Categories
мэдээ улс-төр

А.Ганбаатарыг МАН-аас хасах шийдвэр гаргажээ

МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг МАН-аас хасах шийдвэр гаргасан. Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийхдээ “2016 оны сонгуулиас хойш манай намын нэр дээр үнэн худал нь мэдэгдэхгүй 60 тэрбумын хэрэгтэй холбоотой асуудал сунжирч ужгирч байна. Уг асуудлыг нэг мөр цэгцлэх үүднээс нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцохоор боллоо. Өмнө нь мөрдөгдөж байсан намын дүрмийн заалтыг үндэслэж хариуцлага тооцоход учир дутагдалтай байсан учраас өнгөрсөн Бага хурлаас хариуцлага тооцох дүрмийг оруулж өгсөн. Тиймээс шинэ дүрэмд заасны дагуу МАН-ын гишүүн Ц.Сандуй, С.Мөнхчулууныг хассан. Манай намд хөөх тухай ойлголт байдаггүй. Харин намаас гарсан гэж тооцдог” гэсэн юм. Тэгвэл үүнтэй адил үндэслэлээр нийслэлийн МАН-ын Хяналтын хороо 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон А.Ганбаатарыг намаасаа хасах шийдвэр гаргажээ.

А.Ганбаатарыг МАН-аас хасжээ

Categories
мэдээ нийгэм

Сум, хороодыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбож байна

Өнөөдөр Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд сум, хороодыг бүрэн холбож байгаа талаар УБЕГ-аас мэдээлэл хийлээ.

Тодруулбал, дээрх газар Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр бүртгэлийн сүлжээг боловсронгуй болгох “ Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд 12 аймгийн 39 сум, нийслэлийн хоёр дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон байна. Энэхүү төсөл нь улсын бүртгэлийн систем, мэдээллийн санг хөгжүүлэх, тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх замаар Засгийн газраас дэвшүүлсэн “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилготой ажээ.

УБЕГ-ын дарга Б.Баасандорж “Улсын бүртгэл цэвэр үйлчилгээний байгууллага. Хүн төрөхөөсөө насан эцэс болтлоо 81 төрлийн бүртгэлийн үйлчилгээг авч байна. Мөн улсын хэмжээнд 43 лавлагаа мэдээллийн үйлчилгээгээр иргэдээ хангаж үйлчилдэг байгууллага. Өнгөрсөн онд Улсын бүртгэлийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэн байгаа. Хэрэгжиж байгаа хуулийн гол үзэл баримтлал иргэн рүү чиглэсэн үйлчилгээг сайжруулах. Тиймээс энэхүү төслийг Азийн хөгжлийн банктай хамртан амжилттай хэрэгжүүлж байна. Ингэснээр улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулахаас гадна цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх боломжтой ” гэлээ.

Төрийн үйлчилгээг ямар ч саадгүй авах боломж бүрдэж байна
Азийн хөгжлийн банкны Монгол дахь захирал, Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Монгол Улс нь нийгмийн хамгааллын чиглэлд бусад орноос харьцангуй өгөөмөр. Төрөөс нийгмийн хамгаалал, халамжид нэлээд мөнгө зарцуулдаг. Энэ мөнгө нь нүдээ олохгүй зүйлд зарцуулагдвал маш харамсалтай. Энэ үйлчилгээ нь нүдээ олсон, эзэндээ очсон үйлдэл тул бид энэ төслийг хэрэгжүүлсэн. Сум, хороодыг улсын бүртгэлийн онлайн сүлжээнд амжилттай холбож байгаад баяртай байна. Иргэд аймаг, дүүргээс улсын бүртгэлийн үйлчилгээг авахад хол зам туулж, зардал их гардаг. Төслийн хүрээнд холбогдсон 39 сум, 11 хороодын иргэд иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг шууд авах боломж бүрдэж байна. Энэхүү ажлын дүнг чухалчлан үзэж төслийн хүрээнд 2019 онд 120 сумыг нэмж холбохоор санхүүжилтийг нь шийдэж өгөхөөр болсонд баяртай байна” гэв.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 3,4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градуссаар дулаан байна. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст дунджаас бага хур тунадастай, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байх аж. Мөн 2019 оны 2 сарын 20-ны өдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн нутгаар 15-24 см зузаан цастай байна. Харин бусад нутгаар цас багатай, ялангуяа зүүн аймгуудын ихэнх нутгаар цасгүй. Нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаа хэдий ч нийт нутгаар цас багатай өвөлжсөнөөс хавар эрт хуурайшилт үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Categories
мэдээ улс-төр

