Categories
мэдээ спорт

Японоос хоёр дэлхийн аварга дэлхийн цомд зодоглоно

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн Цомын тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутск хотод болно. Тэмцээнд өнгөрсөн жил Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-д эхний найман байрт орсон баг өрсөлдөх юм. Өнгөрсөн жил АНУ-ын Йовад болсон Дэлхийн цомын хүрэл медальт Японы шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлалаа. Наран улсаас 2017 оны дэлхийн аварга Юки Такахаши, 2018 дэлхийн аварга Такүто Отогүро, дэлхийн дэд аварга Сосүке Такатани, ДАШТ-ий хүрэл медальт Юхи Фүжинами, Ацүши Мацүмото тэргүүтэй тамирчид багтжээ. Япон улс зохион байгуулагч орон ОХУ, Куба, Туркийн шигшээ багтай “А” хэсэгт өрсөлдөх юм. Манай шигшээ баг “В” хэсэгт өнгөрсөн жилийн аварга АНУ, Дэлхийн цомын найман түрүүтэй Иран, Гүржийн багтай багтсан.

ЯПОНЫ ШИГШЭЭ БАГ
57 кг: Юки Такахаши
61 кг: Юдай Фүжита
65 кг: Такүто Отогүро, Дайчи Такатани
70 кг: Кожиро Шига
74 кг: Юхи Фүжинами
79 кг: Юта Абэ
86 кг: Сосүке Такатани
92 кг: Ацүши Мацүмото
97 кг: Найя Акагүма
125 кг: Нобүёоши Аракида, Кацүтоши Каназава

Categories
мэдээ нийгэм

Хэрэг бүртгэх албаны мөрдөгчид мэргэжлийн ур чадвар сорих тэмцээнд болж байна

Өнгөрсөн онд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас алба хаагчдын ажил ачааллыг бууруулах, сахилга, харицлагыг өндөржүүлж, албандаа хандах хандлагыг идэвхжүүлэх, шинээр батлагдсан хуулиудыг практикт нэг мөр зөв хэрэгжүүлэх чиглэлээр сургалтуудыг чанаржуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр багагүй ажлуудыг шат дараатай зохион байгуулан ажилласан.

Тус албанаас 2019 оны төлөвлөгөөнд заагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян”-ыг бэлтгэх ажлын Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн мөрдөгч нарын дунд хууль, эрх зүйн мэдлэг сорих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шинэлэг санаа, санаачлага нэвтрүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулж эхэллээ.

Categories
мэдээ улс-төр

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахтай холбоотойгоор зайлшгүй, яаралтай хэлэлцэх шаардлагатай зарим хуулийн талаарх хэлэлцүүлэг гурав дахь өдрөө үргэлжилж байна.Даваа гарагт Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг амжилттай өрнөж, үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, татварын багц хуулийн төслийн талаарх мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мягмар гарагтТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөлөө. Энэ бүхэн 2019 оны төсөв, төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, бизнес, эдийн засгийг хөгжүүлэх, томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлэхтэй холбоотойгоор яаралтай, зайлшгүй хэлэлцэн батлах шаардлагатай хуулийн төслүүд юм.

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа Төрийн байгуулалтын байнгын хороо, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид, парламент судлаачдадаа талархал илэрхийлье.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хуралдааны дэг гэдэг бол 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу төрийн эрх барих дээд байгууллага нь ард түмнээсээ сонгогдсон бөгөөд хууль тогтоох эрх мэдэл эдлэхээр заасан байдаг. Энэ төлөөллийн байгууллага маань ард түмний дуу хоолой болж, тэдний хүсэл эрмэлзлийг илэрхийлж, хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлж, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүргийг хэрэгжүүлэх учиртай. Ийм ч учраас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн талаар гавьяат хуульч, Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид багш “Өөрийн хийгээд дэлхийн улсуудын хүлээн зөвшөөрөгдсөн арга, туршлагыг судалж, орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны онолын түвшинд хүртэл дэгийг боловсруулж, мөрдүүштэй. Энэ бол Үндсэн хуулиас дутуугүй ач холбогдолтой хууль” гэж хэлсэн байдаг. Энэ үг парламентын төлөвшил, парламентат ёсны хөгжилд хуралдааны дэгийн тухай хууль ямар ач холбогдолтой болохыг тод томруунаар харуулж, илэрхийлж байгаа хэрэг юм.

