина. Чанга хөгжим сонссон, утсаар ярьсаны дараа замын хөдөлгөөнд яаж оролцсоноо санахгүй байх тохиолдол байдаг. Жолооны ард суусан л бол ном, сонин, гар утас хэрэглэхийг хориглох тухай замын хөдөлгөөний дүрэмд заасан. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг хувь хүний аюулгүй байдлыг хангахад зориулж гаргасан зөвлөмж юм. Үүнийг л баримтлаад явахад зам тээврийн осолд өртөхгүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ботгонд бонус” хөтөлбөр өгөөжтэй байна

“Монголын Алт” (МАК) ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2012 оноос хойш жил бүр Сар шинийн баярын угтан ахмадуудад хүндэтгэл үзүүлж, хүчит бөхийн барилдаан зохион байгуулж, “Ботгонд бонус” болзолт уралдаанаа дүгнэдэг уламжлалтай билээ.

Өнөө жилийн “Ботгонд бонус” арга хэмжээг Дорноговь аймгийн Мандах суманд өнгөрөгч нэгдүгээр сарын 15-нд зохион байгуулав. Хөтөлбөр анх хэрэгжиж эхлэхэд Мандах суманд 622 ботго бойжиж байсан юм. Тэгвэл 2018 онд л гэхэд 1487 ботго бойжиж, өнгөрсөн долоон жилд нийт 8547 ботго бойжсон үзүүлэлттэй байна. Монгол тэмээний үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчид тэмээчдийн туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршдог билээ. Энэхүү зорилгын тод илрэл болж тус аймгийн Мандах сумын дөрөвдүгээр багийн малчин Н.Баясгалан 64 ботго буюу өнгөрсөн онд хамгийн олон ботго бойжуулж сумын ард иргэддээ үлгэр дуурайлал үзүүлж, говийн тэмээн сүргийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн өргөмжлөл, бонусыг гардууллаа. “Ботгонд бонус” хөтөлбөрийн хүрээнд бойжсон ботго тус бүрийг 20 мянган төгрөгийн бонус дагалдан эзэндээ очдог билээ. Ийн Мандах сумын тэмээчид бойжуулсан ботго тус бүрийнхээ тоогоор бонусаа гардан авлаа. Энэ үеэр нутгийн иргэд “Ботгонд бонус” хөтөлбөрийг өгөөж ихтэй, цаг үеэ олсон арга хэмжээ болдог гэдгийгярьж байсан юм.

Тус арга хэмжээний дараа Мандах суманд Сар шинийн баярт зориулсан аймаг, сумын цолтой хүчит бөхийн барилдааныг зохион байгуулсан юм. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бай шагнал өндөртэй энэхүү барилдаанд аймаг, сумдын алдар цолтой бөхчүүд өргөнөөр оролцдог болсныг бөх сонирхогчид, нутгийн иргэд онцлон хэлж байв. Шороон гахай жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан И.Баатархүү түрүүлж, сумын заан И.Баатарчулуун үзүүрлэж нутгийн олныг баясгалаа. Мөн энэ үеэр өсвөрийн бөхийн барилдааныг явуулж, тус сумын харьяат аймгийн хүрэл медальт Н.Одмандах түрүүлж, О.Чилүгэн үзүүрлэсэн юм. Түрүүлж үзүүрлэсэн, шөвгөрсөн хүчит бөхчүүдэд МАК компанийн дэд Ерөнхийлөгч Б.Энхмандах өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө. Түүнчлэн Мандах сумын 176 ахмадад Сар шинийн мэнд дэвшүүлж компанийн зүгээс баярын хүнс, бэлэг дурсгалын зүйл гардуулан, эрүүл энхийг хүсэн ерөөв.

