Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жолооны үнэмлэхийг дөрөвдүгээр сарын 15-аас хэвлэн тараана

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн жолооны үнэмлэх хэвлэхгүй байгаа тул иргэд бухимдалтай байна. Шинээр жолооч болсон, жолоодох эрхээ сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд гурван сарын хугацаатай түр зөвшөөрлийг хэвлэн олгож байгаа ч цаг алдсаар байгаа юм.

Жолооны үнэмлэхийг хэзээ хэвлэх талаар ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн мэдээлэл, технологийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодруулахадЦагдаагийн ерөнхий газар тендер авсан компанитай гэрээ хийсэн. Бэлдцийг дөрөвдүгээр сарын 15-наас нийлүүлнэ. Нийлүүлэлт эхлэхээр үнэмлэхийг 20-30 хоногийн дотор хэвлэж дуусгана. Үнэмлэх захиалсан иргэд нийлүүлэлт эхлэхээр Монгол шуудан компанийн захиалгын утсаар үнэмлэхээ захиалж болно” гэлээ.

Түүнчлэн жолооны үнэмлэхээ Дүнжингарав, Драгон төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас авч болох юм гэдгийг хэллээ. Одоогоор жолооны үнэмлэх авахаар 47 мянган иргэн материалаа ирүүлээд байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Баярхүү: Венесуэлийн шинэ дэглэмийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой

Венесуэл гэдэг улс бөмбөрцгийн баруун хагаст оршдог боловч эдүгээ дэлхийн цорын ганц улс шиг л анхаарлын төвд байнга байх боллоо. Уго Чавес, Николас Мадуро наp энэ улсыг хөмөрчихсөн бололтой бүх ял тэдэн рүү буулаа. Учир нь даян дэлхийд социалист хувьсгал хийж, Америкийн империализмыг ялна гэсэн лоозонгийн дор ард түмнийхээ баялаг нөөцийг бүрэн шавхчихсан тухай гадаадын хэвлэлүүд бичиж байна. Энэ тухай сэдэв хөндөж олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.


-Венесуэлийн сөрөг хүчнийг дэлхийн улс орнууд уралдан дэмжээд хүлээн зөвшөөрөх байдал ажиглагдах боллоо. Энэ нөхцөлд манай улсын байр суурь ямар байх ёстой вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Байр суурь мэдээж чухал. Манай ГХЯ судалж, нөхцөл байдлыг гярхай ажиглаж байгаа. Байр сууриа ч боловсруулж байна. Сүүл барихгүй гэдэгт итгэлтэй байгаа. Харин байр суурь шаардаад эхэлбэл төвийг сахихаа тэмдэглээд, Николас Мадурогийн дараа гарч ирэх тэр дэглэм ба Засгийн газрыг хүлээн зөвшөөрч дэмжих байр сууриа боловсруулчихсан байх нь зөв болох болов уу. Бараг сөрөг хүчнийг нь хүлээн зөвшөөрчихсөн байхад нэг их буруутахгүй байж мэднэ. Бид чинь Ардчилсан улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн улс хэвээрээ байгаа шүү дээ. Манай гуравдагч хөрш гэж үздэг АНУ, Европын Холбоо, өрнөдийн гол гол улсууд Шилжилтийн түр ерөнхийлөгчийг нь дараа дараалан дэмжлээ. Хоёр хөрш маань НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд явуулсан санал хураалтаар цөөнх болсон. Аюулгүйн Зөвлөлийн байнгын тав, байнгын бус 10 улсаас Орос, Хятад, ӨАБНУ, Эквадорын Гвиней улс Мадурог дэмжинэ лээ. Арваннэгүүлээ буруушааж байна лээ. Энэ маань дэлхий дахины хандлагын тусгал болов уу. НҮБ дээр санал хураавал мөн ийм тусгал харагдах байх. Гэхдээ дэглэм хэзээ хэзээгүй нураад уначих хэмжээнд арай очоогүй, цэрэг арми, хүн амын тодорхой хэсэг нь Мадурог дэмжсээр байгаа. Тиймдээ ч иргэний дайны хаалга түр хаалттай байх шиг байна. Тийм учраас одоогоор байдлыг цаг минут тутам гярхай ажиглах хэрэгтэй.

-Тэмцлийн явцыг нь ажвал манайд огт ч хамаагүй биш юм шиг. Популист улс төрийн эсрэг л тэмцээд байх бололтой. Манайд Венесуэлийн хэрэг явдал сургамжтай даа?

-Мэдээж. Бидэнд сургамжтай түүхээ тэр улс яг одоо бичиж байгаад нь анхаарал хандуулах хэрэгтэй. Нийгмийн халамжийг хэтрүүлээд хувийн ба гадаадын хөрөнгө оруулалттай өмч рүү халдаад, адагт нь сүйрч унасан гашуун сургамжийн жишээ юм л даа. Популизм их хийвэл ийм л дүн гарна. Төсвийнхөө дөрөвний гурвыг нийгмийн салбарт зарцуулсан, сая таван зуун мянган орон сууц үнэгүй тараасан, АНУ-аас өндөр үнээр импортолсон бараагаа олон арав дахин хямдаар зардаг гэхчлэн манай ядуусын чихийг сортойлгох баримт олон байгаа юм билээ. Гэлээ гээд нийгмийн халамжийн популист бодлогоороо энэ улс улам л уруудсан. Баялагтай улс орноо баллаж тавьсан түүхэн жишээ болж буй.

-Нөгөө антиимпериалист загалмайтны социалист хувьсгал нь юу болж төгсөв. Үргэлжилж байна уу?

-Уго Чавес гэдэг нөхөр Боливарын хувьсгалыг 14 жил удирдаад 2013 онд нас барсан. Халааг нь Мадуро аваад гялалзуулж яваа. Тэд хувьсгалаа түгээх зорилгоор 2004 онд Кубийн туслалцаатайгаар АЛБА буюу “Бидний Америкийн улс түмнүүдийн Боливарын альянс” гэдгийг байгуулж, Умард-Өмнөд Америкийн чөлөөт худалдааны альтернатив бүсээ зарласан, тэр нь л Чавесын антиамериканизмын оргил нь болсон байгаа юм. АЛБА-даа Болив, Никарагуа, Гондурас, Эквадор, мөн Карибын сав газрын зарим улсуудыг татан оруулсан. Чөлөөт худалдаагаар халхавчлан бүс нутаг дахь зүүний, коммунист хөдөлгөөнүүдэд дэмжлэг үзүүлэхийн тулд Венесуэлийн нөөцийг шавхсан даа. Чавесын дэглэмд үнэнч улсуудыг буй болгоно гээд нефтийн орлогоо тавьж туусан. Цаадуул нь социализм ба Чавест үнэнчээр үлдээгүй, эвсэл аажмаар унтарч, Эквадор түрүүлээд эвслээс гарч алга болсон гээд ярьвал тус улсыг дампууруулсан элдэв түүх мундахгүй юм билээ. Ганцыг нь л жишээлж байна шүү дээ.

-Венесуэлийн шинэ дэглэмийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой гэж та хэлсэн. Тэр асуудал руу оръё. Венесуэлийн улс төрийн хямралын шалтгааныг тодруулангаа ярилцах уу?