Хууль тогтоох байгууллага хуулиар тогтоосон үйл ажиллагаагаа хэвийн явуулж, асуудлыг шийдвэрлэж байгаа ч УИХ-ын үйл ажиллагаа, УИХ-ын гишүүдийн ёс зүй, ирцийн асуудал нийгэмд анхаарал татсан асуудал болоод байна. Тиймээс өөрчлөлтийг бид дээрээсээ, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаасаа эхэлж, хариуцлага, сахилга, дэг журмыг тогтоох учиртай.

Бид парламентат ёс, парламентын засаглалын нэр хүндийг өргөх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Иймээс Улсын Их Хурлын, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өөрчлөх, шинэчлэх, цэгцлэх замаар бид парламентын нэр хүндийг сайжруулах нь зүйтэй гэж үзэж байна. Парламентын мэтгэлцээн ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлсэн, баримт нотолгоонд тулгуурласан, онолын болон шинжлэх ухаанд үндэслэсэн хууль тогтоох мэтгэлцээн байж гэмээнэ хуулийн чанар, хэрэгжилт сайжирна гэж үзэж байна. Гаргасан хууль нь бодитой хэрэгждэг, хянан шалгах ажлаа үр дүнтэй хийж чаддаг болсноор парламентын нэр хүнд сайжирна. Гадаад орнуудын парламентын туршлагыг судалсан зүйл нэлээдгүй байна. Дэлхийн бусад улс орны парламентын мэтгэлцээн Байнгын хороод, Дэд хороодын түвшинд хэрхэн өрнөдөг, түүнд нь Тамгын газрын ажилтнууд хэрхэн дэмжлэг үзүүлж, Үндсэн хуулийн хүрээнд хууль тогтоох ажиллагааг ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлд хэрхэн тулгуурлаж, шинжлэх ухааны үндэс, баримт нотолгоотой хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлж байгаа талаарх сайн жишгийг бид нэвтрүүлэх шаардлагатай байна. Ингэснээр, хуулийн чанар, хэрэгжилт сайжирна.


Өнөөдрийн энэ арга хэмжээний хүрээнд Та бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад улс орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломжуудын талаар тал бүрээс нь, судалгаа шинжилгээнд суурилсан бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд парламентын хуралдааны дэгийн асуудлаар анх удаа иж бүрэн дүн шинжилгээ хийсэн. Тус судалгаагаар парламентын бие даасан, хараат бус байдлын гол баталгаа болох Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, дэгээр зохицуулах асуудал бүрийн хүрээнд парламентат ёс өндөр түвшинд хөгжсөн гадаадын зарим улсын эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалж, дэгийн тухай хуулийг боловсронгуй болгох санал зөвлөмжийг боловсруулсан байгаа. Энэ судалгааны үр дүнг өнөөдөр Та бүхэнд танилцуулна. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн шинэчлэлийн зарим асуудал, УИХ-аас хууль, бусад шийдвэр гаргах босго, бусад орны туршлагын талаар УИХ-ын гишүүн, эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ, саналаа мөн хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно.Бусдын өмнөөс кноп дарлаа, эрхэнд халдлаа, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталлаа гэдэг асуудал байхгүй болж цэгцэрнэ. Үүнтэй уялдуулан дэгийг сайжруулах, хэлэлцүүлэг, мэтгэлцээн бодитой, асуудалдаа чиглэсэн байх шаардлага бий болно. УИХ-ын хуралдааны танхим бол популизмын талбар, хэрүүлийн тайз байх учиргүй хэмээн үзэж байгаа тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчилж, ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлдэг индэр, шинжлэх ухааны баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн өрнүүлэх замаар хууль тогтоодог танхим болгохыг зорьж байна.

