Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийн эмч нар элэг тайрах мэс заслыг амжилттай хийжээ

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Б.Бейсен тэргүүтэй мэс заслын эмч Х.Хари, З.Исагул, наркозын эмч Г.Бахытжан, сувилагч К.Гүлзира, Н.Меруерт нарын эмч нарын баг 79 настай Х гэдэг иргэнд элэг тайрах мэс заслыг өнгөрсөн долоо хоногт амжилттай хийжээ. Иргэн Х нь Бүгд Найрамдах Казахстан Улсын харьяалалтай байсан бөгөөд тус улсад ходоодны гарах хэсгийн хавдартай, хагалгаа хийх боломжгүй хэмээн оношлогдож эмчилгээ хийлгэхээр Монгол Улсад иржээ. Тус аймгийн эмч нар тухайн иргэнийг дахин оношилж элэгний баруун дэлбэнгийн шохойжсон том хавдарлаг үүсвэр ходоодны гарах хэсгийг гаднаас дарж наалдсан байсныг илрүүлжээ. Улмаар элэгний баруун дэлбэнг 14х8 см том үүсвэртэй хамт тайрах хагалгаа хийсэн байна. Өвчтөний биеийн байдал сайжирсан ба өчигдөр эмнэлгээс гарсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төв банк инфляцын зорилтот түвшнийг бууруулна гэв

Инфляцын түвшин өнгөрсөн жил улсын хэмжээнд 7.3 хувьтай байлаа. Төв банк найм орчим хувьд барих зорилт тавиад байсан юм. Өнгөрсөн сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 7.3 байсан бол Улаанбаатарт 8.1 хувьтай байжээ. Инфляцын өсөлтөд мах, хатуу түлш, шатахууны үнэ сүүлийн хэдэн сар томоохон нөлөө үзүүлсэн. Тэгвэл сүүлийн үед мөнгөний бодлогын шийдвэрүүд нь инфляцыг дунд хугацаанд тогтворжуулахад чиглэгдэж байгаа талаар Монголбанкнаас тайлбарлаад буй. Тухайлбал, 2020 оноос инфляцын зорилтыг зургаан хувь болгож, бууруулах юм. Азийн хөгжлийн банкнаас энэ онд манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын таамгийг гаргахдаа ДНБ өсөлтийг 4.3 хувь болж, инфляц улсын хэмжээнд долоон хувь байхыг мэдээлсэн. Харин ОУВС-гийн Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланд инфляцыг 6.8 хувьд байхаар таамагласан юм.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлэгт төрсөн 6421 хүүхдэд регистрийн дугаар олгожээ

“Нэг иргэн нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга, Улсын бүртгэлийн дарга нар хамтран санал нийслэлийн хэмжээнд төрөх эмнэлэгт төрсөн нярайд регистрийн дугаар олгох ажлыг эхлүүлсэн. Энэ дагуу нэгдүгээр сарын 1-ээс эхлэн улсын хэмжээнд эмнэлэгт төрсөн хүүхдэд регистрийн дугаар олгож эхэлсэн юм. Тэгвэл өнгөрсөн сард нийт 6124 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Тэдгээрийн 3140 нь эрэгтэй, 2984 нь эмэгтэй, 143 нь ихэр байжээ. Хүүхдийн дундаж жин 3385 грамм, дундаж өндөр 51 см, байжээ. Өмнө нь төрсөн эх сарын хугацаанд төрснийхөө гэрчилгээг аваад улсын бүртгэл дээр очиж регистрийн дугаар авдаг байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярсайхан: Хуулиас дээш эрх мэдэлтэй албан тушаалтан ямар ч улс оронд байхгүй, байх ч ёсгүй

Саяхан Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны удирдах ажилтны уулзалт”-ыг зохион байгуулсан. Энэ уулзалтад бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймгийн ЗДТГ-ын дарга нар оролцсон юм. Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай ярилцлаа.


-Чуулганы хуралдаан дээр танай яамны сайд асан Ц.Цогзолмаа Сүүлийн хүсэлтээ хэлье. Төрийн нарийн бичгийн даргыг огцруулж өгөөч гэж гуйсан. Мөн таныг аппаратын хамт олны өмнө ёс зүйгүй байдал гаргадаг гэж ярьсан. Та үүнд тайлбар өгөөч?