Categories
мэдээ цаг-үе

Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөхгүй байгаа МАн, Ан-ын эрх мэдэлтнүүд хэн бэ

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдоод удаагүй байхдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудыг дуудаж уулзсан юм. Тэрбээр Хөгжлийн банкны зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу өнөөдөр танилцуулахыг үүрэг болгосон юм. Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой олон хэргийг АТГ-т шалгаж байгаа билээ. Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэрэг нь шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа. Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг 2016 оны наймдугаар сарын 17-ны өдөр байгуулсан билээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяраар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус банкийг шалгаад хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн тухай танилцуулж байсан. Тэд Хөгжлийн банкийг үүсгэн байгуулагдсанаас хойших хугацаанд татан төвлөрүүлсэн нийт санхүүжилтийн эх үүсвэр, төслүүдийн сонгон шалгаруулалт, зарцуулалт, хэрэгжилт зэргийг шалгасан гэдгээ тухайн үед мэдэгдэж байсан. Мөн Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Хөгжлийн банкны асуудлыг яаралтай хэлэлцэхгүй бол болохгүй байгаа юм. Тус банкны чанаргүй зээл 13.9 хугацаа хэтэрсэн зээл 70 орчим хувь байна. Хэчнээн хэмжээний зээл өгсөн, хэн хэн авсан, Засгийн газар хэдий хэмжээний баталгаа гаргаж өгсөн бэ гэдгийг ил болгох хэрэгтэй. Ингэж байгаад хэлэлцэх нь зөв. Хөгжлийн банкны нийт зээлийн 84 хувь нь асуудал дагуулж байна. Тиймээс энэ мэдээллийг гаргаж өгөөд хэлэлцмээр байгаа юм” хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Хөгжлийн банк”-ны зээлтэй холбоотой маш ноцтой асуудлыг УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн. Нийт зээлийн 84 хувь нь эргэн төлөгдөхгүй байдалд байгаа нь тодорхой болоод байгаа. Тэгвэл “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтаар ямар, ямар зөрчил тухайн үед илэрч байсан. Ямар хүмүүс зээл авчихаад эргүүлэн төлөхгүй байгаа гэдгийг уншигч та бүхэнд хүргэж байна.

УИХ, ЗАСГИЙН ГАЗРААС БАТЛААГҮЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛДЭГ БАЙЖЭЭ

2015 онд Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкны “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт шалгалт хийж байжээ. “Чингис” бондыг авахад үйл ажиллагааны зардалд 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монголбанк 5.4 сая ам.доллар төлсөн байна. Гэтэл үүнээс хорь гаруй хоногийн дараа Засгийн газрын тогтоолоор бондын зардалд дахин 5.4 сая ам.долларыг гаргуулжээ. Төсвийн тухай хууль зөрчиж, нэг ажлын үйл ажиллагааны зардлыг хоёр удаа төлсөн энэ зөрчилд өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй гэнэ. “Самурай” бондын 290 сая ам.долларыг авахдаа нийт зээлийн 20 хувь буюу 55.7 сая ам.долларыг зээлийн зуучлалын хөлс, хүүгийн төлбөрт шууд суутгуулсан байна. “Чингис” бондын нийт санхүүжилтийн 50 хувь буюу 1.1 их наяд төгрөгийг ойрын хугацаанд эргэн төлөгдөх баталгаагүй автозам барих, “Гудамж” төсөл, Улаанбаатар хотын дэд бүтцийн төсөлд зарцуулсан гэж үзжээ. Нийт бондын хөрөнгийн 62 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлд зарцуулсан нь ойрын жилүүдэд төсөвт асар их дарамт учруулах эрсдэлтэй гэдгийг ҮАБЗ 2015 онд зөвлөмжөөр Засгийн газарт хүргүүлж байсан удаатай гэнэ. Гэвч үүнийг үл тоомсорлож байсан нь Хөгжлийн банкийг өнөөгийн хүнд байдалд хүргэснийг сүүлд байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ. Мөн Хөгжлийн банк нь УИХ, Засгийн газраар батлуулаагүй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг ноцтой алдаа гаргадаг байсныг шалгалтын дүн харуулав. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг хууль бусаар гаргасан гэнэ. Мөн Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл дур мэдэн олгосон байна. Энэ нь Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, 10.1 дэх хэсэгт заасан УИХ-аас шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталсны дагуу санхүүжүүлэх ёстой үндсэн чиг үүргээ зөрчсөн үйлдэл болжээ. Мөн зээл олгох шийдвэрийг Засгийн газар бус Хөгжлийн банкны Зээлийн хороо хуульд заасан нэгжүүдийн саналыг үндэслэн гаргах заалтыг ч зөрчсөн гэнэ.