2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр УИХ-ын даргын 43 тоот захирамжийн дагуу Монгол Улсын Их Хурлын шийдвэр нь судалгаа, нотолгоонд суурилсан байх зарчмыг хангах зорилгоор улс орнуудын парламентын хуралдааны дэгийг судлан, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ажлын хэсэг төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл баримтлалд захирагдах ёстой бөгөөд дэгийн зохицуулалтыг сайжруулахдаа гадаад орнуудын сайн туршлагаас суралцах явдал чухал хэмээн үзэж байна. Ийм учраас өнөөдрийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг Та бүхнээс хүсч байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид Турк улсад хамтарсан бэлтгэл хийж байна

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид Турк улсад хамтарсан бэлтгэл хийхээр тус улсад очоод байна. Манай улсаас гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Б.Шоовдор, А.Батцэцэг, Э.Гантуяа, Ц.Намуунцэцэг, Э.Дэлгэрмаа, Б.Болортуяа, Х.Болортуяа, спортын мастер Б.Энхцэцэг, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн, Н.Загардулам гэсэн 12 тамирчин үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, эмч Баатар нарын хамт Эдирне хотод Туркийн үндэсний шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийнэ. Эднээс дийлэнх нь 23 хүртэлх насны Азийн АШТ-д оролцох тамирчид юм.

Ирэх сард ОХУ-ын Якутад болох Дэлхийн цом, Улаанбаатарт болох 23 хүртэлх насны эрэгтэйчүүдийн шигшээ багийн 30 гаруй тамирчин “Суут” ресорт” баазад цугларалтад гараад байна.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймаг дахь цагдаагийн газраас мэдээлж байна

ЦЕГ-аас 2019 онд дэвшүүлсэн зорилт, бодлого чиглэлийг хэрэгжүүлэх, ахлагч бүрэлдэхүүний гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх мэдлэг, ур чадвар, арга тактикийг сайжруулах, ажлын хариуцлага, сахилга ёс зүй, ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор сумдын хэсгийн цагдаа нарыг хамруулан нэгдсэн чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа. Албаны сургалтаар алба хаагчид хууль эрх зүйн мэдлэг мэдээллээс гадна эмнэлгийн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцан, цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусай техник хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх тактикийн сургалтуудад хамрагдав.

Цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний нэгдсэн сургалтыг тохиолдуулан “Шилдэг ахлагч-2019” тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнээр алба хаагчид компьютерийн мэдлэг, эсээ бичлэг, малын зүс тамга таних, сэтгэх чадвар, буудлага, уран жолоодлого, биеийн хүч, мэх, тусгай хэрэгсэл хэрэглэх ур чадвар, бие бялдрын нормативын төрлүүдээр өрсөлдөв. Тэмцээнд НХЖХТ-ийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Өлзийбаяр тэргүүн байр эзэлж, цагдаагийн дэд ахлагч М.Ширнэн дэд байр, цагдаагийн дэд ахлагч М.Лхагважав гуравдугаар байр, цагдаагийн ахлагч Г.Галбадрах, Р.Буянхүү нар шагналт тусгай байранд шалгарав.

Categories
мэдээ спорт

​Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн ирэх сарын 16-17-нд болно

Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Сахад болно. Монголын шигшээ баг “В” хэсэгт Иран, АНУ, Гүржийн шигшээ багтай нэг хэсэгт багтаад байгаа билээ. Манайхны эсрэг барилдах Уулынхан энэ жилийн ЕАШТ болон Европын наадамд гол анхаарлаа хандуулж, Якутад дан залуу тамирчдаа илгээхээр болжээ. Гүржийн багаас хамгийн туршлагатай бөх нь “Лондон-2012” олимпийн наадам болон “Стамбул-2011” ДАШТ-ий хүрэл медальт, 2012, 2013 оны Европын аварга Дато Марсагашвили байгаа бөгөөд 92 кг-ын жинд зодоглоно. Манайхантай нэг хэсэгт хүч үзэх АНУ-ын шигшээ баг гэсэн Дэлхийн цомд залуу тамирчдаа түлхүү оролцуулах юм.

ГҮРЖИЙН ШИГШЭЭ БАГ:
57 кг: Лаша Ломтадзе
61 кг: Торнике Катамадзе
65 кг: Амиран Вахтангашвили
70 кг: Мирза Шкулухия
74 кг: Зураби Эрбоцанашвили
79 кг: Давит Хуцишвили
86 кг: Тарзан Майсурадзе
92 кг: Дато Марсагишвили
97 кг: Мамука Кордзайя
125 кг: Роланди Андриадзе

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Сандуйг намаас нь дөрөв дэх удаагаа шийтгэлээ