-Хямралын үндсэн шалтгааныг дээр хэлчихлээ. Харин улс төрийн тэр шалтгаан нь энэ улсад де-факто хоёр засаг оршиж байгаагаас үүдэлтэй. Тус улсын парламент болох Үндэсний Ассамблей нь 167 гишүүнтэй. 2015 онд сонгуулиа хийхэд ардчилсан намуудын “Ардчилсан эв нэгдлийн дугуй ширээ” гэх эвсэл ялсан. Энд 12 нам, мөн бие даагчид оролцоод 109 суудлыг нь, “Симон Боливарын эх оронч их хүч” гэх зүүний эвсэл үлдэх 55 суудлыг нь авсан. Сүүлчийнх нь парламент дахь сөрөг хүчин, харин ерөнхийлөгч Мадурогийн хувьд өөрийнх нь талын намуудын төвлөрөл. Тэнд нь Венесуэлийн нэгдмэл социалист нам, Венесуэлийн коммунист нам, Хоёр зуун жилийн БНУ-ын авангард нам гэх гурван нам эвсэж байна. Нэгэнт парламентад цөөнх болсон учраас Николас Мадуро түүнийг сөрөх өөр нэг бүтэц 2017 онд бодож олоод 545 гишүүнтэйгээр “Үндсэн хууль шинээр боловсруулах үүрэг бүхий зохион байгуулах хурал” гэдгийг буй болгож, тэндээ социалист коммунист намуудаа олонх болгуулаад нэг ёсондоо өөрийн парламенттай болчихсон. Үүнийг нь дэлхийн орнуудын ихэнх нь хүлээн зөвшөөрөөгүй. 2018 онд Ерөнхийлөгчийн сонгууль зарлаад өөрөө ялчихсан. Ингэж ялахдаа сөрөг хүчний удирдагчдaa эх орноос нь хөөж, шоронд хорьж, заримыг нь сонгуульд оролцуулаагүй, тал талын бойкотын дор явуулсан сонгуульдаа Мадуро 70 хувийн саналаар дахин сонгогдлоо гэж зарласан боловч бас үүнийг нь дээрхийн адил ихэнх улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй. Энэ оны нэгдүгээр сарын 10-нд Мадуро тангарагаа өргөж албан тушаалдаа орно гэж зарласныг угтуулаад Латин Америкийн орнуудаас бүрдэх “Лимагийн бүлэг” гэх бүс нутгийн улс орнуудын бүлэг Мадурог хууль ёсны ерөнхийлөгч биш тул үүрэгт ажлаа Үндэсний Ассамблейдаа шилжүүлээд өөрөө огцрох, шинэ ардчилсан сонгууль явуулах уриалга нэгдүгээр сарын 4-нд гаргаснаас эдүгээгийн хямрал шат ахин хурцаджээ. Мадуро нэгдүгээр сарын 10-ндаа тангарагаа Үндэсний Ассамблейд өргөхөд хурлын танхим эл хуль, гадаадын зочид төлөөлөгчид очоогүй. Тэглээ гэмэгц нь хөрш зарим улс нь дипломат харилцаагаа таслан дохио сануулга өгсөн ч тэрээр хүлээн аваагүй. Ингээд арав гаруй хоногийн дараа Үндэсний Ассамблейн спикер нь засгийн эрхийг авахаар өөрийгөө Түр ерөнхийлөгчөөр зарласнаар энэ улс улс төрийн гүн хямрал руугаа эргэлтгүй шилжээд байна.

-АНУ Мадурог “Асан ерөнхийлөгч” гэж нэрлэж байгаа шүү дээ?

-Венесуэлийн Шилжилтийн түр ерөнхийлөгч нь Хуан Гуаидо мөн хэмээн Вашингтонд хүлээн зөвшөөрснөөсөө хойш АНУ-д Николас Мадурог “Ерөнхийлөгч асан” хэмээн нэрлэж, шийдвэр гаргах эрхгүй гэх болсон. Дипломат харилцаагаа АНУ-аас тасаллаа гэж зарламагц нь “Асан ерөнхийлөгч ийм шийдвэр гаргах эрхгүй ээ” гээд АНУ таслаагүй, одоо болтол нийслэлд нь ЭСЯ-аа байлгаж байна. Тэгээд ч Мадурод улс орноо сүйрүүлсэн дарангуйлсан гэх ялнаас гадна авлига, хар тамхины хэрэг тохох болсон. Хар тамхины хууль бус наймаа, наркотрафикийн толгойлогч гээд бүр нэрлэчихсэн. Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс цэргийн хүчээр оролцохоо ч Дональд Трамп боломжийн хувилбар гэж үзэж байгаагаа твиттертээ ил зарласан.

-Eвpoпын холбоо Венесуэлээс нүүр бурууллаа?

-Венесуэлийн социалист лидер Мадурод ультиматум тавьсан. Найм хоногийн дотор шинэ сонгууль явуулахаа зарлахгүй бол Хуан Гуайдог Ерөнхийлөгчид тооцох болно гэсэн. Мадуро гөжөөд хариу өгөөгүйгээр барахгүй Европтой харилцаагаа эргэж харна, харилцаагаа тасална гэх шахуу ширүүн мэдэгдлээр хариу барьсан. Нөгөөх найм хоног нь өнгөрчихсөн, Европын эхний есөн улс нь Венесуэлийн сөрөг хүчний лидерийг хүлээн зөвшөөрсөн. Эхний ээлжинд Франц, Испани, Герман, Их Британи, Португаль, Швед, Дани, Австри, Нидерланд гээд жагссан. Араас нь Польш, Чех, Эстон гэж нэмэгдсэн. Мадурог дарангуйлагч, эдийн засгаа нураагч хэмээн цоллоод эхэлсэн. Испани хэлт Испанийн ерөнхий сайд ба Засгийн газрыг Мадуро хараалын муухайгаар хэлж гомдлоо илэрхийллээ. Хуан Гуаидог хүлээн зөвшөөрөгчдийн дотор Гүрж, Украин хоёр нэмэгдсэн нь өөрийн эрхгүй анхаарал татлаа. Цөхөрсөн Мадуро бүр аргаа барахдаа “Би үнэнхүү христиан, Пап Та мэднэ дээ” гэж байгаад Ромын Пап Францискээс тусламж хүссэн захидал хүртэл явууллаа. Европ дахь тулгуур нь Оросоос гадна Пап болж үлдэх нь байна.

-Xятадын хувьд энэ нөхцөл байдалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Тус улсын эдийн засагт хөрөнгөө оруулсан нэг үндсэн оролцогч тоглогчийн хувьд Хятад тайван байдлыг хүсэмжлэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ оруулсан хөрөнгөө алдахаас айж хулчийсандаа ч тэгээд байгаа юм биш. Эрх мэдэл аль талд байна, төр засгийн ихэнх бүтэц, хүчний байгууллага нь хэний талд байна, түүнийг Хятад дэмжинэ. Николас Мадурогийн гарт тэр бүхэн нь байгаа, харин түүний өрсөлдөгчид нь парламентад төлөөлөлтэй, хэрэв АНУ тэднийг дэмжихгүй бол тэд хэн ч биш болж хувирна гэдгийг Хятад тооцоолж байх шиг. АНУ хөндлөнгөөс оролцох вий гэдэгт Хятад сэтгэл түгшинэ. Венесуэлийн хямрал бусдад ямар үлгэр болох бол, цэргийн томхон мөргөлдөөний шалтаг болох вий гэдгээс Хятад ихэд болгоомжилж байна.

-Оросын байр суурийг тодруулахгүй юу. Монголчуудад тэр л сонин байх болно?