-Монгол Улсын төрийн алба шударга, ёс зүйтэй, авлига ашиг сонирхлоос ангид байж, өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа ёс суртахуунгүй байдлыг арилгахад төрийн албан хаагчид жишиг манлай болж ажиллахыг Засгийн газар болон иргэд биднээс шаардаж байна. Тийм ч учраас ЗГХЭГ- аас энэ жилийг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Төрийн алба гэдэг нь “Public servicе”, “Public ser­vant” буюу иргэддээ үйлчлэх гэсэн утгыг илэрхийлдэг. Үйлчилгээ үзүүлнэ гэдэг нь өөрийн ашиг сонирхлыг хойш тавьж, үйлчилж байгаа хүнээ нэгдүгээрт үзэн, хуулийн хүрээнд хуулиа дээдлэн, шуурхай, сэтгэлтэй, төсвийн хөрөнгийг хэмнэж, ажиллах гэж би ойлгодог.

Албан тушаалтны эрх мэдлийг хязгаарладаг зүйл бол хууль. Хуулиас дээш эрх мэдэлтэй албан тушаалтан ямар ч улс оронд байхгүй, байх ч ёсгүй. Би 2016 онд энэ ажилд томилогдоод төрийн албанд хууль гажуудуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, ёс зүйгүй асуудлууд газар авсныг олж харсан. Эх орон маань илүү сайхан хөгжихгүй байгаа шалтгааны нэг нь энэ юм байна гэдгийг мэдсэн.

Энэ асуудал бол хоёр хүний харилцааны асуудал биш юм. Надад тохиолдоод байгаа энэ зүйлүүд нь сайн төрийн алба бий болгоход хууль хэрэгждэг, хэрэгжих ёстойг харуулж байгаа кейсүүдийн нэг гэж үзэж байна. “Төрийн албаны удирдах ажилтны уулзалт”-аар төрийн алба ямар байх ёстой, хуулийг хэрхэн дээдэлж, хэрэгжүүлэх ёстой талаар ярьж байгаа. Эдгээр зарчим, үйл ажиллагааг яаманд хэрэгжүүлэхийн төлөө л ажиллаж байна.

-БСШУС яамны газрын дарга нар тантай хамтарч ажиллаж чадахгүй гэх гомдлыг Засгийн газарт хүргүүлсэн гээд байгаа. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Манай яамны дийлэнх удирдах албан тушаалтан үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Анх томилогдсон нөхцөл байдал, төрийн албаны шинэ хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим албан тушаалын сонгон шалгаруулалт хийгдээгүй хүлээгдэж ч байна. Таны асуусан нөхцөл байдал яаман дээр үүссэн. Ажилд оруулсан хүнийхээ дарамт шахалтад орж гарын үсэг зурсан гэдгээ зарим удирдлага хүлээсэн. Улмаар бичгээр болон амаар надаас уучлалт гуйсан. Тэдний явуулсан бичгийн дагуу ЗГХЭГ-аас манай яаманд шалгалт хийгдсэн. Шалгалтаар маш тодорхой дүгнэлт гарсан. Тодруулбал, Төрийн нарийн бичгийн дарга хууль зөрчөөгүй, хуулиа дээдлээд ажиллаж байгаа юм байна гэдгийг тогтоогоод, ёс зүйгүй, хууль зөрчиж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох, зарим ажлыг хуульд нийцүүлэх чиглэл өгсөн байгаа.

Сүүлийн үед сошиал орчинд намайг янз янзаар гүтгэн, доромжилж, нэр хүндийг маань сэвтээхийг оролдож байгаа. Гэсэн ч би төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, тэвчээртэй хандаж байна.

-Салбарын сайд шинээр томилогдоод буй. Хэр гар нийлж ажиллаж байгаа вэ?