Бэлчээрийн хуулиар нээлттэй сонсгол явуулах санал тавилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн бөгөөд Швейцарийн Холбооны Улсын ЭСЯ-ны Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, хатагтай Габриела Спирлиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Габриела Спирли Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргээд, Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөл (Парламент)-ийн дарга, хатагтай Мариа Каррабио Гүчеттигийн баяр хүргэсэн мэндчилгээг гардуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар хатагтай Габриела Спирли, Үндэсний зөвлөлийн дарга хатагтай Мариа Каррабио Гүчетти нарт талархал илэрхийлэв.

Тэрбээр Монголд парламентын ардчиллыг хөгжүүлэхийн тулд шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглээд, энэ хүрээнд парламентын танхимд мэдлэг, баримт, тооцоо судалгаанд суурилсан эрүүл мэтгэлцээн өрнөдөг байх, хууль боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцыг цахим тогтолцоонд шилжүүлэх, төрийн аливаа мэдээ мэдээллийг онлайнаар буюу цахимаар шууд хүргэдэг байх дижитал засаглалд шилжих нь хойшлуулшгүй чухал зорилт болоод байна гэв. Тиймээс парламентын ардчиллын арвин туршлагатай Европын орнууд болон Швейцарийн парламентаас суралцах зүйл их байгаа бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.

Хатагтай Габриела Спирли хоёр улсын парламентын тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр Таны тавьсан хүсэлтийн талаар болон бусад асуудлаар илүү өргөн хүрээнд ярилцаж, хамтын ажиллагааны арга, хэрэгслээ тодотгоно гэдэгт итгэлтэй байна. Бид Та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно гэж тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийн үр нөлөө, цаашдын төлөвийн талаар санал солилцлоо.

Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны газар 2007-2016 онд манай улсад хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаг захиргааны шинэтгэл, нутгийн удирдлага, иргэдийн оролцоо гэсэн 3 үндсэн чиглэлээр нийт 15 төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.

2016 онд ШХУ-ын парламентаар баталсан тус улсын Хөгжлийн хамтын ажиллагааны 2017-2020 оны стратегид Монгол Улсыг хөгжлийн тусламжиндаа үргэлжлүүлэн хамруулахаар шийдвэрлэсэн байна.

Хатагтай Габриела Спирли агаарын бохирдлоос хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагыг бэхжүүлэх болон бусад чиглэлээр хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Бэлчээрийн тухай болон бэлчээрийн төлбөрийн тухай хуулийн төслөөр Нээлттэй сонсголыг Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газартай хамтран явуулах санал тавьсныг судлан үзэхээ хатагтай Габриела Спирли илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Сургалтад цагдаагийн байгууллагын 25 алба хаагч хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Цагдаагийн байгууллагын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг байцаагч нарт “Нийтийг хамарсан гамшиг, ослын үед ажиллах зохион байгуулалт ба олон нийтийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд хоёрдахь өдрөө зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалт нь цагдаагийн байгууллагаас гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлтийг хэрхэн хийх талаар бүсчилсэн буюу план зургийг шинээр боловсруулж, цагийн байдалд хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх чиглэлээр онолын болон дадлага сургуулийг явуулж байгаагаараа онцлог юм. Нийтийн эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүссэн үед хамгаалалтын удирдлага, зохион байгуулалтын үүргийг хэрэгжүүлэх ур чадварыг олгох зорилготой тус сургалтад Цагдаагийн байгууллагын нийт 25 алба хаагч оролцож байна.