-Хэлж таах, тайлбарлах ч арга алга. Венесуэл нисэгчдийг оросууд сургаж байна. Мадуро болон түүний Батлан хамгаалахын сайд нь ОХУ-д айлчилж, цэргийн хамтын ажиллагааны лут асуудал ярилцсан. Нефть, алтны салбарт Оросоос зургаан тэрбум доллар оруулах контракт байгууллаа гэсэн мэдээ явж байсан. Хүнсний гачигдлыг нь эерүүлэхээр Оросоос 2019 онд 600 мянган тонн үр тариа өгнө. Ингэхэд Орост ямар ашигтай болоод тэр хол Латин ертөнц рүү тэмүүлээд байна вэ гэдэгт оросууд ч нэгдсэн байр суурьгүй байна. Оросын судлаач нийтлэлч Леонид Бершидский гэдэг хүн Мадурог дэмжсэнээрээ Орос эх орон нь тэрбум тэрбумын (доллар гэсэн үг л дээ) эрсдэл өөртөө үүрч байна хэмээн Bloomberg-ээр ярьж байна лээ. Тэр нөхөр их сонин тооцоо гаргаж ирсэн. Орос 17 тэрбум долларын хөрөнгө оруулсан, 2019 онд нэмж зургаан тэрбумыг Оросоос оруулна. Мөн нөгөө үр тариа нэмэгдэнэ. Орос өөрөө бол “Бид тэндээс хэзээ ч гарахгүй, харин тэднийг (өрнөдийнхнийг) гаргана” гэсэн хатуу байр суурьтай байдаг ч өмнө нь Ирак, Ливи, Украин дээр тохиолдсон шиг мөнгө ч үгүй, түнш ч үгүй болох вий хэмээн Бершидский эрх баригчиддаа сэрэмжлүүлэн ярьсан байсан даа. Тэр нөхрийн дэлгэсэн тодорхой баримтаар бол Саддам Хусейнийг барууныхан унагаад тавьчихсан чинь Оросын “Лукойл” Иракийн Баруун Курна дахь нефтийн ордын лицензээ алдчихсан, бүр сүүлд нь 2009 онд Норвегийн Statoil компанитай консорциум болж байж эргэж Ирак руу нэвтэрсэн боловч Иракийн шинэ Засгийн газрын ихээхэн өрийг Орос уучлах болоод явчихсан. Ливид Каддафийн дэглэм унадаг, Ливи дэх «Газпром», «Татнефть»-ийн нэг тэрбум долларын оруулсан хөрөнгө алга болсон, олон төсөл, түүний дотор Оросын Төмөр замын хурдны галт тэрэгний замын төсөл зогссон. Энэчлэн Мадуро унадаг, АНУ-ыг дэмжигч нөхөд засгийн эрхэнд гараад ирдэг, Оросын төслүүд бүгд зогсдог, Венесуэл Орост төлөх өрөө буцааж өгдөггүй, Мадурод тэр өр тохогддог, Хуан Гуаидо Орос руу нуруугаа харуулчихна гээд Бершидский ярьсан удаатай.

-Орос яагаад ийм ирээдүйгүй дэглэмүүд дээр бооцоо тавьж өөрийгөө эрсдүүлдэг юм бол. Та судлаачийн хувьд юу гэж үзэж байна?

-Оройтоогүй дээрээ Орос болон бусад орнууд Хуан Гуаидог Венесуэлийн ерөнхийлөгч мөн гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Жон Болтон уриалсан байна билээ. “Оройтоогүй дээрээ” гэдэг үг мөн ч ноцтой сануулга мэт чихнээ бууж байна. Бүр Оросыг нэр зааж тавлаад ч байх шиг. Венесуэлийн асуудал эрхлэх Америкийн тусгай элч төлөөлөгч Эллиот Абрамс гэдэг хүн Мадурод хандан “Эх орноо орхин тэр найз нөхөд болох Куба юм уу, эсвэл тэр Орос руугаа дүрвэхгүй юу даа” хэмээн санал тавьжээ. Оросын хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүд тус улсад очсон тухай маргаантай асуудал гарч ирсэн. Тийм хөлсний цэргүүд Украинд Оросын талд байлдаж байсан удаатай. Ийм гэрээт албан хаагчид Венесуэл дэх Оросын объектууд ба иргэдийг хамгаалахаар очих эрхтэй гэсэн байх юм. Тэгээд ч Оросын төрийн өмчит “Роснефть”, “Ростех”-ийн олон объектын харуул хамгаалалт тэртэй тэргүй байж байгаа. “Ростех” нь АК хэмээх автомат буу үйлдвэрлэх гэрээтэй. Тэгэхлээр Орос харуул хамгаалалт явуулах нь зайлшгүй. Нутгийн иргэд, цэргүүд урвах буюу алга болоод өгөх магадлалтай.

-Apми нь тэгчихнэ гэсэн үндэслэл байна уу?

-Цэргийнхний урвалтыг Вашингтон дахь ЭСЯ-ны цэргийн атташе хурандаа Хосе Луис Сильва эхлүүлсэн. Араас нь нэр нөлөө бүхий хэд хэдэн дээд офицер нэмэгдлээ. Шилжилтийн гэгдэх ерөнхийлөгч Гуайдо цэргийнхэнтэй нууцаар уулзаж байна гэх мэдээлэл аль эрт тархсан. Венесуэлийн зэвсэгт хүчин ганхах нь ч ганхсан. Тэгж уулзлаа гэсний дараахан Венесуэлийн агаарын цэргийн хүчний ерөнхий командлалын стратегийн төлөвлөлтийн газрын дарга генерал Франсиско Родригес сөрөг хүчний талд орсноо зарласан. Бие бүрэлдэхүүн тэр чигээрээ Мадурод дургүйцэж байгаа тухай тэрээр хэвлэлд ярьсан. Гэтэл хэдхэн хоногийн дараа Венесуэлийн хуурай замын цэргийн дээрээсээ гурав дахь нь болох хурандаа Рубен Хименес гэгч Мадурогийн эсрэг жагсаалд оролцож, армийнхныг зоригтой байх, хулчийхгүй байхыг уриалангаа зэвсэгт хүчний 90 хувь нь Мадурод дургүй байна гэдгийг мэдэгдсэн. Иймэрхүү мэдээ цаашаа хөвөрч өгөх байх.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Дорнын эгшиглэнт алтан аялгуу

Монголын утга зохиолын ноён оргил, суу билигт их найрагч Бавуугийн Лхагвасүрэнг эцсийн замд нь үдээд удаагүй байна. Монголын ард түмний хайрт хөвгүүн, оюун сэтгэлгээний шинэчлэгч нэрт найрагчийн тухай Ардын уран зохиолч Балжирын Догмидын бичсэн хөрөг нийтлэлийг хүргэе.


Анхны цас унаж, айлууд өвөлжөөндөө буухын цагт ачаа хөсөг харгалдсан намрын уварч цуварсан их нүүдлийн ард шивээ ганхсан шаргалхан талд Бөтөөрий уул гав ганцаараа сүүмэлзэн хоцорно. Таваг нь халсан атан тэмээд нэвт шувт гулс гулс алхалсаар их талын хаяа руу нүүдэл тонгойхын алдад өөжинд суусан хүүхдийн нулимстай нүдэнд мөнөөхөн хөвхөр хөх уулс адуу дагасан чөдөртэй ганц бүгээн морь шиг тэнгэр, газрын савслаганд бүдчин дэгсээр бараа тасарна. Ачаан дээр даруулсан хуурын хялгас хээрийн хэлгий хөх салхинд хэл орон хүнгэнэж “Дөмөн дөмгөрхөн гишгэдэлтэй” хэмээсэн араас дагаж нэхсэн халиун хонгор аялгуу сонсголын үзүүрт холдон ойртон эгшиглэнэ. Нутаг усаа гэж өрц хөндүүрлэн нулимс унагаасан Бавуугийн Лхагвасүрэнгийн ангаахай бага насны алтанхан дуртгалын сэжүүрийг сөхвөл ийм буюу… Тээр жил залуу, тэнэгхэн насандаа намайг Сайншандын гудамжинд эмээлтэй морио алдсан амьтан шиг согтуу гэлдэрч явахад Бавуугийн Лхагвасүрэн нэгэн захидалдаа:

Улаан булангийн орой дээр

Хатгаад мартсан туг шиг

Ухаа толгодынхоо дунд

гундаж л явна уу, Догмид минь…

гэж их л харамссан, толгой сэгсэрсэн дөрвөн мөр бичсэн байж билээ. Тэр цагт бид хоёрын хэн хэн нь ажил, сургуульгүй хот хөдөө хоёрт “багтаж ядсан” амьтад нохой шуугиулж явжээ. Лхагвасүрэнгийн цөөн тоогоор алдаг оног хэвлэгдэх шүлгүүдийг эрх, дархтанууд дотроо дуртай ч дургүй ч хүлээн зөвшөөрч чимээгүйхэн өвдөг сөхөрч байсан нь маргашгүй үнэн боловч баахан билэг төгөлдөр араншин, чөлөөт сэтгэлгээтэй, эрхэмсэг задгай хувцасласан тэр их үстэй хархүүгээс амьхандаа сүрхий цэрвэдэг байж. Тэр бүхнийг их бага түшмэдүүдийн хуурамчхан инээмсэглэлийнх нь цаадах итгэлгүй харцнаас нь Лхагвасүрэн ч түвэггүй уншдаг байлаа. Зохиолчдын хороонд дансгүй шахам болсон архичин намайг түм түчигнэж бум бужигнасан дөрвөн уулын дундаас тэр их шүлэгч үгүйлж, хайрлаж харамсаж явдаг байх нь. Би үхээгүй амьд байгаа юм байж гэж нөхөртөө баярлаж, өөртөө гомдох сацуу хоолой торсхийн зангираад явчихаж билээ. Далан найман онд бил үү дээ. Хөдөөнөөс хотод орж ирээд би Лхагвасүрэнгийнд очиход тосон будгаар нэг хачин зураг зурж “Алтан тал” гэдэг бальзам архиар намайг дайлсан нь ер мартагддаггүй юм. Нэг бүгээн морь бодлогоширсон нүднээсээ цусан нулимс дуслуулан зогсож байх бөгөөд түүний газарт дүрсэн яс нь цухуйсан хувхай шилбэнээс модны үндэс мөчир салаалан газрын гүн рүү хаван ургасан тухайн үедээ яггүй модернист зураг байсансан. Чин үнэнийг хэлэхэд тэр зургийн зохиомж, дүрслэл хөдөөний надад их л хол хөндий байсан ч миний гарын үзүүрт нэг барьцтай барьцгүй дүрс, өгүүлэмж тэмтрэгдэн урлагийг хийсвэрлэх хийгээд юмыг үзүүр ёзооргүй сэтгэх орон зайн мэдрэмжийг бага боловч ухааруулах шиг санагдсан. Мань эр Бүх холбоотын киноны дээд сургуульд оюутан байхдаа курсын ажил гэж аль ч хүний сэтгэлгээний арааманд багтахааргүй нэг гажиг жүжиг найруулж багш нараа сүрхий цочоон шуугиулсан юм гэсэн. Над руу харж буй энэ морины цусан нулимстай нүд нь аль эрт үхэж үрэгдсэн хэн нэгэн хүний сүнс, тэр газар хавсан үндэс мөчиртэй хөл нь аливаа амьтан төрөл арилждагаас бус үхэж алга болдоггүй тухай номлол гэж таасан. Ер нь цаг үеэсээ түрүүлэн нүд нээж, дотоод бясалгал, төрөлхийн авьяас тэмүүллээрээ нүгэлт орчлонгийн хар хөшигний араар өнгийж харсан “сахилга”-гүй хүн л ертөнцийг ийм нүдээр хардаг байх гэж санагдсан.

Өөрийгөө элээж өрөөлийг ирлэх

Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий би …

гэж хаврын тэр нэг сайхан хонгор өдөр Лхагвасүрэн эмнэлгийн хашаанд надтай хамт сууж байгаад харсаар байтал бичсэн сэн. Энэ сонгодог мөрийг хүмүүс янз янзаар тайлбарладаг. Зарим нь энэ шүлгийг бурхан Лхагвасүрэнгийн чихэнд нь хэлж өгсөн юм гэж өөрөө бурханаас будаа идэхийг харсан мэд мэдэмхийрэхэд нөгөөх нь ухаанаар зодож бичсэн шүлэг байхгүй юу хэмээн айлдана. Гэтэл гурав дахь нь Лхагвасүрэн цэвэр онгодоороо “шаасан” бадаг гэлцэх нь бий. Молхи миний бие зуун жил үзэг, бийр түшиж үг хэлхэвч энэ цөөн мөр шүлгийг хэзээ ч хэлж чадалгүй нүд аних байсан биз гэж шаналах өдөр бий.

Архины амтанд тэгтэлээ ороогүй хэрнээ тэр заримдаа гар, сахал хоёр нь салганан чичирч зуун грамм уугаад үхэх юмсан гэж цалингийнхаа цэс дээр гарынхаа үсгийг зурж чадахгүй болтлоо шартсан хүн шиг өдөж хатгах. Гэвч Жагдалын Лхагва шиг толгойгоороо дэнчин тавиад уусан шиг ууж чадахгүй. Одоо л нэг халах нь уу даа гэмээр сайхан улаан зээрд болохынхоо алдад татчихна. Үл мэдэг халамцсан үедээ Лхагвасүрэн шүлэг бичихээсээ дутуугүй сайхан дуулна. “Цонхон дээр суусан ялаа”, “Гоолингоо” мэтийн дуунуудыг Уушаан дэнгийн эрээн багана, Усны гудамж гэж байх үеийн эрхэмсэг дэгжин бүсгүйчүүлийн эрх хар нүдний налиг халуун харц энгэр заамаар тоглон байна уу гэлтэй жинхэнэ Хүрээ аялгуугаар ганхалзуулан наргиж, жаргаж дуулна. Хэвтрийн шахуу ижийнхээ дэргэд, зовлонгийн хажууд өсч өндийсөн болоод ч тэр юмсан уу сэтгэл шилэрсэн янзтай халамцуухан дуулж суухдаа түүний сормуусан завсар нулимс гялсхийн үзэгдээд алга болохыг би нэг бус удаа харсан. Хар бага наснаасаа ижий, аав хоёртоо эрхэлж чадаагүй хатуухан амьдралаар өссөн хүүхэд эхийнхээ гал уургийг хөхөж амжилгүй хээр хаягдсан унага хоёрын зовлонг өгсүүр газар, өнчин зүрх хоёроос өөр юу мэдэхсэн билээ. Цухалхан энэ газар дэлхий дээр бухимдах үе алийг тэр гэхэв. Хүмүүс Лхагвасүрэнг эгоист буюу аминчхан хүн гэж боддог байж магадгүй. Их авьяас заримдаа ганцаардмал зожиг тэр бүү хэл залхуу байдаг тавилантайг үе үеийн эрдэмтэн мэргэд аль эрт баталсан. Шүлэг зохиол гэдгийн амин сүнс нь ганцхан уран санаа… Сэтгэл хөглөгдсөн үед уран бүтээлч хүн олны хөл дуу шуугианаас дайжин шилэрч, анир чимээгүй газрыг эрж хайдаг ёсон бийг үгүйсгэх аргагүй. Зохиол бүтээлийн санааг гүйцэж, төгс төгөлдөр бодож гартаа оруулж авах явган хүн туулай барихаас амаргүйг тийм ч олон хүн мэддэг гэж үү.

Зүүд нойрны минь дотор

Зүрхний Гоолингоо минь үзэгдээд байх юм

Зүйлчлээд захисан үг нь

Миний лээ цээжинд хадаастайхан байх юм

Гоолингоо хэмээх энэ Хүрээ дууны үг, ая заримдаа Лхагвасүрэнгийн шүлэг зохиолтой төрөл садан мэт санагдах нь бий. Гүн ухааны дуу гэж байдагсан бол тэр нь энэ “Гоолингоо” мөнөөсөө мөн биз гэж бодогдмоор. Тийм ч учраас ухаантай хүмүүс архи, ардын дуу хоёроор биеэ аргадан тайтгаруулж сэтгэлийнхээ гуниг сүүдрийг шилгээн сэгсэрч хаядаг ажгуу. Лхагвасүрэн “Зовлон бол хувийн өмч… Хэн нэгэн хүний зовлонг гаднаас нь харахад олон хүн хуваалцаж буй мэт үзэгдэвч нидэр дээрээ хэн бугай ч байлаа гэсэн эцсийн эцэст зовлонг зөвхөн ганцаараа эдэлдэг юм” гэж хэн нэгэн хүнд гомдсон мэт өгүүлнэ. Магадгүй тэр сэтгэлийн тэнцвэр алдсан үедээ бурханд ч хуурай агсам тавихаас буцахгүй. Бурхан гэмээнэ алдаа, нүгэлгүй “амьтан” гэж хэн хэлсэн юм бэ хэмээн агсарч мэдэх л гайхал. Лхагвасүрэнгийн үнэн араншин нь энэ. Москва хотод Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн уран сайхны киноны найруулагчийн ангид сурч байхдаа орныхоо тас хар аравчин дээр “…адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт сэрж бай..” гэж Догшин ноён хутагтын шүлгийг бичиж хадчихаад дор нь хичээлээ таслаад унтаж байсан гэдэг. ВГИК-ын оюутнууд Лхагвасүрэнг ирснээс хойш олон жил энэ шүлгийг орныхоо ард хадсан гэлцдэг.