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан салбараа мэддэг, төрийн албанд олон жил ажилласан туршлагатай хүн сайдаар томилогдож ирсэнд бид баяртай байгаа. Ё.Баатарбилэг сайд ч салбарынхан болон яамны хамт олонтой уулзахдаа зөвхөн хуулийн хүрээнд хуулийг дээдлэн, хариуцлагатай, үр дүнтэй ажиллана гэдэг зарчим ярьж байгаа.

Сайдыг ажлаа авснаас хойш бид маш нарийн төлөвлөгөө гарган эрч хүчтэй ажиллаж байна. Хийж байгаа ажлууд бүгд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд шуурхай хүрч байгааг та бүхэн мэдэж байгаа.


Categories
мэдээ нийгэм

Гэрээ байгуулаагүй иргэн, АНН байгууллагын өрөмдмөл худгийг битүүмжилж, хариуцлага тооцно

Усны тухай хуулийн 28.4, 29.1-д заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллага 2019 оны 6 дугаар сарын 01-ний дотор Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулан, гэрээ байгуулж ажиллахыг мэдэгдье. Гэрээ байгуулаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өрөмдмөл худгийг битүүмжилж хуулийн хариуцлага тооцохыг анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их дуулга тэмцээнээс манай гурван жүдоч медаль хүртлээ

Жүдо бөхийн Дюсселдорфын их дуулгын тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас 19 тамирчин оролцож буй. Тэмцээний эхний өдөр манай таван бөх барилдаж, гурав нь медаль хүртлээ. Тодруулбал, 52кг-н жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, 57кг-н жинд Д.Сумъяа хүрэл медаль, 66кг-н жинд Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ.

Эхний өдрийн “тод од” нь залуу жүдоч Л.Сосорбарам байлаа. Тэрбээр Франц, Японы жүдочдыг цэвэр ялж, алтан медалийн төлөө барилдлаа. Аваргын төлөө олимп, дэлхийн аварга М.Келмендид ялагдан мөнгөн медаль авлаа.

Categories
мэдээ цаг-үе

Бидэ ба эрүүл мэнд

Монголчууд 1990-ээд оноос барууны кинонуудаар дамжуулан бидэ суултууртай танилцсан. Барууны орнуудын хувьд XVII зууны үед бидэтэй төстэй зүйл дээр суух байдлаар хувийн ариун цэврээ сахидаг байсан нь уран зурагт хүртэл үлдсэн байдаг. Шүршигчтэй суултуур 1965 оноос үйлдвэрлэгдэж ухаалаг суултуурын эхийг тавьсан гэж хэлж болно. Түүнээс өмнө барууныхан энгийн суултуурт суучихаад дараа нь тусгай цорго бүхий зэргэлдээх суултуурт шилжин сууж шүршиж, угааж ариун цэврээ сахидаг байсан юм байна. Харин шүршиж угаадаг цоргыг үндсэн суултуурт нь суурилуулж үйлдвэрлэснээр энэ бүтээгдэхүүн олон хүний талархлыг хүлээж нийтэд түгэх эхлэл нь болжээ.

Бидэ суултуурт бие зассанаар шулуун гэдэсний шархлаа, шулуун гэдэсний хорт хавдар, цагаан мах эргэх, шамбарам, өтгөн хаталт, бэлгийн замаар дамжих өвчлөлүүдээс урьдчилан сэргийлдэг ач холбогдолтой. Эмэгтэйчүүдийн хувьд төрөлтийн дараахь болон сарын тэмдгийн үед чанар муутай ариун цэврийн цааснаас дамжих халдвар, хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Харин хүүхэд бидэ суултуурт бие засахад эцэг, эхийн тусламж шаардахгүйгээр ариун цэврээ сахиж чадна. Бидэ суултуур нь урагт ч сайн нөлөөтэй юм байна. Ургийн эрүүл мэндийг хамгаалахын тулд жирэмсэн эхчүүдийг бидэ суултуурт сууж бие засч байхыг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Түүнчлэн ахмад настан, хэт таргалалттай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хөдөлгөөн дутмаг байдаг учраас бидэ суултуур хамгийн тохиромжтой. Бидэ суултуур нь өтгөн хаталтаас дээд зэргээр сэргийлдэг. Өтгөн хатсанаар хүний биед хорт бодис хуримтлагдаж эд эрхтэнүүдийг хордуулдаг. Энэ нь маш олон төрлийн өвчний үүслийг тавьж байдаг. Ухаалаг суултуур нь усан даралтын бөмбөлөг үүсгэж массажилдаг учир өтгөнийг саадгүй гадагшлуулдаг гол давуу талтай. Ингэснээр хүн стресс ядаргаанд өртөхгүй байх боломж бүрддэг. Түүнчлэн доогуураа хагалгаатай, ууц нуруугаа дааруулахгүй байх онцгой гам барьдаг хүмүүст бидэг санал болгодог.