Сургалтыг ОБЕГ-ын ГУСГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, гамшиг, ослын үед ажиллах арга хэлбэр, бэлэн байдал”, хэлтсийн мэргэжилтэн, ахмад Г.Энхцолмон “Гамшгийн тухай ерөнхий ойлголт, ангилал, төрөл, зонхилон тохиолддог зарим аюулт үзэгдэл, осол”, НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийн сургалтын менежер, дэд хурандаа Д.Мөнхбат “Гамшиг ослын үед мэргэжлийн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаарх танилцуулга” зэрэг сэдвийн хүрээнд хичээл сургалтыг явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ихэнх нутгаар хуурайшилттай, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, БОАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар нар оролцсон юм.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 77 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 568,6 мянга га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 39,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээллээр 3,4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градуссаар дулаан. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст дунджаас бага хур тунадастай, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байна. Мөн 2019 оны 2 сарын 20-ны өдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн нутгаар 15-24 см зузаан цастай байна. Харин бусад нутгаар цас багатай, ялангуяа зүүн аймгуудын ихэнх нутгаар цасгүй. Нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаа хэдий ч нийт нутгаар цас багатай өвөлжсөнөөс хавар эрт хуурайшилт үүсэх нөхцлийг бүрдүүлж байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээий талаар” албан даалгавар гаргаж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг БОАЖЯ, БХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар болон аймаг, нийслэлийн засаг дарга нарт холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллахыг үүрэг болголоо.

Үүнд:БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад:

– Ой, хээрийн гал түймэр гарах эрсдэл өндөртэй аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодод холбогдох хууль, тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг хангуулж, хамтран ажиллах, орон нутаг дахь ойн анги, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах,

– Ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөртэй хуурайшилтын аюултай, нэн аюултай зэрэгт хүрсэн үед Цаг уурын байгууллагын цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд шаардлагатай техник тоног төхөөрөмж, бүх төрлийн сумны нөөцийг бүрдүүлэх,

– Ойн тухай хуулийн дагуу хавар, хамрын хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалдах баялгыг ашиглах, ногоон бүсэд аялж зугаалахыг тодорхой хугацаагаар хязгаарлах, хууль, дүрэм, журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг олон нийтэд мэдээлэх, ойн анги, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллаг, иргэдийг сургаж дадлагажуулах ажлыг хамтран хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт:

– Эрсдэл өндөртэй бүс нутагт хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтын цэг ажиллуулах, хил орчмын болон орон нутагт гарсан ой, хээрийн гал түймрийн үед нутаг дэвсгэрийн харъяалал харгалзахгүйгээр хүч хэрэгслийг татан оролцуулж шуурхай унтраах ажлыг зохион байгуулах,

– Нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн ой, хээрийн гал түймэр унтраахад дайчлах гамшгаас хамгаалах алба, мэрэгжлийн анги, сайн дурын хэсгийг байгуулах, тэдгээрийг ой, хээрийн гал түймрийн үед үүрэг гүйцэтгэх чадвартай болгох дадлага, сургалт явуулах,гал түймэр унтраах багаж, техник хэрэгслээр хангах,

– Аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц хөрнөөөс ой, хээрийн тйүмрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хөрөнгө төсөвлөх, төв, орон унтгийн Онцгой байдлын газартай нягт хамтран ажиллах, түймрийн эрсдэл бүхий үед ойн сангаас мод бэлтгэх, ойн дагладах нөөцийг ашиглах, аялал зугаалгаар явах, ногоон бүсэд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон захирамж гаргах, хяналт тавьж ажиллах, бүх шатны Засаг дарга нарт бүс нутгийн онцлогт тохирсон гамшгийн зарлан мэдээллийн системийг байгуулж, шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг үүрэг болголоо.