Нас, бие жагссан найман сайхан хүүхдийн эцэг, их үстэй, их сахалтай, их санаатай энэ нас тогтсон эр их амархан уйлна, их амархан баярлана, харин нөхөртөө хаягдсан бүсгүй шиг удаан гомдоно. Аргадах юмуу, уучлал гуйвал бүр догширно. Тархи, толгой нь ачаагүй явна гэж нүгэл. Хот хоорондын тээврийн тэрэг шиг л хоёр талдаа ямагт ачаатай. Гэр, ажил хоёрынхоо хооронд ч тэвш сул явна гэж даанч үгүй. Шүлэг нь эгшигтэй, зураг нь салхитай, дуу нь хүрээ барил тавилтай энэ шүлэгч өөрийнхөө их авьяаснаас хүүхдүүддээ алаггүй адилхан хүртээсэн нь хэнд нь ч чамлагдсангүй. Цөмийг насных нь хоолтой залгуулсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Гурван хүү нь гурвуулаа зураач. Угшил, ундаргатай юм гэдэг хичнээн ч хүнд түгээсэн дундардаггүй аж. Манай зохиолчид их шооч улс.

Их хурлын хар сүлд

Утаан тахилгатай (Лхагвасүрэн их тамхи татдаг)

Их гэрийн цагаан сүлд

Усан тахилгатай (П.Бадарч сархад таалдаг)

Нээрэн Лхагвасүрэнг ширээндээ сууж байгаа үед нь араас нь харахад их үстэй толгойноос нь сангийн бойпор лугаа адил утаа уугьж үзэгддэг. Мань эр тамхийг талхнаас илүү үнэлнэ. Залуугийнхаа Солнце, ВТ зэрэг Болгарын дээд зэргийн тамхинаас хамаг мөнгөө өгдөг, мань мэттэй адилгүй дээдсийн хүрээлэнгийн хээнцэр эрхэмсэг тамхичин. Эдүгээ зах зээлийн үед ч тамхины сайныг л татах гэнэ. Америкийн Марлборо, Камель, Магна-гаас өөр тамхи зуухгүй. Тэр амьдралдаа ердөө уртаашаа хоёрхон өгүүллэг бичсэн. “Хүний уяан дээр хоносон морь” гэдэг өгүүллэгт : “Нэг эр саахалтынхаа бүсгүйтэй нууцаар нөхцөж, салж чадахаа болиод шөнө очихдоо морио уяж хонодог байж. Гэтэл нэг үдэш морь нь алдуураад гаднаа хүрээд ирдэг. Миний үйлийн үр л юм байлгүй. Одоо яая гэхэв. Морьтой явахад нь айл саахалтын хүн, нохой хоёр шуугьж, муу нөхрийг минь газар дор ортол муу хэлдэг юм билээ. Хоносон айлаасаа өглөө явган ирвэл түмний шившиг болно биз гэж бодсон эхнэр нь шөнө дөлөөр нөхрийнхөө морийг хөтлөн саахалт руугаа алхаж яваагаар” энэ өгүүллэг төгсдөг. Далаад онд бичсэн өгүүллэг гэхэд ядмагхан зохиолчийг хоолноос нь салгаж мэдмээр халгаатай зохиол байсан. Лхагвасүрэн хүнийг муу хэлдэггүй шигээ бас магтаж цаасан малгай өмсгөх дургүй. Яагаад гэвэл бурхан заяагаагүй авьяасыг хүн бүрээс нэхэж болохгүй гэж номлоно. Тэр байтугай уншсан ном судар, мэргэдийн үгнээс эшлэл татаж номчирхож цэцэрхэнэ гэж үгүй.

Гагцхүү уран бүтээлч хүн амьдаараа үхчих вий гэхээс эмээж дуу хөгжим, уран зураг, ном зохиолоор байнга өөрийгөө сэрээж сэтгэнэ. Унших ёстой номоо уншиж, бичих ёстой шүлгээ бичилгүйгээр энэ ертөнцөөс буцах вий. Тэгвэл хожмын хүмүүс чи биднийг өөртөө буй өв хөрөнгөдөө эзэн болж чадсангүй хэмээн зэмлэх болно гэж сургана. Агуу их мэргэдийн оргил бүтээлийг олж үзээгүй хэрнээ тэднийг зээлдэн алдар нэрийн бизнес хийдэг улсыг тэр уучилдаггүй. Ер нь их ярьдаг хүмүүст дургүй. Эрдэм дотогшоо, тэнэг гадагшаа гэдэг онолд итгэдэг. Лхагвасүрэн заримдаа цамхтай адуу шиг дэмий юмнаас үргэлж эмээлээ булгина…

Болж л өгвөл мах идэх гэнэ. Талх идсэнээс тамхи татсан нь дээр гэж хэлж ч магадгүй. Сайхан гурилтай хоолыг нас бие гүйцсэн эр хүн шиг цохичихно. МАН-д элсээд тавин жилийн нүүр үзэж байгаа хүн гэхэд итгэхийн аргагүй шилжилтийн насны охин адил гэнэн. Заримдаа авах гээх юмгүй шал дэмий, гижиг хүрмээр хачин юм ярьж хамаг инээд барах. Нөхөд нь “Лхагвасүрэн хөөгдчихгүй тэсээд байхыг бодоход энэ МАН сүрхий багтаамжтай том сав юм даа” гэж хүртэл тоглоом тохуу хийж байсан. Нам ч Лхагвасүрэнг ад шоо үзээгүй. Лхагвасүрэн ч намын ар өвөрөөр гүйж, алба тушаал гуйгаагүй. Цагийн салхи гэнэт эргэхэд тэр зарим бэртэгчингүүд шиг намаас нүүрээ буруулж, ашиг хонжоо хайж урваагүй. Хэн хэн нь байдагаараа л байсан. Гэвч ард түмэн түүнийг АИХ-ын гишүүнээр сонгож, төр засаг зохиол бүтээлийг нь үнэлж төрийн соёрхол хүртээсэн. Оюутан ахуй цагтаа эхнэртэйгээ хоёул хэдэн халтар хүүхдээ тэжээх гэж ядарч зутарч явахад нь зарим өдөр намаас илүү зохиолч Жагдалын Лхагваа тус болж байх шиг харагддаг л байсан. Тэр задгай, чөлөөт сэтгэлгээтэй дураараа эр намаас илүү эхнэр Баасангаасаа сүрхий эмээдэг байсныг найз нар нь андахгүй. Эхнэр Баасан нь “хартай ч” халамжтай сайн бүсгүй. Найман хүүхдээсээ илүү Лхагвасүрэн гэдэг төрхгүй, ес дэх хүүхдээ бөөцийлөх гэж хойно урд нь бишгүй л нэг гүйсэн. Лхагвасүрэн ч тавь гаруй жил ханилсан ханьдаа архагтай зүрхнээсээ илүү хайртай.