Ийм учраас бидэ (Bi­det) дэлхийн улс орнуудын өдөр тутмын хэрэглээнд нэвтрээд байна. Манай улсад энэ чиглэлийн бүтээгдэхүүн оруулж ирж суурилуулж, зөвлөгөө өгдөг хувь хүн, компаниуд олон бий. Гэрийнхээ суултуурын зургийг тухайн компани руу илгээж дээр нь бидэ суурилуулах боломжтой эсэхийг лавлана. Хэрвээ танай гэрийн суултуурт бидэ суурилуулах боломжтой гэвэл тухайн үйлчилгээний компанийн ажилтан нь ирээд суурилуулаад өгчихнө. Гэхдээ хуучны оросын суултууруудыг шинэ цагийн бидэ “голдог” учир шинээр суултуур суурилуулж байж ухаалаг бидэтэй болно гэсэн үг. Ингээд ухаалаг суултууртай болчихоор удирдлага дээрх олон товчнуудынх нь учрыг олохгүй нэг хэсэгтээ андуурч нүүр рүүгээ ус цацуулж мэднэ шүү. Гэхдээ удирдлага дээр нь байдаг түгээмэл хэдэн товчлуурын зааврыг танилцуулъя.

Rear cleansing, Soft rear cleansing, Front cleans­ing гэх угаах үйлдлийг заасан товчлуурууд нь усаар шүрших байрлалыг тааруулдаг үүрэгтэй. Dry, Dryer гэх товчлуур бол хатаах үйлдлийг гүйцэтгэнэ. Сүүлийн үеийн ухаалаг суултууруудын хатаагч нь хүний биеийн дулаантай дүйхүйц бүлээн хэмтэйгээр үлээж хатаадаг болсон. Tem­perature товчны харалдаа байдаг жижиг товчлууруудыг суудал, ус, хатаагчийн хэмийг тохируулахдаа ашиглана. Pressure гэх товчлуур байвал энэ нь усны даралтын хүчийг тохируулдаг. Мөн Position товч байвал шүрших байрлалаа тааруулна. Wand cleansing-шүршигчийг цэвэрлэх, Stop-үйлдлийг зогсоох, Power on/off-асаах, унтраах үүрэгтэй. Power deodorizer товч үнэр дарагчийг ажиллуулдаг тус тусын үүрэгтэй.

Бидэ буюу Bidet toilet-ийн хамгийн сүүлийн үеийн загварыг Японы үйлдвэрлэгчдээс харж болно. Тус улс 1980 онд дэлхийн анхны автомат суултуур бүтээж байжээ. Сүүлд гэхэд япончууд 11 мянган долларын ханштай “TOTO Neorest NХ2” нэртэй ухаалаг суултуур зохион бүтээгээд байна. Энэ суултуурт дөхөж очиход дулаан мэдрэгчтэй таг нь автоматаар онгойно. Тэр даруй суултуур нь автоматаар хална. Бие зассаны дараа шүрших товч дээр дарахад шүршигч хоолойноос ус гарч бохирдсон хэсгийг угааж цэвэрлээд, дулаан агаараар үлээж хатаана.

Автомат үнэр дарагч нь ч энэ үеэр ажиллаж “Tor­nado Flush” ухаалаг систем нь бохирдсон гадаргууг өөрөө цэвэрлэдэг юм байна. NХ2 буюу ионжсон ус нь ямар ч төрлийн бактерийг устгадаг үйлчилгээтэй. Ингээд бие засаад суултуураас холдоход таг нь автоматаар хаагдана. Энэ бол бидэгийн хамгийн сүүлийн үеийн загвар.