БХС, Улсын онцгой комиссын орлогч дарга Н.Энхболдод:

– Тусгай чиг үүргийн нислэг үйлдэх нисэх онгоц, нисдэг тэрэгний техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, хүн хүч, техник хэрэгсэл хүрэлцэн очих боломжгүй алслагдсан ой, хээрийн бүсэд гарсан гал түймрийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд нисэх онгоц, нисдэг тэрэг ашиглан гал түймрийн голомтод бие бүрэлдэхүүнийг шуурхай хүргэх,

– Шаардлагатай тохиолдолд зэвсэгт хүчний алба хаагчдыг татан оролцуулах, бие бүрэлдэхүүнийг шаардагдах техник, багаж хэрэгслээр хангах,

ХХЕГ-ын дарга, Улсын онцгой комиссын гишүүн, хошууч генерал Ц.Сэргэлэнд:

-ОБЕГ-тай хамтран хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, чиглэлээр сургалт зохион байгуулж, бие бүрэлдэхүүнийг шаардагдах техник багаж хэрэгслээр хангах,

– Хил орчим гарсан ой, хээрийн түймрийн мэдээллийг Онцгой байдлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шуурхай мэдээлж, хамтран ажиллаж, гарсан гал түймрийг цаг алдалгүй унтраах ажлыг зохион байгуулах,

ЦЕГ-ын дарга, Улсын онцгой комиссын гишүүн, цагдаагийн хурандаа С.Баатаржавт:

– Ой, хээрийн гал түймрийн хэргийн эзэн холбогдогч, шалтгаан нөхцлийг шалган тогтоож, орон нутгийн ногоон бүсэд зорчих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих,

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралд:

– Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, сургалт сурталчилгаа явуулах,

– Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын нийт бие бүрэлдэхүүний гал түймэр унтраах автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах,

– Гал түймрийн голомтод олон хоног, удаан хугацаагаар ажилласан алба хаагчдын өдөр тутмын болон хөдөлмөр хамгааллын хувцасны эдэлгээний хугацааг харгалзахгүй нөхөн хангалт хийх зэрэг үүрэг, чиглэлийг өглөө.

Мөн ой, хээрийн түймрийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна. Тиймээс иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад: автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол бичгийн загварыг “Windows”,”Mac” үйлдлийн системд татах боломж бүрдлээ

Монгол бичгээр “Mac” болон “Windows” үйлдлийн системдбичих боломжийг бүрдүүлсэн байна. Уг ажлыг “Болорсофт” компанид төвлөрсөн эрдэмтдийн баг хийж гүйцэтгэжээ. Энэ хувилбараас гадна Т.Дашцэдэн багшийн гар бичмэл фонтыг эх хэлний өдөр тохиож буйтай холбогдуулан өнөөдөр танилцууллаа. Гар бичмэл фонттой болсноорхэрэглэгчид уншихад илүү ойлгомжтой болсон байна. Монгол бичгийн загварыг MNGL.net сайтаас “Windows”, “Mac”-ийн хувилбараар нээлттэй татан авах боломжтой. Тунгаамал загвар буюу монгол бичгээр бичих боломжийг бүрдүүлснээр аль ч үйлдлийн системд бичсэн текстүүдийг энэ хэл рүү хөрвүүлэх давуу талтай аж. “Өмнө нь “Мас” системийн гар кодчилол, фонт нь “Windows” үйлдлийн системтэй зөрдөг байсан. Тиймээс текстийг хөрвүүлэхэд алдаа гардаг байв. Харин одоо “Тунгаамал” загварыг ашиглан гаргасан гар, фонтуудыг хэрэглэснээр эвдрэлгүйгээр харах боломж үүсч байгааюм” гэж “Болорсофт” компани гүйцэтгэх захирал Ч. Мөнхнаран хэллээ. Тунгаамал загварын фонтыг Калиграфын мастер Т.Жамъяансүрэн бүтээсэн аж. Монгол бичгийн компьютер дээрх шийдлүүдийг ингэж цогцоор нь шийджээ.