Өвлийн хүйтэнд туулай малгайдаа шөл боочихоод авгайгаа эргэхээр эмнэлэг өөд гүйж явахад нь би гудамжинд таарч л байсан. Өрөвдөхөд ч хэцүү, өшрөхөд ч бэрх цусын л амьтан. Гэвч мань эр санаанд оромгүй айхтар ёс жудагтай. Өчүүхэн жаахан юмыг ч бага гэлтгүй их нарийн бодно. Эцгийнхээ дэргэд хундага түшдэггүй, дал барьдаггүй байсан гэлцдэг. Дургүйгээ хүрвэл Лхагвасүрэн хэнбугайн ч цаана хэдэн хорлонтой гашуун үг хаяж чадах ухаантай боловч тэрээр нөхөдтэйгөө эдүгээ хүртэл ам муруйж, тангараг тасарсангүй. Тамхи их татдаг хэрнээ тархины бичлэг сайтай. Ой ухаан нь магнитфоны хальс л гэсэн үг. Юмыг мартана гэж байхгүй. Гудамжинд алхаж явахдаа цээжиндээ хэлхсэн шүлгээ хэзээ хойно ацаг, үг гээлгүй цаасан дээр буулгана. Миний мэдэхийн л үзэгний сайныг барьж, тамхины сайныг татдаг, гоо сайхны өндөр таашаал мэдрэмжтэй энэ ганган шаавай эр оёос хийц сайтай үнэтэй хувцас өмсөх дуртай. Хүзүүний ороолт, халаасны алчуур нь загвар өмсдөг бүсгүйчүүл, жентельменүүдийнхээс тансаг хээнцэр хээ хуартай байх жишээтэй. Энэ нэрэлхүү ганган өвгөн айл хэсэх дургүй хэрнээ ганц нэг шил архи цүнхэндээ хийгээд Ж.Лхагваагийнхаар үе үе айлчлан очиж орой болтол онигоо ярьж, хүн шоолж, дуулж хуурдах дуртай байсан. Архийг Лхагваа ууж, тамхийг Лхагвасүрэн татаж түүний утаа, угаар хоёрт Цэцэгмаа (Лхагваагийн эхнэр) согтдог. Тэр хоёрын ярьсан онигоо, хүн шоолсон дэл сул задгай яриа, татсан тамхи, уусан архи цөм хожмын өдөр туурвих зохиол бүтээлийнх нь бие халаалт, дасгал болдог ч байж магадгүй. Ганц хоёр шил архины бөглөө мултлангаа тэр хоёр мөн ч олон хүнээр дарсны даруулга хийн шоолж, араандаа бохь шиг зажилна. Лхагваа нь элдэв онигоо зохиож Лхагвасүрэн нь түүнийг засамжлан сайжруулж “редакторлана”. Зарим хүмүүс “энэ Лхагвасүрэн их хурал дээр ер дуугарахгүй, тэртээ арын ширээнд шүлэг бичээд л суух юм” гэж ярих нь хааяахан чих шүргэдэг байсан сан. Үзэг нь хөдөлж байвал шүлэг бичиж байна гэж харддаг хүн олон бололтой. Шүлэг зохиол гэдэг тэгж их хурал байтугай бага хурал дээр бичиж болдог гарын үзүүрийн амар зүйл биш ээ.

Лхагвасүрэн телевизийн сурвалжлагчид ирсэн үед бага ангийн бацаанууд адил гар өргөн өндөлздөг зарим нэг эрхэм гишүүд шиг идэвх үзүүлж ном хаялцдаггүй болохоос биш хааяахан нэг хэлэх үгээ хэрэгтэй цагт нь хэлсэн шиг хэлдгийг нөхөд нь үнэлдэг юм билээ. Бие нь жаахан архаг хууч өвчтэй, олон жилийн хур ядаргаатай болохоос биш энэ хүн суух л ёстой сэнтий дээрээ заларч байх шиг санагддаг байсан сан. Ер нь их ярьдаг хүнийг төрийн зүтгэлтэн хийгээд эрдэмтэн мэргэдтэй андуурдаг хүн эдүгээ цагт олширсон бололтой. Үзэл суртлын өндөрлөг дээрээс үндсэрхэг үзэлтнийг хянаж байсан захиргаадалтын хатуу дэглэмийн үед арван есхөн насандаа хувьсгалт намтай амь амьдрал, хувь заяагаа холбосон “улаан коммунист” хэрнээ хүүхдүүддээ дандаа Равжаа, Саранхөхөө, Үүлэнсолонго, Үүлнамуун, Ирмүүнзаяа, Хасар, Саганцэцэн гэсэн тэр цаг үетэй тэрсэлдсэн мэт нэр хайрласан Лхагвасүрэнгээс зарим хүн цэрвэдэг байсан биз. Хүн гэдэг цагийн амьтан. Равжааг шар феодал, Саранхөхөөг бурханы шувууны нэр мэтээр андуурч болгоомжилж явсныг үгүйсгэх аргагүй. Ер нь Лхагвасүрэнгийн аль хөнгөн хуудам аашлахыг хэлж барах вэ. Үхэх, төрөхийг хүртэл үзэл суртлаар хэмжиж байсан тэр цагт Жан Батист Мольерын “Аргагүйн эрхэнд гэрлэсэн нь” жүжгийг зохиолч Дармаагийн Батбаярын орчуулгаар найруулж, сайн дурын уран сайханчдаар Монголд анх удаа дэлхийн сонгодог жүжгийг тоглуулж театрын алтан хуулийг “завхруулсан” том хэрэг тарив. Саранхөхөө нь төгөлдөр хуурд зориулсан романс гэмээр нэг сонин зураг зурсан байсныг санаж байна. Аадрын үүлс, бороо нүүрлэн айсуй түгшүүртэй бараан дэвсгэр дээр борог өвс халиурсан эл хуль хээр талд хэвтэж буй адууны ганц хувхай толгой дээр их дэлт ганц бараан морь газрын холоос гүйж ирээд нүдээ анилдуулан амьсгал даран зүйрмэглэн зогсч буй зураг…

Хуйв тохом хоёр, түр зуур хагацаана уу гэхээс

Хувь заяа салгах үгүй ижил адгуус

Манант үүрийн зогсоолд

Магнай түшилцэн наадам зүүдлэх хоёр морь

Уул хэцийн салхинд сүүлэн ширэлдээ задлаж

Усан дээр буусан сарыг тэнцүү хуваан залгилж

Одоо ингэж нэгэн гүүний унага мэт байвч

Овоон дээр тавьсан алиныхаа яснаас үргэж явах бол доо, хөөрхий

Саранхөхөөгийн энэ зураг бол Лхагвасүрэнгийн “элегий” гэдэг дээрх шүлгийн синоним юм. Хүүгийн эрдэм жагсч, эцгийн ухааныг гүйцэж туурайг нь хатааж яваагийн гэрч гэгээ. Тэр зургийг чимээгүйхэн ажиглахуй дор зүрхэнд хайрын нулимс тов тов дусална. Тэртээ хол тэнгэрийн хаяанд хэн нэгэн үзэсгэлэн гоо залуу бүсгүй үсээ намируулан төгөлдөр хууран дээр ромaнс тоглож байх шиг санагдана. Шүлэгч эцгийн авьяас хүүд очихдоо ийнхүү уран зураг болон хувирчээ. Өвөөгийн уран торгон сэтгэмж ач хүүд дамжигдаад зураг биш хөгжимчин, найруулагч, дуучнаар ч тодрох юм бил үү, үгүйсгэхийн аргагүй. Өтгөсийн цусаар дамжсан их авьяас өнөөдөр та биднийг тэжээж буй.

Лхагвасүрэн гэхээр яагаад ч юм бэ Жагдалын Лхагва ихэр юм шиг заавал хамт бодогддог. Тэр хоёр том хүн олон жил тэмээ шиг ижилдэн дасч энгүй сайхан нөхөрлөжээ. Манай Лхагва зохиолыг бичсэн шиг бичиж, архийг уусан ууж хүнтэй үерхсэн шиг үерхэж чаддаг жинхэнэ хөдөөний эр хүнсэн. Махыг бол ярьж байгаа юм шиг, явж байгаа юм шиг сайхан иднэ. Охид бүсгүйчүүл ч хоёр Лхагваад талтай. Шүлэг зохиол, үс сахалд нь ч дурладаг юмсан уу бүү мэд, тэднийг хайрч хажилгана гэж ер үгүй. Хэзээний тэр хоёрыг нар сарны дагуул адил тойрон эргэлдэнэ. Тийм л одонд төрсөн хүүхний тэнгэртэй улс юм байлгүй хөөрхийс.