Зарим бидэ суултуурт нэмэлт товчлуурууд бий. Жишээ нь, Children washing-Хүүхдийн угаалга, Famale washing-Эмэгтэйчүүдийн угаалга, Massage washing-Массажтай угаалга, Night Light-Шөнийн гэрэлтүүлэг гэсэн шинэ үйлдлүүд нэмэгджээ.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Батцэнгэл: Томуугийн эсрэг вакциныг нэн тэргүүнд эрсдэлтэй бүлгийн хүмүүс хийлгэх шаардлагатай

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Уушги судлалын клиникийн их эмч Ц.Батцэнгэлтэй ярилцлаа.


-Сүүлийн үед томуу, томуу төст өвчний тархалт их гарах болсон. Ямар вирусүүд зонхилон тохиолдож байна вэ?

-Амьсгалын замаар дамжих цочмог вирусийн халдвар нь агаар дуслын замаар дамжин халддаг. Амьсгалын замын цочмог халдварт өвчин буюу томуу, томуу төст өвчин, ханиадны гол үүсгэгч нь вирус байдаг. Вирус бол зөвхөн амьд эсийн дотор өсөж үржих чадвартай өвчин үүсгэгч. Энэ вирус 99 хувийн халдвартай гэж үздэг. Мөн томуу үүсгэгч А, В ,С хүрээний вирус гэж байдгаас гадна амьсгалын замын цочмог халдвар, ханиад үүсгэгч 200 гаруй төрлийн вирус байдаг. Тийм учраас нийтэд нь томуу, томуу төст өвчин гэж нэрлэдэг л дээ. Халдварлах чадвар маш өндөр бөгөөд 10 хүний ес нь халдвар авдаг. Өөрөөр хэлбэл, халдвар нэг хүнээс нөгөөд хурдтай тархаж олон хүн зэрэг өвчилдөг гэсэн үг. Вирус нь амьсгалын зам руу нэвтрэн орж гуурсан хоолойн цочмог хурц үрэвсэл үүсгэн хүндэрсэн үед уушгины хатгаа болдог. Хүйтэн сэрүүний улиралтай холбоотойгоор амьсгалын замаар халдварладаг томуу, томуу төст өвчин түгээмэл тохиолдож байна. Одоогийн байдлаар “А” хүрээний H1N1, H3N2 гэх вирусүүд илүү ихээр тархалттай байгаа. Томуу өвчнийг үүсгэдэг А, В, С гэсэн гурван төрлийн вирус байдаг. А хүрээний вирус нь хоргүй чанар ихтэй. Амьсгалын замаар нэвтрэн орж, цаашлаад цус руу нэвтэрч, өндөр халууруулдаг онцлогтой. Ханиад томууны үеэр хатгаа өвчин тусах, цаашлаад хатгаа өвчний хүндрэлээр нас барах тохиолдол бусад жилүүдээс их байгаа юм.

-H1N3 гэх вирус амь насанд нөлөөлөхөөр хүнд байгаа гэх мэдээллүүд бий. Энэ талаар тодруулахгүй юу?

-А хүрээний H1N1 вирус нь хүний томуугийн вирус болж хувирсан. Олон төрлийн вирус байгаа болохоор бусад төрлийн вируст үйлчлэх эм байхгүй. Энэ төрлийн вирус хоруу чанар ихтэй. “А” хүрээний H1N1, H3N2 вирус лабораторийн шинжилгээнээс илэрч байгаа. Угтаа энэ нь ердийн ханиадны вирус юм. Дээр үед бид вирусийн бүтцийг ялгадаггүй байсан. Өнөөдөр шинжлэх ухаан, анагаах ухаан хөгжөөд вирусүүдийг ялгаж эхэлдэг болсон учраас дотор нь салгаж үзээд байна.

-Ханиад хүрсэн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Гурав ба түүнээс дээш хоногоор өндөр хэмээр халуурах, амьсгаадах, цээжээр өвдөх, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

-Амьсгалын замаар дамжих халдварын тархалт их байгаа үед вирусийн халдвараас хэрхэн хамгаалах вэ?