13 ИХ НАЯДААР ХЭМЖИГДЭХ САНХҮҮГИЙН ЗӨРЧИЛ ЮУНААС ҮҮСЭВ

“Чингис” бондын хөрөнгийг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал 694 тэрбум төгрөг болжээ. Мөн Монголбанкнаас шаардсаар байхад нь биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрсэн байна. “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, Хаан банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар зориулжээ. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан байна. Бас Таван толгойн цахилгаан станц, төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд нэг сая 414 мянган ам.доллар төсөвлөн баталсан гээд өндөр дүнтэй мөнгө яригдаж байна. Дээрхээс гадна төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн байдал баримтаар харагдаж байна. Зөвхөн цалингийн зардлын хувьд гэхэд нэг сая 484.800 ам.долларыг давхар тооцжээ. “Амгалан” дулааны цахилгаан станцын төсөлд Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох хүртэлх хугацаанд гурван удаа гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгожээ.

ХӨГЖЛИЙН БАНКНААС САНХҮҮЖИЛТ АВСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД

Хөгжлийн банк 2012 оноос эхлэн санхүүжилт олгож эхэлсэн байна. 2016 оны байдлаар гэхэд нийт 5.373.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Нийт олгосон зээлийг эргэн төлөгдөх нөхцөлөөр нь авч үзвэл улсын төсвөөс төлөгдөх төсөл, арга хэмжээ нь 54 хувь буюу хамгийн өндөр дүнтэй байна. Мөнгөн дүнгээр 2.679.9 тэрбум төгрөг ажээ. Төслийн орлогоос эргэн төлөгдөх шууд олгосон зээл нь нэг 1.483.7 тэрбум төгрөг гэнэ. Харин арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээл нь 1.209.8 тэрбум төгрөг байна.

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээг салбараар танилцуулъя.

Авто зам: 114 төсөлд 1.157.4 тэрбум төгрөг,

Гудамж төсөл: 95 төсөлд 134.3 тэрбум төгрөг,

Инженерийн дэд бүтэц: 68 төсөлд 349.4 тэрбум төгрөг,

Цахилгаан, хий, уур, агааржуулалт: таван төсөлд 349.4 тэрбум төгрөг,

Уул уурхай: хоёр төсөлд 5.5 тэрбум төгрөг,

Төмөр зам: нэг төсөлд 347.1 тэрбум төгрөг,

Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа: нэг төсөлд 80.0 тэрбум төгрөг,

Боловсруулах үйлдвэрлэл: нэг төсөлд 7.9 тэрбум төгрөг,

Санхүүгийн үйл ажиллагаа: нэг төсөлд 2.7 тэрбум төгрөг,

Улсын төсвөөс шилжин ирсэн төслүүд (авто зам, дэд бүтэц, бусад): 57 төсөлд 254.1 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна.

ТӨСЛИЙН ОРЛОГООС 1.483.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ШУУД ЭРГЭН ТӨЛӨГДӨНӨ

Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүдийн шууд эргэн төлөгдөх зээлийн хэмжээ нь 1.483.7 тэрбум төгрөг байгаа аж. Энд нийтдээ төрийн өмчит болон хувийн хэвшлийн 16 компанийн нэрсийг жагсаажээ. Хэн, хэн хэдэн төгрөгийг ямар төсөлд санхүүжилт хэлбэрээр зээлснийг сонирхуулъя.

1. “Монголын төмөр зам ТӨХК шинэ төмөр зам” төсөлд 14.3 тэрбум төгрөг,

2. “ДЦС-4 “ТӨХК- хүчин чадал нэмэгдүүлэхэд 19.2 тэрбум төгрөг,

3. Эрчим хүчний яам-“Амгалан” дулааны станц барихад 3.0 тэрбум төгрөг,

4. “Мон-Лаа” компани-Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрлэлдээ 5.6 тэрбум төгрөг,

5. “Эрдэнэс Таван толгой” ХК- 372.2 тэрбум төгрөг,

6. “Багануур” ХК- Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг өргөтгөхөд 18.6 тэрбум төгрөг,

7. “Геологийн төв лаборатори” ТӨҮГ- Геологийн төв лабораторидоо 0.4 тэрбум төгрөг,