Муу л юм болбол хойд гэрийн хар овоохой гэдэг шиг МАН хамаг буруугаа Ц.Сандуй руу чихдэг аргатай болов. Уг нь энэ хүн намдаа мөн ч их гавьяа байгуулсан даа. 2012 оны сонгуульд МАН ялагдаж, хуйгаараа шахам гудамжинд лааз өшиглөөд явж байсан үе бий. Тэгэхэд амь тавих шахам болоод байсан хотын намын хороог Ц.Сандуйд өгч “Чи л аргалаад аваад яв” гэж даалгаж байв. Тэрбээр найз нөхөд, танил талаасаа хандив, хөрөнгө босгон байж 2016 оны сонгуульд санаанд багтамгүй ялалт байгуулж чадсан. Тэр үе бол Э.Бат-Үүл багаараа хотод гарчихсан, олон ч ажил хийчихсэн, гялалзаж явсан жил. Үүл баатар хотын даргаар ажилласан дөрвөн жилийн хугацаандаа иргэдийн итгэлийг даасан шиг дааж ажилласан хүн байв. Тиймдээ ч 2016 оны сонгуульд Э.Бат-Үүл нийслэлд багаараа ялж, найдвартай хотын даргаар улиран сонгогдоно гэж амтай болгон ярьж байлаа. Мань эр ч өөрөө үүндээ итгэж, УИХ-д дэвшээгүй. Үндсэндээ МАН нийслэлд амжилт олохгүй гэдгээ мэдрээд орхисон нь ч худлаа биш. Сонгуульд хотын намын хороогоо ялуулахын төлөө яаж, ямар тактиктай оролцох талаар пиарынхаа төлөвлөгөөнд бараг оруулаагүй байсан гэдэг. Тэгтэл Ц.Сандуй Э.Бат-Үүл баатрыг ёстой бут ниргэсэн шүү дээ. Энэ бол Ц.Сандуй гэдэг хүн намаа зөв зохион байгуулж, дөрвөн жил бөөцийлж ажилласны л илрэл.Хамгийн инээдтэй нь түүнийг багаараа нийслэлд ялалт байгуулангуут хот хэмээх том “бялуу” олон хүний шуналыг хөдөлгөсөн. Уг нь нийслэлд багаа амжилттай удирдаж, намынхаа мөрөөдлийн цонхыг нээсэн хүнийг улс төрийн шийдвэрээр шууд хотын дарга болгох ёстой. Даанч МАН-ын Удирдах зөвлөл түүний хүч, хөдөлмөр зүтгэлийг үнэлээгүй. НИТХ-ын даргын суудлыг л өгсөн. Хатуухан хэлэхэд энэ бол намдаа гавьяа байгуулсан Ц.Сандуйд оногдуулсан нэг дэх шийтгэл байв. Ингээд 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болж МАН нийслэлд хоёр дүүргээс бусдад нь ялагдсан. Сонгуулийн үр дүн муу гарсан явдалд Ц.Сандуй хотын намын хорооны даргын суудлаасаа өөрийн ухамсраараа буусан юм. Энэ бол түүнд оногдуулсан удаах шийтгэл гэж харж болохоор.

МАН 2016 оны сонгуулийн зардлаа босгохын тулд албан тушаал наймаалцсан гэх 60 тэрбумын асуудал боссон. Энэ хэрэг мандсанаас хойш Ц.Сандуйг өдөр, шөнөгүй боорлов. Үүний дараа цагдаа, хүчний байгууллага Ц.Сандуйг удаа дараа шалгаж хэрэг биш гэж дүгнэсэн байдаг. Ер нь бол бүх нам дээр л болдог яриа. Үнэндээ Ерөнхий сайд нь, одоогийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын намын нөхдүүд тэр 60 тэрбумын схемийг хараад баясаад, бие биедээ баяр хүргэж байсан гэдэг шүү дээ. Тэгсэн хэрнээ Ц.Сандуй руу хамаг бурууг түлхээд НИТХ-ын даргаас нь татан унагасан. Түүнд оногдуулсан гурав дахь шийтгэл энэ байв.