Эрдэмтэн, зохиолч Д.Маам, Лхагвасүрэн хоёр хэдэн жил зохиолчдын хорооны дарга, жижүүр хоёрын албыг алаггүй адилхан хашсан. Уран зохиолд нарийн ширийн юм юу хийснийг би энд тайлагнаж эрхэм мэргэн уншигч таныг чилээгээд яахав. Ямар ч л байсан зохиолч хүн мөс, ястай байх ёстойг биеэрээ үлгэрлэж чадсан гэж би боддог. Эрднэтэд ажилгүй шахам тэнэж явсан Нямбуугийн Нямдоржийг Улаанбаатар хотод татан авчирч гурван өрөө шинэ байр, Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, төрийн соёрхолд дэвшүүлж, мэргэжлийн зохиолчоор томилон, цалин мөнгөтэй залгуулж тэнгэр, бурханаас дутуугүй тэтгэсэн. Лхагвасүрэн эцгийгээ бурхан болоход нутагт нь аваачиж, дээр цагт лам багшийг нь хөдөөлүүлсэн тэр газар Өнжүүлийнхээ цэнхэр чулууг дэрлүүлэн монгол ёсоор отоглон оршуулсан.

Тэр Зохиолчдын хорооны дарга байхдаа шагнал өгсөнгүй гэж агсам тавьсан нэг омголон эрийг өшиглөж номхруулсан сураг дуулдсан. Үнэн, худал аль юм чих дэлсэхийг тэр гэхэв дээ. Шагнал, зэмлэл хоёрыг ингэж газар дээр нь түс тас шийдэх нь ардчилалд харш ч цагийг нь олж, нүдийг нь онож гэмээнэ хуульч, хулгайч хоёр хахуулиар зуучлуулж, худ ураг болсон өнөө үед буруутах нь юун. Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, УИХ-ын асан гишүүн, Америкийн Аризоны Бенсон хотын дэлхийн их сургуулийн утга зохиолын салбарын соёлын доктор гээд тоочоод байвал Бавуугийн Лхагвасүрэн хүнээс хүзүү дутахааргүй зэрэг дэв, цол гуншинтай. Хуучнаар бол Богдын лүндэнгээр шар хүрэм, торгон жолоо, тогосын гурван нүдтэй отго, эрдэнийн гэрэлт улаан бадмаараг жинсээр шагнуулж вангийн хэргэм хүртсэн том зиндааны гавьяат хүн мөнөөсөө мөн боловч хурааж цуглуулсан зоорь, хөрөнгө гэвэл судар номноос ангид тэр гээд хэлчих юмаар элбэггүй байж мэднэ. Ер нь хэдэн хүүхдээс өөр гайхуулах юм юу л бол… Гэвч амиа алтаар даатгавч мөнгөтэй хүн мөнхрөх биш дээ. Их үстэй, их ажилтай, Их хурлын гишүүн асан их шүлэгч Бавуугийн Лхагвасүрэн хэмээх эрхэм хүний хөргийг молхи миний бие өөрийн мэдэхийн хэрээр үг, үсэг хэлхэн чадан ядан зурж бүтээхийг хичээлээ. Та бүхнээс таалал олох болтугай хэмээн дор бөхийн хүлцэл өчөөд, түүний шүлгийн дээжсээс цацал өргөе.

. . .

Үр минь хүүхдээрээ юм даа

Үсний нь үзүүрээс сүү үнэртэнэ

Үгийн илд чихийг нь сөрмөхөд шархдана

Үхсэн өдөр минь тэр том хүн болно

. . .

Дуутын цагаан хөтлөөс

Миний хорвоо эхэлсэн…

Дан цамцтай бага нас минь

Дагаж гүйсээр хоцорсон…

. . .

Итгэлтэйхэн гараас чинь хөтөлсөн байхад

Сохорсон ч би бүдрэхгүй

Ийм сайхан гараас чинь

Хор уусан ч гомдохгүй

. . .

Билүүтэй уулынхаа овоонд

Чулуу ганцыг нэмлүү дээ

Биеэ хувааж төрүүлсэн

Ижийнхээ ачийг яалаа даа

Алтан ганжиртай талдаа

Ойрдоо би очлуу даа

Амиа хувааж төрүүлсэн

Ижийнхээ ачийг яалаа даа

. . .

Атаа хорсол намайг ирлэж

Аядуу магтаал намайг мохооно

Алийг нь ч тоолгүй толгой өндөр явсны учир

Амьдын хорвоо намайг дуртай, дургүй ч дурсана

Дорнын их яруу найрагч, соён гэгээгүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг, зохиолын эгшиглэнт алтан аялгуу монгол хүмүүн бүхний идэрхэг халуун цусанд домогт өвөг дээдсийн минь морин төвөргөөнтэй хамт дэлхийн сонорыг дэлдэн нижигнэнэ.

…Ангаахай бага насны алтанхан дуртгалын сэжүүр дэрвүүлж намрын их нүүдлийн ард, шивээ ганхсан хонгорхон талд Бөтөөрий уул гав ганцаараа сүүмэлзэн хоцорно. Таваг нь халсан атан тэмээд гулс гулс алхуулсаар их талын хаяа руу нүүдэл тонгойхын алдад өөжинд суусан хүүхдийн нулимстай нүдэнд мөнөөхөн хөвхөр хөх уулс адуу дагасан чөдөртэй ганц бүгээн морь шиг сэтгэлийн мананд бүдчин дэгсээр бараа тасарна …

Categories
мэдээ нийгэм

Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэл 100 хувь цахимжина

Image result for гадаад паспорт

Улсын бүртгэлийн газрын бүх үйлчилгээг VIII сарын нэгэн гэхэд бүрэн цахимжуулж дуусгахаар төлөвлөөд байгаа аж. Улсын бүртгэлийн багц хуулийн журамд заасны дагуу улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах юм. Уг ажлын хүрээнд Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэл 100 хувь, иргэний улсын бүртгэл 99 хувь, хуулийн этгээдийн бүртгэл 95 хувь цахимжина. Мөн III сарын 15-наас эхлэн иргэний үнэмлэх болон гадаад паспортыг онлайнаар захиалдаг болох юм байна. Мөн гадаад паспортын хугацаа дуусах дөхөж байгааг нь сануулж иргэний гар утсанд мессэж очих гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Image result for Хүйтрэл

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, маргааш буюу энэ сарын 25-нд говийн аймгуудын нутгаар цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Энэ сарын 25-нд буюу маргааш говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, цас багатай газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Энэ сарын 28-наас буюу ирэх долоо хоногийн Пүрэв гаригаас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

ӨНӨӨДӨР /2019.02.24 НЫ ӨДӨР/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Монгол-Алтайн нуруу, Их нууруудын хотгороор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмолүүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 28-33 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 14-19 градус, цас багатай газраар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Хэрлэн голын хөндий, Дарьгангын талаар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Дундговийн баруун, Өмнөговийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулна

image

Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахаар 2018-2021 онд хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан шуурхай зохицуулалтыг хангах зөвлөл өнгөрөгч Баасан гарагт хуралджээ. Энэ үеэр ЭМЯ-ны харьяа ХСҮТ, НЭМҮТ, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн талаар тус тус ярилцсан байна.

Уулзалтын үеэр ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн умайн хүзүүний хорт хавдрын тусламж үйлчилгээнд ХПВ-ийн хурдавчилсан тестийг нэвтрүүлэх төслийг танилцуулсан юм. Мөн тэрбээр “Умайн хүзүүний хорт хавдар буюу өмөн нь эмэгтэйчүүдийн дундах тархалтаараа ходоод, арьс, хөхний өмөнгийн дараа дөрөвт ордог өвчин. Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байгаа хэвийн эсээс үүссэн хорт хавдар юм. Жил бүр энэ өвчнөөр 600000-аас дээш тооны эмэгтэйчүүд өвчилж байна. Тиймээс эрүүл мэндийн яамнаас өвчлөл, нас баралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулахаар ажиллаж байна” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 129 сумыг онлайн сүлжээнд холбоно

Энэ онд 129 сумыг онлайн сүлжээнд холбоно

“Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг Засгийн газраас баталсан “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийн хүрээнд ХЗДХЯ-ны санаачлагаар, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2018 оны хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд 2018 онд 12 аймгийн 39 сум, хоёр дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холбоод байна.