8. “Кью Эс Си” ХХК- Төмөртэй ордоос Хандгайт хүртэлх төмөр замд 133.7 тэрбум төгрөг,

9. “МИАТ” ТӨХК- Тээврийн үйл ажиллагаанд 152.6 тэрбум төгрөг,

10. ТОСК Буянт-Ухаа-1, 2, аймаг бүрт 1000 айлын хөтөлбөр, Шинэ яармаг орон сууцны хороолол, барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор-292.0 тэрбум төгрөг,

11. “Пи Ай ЭМ ЭМ” ХХК- Яармагийн гүүрний хажуу дахь орон сууцны хороолол-24.9 тэрбум төгрөг,

12. “МАК Цемент” ХХК Хөх цавын цемент – 133.2 тэрбум төгрөг,

13. “Монполимет” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК-126.6 тэрбум,

14. “Эрэл” ХХК “Байшин үйлдвэрлэх комбинат” төсөл- 70.4 тэрбум төгрөг, АН,

15. “Бэрэн групп” ХХК -Барилгын арматурын үйлдвэрлэл төсөлд 32.0 тэрбум төгрөг, АН,

16. “Хөтөл” ХХК- Хөтөлийн цемент үйлдвэрлэл төсөлд 84.8 тэрбум төгрөг.

АРИЛЖААНЫ БАНКУУДААР ДАМЖУУЛАН 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ

Хөгжлийн банк нь төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр арилжааны 11 банктай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 13 хөтөлбөрийн 1619 төсөл хэрэгжүүлэгчид 1.2 их наяд төгрөгийн зээлийг олгожээ. Эдгээр банкуудаас Голомт банкаар хамгийн их буюу 397.2 тэрбум, Худалдаа хөгжлийн банкаар 318.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна. Энэ дүн нь нийт дамжуулан зээлийн 60 хувьтай тэнцэх ажээ. Энэ хоёр банкнаас зээл авсан компаниудыг танилцуулъя.

Худалдаа хөгжлийн банкнаас дамжуулан зээл авсан томоохон аж ахуйн нэгжүүд:

1. “Баатарууд тэнгэр” ХХК-Мах хөтөлбөрийн хүрээнд 7.0 тэрбум төгрөг

2. “Баатрууд тэнгэр” ХХК –ЖДҮ-ийн зээлийн хүрээнд 2.0 тэрбум төгрөг,

3. “Дархан мийт фүүдс” ХХК-Экспортыг дэмжих, импортыг орлох 300 тэрбум төгрөгийн хүрээнд 2.0 тэрбум төгрөг,

4. “Дархан мийт фүүдс”-Мах хөтөлбөрийн хүрээнд 3.5 тэрбум төгрөг,

5. “Макс хотелс” ХХК, “Макс ложинг” ХХК АСЕМ-ийн хүрээнд нийт 27.0 тэрбум төгрөг,

6. “Монос групп” ХХК экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд 5.9 тэрбум төгрөг тус тус авсан байна.

Голомт банкаар дамжуулан зээл авсан томоохон аж ахуйн нэгжүүд гэвэл

1. “Номадс резиденс” ХХК – АСЕМ-ийн хүрээнд 13.5 тэрбум,

2. “Эхийн шүүдэр” ХХК-экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд 5.8 тэрбум төгрөг,

3. “Сүү ХХК”-Голомтын таван салбарын зээлийн хүрээнд 6.0 тэрбум төгрөг тус тус авчээ.