Ямар намыг ямар байхад нь хэн босгож ирсэн билээ дээ. Ц.Сандуйгийн ялалт, амжилтыг “Намдаа том гавьяа авчирлаа” гэж У.Хүрэлсүхээсээ авахуулаад бүгд магтан сайшааж байсан сан. Харамсалтай нь МАН ийм хүнээ хотын намын хорооны дарга, НИТХ-ын даргаас нь түвэггүйхэн явуулсан даа. Түүнд оногдуулсан энэ шийтгэлүүд нь багадсан уу. Өчигдөрхөн 60 тэрбумаар ацаглаж намаасаа хөөчихлөө. С.Мөнхчулууныг дэмжсэн гэж хардаж байгаа бололтой. Хуучин нийгэмд бол нутаг заан суулгаж, үр хүүхэд, гэр бүлээр нь шийтгэж тамлах байсан биз. МАН өөрийнх нь төлөө уйгагүй зүтгэж, хамаг үнэт үйлсээ зориулсан боловсон хүчнүүдээ энэ мэт ад үзэн хөөж тууж байгаад ирэх сонгуульд мад тавиулах вий дээ. Тэдний хийж буй бүх үйлдлийг ард түмэн харж байгаа.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ

Сүүлийн үед Фэйсбүүк болон бусад сошиал сүлжээнд цацагдсан “БНХАУ-д хүнд даацын автомашин зарна, том оврын автомашин худалдана” гэсэн зарын дагуу хандаж, бичгээр хийсэн ямар нэг гэрээ хэлцэлгүй, төлбөр төлсөн баримтгүй мөнгө шилжүүлж, залилуулсан тохиолдолд хэд хэдэн удаа давтагдаж, манай иргэд 1 сая гаруй юаниар залилуулсан хэрэг гараад байна. Иймд БНХАУ-аас автомашин худалдаж авахдаа албан ёсны борлуулагч зуучлагчаар дамжуулах, хятад-монгол хэлээр худалдаж, худалдан авах гэрээ хийх, гэрээг хятадын нотариатаар баталгаажуулах, худалдагч компани, хувь хүний тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад бичиг баримтыг сайтар нягталж, ул суурьтай худалдан авалт хийж, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ улс-төр

ХБНГУ-аас Б.Хурцын шүүх хуралтай холбоотой албан ёсны мэдээлэл ирээгүй гэв

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр “Германы шүүх Б.Хурцыг цагаатгах шүүх хуралд Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Л.Эрдэнэчулуун нарыг дуудах уу” гарчигтай үндэслэлгүй, ташаа мэдээлэл цацагдаж байна. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын эрх бүхий байгууллагаас Б.Хурцад холбогдох шүүх хурал болон Монгол Улсын иргэдийг шүүх хуралд оролцуулах талаар ямар нэгэн албан ёсны хүсэлт, мэдээлэл ирүүлээгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаашид ийм захиалгатай, эх сурвалжгүй, зохиомол, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд хүргэж төөрөгдөл үүсгэхгүй байхыг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Франц улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой ирэх онд тохионо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

1996 оноос хойш Монголоос 150 гаруй оюутан, багш Францад боловсрол эзэмшиж, мэргэжил дээшлүүлж, 50 орчим хүн мэргэжлийн тодорхой чиглэлээр туршлага судалж, богино хугацааны сургалтад хамрагдсан байна. Жил бүр 10 оюутанд тус яамны мэргэжлийн захиалгын дагуу тэтгэлэг олгодог.Шинжлэх ухааны салбарт Монгол, Францын археологийн экспедици 1993 оноос байгуулагдсан бөгөөд 2003 онд Францын болон Монголын Ерөнхийлөгч нарын ивээл дор Хүннүгийн эзэнт гүрэн буюу “Тал нутгийн анхны эзэнт гүрэн” археологийн ажил эхлүүлсэн. Улмаар 1996-2014 оны хооронд Монголын түүхийн бараг бүх үеийг хамарсан археологийн өргөн хүрээтэй хайгуул, малтлага судалгааг 55 дурсгалт газарт хийж, нийтдээ 200 гаруй олдворыг Францын хамтрагчид 200,000 гаруй евро зарцуулж сэргээн засварлаж Монголын талд хүлээлгэн өгсөн зэрэг боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа өргөн хүрээнд явагдаж ирсэн болохыг хоёр тал цохон тэмдэглэлээ.

Ирэх 2020 онд Монгол-Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Ойн хүрээнд хамтран зохион байгуулах боловсрол, соёлын арга хэмжээний талаар өнөөдрийн уулзалтаар санал солилцлоо.