Энэхүү төсөл хэрэгжихээс өмнө нь тухайн сум, хороодын иргэд улсын бүртгэлийн зарим үйлчилгээг авахын тулд аймгийн төв, дүүрэг ороход дунджаар 2-290 км зам туулж, унаа, хоол, байр, бусад зардалд 1000-250 мянга орчим төгрөг зарцуулдаг байсан асуудал шийдэгдлээ.

2019 онд үргэлжлүүлэн 120 сумыг үе шаттайгаар бүрэн холбох бөгөөд онлайн сүлжээний тусламжтайгаар цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх олон давуу талтай болж байгаа юм. Тодруулбал, иргэд өмнө нь иргэний бүртгэлийн зарим лавлагаа, үйлчилгээг зөвхөн аймгийн төв болон харьяалах дүүргээсээ авдаг байсан бол одоо онлайн сүлжээний тусламжтайгаар харьяалал харгалзахгүйгээр шууд сум/хорооноосоо авах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр бүртгэлийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргээд зогсохгүй иргэдийн хувьд цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх олон давуу талтай юм.

Categories
мэдээ нийгэм

​Монгол бичгийг цахим хэрэглээнд хялбараар ашиглаж болох систем нэвтрүүллээ

Монгол бичиг Мак үйлдлийн системд нэвтэрч жирийн иргэдийн хэрэглээнд хүрэх болсон байна. Монгол бичгийн юникодын сайжруулсан загвар болох “Тунгаамал загвар”-т суурилсан монгол бичгийн гарын Мак (MacOS) үйлдлийн системд ажиллах хувилбарыг төлбөргүйгээр түгээж эхлэв.

“Тунгаамал загвар”-ыг латин загвартай учир бичихэд эвтэйхэн болсон төдийгүй, өмнө нь монгол бичгээр цахим орчинд бичихэд тулгардаг байсан асуудлуудыг шийдэж, улам хялбар болгожээ. Хэрэв та татаж авахыг хүсвэл, https://www.mngl.net/download/ руу ороорой.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэж байна

“УИД” ХК алдагдалтай ажилласан тайлантай холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас тайлбар өгөв. Түүнд:

Санхүүгийн зохицуулах хороог хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эсрэг ажиллаж, ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироосон үйл ажиллагааг хуйвалдан хаацайлж байна гэсэн мэдээллийг нэр бүхий хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр зориуд түгээж, төрийн зохицуулагч байгууллага, түүний удирдлага болон ажил хэргийн нэр хүндэд санаатайгаар халдаж буйд туйлаас харамсаж байна. Санхүүгийн зах зээлийн үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нь Хорооны үндсэн чиг үүргийн нэг бөгөөд энэхүү чиг үүргээ хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлсээр байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдье.

Өгүүлэн буй мэдээлэлд дурдсан “УИД” ХК-тай холбоотой асуудал олон жил үргэлжилж байгааг хэн бүхэн мэдэж буй. 2014 оноос мөрдсөн “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуульд, үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болох тухай заалт оруулсан. Улмаар Хороо 2015 онд “УИД” ХК-д шалгалт хийж, илэрсэн зөрчил буюу “ХК-ийн бие даасан байдлыг алдагдуулан төлбөрийн чадваргүй болгож, үнэ цэнийг нь бууруулан, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн” гэх үндэслэлээр мөн оны наймдугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэлээрээ Хороо хувьцаа эзэмшигчдийн гомдлын дагуу эрх ашгийг хамгаалах, компанийн засаглалыг сайжруулах үүднээс зарим гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн. Гэтэл иргэний хэргийн шүүх 2016 оны хоёрдугаар сард Хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хороо хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд дараагийн шатны шүүхэд давж заалдсан боловч анхан шатны шүүх рүү буцаагдсан юм. Хэрэг маргаан шүүхийн шатанд дахин үргэлжилж урдын адил олон жил ужигран сунжирч болзошгүй нөхцөл үүссэн тул Хороо бүрэн эрхийнхээ хүрээнд Компанийн тухай хуулиар тодорхойлсон хувьцаат компанийн зарчмаар бие даан үйл ажиллагаа явуулахыг “УИД” ХК-д шаардаж ажилласан. Ингээд Хороо болон “УИД” ХК хоёр талаас Ажлын хэсэг байгуулж, 2017 оны хоёрдугаар сард “УИД ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ГЭРЭЭ”-г байгуулсан.

Уг гэрээгээр “УИД” ХК Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хангаж, цаашид дахин давтахгүй байх үүрэг хүлээсэн бөгөөд үйл ажиллагааныхаа гажуудлыг засах, бие даасан байдлыг хангуулах стратеги төлөвлөгөөг боловсруулан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа хэлэлцүүлэн шийдвэрлэх учиртай байсан. Гэвч 2018 оны дөрөвдүгээр сард хуралдсан “УИД” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас Хорооны тавьсан компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, компанийн өрийг хувьцаагаар солих шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Гэсэн ч Хороо гэрээгээр хүлээсэн үүргийг нь үйл ажиллагааныхаа бүхий л арга хэрэгслүүдээр шаардсаар ирсэн. Харамсалтай нь “УИД” ХК мөн л, 2018 онд 67.7 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, нийт алдагдал 6.5 тэрбум төгрөг болсон гэх тайлан гаргалаа.

Хороо “УИД” ХК-ийг шүүхэд өгснөөр тус компанийн хувьцааны ханш огцом өсөж, улмаар унаж савласан мэтээр зарим хүмүүсийн дүгнэж буй нь ор үндэсгүй юм. 2015-2019 онд тус компанийн хувьцааны ханш ямар байсныг арилжааны нээлттэй мэдээллээс шүүж үзэх боломжтой. Сүүлийн дөрвөн жилд хувьцааны ханш харьцангуй тогтвортой байсан ба дунджаар 518 төгрөг байна.

“УИД” ХК алдагдалтай ажилласан тухай дээрх шийдвэрийг Компанийн тухай хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг хүртэх эрхийг хөндөж, ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаас аргагүй нөхцөл үүсгэсэн гэж Хороо үзэн, компанийг алдагдалтай ажиллах нөхцөлийг бий болгосон байж болзошгүй нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн сонгосон ТУЗ, гүйцэтгэх удирдлагын гаргасан шийдвэрүүд, тэдгээрийн байгуулсан гэрээ, хэлцлүүд, мөн орлого, зардлын бодит байдлыг тогтоох зорилгоор газар дээрх хяналт шалгалтыг эхлүүлж байна.

Хувьцаат компани болон санхүүгийн аливаа байгууллагад хууль бус ажиллагааг халхавчилсан гэрээ, хэлцэл хийх замаар ашиггүй ажиллуулах нөхцөлийг зохиомлоор бүрдүүлж, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын ногдол ашиг хүртэх боломжийг хязгаарлан, тэдгээрт хохирол учруулах ямарваа үйл ажиллагаатай Хороо бүрэн эрхийнхээ хүрээнд тэмцэж, таслан зогсоох ажиллагааг тууштай явуулахаа үүгээр илэрхийлж байна гэж мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 2000 цааны баяр хийнэ

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд цаатан иргэд цаа буга маллан амьдардаг бөгөөд ирэх наймдугаар сард 2000 цааны баяр хийхээр болжээ. Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд хийсэн тооллогоор цаа буга 2200 хүрсэн байна. Төрөөс сүүлийн жилүүдэд цаа бугын тоо толгойг өсгөх бодлого хэрэгжүүлснээр тоо толгой нь тогтмол өсөх болжээ. Тухайлбал, өнгөрсөн онд ОХУ- аас 20 цаа буга авчирч цус сэлбэсэн байна. Цаа нь өвлийн улиралд цас ихтэй тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж таргалдаг. Иймээс цаатан иргэд өвлийн улиралд цас их орсон газарт амьдардаг. Харин зуны улиралд навчит буюу буурцагт ургамал бүхий газар бэлчээрлэдэг юм.