-Ер нь агаар дуслын замаар дамжих халдварын халдварлах чадвар өндөр учраас вакцин хийлгэх ёстой. Томуугийн эсрэг вакцин хийлгэвэл тухайн жилдээ ханиад хүрэхгүй. Хамгийн түрүүнд эрсдэлтэй бүлгийн хүмүүс хийлгэх нь чухал. Амьсгалын замаар дамжих халдварын идэвхжлийн үед хамартаа тосон түрхлэг түрхэж болно. Мөн хоолойгоо содтой ус, тамединий уусмал, сармистай усаар зайлж, амны хаалт хэрэглэхээс гадна бага насны хүүхдийг олон хүнтэй газраар авч явахгүй байх хэрэгтэй. Нэг вирусийн цикл 7-14 хоног үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын гэмтсэн эсүүд нөхөн төлжтөл 14 хоног болдог. Энэ хугацаанд ханиад үргэлжилж, нэг цикл дуусахад эдгэдэг гэсэн үг.

-H1N1 вирус хоруу чанар ихтэй гэсэн. Хүний биед ямар муу нөлөөтэй вэ?

-Хүний амь насанд хүрэх эрсдэлтэй. Одоогоор судалсан тоо баримт байхгүй. Дээр дурдсанчлан хатгаагаар хүндрээд нас барах тохиолдлууд олон байна.

-Урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Вакцин хийлгэх шаардлагатай. Хоёроос бага настай хүүхэд, 65-аас дээш настай, архаг суурь өвчтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд биеийн жин ихтэй хүмүүсийг томуугийн эрсдэлт бүлэг гэж үздэг. Эдгээр хүмүүс вакцин хийлгэх нь зүйтэй. H1N1 вирус дотроо олон төрөл. Жил бүр өөрчлөгдөж байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ ханиаданд вакцин хийх нь зүйтэй гэж үзсэн. Вакцин хийсэн тохиолдолд тухайн вирусаар дахин өвчлөхгүй. Харин тэр вирусийн эсрэг дархлаа тогтдог. Ханиад томуугаар өвчлөхгүй байна гэж хэлэхэд хэцүү л дээ. Учир нь агаар дуслын замаар дамжин халддаг.

-Хүмүүс ханиад хүрэхээр дур мэдээд эмийн сангаас антибиотик аваад уучихдаг. Энэ хэр зөв бэ. Антибиотик уухгүйгээр ханиадаа дарах ямар арга байна?

– Эмчийн зааваргүйгээр өөрөө дур мэдэн эмчилгээ хийх, ялангуяа бактерийн эсрэг антибиотик хэрэглэх нь маш буруу. Антибиотик ханиадны вируст огт үйлчлэхгүй. Вирусийн халдвар хүний дархлааны тогтолцоог дарангуйлсан байхад антибиотик хэрэглэснээр дархлааг улам сулруулдаг. Тиймээс томуу өвчний үед антибиотик эмчилгээний заалт байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Вирусийн халдвар уу, бактериийн халдвар уу, хатгаа байна уу гэдгийг өрхийн эмч, нарийн мэргэжлийн эмчид хандаж зөв оношлогоо хийлгэж, оновчтой эмчилгээ хийх нь зүйтэй. Эрүүл, дархлаа сайтай үед эм уухгүй байсан ч томуу, томуу төст өвчин өөрөө аяндаа эдгэрч болно. Дархлааны тогтолцоогоо бэхжүүлж хэвийн байлгахын тулд уургаар баялаг хоол хүнс хэрэглэж эрдэс баялаг, шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хангалттай хэрэглэх нь чухал. Даарснаас болж хэсэг газрын цусны судаснууд агшсанаас цусны эргэлт удааширч тухайн хэсгийн хамгаалалт алдагдан вирус, бактер хүний эс рүү нэвтрэн орох боломж бүрддэг. Тиймээс дулаан хувцаслах, халуун хоол идэх, халуун аарц, чацаргана, аньс хэрэглэх, сонгино сармистай халуун шөл уух нь хүйтэн сэрүүний улиралд ханиад томуугаар өвдөхгүй байхад чухал ач холбогдолтой. Хүн өөрөө дархлааны тогтолцоотой байхын тулд шаардлагатай хэмжээний уураг авах хэрэгтэй. Хүйтэн сэрүүний улиралд махаа сайн хэрэглэж, шингэн зүйл сайн уух зэрэг өөрт хэрэгтэй эрдэс баялагтай хоол хүнс хэрэглэвэл зохимжтой байдаг. Богино хугацаанд халуурч байгаа үед шингэн юм сайн ууж, хөлрөх хэрэгтэй. Мөн витамин С уух, үрэвслийн эсрэг хавсарсан найрлагатай эм сонгон ууж болно. Парацетамол, ибупрофен, витамин С, хлорфенамин зэрэг эмийг хэрэглэснээр вирус гадагшилж эдгэнэ.