Энэ талаар “Болорсофт” компаний гүйцэтгэх захирал Ч. Мөнхнарангаас тодрууллаа:

  • Уг ажлыг хийж гүйцэтгэхэд хэр их цаг хугацаа зарцуулсан бэ?
  • Бид энэ шийдлийг 2016 оноос хойш монгол хэрэглэгчдэд зориулан гаргахыг зорьсон. Өмнө нь монгол бичгийн цахим орчин дахь хэрэглээ хэрэглэгчдэд төвөгтэй байсан. Хэрвээ монгол бичгээр цахимд бичвэл зарим тэмдэгтүүд харагдахгүй. Хувилбар сонгогч, эгшиг тусгаарлагч, богино зай гээд. Энэ харагдахгүй тэмдэгтүүдийг ашиглахад олон товч дарах хэрэгтэй болдог.Тиймээс үүнийг үсгийн биш дүрсийн кодоор хийе гэсэн санал гарсан.
  • Тунгаамал-д зөв бичгийн дүрмийн алдааг хэрхэн хянах уу?
  • Жишээлбэл, -хэ, -гэ, -ха, -га гээд дөрвөн янзаар бичдэг үсэг өмнө нь нэг товчинд байрладаг байсан. Энэ нь хэрэглэхэд төвөгтэй байдлыг үүсгэсэн юм. Иймээс алдаж бичих магадлалтай. Хоёр гэдгийг “гоёр” гэж бичдэг ч юмуу. Кирилл бичигт -х,-г үсэг байгаа боловч монгол бичигт энэ нь дөрвөн үсэг болж байгаа юм. Тэгэхээр “Тунгаамал” загварчлалд үүнийг салгаж байршуулсан.
  • Буруу бичсэн үгээ хянаж, алдаагаа засах боломж бий юу? Тухайлбал, ямар нэгэн үг буруу бичсэн бол тухайн үгийн дор улаан зураас гардаг шүү дээ?
  • Энэ асуудал монгол бичгийн хувьд цэгцрээгүй. Юникодын түвшинд гацалттай байсан. Бид дараа дараагийн ажлууддаа монгол бичгийн тусгай засварын программуудыг оруулж өгнө. Тэгсэн тохиолдолд үгийг алдаатай бичсэн эсэхийг хянаад явах боломжтой.

П. Сайнжаргал

Categories
мэдээ нийгэм

Хуульзүйн өдөрлөгөөр 281 иргэнд зөвөлгөө, мэдээлэл өгчээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад зохион байгуулсан бөгөөд нийт 12 өмгөөлөгч хууль, эрх зүйн чиглэлээр нийт 281 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

АТГ-ын даргыг огцрохыг шаардсан бичигт хариу өгчээ

“Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон эх оронч төрийн бус байгууллагуудаас АТГ-ын дарга Х.Энхжаргалыг нэн даруй огцрохыг шаардсан. Тэгвэл энэхүү албан бичгийн хариуг өгсөн байна. Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын даргыг огцруулах, чөлөөлөх эрх хэн нэгэн этгээдэд олгогдоогүй байдаг. Иймээс тулган шаардах бичиг нь сүрдүүлэг, заналхийллийн өнгө аястай байгаа нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа аж. Мөн АТГ нь ямар нэгэн байдлаар, дур мэдэн аливаа эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийг дарагдуулах, замхруулах хууль эрх зүйн ямар ч боломжгүй байтал зөвхөн АТГ л асуудлыг бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг, авлигачдыг хамгаалалтдаа авдаг, олон нийтийг төөрөгдүүлдэг, эрх мэдэлтнүүдийн дохио зангаагаар ажилладаг, авлигын эрсдлийн үнэлгээг бууруулах шалтгаан болж байгаа мэтээр гүтгэж, үндэслэлгүй мэдээлэл тарааж байгааг АТГ хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Categories
мэдээ нийгэм