Зээл авсан МАН, АН-ын гүшүүдийн нэрс

Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 2024 он хүртэл тооцоолжээ. Нийт зээлийн эргэн төлөлт 2017 онд 1.654.4 тэрбум төгрөг, 2022 онд 16664.7 тэрбум төгрөг буюу хамгийн өндөр төлөлттэй жилүүд байхаар байгаа гэнэ. 2016 оны наймдугаар сарын 16-ны байдлаар олгосон зээлүүд 2016-2024 онуудад нийт 5558.6 тэрбум байхаар тооцжээ.Төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй шууд зээлийн 59 хувийг төрийн өмчит компаниудад олгосон бол үлдсэн 41 хувийг хувийн хэвшилд олгосон байна. Үүнээс 17.5 хувь буюу 259.8 тэрбум төгрөг нь МАН-ын гишүүдтэй холбоотой байгаа юм. Харин 23.3 хувь буюу 345.8 тэрбум төгрөг нь АН-ын гишүүдтэй холбоотой ажээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, гишүүн Л.Элдэв-Очир нарын хувь эзэмшдэг гэгдэх “Эм Си Эс” групп 385 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан аж. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын “Монполимет” компани 122 тэрбум төгрөг, “МАК цемент” 110 тэрбум төгрөг, С.Бямбацогтын “Нью прогресс” групп 10.3 тэрбум төгрөг, Сү.Батболдын “Чингис” зочид буудал 9.4 тэрбум төгрөг, Ж.Энхбаярын “Дархан нэхий” ХХК 14 тэрбум төгрөгийн зээлийг тус тусдаа авсан байдаг аж. Эндээс эхлэн МАН-ын гишүүдийн Хөгжлийн банкаар дамжуулан “Чингис”, “Самурай” бондуудын мөнгөнөөс зээл авсан хүмүүсийн нэрс цаашаа цувардаг байна. Харин Ардчилсан намаас гэхэд Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нараас эхэлдэг. “Монроуд” компани 45.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ компани УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарынх гэдгийг иргэд мэднэ. АТГ-аас “Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 хувьтай байхад уг газарт шинээр зам тавих гэж байгаа мэт ойлголтыг Засгийн газарт төрүүлж, дахин тогтоол батлуулан нэмээд нийт 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлээд өгчихсөн байгаа юм” гэж мэдэгдсэн удаатай. “Хурдны зам” компани 68.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Компанийг Шагдарсүрэнгийн Бат-Энх, түүний эхнэр Хүүхдийн төлөө газрын дарга асан И.Нарантуяа нар эзэмшдэг. И.Нарантуяа нь АН-ын идэвхтэй гишүүдийн нэг бөгөөд одоогоор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. “Хурдны зам” компани Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэл, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай зам барилгын ажлыг гүйцэтгэсэн байдаг.

Categories
мэдээ нийгэм

Их морь одтой, улаагчин гахай өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 19, Ангараг гариг. Билгийн тооллын 15, Их морь одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 7:51 цагт мандан, 18:20 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хур усан буух улирал 11 цаг 31 минутад эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Хорин мянган хүнийг сэжигтэй хүнс хэрэглэхэд хүргэсэн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун огцрох ёстой” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Хорин мянган хүнийг сэжигтэй хүнс хэрэглэхэд хүргэсэн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун огцрох ёстой” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Тооцоолдог, баримт цуглуулдаг татваруудын хувь хэмжээг буулгана гэв.

Сонгуулийн Ерөнхий хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: УИХ-ын 42 дугаар тойрогт 29 нам оролцох боломжтой хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Цаг үе” нүүртНМХГ: Хүмүүс хордсонд “Таванбогд Фүүдс” ХХК буруутай гэжээ.

Шүүхийн ажилтнууд хар тамхи бусдад худалдаалсан хэргийг илрүүлжээ хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

“Улс төр” нүүрт “Нэхүүл” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн тэргүүн Л.Отгонбат: Нийгэмд тулгамдсан бүх асуудал арилтал бид тэмцлээ үргэлжлүүлнэ хэмээв.

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, зохиолч Ө.Үлэмжтөгс: Уран бүтээлчид нь хуучинсаг байж болох ч үзэгч залуус нь биднээс шинийг нэхэж байна хэмээн “Бага тайз” нүүрт ярьжээ.

“Нийгэм” нүүрт ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг судлалын тасгийн эрхлэгч, их эмч Ч.Дэлгэрцэцэг: Хүүхдийн хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэхэд эцэг эхийн ажиглалт маш чухал гэв.

“Дэлхийн мэдээ” нүүрт Мюнхенд оролцсон дэлхийн лидерүүд ОХУ-ыг буруутгав гэжээ.

Хүн төрөлхтний (дэлхийн) нүүдлийн соёл иргэншлийн төв хэмээн “Энэ тухай” нүүрт бичжээ.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана: Тулхтай, голтой өвгөдөө буцах тоолонд эзгүй хээр гээгдчих шиг эвгүй оргих юм даа хэмээн “Уран бүтээлч” нүүрт бичлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