Categories
мэдээ спорт

Дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд таван төрлөөр оролцоно

Дэлхийн оюутны өвлийн универсиад 29 дүгээр наадам ОХУ-ын Красноярск хотод ирэх сарын 2-12-нд болно. Энэхүү наадамд манай улсаас таван төрөлд 25 тамирчин оролцож байгаа юм. Тодруулбал, цана, цанын орон зай баримжаалах, тэшүүр, уран гулгалт, фристайлын төрөлд оролцохоор бэлтгэлээ хангажээ. Уран гулгалтын хувьд анх удаа оролцож байгаа бөгөөд Японд энэ чиглэлээр суралцдаг Монгол оюутныг Япон дасгалжуулагчийнх нь хамт урин оролцуулж байгаа юм байна. Түүнчлэн энэ наадамд шинээр нэмэгдэж буй цанын орон зай баримжаалах хэмээх төрөлд манай улс нэлээн амжилттай оролцох хүлээлттэй байгаа талаар Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан онцоллоо. Учир нь, 2011 онд манай улсын тамирчид Казахстанд болсон Азийн наадмаас энэ төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд тэд одоо эл наадмын тамирчдыг дасгалжуулж байгаа юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Цэнгэлбаяр: Хүчирхийллийн хэрэг даваа, мягмар, пүрэв гаригуудад ихэвчлэн үйлдэгддэг

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Цэнгэлбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Он гарснаар гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гарсан уу?

-Он гарснаар Хан-Уул дүүрэгт нөхөр нь эхнэрээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж галын төмөр халааж, биеийг нь хайрсан хэрэг гарсан. Сонгинохайрхан дүүрэгт ээж нь хүүхдийнхээ биеийг таван удаа зүсэж, гэмтэл учруулсан. Налайхад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хоёр үйлдэл бүртгэгдэж, шалгагдаж байна. Мөн өнгөрсөн сарын 26-нд ээж нь 13 настай хүүхдийнхээ гуяных нь тус газарт хутгалсан хэрэг гарсан. Эдгээр хэргүүдийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт арга хэмжээ авч байна.

-Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас ямар хохирол учирсан бэ?

-Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад 36220 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээрээс 1070 нь буюу нийт гэмт хэргийн 0.3 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 16.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Нийт гэмт хэрэгт 791 хүн өртөж, хохирсон. Үүний 92.4 хувь нь эмэгтэйчүүд, 7.2 хувь нь хүүхэд, 1.2 хувь нь эрэгтэйчүүд. Эрэгтэйчүүдээс өндөр настай, халамжид байдаг хүмүүс хохирдог. Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 5821 зөрчил шалган шийдвэрлэсэн. Нийт 3680 хүнийг баривчилсан. 74 хүнд 10.7 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

-Гэр бүлийн хүчирхийлэл гарч байгаа шалтгаан нь юу юм бол?

-Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 382 буюу 35.7 хувь нь согтуугаар, 63 буюу 5.9 хувь нь эмэгтэй хүн оролцож үйлдэгджээ. Хүчирхийллийн хэрэг даваа, мягмар, пүрэв гаригуудад ихэвчлэн үйлдэгддэг. Ихэнхдээ оройн 22.00 цагаас өглөөний зургаан цагт үйлдэгдсэн байдаг. Нийт гэмт хэргийн 923 буюу 86.4 хувь нь гэр, орон сууцанд гарчээ. Ахуйн хүрээнд үйлдэгддэг. Цоожтой хаалганы цаана нуугдмал үйлдэгддэг. Гэр бүлийн хүчирхийллийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлддэг. Мөн гэр бүлийн гишүүдийн хувийн таарамжгүй харилцаа, эдийн засгийн байдал, ажилгүйдэл, хардалт, бусад өмч хөрөнгийн маргаантай нөхцөл зэргээс хамаарч байна. Олон төрлийн шалтгаан бий. Гэр бүлийн амьдрал олон харилцаан дээр тулгуурладаг. Маргаан, зөрчил юунаас ч хамаарсан байж болзошгүй. Үүнийг ухаалгаар шийдвэрлэж чадахгүй байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл гарах шалтгаан болдог юм.

-Хүчирхийлэл үйлдсэн этгээдийг гэр бүлийн гишүүнээс нь асууж, санал хүсэлт авч, ял оногдуулсан тохиолдол бий юу?

-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл бүрт цагдаагийн алба хаагч очиж, аюулын зэргийн үнэлгээ хийдэг. Аюулын зэргийн үнэлгээ гэдэг нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирч болох эрсдэлийг тодорхойлох зорилгыг агуулдаг. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 35.4 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байдаг. Дуудлага, мэдээлэл хүлээн авсан цагдаагийн алба хаагч эхний ээлжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээдэд албадан эрүүлжүүлэх ажиллагааг явуулна. Энэ нь 24 цаг үргэлжилнэ. Ингээд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ойр дотны аав ээж, ах дүү, найз нөхдийнх нь хамгаалалтад ихэвчлэн хүлээлгэж, орхидог. Шаардлагатай гэвэл түр хамгаалах байранд байлгана. Нийслэлийн цагдаагийн газрын харьяа түр хамгаалах байр гэж бий.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ямар хариуцлага оногдуулж байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд үйлдлийн шинжээс нь хамаарч шийтгэл оногдуулдаг. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 5.4-т заасны дагуу албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7-д заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Зөрчил үйлдсэн этгээдийг 7-30 хоног баривчлах шийтгэлийг шүүхээс эцэслэн оногдуулна. Цагдаагийн алба хаагч хохирогчийн мэдүүлэг, зөрчил үйлдэгчийн мэдүүлгийг тус тус авна. Аюулгүй зэргийн үнэлгээ хийнэ. Гэмтэл, бэртэл тогтоогдвол шинжээчийн дүгнэлт гаргуулж, прокурорын хяналттай, шүүхэд хэргийг шилжүүлдэг. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас иргэний биед гэмтэл учруулбал, Эрүүгийн хуулийн 11.7-д зааснаар зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Зөрчлийг гурав буюу түүнээс дээш удаа үйлдвэл эрүүгийн хариуцлага оногдуулдаг.

-Хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна?

-Гарч буй асуудлыг бид хамтарсан багаар шийдвэрлэдэг. Энэ төрлийн гэмт хэргийг хүн амын төвлөрөл ихтэй газарт, 30-39 насныхан үйлдэх тохиолдол их болжээ. Бүрэн дунд боловсролтой, ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин үйлдэж байна. Бид ухуулга, нөлөөллийн арга хэмжээ явуулсан. Цагдаагийн байгууллага хүүхдийг хамгаалъя гэсэн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хүүхэдтэй холбоотой гэмт хэргийг бууруулах, арилгах хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллана. Хүүхэд хохирч буй гэмт хэрэг их гардаг. Үүнд нэлээд анхаарал хандуулж байгаа. Өөр төлөвлөсөн ажлууд бий. Сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэж байна. Үүний зохистой хэрэглээг бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн гэр бүлийн маргааныг ухаалгаар шийдвэрлэж сурах, хувийн таарамжгүй харилцаа зэргээс урьдчилан сэргийлэх ёстой. Иргэн бүр хүүхэд асран хамгаалах үүргээ ухамсарлах нь зүйтэй юм.