2019 оныг уугуул хэлний жил болгон зарлажээ

ЮНЕСКО-ийн хувьд, эх хэл болгон нийтэд танигдан, хүлээн зөвшөөрөгдөж, нийгмийн бүхий л салбарт чухал байр суурь эзлэх нь зүй ёсны хэрэг хэмээн үздэг. Гэсэн ч газар бүрд ийм байдаггүй. Эх хэл нь үндэсний, албан ёсны эсвэл сургалт явуулдаг хэл болоогүй тохиолдол их байдаг. Энэхүү байдал нь эх хэлний ач холбогдлыг сааруулж, урт хугацаандаа тухайн хэлийг устах аюул нөмөрч байдаг. Эх хэлний олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй 20 жилийн ойн босгон дээр бид дэлхий дээрх бүх эх хэлний амин чухлыг ямагт санан, тэдгээрийн энх тайвныг цогцлоох, тогтвортой хөгжлийг дэмжихэд оруулж буй хувь нэмрийг ухаарууштай юм. Сургуульд суралцах эхний жилүүдэд унших, бичих, тоо бодох зэрэг үндсэн чадварыг эзэмшин бичиг үсэгт тайлагдахад эх хэл чухал үүрэгтэй. Эдгээр чадвар нь хувь хүний хөгжлийн үндэс суурь болдог билээ. Эх хэл нь тухайн үндэстний уламжлах, бүтээх сэтгэлгээний өвөрмөц илэрхийлэл төдийгүй мэдлэг, инновацийн эх булаг юм.
Ер нь олон зүйлийг хийх шаардлагатай байна. Суралцагчдын эх хэл нь сургуулийн бага ангиудад хичээл ордог хэл биш байх явдал цөөнгүй байна. ЮНЕСКО-ийн судалгаагаар, дэлхийн хүн амын бараг 40 хувь нь өөрийн ярьж, ойлгодог хэлээр сурч чадахгүй байна. Хэдийгээр эх хэл нь хүний суурь олон чадварыг эзэмшихэд ихээхэн ач холбогдолтойг баталсан зэрэг судалгааны үр дүнг үл анхааран хуучин нөхцөл нь хэвээр хадгалагдсаар байна.
Уугуул иргэдийн эрхийн тухай НҮБ-ын тунхаглалд заасанчлан уугуул иргэд эх хэлээрээ боловсрол эзэмших хүсэлтэй байгаагаа байнга илэрхийлж байдаг. 2019 оныг Уугуул хэлний олон улсын жил болгон зарласантай холбогдуулан энэ жилийн Эх хэлний олон улсын өдрийн сэдэв нь хөгжил, энх тайван, эвлэрлийн нэгэн хүчин зүйл болж буй уугуул хэлийг онцолж байна. Дэлхий дээр 370 сая орчим уугуул иргэд байдаг ба энэ нь өдгөө хэрэглэгдэж буй 7000 гаруй хэлний дийлэнх хувийг эзэлж байна. Олон уугуул иргэд бусдаас ялгаварлан гадуурхагдаж, хэт ядууралд өртөж, хүний эрхийн зөрчлийн хохирогч болсоор байна. Хэнийг ч ардаа үл орхихгүй байхыг уриалсан Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгын хүрээнд уугуул иргэд өөрсдийнхөө хэлээр боловсрол эзэмших нь нэн чухал юм. ЮНЕСКО-ийн гишүүн орнууд болон боловсролын түнш байгууллагуудад уугуул иргэдийн эрхийг хүлээн зөвшөөрч, мөрдлөг болгохыг Эх хэлний олон улсын өдрөөр уриалж байна.